Categories
мэдээ спорт

Г.Отгонцэцэгийн Казакстан улс “Куrmet” одонгоор шагнажээ

“Рио-2016” олимпийн жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг-д Казахстан улсын нэрийн өмнөөс барилдсан Галбадрахын Отгонцэцэг хүрэл медаль хүртэж, Монгол төдийгүй казахстанчуудыг баярлуулсан билээ.

Түүнийг хүрэл медалиа энгэртээ гялалзуулсаар очиход нь Казахстан улс баатрын ёсоор угтан авч, баяр хүргэсэн юм.

Олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд оруулж буй хувь нэмрийг нь үнэлэн, Казахстан улсын Дотоод явдлын яамны сайд, хурандаа генерал К.Касымовын тушаалаар Г.Отгонцэцэг болон түүний дасгалжуулагч Д.Энхбаатар нарыг “Kyrmet” одонгоор шагнажээ.

Мөн Г.Отгонцэцэгийг Казахстан улсын “Динамо” нийгэмлэг тамирчнаар авч, бэлтгэл сургуулилтыг нь базаалцахаар болсон аж. Сонирхуулахад, Казахстан улс Г.Отгонцэцэгийг “BMW” загварын машин, 75000 ам.доллар, нэг өрөө байраар амжилтыг нь урамшуулсан юм.


Categories
мэдээ спорт

Токитэнкү А.Хүчитбаатар зодог тайллаа

Токитэнкү А.Хүчитбаатар зодог тайллаа зурган илэрцүүдМонголын сүмоч Токитэнкү А.Хүчитбаатар зодог тайлж буйгаа албан ёсоор зарлалаа.Тэрээр “Lymphoma” хэмээх цусны хорт хавдрын улмаас жил гаруй хугацаанд тэмцээнд оролцож чадалгүй, эмчилгээ хийлгэж байсан юм.А.Хүчитбаатар одоо эмнэлэгт эмчлүүлж байгаа бөгөөд өвчний улмаас 20 орчим кг турсан гэнэ.

Тамирчин хүний хамгийн том дайсан бол бэртэл гэмтэл, хэлж бус хийсч ирдэг өвчин.А.Хүчитбаатар өвчнөө даван туулж, дэвжээндээ эргэж ирэх зорилготой байгаагаа илэрхийлж байсан ч харамсалтай нь чадсангүй.

Манай тамирчин Магаки ояката нэрээр Японы мэргэжлийн сүмогийн холбоонд ажиллах сонирхолтой байгаа аж.

Тэрээр 2014 онд иргэншлээ сольж, ояката болох болзол хангасан юм.

Categories
мэдээ улс-төр

УБТЗ-ыг татвараас чөлөөлөх хуулийн төслийг гишүүд дэмжсэнгүй

УБТЗ зурган илэрцүүд

Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр
зам нийгэмлэгийн импортлох авто бензин, дизель түлшинд ногдуулдаг онцгой албан
татварыг чөлөөлүүлэх хүсэлтийг Засгийн газарт тус нийгэмлэг болон ОХУ-ын Элчин
сайдын яамнаас ирүүлсэн билээ. Хэрэв УБТЗ-ыг онцгой албан татвараас чөлөөлөхгүй
бол транзит тээврээ зогсооно гэж ОХУ мэдэгджээ.

Талуудын хүсэлтийг хүлээн авахын тулд Засгийн
газар УБТЗ-ын хэрэглээний дизелийг татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг
боловсруулж, УИХ-д өргөн барьсан байна. Татварын тухай хуулиар татварыг зөвхөн
УИХ бий болгох, өөрчлөх, чөлөөлөх, хүчингүй болгох эрхтэй юм. Үүнээс гадна
БНМАУ, ЗСБНХУ-ын Засгийн газрын хооронд байгуулсан 1949 оны хэлэлцээр болон
одоо хүчин төгөлдөр хэрэгжиж буй хуулийн хүрээнд УБТЗ-ын импортлодог дизель
түлшинд ногдуулдаг онцгой албан татварыг чөлөөлөх боломжгүй аж. УБТЗ 1998 оноос
хойш жилд 2-4 тэрбум төгрөгийн татвар төлж иржээ. 2015 онд 21 тэрбумын татвар
төлсөн. Энэ жил онцгой албан татварын хэмжээ 15 дахин нэмэгдсэнтэй
холбоотойгоор 36 тэрбум төгрөгийн татварыг улсын төсөвт төвлөрүүлнэ гэсэн
тооцооллыг ч УБТЗ-ынхан гаргасан байна. Төлөх татварын хэмжээ нэмэгдэх тусам
УБТЗ-ын эдийн засаг хүндрэх болжээ. Мөн Япон улсын Засгийн газраас зээлсэн 115 тэрбум
төгрөгтэй дүйцэх иенийг 2023 он гэхэд төлж дуусгах үүрэгтэй. Хэрэв энэ чигээрээ
онцгой албан татварыг улсад төлөөд явбал 2023 онд багтаж дээрх зээлийг
барагдуулах эдийн засгийн боломж УБТЗ-д байхгүй болсныг УБТЗ-ын дарга
Л.Пүрэвбаатар УИХ-ын Төсвийн байнгын хорооны гишүүдэд танилцуулсан юм.

Гэвч УИХ-ын Төсвийн байнгын хорооны гишүүд
өнгөрсөн баасан гаригт Засгийн газраас санаачилсан Онцгой албан татвараас
чөлөөлөх хуулийн төслийг дэмжсэнгүй.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Улс төрийн хийрхүү зангаа больцгооё

Оросын нэг алдарт зохиолч “Орос оронд юу болж байна вэ?” гэж асуугаад, өөрөө хариулахдаа “Идэж ууж л байх шив дээ” гэсэн гэдэг. Түүн шиг “Монголоор юу байна вэ?” гэвэл “Дарга болох гэсэн хийрхүү хүмүүс л байх шив дээ” гэхээс өөр хариулт олдохгүй нь бололтой. Монголчуудын улс төрийн хийрхүү зан 1989 оноос эхэлсэн гэхэд болно. Бараг л 27 жил болох гэж байна. Үүний 25 жилд нь МАН нэг юм ярьдаг. АН нь бас өөр юм ярьдаг. Үүнээс нь болж ард түмэн талцаж хоёр тал болдог. Хамгийн инээдтэй нь тэдний хийрхүү зангаас болж ямар ч ач холбогдолгүй, Монголын хөгжилд нэмэргүй зүйлс нийгэмд чухал асуудал мэт дэвэрч, хөөсөрдөг.

Түүний нэг илрэл нь Улаанбаатар хотын төв талбайн нэр. АН-ынхан Засгийн эрх барихаараа Чингисийн талбай гэж нэрлэхийг хүснэ. МАН нь болохоороо “Чингисийн талбай болгож таарахгүй. Д.Сүхбаатарын талбай гэж нэрлэх ёстой” гэх жишээтэй. МАН нь Д.Сүхбаатараа хүндэлдэг, АН нь Чингисээ дээдэлнэ гэж харгалдах. Хоёулаа л монголчуудын хувьд тухайн цаг үеийнхээ баатрууд, эх орончид. Төв талбайн нэр Чингис эсвэл Сүхбаатарынх байх уу гэдгээс болж хэдэн жил талцаж, хийрхэх ёстой юм бол. Үүнээс өөр хийх зүйл Монгол Улсад байхгүй мэт аяглах юм. Гэтэл энэ хугацаанд Монгол Улсын хөгжлийн хэтийн бодлого алдагдаж, эдийн засгийн хямрал, ядуурал, авлига хээл хахууль тартагтаа тулж төрийн өмчит компанийн дарга болох гэсэн, эсвэл төрийн хаялгатай албанд орж хөрөнгөжих гэсэн хүмүүсийн хийрхүү зан, шуналаас өөр зүйл харагдахаа байв. Юмны наад цаадахыг ялгахгүй хүнд бол Монголоор дүүрэн эх орончид, нэг л их ажил хийж байгаа дүр эсгэгчид. Гараас гарч буй шийдвэр нь ердөө л төв талбайн нэр өөрчлөх төдий. Харин өнөө цагийн залуучууд “Эзэн Чингис нь XIII зууны, Д.Сүхбаатар нь XX зууных. Энэ өнгөрсөн үеийн хүмүүсийн нэрээр төв талбайг нэрлэлээ гээд яах юм бэ” гэж шүүмжлэлтэй хандах болов.

