Categories
мэдээ нийгэм

Автобусны жолоочтой муудалцсан иргэн буу гаргаж иржээ

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт буюу Зайсангийн эцсийн буудал дээр “Зайсан-Хайлааст” чиглэлийн автобусны жолооч Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороонд оршин суух 33 настай эрэгтэй Б нь зорчигч тээвэрлэж явахдаа “Wrangler jeep” автомашин жолоодож явсан 59 настай эрэгтэй З-тэй замын хөдөлгөөний улмаас муудалцжээ. Улмаар иргэн З нь буу гаргаж ирж танхайрсан байна. Цагдаагийн алба хаагчид дуудлагаар ирж З гэх иргэний Герман улсад үйлдвэрлэсэн “RG-800 CAL.8mm K” хийн гар бууг хураан авч түүний хэргийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгахаар болжээ.

О.ӨНӨР

Categories
гадаад мэдээ

Б.Обамагийн нэрэмжит номын сан барихаар болжээ

АНУ-ын Иллинойс мужийн Чикаго мужид Барак Обамагийн багшилж байсан сургуулиас холгүйхэн цэцэрлэгт хүрээлэнд түүний нэрэмжит номын санг барихаар болжээ. Барак Обама нь АНУ-ын 44 дахь ерөнхийлөгч юм. Тэрбээр энэ сургуульд 10 гаруй жил эрх зүйн хичээл заасан байна.

Жексон цэцэрлэгт хүрээлэн нь 1893 онд байгуулагдсан бөгөөд хоёр км газрыг хамардаг аж. Тус сургуульд АНУ-ын тэргүүн хатагтай Мишель Обама мөн хичээл зааж байжээ. Энэхүү ерөнхийлөгчийн нэрэмжит номын сан байгуулах уламжлал АНУ-ын 32 дахь ерөнхийлөгч Франклин Рузвельтийн үед бий болжээ. Б.Обама ерөнхийлөгчийн номын санг 2021 оноос өмнө ашиглалтанд оруулахаар төлөвлөжээ.

О.ӨНӨР

Categories
мэдээ эдийн-засаг

Ам.доллар 2081 төгрөгтэй тэнцлээ

Энэ оны зургаадугаар сарын сүүлээр 1965 төгрөгтэй тэнцэж байсан долларын ханш долоодугаар сараас эрчимтэй үргэжилсэн өсөлт үзүүлж, өнөөдрийн байдлаар арилжааны банкууд нэг ам.долларыг 2080-2081 төгрөгөөр зарж байна. Харин “Найман шарга” дээр нэг ам.доллар 2078 төгрөгтэй тэнцлээ. Долларын ханшийн өсөлтийн шалтгаан нь нийлүүлэлтийн хомсдол гэдгийг эдийн засагчид өмнө нь хэлж байсан. Цаашдаа ч энэхүү өсөлд явагдах магдлалтай хэмээн мэргэжлийн шинжээчид хэлж байна.

Categories
мэдээ улс-төр

Улсын Их Хурлын чуулган өнөөдөр хуралдана

Өнөөдөр буюу долоодугаар сарын 29 –нд хаалтын хуралдаан хийнэ. Шинэ Засгийн газрын кабенитыг бүрдүүлэх тухай асуудлыг хэлэлцэх юм. Тухайлбал, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын Засгийн газар үлдсэн 4 сайдыг томилох тухай асуудлыг хэлэлцэнэ.

Тус Засгийн газар одоогоор 11 сайдаа томилоод буй. Үлдсэн 4 сайдын асуудлыг МАН-ын Удирдах зөвлөлийн өчигдрийн хуралдаанаас тодруулж, бүлгийнхээ дэмжлэгийг авсан. Тодруулбал, Хүнс, хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн сайдад П.Сэргэлэнг, Эрүүл мэндийн сайдад А.Цогцэцэгийг, Эрчим хүчний сайдад Т.Энхтайваныг, Барилга, хот байгуулалтын сайдад Г.Мөнхбаярыг томилох эсэх асуудлын хариу өнөөдрийн чуулганы хуралдаанаас тодорхой болох аж.

Categories
мэдээ улс-төр

НИТХ-ын дарга Ц.Сандуй “Хөдөлмөр эрхлэлт 60 хувьд хүрч, бүтээн байгуулалтын ажил эхэлнэ” гэв

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн анхдугаар ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар “Аз жаргалтай хот” хөтөлбөр хэрэгжүүлэх талаар санал боловсруулах ажлын хэсэг байгуулах тухай асуудлыг хэлэлцэн баталлаа.

