Categories
мэдээ цаг-үе

“Амьтны ферм”

“Бүх амьтан тэгш эрхтэй. Гэхдээ зарим амьтан илүү тэгш эрхтэй” хэмээх алдартай ишлэлийг та олон дуулж байсан байх. Энэ бол Жорж Оруэллийн “Амьтны ферм” хэмээх жижигхэн ч часхийсэн айхтар номд гардаг үгс л дээ. Дашрамд сонирхуулахад “Амьтны ферм”-ийг Оруэлл 1945 онд бичсэн байдаг юм. Зөгнөлт ном гэсэн үг. Тэгсэн хэрнээ эв, хамтын уриаг эрхэмлэсэн социалист дэглэмийг нуран унасны дараа шоглон бичсэн мэт санагдах нь гайхалтай.

Англи оронд Жонес гэх хүний эзэмшлийн “Эртний ферм” хэмээх ферм байна. Нэгэн шөнө эзнээ унтсаны дараа Өвгөн хошууч гэгдэх нэр хүндтэй хөгшин бодон бүхий л амьтанд хачирхалтай зүүд зүүдэлсэн талаараа ярьж өгөхөөр цуглуулна. Тэрээр Англи даяар бүх амьтан хүний дарлалаас ангижирч тэгш эрхтэйгээр амьдарч, үржил шимт нугад амар тайван идээшилж болох талаар ярин бослогод уриална. Түүнчлэн түүний зүүдэнд “Английн мал сүрэг” хэмээх дуу орсныг амьтдад сонсгосон нь тэр дорхноо цээжлэгдэнэ. Үнэхээр ч мах, сүү, өндөг гээд хамаг зүйлсээ өгдөг боловч эргээд үргэлж тарчиг амьдардаг амьтдад түүний үгс таалагдах нь мэдээж. Гурав хоногийн дараа Өвгөн хошууч үхлээ. Түүний хэлсэн үгийн дагуу зарим ухаалаг амьтад идэвхтэй үйл ажиллагаа явуулж эхлэх аж. Удалгүй Цасанбөмбөг, Наполеон тэргүүтэй бодонгуудаар удирдуулан бослого гаргалаа. Жонесийг ажилчдынх нь хамт хөөж явуулав. Нүдэнд үзэгдэх бүхэн тэднийх болов. Ингээд “хоёр хөлтэй болгон дайсан, дөрвөн хөлтэй, хоёр далавчтай болгон нөхөд, нэг ч амьтан хувцас өмсөхгүй, нэг ч амьтан оронд унтахгүй, нэг ч амьтан архи уухгүй, нэг ч амьтан нөгөөгөө хөнөөхгүй, бүх амьтан тэгш эрхтэй” гэсэн долоон зарчмыг тунхаглалаа. Аз жаргал удаан үргэлжилсэнгүй боловч амьтад аз жаргалтай амьдарсаар байна гэдэгт итгүүлж байгаагаар зохиол үргэлжилнэ. Хаа сайгүй зэргэлдээх фермийн хүмүүсээс илүү ажиллах уриа лоозун дэвшүүлэх аж. Ерөнхийдөө эзэн нь солигдсон боловч амьдрал улам дордож урьд өмнө нь ил тод байсан бүхэн нууц болсон хэрэг. Удирдагчдын дунд ч хагарал гарна. Бослогын үеэр эрэлхэгээр тулалдсан Цасанбөмбөг нь Наполеонтой юм бүхэн дээр зөрж эхэллээ. Цасанбөмбөг бусад фермүүдийг хүний дарлалаас чөлөөлж Англи даяар амьтдыг босгох болон цахилгаан үүсгэдэг салхин терм барьж амьтдыг тохилог, гэрэлтэй байранд амьдруулахаар зураг төслийг гаргана. Харин Наполеон өөр бодолтой байжээ. Бослогын дараа тус фермд байсан хоёр нохойны дундаас найман гөлөг гарсныг Наполеон сурган хүмүүжүүлэх нэрийн дор хэнтэй ч уулзуулалгүй ганцаар өсгөнө. Цаг хугацаа явсаар нэгэн өдрийн хурал дээр өнөөх хоёр дахиад л санал зөрлөө. Энэ үед Наполеон урьд байгаагүй хачин байдлаар хяхнасан дуу гаргахад араа шүдээ гялалзуулсан аварга том найман нохой давхин орж ирнэ. Тэд Цасанбөмбөгийг фермээс хазаж, уран хөөж явуулав. Энэ үеэс Наполеоны бүрэн эрхшээлд ферм орлоо. Бүх амьтныг ухуулж, хөдөлгөх авьяасаараа тодорсон Цангинуур хэмээх тоорой түүнийг магтан дуулна. Удалгүй өөрийн гэсэн яруу найрагчтай болов. Цасанбөмбөгийн эхлүүлсэн салхин тээрэм Наполеоны санаа байсан болж таарлаа. Ингээд аугаа бүтээн байгуулалтын ажилд амьтдыг дайчилж маш бага хүнсний ноогдлоор зүтгүүллээ. Гэвч хүнээр биш амьтад өөрсдөө тусгаар тогтносон сайхан фермд байна гэсэн итгэл үнэмшлээр ухуулга хийсээр л. Ажил нурсан, хойшилсон бүх л зүйл хөрш фермд нуугдсан Цасанбөмбөгийн хорлон сүйтгэх ажиллагаа гэнэ. Наполеонд таатай ханддаггүй хэдэн бодон гэм буруугаа наминчилж бусдын нүдэн дээр нохдын аманд тасчуулав. Үүнээс хойш өөр санаа бодолтой бүхэн явуулга хийхийг завдаж Цасанбөмбөгтэй хуйвалдсанаа хүлээж дараа нь тасдуулах боллоо. Бодонгууд сүү, алимнаас эхлээд бүхий л амттанг хэрэгцээндээ авна. Түүгээр барахгүй хүмүүстэй наймаалцаж тахиануудаас хүчээр өндгийг нь авч, анхнаасаа тэдний төлөө хамаг хүчээрээ зүтгэсэн Боксер хэмээх хүчирхэг морийг ч бэртмэгц нь мал нядалгааны газар зарчихдаг.

