Categories
энтертаймент-ертөнц

Зун борлосон ч хялбархан цайрах арга

Зун хөдөө гадаа аялж зугаалаад эсвэл халуун наранд олон цагаар яваад борлочихсон хүмүүс энэхүү хялбар хэрнээ үр дүн сайтай аргыг зөвлөж байна.

Цайны халбага нимбэгний шүүсийг өргөст хэмхийн шүүстэй хольж, хөвөнд шингээн нүүрнийхээ арьсыг 10 минутын турш зөөлөн арчина.

  • Гүзээлзгэнийг няцалж маск бэлтгээд нүүр, хүзүүндээ 15 минут бигнүүр тавина.
  • Улаан лоолийн шүүсийг сүүтэй хольж, арьсаа арчвал цайхын зэрэгцээ зөөлөрч булбарай болно.

-Улаан лууванг үрж жижиглээд, нэг хоолны халбага ургамлын тос нэмж маск бэлтгээд нүүр, хүзүүндээ 20 минут бигнүүр тавина. Энэ нь сэвхийг бүдгэрүүлж, нөсөө толбыг арилгах шидтэй.

– Нэг хоолны халбага цөцгий, нимбэгний шүүс, нэг цайны халбага гурван хувийн устөрөгчийн хэт ислийн уусмалтай бэлдмэлээр нүүрээ арчина.

  • Иссэн таргаар маск тавих.

Эдгээр зөвлөгөөг долоо хоногт 2-3 удаа хэрэглэвэл таны арьс дорхноо цайх бөгөөд арьсаа хэт хуурайшихаас хамгаалахын тулд өнжөөд нэг удаа тэжээлийн тосоор массаж хийх хэрэгтэй. Мөн сард нэг удаа нүүрээ содтой юм уу, нимбэгтэй усаар утаж заншаарай.

Дахин борлохгүйн тулд арьсаа хамгаалах хэрэгтэй та бүхэнд хамгаалах арчилгааны аргаас танилцуулж байна. Арьс бүхэлдээ хүний биеийг хучиж байдгийн хувьд гадны янз бүрийн хүчин зүйлээс дотор эрхтэн системийг хамгаалж, бие организмын дотоод тогтонги чанарыг хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэнэ. Иймээс өдөр бүр арьсаа маш сайн хамгаалах хэрэгтэй.

Чийгшүүлэгч гель

Чийгшүүлэгч гель байнга хэрэглэж байгаарай учир нь арьсанд чийг өгч , арьсны гадаргын чийгшлийн түвшинг барина. Арьсыг гүн цэвэрлэж, дараагийн эмчилгээг үр дүнтэй болоход нь нөлөөлнө. Мөн арьсны өнгө болон нөхөн төлжилтийг сайжруулна.

Арьсны хамгаалалт буюу хамгаалах крем

Витамин Е агуулсан тос нь арьсыг эрт хөгшрөлтөөс сэргийлж, антиоксидант болон туяаны эсрэг хамгаалах үйлчилгээ үзүүлдэг учраас хэт халалттай энэ өдрүүдэд нарны тос тогтмол хэрэглэж байх нь зүйн хэрэг юм аа.

Мөн өртөг багатай хэрнээ хамгийн найлвартай сайн арга бол ургамлын тосыг дангаар эсвэл өөр тостой хольж нүүрээ арчлах нь нэн тустай. Ургамлын тосоор ямар ч төрлийн арьсыг зөөлөн, уян хатан чанга болгодог.

-1-2 цайны халбага ургамлын тосыг халуун усны ууранд халаана .

-Хөвөнгөө эхлээд халуун усанд% дараа нь тосондоо дүрж нүүр% хүзүүгээ арчина.

-2-3 минутын дараа нүүрний тосондоо дүрж нүүр, хүзүүгээ арчина.

-2-3 минунтын дараа нүүрний тосоо цайны ханд шингээсэн цаасан алчуураар арчина.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хакухо М.Даваажаргал: Монгол бөхийн эх орон гэдэг үнэхээр үнэн юм

-СУМО БӨХИЙН ДАШТ-ИЙ НЭЭЛТ БОЛЛОО-

Сонирхогчдын сумо бөхийн ДАШТ Улаанбаатар хотноо “Буянт ухаа” спорт цогцолборт өнөөдөр өглөө 9:00 цагт эхэллээ. Олон улсын сумо бөхийн холбоо 1992 оноос эхлээд тасралтгүй 21 дэх жилдээ зохион байгуулж буй энэ ДАШТ-д 22 орны 300 гаруй тамирчин оролцож байна. Тэмцээн хоёр өдөр болж өнгөрөх юм.

