Categories
мэдээ нийгэм

Сурах бичгийн нэгдсэн худалдаа болж байна

NOMХичээлийн шинэ жилийг угтан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, 9 дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран сурах бичгийн нэгдсэн худалдааг зохион байгуулдаг уламжлалтай. Тэгвэл өчигдрөөс эхлэн сурах бичгийн нэгдсэн худалдаа Багшийн хөгжлийн ордонд гарч эхэлсэн байна. Тодруулбал, сурах бичгийн нэгдсэн худалдаа энэ сарын 26-наас ирэх есдүгээр сарын 26-ы өдрүүд хүртэл зохион байгуулагдах юм байна.Сурах бичгийн үнийн хувьд 800-4500 төгрөгийн хооронд зарагдах ажээ.

Categories
мэдээ нийгэм

ТҮЦ-үүдэд шалгалт хийж байна

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 56 дугаар тогтоолоор баталсан ”Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулах журам”-ын хэрэгжилтийг хангуулж, үйл ажиллагааг эрчимжүүлэх ажлын хүрээнд Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар холбогдох байгууллагуудын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгууллаа.

Ажлын хэсэг дээрх журмын хэрэгжилтийг шалгаж, илэрсэн зөрчил дутагдлыг газар дээр нь арилгуулах, зөвшөөрөлгүй Түргэн үйлчилгээний цэгүүдийн судалгаа гаргаж цаашид зөвшөөрөлгүй Түргэн үйлчилгээний цэгүүдийг хэрхэх талаар санал боловсруулж, хяналт шалгалтыг 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс 09 дүгээр сарын 01-ний хооронд зохион байгуулж байна.

Categories
мэдээ нийгэм

Монгол, Япон, Солонгос зураачдын хамтарсан үзэсгэлэн дэлгэгдэж байна

Жил бүр зохион байгуулагддаг Монгол, Япон, Солонгос зураачдын хамтарсан уран зургийн үзэсгэлэн Монголын Урчуудын Эвлэлийн Арт галлерейд дэлгэгдэж байна. Уг үзэсгэлэнд Монголын-24, Японы-21, Солонгосын-15 бүтээл байна. Урлагт хайртай, уран зураг шимтэн сонирхдог хүн бүхнийг урьж байна. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг: 11327474 , 99912778 утаснаас авах боломжтой. Үзэсгэлэн 9 сарын 3-ны өдөр хүртэл үргэлжилнэ.

Categories
мэдээ нийгэм

Бүх нийтийн цэвэрлэгээтэй

Бүх нийтийн цэвэрлэгээтэй зурган илэрцүүдХичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан бүх хийтийн их цэвэрлэгээг дүүргийн нутаг дэвсгэрт өнөөдөр, маргааш зохион байгуулахаар болсон байна. Захирамжийн дагуу нийтийн эзэмшлийн гудамж талбай, явган болон авто зам, ногоон байгууламж, далан, гуу жалга, байгууллага, аж ахуй нэгж эзэмшил газраа цэвэрлэнэ. Мөн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн гаднах орчны хог хаягдлыг цэвэрлэн шарилж, зэрлэг ургамлыг зулгаах юм.

Categories
мэдээ нийгэм

57 настай эмэгтэйг мөргөж, амь насыг нь хохироожээ

Энэ сарын 26-ны өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 316 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авчээ.

Эдгээрээс зам тээврийн ослын 248 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 10 бүртгэгдэж, нэг хүний амь нас хохирч, 11 хүн хүнд, хөнгөн гэмтжээ.

Тодруулбал, Сүхбаатар дүүргийн нутаг Чагдаржавын гудамж, “Edelweiss” зочид буудлын урд замд H.Grace маркийн авто машины жолооч явган зорчигч 57 настай эмэгтэйг мөргөж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ. Мөн Сонгинохайрхан дүүргийн нутаг Энхтайваны өргөн чөлөө, Хархорин захын хойд замд Тэнүүн огоо ХХк-ны H.Aero city маркийн автобусны жолооч зорчигч 42 настай эмэгтэйг мөргөж гэмтээсэн байна. Харин хөдөө орон нутагт Ховд аймгийн Буянт сумын нутаг Цагаан бургас багийн Хар цохио гэх газар шороон замд N.Carina маркийн авто машины жолооч явган зорчигч 42 настай эрэгтэйг мөргөж амь насыг нь хохироожээ.

Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч нэг, явган зорчигч нэг бүртгэгджээ. Харин зам тээврийн осолд сургуулийн насны гурван хүүхэд өртсөн бол согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 жолоочийг илрүүлсэн байна.

Categories
мэдээ улс-төр

Эдийн засгийн хөгжлийн газрыг татан буулгана

Э.Бат-Үүлийн баг нийслэлийг удирдах үедээ байгуулж, хотын асуудлыг цогцоор нь харж, оновчтой хөрөнгө оруулалт хийх зорилгоор байгуулж байсан нийслэлийн Эдийн засгийн хөгжлийн газрыг татан буулган шийдвэрийг өчигдөр хотын дарга Су.Батболд гаргажээ. Тиймээс татан буулгах ажлыг зохион байгуулах комиссыг байгуулсан байна. Хотын даргын А/623 дугаар захирамжийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Categories
мэдээ нийгэм

58 чиглэлд 103 тээврийн хэрэгслээр үйлчилж байна

Амралт зугаалгын улирал дуусч, хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан тээврийн хэрэгслийн хөдөлгөөн эрс нэмэгдэж байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор орон нутгаас Улаанбаатар хотыг чиглэсэн 58 чиглэлд 103 тээврийн хэрэгслээр 4080 зорчигч хот хоорондын нийтийн зорчигч тээврийн хэрэгслээр үйлчлүүлж байгаа аж.

Үүнд:
Увс – Улаанбаатар чиглэлд найман тээврийн хэрэгсэл 334 зорчигч,
Баянхонгор – Улаанбаатар чиглэлд долоон тээврийн хэрэгсэл 315 зорчигч,
Баян-Өлгий – Улаанбаатар чиглэлд долоон тээврийн хэрэгсэл 252 зорчигч,
Ховд – Улаанбаатар чиглэлд зургаан тээврийн хэрэгсэл 346 зорчигч тус тус хөдөлгөөнд оролцож байна.
Тиймээс орон нутгийн чиглэлд үйлчилж буй жолооч нар өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангуулж, анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцохыг албаныхан сануулав.