Наполеон дүрэм зөрчих бүрт Цангинуур долоон зарчимд өөрчлөлт оруулж “Угаасаа л ийм байсан шүү дээ” хэмээн ухуулна. “Амьтад нэгнээ хөнөөхгүй” гэсэн дүрэмд шаардлага гараагүй тохиолдолд гэсэн үг нэмэгдэв. “Бүх амьтан тэгш эрхтэй” нь зарим амьтад илүү тэгш эрхтэй боллоо. “Нэг ч амьтан оронд унтахгүй” нь цагаан хэрэглэл дээр унтахгүй гэж өөрчлөгдөнө. Бүр цаашлаад “Нэг ч амьтан архи хэтрүүлэн уухгүй”, “Хүн бол анд нөхөр” болов. Эцэст нь “Бүх амьтан тэгш эрхтэй. Гэхдээ зарим амьтан илүү тэгш эрхтэй” гэсэн ганцаас бусдыг нь арилгалаа. Төгсгөлд нь бодонгууд хувцас өмсч, хоёр хөл дээрээ явж эхэлнэ. Түүгээр ч барахгүй бодонгууд хуучин Жонес эзэн нь амьдарч байсан байранд хүмүүстэй архидаж, мөрийтэй тоглон түүнээсээ болж маргалдан зодолдох аж. Үүнийг номхон дөлгөөн, айдас хүйдэст хучигдсан амьтад цонхоор нь ажиглах бөгөөд аль нь хүн, аль нь амьтан болохыг ялгаж чадахгүй байгаагаар зохиол өндөрлөдөг.

Ж.БАЯРСАЙХАН

Categories
мэдээ улс-төр

Олон улсын хамтын ажиллагааны тухай санал солилцлоо

Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгийн урилгаар Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Жон Кэрригийн Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлал эхлээд байна.

