Categories
мэдээ нийгэм

Уралдаанд түрүүлсэн захирагчийг байраар шагнав

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгаалах ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газартай хамтран “Монгол цэргийн жавхаа-2016” уралдааныг 4 дэх жилдээ амжилттай зохион байгуулсан.

Энэ жилийн уралдааны тусгай байрт хурандаа С.Болдбаатар захирагчтай Зэвсэгт хүчний 150 дугаар анги, гутгаар байрт хурандаа Д.Гантөмөр захирагчтай Хилийн 0164 дүгээр анги, дэд байрт хурандаа Д.Өлзийбаяр захирагчтай Зэвсэгт хүчний 350 дугаар анги, тэргүүн байрт хурандаа Б.Хаш-Эрдэнэ захирагчтай Зэвсэгт хүчний 084 дүгээр анги тус тус шалгарсан юм. “Монгол цэргийн жавхаа-2016” уралдаанд анги, байгууллагаа чадварлаг удирдан амжилттай оролцож, шагналт байранд шалгарсан ангийн захирагч нарыг уралдааны болзлын дагуу орон сууцаар шагнах тухай Нийслэлийн Засаг даргын 2016 оны 5 дугаар сарын 27-ны А/427 дугаар захирамж гарлаа. Тус захирамжид тэргүүн байрт шалгарсан Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн захирагч, хурандаа Батдэлгэрийн Хаш-Эрдэнэд Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Түвшин өргөө хотхон 304 дүгээр байрны 2 тоот 2 өрөө (49,35м2), дэд байрт шалгарсан Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн захирагч, хурандаа Доржсүрэнгийн Өлзийбаярт Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо 21 хорооллын 23а байрны 95 тоот 2 өрөө (37,5м2), гутгаар байрт шалгарсан Хилийн 0164 дүгээр ангийн захирагч, хурандаа Дамдины Гантөмөрт Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 94 дүгээр байрны 81 тоот 1 өрөө (29,36м2) орон сууцаар тус тус шагналаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Соёлын төвийн ажилтнууд анх удаа чуулж байна

Аймаг сумдын Соёлын төвийн удирдах ажилтнууд өнөөдөр улсын зөвлөгөөнөө хийж байна. Өнөөдөр /2016.06.06/ 09.00 цагт ДБЭТ-т эхэлсэн зөвлөгөөний зорилго нь сумдын Соёлын төв, дүүргийн Соёлын ордны үйл ажиллагааны өнөөгийн байдлын талаар хэлэлцэж, ойрын жилүүдийн үйл ажиллагааны зорилтыг тодорхойлоход оршиж байгаа юм байна.

Энэ зөвлөгөөнд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны мэргэжилтнүүд болон сумдын соёлын төвийн эрхлэгчид, дүүргийн соёлын ордны захирлууд, аймаг нийслэлийн боловсрол, соёлын газрын соёлын асуудал хариуцсан мэргэжилтнүүд нийт 340 гаруй төлөөлөгч оролцож байна.

Соёлын төвийн удирдах ажилтнуудын улсын хэмжээний зөвлөгөөн анх удаа зохион байгуулж байгаа нь онцлог болж байна. Зөвлөгөөн хоёр өдөр үргэлжлэх юм.

Categories
мэдээ улс-төр

СЕХ 69 бие даагчийг УИХ-ын сонгуульд бүртгэлээ

Сонгуулийн Ерөнхий Хорооны даргын 2016 оны тавдугаар сарын 26-ны өдрийн А/11 тоот захирамжаар байгуулагдсан Монгол Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авах, нягтлан шалгах Ажлын хэсэг 2016 оны тавдугаар сарын 30-наас зургаадугаар сарын 1-нийг дуустал хугацаанд Улсын Их Хурлын сонгуулийн тойргуудад бие даан нэрээ дэвшүүлэгч 74 иргэний баримт бичгийг хүлээн авч, нягтлан шалгаад Хорооны хуралдаанд дүгнэлтээ танилцуулав.

Сонгуулийн Ерөнхий Хорооны хуралдаанаараа эдгээр бие даан нэрээ дэвшүүлэгчдийн баримт бичиг, Ажлын хэсгийн санал дүгнэлттэй танилцан хуульд заасан шаардлагыг хангаж, хуулийн дагуу нэр дэвшүүлэх ажиллагаа явуулсан 69 бие даан нэрээ дэвшүүлэгчдийг нэр дэвшигчээр бүртгэх тухай шийдвэр гаргалаа.

Монгол Улсын Их Хурлын 2016 оны сонгуулийн 37 тойргийн 69 бие даан нэр дэвшигчдийн жагсаалтыг танилцуулж байна.

Тойргийн дугаар

Аймаг, дүүргийн нэр

Д/д

Бие даан нэр дэвшигчийн

эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр

2

Архангай аймаг

1

Бэгзсүрэнгийн МӨНХЗУЛ

2

Баярсайханы МЭНДСАЙХАН

7

Баянхонгор аймаг

3

Жагваралын ТӨМӨРХУЯГ

9

4

Баатарбямбын БАТ-ЭРДЭНЭ

11

Говь-Алтай аймаг

5

Гаанжуурын НЭРГҮЙ

6

Баасангийн НАМИНЧИМЭД

7

Шоовдорын ЭРДЭНЭБАТ

15

Дорнод аймаг

8

Батаагийн ГАНБОЛД

9

Дашнамжилын ЦОГТБААТАР

16

Дундговь аймаг

10

Бямбасүрэнгийн БАЯРМАГНАЙ

11

Батбаярын МӨНХБОЛОР

12

Сандагийн БУДЖАВ

17

Завхан аймаг

13

Самдангийн ЦЭВЭЭНЖАВ

14

Адъяабалжирын САНЖМЯТАВ

19

Өвөрхангай аймаг

15

Баянжаргалын ЭНХТӨР

20

16

Төмөрбаатарын ХАСБААТАР

17

Доржийн МИЕЭГОМБО

21

18

Мянганбуугийн НАРАНБААТАР

25

Сэлэнгэ аймаг

19

Цэнддоржийн ЭРДЭНЭБАТ

20

Жамбалдоржийн БАТБИЛЭГ

34

Ховд аймаг

21

Пүрэвдоржийн ХАНГАЛ

45

Дархан-Уул аймаг

22

Лүндэгийн НАРАНБААТАР

46

Орхон аймаг

23

Чангаагийн БЯМБАА

47

24

Ухаагийн АМАРЗАЯА

49

Баянзүрх дүүрэг

25

Гэлэгийн БААСАН

26

Оюунсайханы АЛТАНГЭРЭЛ

27

Баттулгын БАТБААТАР

28

Адъяагийн ЭРДЭНЭБИЛЭГ

51

29

Цэрэнхүүгийн БАТТУЯА

30

Авирмэдийн ЭРДЭНЭБАЯР

52

31

Цэрэнгийн МОНГОЛ

53

32

Лүүрэвийн ӨНӨРЧИМЭГ

33

Долгорсүрэнгийн БАТБАЯР

34

Өвгөнхүүгийн ЭРДЭНЭБОЛД

35

Жанагийн ГАНБААТАР

54

36

Сүрэнхүүгийн БОРГИЛ

37

Самандын ЖАВХЛАН

38

Мэндбаярын БАЯРБАТ

55

Хан-Уул дүүрэг

39

Жазагийн ЛХАГВАСҮРЭН

40

Тунгаагийн ТҮМЭНДЭМБЭРЭЛ

56

41

Бадарчийн ОДСҮРЭН

42

Рэгзэнгийн ШИНЭГЭРЭЛ

57

43

Тогмидын ДОРЖХАНД

44

Дашцэрэнгийн АЗЖАРГАЛ

58

45

Доноровын ГАНТУЛГА

46

Сэрчингийн ҮҮРЦАЙХ

59

Сүхбаатар дүүрэг

47

Баатаржавын МӨНХСОЁЛ

60

48

Ганбатын МӨНХБАЯР

49

Цэрэнбадамын НАРАНЧИМЭГ

62

50

Наранцэцэгийн ЖАМБАЛДОРЖ

63

Чингэлтэй дүүрэг

51

Баатарын БАТЦЭНГЭЛ

52

Содовсүрэнгийн НАРМАНДАХ

64

53

Володягийн БУЯНМӨНХ

65

54

Бадрахын НАЙДАЛАА

55

Рэнбаагийн ТӨРМӨНХ

56

Балжиннямын БАТХУЯГ

57

Парчаагийн ШИНЖЭЭРАВДАН

66

58

Дагвадоржийн УЛАМБАЯР

67

Баянгол дүүрэг

59

Ойдовын ЛХАГВАДОРЖ

60

Шагдаржавын ЭРДЭНЭБАТ

69

61

Мөнхтөрийн НАРАНТУЯА

62

Баатарын ТҮМЭНЖАРГАЛ

70

63

Хассуурийн ГАНХУЯГ

71

Сонгинохайрхан дүүрэг

64

Бямбын БИЛЭГСАЙХАН

65

Наранбаатарын ТҮВШИНЖАРГАЛ

66

Хадбаатарын БАТ-ЯЛАЛТ

72

67

Даваачулууны БАТБОЛД

68

Төрбатын АЛТАНШАГАЙ

75

69

Түмэн-Ойлоогийн ЦООЖ

Categories
мэдээ нийгэм

Баримтаа 15 хоногийн дотор бүртгүүлэх шаардлагата

НӨАТ-ын тухай хууль хэрэгжиж эхлээд зургаан сар болсон бөгөөд энэ хугацаанд 37 мянган цэг иргэдэд баримт олгон, 19 сая 800 мянга орчим баримт хэвлэжээ. Гэхдээ ихэнх иргэд баримтаа тухай бүрт нь бүртгүүлэлгүй удааж байгаа юм.

