Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Гүйлтийн тэмцээнд Б.Сэр-Од, Б.Мөнхзаяа нар түрүүллээ

Автомашингүй өдөр, мөн “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “Улаанбаатар Марафон-2016” олон улсын гүйлт өнөөдөр Чингисийн талбайд нээлтээ хийлээ. Марафонд оролцогчид 5000, 10 000 метр гэсэн хоёр ангиллаар гүйж буй.

Ингэхдээ 5000 метрийн гүйлт нь Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай – Төв шуудан – Энх тайвны өргөн чөлөө – Цэцэг төв- Зоос гоёл – МУИС – Бээжингийн гудамж – “Чингис” зочид буудал – Бөхийн өргөө – Энхтайваны өргөн чөлөө – СЭЗИС – МУБИС- Дуурь бүжгийн эрдмийн театр – Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай гэсэн маршрутын дагуу болно.

10 000 метрийн гүйлт нь Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай – Төв шуудан – Сөүлийн гудамж -“Hope” шүдний эмнэлэг – Бишрэлт дэлгүүр – Зоос гоёл – 5 дугаар сургууль – Хүүхдийн урлан бүтээх төв – МУИС – ШУТИС-ийн уулзвар – Чингис зочид буудал – Сансарын аюулгүйн тойрог – Баянцээл дэлгүүр – Зүүн 4 замын уулзвар – Бөхийн өргөө-СЭЗДС-МУБИС-ДБЭТ-Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай гэсэн маршрутын дагуу болохоор төлөвлөгдсөн юм.

Энэ өдөр 18:00 цаг хүртэл марафон гүйх замууд болох баруун дөрвөн замаас зүүн дөрвөн зам автомашингүй бүс байх юм.

Categories
мэдээ цаг-үе

Ангийнхаа хүүхдүүдтэй уулзаад арван насаар залуужаад авлаа

Тэртээ 1962 онд нэгдүгээр ангид орж, улмаар арван жил тохой нийлүүлэн хамт сурсан нэг ангийнхан уулзалдаад ийнхүү ярьжээ. Ангийнхаа хүүхдүүдтэй уулзаад арван насаар залуужаад авлаа гэж. Хүүхэд насны ариун гэгээлэг дурсамжаа хуваалцан, инээд хөөрөөр дүүрэн байдаг үе бол яах аргагүй нэг ангиараа уулзах тэр л мөч. “Чи яг хэвээрээ байна, ямар гоё харагдаж байна” хэмээн өдгөө 60 нас хүрч буй ахмадууд олон жилийн дараа уулзаад нэг нэгэндээ хэлэх нь юутай аз жаргалтай. “Ангийн охид оо”, “ангийн хөвгүүд ээ” гэж нэгнийгээ дуудах ахмадууд буцаад хүүхэд насандаа очсон юм шиг баяр хөөрөөр дүүрэн байх.

Сургуулиа төгсөөд 40-өөд жилийн дараа уулзалдаж буй энэ анги бол Төв аймгийн Баянчандмань сумын найман жилийн дунд сургуульд 1962 онд элсэн орсон Хандсүрэн багштай анги юм. 1970 онд наймдугаар ангиа сумынхаа сургуульд дүүргэж, ес, аравдугаар ангиа Жаргалантын арван жилд суралцан төгссөн байна. Тухайн үед Баянчандмань суманд арван жилийн сургууль байгаагүй учраас ийнхүү найм төгсөөд Жаргалантад очиж, арван жилээ дүүргэж байсан гэдэг. Тэдний анги сургуульдаа төдийгүй аймагтаа урлаг спорт, сурлагаараа тэргүүлэгч байсан гэнэ. 1960, 1970-аад оны үед хүүхэд залуучуудыг спортоор хичээллэхэд улсаас түлхүү анхаардаг байж. Ялангуяа цана, тэшүүр гээд уулын спортоор олон залуучууд хичээллэдэг байжээ. Үүний жишгээр тэдний ангийн олон хүүхэд спортоор шаргуу хичээллэж уралдаан тэмцээнд оролцон орон нутагтаа төдийгүй, аймагтаа тэргүүлж байсан байна. Тиймээс спортлог анги гэдэг нэртэй. Мөн сайхан дуулдаг, бүжиглэдэг охид олон. Сургуульдаа дуулж бүжиглэж байсан охид, хөвгүүд ажил дээр гарсан ч сумын театрт урлагийн тоглолтод оролцож дуулж, бүжиглэдэг байсан гэдэг.

Урлаг, спортоор тэргүүлэхээс гадна сурлагаараа дээгүүрт орно. Аймаг, улсын олимпиадад оролцож, шагналт байранд орж байсан гээд яриад байвал олон амжилтыг өгүүлж болох нь. Амжилт гаргаж байсан гол шалтгаан нь яах аргагүй сайн багш нарын ач. Тухайлбал, уран зохиолын хичээл заадаг Равдан багшийн хичээлийг одоо хүртэл мартдаггүй гэнэ. Равдан багш роман, зохиолыг яг кино үзэж байгаа мэт ярьдаг байж. Тиймээс ангийн хүүхдүүд бүгд номонд дурлаж бие биетэйгээ уралдаж ном уншдаг байсан гэдэг. Гэртээ очоод аав, ээждээ тусалж ажлаа хийж дуусчихаад гэрийнхээ даалгаврыг хийнэ

Тэртээ 1962 онд нэгдүгээр ангид орж, улмаар арван жил тохой нийлүүлэн хамт сурсан нэг ангийнхан уулзалдаад ийнхүү ярьжээ. Ангийнхаа хүүхдүүдтэй уулзаад арван насаар залуужаад авлаа гэж. Хүүхэд насны ариун гэгээлэг дурсамжаа хуваалцан, инээд хөөрөөр дүүрэн байдаг үе бол яах аргагүй нэг ангиараа уулзах тэр л мөч. “Чи яг хэвээрээ байна, ямар гоё харагдаж байна” хэмээн өдгөө 60 нас хүрч буй ахмадууд олон жилийн дараа уулзаад нэг нэгэндээ хэлэх нь юутай аз жаргалтай. “Ангийн охид оо”, “ангийн хөвгүүд ээ” гэж нэгнийгээ дуудах ахмадууд буцаад хүүхэд насандаа очсон юм шиг баяр хөөрөөр дүүрэн байх.

ургуулиа төгсөөд 40-өөд жилийн дараа уулзалдаж буй энэ анги бол Төв аймгийн Баянчандмань сумын найман жилийн дунд сургуульд 1962 онд элсэн орсон Хандсүрэн багштай анги юм. 1970 онд наймдугаар ангиа сумынхаа сургуульд дүүргэж, ес, аравдугаар ангиа Жаргалантын арван жилд суралцан төгссөн байна. Тухайн үед Баянчандмань суманд арван жилийн сургууль байгаагүй учраас ийнхүү найм төгсөөд Жаргалантад очиж, арван жилээ дүүргэж байсан гэдэг. Тэдний анги сургуульдаа төдийгүй аймагтаа урлаг спорт, сурлагаараа тэргүүлэгч байсан гэнэ. 1960, 1970-аад оны үед хүүхэд залуучуудыг спортоор хичээллэхэд улсаас түлхүү анхаардаг байж. Ялангуяа цана, тэшүүр гээд уулын спортоор олон залуучууд хичээллэдэг байжээ. Үүний жишгээр тэдний ангийн олон хүүхэд спортоор шаргуу хичээллэж уралдаан тэмцээнд оролцон орон нутагтаа төдийгүй, аймагтаа тэргүүлж байсан байна. Тиймээс спортлог анги гэдэг нэртэй. Мөн сайхан дуулдаг, бүжиглэдэг охид олон. Сургуульдаа дуулж бүжиглэж байсан охид, хөвгүүд ажил дээр гарсан ч сумын театрт урлагийн тоглолтод оролцож дуулж, бүжиглэдэг байсан гэдэг.