Айлчлал Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Ж.Кэрри нарын албан ёсны хэлэлцээгээр эхлэв. Хэлэлцээний эхэнд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа иж бүрэн түншлэлийн түвшинд идэвхтэй хөгжиж, дээд, өндөр түвшний айлчлал тогтмолжиж буйг тэмдэглэн хоёр талын улс төр, батлан хамгаалах, эдийн засаг, бүс нутаг болон олон улсын хамтын ажиллагааны тухай санал солилцлоо.

Сайд Л.Пүрэвсүрэн АНУ нь Монгол Улсын чухал гуравдагч хөрш болохыг тэмдэглэж, АНУ-ыг Монгол Улсын ардчилсан шинэчлэлт өөрчлөлтийг анхнаас нь дэмжиж ирсэнд талархал илэрхийлэв. Улс төр, батлан хамгаалахын харилцаа идэвхтэй хөгжиж байгаа ч эдийн засгийн хамтын ажиллагаа чамлалттай байгааг дурдаж, хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах боломжуудын талаар санал талууд солилцов.

Иргэд хоорондын харилцааг хөгжүүлэхэд Мянганы Сорилтын Корпорацийн нэг дэх компакт чухал нөлөө үзүүлсэн бөгөөд хоёр дахь компактыг Монгол Улсад хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн нь Монгол Улсын хөгжил, иргэдийн амьдралын түвшинг дээшлүүлэхэд чухал болохыг онцолж, иргэд харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөх саналыг Сайд Л.Пүрэвсүрэн Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Жон Кэррид тавив.

Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Жон Кэрри Монгол Улс нь өөрийн улсад энхийн замаар ардчиллыг тогтоож чадсан төдийгүй дэлхий олон оронд ардчиллын үлгэр жишээ болж буйг онцлов. Мянганы Сорилтын Корпорацийн хоёр дахь компактыг Монгол Улсад хэрэгжүүлэх болсондоо таатай буйгаа Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри илэрхийлэн, хэрэгжих төсөл нь Монгол Улсын эдийн засгийн хөгжил, иргэдийн амьдралын түвшинг дээшлүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлэв. Мөн хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх бодит алхмуудыг хийх шаардлага буйг тэмдэглэв.

Categories
мэдээ спорт

Чингисийн талбайд байт харвааны Дэлхийн аваргын шийдвэрлэх харваа болно

Байт харвааны оюутны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Монгол Улсад анх удаа болж байна. Тэмцээнд дэлхийн 24 орны 250 орчим тамирчин Компаунд болон Рекурв гэсэн хоёр төрөлд ганцаарчилсан, холимог хос, багийн төрлөөр өрсөлдөж байгаа юм. Тус тэмцээнийг Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор ЭМСЯам, БСШУЯ, БТСХТөв, НЗДТГазар, МОСХолбоо, Байт харвааны холбоод хамтран явуулж буй.

Тэмцээний эхний өдрүүдэд урьдчилсан харваа болж, шигшээд өрсөлдөх болон хүрэл медалийн эзэд тодорлоо. Өнөөдөр буюу ням гаригт алт болон ганцаарчилсан төрлийн хүрлийн төлөөх шийдвэрлэх харваа Чингисийн талбайд болно.

Одоогоор АНУ хоёр хүрэл медаль хүртээд байгаа бол Франц, ОХУ, Япон, Малайзын багууд нэг хүрэл медаль хүртжээ.

Categories
мэдээ улс-төр

“Хааны эрэлд-2016” хаалтын ажиллагаанд УИХ-ын дарга З.Энхболд оролцлоо

УИХ-ын дарга З.Энхболд өчигдөр “Хааны эрэлд-2016” олон улсын энхийг дэмжих ажиллагааны сургалт, дадлагын хаалтын ажиллагаанд оролцлоо. Төрийн хүндэт харуул, сургалт дадлагад оролцож буй нийт бие бүрэлдэхүүн УИХ-ын дарга З.Энхболдыг хүндэтгэн угтав. Үүний дараа Улсын Их Хурлын дарга тус арга хэмжээнд оролцож буй хүндэт зочид, төлөөлөгчидтэй мэндчиллээ.

