Categories
мэдээ нийгэм

Шүүгчдийн цалинг бууруулснаар шударга ёсыг үнэгүйдүүлнэ гэв

Өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүгчдийн холбоо, Хуульчдын холбооны дэргэдэх Шүүгчдийн хороо хамтран “Шүүхийн төсөв, шүүгчийн цалингийн асуудлаар” хэвлэлийн бага хурал хийлээ. Уг хуралд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан, Хуульчдын холбооны Шүүгчдийн хорооны тэргүүн Ц.Оч, Шүүгчдийн хорооны Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Өрнөндэлгэр, МУИС-ийн хууль зүйн сургуулийн багш, доктор О.Мөнхсайхан нар оролцож шүүгчийн цалинг бууруулахгүй байх хэд хэдэн үндэслэлийг танилцуулав. Ялангуяа шүүгчдийн цалингийн зээлийг онцолж байв.

Шүүгчдийн 98.5 хувь нь арилжааны банкуудад 24.5 тэрбум төгрөгийн зээлтэй бөгөөд нэг шүүгч дунджаар 583000-3 250000 төгрөгийн зээл нэг сарын төлбөрт төлдөг байна. УИХ-аас шүүхийн 2016 оны төсвийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын багц 48.9 тэрбум, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн багцыг 3.4 тэрбум төгрөгөөр баталсан юм. Ингэснээр шүүхийн цалингийн сан төсвийн 41 хувийг эзэлж байгаа аж.

Шүүгчийн цалинг бууруулснаар шударга ёсыг үнэгүйдүүлж, шүүх эрх мэдлийн хараат бус байдлыг алдагдуулан, цалингийн зээлтэй шүүгчдийг банк, мөнгөний барьцаанд оруулах аюултай хэмээн Шүүхийн Ерөнхий Зөвлөлөөс үзэж байгаагаа илэрхийллээ.

Categories
мэдээ улс-төр

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн боллоо

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, зөвлөгөөнөөр наймдугаар сарын 15-наас 29-ний өдрийг хүртлэх цаг үеийн нөхцөл байдлын талаар холбогдох байгууллагууд мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга хурандаа Ч.Уламбаяр“Өнгөрсөн хугацаанд аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын 68 удаагийн дуудлага ирснээс объектын гал түймрийн 52 дуудлага, техникийн холбогдолтой осол, аврах ажиллагааны 16 удаагийн дуудлага ирсэн” гэж мэдээллээ. Энэ нь өнгөрсөн 14 хоногтой харьцуулахад 66.6 хувиар, объектын гал түймрийн тоо 65.8 хувиар бурсан үзүүлэлт гэдгийг тодотгов.

Улаанбаатар хотын цагдаагийн газрын дарга Ч.Болдбаатар “Нийслэлийн хэмжээнд иргэд аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг , зөрчлийн шинжтэй 11,889 мэдээ, мэдээлэл хүлээн авсан. Энэ нь өмнөх 14 хоногтой харьцуулахад 1,126 нэгж буюу 8.7 хувиар буурсан” гэлээ.

Өнгөрсөн хугацаанд Улаанбаатар хотын Замын цагдаагийн газарт зам тээврийн осолтой холбоотой 2,913 дуудлага мэдээлэл ирснээс хүн гэмтсэн хэргийн шинжтэй 160 осол, зөрчлийн шинжтэй 1,197 дуудлагаар ажилласан байна. Зам тээврийн ослын улмаас зургаан хүний амь нас хохирсон харамсалтай хэрэг гарчээ.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнчулуун, нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 348 түргэн үйлчилгээний цэг хяналт шалгалт хийж, 144 зөрчил илрүүлж холбогдох хууль тогтоомжийн дагуу арга хэжмээ авч ажилласан гэлээ. Шалгалтын явцад ТҮЦ-т хоолны газар ажиллуулж байсан хоёр газрын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосон байна. Мөн зохих зөвшөөрөлгүй ажлаа эхлүүлсэн барилга, замын ажлыг түр хугацаагаар зогсоожээ.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга бөгөөд Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл өглөө. Өвөлжилтийн бэлтгэл 76.4 хувьтай, инженерийн хангамжийн шугам сүлжээний байгууллагууд, “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ, нийслэлийн Авто замын газруудын өвөлжилтийн бэлтгэл ажлууд батлагдсан графикийн дагуу явж байгааг тэрээр хэллээ. Мөн нийслэлийн хэмжээнд халтиргаа гулгаа арилгах, цас мөс хайлуулах 465.2 тн давс бодис нийслэлийн байгаа. Нэмж 1,100 гаруй тн давс, бодис авч нөөцлөх шаардлагатай байгааг танилцуулав.