Categories
мэдээ цаг-үе

Бээжинд олуулаа сурдаг нэг ангийнхан

Шинэ цагийн “Нэг ангийнхан” уулзахаараа спортоор хүч сорьцгоодог юм байна. “Үй цай сургууль төгсөгчдийн нөхөрсөг нэг өдөр” хэмээх төгсөгчдийн сагсан бөмбөгийн тэмцээний үеэр Г.Хулантай танилцсан юм. Тэрбээр 20 настай. Бээжингийн их сургуулийн Санхүүгийн ангид сурдаг. “Үй цай” сургуулийн 2012 оны 12-ын “А” ангийн төгсөгч гэнэ. Тэд энэ удаа төгсөгчдийн сагсан бөмбөгийн тэмцээнд гуравдугаар байр эзэлсэн юм. “Манай ангийнхан 38-уулаа төгсч байлаа. Талаас илүү нь Хятадад сурч байгаа. Ихэнхи нь Бээжинд сурдаг. Бээжингийн Зам тээврийн их сургуульд гэхэд л тав нь сурдаг. Нэг охин Бээжингийн их сургуулийн анагаахад сурч байгаа. Харин Бээжингийн их сургуульд нийтдээ 20 гаруй монгол оюутан сурдаг. Манай факультетад би ганцаараа монгол” хэмээн Г.Хулан танилцуулав. Санхүүгийн ангид сурдаг хүн мэдээж тооны хичээлд толгой цохидог байж таарна.

-Тоондоо дажгүй шүү. Аав маань тооны багш. Багадаа математикийн олимпиад энэ тэрд орж байгаагүй ч тоонд илүү сонирхолтой. “Үй цай”-д сурч төгссөн болохоор Хятадад сурахад хэлний бэрхшээл байгаагүй. Хятадын Засгийн газрын тэтгэлэг аваад Бээжингийн их сургуульд орсон л доо. Болж өгвөл зун болгон гадаадад сургалтад хамрагдахыг хичээдэг. Энэ жил факультетаас шалгарсан таван оюутны нэг болж, Харвардад 14 хоног сургалтад хамрагдлаа гэж шинэ танил маань хуучилсан. Дүн, идэвхи харгалзаж Харвардад зочлох оюутнуудыг сонгосон гэнэ. “Харвард гоё сургууль байна лээ. Бээжингийн их сургууль ч орчин, сургалт тал дээрээ мундаг. Оюутны том хотхонтой. Сурах нөхцлийг дээд зэргээр хангаж өгдөг. Сургалтын төлбөрийн хувьд байгалийн ухааны чиглэлээр хичээллэж байгаа хүүхдүүд 30 мянган юань. Нийгмийн чиглэлээр суралцаж байгаа оюутнууд 28 мянган юаний төлбөртэй. Харин би тэтгэлгээр сурч байгаа болохоор сарын 2500 юаний хэрэглээний мөнгө авдаг гэж Г.Хулан тайлбарлав. Тэтгэлэгт хамрагдахын тулд хэрхэн бэлтгэх талаар түүнээс лавласан юм. “Жил бүр БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэг зарлагддаг. Голдуу хятад хэл дээр голч оноо аваад, тоо, англи хэлний хичээлээр шалгалт авдаг. Хятад хэлний түвшин тогтоох шалгалтад дөрвөөс дээш зэрэгтэй байх шаардлага тавьдаг. Манай сургуулийнхан бол ихэвчлэн зургадугаар зэрэглэлтэй шалгагддаг” гэж тэр хариуллаа. Дунд сургуульд сурч байхдаа Г.Хулан дууны тэмцээнд ордог байжээ. “Хулгана будаанд дуртай” гэдэг хятад дуу дуулдаг байсан гэнэ.

Гэхдээ энэ нь хулгана юм уу будааны тухай биш хайрын дуу. “Хулгана будаанд дуртай байдаг шиг би чамд хайртай” гэх нь аргагүй л тариалангийн соёлтой ард түмний сэтгэлээс гарах үгс. Арваннэгдүгээр ангид байхдаа Г.Хулан “Дорнын аялгуу” хятад дууны тэмцээнд гуравдугаар байрт орсон удаатай. Дунд сургуульд байхдаа тэд дуу, бүжиг, илтгэл, мэтгэлцээн, спорт урлагийн тэмцээнүүдэд оролцдог.

Г.Ариунбуян Санхүү эдийн засгийн дээд сургуулийн 2+2 хөтөлбөр буюу Тайваньтай хамтарсан хөтөлбөрт хамрагдаж төгсчээ. Эхний хоёр жил нь Монголд, сүүлийн хоёр жил нь Тайваньд сурч, хоёр дипломтой төгсдөг. Санхүү менежментийн мэргэжилтэй. Би дунд сургуульд байхдаа математикийн хичээлдээ сайн байсан. Инженер, архитектур сонирхдог ч “Заавал санхүүгээр сур” гэсэн гэрийнхнийхээ “шахаа”-нд орж энэ мэргэжлээр сурах болсон. Эхний нэг улирал дургүйд хүчгүй гэгчээр явсан. Сүүлдээ “Нэгэнт эхлүүлсэн юм чинь эцсийг нь үзье” гээд хичээж сурсан л даа” хэмээн Г.Ариунбуян ярилаа. Тэрбээр гуравдугаар ангидаа “Үй цай”-д шилжиж ирсэн болохоор ангийнхнаа гүйцэх, хятад багштайгаа хэл нэвтрэлцэх бэрх даваа байжээ. “Эхний нэг сар юугаа ч мэдэхгүй явсан. Шарандаа л гүйцсэн дээ” гэж тэр хэллээ.

Манай ангийнхан нийтэч, бүх юмаараа тэргүүлэгч анги байсан. “Үй цай”-д хүүхдүүд ачаалал дааж, сууж сурдаг. Хятад багш нар “чанга” зарчимч. Даалгавар хийх ёстой. Хийгээгүй ирвэл шийтгэдэг хэмээн ангийнхан дурслаа. Шийтгэл нь цээж бичиг бичих, анги цэвэрлэх гэх мэт олон хэлбэртэй. Гаран дээр цохих шийтгэл ч байж. Г.Хулан “Гурван ханз алдвал гурав цохино” гэх мэт дүрэм үйлчилдэг. “Манай ээж аав хүүхдээ нэг их өмөөрдөггүй. Би айлын бага. Нэгдүгээр ангидаа хичээл хийдэггүй. Хичээл дээрээ заримдаа барбигаа авчирдаг охин байсан. Хүүхдүүд өдөр үзсэн хичээлээ гэртээ харихаасаа өмнө давтаж, багшдаа шалгуулаад явдаг. Харин би хамгийн сүүлд тоглоод үлддэг байв. Шийтгүүлсэн гэхээр ээж, аав нэг их юм хэлдэггүй. “Юм сурч байгаа юм чинь” гэдэг. Би бас цохиулчихаад гүйж явдаг хээгүй хүүхэд байж дээ гэнэ.