Хуралдаанаар НИТХ-ын дарга Ц.Сандуй “Нийслэлийн Монгол Ардын Намын хорооноос нийслэлийн ИТХ-ын сонгуульд оролцохдоо нийслэл хотын иргэд, оршин суугчдаа дээдлэх үзэлд суурилсан “Аз жаргалтай хот” мөрийн хөтөлбөрийг дэвшүүлэн оролцсон. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үйл ажиллагааны хөтөлбөрт тусган, үе шаттайгаар хэрэгжүүлэх санал боловсруулах ажлын хэсэг байгуулах хэрэгтэй. Тиймээс өнөөдөр НИТХ-ын Тэргүүлэгч та бүхнээр хэлэлцүүлж байна” гэлээ. Мөн тэрбээр “Аз жаргалтай хот” мөрийн хөтөлбөрөө танилцууллаа. Үүнд:

Амьжиргааны баталгаажих түвшинг дээшлүүлж хамгаалах, Эрх зүйн орчинг бүрдүүлэх, Санхүү бизнес, Хөрөнгө оруулалт, Хот бүрдүүлэгч салбаруудын хөгжил, Орон сууцны бодлогын шинэчлэл гэсэн 5 чиглэлээр 50 ажлыг хийхээр тусгасан байна.

НИТХ-ын дарга Ц.Сандуй“Энэхүү хөтөлбөр хөрсөнд бууснаар нийслэлийн иргэд тав тухтай, аюулгүй, тайван орчинд аж төрж, эрүүл хүнсээр хангагдаж, сэтгэл санаагаар түвшин амгалан амьдрах боломж бүрдэнэ гэдгийг онцоллоо. Мөн хөдөлмөр эрхлэлт 60 хувьд хүрч, бүтээн байгуулалтын ажил эхэлнэ” гэсэн юм. Харин НИТХ-ын Тэргүүлэгчдээс хөтөлбөрийн хүрээнд чиглэл тус бүрээр санал боловсруулах ажлын хэсэг байгуулах хэрэгтэй, иргэдээс санал авч хөтөлбөрт нэмэх хэрэгтэй гэсэн зарчмын саналууд хэллээ. НИТХ-ын Тэргүүлэгчдийн эдгээр саналыг тусган “Аз жаргалтай хот” хөтөлбөр хэрэгжүүлэх талаар санал боловсруулах ажлын хэсэг байгуулах тухай тогтоол баталлаа. Ажлын хэсгийг НИТХ-ын төлөөлөгч Х.Хатанбаатар ахлах юм байна. Мөн НИТХ-ын дарга “Энэхүү хөтөлбөрийг нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр болгон НИТХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэхээсээ өмнө ажлын хэсгээс боловсруулсан санал болон нийслэлийн иргэдийн саналыг авна. Тиймээс Иргэний танхимаар иргэдийн оролцоотойгоор энэхүү хөтөлбөрөө хэлэлцүүлнэ. Наймдугаар сард НИТХ-ын ээлжит нэгдсэн хуралдаанаар Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр болгон хэрэгжүүлэхээр хэлэлцэнэ. Өнөөдөр бид “Аз жаргалтай хот” байгуулах эхний алхамаа хийлээ” гэв.Мөн гэр хорооллын айл өрхийн дийлэнх нь өмчилсөн газартаа дулаан, цэвэр, бохир усны системтэй, ажлын байртай, тохилог амины орон сууцтай болно. Гэр хорооллын өрхийн халаалтыг хуримтлуулсан дулаан, халаах төхөөрөмжөөр шийдвэрлэн, агаар, хөрсний бохирдлыг жил бүр 10 хувиар бууруулна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Монголбанкны дэд ерөнхийлөгч Э.Батшугарыг ажлаас нь чөлөөлнө

Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр одоогийн МАХН-ын дарга Н.Энхбаярын хүү Э.Батшугар ажиллаж байгаа. Тус банкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Б.Жавхлан УИХ-д нэр дэвшиж парламентын гишүүн болсон. Мөн Санхүүгийн зохицуулах хорооны даргаар ажиллаж байсан З.Нарантуяа хууль тогтоох дээд байгууллагын сонгуульд өрсөлдөж УИХ-ын гишүүн болсон билээ.

Тэгвэл өнөөдөр УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо хуралдаж дараах асуудлыг хэлэлцэхээр болжээ.

Үүнд:

  • Эрчим хүчний сайдыг томилох тухай
  • Барилга хот байгуулалтын сайдыг томилох тухай
  • Монголбанкны дэд ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай
  • Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчийг томилох тухай
  • Санхүүгийн зохицуулах хорооны даргыг томилох тухай зэрэг асуудал багтсан байна.

О.ӨНӨР

Categories
мэдээ нийгэм

Ногоон байгууламжин дээр түргэн үйлчилгээний цэг, хүнсний дэлгүүрүүдийг байршуулахгүй

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Гантөмөр хотын зарим газруудад ихээр ургасан шарилжнуудыг зулгааж, иргэдийн амгалан тайван амьдрах, жолооч нарыг чөлөөтэй зорчих боломжийг бүрдүүлэхэд анхаарч зэрлэг ургамлыг хадах хэлбэрээр устгаж нийслэлийн иргэдийг эрүүл амьдрах нөхцлийг бүрдүүлэх хэрэгтэйг анхааруулжээ. Цаашид “Шарилжгүй Улаанбаатар” хоттой болохын төлөө ажиллах болно.

Мөн нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлийн Баруун салбарын удирдлагуудад Цамбагаравын автобусны буудлын уулзварын хайс хашлагыг засварлах, нийтийн эзэмшлийн гудамж зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах, ногоон байгууламжин дээр түргэн үйлчилгээний цэг, хүнсний дэлгүүрүүдийг байршуулахгүй байхад анхаарч, тогтмол хяналт тавих хэрэгтэйг сануулсан байна.
Мөн Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэг, Коicaгийн хог боловсруулах үйлдвэрийн ажилтай танилцжээ. Энэ үеэр хогийг ландфил технологиор дарж устгах зардлыг нэмэгдүүлэх, машин техникийн хүрэлцээ хангамжийг сайжруулах хүсэлтийг тавилаа.

О.ӨНӨР

Categories
мэдээ нийгэм

“Харанга” хамтлаг маргааш алдрын одонгоо авна

“Найрсаг Улаанбаатар”
хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Засаг даргын санаачилгаар Монголын pок попын
хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан хамтлаг, дуучдыг алдаршуулах зорилгоор
“Алдрын Од” одонгоор шагнаж, “Алдрын од” гардуулах ёслолыг жил бүрийн 7
сарын 30-ны өдөр зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Энэ жилийн “Алдрын од” одонг
Харанга хамтлаг хүртэхээр болсон бөгөөд 7 дугаар сарын 30-ны 13:00 цагт тус
хамтлагын гишүүдэд “Алдрын Од” одонг нь нийслэлийн удирдлагууд гардуулж өгөх
юм. Харин орой нь 21:00 цагаас Харанга хамтлагт хүндэтгэл үзүүлэх “Алдрын
хүндэтгэл” шоу тоглолт Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд болно.

Тоглолтыг Нийслэлийн Соёл урлагийн газар хариуцан зохион байгуулж, ерөнхий
Найруулагчаар хөгжмийн зохиолч, хөгжмийн найруулагч, продюсер Н.Халиун ажиллаж
байна. Тоглолтын үеэр Харанга хамтлаг өөрсдийн сор болсон уран
бүтээлүүдээ толилуулахаас гадна рок попын бүх одод Харанга хамтлагт хүндэтгэл
үзүүлж тоглолтод оролцоно. Алдрын хүндэтгэл тоглолтыг UBS телевиз шууд
дамжуулна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл
мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ
.

Categories
мэдээ нийгэм

Нэвтрэн шалгах товчоодод шалгалт гарна

Улаанбаатар хотод тарваган тахал болон мал, амьтны гоц халдварт шүлхий, хонины цэцэг өвчин дамжин орж ирэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор наймдугаар сарын 1-ний өдрөөс аравдугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд шалган нэвтрүүлэх товчоодод 24 цагаар шалгалтыг зохион байгуулахаар болжээ.

Үүнд, Сонгинохайрхан дүүргийн Эмээлт, түүхий эдийн зах, Баруун туруун, Хан-Уул дүүргийн Яармаг, Нисэх-биокомбинат, Баянзүрх дүүргийн Баянзүрхийн товчоо, Налайх дүүргийн тавдугаар хороо Тэрэлж, зүүн аймаг явах чиглэл, дөрөвдүгээр зөрлөгийн пост, Багануур дүүргийн Хэрлэнгийн гүүрний авто техникийн шалган бүртгэх товчоо зэрэг газруудад ариутгал халдваргүйжүүлэлт, хяналт шалгалт явуулах ажлын хэсэг ажиллах юм байна.

Мөн Хяналтын хөдөлгөөнт эргүүлийг “Чингис хаан” нисэх онгоцны төв буудал, Иргэний нисэхийн ерөнхий газрын Хилийн эрүүл ахуй халдвар судлалын алба, Төмөр замын төв буудалд, Төмөр замын Мэргэжлийн хяналтын алба, Баянгол дүүрэг “ТОСО” худалдааны төв, Сүхбаатар /7 буудал/, Баянзүрх /Гачуурт/, Чингэлтэй /Гүнт/ дүүргийн нутаг дэвсгэр дэх цагдаагийн суурин пост, бусад дүүрэгт цагдаагийн хөдөлгөөнт эргүүлийг хот, дүүрэг рүү ордог баталгаат бус замуудад тус тусын цагдаа, хэв журам сахиулах албадтай хамтран зохион байгуулах болжээ.

Categories
мэдээ нийгэм

ФОТО: Хотын төвөөр үер буув

Улаанбаатар хотод хүчтэй аадар бороо, мөндөр орсны улмаас хотын төв хэсэг усанд автсаны улмаас замын хөдөлгөөнийг түр хааж, машинуудыг чөлөөлсөн юм. Хорь гаруй минутын ширүүн бороо, багахан хэмжээний мөндөр орсон ч Улаанбаатар хот маань явган хүн байтугай машин явахын аргагүй болтлоо усанд автав. Автозамын ус зайлуулах хоолойны асуудлыг яаралтай шийдэх шаардлагатайг иргэд хэлж байлаа.