Энэхүү тэмцээнийг Олон улсын сумо бөхийн холбоо, Монгол Улсын сумо бөхийн холбоо, “Хакухо” сан зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байна. Сумо бөхийн ДАШТ-ий нээлтэд ОУСБХ-ны ерөнхийлөгч Хидэтоши Танака, МСБХ-ны ерөнхийлөгч Д.Батбаяр, мэргэжлийн сумогийн 69 дэх их аварга М.Даваажаргал, мөн 70 дахь их аварга Д.Бямбадорж, УИХ-ын гишүүн А.Сүхбат, Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Такэнори Шимизү, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нарын хүндэт зочид ирж оролцсон юм.

Тус тэмцээнийг ОУСБХ-ын ерөнхийлөгч Хидэтоши Танака албан ёсоор нээж үг хэлэв. Тэрбээр “Энэ удаагийн сумо бөхийн ДАШТ-ийг анх удаа эх орондоо амжилттай зохион байгуулж байгаа МСБХ болоод нийт тэмцээнд оролцож байгаа тамирчид, хүрэлцэн ирсэн үзэгчдэдээ халуун талархал илэрхийлье. Уг тэмцээнд өөрийн биеэр хүрэлцэн ирсэн ёкозуно Хакухо М.Даваажаргал танд талархал илэрхийлье. Та бүгдийн туслалцаа дэмжлэгт үргэлж баярлаж байдаг шүү. Сумо бөх өнөө цагт даяарчлагдаж, олон улсын шинж чанартай болж байна” гэлээ.

Мөн энэ үеэр Монголын сумо бөхийн холбооны ерөнхийлөгч Д.Кёкүшюүзан Батбаяр “Манай улс бөхийн орон хэмээн бахархдаг. Монголын сумо бөхийн өнгөрсөн 20 гаруй жилийн түүхэнд мэргэжлийн болоод сонирхогчдын сумо бөхийн тэмцээнд өндөр амжилт гарган сумо бөхийн түүхэнд бичигдэн үлдэж байна” хэмээн онцолж байлаа.

Сонирхогчдын сумо бөхийн ДАШТ өглөө эмэгтэйчүүдийн 65 кг, эрэгтэйчүүдийн 85 кг жингийн бөхчүүд барилдсан юм. Манай улсаас эрэгтэйчүүдийн 85 кг-ын жинд Баасандоржийн Бадрал, эмэгтэйчүүдийн 64 кг-ын жинд Түмэн-Одын Баттөгс нар эхний тойргийн барилдаанаа амжилттай хийж ялалт байгуулаад байна. Мөн эмэгтэйчүүдийн 130 кг-ын жинд Хишигдоржийн Сүнжидмаа амжилттай барилдаж алтан медалийн төлөө барилдах эрхтэй боллоо.

Ингээд тэмцээний үеэр мэргэжлийн сумо бөхийн 69 дэх их аварга Хакухо М.Даваажаргалтай уулзаж, тэмцээний сэтгэгдлийг нь хуваалцсанаа хүргэе.

-Юун түрүүнд долоодугаар сарын башёд амжилттай барилдсанд танд баяр хүргэе.

-Баярлалаа. Долоон сарын “Нагоя” башёд хичээж барилдлаа. Мэргэжлийн сумо бөхийн 70 дахь их аварга Харумофүжи Д.Бямбадорж маань урамтай сайхан барилдаж найм дахь түрүүгээ авсанд сэтгэл их өндөр байна.