Г.Хүрэлбаатар сургуульд орохоосоо өмнө уншиж бичээд сурчихсан сүрхий хүү. “Хойд дэнж дээр цэцэрлэгийн байранд нэг сайн сургууль байна гэнэ” хэмээн эмээ, өвөө нь ярилцаад “Үй цай”-г сонгосон юм. Манай Д.Цэцэгмаа захирал “Бэлтгэл эхэлчихсэн, хүүхдийг чинь авахгүй” гэхэд өвөө маань “Сайн хүүхэд байгаа юм, авчих” гэж билээ. Сурагч үедээ эргэж очмоор санагддаг. Одоо Бээжингийн Зам тээврийн их сургуульд сурч байгаа. Төмөр замын тээвэрлэлт, зохицуулалтын чиглэлээр сурдаг гэж Г.Хүрэлбаатар ярилаа. Тэр “Тэр тамирчин баймаар төрхтэй харагдсан ч спортод сайн биш. Өндөр болохоор хүчээр сагс тоглуулдаг юм” гэж хэлсэн. Харин ангийн охид нь түүнийг “Шүлэг сайн бичдэг” гэж магтлаа. Ангийн шүлэгч тэрбээр “Эмээ өвөө болсон ч эргэж уулзаад шоудна” хэмээн шүлэглэсэн удаатай. Харин одоохондоо ирээдүйн өвөө маань аав болж амжсан. Г.Хүрэлбаатар ангийн анхны аав гэнэ. Охин нь хоёр ой хүрч байгаа. “Чамайг түрүүлж аав болно гэж бодсонгүй” гэсэн үгийг мань шүлэгч ханатлаа сонсчээ.

Хамт өссөн болохоор одоо ч дотно байдаг гэж “Үй цай”-гийнхан өөрсдийгөө тодорхойлсон. “Өглөө найман цагаас хичээл эхлээд, үдээс хойш 16-17 цаг хүртэл сургууль дээрээ хамт байсан хүүхдүүд шүү дээ. Бээжинд сурдаг оюутнууд хамт “шоуддаг” гэнэ. Өвөл, зуны амралтаараа Монголдоо ирэхээрээ бусдыгаа уриалж уулздаг. Бээжинд нэгнийхээ өрөөнд цуглаад хуушуур, нийслэл салатаа хийж иднэ. Хамт аймшгийн кино үзэж, паркаар өдөржин тоглож байсан л гэнэ. “Төгсөөд эх орондоо хэрэгтэй юм хийх тухай ярьдаг уу” гэсэн чинь Г.Хулан “Тийм юм ярьсан нь өвөө болдог байхгүй юу” хэмээн наргиа болгов. Харин ангийн хүү Г.Хонгор “Бид хамт суугаад орчлон ертөнцийн зүй тогтол, улс төр, шинжлэх ухааны талаар ч их ярьдаг байлаа. Дунд сургуульд байхдаа ийм юм ярихаар өвөө гэж хочлуулдаг байсан” хэмээн тайлбарлав.

Г.Хонгор Бээжингийн инженер технологийн их сургуульд “Юмсын интернет” гэсэн мэргэжлээр сурдаг. “Аливаа төхөөрөмжийг интернэтэд холбож, ухаалаг болгоно гэсэн үг” гэж тэр өөрийнхөө мэргэжлийг танилцуулсан. Хүний хөдөлмөрийг хөнгөвчлөх чиглэлээр ажиллах гэнэ. Физиктээ сайн байсан. Техник сонирхдог. Аравдугаар ангид байхдаа МҮОНТ-ийн “Залуу зохион бүтээгч” нэвтрүүлэгт өвөөтэйгээ хамт оролцож байсан. “Өвөө автын инженер хүн. Өвөөгөөсөө жаахан авьяас, хобби өвлөж авсан” гэлээ. Кноп дарахад л цонхны шил арчигч ажиллах учиртай. Цонхны шил яаж арчиж болох вэ гэж өвөөтэйгээ ярьж байгаад бичил схем угсарч, автоматаар цонх руугаа цэвэрлэгч шингэн цацаад, резин нь өөрөө гүйж арчдаг төхөөрөмж хийсэн юм. Миний санаа хэрэгжсэн ч их мөнгө хэрэгтэй болсон. Одоо бол би ухаалаг эд юмс хийдэг хүн болно. Багын хүсэл мөрөөдлөө биелүүлэх боломжтой болсон. Хийхээр хүссэн юм маш их. Миний энэ мэрэгжил 2010 онд дөнгөж үндсэн тодорхойлолт нь гарсан шинэ мэргэжил. Сайн сурч аваад Монголдоо ихийг хийнэ гэсэн бодолтой байгаа гэж тэр хэллээ. Г.Хонгор сурагч байхдаа хөл бөмбөг тоглодог байжээ. Бээжинд очоод бейсболоор хичээллэдэг болсон гэнэ. Хараахан ирж амжаагүй нэгнээ ч дурсацгаав. “Манай ангийн хамгийн толгой сайтай хүүхдүүдийн нэг С.Мөнхтулга Тайваньд тэтгэлэгээр сурч байгаа. Англи хэл зааж байгаа гэсэн. Тайванийн хоёр дахь хэл нь англи хэл. Гэтэл манай хүн очоод оюутануудад англи хэл зааж байгаа” гэж ангийн хүү нь бахархав. “Төгсөөд ирэхийг нь хүлээж байгаа” гэнэ шүү.

Нэг удаа ангийн хамгийн хамгийнаа тодруулжээ. “Хамгийн урт сормуустай”-гаар Х.Ханбогд тодорч байсан гэнэ. Урт сормуустай түүнд охидууд атаархсан гэнэ шүү. Г.Хулан “Би лав хамгийн түргэн ууртай нь болж байсан” гэснээ “Тэрийг хэн шалгаруулсан бэ” хэмээн “нэхэн” заргалдав. Одоо болтол тэр энэхүү шалгаруулалтад гомдолтой явдаг аж. “Хамгийн алиа хүү”-гээр жүжигчин Амбийгийн хүү Б.Эзэнбат тодорчээ. “Ангийнхнаа хөгжөөдөг хүүхэд. Одоо жүжигчний мэргэжлээр Солонгост Кёонги их сургуульд сурдаг гэж нөхөд нь танилцуулсан.

