Categories
мэдээ улс-төр

Европын сэргээн босголт хөгжлийн банктай хамтран нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Европын сэргээн босголт хөгжлийн банкны ОХУ, Төв Ази, Монголын хөрөнгө оруулалтыг хариуцсан газрын дэд захирал, Ахлах банкир Светлана Радченког хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хамтын ажиллагааны талаар санал солилцов.

ЕСБХБ-ныОХУ, Төв Ази, Монголын хөрөнгө оруулалтыг хариуцсан газрын дэд захирал, Ахлах банкир Светлана Радченко “Манай банк Улаанбаатар хоттой сүүлийн хоёр жил олон чиглэлээр хамтран ажиллаж байна. Улаанбаатар хоттой хамтран хатуу хог хаягдал боловсруулах, цэвэрлэх байгуулажийг шинэчлэх, нийтийн тээврийг хөгжүүлэх гэсэн тэргүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцсон. Эдгээр ажлыг үргэжлүүлэн хэрэгжүүлэх талаар таны саналыг сонсмоор байна” гэлээ.

Харин нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Улаанбаатар хотын өмнө тулгамдаж байгаа гол асуудлуудыг олж харсанд таатай байна. Эдгээр төслүүдийг хамтран хэрэгжүүлэхдээ баяртай байх болно. Гэхдээ бидэнд судалгаа хийх хугацаа хэрэгтэй. Уг ажлууд дээр ажлын хэсэг байгуулж ажиллах болно. Түүний дараа тантай дахин уулзаж, асуудлаа тодорхой болгох хүсэлтэй байна. Орон сууцны хороолол, гэр хороололд хэсэгчилсэн цэвэрлэх байгууламж барих төслийг ямар байдлаар хэрэгжүүлэх тал дээр Та бүхний саналыг тусгах болно. Мөн нийслэлийн нийтийн тээвэрт олон чиглэл давхацсан, нэг чиглэл рүү хэтэрхий их ачаалалтай гэх зэрэг замбараагүй асуудал их байгаа. Үүнийг цэгцлэхэд ч Та бүхний оролцоо их байна. Цаашид олон чиглэлд хамтран ажиллах болно” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Олимпод оролцсон бокс, чөлөөтийн тамирчид маргааш ирнэ

чөлөөтийн тамирчид маргааш ирнэ зурган илэрцүүд

“Рио-2016” олимпийн наадамд манай улсаас 43 тамирчин оролцсон билээ. Зуны олимпийн XXXI наадмыг манай тамирчид нэг мөнгө, нэг хүрэл медальтайгаар өндөрлүүлсэн. Тэмцээний сүүлийн хэсэгт өрсөлдсөн чөлөөт бөхийн тамирчид мөн боксын тамирчид эх орондоо ирэх аж. Тодруулбал маргааш буюу наймдугаар сарын 26-нд “Чингисхаан” нисэх онгоцны буудалд өглөөний 6:00 цагаас буух юм.

Тамирчдаа тосч авах үйл ажиллагааг “Алдар” спорт хороо, “Хилчин” спорт хороо, Төв аймгийн нутгийн залуучуудын холбоо зэрэг байгууллагууд зохион байгуулж байгаа ажээ.

Categories
мэдээ улс-төр

М.Энхболд: Манай улсын эдийн засаг, санхүүгийн байдал төсөөлж байснаас хэд дахин хүнд байна

Өнөөдөр буюу наймдугаар сарын 25-нд УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдааны нээлт боллоо. УИХ-ын чуулганыг нээж УИХ-ын дарга М.Энхболд үг хэлж, маргааш буюу наймдугаар сарын 26-нд чуулган хуралдахаар түр хойшлов.