-Өнөөдөр болж байгаа тэмцээний тухайд сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

-Сонирхогчдын сумо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн маш сайхан болж байна. Олон улсын сумо бөхийн холбоо, Монголын сумо бөхийн холбоо, “Хакухо” сангаас хамтран зохион байгуулж байгаа уг тэмцээн амжилттай болж байгаад сэтгэгдэл өндөр байна. Түрүүнд хүндэтгэлийн тайзан дээрээс Кёкүшюүзан Д.Батбаяр ах маань хэлсэн, “Монгол Улс бол бөхийн эх орон юм” гэж. Энэ бол үнэхээр үнэн юм. Японы сумо бөх өнөө цагт даяарчлагдаж, олон улсын статустай болсоор байна. Тэр ч утгаараа ДАШТ 21 жил тасралгүй явж байна. Энэ удаагийн тэмцээн өмнөх жилүүдээ бодвол өргөн цар хүрээтэй явагдаж байна.

-Хүрэлцэн ирсэн үзэгчдийн дунд азтан тодруулах тохирол явагдана. Мэдээж аваргын гараар сугалаа татуулах байх?

-Тийм ээ. Манай МСБХ, “Хакухо” сан, “Toyota” компани зэрэг олон байгууллагууд хамтран зохион байгуулж байгаа энэхүү супэр азтан тодруулах ажиллагаа удахгүй болно. Мэдээж хэрэг гол азтанд автомашин өгнө. Дашрамд хэлэхэд, ард түмэндээ хандан улсынхаа тамирчдыг хамтдаа дэмжье гэж уриалмаар байна.

Э.МӨНХТҮВШИН

Categories
энтертаймент-ертөнц

Оросын алдарт “Звери” хамтлаг

Звери нь Оросын алдартай поп рок хамтлаг юм. Энэ хамтлаг нь 2002 онд байгуулагджээ. Хамтлагийнхаа нэрийг үүсгэн байгуулагч Рома Зверийн товчилсон нэрээр өгчээ.

Тэд 2003 оны хоёрдугаар сард анхныхаа “Голод” альбомыг гаргасан бөгөөд энэхүү цомогт нь бидний сайн мэдэх “Дожди-пистолеты”, “Для тебя”, “Просто такая сильная любовь” зэрэг дуунууд нь багтжээ. Түүнээс хойш 2004 онд “Районы-кварталы” цомгоо гаргаж борлуулалт нь сайн байж, улс орноо тойрон аялан тоглолт хийсэн байна. 2006 онд “Когда мы вместе никто не круче” цомгоо гаргасан ба түүнд нь бид бүхний сонсох дуртай “До скорой встречи” дуу нь багтжээ. 2008 онд “Дальше”, 2011 онд “Музы”, 2014 онд “Один на один” цомгуудаа гаргажээ.

Звери хамтлаг нь 2004 онд Muz-TV шагнал гардуулах ёслолоос Best rock шагналыг анх удаа хүртсэнээс хойш 2012 он хүртэл зургаан удаа энэхүү шагналын эзэн болсон байна. Мөн 2005 онд “MTV Russia”-с шагнал авч байжээ.

Хамтлагийг үндэслэгч дуучин Рома Билук нь загвар зохион бүтээгч, телевизийн хөтлөгч юм. Тэрбээр 1977 оны 12 дугаар сарын 7-нд Оросын Таганрог хотод төрсөн. Рома Билук аавгүй өссөн бөгөөд бүхий л цагаа гитар тоглож дуу бичихэд зориулдаг хүүхэд байжээ.

2000 онд халаасандаа ямар ч мөнгөгүй Москвад ирж байсан тэрээр барилга дээр ажиллаж, шөнийг барилгын 12 давхарт өнгөрүүлдэг байж. Тэрбээр шөнийн клубт хамгаалагчаар ажиллаж байхдаа 2000 оны намар продюсер Александар Войтинскитэй учирчээ. Ингэснээр 2001 онд “Звери” хамтлаг үүсгэн байгуулагдах болсон түүхтэй юм байна.

2004 онд Парис, Венн, Токиод загвар өмсөгчөөр ажиллаж байсан Марина Королеватайгаа гэрлэж 2008 онд анхны охин Олгагаа төрүүлжээ. Тэрээр итали хоол, дарс болон загасанд дуртай гэнэ. Сонгиныг электро хөгжим шиг үзэн яддаг гэж нэгэнтээ өгүүлсэн байх юм.

Звери хамтлагийн зарим гишүүдийн гэрээ дууссан тул 2016 оны наймдугаар сарын 1-ээс эхлэн дараах шинэ бүрэлдэхүүнтэй тоглох болсноо зарласан байна.

