Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Есдүгээр сарын 1-ний сургаар…

Есдүгээр сарын 1-ний сургаар хот бужигнана, түгжрэл ихэснэ, дэлгүүр хоршоо хөл гишгэх зайгүй болно гэнэ. Ерөнхийдөө монголчуудын амьдрал есдүгээр сарын 1-нээс буцлах янзтай. Хичээл эхэлж, амралтын байдалтай байсан төрийн байгууллагууд амь орно. Ажил хөөцөлдөх нь “Есдүгээр сар гараад л учир нь олдох байгаа” гэж хүлээх бол тэдэнд үйлчлэх төрийн албаныхан “Есдүгээр сарын 1-нээс л ажилдаа орно доо” гэж данхайх юм.

Есдүгээр сарын 1-ний сургаар олон л яриа хөөрөө байна. Тэдэн дундаас танил цагдаагийн маань “Есдүгээр сарын 1-нд бөөн мөнгөтэй нөхдүүд хөдөөнөөс орж ирнэ, хэрэг түвэг ч гаарна даа” гэсэн нь содон байв. Есдүгээр сарын 1-нээс хойш халаасны хулгай, дээрэм тонуул ихэсдэг гэнэ. Их, дээд сургуулийн шинэхэн оюутнууд шинэ хувцасны хэдэн төгрөгөө зах дээр алдах нь их. Бас өнөө хэд шоу цэнгээн хөөж яваад халаасанд байгаа хэдээ үгүй хийх, дээрэмдүүлэх нь ч өдрийн хэдээрээ бүртгэгддэг гэнэ. Сургалтын төлбөрийг алдчихаад хэлэх үгээ олж яддаг нь ч цөөнгүй аж.

Есдүгээр сарын 1-ний сургаар гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэж байгаа нөхдүүдэд өгөөш болохгүй арга бас байна. Биедээ бэлэн мөнгө авч явахаа л больчих. Автобусанд зорчих картаа аваад цэнэглэчих. Хувцас хунараа бэлтгэхээр зах гарахдаа банкны картаа л авчих. Захын худалдаачид бүгд төлбөрийн карт уншдаг машинтай болсон байна лээ.

Цайны газрууд ч ийм машинтай. Карт уншигч машин гүйлгээ хийхдээ нууц дугаар шаарддаг болсон. Картаа алдсан ч эрсдэл багатай. Сургалтын төлбөрөө дансаар тушаачихна. Мөнгөний зайлшгүй шаардлага гарлаа гэхэд хаа сайгүй АТМ байна. Тэгэхээр урьдынх шиг түрийвчиндээ мөнгөтэй явах шаардлагагүй гэсэн үг. Энэ нь гэмт этгээдүүдээс өөрийгөө хамгаалах нэг арга шүү дээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Эрүүгийн хуулиар нээлттэй хэлэлцүүлэг явуулна

Эрүүгийн хууль, Зөрчлийн хуулийн хүчин төгөлдөр болох хугацааг 2017 оны долдугаар сарын 1-ний өдөр хүртэл сунгах хуулийн төслийн хүрээнд УИХ дахь АН-ын бүлэг нээлттэй хэлэлцүүлэг явуулах болжээ. Тодруулбал, УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр Эрүүгийн болон Зөрчлийн хуулийг баталж, 2016 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэх байсан юм.

Үүнтэй хобоотойгоор УИХ дахь АН-ын бүлэг хэлэлцүүлэгтээ хүний эрхийн байгууллагуудыг урьж оролцуулан, санал дүгнэлтийг нь сонсох бөгөөд хэвлэл мэдээллийнхэнд нээлттэй явуулах аж. Нээлттэй хэлэлцүүлэг энэ сарын 29-ний даваа гарагт 10:00 цагт Төрийн ордны “Их Эзэн Чингис” хаан танхимд болох ажээ.

Categories
мэдээ спорт

Манай улсын өсвөрийн тамирчид ОУ-ын тэмцээнд түрүүлжээ

ӨМӨЗО-ны Хөх хотод энэ сарын 21-ээс 26-ны хооронд болсон “Нэг зам, нэг бүс” олон улсын өсвөрийн хөл бөмбөгийн тэмцээн боллоо. Энэхүү тэмцээнд ОХУ, БНАСАУ, БНХАУ, Монголын баг тамирчид өрсөлдсөн аж. Тодруубал, манай улсаас 15 хүртэлх насны ангилалд “Талын хөх бэлтрэгнүүд” аваргалж, алтан медаль хүртжээ. Мөн тамирчид маань Азийн хөлбөмбөгийн холбооны зүүн бүсийн Фестивальд оролцохоор Хөх хотоос Бээжинг зорьсон байна.

Тус тэмцээнд Япон, БНХАУ, БНСУ, БНАСАУ, Хонгконг, Тайвань, Макау, Гуам, Умард Марианы арлууд, Монгол гэсэн 10 улсын шигшээ баг хүч үзэх аж. Манай багийн менежерээр МХБХ-ны Гүйцэтгэх хорооны гишүүн Б.Батзаяа, ахлах дасгалжуулагчаар Д.Нанжид, дасгалжуулагчаар Б.Баярхүү, эмчээр Д.Батчулуун нар ажиллаж байгаа ажээ.


Categories
мэдээ улс-төр

Нийслэлийн Эдийн засгийн хөгжлийн газрыг татан буулгана

с.батболд зурган илэрцүүд

Нийслэлийн Засаг дарга С.Батболд Нийслэлийн Эдийн засгийн хөгжлийн газрыг татан буулгах тухай захирамж гаргачээ. Тодруулбал наймдугаар сарын 26-ны Нийслэлийн Засаг даргын “А/623” дугаарт захирамжинд, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Иргэний хуулийн 32 дугаар зүйл, Засгийн газрын 2016 оны 8 дугаар тогтоолын 8 дахь заалтыг тус тус үндэслэн захирамжлах нь:

“Монгол Улсын Засгийн газраас нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын албаны бүтцийг шинэчлэн баталсны дагуу Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Эдийн засгийн хөгжлийн газрыг татан буулгах ажлыг зохион байгуулсугай” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

“Намрын ургац-2016” өдөрлөг боллоо

Намрын ургац-2016 өдөрлөг боллоо зурган илэрцүүдГазар тариалангийн салбарт ажиллагсад, салбар яамныхан болон гурил үйлдвэрлэгчид өчигдөр буюу наймдугаар сарын 27-нд тариан талбайд чууллаа. Тодруулбал, “Намрын ургац-2016” өдөрлөгт газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг орон нутгийн 400 гаруй тариаланчид, ХХААХҮ-ийн сайд, газрын дарга нар болон агрономичид газар тариалан эрхлэгчтэй хамтран ажилладаг санхүүгийн байгууллагын төлөөлөгчид болоод тоног төхөөрөмж нийлүүлэгчид оролцсон аж.