Урлаг, спортоор тэргүүлэхээс гадна сурлагаараа дээгүүрт орно. Аймаг, улсын олимпиадад оролцож, шагналт байранд орж байсан гээд яриад байвал олон амжилтыг өгүүлж болох нь. Амжилт гаргаж байсан гол шалтгаан нь яах аргагүй сайн багш нарын ач. Тухайлбал, уран зохиолын хичээл заадаг Равдан багшийн хичээлийг одоо хүртэл мартдаггүй гэнэ. Равдан багш роман, зохиолыг яг кино үзэж байгаа мэт ярьдаг байж. Тиймээс ангийн хүүхдүүд бүгд номонд дурлаж бие биетэйгээ уралдаж ном уншдаг байсан гэдэг. Гэртээ очоод аав, ээждээ тусалж ажлаа хийж дуусчихаад гэрийнхээ даалгаврыг хийнэ.

Categories
мэдээ цаг-үе

Украины баатар Н.СавЧенко

Украины зэвсэгт хүчний дайчин, ахмад Надежда Савченког тойрсон хэл ам бараг хоёр жил үргэлжилсэн юм. Украин, ОХУ-ын харилцааны нэг хэсэг нь Надежда Савченко болсон гэхэд хилсдэхгүй болов уу. Хоёр тал нэлээд удаан хэлэлцээ хийсний эцэст энэ долоо хоногийн эхээр түүнийг суллаж нутаг руу нь явууллаа. Ахмад Н.Савченко Украины үндэсний баатар болоод байна. Түүнийг Киев хотын “Борисполь” нисэх онгоцны буудалд Украины Ерөнхийлөгч П.Порошенко өөрөө угтаж авч байгааг телевизээр шууд дамжуулсан. Харин уржигдар Ерөнхийлөгчийн зарлигаар Н.Савченкод Украины баатар цол олгожээ.

Дэлхий нийтийн анхаарлын төвд байсан энэ хэрэг чухам юунаас эхэлснийг эргэн дурсъя. Украины нисэх хүчний гуравдугаар хорооны ахмад, “Ми-24” байлдааны онгоцны нисгэгч Надежда Савченко 2014 онд зуныхаа амралтаар зэвсэгт мөргөлдөөн болж байсан зүүн нутагт сайн дураараа очжээ. Краматорск нисэх онгоцны буудал дээр Украины дайчдад тус дэм болж байгаад байлдааны үйл ажиллагаанд оролцсон байна. 2014 оны зургадугаар сарын 18-19-ний өдрүүдэд Луганск хотын Металлист хэмээх тосгонд болсон тулалдааны үеэр шархадсан цэргүүдэд тусалсан аж. Энэ үеэр Оросын талыг дэмжигчдэд олзлогдсон байна. Украины талын мэдэгдсэнээр 2014 оны долдугаар сарын наймны өдөр ахмад Н.Савченко Оросын Воронеж хотод хоригдож байна гэсэн мэдээлэл тарсан. Тэр өдөр нь Украины Ерөнхийлөгч П.Порошенко хэргийн учрыг олж олзлогдсон ахмадыг нутагт нь эргүүлэн авчрах талаар арга хэмжээ авахыг ГХЯ болон Ерөнхий прокурорын газарт үүрэг болгосон юм. Украины талын үзэж байгаагаар Н.Савченког Оросын талыг дэмжигчид олзлоод хууль бусаар Орос руу авч гарчээ. Энэ бол уг хэргийн талаарх Украины талын хувилбар.

ОХУ-ын талын мэдэгдэж байгаагаар Украины “Айдар” хорооны эсрэг цэргийн ажиллагаа явуулах үеэр Н.Савченког баривчилсан гэдэг. Агаарын довтолгооны үеэр зугтаж амжсан хэмээн бичжээ. Ингээд ямар ч бичиг баримтгүй дүрвэгчийн дүрээр Украин-Оросын хилээр гарах гэж байхад нь саатуулсан хэмээн Оросын мөрдлөгийн хорооны албан ёсны төлөөлөгч мэдэгдсэн юм. Н.Савченког Оросын сэтгүүлч И.Корнелюк, А.Волошин нарын амийг бүрэлгэсэн хэргээр буруутгаж 22 жил хорих ял оноосон.

2014 оны зургадугаар сараас хойш Орост хоригдож буй Украины иргэн Н.Савченкогийн асуудал хөндөгдсөн. Түүнийг Украины зүүн нутагт “Айдар” хорооны бүрэлдэхүүнд байлдааны ажиллагаанд оролцохдоо Оросын сэтгүүлчдийн багийн байршлын талаар мэдээлж байсан гэдэг. Ингээд байршил руу нь гал нээж амийг нь хороосон аж. 2015 оны нэгдүгээр сард ОХУ-ын хилийг хууль бусаар давсан хэмээн хэрэг үүсгэсэн юм.

Украин, Оросын харилцаа нэлээд ээдрээтэй байсан тэр үед энэ хэрэг байдлыг улам хүндрүүлсэн. Н.Савченког шоронд хоригдож байх хугацаанд Украины “Батькивщина” нам түүнийг гишүүнээр элсүүлж, парламентын сонгуульд нэрийг нь дэвшүүлсэн. Ингээд парламентын гишүүнээр сонгогдсон юм. Украинд хууль батлах байгууллагын гишүүн болоход тангараг өргөж гарын үсэг зурна гэсэн хуультай. Н.Савченкогийн гарын үсэг зурсан бичиг баримтыг тухайн үед Украины телевизээр үзүүлсэн билээ. Ингээд удалгүй Верховная Рада түүнийг Украин дахь Европын Зөвлөлийн парламентын ассамблейн (PАСЕ) байнгын төлөөлөгчийн бүрэлдэхүүнд оруулсан юм.

Энэ хооронд түүнийг суллах шаардлагыг Киевээс Москвад тавьсаар байсан. Гэвч хоёр улсын харилцаа ээдрээтэй байсан нь энэ хэрэгт нэлээд нөлөөлсөн. Н.Савченког Воронежийн урьдчилан хорих төвд хорих хугацаанд шүүх хурлыг хаалттайгаар хийсэн. Буруутан гэгдэж байсан түүнийг биечлэн оролцуулаагүй. Шүүх хурал, хоригдож байсан өрөө хоёрыг видеогоор холбожээ. Украины дипломат байгууллагын төлөөлөгчид, сэтгүүлчдийг ч шүүх хуралд оролцуулаагүй юм. Оросын хүний эрхийг хамгаалах байгууллагын төлөөлөгчид Н.Савченког чухам ямар нөхцөлд хорьж байгаатай танилцахаар очсон. Ингээд халуун, хүйтэн устай, шаардлагатай бүх зүйлсээр нь хангагдсан хэмээн мэдэгдсэн байдаг.