Эндээс харахад нэг үеэ бодвол ард түмэн жижиг сажиг зүйлийг тоохоо больсныг гэрчилж буй хэрэг. Тэр тусмаа ардчилал гэдгийг шударга ёс, дэг журам, стандарт гэж ойлгоод эхэлсэн байна. Үүнийг батлах нэг ярилцлагыг ШУА-ийн философийн хүрээлэнгийн захирал, академич Г.Чулуунбаатар саяхан манай сонинд өгсөн юм. Тэрбээр “Улс төрийн сэтгэл зүйн хувьд монголчууд туйлширсан улстөрчдөөс залхсан. Сүүлийн 26 жилд ардчилал, эрх чөлөөний үзэл санааг бодитой хүлээж авч, язгуур мөн чанарыг ойлгосон. Ардчилал гэдэг нэрийн дор ёс суртахуунтай, дэг жаягтай, хариуцлагатай, ажилч хичээнгүй, соёлтой байх ёстойг монголчууд ойлгож байгаа” гэжээ. Улс төрийн сэтгэл зүйн хувьд хийрхүү, туйлширсан байдлаас монголчууд залхаж эхэлснийг эндээс харж болно. Гэтэл монголчуудын итгэлийг өнгөрсөн 25 жилийн турш хүлээж ирсэн АН, МАН-ынхны үзэл баримтлал, монголчуудын эрх чөлөөний үзэл санааг бодитой хүлээж авч чадахгүй байгааг дээрх төв талбайн талцлаас нь харж болно.

Үнэндээ Улаанбаатар хотын төв талбайн нэрийг өөрчилснөөр монголчуудын хувьд юу өөрчлөгдөх юм бэ. Ямар ашиг тустай юм бэ гэдгийг захын хүн ч хэлж чадахаар болсон байна. Уг нь аль ч нам засгийн эрхэнд гарсан байлаа, Монголынхоо хөгжлийн төлөө зүтгэх ёстой. Тэд улс орны бодлого л ярих учиртай. Түүнээс нэр, хэлбэр хөөцөлддөгөө болих хэрэгтэй. Үүнийхээ оронд ард түмнийхээ амьдралыг сайжруулах ёстой. Улс орноо хөгжүүлэх үүрэгтэй. Засгийн эрх барьж буй намынхны хийх гол ажил нь энэ шүү дээ.

Сталины тухай нэг онигоо шиг яриа байдаг даа. Сталин нударганчуудыг цаазалж, эд хөрөнгийг нь хураах, Кремлийг хөх, улаан өнгийн алинаар нь будах вэ гэсэн хоёр асуудлыг коммунист намынхаа хуралд оруулсан гэдэг. Зөвлөлийн гишүүд нь Кремлийг улаанаар, хөхөөр будна гэж хоёр талцан маргажээ. Эцэст нь улаан өнгөөр будах шийдэлд хүрэв. Эхний гол асуудлаа хэлэлцэж амжилгүй байсаар хурал өндөрлөх болжээ. Тэгэхэд нь Сталин “За та нарын саналаар Кремлийг улаан өнгөөр будах боллоо.

Харин нударганчуудыг цаазалж, хөрөнгийг нь хураах боллоо шүү” гэжээ. Үүний дараа нударганчуудыг цаазалж, хөрөнгийг нь хураасан түүхтэй гэдэг. Төв талбай Чингисийнх, Д.Сүхбаатарынх байх ёстой гээд талцаад байгаа нь дээрх онигоо шиг л санагдаад байх юм. Ямар ч ач холбогдолгүй аар саархан иймэрхүү зүйлд ач холбогдол өгч хоёр нам нийгэмд хийрхэл, хөөсрөл үүсгэдэг. Олны анхаарлыг иймэрхүү зүйлд хандуулж байгаад цаагуураа идэж уух гэсэн нэг арга нь гэдгийг олон нийт одоо мэддэг болжээ. Улаанбаатарын төв талбайн нэрийг Д.Сүхбаатарын гээд хуучнаар нь нэрлэх шийдвэр гаргаж байх өдрүүдэд улс төрийн хөшигний ард сайдын суудал таван сая ам.доллар хүрсэн гэдэг. Энэ нь бас л талцал, хийрхүү зангийнх нь нэг илрэл.

Таван сая ам.доллар өгч чадахгүй нэг нь шаралхсандаа энэ тухай ам алдсан биз. Төр засгийн албанд очсон нөгөө нь насандаа байхгүй тэнгэрийн хишиг атгачихлаа гэж ойлгодог болов. Таван сая ам.доллараа өгч сайд болж чадсан нь хагартлаа баярлаж байна. Энэ мөнгөө хэд л бол хэд нугалаад олчихдог учраас баярлаж байгаа байх. Төр засагт хэдхэн хүн гарч ялаа шиг баяжих гэсэн хүсэл шуналаас өөр зүйл харагдахаа байв.

Үнэндээ сайд, дарга болно гэдэг хамгийн ялтай ажил. Учир нь тэд зөвхөн Монгол Улсын тогтвортой, аюулгүй байдал, ард түмний эрх ашигт анхаарлаа хандуулж ажиллах учиртай. Ямар ч алдаа гаргах эрхгүй учраас тэр. Харамсалтай нь манай улсад албан тушаалыг хариуцлага гэж харахаа больсон. Тэр тогтолцоо нь дампуурснаас өнөөдөр сайдын суудал таван сая ам.доллар болтлоо хийрхэж байгаа юм. Төр засгийг талцуулж хагаралдуулдаг энэ хийрхүү зангаа больцгооё. Харин хүмүүс сайд, дарга болсноо ял, хариуцлага гэж ойлгодог болсон цагт Монгол Улс хөгжих юм байна.

Categories
мэдээ цаг-үе

Волейболын спортод зүтгэсэн А.Мөнхбаярынх

Монголд волейболын спорт үүсч хөгжөөд 90 шахам жил болж байгаа. Түүхчилбэл 1927 онд Монгол Улсад волейболын спорт үүсч хөгжсөн гэдэг юм билээ. Социализмын үед волейболын баггүй байгууллага, волейбол тоглодоггүй хүн цөөн байсан. Зах зээл эхэлснээс тооцоод саяхныг хүртэл энэ спорт уналтад орсон гэхэд хатуудахгүй болов уу. Нэг, хоёр жилийн өмнөөс волейболын спортыг сонирхдог, дугуйлан сургалтыг зоригсдын тоо эрс нэмэгджээ. Спортынхон энэ хандлагыг өнгөрсөн жил Улаанбаатар хотод зохиогдсон эрэгтэйчүүдийн Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнтэй холбож тайлбарладаг юм билээ. Тэмцээний эхний өдөр манай баг БНХАУ-ын залуучуудын шигшээ багийг 3:0 харьцаагаар буулган авсан нь спорт сонирхогчдын анхаарлыг тэр чигт нь татсан гэхэд болно. Манайхан дөрөвдүгээр байрт шалгарсан нь Зүүн Азийн тэмцээн дэх “шинэ үеийн” анхны том амжилт болж. Үүнээс өмнө 2014 онд элсний волейболын Зүүн Азийн бүсийн тэмцээнээс гуравдугаар байрт шалгарсан амжилт бас бий. Тэдгээр тоглолтод гол үүрэг гүйцэтгэсэн, шинэ үеийн залуучуудын төлөөлөл, үндэсний шигшээ багийн ахлагч, спортын мастер А.Мөнхбаярынхаас “Танайд өнжье” булангаа бэлтгэлээ.

Спорт сонирхогчид түүнийг “Волейболын МБ” гэдгээр нь андахгүй юм билээ. Хариуцсан ажилдаа эзэн болж амжилттай яваа олон залуусын нэг учраас түүнийг “Шинэ үеийн залуусын төлөөлөл” гэж онцолсон хэрэг.