УИХ-ын дарга М.Энхболд:

Улс орны нийгэм, эдийн засаг, төсөв, санхүүгийн нөхцөл байдал хүнд, хямралын шинжтэй байна. Монгол Улсын эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд тасралтгүй унаж, эдийн засгийн өсөлт оны эцэст 1,3 хувьтай гарахаар байна. Төлбөрийн балансын алдагдал нэмэгдэж, гадаадын хөрөнгө оруулалт огцом буурч, төгрөгийн ханш тасралтгүй суларч, хүн амын худалдан авах чадвар буурсаар байна. Нэгдсэн төсвийн орлого сүүлийн жилүүдэд нэг их наяд гаруй төгрөгөөр тасарч, жил бүр хоёроос гурван удаа тодотгол хийж ирсэн. Монгол Улсын нэгдсэн төсөв дөрвөн жил дараалан их хэмжээний алдагдалтай гарч байгаа нь төсөв санхүүгийн алдаатай бодлого, татвар төлөгчдийн мөнгийг үр ашиггүй, үрлэгэн зарлагадаж ирсэнтэй шууд холбоотой. Энэ оны долоодугаар сарын гүйцэтгэлээр нэгдсэн төсвийн алдагдал 1.9 их наяд төгрөг хүрчээ. Бодит байдал дээр улсын эдийн засаг, санхүүгийн байдал төсөөлж байснаас хэд дахин хүнд байгааг Засгийн газар, Сангийн яамнаас гаргасан мэдээллээс амархан дүгнэж болохоор байна.

Мөн гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ эрс буурлаа. 2011 онд манай улсад 4,6 тэрбум ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт хийгдэж байсан бол энэ тоо жил дарааллан буурсаар энэоны эхний зургаан сарын байдлаар 35 сая ам.доллар болжээ. Энэ нь хөрөнгө оруулагчдын манай улсад итгэх итгэл хэр алдагдсаныг харуулж байгаа юм. Сүүлийн жилүүдэд хуулийн байгууллагуудын зүгээс зарим гадаадын хөрөнгө оруулагчдад эрүүгийн хэрэг үүсгэж шалгах, цагдан хорих, Монгол Улсаас гадагш зорчихыг хориглох зэрэг шат дараалал бүхий арга хэмжээг авах болсон нь хөрөнгө оруулагч нар хөрөнгөө эргүүлэн татах, Монгол Улсыг баталгаатай хөрөнгө оруулагч биш гэж үзэх хандлагыг бий болгосон байна.

Монгол Улсын хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаа явуулж буй гадаадын хөрөнгө оруулагч нарын эрх ашиг, Монгол Улсад оруулсан хөрөнгө оруулалтыг хамгаалах нь Монгол төрийн олон улсын тавцанд хүлээсэн үүрэг гэдгийг хэлэхийг хүсэж байна.

Мүүдис, Стандарт энд пүүрс, Фитч Рэйтинг зэрэг олон улсын хүлээн зөвшөөрөгдсөн агентлагууд манай улсын зээлжих зэрэглэлийг сүүлийн жилүүдэд бууруулсаар байгаа нь нууц биш болсон. Швейцарьт төвтэй Менежментийн Хөгжлийн Олон улсын институтээс гаргадаг дэлхийн өрсөлдөх чадварын энэ жилийн судалгааны тайланд дэлхийн янз бүрийн 61 улс орныг эдийн засгийн 340 орчим шалгуур үзүүлэлтээр шалгаруулахад Монгол Улс макро эдийн засгийн үзүүлэлтээр 59-д, Төрөөс өрсөлдөөнийг дэмждэг байдлаар 55-д, хувийн салбар хэр үр ашигтай байгаагаар 58-д, хувийн салбарын хэрэгцээ шаардлагыг боловсон хүчин, шинжлэх ухаан технологийн нөөцөөр хангаж байгаа байдлаар 60 дугаар байрт орсон байна.

Нийт үзүүлэлтээр 2015 оны байдлаар судалгаанд хамрагдсан 61 улсаас Монгол Улс 57 дугаар байранд байсан бол 2016 онд 60 дугаар байранд оржээ. Харин манай улсын иргэд өндөр боловсролтой, нээлттэй эерэг хандлагатай, чадварлаг ажиллах хүчинтэй, өрсөлдөөний зардал багатай зэрэг давуу талуудыг уг тайланд бас тусгажээ.

Нэгэнт нөхцөл байдал ийм болсныг олон улсын байгууллагууд ч дүгнээд хэлчихлээ. Бид ойр зуур ийм болсон болоогүй гэж маргаж суух цаг нэгэнт өнгөрчээ. Харин тулгарч байгаа хүндрэл бэрхшээл, хямралын шалтгаан, нөхцөл байдлыг бодитой үнэлэн, тогтоосны үндсэн дээр хямралыг эдийн засаг, нийгэм, ард түмний амьдралд аль болох хохирол багатайгаар даван туулах, эдийн засгийн бууралтыг зогсоох, хямралаас гарах, цаашдын санхүү, эдийн засгийн урт хугацааны тогтвортой хөгжлийг хангах чиглэлээр бодлогын шинэчлэл, зорилт, арга хэмжээгээ тодорхойлох нь бидний өмнө байгаа амин чухал асуудал юм.

Үүнтэй холбогдуулан ээлжит бус чуулганаар Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэн батлахаар төлөвлөсөн. Хямралыг даван туулах цогц арга хэмжээг төлөвлөн, хэрэгжүүлж эхлэхэд 2017 он шийдвэрлэх жил.

Нэн тэргүүнд төсвийн зарлагын шинэчлэлийг эхлүүлэх, төсвийн сахилга, хариуцлагыг чангатгах, зардал, үр өгөөжийн зохистой харьцааг хангах, төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх хөтөлбөрүүдийн үр ашгийг нэмэгдүүлэх, алдагдлыг бууруулах, төсвийн тусгай шаардлагыг ханган биелүүлэх, эдийн засагт үзүүлэх өрийн дарамтыг бууруулах, эдийн засгийн өсөлтийг дэмжихэд чиглэсэн өрийн удирдлагын стратегийг тодорхойлон хэрэгжүүлэхэд 2017 оны болон дунд хугацааны төсвийн баримт бичгүүдийн бодлогын зөв шийдэл шийдвэрлэх үүрэгтэй. Төсвийн алдагдлыг бууруулах, хуульд заасан тусгай шаардлагыг ханган биелүүлэхтэй холбогдон 2016 оны төсөвт цаг алдалгүй тодотгол хийх шаардлага бий болж байгаа юм. Түүнчлэн, 2017 оны төсвийн төслийг боловсруулах бодлогын суурь баримт бичиг болох 2017 оны Төсвийн хүрээний мэдэгдэл, Эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, 2015 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл зэрэг хуульд заасан боловч өмнөх УИХ-аар хэлэлцэлгүй орхисон асуудлыг ээлжит бус чуулганаар нэн яаралтай хэлэлцэн шийдвэрлэнэ.

Сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийг ирэх 10 дугаар сард зарлан хуралдуулахаар УИХ-аас шийдвэрлэсэн боловч орон нутгийн сонгуулийг амжилттай зохион явуулахад шаардлагатай төсвийг батлах, техник хэрэгсэл хэрэглэн сонгууль явуулах шийдвэрийг энэ ээлжит бус чуулганаар мөн гаргах зайлшгүй шаардлагатай болжээ.

Улсын Их Хурлаар хэлэлцэх хуульд заасан хугацаа нь хэтэрсэн, түүнчлэн хуулийн хугацаанд хэлэлцэн батлах шаардлагатай Үндсэн хуулийн цэцийн хэд хэдэн дүгнэлтийг ээлжит бус чуулганаар хэлэлцэнэ. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс батлан хамгаалахын бодлогод нийцүүлэн өргөн мэдүүлсэн Батлан хамгаалах, зэвсэгт хүчний эрх зүйн орчныг шинэчлэх зарим хуулийг энэхүү чуулганаар хэлэлцэн шийдвэрлэнэ” гэлээ.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын ээлжит бус чуулган маргааш хуралдахаар боллоо

шинэ чуулган 2016 зурган илэрцүүдУлсын Их Хурлын ээлжит бус чуулган товлон зарлах тухай захирамжийг өчигдөр буюу наймдугаар сарын 24-нд УИХ-ын дарга М.Энхболд гаргасан.

Ээлжит бус чуулган өнөөдөр 10:00 цагт нээлтээ хийж, маргааш буюу наймдугаар сарын 26-нд хуралдах тов зарлав. Мөн чуулганаар хэлэлцэх асуудалтай холбогдуулж МАН-ын бүлэг Төрийн ордны “А” танхимд, АН-ын бүлэг Төрийн ордны “Б” танхимд хуралдах аж.

УИХ-ын ээлжит бус чуулганаар дараах асуудлыг хэлэлцэх юм. Тухайлбал, “Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай” УИХ-ын тогтоолын төсөл, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай тогтоолын төсөл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх, мөн зардлын тухай тогтоолын төсөл, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгдсэн тайлан, “Монгол Улсын 2015 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл зэрэг хорь гаруй УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн шийдвэрлэх ажээ.

Categories
мэдээ нийгэм

Монголын Залуучуудын холбоо хуралдаж байна

Монголын Залуучуудын холбоо хуралдаж байна зурган илэрцүүдМонгол улсад Залуучуудын байгууллага үүсч хөгжсөний 95 жилийн ой өнөөдөр буюу наймдугаар сарын 25-нд тохиож байна.

Монгол улсад Залуучуудын байгууллага 1921 оны наймдугаар сарын 25-нд “Бошгыг халах залуучуудын эвлэл” хэмээх байгууллагыг байгуулж, тэр үеийн нийгмийн харилцааг эрс өөрчлөн шинэчлэх хувьсгалт үйл хэргийг эрхэм зорилтоо болгон Монголын залуучуудын байгууллага анх байгуулагдсан аж.

Монголын Залуучуудын Холбоо жил бүрийн энэ өдөр “Монголын залуучуудын өдөр” болгон тэмдэглэсээр 95 жилийн ойгоо тэмдэглэж байна.

Залуучууд Монголын залуучуудын анхны байгууллагыг санаачилж шанг нь татаж байсан гавьяатнуудын нэг болох жанжин Д. Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэх аж. Мөн 95 жилийн ойн баярын хурал УДЭТ-т 10 цагаас эхэлж, баярын концерт, МХЗЭ, МЗХ-ны үе үеийнхний түүхийг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн, “Мөнхийн залуу нас-95” галт тэрэгний аялал зэрэг сонирхолтой арга хэмжээгээр үргэлжлэх ажээ.

Categories
мэдээ улс-төр

Тусгай замын автобус төслийг эрчимжүүлнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг зохион байгуулах тухай захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн Засаг даргын тамгын газар, харьяа агентлагуудын бүтэц өөрчлөгдөн батлагдсантай холбогдуулан Тусгай замын автобус төслийг яаралтай, үр өгөөжтөй хэрэгжүүлэх үүднээс Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх “Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн хуваарьт туссан хөтөлбөрийн нийт хэрэгжилтийг хариуцагч, гүйцэтгэгч байгууллагын төслийн нэгж байгуулах, удирдан зохион байгуулалтаар хангах зэрэг үйл ажиллагаатай холбоотой чиг үүргийг гүйцэтгэхийг “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” нийслэлийн өмчит хувьцаат компанид хариуцуулав.

Энэхүү шийдвэрийг Сангийн яаманд хүргүүлж, Азийн хөгжлийн банкнаас зохих саналыг авч үр дүнг танилцуулахыг “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” нийслэлийн өмчит хувьцаат компанид, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаярт үүрэг болголоо.

Categories
мэдээ нийгэм

Түргэн үйлчилгээний цэгүүдэд шалгалт хийнэ

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 56 дугаар тогтоолоор баталсан ”Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулах журам”-ын хэрэгжилтийг хангуулж, үйл ажиллагааг эрчимжүүлэх ажлын хүрээнд Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар холбогдох байгууллагуудын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгууллаа.

Ажлын хэсэг дээрх журмын хэрэгжилтийг шалгаж, илэрсэн зөрчил дутагдлыг газар дээр нь арилгуулах, зөвшөөрөлгүй Түргэн үйлчилгээний цэгүүдийн судалгаа гаргаж цаашид зөвшөөрөлгүй Түргэн үйлчилгээний цэгүүдийг хэрхэх талаар санал боловсруулж, хяналт наймдугаар дугаар сарын 23-ны өдрөөс есдүгээр сарын 1-ний хооронд зохион байгуулах аж.

Categories
мэдээ нийгэм

ШӨХТГ-ын даргаар Б.Лхагвааг томилжээ

Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө Газрын дарга Д.Мөнхтөрийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, шүүхийн шийдвэрийн дагуу Б.Лхагвааг тус газрын даргаар томилох шийдвэрийг өчигдөр буюу наймдугаар сарын 24-нд Засгийн газрын хуралдаанаас гаргасан байна. Мөн хуралдаанаар Гаалийн Ерөнхий Газрын дэд даргаар Ё.Бат-Эрдэнийг томилсон аж. Түүнчлэн “Эрдэнэс-Монгол” ХК-ийн ТУЗ-ийн гишүүдийг томилж, тус компанийн ТУЗийн хараат бус гишүүдийг нээлттэй сонгон шалгаруулалтаар тодруулах шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргажээ.

Categories
мэдээ улс-төр

Ардчилсан намын ҮЗХ өнөөдөр хуралдахгүй

Ардчилсан намын ҮЗХ өнөөдөр хуралдахгүй зурган илэрцүүдАрдчилсан нам Үндэсний зөвлөлдөх хороогоо өнөөдөр хуралдуулахаар товлосон байсан ч дараах шалтгааны улмаас хойшлуулжээ. Тус намын Хэрэг эрхлэх газраас мэдэгдэхдээ:

“Ард иргэдийн ахуй амьдралд ноцтой нөлөөлөх олон шийдвэр гаргахаар УИХ-ын ээлжит бус чуулган хуралдах гэж байна. Иймд наймдугаар сарын 25-нд болох АН-ын ҮЗХ тодорхойгүй хугацаагаар хойшиллоо. Ардчилсан намын Хэрэг эрхлэх газар” гэжээ.

Ээлжит бус чуулгантай давхцуулахгүй гэснээс харахад тус намын ҮЗХ ирэх сарын 15 хүртэл хуралдахгүй нь үү гэсэн таамаг гарч байгаа юм. Хөдөө орон нутгаас ҮЗХ-д оролцохоор нийслэлд ирсэн гишүүд зорилгоо биелүүлэлгүй буцах нь бололтой.

Categories
мэдээ цаг-үе

Б.Энх-Амгалан: Ази-Европыг холбосон дата төвтэй болчихвол энэ улсад хэдэн ам.доллар нь хэрэгтэй

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалантай ярилцлаа.

-Эдийн засгийн нөхцөл байдал хүнд байна гэдгийг улам баталгаажуулж Ерөнхий сайд, Сангийн сайд нар нь мэдэгдэл хийлээ. МАН-ын мөрийн хөтөлбөр хэрэгжих боломжгүй гэдгийг мэдэгдлийнхээ хүрээнд үг дайгаад байна гэж харлаа. МАН үе шаттайгаар цалин, тэтгэврийг нэмнэ гэсэн. Гэсэн ч нэмэх боломжгүй юм биш үү?

-Бид ажил хийх ёстой. Гэхдээ эхний ээлжинд макро эдийн засгийн түвшнээ яах вэ. Нэг зүйлийг онцолж хэлье. Монгол Улс нэг төсөвтэй болох ёстой. Хоёрдугаарт, төсвийн хяналтыг маш сайн болгох хэрэгтэй. Гуравдугаарт, төсвийг хэмнэлттэй заръя, дөрөвдүгээрт, тасраад буй төсвийн алдагдлыг бууруулах, төлөгдөх ёстой өр ширийг зайлшгүй төлөх эдийн засгийн боломж, бололцоог хайх шаардлагатай.

МАН ажлын байртай болгоно, цалин хөлсийг нэмнэ. Тэтгэвэр тэтгэмжийг тодорхой хэмжээнд нэмнэ, эрүүл мэндийн асуудал дээр онцгой анхаарна хэмээн мөрийн хөтөлбөртөө тусгасан. Үүнийгээ хийнэ. Хийх ч ёстой. Ялангуяа Эрүүл монгол хүн хөтөлбөрийн хүрээнд элэгний өвчлөлийг онцгой анхаарах шаардлагатай болжээ. Элэгний өвчнөөр өдөрт долоо, жилдээ 2600 хүн амь насаа алдаж байна. Элэгний өвчлөлийн халдвар авсан хүний тоо 450 мянгад хүрчихлээ. Үүнийг үндэсний хэмжээний хөтөлбөр болгон хэрэгжүүлэх ёстой. Элэгний өвчлөлийн вирусыг устгах эмийг анх 700 ам.доллараар оруулж ирж байсан бол одоо 400 ам.доллар болгон буулгаж цаашдаа 100 ам.доллар болгох арга замыг эрэлхийлж байна. Хэрэв тэгж чадвал 150 мянган монгол хүн эмчлэгдэх боломжтой болох юм.

-Зөндөө л бичиг цаастай зууралдсан сууж байх юм. Нууц биш бол ямар гэрээ хэлцлийн бичиг баримтууд байгаа юм бэ?

-Монгол Улс дата төвтэй болох ёстой гэж үзээд гадны хөрөнгө оруулалтыг татах ажлыг эхлүүлэх хэрэгтэй болж. Ази-Европийг холбосон дата төвтэй болчихвол энэ улсад хэдэн ам.доллар нь хэрэгтэй юм болов уу гээд л ажлыг нь эхлүүлчих санаатай байна. Мөн манай улсад аж үйлдвэрийн технологийн парк зайлшгүй шаардлагатай. Бид 2008 оноос хойш энэ талаар ярьж байгаа. Энэ хүрээнд Технологийн паркийн тухай хууль, Концессийн тухай хууль гарсан. Аж үйлдвэрийн парктай холбоотой ТЭЗҮ нь гарч, зураг төсөл нь бэлэн болсон. Одоо харин үүнийг ажил хэрэг болгох ёстой.

-Хаанаас гарч ирсэн ТЭЗҮвэ. Ерөнхий сайд Монгол Улсад хийж, хэрэгжүүлээд явчих боломжтой ганц ч бэлэн ТЭЗҮалга гэж мэдэгдсэн дээ?

-Өмнө нь хотын даргаар Г.Мөнхбаяр сайдыг ажиллаж байхад хотын төсвөөр хийсэн юм. Одоо нарийвчлан боловсруулж байгаа. Байгальд ээлтэй хром, сульфитыг шүүчихдэг, малын гаралтай түүхий эдийг иж бүрнээр нь боловсруулчихдаг, ажлын байрыг нэмэгдүүлж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж байна.

-Байршил нь хаана гэж. Одоогийн арьс, ширний үйлдвэрүүд бүгд л Туул гол руу бохироо цутгаад загас, жараахай нь үхэж байна шүү дээ?

-Эмээлтийн арьс ширний түүхий эдийн баазыг түшиглээд Хөшигийн хөндийн хойд талд байгуулах юм. Химийн бодисоор угаасан арьс, ширний бохироо шууд Туул гол руу цутгадаг гэсэн ойлголт бий. Анхан шатны цэвэрлэх байгууламжаар яваад төв цэвэрлэх байгууламж руугаа явчихдаг юм. Тэндээс гарсан ус Туул гол руу нийлж байгаа. Хэрэв энэ үйлдвэрийг бий болгочихвол зах зээлд нийлүүлэгдэж буй 10 сая ширхэг арьсыг иж бүрэн боловсруулах боломжтой болно.

-Одоо бол арьс, шир шиг хэрэггүй зүйл хөдөөнийхөнд алга. Жалгаараа дүүртэл нь овоолсон харагдана билээ. Одоо бол үнэ өсөх, экспортод гарах боломжтой болох юм байна. Энэ мөч хэзээ байх бол?

-Бид хийж үзээгүй биш үзсэн болохоор Аж үйлдвэрийн парк байгуулах ёстой. Монгол Улс гадагш нь экспортлоод байх арьс, шир, ноос, ноолуур, мах байхгүй. Харин боловсруулаад эхэлбэл баялаг болох юм. Үүнийгээ дагаад ажлын байр ч бий болно.

-Та бол аж үйлдвэрийн салбар Монгол Улсад хэрэгтэй гэж байгаа юм байна. Гэхдээ МАН Аж үйлдвэрийн яамыг татан буулгаж үндсэн чиг үүргийг нь өөр яамдад харьяалуулсан нь Монголын баялаг бүтээгчдийг цаазалчихаж байгаа хэрэг биш гэж үү?

-Аж үйлдвэрийн яамыг яагаад татан буулгах болсонтой холбогдуулан яриа явсан. Үүнд Ерөнхий сайд тодорхой тайлбар өгсөн. Яам яамны ажлыг аваад явсан нь бодлогын хувьд буруу. Аж үйлдвэрийн яам байгуулагдсанаар аж үйлдвэрийн салбар яаж хөгжив. ДНБ хэрхэн өсөв гэдэг үзүүлэлтийг харахаар бодитой дүн гарч ирэхгүй байна.

-Аж үйлдвэрийн яам байгуулагдаад нэг жил гаруйн хугацаанд ажилласан. Үр дүн гарахын өмнө цаазалчихлаа л даа. Ямар ч ажлыг хийсэн тодорхой цаг хугацаа шаардагддаг?

-Цаазалж байгаа юм биш. Аж үйлдвэрийн бодлого гэдэг зүйл салбар салбарт байдаг. Салбарт нь эрхийг нь өгөхгүйгээр нэг яаманд бүгдийг нь өгч болохгүй. Тэгэхгүй бол бусад яамдынхаа чиг үүрэгтэй зөрчилдөх юм байна гэж үзээд ийм шийдвэрт хүрсэн юм.

Шинэчлэл зөв болж уу, үгүй юу гэдгийг цаг хугацаа харуулаад өгнө. Өмнө нь ХХААХҮ-ын яам гэж байхад технологийн паркийн ажил хэвийн явж байсан. Монгол Улс үр тариагаа дотооддоо хангаад тэр бүү хэл экспортод гаргаж байлаа. Энэ бүгдийг жингийн туухай дээр тавиад харах ёстой. Аж үйлдвэрийн яамтай байсан гээд Оюу толгой, Таван толгой, төмөрлөгийн чиглэлийн зүйлс юу болов. Өргөн утгаар нь хараарай. Цаг хугацаа харуулах биз дээ.

-Эдийн засаг муу байна гээд анх удаа сонсож байгаа юм шиг МАН-ынхан хашгирцгааж байна л даа. Үнэндээ МАН-ын гишүүн Ч.Улаан хоёр жил Сангийн сайд, Ерөнхий сайд нэг жил Сангийн сайдаар ажилласан. Яагаад мэдээгүй юм шиг ийм зүйл яриад байгаа юм бэ?

-Зарим нэг мэдээлэл нь Сангийн яамаар явж байсан. Улсын нэг төсөв нь Сангийн яамаар явсан ч Монголбанк, Хөгжлийн банкны төсөвт Сангийн сайд нь тэр бүр оролцоод байх боломжгүй. Их хурал дээр нээлттэй мэдээлэл хийгээгүй тул тэр бүр мэдээлэл олж авч чадаагүй.

Нийгэмд үр ашгаа өгөхгүй төсөл хөтөлбөрүүдийг дахиж хэрэгжүүлнэ гэдэг хэцүү. Ажлын байр, хуримтлал бий болгосон, эдийн засагт эерэг нөлөөлөл үзүүлэхүйц томоохон төслүүдээ хэрэгжүүлэх цаг болсон.

-Тухайлбал…

-Ерөнхий сайд нефть боловсруулах үйлдвэрийг барих ёстой гэж байсан. Томоохон уурхайнуудыг үр ашигтай хөдөлгөж, малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэр барих ёстой. Үр тариагаараа эх орноо бүрэн хангах хэрэгтэй. Хашаа, зам тавихыг эсэргүүцэж байгаа юм биш. Хэзээ гэдэг нь чухал. Ямар хөрөнгөөр тавих вэ гэдгээ бид тооцох шаардлагатай. Үр ашгаа өгөх, мөнгө болох төслүүдэд мөнгөө зарах ёстой. Энэ чиглэл рүүгээ явах байх гэж бодож байна.

-“Сайн” хөтөлбөрүүд бол төсвөөс мөнгө гараагүй, арилжааны банк олгож байсан. Заавал энэ хөтөлбөрүүдийг зогсоож байхаар “МАНай хашаа”, “МАНай оюутан” гэдэг ч юм уу үргэлжүүлж болно гэдгийг эдийн засагч С.Дэмбэрэл хэлж байсан даа?

-Бид нийгэмд өгч байсан мессэжүүдээ эргэн санах ёстой. Улаанбаатар хот дэд бүтцийг бий болгон хувийн сайхан байшинтай болгоно гэж байсан. Дэд бүтцийг нь татаад өгнө гэсэн. Наад газар чинь маш их үнэ хүрнэ. Маргааш нь ирээд дэд бүтцийг нь тавиад өгнө гэсэн яасан гэж Яармагийнхан асууж байна. Энэ мэтчилэн үг, ажлын зөрүүнээс болсон. Үүнийгээ гоёж, чимэглэсэн шоу болгох хэрэггүй. Хашааг чинь сайхан болгож өгнө гэсэн яаав. Өнөөдөр хамгийн түрүүнд иргэд эрүүл баймаар байна шүү дээ. Хоёрдугаарт, ажилтай, орлоготой баймаар байна. Гуравдугаарт, цалингаараа авто машин, орон сууцтай болдог болмоор байна.

-Хэзээ тийм цалинтай болох нь тодорхойгүй. Гэхдээ тийм болтол Яармагтаа “заваараад” амьдар гэсэн үг үү?

-Бид энэ том ажлыг нэг амьсгаагаар шийдэж чадахгүй. Хамгийн бололцоотой газраас нь эхлэх ёстой.

-Тэндээсээ эхлээд явж байсан юм биш үү?

-Тэгсэн л юм бол энэ гэр хороолол чинь орон сууцны хороолол болохгүй яасан юм.

-Нийслэл хот нүүрээ угаасан хүн шиг боллоо гэдгийг хүн бүр яриад байгаа юм биш үү?

-Хийсэн ажлууд бий. Алдаатай хийсэн зүйлс ч бий.

-Бондын эргэн төлөлтүүд хийгдэнэ. Ирэх жилүүдэд амаргүй л байна байх даа?

-Монголчууд хувь заяа өндөртэй хүмүүс. Гурван сая ард түмэн буянт малынхаа ачаар өлсөж, цангаж үзээгүй. Юу юугүй модоо барьчихгүй байх. Төрийн зөв бодлого явуулчихад Монгол Улс босоод ирнэ. Баялаг бүтээгчдээ дэмжин, гадны хөрөнгө оруулагчдыг татаад, тэдний өмнө хүлээсэн үүргээ биелүүлээд, өмнө нь эхэлсэн томоохон төслүүдээ цаг алдалгүй явуулчихад босоод ирнэ. Бодлогын том алдааны улмаас л ийм болсон. Үндэсний үйлдвэрлэгчдээ бодитоор дэмжих цаг ирсэн. Тэгэхгүйгээр төрийн дэргэд төрийн өмчит үйлдвэрийн газар байгуулаад бизнесийг нь булааж болохгүй. Татварын хөнгөлөлт үзүүл, шударга өрсөлдөх орчныг нь нээж өг.