2014 оны арванхоёрдугаар сард Н.Савченко шоронд өлсгөлөн зарлажээ. Чих нь үрэвсэж өвдөхөд эмнэлгийн тусламж үзүүлээгүй явдлыг эсэргүүцэж байгаагаа ийнхүү илэрхийлсэн. Өлсгөлөнгөө зогсоохгүй гээд өөрийг нь суллах шаардлага тавьсан. Амь үрэгдсэн ч хамаагүй өлсгөлөнгөө үргэлжлүүлнэ хэмээн мэдэгдсэн байдаг.

Украины эрх баригчид уг асуудлаар ОХУ-тай хэл амаа ололцоогүй тул олон улсын хүний эрхийг хамгаалах зэрэг байгууллагуудад хандсан. Европын парламентын гишүүн хүртэл шударга бус явдал хэмээн эсэргүүцэн өлсгөлөн зарлаж түүнийг нь Испани, Польш, Чехийн гишүүд дэмжжээ. 2015 оны гуравдугаар сард бие нь нэлээд муудсан тул аргагүйн эрхэнд хуурай өлсгөлөнгөө зогсоосон юм.

Энэ хооронд Н.Савченког суллахыг дэмжсэн хөдөлгөөн улам бүр идэвхжсэн. Европын Холбооны төр засгийн тэргүүнүүд, АНУ-ын эрх баригчид гээд бараг бүгд уг асуудлаар ОХУ-ын Ерөнхийлөгчид хандсан юм. Түүгээр ч зогсохгүй Оросын иргэд украин бүсгүйг суллах хүсэлтийг тавьж 115000 хүний гарын үсгийг цуглуулж В.Путинд хүргүүлжээ. Тэдний дотор Оросын алдартнууд нэлээд байсан гэдгийг ч дурдах нь зүйтэй.

Хүний эрхийг хамгаалах “Amnesty International” байгууллага, АНУ-ын Төрийн Департаментын албан ёсны төлөөлөгч, НҮБ-ын Хүний эрхийн асуудал хариуцсан газар гээд Оросын төрийн тэргүүнд хандаагүй хүн үгүй.

Өнгөрсөн оны долдугаар сард Н.Савченкогийн өмгөөлөгч Марк Фейгин Украин, ОХУ-ын тагнуулын газрууд түүнийг Донбасст баривчлагдсан Оросын хоёр иргэнтэй солилцох талаар хэлэлцээ хийж байгаа тухай мэдэгдсэн юм. В.Путин П.Порошенко нар өнгөрсөн дөрөвдүгээр сард утсаар ярихдаа энэ асуудлыг хэлэлцжээ.

Ингээд ОХУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар Н.Савченкод өршөөл үзүүлжээ. Оросын амь үрэгдсэн хоёр сэтгүүлчийн ар гэрийн хүсэлтийг харгалзан үзсэний үндсэн дээр В.Путин ийм шийдвэр гаргасан хэмээн албан ёсоор мэдэгдсэн юм. Үүний хариуд Украины Ерөнхийлөгчийн тогтоолоор ОХУ-ын иргэн А.Александров, Е.Ерофеев нарыг ч сулласан.

Ростов-на-Дону хотоос Украины Ерөнхийлөгчийн онгоцоор Н.Савченког Киев хотод авчирчээ.

Н.Савченко 1981 онд төрсөн. Хүүхэд байхаасаа байлдааны онгоцны нисгэгч болохыг мөрөөддөг байсан хэмээн ээж нь ярьсан байдаг. Украин сургуульд сурсан. Киевийн үндэсний их сургуульд сэтгүүлч мэргэжлээр суралцаж байхдаа гэрээгээр цэргийн алба хаажээ. 2004-2005 онд Украины энхийг сахиулагчдын бүрэлдэхүүнд орж Иракт зургаан сар болоод ирсэн даруйдаа нисгэгчээр суралцахаар шийдсэн. Ингээд Украины Батлан хамгаалахын сайдын зөвшөөрөлтэйгөөр Харьковын Агаарын хүчний их сургуульд элсэн оржээ. Оюутан байхад нь хоёр удаа нислэгт тохирохгүй хэмээн хасагдаж байсан боловч эрхээ сэргээлгүүлсэн байна.

Н.Савченко өөрийг нь Оросын сэтгүүлчийн амийг хороосон хэргийг анхнаасаа улс төрийн сэдэлтэй гэдгийг хэлсэн. Тэрээр Киевт ирсэн даруйдаа “Одоо болтол амьд байгаадаа та бүхнээс хүлцэл өчиж байна. Хүүхдүүд нь олзлогдсон бүх эхчүүдээс уучлал гуйя. Би амь үрэгдэгсдийг эргүүлэн авчирч чадахгүй ч гэсэн Украины төлөө амиа өгөхөд бэлэн байна” гэжээ. Надежда Савченко Украины Жанна д’Арк гэгдэх боллоо.

Categories
мэдээ цаг-үе

Шинэ мянганы яруу найрагчдад би итгэдэг

-ШҮҮМЖ-

Өвгөн найрагч би хадаг барьж гуйсны учир аа ханиасаа салалгүй жараад жил болж байна. Өргөдөл барьж орсны учир аа намаасаа урвалгүй 70 гаруй жил болж байна. Миний нам бол Монголын утга зохиол. Удвал багшийн байгуулсан зохиолчдын ордон бол миний хоёр дахь гэр. Энд их утга зохиолын далай даян дархан аваргуудаас уруудуулаад, энэ жил найргийн наадамд зодог шуудаг өмсөж байгаа хүүхдүүд шүлэг өвөрлөн цугладаг. Нэг удаа “хороо” нэртэй хоёр дахь гэртээ очоод П.Бадарч дүүтэй авьяас хөглөж суутал нэг залуу орж ирвэй. Шилбийг нь могой ороовол тавхайгаа өргөж өргөж ганц дэвсээд тав хуваачихмаар том хөлтэй, ширээний өнцөгт ханхайн суугаа нь сүр бараатай, өтгөн улаан сахлын хуйхтай, шинжээд байна уу, сонжоод байна уу гэмээр ширтэмхий бас халирамхай харцтай тэр хүү Ж.Баяржаргал байж билээ. “Та хоёрт нэг шүлэг уншиж болох уу” гэж аргадангуйхан асуух нь тасгийнхаа даргаас таван цагийн чөлөө гуйх шинэ цэрэг шиг тэвдэнгүйхэн байсан нь ахмад үеэ алд хүндэлдэг залуу зохиолчийн жудагт нэгэн санагдсаныг хэлэх үү “Гурван шүлэг унш” гэхүй нэг шүлэг уншиж билээ. Тэр нь хайрын шүлэг байсан. Гэхдээ дүрсгүй дурлалын дүрсхийсэн сэрэл бус, хайрын жамыг тэр ч байтугай хорвоод мөнх юм үгүйг эвлэгхэн үзүүлсэн гүнзгий утгат хайлан байв. Сэтгэл нялхруулах увдист уянга гэхээсээ илүү монгол шүлэгтэй, сэтгэлгээний жигүүртэй залуу юм даа гэж олзуурхах сэтгэл төрж билээ.