“ГАВАЛ” СУРАГЧ ВОЛЕЙБОЛЧИН БОЛСОН НЬ

Биднийг үдээс өмнө очиход гэрийн эзэн олимп үзэж, гэргий нь цай хоол бэлтгэж байв. Аав нь волейболын тоглолт үзэж байхад таван настай хүү нь гар бөмбөгөөр тоглочихсон манаргаж байх. Биднийг ширээнд суухтай зэрэгцэн аав зурагтынхаа дууг намсгаж, хүү нөгөө өрөөнд тоглохоор оров. “Манайхан хэзээ волейболоор олимпод оролцох бол” гэж яриа өдвөл “Миний тоглох нас лав хүрэлцэхгүй байх. Гэхдээ сэтгэл зүтгэл байхад энэ талбай дээр Монголын баг тоглох үе ирнэ гэж итгэдэг” гэв. “Өдрийн сонин”-ы “Танайд өнжье” буландаа урьж байгаа учраа хэлж, зорьж очсон шалтгаанаа ярихад гэрийн эзэн “Би бизнесийн салбарт маркетингийн чиглэлээр ажилладаг. Өдөр тутам танай сонинг уншиж бизнесийн санаа авч, ярилцлага өгсөн хүмүүсээс туршлага судалдаг. “Танайд өнжье” буланд олны танил, хүндэтгэл хүлээсэн, алдартай хүмүүс ордог учраас унших дуртай. Залуу үеийн төлөөлөл болгож намайг урьсанд баярлалаа. Дурлаж, 13 жил тасралтгүй тоглож, Монгол Улсаа төлөөлөх хэмжээнд очсоны хувьд волейболын спортоо л түлхүү ярих байх даа. Манай гэрийн хүн ч волейболоор хичээллэдэг, спортын дэд мастер цолтой” гэснээр бидний ярианы гол сэдэв волейбол болох нь тодорхой болчихов.

Гэргийн чанасан банштай цайг зөөгдөх зуурт гэрийн эзэн Дархан-Уул аймгийнх гэдгийг мэдлээ. Өвөө Ж.Баатар нь насаараа Дархан хотын захиргаа, нийгмийн даатгалд ажилласан. Аав О.Ариунбаяр, ээж Б.Бурмаа нар нь ч Дархандаа “Дархан нэхий” компанид насаараа ажилласан хүмүүс. Тэднийхнээс спортоор дагнаж хичээллэдэг хүн байхгүй. Тиймээс том хүү А.Мөнхбаярыгаа хичээлдээ шамд, онц сур л гэх янзтай байж. Зургийн цомог, багынх нь эд зүйлийг үзэж суухад багадаа “Таван онц”-ын эзэн байсан нь тодорхой. А.Мөнхбаяр ч өөрийгөө “Номын хүүхэд, гавал сурагч байсан” гэж ярьсан. Дархан-Уул аймгийн арван жилийн IX сургуульд нэгдүгээр ангид ороод эхний улиралдаа хоёрдугаар ангид дэвшин суралцаж байсан тэрбээр дунд сургуулиа математикийн аймгийн олимпиадын медальтай, химийн улсын гурван удаагийн медальтай, 40 улирал онц суралцсан, аймгийн хошой шилдэг хүүхдээр шалгарсан амжилттай төгсчээ. Олимпиадад амжилт үзүүлснийг гэрчлэх баярын бичиг, дурсгалын зургийг үзэж байхад А.Мөнхбаяр “Өвөө минь, манай сургуулийн химийн багш Ц.Лхагвазаяа, математикийн олимпиадын багш н.Отгонбилэг, анги удирдсан багш Ч.Оюунгэрэл нар надад хүн байх, шударга зарчимч, эхэлсэн ажлаа дуусгах, хүний итгэлийг алдахгүй, бусдын төлөө гэсэн сэтгэлтэй байх ухааныг, хамгийн гол нь тууштай байх ухааныг зааж сургасан. Намайг амьдралд сургасан дараагийн багш маань яах аргагүй волейбол” гэж ярьсан юм.

Өөрийнх нь ярьснаар “гавал” сурагч есдүгээр ангидаа волейболын спортыг сонирхох болжээ. Ангийнх нь гурван найз аймгийн шигшээ багт тоглодог. Тэд өөрөөс нь хавь илүү өндөр. Хичээл хийж гэрт байгаад байвал биеийн хөгжил хоцрох юм шиг санагдаж л дээ. Ингээд найзуудтайгаа Дарханы Спортын ордонд волейболын дугуйланд хичээллэхээр ОУХМ Б.Уранчимэг багш дээр очиж. Аймгийн шигшээ баг тэнд хичээллэдэг учраас тэр бүр хүүхэд авчихгүй. Гар хурууны урт, алганы хэмжээ, биеийн өндрийг харна. Энэ шалгуураар А.Мөнхбаяр тэнцэхгүй нь тодорхой байв.

Харин сургуулийнхаа хамгийн онц сурлагатан, шилдэг сурагч гэдэг тодотгол нь түүнийг аварч дугуйланд хичээллэх эрхтэй болжээ. Тэгтэл Б.Уранчимэг багш “Энэ тууштай явахгүй, хичээлээ хөөгөөд шантрах биз. Ангийнхантайгаа явж байгаад аяндаа больчихно” гэсэн бодолтой авсан нь хожим ил болсон гэдэг.

А.Мөнхбаярыг дугуйланд орсон жил “Жайка”-гийн мэргэжилтэн И.Сатоши Дарханы шигшээ багт дасгалжуулагчаар иржээ. Зуны амралтаар дугуйлангийн сурагчид хөдөө явах нь явж, таслах нь таслаад А.Мөнхбаяр ганцаараа шахам үлдэж. Япон багштай зуны гурван сар хоёулхнаа шахам бэлтгэл хийсэн гэдэг.

Ингээд дугуйланд хичээллэж эхэлснээс дөрвөн сарын дараа өсвөрийн улсын аваргын тэмцээнд оролцохоор болж волейбол сонирхол биш амьдралынх нь нэг хэсэг болжээ.

ӨСВӨРИЙН ХҮРЭЛ МЕДАЛЬТАН УЛСЫН ШИГШЭЭ БАГИЙН ТАМИРЧИН БОЛСОН НЬ

Дарханы баг 12 жил улсаас медаль авч чадаагүй, амжилт тааруухан байхад А.Мөнхбаяр тэмцээнд оролцохоор явжээ. Өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс тэдний баг хүрэл медаль хүртсэн нь А.Мөнхбаярт өнөөдрийг хүртэл волейбол тоглох эрч хүчийг өгсөн гэдэг. Өдрийн ихэнхийг Спортын ордонд өнгөрөөх болж сурлагаараа үзүүлдэг амжилт нь багасаад ирж. Химийн хичээлээрээ улсын олимпиадад оролцож чадсангүй. Аравдугаар ангиа төгсч их сургуулийн сонгон шалгаруулалтад оролцох цаг ойртчихсон. Багш нар нь дургүйцэж, аав ээжид нь алтан хошуу өргөх болжээ. Эмч болохоор бэлтгэж байсан тэрбээр волейболд дурлаж химийн хичээлээ хойш тавив. Их сургууль сонгохдоо хүртэл волейболоор тоглох боломжийг нь харж байж МУИС-ийн Эдийн засгийн сургуульд орсон гэдэг. МУИС-ийн спорт заал Эдийн засгийн сургуулийн байранд байдаг. Багш нь волейболын мэргэжлийн дасгалжуулагч. Б.Уранчимэг багш нь “Миний нэрийг хэлээд очоорой” гэдэг захиастай их сургууль руу явуулжээ. Ингээд их сургуулийнхаа багт тоглодог болсноор жилийн турш хичээлийн хажуугаар бэлтгэл хийдэг болжээ.

Их сургуулиа төгсөөд УИХ-ын гишүүн асан М.Сономпилын ивээн тэтгэдэг клубт тоглож байгаад 2006 онд Батлан хамгаалах яамны харьяа “Алдар” нийгэмлэгт тоглодог болжээ. Тэндээсээ “Эрчим” клубт тоглох болж багийн хамтрагч Б.Мөнхнарантайгаа хамтарч клуб байгуулан, волейболын спортод хичээллэх сонирхолтой хүүхдүүдийг цуглуулъя гэж ярилцах болжээ. Ингээд 2011 онд “Тэнүүн-Огоо” компанийн дэргэдэх “Тэнүүн-Огоо” клубийг байгуулж өөрөө ахлагчаар, Б.Мөнхнаран дасгалжуулагчаар тоглож эхэлжээ. Спортын клуб, баг, тамирчид ивээн тэтгэгчгүй бол амжилтад хүрэхэд хүндрэлтэй байдаг. Сагсан бөмбөгийн холбоо гэхэд ерөнхийлөгчийнхөө асуудлаас болж байнгын маргаантай, улстөржсөн хандлагатай нь ажиглагддаг. Волейболын тамирчид ч тоглох заал талбай, тэмцээн уралдаанд оролцох бэлтгэл хангах санхүүгийн асуудал ихтэй. Энэ мэт асуудлаас болж “Тэнүүн-Огоо” клуб нь хаагдаж 2012 оноос “Алтайн барс” клуб байгуулж, өнөөг хүртэл ахлагчаар нь тоглож байгаа гэнэ. “Алтайн барс” клуб УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд С.Бямбацогтын хувь эзэмшдэг компанид харьяалагддаг. Эрэгтэй гурав, эмэгтэй нэг мөн өсвөрийн багтай. Энэ клубийг анх байгуулахдаа өндөр, нуруулаг, нэгнээ гэсэн сэтгэл, зүтгэлтэй хүмүүсээр багаа бүрдүүлнэ гэж ярьж байсан нь биеллээ олсон талаар багийн ахлагч ярьсан.

