Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Аялагчдад олигтойхон үйлчилгээ үзүүлчих газар Монголын хөдөөд алга

Наадмын олон хоногийн амралттай залгуулаад амралтаа авчихлаа. Зуны дэлгэр цагт Монгол орноо хөндлөн гулд туулж, аялах зорилготой. Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Архангай, Хөвсгөл, Булган, Орхон, Сэлэнгэ аймгаар сар гаруй явлаа. Монголын аялал жуучлалын бүс нутгаар явж байгаа минь энэ. Өвөрхангай аймгаас үзэж харах зүйл эхэлж байгаа юм. Монголын эртний хот Хархорин, Эрдэнэзуу хийд, Орхоны цэлгэр хөндий угтана. Зуншлага энэ жил хаа сайгүй сайхан байгаа. Байгалийн сайхны талаар ярихаас илүүтэй аялал жуулчлалын бүс нутгаар юу дутагдаж байсныг хэлэх нь зүйтэй байх.

Өвөрхангай аймгийнхан энэ жил гүүгээ эрт барьж, айраг эрт гарсан. Замд “Айраг зарна”, “Хонь зарна” гээд зэвэрсэн төмөр, нимгэн банзан дээр эв хавгүй бичсэн байх нь олонтаа. Замын хажууд гүүгээ бариад айраг зарж байгаа газруудаар орлоо. Манай хөдөөнийхний хэнэггүй зан хэвээрээ л байна. “Нарантуул” захаас худалдаж авсан метрийн өнгө өнгийн бүрээсээр сүүдрэвч барьсан байх. Төмөр, мод оролцуулаад сүүдрэвч болгожээ. Яажийсан модон сандал, ширээ тавьчихсан, тоос шороо пургиад хэрэг алга. Ийм сүүдрэвчинд тавтайхан суугаад айраг уух аргагүй. Хултай айргаа хурдхан залгилаад хөдлөх, эсвэл ундаа, цэвэр усны саванд хийлгүүлж аваад явна. Ундааныхаа савыг хаанаас авсан юм бэ гэж асуух хэрэг байхгүй. Замын хажуугаар хүүхдээ мотоцикльтой явуулаад түүлгэчихдэг юм гээд хэнэг ч үгүй хариулна. Айрагны газруудаас “Хэдэн жил энд айраг зарж байна даа” гэж асуухаар олонх нь “Хамгийн багадаа найман жил айраг зарж байна” гэж байна лээ. Тэгсэн мөртлөө олигтойхон сүүдрэвч бариад, томхон ширээ, вааранд айргаа хийж тавих зэргээр тав тухтай орчин бүрдүүлчих ухаан, сэтгэл төрдөггүй бололтой. Замд тааралдах цайны газрууд ч ялгаагүй. Арав гаруй жилийн өмнө ямар байсан яг тэр хэвээрээ. Орчин, үйлчилгээ, хоолны чанар гээд бүр ч дордсон дүр зураг харагдана. Цагаан бүрээс нь пад хар болж, яажийсан гэр ч таарна. “Гэр гуанз, бүх төрлийн хоол хийж өгнө” гээд хулдаасан хэвлэлд бичээд самбар тавьчихсан харагдана. Ороод хоол идэхээр амт муутай, порц бага. Хэдхэн мах, будаа тавган дээр тавьчихаад 6000 төгрөгөөр зарна. Цайны газрын эзэд, тогооч нарын сэтгэлгээнд “Хотынхон хэдхэн ма х , будаанд цадчихна. Тэрийгээ үнэтэй зардаг юм байна лээ. Бид ч юу дутах вэ” гэх буруу ойлголт суусан гэж бодмоор бараг бүгд ижил үнээр үйлчилж байв. Гэвч мөн л тав тухтайхан суугаад хооллочих боломж муу юм, хаа сайгүй. Говь-Алтай , Баянхонгор аймагт явахад хоолны чанар, орчны талаар бүр яриад ч хэрэггүй гэмээр.