Б.Оргил “Хичээл хийдэггүй, сахилгагүй биш, ангид байгаа байхгүй нь мэдэгдэхгүй чимээгүй хүн байсан” гэж өөрийгөө тодорхойлов. Одоо аавынхаа компанид ажилладаг. Машины мотор засдаг тэрбээр механикийн инженер мэргэжлээр ХААИС-д сурдаг ажээ. “Б.Оргил мундаг зурдаг” гэж ангийн охин нь магтлаа. Ангийн охиныхоо гуйлтаар ээжид нь зориулж мартаар сарнай зурж өгчээ.

Б.Чингүүн Бээжингийн Зам харилцааны их сургуулийг төгсч ирээд байгаа. “Бээжингийн Зам харилцааны их сургуулиас тэтгэлэг өгдөг. Хамгийн анх тэтгэлэг өгч эхлэхэд манай ангийнхан төгсч байсан болохоор манай төгсөлтийнхөн энэ сургуулийг их сонгосон” гэж Б.Чингүүн тайлбарлав. Б.Чингүүн бизнесийн удирдлагаар төгссөн гэнэ. “Манай сургууль Зам тээврийн яам, Улаанбаатар төмөр замтай гэрээтэй жил бүр боловсон хүчин бэлтгэдэг. Хятад дахь хамгийн олон монгол оюутантай сургууль. Харин “Үй цай” сургууль маань улирал болгон ямар нэг тэмцээн зохиодог. Манай ангийнхан хамт олонч. Зундаа төгсөгчдийн сагсан бөмбөгийн тэмцээн, өвөлдөө цасны баяр болдог. Хэдий төгссөн ч сургуультайгаа, хамт олонтойгоо холбоотой байдаг” гэж тэр ярьсан юм.

С.Цэнд-Аюуш Шанхайн шинжлэх ухаан технологийн их сургуулийг олон улсын худалдаа эдийн засагч мэргэжлээр төгсөөд Монголдоо иржээ. Хятад хэлэндээ илүү дуртай болохоороо орчуулга хийх хүсэлтэй гэнэ. “Багадаа байнга онигоонд ордог охин байлаа. Манай ангийн том биетэй Б.Дэнзэнсамбуу гэж хүүхэд одоо сүмо барилдахаар Японд байгаа. Тэр хүүхдийг зогсч байхад очоод “Хоёулаа хөөцөлдөж тоглоё” гэж хэлээд шоолуулж байсан хэмээн тэр дурсав.

С.Эрдэнэбаатар ч бас Зам харилцааны их сургуулийн барилгын факультетийг төгссөн гэнэ. Багадаа дуугүй хүүхэд байсан ч аавын тухай бичсэн зохион бичлэг нь ангийн багшийн сэтгэлд хоногшиж үлджээ. “Долдугаар ангид байхад нь аав нь өөд болсон юм. Аавынхаа мэргэжлийг өвлөж авах зорилго тавьсан хүүхэд. Эхнээсээ зорилгодоо хүрч яваа” хэмээн ангийн багш Ц.Оюунчимэг хэллээ. Харин С.Цэнд-Аюуш “Манай сургуулийн чанга багш. Хүүхдүүдийн хайртай багш. Манай ангийг илүү их батжуулж, дурсамж үлдээсэн” гэж ангийн багшаа магтсан. Хүүхдүүдийн “Арван жилийн дараах өөртөө бичсэн захидал” нь багшид байдаг. Ангийнхныхаа бичсэн зурвасыг багш нь ядрахаараа гаргаж ирж уншиж эрч хүч авдаг гэнэ. С.Цэнд-Аюуш багшийгаа дэлхийгээр аялуулна гэж амласан удаатай. “Би аялах улсаа сонгочихсон байгаа” гэж багш нь наргиа болгосон. “Манай ангийнхан ихэнхи нь төгсч байгаа. Тэтгэлэг авсан хүүхдүүд ирэх жил төгсч ирнэ. Манайхан өвлийн уулзалтаараа жаал ярьж суусан. Шавь нартайгаа мессенжерээр харилцчихдаг. “Hi, багшаа юу байна” гээд мессенжерт ороод ирдэг. Б.Эзэнбат гээд жүжигчин Амбийгийн алиа хүү бий дээ. Тэр юм юм зохион байгуулдаг хэмээн багш нь ярилаа. “Ангийн артерын судас” гэж бас нэг хүү Б.Эзэнбатыгаа тодорхойлсон.

Хүүхдүүд нэгдүгээр ангиасаа хятад, монгол хоёр ангийн багштай явжээ. Хятад багш нар жил бүр солигдож ирнэ. Нэгээс гуравдугаар ангийнханд монголоор ярьж чаддаг, өвөрмонгол багш нар хятад хэл заадаг. Ойлгохгүй зүйлийг нь тэд монголоор тайлбарлаж өгдөг сайн талтай. Анги өгсөхөд огт монголоор ярьж чаддаггүй хятад багш нар уригдан ирж хичээл заадаг. Ахлах ангийнхан харин хятад багш нартаа оруулагч хийж тусалдаг юм билээ. “Эмээ өвөө болсон ч эргэж уулзаад шоудах” нэг ангийнхны уулзалтын түүх ийм.


Categories
мэдээ цаг-үе

Морган Фримэн -Шөнө мандсан нар

Монголын кино урлагт асар том өв үлдээсэн Дэндэвийн Чимэд-Осор гэдэг нэгэн сайхан буурал байж билээ. Түүний кино урлагт орж дүрээ үлдээсэн анхных нь бүтээл нь “Цогт тайж” киноны цэцэрлэгч өвгөний хөрөг. Тэр уг өвгөний дүрийг бүтээхдээ 33-хан настай байж. Одоо бодохнээ энэ сайхан буурлын бүтээсэн дүрүүд дандаа(гол дүр байна уу туслах дүр байна уу гэдгээс хамааралгүй) сэтгэлд хоногштол нэгийг өгүүлсэн, ухаан нэмсэн ахимаг настны дүрүүд байж үү. Нэг их холоос баахан нуршиж тайлбарлахын учир нь ертөнцийн нөгөө хязгаарт яг манай Чимэд-Осор гуайтай адил шууд “хөгширчихсөн” жүжигчин дэлхийг уяраан амьдарч байна аа гэх гэсэн юм. Түүнийг Морган Фримэн гэдэг. Сарын өмнө IMDb сайтын (кино сонирхогчдын үнэлгээ, үнэлэмжийг бүртгэдэг сайт) гаргасан судалгаагаар дэлхийн шилдэг 250 киног “Шоушенкагийн шоронгоос оргосон нь” гэдэг бүтээл тэргүүлсэн байна лээ. Тэгвэл уг киноны гол дүрийг бүтээсэн Морган Фримэний тухай өнөөдөр өгүүлэх бөлгөө.