“Хааны эрэлд-2016” олон улсын энхийг дэмжих ажиллагааны хээрийн сургалт, дадлагын хаалтын ажиллагаанд зориулсан цуглааныг нээж УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон үг хэлсэн юм. Тэрээр, олон улсын тавцанд НҮБ-ын хүлээх үүрэг хариуцлагыг улам бүр нэмэгдэж байгааг дурдаад, НҮБ-ын ажилтнууд, ялангуяа энхийг дэмжигч, цэнхэр дуулгатнуудаас илүү их хүчин чармайлт, мэргэжлийн ур чадварыг шаардаж байгааг тэмдэглэн хэллээ. “Хааны эрэлд-2016” олон улсын энхийг дэмжих ажиллагааны хамтарсан сургалт, дадлага нь энэхүү зорилтыг хангахад чиглэгдэж байгааг тэмдэглэн хэлсэн юм. Төгсгөлд нь сургалт, дадлагад амжилттай оролцож өмнөө тавигдсан үүргээ амжилттай биелүүлсэн нийт оролцогчдод талархаж, Монгол Улсын Зэвсэгт хүчний нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал дэвшүүлэв.

УИХ-ын дарга З.Энхболд “Хааны эрэлд-2016” олон улсын энхийг дэмжих ажиллагааны хээрийн сургалт, дадлагад оролцсон бие бүрэлдэхүүнд баяр хүргэж үг хэллээ. Тэрээр, Монгол Улс даян дэлхийн шударга улс түмнүүдтэй энх тайвнаар зэрэгцэн оршиж энхийг эрхэмлэсэн олон тулгуурт нээлттэй гадаад бодлогыг баримтлан хэрэгжүүлж байгааг тэмдэглэн хэллээ. Энэ бодлогын хүрээнд Монгол Улсын Зэвсэгт хүчин, Номхон далай дахь АНУ-ын цэргийн командлал, “Дэлхийн энхийн төлөө санаачилга” хөтөлбөртэй хамтран “Хааны эрэлд” олон улсын энхийг сахиулах ажиллагааны сургалт, дадлагыг уламжлал болгон зохион явуулсаар ирсэн болохыг онцлоод, “Хааны эрэлд-2016” олон улсын энхийг сахиулах ажиллагааны сургалт, дадлагад оролцогчдод талархал дэвшүүллээ.

Мөн тэрээр, “Хааны эрэлд” энхийг сахиулах ажиллагааны олон улсын хээрийн сургалт, дадлагын нэр хүнд, ач холбогдол, хамрах цар хүрээ нь жилээс жилд өсөн нэмэгдэж, бүс нутгийн хэмжээнд төдийгүй, тив дэлхийн томоохон арга хэмжээний нэг болж чадсанд Монгол Улсын Их Хурлын даргын хувьд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлье.

Дэлхий дахины энхийн үйлст зорилго нэгдэн “Хааны эрэлд-2016” олон улсын энхийг сахиулах ажиллагааны сургалт, дадлагад цэргийн алба хаагчдаа илгээн оролцуулсан бүх улс орнуудын төр засаг, цэргийн дээд командлалд Та бүхнээр дамжуулан гүн талархал илэрхийлье. Төрт ёс, ардын арвин зан үйл, нүүдэлчин соёл иргэншлийн өвөрмөц өнгө төрхөө өнөө хүртэл хадгалж ирсэн Монгол түмний өлгий нутагт тавтай морилон, ихийг сурч, улс үндэстнүүдийн найрамдал нөхөрлөлийг бэхжүүлэх үйлсэд Та бүхэн өөрсдийн хувь нэмрээ оруулна гэдэгт монголчууд бид итгэлтэй байна хэмээн Улсын Их Хурлын дарга хэлээд “Даян дэлхийн энх тайван, аюулгүй байдал, энх амгалан байх болтугай” гэлээ.

