Categories
мэдээ спорт

Хүндийг өргөлтийн тамирчин Ө.Чагнаадорж зуны олимпод оролцох эрхтэй боллоо

Рио-2016 олимпийн наадамд оролцож байгаа Монголын баг тамирчд 42-уулаа байсан бол одоо тоон нэгээр нэмэгдэж, 43-уулаа боллоо.Учир нь ОХУ-ын Хүндийг өргөлтийн 56 кг-ын жинд өрсөлдөх байсан тамирчин допингийн зөрчлийн улмаас хасагдсан тул удаах байранд орсон Монгол Улсын тамирчин Ө.Чагнаадоржид Риог зорих эрх шилжсэнийг өчигдөр албан ёсоор мэдээлэл хийлээ.

Ийнхүү Монгол Улсын маань хувьд 1996 оны олимпийн наадмаас хойш анх удаа эрэгтэй туйванч зуны олимпод өрсөлдөх боломж бүрдэжээ.

Б.УЯНГА

Categories
мэдээ спорт

Сумогийн Дэлхийн аваргын тэмцээн Монголд болж байна

Сумо бөхийн Залуучуудын дэлхийн аварга шалгаруулах 21, Азийн аварга шалгаруулах 20 дахь удаагийн тэмцээн Улаанбаатар хотноо эхэллээ. Энэ удаагийн тэмцээнд 18 орны 300 гаруй тамирчид оролцохоос одоогийн байдлаар 180 гаруй тамирчин хүнд, дунд, хөнгөн, Open гэсэн дөрвөн жинд аваргын төлөө өрсөлдөж байна. Тэмцээний эхний өдөр буюу өнөөдөр Залуучуудын ДАШТ явагдаж аваргаа шалгаруулах бол маргааш Азийн аваргаа шалгаруулах юм байна. Одоогоор ДАШТ-ий хөнгөн жингийн барилдаан явагдаж байгаа аж.

Categories
мэдээ цаг-үе

С.Эрдэнэболд: Буддын сургаал Харвардын манлайллын хөтөлбөрийн язгуур болж яваа

Сүхбаатарын Эрдэнэболд эрх зүйч мэргэжилтэй, МУИС-ийн Хууль зүйн сургууль, АНУ-ын Индианагийн их сургуулийн хуулийн сургуулийг дүүргэсэн. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж байв. “Эзэнт гүрний туульс” номын зохиогч. Тэрбээр саяхан Харвардын их сургуулийн Кенедигийн нэрэмжит сургуулийн Төрийн удирдлагын магистрын хөтөлбөрт нэг жил суралцаад ирсэн юм. Түүнтэй ярилцлаа.

-Наадмын өмнөхөн та эерэг сэтгэлгээний тухай Японы бага сургуулийн сурагчдад сургалт хийсэн. Монгол залуус бусад улс орнуудад эерэг сэтгэлгээ түгээсэн нь сонирхолтой санагдлаа?

-Маш олон зүйлээс улс орны хөгжил шалтгаалдаг ч хамгийн чухал нь улс орон сэтгэлгээний хувьд нэгдмэл, үнэт зүйл язгуур чанартай байх гэж ойлгосон. Жишээлбэл, 2010 онд Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Испани түрүүлсэн. Гэтэл ДНБ нь 2,5 хувиар өссөн байна. Яагаад гэхээр “Бид дэлхийн аварга болчихлоо” гэсэн баяр бахдал нь хүмүүст урам зориг өгч л дээ. Урамтай хүн ажлаа ч сайн хийдэг, бүтээмж нь ч сайжирдаг юм байна. Сая АСЕМ болохоос өмнө янз бүрээр хэлж байсан ч яг хурлын дараа дийлэнх нь эерэг сэтгэгдэлтэй үлдсэн. Хамгийн гол нь хууль дүрэм, ямар нэг эдийн засгийн онолоор асуудлыг шийдэх гэхээсээ хүмүүсийн сэтгэлгээний өөрчлөлт чухал юм байна л даа. Шүлсээ гудамжинд хаях, тамхи татахыг хориглосон хууль гарсан ч хүмүүс чин сэтгэлээсээ хүлээж авахгүй бол хэрэгжихгүй. Улс орнууд эерэг сэтгэлгээний хандлагыг төлөвшүүлэх хичээл хүүхдүүдэд багаас нь заадаг юм билээ. Үндэсний бахархал мэдрэмжийг тээсэн иргэн болгож хүмүүжүүлэхэд багаас нь анхаарч байна л даа. JCI Монгол байгууллагын залуус бид энэ төслийг хэрэгжүүлж байгаа. “Эерэг сэтгэлгээний давалгаа” төслийг хоёр жилийн өмнөөс эхэлсэн юм. Ноднин арав гаруй аймагт очиж хүүхдүүдтэй уулзаж, сургалт хийсэн. Улаанбаатар хотын олон сургуульд зочиллоо. Зөвхөн сурагчдад төдийгүй насанд хүрэгчдэд, байгууллагуудын урилгаар очиж энэ тухай ярьсан. Манай төслийн залуус Өвөрмонгол, Хятадын хэд хэдэн муж, монголчууд амьдардаг хотуудад ажилласан л даа. Саяхан Солонгос явлаа. Би Японд очиж сургалт хийж бас давхар судалсан юм. Японд бага ангийн багшийн цалин дунд, ахлах ангийн багшийнхаас өндөр байдаг. Яагаад гэвэл бага ангийн багш япон хүнийг бэлтгэж байна гэж үздэг юм билээ. Япон хүнийг хэрхэн бэлтгэж байгааг судалсан. АНУ-д сурч байхдаа ч дунд сургуульд лекц унших завшаандаа ямар үзэл санааны тулгуурыг багаас нь заадгийг сонирхдог байв. Бид энэ хөтөлбөрөө хэрэгжүүлэнгээ туршлага хуримтлуулж, дунд сургуулийн сургалтын хөтөлбөрт оруулахыг санал болгох юм. Эерэг сэтгэлгээг түгээхэд 100-гаад залуус идэвхтэй оролцдог.

-Эцэг эхчүүд хүүхдээ эерэг хандлагатай, өөдрөг хүн болоосой гэж хүсдэг. Ийм байхын тулд анхаарах ёстой зүйлүүд юу вэ?