Ардын уран зохиолч, туульч өөлд Т.Галсан

Нэг залуу авьяастан олохдоо нэг алтан ембүү олсон шиг баярладаг нь утга зохиолын ахмад үеийнхний нандин зан чанар. “За, манай нутгийн залуу найрагчийн шүлэг ямар байна” гэж Бадарч асуух нь басах бус бардах уу аястай. П.Пүрэвсүрэнгийн “Аавын гар” шүлэг хуурамч гоо сайхны гүрэмч хийрхлийг няцаасан шиг Баяраагийн шүлэг хэгжүүн сэтгэлийг хөгжүүн аясаар хэнзлүүлэх увдистай нь олзуурхалтай байв. Он цаг хэдэнтээ улирав. Энэ зуур түүний уншигчдадаа хүргэсэн номын тоо нь урсаж өнгөрсөн он жилүүдийн тооноос цөөнгүй. Тэрбээр хүссэн бүхний алган дээр буудаггүй Болор цомтон. Хөөрөлхлийн бэлгэдэл болгож авьяасаа чөдөрлөсөнгүй. МЗЭ-ийн “Утга зохиол, урлаг” сониныг нийлж наргидаг хэдэн хүнийхээ нэрийн хуудас, зарлалын самбар болгосонгүй. Өөрөө од болж гялалзан харагдахын донгоор үзэг нэгт нөхдөө модны үртэс болгох хөрөө ирлэж оюун билгийн ой цэцэрлэгийг огтолсонгүй. Зохиолчдын эвлэлээс зохиодог бүх ажлын урд нь хошуучилж явдгаас ард нь хор найруулж суусангүй. Хамгийн бахархалтай нь алдар хүндлэлд пологтож, авьяас билгээ аргамжсангүй. Бүр олзуурхалтай нь буман хүн давхих дуртай засмал дардангаар бус буух, өгсөх аль аль нь бэрх хясаан жимээр бэдрэхээс хулчийсангүй.

Б.Галсансүх Бурханд зөвлөгөө өгдөг. Ж.Баяржаргал байтлаа мөнх тэнгэрээс алдаа хайж

“Тэргэл сарнаа асгарсан шүлэглэх эрчим хүч минь

Тэмдэгт хар нүх, сүүн замыг суллаж эхлэв ээ

Элс, усны хаанчлал эсгий, өвсийг минь дарлах цаг ирнэ

Эцэг тэнгэрийн царай яаж цонхийхыг мэдэрч байна…” гэж Ж.Баяржаргал халаглаж байна. Нээрээ ч шуналын бузраа хазаарлаж дийлэхгүй солиорсоор, ээж дэлхийгээ идэн сөнөөж байгаа хүн дүрт мангасууд бол бурханы буруу бүтээл. Ж.Баяржаргал өстөн үржүүлэгч биш анд арвижуулагч. Ахмад зохиолч бүрийг аав, ээж шигээ асарч, өсгөл залуу шүлэгчдийг өөрийн дүү шигээр найргийн цэцэрлэг зүг хөтөлнө. Тэгэхдээ бүр чин сэтгэлээсээ.

“Тэнгэр алдалсан улаан тас

Тэнэж тасарсан үүлсийн зулайг гишгэлэн ниснэ

Амраг хүүгийн ёсоор энх тунхыг лавлаж

Алсын уулсын үүрнээс үе үехэн ирнэ…” гэж уулгалсан нь сэтгэлийн нартай аадар юм даа. Зая бандидын абшигтан, Галдан бошготын цавчилтай гал дүрэлзмэл шүлэгч Хөөдөө Эрдэнэбаатар хэмээх Ховд нутгийн энгэрт Болор цом хадаж, тэнгэрт нь найргийн аянга цахилуулж яваа найрагчийг байтугай гурван нийхэмийн бэхэнд хордсон өвгөн намайг далайн аралд ч, талын Монголд ч аавдаа хайртай хүү шиг асарч явсныг яахан мартах. Гэвч энэ бол сүүн сэтгэлийнх нь хариуд шүлэг бүхнийг нь магтана гэсэн үг биш. Ээжийнхээ сүүтэй цуг хөхөж өссөн эх хэлээ бузарлах эрх хэнд ч үгүй, харин хамгаалах, онголох, улаалах, зузаалах үүрэг бидэнд бий. Ж.Баяржаргалын шүлгүүд уургын хуйв, гурамсан чөдөр, хусан гадастай аргамжаанд тогтох хүлэг биш. Үүнд би олзуурхнам. Түүний шүлэг зөвхөн Баяржаргалын орчихуйн орчил, оршихуйн бөөчлөл, сэтгэхүйн зөрчил, байнгын эрэл байдагт би олзуурхдаг. Эрэл үгүй бол олз үгүй. Олз үгүй бол шинэчлэл үгүй. Баяржаргалын ном бүр өмнөх түүврүүдээсээ онхи өөр. Шинэ шүлэг нь шинэвтэр шүлгээсээ өөр. Гэвч эцсийн шүншиг нь монгол сэтгэл, монгол мэдрэмж байдаг. Үүнд нь би олзуурхдаг.

“Мунхаг бурангуй нэгнээс зөнгөө барин тойр.

Муу дөл чамайг хөөднө, түлнэ, шатаана.

Мандмал цагийн хүмүүнтэй энхэр дотно нөхөрлө.

Маргашгүй гэгээ чамайг гийгүүлнэ, дулаацуулна.

Үзэн ядваас чи дайсныхаа хөлд үрэгдэнэ.

Өшрөн тэмцвээс өшөө хорсолдоо идэгдэнэ.

Алдар нэрэнд бүү дурла, атаа донгоо дар.

Алсдаа самуурч, алам нүх өмнөө ухуулна.

Тээрт хүмүүс тэсвэр алдмаар аяглавч

Тэнгэрийн дор өөртөө дурла, хүү минь.

Үлбэгэр хийгээд хэтэрхий бардам хүмүүс

Үнэнч анд чинь биш, дайсан ч байж мэднэ

Тэд магад чамайг ажиж, мэдэрч амжихгүй.

Тэмцлийн харгуйд хэзээ ч хань болохгүй” гэж Ж.Баяржаргал хүүдээ захиж байна. Энэ бол төрсөн хүүдээ биш, түүх мөрлөн урагшлах хойч үед сургаал болно. Уншигчид түүнээс ийм л найраг, тийм л үгэн үер хүлээж байна. Олон янзын -изм-д онож алдаж явах цаг ард үлдлээ. Одоо монгол найргаар дэлхийн дэвжээг бөмбөрдөх цаг “Мөнгөн үе”-ийнхэнд ирлээ. Тийм итгэлийн ачааг дааж ирээдүй зорих их хөсгийн идэр жинчний нэг нь Ж.Баяржаргал найрагч. Учир нь түүнд монгол буцалмал цус, монгол цалгимал сэтгэл, мөнх цагийг саравчилсан холч хараа, анх цагийг шүүсэн ухааны цараа, энх цагийг түүчээлэх авьяасын тэнхээ бий.