“Хааны эрэлд-2016” олон улсын энхийг дэмжих ажиллагааны сургалт, дадлагад 47 орны 2000 гаруй цэргийн алба хаагч оролцсон байна. Мөн Монгол Улсын БХЯ, ЗХЖШ, Номхон далай дахь АНУ-ын Хуурай замын цэргийн командлал, Тэнгисийн явган цэргийн командлал, тэдгээрийн харьяа анги, байгууллагууд оролцжээ. Хагас сар гаруй хугацаанд үргэлжилсэн сургалт дадлагын хүрээнд команд штабын сургалт, дадлага, салаадын хээрийн сургалт, дадлага, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны хүчин чармайлтыг сайжруулах сургалтыг зохион байгуулсан байна. Мөн бүтээн байгуулалтын ажилд оролцохын зэрэгцээ 5000 гаруй иргэнд эмнэлгийн үйлчилгээ үзүүлжээ.

“Хааны эрэлд-2016” олон улсын энхийг дэмжих ажиллагааны сургалт, дадлагын хаалтын ажиллагаанд Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр, гадаадын орнуудаас Монгол Улсад суугаа Элчин сайд нар, ЭСЯ-ны цэргийн атташе нар, ЗХЖШ-ын дарга хошууч генерал Д.Даваа, Номхон далай дахь АНУ-ын Хуурай замын цэргийн ажиллагаа хариуцсан орлогч командлагч хошууч генерал Грегори С.Вилтон, Номхон далай дахь АНУ-ын Хуурай замын цэргийн үндэсний гвард хариуцсан орлогч командлагч бригадын генерал Сантэймэр, АНУ-ын Аляскын Үндэсний Гвардын Нэгдсэн штабын дарга бригадын генерал Брэнт Фэйк, Аляскын Үндэсний Гвардын командлагч хурандаа Жоесф Стрэф болон БХЯ, ЗХЖШ-ын удирдлага, олон улсын сургуульд оролцогч улс орнуудын цэргийн багийн бие бүрэлдэхүүн, болон хүндэт зочид оролцлоо хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Жон Керри Монголд айлчилж байна

Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри манай улсад албан ёсны айлчлал хийхээр өнөө өглөө 07:40 минутын орчимд “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд газардсан юм. Түүнийг хоёр талын албаны хүмүүс угтаж авсан бөгөөд дараа нь АНУ-ын Элчин сайдын яамны зүг цуваа хөдөлсөн.

Энэхүү айлчлалын хүрээнд Жон Керри, Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнтэй албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа, бүс нутаг, олон улсын харилцан сонирхсон асуудлаар санал солилцлоо. Мөн Монгол Улсын төр, засгийн тэргүүн нарт бараалхаж, Монголын залуу манлайлагчдын төлөөлөлтэй уулзах юм.

Categories
мэдээ соёл-урлаг

Гавьяат жүжигчин Э.Амартүвшин Англид тоглоно

Дуурь бүжгийн эрдмийн театрын дуучин, Гавьяат жүжигчин Э.Амартүвшин Англид тоглолт хийхээр хүлгийн жолоо заллаа. Түүний тоглолтыг Их Британи улс дахь соёлын менежер Ж.Өнөрмөө зохион байгуулж, Кардифф, Лондон хотын үзэгчидтэй уулзуулахаар зэхжээ. Пласидо Домингогийн уралдааны ялагч, “BBC Cardiff singer of the World in 2015”-ын үзэгчдийн шагналт дуучин өнгөрсөн сард Итали болон Монголд тоглолтоо хийсэн бол зургадугаар сарын 5-нд ‘The Savile club M-T” эхний тоглолтоо хийх гэнэ.

Түүний тоглолтын тасалбар 80, 100, 120 фунт стерлингээр зарагдаж байгаа юм байна.

Categories
мэдээ нийгэм

Шилэн кабель тасарсныг засварлажээ

Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт Толгойтын эцсийн буудлын ойролцоо өчигдөр том оврын автобус гэрлийн шон мөргөснөөс шилэн кабель тасарч 1, 2, 20, 22-р хороо интернэтгүй болсон.

Интернэтийн үйл ажиллагаа хэвийн болсон эсэхийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газраас лавлахад “Энэ асуудлаар тэр даруй холбогдох газруудад хандаж, зөрчил гаргасан автобус нь “Эрдэм транс” ХХК-ийнх болохыг тогтоон, хохирлыг барагдуулж, интернэтийн үйл ажиллагааг хэвийн болгосон” гэсэн хариулт өглөө.