Шинэ клуб байгуулагдаад 2012 онд Монголын Бүх ард түмний спартакиадын аварга, 2013 онд Клубүүдийн аварга болж улмаар тэр жилдээ улсын шигшээ багт дуудагдсан байна. 2013, 2014 онуудад Тайван, Филиппинд болсон Зүүн Ази, Азийн тэмцээнүүдэд оролцон туршлага хуримтлуулж 2014 оны зун Тайванийн Каошунь хотод болсон Зүүн Азийн элсний бүсийн аварга шалгаруулах тэмцээнд багийн ахлагчаар оролцож гуравдугаар байр эзэлсэн нь түүний хувийн төдийгүй Монголын волейболын шинэ үеийн түүхэн амжилтыг эхлүүлсэн байна.

ВОЛЕЙБОЛД ДУРЛАХЫН УЧИР

Волейболын тухай ярилцаж байтал гэргий хоол цайныхаа ажлыг дуусгаж бидний ярианд оролцлоо. Эрдэнэбилэгийн Мөнхшүр нөхөртэйгөө нэг мэргэжилтэй, МУИС-ийн Эдийн засгийн сургууль төгссөн. Сонирхол нь ч нөхөртэйгөө ижил. Волейболын тухай яриад эхэлбэл тэдний нүд сэргээд л явчих юм. Хүү нь хүртэл “Аавын баг тоглоход…” гээд ярьж гарна. Тэд оюутан байхдаа МУИС-ийн багт хамт тоглодог болж танилцжээ. А.Мөнхбаяр сургуулийнхаа багт тоглоод жил гаруй болсны дараа нэг охин ирсэн нь гэргий Э.Мөнхшүр нь. Нэг багт тоглож байгаад дотноссон тэд сургуулиа төгссөн жил хүүтэй болжээ. Хүү нь “Манай аав лигт тоглоод гэртээ ирэхэд нь би төрсөн гэсэн. Би бас зааланд хөлд орсон. Аав, ээж шигээ волейболчин болно. Өндөр болохоор гологдохгүй” гэж яриад тэнд байсан хүмүүсийг хөгжөөчихөв. Э.Мөнхшүр хоёр жил лигт тоглосон. Одоо компаниа төлөөлж сонирхогчдын тэмцээнд оролцдог гэнэ лээ. Өндөр нуруутай учраас волейбол тоглоно гэсэн хүүгийн ярианаас үүдэлтэй “Та хоёр шиг өндөр хүмүүс энэ спортод дурладаг байх даа” гэж асуучихлаа. “Волейбол эрэмбээрээ бөхийн дараа, ухаанаараа шатрын дараа ордог спорт. Бие бялдар, ухаан хоёрыг зэрэг хөгжүүлдэг онцлогтой” гэж магтацгаав.

Гэрийн эзэн “Би арван жилдээ 170 см өндөртэй. Ангийнхан дундаа бараг намханд ордог байлаа. Волейболоор хичээллэснээс хойш чамгүй өндөр болсон. Сонирхуулахад манай тамирчдаас хамгийн өндөр эрэгтэй 196 см, эмэгтэй 192 см. Дан ганц өндөр хүн волейбол тоглодог гэвэл өрөөсгөл. Бие бялдраас гадна оюун ухаан, сахилга батын хувьд маш их ач холбогдолтой. Сахилга батын хувьд хагас цэрэгжилтийн байдалд байдаг. Ганцаараа биш багаараа тоглодог учраас хариуцлага хүлээх, бусадтай хамтарч ажиллахад сургадаг давуу талтай” гэсэн бол гэргий нь “Эмэгтэй хүний хувьд хамгийн төгс бие бялдартай болгодог” гэж нэмэв.

Бөмбөг цохих, тонгойх зэргээр гуяны булчинг илүүтэй хөгжүүлдэг. Биеийн пропорцын хувьд зөв хөгжүүлдэг цөөн спортын нэг нь волейбол гэнэ. Олимпоор элсний волейбол тоглож байгаа хүүхнүүд эрчүүдийн хараа булаагаад байсан учир нь энэ. Тиймээс ч сүүлийн үед охид энэ спортоор хичээллэх сонирхолтой болсон гэнэ. Хөвгүүдийн хувьд нуруулаг, эрүүл чийрэг өсөхийн тулд волейболын дугуйланд явах нь ихэсчээ. Лавлах утсаар асуухад л дугуйлангуудын хаяг, утас авах боломжтой. Төлбөрийн хувьд сарын 60-100 мянган төгрөг байдаг талаар тэр хоёрын ярианаас мэдэж авлаа.

Нүүдлийн соёл иргэншилтэй монголчууд багийн тоглолтод төдийлөн амжилт үзүүлдэггүй гэх шүүмжлэл бий. Манайхан зөрүүд, бие дааж шийдвэр гаргах гээд байдаг талтай. Энэ зангаа ажлын байран дээр ч харуулдаг. Багийн спортоор хичээллэж бусдын өмнө хариуцлага хүлээж, хамтрагч байхад суралцах нь карьер хөөх, ажлын байрандаа амжилт олоход тустай. Тиймээс ч компани, байгууллагууд спортоор хичээллэдэг, тэр дундаа багийн спортоор хичээллэдэг хүн ажилд авах сонирхолтой болжээ.

ШИГШЭЭГИЙН ТАМИРЧНЫ МАРКЕТИНГИЙН АЖИЛ

Монголын волейболын холбооны цол, зэргийн комиссын гишүүн, шигшээ багийн тамирчин Б.Мөнхбаяр, гэргий Э.Мөнхшүр нар Монголын хоёр том компанийн маркетингийг хариуцаж ажилладаг.

Б.Мөнхбаяр сургуулиа төгсөөд “Мобиком” корпорациас ажлаа эхэлжээ. Тэнд байхдаа шилдэг багийн ахлагч, шилдэг борлуулагчаар шалгарч богино хугацаанд албан тушаал ахиж байсан нь өнөөх л багийн спортоор хичээллэж, ажилдаа хариуцлагатай байхад суралцсаных бололтой. Тэднийд волейболын цом медалиуд өрөөстэй байхаас гадна ажилдаа амжилт үзүүлснийг гэрчлэх шагналууд цөөнгүй байв. Гэргий нь “Мобиком” корпорацид ажилладаг. Ажилдаа эзэн байж, амжилттай яваа залуусын төлөөлөл гэдэг нь тэдэнтэй ярилцаж суухад ажиглагдлаа.

Б.Мөнхбаяр одоо “Талх чихэр” компанийн маркетингийн албаны даргаар ажилладаг. Тэнд брэнд менежерээр ажилд ороод удалгүй албаны даргаар томилогджээ. “Мэргэжилдээ эзэн байж, салбартаа амжилт олохын тулд өөрийгөө хөгжүүлэх шаардлагатай. Тиймээс саяхан “Хэвлэлийн хүрээлэн”-д суралцлаа. Өглөө гэрийнхнийгээ унтаж байхад гараад ажлаа тарангуут клуб рүүгээ бэлтгэл хийхээр явдаг. Тэнд баг ахалж, хариуцлага хүлээж байгаагийн хувьд өдөр бүр очиж, бэлтгэл хийх шаардлагатай. Хоёр ажлыг амжуулахад ар гэр орхигдох гээд байдаг талтай. Миний ард гурван эмэгтэй байдаг. Намайг өсгөж, хүмүүжүүлсэн хүн бол яах аргагүй эмээ, өвөө хоёр минь. Эмээ Б.Буянхишиг минь хайр, халамжаар бялхуулж өсгөсөн. Дараа нь миний ээж. Ээжийгээ бурхантай л адилтгаж залбирч явдаг. Гурав дахь эмэгтэй бол миний хань. Ажлынхаа хажуугаар арын албыг хариуцлагатайгаар хашиж байгаа эмэгтэй” гэж ярьсан.