Энэхүү арга хэмжээний үеэр тариаланчид Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгах саналаа хэлж, бодлого боловсруулагчид тариалангийн талбай дахь бодит байдалтай танилцжээ.

Монголын тариаланчдын холбооны ерөнхийлөгч Ч.Пэрэнлэй өдөрлөгийн үеэр “Энэ онд бид арвин ургац хурааж авахаар байна. Энэ нь байгаль цаг уурын таатай нөхцлөөс гадна, өнгөрсөн онд сайн чанарын уринш бэлтгэж, техникийн хүчин чадлаа нэмэгдүүлсэнтэй холбоотой билээ. Мөн төрөөс авч хэрэгжүүлсэн зарим арга хэмжээнүүд нүдээ олсныг онцлох ёстой. Бид 500 мянга гаруй улаан буудай хураан авах нөхцөл бүртэж эдийн засгийн хүндрэлтэй үед гэрэл гэгээ тусгаж чадлаа” гэлээ.

Мөн энэ үеэр импортоор оруулж байгаа буудай, гурилын квотыг 2017 онд олгохгүй байх саналыг тариаланчид гаргаж байлаа.

Categories
мэдээ цаг-үе

М.Оюунчимэг: Хөрөнгө оруулагчид манай улсын эдийн засгийн цаашдын хандлагад эерэг хүлээлттэй байна

УИХ-ын гишүүн М.Оюунчимэгтэй эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар ярилцлаа.

-Эдийн засгийн нөхцөл байдлаа олон улсад зарласан нь эргээд сөргөөр нөлөөллөө гэх юм. Ер нь ингэж аливаа улс эдийн засгийн уналтаа дэлхийд зарлахын сайн бөгөөд саар тал нь юу байдаг бол?

-Эдийн засгаар улс төржиж болохгүй гэсэн хатуу байр суурийг би баримталдаг.

Эдийн засгийн нөхцөл байдлын талаар Засгийн газар үнэнийг мэдээлсэн нь манай улсад сөргөөр нөлөөлнө гэж харахгүй байна. Харин ч оройтож дуугарлаа. Тэгээд ч Ерөнхий сайд дэлхий дахинд зарлалаа гэж мэдэгдээгүй, дотооддоо, ард иргэддээ мэдээлэл өгсөн. Үүнийг дэлхий дахинд цацсан мэтээр Засгийн газрын ажлыг гуйвуулж болохгүй гэж бодож байна.

Аливаа бизнесийн хамтын ажиллагаа итгэлцэл дээр тогтдог. Итгэлцэл өөрөө үнэнийг шаарддаг. Энэ үүднээс авч үзвэл Ерөнхий сайдын эдийн засгийн нөхцөл байдлын талаар үнэнийг мэдээлснийг харин ч гадаад зах зээлд итгэл төрүүлэх нэг гарц болгон хувиргаж болно. Энэ мэтчилэн зөвхөн сайн, муугаа мэдэгдээд зогсохгүй цаашид авах дараагийн арга хэмжээг цаг алдалгүй зарлах хэрэгтэй.

Манай урд хөрш Хятад улс 1980-аад оны эхэн хүртэл ямар ядуу байлаа. Хүн ард нь олон саяараа өлсгөлөнд нэрвэгдэн үрэгдэж байсныг өөрсдөө ч мэдэж байсан, гадаад ертөнц ч харж байсан. Энэ үед Хятад улсын удирдлагууд бодит байдлаа нуугаагүй дээрээс нь чөлөөт эдийн засгийн бодлогыг авч хэрэгжүүлнэ гэдгээ тов тодорхой зарлаж, гадаад ертөнцөд үүдээ нээсэн. Тэдэнд итгэл төрүүлсэн, гадаадын томоохон хөрөнгө оруулалтууд энэ үеэс Хятад руу цувсан байдаг. Үр дүнд нь асар богино хугацаанд Хятад улс эдийн засгийн хүндрэлээс гарч хөгжлийн зам руу орсон бэлэн жишээ хажууханд байна.

-Тэгэхээр эдийн засгийн байдлаа зарласан нь зөв алхам болсон гэж үзэж байна уу?

-Мэдээж улс орныхоо талаар ярих, ярихгүй юм гэж бий. Эдийн засгийн одоогийн нөхцөл байдлын тухайд бол нуугаад байх юм алга. Ерөнхий сайд хэлсэн хэлээгүй бүгд л байдлыг хараад мэдэж байгаа. Тэр тусмаа манай улстай олон жил хамтарч ажиллаж ирсэн олон улсын санхүүгийн байгууллагууд, гадаад түншүүд мэдэж байгаа. Жишээ нь, Азийн хөгжлийн банк манай улсын эдийн засгийн өсөлтийг 2016 онд 0.1 хувьтай байна, төгрөгийн ханшийг уян хатан байлгах, уналтыг сааруулах арга хэмжээ авахыг жилийн өмнөөс л анхааруулж, хэлээд байсан шүү дээ.