1. Гоцлол дуучин – Роман Билык /Рома Зверь/
2. Вячеслав Зарубов – Хөгжимчин /2007 оноос тус хамтлагт/
3. Тарасов Валентин – Бөмбөрчин /2016 оны 8 сараас/
4. Герман Осипов – Гитарчин /2016 оны 8 сараас/
5. Афонин Кирилл – Бас гитарчин /2016 оны 8 сараас/

Мөн Звери хамтлаг нь 2016 оны хоёрдугаар хагас жилийн тоглолтын хуваариа гаргажээ. Үүнд:

8 сарын 27 – Ростов-на-Дону хот, ОХУ
8 сарын 28 – Батуми хот, Гүрж улс
9 сарын 2 – УЛААНБААТАР, Монгол улс
9 сарын 25 – Владивосток хот, ОХУ
10 сарын 21 – Казань хот, ОХУ
12 сарын 2 – Киев хот, Украйн
12 сарын 9 – Санкт-Петербург хот, ОХУ

2016 оны 6 сарын 27ны өдөр Роман Билык түүний эхнэр Марина Королёва нарын хуримын 11 жилийн ой болсон бөгөөд Роман уг ойг тохиолдуулан “Ты так прекрасна” дууныхаа клипыг эхнэртээ зориулан бүтээлгэжээ. “Ты так прекрасна” дууны клипыг доорх линкээр үзээрэй.
https://www.youtube.com/watch?v=k6T0FowerOo

Categories
мэдээ спорт

Дэлхийн хошой аварга Х.Сүнжидмаа алтан медалийн төлөө барилдана

Сониорхогчдын сумо бөхийн ДАШТ өнөөдөр буюу долоодугаар сарын 30-нд болж байна. Энэхүү тэмцээний эмэгтэйчүүдийн 12 дахь удаагийн тэмцээний хүнд жингийн барилдаанд Монгол Улсын шигшээ багийн тамирчин Дэлхийн хошой аварга Х.Сүнжидмаа хэсгийн барилдаануудаа ялалтаар өндөрлүүлж, Украин болон Унгарын аль ялсан тамирчинтай аваргын төлөө барилдах гэж байна. Хэрвээ түрүүлбэл тэрээр Дэлхийн аварга гэсэн эрхэм хүндтэй цолыг 3 дахь удаагаа хүртэнэ. Энэ удаагийн тэмцээнд манай улсын 23 тамирчин дөрөн жинд өрсөлдөн барилдах гэж байна.

Categories
мэдээ улс-төр

Шинээр томилогдсон сайд нар ажлаа хүлээн авчээ

УИХ-ын өнөөдрийн хуралдаанаар П.Сэргэлэн, Г.Мөнхбаяр, А.Цогцэцэг, П.Ганхүү нарыг Засгийн газрын сайдаар томилж Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат танхимаа бүрдүүллээ. Шинээр томилогдсон дөрвөн сайд тамгаа хүлээн авч ажилдаа орлоо.

О.ӨНӨР

Categories
мэдээ улс-төр

Дэд хороодын бүрэлдэхүүнийг баталлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар дэд хороодын бүрэлдэхүүнийг хэлэлцэн батлав. Хүний эрхийн дэд хорооны бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Д.Ганболд, Б.Дэлгэрсайхан, Н.Оюундарь, Б.Пүрэвдорж, Ш.Раднаасэд, Н.Учрал, Д.Цогтбаатар, Л.Энхболд нарыг харьяалуулжээ.

Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд гишүүн Н.Амарзаяа, О.Батнасан, Б.Баттөмөр, Ц.Даваасүрэн, З.Нарантуяа, Б.Наранхүү, Д.Тогтохсүрэн, Ч.Хүрэлбаатар, Ч.Улаан нар багтсан байна.

Ёс зүйн дэд хороонд гишүүн Х.Баделхан, С.Бямбацогт, Д.Лүндээжанцан, Б.Наранхүү, Л.Мөнхбаатар, Г.Тэмүүлэн, Д.Сарангэрэл, М.Энхболд, Д.Эрдэнэбат нар харьяалагдсан бол Нутгийн удирдлагын дэд хороо гишүүн Б.Батзориг, Б.Жавхлан, Б.Наранхүү, Д.Оюунхорол, Л.Оюун-Эрдэнэ, Ж.Мөнхбат, Б.Ундармаа, Э.Цэрэнбат, Д.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй байна.

Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны бүрэлдэхүүнд гишүүн Б.Батзориг, Г.Мөнхцэцэг, Д.Мурат, А.Сүхбат, Б.Саранчимэг, Я.Содбаатар, Г.Солтан, Д.Тэрбишдагва, Д.Эрдэнэбат нарыг харьяалагджээ.

Тусгай хяналтын дэд хороо УИХ-ын гишүүн С.Батболд, Г.Занданшатар, Я.Санжмятав, Д.Цогтбаатар, Н.Энхболд нарын бүрэлдэхүүнтэй байна. Мөн Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороонд УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Д.Гантулга, С.Жавхлан, М.Оюунчимэг, Б.Саранчимэг, Я.Санжмятав, Ц.Цогзолмаа, С.Чинзориг, С.Эрдэнэ нар багтжээ.

Харин Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хороо УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, Ж.Ганбаатар, Д.Дамба-Очир, С.Чинзориг, Л.Элдэв-Очир, З.Нарантуяа нарыг харьяалуулжээ.

Харин хуульд заасны дагуу Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороог УИХ-д хамгийн олон удаа сонгогдсон таван гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулдаг. Иймээс тус дэд хорооны бүрэлдэхүүнд гишүүн Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж, Ч.Улаан, Ө.Энхтүвшин, Н.Энхболд нар харьяалагджээ.

Мөн Сонгогчдын нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хороог гишүүн Ж.Батзандан, О.Содбилэг, Д.Сумъяабазар, Б.Ундармаа, Д.Хаянхярваа, Н.Цэрэнбат, Н.Энхболд, Д.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй байна.

О.ӨНӨР

Categories
мэдээ улс-төр

П.Сэргэлэн ажлаа хүлээн авлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэнд яамны тамгыг шилжүүлж, ажлыг нь хүлээлгэн өглөө.

Засгийн газрын гишүүн ажлаа хүлээн авахад ЗГХЭГ-ын холбогдох албан тушаалтнууд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны удирдлага, харьяа агентлаг, байгууллагын дарга нар байлцлаа.

Пүрэвийн Сэргэлэн:

1971 онд төрсөн. МУБИС-ийг багш, СЭЗДС-ийг бизнесийн удирдлага, эдийн засагч мэргэжлээр төгссөн. Сингапурын үндэсний их сургууль, АНУ, Сингапур, Гонгконг улсуудад англи хэл, мэдэээлэл технологийн чиглэлээр, Японы Токио хотод “Адууны бүртгэл, үржүүлгийн” чиглэлээр суралцсан.
Монголын морин спорт уяачдын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, “Ноён сүлд” группын зөвлөх. Өмнө нь “Олон улсын ярианы үйлчилгээ эрхлэгчдийн холбоо”-ны тэргүүн, Залуучуудын “Алтан соёмбо” нийгэмлэгийн тэргүүн, Өндөр гэгээн Занабазарын “Соёмбо Дарь Эхийн сан”-гийн тэргүүнээр ажиллаж байжээ.

П.Сэргэлэн Монголын морин спорт уяачдын холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллах үедээ Монгол морийг Гиннест бүртгүүлэх, “Морьтон монгол” ба морины уралдааныг Азийн болон дэлхийн морины холбоонд бүртгүүлэх ажлыг амжилттай зохион байгуулсан.

Харилцаа холбооны салбарын хөгжилд оруулсан хувь нэмрийг нь үнэлж “Мэдээлэл харилцааны холбооны тэргүүний ажилтан” болон Төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнагдсан. Волейболын спортын мастер, Нийслэлийн алдарт уяач аж.

О.ӨНӨР

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Харанга хамтлаг Алдрын одонгоо гардаж авлаа

Хүн амын тоо нь 1 саяас дээш давсан дэлхийн томоохон хотууд соёл урлагийнхаа салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан уран бүтээлчдээ алдаршуулан, нэрийг нь мөнхөлдөг юм байна. Үүний дагуу нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд соёл урлагт үнэтэй хувь нэмэр оруулсан гэж хамгийн анхны Алдрын Одонгоор Харанга хамтлагийг шагнаж, тэдний хүндэтгэлийн самбарыг СТӨ-ний хажууд байршуулсан байна.