Тэрбээр бямба гаригийн үдээс хойш ажил руугаа явах, цаашлаад багийнхантайгаа бэлтгэл хийх төлөвлөгөөтэй байгаагаа ярьсан. Хоол, хүнс бэлтгэдэг ажил буянтайгаас гадна мөнх настай байдаг гэнэ лээ.

Мэдээж Мөнхбаярын хувьд ажил, амьдрал, их спортын амжилтын гарааны зөвхөн эхлэл гэдгийг тэрбээр онцолж байлаа. А.Мөнхбаяр “Өмнөө тавьсан зорилгынхоо эхлэлийг сайн тавибал гүйцэтгэл, үр дүн нь төдий хэмжээгээр илүү өндөр байна гэдэгт үргэлж итгэж хөдөлмөрлөдөг” гэсэн юм.

Гэрэл зургуудыг Г.ЛХАГВАДОРЖ

Categories
мэдээ цаг-үе

У.Ганбаяр: Бид Монголоороо ингэж яваад зэрлэг амьтны шинэ төрлийг нээхийг хэн байг гэх вэ

“Хүрээлэн” төслийн санаачлагч, гэрэл зурагчин У.Ганбаяртай ярилцлаа.

-Хамгийн сүүлийн аяллын адал явдлаас тань яриагаа эхэлье?

-Аялал бүхэн сонин хачин зүйлээр баялаг, өөр өөрийн гэсэн онцлогтой байдаг. Хамгийн сүүлд бид Ханхэнтийн дархан цаазат газрын аглаг тайга, Онон голын эхэд очсон. Зун, намрын цагт тийшээ морь, мал, машинаар явахыг хориглодог юм билээ. Өвлийн цагт л машинаар очдог. Бид тавдугаар сард очсон болохоор хамгийн сүүлийн машинтай очсон хүмүүс нь болсон. Тухайн үед тайгын цас бууж бид шаварт суугаад, холбоо тасарч, хоол ундгүй хоёр, гурав хоносон. Хандгайн дүрсийг яг хажуугаас нь ойртож авах болон сойр шувууны дүрс, зураг авах гэж очсон юм. Гэвч олигтой дүрс зураг авч чадалгүй, хандгайгаа хальт хараад л ирсэн.

-Тэгээд яаж харьсан бэ?

-Биднийг сураггүй болчихоор ар гэрийнхэн маань санаа зовоод Улаанбаатарт байгаа манай төслийн багийнханд хандсан гэсэн. Манай багийнхан тэдний сэтгэлийг зовоохгүй гэсэндээ “Өчигдөрхөн байгаль хамгаалагчийн утсаар ярьсан. Сайн явж байгаа” гэж хэлсэн юм билээ. Ханхэнтийн дархан цаазат газрын хамгаалагч нар биднийг эрэн хайх ажиллагаа эхлэх гэж байхад бид яаж ийгээд очсон. Үүнийг чинь адал явдал гэх юм уу, бидний зохион байгуулалт муутай явсны алдаа гэх үү, хэлж мэдэхгүй юм. Иймэрхүү зүйл их тохиолдоно. Хүмүүс бидний ажлыг зугаатай, голын зах дээр очиж суугаад шорлог хийж идэхтэй адил гэж ойлгодог юм шиг санагддаг. Тийм амар зүйл биш. Санхүүгийн хувьд ч, эрүүл мэндийн хувьд ч эрсдэлтэй ажил шүү дээ. Би эмнэлгээс гараад гурав хонож байна. Байнга гэрэл зургийн аппарат, хөл бас бус ачаа үүрч, уул хаданд үсэрч харайж явна. Хүйтэн нойтон газар олон цаг хэвтэж, суухаар хууч өвчин сэдэрдэг юм билээ.

-Зэрлэг амьтдын зургийг авна гэдэг амаргүй ажил. Хамгийн их цаг хугацаа, хөдөлмөр шаардсан зураг юу байв?

-Зэрлэг амьтад ямар аргамжаатай байх биш, хэцүү. Амьтад үргэлж айж, зугтаж, нуугддаг байгалийн зохилдлогоотой учраас нутгийн иргэд, биологичид болон анчид бидэнд тусална. Нэг удаагийн явдлаар заримдаа гурваас таван мянган км зам туулна. Арваад хоногийн аяллаас ганцхан амьтны зурагтай ирэх тохиолдол алийг тэр гэхэв. Ихэнх нь тийм байдаг. Зураг авахад хамгийн бэрх байсан амьтад бол ирвэс, хандгай, мазаалай. Өвлийн дунд сард ирвэсний зураг авахаар Ховд аймгийн Манхан, Чандмань сумын заагаар анх яваад хоосон ирж байсан. Тэгэхэд тав хоног мөр хайгаад, нутгийн хүмүүс явдаг, гүйдэг газрыг нь сайн мэддэг учраас энүүгээр л явна, тэнд үүртэй гээд зааж өгсөн боловч олж чадаагүй. Хоёр дахь удаагийнхаа оролдлогоор явж байхад шинэхэн цасан дээр яг л мөр нь үзэгдээд байсан. Мөрөөр нь дагаад явахад бидний алхсан мөрөн дээгүүр хоёр ирвэс хөндлөн гараад явчихсан байдаг юм. Ололгүй нэг газар баахан дурандсан. Маргааш нь нөгөө газраа яваад очиход бидний суусан газар ирж тоглоод, хөрвөөгөөд явсан байлаа. Бидний хойноос л яваад байсан юм билээ. Ерөөсөө олоогүй долоо хоносон. Яг буцахын өмнө ирвэсээ хаяад хойлог шувуу авъя гэж ярьцгаасан. Ирвэс хайж явахад хойлог дуугараад байсан юм. Ингээд явж байтал манай нэг залуу нааш ир ээ гээд дуудсан. Яваад очтол дөнгөж сая эндээс хоёр ирвэс суниагаад хөдөлсөн мөр байна гэхээр нь араас нь мөрдөж хөөцөлдсөөр байгаад 20 секундын л дүрстэй ирсэн. Долоо хоногийн хөдөлмөр шүү дээ. Бас хойд тайгаар арваад хоног морин аяллаар яваад хандгайн гучхан секундын бичлэг, гурван зурагтай ирэх жишээний. Учир нь хандгай чийг намагтай, хүний хөл хүрэхэд хэцүү газарт байдаг юм билээ. Нэг зурагны үнэ цэнийг ярихад хэцүү.

-Аяллын үеэр зэрлэг амьтан та нар руу халдах тохиолдол гарч байсан уу?

-Одоогоос жилийн өмнө бид зэрлэг гахайн зураг авсан юм. Гэтэл бидэнтэй хамт явсан морьтой хүн рүү зэрлэг гахай дайрч нохойг нь хазсан. Түүнээс өөрөөр чоно, нохой ч юм уу зэрлэг амьтан дайрч байсан тохиолдол гараагүй.

-“Хүрээлэн” амьд ертөнцийн цуврал хүмүүсийн үзэх дуртай нэвтрүүлгүүдийн нэг болсон. Хэд хэдэн сувгаар гардаг. Телевизүүд та бүхэнд контентийн төлбөр төлдөг үү?

-Үндэсний олон нийтийн телевиз саяхнаас өгч эхэлж байгаа. Бусад нь гурваас таван минутын рекламны цаг өгдөг. Гэвч бид голдуу хөдөө гадаа явдаг болохоор тэрийгээ зарж чаддаггүй.

-Нэвтрүүлгийн нэг дугаар ямар зардлаар бүтдэг вэ?

-Аяллаасаа шалтгаална. Хүнд, хөнгөн, хол ойр хэдэн хүн оролцохоосоо хамаарна. Дунджаар гурав орчим сая төгрөгөөр нэг нэвтрүүлэг босдог.

-Аяллын зардлаа яаж олдог вэ?

– Бид айл айлын хаалга тогшоод, авсан зургуудаа үзүүлээд дараагийн аяллын зардлыг дааж өгөөч гээд явдаг. Ингэж гуйлгын маягаар явах жаахан онцгүй л дээ. Хийсэн зураг хөргөө борлуулаад, кино, гэрэл зургийн цомог болгоод өөрсдийгөө санхүүжүүлээд явбал уг нь зүгээр. Гэтэл тэгж хийж чадахгүй байна.

-Энэ хугацаанд Монгол орны хичнээн аймаг сумдаар аялж, хэдэн зүйлийн амьд амьтны зургийг аваад байна вэ?

-Увс, Завхан хоёроос бусад бүх газраар явчихлаа. Гурван жилийн хугацаанд 80 гаруй мянган км явж, 138 зүйлийн хөхтөн амьтны 70 орчим хувийг, 487 зүйлийн шувуудын 160 орчмыг нь гэрэл зургийн хальс, дүрс бичлэгт буулгачихаад байна. Өнгөрсөн зун манай биологич залуу дахиад огт бүртгэгдээгүй хоёр зүйл шувуу нэмэгдлээ гэж хэлсэн. Ингэж яваад бид төсөлд ороогүй, зэрлэг амьтны шинэ төрлийг нээхийг хэн байг гэх вэ гэж боддог.

-Монгол орны байгаль дэлхий сүйдэж, ан амьтдын тоо толгой цөөрч байгаа зүйл ажиглагдсан уу?

-Хандгай, ирвэс, халиун бугын тоо толгой өсч байна. Бид Мэнэнгийн тал, Халх гол, Дорнод Монголын дархан цаазат газраар намартаа зээр бөөнөөрөө сүрэглэн явдаг тухай сонсоод хоёр жилийн өмнө очсон боловч санаснаар болоогүй ээ. Нутгийн иргэд “Сүүлийн хоёр, гурван жил зээрийн том сүрэг орж ирээгүй” гэсэн. Хоёр мянга орчим зээртэй л таарсан. Үүнээс гадна дэлхийн дулаарлаас болоод сүйдэж байгаа газрууд байна. Хустайн нуруунд арваад жилийн өмнө хачин сайхан хус модон ойтой байсан. Гэтэл хусан ой нь одоо сөнөж, өмхийрөөд хожуул болоод дуусч байна лээ. Тиймэрхүү газар зөндөө бий.

-Та бүхэн одоо ямар амьтан дээр ажиллаж байна вэ?

-Бид өвигт тогорууны тухай баримтат кино хийж байгаа. Монголд байгаа ихэнх тогорууны зургийг авсан. Гэвч тухайн амьтны амьдралын бүтэн жилийн циклийг харуулахад энэ нь хангалтгүй юм. Өвигт тогоруу өвөлдөө дөрөв, таван мянган км-ийн зайтай Өмнөд Хятадаар дамжиж, Гималайн уулсыг даваад Энэтхэгт очиж өвөлждөг. Энэ урт замыг туулахдаа ямар зовлон бэрхшээл туулдгийг нь мэдэж хүмүүст хүргэхийн тулд намар шувуудын нүүдлийг дагаж Энэтхэг явах гэж байгаа. Үүний тулд бидэнд мөнгө хэрэгтэй болоод байна. Иймээс Монголын байгаль, амьтдын тухай авсан гоё зургуудаа жаазлаад зарж байгаа.

-Ашиг олох боломжгүй, ийм их эрсдэлтэй зүйлийн хойноос хөөцөлдөх болсон шалтгаан нь юу байдаг юм бэ?

-Монголд энэ төсөл, нэвтрүүлгээр ашиг олох боломжгүй. Гэхдээ бид энэ ажилдаа дуртай. Дуртай ажлаа хийж байгаа хүн аз жаргалтай байдаг. Нөгөө талаар Монгол орны тухай, зэрлэг амьтан, жигүүртэн шувууд, байгалийн сонин хачны тухай танин мэдэхүйн нэвтрүүлэг манайд байдаггүй. Байхгүй учраас ялангуяа залуу үе энэ талын мэдлэг хомс байна. Хүн мэдэхгүй, танихгүй зүйлээ хайрладаггүй, хамгаалдаггүй. Гэтэл дэлхийн улс орнуудад “wild life” гэж нэрлэдэг зэрлэг амьтан, жигүүртэн шувуудын тухай нэвтрүүлэг, ном сонин, гэрэл зургийн, киноны бүхэл бүтэн жанр болоод хөгжчихсөн байдаг. Тийм учраас бид уран бүтээлээрээ дамжуулж зэрлэг амьтан, жигүүртэн шувууд, эх орноо хайрлах сэтгэлийг залууст бий болгохыг зорьж явна.

-“Балдорж” сангийн шагналыг аваад ямар сэтгэгдэл төрсөн бэ?

-Бид энэ шагналыг авчихна гэж огт бодоогүй. Шагнал гардуулахын урьд орой нь бид хойд тайгаас бууж ирсэн. Эзгүй хойгуур манайхан бидний материалыг бүрдүүлээд өгчихсөн байсан. Сүүлийн арван бүтээлд үлдчих болов уу гэсэн бодол байснаас яг түрүүлнэ гэсэн зорилго ч, итгэл ч байгаагүй. Маш их урам өгсөн. Таван мянган долларын мөнгөн шагнал дагалддаг юм билээ. Түүгээр нь бид бага сага өрөө дараад бас нэг аялалд яваад ирсэн.

Б.Наранчимэг

Categories
мэдээ цаг-үе

С.Хишигжаргал: Өөрийнхөө энергиэр, дотоод сэтгэлээр гоё байх л гоо сайхан

Залуу дуучин С.Хишигжаргалтай ярилцлаа.

-Сүүлийн үеийн уран бүтээлийн сонин сайхан юу байна?

-Өнгөрсөн зургадугаар сард “Гэрлийн жил” гэж шинэ клип гаргасан. Манжуур хотод болсон “Олон улсын фестиваль”-д амжилттай оролцоод ирлээ. Одоо киноныхоо нээлтийг л хүлээж байна.

-Өнгөрсөн хугацаанд эротик кинонд хүртэл тоглоод амжсан. Энэ удаа ямар кинонд ямар дүр бүтээв?

-Өнгөрсөн дөрөвдүгээр сард хийгдсэн “Plus mo­tion picture”-ийн бүтээл “Нэг өдрийн дайсан” кинонд гол дүрд тоглолоо. Инээдмийн энэ киногоор баян, ядуу хүмүүсийн хоорондын амьдралд гардаг зөрчлийг нэг өдрийн дотор багтааж, харуулсан. Гол дүрийн баян залуугийн дүрд жүжигчин Билэгжаргал, түүний найз бүсгүйд би тоглосон. Миний бүтээсэн дүр эсрэг. Гэхдээ солонгос кинон дээр гардаг шиг “Хоролмаа” дүр биш. Амьдралаа аваад үлдчихье, гайгүй хүнтэй гэрлээд сайхан амьдаръя гэсэн эмэгтэйг харуулсан. Мөнгөнд дуртай эмэгтэйн дүр байгаа. Кино маань энэ баасан гаригт нээлтээ хийнэ.

-Мэргэжлийн биш хүн кинонд тоглоход хэцүү байдаг уу. Дахиж эротик кинонд тоглох бодол бий юу?

-Мэргэжлийн жүжигчин биш ч энэ мэргэжилд их хайртай. Жүжигчин болохыг мөрөөддөг байсан ч мэргэжлийг нь эзэмшиж чадаагүй. Гэхдээ санаж явбал бүтнэ гэдэг шиг авьяаслаг найруулагч, авьяаслаг мэргэжлийн жүжигчин хүмүүсийн дэмжлэгээр кинонд тоглож, зах зухаас нь суралцаж байна. Өөртөө тохирсон, өөрийнхөө онцлогт таарсан дүрүүдийг боломжийн гаргахыг хичээж байна. “Хоёулаа унтах уу” бол секс, эротик кино. Гэхдээ бодит биш, тэр бол кино. Тоглоход хэцүү байсан. Үүнээс хойш эротик кинонд тоглох санал нэлээд ирсэн ч би тоглоогүй. Цаашдаа ч эротик кинонд тоглохгүй. Яагаад гэвэл манай Монголын кино урлаг нэлээд хөгжиж байгаа ч эротик төрлийн нарийн хөдөлгөөн, эмэгтэй хүний мэдрэмж, гоо сайхан зэргийг ойлгож, дэлгэцийн хальсанд буулгах хэмжээнд хүртлээ хөгжөөгүй санагдсан. Яахав би үзээд алдсан. Үзэгчдээс хүртэл шууд доромжлол ирдэг юм билээ. Уг нь бусдыг шүүмжлэхээсээ өмнө чи өөрөө энэ хүний оронд байсан бол хийж чадах уу гэж бодож үзэх хэрэгтэй байх.

-“Universe best songs” наадамд оролцож байсан дурсамжаасаа хуваалцаач?