Эргээд Архангай аймгийн нутгаар явлаа. Тамирын голын хөндий, Тайхар чулуу, Чулуутын хавцал, Хоргын тогоо, Шар нохойн там, Тэрхийн цагаан нуур гээд үзэх газар зөндөө. Гэвч мөн л ялгаа байхгүй зэлүүд тал, аялагч, жуулчдад зориулсан юу ч алга. Байгалийн тогтоц, хээр тал л угтана. Хоргын тогоо орчим хог новшиндоо дарагдчихсан. Тэнд нь хэдэн хүн хуушуур, бууз, банштай цай, цай, ус, ундаа гэх мэтийг зараад зогсож байх. Тэгсэн атлаа нутаг орон Хоргын тогооны үүх түүхийн талаар хүүхдүүдэд сонирхуулчих хүн ч байхгүй юм. Тэрхийн цагаан нуур орчимд хонож таарав. Дүнзэн байшин, шавар байшинтай амралтын газрууд байх юм. Модон ор, хоёр сандал ширээ. Хоногийн 60 мянган төгрөгийн үнэтэй, харин гэр буудал нь 40 мянган төгрөг. Бороо орохоор үнэ нь бүр ч нэмэгддэг юм байна лээ. Дотоодын амрагчид газрын баримжаа асуусаар байгаад төв зам дагуух айлуудын гэрийн эзэд бүгд залхчихсан байдалтай.Ярвайсан амьтан гарч ирээд “Хөвсгөл явах гэж байгаа бол тод замаа дагаад л давхиад бай. Хоргын тогоо ч ялгаа байхгүй тод замаа дагаад л давхи” гэж хэлчихээд гэр рүүгээ орчихно. Сум болгонд замын тэмдэглэгээ, километр заасан самбарыг нэн тэргүүнд байршуулах хэрэгтэй санагдсан. Жолооч нар замын самбар дагаад л давхичихна. Айлуудаар орж зам асууж, гэрийн эздийн уур цухлыг бараад байхгүй. Гэсэн ч аялал жуулчлалын бүс нутгийн ядаж зүг чиг тодорхой, эвдэрсэн замын тэмдэглэгээ хийх нь аялагчдын нэн тэргүүнд хүсэх зүйл байв. Хөвсгөл аймаг Монгол Улсын аялал жуучлалын хамгийн том бүс нутаг. Зуны улиралд жилдээ хэдэн мянган жуулчин Хөвсгөл далайг зорьдог. Энэ зун ч ялгаагүй аялагч, амрагчдын хөл хөдөлгөөн ихтэй байжээ. Байгалийн сайхныг мэдрэхээр Хөвсгөл далайг зоригсдын олонх Хатгал сумын төвөөр дайрч, далайн эрэг хүртэлх замдаа л аялал жуулчлалын гол газруудын нэг атлаа хөгжил муу, дүнсгэр хэдэн байшингийн олонх нь дэлгүүр болсныг харна. Ийн явсаар далайн эрэг орчмын жуулчны бааз, гэр баазуудтай залгана. Хүмүүс хоноглож л байвал болно гэх шиг үзэмж муутай, эсгий, чийгний үнэр хамар цоргисон гэрүүд, тавилгагүй, цонх нь халтартсан байшингууд аялагчдыг хүлээж байна. Бааз ажиллуулагчид зорин ирэгсдийг угтан гэр болон байшин буудлуудаа санал болгож, үнэ танилцуулна. Гэсэн ч гэр, байшин буудлын аль аль нь орны цагаан хэрэглэлгүй, хэрэглэлтэй нь бохир, ор нь эвдэрсэн, хоол цайгаа идэж, уух сандал ширээгүй байх нь олон. Аялал жуулчлалын бүс гэдэг дамжин өнгөрөх цэг биш. Аялагчдыг дахин дахин иртэл нь сайхан сэтгэгдэл үлдээснээрээ хөгждөг гэдэг. Үүнд хамгийн наад захын хоноглох газрын тав тух орно. Хатгалын байшин баазуудын хамгийн түрүүнд хийх зүйл нь дотоод тохижилтоо сайжруулах, эвдэрч хэмхрээгүй ор, сандал ширээтэй болох. Хөвсгөл далайн онцлогийг харуулсан фото хийгээд уран зургийг ханандаа өлгөж, шалаа аль болох модон эсвэл өнгөлөг хулдаасаар гоёж яагаад болохгүй гэж. Үүнээс гадна зөвхөн Хөвсгөлд ч бус нийт аймагт тулгамддаг ариун цэврийн өрөө, жорлонгийн асуудал ч далайн эрэгт байна. Жуулчны баазууд хашаандаа 5-20 гэр барьж, 3-10 модон байшинтай ч дунд нь ганц жорлонтой. Эрэгтэй, эмэгтэй гэж ялгах тухай яриад ч хэрэггүй. Бохир, завааны тухай хэлэх ч багадна. Үүнээс гадна далайн эрэг, модны захад амрагчдад зориулсан элдэв загвар хийцтэй сандал байрлуулвал тав тух эрэгчдэд нэн хэрэгтэй. Үүнээс гадна хүүхэд, багачуудад зориулсан тоглоомын талбай, элдэв чимэглэл, сэтгэлд нь хоногшиж үлдэх зүйл алга. Гаднын орнууд далайн эрэг, жуулчлалын бүс орчмоороо байгалийн чулууг будаж, давхарлан элдэв дүрс гарган байршуулж, тохижуулсан байдаг нь хүмүүсийн сэтгэлд илүүтэй үлддэг гэмээр. Мөн хамгийн чухал зүйл нь амрагч, аялагчдад зориулан усанд орж болох хэсгийг тэмдэглэн, эргийн гүн, цүнхээл хэсэгт анхааруулах тэмдэглэгээ хийх хэрэгтэй. Үгүй бол иргэд дуртай газраа орж, амь насаа алдах тохиолдол гардаг юм билээ. Энэ мэт жижиг сажиг зүйлсийг бий болгох нь Хөвсгөл далай хийгээд бусад аялал жуулчлалын бүсэд зочлох дараа дараагийн аялагчдад хэрэгтэй шүү.