Морган Фримэн 1937 оны зургадугаар сарын нэгэнд Теннэси мужийн Мэмфис хотод Морган Портфильд Фримэн хэмээх үсчний гэр бүлд төржээ. Ээж нь цэвэрлэгч, аав нь үсчин мөртлөө тэднийх нэг газраа тогтодоггүй тэнэмэл амьдралтай айл байжээ. Миссисипи, Индиана мужийн хотуудаар хэсэг сэлгүүцсний эцэст Чикагод суурших үед бага Морган сургуульд орох насанд хүрэв. Америкийн кино урлагийн “мөнхийн өвөө” Фримэн уг нь тэгэхэд буюу зургаан настайгаасаа л эхлэн тайзанд гарч анхныхаа дүрүүдийг дархалж байсан гэх юм. Түүний идэр залуу насны амьдралд бусдаас онцгойрохоор зүйл огт үгүй. Дунд сургууль, сайн дурын жүжигчдийн дугуйлан, цэргийн алба гээд байдаг л жирийн намтар. Дараа нь цэргийн нисэх хүчинд таван жил механикч хийх үед 1960-аад он гарч байлаа. Тэр үеэсээ Морган урлагтаа буцаж Сан-Францискогийн “Opera Ring music group”-т бүжиглэдэг байв. 1971 онд анхныхаа кинонд тоглож “урлагийн тогооноос халбагадаад” есөн жил мартагдсан. 1980 онд

“Брубэйкер” хэмээх шоронгийн амьдралын тухай дунд зэргийн кинонд хоригдлын дүрд тоглоод дахиад л мартагдлаа. Долоон жилээс үргэлжилсэн энэ уналтын дараа 1987 онд дэлгэцнээ “Гудамжны залуу” хэмээх кино гарч Фаст Блэк гэдэг эрийн дүрийг бүтээсэн Морган туслах дүрийн “Оскарын” шагналд нэр дэвших нь тэр. Гайхалтай байгаа биз. Тавин насныхаа босгон дээр, урлагт “чанагдаад” гуч орчим жил өнгөрсний дараа л кино урлагийнхан түүнийг анзаарсан байгаа юм. Хэтрүүлж хэлэхэд Морганыг хөгшрөөд үрчлээс суугаад, үс нь одоогийнх шигээ өрвийсэн саарал өнгөтэй болсон хойно л түүнийг “Энэ хүн од юм байна, түүнийг тоглуулбал касс дүүрнэ” гэж дүгнэсэн мэт. Өтөлсөн хойно нь анзаарч од мэт мандах болсон түүнийг “шөнө мандсан нар” гэж найзууд нь магтдаг. Үнэхээр тийм. Түүнээс хойш Морган Фримэн хэзээ ч муу кинонд тоглоогүй.

Америкийн кино урлагт цагаан арьст эрэгтэй жүжигчид нь хар арьст жүжигчдээс хавьгүй олон, илүү авьяслаг нь үнэн. Африк гаралтай Уилл Смит, Самуэль Жэксон, Дэнзель Вашингтон гээд эрчүүд бий л дээ. Гэхдээ тэр хар арьстай эрэгтэй жүжигчдийн дийлэнх нь (хэрвээ бүгдээрээ биш бол шүү) боевик, дайн байлдаантай кинонд тоглодог бие бялдар сайтай, булчин шөрмөс нь зангирсан нөхдүүд байх вий. Харин Морган Фримэны дүрүүд ихэвчлэн ухаантай, амьдралын хал үзсэн, цэцэн цэлмэг нэгэн байдгаараа бусдаас ялгагддаг. Эхний “Оскарт” горьлоод удаагүй байхдаа дараачийн бүтээл болох “Мисс Дэйзигийн хувийн жолооч” кинонд хөгшин жолоочийн дүр бүтээж дахиад л “Оскарт” нэр дэвшсэн. Ер нь тэр цаг үеэс хойш кинонд тоглох бүрдээ сэтгэлд хоногшсон дүр бүтээж тэр жилийнхээ нэр алдартай кино наадмуудын шагналыг тогтмол хамдаг байлаа. Хүмүүс Леонардо де Каприог “шагнал тойрдог азгүй залуу” гээд байдаг. Харин Морган Фримэнийг бол Америкийн кино акедими жинхэнэ утгаараа олон жил “анзаараагүй”. Тэр таван удаа “Оскарт” нэр дэвшсэн мөртлөө ганцхан удаа “Сая долларын бацаан” киноны туслах дүрээр шаргал барималыг атгаж байж билээ. Гэхдээ тэр бусад шиг “харуудыг гадуурхаж байна, арьс өнгөөр ялгарварлалаа” гэхчилэн дэмий үг яриа гаргадаггүй. “Кино урлагийн өнөөдөрт расизм байхгүй, тэр чинь аль эрт уржигдраас эхлээд алга болчихсон. Арьс өнгөөр ялгаварлаж байна гээд байгаа хүмүүс зүгээр л сайн хөдөлмөрлө, залхуурлаа хая” гэж зөвлөдөг хүн шүү дээ. Одоо бага зэрэг хувийнх нь амьдрал руу өнгийе.

Морган Фримэн дөрвөн удаа гэрлэж хоёр хүү, хоёр охины эцэг болсон гэр бүлийн амьдралд “туйлбаргүй нэгэн”. Сууж салсан бүсгүй болгоноо нэг хүүхэдтэй үлдээж байсан ч гэлээ муудаж салдаггүй, эргээд уулзаж учирч санхүүгийн талаар боломжоороо тусалж явдаг гэнэ лээ. Есөн ач зээтэй, тэдгээрийнх нь нэг нь түүнтэй амьдардаг, багахан эдлэн газартай, тэндээ цөөрөм байгуулж загас үржүүлдэг. Ер нь далай тэнгисээр аялах дуртай, франц хоолонд “нугасгүй”, хааяа загасчилдаг, 80 хүрч байгаа ч амьдрал нь буцалж байгаа “залуухан” өвөөгийн тухай өгүүлэхэд ийм байна.