Нийслэлийн Үйлдвэр хөдөө аж ахуйн газрын дарга Г.Пүрэвсүрэннийслэлийн мал аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээдэл өглөө. Нийслэлийн хэмжээнд 403 мянган толгой мал байгаагаас 2015-2016 онд Сонгинохайрхан, Хан-Уул, Багахангай, Багануур, Налайх дүүргийн 450 гаруй өрхийн 250 гаруй мянган толгой мал өөр аймаг, сумдын нутагт өвөлжиж, хаваржсан бөгөөд энэ онд отроор өвөлжиж, хаваржих малын тоо нь эцэслэгдэн гараагүй байгааг тэрээр хэллээ. Мөн 17.5 тн өвс, ногоон тэжээл 3.7 тн, үйлдвэрийн тэжээл 1 тн давс хужир 20 тн бэлтгэснийг дуулгалаа.

Шуурхай зөвлөгөөний төгсгөлд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор их дээд сургууль, болон ерөнхий боловсролын сургуулийн нээлтийн ажиллагаанд зохицуулалт хийж ажиллахыг Нийслэлийн Боловсролын газарт даалгалаа. Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 37,38 дугаар тогтоолын дагуу барих-шилжүүлэх төрөлтэй концессын гэрээгээр гүйцэтгэх төслүүдийг зогсоох, эдийн засаг хүнд байгаа учраас хэмнэлтийн горимд шилжихийг нийслэлийн удирдах ажилтнуудад үүрэг болгов гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

АН-ын бүлэг мэдээлэл хийсэнгүй

УИХ дахь АН-ын бүлэг Эрүүгийн болон Зөрчлийн хуулийн дагаж мөрдөх хугацааг хойшлуулах хуулийн төслийн талаар нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлсний дараа хурлаа хийв.

Хурлаар энэ долоо хоногт чуулган, байнгын хороодоор хэлэлцэх асуудалд байр сууриа нэгтгэсэн байна. Харин энэ талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийсэнгүй.

Categories
гадаад мэдээ

Сингапурт зикагийн 41 тохиолдол бүртгэгджээ

Латин Америкийн орнуудад бүртгэгдээд буй зика вирус Сингапур улсад бүртгэгдсэн талаар “www.channelnewsasia.com” мэдээллээ. Тус улсын Эрүүл мэндийн яамнаас “Шинжилгээгээр 41 хүн зика вирусын халдвар авсан болохыг тогтоосон. Ихэнх нь шумууланд хазуулж, уг халдварыг авчээ. Халдвартай иргэдийг тусгаарлаж, эмчилгээ хийж байгаа” гэж мэдэгдсэн байна.

Халдвар авсан иргэдийн ихэнх нь барилга дээр ажиллаж буй гадаадын ажилчид гэнэ. Тэд зика бүртгэгдсэн бүс нутгуудаас ирсэн аж. Дөрвөн хүн хэвтэн эмчлүүлж буй гэнэ.

Уг вирусын халдвар жирэмсэн эхчүүдэд илүү хор хөнөөл учруулдаг билээ. Халдвартай эхээс жижигхэн толгойтой, сэтгэцийн өөрчлөлттэй хүүхэд мэндэлдэг байна. АНУ-ын Эрүүл мэндийн яам өнгөрсөн хоёрдугаар сард зика шумуулаас гадна бэлгийн замаар халддаг болохыг тогтоосон билээ.