Манай хан гараа хумхиад зүгээр суугаад байвал амьдралаа өөрчилж чадахгүй. Ямар нэгэн байдлаар хөдөлж, өөртөө байгаа хүч боломжоороо ажиллаж байж амжилтад хүрнэ гэдгийг мэддэг болсон нь аяллын замд таарах ард иргэдээс мэдрэгдэж байв. Гэхдээ зах зээлийг манайхан зөвхөн мөнгө гэж хараад байх шиг. Мэдээж мөнгө байлгүй яах вэ. Ашиг олохоос гадна дэг журам, стандарт, шударга ёс байх ёстой. Тав тух, сэтгэл ханамж бий болгож байж л хэрэглэгч, үйлчлүүлэгч нарыг татдаг алтан дүрэм бий. Хэрэглэгчийг сэтгэл ханамжтай үдэж чадаагүй мөртлөө мөнгө авахыг урьтал болгодог байдал газар авчээ.

“Монголын хөдөө 1980, 1990 онд ийм л ба йс а н . Өөрчлөгдсөн зүйл огт алга. Бусдыг үл хүндэтгэсэн ямар ч стандарт дүрэм журамгүйгээр хэдий олон жил явах билээ. Цайны газрууд аяга таваг, халбага сэрээгээ олигтой угааж заримыг нь шинэчлэх хэрэгтэй” гэх хүнтэй ч таарч байв. “ Т эр цайны газар амттай сайхан хоолтой байдаг” гэх яриа олны дунд гартал нь үйлчилж чадах юм бол ашиг орлого нэмэгдэнэ. Айраг зарж байгаа малчид сайхан гэр бариад, хаяаг нь цэлийтэл шуучихаад, хананд нь Монголын алдартнууд айраг ууж байгаа зураг, адууны зураг өлгөөд, ширээ сандалнаас эхлээд монгол ахуйг мэдрүүлсэн орчин бүрдүүлчих юм бол хүмүүс тавтай тухтай удаан сууна. Үүнийхээ хэрээр орлого ч нэмэгдэнэ. Эсвэл айрагны сүүдрэвчиндээ томхон сандал ширээ хийлгээд, айрагны аяга саваа өөрчилж, хогийн цэг хүртэл байршуулж, ойр хавиа шороо тоос босохгүй болтол услаад зогсож байвал хэн бүхэнд сайхан сэтгэгдэл төрүүлнэ. Ядахдаа хог хаях цэг ойрхон байхгүйгээс болоод Монголын хөдөө, аялал жуучлалын бүс нутаг хогондоо дарагдчихаад байна шүү дээ. Аялагчдын олонх нь байгалийн сайхныг харах гэж хаа байсан холоос зорьж ирээд хог новш харж уур цухлаа барж байгааг аян замын хаанаас ч харж болно. Энэ бүгдийг өөрчлөх цаг нь хэдийнэ болжээ. Зам харгуй сайжрахын хэрээр дотоодын аялал хөгжиж байна шүү дээ.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатарт 22 хэм дулаан байна