Бэлтгэсэн

Д.БАТ-ЭРДЭНЭ

Categories
мэдээ цаг-үе

Иржи Шима: Би “Өдрийн сонин”-ыг анх гарсан цагаас нь эхлэн уншиж байгаа Монголч эрдэмтэн

Олон улсын Монголч эрдэмтдийн XI Их хурал болж байна. ”Монгол судлал ба тогтвортой хөгжил” сэдвийн дор болж буй уг хуралд 29 орны 400 гаруй эрдэмтэн, биет бус өвийг тээгч иргэд оролцохоор хүрэлцэн иржээ. Монгол судлаач эрдэмтдийг төлөөлүүлэн Монгол, Хятад судлаач, Чехийн эрдэмтэн доктор, профессор Иржи Шиматай ярилцлаа.

-Та 1960 -аад оны эхээр Монголд оюутан болж ирсэн байдаг. Тухайн үед манай улс танд ямар санагдаж байв?

-Манай Чех улсын Боловсролын яам тухайн үед намайг монгол судлаачаар сургахаар явуулсан юм. Тухайн үед би 18 настай байлаа. Улаанбаатарт ирээд оюутны байранд амьдарч, тусгай программаар суралцаж, сургуулиа төгссөн. Мөн монгол, хятад хэл судалж, сурахаас гадна Чехэд угсаатны зүйгээр суралцаж байсан учир угсаатны зүйн сэдвээр юм хийх, бичих сонирхолтой байсан. Оюутан байхад багш нар намайг гэртээ уриад монгол хэл зааж байлаа. Ингээд би 1962 оны есдүгээр сард ачааны машинд суугаад Увс аймаг явж байв. Замдаа хоноод л яваад байсан. Тухайн үед монгол хэл мэддэггүй хаана хонож, ямар хоол идэхээ ч ойлгохгүй амьтан явж байлаа. Ингэж явахдаа заримдаа гуанзанд хоол идэж, заримдаа айлд орж дайлуулна. Шөнөөр явж байгаад нэг айлд ороход, айлын хүмүүс төвөгшөөлгүй босоод, хоол хийж өгч байгаа нь их сонирхолтой, гайхмаар санагдаж байсан. Анх Монголд ирчихээд Монголчуудын найрсаг, зочломтгой занг ихэд гайхдаг байлаа.

-Монголд сургууль төгсөөд хаана ажиллах хүсэлтэй байв?

-Ингээд 1964 онд сургуулиа төгссөн. Би Чехээс Монголд суралцсан анхны оюутан байсан болохоор сургуулиа төгсөөд, Дорно дахины хүрээлэнд ажиллана гэж бодож, итгэж найдаж байлаа. Гэтэл тэнд орон тоо байгаагүй, ганцхан монгол судлаач ажиллаж байсан нь миний багш байсан. Тиймээс би ч өөрөө буруу бодож тооцоолж байсан санагддаг. Ингээд Бээжинд хятад хэлний орчуулагчаар томилогдон гурван жил ажилласан юм. Харин 1969 оноос хойш Дорно дахины хүрээлэнд ажилласан түүхтэй. Ингээд Монголд суралцсан ганц монголч эрдэмтэн нь би байсан болохоор манай хоёр орны гадаад харилцаатай холбоотой асуудалд би нэлээд явдаг байлаа. Тухайлбал Чехэд монголчууд олноороо ажиллаж байсан болохоор манай төлөөлөгчид Монгол руу зочилно. Тэгэхэд надад бас ашигтай санагдаж байлаа. Яагаад гэвэл тэднийг дагаж орчуулагчаар Монголд ирэх аялах боломж нээгдэнэ. Зарим жил гурав, дөрвөн ч удаа Монголд ирдэг байлаа. Мөн би Элчин сайдын яаманд ажиллаж, Чех, Монголын хамтарсан компанид захирлаар ажиллаж байсан. Тиймээс ажил байдлаас болоод Монголтой холбоотой нарийн сэдвээр тусгайлан судалгаа хийх боломж бага байсан юм. Гэхдээ 1960-1970 оны хооронд Монголын уран зохиол, яруу найргийн бүтээлүүдийг нэлээд орчуулсан. Мөн сургуулиа төгсөөд, анхны Чех-Монгол, Монгол-Чех толь бичиг гаргасан. Дашрамд хэлэхэд надад “Өдрийн сонин”-ы олон дугаар бий. Архивалчихсан байгаа. Би 1990-ээд оны сүүлээс эхлэн “Өдрийн сонин”-ыг өдөр бүр уншиж ирсэн. Чехээс захиалж авдаг юм. “Өдрийн сонин” маань Өглөө бүхэн та бидэнтэй хамт шүү дээ.

-Анх Монголд сурах болоход таны аав, ээж юу гэж захиж байсан бэ. Манай улс тухайн үед харьцангуй нам, тайван байв уу?

-Би өөрөө Чехийн нийслэл Прага хотод төрсөн ч миний аав хөдөөний хүн. Тиймээс аав маань чи залуу байна. Тэр улсад очиж их юм сураарай, залуудаа юм үзэх хэрэгтэй гэж байсан. Харин ээж болохоор бусад ээжүүдийн л адил “Чи юу ч чадахгүй, хэл мэдэхгүй, миний санаа зовоод байна. Хурдан ир” гэдэг байлаа. Ямартай ч намайг анх Улаанбаатарт ирж байхад маш тайван хот байсан. Хот бараг хүнгүй, аюулгүй, орой үдэш явахад айх зүйлгүй, амар тайван.

-Харийн орноос ирсэн хэл мэдэхгүй хүнд бэрхшээл их байсан байх. Танд ямар хүмүүс хамгийн их тусалж байв?

– Хэн хамгийн их тусалсан гэж асуухаар би бага насны хүүхдээс эхлээд мундаг эрдэмтэд хүртэл бүгд тусалсан гэж хэлэх дуртай. Б.Ренчин, Ц.Дамдинсүрэн багш нар хүртэл тусалж байлаа. Тухайн үед Чех, Монголын харилцаа өргөн байлаа. Монголд Чех хүнийг мэдэхгүй хүн гэж ховор байсан. Би ч Монголд их дассан, энд байх улам дуртай болсон. Монголчуудтай хамт байх сайхан байдаг. Манай найзууд, оюутнууд хичээлийн дараа гэртээ их урина, хөдөө хүртэл оч гэдэг. Айлд очиход сайхан хүлээн авч, цай хоолоор дайлна. Хүүхдийн зохиолч Ж.Дашдондог найзыгаа дагаад хөдөө хүртэл очиж байлаа.