-Судалгааныхаа шатанд яваа учраас нарийн зөвлөгөө өгч чадахгүй. Сүүлийн хоёр жил энэ чиглэлээр цалин мөнгөгүй ажилласан олон залуус бий. Эерэг Энхбаатар гэж нэрлэгдсэн залуу хүртэл байдаг. Би гурван хүүхдийн аав. Надад юу ажиглагдсан гэхээр хүүхдүүдийнхээ үзэл бодлыг сонсох хэрэгтэй юм байна лээ. Эцэг эхчүүд хүүхэдтэйгээ амьд харилцаатай байх нь чухал. Хүүхэд нь уйлахаар утсаа бариулаад аргалчихдаг. Үүний оронд аль болохоор хүүхдэдээ үлгэр тууль уншиж өгч, багаас нь ярилцаж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг болоход туслах хэрэгтэй юм билээ. Би бол хүүхдэдээ “Нууц товчоо”-г цээжлүүлдэг. Эргэн тойронд гадаад үг хэллэг маш их байна. Телевиз, цахим ертөнцөд ч бид гадаад үг хэллэг, контентыг хязгаарлаж чаддаггүй. Жишээлбэл, Хятадад зарим хүүхэлдэйн кинонуудыг хориглож, өөрсдийнхөө хүүхэлдэйн киног гаргадаг. Соёлтой орнуудад хүүхдэдээ юу үзүүлэх, үзүүлэхгүйгээ шийдчихсэн. Манайхан бол мэдээллийн замбараагүй урсгалтай. Аль болох тэр орон зайг нь амьд харилцаанд шилжүүлэхийг хичээдэг. Ном уншиж өгөөд “Чи эндээс юу ойлгож байна вэ” гээд ярилцдаг. Энэ л хүүхэд багаасаа үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, зөв хандлагатай хүн болоход нөлөөлөх юм шиг санагдаж байна.

-Саяхан Харвардад суралцаад ирсэн гэсэн. Нүүр номдоо бичсэн нэг өгүүлбэр чинь таалагдсан л даа. “Харвардад заасан хамгийн том сургаал бол хүнээрээ байх тухай” гэсэн байна лээ?

-Янз бүрийн хичээлүүд орж байлаа. Гол тулах цэг нь юу гэхээр зөв хүнийг бэлтгэх ёстой л гэж үздэг юм билээ. Хамгийн сонирхолтой нь Буддизмын гүн ухаан баруунд ялангуяа Харвардын манлайллын онолоос ханхалж байв. Жишээлбэл “Энэ ертөнцийн хамгийн хол аялал юу вэ” гэсэн асуулт байгаа юм. Тархинаас зүрх хүртэл зай бол хамгийн хол аялал гэнэ. Энэ бол Буддын сургаал. Гэвч Харвардын Манлайллын хөтөлбөрийн язгуур болж яваа. Харвард гэхээр л барууны суртал заагаад, америкжуулаад байдаггүй. Тухайн хүний оролцоотойгоор өөрийг нь нээх хичээлүүдийг л их ордог. Хамгийн энгийн жишээ гэхэд л “Таны сул тал юу вэ”, “Та ямар алдаа гаргаж байв”, “Танд ямар бэрхшээл тохиолдож байсан бэ, үүнээсээ та ямар сургамж авсан юм бэ”. Гол философи нь маш даруу, хүнлэг бай гэдэг. Хүнлэг байх нь ямар нэг албан тушаал, эд хөрөнгөөс үнэтэй. Түүхэнд үлддэг өв бол хүн чанар. Хүн чанартай хүн бол хүссэн хүсээгүй манлайлаад явчихдаг. Хүн чанаргүйгээр эд хөрөнгө, нэр төр, алдар хүндийн төлөө явсан хүн үнэнд гүйцэгдэж унадаг. Гол философи нь ийм.

-Өөрөө хог түүдэг хоёр хүнтэй эрээлж цээрлэлгүйгээр тэврэлдээд зургаа авахуулсан байхыг харсан. Тэдний духан дээрх гүн үрчлээ таны бүтээлийн санаа болсон гэсэн үү?

-Би “Эзэнт гүрний туульс” гэж ном гаргасан юм. Б.Лхагвасүрэн гуайн хэлсэн үг байдаг. “Гэнэн хэрсүү нийлж дүүрэн болдог, гэрэл харанхуй нийлж бүтэн болдог” гээд. Хүн төгс байхыг хүлээвэл хэзээ ч тийм байж чадахгүй. Алдаа оноотой ч өөрийнхөө зөв гэж үзсэн алхмыг хийх ёстой. Нэг их ухаантай юм бодсон ч ямар нэг үйлдэл хийхгүй бол хоосон мөрөөдөл болно. Эсвэл огт бодохгүйгээр цээжээ дэлдээд гүйвэл бас хоосон болчихдог. Аль болох бусдыг сонсч, зоригтой алхам хийх хэрэгтэй шиг байгаа юм. Зориг гэдэг харьцангуй ойлголт. Бусад хүн юу хэлэх бол гэж хүлээх нэг өөр. Аливаа юмыг урагшлуулах гэж зүтгэх бас өөр. Ажил хийсэн хүн зэмлүүлэх нь олон. Би “Тэнэг хүний зориг нь их” гэдэг л алхам хийсэн юм. Монголд түүхэн туульсын өв багатай. Харин баатарлаг туульсын өв ихтэй. Зарим судлаач 700, зарим нь 1200 баатарлаг туульс бий гэдэг. “Жангар”, “Гэсэр” гээд л та мэднэ дээ. Киргиз гэх орнуудад түүхэн туульс олонтой. “Манас” гэдэг ч юм уу. Надад ямар бодол төрсөн гэхээр Монголын түүхийг маш олон янзаар гуйвуулдаг нь олон шалтгаантай. Нэгд, бид өөрсдөө түүхийг гуйвуулах үндсийг тавилцсан. XIII зуунд бид маш олон хотыг эзлэх явцдаа одоогийнхоор бол пи ар буюу тухайн үеийнхээ мэдээллийн технологийг ашиглаж байжээ. 1220 онд Монголын эмэгтэй элчин төлөөлөгч тухайн үеийн Солонгост очоод 1000 авдар цаас авсан байгаа юм. Тэр цаасаа Ойрхи Дорнодод болж байсан дайны үед ашиглаж, бичгийн соёлтой ард түмний давуу талыг сул тал болгож “Монголчууд бол ийм ийм хүчтэй ард түмэн. Та нар зүгээр л бууж өг” гэх мэтээр ухуулах хуудсуудыг сонгуулийн сурталчилгааны материал шиг л маш олон хотуудаар тараажээ. Тэр нь монголчуудаас айх айдсыг бий болгож, хохирол багатайгаар олон хотуудыг эзэлж байсан. Том гүрэн байхын тулд айлгах пи арыг явуулчихаад дараа дараагийн үедээ тэр пи араа залруулалгүй алдчихгүй юу. XVI- XVII зууны үеэс баруунд шинжлэх ухаан, технологи хөгжихдөө хүчний нэр томьёог монголойд гэдэг ч юм уу монголчууд бол аймшигтай харгис хүмүүс гэх төсөөлөл хүн төрөлхтний тархинд буучихсан.