Энэ хугацаанаас хэтэрч бүртгүүлсэн тохиолдолд сугалааны тохиролд болон НӨАТ-ын 20 хувийн буцаан олголтонд хамрагдах боломжгүйг ГТЕГ-аас анхаарууллаа.

Иймд худалдан авалт хийснээс хойш 15 хоногийн дотор төлбөрийн баримтаа ebarimt.mn-д бүртгүүлэхийг зөвлөжээ. Тодруулбал, энэ хугацаанаас хэтэрч бүртгүүлсэн тохиолдолд сугалааны тохиролд болон НӨАТ-ын 20 хувийн буцаан олголтонд хамрагдах боломжгүйг ГТЕГ-аас анхаарууллаа. Дашрамд дурдахад,дараагийн сугалааны тохирол энэ сарын 19-ний ням гарагт болно.

Categories
мэдээ цаг-үе

Нэгийн “в”-гийнхэнтэй хичээллэсэн нэг өдөр

Бүх үсгээ үзэж, дуртай үлгэрийн номоо уншаад сурчихсан жаалуудын ангид нэгэн өдрийг өнгөрөөлөө. Сонгосон анги маань Сүхбаатарын нэрэмжит хоёрдугаар сургуулийн нэгийн “В”-гийнхэн. Ангийн хаалгыг татангуут дор бүрнээ шулганасан нөхөд. Хичээл нь эхлэх болоогүй учраас ярих эрхээ эдэлж байгаа нь энэ. “Багшаа би оньсого ярья тэгэх үү”, “Чи миний балыг авчихлаа ш дээ”, “Кино үзмээр байна аа” гэж дор бүрнээ шулганасан долоон настнууд намар дөнгөж сургуульд орсон зургаатай үеэсээ ялгарах юм алга. Эдний анги 46 сурагчтай, ангийн багшийг нь Ж.Наранзул гэдэг юм байна. 26 жил бага ангид багшилсан туршлагатай багш аж. Нэгийн “в”-гийнхэн дөрвөн салаагаар сууж хичээллэдэг юм байна. Салаа бүр даргатай. Нэгдүгээр салааны дарга нь Мөнхзул. Хоёрдугаар салааг Номинсүрэн ахална. Марий Лаурэ гэж нүд нь эргэлдсэн охин гуравдугаар салааны дарга. Харин дөрөвдүгээр салааны даргаар Эгшиглэнг сонгожээ. Зургаан настнуудаас ангийн дарга сонгох тун хэцүү байсан гэнэ. “Бүгдээрээ онц сурдаг, идэвхтэй гэж жигтэйхэн учраас” гэж багш нь тайлбарлав. Том шалгуур давж байж сонгогдсон ангийн даргыг Тэргэл гэдэг аж. “Танай ангийн хамгийн хөөрхөн охин хэн бэ” гэхээр бараг бүгдээрээ “Тэргэл” гэж ам нийлүүлцгээх юм.

Зургаан настнууд хүний заасныг маш хурдан ойлгодог гэнэ. Гэхдээ хүүхэд л болсон хойно мартахдаа ч бас хурдан гэж ангийн багш нь ярьж байлаа. Нэг заасан зүйлээ олон дахин давтан хэлэхээс аргагүй байдаг бололтой. Ингэж байж л хүүхдүүд заасан хичээлийг нь өөрийн болгож дасгал даалгавраа хийх чадвартай болдог байна. Сонирхуулж хэлэхэд заах зүйлийнхээ гол агуулгыг нь гуравхан минутад багтааж хэлэхээс аргагүй болдог аж. Зургаан настнуудын анхаарал төвлөрөх хугацаа нь ердөө гуравхан минут байдаг гэнэ.

Үзгээ ч барьж чадахгүй ангийнхаа босгыг анх давсан жаалуудын гар хэдийнэ зүгширчихэж. Багшийнхаа заасан хичээлийг уралдан хийцгээж байлаа. Охид нь их цэвэрхэн, гаргацтай бичих юм. Нэгдүгээр ангийнхан өдөрт 35 минутаар дөрвөн цаг хичээллэдэг юм байна. Дундаа нэг завсарлаж үдийн цайгаа 15-20 минутад уучихдаг аж. Хичээл эхлэхийн өмнөх бэлтгэл цаг, тарах хугацаа гээд бодвол зургаан настнууд гурван цаг 30 минутыг сургууль дээрээ өнгөрөөдөг байна.

Эхний цаг монгол хэл. “Хэн шүлэг унших вэ” гэж багшийгаа асуухад бүгд гараа өргөцгөөв. Наранзул багш “За Бадмаараг уншаарай” гэж байна. Дөрөвдүгээр салааны эхний ширээний охин “А-гаас Я-г бичсээр хуулсаар

Арав тавыг нэмсээр хассаар

Нарийн биеэ дуусгалаа

Наддаа бүхнээ зориуллаа” гэж дуржигнуулав. “Харандаа” шүлгийг ангийнхан нь дагаж уншаад жигтэйхэн. Тэргэл “Зараа”, Марий Лаурэ ”Монгол хэл” шүлгүүдийг түгдрэх ч үгүй уншиж багшдаа магтуулав. Гараа өргөсөн ч нэрийг нь дуудахгүй бол дуугүй суухгүй нөхөд бас байна. “Ээ л дээ багш аа, би уншмаар байна ш дээ” гэж тэвчээр алдрах жаалуудын ихэнх нь хөвгүүд. Зарим нь ширээ тэгнэн эсэргүүцлээ илэрхийлж ч байх шиг. Дараа нь зүйр цэцэн үг хэлүүллээ. Бас л бүгд гараа өргөж, суудлаасаа өндөлзөв. Энхжин “Ахаа алд хүндэл Дүүгээ дэлэм хүндэл” гэж байна. Зүйр цэцэн үг хэлэхээр утгыг нь тайлбарлуулдаг юм байна. Энхжин хэлсэн зүйр үгээ “Ахмад хүнийг хайрлах ёстой, бас дүүгээ ч гэсэн загнаж болохгүй” гэж тайлбарлав. Хажууд нь суудаг Билгүүн ч дуугүй суусангүй “Ах хүнийг хүндлэхгүй байж болохгүй” гэж сүрхий чухал царайлав. Зүйр цэцэн үг тайлбарлах арга хүүхдүүдэд их таалагддаг бололтой. Дараа нь ертөнцийн гурав хэлцгээв. Хамгийн түрүүнд Энхрий босч ирээд “Ертөнцийн гурван баян” гэснээ хоолойгоо чанга гэгч нь зассанаа “Тэнгэр одоор баян Далай усаар баян Газар үндсээр баян” гэж цангинууллаа. Ертөнцийн гурвыг ч мундаг тайлбарлацгаах юм.

Зургаан настнуудад монгол хэл, математик, хүн орчин, дүрслэх урлаг, технологи, хөгжим, биеийн тамир, хичээлээс гадуурх үйл ажиллагаа гээд 7-8 төрлийн хичээл ордог юм байна. Мөн эцэг, эхийн оролцоог сайжруулах уралдаан, тэмцээн, дугуйлан, тайлан их зохиодог гэнэ.

Завсарлагааны цаг гэнгүүт л ангид анх орж ирэхэд угтсан шуугиан, бужигнаан давтагдав. Наранзул багш бие засах хүүхдүүдийг дагуулаад гарлаа. Дөрөвдүгээр салааныхан нийлж аваад зуныхаа амралтыг ярьж байна аа. Билгүүн, Энхжин, Оюундарь, Сэр-Од, Гэгээ, Тогтохтөр, Эгшиглэн, З.Ариунболд, Цэлмүүн нар нэг эгнээнийхэн. Оюундарь “Зуны амралтын даалгавраа хийчихээд амралтанд хөдөө явна” гэж байна. Гэгээ “Манай ээж жирэмсэн. Би охин дүүтэй болох гэж байгаа ш дээ. Аав намайг нэгдүгээр ангиа төгсөхөөр дугуй авч өгнө гэсэн. Би нээрээ үсэглэлийн баяраар хулганын дуу дуулсан ш дээ” гээд ярьж гарав. Гэтэл Сэр-Одын тэвчээр алдарсан бололтой “Чи одоо дуугүй байж бай” гэснээ “Манай гэрийнхэн хүүхдийн баяраар надад бэлэг өгнө. Би парк дээр очиж тоглоно” гэж хэлээд хажуудаа суусан Билгүүнийг хүзүүдэв. Энэ салааны хамгийн ард З.Ариунболд, Цэлмүүн хоёр нэг ширээнд суудаг юм байна. Цэлмүүн “З.Ариунболд бид хоёр цэцэрлэгтээ нэг ангид байсан ш дээ. Тэр Наранхүү бас манай анги. Харин Бадмаараг нөгөө ангийнх. Цэцэрлэгт хамт байсан мөртлөө дахиад л нэг ангид орчихсон сонин байгаа биз” гэж дуржигнуулав. Гэгээлэн “Ангиараа хүүхдийн баярын дараа музей үзээд амарна, ёстой гоё” гээд амаа дарж “аальгүйтэв”.