2005 онд Тайванийн Гаошиньд болсон яруу найргийн хурим дээр Баяржаргал “Би нэг урт шүлэг уншъя аа” гээд намын тайлан илтгэл шиг навсгар цаас барин гарч ирсэн. Тэгсэн атлаа дөрөвхөн шад уншаад ёсорхуу нь илэрхий аясаар гурвантаа ёслох чөлөөнд орчуулагчийн хөрвүүлсэн утгыг чагнасан танхим дүүрэн сонсогчид алган аадраа асгалсан төдийгүй

“Харанхуй нарийхан гудмаар явлаа, би

Харж хэн ч намайг тоосонгүй

Гэрэлт гудмаар гүйлээ, суулаа

Хэн ч намайг анзаарсангүй

Хээнцэр цэцэрлэгийн сандал дээр хэвтлээ

Хэн ч намайг хайхарсангүй

Зүдүүхэн гуанзны үүдэнд үхлээ

Зөндөө хүний анхааралд өртлөө” гэж монгол шүлэгчдийг гайхашруулсан Тайванийн нэрт яруу найрагч Зэн Жүн Мин Ж.Баяржаргалын шүлгийг “Жинхэнэ шинэ цагийн яруу найраг” гэж магтсан төдийгүй “Монгол найраг эх газар шигээ хүчтэй юм аа” гэж арлын эзэн шүүрс алдсан удаатай.

Биендээ “монгол хүн мөн” гэсэн “тэнгэрийн тамга” хөх оортой атлаа сэтгэлээс нь, итгэлээс нь, ухаанаас нь монгол хүний ариун анхи, сэрүүн сэнхи сэвшээлдэггүй хүн бол ийм өндөр үнэлгээ сонсох азгүй. Унаган насандаа уяулж, даагандаа давтуулж, үрээ насандаа үсэргүүлж, соёолон үедээ сойлго нь таарч байгаа хөхөгтэй Ж.Баяржаргал, түүний үе тэнгийн найрагчдыг зүйрлэж болно. Түүний нэг баталгаа нь яруу найрагчийн таны алган дээр дэлгэж байгаа “Дүрст чимгийн хас хүрдэн” хэмээх бүл шүлгийн түүвэр мөнөөс мөн. Номд багтсан 243 дөрвөн мөрт яавч Оросын четверостиши, дорнын рубай, Төвдийн субашид, миний “Жирмийн сүлжээ” биш. Араб азарганы монгол унага шиг онхи өөр шүлэг, онхи өөр хүлэг юм.

“Хэсүүл салхинаа хайраа хийсгэж наадгай жаргаж

Хэтэрхий балан цүлэн аглагт тухлан амсхийгээд

Сийрэг усны яралж тэнийх нам гүмхэн үдэш

Олсон шуудайд аргал дүүргээд гэрийн зүг эргэв ээ”…

Аргал түүх нь хуучин монгол. Аргагүйн учир шуудай үүрэх нь шинэ монгол. “Хэсүүл салхинаа хайраа хийсгэж, хэтэрхий балан цүлэн аглагт амсхийх-ийг мэдэрсэн сэрэл, бичсэн сэтгэлгээг, яруу найрагчийг олзуурхахгүй байхын аргагүй. Түүний шүлэг шинэ мянганы шинэ эрлийн олз юм. Сэдэв нь монгол. Сэтгэл нь монгол найрагч юм даа гэдгийг

“Өвчүүн чанаддаа өвгийн гэрээсийг цуглуулан

Өндөр овооноо залбирлын үгээ шившин зүүе!

Хээрийн онги бууцнаас эсгий гэрээ буулгаж

Хэнхдэг дотроо улаан залаагаа хадгалъя!” гэсэн андгай батлах мэт ээ.

Энэ бол золбиншил (даяаршил)-д идэгдэх ч үгүй, зожигрол (дангааршил)-д хүлэгдэх ч үгүй байхын тунхаг юм.

Баяржаргалын бас түүний үе тэнгийнхний шүлгэн хүлгүүд төрийн их наадмын түмэн эхийн барианд туурайндаа галтай аянгалан айсуй. Үүнд өвгөн найрагч баярланам.

“Хүссэн хүсээгүй бид амьдарна, өнхөрнө

Хүнд хэрэгтэй үг л ашид үүрд мөнхөрнө” гэж өвгөн ах нь итгэсэндээ

“Эх орноосоо урваваас нар надад мөс болог

Эх хэлээ умартваас навчис бидэнд мэс болог” гэж бичсэн минь ч учиртай. Эх дэлхийн сартай оргил нь сүмбэрийн таг, эх хэлний нартай оргил нь яруу найраг. Дэлхийн дээвэрт бидний хүргэж чадаагүй авьяас билгийн соёмбот тугийг дээш дээш өргөн давшигч шинэ мянганы шинэ сэтгэл, шинэ сэтгэлгээтэй найрагч нарт би итгэдэг. Хурай, хурай, хурай!

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Охидоо нөхөрт гаргахдаа инжтэй болгомоор байна

