Categories
мэдээ нийгэм

Уруул, тагнайн сэтэрхийтэй хүүхдүүдэд үнэ төлбөргүй хагалгаа хийнэ

Тайваний Хүүхэд гэр бүлийг дэмжих сан Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Уруул тагнайн төрөлхийн эмгэг судлалын нийгэмлэгтэй хамтран “Хязгаар нутгийн инээмсэглэл” төслийг Хөвсгөл аймагт хэрэгжүүлж байна.

Тус аймагт хоёр дахь удаагаа хэрэгжиж буй эл төслийн хүрээнд уруул тагнайн сэтэрхийн эмгэгтэй хүүхдүүдэд үзлэг оношилгоо хийж, 25 хүүхдэд үнэ төлбөргүй хагалгаа хийхээр болжээ. Өмнө нь “Хязгаар нутгийн инээмсэглэл” төсөл Хөвсгөл аймагт 2013 онд хэрэгжиж, 45 хүүхдэд мэс засал хийсэн юм.

Дашрамд өгүүлэхэд Монгол Улсын хэмжээнд уруул, тагнайн эмгэгтэй 1000 гаруй хүүхэд эмчийн хяналтад байдгийн 60 нь Хөвсгөлд амьдардаг аж.

Categories
мэдээ нийгэм

Усчин, аврагчдын чадвар сайжруулах сургалт явагдаж байна

Усчин аврагчдын үүрэг гүйцэтгэлийн чадамжийг нэмэгдүүлэх зорилготой усан бассейны сургалт явагдаж байна. Тус сургалтад 20 аймгийн 81 аврагч хамрагдаж байгаа юм.

Усанд эрэн хайх, аврах ажиллагаа явуулна гэдэг олон талын чадвар, тэсвэр тэвчээр шаарддагддаг. Зарим аврагч усны мандал дээр сэлэлт сайтай боловч гүний шумбалт тааруу байх нь бий. Тиймээс энэ удаагийн сургалтаар 3-4 төрлөөр сэлэлт хийх, гол, нууранд хэрхэн хүний амь нас аврах, усанд эндсэн хүнийг хэрхэн гүнээс гаргаж авах, хүн үүрээд уснаас хэрхэн гарах, усан дотор хоорондоо дохиогоор хэрхэн ойлголцох зэрэг арга техникийг эзэмшиж байгаагаараа үр дүнтэй сургалт болж байгаа аж.

Түүнчлэн энэ удаагийн сургалт Төв усан бассейнд хийгдэж байгаагаараа давуу талтай аж. Учир нь усан бассейн нь гүндээ 5 м, гүехэндээ 1,2 м байдаг учир гүний аврах ажиллагааны шумбалтын дасгалуудыг хийхэд тохиромжтой юм байна. Дашрамд сонирхуулахад, өврөөр даллах сэлэлтийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд Аврах тусгай ангийн аврагч Д.Батболд амжилттай оролцож, усан спортын 3-р зэрэг хамгаалжээ.

Categories
мэдээ нийгэм

Манжуурын аяллын автобус осолдож, хоёр монгол иргэн нас барлаа

Манжуурын аяллын автобус осолдож, хоёр монгол иргэн нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, энэ сарын 3-ны өдөр БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотын Шинэ барга хошууны төвөөс Манжуур хот руу аяллын шугамаар зорчиж явсан 90-67 УБА улсын дугаартай “Истана” маркийн бага оврын автобус осолдож, улмаар Монгол Улсын хоёр иргэн нас баржээ.

Мөн ослын улмаас зургаан иргэн бэртсэн байна. ӨМӨЗО-ны Хөлөнбуйрт суугаа Консулын газраас гэмтсэн болон нас барсан иргэдийн ар гэрийнхэнд хэргийн талаар мэдэгдэж, эмгэнэл илэрхийлжээ.

Одоогоор авто ослын шалтгааныг тодруулахаар Хөлөнбуйрын Консулын газар, БНХАУ-ын холбогдох байгууллагатай хамтран ажиллаж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Зарим эрүүл мэндийн байгууллагын тусгай зөвшөөрлийг цуцлав

Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/435 дугаар захирамжаар эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа явуулдаг зарим аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болголоо.

Тус захирамжаар тусгай зөвшөөрлийг хуулийн хүчинтэй хугацаанд сунгуулаагүй, сүүлийн 24 сар буюу түүнээс дээш хугацаанд мэдээ тайлан ирүүлээгүй эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааг зогсоолоо. Мөн тусгай зөвшөөрөл эзэмшигч хүсэлт гаргасан, татан буугдсан, тусгай зөвшөөрлийг хуулийн хүчинтэй хугацаанд сунгуулаагүй, эмнэлэг сувилал, эмийн сан зэрэг 39 байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүчингүй боллоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Залуусын 88 хувь нь вакциндаа хамрагджээ

Улаанбурханы эсрэг улааны вакцинд 18-30 насны залуусыг хамруулах аян өнгөрсөн сараас эхлэн энэ сарын 01-нд дуусав. Нийгмийн харилцаанд идэвхтэй оролцдог, бага насны хүүхэдтэй залуус эцэг эхийг хамруулсан бөгөөд залуус идэвхтэй сайн хамрагджээ.