-Монгол, Чех улсын хооронд ямар ялгаа байна. Мөн адил төстэй зүйл юу байна?

-Харьцуулаад харвал нэлээд төстэй зүйл олон. Гэхдээ чехүүдийн мэдэх хүмүүс нь л монголыг мэдэхээс биш. Ихэнх нь мэдэхгүй байгаа нь надад харамсалтай санагддаг. Тухайлбал зарим чех хүмүүс монголд байшин байхгүй гэж бодож байгаа. Улаанбаатарт гэр хорооллын асуудал байдаг бол манай Прагад ч мөн ийм асуудал бий. Гэхдээ Монгол хөгжиж байна. Гурван жилийн өмнө Улаанбаатарт ирж байхад надад хэцүү санагдсан, эмх замбараагүй төвөгтэй болсон санагдаж байлаа. Харин энэ жил нэлээд боломжийн болчихсон байна гэж бодлоо. Явган хүний гарцаар зам гарч байхад машинууд ямар гэрлээр хамаагүй давхидаг, би айгаад монгол хүний гараас хөтөлж зам гардаг байсан. Одоо өөр болсон байна. Замын хөдөлгөөнд оролцохдоо хүртэл соёлтой болжээ. Гэхдээ нийслэлдээ хүн ам ихтэй болж, өмнө нь Сүхбаатарын талбайгаас дөрвөн уул харагддаг байсан бол одоо өндөр, өндөр барилга барьчихаж. Гэхдээ нэлээд цэцэрлэгжүүлэлттэй, цэцэг ургамалтай болж байгаа нь сайхан санагдаж байна.

-Монголд ирж үзсэн чехүүд манай орны талаар ямар сэтгэгдэлтэй байна. Юуг нь хамгийн их сонирхож байгаа харагддаг вэ?

-Хөдөө болон хот гээд хоёр өөр монгол болчихоод байгаа юм шиг зүйл ажиглагдаж байна. Чехүүд Монголын хөдөө явах дуртай. Тэд Монголд ирэх, монгол хүнтэй танилцаж, найзалж, нөхөрлөхийг хүсэж байна. Би Монгол явах гэж байгаа хүнд танилцуулахдаа Монголчууд найрсаг, зочломтгой, хэцүү байдалд орвол тэд сэтгэлээрээ тусална гэж хэлдэг. Тэгсэн манай улсын нэг иргэн Монгол явж ирчихээд гайхан ярьж байсан. Учир нь Хөдөө хээр эзгүй талд явж байхад нь их бороо орсон чинь гэнэтхэн морьтой хүн давхиж ирээд, гарын хөдөлгөөн, нүүрний хувирлаараа манайд ор, нааш ир гээд морин дээрээ суулгаад аваад явжээ. Тэгээд гэрт нь очиход хоол хийж өгөөд, өмсөх хуурай хувцас өгч, унтаж амар, дахиж хоно гэсэнд ихэд баярлаж, гайхсан байсан. Тиймээс чехүүд Монгол руу явах их дуртай байна.

-Монгол хүний зан араншин, харилцааны онцлог чанар нь ямар байна. Аль нь зөв, аль нь буруу байна. Юун дээр алдаж, юун дээр онож байгаа харагддаг вэ?

-Мэдээж монгол хүний зан чанар европ хүнээс өөр. Тухайлбал Чехэд 6000 гаруй монголчууд ажиллаж амьдарч байгаа. Тэд маш итгэмтгий хүмүүс, гэхдээ дэндүү итгэмтгий гэж би бодож байна. Мэдээж хөдөө амьдарч байгаа монгол хүн хөршийнхөө хүнд итгэхгүй бол болохгүй, энэ зан чанартай нь ч холбоотой байх. Монголчууд хэтэрхий хурдан хүнтэй танилцаж, хэтэрхий хурдан итгэдэг. Гэтэл муу хүн байдаг шүү дээ, манай Чехэд ч муу хүн байна. Тухайлбал тэнд ажиллаж байгаа монголчууд нэг хүнд итгээд, өөр ажилд ордог. Нөгөө хүндээ залилуулаад дахиад өөр ажилд ордог зэргээсээ болоод алдах тохиолдол гарч байна. Чехэд хүний хөдөлмөр шулдаг, шударга бусаар, хэл мэдэхгүйг нь далимдуулж гэрээ хийдэг зэрэг хувийн бизнесийн байгууллагууд байна. Мөн монголчуудын хэтэрхий тайван, хэнэггүй зан өөрсдийг нь хэцүү байдалд хүргэж байна. Тодруулбал визээ сунгуулахгүй, за маргааш больё, дараа болно биз гэж байж байгаад яг сунгуулах гээд очиход таны виз маргааш дуусна, одоо сунгах боломжгүй та Монгол руугаа буц гэдэг. Тэгэхэд нь би өмнөөс харамсдаг. Чехэд байгаа монголчуудын ихэнх нь надтай харилцаа холбоотой, ах дүү шиг байдаг. Тэгээд л над руу утастаад, яг одоо юм орчуулах хэрэгтэй байна гэдэг. Гэтэл би өөр хотод явж байна. Чехийн хөдөө амьдардаг зарим монголчууд миний утсыг мэдэх хирнээ надтай ярихгүйгээр галт тэргэнд суугаад Прага хотод ирчихдэг. Ирчихээд би ирчихлээ, танаар юм орчуулуулах хэрэгтэй байна гэдэг. Гэтэл би хөдөө явж байдаг. Ингээд унааны мөнгө болон хотод хоол буудлын мөнгө зарцуулж, намайг хоёр хоног хүлээж байх жишээний. Ингэхийн оронд миний байгаа газар руу шуудангаар явуулсан бол тэр дор нь орчуулаад, буцаагаад явуулна.

-Монголчууд Чехэд ямар, ямар ажил хийж амьдарч байна?