Манай эрх барьж байсан дарга нар “Чөтгөрийн муу амаллаа” гээд тоогоогүй. Хэт өөдрөг бодит бус тоон дээр үндэслэж төсөвт тодотгол хийсэн. Тухайн үед нь засуулах гээд Ч.Хүрэлбаатар, Д.Хаянхярваа нарын гишүүд хичнээн хэлээд ч чадаагүй, олонх хүчээр баталсан. Ингээд эдийн засгийн өсөлтийг дөрвөн хувь гэж тооцож төсөвт тодотгол хийсэн. Гэтэл одоо нэг хувийн өсөлт хүрэхтэй үгүйтэй, дээрээс нь төсвийн алдагдал хоёр их наяд төгрөг хүрчихсэн байна. Угтаа бол эдийн засаг эдийн засгаараа л байх учиртай. Гэтэл ингэж дэндүү улс төртэй хутгасан. Үнэндээ сонгуулийн өмнөхөн угтуулж интервац хийсний хор уршиг өнөөдөр Монгол төгрөгийн ханш хүчтэй унаж, долларын ханш өсөхөд нөлөөлснийг хэн хүнгүй харж, мэдэрч байна. Түүнээс биш валютын нөөц барагдаагүй, эдийн засагт эргэлдэх төгрөгийн хэмжээ хасах заагаагүй байсан бол ам.доллар ингэтлээ өсөхгүй байх боломж байсан.

Одоо шүүмжлээд суух биш, маш яаралтай ханшийн уналтыг сааруулах арга хэмжээг Монголбанк арилжааны банкуудтай нийлээд авах хэрэгтэй юм.

Ерөнхий сайд 12-18 сарын дотор макро эдийн засгаа тогтворжуулж, төсвөө эрүүлжүүлэхээр төлөвлөн ажлаа эхэлж буйгаа мөн гадна дотны хөрөнгө оруулагчдыг хамгаалах бодлого барихаа мэдэгдсэн болохоор найдлага тавьж байна. Эдийн засгаа хямралаас гаргах ажилд улс төрийн намууд саад тушаа бололгүйгээр УИХ, Засгийн газар, Монголбанк бүгд хамтраад ажиллах нь одоо чухал юм.

-Та эдийн засгийн чиглэлээр түлхүү ажилладаг. Олон улсад манай орны эдийн засгийн байдлын талаар чухам юу гэж бичиж, нийтэлж байна вэ?

-Яг үнэндээ манай эдийн засгийн нөхцөл байдлын талаар Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбон тэгтлээ олон улсад анхаарлыг нь татаад, шуугиад байгаа юм алга байна.

Монгол Улсын эдийн засгийн өсөлт саарсан, гадаад дотоодын хөрөнгө оруулалт зогсонги, төгрөгийн ханш нь эрс унасан, зээлжих зэрэглэл буурсан энэ нөхцөл байдал гадаад зах зээлийг цочроох шинэ мэдээлэл биш болсон. Ганцхан жишээ хэлэхэд, Оюутолгойн гадаад хөрөнгө оруулагч “Ivanhoe Mines” компанийн охин компани “Turquoise hill” компанийн хувьцаа Торонтогийн бирж дээр наймдугаар сарын 2-9-ний хооронд буурсан нь Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын наймдугаар сарын 10-нд хийсэн мэдээллээс болсон гэж хэлэхэд хэцүү. Ер нь сүүлийн хоёр жил эдийн засгийн таагүй байдлын талаар гадаад зах зээлд хангалттэй мэдээлэл цацагдсан шүү дээ.

Мэдээж улсын эдийн засаг, бизнестэй холбоотой улс төрчдийн амнаас гарч буй үг маш хариуцлагатай байх ёстой гэдэгтэй санал нэг байна. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг хаацайлаад байгаа юм биш, зүгээр л бодит байдлыг хэллээ.

-Хөрөнгө оруулагчид манай улс руу дахин эргэж харах боломж юу байна вэ. Гадаадын хөрөнгө оруулалтыг татсанаар эдийн засагт өөрчлөлт, ахиц гарах уу?

-Эдийн засгийн эрх чөлөөтэй хувийн өмчийг хууль эрх зүйн хувьд баталгаатай хамгаалсан, бодлого нь тогтвортой улс оронд гадаадын томоохон хөрөнгө оруулагчид орж ирж олон улсын зах зээлтэй шууд холбодог. Бид хамгийн түрүүнд алдагдсан итгэлийг сэргээх ёстой. Ингэхийн тулд гадаад дотоодын хөрөнгө оруулагчдад бодит байдлаа ойлгуулж харилцан ашигтай хамтран ажиллах нөхцөлөө тодорхой болгох, Оюутолгой, Тавантолгой, Төмөр зам гэх мэт мега төслүүдийг урагшлуулах алхмуудыг цаг алдалгүй эхлүүлнэ гэдгээ Засгийн газар зарлах хэрэгтэй. Мэдээж хөрөнгө оруулалт татсанаар эдийн засагт цусны эргэлт бий болно, тэлэлт үүснэ шүү дээ.

Сарын өмнө буюу 2016 оны долдугаар сарын 19-нд www.world economics.org байгууллага манай улсын бизнес, эдийн засгийн цаашдын хандлага, үзүүлэлтэд хөрөнгө оруулагчид эерэг хүлээлттэй байгааг зарласан байна билээ. Энэ нь хөрөнгө оруулагчид сүүлийн нэг сард манай улсын эдийн засаг, бизнесийн салбарт эерэг хүлээлттэй, хөрөнгө оруулах сонирхолтой байсныг харуулсан гэсэн үг. Монголд бизнес эрхлэхэд ямархуу хүлээлттэй байгааг тухайн хөрөнгө оруулагчдаас асууж, хүлээлтийг нь гаргадаг энэ үзүүлэлтээс харахад сонгуулийн дараа манай улсад хөрөнгө оруулагчдын нааштай хандлага ажиглагдаж байна. Үүнийг бид алдахгүй байх хэрэгтэй юм.

Түүнчлэн хөрөнгө оруулалтыг татсанаар төгрөгийн ханшийн уналтыг сааруулах боломж бүрдэнэ. Гадаадын шууд хөрөнгө оруулалт өсөх нь төгрөгийн ханшийг дунд болоод урт хугацаанд чангаруулах нөлөөтэй байдгийг 2008-2012 онд авч хэрэгжүүлсэн Засгийн газрын бодлого харуулсан.