Categories
мэдээ улс-төр

Э.Бат-Үүл иргэдтэй санал солилцож байна

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн Сонгинохайрхан дүүргийн иргэдтэй уулзаж, хийсэн ажлын тайлангаа тавих уулзалт үргэлжилж байна. Өнөөдөр 12.00 цагт Баянхошууны иргэдтэй уулзсан бол одоо Сонгинохайрхан дүүргийн 1, 2, 3, 22, 32-р хорооны иргэдтэй уулзаж байна. 15.00 цагт эхэлсэн тус уулзалтаар иргэдэд тайлангаа тавихын сацуу гэр хорооллын дахин төлөвлөлт, бүтээн байгуулалтын ажлын хүрээнд ямар ажлууд хийхээр төлөвлөж буйгаа танилцуулж, иргэдийн саналыг сонссон юм.

Гэр хорооллыг орон сууцжуулах бүтээн байгуулалт хийхэд ямар ч саадгүй гэдгийг нийслэлийн Засаг дарга хэлэв. Хамгийн гол нь иргэд өөрсдөө бүтээн байгуулалтын ажлыг хүлээн зөвшөөрч, санал нэгдэн оролцох хэрэгтэй байгааг мөн онцоллоо.

Түүний дараа иргэд сонирхсон асуултдаа хариулт авч, санал хэлсэн юм.

Сонгинохайрхан дүүргийн 2-р хорооны иргэн н.Алтан:

-2-р хороонд дахин төлөвлөлт явагдаж 268 айлын хоёр блок байр баригдсан. Эхнээсээ орох гэж байна. Нийт 60 айл нүүж орох юм. Түүнээс гадна нэг асуудал байна. Маш чанартай баригдсан барилга учраас барьсан компани илүү байрыг зарж эхлээд байна. Сайн, чанартай баригдсан учраас мөнгөтэй хүмүүс худалдаж авах гээд байх шиг байна. Биднийг байрандаа орж амжаагүй байхад бүгдийг нь зарчих вий гэсэн айдас байна.

Э.Бат-Үүл: -Компани газраа өгсөн айлуудад байрыг нь өгсний дараа илүү гарсан орон сууцыг зарж байгаа байх. Түүнээс гадна дулааны шугам сүлжээг татахгүй байгаагаас үүдэн байрандаа орж чадахгүй байгаа асуудал байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сард холбогдох бүх хүмүүсийг байлгаж байгаад дулааны шугам сүлжээг яаралтай шийд гэсэн даалгавар өгсөн байдаг. Гэвч одоог хүртэл шугам сүлжээний асуудлыг шийдээгүй байгаа учраас тэдгээр хүмүүст заавал хариуцлага тооцно. Чадахгүй байгаа бол ажлаас нь чөлөөлж, чаддагийг нь ажиллуулна. Тиймээс тун удахгүй асуудлыг шийдээд иргэдийг байранд нь оруулна.

Сонгинохайрхан дүүргийн иргэн н.Тогтох:

Хархорин зах худалдааны төв болоод, зохион байгуулалтад ороод сайхан боллоо. Гэвч гар дээр, жижиглэн худалдаа эрхлэгчид Хархорин захын ойр хавьд, автобусны буудал дээр худалдаа наймаа хийсээр л байна. Эдгээр хүмүүст жижиг зах байгуулж өгч болохгүй юм уу.

Э.Бат-Үүл: Зах гэдэг бол бага орлоготой иргэддээ зориулж, аж амьдралыг нь дээшлүүлэхийн тулд нийслэлээс гаргаж өгдөг зүйл юм. Ямар ч түрээс авахгүй байх ёстой юм. Хог хаягдал, тог цахилгааныхаа л төлбөрийг авна. Тиймээс бид бага орлоготой иргэдэд зориулсан ямар ч түрээсгүй хотын захыг байгуулахаар болсон. Иргэдэд зориулсан түрээсгүй зах байгуулснаар олон айл өрх орлоготой болно. Түрээсгүй захад ажиллаад орлого нь дээшлээд ирэхээр худалдааны төвд наймай хийж эхэлдэг юм. Орлоготой болоод ирэхээр дандаа зах дээр зогсоод байхгүй шүү дээ. Харин хувийн компани ашиг олохын тулд ажиллах гэж байгаа бол зах биш худалдааны төв байгуулах ёстой.