Шинэ үеийн монголчууд охиноо нөхөрт гарах үед инж авдаг болмоор санагдах юм. Тэгэхгүй бол өрөөлийн битгий хэл өөрийгөө авч явж чадахгүй залуус гэр бүлийн үнэ цэнийг үгүй хийгээд байна. Айлын охиныг дагуулж явж ганц, хоёрхон сар хамт байж жирэмслүүлчихээд дараагийнхаа охин руу гүйдэг болж. Харин орчин үед дэлхийн бүх улсад айлын охин хүүхдийг бэр болгон авахдаа эцэг, эхэд нь инж хүргүүлж байгаа. Инж байхгүй юм аа гэхэд гэрлэлтийн гэрээ хийж эхнэр нөхөр болж байна. Хятадад л гэхэд айлын охиныг авч суух гэж байгаа бол эцэг, эхэд нь 300 мянган юань инж болгон өгдөг уламжлалтай. Тиймээс амьдралаа аваад явж чадахгүй олон сая эр гэр бүлтэй болохын тулд, охины эцэг эхэд инж өгөхөөр махран зүтгэдэг. Ингэж байж тэд өөрсдийн гэсэн гэр бүлтэй болдог юм. Бас нэг ёсондоо гэр бүлээ авч явах хариуцлагыг эртнээс ухамсарладаг гэсэн үг. Гэтэл өнгөрсөн жил Хятадын Засгийн газраас “Монголд очиж эхнэр ав” гэсэн уриалга гаргасан. Энийг сонсоод монгол хүүхнүүд хэтэрхий үнэгүйджээ гэх бодол төрж байлаа. Яагаад гэвэл эцэг эх нь инжинд юу ч авдаггүй. Тиймээс хэн дуртай нь хайртай, дуртай гэж гүйж байгаад аваад суучихдаг. Дээхнэ үед монголчууд бэр буулгахдаа инжинд хоёр морь, 30 лан мөнгө, дөрвөөс таван үнээ, төдий чинээ гүү, 30-40 хонь өгдөг байсан гэнэ. Бидний жишээлэх дуртай Америкт гэхэд гэрлэлтийн гэрээ байгуулдаг. Салахдаа тулбал гэрээгээ үндэслэн эд хөрөнгийн дийлэнх эмэгтэйд нь ноогдоно. Үүнтэй ижил манайхан инж аваад сурчихвал юу юугүй авааль гэргийгээ хаяад гүйчихгүй болох юм. Ингэж айл гэр толгойлох эр нөхөрт хариуцлага гээч зүйл үүрүүлэх хэрэгтэй байна. Тэгэхгүй бол хэдхэн сар хөтлөлцөн гүйж байгаад гэрт нь ирээд хэвтчихдэг. Өөрөө ч сурсан мэдсэн зүйлгүй, ажил мэргэжилгүй, тогтсон орлогогүй хэрнээ айлын охиныг жирэмслүүлж аваад зугтаачих тохиолдол цөөнгүй. Дээхнэ үед Их хурлын гишүүнээс сурвалжлагч бүсгүйн асууж байсан асуулт санаанд тодхон байна. Сурвалжлагч “Танай охин хүнтэй сууж байгаа гэл үү” гэхэд өнөөх гишүүн “Би охинтойгоо гэрээ хийсэн байдаг. Их сургуулиа төгсөөд тодорхой мэргэжилтэй, ажилтай болсныхоо дараа хүнтэй сууна. Тэр хүртэлх бүх зардлыг би даана. Хэрэв түүнээс өмнө хүнтэй суувал өөрөө бүх зүйлээ зохицуулаарай гэсэн гэрээтэй. Гэрээндээ хэн хэн нь үнэнч яваа” хэмээн хариулж байлаа. Бас нэг танил ах маань охиноо хоёр сая ам.доллартай хүнтэй суулгана гэж ярьдагсан. Яаж байгаа юм бэ гэхээр энэ хүүхдийг өсгөж, өдий зэрэгт хүргэх гэж би тэрнээс илүүг зарцуулсан. Тиймээс амиа яая гэсэн хоосон хар юмтай суулгахгүй гэдэг. Нээрээ л тийм дээ. Аав, ээжүүд үр хүүхдээ, тэр тусмаа охин үрээ өсгөх гэж яаж зүтгэж байгаа билээ. Би л гэхэд айлын ганц охин. Дээрээ ахтай, доороо эрэгтэй дүүтэй. Тиймээс аав, ээж маань намайг нүдний цөцгий мэт хайрлан энхрийлж өсгөсөн. Тиймдээ сургуульд ч ороогүй байхад амьдарч буй орон сууцаа ганц охиндоо өгнө гэж ярина. Аав маань “Энэ муу хоёр хар юм яахав ээ. Өөрсдөө амьдралаа авч явна биз. Миний охин л өөрийн гэсэн гэр оронтой байг” гэдэг байлаа. Аав, ээжүүд охин үрээ ингэж л өсгөдөг юм. Өөрсдөөсөө илүү хайрлаж, муу бүхнээс хамгаалж, хүнээс дутуугүй өсгөдөг болохоор ирээдүйн хүргэндээ шаардлага тавих хэрэгтэй. Охинтой чинь сууя гээд ирэхэд нь “Миний хүү, чи хоёр, гурвыг байг гэхэд ядаж ганц их, дээд сургууль төгсчих. Гадаад хэлний зах зухтай болчих. Эрхэлсэн ажилтай, тодорхой орлоготой, өөрийгөө бүрэн дүүрэн авч ах чадвартай болсныхоо дараа охиныг минь аваарай. Гэхдээ хүнээс дутуугүй амьдруулна гэх баталгаа болгож инжтэй ирээрэй” гээд хэлчих хэрэгтэй. Бүх аавууд ингэж хэлдэг болсон цагт эрэгтэй хүн өрх гэрээ авч явах тэнхээтэй, чадалтай болж төлөвших учиртай. Тэгэхгүй бол өдийд яаж байгаа гээч. Өнөөдөр гэрлэлтээ батлуулж суучихаад маргааш нь салж байна. Ганц, хоёрхон орой бааранд хамт сууж наргиж цэнгээд л хүүхнийхээ гэрт очоод хэвтчихэж байгаа. Эцэг эх нь хумсын төдий шаардлага тавихад л эхнэрээ хаяад алга болно. Тэр үед охин жирэмсэн хоцорч эцэггүй хүүхэд төрүүлж байгаа юм. Үнэндээ Монголын нийгэм, гэр бүлийн амьдрал ийм л ерөнхий дүр зурагтай болчихож. Гэр бүлийн салалт хэтэрлээ. Үүнийг дагаад охид, эмэгтэйчүүдийн нэр хүнд унаж, үнэ цэнгүй болж байна. Ямар сайндаа л Хятадын Засгийн газар инжээ дийлэхгүй байгаа эрчүүдийг Монгол руу яв гэж байхав дээ. Тэгэхээр гэр бүлийг үнэ цэнтэй байлгахын тулд ерөөсөө л эдийн засгийн хөшүүрэг хэрэгтэй. Эдийн засгийн хөшүүрэг гэж инжийг хэлээд байна л даа. Монголчууд эрт үеэсээ, хожим хувьсгалын үед ч охиноо айлд өгөхдөө инж авч л байсан. Харин социализмын үед бүх зүйл нийтийнх гэх уриан дор эхнэр хүртэл нийтийнх гэх нь холгүй байлаа. Тэгж байхдаа л инж өгөхийг болиулчихсан юм билээ. Гэсэн ч социалист ёс суртахуун гэр бүлийг үнэ цэнтэй байлгаад байсан. Тухайн үед одоогийнх шиг эхнэрээ бээлий шиг солино гэх ойлголт үгүй байв. Учир нь ажиллаж буй албан газар, харьяалагдаж буй нам, эвлэл нь гэр бүлээсээ салах, ёс бус үйлдэл хийхийг хязгаарлаж чаддаг байжээ. Тиймээс эрчүүд нь ёс суртахуунтай, бас хариуцлагатай. Угаасаа ажилгүй хүн ч гэж байгаагүй л биз. Хэрэв эхнэрээсээ салах гэж буйг албан байгууллага нь мэдвэл тэр нөхөртэй хатуу тэмцэж нийгмээр нь жигшүүлдэг байлаа. Ямар сайндаа “Хотын намын хороо байхад энэ муу хар юм хаачихав дээ” гэх үг эхнэрүүдийн дунд байсан юм гэнэ лээ. Хэрэв эхнэрээ зодож, гэр бүлээ дарамтлах юм уу салж сарнивал ажлаас нь хөөхөөс эхлээд бүх карьерийг нь үгүй хийдэг байж. Одоо харин инжтэй болгож айлын охин хүүхдийг авч суусан хэнбугайд ч үүрэг, хариуцлага тооцдог болмоор байна. Угаасаа хүн төрөлхтөн тэр аяараа инж өгч, авч байгаа. Тэд төдийгүй дээхнэ үеийн монголчууд яагаад ийм зүйл бий болгосон бэ гэвэл ерөөсөө л хариуцлагыг ухамсарлуулах гэж тэр шүү дээ. Ёс суртахуунаас илүүтэй эдийн засгийн хариуцлага үүрүүлж байж айл гэр толгойлуулдаг байсан байна. Ер нь хүнийг хүмүүжүүлдэг зүйл эдийн засаг л байдаг.