XX зуун гарсан ч мэдээлэл хаалттай, түүх соёлын хувьд хязгаарлагдмал нөхцөлд бид байсан. XXI зуун тулж ирэхэд өөрсдөө дэлхийн зах зээлд Монголынхоо түүхийг өгүүлсэн бүтээлийг экспортлох хэрэгтэй боллоо. Мартагдсан, тасарсан, гуйвагдсан түүхээ өөрсдөө нийлүүлэх, үргэлжлүүлэх хэрэгтэй. Тэр зорилгоор би энэ номыг бичсэн юм. Номоо бичих үедээ шөнө нь XIII зуунд аялаад, өдөр нь XXI зуундаа амьдардаг байлаа. Бичиж байгаа сэдэвтээ хэт автахаар нүдний харц хүртэл өөр болчихдог. О.Сүхбаатар багш, Г.Аким гуай, Ш.Бира гуай, Б.Сумъяабаатар гуай зэрэг олон сайхан хүмүүстэй уулзаж, тэднийг дагаж Монголын түүхэнд үлдсэн тэмдэглэлт газрууд, байлдан дагуулалт өрнөсөн нутаг орноор явсан л даа. Чингис хаан мориноосоо унаж, хүзүүндээ шарх авсан газрыг ч үзлээ. Олон газраар явж төсөөлөлтэй болсныхоо дараа түүхийн эх сурвалждаа тулгуурлан “Эзэнт гүрний туульс”-аа бичсэн. Тэгэхэд харсан болгон ямар нэгэн сэдэл өгдөг. 2012 оны дөрөвдүгээр сарын 23-ны өглөө ажил руугаа алхаж явсан. Хоёр ах явж байлаа. Хуванцар сав чихсэн хогны ууттай. Тэр хүмүүсийн хажуугаар өнгөрөхдөө нүүр рүү нь зэрвэсхэн харахад духных нь гүн тод үрчлээ нүдэнд туслаа. Одоо манай зарим монгол эрчүүд амьдралын буулган дор духандаа гүн хар үрчлээтэй явж байна. Гэтэл XIII зуунд бидний өвөг дээдэс дэлхий дахиныг засан тохинуулах гэж магнайдаа гал мэсийн шархтай, үрчлээтэй явсан шүү дээ гэж бодогдонгуут “Чингисийн цэргүүд” гэдэг хэсгээ бичиж эхлэх жишээтэй. Ингэж би тэр хоёр ахаас уран бүтээлийн эрч хүчийг авсан болохоор хайр хүрээд, дахин тааралдахдаа шууд очоод тэврээд авахад их гайхсан.

Энэ ном маань есөн боть байх юм. Нэгдүгээр ботийг нь хэвлүүлсэн. Дараагийн 20 жилд үлдсэн ботиуд нь цувралаар гарах юм. Хоёр дахь ботийг нь биччихсэн байгаа. Манай редакцийн зөвлөлд эрдэмтэд, хэл шинжлэлийн хүмүүс бий.

-Уншигчид таны бүтээлийг яаж хүлээж авсан бэ?

-Үнэндээ бол миний үеийн залуусын хувьд энэ номыг дуустал уншсан хүн цөөхөн байгаа. “Уншаад нойр хүрчихлээ”, “Ойлгогдохгүй үгэн дээр гацчихлаа” гэсэн шүүмжлэл их хэлдэг. Орос хэлний С.Галсан багшаас авахуулаад ахмадууд харин нэвт шувт уншсан гэдэг юм. Энэ ном бизнесийн зорилгоор гараагүй. Нэг монгол үг мартагдана гэдэг бол нэг монгол хүн шороон дор орж байгаатай ялгаагүй гэж боддог. Үг гэдэг хүний амь насны үнэ цэнтэй. Яагаад гэвэл үндэстний сэргэн мандахын язгуур бол үг. Үгээ мартаад эхэлбэл хэлээ мартана. Хэл гэдэг ахуйгаасаа хамааралтай. Бид С.Жавхлан шиг морьтой явахгүй болохоор олом, жирэм, ногт, хазаар, дээс, баавар, эмээлийн бүүрэг гэдэг үгийг залуус хэрэглэхгүй байна. Ахуйгаасаа холдохоор хэлнээсээ холдоход хүрнэ. Ахуй, хэлнээсээ холдсон хүн монгол бахархлаасаа холдоно. Монгол бахархлаасаа холдвол Монголын төлөө гэсэн мэдрэмжүүд нь сарнина. Тэгсэн цагт Монгол биш болно. Монголыг хадгалах хамгийн чухал зүйл бол хэл. Би эртний судар, тайлбар толиудаас өнөөдөр хэрэглэхээ больчихсон монгол үгүүдийг түүх дуртай. Тэр үгүүдээ хүчээр ч болтугай номондоо тайлбартай оруулдаг. Уншихад хүнд байхаас аргагүй. Заримдаа арван мөр дараалаад, төдийлөн хэрэглэдэггүй үгс орчихдог. Надад нэг романтик мөрөөдөл бий. А.С. Пушкин тухайн үедээ яруу найраг язгууртны соёл байсныг эргэлтэд оруулж чадсан гэдэг. В.Путин жишээлбэл С.Есениний шүлгээс дурддаг. С.Есенин хэтэрхий аристократ болчихсон хэлийг ард түмний хэл рүү хөрвүүлсэн. У.Шекспир ч зохиолдоо 70 гаруй мянган үг ашигласан гэж үздэг. Тухайн цаг үедээ хэн нэгэн хүн хэлнийхээ төлөө зүтгэх шаардлагатай. Б.Ринчин, Ц.Дамдинсүрэн гуай гээд олон хүн үүний л төлөө явсан.

-Та тэмдэглэл хийхдээ монгол бичгээр хөтөлж харагддаг. Харвардад сурч байхдаа ч монгол бичгээр лекцийн тэмдэглэл хийсэн үү?

-Криллээр ч, монгол бичгээр ч бичнэ. Монгол бичгээр бичихээр бахархалтай мэдрэмж төрдөг, толгой цэгцтэй ажиллаад байх шиг санагддаг. Би нууц байлгахыг хүссэн юмаа монгол бичгээр мөртлөө англи хэл дээр биччихдэг. Одоо надад 700-800 орчим хуудас монгол бичгээр бичсэн тэмдэглэл бий. Голцуу өдрийн тэмдэглэлээ монгол бичгээр бичдэг.

-Хэзээнээс монгол бичиг, үг үсгийн араас хөөцөлддөг хоббитой болчихов?

-Долдугаар ангиасаа. Зургадугаар ангидаа өөрийн гэсэн үсэг зохиосон юм. Бүх үсэг нь бөөрөнхий, дундаа нэмэхтэй бол А үсэг, дундаа нэг цэгтэй бол Б гэх мэтээр үсэг зохиосон. Хайрын захиагаа ээж, аавдаа уншуулахгүй гээд тэгж бичдэг байсан. Нэг удаа ээж миний түлхүүр цагаан толгойг олчихсон. Түүнээс хойш монгол бичгээр бичдэг болсон.

-Эмээ, өвөө дээрээ өссөн гэсэн үү?