Хүндэтгэлийн самбар байршуулах нээлтийн үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “2015 оноос эхлэн рок поп урлагийн түүхэнд үнэтэй хувь нэмэр оруулсан уран бүтээлч хамтлаг дуучдыг шалгаруулж, “Алдрын од”-ын эзнээр тодруулж, алдаршуулдаг уламжлал тогтсон билээ. “Алдрын од”-ын эзэн болсон “Харанга” хамтлагийн гишүүдэд баяр хүргэж, цаашдын уран бүтээлд өндрөөс өндөр амжилт хүсье” гэлээ. “Харанга” хамтлагийн ахлагч Ц.Энхманалай, “Өнөөдөр бид маш их баяртай байна. Бидний хийсэн, бүтээснийг үнэлж энэ шагналыг олгож байгаа ч энэ нь илүү ихийг бүтээгээрэй гэсэн захиас болов уу гэж бид ойлгож байна. Бид цаашдаа оюун ухаанаасаа шүүж, шүүрдэж авсан олон уран бүтээлүүдээ толилуулсаар байх болно” гэлээ. “Алдрын од” гардуулах ёслолын ажиллагаанд Харанга хамтлагийн гишүүдийн гэр бүл, найз нөхөд, сонсогч фенүүд нь хүрэлцэн ирсэн байлаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Categories
мэдээ эдийн-засаг

Долларын ханш 2078 төгрөгт хүрчээ

Долдугаар сар гарсаар долларын ханш үргэжлэн өсч, төгрөгийн ханш үргэжлэн уруудсаар байгаа билээ.Тэгвэл өнөөдрийн байдлаар “Найман шарга” зах дээр ам.долларын ханш 2078 төгрөг байгаа бол арилжааны банкууд 2080-2085 төгрөгөөр зарж байна.

Сүүлийн нэг сарын дотор ам.доллараас гадна бусад улс орнуудын валют бүгд төгрөгийн эсрэг чангарсан үзүүлэлттэй байгаа аж. Тухайлбал, юань 1.5 төгрөгөөр хагас хувийн өсөлттэй байгаа бол иен 26 мөнгө, евро 2293 төгрөгтэй тэнцэж байна. Голлох валютууд дундаас хамгийн бага өсөлт үзүүлсэн нь ОХУ-ын рубль байгаа ба 11 мөнгөөр нэмэгджээ.

Categories
мэдээ нийгэм

Санхүүгийн зохицуулах хорооны даргаар С.Даваасүрэнг томиллоо

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны даргад 88.9 хувь дэмжиж Содномдаржаагийн Даваасүрэнг томиллоо. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараасангүй .

С.Даваасүрэн нь

1991-1995 онд МУИС-ийг төгсөж,

995-1997 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуульд магистр,

1999-2001 онд Их Британийн Нэгдсэн Вант Улсын Манчестрийн их сургуульд мастер,

2005-2011 онд АНУ-ын Нью Хэмпширийн их сургуульд докторын зэрэг тус тус хамгаалжээ. АНУ, Англи, Югослав зэрэг орнуудад мэргэшил дээшлүүлсэн байна.

1996-2003 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуульд багш,

2001-2003 онд Тогтвортой амьжиргаа төслийн ерөнхий зохицуулагч,

2003-2005 онд Бичил санхүүгийн хөгжлийн сангийн захирал,

2005-2007 онд АНУ-ын Хэритэйж Юнайтад Вэй судалгааны байгууллагад судлаач,

2006-2008 онд АНУ-ын Нью Хэмпширийн их сургуульд багш,

2008-2009 онд АНУ-ын Дахин хөрөнгө оруулалтын корпорацид шинжээч, зөвлөх,

2010-2012 онд МУИС-д ахлах багш, тэнхимийн орлогч эрхлэгч, эрхлэгч,

2014 оноос МАН-ын даргын эдийн засгийн зөвлөхөөр тус тус ажиллаж иржээ.

Б.УЯНГА