Дараагийн хичээл эхлэх цаг боллоо. Гаднаас орж ирэх гуч гаруй насны бүсгүйг харсан хөвгүүдийн зарим нь ширээнээсээ босч тэрүүхэндээ хөөрцөглөөд жигтэйхэн юм болов. Номинсүрэн “Yes” гэж хашгирснаа гараа элдэв янз болгон сандал дээрээ тогтож суухгүй догдолж, Нинжингийн харц нь гэрэлтээд ямар нэг гоё хичээл орох нь жаалуудын ааш аягаас тодорхой болов. Дуу хөгжмийн багш Х.Нархандыг самбарын өмнөх хөшгийг буулгахад л сая нэг ойлгов. Дуу хөгжмийн багш хүүхдүүдэд үлгэрээс сэдэвлэсэн “Халиартай гамбир” гэдэг хүүхэлдэйн кино үзүүлэхээр бэлджээ.

Наранзул багш “За хүүхдүүд ээ, нэг хичээлээс нөгөө хичээлд ороход яадаг билээ” гэхэд жаалууд “Бясалгадаг” гэж ам нийлүүлж байна. Шинэ хичээл орохын өмнө анхаарлыг нь төвлөрүүлж хэсэг чимээгүй суулгадаг аж. Ингээд кино эхэллээ. Халиартай гамбир хийж байсан туулай, гамбирыг нь идэх гэсэн баавгайн аль аль нь зальт шар үнэгэнд хийсэн гамбир, исгэж бэлдсэн гурилаа алдсан тухай өгүүлдэг их хөөрхөн кино юм. Исгэсэн гурил идэж гэдэс нь дүүрсэн үнэгийг харсан хүүхдүүд тас тас хөхрөлдөөд эдний анги нэг хэсэгтээ л хөл хөөрт умбав. Сэр-Од “Гоё л кино юм, гэхдээ баавгай, үнэгийг нь баримлын шавраар хийчихсэн юм биш үү, гэхдээ яаж хөдөлгөсөн юм бол” гэж өөртөө хэлснээ толгойгоо маажиж харагдав. Үл итгэгч маань кинон дундуур үнэгийг гарах тоолонд “Аа муу зальтай үнэг” гэж үнэн сэтгэлээсээ загнаж байсан билээ. “Халиартай гамбир” киноны дараа нэгийн “В”-гийнхэн “Дахиад ганцхан удаа багш аа, Ну погоди үзье л дээ” гэж шаагилдав. Жаалууд “Ну погоди”-г ч инээж, хөхрөлдөж үзэцгээлээ.

Хүүхдүүдийг хүүхэлдэйн кино үзэх зуур Наранзул багштай зургаан настнуудын онцлогийн тухай яриагаа үргэлжлүүлэв. Наранзул багш “Зургаан настнуудын гар нь жижиг, булчин нь хөгжиж амжаагүй байдаг учраас дээд тал нь 3-5 минут бичих чадвартай байдаг. Үүнээс илүү хугацаагаар юм бичүүлбэл гар нь чилж өвддөг. Оюун ухааны хувьд зургаан настай хүүхдүүд маш сэргэлэн. Аливаа зүйлийг илүү тусгаж авдаг. Гайхалтай сэтгэдэг бас тогтоох чадвар нь маш сайн. Энэ онцлогийг нь эрдэмтэд судалж мэдээд, зургаан настайд нь сургуульд оруулдаг болсон байх. Сэтгэл зүйн хувьд маш амархан баярладаг, амархан гомддог. Тэгэхээр аливаа зүйлийг хийхэд нь дэмжиж, тусалж, урмын үг хэлэх хэрэгтэй. Тэгвэл юмыг маш хурдан сурна, тогтооно. Тиймээс багш нар хүүхдүүдийнхээ сэтгэл зүйг судалж ажиллах ёстой. Мөн энэ талаар зургаан настнуудын эцэг эхчүүдэд зөвлөгөө өгч байх хэрэгтэй” хэмээн ярилаа.

Анх үсэг сурч байгаа хүүхдэд гарыг нь барьж бичүүлэх хүндхэн байдаг гэнэ. Наранзул багш “46 хүүхдийн гарыг бариад “А” үсэг бичүүлнэ гэдэг боломжгүй. Нэг хичээл 35 минут ордог. Бид нэг хичээл дээр дор хаяж найман зорилт тавиад хичээлдээ ордог. 46 хүүхэд тус бүрт найман зорилтоо биелүүлнэ гэвэл багш дор хаяж 560 үйлдэл хийнэ. Тэр их үйлдлийг 35 минутад амжих уу, үгүй юу гэдэг их асуудалтай. Тиймээс бид секундээр хэмжиж ажилладаг. Үүнд хичээлийн бэлтгэл ажил маш чухал. Хүүхдийн анхаарал төвлөрөх хугацаа маш богино байдаг учраас багш тэр торгон мөчид хичээлийн хамгийн чухал хэсгийг заах ёстой. Хичээлээ сэдэлжүүлсний дараагийн дөрөвхөн минутад хүүхэд маш сайн анхаарч суудаг. Тэр сэдлийг багш сайн хийх ёстой. Үйлдлээс үйлдэл дамжихдаа бас сэдэлжүүлэх ёстой байдаг. Уншуулахын тулд нэг сэдэл төрүүлнэ, бичүүлэхийн тулд бас нэг сэдэл төрүүлнэ. Үүнээс хойших гурав, дөрөвхөн минутад л багш хүүхдийн толгойд юм хийнэ. Урт хугацаанд хичээл заавал хүүхэд ойлгож чадахгүй. Учир нь энэ насны хүүхдийн онцлог, анхаарлаа төвлөрүүлэх чадвартай холбоотой байдаг. Хүүхдүүд маш сайхан бичдэг, зөв уншдаг, сэтгэдэг, ярьдаг болж чадаж байгаа нь тухайн багш хүүхдүүдийн анхаарлыг төвлөрүүлж, тэр хугацаандаа хичээлээ зааж чадаж байгаатай холбоотой” хэмээн яриагаа үргэлжлүүллээ.

Нэгийн “в”-гийнхнээс хамгийн хамгийныг нь асуухад хачин идэвхтэй хариулж гарав. Эдний ангийн онц сурлагатнуудыг Тэргэл, Эгшиглэн, Номинсүрэн, Нинжин, Бадмаараг, Мөнхзул, Сэр-Од, Билгүүн, Чинзориг, Марий Лаурэ, Дагвадорж, Наранхүү, Ариунжаргал, нар тэргүүлдэг аж. Хурдан уншдаг нь Дагвадорж бол гоё бичдэг нь Тэргэл, Марий Лаурэ гэнэ. Харин алдаагүй гоё бичдэг нь Эгшиглэн, Номинсүрэн хоёр. Мундаг тоочин нь Бо.Цэлмэг, Сэр-Од, Билгүүн, Удвал, Чинзориг тав. За тэгээд хип хоп бүжгийн мастер Баттүшиг, ой тогтоолтын аварга Батхуяг, хэнтэй ч маргадаггүй нөхөрсөг Баярцэцэг, Есүгэн, Нарангэрэл, Хонгорзул, ангийнхнаа инээлгэж хөгжөөдөг Маралхүү, даруу ухаалаг Лувсандавий, Цэнгэлмаа, Эрдэнэтуяа, ангийн дарга шиг хүндлэгддэг Мөнхзул, хөдөөний амьдралыг ангийнхандаа кино шиг тодхон ярьж өгдөг Мягмаржаргал, гоё зурдаг Номуунзул, жирийтэл сайхан бичдэг Саранзаяа, Саранцацралт, гэж ирээд тойрч суусан жаалууд бие биенээ баахан магтав.

Ангийн авьяаслаг бүжигчнээр Баттүшиг, Энх-Учралыг дуу нэгтэй нэрлэж байна. Гоё шүлэг уншдаг нь Энхрий гэнэ. Харин гоё дуулдаг нь Дагвадорж, Энхрий, Номуунзул, А.Цэлмэг нар. Хурдан гүйдэг спортлог хүүгээр Наранхүү, Төгөлдөрийг нэрлэсэн бол охид жентельмэн хүүгээр Гэгээ, Билгүүн нарыг дуу нэгтэй онцлов. Багш нь Гэгээг энэ жил соёлч сурагчаар шалгаруулжээ. Харин сайн үйлстэн нь З.Ариунболд, С.Ариунболд хоёр. Амьдайнууд ангийнхаа найзуудын мартсан зүйлийг аваачиж өгдөг, ангид байгаа хогийг хогийн саванд хийдэг мундаг жаалууд гэнэ. Ариунтөгс, Чинбат Намнансүрэн, Бя.Цэлмэг дөрөв бас эдний ангийн сайн үйлстэнүүд. Ангийнхан нь тэднийг “Дандаа тусалдаг” гэж магтацгаав. Халиун ангийнхан дундаа хамгийн хашир, ахмадуудыг хүндэлдэг сайн хүүхэд гэнэ. Билгүүнтэй нэг ширээнд суудаг Энхжин ангийнхаа авьяаслаг сурагч болжээ. Нэг ширээний хоёр хоорондоо сүрхий дотно юм. Байсхийгээд л тэрүүхэндээ юуг ч юм ярьж инээлдэнэ. Ер нь эдний ангийнхан завсарлагаанаар нэг ширээнд суудгаараа, салаа, салаагаараа аминчирхан инээд, хөөр болцгоох юм.