-Төв аймгийн Бүрэнд өссөн. Гадаад дотоодод сурч явахад хамгийн түрүүн хөдөөгөө санадаг юм билээ. Өглөөний хар чийгтэй хяруунаар тэрлэгээ холхинодог бакалтайгаа өмсөөд, уяж хоносон эмнэг үрээнийхээ цанхийг нь таттал олмоо чангалж, уургаа тулан мордоод, өвөөгийнхөө том дуранг баруун ташаан дээрээ зүүчихсэн, салхи сөрөөд энгэр задгай давхих нь гайхамшигтай эрх чөлөө байлаа. Өндөр уулан дээр гараад хэзээ язааны эр хүн шиг завилж сууж адуугаа дурандаад, адуун дээрээ давхиж очиж морио юүлээд, хэдэн адуугаа туугаад исгэрээд давхиж байх үнэн жаргал байхгүй юу. 800 жилийн өмнө ч монгол эр хүн ингэж л явсан даа. Гадаадад сурч тоо бодоод ширээ дэрлэн сууж байхад үе үе иймэрхүү дурсамж санагдана.

-Улстөрчдөд урам хугарсан олон нийт дараагийн үеийн залууст найдвар тавьж хүлээдэг. Дараа үеийн шижигнэсэн залуус бэлтгэгдэж байна уу гэвэл та юу хэлэх вэ?

-Монгол Улсын Үндсэн хуульд ч Хүний эрхийн түгээмэл тунхаглалд ч “Хүнийг нас хүйс, шашин шүтлэг, мэргэжил боловсролоор нь ялгаж болохгүй” гэж бий. Ерөөсөө хандлага л чухал. Дээр байгаа хүмүүсийн фракцийн зодооныг залуус нь өвлөөд авчих юм бол дараагийн үе гараад ч нэмэргүй. Тухайлбал, Б.Чимэд багшийг би маш их хүндэлдэг байлаа. Байнга юм уншдаг. Барууны шинэ онол энэ тэрийг мань хүн аль хэдийнэ мэдчихсэн байна. Нас ахисан ч хүний тархи залуугаараа байж болно. Фракц гэдгийг огт үгүйсгэж болдоггүй л дээ. Парламентын засаглалтай орнуудад бүгдэд нь байдаг. Гэтэл тэр нь намын дүрэм, тодорхой хэм хэмжээнд захирагдах ёстой. Эрх ашгийн эрэмбэ нь алдагдчихаар эргээд намаа хорлох хэмжээнд хүрлээ. Залуу гэж явцуу утгаар хэлэхээсээ шинэ хандлагатай хүмүүс энэ улс орныг зөв авч явна. Шинэ хандлагатай хүн хэдэн ч настай байж болно. Бодит утгаар залуус яагаад манлайлах ёстой гэхээр өнөөдөр улс төрд 30 жил явсан хүмүүс сайн, муу маш олон түүхийн гэрч, оролцогч болчихсон. Нэг хүн нэг юм ярихаар “Яг ш дээ. Чи тэдэн онд тэгээ биз дээ” гээд бие биенээ чөдөрлөчихөөд байгаа юм. Муу түүхгүй, эрх ашгийн ээдрээнд орооцолдоогүй, шинэ үе гарч ирэх нь зайлшгүй. МАН-ын нэг сайн тал нь залуустаа итгэл хүлээлгээд зоригтой гаргаад ирдэг. АН-ынхан болохоор “Бид өөрсдөө анх тэмцэж гарч ирсэн болохоор чаддаг юм бол та нар тэмцээд гараад ир” гэдэг. Нэг бодлын буруу биш, нөгөө бодлын зөв ч биш. Би Америкт хуулийн чиглэлээр мастер хамгаалахдаа Үндсэн хуулийн чиглэлээр судалгаа хийж байсан. Тийм болохоор хямралын гол шалтгааныг хувь хүмүүсийн зөрчлөөс илүү системийн алдаанаас хайдаг. Засаглалын тогтвортой байдал гэдэг ардчилсан нийгмийн хөдөлгөгч гол хүч болдог. Өнөөдөр Монголд засаглалын тэнцвэр байхгүй. Үндсэн хуулийн зарчим маань засаглалын тэнцвэртэй байдлыг хангах бүтэц биш. Сонгодог парламентын засаглалтай орнуудын тогтолцоог авч байж цаашаа явахаас өөр аргагүй. Ийм өөрчлөлт хийхгүй бол тогтолцооны хувьд хуулийн боломж байгаа учраас хүмүүс хуулийн боломжийг ашиглаад байна. Системийн алдааг засвал маш олон юм аяндаа засагдаад эхэлнэ.

Categories
мэдээ улс-төр

Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр О.Эрдэмбилэгийг сонголоо

Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан Улсын Их Хуралд Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь заалтыг үндэслэн Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Очирхүүгийн Эрдэмбилэгийг томилуулах саналыг өргөн мэдүүлсэж УИХ-ээр хэлэлцлээ.

Монголбанкны ерөнхийлөгчийн саналыг Эдийн засгийн байнгын хороо өнөөдрийн хуралдаанаараа хэлэлцэж дэмжсэн тухай тус байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан танилцуулсан юм.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Ундармаа ,Ж.Энхбаяр, А.Баделхан, Г.Занданшатар, Б.Пүрэвдорж, Т.Аюурсайхан, нар Монголбанкны ерөнхийлөгч болон нэр дэвшигчээс асуулт асууж тодруулан саналаа хэлсний дараа санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 90.6 хувь нь О.Эрдэмбилэгийг Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр томилохыг дэмжив.

Нэр дэвшигч О.Эрдэмбилэг нь:

1994-1998 онд МУИС-ийг эдийн засаг, санхүүч мэргэжлээр төгсөж,

2000-2002 онд Австралийн Улсын их сургуульд хөгжлийн эдийн засгийн мастер хамгаалжээ.

1998-2007 онд Сангийн яаманд газар, хэлтсийн дарга, мэргэжилтэн,

2004-2005 онд МУИС-д багш

2007-2013 онд Олон улсын валютын санд улс хариуцсан эдийн засагч, ахлах эдийн засагч, 2013-2014 онд “Ньюком” группэд зөвлөх, 2014 оноос “Голомт” банкны Тэргүүн дэд захирал, ТУЗ-ийн даргын зөвлөхөөр ажиллаж иржээ.