-2010 онд аялал жуулчлалын мэргэжлээр сургуулиа төгсөөд, мэргэжлээрээ нэг жил ажиллаж байгаад 2011 онд “Universe best songs”-т орсон. Тухайн үед өрсөлдөөн ихтэй байсан. Би шилдэг 25-д орвол болно гээд өөрөө бодчихсон. Тэгээд л шилдэгт орсон. Уг нь би гранпри авна гээд зүтгэсэн бол авах боломж надад байсан юм байна гэж дараа нь бодсон. Гэхдээ тухайн үед амьдралдаа орж үзсэн хамгийн анхны тэмцээн байсан учраас надад сайн гараа болж өгсөн. Их зүйлийг сурсан, ойлгосон. Гараа сайн бол бариа сайн гэдэг болохоор аль болох эрчээ алдахгүй байхыг хичээдэг.

-Архангай аймгийнх юм билээ. Хаана дунд сургуулиа төгссөн бэ?

-Би Архангай аймгийн Хангай суманд төрсөн. Ээж маань намайг гэдсэнд байхад амралтаараа нутагтаа явж байсан юм билээ. Тэгээд би ээжийнхээ нутагт төрсөн юм. Миний төрсөн газар бол Тэрхийн голын хөвөө.

Тэсийн голын унага, Тэрхийн голын хүүхнүүд гэдэг. Ээжийн маань аавынх тэнд байсан болохоор хүүхэд байхад зуны амралтаараа өвөөгийндөө очдог байсан. Хурдны морь хүртэл унаж байсан удаатай. Гэхдээ нийслэлийн 48 дугаар дунд сургуулийг төгссөн. Манайхан намайг эрдэм номын мөр хөөлгөнө л гэдэг байлаа. Урлагтай холбогдоод, одоо бол урлагийг орхиж чадахааргүй болсон. Урлаг гэдэг хэн нэгний зав чөлөөгөөрөө хийдэг ажил биш. Зав чөлөөгүй, хичээл зүтгэл, хамтын хөдөлмөр, хөрөнгө мөнгөөр босдог.

-Урлаг хэцүү, хатуу гэдэг. Болимоор, шантармаар үе байдаг уу?

-Болохгүй байна, би яаж болгох вэ гэж боддог. Түүнээс биш болохгүй юм байна, больё гэж бодож байсангүй. Урлагт л амжилттай байхгүй бол өөр хийх зүйл надад байхгүй шүү дээ гэж боддог. Маш их зүйлийг эрэлхийлж, өөрийгөө боловсруулж, бусдаас онцгой, чанартай сайн бүтээл гаргахын төлөө хичээж байна.

-Гэр бүлээ танилцуулаач. Ямар гэр бүлд, ямар хүмүүжлээр өссөн бэ?

-Айлын том охин. Доороо нэг эмэгтэй дүүтэй. Ээж маань цэцэрлэгийн багш. Аав инженер гэхдээ тусдаа байдаг. Ээж маань намайг хайрлаж эрхлүүлж өсгөсөн. Хүнийг хайрлахыг ээжээсээ сурсан даа. Эмэгтэй хүүхэд хайранд өсөх ёстой гэж боддог. Хэрвээ намайг загнаж өсгөсөн бол би хүн загнах дуртай байх байсан. Одоо бол хамтарч ажиллаж байгаа ойр дотнын бүх л хүнийг хайрлахыг хичээдэг. Ээж минь намайг гадаадад сургуульд явуулж чадаагүй ч зөв хүн байх, бусдыг хайрлахад сургасан.

-Ая зохиогч, продюсер Б.Ангирмаа таны багш юм билээ. Энэ хүний шавь байх ямар санагддаг вэ?

-Манай багш их соёлтой хүн. Анхны уран бүтээл болох “Зуны дурлал” дуун дээр ажиллаж байхад Ангирмаа багш над руу залгаж, Анжел дуун дээр хамтран ажиллаж, багш шавь болцгоосон. Нийтдээ миний есөн дуун дээр багш маань ажиллаж, анхны цомгийг минь гаргаж өгсөн.

-Танай багшийг хатуу шаардлагатай гэдэг. Шавь бүсгүйчүүдээ хүүхэд гаргахгүй байх ёстой гэсэн шаардлага тавьдаг гэдэг?

-Ажил дээрээ хатуу, ажлын шаардлага өндөртэй, зарчимч. Хувь хүн талаасаа гайхалтай. Миний мэдэх хамгийн мэдрэмтгий, мэдрэмжтэй хүн. Багш бид хоёр гэрээ байгуулаагүй. Гэрээ байгуулсан тохиолдолд ажил учраас хүүхэд гаргах эсэх зүйл заавал яригдах ёстой. Тухайн дуучны ард маш олон хүн ажилладаг болохоор тэдэн жил би та бүхэнтэй ажиллана, уран бүтээлийн ажлаа цалгардуулахгүй гээд гэрээнд тусгадаг. Түүнээс биш цагдаад, хориод, дарамтлаад байдаг зүйл байхгүй.

-Одоо найз залуутай юу?

-Найз залуутай гэж хэлэхээр яахыг мэдэхгүй байна. Найз залуугүй гэж хэлэхээр хүмүүсийн хандлага хэцүү болж эхэлдэг юм билээ. Найз залуугүй гээд зарлаад яваад байхыг хүсдэггүй.

-Эмэгтэй хүн хэрхэн гоо сайхан байх ёстой гэж боддог вэ?

-Төлөвшил хүмүүжил, өөртөө олж авсан мэдлэг, мэдрэмж нь эмэгтэй хүнийг гоо сайхан харагдуулдаг. Түүнээс биш ямар нэгэн гоо сайхны мэс засалд ороод л эмчийн бүтээсэн гоо сайхнаар гоё харагдана гэж байхгүй. Гоо сайхны мэс засал хийлгэсэн бүх хүнийг үгүйсгэж байгаа юм биш шүү. Би сайхан эмэгтэйчүүдийг хараад, энэ эмэгтэйг яг юу нь сайхан харагдуулаад байна гэж үргэлж бодож үздэг.

-Та эрч хүчтэй, өөдрөг хүн шиг санагдлаа. Сэтгэлээр унах, гуних үе байдаг уу. Хэрхэн даван туулдаг вэ?

-Шалтгаангүйгээр уйлах өдөр хүртэл байна. Гэхдээ би 5-10 минутаас илүү гуниглаж чаддаггүй. Асуудлаа хүнд ярьж тайвширдаггүй. Өөрийнхөө асуудлыг өөрөө давж гарчихаад өнгөрсний дараа зовлонгоо хальт ярьдаг. Өөрөө л даваад, туулаад гарах хэрэгтэй. Зовлонгоос зугтаж болохгүй. Ялагдаж болохгүй. Чиний тархи чинь гүй гэдэг команд өгвөл чиний хөл хэзээд ч гүйхэд бэлэн байдаг гэж үг уншлаа. Дотроосоо хүчтэй байх ёстой. Шаардлагагүй тохиолдолд би ямар ч гоо сайхангүй харагдаж бас чаддаг. Тухайлбал, шөнийн клубт зохисгүй газар гоо сайхан харагдаж, хүмүүсийн нүдний олз болж, ярианы сэдэв байхыг хүсдэггүй. Харин хүссэн газраа хүн бүхнээс илүү гоо үзэсгэлэнтэй харагдах юмсан гэж боддог. Гоо сайхан гэдэг бол хувцасны сайхан, гоё будалт биш. Өөрийнхөө энергиэр, дотоод сэтгэлээр гоё байх л гоо сайхан.

-Гадаад гоо сайхандаа хэрхэн анхаардаг вэ. Зөв хооллодог уу?

-Үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэдэггүй, гоо сайхны массажинд ч ордоггүй, усаа сайн ууна. Зөв хооллож зөв амьдралын хэмнэлийг дагадаг. Хоолоо сайн иддэг. Гэхдээ өөрийнхөө биед яг хэрэгтэй юмыг иднэ. Жаахан таргалаад ирвэл өдөрт нэг хоол иддэг, бусад үед өдөрт хоёр удаа хооллодог. Элдэв шоколад, газтай ундаа, чипс, зайрмаг зэргийг огт хэрэглэдэггүй. Махан хоол, жимсэнд дуртай. Ус их уудаг. Хүнсний ногоонд дуртай биш ч шаардлагатай үед иддэг.

-Хүмүүс хамт олон дотор ажиллаж, олон хүнтэй баг болж явахдаа өөр өөрийн зан аашийг гаргадаг. Аливаад өөр, өөрийнхөө онцлогоор ханддаг. Та олон дотор ямар байхыг эрхэмлэдэг вэ?