Математикийн хичээл орсны дараах завсарлагаанаар нэгдүгээр салааныхантай жаал хуучлав. Танай ангиас хэн хурдан уншдаг вэ гэж асуухад өөрсдийгөө магтаж гарлаа. С.Ариунболд “Аниа, манай агаа минутад 190 үг уншдаг. Би сая уншилтын шалгалт дээр онц авсан” гэж байна. Хэдэн үг уншаад онц авсныг нь сонирхоход “За даа, жар хүрсэн байх аа” гэсэн хэвлүүхэн хариу өгөв. Гэтэл Нинжин “Ээ чи иймхэнийг уншсан юм уу, би 108 үг уншсан ш дээ” гэж тэрүүхэндээ намжирдаад жигтэйхэн. Сургуульд орохын юу нь гоё талаар асуухад бүгд л унтдаггүй нь гоё гэж ам нийлүүлэв. Дагвадорж л “Надад лав цэцэрлэг нь илүү гоё, унтаад, зөндөө хоол идээд” гэж тэс хөндлөн юм ярив. Хажуугийнх нь охид шоолоод сүйд болоход тоож байгаа шинж алга. “Цэцэрлэг л гоё” гээд нөгөө салааныхантай зүггүйтэхээр цааш эргэлээ. С.Ариунболд эдний ангийн яриасаг нөхдийн нэг гэдэг нь харваас илт. Өөр салааныхантай ярилцахаар эргэтэл “Аниа, нааш ир” гэж дуудаж байна. Яваад очтол “За өөр юу байна даа” гээд нэлээд тухлах шинжтэй хөлөө ачаад суучихав. “Би ээжээсээ охин дүү нэхээд байгаа. Уг нь над шиг хүү бол гоё л доо. Гэхдээ манай гэрийн хөвгүүд нь ихдээд байгаа юм” гэж ирээд хэзээний догь эр шиг хууч хөөрч хэсэг сууснаа “За за би тоглолоо” гээд гүйж одов. Энхрий чихэнд амаа ойртуулснаа “Эгч ээ, манай багш их гоё хувцасладаг. Улаан палааж нь аймаар гоё” гэж аминчлан шивнээдэхэв. Энхрийтэй багшийн гоё даашинзыг ярьж байх үеэр Тогтохтөр дэргэд ирж хоёр ширхэг үрэл өгснөө “Та түрүүн надад модтой чихэр өгсөн шүү дээ” гэж хэлснээ найз хөвгүүд рүүгээ харайлгав.

Хүн орчны хичээл орсны дараа Наранзул багш үдийн цай болсныг зарлав. Энэ өдрийн үдийн цайнд ногоотой зутан шөл бэлджээ. Сургуулийн тогоочийг хоол оруулж ирэхэд хүүхдүүд цүнхнээсээ аягаа гаргаж салаа салаагаараа эгнэн жагсав. Зургаан настнууд маань хоол идэхийнхээ өмнө гараа угааж заншжээ.

Жаалуудыг хооллох үеэр Наранзул багшаас өнгөрсөн намар ямаршуухан нөхөд хүлээж авч байсныг нь сонирхлоо. Ангийн багш “Анх үзгээ барихдаа саваа мод атгаж байгаа юм шиг барьчихдаг байсан миний нэг хөөрхөн шавь бий. Миний хүү ингэж барихгүй долоовор хуруу, эрхийн хуруу хоёроороо барьдаг юм гэж заагаад байхад л бүх хуруугаараа атгачихна. Үзгээ яаж барихыг олон дахин үйлдлээр үзүүлнэ шүү дээ. Яваандаа ойр орчныхоо хүүхдүүдийн бичиж байгааг хараад сурсан” гэж байна. “Багш аа, би тогломоор байна. Та тоглоомуудаа гаргаад ир л дээ” гэж эрхлэх хүүхэд ч гарчээ. Наранзул багш “Тоглоом нэхэхээр нь хүүхэлдэйн зураг гаргаж үзүүлэхээр би бамбарууш тэвэрмээр байна ш дээ гэнэ. Зургаан настнууд их хөөрхөн. Хичээлээ заагаад дундаа орж байхад ёо ядарчихлаа, багш аа ор чинь хаана байна унтъя гэхээс эхлээд хөөрхөн юм болно шүү дээ. Цэцэрлэгийн орчиндоо дасчихсан, унтдаг, тоглодог байсан дадал зуршлаасаа салаагүй байдаг хэрэг л дээ. Ийм тохиолдолд их бэрхшээлтэй байдаг. Нэг өдөр самбар дээр хичээлээ зааж байгаад эргээд харсан нэг хүү алга болчихож. Гайхаад харсан чинь ширээн доороо орчихсон машинаар тоглож байсан” гэж ангийнхныхаа хөгжилтэй агшнуудаас ярьж өгөв. Өхөөрдмөөр өчнөөн үйл явдал энэ ангид өрнөжээ. Биднийг багштай ярилцах үеэр хүүхдүүд зутан шөлөө уугаад аль хэдийнэ аягаа угаагаад хураачихаж. Тарах цаг болжээ. Хичээл тарсны дараа Наранзул багш дүн гаргах их ажилтай үлдлээ.

Б.Маралмаа

Гэрэл зургуудыг Г.Лхагвадорж

Categories
мэдээ цаг-үе

“Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавьсан Ш.Батхүүд холбогдох хэрэг юу болов

-Ш.БАТХҮҮД ХОЛБОГДОХ ХЭРЭГ ӨРШӨӨЛИЙН ХУУЛЬД ХАМРАГДСАН-

“Жаст” группийн ерөнхийлөгч Ш.Батхүүгийн гэгдэх хэрэг 2013 оны наймдугаар сард нийгэм даяар шуугиан тарьсан. Энэ нь Монголын “саалийн үнээ” гэгддэг уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр, УБТЗ-аар барьцаалан “Стандарт” банкны Өмнөд Африк дахь салбараас 140 сая ам.доллар залилсан гэх хэрэг юм. 2009 онд зээлсэн 140 сая ам.долларын асуудал 2013 онд сөхөгдөж, Монгол Улсын төсвийн ихэнх хувийг бүрдүүлдэг “Эрдэнэт” үйлдвэрийг банкны барьцаанд тавьсан нь тодорхой болж байв. Түүнийг “Эрдэнэт” үйлдвэр, УБТЗ-ыг барьцаалаад онц их хэмжээний мөнгө зээлсэн гэдгийг хууль хяналтынхан болоод холбогдох газрууд 2013 он хүртэл огт мэдээгүй байсан билээ. Өмнөд Африкийн “Стандарт” банк Монгол Улсын Засгийн газраас 140 сая гаруй ам.доллар нэхэмжилсэн албан тоотыг 2013 онд илгээсэн байдаг. Тэр нь “Жаст” группийн захирал Ш.Батхүү Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалж, Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас их хэмжээний мөнгө зээлээд эргэж төлөөгүйтэй холбоотой өрийн бичиг байсан аж. Албан тоотод манай Засгийн газрыг 140 сая ам.долларын өрийг барагдуулаагүй тохиолдолд Арбитрын шүүхэд хандана хэмээн “Стандарт” банкнаас мэдэгдсэн юм. Ингээд дээрх хэрэг мандаж эхэлсэн билээ. Төрөөс их хэмжээний мөнгө нэхэмжилсэнтэй холбоотойгоор Засгийн газар хуралдаж энэ асуудлыг хэд хэдэн удаа хэлэлцсэн. Засгийн газар хуралдаж, Хууль зүйн яамнаас чиглэл өгч прокурор, мөрдөн байцаагч, шинжээчдээс бүрдсэн Ажлын хэсэг гаргасан. Ингээд хэргийг хууль хяналтынхан шалгаж эхэлсэн. Гэвч дээрх хэрэгтэй холбоотой асуудал сүүлийн үед чимээгүй болсон. Ш.Батхүүтэй холбогдох энэ хэрэг юу болсон талаар бид тодрууллаа.