Энэ Засгийн газар ч гадны хөрөнгө оруулалт, хөрөнгө оруулагчдыг татаж ажиллана гэдгээ мэдэгдсэн шүү дээ. Ерөнхий сайд гадны хөрөнгө оруулагчдыг татах, Монголд оруулж ирэх үүднээс Засгийн газраас дэмжлэг туслалцаа үзүүлнэ, тэдний эрх ашгийг хамгаална. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэргэд Гадаадын хөрөнгө оруулагчдыг хамгаалах зөвлөл байгуулсан гэж мэдээлж байсан.

-Таны харж байгаагаар Монгол Улс эдийн засгаа сэргээж тогтворжуулахын тулд ямар алхмыг эн тэргүүнд хийх хэрэгтэй вэ?

-Одоо эн тэргүүнд эдийн засагт өндөр өсөлт байна гэж тооцоолсон алдаатай төсөвөө тодотгол хийх замаар засах ёстой. Тиймээс Засгийн газар төсвийн тодотголоо оруулаад ирвэл ирэх долоо хоногоос ээлжит бус чуулган зарлаж УИХ хуралдах болов уу гэж харж байна. Тодотголоор эдийн засгийн хүндрэлийг дотооддоо даван туулах бүхий л боломжийг бид хайна. Гэхдээ иргэдийнхээ цалин хөлс тэтгэвэр тэтгэмжийг хасах арга зам урьтал болголгүй, татварын бодлогоор зохицуулалт хийх, тансаг хэрэглээг танах гэх мэт боломжуудыг Засгийн газар оруулж ирнэ гэж найдаж байна.

Тухайлбал, зарим эдийн засагчдын ярьж байгаагаар малын хөлийн татварыг тодорхой хугацаанд авах хэрэгтэй гэдэгтэй би санал нэг байна. Мөн төсвийн мөнгөөр туйлж ирсэн төрийн өмчит компаниудын асуудлыг ч ойрын хугацаанд авч үзэх хэрэгтэй. Засгийн газар ээлжит хуралдаанаараа төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компанийн удирдлагууын цалинг бууруулах шийдвэр гаргасан. Энэ шийдвэрээс сард 30 сая хүртэл төгрөгийн цалин авдаг төрийн өмчит компанийн удирдлага байдаг нь харагдлаа. Тэр хүний цалинг 60 хувь буурууллаа гэхэд 12 сая төгрөг сардаа авна. Ийм өндөр цалин, хангамж урамшууллыг хасч болно шүү дээ.

Түүнчлэн, уул уурхайн салбарыг хөдөлгөөнд оруулах нь бас том дэм болно. Тэгээд мэдээж Монгол ардын нам мөрийн хөтөлбөртөө тусгасан “21:100” хөтөлбөрөө хэрэгжүүлж, ажлын байр олноор бий болгох үйлдвэрүүдээ барьж ашиглалтад оруулах ёстой.

-Монгол ардын нам эдийн засгаа яаралтай сэргээж босгох гэхээсээ илүүтэй өмнөх намын юуг буруу хийснийг ярьж, шүүмжилсэн байр сууринаас хандаад байна. Монгол ардын нам Ардчилсан намын хийж байсан бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх болов уу гэсэн асуулт их байна?

-Эдийн засгаа яаралтай сэргээхийн тулд хаана, юу нь өвчилснийг үнэн зөвөөр оношлоод, түүндээ тааруулж эрчимт эмчилгээ хийснээр үр дүн гарна. Тоо худлаа байж болохгүй гэж түрүүн хэлсэн. Эдийн засгийн нөхцөл байдлыг үнэнээр мэдээлсний төлөө өмнөх намыг шүүмжиллээ гэж эмзэглэж болохгүй шүү дээ. Угаасаа л улс орон, ард түмний амьдрал бодит байдлыг нотлоод байхад.

Мэдээж төрийн залгамж чанар гэж бий. Монгол ардын нам өмнөх эрх барьж байсан Ардчилсан намын Засгийн газрын алдааг нь засч залруулж, сайныг нь үргэлжлүүлэн хийнэ.

Categories
мэдээ нийгэм

Сондгой тоогоор төгссөн бол замын хөдөлгөөнд оролцоно

Сондгой тоогоор төгссөн бол замын хөдөлгөөнд оролцоно зурган илэрцүүдХичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн оронг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан билээ.

Захирамжийн дагуу өнөөдөр буюу наймдугаар сарын 28-нд 1, 3, 5, 7, 9 дугаарын тоогоор төгссөн автомашин замын хөдөлгөөнд оролцоно. Харин 0,2,4,6,8 дугаарын тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцохгүй юм.

Зуны хязгаарлалтын бүсэд өглөөний 08:00 цагаас 20:00 цагийн хооронд дугаарын хязгаарлалт үйлчилэх ажээ.

Categories
мэдээ цаг-үе

Монголбанк “Стэнд бай”-д хамрагдахын тулд хувийн хэвшлээ устгах шийдвэр гаргалаа

Төв банк бодлогын хүүгээ бүхэл бүтэн 4.5 хувиар өсгөчихлөө. Бодлогын хүүг ингэж огцом нэмсэн тохиолдол өнгөрсөн түүхэнд үгүй. 10.5-аас 15 руу үсэрсэн бодлогын хүү эдийн засагт яаж нөлөөлөх бол гэсэн асуултад хариулахын өмнө Монгол банкны тайлбарыг сонирхуулах нь зүйд нийцэх байх. Төв банк албан мэдээндээ “Монголын гадаад худалдааны тэнцэл 2016 оны эхний хагас жилийн байдлаар өмнөх оны мөн үеэс 602.0 сая ам.доллараар сайжирч, урсгал тэнцлийн алдагдал хоёр дахин буурлаа.Валютын орох болон гарах урсгалын тэнцэлд ийнхүү нааштай хандлага харагдаж байгаа ч цаашид макро эдийн засгийн суурийг бэхжүүлэх, төгрөгт итгэх итгэлийг бэхжүүлж, төгрөгийн өгөөжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн шат дараалсан арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай байна. Иймд Монголбанк төгрөгийн ханшийг хамгаалах, эдийн засгийн дунд хугацааны тогтвортой байдлыг хангах зорилгоор төгрөгийн активын өгөөжийг нэмэгдүүлэх арга хэмжээг авч байна. Үүний зэрэгцээ төсвийн болон мөнгөний бодлогын засах арга хэмжээг эрчимтэй авч хэрэгжүүлэх замаар төгрөгийн ханшийн тэнцвэрийг хангах бодлого баримтална” гэсэн болхидуу тайлбар хийсэн харагдсан. Өнөөдрийнх шиг эдийн засаг хямарсан цагт хүүгээ өсгөж гөжүүдэлдэг төв банкийг зах зээл хөгжсөн улсаас лав хайгаад олохгүй. Санхүүгийн хямралын үед зарим улс орон бүр бодлогын хүүгээ тэглэсэн туршлага ч харагддаг.