-Голдуу арьс ширний үйлдвэрүүдэд ажиллаж байна. Мөн машины тоног төхөөрөмжийн үйлдвэр болон оёдлын үйлдвэрт нэлээд хүмүүс ажилладаг. Монголын хамгийн мундаг удирдаач хүний удам дамжсан авьяаслаг хөгжимчин хүү хүртэл Чехэд хар ажил хийж байгаад ирсэн. Надад харамсалтай санагддаг. тэр хүний гар хөгжимд зориулагдсан төрөлхийн авьяастай болохоос биш, хүний нутагт хар ажил хийх гар биш. Мөн монголчуудыг болон гаднынхныг хагас бүтэнд ажиллуулдаг, ажлын хөлсийг нь бага өгдөг, хохироодог зэрэг тохиолдол нэлээд гардаг.

-Чех явж амьдрах хүсэлтэй хүмүүс хэр тааралдаж байна. Манайхан гадагшаа явах их сонирхолтой байдаг. Мөн Чехэд бизнес хийгээд боломжийн амьдарч байгаа Монголчууд бий юу?

– Бизнес хийдэг ганц нэг монгол хүн бий. Тийм боломж бараг байхгүй, хэцүү. Чех явах сонирхолтой хүмүүс байдаг. Гэхдээ Монголоос гараад амьдрал сайхан гэж бодож болохгүй. Монгол сайхан орон. Энд аргыг нь олоод сайхан амьдрах боломж бий.

-Манай орны нийгэм эдийн засгийн байдал Чехтэй харьцуулахад хэр санагдаж байна?

-Эдийн засагч биш болохоор би нарийн ширийн зүйлийг сайн мэдэхгүй юм. Чехэд ч, Монголд ч ялгаагүй хэт баян болон хэт ядуу хүмүүсийн ялгаа их байна. Манай улсад ч гуйлгачин хүмүүс гудамжаар байдаг. Харин Монголд ирээд хэд хоноход нэг ч гуйлгачин хүн харсангүй. Би баярлаж байна. Өмнө нь гудамжны хүүхдүүд их байсан. Тэгэхээр монгол хөгжиж байх шиг байна. Гэхдээ Монголд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн хэтэрхий өндөр үнэтэй байгааг би үнэхээр гайхаж байна. 70 сая малтай гуравхан сая хүн амтай улсын махны үнэ манай улсын махны үнэтэй адилхан байна. Сүүний үнэ Чехэд Монголоос хоёр дахин хямдхан. Чехүүд өдөр бүр мах иддэггүй, харин монголчууд нэг өдөр махгүй байж чадахгүй. Монгол уг нь Азийн төв хэсэгт, өргөн уудам баян тансаг газар нутагтай цөөхөн хүн амтай улс болохоор удахгүй сайхан хөгжих байх. Монгол хэзээ ч Америк шиг Орос шиг болохгүй Монгол бол Монголоороо үлдэх, монгол гэдэг язгуур онцлогоороо хөгжих ёстой.

-Монгол судлаач гадны хүний нүдээр харахад манай улсын аль салбарт ямар алдаа байгаа гэж та харж байна?

-Багш, эмчийн боловсролд маш өндөр анхаарах хэрэгтэй. Мөн хамгийн чухал, ач холбогдолтой, хаана ч ажилтай байх мэргэжил. Намайг Монголд оюутан болж байх үед боловсролын чанар, сурагч оюутнуудын хандлага зөвхөн сурахыг эрхэмлэсэн арай өөр байсан санагдаж байна. Аль ч улс боловсролын чанарт өндөр ач холбогдол өгөх хэрэгтэй. Ийм олон сонголттой, бараа бүтээгдэхүүн, хэтэрхий их импорт хэрэггүй гэж бодож байна. Шүдний оо гэхэд л ганцхан сонголттой байж болно. Хэрэггүй зүйлд өндөр зарлага гаргадаг, хэрэглээ өндөртэй байгаа нь ажиглагддаг.

-Та одоо Чехэд ямар ажил эрхэлж байна?

-Тэтгэвэртэй гарсан. Гэхдээ Чехийн нийслэл Прагад нэг жижиг музей байгуулсан. Хашаандаа гурван гэртэй. Анх Монголд оюутан байхдаа гэр худалдаж авч байсан юм. Надад машин байхгүй, монгол гэр, мянга, мянган монгол найз байна. Музейдаа өвөл зунгүй янз бүрийн үзэсгэлэн гаргадаг. Зургийн уралдаан зохион байгуулдаг. Тэгэхэд Монгол хүүхдүүд хамгийн гоё зургийг зурж байна. Тэдний мэдрэмж, гарын дүй арай л өөр. Япон, Солонгос хүүхдүүд хэзээ ч тийм зураг зурж чадахгүй. Монголчууд маш нарийн өнгөтэй, гайхалтай зурдаг. Хөдөөний амьдрал болон уул ус, Чингис хаан зэргийг голдуу зурдаг.

-Чехэд монгол сургууль бий юу. Монголчуудын хүүхдүүд ямар сургуульд сурч байна?

-Хүүхдүүд Чех сургуульд сурч байна. Харамсалтай нь монгол сургууль гэж байхгүй. Хувийн сургууль ч хамаагүй монгол сургууль байгаасай гэж би боддог. Тэнд төрсөн Монголын тухай мэдэхгүй монгол хүүхдүүд ч олон байна. Арга ч үгүй эцэг эхүүд нь хамгийн сүүлд 10 жилийн өмнө л Монголд очсон гэдэг. Ажил ихтэй, завгүй боломжгүй зэргээсээ болоод Монголдоо ирж чадахгүй байна.

-Чехийн юунд нь татагдаж, монголчууд тэнд амьдраад байна?

-Нийгмийн янз бүрийн нөхцөл нь таалагдаж байх шиг байна. Тухайлбал нэг үйлдвэрт ажиллаж байгаад, хүүхэд төрүүлэхэд хоёр, гурван жил үйлдвэрээс нь цалинжуулж, хүүхдээ харах боломжийг нь олгодог.

-Та монгол эхнэртэй, гэр бүлээ танилцуулаач. Танай хүүхдүүд монголд ирэх дуртай юу?

-Миний эхнэр Монголын нэртэй зураач Балдандоржийн охин. Эхнэрийнхээ аавтай ажлын шугамаар танилцсан эртний холбоотой байсан. Чехэд сурч, ажиллаж амьдарч байсан хүн бий. Одоо 90 гарсан буурал бий. Тиймээс эхнэрээ багаас нь би мэднэ. Бид олон насны зөрүүтэй ч гэр бүл болоод, хоёр хүүхдийн аав ээж болсон. Хүү маань гурван настай, охин маань нэг настай. Манай хүү би Монголд байхдаа монгол, Чехэд байхдаа чех хүн гээд байгаа хэвлүүхэн хүү бий.

Н.Ганчимэг