Ш.БАТХҮҮ “Ч.ГАНЗОРИГ, Д.СУГАР, Т.ОЧИРХҮҮ НАР “СТАНДАРТ” БАНКНААС ЗЭЭЛ АВАХ ҮЕД БАТАЛГАА ГАРГАЖ ГАРЫН ҮСЭГ ЗУРСАН” ХЭМЭЭН МЭДЭГДЭЛ ХИЙЖ БАЙВ

Хамгийн эхэнд Ш.Батхүү “Стандарт банкнаас зээл авахад Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн дарга Ч.Ганзориг, Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байсан Д.Сугар, УБТЗ-ын дарга Т.Очирхүү нар зээл авахад батламж гаргаж, гарын үсэг зурсан гэх асуудал босч ирсэн. УМБГ-аас Д.Сугар, Ч.Ганзориг, Т.Очирхүү нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан. Дээрх эрхмүүд харин ““Жаст” группийн ерөнхийлөгч Ш.Батхүүтэй холбоотой асуудал огт байхгүй. “Эрдэнэт” үйлдвэр болоод УБТЗ-ыг өрөнд тавьж гарын үсэг зураагүй” хэмээн мэдэгдсэн. Гэхдээ гарын үсэг хуурамч эсэхийг шинжээчид шалгаж эхэлсэн юм. Хэрэв Д.Сугар, Ч.Ганзориг, Т.Очирхүү баталгаа гаргаж гарын үсгээ зурсан гэдэг нь тогтоогдвол Монгол Улс 140 сая ам.доллар “Стандарт” банкинд төлөх нь тодорхой болно гэж албаныхан мэдэгдэж байсан. Ш.Батхүү дээрх асуудал нийгэм даяар шуугиан тарих үед сэтгүүлчдэд “Хадгаламж” банк юунаас болж дампуурсан, Олон Овоотын ордны нөөц худлаа, ТӨХ болон уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр, УБТЗ-ын дарга нар “Стандарт” банкнаас зээл авах үед баталгаа гаргаж гарын үсэг зурсан нь үнэн” гэж мэдээлэл хийж байсан билээ.

МӨРДӨН БАЙЦААЛТЫН ЯВЦАД ХУУРАМЧААР ГАРЫН ҮСЭГ ЗУРСАН ГЭДГЭЭ ХҮЛЭЭСЭН ЮМ

Ш.Батхүүг Нийслэлийн прокурорын газраас 2013 оны есдүгээр сарын 23-нд хорих шийдвэр гаргасан. Түүнтэй хамт Төрийн өмчийн хорооны хоёр томоохон албан тушаалтныг хорьж байсан. Мөрдөн байцаалтын явцад Ш.Батхүү “Жаст” групп гадаадын банкнаас зээл авахдаа ТӨХ, “УБТЗ” компанийн дарга нарын өмнөөс хуурамч баталгаа гаргасан. Төрийн өмчит компаниудын өмнөөс хуурамч бичиг, баримт бүрдүүлж, гарын үсгийг нь дуурайлгаж зурсан гэдгээ хүлээсэн байдаг. Гэвч ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдан хоёр сар гаруй хоригдсон “Жаст” группийн захирал асан Ш.Батхүүгийн биеийн байдал муудсан. Улмаар “Хорих ангид эмчилгээ хийлгэх боломжгүй, нарийн мэргэжлийн эмч нараар эмчилгээ хийлгэх шаардлагатай байна. Чихрийн шижин өвчтэй бөгөөд өвчин нь хүндэрсний улмаас хөл, гар нь мэдээ алдсан” гэх эмчийн оноштойгоор УКТЭ-т хэвтэн эмчлүүлж байв. Түүнийг нэгдүгээр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхад нь ШШГЕГ-ын харьяа ангийн алба хаагчид ээлжлэн харгалзаж байв. Ингээд удалгүй түүнийг батлан даалтад гаргасан юм.

“ЭРДЭНЭТ” ҮЙЛДВЭР АРБИТРЫН ШҮҮХЭД ЯЛАВ

Дээрх үйл явдлууд ар араасаа гарсны дараа Ш.Батхүүд холбогдох хэргийн сураг тасарсан. Хэрэг мөрдөн байцаалт ямар шатандаа явж байгаа нь тодорхойгүй болж замхарсан гэж болно. Ш.Батхүүд Эрүүгийн хуулийн 233.1, 233.2 дугаар зүйл ангиар Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан юм. Дээрх зүйл ангийн заалтад “Тамга тэмдэг, бичиг баримт хуурамчаар үйлдсэн хэрэг нь батлагдсан тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-50 дахин, тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох эсхүл 1-3 cap хүртэлх хугацаагаар баривчлах ялаар шийтгэнэ” хэмээн заасан байдаг.

Харин “Стандарт” банк Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийг Арбиртын шүүхэд өгсөн байдаг. “Эрдэнэт” үйлдвэрийнхэн ч сандралдаж, нэртэй хуулийн байгууллагаар өмгөөлүүлэхээр болж байв. Арбитрын шүүх 2014 оны долдугаар сарын сүүлчээр хуралдаж, шийдвэр гаргасан. Арбитрын шүүхийн шийдвэрийн талаар УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэргийг мөрдөх хэлтсийн дарга Д.Энхтөр “Хурлаар Арбитрын маргааныг хоёр тасалж явуулах зэрэг процедурын талаар хэлэлцсэн байна. Улмаар тус хуралдаанаар Арбитрын процедурыг салгаж явуулах хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, “Эрдэнэт” үйлдвэр хариуцлага хүлээхгүй тухай шийдвэр гарсан байна лээ” хэмээн мэдэгдсэн. Ингээд онц их хэмжээний өрөнд унах дээрээ тулаад байсан “Эрдэнэт” үйлдвэр мөнгө төлөхгүй нь тодорхой болсон. Харин “Стандарт” банкийг Ш.Батхүүгээс өрөө нэхэмжлэх үндэслэлтэй гэсэн шийдвэр гаргасан байдаг.

Ш.БАТХҮҮ МАН-ЫН СОНГУУЛЬД АЖИЛЛАЖ БАЙГАА ЮУ

УМБГ-аас Ш.Батхүүд холбогдох хэрэг АТГ-т шалгагдсан. Дээрх хэрэгт ажиллаж байгаа шинжээчид олон удаа солигдсон. Үүнээс болж хэргийг шалгаж үйл явц удааширсан гэж албаныхан хэлж байсан. Ш.Батхүүд холбогдох хэргийн талаар албаны эх сурвалжаас авсан мэдээллээр “Өнгөрсөн онд УИХ-аар батлагдсан Өршөөлийн хуульд Ш.Батхүүд холбогдох хэрэг хамрагдсан” гэв. УИХ-ын гишүүн Д.Ганбат Өршөөлийн хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл өгөхдөө “Өршөөлд хамрагдсан хүмүүс хохирлоо барагдуулах ёстой” хэмээн мэдэгдэж байсан. Ш.Батхүү юу хийж байгаа талаар зарим эх сурвалж “МАН-ын сонгуулийн штабыг С.Баяр удирдахаар болсон. Харин С.Баярын сонгуулийн ажилд Ш.Батхүү тусалж, ойр байгаа. МАН-ын байраар Ш.Батхүү үзэгдэх болсон. Биеийн байдал нь сайн байгаа бололтой байна лээ” гэх мэдээллийг өгсөн юм.

Э.Баатар

Categories
мэдээ цаг-үе

А.Билгүүн: Монголчууд олон улсын зах зээлээс өндөр ашиг олж байна

-ХАЙГУУЛЫН КОМПАНИУД СЭРГЭЖ, ХУВЬЦААНЫ ХАНШ НЬ ОГЦОМ ӨСӨЖ ЭХЭЛЖЭЭ-

MIBG үнэт цаасны хөрөнгө оруулалтын компанийн гүйцэтгэх захирал А.Билгүүнтэй ярилцлаа.

-Хайгуулын жуниор компаниудын ажил сайжирч гадны хөрөнгийн бирж дээрх хувьцааны ханш нь өсөөд эхэлсэн гэж сонслоо. Яг ямар компаниудын төсөл амжилттай хэрэгжиж байна вэ?

-“Эрдэнэ ресурс”-ын 15, 16 центтэй байсан хувьцаа сүүлийн зургаан сард 55 цент хүртлээ өсч, одоогийн байдлаар 33 цент дээр байна. Энэ компанийн хувьцаа он гарснаас хойш 100 хувийн өгөөжтэй байна. “Занаду майнс”-ын хувьцаа оны эхэнд 10 орчим цент байсан. Гэтэл өнөөдөр 21-25 орчим цент болж өссөн. “Кинкора коппер”-ын хувьцааны ханш өнгөрсөн хоёр, гуравхан хоногийн дотор нугарч өслөө. Уул уурхайн хайгуулын салбар сэргэх хандлагатай гэсэн хоёр, гурван сарын өмнөх прогноз амьдрал дээр батлагдаад эхэллээ л дээ. Олон улсын хөрөнгө оруулагчдын өмнө Монголын нэр хүндийг өргөж өгөх боломж олдлоо гэж ойлгож болно.

-Хувьцаа нь амжилттай өсч яваа компаниудын хэрэгжүүлж буй төслүүдийн явц ямархуу байна?