Тэгэхгүй бол эрчүүд алийн болгон аав ээжийн голоосоо хайрлаж өсгөсөн охиныг нь авч суучихаад зовоож байхав дээ. Угаасаа олон эцгийн амнаас мууг сонсгож, муухайг үзүүлэхгүй гэж өсгөсөн охин минь нэг саасганасан хар юмны хөлд чирэгдээд сууж байна гэх харамссан яриаг сонсож байна. Үнэхээр л аав, ээжүүд охин хүүхдээ боловсролтой болгох гэж, хүнээс дутуугүй явуулах гэж асар их мөнгө зарцуулсан байдаг. Гэтэл хаа газрын хариуцлагагүй нэг нөхөр хүрч ирж хүүхэдтэй болгочихоод дараагийн охин руу яваад байна. Хаяж яваагүйнүүд нь архи ууж зовоодог. Мөрөөрөө архи ууж өөрийгөө зугаацуулаад зогсохгүй эхнэр хүүхдээ зовоогоод байх юм. Энэ бүхний эцэст гэр бүл салж байгаа. Яагаад гэвэл эхнэр авч буй залууд эр нөхөр болсны ёс суртахууны болоод эдийн засгийн хариуцлага байхгүй болчихож. Тиймээс л инж авдаг болъё гээд байгаа юм. Инжээ байг гэхэд гэрлэлтийн гэрээ хийдэг болъё. Гэрээндээ салбал ингэнэ, тэгнэ гэдгийг нарийн заагаад өгчих. Хамтран авсан байрны зээлийг хаяж явсан нөхөр дуусан дуустал нь төлнө ч гэдэг юм уу. Цаашлаад үр хүүхдээ ингэж өсгөж цэцэрлэг, сургуулийн төлбөрийг төлнө гэх хатуу гэрээ байгуулдаг болмоор байна. Ингээд зохицуулчихвал гэрээ байгуулсан, эсвэл аав, ээжид нь инж өгсөн нөхөр эдийн засгаа бодоод үгүй ядаж л горойх байлгүй дээ. Дараагийн хүүхэн дээрээ очих ч мөнгөгүй болчихоор салах тухай бодохоо ч болино биз. Тэгэхгүй бол манайд дурын “тэнүүлчин” эхнэртэй болчихоод охид, хүүхнүүдийг зовоогоод байна. Яг үнэндээ орчин үед хайр дурлал гэх нялуурал хүүхдийн шохоорхол л болсон.

Угтаа гэр бүл гэдэг улсын үндэс суурь болж байдаг. Харин гэр бүлийн суурь яах аргагүй эр нөхрийн хариуцлага шүү дээ. Тиймээс шинэ ёс заншилтай болъё. Гэхдээ энд нэг зүйлийг зөв ойлгох хэрэгтэй. Инж авна гэдэг бол охиноо зарж буй хэрэг огт биш. Хайр сэтгэлтэй болоод хамтдаа амьдаръя гээд гүйгээд ирэхэд нь охины эцэг, эх инж нэхээд суухыг хэлж байгаа юм. Тэд тийм эрхтэй. Социалист реалист уран зохиолд инж гэдгийг охин хүүхдээ зарж буй мэтээр маш буруу сурталчилдаг байсан. Тэндээс улбаалаад л монголчууд инж авахаасаа нэрэлхдэг болчихсон юм билээ. Гэтэл үнэндээ инж гэдэг бол хайр дурлалаар холбогдсоны дараах, үр хүүхэдтэй болохын өмнөх асуудал. Монголчууд алийн болгон охид бүсгүйчүүдээ хиртэй хадаг мэт гар дамжуулах вэ дээ.

Categories
мэдээ нийгэм

Энэ сарын 6-наас I, IV хорооллын зарим хэсгийн халуун усыг хязгаарлана

Улаанбаатар хотын дулааны төв шугамд энэ зун хийгдэх нягтын шахалт болон засварын ажлын хуваарийн энэ сарын 6-25-ны хооронд Хар хорин зах, Өнөр хороолол, Гурвалжин зах, Техник импорт, Голден парк хороолол, 4-р хороолол буюу 3-н билэг ХХК, Түндэмүн саун, Төмөр замын соёлын төв орчмын халуун усыг хаана.

“УБДС” ТӨХК-аас мэдээлснээр 2016 онд дулааны шугам сүлжээний “0” зогсолт хийгдэхгүй тул холбоос шугамуудын таслах хаалтуудын засварыг үндсэн шугамын зогсолттой уялдуулан тухайн магистралийг түр зогсоож хийх юм.
Categories
мэдээ нийгэм

Томоохон зах худалдааны төвүүд ажиллахгүй

Өнөөдөр төв замуудыг хаасантай холбогдуулан “Нарантуул” олон улсын худалдааны төв, “Дүнжингарав” худалдааны төв ,“Өгөөмөр” техникийн зах, “Сандей” худалдааны төв, Шөнийн зах, Баянзүрх худалдааны төв, Баянзүрх зах, 100 айл орчмын барилгын материалын бүх дэлгүүр, “Бөмбөгөр-1”, “Бөмбөгөр-2”, “Алтжин бөмбөгөр” зэрэг томоохон зах худалдааны төвүүд амарч байна. Мөн төв гудамжны замууд хаалттай байгаа учир эдгээр замаар тээвэр хийдэг троллейбусны “ХМК-Офицеруудийн ордон”, “3.4-р хороолол-БММЗ”, “Вокзал-Ботаникийн цэцэрлэг”, “Офицеруудын ордон-3,4 хороолол” чиглэлийн үйлчилгээ зогсоод байна.