Бодлогын хүүг энгийнээр тайлбарлавал аливаа улсын Төв банкнаас банк болон санхүүгийн байгууллагуудад шаардлагатай мөнгөн хөрөнгийн эх үүсвэрийг санхүүжүүлэхэд олгодог зээлийн хүү. Банкууд энэ хүүн дээр тулгуурлаж компани, иргэдэд өгөх зээлийн хүүгээ шийддэг. Бодлогын хүү нэмэгдчихээр банкууд зээлийнхээ хүүг өсгөнө гэсэн үг. Товчхондоо компаниудад зээл өгөхөөс татгалзаж эхэлнэ. Бодлогын хүү өндөр үед банкуудад зээл өгөх сонирхол хэтээсээ төрөхгүй.Эдийн засаг хямарсан энэ үед арай ядан хөл дээрээ тэнцэж яваа үйлдвэрлэгчдэд итгэж зээл өгч, эрсдэл үүрэхийг ямар ч банкны эзэн хүсэхгүй. Тэгснээс ямар ч эрсдэлгүй бизнес болох төв банкны үнэт цаасанд хөрөнгө оруулсан шигээ аж төрөхийг илүүд үзнэ. Хэн ч эрсдлээс зугатаж, ашгийг илүүд үзэх учраас арилжааны банкуудад буруу өгөх аргагүй. Төв банк талаас харвал үнэт цаас нэрээр татаж төвлөрүүлсэн мөнгөндөө бодлогын өндрөөс өндөр хүү төлнө. Энэ улсын санхүүгийн нөөц хөрөнгөнөөс их хэмжээний үргүй зардал гарна гэсэн үг. 2011 онд Монголбанк үнэт цаасны хүүгийн төлбөрт ойролцоогоор 120 гаруй тэрбум төгрөг зарцуулсан гэх тоо дуулддаг. Төв банк 2009 оны хямралаар бодлогын хүүгээ яг ингэж чангатгаж байсан юм. Гэхдээ өнөөдрийнх шиг улайрч огцом нэмээгүйг хэлэх хэрэгтэй.

Өнөөдөр үйлдвэрлэл эрхлэгчид, компаниуд бултаараа зээлтэй. Шинээр зээл авч, өмнөх зээлээ төлж, үлдсэн багахан мөнгөөр нь эргэлтийн хөрөнгөө хийж яваа. Хойд хормойгоороо урд хормойгоо нөхөх маягаар ажиллаж, зүтгэж, өчнөөн мянган хүнийг ажилтай орлоготой авч яваа нь нууц биш. Тэгвэл ирэх өдрүүдэд компаниудын зах зээлд эргэлдүүлж буй багахан мөнгө төв банк руу шууд татагдана гээд ойлгочихож болно.

Ариун цэврийн цааснаас эхлээд гутлаа хүртэл өөрсдөө үйлдвэрлэж, зарим нь бүтээгдэхүүнээ Европ, Ази руу экспортлоод эхэлсэн үндэсний үйлдвэрлэгчдийн хувьд модоо барихаас аргагүйд хүрнэ. Эсрэгээрээ гаднаас ариун цэврийн цаас, даршилсан өргөст хэмх зөөдөг бизнес цэцэглэнэ. ОУВС-гийн зөвлөснөөр гэсэн хаяган дор эрс нэмж буй бодлогын хүү үндэсний үйлдвэрлэлээ соёлтойгоор оршуулж байгаа л нэг хэлбэр.

Хөрөнгийн зах зээлийн шинжээч Д.Ангар “Бодлогын хүүг ингэж өсгөсөн нь банкны секторт ашигтай. Харин бусад аж ахуйн нэгж, иргэдэд маш халтай. Бүх зээлийн хүүг дээш нь 4.5 хувиар татна. Бизнесийн зээл 25 хувь байсан бол одоо 30 хувьд хүрнэ гэсэн үг. Хөрөнгийн биржид бонд гаргахаар төлөвлөж байсан 2-3 төсөл яригдаж байлаа. Бүгд нам зогслоо” гэсэн бол валют, хувьцааны арилжаа хийдэг О.Мөнхжин “Бодлогын xүүг иxэсгэснээр зээл аваx нь багасч, эдийн засагт эргэлдэx төгрөгийн давтамж буурна. Ингэxээр үнийн өсөлт, инфляцийг түр xэмжээнд барьж байгаа юм л даа. Xүүгийн өсөлтөөр үнийн өсөлтийг бариx нэг талдаа сайн талтай ч гэлээ бас нөгөө талдаа эдийн засаг xумигдана. Монгол банкны бодлогын xүү буюу бусад арилжааны банкуудад зээлэx xүү өсөxөөр арилжааны банкуудын xүү дагаад өснө. Үнэxээр л гайxамшиг гэгч зүйл л гарч ирдэггүй юм бол Монголын эдийн засаг ойрын арван жилдээ бол xэцүү дээ xэцүү. АНУ 1980-аад оны үеэр 10 гаруй xувийн бодлогын xүүтэй байсан. 2000-аад он гартал ер нь найман хувиас доош ороогүй” гэж онцолсон байна лээ. Эдийн засагч, шинжээч, энэ зах зээлийг гадарладаг улсууд цахим орчинд энэ мэт шүүмж өрнүүлээд эхэлчихлээ. Ихэнх нь шүүмжилсэн өнгө аястай яриа хөөрөө өрнүүлж байна.

Бодлогын хүү өсөхөөр төгрөгийн ханш чангарна, төгрөгийн ханш чангарахаар хүмүүс долларын хадгаламжаа төгрөг болгоно, тэр хэрээр ноён ногооны ханш суларна гэсэн эерэг гаргалгаа бий. Төв банк ийм хүлээлтээр бодлогын хүүгээ огцом өсгөсөн байх магадлалтай.

Гэхдээ эдийн засаг хэцүү ийм үед хувийнхнаас байгаа мөнгийг нь хуу хамна гэдэг зөв алхам биш. Өнгөрсөн дөрвөн жилд хувийн хэвшлийнхнээ авч үлдэх гэж үнэ тогтворжуулах хөтөлбөр, үйлдвэрлэгчдийг дэмжсэн бага хүүтэй зээл гэх мэтээр дэмжсэн тулдаа монголчууд эдийн засгийн хямралыг тэгтлээ мэдрээгүй. Ажлын байр ихээр шингээдэг салбаруудаа дажгүй нөхцөлтэй зээлийн бодлогоор дэмжсэн учраас Батаа, Дулмаа хоёр ажилтай, ажилтай учраас байрны зээлд хамрагдаж, лизингээ төвөггүй төлсөөр өнөөг хүрсэн юм. Бодлогын хүү огцом чангарсан учраас үндэсний үйлдвэрлэгчид эхнээсээ хаалгаа барьж эхэлнэ. Барилгын салбарт гацсан их наяд шахам төгрөг тэр чигтээ царцаж, зээл авсан барилгын компанийн эздийн хүүгийн дарамт өдөр ирэх бүр нэмэгдэнэ. Чанаргүй зээл гэрлийн хурдаар өсөх нь тодорхой. Барилгын салбар сэргэх төлөв мөддөө харагдахгүй гэхээр бага хүүтэй ипотекийн зээл ч өнөө, маргаашдаа үлгэр болж байна. Бидэнд хамаатай бас нэг аюул бол үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ навс унана. Таны, миний, бидний амьдардаг орон сууцны үнэлгээ гэхэд л түүхэнд байгаагүйгээр уруудах эрсдэл бий. Орон сууцны үнэ унахаар сайн гэж мэтгэх хүмүүс гарч ирнэ байх. Улс даяараа ажилгүй, мөнгөгүй болчихоор байр хэчнээн хямдраад хэнд хүртээлтэй гэж…

Монголбанкны энэ шийдвэр ОУВС-гийн зөвлөгөөнөөс улбаатай гэдэг гаргалгааг учир мэдэх хэн ч төвөггүй хийчихнэ. Үр дүнд нь бид хэцүүдсэн улс арга тасрахаараа гуйдаг “Стэнд бай”-д нь багтана. Хямд хүүтэй хөнгөхөн нөхцөлтэй доллар оруулж ирээд тэдний зөвлөгөөгөөр зарцуулж эхэлнэ. Шуудхан хэлэхэд Н.Баяртсайхан ерөнхийлөгч “Стэнд бай”-д хамрагдахын тулд хувийн хэвшлийнхнээ устгах шийдвэр гаргачихлаа. “Стэнд бай”-н дараа хөрөнгө оруулалт татна, хандивлагчид гоё нөхцөлтэй зээл өгнө энэ тэр гэсэн төлөвлөгөө хүлээлт байж мэдэх юм. Харамсалтай нь “Стэнд бай”-гаар амь тариа хийсэн ядруухан оронтой ижил төвшинд харилцаж, ашигтай бизнес ярих, ногоон валютын хөрөнгө оруулалт хийх улс, бизнесмэн ойрын нэг, хоёр жилдээ лав гарч ирэхгүй. Засгаас бонд энэ тэр гээд арай эрүүл хувилбар ярьж байгаа сураг дуулдсан ч эхний ээлжинд “Стэнд бай”-даж амьтай голтой алхцгааж буй хувийн хэвшлийнхнийхээ амийг таслахаар шийдсэн бололтой. Бодлогын хүүгийн огцом өсөлт ингэж хардахаас аргагүйд хүргэж байна.

ДНБ-ий өсөлт нэмэх гурван хувь дээр байгаа. Хувийнхнаа, үйлдвэрлэгчдээ нугаслачихаар ирэх жил хасах руу орох нь тов тодорхой. Арай гэж хөл дээрээ тэнцээд алхах гэж ядаж байгаа үйлдвэрлэгчдээ төр нь өөрөө цохиод унагачихаж байгаатай ялгаагүй эд л дээ.

Үр дүнд нь зарим нэг арилжааны банк дампуурах эрсдэл ч бий гэж шинжээчид хэлж байна. Тэр үед засаг баригчид “Зах зээлийн жамаар сайн нь үлдэж муу нь уналаа” гээд мөрөө хавчицгаана. Бүүр хойно нь “Банк оф Чайнаг оруулахаас аргагүй” гэцгээнэ. Мэдээж дараа нь Таван толгойг хөдөлгөнө. “Өөр арга байсангүй ээ” гээд хүчээр хөдөлгөж таарах болов уу. Зах зээлийнх нь жамаар, энэ улсад ашигтайгаар хөдөлгөөсэй гэсэн найдлага л үлдэж байна даа.

Англи, Герман, Япон зэрэг хүчирхэг улс бодлогын хүүгээ өсгөхгүй байхад анхаарч, эдийн засаг хэцүүхэн үед компаниудаа тэтгэсэн бага хүүтэй зээлийн бодлого явуулдаг. Бүр дампуурах гэж байсан том компаниудаа төрөөс нь дэмжиж өндийлгөсөн жишээ өчнөөн бий. Гэтэл манайд эсрэгээрээ бодлогын хүүгээ хоёр оронтой тоонд байлгаж, нэг дор дөрөв гаруй хувиар нисгэж, хувийн хэвшлийнхэн, үйлдвэрлэгчдээ сөхрөөх шийдвэр гаргаж, тэрийгээ улсаа аврах зоригтой алхам гэж тайлбарлаж байна.

Зүй нь эхлээд их наядын алдагдалтай төсвөө эрүүлжүүлээд, дэд сайд гэх мэт элдэв шалдав дэмий шахуу зардлуудаа танаж, дараа нь мөнгөний бодлого руугаа орсон бол МАН-ыг нийгэм арай өөрөөр харах байлаа. Дорж, Дулмаа ажилгүй, байрны зээл хөөцөлдөж байсан Цэцгээгийн төлөвлөгөө мөрөөдөл төдий үлдэж, бизнесээ эхлээд хүсэл дүүрэн алхаж явсан үйлдвэрлэгчид хаалгаа барьчихаар доллар мянга хэдэн зуу руу уруудаад маньд ямар нэмэр байхав.

Categories
мэдээ цаг-үе

С.Уудам: Болж өгвөл дэлхийн бүх хүнд хүрсэн дуу дуулахсан гэж хүсдэг

ӨМӨЗО-ны соёлын өдрүүд тохиож байгаа
билээ. Соёлын өдрүүдэд зориулсан урлагийн тоглолтод С.Уудам ая дуугаа барихаар Монголд
ирээд байгаа юм. С.Уудамыг Монголчууд “Алсад суугаа ижий” дууг дуулснаар нь мэдэх
билээ.

-Өмнөд Монголын соёлын өдрүүд болж
байна. Та ямар уран бүтээлээр ая барих гэж байна вэ?

-Намайг “Алсад суугаа ижий” дуугаар
хүмүүс их мэддэг болохоор энэ дуугаар ая барина. Монголд гурван өдөр болоод буцах
гэж байна. Бид Хөлөнбуйр аймгийн “Таван тансаг Хөлөнбуйр” хүүхдийн дууны бүлгэмийн
багш нар, 30 гаруй хүүхдүүдийн бүрэлдэхүүнтэй ирлээ. Энэ бүлгэмийн багш нар болох
БНХАУ-ын соёлын тэргүүний ажилтан Б.Бүрэнбаяр, О.Урнаа нарыг монголчууд “Чандмань
эрдэнэ” дуугаар нь сайн мэдэх байх. Би энэ бүлгэмийн хамгийн анхны шавь нарынх нь
нэг, долоон настайгаа энэ бүлгэмд элсэж байлаа. Одоо бол зөндөө олон дүү нартай
болсон байна.

-Та “Авьяаслаг хятадууд” шоунд орж
“Алсад суугаа ижий” дууг дуулснаар маш олон хүний сэтгэлд хүрч, олны танил болсон.
Энэ шоунд орсон тухайгаа яриач?

-Би тэр шоунд ороход 11 настай байсан.
“Таван тансаг Хөлөнбуйр” бүлгэмдээ дуулдаг байлаа. Манай бүлгэмийн н.Баатардорж
ах “Чи энэ дууг дуулах уу” гэсэн. Надад их гоё санагдсан учраас дуулахаар шийдсэн
юм. Түүний дараахан “Авьяаслаг хятадууд” шоу болж оролцож байсан юм. Тэр дууг дуулж,
хүмүүсийн сэтгэлд хүргэж чадсандаа баяртай байдаг. Аз л гэж хэлэх байх. Шоунд гуравт
шалгарч, зургаан дуутай CD бичүүлсэн. Таван жилийн өмнө дуулсан дуунууд болохоор
одоо дуулах гэхээр заримд нь хоолой хүрдэггүй, зарим дуу нь доордоод байдаг юм.
“Авьяаслаг хятадууд” шоуны дараа хүмүүс таарахаараа зургаа даруулъя, гарын үсгээ
өгөөч гэх тохиолдол их байдаг байсан. Одоо том болоод, царай төрх ч өөрчлөгдсөн
болохоор таних хүмүүс багассан.

-Цаашдын зорилго, мөрөөдөл тань
юу вэ. Дуучин болно гэж боддог уу?

-Одоогоор Канадын Ванкуверт сурч
байна. Сургуулиа төгсөөд урлагийн хүн болно гэсэн л бодолтой байдаг. Канадад дуучин
юм уу, жүжигчин мэргэжлээр сурахыг хүсэж байна. Би Монголд нэг удаа ирэхдээ
“Doz” энтертайментийн “Хөх толбот хүмүүс” гэдэг кинонд нэг дүрийн бага насны дүрд
тоглосон. Дуулахаас гадна жүжиглэх ч гэсэн сайхан санагдсан шүү. Канадад их гоё
байгаа, их л зүйл сурч байна даа.

-Канаддаа дуулах боломж хэр байдаг
вэ?

-Тэнд хятад хүмүүс их байдаг болохоор
зарим нь намайг таньдаг юм. Тиймээс хааяа тоглолтод дуулах санал тавьдаг. Хөлөнбуйр
аймагтаа очсон үед найр наадамд уригдаж дуулах үе гарна. Нутгийнхан маань “Манай
Хөлөнбуйр аймгийн дуучин Уудам дуулна” гэж байгаад л бүх дууг минь дуулуулдаг. Тэр
дундаа “Алсад суугаа ижий” дууг заавал сонсохыг хүсдэг. Мөн өөрийнхөө урьд нь дуулж
байсан дуунуудыг ихэвчлэн дуулдаг юм. Би цаашдаа өөрийн гэсэн олон дуутай болоод
тэр дуунуудаасаа сонгоод дуулахыг их хүсдэг шүү. Бас хоосонгүй ээ одоо хоёр шинэ
уран бүтээл дээр ажиллаж байна. Миний мөрөөдөл болж өгвөл дэлхийн бүх хүмүүст хүрсэн
дуу дуулах.

-Монгол Улсын гавьяат жүжигчин С.Жавхлантай
хамт тайзан дээр гарахад ямар байв?

-Манай Хөлөнбуйрын дуучин н.Батсүх
ах намайг Монгол Улсын гавьяат жүжигчин С.Жавхлан ахтай танилцуулж өгсөн. С.Жавхлан
ахын дуунд нь дуртай, үнэнч сонсогч нь байсан болохоор анх уулзаад, юу хэлэхээ ч
мэдэхгүй дуугарч чадахгүй байсан. Уулзаж танилцаад гэрт нь байж, хамтдаа хөдөөгүүр
яван хорхог хүртэл идсэн шүү. Тоглолтод зориулж надад цагаан өнгийн дээл хийж өгсөн
юм. Одоо надад бүр багадчихсан л даа. Тайзнаас буух үедээ С.Жавхлан ахдаа “Ийм гоё
дээл өгсөнд нь баярлалаа” гээд хэлчихсэн юм. Гэтэл хүмүүс инээгээд, бас алга ташаад
эхэлсэн. Тэгэхээр нь буруу бас ойлгогдохгүй хэлчихлээ гэж бодоод дахиад “С.Жавхлан
ахдаа баярлалаа” гээд хэлчихсэн. Тэр үед сүрдсэндээ, баярласандаа ч юм уу маш их
сандарч байсан. Гэхдээ л тоглолтод нь хамт дуулахад маш сайхан санагдаж байсан шүү.

-Та нэг эгчтэй гэсэн. Эгч тань дуулдаг
уу?

-Би Хөлөнбуйр аймгийн Шинэ булаг
сумын энгийн малчин айлд өссөн. Нэг эгчтэй. Эгч маань цэцэрлэгийн багш мэргэжлээр
сурдаг. Одоо зуны амралтаараа хөдөө эмээ дээр амарч байна. Би Канадаас ирээд эмээ,
эгч дээрээ амарч байгаад Монгол руу шууд ирлээ. Би чинь эмээгийн хайртай хүү шүү
дээ. Миний эмээ их юм боддог, дуугүй хүн байдаг. Канад руу явах үед “Их зүйл сураад,
хамгийн гол нь сайн яваад ирээрэй” гэж захьдаг даа. Эгч маань их дажгүй дуулдаг
шүү.

-Уудам гэдэг нэрийг таньд хэн өгч
байсан юм бэ?

-Намайг уул нь Соном гэдэг байсан
юм. Аав маань нэг орой юм бодож байгаад л “Миний хүүгийн Соном гээд нэр түвд нэр
болохоор их хүчтэй. Миний хүүд хүнддэж магадгүй, тиймээс аав нь хүүгээ Уудам гэж
нэрлэнэ” гээд л хэлсэн. Би тэр үед таван настай байсан хэдий ч аавынхаа надад нэр
өгч байгаа тэр үеийг хэзээ ч мартдаггүй юм. Бодоход санаанд маш тодхон байдаг. Нэрнийхээ
утгыг тайлбарлахдаа тал шиг уудам сэтгэлтэй, сайн хүн болоорой л гэдэг утгаар өгсөн
гэж байсан.

-Та ээж, аавынхаа тухай яриач?

-Одоо ээж, аавынхаа тухай ярихдаа
эмзэглэх нь багассан шүү. Багадаа санаж гуниглах үе мэдээж цөөнгүй байсан. Миний
ээж их сайхан дуулдаг байсан юм. Ээж маань машины ослоор, аав маань эмнэг сургаж
байгаад бурхан болсон. Тийм болоод ч тэрүү машинд суусан үед их хурдлах, гэнэт зогсох
үед бага зэрэг айж, ээжийнхээ тухай бодоод байдаг. Бас морь унахаас айдаг болчихсон.
Гэхдээ одоо аавын минь оронд аав, ээжийн минь оронд ээж болж байгаа хоёр сайхан
багш минь бий. “Таван тансаг Хөлөнбуйр” хүүхдийн дууны бүлгэмийн Б.Бүрэнбаяр, О.Урнаа
багш нар маань намайг өргөж авсан. Намайг өдий болтол өсгөж торниулж, сайн сайхан
явахад минь хамгийн их тусалж байгаа хүмүүс, үргэлж баярлаж явдаг юм.

-Монгол дээл хэр их өмсдөг вэ?

-Цагаан сар, тоглолтод орох үедээ
дандаа дээл өмсдөг. О.Урнаа багш маань хэмжээг нь аваад Монгол руу явуулаад энд
байдаг оёдолчноор хийлгэдэг. Миний төрсөн нутагт энгийн малчин ардууд байдаг болохоор
монгол дээлээ өмсөж, ёс заншлаа дагадаг. Малгай сольж өмсөхгүй, энд тэнд хаяхгүй
байх ёстой гэх мэтчилэн зан заншилаа их хадгалж үлдсэн байдаг.

-Монголд ирэхэд ямар санагддаг вэ?

-Найм дахь удаагаа ирж байна. Үнэхээр
сайхан байгальтай сайхан нутаг. Онгоцноос ч гэсэн тэр байгалийг нь биширч, харж
байлаа. Ирэх тусам олон хүнтэй, олон машинтай болоод л байгаа юм шиг санагдаж байна.
Улаанбаатар хотыг сайн мэдэхгүй, төв хэсгээр нь байж байгаад л буцаж байна даа.
Өмнөд Монголын соёлын өдрүүдээр монголчуудтайгаа уулзсандаа баяртай байна. Би Монголд
өөрийн ул, мөрөө үлдээж явах юмсан л гэж их боддог.

О.Ариунцэцэг

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Улаанбаатарт 25 хэм дулаан байна

-ӨНӨӨ МАРГААШДАА ИХЭНХ НУТГААР БОРОО ХУР БАГАТАЙ, ӨДӨРТӨӨ ДУЛААХАН БАЙНА-

Энэ сарын 29-нд буюу маргааш баруун болон төвийн аймгуудын хойд хэсгээр, 30-нд төв, зүүн, говийн аймгуудын зарим газраар түр зуурын бороо, 31-нд төв болон зүүн аймгуудын нутгаар, 1-нд баруун болон зүүн аймгуудын нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 29, 1-нд зарим газраар, 30, 31-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна. Энэ сарын 30-аас ирэх сарын 1-ны өдрүүдэд нутгийн зүүн хэсгээр сэрүүхэн байна.

-ӨНӨӨДӨР УЛААНБААТАРТ 26 ГРАДУС ДУЛААН БАЙНА-

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 16-21 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 14-19 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө багавтар үүлтэй, бороо орохгүй. Өдөртөө үүлшиж, Хангай, Хөвсгөлийн уулсаар бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 16-21 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 6-11 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Дундговийн нутгаар 6-11 градус, бусад нутгаар 10-15 градус өдөртөө бүх нутгаар 24-29 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө 8-10 градус, өдөртөө 24-26 градус дулаан байна гэж Ус цаг уурын эрдэм шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.