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө 16-21 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 14-19 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр 4-9 градус, бусап нутгаар 7-12 градус, өдөртөө бүх нутгаар 20-25 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 7-9 градус, өдөртөө 22-24 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Дундговийн нутгаар 5-10 градус, бусад нутгаар 8-13 градус өдөртөө бүх нутгаар 22-27 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө 5-7 градус, өдөртөө 21-23 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

Тэгш тоогоор төгссөн бол хөдөлгөөнд оролцоно

Тэгш тоогоор төгссөн бол хөдөлгөөнд оролцоно зурган илэрцүүд

Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан автомашины түгжрэлийг бууруулах зорилгоор автомашины улсын дугаарын сүүлчийн орон тэгш тоогоор (0, 2, 4, 6, 8) төгссөн бол өнөөдөр буюу бямба гаригт хөдөлгөөнд оролцоно.

Харин сондгой тоогоор (1, 3, 5, 7, 9) төгссөн автомашин 28-ны ням гарагт өглөөний 08:00 цагаас 20:00 цагийн хооронд зуны хязгаарлалтын бүсэд замын хөдөлгөөнд оролцоно.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Таван толгой” баруун Цанхиа Хятадын компанид нууцаар өгсөн үү” нийтлэлийг “Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаараас уншаарай

“Өдрийн сонин”-ы бямба гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэн уншигч та бүхний гар дээр очлоо.

Сонины нэгдүгээр нүүрэнд уламжлалт “Нэг ангийнхан” буланд Сүхбаатар аймгийн Их жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит 10 жилийн дунд сургуулийг 1969 онд төгссөн 16-р төгсөлтийн хамт олон оролцжээ.

Улс төрийн хоёрдугаар нүүрнээс УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар:”Татвар нэмэхийг дэмжихгүй” ярилцлага болон өчигдөрийн УИХ-ын чуулганы төсвийн тодотголыг хэлэлцэх үеийн гишүүдийн байр суурийг сонирхоорой.

Сонины гуравдугаар нүүрнээс Д.Даваасүрэн “Таван толгой баруун Цанхиа Хятадын компанид нууцаар өгсөн үү” нийтлэл хэвлэгдлээ.

Дөрөвдүгээр нүүрнээс уламжлалт “Хэлэх индэр” булан хэвлэгдлээ.

“Дэлхийн мэдээ”-ний нүүрнээс Италид газар хөдлөлтийн улмаас онц байдал зарласан тухай уншаарай.

Зургаадугаар нүүрт “Хичээлийн шинэ жил-2016” үзэсгэлэн есдүгээр сарын 5 хүртэл үргэлжилнэ” өдрийн сурвалжлага нийтлэгджээ.

“Өд, бэх” буланд СГЗ Ш.Ванчаарайн “Миний анхны аян” хэвлэгдсэн байна.