Улсын хэмжээнд 18-30 насны 624 мянга орчим иргэн бий. Тэгвэл тэдний 88 хувь нь вакцин хийлгүүлжээ. Нийслэлээс Сонгинохайрхан, Баянзүрх, Сүхбаатар дүүрэгт ирц 95-98 хувьтай сайн байсан бол Багануур Налайхын залуус хойрго ханджээ. Харин орон нутгийн залуус вакциндаа онц сайн хамрагдсан гэж байна.

Categories
мэдээ улс-төр

Маргааш нийслэлийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшигчдэд үнэмлэх олгоно

Нийслэлийн ИТХ-ын сонгуульд 9 намын 238, хоёр эвслийн 31, дөрвөн бие даагч нийт 273 нэр дэвшигч оролцохоор болсон.

Сонгуулийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.9 дэх хэсэгт “Нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл байхгүй бол нэр дэвшигч тус бүрт нэр дэвшигчийн үнэмлэхийг санал авах өдрөөс 22 хоногийн өмнө олгоно” гэж заасны дагуу маргааш нийслэлийн Сонгуулийн хорооноос нийслэлийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдэд үнэмлэх олгох юм. Нэр дэвшигчийн үнэмлэхийг нам, эвсэл, бие даан нэр дэвшигчийг сонгуулийн төв байгууллагад төлөөлөх эрх бүхий этгээдээр дамжуулан олгоно гэж Нийслэлийн Сонгуулийн хорооноос мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Шилмэл загвар” салон “Рио-2016”-д оролцох манай тамирчдын хувцсыг урлана

“Рио-2016” олимпод оролцох Монголын багийн хувцсыг “Шилмэл загвар” салон урлахаар боллоо. “Лондон-2012” олимпод оролцсон манай багийн хувцсыг хийсэн туршлагатай тэд тамирчдын хувцасны загвар, өнгө зэргийг хэрхэн хийх журмыг Монголын үндэсний олимпийн хорооноос баталсны дараа хийж эхлэх аж.

Ойролцоогоор долдугаар сарын 9 гэхэд олимпод оролцох Монголын багийн хувцас бэлэн болох юм байна.

Харин энэ тендэрт өрсөлдөж байсан “Ариунаа Сүри” брэнд сайн дураараа нэрээ татжээ. Тэд Сочигийн өвлийн олимпод өрсөлдсөн манай тамирчдын хувьцсыг урласан юм.

Categories
мэдээ спорт

Дэлхийн чансааг С.Батцэцэг тэргүүлжээ

Олон Улсын Бөхийн Төрлүүдийн Нэгдсэн Холбооноос эмэгтэй тамирчдын жин тус бүрийн чансааг шинэчлэн гаргасан байна. Шинэчилсэн чансаагаар дэлхийн хошой аварга С.Батцэцэг 63 кг-ын жиндээ тэргүүлжээ. Харин Дэлхийн аварга, дэлхийн аваргын мөнгө медальт С.Цэрэнчимэд 60 кг-ын жинд V байрт, Иван Ярыгины нэрэмжит тэмцээн болон Италийн Сассарийн ОУТ-д түрүүлсэн П.Орхон 58 кг-ын жинд VIII бичигдсэн байна. Мөн 55 кг-ын жинд Д.Отгонцэцэг XIV, Э.Даваачимэг XX бичигдсэн бол 58 кг-ын жинд Б.Шоовдор XX, 69 кг-ын жинд О.Насанбурмаа XIX 75 кг-ын жинд О.Бурмаа XIX байрт тус тус бичигджээ.

Categories
мэдээ спорт

Бүх цэргийн баяр наадамд Д.Цэрэнтогтох түрүүлжээ

МҮБХ ЗХШТ-тай хамтран 25 дахь жилдээ зохион байгуулсан Бүх цэргийн наадам амжилттай сайхан болж, аймаг, цэргийн цолтой 256 бөх уран мэхийг уралдуулан, хүчийг үзэн барилдсанаас Баянхонгор аймгийн Заг сумын харьяат, Хүч спорт хороо, Аварга БТДС, Их богд дэвжээний бөх, цэргийн начин Дашдоржийн Цэрэнтогтох 8 даван түрүүлж, цэргийн арслан цолны болзол хангалаа.

Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, Хилчин спорт хороо, Малчин телевиз, Бөхбилэгт дэвжээний бөх, аймгийн арслан Мягмарын Бадарч үзүүрлэж бадрангуй чимэг, Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, Алдар спорт хороо, Жавхлант дэвжээний бөх, аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар, Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, Хилчин спорт хороо, Ховд дэвжээний бөх аймгийн арслан Б.Бат-Өлзий нар их шөвөгт шалгарч цогт чимэг нэмцгээлээ.

Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, Алдар спорт хороо, Бөхбилэгт дэвжээ, Аварга БТДС, Бест буйдан компаний бөх, сумын заан Б.Зоригтбаатар тав даван шөвгөрч цэргийн начин цол хүртсэн бол дунд шөвөгт шалгарсан Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, Увснуур дэвжээний бөх аймгийн хурц арслан Н.Жаргалбаяр дэлгэх чимэг, Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, Алдар спорт хороо Бөхбилэгт дэвжээний бөх, аймгийн арслан Л.Шинэбаатар өсөх чимэг, Завхан аймгийн Баянтэс сумын харьяат, Алдар спорт хорооны бөх, аймгийн арслан Ш.Пүрэвгарьд өрнөх чимэг нэмлээ.

Амжилттай барилдан түрүүлж, үзүүрлэн, шөвгөрч цол, чимэг нэмсэн бөхчүүддээ баяр хүргэж, спортын өндөр амжилт хүсье.

Дөрвийн даваа:

  1. а.х.а Б.Ганхуяг – с.з Э.Даваажаргал
  2. а.х.а Ш.Мөнгөнбаатар – с.з Т.Дүгэрдорж
  3. а.х.а Д.Цэвэлсодном – с.з Б.Зоригтбаатар
  4. а.х.а Б.Эрдэнэхүү – ц.н Д.Цэрэнтогтох
  5. а.х.а Н.Жаргалбаяр – а.н Б.Батдорж
  6. а.х.а Ө.Сүхбат – а.н М.Билгүүдэй
  7. а.а М.Бадарч – а.х Н.Хүрэлсүх
  8. а.а Д.Анар – а.х Б.Энхсайхан
  9. а.а Д.Амаржаргал – а.з Б.Түмэндэмбэрэл
  10. а.а Б.Серик – а.з Ч.Эрдэнэсайхан
  11. а.а Л.Шинэбаатар – а.а Х.Гантулга
  12. а.а Т.Пүрэвсүрэн – а.а П.Батсүх
  13. а.а Б.Бат-Өлзий – а.а Д.Тамир
  14. а.а Н.Золбоо – а.а А.Давааням
  15. а.а Б.Батдорж – а.а Ш.Пүрэвгарьд
  16. а.а Х.Оргилболд – а.а Г.Ганням

Тавын даваа:

  1. а.х.а Б.Ганхуяг – ц.н Д.Цэрэнтогтох
  2. а.х.а Ш.Мөнгөнбаатар – а.а П.Батсүх
  3. а.х.а Н.Жаргалбаяр – а.а Х.Оргилболд
  4. а.х.а Ө.Сүхбат – с.з Батсүх ЗОРИГТБААТАР /Цэргийн НАЧИН/
  5. а.а М.Бадарч – а.з Ч.Эрдэнэсайхан
  6. а.а Д.Анар – а.а Л.Шинэбаатар
  7. а.а Д.Амаржаргал – а.а Ш.Пүрэвгарьд
  8. а.а Б.Бат-Өлзий – а.а Н.Золбоо

Зургаагийн даваа:

  1. 1. а.х.а Ш.Мөнгөнбаатар – а.а Л.Шинэбаатар
  2. а.х.а Н.Жаргалбаяр – ц.н Д.Цэрэнтогтох /Цэргийн ХАРЦАГА/
  3. а.а М.Бадарч – с.з Б.Зоригтбаатар
  4. 4. а.а Б.Бат-Өлзий – а.а Ш.Пүрэвгарьд

Долоогийн даваа:

  1. 1. а.х.а Ш.Мөнгөнбаатар – ц.н Д.Цэрэнтогтох /Цэргийн ЗААН/
  2. а.а М.Бадарч – а.а Б.Бат-Өлзий

Наймын даваа:

  1. 1. а.а М.Бадарч – ц.н Д.Цэрэнтогтох /Цэргийн АРСЛАН/
Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр эдгээр байршлуудад халуун ус тасарна

Улаанбаатар хотын дулааны төв шугамын нягтын шахалт болон засварын ажлууд хийгдэж байна. Энэхүү хуваарийн дагуу өнөөдрөөс энэ сарын 25-ны хооронд Хар хорин зах, Өнөр хороолол, Гурвалжин зах, Техник импорт, Голден парк хороолол, 4-р хороолол буюу 3-н билэг ХХК, Түндэмүн саун, Төмөр замын соёлын төв орчмын халуун усыг хаах юм.

Түүнчлэн “УБДС” ТӨХК-аас мэдээлснээр 2016 онд дулааны шугам сүлжээний “0” зогсолт хийгдэхгүй тул холбоос шугамуудын таслах хаалтуудын засварыг үндсэн шугамын зогсолттой уялдуулан тухайн магистралийг түр зогсоох аж.

Өнөөдөр эдгээр байршлуудад халуун ус тасарна