Categories
энтертаймент-ертөнц

“MTV video music awards”-н ялагчаар Беонсе шалгарлаа

“MTV video music awards”шагнал гардуулах ёслол өчигдөр Нью-Иорк хотын Madison Garden-д боллоо. Энэхүү наадамд олон тооны зочид төлөөлөгчид оролцжээ. Канадын реппер Дрэйк болон Британийн Дж Калвин Харрис нар өмнө нь энэхүү шагналыг хүртэж байжээ. “Энэхүү наадмын шилдэгээр Беонсе-ийн “Лимондэйд” дуу эртнээс хүлээлттэй байсан юм. Тэрбээр 4 настай охинтойгоо улаан хивсэн дээгүүр алхан орж ирсэн бөгөөд бүх хүний нүд түүн дээр тусч байсан байна. Шилдэгийг фенүүдийнх нь саналаар шалгаруулдаг уламжлалтай юм. Энэхүү шилдэгүүдийн жагсаалтанд Aделийн 2015 онд гаргасан “comeback single”, “Hello,” Дрэйгийн “Hotline Bling,” Жастин Веберийн “Sorry” болон Кэйни Вестийн “Famous” зэрэг дуунууд багтжээ.



О.ӨНӨР

Categories
мэдээ нийгэм

Г.Мандахнаранд 20 сая төгрөгийг гардуулан өглөө

“Рио-2016” олимпийн
чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг-ийн жинд ДАШТ-ий хошой хүрэл медальт,
гавьяат тамирчин Г.Мандахнаран зодоглосон. Тэрбээр дагах барилдаан хийж, хүрэл
медалийн төлөө ДАШТ-ий мөнгө, Азийн наадмын хүрэл, Азийн АШТ-ий мөнгө, хүрэл
медальт, Узбекстаны Наврузовтай барилдсан. Шүүгчид Узбекстаны бөхөд ялалтыг
өгсөн.

Маргаан дагуулаад буй тус
барилдаанд Г.Мандахнаранг ялсан гэж үзэж алтаар медаль цутгаж бэлэглэх хандивын
аяныг Монголын чөлөөт бөхийн мастеруудын холбооноос эхлүүлсэн.

Тус аяны хүрээнд 19 хүн
хандив өргөж, нийтдээ 20 сая 417 мянган төгрөг цугларчээ. Цугларсан мөнгийг
өнөөдөр МУГТ Г.Мандахнаранд алтаар цутгаж урласан медалийн хамт гардууллаа.

Мөн “Хос гангийн оргил”
ХХК-аас таван сая төгрөгийн үнэ бүхий “Мizuno” брэндийн хувцас
хэрэглэлийг гардуулан өгөв.

Categories
мэдээ нийгэм

Г.Мандахнаран шинэ байранд орлоо

“Рио 2016” олимпийн наадмын бөхийн чөлөөт барилдааны 65 к-д хүч үзэж, шагналт тавдугаар байр эзэлсэн МУГТ Г.Мандахнаранд “Хүчит чулуут” ХХК-аас хоёр өрөө байр бэлэглэж, шинэ байрандаа орсон тухай өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ. Г.Мандахнарангийн тухайд хүрэл медалийн төлөө Узбекстаны бөхтэй хүч үзэж, цаг дуусахаас хэдхэн секундын өмнө 7:6 онооны харьцаатай ялалт байгуулж байсан ч барилдааны хугацаа дууссаны дараа шүүгчид оноо нэмсэнээр хүрэл медалийн оосроос атгаад алдсан юм.

Categories
гадаад мэдээ

Италийн эргийн хамгаалалт өнгөрсөн шөнө 1000 гаруй цагаачдыг аварчээ

Италийн эргийн хамгаалалтынхан өнгөрсөн шөнө 1000 гаруй цагаач иргэнийг аварсан талаар “AFP” агентлаг мэдээллээ. 100-150 хүн тээвэрлэх зориулалттай завин дээр 1000 гаруй хүн зорчиж явсан аж. Уг завь Газар дундын тэнгисийг гатлах үедээ даац нь хэтэрч осолджээ. Цагаачдын ихэнх нь Сири, Ливи, Иракийн иргэд байсан гэнэ.