Мөн уулзалтад ирсэн ихэнх хүн цэвэрлэх байгууламжын асуудалд нийслэлээс хэрхэн анхаарал хандуулж байгааг сонирхож байлаа. Үүнд, нийслэлийн Засаг дарга “Цэвэрлэх байгууламжид шинэ технологи нэвтрүүлж ажиллаж байгаа. Удахгүй газар дээр очиж, танилцана. Ямар ч байсан цэвэрлэх байгууламжийг иж бүрнээр нь шинэчилнэ гэдгийг хэлье” хэмээн хариулт өгсөн юм.

Хотын даргын Сонгинохайрхан дүүргийн иргэдтэй уулзах уулзалт үргэлжилж байна.

Categories
мэдээ соёл-урлаг

Гурван Ардын жүжигчин нэгэн тайзнаа

Зохиолч В.Красногоровын “Хунгийн дуу” уянгын драмын жүжгийг Улсын драмын эрдмийн театр энэ сарын 6-ны 19.00 цагт тайзнаа тавих гэж байна. Тус жүжгийг Ардын жүжигчин, Урлагийн гавъяат зүтгэлтэн Б.Мөнхдорж найруулжээ.

Гол дүрд:
Роман – Ардын жүжигчин П.Цэрэндагва
Виктор – Ардын жүжигчин Г.Мягмарнаран
Анна – Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Н.Сувд

Дүрүүдэд:
Гавъяат жүжигчин Г.Урнаа
Соёлын тэргүүний ажилтан Б.Нармандах
Туслах – жүжигчин А.Чингүн

Жүжгийн үйл явдал хоёр чиглэлээр өрнөнө. Нэг чиглэлийн гол баатар нь уран бүтээлийн гацаанаас гарах гэсэн найруулагч. Нөгөө нь сүүлчийнхээ дурлалтай учирсан, нэрт жүжигчин эмэгтэй. Хун гэдэг амьтныг дандаа л үнэнч хайр дурлал, ариун сайхан бүхэнтэй зүйрлэдэг. Энэхүү жүжигт хүний хүнлэг сайхан сэтгэл, хүсэл мөрөөдөл, гэгээн хайрын тухай өгүүлнэ. Хунгийн дуу, сэтгэлийн дуу, тэр ч бүү хэл уран бүтээлийн зам мөхөөгүй мөхөх ч ёсгүй, хүний сэтгэлд байгаа сайхан юм бүхэн мөнхийн байх ёстой гэсэн санааг энэ уран бүтээлээр илэрхийлэхийг зорьжээ.

Тасалбарын үнэ 15.000 төгрөг юм байна.

В.Бат

Categories
мэдээ нийгэм

Нийтийн тээврийн шугамд өөрчлөлт орлоо

Төв замууд хаасантай холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний шугамд өөрчлөлт орж нийт 31 чиглэлийн автобус дараах замуудаар үйлчилж байна. Тодруулбал, хотын төвийн буюу их тойруу доторх гол гудамж, замууд хаагдах үед нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний чиглэлүүд хойгуураа их тойруугийн гудамж, урдуур нарны зам, намъяанжугийн гудамжаар явах бөгөөд хойноос урагш болон урдаас хойш явдаг босоо чиглэлүүд баруун 4 зам, нарны гүүр, зүүн 4 замаар үйлчилж байна. Мөн энхтайваны өргөн чөлөөний авто замын тодрхой хэсгийн хөдөлгөөн хаагдах тул тухайн өдөр троллейбус үйлчилдэг Т:2 “5 шар – Ботаник”, Т:4 ” Ботаник-Вокзал”, Т:5 “3,4 хороолол-Офицеруудынордон” чиглэлүүд явахгүй болохыг иргэдэд анхааруулж байна.