Өнөөдөр Хан-Уул дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэр буюу 71-р цэцэрлэгээс чанх хойшоо үргэлжлэх 0,5 км урттай, хорооллын дундах хатуу хучилттай авто замын ажил дуусч, шинээр нээлтээ хийлээ.
Нээлтийн үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаабаатар хотын захирагч Э.Бат-Үүл, Засаг даргын орлогч Н.Гантөмөр, НИТХ-ын төлөөлөгч Б.Түвшин, Г.Батчимэг, ХУД-ийн Засаг дарга Ж.Ганхуяг, НАЗГ-ын дарга Нанзаддорж, 5 дугаар хорооны Засаг дарга Б.Батзаяа нар болон бусад албаны хүмүүс, хорооны иргэд оролцлоо.
Тус зам нь 500 метрийн урттай, 6 метрийн өргөнтэй, хоёр талаараа 1,5 метр явган хүний замтай, зүүн хэсгээрээ 26 ширхэг авто замын гэрэлтүүлэг бүхий хорооныхоо орчин тойронд шинэ өнгө төрх нэмсэн бүтээн байгуулалтын ажил болжээ.
Автозамын ажлыг “Анандын зам” ХХК гүйцэтгэсэн бөгөөд замын ажилд иргэний үүргээ ухамсарлан нийтийн эрх ашгийн төлөө өөрсдийн эзэмшлийн объект, хашаагаа чөлөөлсөн 15 иргэн, 1 аж ахуйн нэгжид ХУД-ийн Засаг дарга талархал гардуулсан юм.
Мөн үеэр дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг хэлэхдээ “Яармагийн гэр хорооллын замыг цикл хэлбэрээр шалтлалтайгаар тавьж Нисэхийн эцэстэй холбох зорилттой, дараагийн ээлжинд 7-р хорооны нутаг дэвсгэрт авто замын ажил хийгдэнэ. Хорооллын дундах замын ажлыг хийхдээ аж ахуйн нэгж, хүн амын төвлөрөл ихтэй, өргөн, төв гудамжуудыг сонгож ажиллаж байна” гэв.
ЗАЙСАНГААС “ЖАПАН ТАУН” ХҮРТЭЛХ ШИНЭ ЗАМ НЭЭГДЛЭЭ
Хан-Уул дүүргийн Зайсангийн гудамжаас Удирдлагын академийн хойгуур “Жапан таун” орон сууцны хороолол хүртэлх 0.75 км авто замын нээлт өнөөдөр боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, ЗД-н орлогч Н.Гантөмөр, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг, НАЗГ-ын дарга Нанзаддорж, “Наранбулаг Хан” ХХК-ийн захирал Д.Балдандорж, болон бусад албаны хүмүүс, хорооны иргэд оролцсон юм.
Уг авто замын ажлыг “Наранбулаг Хан” ХХК 2016 оны 03 дугаар сарын 28-наас эхлүүлсэн бөгөөд гэрээ ёсоор 2016 оны 06 дугаар сарын 30-нд ашиглалтад өгөх хуваарьтай байсан ч ийнхүү хугацаанаас нь өмнө ашиглалтад бүрэн орууллаа.
Шинэчлэлтийн ажлын хүрээнд Зайсангийн гудамжнаас Удирдлагын академийн авто машины зогсоол хүртэл 7м өргөн зорчих хэсэг болон явган хүний замыг шинэчилж, борооны усны шугамыг шинээр тавьсан байна. Үүнээс цааш үргэлжлүүлэн Удирдлагын академийн авто зогсоолоос “Жапан таун” хорооллын авто зам хүртэл замгүй байсан бөгөөд зорчих хэсгийг 14м өргөн, 2 талдаа явган хүний зам, иж бүрэн гэрэлтүүлэг болон борооны ус зайлуулах шугамтай болгожээ.
Зайсангийн гудамж нь “Жапан таун” хотхоны авто замтай холбогдсоноор Чингисийн өргөн чөлөөгөөр дамжин хотын төв, зүүн тийшээ Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн замтай нийлэх гол маршрут болж байгаа бөгөөд мөн тухайн суурьшлын бүс орчмын иргэдийн хувьд Чингисийн өргөн чөлөө болон бусад замтай холбогдох хамгийн дөт зам болж байгаа аж.