-“Занаду майнс” Оюу толгойтой ойрхон Хармагтай гэдэг төсөл хэрэгжүүлдэг. “Айвенхоу майнз” компани Монголд үйл ажиллагаа явуулж байхдаа энэ төслийг эзэмшиж байсан. Оюу толгойн дараа орох боломжийн төсөл гэж харж байсан юм. “Занаду майнс” үүнээс гадна алтны хайгуулын чиглэлд илүүтэй анхаарч эхэлсэн. Алт үнээ алдаагүй металлуудын нэг болж хувираад байгаа. “Эрдэнэ ресурс”-ын тухайд Баянхөндийн төслийг хэрэгжүүлж байна. Агуулга өндөртэй алтны төсөл. Сүүлийн үед 60, 70 метрийн урттай өрмийн зүсэлтүүдийн мэдээг авч байгаа. Нэг грамм тонноос гурав, дөрвөн грамм тонн хүртэл агуулга бүхий маш баян орд илэрч бий болох шатандаа явж байна. “Кинкора коппер”-ын хувьд “Хүрэл үнэг” төслийн хэрэгжүүлэгч. Хайгуулын ажил өмнө нь ч гайгүй явж байсан. Гэхдээ хөрөнгийн захын нөхцөл муудсантай холбоотойгоор компанийн хувьцаа унасан байсан юм. Монголд үйл ажиллагаа явуулж байсан хувийн хоёр компанийн Оюу толгойтой нэлээд ойрхон лицензтэй тусгай зөвшөөрлийг өөрийн болгож авснаар “Кинкора копер”-ын хувьцааны ханш сүүлийн долоо хоногт 100 хувь өсчихлөө. Товчхондоо гадаадын хөрөнгө оруулагчид Монголд хайгуулын чиглэлээр ажиллаж байгаа компаниудаас маш их хэмжээний ашиг хийгээд эхэллээ. Цаашид хэрэгжих хайгуулын төслүүдэд илүү эерэг үр дагавар авчирна. Хайгуулын дараагийн төслүүд олон улсын хөрөнгийн зах зээл дээр гарах, дотооддоо амжилттай хэрэгжээд явах суурь нь бүрдэж эхэллээ гэж харж байна.

-Хайгуулын компаниуд амжилттай ажиллаж эхэлсний гол шалтгаан нь юу юм бол, лиценз олгоод эхэлсэн зэрэг шууд бус утгаараа нөлөөлсөн зүйлс бий юу?

-Сая ярьдаг гурван компанийн нэг нь ч шинэ системээр лиценз аваагүй. Өмнө нь ажиллаж байсан компаниуд. Гол хүчин зүйл гэж яривал Монголын нэр хүнд олон улсын хөрөнгө оруулагчдын дунд сэргэж эхэлсэнтэй холбоотой.Хамгийн гол нь Оюу толгой хөдөллөө. “Хан ресурс”-ын мөнгийг Засгийн газар төлчихлөө. Ийм шалтгаанууд Монголын нэр хүндийг олон улсын хөрөнгийн зах зээл дээр өсгөж өгч байна.

-“Эрдэнэ ресурс”, “Занаду майнс”, “Кинкоро коппер”-оос өөр төсөл нь дажгүй явчихаар ямар компани байна?

-Ирээдүйтэй төслүүд бий. Нууцлалын гэрээтэй ажилладаг учраас тодорхой мэдээлэл өгөх боломж одоохондоо алга. Гянт болдын болон лити гээд минералын төслүүд амжилттай хэрэгжих магадлал өндөр байгаа. Литиум гээд утасны батарей хийхэд ашигладаг минерал бий. Лити минералын төслүүд олон улсын хөрөнгийн зах зээл дээр халуун байгаа сэдэв. Учир нь “Тесла”-гийн гүйцэтгэх захирал Элон Маск цахилгаан машин үйлдвэрлэнэ гээд төсөл хэрэгжүүлээд эхэлчихсэн. Төслийнх нь эдийн засгийн үр өгөөж ашигтай гэдэг нь батлагдаж байгаа. Олон улсын литигийн зах зээл дээр том өөрчлөлт авчирсан гол шалтгаан гэвэл энэ. Олон улсын литигийн зах зээлийг харахаар өнөөгийн байдлаар литиг утас, компьютерийн батарейнд ашиглаж байна. Гэтэл литигээр машины батарей хийгээд эхэлбэл яах нь тодорхой. Литигийн ойрын дунд хугацааны олон улсын зах зээл дээрх эрэлт өндөр болно гэсэн үг. Литигийн үнэ өсөөд эхлэхээр манайд хэрэгжих төслүүд амжилттай үргэлжлэх нь тов тодорхой зүйл.

-Манайд литигийн нөөц дажгүй хэмжээнд байна гэсэн үг үү?

– Манайд хэд хэдэн төсөл байна. Хайгуул хийгээд явж байгаа сайн компаниуд байгаа. Энэ компаниудын хувьд олон улсын хөрөнгийн зах зээлтэй харилцаж ажиллах өндөр сонирхол бий.

-Монголд литигээс өөр шинэ содон, үнэ хүрэхээр ямар баялаг байна?

-Олон янзын эрдэс бий. Гэхдээ манайханд нэг буруу хандлага байдаг. Монголд л ганцхан эрдэс байгаа юм шиг, бидэнгүй л бол дэлхий хэцүүдэх юм шиг хандлага тод анзаарагддаг. Гэтэл үнэн хэрэгтээ Монголд хэрэгжиж байгаа төмрийн хүдрийн төслүүд, бусад үндсэн металлын төслүүдийг олон улсын бусад төслүүдтэй харьцуулахад техникийн хувьд сайн биш. Агуулга бага, дэд бүтэц муу гэх мэт сул тал бий. Өрсөлдөх чадварын хувьд сайн гэж яривал литигийн төсөл байна. Гянтболдын төслийг онцолж болно. Гянтболд хамгийн өндөр температурт хайлдаг металл. Тэр үүднээсээ стратегийн ач холбогдолтой. Тэр утгаараа батлан хамгаалах салбарт хэрэглэдэг онцлогтой металл.

-Хувьцааны ханшид нөлөөлдөг гол зүйл бол мэдээж металлын үнэ. Зэсийн үнэ жаахан өсч байгаад буучихлаа. Ер нь ямархуу үргэлжлэх төлөв ажиглагдаж байна вэ?

-“BHP Billiton” компани саяхан зэсийн нийлүүлэлт ойрын гурван жилдээ эрэлтээ давна гэсэн прогноз гаргасан. Зэсийн үнэ энэ мэт таамгаас болж унаад байна л даа. Ер нь бол зэсийн үнэ тогтворжих хандлага руугаа орсон. Зэсийн үнэ унаад эхлэхээр агуулга багатай, өртөг өндөртэй компаниуд үйл ажиллагаагаа зогсоохоос аргагүйд хүрдэг. Тийм уурхайнууд үйл ажиллагаагаа зогсоогоод эхлэхээр олон улсын зэсийн зах зээлийн нийлүүлэлт буурдаг. Нийлүүлэлт нь буурангуут эрэлтээ хангахгүйд хүрдэг, ийм нөхцөл үүсмэгц үнэ нь буцаад өсдөг. Ийм цикл бий.

-Алт бол угаасаа үнэ цэнээ алдахгүй нь ойлгомжтой байх?

-Алтны үнэд нөлөөлдөг гол хүчин зүйл бол америк долларын тогтвортой байдал. Америк долларын үнийн савлагаа их байгаа тохиолдолд алтны үнэ харьцангуй өндөр байдаг. Олон улсын хөрөнгө оруулагчид америк долларын эрсдэлийг алт худалдан авч хаадаг юм. Америк доллар хямдхан болоод ирэнгүүт дэлхийд өөр орлох валют байхгүй учраас алт үнэд ордог. Тэгэхээр алтыг хэрэглээний металл гэхээс илүү хөрөнгө оруулалтын хэрэгсэл гэж ойлгох хэрэгтэй.

-Хятад эдийн засгийн моделио өөрчилсөн нь байгалийн баялгийн үнэд сөргөөр нөлөөлж эхэлсэн гэсэн таамаг бий. Гэтэл сүүлийн үед хүнд үйлдвэрлэлдээ эргээд анхаарч эхэлсэн гэх мэдээлэл цацагдах боллоо. Мэдээж хүнд үйлдвэрлэлээ анхаарах нь манайд илүү ашигтай…?

-2015 оны сүүлээр Хятад улс эдийн засгийн моделио өөрчилнө, үйлдвэрлэлд тулгуурласан эдийн засгаас хэрэглээ, үйлчилгээ рүү хандсан эдийн засагт шилжинэ гээд бодлого хэрэгжүүлж эхэлсэн нь үнэн. Гэхдээ сүүлийн үед суларч байгаа эдийн засгийнхаа өсөлтийг сэргээхийн тулд тодорхой бодлогууд хэрэгжүүлээд эхэлчихлээ. Хүнд үйлдвэрлэлээ, барилгын салбараа сэргээх чиг рүү буцаад орж байна л даа. Сүүлийн хоёроос гурван сарын хугацаанд Хятадын Засгийн газар барилга, хүнд үйлдвэрийнхээ салбар руу илүү их хөрөнгө оруулалт хийж байна. Энэ нь төмрийн хүдрийн үнийг өсгөх гол хүчин зүйл болж байгаа. Хятадын бодлого боловсруулагчдын гаргаж байгаа үйлдэл болон Хятад улсын хөрөнгийн зах зээлийн нөхцөл байдал олны анхааралд байна. Хятадын хөрөнгийн зах зээлд гэхэд л спекуляци явагдаж байна. Хар үгээр тайлбарлавал Хятадын Засгийн газар барилгын салбар руу хөрөнгө оруулна гэнгүүт төмрийн хүдрийн үнэ хөрөнгийн зах зээл дээр нь өсчихдөг. Бодит хэрэглээ үүсээгүй үед үнэ ингэж өсөхийг спекуляци гээд байгаа юм. Ийм хийсвэр савлагаануудыг Хятадын хөрөнгийн зах зээл үүсгээд байна.