Энэ мэтчилэн цаг үеийн мэдээ мэдээллийг та манай өнөөдрийн дугаараас шимтэн уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Чуулган өндөрлөлөө

УИХ-ын ээлжит бус чуулганы үдээс хойших хуралдаан өндөрлөлөө. Өнөөдрийн чуулганы хуралдаанаар Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг хийгээд дараагийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр боллоо.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүд Нийгмийн даатгалын шимтгэлийг 2,5 хувиар нэмж 12,5 хувь болгох шийдвэрийг эсэргүүцэж байсан юм. Мөн заавал хийх шаардлагагүй хойшлуулж болох зарим асуудалд хөрөнгө төсөвлөж оруулж ирсэн гэж шүүмжилж байлаа.

Чуулганы хуралдааны төгсгөлд УИХ-ын дарга М.Энхболд Засгийн газрын ирүүлсэн 51 хууль, тогтоолын төслийг татах саналыг танилцуулаад хуралдааныг өндөрлүүллээ.

Categories
мэдээ улс-төр

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэхийг дэмжив

Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаан “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэнээр эхэлсэн юм. Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн төсөл нь Эдийн засгийн хүндрэлийг даван туулах онцгой бодлого, Эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах бодлого, Нийгмийн бодлого, Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлого, Засаглалын бодлого гэсэн 5 үндсэн бүлэг, 381 зорилттой юм байна.

“Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хөгжлийн бодлогын гол зорилт нь эдийн засгийн төрөлжилтийг бүрдүүлэхээс гадна өсөлтийг бий болгож байгаа хүчин зүйлсээ төрөлжүүлэх, бүтээмж, үр ашигт тулгуурласан, улмаар шинжлэх ухаан, технологи, инновацийн хөгжлийн суурийг хөгжүүлэхэд чиглэгдэнэ. Энэ үүднээс бид үйл ажиллагааны хөтөлбөртөө эдийн засгийн хүндрэлийг даван туулах зорилтыг дэвшүүлээд зогсоогүй, улс орны цаашдын хөгжлийн зөв бодлого, чиглэлийг хэрхэн бүрдүүлэх асуудалд ихээхэн анхаарал хандуулса гэв. Хэдийгээр бид харьцангуй богино хугацаанд буюу ирэх 3-4 жилийн дотор мэдлэг, инновацид тулгуурласан хөгжлийг бий болгож амжихгүй, ийм боломж байхгүй ч гэсэн цаашдын урт хугацааны хөгжлийн үндсийг шат дараалалтай бүрдүүлэх зорилгоор шинжлэх ухаан, технологи, инновацийн хөгжил, үүнийг бусад бүхий л салбарын хөгжилд үр бүтээлтэй ашиглаж болох тогтолцоог бүрдүүлэхийг зорих болно” хэмээн Ерөнхий сайд хэлсэн

Түүний дараа Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, Ардчилсан намын бүлгийн дарга С.Эрдэнэ танилцуулсан юм. Тэрбээр Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр МАН-ын мөрийн хөтөлбөртэй зөрчилдөж байгааг анхааруулав. УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцсэн. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Д.Гантулга, Ц.Гарамжав, Н.Энхболд, Я.Санжмятав, З.Нарантуяа нар үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа хуралдаанд оролцсон гишүүдийн 72.5 хувь нь дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.

Categories
мэдээ улс-төр

Ж.Батзандан: Төсвийн тасархайгаа дахиад нарийн хар. Энэ чинь зүгээр хулгай, авлига байна

Ж.Батзандан зурган илэрцүүд

УИХ-ын ээлжит бус чуулганаар Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд хэлэлцэж байна. Хуралдаанаар төсвийн тодотголын талаар гишүүд асуулт асууж, хариулт авч байгаа юм.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.БатзанданЕр нь Ардын нам Ардчилсан руу бүх буруугаа чихээд, Ардчилсан нам Ардын нам руу буруугаа чихээд сайхан болчихно гэдэг ойлголт байхгүй шүү. Тийм учраас одоо УИХ-ын гишүүд хамтдаа энэ хямралаас гарах арга замыг олж, хамтран ажиллахаас өөр сонголтгүй болсон. Сангийн сайд Б.Чойжилсүрэн эдийн засгийн тоо судалгааг бодитой гаргаж ирж байна. Өмнөх дөрвөн жилд улсын төсвийг хэд хэдэн салаа замаар урсгадаг байсан. Одоо бол нэгдсэн төсвийн бодлого руу оруулж, нэгдэх гэж оролдож байгаа нь сайн хэрэг. Гэхдээ төсвийн зардлын шинэчлэлээ бодитой хийгээрэй. Таны оруулж ирсэн төсвийн тодотгол чинь зарим заалт нь давхардсан байна. Мөн төсвийн тасархайгаа дахиад нарийн хар, танилц. Энэ чинь зүгээр хулгай, авлига байна. Иймэрхүү алдаагаа дахин давтахгүй байхыг захья” хэмээв.

Categories
мэдээ улс-төр

З.Энхболд: Дахиад л гүтгэлэг

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн юм. Энэ үеэр Сангийн сайд Б.Чойжилсүрэн “2016 оны зургаадугаар сарын 30-ны байдлаар 179 300 төрийн албан хаагч бий. 2012 онтой харьцуулахад энэ тоо 40 мянгаар нэмэгдсэн. 2017 оны төсвийн төсөөлөлд төрийн албан хаагчдыг 20 мянгаар цомхотгоно гэж бид төлөвлөсөн. Гэхдээ зөрүүлээд ажлын байраар хангах хөтөлбөр боловсруулна” гэж мэдэгдсэн.

Уг мэдээллийг УИХ-ын дарга, АН-ын дарга асан З.Энхболд худал хэмээн мэдэгдэв. Тэрбээр “Дахиад л гүтгэлэг. Төрийн албан хаагчдын тоо 2004 онд 118000 байсан. 2016-аас 2004 он хүртэл 4 биш 12 жил. 2006 оноос сумын сургуулийн галч тогоочийг төрийн албан хаагч болгоод л тоо нэмэх ажил эхэлсэн дээ. Жил бүр шинээр баригдаж байгаа сургууль цэцэрлэг эмнэлэг соёлын төвүүд бас орон тоо нэмнэ” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

П.Тэмүүжинд “Приус-30” маркийн автомашин бэлэглэв

“Рио-2016” олимпийн наадамд таеквондогийн төрөлд манай улсаас анх удаа П.Тэмүүжин оролцсон билээ. Өнөө жил дөнгөж 19 настай П.Тэмүүжингийн хувьд анх удаа олимпийн наадамд оролцохдоо шөвгийн наймд шалгарсан амжилтыг үзүүлсэн юм. Шөвгийн наймд шалгарч үлдэхийн төлөө дэлхийн чансааны гуравдугаарт бичигддэг Мексикийн тамирчныг ялагдаж яваад ялж, шуугиан тарьсан.

Тэгвэл анхны олимпдоо тун амжилттай оролцсон П.Тэмүүжинг Монголын таеквондогийн холбоо хүлээн авч хүндэтгэл үзүүлэн приус 30 маркийн авто машин бэлэглэжээ. Ингэхдээ 2020 оны Токиогийн олимпод амжилт үзүүлэхийг бэлгэдэн “2020 УБА” дугаарыг бэлэглэсэн байна.

Categories
мэдээ нийгэм

АСЕМ-аар ашигласан 52 ширхэг приус машиныг ЦЕГ-т шилжүүлжээ

Өнгөрсөн долдугаар сард болж өнгөрсөн АСЕМ-ын уулзалтад зориулж худалдан авсан автомашинууд болох 52 ширхэг приусийг Цагдаагийн ерөнхий газарт шилжүүлсэн байна. Харин хоёр ширхэг 581 сая төгрөгийн бенц автомашиныг Төрийн тусгай хамгаалалтын албанд шилжүүлжээ. Дээрх 52 ширхэг Приус-30 машин нь тусгай тоноглогдсон, шатахуун бага зарцуулдаг бөгөөд цагдаагийн зориулалтаар ашиглах аж. АСЕМ-ын уулзалтын үеэр энэ машиныг цагдаагийн цуваанд явуулсан бөгөөд уулзалтын дараа эдгээр машиныг худалдах, эсвэл орон нутгийн цагдаагийн хэлтсүүдэд хуваарилж өгөхөөр төлөвлөж байсан байна.