“Аврагчдыг ослын газар очих олон цагаач амиа алдсан байдалтай байсан. Одоогоор уг ослоор хэдэн хүн амиа алдсан нь тодорхойгүй байна. Аврагчид ослын газар ирэх үед завинд зорчиж явсан зорчигчид бүгд хүнд нөхцөлд байсан” хэмээн Италийн Дүрвэгсдийн төвөөс мэдээлэв.

Эхний ээлжинд аврагчид тэдэнд аврах хантааз тарааж, дараа нь эмэгтэйчүүд болон хүүхдүүдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн байна. Дээрх цагаачдыг түр хорогдох байруудад хуваан байршуулжээ.

Италийн эрх баригчид цагаачдад орогнол олгох боломжгүй гэдгээ илэрхийлэн, “удахгүй нутаг буцаах болно” гэж мэдэгдсэн байна.

Categories
мэдээ соёл-урлаг

Улсын драмын эрдмийн театрынхан өргөн бүрэлдэхүүнтэй “Улаан-Үд” хотыг зорьжээ

“Алтан Сэргэ” олон улсын театрын наадам ирэх сарын 11-15-нд Буриадын Улаан-Үд хотноо болно. Тус наадамд Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид анх удаа өргөн бүрэлдэхүүнтэй оролцох гэж байна. Энэ жилээс эхлэн уг наадмыг уралдаант хэлбэрээр зохион байгуулах бөгөөд наадамд “Ромео, Жульетта” жүжгээрээ оролцох гэнэ.

Өмнөх жилүүдэд Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр”, В.Красногоровын “Би ч гэсэн жаргамаар байна” гэсэн жүжгүүдээр оролцож байжээ.

Мөн Улсын драмын эрдмийн театрын 85 жилийн ой ирэх арваннэгдүгээр сард тохиож байгаа билээ. Энэхүү түүхэн 85 жилийн ойн хүрээнд Их зохиолч Д.Нацагдоржийн амьдралаас сэдэвлэсэн шинэ уран бүтээл хийж байгаа аж. Шинэ уран бүтээлийн найруулагчаар нь Соёлын тэргүүний ажилтан Ч.Түвшин ажиллаж байна. Мөн ойн хүрээнд “Найруулагчийн долоо хоног”, театрын шоу, эрдэм шинжилгээний хурал, сургалт семинар, гала концерт зэрэг олон ажил хийхээр төлөвлөөд байгаа ажээ.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн эдийн засгийн хөгжлийн газрыг татан буулгалаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Монгол Улсын Засгийн газраас нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын албаны бүтцийг шинэчлэн баталсны дагуу Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг-Нийслэлийн Эдийн засгийн хөгжлийн газрыг татан буулгах тухай А/623 тоот Захирамж гаргалаа.

Захирамжаар татан буугдаж байгаа байгууллагын ашиглаж байсан мэдээ, баримт бичиг, хөрөнгийн хадгалалт, хамгаалалтыг хариуцан, холбогдох агентлаг, эрх бүхий байгууллагад шилжүүлэх, үндсэн болон эргэлтийн хөрөнгийг балансаас балансад шилжүүлж, хаалтын тайлан гарган холбогдох байгууллагад хүлээлгэн өгөхийн татан буулгах ажлын комисст үүрэг болгожээ. Мөн татан буугдаж байгаа байгууллагын албан хаагчдыг орон тоо, цалингийн сан, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, эд хөрөнгийг холбогдох байгууллагад шилжүүлэх, бүтцийн өөрчлөлтөөр үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн албан хаагчдад холбогдох хууль тогтоомжийн дагуу нэг удаагийн тэтгэлэг олгох, Нийгмийн даатгалын болон татварын байгууллагатай тооцоо хийж дуусгахыг даалгав. Татан буулгах комиссын даргаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяр ажиллаж байгаа ажээ.