-Газрын тосны үнэ дэлхийн зах зээл дээр өсөөд эхэлчихлээ. Манайд шууд болон шууд бус утгаараа ямар нөлөө үзүүлэх бол?

-Олон улсын түвшинд нефть импортлогч, нефть экспортлогч орнууд гэсэн хоёр янзын эдийн засаг бий. Бид нефть импортлогч орон. Үнийн өсөлт бол бидэнд шууд үзүүлэх нөлөө. Дайвар нөлөө гэж яривал маш их. Монгол руу аль улсаас мөнгө орж ирдэг вэ гэдэг талаас нь харах хэрэгтэй. Мөнгө их орж ирдэг улсын эдийн засаг хэр байхаас Монгол руу урсах мөнгөний хэмжээ ямар байх нь шалтгаална. Канадаас Монгол руу маш их мөнгө орж ирдэг.

Тодруулж хэлбэл Канадын хөрөнгийн зах зээл дээр босгосон их хэмжээний мөнгө манайд орж ирдэг юм. Гэтэл Канадын хөрөнгийн зах зээлийн арваас хорин хувь нь газрын тосны үнээс шууд хамааралтай. Газрын тосны үнэ 30 болж буураад эргээд 50 ам.доллар болж байна. Энэ өсөлтийг дагаад Канадын хөрөнгийн зах зээлийн индекс өндөр үнэлгээтэй болчихдог. Нефтийн үнэ өсөхөөр Канадын Торонтогийн биржид бүртгэлтэй компаниудын ашиг өсдөг. Үүнийг дагаад “Кинкора коппер”, “Эрдэнэ ресурс”-д мөнгө босгох боломж нээгдэж байгаа юм. Тэгэхээр бензиний үнэ өсөх тийм аймаар зүйл биш. Түүнээс том өгөөж эдийн засагт ороод ирж байгаа гэдэг утгаараа газрын тосны үнэ өсөх нь сайн зүйл. Гэхдээ газрын тосны үнэ өсөхөөр газрын тос импортлогч орнууд, Япон, Солонгос гэх мэт газрын тосны хэрэглээ өндөр, үйлдвэрлэл хөгжсөн улсуудын эдийн засагт сөргөөр нөлөөлж эхэлдэг. Зардал нь өснө гэдэг утгаараа сөрөг нөлөө үзүүлнэ. Америкийн эдийн засагт бас сөргөөр нөлөөлнө.

-Газрын тосны үнэ өсөхөөр занарын идэвхгүй байгаа төслүүд сэргэх боломж нээгдэх үү, манайд хэрэгжиж байсан төслүүд амь орох болов уу гэдэг утгаар нь асууж байна л даа?

-Тийм боломж нээгдэнэ. Гэхдээ манайд хэрэгжиж байсан төслүүд эдийн засгийн гэхээс илүү улс төрийн шалтгаанаар зогссон учраас шууд сэргэнэ гэж хэлэхэд хэцүү. Эдийн засгийн шалтгаанаар зогссон, идэвхгүй болсон бол өөр л дөө.

-Уг нь хэрэгжих магадлалтай, эдийн засагт өгөөжөө өгөхөөр төслүүд дунд уран багтдаг…?

-Ураны хувьд Монголын эдийн засагтай их сонин сэжмээр холбогддог. Тодруулж хэлбэл, Ураны олон улсын зах зээлийн үнэ Монголын эдийн засагтай холбогддог. Өнөөгийн туулаад гарч байгаа эдийн засгийн хямрал яг үнэндээ Фукушимагийн атомын цахилгаан станцын осолтой холбоотой. Ослын дараахан олон улсын экспертүүд атомын цахилгаан станц худлаа юм байна, цөмийн эрчим хүчний хэрэг алга гэж яриад, бичээд эхлэнгүүт ураны үнэ унасан. Ураны үнэ унахад Канадын зах зээл тэр чигтээ дампуурчихсан. Учир нь Канадын хөрөнгийн биржийн томоохон хувь нь ураны олборлолт, хайгуултай холбоотой. Тэр утгаараа Монгол руу орж ирэх хөрөнгө хумигдаад явчихаж байгаа юм.

-Гадны хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулж, мөнгөө өсгөх сонирхолтой хүмүүсийн тоо өсч байгаа гэл үү?

-Надтай хамтарч ажилладаг хүмүүс гадаадын хөрөнгийн зах зээлд маш их мөнгө хийж эхэлж байна. Тухайн улсад хоёр, гурван жилийн өмнө оруулсан хөрөнгө оруулалтаа гурав нугалаад авчихаж байна. Монголын тухайд бусад салбарт яагаад ч олдохооргүй байсан боломж. Ийм боломжийг харилцагчдадаа нээж өгсөндөө баяртай явдаг. Харилцагчдадаа аль болох олон улсын хөрөнгийн үнэт цаасны бүтээгдэхүүнүүд авч өгөх, тэр зүг рүү зуучлах чиглэлд илүү анхаарч байна. Монголд олсон мөнгөө дотооддоо хийгээд байх уу, гадагшаа гаргах уу гэдэг дээр анхаарах цаг болсон. Манай харилцагчид сүүлийн гурав, дөрвөн сарын хугацаанд Канадын санхүүгийн салбарын маш олон компанид хөрөнгө оруулсан. Тэндээс дажгүй ашиг хийгээд ажиллаж буй монголчууд олон байна. Олон улсын хөрөнгийн бирж дээр арилжаа хийх эрх бидэнд бий.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Айлын Ерөнхийлөгч нар 100 боинг зарчихлаа гэж байхад манай дарга нар зургаан ялтан авчирлаа гэх юм

Дэлхий нийт улам л прагматик болж байна. Амьдралд ойр, хүн рүүгээ чиглэсэн бодлого хэрэгжиж, үйл ажиллагаанууд амжилттай өрнөж байна. Үүний тодхон жишээ улс орныг удирдагч дарга нарын айлчлалыг харж байхад мэдэгдэж байна. Хэдхэн хоногийн өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Вьетнам улсад айлчиллаа. Энэ үеэр 15 орчим тэрбум ам.долларын наймаа хийчихээд сэтгэл хангалуун алхаж байгаа харагдсан. Вьетнамын тал Америкаас тийм хэмжээний үнэтэй “Бойнг” онгоцнууд захиалжээ. Энэ наймааны дараа хэтрүүлж хэлбэл Обама гуяа алгадаад гүйгээ биз ээ.

Мөн л хэдхэн хоногийн өмнө Орос-AСЕАН-ы дээд хэмжээний уулзалт боллоо. Зүүн өмнөд Азийн улс орнуудын эвслийн гишүүн орнууд ба Оросын төр, засгийн тэргүүнүүд уг уулзалтад оролцож тэрбум, тэрбумын доллараар үнэлэгдэх төслүүд эхлүүлэхээр гарын үсэг зурсан талаар мэдээлж байна. Ерөнхийлөгч В.Путин энэ үеэр Азийн орнуудад зэвсэг нэмж худалдах гэрээ хийчихээд ширээнийхээ ард ханхалзаж сууна. Ер нь Энэтхэг, Хятад, Вьетнам бол Оросоос зэвсэг авдаг эртний түншүүд юм. Үүн дээр нэмэгдээд Индонези, Малайз, Тайланд улсууд зэвсэг авахаар захиалжээ. Хэдэн зуун тэрбум ам.доллараар тоологдох зэвсгийн наймаа Оросын эдийн засагт эерэг урсгал нэмнэ.

Нэг том уулзалтаар зэвсгээ зарж, дараагийнхаар нефтийн бүтээгдэхүүнээ борлуулж гэх мэтээр олон салбараар эдийн засгийн эерэг урсгалууд орж ирэхээр улс орон өнгөжиж, ард түмний амьдрал ч сайжирна. Энэхүү дээд хэмжээний уулзалтын гол зорилго нь ОХУ АСЕАН-ы орнуудын хоорондын худалдаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэх, түлхэц өгөхөд чиглэгдэж байлаа. Путин санасандаа хүрч “Дээд хэмжээны уулзалт тэр чигээрээ таалагдлаа” хэмээн онцолжээ.

Хятадын дарга Си Жиньпин Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк байгуулснаа зарлаж, дэлхийн эдийн засгийн өнөөгийн тогтолцоонд шинэчлэл хийхэд том хувь нэмэр оруулна гэж мэдэгдэж байна. Энэ банк нь одоогийн олон улсын санхүүгийн гол институциуд, тэр дундаа Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны хувьд томоохон өрсөлдөгч болно гэж шинжээчид үздэг юм. Хятадын удирдагч өдийд эдийн засгийн тооцоо судалгаагаа хийж “хятад сампингаа нүдээд” малилзаж суугаа биз. Хоёр жилийн өмнөх Пакистанд хийсэн айлчлалаараа Си Жиньпин Хятад-Пакистаны эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтын хэлэлцээрт гарын үсэг зурсан юм. Авто зам, төмөр зам, эрчим хүчний хөгжлийн энэхүү сүлжээ нь 3000 км үргэлжлэх бөгөөд Хятадад Энэтхэгийн далай руу нэвтрэх гарцыг нээж өгөх эдийн засгийн чухал ач холбогдолтой аж.