Б.УЯНГА

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн Онцгой комисс ирэх даваа гаригт хуралдахаар болжээ

Энэ сарын 28-нд орсон түр зуурын, хүчтэй, аадар борооны улмаас хотын зүүн хэсэг буюу Баянзүрх дүүрэг бүхэлдээ усанд автжээ. Нийслэлийн Онцгой байдлын газраас өгсөн мэдээллээр ялангуяа Баянзүрх дүүргийн З-р хороо Чингис зочид буудлын зүүн талын автозам 300м, Бөхийн өргөөний урд талын хороолол дундах автозам 250м, Нарны гүүрний зүүн талын автозам 150м, “Буян”ХХК-ийн зүүн талын автозамуудад борооноос үүдэн үер бууж, усны түвшин нэмэгдэж, иргэдийн автомашин усанд суух, хөвөх, мөн орц болон орон сууцны газар доорхи давхаруудад ус хуримтлагдаж хүндрэлтэй нөхцөл байдал үүсчээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Баянзүрх дүүргийн 3-р хороонд очиж, нөхцөл байдалтай газар дээр нь танилцлаа. Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Н.Уламбаяр, Улаанбаатар хотод өчигдөр /7 дугаар сарын 28/ оройн 19:55 цагаас 20:30 цагийн хооронд маш хүчтэй аадар бороо орсон. Замын ус зайлуулах шугам хоолойнууд болон үерийн далан хэвийн ажиллаж байсан ч бороо маш хүчтэй орсон учраас ус зайлуулах шугамын хүчин чадал хүрэлцээгүй гэсэн тайлбар өглөө.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргыг түр орлон гүйцэтгэгч Т.Гантөмөр, үерээс болж үүссэн хүндрэлтэй нөхцөл байдлыг арилгахаар Ус сувгийн удирдах газрын ус соруулах зориулалтын 2 автомашин, “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл”ОНӨҮГ-ын ус соруулах зориулалтын 2 автомашин, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын ус соруулах 3 автомашинтай, нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 2 бүлэг 8 албан хаагч, 2 автомашинтай, Онцгой байдлын ерөнхий газрын Аврах тусгай ангиас 3 бүлэг 18 хүн 3 автомашинтай усыг соруулж 00:30 цагт дуусган замын хөдөлгөөнийг хэвийн байдалд оруулсан гэлээ. Энэ хавар, зуны турш Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл, Нийслэлийн Онцгой байдлын газартай хамтран үерийн далан сувгуудын цэвэрлэгээг тогтмол хийж байсан байна.

Нийслэлийн Засаг дарга, цаашид ч Улаанбаатар хотод их хэмжээний бороо орох урьдчилсан мэдээ байгаа учраас Улаанбаатар хотын автозамуудын ус зайлуулах шугам хоолойг өргөтгөх, ус соруулах автомашин, техник хэрэгслийг сайржуулах шаардлагатай байна. Цаашид шинээр барих автозамуудыг заавал ус зайлуулах шугам хоолойтой байхаар төлөвлөж хийх хэрэгтэй. Тиймээс нийслэлийн Онцгой комиссын хурлыг ирэх Даваа гарагт яаралтай хуралдуулж, үерийн улмаас үүссэн нөхцөл байдлыг арилгуулах, цаашид үер усны аюулаас урьчдчилан сэргийлэх чиглэлээр ямар ажлуудыг хийх талаар мэргэжлийн байгууллагуудын саналыг авч хэлэлцэн, хэрэгжүүлэх ажлуудаа тодорхойлно гэв. Мөн үерийн улмаас үүссэн хог хаягдлыг шуурхай цэвэрлэж, ариутгал, халдваргүйтгэл хийхийг холбогдох албаныханд үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ спорт

Улсын арслан Р.Пүрэвдагвын цолны мялаалга болно

Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Архангайн хүчтэнүүдийн дэвжээ өнгөтэй сайхан наадаж аварга, арслан харцага, начин төрсөн сайхан наадам болсон билээ.

Тэгвэл Арын сайхан хангай Архангай аймгаас төрсөн “Алтан дорнод Монгол”группийн бөх Монгол Улсын Арслан Р.Пүрэвдагва, Монгол Улсын начин М.Бат-Отгон нарын шинэ цолны мялаалгын наадам наймдугаар сарын 11-нд Архангай аймгийн Булган суманд болох аж.Энэхүү наадамдаа нутгийн зон олноо урьж байгаа юм байна.

О.ӨНӨР

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Яг л нар мандахын сайхан шиг…

Хотожсон, даяарчлагдсан энэ нийгэм чинь хүмүүний амьдралын сайн сайхан хийгээд сэтгэл зүрхний цаглашгүй гэгээг зарим талаараа бөхөөдөг байна. Ухаандаа, өндөр өндөр барилгуудын дунд өсч торнисон хүмүүст, хүүхэд багачуулд нар мандана гэдэг эрхэмсэг ойлголт гэрэл гарах, зүгээр нэг чийдэн асахтай агаар нэг болжээ.

Тэгэхээр талын нүүдэлчин монголчууд бид бүхэн нар мандахын гайхамшгийг, түүний ер бусын үзэсгэлэнт чанар, байгаль дэлхийг бүрхээд зогсохгүй хүмүүнийг галын дөл шиг бадраах далдын увдисыг мэдэрмээр байна. Үр хүүхдүүд, ойр дотнынхондоо мэдрүүлмээр байх юм аа.

Хаврын тэргүүн сарын шинийн нэгний юм уу, эс бөгөөс шинэ оны эхний өдрийн нарыг манайхан сүрхий гэгч нь угтаж, хүслээ шивнэцгээдэг. Тухайн өдрийн нар л чухал мэтээр ойлгох нь бий. Гэхдээ ганц өдөр ч болов чин зүрхнээсээ наранд залбирч буй олны минь буруу гэж юу байх билээ.

Гол учир нь бид бүхэн өглөө, цаг минут бүр гэгээн тунгалаг нарандаа залбирч, энергиэр тэтгэгдэн хэнээс чиг гуйхгүй амьдралын энгийн сайхныг мэдрэх нь чухал.

Бид чинь зүв зүгээр байж байгаад хэн нэгэнтэй хэрэлддэг. Нэгнээ гомдоодог, хараадаг, зүхдэг. Түүнийг харин ч өлхөөн хийж чадна. Тэгвэл яг үүн шигээ баярлаж чаддаг байх хэрэгтэй. Тухайлбал, амьдралын эх ундарга болсон наранд чин зүрхнээсээ шившин баярладаг байх.

Үүнээсээ улбаалаад ижий аав, найз нөхөд, хамт олон, гэр бүлийнхнийгээ нар шиг хайрлаж, нийгмээ нар адил гэрэлтүүлэхийг л миний бие хүсээд байгаа юм аа. Угтаа бол яг л нар мандахын сайхан шиг…

Э.БАЯР

Categories
мэдээ цаг-үе

Би толгойгоо сайн ажиллуулж, их хичээсэн

Энэ удаагийнхаа “Өдрийн зочин” буланд “Олонлог” сургуулийн сурагч, 12 дугаар ангиа бахдам амжилтаар төгссөн, “Олон улсын математик”-ийн 57 дахь олимпиадын мөнгөн медальт Ганболдын Баяржавхланг оролцуулж байна. Тэрбээр “Олон улсын математик”-ийн олимпиадаас мөнгөн медаль хүртсэнээр хувийн хоёр дахь, сургуулийнхаа 11 дэх медалийг авчирчээ.

Г.Баяржавхлан нь Дундговь аймгийн Даланзадгад суманд төрсөн. Тэрбээр 17 настай бөгөөд энэ жил “Олонлог” сургуулийн 12 дугаар ангийг төгсчээ. Аав, ээж хоёр нь математикийн багш учраас тооны хичээлдээ шимтэж илүү ихийг мэдэхийг тэмүүлэх болж. Г.Баяржавхлан жилд арваас доошгүй олимпиадад оролцдог байна. Түүний дуртай хичээл нь математик, физик, биеийн тамирын хичээл гэнэ. Мөн чөлөөт цагаараа сагсан бөмбөг тоглож, шатар нүүх сонирхолтой аж.

Г.Баяржавхлан долдугаар ангид байхдаа математикийн хичээлийг сонирхож, гүнзгийрүүлэн суралцаж эхэлжээ. Математик гэдэг бол хүний сэтгэхүйг шалгадаг шинжлэх ухаан учраас түүнд илүү таалагдаж бодлогынхоо хариуг тунгааж, ямар нэг зөв аргаар хариу гаргахын төлөө мэрийдэг гэнэ. Хичээл зүтгэл нь ч талаар өнгөрсөнгүй Монгол Улсын Математикийн олимпиадаас таван мөнгө, нэг хүрэл медаль хүртжээ. Мөн Нийслэлийн математикийн олимпиадаас хоёр алт, дөрвөн мөнгө, нэг хүрэл медалийн эзэн болсон байна. Харин Олон улсын математикийн олимпиадад гурван жил дараалан оролцсон бөгөөд 2014 онд хүрэл, 2015 онд шагналт байрын эзэн болсон байна. Харин энэ жил амжилт дүүрэн оролцож мөнгөн медаль хүртжээ. Монголын математикчид нийт хоёр мөнгө, хоёр хүрэл медаль авч чансаагаараа 33 дугаар байрт шалгарсан юм.

Дэлхийн шилдэг математикч хүүхдүүдийг тодруулдаг Олон улсын математикийн олимпиадад АНУ-аас зургаа, ОХУ-аас дөрөв, БНХАУ-аас дөрөв, БНСУ-аас дөрвөн оролцогч алтан медаль авчээ. Тус тэмцээнд өндөр хөгжилтэй орны тамирчид илүү амжилт гаргадаг байна. Харин Г.Баяржавхлан “Би толгойгоо сайн ажиллуулж, их хичээсний үр дүнд “Олон улсын математик”-ийн мөнгөн медалийн эзэн болсон юм шүү дээ” гэж ярилаа. Энэ жилийн хувьд геометрийн бодлого бага ирсэн байна. Тэрбээр алтан медаль авах боломж их өндөр байсан ч бусад орны өрсөлдөгчид маш чадварлаг байсан талаар хэлсэн юм.

Баяржавхлангийн аавыг Балдандоржийн Ганболд гэдэг. Улаанбаатар хотод “Олонлог” сургуульд математикийн багш хийж байгаад одоо Сүхбаатар аймагт боловсролын салбарт ажиллаж байгаа аж. Харин түүний ээжийг нь Өлзийбүрэнгийн Бямбацэцэг гэдэг. Нийслэлийн 73 дугаар сургуульд математикийн багш хийж байсан. Одоо Сүхбаатар аймгийн Дөрөвдүгээр сургуулийн эрхлэгчийн албыг хашиж байгаа гэнэ.

Түүний аав Б.Ганболд хүүгийнхээ тухай ярихдаа “Миний хүү багаасаа хүүхдүүд гадаа тоглож байхад ч хичээлээ хийгээд суудаг байсан. Зан чанарын хувьд их зарчимч, хичээнгүй, тууштай. Бид хоёр ч хичээлийг нь давтуулж, уйгагүй хийлгэдэг байсан. Амралт ч ховор байж. Түүний үр дүнд хүү минь энэ жилийн олон улсын олимпиадад 109 орны 600 гаруй хүүхэд оролцсон энэхүү том тэмцээнд мөнгөн медаль хүртлээ. Энэ амжилт манай улсын сүүлийн таван жилийн амжилтыг ахиуллаа. Ээж, аав элгэн садан нь хүүгээрээ их бахархаж байна.” гэв.

Харин түүнд энэхүү амжилтыг үзүүлэхэд гол нөлөө үзүүлсэн математикийн багшийг нь Б.Ганбилэг гэдэг. Г.Баяржавхлан хүү энэ жил дунд сургуулиа төгссөн учир БНСУ руу солонгос хэлний бэлтгэлийн сургуульд суралцахаар төлөвлөсөн байна. Ирээдүйд математикч юм уу мэдээллийн технилогич болох хүсэлтэй гэсэн. Тэрбээр эрдэм номтой хүн болж, ээж аавынхаа ачийг хариулах мөн Монголынхоо хөгжил, цэцэглэлтэд хувь нэмрээ оруулах мөрөөдөлтэй гэж ярьсан юм.

Б.Уранчимэг

Categories
мэдээ цаг-үе

Илгээлт өвөртөлсөн нэг ангийнхан

Илгээлт өвөртөлсөн гэхээр мал аж ахуй, барилгын салбарт илгээлтээр очсон нэг ангийнхны талаар өгүүлнэ гэж бодож магадгүй юм. Харин энэ ангийнхан бол тун өвөрмөц илгээлт авсан ангийнхан билээ. 1980 онд тэр үеийн МАХН-ын Төв хорооны 55 дугаар тогтоолоор эвлэл, пионерийн ажилтнуудыг системтэй бэлтгэхээр болж, Улсын багшийн дээд сургуулийн түүхийн багш пионерийн удирдагчийн ангид эвлэл пионерийн сонгуульт ажил хийж байгаа сурагчдаас аравдугаар анги төгсөхөд нь өрсөлдөгчгүй элсүүлэх шийдвэр гаргажээ. Ийнхүү эх орныхоо өнцөг булан бүрээс шалгарч ирсэн сурагчид УБДС-ийн Түүх пионерийн удирдагчийн ангид 1982 онд элсээд 1986 онд төгссөн түүхтэй. Бид чухам тэр ангийнхны тухай буюу Монгол Улсын гавьяат эдийн засагч Н.Дашзэвэг багштай нэг ангийнхны тухай өгүүлэх болно.

Аймаг аймгаас ирсэн эвлэл пионерийн сонгуульт ажил хийж байсан хүүхдүүд 1982 оны намар УБДС дээр цугларч анхны намрын ажлаа Залуучууд сангийн аж ахуйд тариан талбай дээр өрнүүлж, анх уулзацгааж байлаа. Харин дөрвөн жил нэг танхимд ижилдэн дассан тэр ангийнхан өнөөдөр 50 насны босго давж эх орныхоо өмнө хийсэн ажилтай, хэлэх үгтэй, ач зээ нараараа хүрээлүүлсэн жинхэнэ ид сортой үедээ гялалзаж явна.

Энэ ангид тэр үед Өмнөговь аймгийн Даланзадгад хотын эвлэлийн хорооны даргаар ажиллаж байсан Х.Цэрэндаваа, Дорнод аймгийн Пионерийн зөвлөлийн зааварлагчаар ажиллаж байсан М.Санжмятав, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын эвлэлийн хорооны даргаар ажиллаж байсан Д.Дагва гээд гучаад насны идэрхэн гурван залуу элсч, дөнгөж аравдугаар анги төгсөөд ирсэн дүү нартаа ажил амьдралын сургаалаа хайрлаж үлгэр дуурайллаа үзүүлж байв. Тэгээд ч Х.Цэрэндаваа сургуулийн оюутны намын хорооны дарга, сургуулийн намын хорооны товчооны гишүүн, М.Санжмятав ангийн даргын алба хашиж анги хамт олондоо нөмөр нөөлөг болж иржээ. Энэ ангийнхан сургуулийнхаа соёлч нөхөрлөлийн болзлыг дөрвөн удаа хамгаалж урлаг спорт, сурлагаараа бусдыгаа манлайлдаг байж. Эдний ангийнхнаас дэд эрдэмтэн нэг, төрийн дээд шагнал Алтангадас одонгоор найман хүн шагнагдаж, бүгдээрээ боловсролын тэргүүний ажилтан болсон. Бараг 80 хувь нь улсад 30 жил багшилж бусад нь том жижиг ямар нэгэн байгууллагын дарга, сургуулийн захирлын алба хашиж иржээ. Мөн дэд сайд, Засгийн газрын агентлаг хүүхэд залуучууд, эмэгтэйчүүд, гэр бүлийн газрын даргын албыг Я.Төмөрбаатар хашиж анги хамт олныхоо бахархал болж байна.

М.Анхбаяр Увс аймгийн хүүхдийн байгууллагын даргаар 12 жил, Дэлхийн өвд хамрагдсан Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газрын даргаар 16 жил ажилласан бол Э.Бямбаа төрөлх Түргэн сумынхаа Засаг даргаар 12 жил, хурлын даргаар зургаан жил сургуулийн захирлаар 11 жил ажилласан нь бас л ховорхон үзүүлэлт юм. Энэ ангийнхныг даргын одонд төрсөн анги гэлтэй. Аргагүй шүү дээ, даргын анги төгссөн юм чинь. Х.Цэрэндаваа насаараа нам төрийн захиргааны удирдах ажил хийж, Д.Уранбилэг Сэлэнгэ аймагтаа Хүүхдийн төлөө төвийн дарга, Сэлэнгийн долгио чуулгын даргын албыг хашиж, Г.Ганхуяг Говь-Алтай аймагтаа Пионерийн зөвлөлийн дарга, Ц.Ганболд Хөвсгөл аймгийнхаа Үйлдвэрчний эвлэлийн даргын албыг хашиж, С.Гэрлээ, Р.Цэдэндамба, Ж.Ганбат, М.Санжмятав нар сургуулийн захирлын албыг хашиж явна. Б.Оюунцэцэг Эрхүү хотод, Л.Саранчимэг Дорнод аймагтаа хувийн хэвшилд хүч үзэж олон ажлын байр бий болгож томоохон үйлдвэр үйлчилгээний цогцолбор удирдаж яваа билээ. Л.Нэргүй, М.Дорж, Б.Цэцгээ, А.Тайван, Н.Отгон, Д.Дагва, Ц.Алтантуяа, Г.Ижилхорлоо, Б.Дэлгэрцэцэг, Н.Жаргалмаа, Д.Оюунтогтох, Б.Хишиг-Оюун, Ч.Энх-Оюун, Хүдэрчулуун нар насаараа багшилж, О.Алтанцэцэг Баян-Өлгий аймагтаа Иргэний бүртгэлийн ажилтнаар ажиллаж, А.Хурматбек Казахстанд ажиллаж амьдарч явна.

Оюутан байхад дурсгалтай олон үйл явдлын алийг тэр гэх вэ. Алтан намар, Залуучууд сангийн аж ахуйд тэмдэглэсэн Мөнгөн намраа Батсүмбэрийн САА-д үдсэн азтай ангийнхан. Хамгийн дурсгалтай нь II курсийн намар Булган аймгийн Хишиг-Өндөр суманд хадлан дээр ажилласан цаг мөч гэцгээдэг. Өдөрт хоёр машин өвс ачна. Жолооч Чойжоо, Гонгор ах хурдхан өвсөө буулгачихаад оройхон ирж шөнө хоёр машины гэрэлд жижиг магнитофонд ая тавьчихаад бүжиглэж өгнө дөө. Нэгдлийн даргаас нь зөвшөөрөл авч буга, тарваганы мах зооглоод тансаг байсан гэж байгаа. Намар ажлаа дуусгаад хот орсны дараа Октябрийн баяраар Чойжоо, Гонгор ах нараа гэр бүлтэй нь урьж Улаанбаатар хоттой танилцуулж дайлсан удаатай. Эдний анги улаан бүч гэдэг нэртэй улс төрийн дууны хамтлагтай байв. Уг хамтлагт Ц.Алтантуяа, Л.Нэргүй, Н.Отгон, Р.Цэдэндамба, Ганбат, Д.Уранбилэг, Б.Цэцгээ, Б.Дэлгэрцэцэг, С.Гэрлээ нар дуулж байлаа.

Пионерийн удирдагч болох анхны гараагаа М.Анхбаяр, М.Санжмятав, С.Гэрлээ, Б.Цэцгээ, Я.Төмөрбаатар, Л.Саранчимэг нар II курс төгсөх жилээ Олон улсын хүүхдийн Найрамдал зуслангаас эхэлж мөн ч их зүйл сурсан даа. “За чиний бүлгийн байрны түлхүүр, одоогоос жинхэнэ бүлгийн удирдагч багшаар бие дааж ажиллана” гэж хэлэхэд эхэндээ балмагдаж байсан гэдэг. Мөн дээд курсийн ах эгч нартайгаа Эрхүү, Улаан-Үдэд дадлагаар Уранчимэг, Гэрлээ, Уранбилэг нар явж их зүйл сурснаа дурсана. Иргэний хамгаалалтын сургалтад Таван толгойд гарч эрчүүд цэрэг, охид сувилагч хийж штабын даргаар Д.Уранбилэг ажилласнаас хойш штаб нэр авсан. Үе үе Хандгайтад салхилан, цэвэр агаар амьсгалж цас мөсөн дээр наадна. Хүүхдийн паркаар зугаалж тоглоно. Оюутны байрны хажууд байх “Уран бэр” кафед орж хоол идэхдээ Х.Цэрэндаваа ахынхаа сумын депутатын тэмдгийг зүүгээд дугаарлахгүй үйлчлүүлэхээ тэд андахгүй. Мөн депутатын тэмдгийг нь зүүгээд автобусанд явахад кондукторууд их л гайхдагсан. Ангийн анд нар ихэнх нь оюутны байранд амьдардаг байлаа. Тэр үедээ стипенд гэж “хөөрхөн” мөнгө төрөөс хайрлана. Хоолондоо нийлж гаргах мөнгөө тэр сардаа мөнгө зарцуулах няравдаа тушаачихаад үлдсэнээр нь Улаанбаатар ресторанд орж таван төгрөгийн хуйцаа аваад мөнгө үлдвэл жаал пиво авч уудаг байснаа тэд одоо ч дурсдаг.