-Урлаг хамтын бүтээл учраас бусадтайгаа нийлээд урсгал дотроо орж чаддаг байх хэрэгтэй. Гэхдээ бусдыгаа дагуулж, манлайлж явах ёстой. Мөн бусдыг зөв зүйлд уриалан дуудаж, өөртөө дүгнэлт хийгээд өөрийнхөө шийдвэрээр өөрийнхөө ажилд хандвал дээр.

-Гоё сайхан харагдаж байгаа бүсгүйчүүдийг их мөнгөөр ийм болоод байна гэх ойлголт байдаг. Та ямар хувцас хэрэглэлд хамгийн их мөнгө зардаг вэ?

-Өөрөө л брэнд бай. Өөртөө зохих, чанартай сонголтоо хийж, маш мэдрэмжтэй байх хэрэгтэй. Чанартай гэдэг нь үнэтэй гэсэн үг биш. Үүнийг би хэдий хэр хугацаанд өмсөх вэ, ямар материалтай байна гэдгийг барьж үзээд мэддэг байх ёстой юм. Хувцас сонгохдоо өөртөө хамгийн гоё зохидог өнгийг сонго. Хэт гоё чамин зүйлсээс аль болох татгалзвал зүгээр байдаг. Миний мэдэх нэг мундаг эмэгтэй байдаг. Тэр эмэгтэй нэг гутлаа дөрвөн жил өмсөж байгаа. Гэхдээ түүний гутал үргэлж цэвэр, тоосгүй байдаг. Мөн маш амжилттай явдаг. Тэгэхээр тэр эмэгтэй маш тууштай, өөртөө байгаа юмыг хайрлаж чаддаг хүн гэж ойлгогдож байна. Би эр хүн байсан бол ийм эмэгтэйг эхнэрээ болгоно гэж бодож байлаа. Би тоглолтын хувцсаа оруулахгүйгээр тооцвол сүүлийн хоёр жилд нэг ч хувцас аваагүй, шоппинг хийгээгүй. Шилэн тиркогоо хүртэл урахгүй өмсөж сурсан. Хуучин даашинзаа дахин, дахин өмсдөг. Хүмүүс Хишгээ нөгөө даашинзтайгаа ирж байна. Гэхдээ гоё харагдаж байна гэж харахад л боллоо. Хувцас авалгүй мөнгө хэмнэснээрээ би шинэ цомгоо гаргаж чадлаа. Хувцсанд их мөнгө үрэх хэрэггүй. Боломжтой, мөнгөтэй болсон үед 10 минутын дотор гоё гоё хувцас аваад өмсчихнө. Би бол мөнгөө хамгийн түрүүнд хадгалдаг. Зүгээр л хөөрхөн охид байдаг шүү дээ. Уг нь үнэт чанараараа хүндлэгдэж байвал гоё.

-Хотод стресс их байна гэдэг. Стрессээ хэрхэн тайлдаг вэ?

-Тийм их стресстэхгүй л байна. Хотын замд түгжирч байхдаа ч гэсэн гоё дуу сонсоод л, гоё юм бодоод явах хэрэгтэй. Хүмүүс муухай аашилбал энэ хүн ууртай байгаа юм байна гээд л тоохгүй өнгөрөөчих хэрэгтэй. Үргэлж муухай ааштай байдаг хүн гэж байхгүй шүү дээ.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“МАН-ынхан төрийн албаа, АН-ынхан намын албаа булаацалдаж байна” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.
Өнөөдрийн дугаараас “Дайсны цэргүүдээ сонсцгоо” киноны эрдэмтэн Төрхүүгийн дүрээр олон түмэнд танигдсан МУСТА Ё.Гантөмөрийн уран бүтээл, ажил амьдралын тухай өгүүлсэн “Танайд өнжье” буланг нэг болон 12, 13 дугаар нүүрээс хүлээн авч уншаарай.
Улс төрийн хоёр, тавдугаар нүүрнээс УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржтой УИХ-ын ээлжит бус чуулганы талаар болоод улс төрийн зарим асуудлын талаарх ярилцлагыг сонирхон уншаарай.
“Өдрийн сонин”-ы гуравдугаар нүүрт гарсан аливаа нийтлэл нийгэмд шуугиан тарьж, нийгмийн оюун санааны хамгийн том талбар болж байдаг онцлогтой. Тэгвэл өнөөдрийн дугаарын гуравдугаар нүүрэнд нийтлэлч Д.Мөнгөндалайн “МАН-ынхан төрийн албаа, АН-ынхан намын албаа булаацалдаж байна” хэмээх нийтлэл хэвлэгдлээ.
Дөрөвдүгээр нүүрний “Энэ тухай” буланд гарсан “Эрүүл бэлчээрээс үйлдвэрлэсэн экологийн цэвэр бүтээгдэхүүний өндөр үнэтэй зорилтот зах зээлд хүрэх нь мал аж ахуйн салбарын хөгжлийн гарц” хэмээх гарчигтай мэдээ, мэдээллийг сонирхон уншаарай.
Баримт, үйл явдлын долоодугаар нүүрнээс сүүлийн жилүүдэд үнэгүйдсэн малын түүхий эд, арьс, ширийн талаарх “Нэхий боодол бохины үнэгүй болсон учир” гэсэн гарчигтай баримтат эрэн сурвалжлагыг хүлээн авч уншаарай. 11 дүгээр нүүрний “Дэвжээ” буланд Зуны олимпийн XXXI наадмын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65кг-ын жинд хүрэл медалийн төлөө барилдаж, эргэлзээтэй ялагдал хүлээсэн Г.Мандахнарангийн барилдааныг эсэргүүцэж дэвжээн дээр хувцсаа тайлсан МЧБ-ийн эрэгтэйчүүдийн дасгалжуулагч ОУХМ Б.Баяраатай хийсэн ярилцлагыг нийтэллээ.
Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.
“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.
“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ
Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Маргааш цөмийн зэвсгийн туршилтын эсрэг тэмцлийн өдөр

Жил бүрийн наймдугаар сарын 29-ний өдрийг Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар НҮБ-ээс “Олон улсын цөмийн туршилтын эсрэг тэмцлийн өдөр” гэж албан ёсоор зарлажээ.

Үүнтэй холбогдуулан маргааш буюу наймдугаар сарын 29-нд 10:30-аас Казахстан улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас Зүүн хүрээ Дашчойлон хийдэд хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулж, Энхтайвны хонх цохих ёслол болох аж. Мөн “Дашчойлин” хийдэд цөмийн зэвсгийн туршилтын хохирогчдыг эргэн дурсаж, нэг минут дуугуй зогсож, лам хуваргууд ном айлдах юм.

Энэхүү арга хэмжээнд Монгол Улсад суугаа Элчин сайдын яамд болон шашины байгуулагуудын төлөөлөгчид, хүндэтгэл илэрхийлэх иргэд оролцох юм. Олон улсын цөмийн туршилтын эсрэг тэмцлийн өдрийг манай улс дөрөв дэх жилээ ийнхүү зохион байгууллагдах ажээ.

Categories
мэдээ нийгэм

Зарим цэцэрлэгүүд хугацаанаасаа хоцорч нээлтээ хийнэ

Зарим цэцэрлэгүүд хугацаанаасаа хоцорч нээлтээ хийнэ зурган илэрцүүдНийслэлийн Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газраас хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлыг шалгаж, дүнг танилцуулжээ. НМХЕГ-аас явуулсан хяналт шалгалтаар есдүгээр сарын 01-нд үйл ажиллагаа нь засварын ажлаас шалтгаалан эхэлж чадахгүй цэцэрлэг, сургуулиуд байсныг тогтоожээ. Тодруулбал, Баянгол дүүргийн 86, 77, 11, 95, 242, Хан-уул дүүргийн 35, 46, Баянзүрх дүүргийн 211 дүгээр цэцэрлэгүүд хугацаанаасаа хоцорч нээлтээ хийх болжээ.

Мөн Баянгол дүүргийн 38, 73, Хан-уул дүүргийн 32, Баянзүрх дүүргийн 14 дүгээр сургуулиудын барилгын ажил энэ хичээлийн жилд ашиглалтад орох боломжгүй аж. Харин улсын хөрөнгө оруулалтаар шинээр баригдсан сургууль цэцэрлэгийн цогцолборууд нь цэцэрлэгийн гал тогоо, сургуулийн цайны газрыг нэг байхаар шийдвэрлэж өгсөн нь хүндрэл учруулсан тухай гүйцэтгэгч компаниуд онцолжээ.