Энэ мэт дэлхийн томчууд улс орон, ард түмнийхээ төлөө бизнес хийж, наймаа ярьж яваад ирэх юм. Тэр болгон нь бүтэмжтэй байна ч гэж юүхэв. Харин манайд яг үүний эсрэг ажиллагаа болох юм. Та мэдээллийн хэрэгслээр юуны тухай мэдээлж байгааг хараарай. “Тэр гадаадын хөрөнгө оруулалттай уурхайг хаалаа. Энэ алтны лицензийг цуцаллаа. Таван толгойн үйл ажиллагааг зогсоолоо … гоё гоё…” гээд л дэвхцэж байна. Манайх олон даргатай. Дарга нарыгаа гадаадад айлчлахаар “Тийм уурхайгаа өгөөд тэр улстай визгүй зорчихоор боллоо. Энэ улсад ийм боломж олгоод Таван толгойгоо хамтарч ажиллуулахаар боллоо. Хиамаа энэ оронд зарж, үхэр хонины махаа тэнд тэдэн тэрбумаар зарахаар тохирлоо” гэх болов уу хэмээн хүлээж суудаг. Гэтэл үгүй юм аа. Хоосон улс төр ярьж яваад ирэх юм. “Тэр бүс нутагт тэгнэ, энэ бүс нутагт ингэнэ” гэж яриад байгаа харагдах юм.

Үнэндээ гуравхан сая хүн амтай буурай орон дэлхийн улс төр ярина ч гэж юу байхав. Маньдаа л тааруулсан үлгэр юм уу даа. Бид бас чиг юу ч үгүй ядуу хоосон орон биш юмсан. Уран, зэс нүүрсээ зараад, мах экспортлох том наймаа хийгээд ирж баймаар санагдах юм. Тэгэхэд

Нутгаа санаад байгаа юм, хөөрхий

Зайдас үнэгүй гаргах боллоо

Нутгаасаа гаргаад хулгай хийгээд байгаа юм, хөөрхий

Ялтан солилцох боллоо гээд л ирж байна даа. Ядаж ялтан солилцохоо болимоор юм. Ял хийсэн хүмүүс тэр орныхоо хоолыг идээд л хэвтэж байна биз. Гадаад зах зээлд хэдэн тэрбум ам.доллараар наймаа арилжаа хийгээд, ард иргэд нь ажил орлоготой болоод ирвэл гадагшаа гарч хулгай хийхийг хэн л хүсэв гэж. Гэрээ санаад байна, идэх зайдсаа үнэгүй оруулна гэдгээ болино биз дээ.

Манайхан нэг л их бүс нутгийн бодлого, улс төр энэ тэр гээд ярихаа больж ядаж Баруун Цанхийн нүүрсээ Малайз, Солонгост зарах наймаа хийвэл зүгээр санагдах юм. “Уранаа Францад зарахаар болов, хятадууд нүүрс авахаар гэрээллээ” гэх зэргээр арилжаа наймааны хэлэлцээр амжилттай хийгээд ирвэл цагаан эсгий дэвсэж угтана аа, дарга нарыгаа. Хэдхээн монголчуудаа Монголдоо тэжээж чадахгүй бол Туркийн Эрдагон шиг визний асуудлаар шахалт хийгээд явмаар санагдах юм, дарга нар минь.

Орчин цагт дэлхий нийт их л прагматик болж байна даа. Дэлхийн улс орнуудын дарга нар том, жижиг гэлтүй энд тэнд айлчлахдаа улс орондоо хэрэгтэй арилжаа наймаа үсэргэж явна. Айлчлалын зорилго, үр дүн ч ийм болсон. Манайхан ч гэсэн үүнийг хэрэгжүүл л дээ. Улс орны өнгө төрхийг нэмж, эдийн засгаа өөд нь татах, ард түмний амьдралд нэмэр болох ашигтай, хэрэгтэй наймааг бага гэлтгүй л хиймээр байна. Ингэж байж л та нараар дарга тавьсны гавьяа гарах гээд байна.

Categories
мэдээ нийгэм

Энэ долоо хоногт бороо орж, сэрүүснэ

Энэ сарын 6-нд буюу өнөөдөр нутгийн зүүн өмнөд хэсгээр, 7-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 8-нд баруун болон төвийн нутгаар, 9-нд төв, зүүн зүгийн нутгаар бороо орно. Салхи 7-нд Алтайн салбар уулсаар, 8-нд зарим газраар, 9-нд говь талын нутгаар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурах төлөвтэй байна хэмээн Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн төвөөс мэдээллээ.

Мөн Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 15-20 хэм, говийн бүс нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 26-31 хэм дулаан байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д “УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ?” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

Даваа гариг бүрд бид “Танай өнжье” булангаа хүргэдэг уламжлалтай билээ. Нар хур тэгширч бөхтэй, морьтой, суртай монгол наадам айсуй энэ өдрүүдэд Төв цэнгэлдэхийн нэгэн гуанзанд өнжлөө. Үндэсний дээл хувцсаараа гоёсон монголчууд наадмын талбайгаар орж хэн түрүүлж, хэний морь хурдалж, хэний сум мэргэн байгааг сонирхохын сацуу хуушуураа заавал амтархан идэцгээдэг. Хуушуурын амт ямар байсан тухай яриа ч нэг хэсэгтээ тасардаггүй. Тиймээс наадмыг хуушуургүйгээр төсөөлөхийн аргагүй байдаг. “Танайд өнжье” буланг нэг, 12, 13 дугаар нүүрээс уншаарай.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри өчигдөр өглөөний 08:00 цагаас 14:00 цаг хүртэл манай улсад албан ёсны айлчлал хийгээд буцлаа. Тэрээр Монголд газардсаныхаа дараа Гадаад хэргийн яаманд зочилж, Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнтэй албан ёсны хэлэлцээ хийсэн ба дараа нь Монголын шилдэг залуустай чөлөөт уулзалт хийсэн юм. Үүний дараа Монголын урлаг соёлын нэгээхэн хэсэг болсон бэсрэг наадам үзэж сонирхсоноор түүний айлчлал өндөрлөсөн билээ. Ноён Жон Керригийн энэхүү айлчлалынх талаарх сурвалжлагыг нэг хоёрдугаар нүүрт хэвлэлээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлж байдаг, алдарт гуравдугаар нүүрт “УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ?” нийтлэлийн үргэлжлэл хэвлэгдэн гарлаа.

Эгийн гол дээр баригдах Усан цахилгаан станцын төслийн захирал Д.Одхүүгийн “Эгийн голын УЦС арав дахин хямд цахилгаан үйлдвэрлэнэ” хэмээх ярилцлагыг өнөөдрийн дугаарын нэг, 11 дүгээр нүүртээ нийтлээд байна. Энэхүү төслийн талаар Д.Одхүү захирал хэлэхдээ “Эгийн голын усан цахилгаан станц ойрын 6-8 жилд бүрэн хүчин чадлаараа ашиглалтад орох төлөвлөгөөтэй. Гэхдээ ус дүүргэлтээс хамаарна. Энэ төсөл 25 жил яригдаж байна. Усаа шаардлагатай хэмжээнд хурааснаар 315 мегаватт эрчим хүч үйлдвэрлэнэ. Эг Сэлэнгийн бэлчрээс дээхнэ 2.5 км-т байрлаж байна. Одоо манай нийт эрчим хүчний суурилагдсан хүчин чадлын 30 хувьтай тэнцэнэ. Эхний 30-40 мегаватт цахилгааныг баригдсаныхаа дараа үйлдвэрлэж эхэлнэ” хэмээн онцолжээ. Дэлгэрэнгүйгээр нь уншаарай.

Төв аймгийн Алтанбулаг суманд хүн амины ноцтой хэрэг гарчээ. Хэргийн мөрөөр Алтанбулаг суманд манай сурвалжлах хэсэг ажилласан юм. Ямаа самнахаар хотоосАлтанбулаг суманд очсон залуу нутгийн иргэний аминд хүрсэн байна. Энэ хэргийн тухай мэдээллийг долдугаар нүүрт хэвлэлээ.

Аравдугаар нүүрт Улаанбаатар хотын цагдаагийн газрын Хууль тогтоомжийн хэрэгжилт, хяналт шалгалт, аюулгүй байдлын хэлтсийн дарга, хурандаа Ж.Баясгалантай хийсэн ярилцлагыг нийтэллээ. Тэрбээр “Энэ зун цагдаагийнхан урьдынхаасаа илүү ачаалалтай ажиллана” хэмээж байна.

Байт харвааны дэлхийн оюутны аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотноо болж өчигдөр дүнгээ гаргалаа. Тэмцээний сүүлийн шалгаруулалт өчигдөр Чингисийн талбайд болов. Манай улсад анх удаа болж буй уг тэмцээнд Австрали, Бельги, Коста Рика, Чех, Франц, Герман, Их Британи, Энэтхэг, Итали, Япон, Малайз, Мексик, ОХУ, БНХАУ, Швед зэрэг 24 орны 250 гаруй тамирчин оролцсон юм. Энэ тэмцээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 14 дүгээр нүүрээс уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХА