Categories
мэдээ нийгэм

Маргааш тэгш тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно

Маргааш тэгш тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно зурган илэрцүүдЭнэ амралтын өдрүүдэд автомашины дугаараар тэгш, сондгойгоор нь ялган замын хөдөлгөөнд оролцуулах юм. Тодруулбал, нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан автомашины түгжрэлийг бууруулах зорилгоор автомашины улсын дугаарын сүүлчийн орон тэгш тоогоор буюу (0, 2, 4, 6, 8) төгссөн автомашиныг наймдугаар сарын 27-ны бямба гарагт, сондгой тоогоор буюу (1, 3, 5, 7, 9) төгссөн автомашин наймдугаар сарын 28-ны ням гарагт өглөөний 08.00 цагаас 20.00 цагийн хооронд зуны хязгаарлалтын бүсэд замын хөдөлгөөнд оролцох захирамж гарсан билээ.

Categories
мэдээ цаг-үе

Б.Бямбасайхан: Дэлхийн нэг хэсэг болчихсон л бол том талбар дээр тоглож сурах хэрэгтэй

“Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхантай ярилцлаа.

-Гадаадын шууд хөрөнгө оруулалт таагүй байгаа. Хөрөнгө оруулагчдад Монгол ер нь ямархуу харагдаж байна вэ?

-Өнөөдөр хоёр уулзалт хийлээ. Вьетнамын хөрөнгө оруулагч, Японы компанийн төлөөлөлтэй уулзлаа. Тэд “Танай Монгол чинь ямар гоё юм бэ. Бизнес хийх боломжоор дүүрэн улс байна шүү” гэх жишээний. Боломжийг гэхэд л олон янзаар нь олоод харчихсан. Газар нутаг, байгалийн нөөц ихтэй, хүмүүс нь бэлтгэгдээд дажгүй болоод эхэлчихсэн, өчнөөн мөнгө хийх боломжтой гэж хараад байна л даа. Гэтэл бид өнөөдрийн жаахан юмаа яаж хуваах вэ гэдэг дээрээ л гацчихаад байгаа. “Эрдэнэс Монгол” сүүлийн арван сарын турш яаж дараагийн шатанд гаргах вэ гэсэн гарцыг хайж ажиллалаа. Өнөөдрийн бизнесээ хүн шиг хийж, зардлаа багасгаад дараагийн шат руу шилжье гэж хичээлээ. Эдийн засаг томрох тусмаа л Монголд, монгол хүнд сайн. Томрох сууриа одооноос тавих хэрэгтэй. Гэхдээ төсөл гэдэг юм сэтгэлийн хөөрөл, улстөрийн шийдвэрээр бий болдоггүйг бултаараа харлаа. Ерөнхий сайд сая хийсэн мэдэгдэлдээ ч хэлсэн. Олон жил ярьсан ч одоо болтол зөв хийгдсэн төсөл нэг ч алга гэдэг нь үнэн. Үүнээсээ салах хэрэгтэй.

-Алдаагаа давтахгүйн тулд өмнөх засгийн үед ярьсан, тодорхой хэмжээнд ахиулсан төслүүдээ үгүйсгэх биш, харин ч илүү сайжруулаад явах ёстой байх, тийм үү?

-Сууриа сайн бэлдэхгүй зүгээр л шүүмжлэхийн тулд шүүмжлээд орхивол ахиад нэг нөхөр гарч ирээд бидэнд юу ч алга гэж гомдоллоод сууна. Ахихын тулд системтэйгээр ажиллах хэрэгтэй. Өнөөдөр байгаа хөрөнгөндөө түшиглэж шинэ бизнест орох нь тодорхой. Түүнээс биш хов хоосон бол хэцүү.

-“Эрдэнэс Монгол” хөгжил авчрах том төслүүдээ хөдөлгөх суурийг системтэйгээр бэлдээд эхэлсэн гэж ойлгож болох уу?

-Товчхондоо тийм. Гол зорилго тодорхой. Ерөөсөө л шинэ бизнес бий болгох. Хүмүүс “холын юм ярьж байна” гэх мэтээр янз бүрээр шүүмжилнэ л дээ. Холын юмыг өнөөдөр барьж авч байж л эдийн засаг томорно. Түүнээс биш өнөө маргаашаа харж, байгаа жаахан юмаа биенээсээ өрсөж идэх гэж өрсөлдвөл эдийн засаг хэзээ ч томрохгүй. Холын юмыг эхлүүлэхдээ дунд нь ямар нэг шат алгасвал буцаад унах эрсдэл бий.

-Та сүүлийн жилийн хугацаанд хийсэн ажлаа энгийнээр тайлбарлаач. Том төслүүдээ хөдөлгөх суурь чухам юу байхав гэдэг нь сонирхол татаж байна?

-Компанийнхаа санхүүгийн тайлан балансыг дэлхийн том дөрвийн нэг “Эрнст Янг”-аар хийлгэчихлээ. Өмнө хэрэглэдэг байсан стандартаа орхиод өөр стандарт руу шилжиж байгаа гэдэг утгаараа их удаан процесс л доо. “Багануур”, “Шивээ-Овоо” гээд хэдэн арван жил ажилласан компаниуд өөр өөрийн гэсэн стандартуудтай байсан. Буруу, зөвийн асуудал биш, зүгээр л өөр стандарт хэрэглэдэг байсан. Стандартаа өөрчлөхийн тулд хүн нь өөрчлөгдөх ёстой, хүн нь өөрчлөгдөхийн тулд шинэ стандартаа ойлгож, хүлээн зөвшөөрөх ёстой. Энэ бүхэн тэр чигтээ процесс.

-Улстөрчид хэр ойшоох бол доо, хэдэн цаас л байна гээд харахгүй өнгөрөөх эрсдэл манайд бол өндөр шүү. Та тэгж болгоомжлохгүй байна уу?

-Магадгүй. Гэхдээ ийм юмтай байж л бид дараагийн том бизнесийнхээ гарааг хийнэ. Хөрөнгө оруулагчидтайгаа ярьж эхэлнэ. Хэрвээ үүнийг үргэлжлүүлэхгүй, ойшоохгүй орхивол дөрвөн жилийн дараа ахиад л “Шаардлага хангах ямар ч төсөл алга” гэж яриад сууна. Үүнийг хийж чадсан маань их олон давуу талыг бий болгосон. Компаниудын санхүүгийн захирлууд нь ямар ч байсан шинэ стандартаа ойлгодог болчихсон. Ажлаа графикийнхаа дагуу хийдэг болсон. Тайлан бүртгэл нь арай өөр болоод ирж байна. Хоёр жилийн дараа улам сайжирна. Гадныхантай суугаад ярихад харуулах зүйлтэй, ярих юмтай болно гэдэг том давуу тал.

-Азийн хөгжлийн банкнаас авсан санхүүжилт ч энэ зүг рүү чиглэж байгаа байх аа?

-Тийм. Монголд том төслүүдийг хэрэгжүүлэх шаардлагатай институци хэрэгтэй. Үүнийг л хийх гээд байгаа юм. Төслийн нэгж гэж яамны дор ч юм уу байгуулчихдаг байсан. Яам бодлого хийх ёстой газар, зохицуулалтаа хариуцдаг институци. Гэтэл дээрээс нь хөрөнгийн удирдлага, шинэ төслийг боловсруулж ажиллана гэхээр чадамж талаасаа хэцүү. Төсөл явдаггүйн гол шалтгаан ерөөсөө л энэ. Олон улсын байгууллагын санхүүжилтыг авч зөв институци бий болгочихвол байдал эерэгээр эргэнэ. Ирээдүйн бизнес бол коннективити. Эдийн засаг болгон хоорондоо санхүү, дэд бүтцийнхээ гээд аль ч хүрээнд уялдаатай холбоотой болчихсныг хэлээд байгаа хэрэг л дээ. Үүн рүү бид орох ёстой. Үүнээс л шинэ бизнес төрнө. Хятадууд “нэг бүс-нэг зам” гээд байгаа нь цаанаа ийм учиртай. Япон, Хятад гэх мэт том эдийн засгууд ирээдүйгээ тавь, зуун жилээр хардаг. Яаж тогтвортой байлгах вэ гэдгээ харж хөгжиж байна. Энэ дунд Монгол бөөн боломж байгаа. Гэхдээ сайн дурын уран сайханч маягаар ажиллавал ахихгүй л дээ.

-Нэг том төслийн нийт хөрөнгө оруулалтын ядаж таван хувь нь эхний шатандаа зарцуулагддаг гэж та ярьж байсан. Таван хувийн зардлаа гаргаж чадахгүй бол төсөлд мөнгө татах боломжгүй юу?

-Ямар ч боломж байхгүй. Өнөөдрийн хувьд төслөө зөв хийдэг болох гэж таван хувийн зардлаа гарган ажиллаж эхлээд байна. Зөв институтциэ бий болгохоор ажиллаж байна. Энэ компанийн чинь эзэн Монголын Засгийн газар. Иргэдийнхээ өмнөөс эзэмшиж байгаа нь засаг гэсэн үг. Энэ компани ямар ч засгийн үед зөв явж, ашигтай ажиллах ёстой. Ашигтай ажиллах нөхцөлийг нь бүрдүүлээд явж байна.

-Ямар ажлыг хэн хийж байна вэ гэдгээс их зүйл шалтгаалаад байх шиг санагддаг. Жишээ нь таны дараагийн хүн хэн байхаас том төслүүд цаг алдалгүй хөдлөх эсэх нь хамаарах байх…?

-Систем гэдэг юм байхгүйгээс хувь хүнтэй холбоотой болоод байгаа юм. Систем нь бүрэлдсэн үед тодорхой шалгуур хангасан хүн нь ирээд энэ ажлыг хийхэд асуудалгүй.

-Систем нь бүрэлдээгүй энэ цагт хувь хүн дээр ярихаас аргагүй л дээ…?

-Бодит байдал тийм л байгаа биз. Компанийн хувьд яривал хувьцаа эзэмшигчид нь бодлогоо тодорхойлдог, тэрэндээ үндэслээд менежмэнтээ томилоод явдаг зарчим бий. Тухайлбал гадаадын хөрөнгө оруулалт чухал гээд хүн бүр ярьж байна. Макро эдийн засгийг тогтворжуулахад хөрөнгө оруулалтыг зайлшгүй нэмэх шаардлагатай. Хөрөнгө оруулалт том төслөөр дамжиж орж ирнэ. Хоосон юманд хэн ч хөрөнгө оруулахгүй. Төслөө хийх хэрэгтэй. Жишээ нь Оюу толгойг стандартын дагуу хийсэн учраас модоор цохисон ч унахгүй байгаа. Дараагийн Оюу толгойг бий болгохгүй бол хөрөнгө оруулалт орж ирэхгүй. Улстөрчийн үгээр төсөл бүтдэггүйг бид их сайн ойлгосон. Улстөрийн мэдэгдэл хийгээд байдаг ч бизнес болтлоо өдий шүү дээ.

-Гэхдээ улстөрчид төслийг ийм шат дараалласан процесстой, хугацаа, хөрөнгө шаарддаг гэдэгтэй эвлэрдэггүй, тийм тэвчээр ч байхгүй. Өнөөдөр яриад маргааш эхлүүлнэ л гэдэг улс. Энэ тохиолдолд улстөртэйгээ том төслүүдээ яаж уях вэ?

-Ганц манай улсад ч биш Америкт ч тийм. Улстөр маш хурдан өрнөдөг онцлогтой. Бизнес бол яриа хэлэлцээ өрнүүлж байж тодорхой ахиц гардаг. Анх намайг “Зөв гольдрилд нь оруулахын тулд дөрвөөс зургаан жил хийх ёстой ажил” гэхэд хүмүүс “Чи юу ч хийхгүй л гэж байгаа юм байна ш дээ” гэж байсан. Тайлан балансаа зөв стандартад оруулах гэж л бүтэн жил болж байна шүү дээ.

-Одоо тайлан баланс лав зөв стандартдаа орсон, дэлхийн төвшинд очсон гэж ойлгож болох уу?

-Ямар ч байсан хүнд үзүүлэх юмтай болсон. Ийм хэмжээний хөрөнгө, орлого, зардал, ашигтай юм байна гэдгийг хөрөнгө оруулагчид хараад ойлгодог болсон. Миний сурсан ажлын орчин онцлогтой. Ямар ч зүйлийг дороос нь эхэлдэг. Төсөл хийхийн тулд эхлээд зах зээлээ судалдаг. Зах зээл дээр ямар асуудал байгааг судална. Эрчим хүчний төсөл гэхэд л асуудал нь юу байна, шалтгаан нь юундаа байгаа вэ гэдгийг харж, зах зээл эдийн засгаа судлахаас эхэлдэг. Тэгээд хөрөнгө оруулалтаа ярьдаг. Улстөрийн шийдэл хэрэгтэй бол энэ бүхний дараа хийгддэг асуудал. Гэтэл бид хөрөнгө оруулалтаа өмнө нь тавиад тэрэндээ тааруулах гээд үзээд байдаг. Харамсалтай нь зах зээлийг хэн ч хуурч чаддаггүй. Зах зээл гэдэг өөрийн гэсэн дүрэм журамтай. Тэгэхээр салбарынхаа суурь анализыг хийгээд, тэрэндээ таарсан шийдлийг олсны дараа төсөл боловсрогддог.

-Манайх төслүүдээ дээрээс нь эхэлдэг юм байна. Улстөрийн шийдвэр гаргачихаад дараа нь асуудлаа судлахаар мөнгө босгож чаддаггүй байх нь ээ?

-Зах зээлийн шалгуур хангахгүй болохоор мөнгө босохгүй нь ойлгомжтой асуудал. Хотыг тойроод өчнөөн эрчим хүчний төсөл байгаа боловч аль нь ч хэрэгжихгүй байна гэсэн шүүмжлэл цаанаа ийм учиртай. Том корпорациуд шийдвэр гаргахдаа уддагийн учир нь бүхнийг дороос нь эхэлж судалдагтай холбоотой. Оюу толгойн ТЭЗҮ гэхэд л маш олон шатаар орж батлагдаад, эцэс нь хөрөнгө оруулалтаа босгоод явж байна. Хэр хугацаа зарсныг бид харсан.Олон жил ярьж байгаа макро эдийн засгийг тогтворжуулах, гадаадын хөрөнгө оруулалтыг татахад мэргэжлийн суурь хэрэгтэй. Систем нь, компани нь, институци нь зөв байж хөрөнгө татахаас биш улстөрчдийн үгэнд итгэж хөрөнгө оруулдаг хүн байхгүй.

-“Эрдэнэс Монгол” том хөрөнгө оруулагчдын сонирхлыг татаж чадсан уу?

-Чадсан. Бид портнёруудтай болсон. “Женерал электрик” хамтаръя гэж байна. Мэдээж тэд эхлээд Хятад, Япон, Орос зэрэг том эдийн засгуудаа харна. ”Женерал электрик”-ийн хувьд Монгол бүхэлдээ бизнесийн боломж гэж харагдаж байгаа. Технологийн том компани бизнесийн боломжоо олоод харчихсан гэсэн үг. “Эрдэнэс Монгол”-ыг портнёроо гээд харчихсан. Өмнө нь хамтарч ажиллая, баримт бичиг гэрээнд гарын үсэг зуръя гэдэггүй байсан. Санхүүгийн тайлан балансаа дэлхийн компаниар гаргуулчихсан учраас тэд ирсэн. “Женерал электрик”-ийн IT хариуцсан захирал гэхэд л энэ долоо хоногт ирж байна. Туршлагаасаа хуваалцъя гэж байгаа. IT-г зөвхөн компьютер гэж харах аргагүй. Бизнесийг амжилттай, ашигтай ажиллуулахад чухал үүрэгтэй эд. Тэр дундаа уул уурхайн бизнест.

-Том төслийг амжилттай бэлдэх суурийг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр бэлдэж байгаа талаар сая та бид хоёр ярилаа. Энэ санхүүжилт ирэх дөрвөн жилд үргэлжлэх үү?

-Тэгэхийн тулд засаглал зөв байх ёстой. Төрийн өмчтэй бизнесийн засаглал, менежмэнт аливаа улстөрийн нөлөөллөөс ангид байх ёстой гэж үеийн үед ярьдаг. Мэргэжлийн, хөрөнгө оруулалт, уул уурхай, дэд бүтцээ сайн мэддэг, салбартаа танигдсан, хараат бус хүмүүс ТУЗ-д орж байж компанийн засаглал зөв байна. Төрийн өмчит компанийн ТУЗ-ийг өмнө нь хэдэн яамдын дарга нар байдаг бүтэц гэж ойлгодог байсан. Гэтэл ТУЗ гэдэг компанийнхаа стратеги, бизнес төлөвлөгөөг баталдаг, ашиг орлоготой байх эсэхээ хянадаг, компани, хувьцаа эзэмшигчдийнхээ өмнө хариуцлага хүлээдэг бүтэц. ТУЗ зөв байх нэгдүгээр асуудал. Асуудалд сайн дурын уран сайханч төдий биш мэргэжлийн үүднээс ханддаг болох тухай яриад байна л даа.

-Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах суурь нь мэдээж сайн төсөл. Энэ эрчээ алдахгүй ажиллавал сайн төсөл бэлдэх суурийг гурав, дөрвөн жилийн дотор хийж чадах уу?

-Боломж бий. Хэрвээ тэгж чадвал ахиад хорин жилийн турш хөрөнгө тал нь ашигтай ажиллаад, шинэ бизнес нь тогтвортой өсөх боломжтой.

-Гадаадын хөрөнгө оруулагчдыг хамгаалах бүтцийг засгийн дэргэд байгуулсан нь хэр зөв шийдэл вэ?

-Би Бизнесийн зөвлөлийн даргын албатай. Гурав, дөрвөн жилийн өмнөөс л энэ чигээр ажиллаж эхэлсэн. Засгийн дэргэд бүтэц байгуулсан нь зөв. Гадаадын хөрөнгө оруулагч Монголд их зовдог. Олон шалтгаантай л даа. Өөрийнхөө буруу үйлдлээс болох нь бий. Гэхдээ ихэнхдээ өнөөгийн системээс болдог. Шинэ стандартаар юм хийх гэхээр өнөөгийн стандарттай зөрчилддөг. Тэдэнд тулгарсан асуудлыг Ерөнхий сайдын хэмжээнд бүртгэж аваад, шийдлийг нь гаргаад явбал их зөв алхам.

-“Эрдэнэс Монгол”-ын ирэх дөрвөн жилд анхаарах асуудал гэвэл та юуг онцлох вэ?

-“Эрдэнэс Монгол”-д Багануур, Шивээ-Овоо, Оюу толгой, Таван толгой гэж дөрвөн том хөрөнгө бий. Юуны түрүүнд энэ компаниудынхаа стандарт, засаглалыг шинэчилж, зөв менежмэнт хийж, санхүүгийн зардлыг нь багасгаад явбал ашигтай ажиллана. Эхлээд хийх ажил бол энэ. Тэгвэл манай баланс эрүүлжинэ. Эрчим хүчний том эх үүсвэр, дамжуулах шугам гэх мэт төслүүд рүү цэвэрхэн баланстай компанитай орж хэрэгжүүлбэл асуудалгүй. Учир нь Засгийн газарт мөнгө байхгүй. Дэлхийн Засгийн газрууд ч ялгаагүй, дэд бүтцийн том төслүүд хэрэгжүүлэхэд ийм зовлон хэлдэг.

Тийм учраас хөрөнгө оруулалт татахад анхаардаг. Засагт өнөөдөр нэг боломж бий. Энэ их хөрөнгөд зөв менежмэнт хийвэл дараагийн зам буюу шинэ төсөл хэрэгжүүлэх боломж нээгдэнэ. Тэгэхээр зардлаа бууруулахад анхаарахаас аргагүй.

-Хөрөнгө оруулагчидтай амжилттай яриа хөөрөө өрнүүлэхэд таны ажлын туршлага их нөлөөлсөн байх…?

-Хөрөнгө оруулалтын банк, том сангууд их цөөхөн. Бүгд биенээ мэднэ. Тэр орчинд худлаа ярьж болдоггүй. Ёс зүйгүй авирлаж болдоггүй. Төрийн өмчийн компани гэхээр мөнгөө төлөхгүй унждаг гэх мэт сул тал байсан. Би нэг юмыг өнөө хүртэл ойлгодоггүй. Бизнесийн орчин нь олон улсын зах зээлтэй нийлчихээд байхад тэрийгээ хүлээн зөвшөөрөхгүй явах нь маш буруу. Прогрессийг удаашруулаад байгаа л хэрэг. “Монголд өөр, та нар юу мэдэх вэ, барууныхаар бүх юм явдаггүй” гэж шүүмжилдэг хэсэг улс бий. Нэг талаасаа зөв шүүмжлэл байх, гэхдээ байнга ингээд байвал хэцүү. Том юмны нэг хэсэг болчихсон л бол том талбар дээрээ тоглож сурах хэрэгтэй. Тод жишээ нь олимп. Бүх юмыг сумын наадам шиг харж болохгүйг олимпийн талбар дөрвөн жил тутам харуулж, мэдрүүлж байна.

Categories
мэдээ цаг-үе

Ц.Цогзолмаа: Эмэгтэй гишүүд албан бус байдлаар зохион байгуулалтад орж ажиллана

УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаатай ярилцлаа.

-Сонгуулийн үеэс ярилцлагаа эхэлье. Та НАМЭХ-ны Ерөнхийлөгч, улстөрд шинэ хүн биш. Гэхдээ өнгөрсөн сонгуулиар УИХ-ын гишүүн, БШУ-ны сайдтай өрсөлдсөн. Бэрх өрсөлдөгч байсан байх?

-2016 оны сонгууль телевизийн ярилцлагад орох, сонгогчдод хувиараа юм амалж болохгүй гэх мэт асар хатуу хуулийн зохицуулалттай болсон. Гэхдээ ард түмний амьдрал ахуйд тулгарсан асуудлыг аль нам нь мөрийн хөтөлбөрөөрөө шийдэх бодлого, зорилт гаргаж ирсэн байна вэ гэдэгт л иргэд дүгнэлтээ өгдөг юм байна. Яг үнэнийг хэлэхэд эрх баригчид 1072 хувьцааны мөнгө гээд 300 мянган төгрөг тараасан шүү дээ. Гэвч сонгогчид маань үнэхээр сонгуулиа өгч сурчээ. Сонгуулийн өмнө улстөрийн намууд, хөндлөнгийн байгууллагууд нэр дэвшигчдийн рейтингийн судалгаа хийж байсан. Тэр судалгаануудаас иргэд улстөрчдөд үнэлгээ, дүгнэлт өгч чаддаг болчихсон нь харагдаж байлаа. Мөнгөтэй, төгрөгтэй хүн гэхээс илүү бидний төлөө хэн ажиллах вэ, тэр хүнээ сонгоно гэсэн хатуу байр суурь анзаарагдаж байсан. Ингээд өнөөдрийн хүнд байдлаас хэн бидэнд туслах вэ гэсэн хүнд асуултынхаа хариуг л хайж МАН-д саналаа өгсөн. Тиймээс олонхоороо ялалт байгуулна гэдэг нэг асуудал. Одоо хамгийн чухал нь энэ өндөр итгэл үнэмшлийг маш сайн ажиллаж хариулах ёстой. Ийм л байр суурьтай байгаа.

Өрсөлдөгчийн тухайд сонгуульд муу учраа гэж байхгүй шүү дээ. Сайн өрсөлдөгчтэй таарсан. Тиймээс сайд гэдгээрээ салбарынхнаа ашиглалгүй шударга өрсөлдөөсөй гэж бодож байсан. Сургуулийн захирал байлаа гэхэд хувь хүнийхээ зүгээс Ц.Цогзолмааг дэмждэг ч сайд нь өрсөлдөхөөр үгүй гэж чаддаггүй зан манайханд байдаг шүү дээ. Ийм зүйлс болоод сонгуулийн луйвар битгий гараасай гэж бодож байсан. Гэхдээ энэ удаагийн сонгуулийн хууль их чанга байлаа. Хар пиар технологи талаасаа огт юм гараагүй гэж хэлэхгүй. Гэхдээ харьцангуй шударга өрсөлдсөн шүү.

-Өнгөрсөн сонгуулиар бүх л нам эмэгтэй нэр дэвшигчдээ хатуу учраануудтай тулгачих шиг болсон. Мөн УИХ-д нэр дэвших эмэгтэйчүүдийн квотыг улам буурууллаа?

-Өөрөө их зөв анзаарсан байна. МАН төдийгүй бүх эмэгтэйчүүд торгуулийн батальоноос гарч ирсэн. Квотыг 30 гэж байгаад аравхан хоногийн өмнө 20 болгосон. Уг нь соёлт хүн төрөлхтний нийгмийн харилцаанд өдгөө эмэгтэйчүүд эхэлж сонголтоо хийдэг үнэт зүйл үйлчилж байгаа. Эмэгтэй хүн эхлээд сонголтоо хий, үгээ хэл гэдэг. Машинд суусан ч эмэгтэйгээ түрүүлүүлдэг биз дээ. Гэтэл яг улстөрийн халуун тогоонд байдал эсрэгээрээ байсан. Аль ч нам эмэгтэйчүүд эхлээд тойргоо сонгочих гэсэн боломж олгоогүй. Би энэ соёлд бүх улстөрийн намууд суралцаасай гэдгийг бүх намын удирдлагуудад болон залуу эрэгтэй улстөрчдөд уриалж хэлэхийг хүсч байна. Сая бол эрчүүд сонголтоо түрүүлж хийчихээд бөхөөр бол тунасан бөхчүүд чинь л эмэгтэйчүүд байлаа шүү дээ.

Гэхдээ эмэгтэйчүүдийн сонголт тал дээр өндөр үр дүн гарсан. Энэ бол сонгогчдын маань боловсролд өөрчлөлт гарсны нэг илэрхийлэл. Би НАМЭХ-ны Ерөнхийлөгчийн хувиар эмэгтэйчүүдээ дэмжих цаг болсон шүү гэдэг энэ үр дүнгийн төлөө гурван жил тасралтгүй яг тээврийн жолооч шиг ажилласан. 21 аймгаараа тойрсон. Эмэгтэй сонгогчдодоо энэ удаагийн сонгуулиар намчирхалгүйгээр эмэгтэй л нэр дэвшигчдээ сонгоорой гэж уриалж байлаа. Учир нь сүүлийн 25 жил Монгол Улсын нийгмийн өөрчлөлт, гарч байгаа бодлого шийдвэрүүдийн ихэнх нь эмэгтэйчүүдэд ээлгүй байна. Ер нь Монголын нийгэм хүнээ орхичихжээ. Уул уурхай, том макро эдийн засгийн бодлого төслүүд яриад л байдаг. Гэтэл халамж хамгааллын бодлого, хүүхдийн боловсрол, эрүүл мэнд энэ бүх зүйлийг чинь эмэгтэйчүүд анхаардаг. Эмэгтэй нэр дэвшигчид олноороо сонгогдоод гараад ирэх юм бол хүүхдийн мөнгийг чинь хасуулахгүй, ялгаваргүйгээр олгоно. Хүүхэд ямар сургалтын хөтөлбөрөөр ирээдүйд жинхэнэ монгол хүн болох юм бэ гэдгийг боловсролынх нь системд суулгаж өгнө. Нэг сайд болсон хүн Кембриж ярьдаг, нөгөө сайд нь өөрийн төгссөн Японы боловсрол ярьдаг тийм савлагаатай байж болохгүй шүү дээ.

-Өмнө нь УИХ-д байсан эмэгтэй гишүүд нам харгалзахгүй лобби бүлэг байгуулж ажиллаж байлаа. Гэр бүлийн тухай, хүчирхийллийн эсрэг хуулиуд дээр ахиц ч гарсан. Энэ удаа чамгүй олон эмэгтэй гишүүд сонгогдсон. Гэхдээ нэг нам үнэмлэхүй олонх болсон учраас эмэгтэй гишүүдийн оролцоо нь бүдгэрэх болов уу?

-Нэг нам дангаараа олонх болсон. Нам дотор бид намынхаа улстөрийн бодлого дээр ямар байр суурьтай байх бол өөр асуудал. Ард түмэн олон эмэгтэйчүүдийг сонгосон. Хариуд нь боловсрол, эрүүл мэнд, гэр бүлийн хүчирхийлэл, гэмт хэрэг гээд олон асуудал дээр эмэгтэй гишүүд албан бус байдлаар зохион байгуулалтад орж ажиллана. Үүнийг эсэргүүцэх нэг ч эмэгтэй гишүүн байхгүй. Яагаад гэвэл эмэгтэй гэдгээр нь сонгогчид маань тэр хүнд санал өгчихөөд байна шүү дээ. Тийм учраас бид сонгогчдынхоо сонголтод бодитой үйл ажиллагаа, хуулийн төсөл өргөн барьж, эрх зүйн хүлээгдэж байгаа олон шийдвэрүүдийг гаргаж хариу барих ёстой. Би бүдгэрэхгүй л гэж бодож байна. Харин ч энэ сонгогдсон эмэгтэй гишүүд дотор баялаг бүтээгч, улстөрч, хэвлэл мэдээллийн салбарын ажилтан, эрүүл мэндийн салбарын гээд төрөл бүрийн хүн байна. Тийм учраас салбар салбарынхаа бодлогын шинжтэй хууль эрхзүйн өөрчлөлтийг их нарийн мэдрэмжтэй хийнэ.

-Та УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухаан болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хуваарилагдаж ажиллахаар болсон байсан. Яагаад эдгээрийг сонгох болов?

-Миний хувьд МАН-ын боловсон хүчний шалгуурыг давж намынхаа хамт олны дэмжлэгээр Сүхбаатар дүүргийн Засаг дарга, нийслэлийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан. Жишээлэхэд нийслэлийн Засаг даргын орлогчоор ажиллахдаа хүүхэд, залуучууд, гэр бүл гээд нийгмийн салбарын асуудалд илүү анхаарч ажиллаж байсан туршлага бий. Тийм учраас НББСШУ-ы байнгын хороонд орж тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэхэд надад бага ч гэсэн туршлага байгаа. Нөгөөтэйгүүр хууль иргэндээ очиж, иргэнээ хамгаалах л ёстой байдаг. Аль ч Засгийн газар, УИХ-ын үед маш олон хууль батлаад гаргадаг. Гэхдээ батлаад л орхичихдог. Магадгүй төрийн албанд ажилладаг, мэдээлэлтэй холбогддог хүн л тэр хуулийн энэ заалт миний амьдралд хэрэгтэй юм байна гэж мэднэ. Түүнээс гэртээ хоногийн хоолгүй, хороон дээрээ очиж асуудлаа тавьж чаддаггүй иргэд мэдэхгүй. Тийм учраас баталж байгаа хууль болгоны мэдээллийг тойргийнхоо иргэдэд цаг алдалгүй очиж хүргэнэ. Ингэвэл манай тойргийн нэг иргэнээр дамжуулаад ах дүү, найз нөхдөд нь хүрнэ. Ингэж бага ч гэсэн энэ дээр хувь нэмрээ оруулья гэж бодож байгаа. Харин АБГБ-ын байнгын хорооны хувьд үнэхээр өнөөгийн нийгэм, эдийн засгийн байдал бол Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, үндэсний эрх ашиг, ер нь монгол үндэстэн цаашаа яаж улс эх орныхоо тусгаар тогтнолыг авч явах вэ гэдэг асуудалд хүрсэн. Тиймээс энэ чиглэлд эх хүн, эмэгтэй хүн, сонгогчдын төлөөлөл болж буй хүний хувиар нэлээд дуу хоолойгоо гаргаж ажиллая гэж бодож байгаа.

-МАН-ын бүрдүүлсэн Засгийн газар мэргэжлийн биш, “давхар дээл”-тэй гэх хэл ам дагуулж байгаа. Мөн дэд сайдуудын орон тоог эргүүлээд гаргаад ирлээ гэдэг. Хувь гишүүний хувьд хэрхэн харж байгаа вэ?

-Ер нь Монгол оронд улстөрийн намууд хэрхэн төлөвшиж байгаагаас улстөрийн тогтолцооны төлөвшил хамаараад байгаа юм. Улстөрийн намууд маань эхлээд орчин цагт яаж ард түмэнд ил тод нээлттэй байх, намынхаа боловсон хүчний нөөцийн бодлогыг хэрхэн зөв авч явах юм бэ гэдэг тал дээр эрс өөрчлөлт хийх шаардлагатай. Иргэд мэргэжлийн бус хүн тавьчихлаа гээд бухимдаад байна гэдэг чинь өөрөө боловсон хүчнийхээ нөөцийн бодлого нь ил тод байгаагүйтэй л холбоотой. Аль ч улстөрийн намууд өнөөдөр тэр салбар дээр ийм чадвартай хүнийг ажиллуулна гэдэг зарчмаа нийгэмдээ гаргаад тавьчих ёстой. Тэгэхээр Дорж юмуу Батын асуудал яригдахгүй, харин шалгуурт тэнцэж байгаа хүмүүс л тухайн албан тушаал дээр өрсөлдөнө гэсэн үг. Тийм зүйлийг удирдлага зарчмаа болгохгүй байгаа учраас иргэд маань өөр том хүлээлттэй байгаад байдаг. Тэгтэл улстөрийн намууд иргэдийн хүлээлтэд нийцэхгүй хүмүүсийг гаргаж ирснээр иргэдийн хүлээлт, улстөрийн намын шийдвэр хоёрын хооронд зөрчил үүсээд байгаа юм. Монгол төрийн босго өндөр байх ёстой. Энэ чиглэлд улстөрийн намууд өөрчлөлт хийх болсон. Эрчим хүчний сайд, Байгаль орчны сайд ийм мэргэжилтэй, төдөн жил төрд ажилласан хүн байна гэдэг босгыг нь тавьчихвал санамсаргүй хүн сонгосных нь төлөө иргэд бухимдахгүй.

-Намуудад хуульчлаад өгчих ёстой юм биш үү?

-Ер нь одоо хуульчлах л хэрэгтэй. Бид хуулийн дор л тэгш эрхтэй амьдрах ёстой шүү дээ.

-Сангийн сайдын мэдээллээс үүдээд бондын үнэ уналаа, долларын ханш өслөө гэж байна. Мөн Ерөнхий сайд, Сангийн сайдын мэдэгдлүүдээс ерөөсөө мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхгүй гэж байгаа юм байна гэсэн мессеж гарч байгаа. Үнэхээр МАН-ын мөрийн хөтөлбөрт цалин, тэтгэврийг үе шаттай нэмэгдүүлнэ гэсэн боловч одоо хасах тухай ярьж байна шүү дээ. Ер нь эдийн засгийн ийм орчинд мөрийн хөтөлбөрөө биелүүлэх боломжтой юу?

-МАН сөрөг хүчин байсан. Засагт зургаан сар ороод буцаад гарчихсан байлаа. Эдийн засгийн нөхцөл байдлын яг бодитой үнэлгээ мөрийн хөтөлбөрийг боловсруулж байх явцад байгаагүй. Гэхдээ ямар ч байсан эдийн засаг хүнд байгааг мэдэж байсан. Улс эх орноо хөгжүүлэх гэж засгийн эрх авах гэж байгаа учраас бодлогын түвшинд зохицуулаад, тодорхой түвшиний зорилтуудыг тавиад хэрэгжүүлэхийн төлөө явна. Олонх болоод Засгийн газар байгуулаад тамга тэмдэг авсан хүмүүс тайлан судалгаа, дансаа үзээд ирэхээр урдын бидний мөрийн хөтөлбөрөө боловсруулж байх үеийн төсөөллөөс хамаагүй муу үр дүн гарч ирж байгаа юм. Тэгэхээр хамгийн шударга арга нь ард түмэндээ үнэн бодит байдлыг зөв мэдээлэх байсан. Тийм учраас МАН-ын дарга ч, Ерөнхий сайдын түвшинд ч гэсэн бүх сайдууддаа салбар салбарынхаа үнэн бодит статистикийг эхний ээлжинд гаргаж тавь гэж байгаа.

-Энэ чинь сөрөг талтай юм биш үү?

-Сөрөг тал байгааг үгүйсгэхгүй. Бирж дээр бондын үнэ унаж байна гэж байгаа. Энэ сөрөг тал мөн. Гэхдээ хамгийн зөв хувилбар бол үнэнч шударгаар нөхцөл байдлыг мэдээлэх юм. Сөрөг талтай, дараагийн сонгууль ойрхон байна гээд худлаа мэдээлэл өгье гэх байдлаар хандвал улам хэцүү байдалд хүрнэ. Мэдээж хэрэг сөрөг хүчин байгаа учраас олон талын юмыг тооцсонгүй мэдээлэл хийлээ гэхийг үгүйсгэхгүй. Үнэнээ хэлснээрээ бид мөрийн хөтөлбөрөөсөө татгалзаж, буцаж байгаа асуудал ерөөсөө биш. Бодит үнэлгээгээ гаргачихаад аль асуудлаасаа эхлэхээ хийх төлөвлөлтийн асуудал байгаа. Сайн төлөвлөлт сайн үр дүнгийн эхлэл. Худлаа тоон дээр ямар төлөвлөлт хийх юм. Тэрнээс биш МАН эдийн засаг ийм байна гээд мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхгүй гэж хэлэх гэж байгаа шалтаг шалтгаан ерөөсөө биш.

-Ерөнхий сайд халамжийг хумих, зөвхөн зорилтот бүлэгт олгох талаар ярьсан. Тэгвэл жишээ нь, хүүхдийн мөнгө, оюутны сургалтын зээл зэрэг яах бол?

-Хүүхдийн 20 мянган төгрөгийг намын мөрийн хөтөлбөрт ялгаваргүй өгнө гэсэн заалт байгаа. Эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа учраас 20 мянган төгрөгийг сар бүр авах шаардлагагүй гэр бүлүүд байна шүү дээ. Тиймээс дахиад бодит судалгаа хийгээд зорилтот бүлэг буюу орлого багатай, өрх толгойлсон олон хүүхэдтэй эмэгтэй зэрэг гэр бүлүүддээ эхний ээлжинд хүүхдийн мөнгийг өгөх арга хэмжээг Засгийн газар авах байх. Ийм саналыг эмэгтэй гишүүд болон бусад Их хурлын гишүүд гаргаж байгаа. Оюутны сургалтын төлбөрийн тухай асуудал дээр энэ том асуудлыг шийдэхийн тулд хамгийн түрүүлж хууль эрхзүйн асуудлыг шийдэх ёстой. Ямар хуулийг үндэслээд оюутны төлбөрийг төрийн сан болон банкны зээлээр санхүүжүүлэх юм бэ гэдэг асуудал дээр мөн ялгаагүй БСШУСЯ ажиллаж байгаа.

-Таныг нөхрөө Төрийн нарийн бичгийн дарга болгох гээд байна гэдэг мэдээлэл сошиалаар явсан. Түүнд ямар тайлбар өгөх вэ?

-Миний нөхөр эрчим хүчний мэргэжилтэй, энэ салбартаа 20 гаруй жил ажилласан хүн. УИХ-ын гишүүний нөхөр учраас улсад ажиллаж болохгүй гэдэг хууль байхгүй шүү дээ. Мөн би гишүүн болчихоод нөхрөө том дарга болгоё гэж огт яваагүй. Аяндаа шийдвэр гараад ирэхээр манай нөхөр шийдэгдэх нь үү, хэн шийдэгдэх нь үү гэдэг ард түмэнд уншигдана. Миний хувьд тийм юм яриад намдаа шахалт үзүүлээд явсан юм ерөөсөө байхгүй. ОХУ-д энэ чиглэлээр сураад ирсэн энэ салбартаа ажиллаж байсан хүн мөн үү гэвэл мөн. 2012 оны сонгуулиар нам ялагдахад намын бүх хүн ажилгүй болдог нийтийн жишгээр ажлаасаа халагдсан. Ингээд гэртээ ач, зээ нараа хараад байж байгаа. Намайг 2012 оны сонгуульд ялагдангуут нөхөр маань хоёр сарын дараа ажилгүй болсон. Ц.Цогзолмаагийн охин, хүргэн, бэр гэдэг шалтгаанаар манай гэр бүлийнхэн ажлаасаа халагдаж байлаа. Надаас болж мэргэжлээрээ зүгээр ажлаа хийж байсан таван хүн ажилгүй болж байсан. Мэдээж орлогогүй болно гэдэг залуу гэр бүлийн хувьд хэцүү л байсан байх. Гэхдээ эцэг, эхээ ойлгоно. Харин хараад байхад хүүхдүүд маань ажилгүй болсон ч нэг талдаа хувиараа юм хийж, ажилгүй амьдрахад их сайн суралцсан байх гэж бодож байгаа шүү.

Ж.БАЯРСАЙХАН

Categories
мэдээ цаг-үе

Э.Гэрэлт-Од: Улс төрийн томилгоонууд бохир байгаа нь үнэн

МУБИС-ийн багш, улс төр судлаач, доктор Э . Гэрэлт-Одтой ярилцлаа.

Мэргэжлийн Засгийн газар гэдэг ойлголт гарч ирлээ. Судлаачийн нүдээр харахад мэргэжлийн Засгийн газар гэж ямар Засгийн газрыг хэлэх ёстой юм бол. Яамны хүмүүс нь мэргэжлийн байх ёстой юм уу, сайд нар нь мэргэжлийн байх ёстой юм уу?

-Мэргэжлийн Засгийн газрын талаар хүмүүс маш их ярьж байна. Ойлгомжгүй тайлбарууд ч их явж байгаа харагдсан. Шууд утгаараа бол мэргэжлийн Засгийн газар гэдэг нь моодны нэр томъёо л доо. Ямар ч Засгийн газар өөрийн чиг үүргийн мэргэжилтнүүдээс бүрддэг. Манай оронд улс төрийн томилгоо хэт хүчтэй байдаг учраас Засгийн газар болон түүний бүтэц бүрэлдэхүүний тухай асуудал дээр ямар хүн ирэх бол, ирээд яах бол гэсэн айдсын үүднээс яригдаж байна л даа. Би хувьдаа мэргэжлийн Засгийн газар гэдэг ойлголтыг тухайн Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх мэргэжлийн баг бүтцийг хэлэх ёстой гэж ойлгодог. Түүнээс сайд нь мэргэжлийнх байх уу, мэргэжлийн бус байх уу гэдэг асуудал огтхон ч биш. Асуудлаа ойлгодог, тухайн салбартаа туршлагатай сайд томилогдох юм бол сайн л даа. Гэхдээ сөрөг тал их байдаг.

-Тухайлбал, ямар сөрөг зүйлс бий гэж?

-Монгол Улс шиг цөөн хүн амтай орон танил талын хүрээ гарч ирдэг. Мөн өөрийнх нь асуудал шийдэх гэхээр өөрийнх нь өнгөрсөн улс төр болон хувийн амьдралд нь сонирхлын зөрчлүүд гардаг. Тэгэхээр мэргэжлийн Засгийн газар гэж мэргэжлийн баг хамт олноос бүрдсэн байх ёстой гэж боддог.

– Одоогийн Засгийн газрыг та мэргэжлийн Засгийн газар гэж харж байна уу. Гадуур үгүйсгэсэн, дэмжсэн янз бүрийн байр сууриуд явж байна л даа?

– Өнөөдрийн байгаа тогтолцоо зөв биш гэдгийг хамгийн сайн ойлгох хэрэгтэй. Ирээдүйд буюу 2020 оноос улс төрийн намууд илүү хариуцлагатай байя гэвэл Засгийн газраа урьчилан зарладаг системтэй болох ёстой. Өөрөөр хэлбэл манай нам ялчихбал Хууль зүйн сайд нь тэр, Эрүүл мэндийн сайд нь тэр хүн болно гээд Засгийн газрын бүтцээ урьдчилан зарлачихвал иргэд бодлогыг хэрэгжүүлэх багийг харж сонгодог болно. Түүнээс биш харанхуй сонголт хийчихээд хэн сайд болоод ирэх бол гэдэг айдастай цаг үе ирээдүйд орхигдоно. Ийм өөрчлөлт хийсэн улс төрийн нам ирээдүйд сонгогчдоос дэмжлэг авна.

-Монголчууд гурван саяулаа. Өнөөдөр манай улсад 24 улс төрийн нам үйл ажиллагаа явуулж байна. Таны яриад байгаа шалгуурт тэнцэх улс төрийн нам байна уу?

-Энэ бол бодлогын нь л асуудал. Ямар ч улс төрийн хүчин, лидер гарч ирээд мэргэжлийн Засгийн газар байгуулна гээд урьдчилан зарладаг болох нь улс төрийн нам том, жижиг байхаас үл хамаарна. Ердөө л бодлогын зүйл байгаа юм. Энэ бодлогыг Монгол Улс үйл ажиллагаа явуулж буй улс төрийн намууд хэрэгжүүлээд явах бүрэн боломжтой.

-Манай улсад шагналын буюу сонгуулийн үеэр намдаа ихээхэн хэмжээний хандив өргөсөн хүмүүс сайд болж байгаа талаар шүүмжилж байна. Ард түмний сонголт хаан сонголт гэдэг хэдий ч энэ бүхэн начир дээрээ эсрэгээрээ яваад байх юм?

-Улс төрийн намын дотоод асуудал. Хэнийгээ сайд болгохоо тухайн улс төрийн нам шийддэг. Хамгийн гол нь урьдчилаад сайд нарынхаа нэрсийг зарлачихдаг болох хэрэгтэй гэдэг чинь энэ асуулт дээр мөн гарч ирж байгаа юм. Өнөөдөр улс төрийн томилгоонууд бохир байгаа нь үнэн. Бид ч бас харанхуй байна. Өөрт таалагдсан болон танил талын хүрээгээрээ томилогдчихвол сайн байна, биш бол муу байна гэдэг ийм л дүр зураг манайд харагдаж байна даа.

– Миний таниас асуугаад байгаа асуултууд ерөнхийдөө ард түмний дунд яригдаж, оновчтой хариулт олж чадахгүй байгаа зүйлс гэхэд болно. Дэд сайд нарын орон тоо байх ёстой юу. Дэд сайдын орон тоо байснаараа ямар ашигтай юм. Байхгүй бол ямар ашигтай юм бол?

-Ямар хэрэгцээ, ямар улс төрийн шаардлага байгаа вэ гэдгээ бодох ёстой. Үнэхээр хэмнэлтийн Засгийн газар байгуулах гээд байгаа юм бол улс орны эдийн засгийг аврах гээд байгаа юм бол жилдээ хоёр тэрбум төгрөгийн зарлагатай дэд сайдаар яах юм. Харин тухайн нам боловсон хүчнээ бэлдье гэж байгаа бол тэр нам дэд сайдтай байх үгүй нь өөрсдийнх нь асуудал. Зүгээр л улс төрийн шийдэл байхгүй юу.

-Олонх болсон улс төрийн намын дарга Ерөнхий сайд байх нь оновчтой юу, УИХ-ын дарга байх нь оновчтой юу?

-Олон улсын практикийг харж байхад ялсан намын дарга Гүйцэтгэх засаглалын тэргүүнээр ажилладаг. Монгол Улс парламентын засаглалтай. Эрх мэдэл нь парламентдаа байнаа гэж үзэх юм бол ялсан намын дарга яагаад Их хурлын даргаа хийж болохгүй гэж. УИХ-ын дарга нь гол бодлогоо зангидаад Гүйцэтгэх засаглалыг дуудаж ирээд асуух зүйлээ асуугаад, ажил даалгавраа өгч болно. Яагаад өөрөө тэнд очиж хуваарилалт хийх ёстой юм. Тийм биз дээ. Энэнд мөн л улс төрийн шийдэл хэрэгтэй. Түгээмэл практик нь Ерөнхий сайд болдог л доо.

-Улс төрийн намууд шинэчлэгдэх эхний алхам юу байх ёстой бол. Манайхан улс төрийн намууд шинэчлэл хийх ёстой гэж байнга л ярих юм?

-Улс төрийн намууд хамгийн түрүүнд эв санааны нэгдэлтэй байх ёстой. Шинэчлэл залуучуудаасаа эхэлдэг л дээ. Нам хүч тарамдан сарнихгүй, үйл ажиллагаа нь тогтвортой, төлөвлөлттэй байх шаардлагатай. Тэгж байж шинэчлэл явна. Тэгж чадахгүй бол шинэчлэл яриад ч хэрэггүй.

-Монгол Улсад 24 улс төрийн нам үйл ажиллагаа явуулж байгаа нь цөөн хүн амтай оронд ахадсан тоо гэх юм. Онолын хувьд ямар байдаг вэ?

-Энэ бол тийм их биш. Байдаг л тоо шүү дээ. Монголчууд 24 намыг бүгдээрэнг нь Их хуралд гаргах гээд байгаа юм биш. Иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийг хүлээн зөвшөөрөх ёстой. Тэр бүү хэл хоёулаа нэгдээд нам байгуулахыг хүлээн зөвшөөрчихвөл та бид хоёр яагаад нам байгуулж болохгүй гэж. Өнөөдрийн хуулиар 801 хүн нам байгуулах эрхтэй. 801 хүн эвлэлдэн нэгдээд нам байгуулах эрх нь нээлттэй байхад яагаад тоо хэмжээний хувьд их байна гээд хязгаарлах гээд байгаа юм гэсэн асуулт гарч ирнэ.

-Зургадугаар сарын 29- нд УИХ, аймаг, нийслэлийн сонгууль болж өнгөрлөө. Сонгуулийн систем хэр оновчтой байсан бэ?

-Шууд утгаараа 2000 оны сонгуулийн үйл явц харагдаж байна. Саяын сонгууль явуулсан мажоритар систем бол хамгийн муу хувилбар. Би хувьдаа холимог тогтолцоо буюу пропорциональ тогтолцоог дэмжиж байж намын төлөвшлийг бий болгоно гэж боддог. Тэгж чадаагүйгээс болоод сонгогчдоос хүчтэй хамааралтай парламентыг байгуулж байна. Энэ нь бодлогын хувьд ухралт болсон. Улс төрийн намын төлөвшлийг дэмжиж чадахгүй тийм систем.

– Манайх сонгууль бүрийн өмнө Сонгуулийн тухай хуульдаа өөрчлөлт оруулдаг. Энэ удаагийн сонгуулийн систем муу байсан юм бол зайлшгүй өөрчлөх шаардлагатай юм байна, тийм үү?

-Ер нь бол өөрчлөх ёстой. Гэхдээ улс төрийн энэ өнцгөөс харах юм бол өөрчлөгдөхгүй. МАН өөрсдийн үнэмлэхүй ялсан тоглоомын дүрмийг өөрчлөхгүй болов уу. Тиймээс өөрсдийн давуу байдлыг хадгалж үлдэхийн тулд энэ парламентын хугацаанд өөрчлөлт орохгүй байх. Судлаачийн хувьд хэлэхэд Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах нь зөв.

Categories
их-уншсан онцлох-нийтлэл туслах-ангилал

Албан тушаалд шунан дурлах нь муу юм огтхон ч биш

Сонгуульд МАН үнэмлэхүй ялж, шинэ Засгийн газар байгуулагдсанаар албан тушаалын төлөө шунан зүтгэгсэд тоогоо алдлаа. Сонгууль бүрийн дараа л ийм юм болдог. Тэдний хэнийг нь ч буруутгаж болохгүй. Бүх хүн албан тушаал, эрх мэдэлд дуртай. Бүр нарийн ярьвал дарга болохын төлөөх эрмэлзэл нь хувь хүний эрхийн асуудал. Хуулиар хориглогдоогүй зүйл. Монгол улсын Үндсэн хуульд заасан хувь хүний эрх чөлөөний тухай ойлголт юм шүү. Бүр томоор ярьвал энэ дэлхийн эдийн засгийг шуналдаа хөтлөгдсөн капиталистууд авч явдаг юм. Энэ дэлхийн улс төрийг эрх мэдэл, албан тушаалын төлөө нүдээ ухаад өгөхөөс буцахгүй улс төрчид авч явдаг юм. Ийм хүмүүс авч яваа гээд энэ дэлхий ертөнц сүйрчихээгүй л байна. Обама, Путин, Меркель… бүгдээрээ зүгээр сууж байхад нь хэн нэгэн урьж авчираад албан тушаалын шатаар дээш нь өгсүүлсэн юм байхгүй. Ц.Элбэгдорж, М.Энхболдыг ч гэсэн залуухан хүүхэд гудамжинд алхаж явахад нь ордны цонхоор хэн нэгэн Улс төрийн товчооны гишүүн дуудаад албан тушаалын шатан дээр тавьчихсан юм биш. Бүгдээрээ өнөөдрийн залуус шиг албан тушаал, эрх мэдлийн төлөө шунан дурласан, хөдөлмөрлөсөн, хор найруулсан, улс төр хийсэн. Тэгж байж өнөөдрийн өндөрлөгт хүрцгээсэн. Ямарч мундаг улс төрчийн ялгуулсан амьдрал ийм л түүхтэй байдаг.

Хувь хүний амбиц, эрх мэдэл, албан тушаалын төлөөх тэмцэлд ганц санал ч гайхамшигтай том замналын эхлэл болдгийг Гитлерийн жишээнээс харж болно. Өрөөсөн нүдээ алчуураар боосон, хэн ч тоож харахааргүй, доожоо муутай тэрээр нацист намын даргын өрсөлдөөнд нэгхэн саналаар ялсан байдаг юм. Ердөө ганц саналын илүүгээр. Тэгж нэг арайхийн намын даргын тамга авсан нөхөр цаашаа юу болж хувирав. Германыг түүхэндээ байгаагүй аж үйлдвэрийн улс болгож, дэлхийн дайныг эхлүүлсэн дээ. Үүгээр юу хэлэх гээд байна гэхээр үлгэрийн баатар болж мэдэх ирээдүйтэй нөхдүүд та нарыг өнөөдөр “Тэр газрын, энэ хэлтсийн даргаар тавиад өгөөч” гээд гүйж яваа ч юм бил үү, хэн мэдлээ.

2012 оны сонгуулийн дараа Н.Алтанхуягийн Засгийн газар байгуулагдахад яг л өнөөдрийнх шиг бужигнаан болсон. Гайгүйхэн шиг “том ах” нартай хүмүүс бүгдээрээ албан тушаалд хүрсэн. Гэтэл заримд нь АН-ын идэвхтэй гишүүн байсны хэрэг ч гараагүй гудамжинд үлдсэн. УИХ-ын гишүүд, сайд, том дарга нар, том хөрөнгөтнүүдийн хүүхдүүд, ах дүү нар, авааль нөхөр, эхнэрүүд нь хүртэл албан тушаал эрх мэдэлтэй болсон. Зарим хүмүүс бүр урьд байсан даргын суудал дээрээ үргэлжлүүлэн суусан. АН-аас УИХ-д сонгогдсон С.Одонтуяа гэхэд Ерөнхий сайд Н.Алтанхуяг дээр орж гуйсаар байгаад МАН-ын бага хурлын гишүүн нөхрөө Газрын тосны хэрэг эрхлэх газрын даргын албан тушаал дээр нь үлдээснийг хүн бүхэн мэдэж байгаа. Харин сүүлд Н.Алтанхуягийг огцруулах чуулганы санал хураалт дээр мань эмэгтэй гишүүн яалаа байз… Иймэрхүү жишээнүүдийг цааш нь ярьвал олон бий.

Сонгуулийн дараахь албан тушаалын хуваарилалт ийм л зарчимгүй явдгийн жишээ энэ удаа МАН дээр харагдаж байна. Өнөөдөр жишээ нь дэд сайдаар, Төрийн нарийнаар, агентлагийн даргаар томилогдож байгаа хүмүүсийн дотор МАН-ын байраар орж үзсэн болов уу гэмээр хүмүүс харагдаж байна. АН-ын бүлгийн ажлын албанд орьё гээд гуравхан сарын өмнө явж байсан хүн нэг яамны Төрийн нарийн бичгийн дарга болно гээд явж байхтай таарлаа. Түүнтэй өрсөлдөж байгаа хүн нь харин МАН-ын төлөө хэл нь хөшиж, гараа гацтал явсан, намынхаа сонгуулийн мөрийн хөтөлбөрийг боловсруулалцсан хүн дуулдана. Ингэхээрээ л МАН энэ удаа АН-ын алдааг давтах нь. Эцэстээ энэхүү намын бус хувийн зарчим чинь нам доторх эвдрэл, фракц бүлэглэлийн зөрчил, тэмцэл, Засгийн газраа унагаах оршил болдог юм даа. МАН дотор байдал энэ хэвээр үргэлжилбэл ирэх 12 дугаар сар гэхэд дотроосоо хагарна. Ө.Энхтүвшин дээр сөргүүд нь бөөгнөрнө. Ж.Энхбаяр нарын залуу Их хурлын гишүүд нь дөгөөн дэвэргэнэ. Сү.Батболдынхон далдуур санхүүжүүлнэ. Ингээд нэг хагараад эхлэвэл хажуугаас чинь өдөөн турхирагсад, өөртөө ашигтайгаар эргүүлэгсэд, санхүүжүүлэгчид, элдэв мэргэн түргэн санаа хэлж үймүүлэгсэд, дэмий үг зөөгсөд түм бумаараа нэмэгддэг нь урьдын практик юм. Энэ бүгдийн эцсийн хор хохирлыг ард түмэн амсдаг нь хамгийн харамсалтай. Ингэхгүй байхын тулд улс төрийн том намууд өөрийн үнэт зүйлээ зарчим болгох хэрэгтэй байна.

Ялсан намд нэн тэргүүнд баримтлах гурван үнэт зүйл байдгийг орчин үеийн улс төрийн шинжлэх ухаан хэлж байгаа юм. Үүнд нэгдүгээрт, намын үзэл санаа юм. МАН, АН-ын алин ч өнөөдөр Монгол улсад иргэний нийгэм байгуулах, зах зээлийн эдийн засагт төгс шилжихээ зарласан байгаа. Хоёрдугаарт, намын үндсэн капитал гэж байна. Намын боловсон хүчний бодлогыг хэлж байгаа юм. Гуравдугаарт, намын ёс зүй байна. Энэ нь юугаар илэрхийлэгддэг вэ гэвэл намын зүгээс албан тушаалд томилогдож буй хүн намынхаа мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн төлөө зүрх сэтгэлтэй байх, мэргэжлийн түвшин, мэдлэг боловсрол орно. Хоёр том нам яг юун дээр алддаг вэ гэхээр энэ гурван үнэт зүйл дээрээ алдаж ирсэн. Нам нь сонгуульд ялагдангуут сураггүй алга болчихдог нөхдүүд гэж байдаг. Томууд нь болохоор Америк руу алга болдог. Дундаж түвшнийхэн нь болохоор амиа авч гарахын тулд эрх баригчдын өмнө далласан газар нь ил гарч, далд ор гэсэн газар нь далд ороод явчихдаг. Тэгээд хөөрхий намынхаа үзэл санааг туг болгосон хүмүүс нь үлдэж, гандаж зэвэрсэн намынхаа байранд амь оруулж, пролетарийн ажил хийсээр дараагийн сонгуультай золгодог юм. Энэ хүмүүс л сонгуулийн тулаанд ороод явчихдаг. Сонгуулийн дүн гарлаа, Засаг барих асуудал ялсан нам дээр яригдаад эхлэнгүүт өнөө сураггүй байсан, намаасаа дөлсөн нөхдүүд гэнэт гараад ирдэг. Тэд мөнгө, танил талаараа дулдуйдан тооноор орж ирж даргын суудлууд дээр суудаг. Өнөө муу намтайгаа зууралдсан хэд нь торойгоод, шавхаруун дээр нь, зарим нь бүр юу ч үгүй үлддэг нь жам болжээ. Ийм л зарчимгүй, улс төрийн соёлгүй, увайгүй, мөнгө төгрөгийг зорилгоо болгодог үйл явц жил бүрийн сонгуулийн дараа намуудын гал тогоонд үргэлжилдэг учраас намууд төлөвшихгүй байна. Улс орон ч өөдөө явахгүй, уруудаж доройтож байна.

Угтаа бол намдаа зүтгэсэн, намынхаа үнэт зүйлүүдийг эрхэмлэсэн, би энэ албан тушаал дээр байх ёстой, хийж чадна гэсэн өөрийн итгэл үнэмшилтэй хүмүүсийг албан тушаал дээр тавих нь улс төрийн намын эрүүл үйл ажиллагаа юм. Ер нь бол ийм хийж бүтээе гэсэн сэтгэлтэй, өөртөө итгэлтэй хүмүүс албан тушаалд үхэн хатан дурладаг, хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөж байдаг. Харин манайхан хэтэрхий амбицтай, албан тушаалын төлөө юугаа ч өгөхөөс буцахгүй хүмүүс гэж тэднийг цоллодог нь хоцрогдол. Дэлхийн бүх цаг үеийн том удирдагчид, улс төрийн том бодлоготнууд бүгдээрээ яг л өнөөдрийн манай залуус шиг албан тушаал, эрх мэдэлд шунан дурлаж, түүнийхээ төлөө тэмцэж байсан. Тэгж байж их гүрнүүдийн удирдагчид болсон. Байх ёстой хүмүүсийг байх ёстой байранд нь, албан тушаал дээр нь байршуулж чадаж гэмээнэ тэр улс орон хөгждөг гэдгийг дэлхийн 200 гаруй улс орны хөгжиж, эс хөгжиж байгаа дүр зургаас өнөөдөр бид хангалттай харж байна. Тийм болохоор албан тушаалын төлөө улайрч буй хүмүүс муухай биш, муу хүмүүс биш. Албан тушаал, эрх мэдлийн төлөө зүтгэ залуусаа. Харин “Том ах” нарт хэлэх үг байна. Хүнээ зөв таниарай. “Ганц худагт” ганц долоо хоног хэвтүүлэхэд л өөрсдийг чинь гүтгээд гараад ирэх хүмүүсийг өөд нь татав. Өнөөдрийн улс төрд шинэ хүнийг хүлээн авахдаа эхлээд хувь хүний ноён нуруу, тэгээд мэдлэг боловсролыг гэсэн шат дараалалтай болсныг Олон улсын практикаас, ядаж ойрын хөрш Си Жин Пин, Путин гуай нараас харж болно шүү.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Ардын нам ард түмнийхээ ачийг хариулж байгаа нь энэ үү” хэмээх нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна. Нэгдүгээр нүүрнээс УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдааны талаарх мэдээллийг хүлээн авч уншаарай. Харин Улс төрийн хоёрдугаар нүүрт гарсан ХХААХҮ-ийн сайд П.СЭргэлэнтэй хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнийн бодлого болоод салбарынхан тухайд хийсэн ярилцлагыг сонирхон унших боломжтой.

“Өдрийн сонин”-ы гуравдугаар нүүрт гарсан аливаа нийтлэл нийгэмд шуугиан тарьж, нийгмийн оюун санааны хамгийн том талбар болж байдаг онцлогтой. Тэгвэл өнөөдрийн дугаарын гуравдугаар нүүрэнд нийтлэлч П.Хашчулууны “Ардын нам ард түмнийхээ ачийг хариулж байгаа нь энэ үү” хэмээх нийтлэл хэвлэгдлээ. “Өдрийн сонин”-ы тавдугаар нүүрт гарсан Хичээлийн шинэ жил ойртож байгаатай холбоотойгоор СБД-т байрлах “Орчлон төв”-ийн гүйцэтгэх захирал Д.Батболдтой хийсэн ярилцлагыг хүлээн авч уншаарай. Баримт, үйл явдлын зургаадугаар нүүрний “Өдрийн сурвалжлага” буланд гарсан “Малчдыг дэмжиж, нийслэлчүүдийг баталгаатай махаар хангах хөтөлбөр”-ийн талаарх сурвалжлагыг сонирхоно уу.

11 дүгээр нүүрний “Эдийн засаг” буланд гарсан “Ипотекийн зээл зогсвол барилгын салбарт оруулсан 800 тэрбум төгрөг гацаанд орно” гэсэн гарчигтай эдийн засгийн сүүлийн үеийн мэдээ, ярилцлагыг хүлээн авч уншаарай. 15 дүгээр нүүрний “Дэвжээ” буланд гарсан “Рио-2016” олимпийн наадамд манай улсаас такевондо спортын төрлөөр анхны олимпийн эрхээ авч, тулалдсан П.Тэмүүжинтэй олимпийн тэмцээн уралдааны талаар хийсэн сонирхолтой ярилцлагыг хүлээн авч уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм.

Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно. “Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Эрэн хайх, авран туслах албадын хамтарсан сургуулилт болж байна

DSC_6403Монгол Улс, ОХУ-ын эрэн хайх, авран туслах албадын 4 дэх удаагийн хамтарсан сургуулилт Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэр Элсэн тасархайд өчигдөр буюу наймдугаар сарын 24-нд эхэллээ.

Иргэний агаарын хөлгийн осол, сүйрлийн үед аюулд нэрвэгдсэн хүмүүст шуурхай тусламж үзүүлэх чиглэлээр хөрш зэргэлдээ орнуудтай эрэн хайх, авран туслах албадын хамтын ажиллагааг бий болгох үүднээс манай улс ОХУ-тай Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулж, хамтарсан сургуулилтыг 4 дэх удаагаа хийж байгаа юм.

DSC_6561Энэ удаагийн сургуулилтад Онцгой байдлын албанаас Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Г.Ариунбуян, ОБЕГ-ын ГШУГ-ын дарга, хурандаа Б.Ууганбаяр тэргүүтэй 26 албан хаагч, 8 нэгж техниктэйгээр оролцож байгаа аж.

Онцгой байдал үүссэн тохиолдолд хэрхэн үр дүнтэй, шуурхай ажиллах боломж бий болгох, байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулах чухал ач холбогдолтой энэхүү сургуулилт нь энэ удаа говь, хангай хослосон элсэрхэг газар зохион байгуулагдаж байгаа нь нисэхийн эрэн хайх, авран туслах үйл ажиллагаанд дахин нэг шинэ сорилт, шинэ дадлага, туршлагыг бий болгож, байгаль орчны ямар ч нөхцөл байдалд тохируулан шуурхай, оновчтой шийдвэр гаргаж сурахад амжилттай дадлага, сургуулилт болох ажээ.

DSC_6402

Categories
мэдээ нийгэм

“Алдар” спорт хороонд байлдааны туг гардуулан өглөө

Зэвсэгт хүчний 034 дүгээр анги буюу “Алдар” спорт хороонд оройн дээд шүтээн болсон Байлдааны туг хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо. Ёслолын ажиллагаанд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа, БХЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, бригадын генерал Г.Сайханбаяр болон албаныхан оролцлоо. Байлдааны туг нь хамт олны оройн дээд сүлд нь байж, эх орон дуудсан цагт бие бүрэлдэхүүнийг дайчлан хөдөлгөгч, аливаа ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд анги, хамт олны сүр хүч, алдар гавьяаны илэрхийлэл болдог. Байлдааны туг нь дээрээ хар сүлдтэй, мандан бадрахыг бэлгэдэн улаан далбаан дээр алтан соёмбо болон доор нь монгол бичгээр “Монгол улсын төлөө” гэсэн байдаг. Энэхүү үг нь зүгээр нэг бичигдээгүй, бидний өвөг дээдсийн эх орныхоо төлөө урсгасан цус, өргөсөн амиар бичигдсэн билээ. Анх 1946 онд анхны 4 спортын нийгэмлэгийн нэг болон “Цэрэг нийгэмлэг” нэртэйгээр байгуулагдсан цагаас хойш 70 жилийн түүхэн замналтай Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо нь өнөөг хүртлэх хугацаандаа Монголын мянга мянган залуус, цэрэг эрсийн бие бялдар, өв тэгш хүмүүжлийг хангахын зэрэгцээ Монгол улс, Монгол Улсын Зэвсэгт хүчний нэр хүндийг Олон улс, тив, Дэлхий, Олимпийн тавцанд мандуулж Монголын нийгэмд спортыг хөгжүүлэн манлайлагч, уриалан дуудагч, хүчин байж, эгнээнээсээ олон арван Ардын болон Гавьяат цолтон, Аварга, арслан, гарьд, заан, начингуудыг төрүүлэн, Монгол улсын спортын анхдагч тэргүүлэгч байгууллага хэмээх эрхэм хүндийг өндөрт өргөн түүхэн үүргээ амжилттай биелүүлсээр иржээ. Улсын их Хурал, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ “Алдар” спорт хорооны бие бүрэлдэхүүнд хандаж хэлсэн үгэндээ “Зэвсэгт хүчний 034 дүгээр анги буюу “Алдар” спорт хороонд оройн дээд шүтээн болсон Байлдааны туг гардуулан өгөх ёслолын ажиллагаанд оролцож байгаа та бүхний амрыг айлтгаж Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн гишүүдийн нэрийн өмнөөс болон хувиасаа цэрэг эрсийн дайчин цогтой мэндийг дэвшүүлье. Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо 1946 онд “Цэрэг нийгэмлэг” нэртэйгээр анх үүсэн байгуулагдсанаас хойш өдгөө 70 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж, Монгол Улсад төдийгүй, дэлхийд танигдсан олон зуун алдартныг төрүүлснээр бид цаг ямагт бахархаж байдаг билээ. Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо нь өнгөрсөн түүхэн 70 жилийн хугацаанд эгнээнээсээ Монгол улсын Хөдөлмөрийн баатар-2, Ардын багш-3, Гавьяат тамирчин, дасгалжуулагч-59, олон улсын хэмжээний мастер-260 гаруй, спортын мастер-1350-ыг төрүүлж бахдам амжилттай хамт олон юм. Мөн “Алдар” спорт хорооны тамирчдаас олон улсын тэмцээний нийт 568 медальтан тодорсны дотор дэлхий, тивийн аварга шалгаруулах тэмцээнээс 60 гаруй медаль хүртсэн амжилтаар бусад спортын хороо, нийгэмлэгүүдийг манлайлж ирлээ. Тэрчлэн өнгөрсөн хугацаанд Монгол Улсын спортын дээд амжилтыг давхардсан тоогоор 414 удаа шинэчлэн тогтоосон нь манай тамирчдын амжилт, хичээл зүтгэлийг харуулсан тод томруун жишээ юм. Түүний зэрэгцээ манай шилдэг тамирчид дэлхийн спортын оргил нь хэмээн дээдлэгдсэн “Зуны олимпийн наадам”-уудад удаа дараа амжилт гарган оролцсоны дотор Олимпийн мөнгө, хүрэл медалийг 13 тамирчин хүртэж, шагналт байранд шалгарсан бахархам амжилтын эзэд болж байсан. Энэ жилийн хувьд “Рио-2016” зуны олимпид манай улсын 40 орчим тамирчин оролцох эрхээ гардсаны дотор Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны 10 гаруй тамирчид оролцсон байна” хэмээн онцлоод байлдааны тугийг зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны дарга, монгол улсын гавъяат тамирчин, дархан аварга, хурандаа Г.Өсөхбаярт хүлээлгэн өгсөн ажээ.


Categories
мэдээ спорт

Паралимп удахгүй эхэлнэ

“Рио-2016” зуны XV паралимп удахгүй болох гэж байна. Тодруулбал есдүгээр сарын 7-нд нээлтээ хийх тус наадамд дэлхийн 176 орны 4500 гаруй тамирчид 23 спортын 526 төрлөөр өрсөлдөх аж.

Зуны 15-р паралимпийн хөтөлбөрт шинээр каное, паратриатлоны спортууд багтсан байна. Олон улсын паралимпийн хорооны ерөнхийлөгч Сер Филип Кравен “Рио-2016” паралимпийн наадам Латин Америк болон Бразилд нийгмийн эерэг өөрчлөлт авчирах хурдасгуур болно хэмээн найдаж байгаа хэллээ.

Медалийн тоогоор тогтмол дээгүүр жагсдаг ОХУ-н паралимпийн баг энэ наадамд сэргээшийн улмаас оролцохгүй юм. Учир нь олон улсын арбитрийн шүүхэд ВАДА-гийн шийдвэрийн эсэргүүцэн давж заалдсан боловч үр дүнд хүрээгүй ажээ.Харин манай улсаас найман тамирчдын бүрэлдэхүүнтэй оролцох болоод байна. Тамичрчид маань буудлага, хөнгөн атлетик, хүчний гурван төрөл, байт харвааны тамирчид багтаж байгаа ажээ.

Categories
мэдээ улс-төр

ИТХ-ын сонгуульд 13,9 тэрбумыг зарцуулна

ИТХ-ын сонгуульд 13,9 тэрбумыг зарцуулна зурган илэрцүүдТөрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр буюу наймдугаар сарын 25-нд хуралдаж сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны сонгуулийн зардлын хэмжээг тогтоох тухай асуудлыг хэлэлцэж дэмжлээ.

Сонгуулийн ерөнхий хорооноос 13,9 тэрбум төгрөг байхаар төсөл оруулж ирсэн юм. СЕХ-ын дарга Содноцэрэн хэлэхдээ “Энэ удаагийн сум дүүргийн ИТХ-ын сонгуулийн зардлыг 13,9 тэрбум төгрөг байхаар тооцоолж санал оруулж байна. Энэ хөрөнгө улсын төсөвт суусан” гэлээ.

Байнгын хорооны гишүүд энэхүү асуудлыг хэлэлцээд дэмжсэн тул УИХ-ын чуулганаар оруулж батлах эсэхийг шийдвэрлэх ажээ.