Categories
мэдээ нийгэм

“Тэрэгтэй парад” болж байна

Автомашингүй өдрийг тохиолдуулан хүүхдэд ээлтэй хотыг уриалсан “Тэрэгтэй парад”-ыг Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд төрийн бус байгууллагаас гурав дахь жилдээ зохион байгуулж байна. Парад зүүн дөрвөн замаас баруун дөрвөн зам хүртэл явах ба 11:00 цагт эхэлж яг одоо төв гудамжаар алхаж байна. Эцэг эхчүүдийг хүүхдээ тэргэнд суулгаад эсвэл үүргэвчинд нь үүрээд хүүхдийнхээ эрүүл аюулгүй орчинд өсөх эрхийн төлөө уг парадад нэгдэхийг зохион байгуулагчдын зүгээс уриалж байна. Мөн парадад нэгдсэн эцэг эх хүүхдүүдэд “Динза Данза” комикс, Космополитан сэтгүүл, Ламоур бренд, Макс Молл төвийн гарын бэлэг өгөх юм. “Тэрэгтэй парад”-аар дамжуулан машины дуут дохио хүүхдийг айлгаж цочооддоггүй байх, хүүхдээ тэрэгтэй нь түрээд бартаа саадгүй явах гудамж талбайтай болохыг уриалж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Хувийн автомашинаар таксинд явдаг жолооч нарын анхааралд

Сүүлийн үед хувиараа такси үйлчилгээнд явдаг иргэд халдлагад өртөх явдал цөөнгүй гарах болсон талаар эх сурвалж мэдээллээ. Энэ төрлийн гэмт халдлагууд нь ихэвчлэн шөнө оройн цагаар үйлдэгддэг ба сүүлийн хоёр жилийн хугацаанд таксины жолоочийг дээрэмдсэн, зодож гэмтээсэн цаашлаад амь насанд нь хүрсэн гэх хэрэг 100 гаруй удаа бүртгэгдсэн байна. Тиймээс шөнө оройн цагаар сэжиг бүхий зорчигч тээвэрлэхгүй байх, өөрийн аюулгүй байдлаа хангаж сонор сэрэмжтэй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Хамгийн сүүлд өнгөрөгч 5-р сарын 23-нд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс таксины жолоочийн амь насыг хохироосон гэмт хэргийг шүүж хэрэгтэнд 25 жилийн хорих ял оноожээ. Тодруулбал, шүүгдэгч Ж-г таксины жолооч Г-ын амь насыг танхайн сэдэлтэйгээр хохироосон хэмээн анхан шатны шүүхээс эрүүгийн хуулийн 91-р зүйлийн 91.2.2 ангиар буруутган 23 жилийн хорих ял өгчээ. Шүүгдэгч Ж нь одоогоос есөн жилийн өмнө буюу 2005 онд хүний амь нас санаатайгаар хохироосон гэмт хэргээр 11 жилийн ял шийтгүүлэн хоригдож байсан ба сүүлийн хоёр жилийн хорих ялыг тэнсэн харгалзахаар болж өнгөрөгч онд шоронгоос гараад байсан аж. Ялын хугацаа дуусаагүй байх үедээ, давтан үйлдлээр хүний амь нас хохироосон нь тогтоогдсон учир шүүхээс онц аюултай гэмт хэрэгтэнд тооцжээ. Улмаар шүүгдэгч Ж-ийн биеэр эдлээгүй хоёр жилийг нэмж нийт 25 жилийн ялыг онцгой дэглэмтэй хорих ангид эдлүүлэх шийдвэр гаргасан байна.

Өнгөрөгч 8-р сарын 22-ны өдрийн 23:00 цагийн орчимд, хувиараа такси үйлчилгээ эрхэлдэг Г Баянгол дүүргийн гуравдугаар хорооллын эцсээс хоёр зорчигч суулгаж бичил хороололд хүргэжээ. Улмаар таксины төлбөрөө авахаар шүүгдэгч Ж-тэй маргалдаж амь насаа алдсан байна. Болсон хэргийн талаар шүүгдэгч Ж мэдүүлэхдээ “Тэр орой Саппорогоос алхаж яваад хорооллын эцсийн тэндээс таксинд суугаад буух гэтэл 1500 төгрөг нэхсэн. Нэг км газар явсан ахад нь 800 төгрөг л байна гэхэд өөдөөс хаана хүн хулхидаж сурсан хүн бэ хэмээн машинаа хөдөлгөөд ойролцоох есөн давхар байрны гаражийн гадна очиж зоссон. Бууж ирээд миний сууж байсан талын хаалгыг нээж намайг заамдаж авахад жолооч бид хоёр хамтдаа газар унасан. Тэр залуу миний нүүрэнд хоёр удаа цохисон. Ноцолдож байгаад өмсөж явсан цамцных нь захаар боосон юм. Нэг мэдэхэд жолоочийн гар нь суларч газар унахад нь би ухаан алдчихлаа гэж бодсон” гэжээ.

Жолооч Г-ын амь насыг хохироох үедээ шүүгдэгч Ж нь архи хэрэглэж согтуурсан байсан ба жолоочийн цогцсыг хэргийн газарт орхин, газар унасан гар утсыг нь авч танилдаа худалдсан байсан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон байна. Хэрэг болсноос дөрвөн цагийн дараа талийгаач Г-ын цогцсыг гэртээ орохоор явж байсан иргэн Х олж харснаас цагдаагийн байгууллагад дуудлага өгчээ. Улмаар нас барсан иргэний хэн болохыг тогтоож түүний ар гэрийнхэнд шөнийн 05:00 цагийн орчимд мэдэгдсэн байна. Харин гэмт хэрэгтнийг 24 цагийн дараа түрээслэн амьдардаг байсан нийтийн байрнаас нь баривчилсан байдаг.

Categories
мэдээ спорт

“Улаанбаатар марафон” эхэллээ

Дэлхийн улс орнууд жил бүр автомашингүй өдрийг уламжлал болгон тэмдэглэдэг бөгөөд энэ жишгийн хүрээнд манай улс жил бүрийн зургадугаар сарын эхний долоо хоногийн бямба гаригийг автомашингүй өдөр болгон тэмдэглэдэг. Энэ өдрийн хамгийн чухал арга хэмжээний нэг болох “Улаанбаатар-Марафон” олон улсын гүйлтийн тэмцээн 10:00 цагт эхний тамирчид барианаас гарлаа.

Марафон нь мэргэжлийн болон сонирхогчдийн гүйлт гэсэн хоёр төрлөөр явагдаж байгаа ба Чингисийн талбайгаас гараанаас гарч, тус бүрийн маршрутаар гүйсээр эргэн Чингисийн талбайд бариандаа ирэх юм. Мэргэжлийн тамирчдын марафон нь хагас марафон буюу 21 км, бүтэн марафон буюу 42 км-ийн гүйлт гэсэн төрлүүдтэй байна. Харин сонирхогчидын дунд болж буй марафоныг 4 насны ангиллаар 3 зайд уралдуулна. Тодруулбал, 5000 метрийн гүйлтэд 12-17, 18-35, 36-54, 55-аас дээш насныхан, 10,000 метртийн гүйлтэд 18-аас дээш насныхан оролцох юм. Мөн гэр бүлийн гүйлт, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан гүйлт нь 1.5 км зайг туулах юм байна. Шагналын сангийн тухайд: бүтэн марафон буюу 42 км-ийн гүйлтэд түрүүлсэн тамирчинд 10 сая төгрөг, хоёрдугаар байр эзэлсэн тамирчинд 8 сая, гуравдугаар байрт шалгарсан тамирчинг 6 сая төгрөгөөр тус тус шагнаж урамшуулахаар болжээ. Сонирхогчдийн гүйлтийн 10,000 метрийн зайн тэргүүн байрыг 500,000 төгрөгөөр, хоёрдугаар байрыг 400,000 төгрөгөөр, гуравдугаар байрыг 300,000 төгрөгөөр, 5,000 метрийн зайн гүйлтийн нэгдүгээр байр 300,000 төгрөг, хоёрдугаар байрыг 250,000 төгрөг, гуравдугаар байрыг 200,000 төгрөгөөр тус тус шагнах юм.