Эрдэм сурахаас өөр бодож санах юмгүй, дутагдах гачигдах зүйлгүй сайхан он жилүүдэд оюутан байснаараа тэд бахархана. Дахиад л ангийнхны дурсамж хөвөрнө. Л.Нэргүй маань 2016 онд хүний эрхийн төлөө тэмцэгч цом өргөмжлөл хүртэж, Л.Саранчимэг огт өөр салбарын буюу Худалдааны тэргүүнээр шагнагдаж, М.Анхбаяр Боловсрол, Байгаль орчин, Хяналтын салбарын тэргүүн болж, хил дамнасан шим мандлын дархан цаазат газрыг бэхжүүлсний төлөө ОХУ-ын Байгаль орчны тэргүүний ажилтан болсон. М.Санжмятав, Я.Төмөрбаатар, С.Гэрлээ, Р.Цэдэндамбаа, Э.Бямбаа, М.Анхбаяр, Х.Цэрэндаваа, Л.Саранчимэг, М.Дорж, Д.Дагва нар төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагнагдаж энэ ангийнхан одтой хийморьтой золбоолог явна.

Ангийн андуудаас хоёр гэр бүл төрсөн нь С.Гэрлээ, ангийн эвлэлийн үүрийн дарга Р.Цэдэндамбаа болон Л.Нэргүй, М.Дорж нар юм. Тэд одоо үр хүүхэд, ач нараа тойруулан өнөр өтгөн амьдарч байна.

Тухайн үед багш бэлтгэдэг их дээд сургуульд эвлэл пионерийн дадлага хийлгэж Сэлбэ зусланд цугларалтад гардаг байв. Дадлага ажлыг С.Гэрлээ, Я.Төмөрбаатар, Р.Цэдэндамба, Ц.Ганболд, М.Анхбаяр, Б.Цэцгээ, Л.Саранчимэг, Ц. Уранчимэг, Г.Ижилхорлоо нар удирдаж Монголын пионерийн байгууллагын 60 жилийн ойн медалиар шагнагдаж байсан нь энэ ангийнхны анхны шагнал байж билээ. Ангийн хуримтлалын мөнгөний тооцоог Б.Цэцгээ барьж нэг ёсны ангийнхаа нягтлан байлаа. Ангийн даргад хийхгүй ажил оролцохгүй юм гэж бараг байхгүй. Ёстой л эцгийн оронд эцэг, эхийн оронд эх, гүйдэг нярав, цаг бүртгэгч гээд олон ажил хавсардаг байв. Энэ үүргээ ч М.Санжмятав сайн гүйцэтгэж байсан. Аймаг аймгаас ирсэн хүүхдүүд болохоор ихэнх нь оюутны байранд амьдарна. Оюутны байрны паян гэж дуусах биш дээ. Дээд ангийнхантайгаа зодолдоод сахилгад суугаад ажил хийж байхад ангийн охидууд нь тор дүүрэн амттан авчихсан эргэж ирсэн цэргийн 45 хоногийн карентин гээд дурсамж хөвөрнө. Оюутны байранд охидын хийж байгаа хоол яг буцлах агшинд тасаг руугаа оруулаад саванд юүлээд юу ч болоогүй юм шиг хоосон савыг нь буцаагаад тавьчихна. Ингэж яваад эзэдтэй нь халз таарах үе ч байлаа.

Энэ ангийнхан бөмбөр нижигнүүлж, бүрээ үлээж, бүжиг давтаж ур чадварын шалгалтдаа бэлтгэдэг байв. Залуусын заавал бүжиглэх 15 төрлийн бүжиг ч хүртэл заалгаж байсан. Бүжиг, бөмбөрөө давтаж байхад яг өөдөөс харсан Анагаахын сургуулийн оюутнууд “Ямар гоё юм бэ. Бид учиргүй олон химийн томьёонд толгойгоо гашилгаж байхад эд бүжиглэж байдаг” гэж атаархдаг байсан гэдэг. Энэ жил тэд сургууль төгссөний 30 жилийн ойгоо Сэлэнгэ аймагт байх ангийн анд Д.Уранбилэгийн “Гүн нуур” амралтын газарт тэмдэглэхээр төлөвлөжээ. Төрийн ордондоо зочилж Чингис хаан, Жанжин Сүхбаатарынхаа талбайд зургаа авахуулаад ресторанд орж хуйцаа захиалж зооглоно гэсэн. Оюутан байх үеийнх шиг нь амттай хуйцаа одоо байх болов уу. Мэдээж, оюутан ахуй насныхаа хөгжөөнтэй амьдрал, туулж ирсэн зам мөрөө эргэн эргэн дурсан ярилцана.

Олон олон үеийнхнийг жинхэнэ хүмүүжүүлж ирсэн пионерийн байгууллагаар овоглосон та бүхэндээ амжилт хүсээд оюутан үеийн аман зохиол шахуу болсон ангийн анд М.Анхбаярын архиваас авсан бяцхан шүлгээр энэ дурсамжийг өндөрлөе.

Оюутанцагийндурсамж

Оюутан цагийн дурсамж

Он жилүүдийн харгуйд намтар тоолон зузаарч

Найргийн онгод хүлэг холын замд давхих шиг

Насан залуугийн дурсамж энэ л танхимд үлдсэн

Амьдрал далайд сэлэх хүчийг энэ л танхимд би авсан

Аз жаргалтай залуу насаа энэ л танхимд би үдсэн

Угтан хүлээх бяцхан шавь нартайгаа

Учрах зөргийг эндээс л тавьсан

Хичээл ордог анги минь ивээл хайрласан гэр минь байж

Хичээгээрэй гэж сургамжилдаг багш нар минь

Хишгээ хайрласан буянтнууд байж

Амьдарч байсан оюутны байр маань

Азтай насны туульс байж

Хичээлийн хоёр байр маань

Холбоо хоёр тууж байж

Ам цаасан дээр сийрүүлбэл

Амьдралын нэгээхэн намтар байж

Үймж шуугисан залуу нас минь

Үлэмжийн сайхан дурдатгал үлдээж

Эргэж үүрэндээ ирэх хун цэнгийн шувуу адил

Эхлэл төгсгөлтэй амьдралын тойргоор

Эргээд бид учирна.

Ж.Баярсайхан

Б.Энхмаа

Categories
гадаад мэдээ

Мариана арал дээр 7.7 баллын газар хөдлөлт болжээ

Өнөө өглөө үүрээр Номхон далайн Мариана арал дээр 7.7 магнитудын газар хөдлөлт болжээ. Энэхүү газар хөдлөлт нь 212 км-ийн газрын гүнд болсон байна. Газар хөдлөлтийн чичиргээ АНУ-ын Агрихан арлын өмнөд хэсэг хүртэл 25 км-н зайнд тархсан аж. Азаар цунами үүсээгүй гэнэ. Умард Марианы арлууд нь Калифорни мужийн Номхон далайн эрэг дагуу 5800 милл газар нутгийг хамран оршдог бөгөөд газар хөдлөлтийн чимээ хөрш зэргэлдээ Гуамд ч сонсогдлоо гэж CNN мэдээллээ.

О.ӨНӨР