Categories
мэдээ цаг-үе

Ц.Болдсайхан: Нэр дэвшигчид сонгуультай холбоогүйгээр хийсэн ажлаа танилцуулж болно

Сонгуулийн ерөнхий хорооны нарийн бичгийн дарга Ц.Болдсайхантай ярилцлаа.

-Сонгуульд нэр дэвшүүлэх ажил хэднийг хүртэл явагдах вэ?

-Сонгуулийн ерөнхий хороонд нам эвслүүд сонгуульд оролцохоо илэрхийлж түүний дагуу бүртгэж авсан байгаа. 11 нам, гурван эвсэл оролцох ёстой. Нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хянуулсан тооноос үзэхэд 100 гаруй хүн байгаа. Хуульд зааснаар өнөөдөр (өчигдөр) буюу 30-ны 00:00 цаг хүртэл нам, эвслүүд нэр дэвшигчдийн материал өгөх хугацаа дуусна. Бид өнгөрсөн бямба гаригт нам эвслүүдийн материал авах ажлыг эхлүүлсэн. Бямба гаригт материал ирээгүй бол ням гаригт нэг нам, нэг эвсэл ирж материалаа хүлээлгэж өгсөн байгаа. Бие дааж нэр дэвшигчдийн хувьд өчигдөр (уржигдар) нэр дэвшүүлэх хугацаа нь дууссан. Зургадугаар сарын 1-нээр материалаа өгөх хугацаа нь дуусах юм. Одоогийн байдлаар 20 гаруй бие даан нэр дэвшигч материалаа өгчихсөн байна. Бид нам, эвслүүдийн нэр дэвшигчдийг өнөө маргаашгүй хурлаар оруулж хэлэлцэнэ. Тэгээд аль нэг нэр дэвшигчийн материал дутуу асуудал байвал нам, эвслийн удирдагчдад өгнө. Нэр дэвшигчдийг бүртгэх цаад хугацаа нь зургадугаар сарын 6-нд дуусна. Ингээд зургадугаар сарын 7-ны өдөр нам эвслээс нэр дэвшигч, бие даан нэр дэвшигчдэд нэгдсэн журмаар нэр дэвшигчийн үнэмлэх олгоно. Сонгуулийн ерөнхий хорооны даргын захирамжаар ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсгээ дөрвөн хэсэгт хуваагаад нэр дэвшигчдийн материалыг авч байгаа.

-Намууд нэр дэвшигчдээ хуулийн хугацаанд багтаж тодруулсныг танайх хэрхэн мэдэх вэ?

-Намууд өөрсдөө материалаа авчирна. Бид авчирсан бичиг баримтыг эхний ээлжинд шууд хүлээж авна. Хугацаандаа нэр дэвшигчээ тодруулаагүй гэдэг ч юм уу гомдол санал гарах юм бол түүнийг хуулийн байгууллага тогтооно. Ер нь энэ шинэ мөрдөж байгаа хуулиар зөрчил юм уу аливаа хууль зөрчсөн асуудлыг тогтоох байгууллага нь шүүх байгаа шүү дээ. Манайхан мэдэж байгаа даа, хуучин бол сонгуулийн хороод өөрсдөө тогтоодог байсан. Мөн доод шатныхаа сонгуулийн байгууллагын шийдвэрийг буруу гэж үзвэл дээд шатны сонгуулийн байгууллага нь өөрчилдөг байсан. Шинээр мөрдөж байгаа хуульд бол ерөөсөө цагдаа шалгаад шүүх тогтоодог болсон. Хэрэв энэ төрлийн гомдол байгаа бол шүүхэд холбогдох нотолгоо баримттайгаа хандах хэрэгтэй. Шүүхээс ганцхан нэр дэвших дээр ч биш өөр бусад зүйл дээр энэ сонгуулийн хуулийг зөрчсөн байна гэвэл тэр шүүхийн шийдвэр дээр үндэслээд нэр дэвшигчийг татах ч гэдэг юм уу, бүртгэхгүй байх юм. Шүүхийн шийдвэрийн дагуу л шийднэ. Үүнийг тэгж ойлгох ёстой. Иргэд, сонгогчид ч ялгаагүй гомдолтой асуудал байх юм бол наашаа ирэхээсээ илүү шууд хуулийн байгууллагад хандах ёстой гэдгийг хэлье.

-Тухайлбал, МАХН нэр дэвшигчдээ тодруулах өдрөө шөнийн 02:00 хүртэл хуралдсан гэсэн мэдээлэл гадуур цахим орчинд цацагдсан байсан. Энэ мэт гомдол, санал танай дээр ирээгүй юу?

-Манайд янз бүрийн гомдлын чанартай зүйл ирээгүй. Энэ дашрамд хэлэхэд МАХН-ыг Сонгуулийн ерөнхий хороо бүртгээгүй юм шиг хэвлэл мэдээллийн хэрэгслээр яриад байх юм. Өнөөдрийн байдлаар (өчигдөр үдийн байдлаар) МАХН-аас манайд бүртгүүлэхээр ирээгүй байгаа шүү дээ. Ирээгүй байгаа юмыг Сонгуулийн ерөнхий хороо бүртгэхгүй гэж урьдчилж худлаа яриад байгаа нь сонин байна. Тэгж олон түмэнд буруу мэдээлэл цацаж болохгүй шүү дээ. Олон телевизээр ярьж байсан.

-Ялтай байх хугацаа нь дуусаагүй учраас Сонгуулийн ерөнхий хороо бүртгэхгүй гээд байгаа юм биш үү?

-Ялтай байх хугацаа дууссан, дуусаагүй бидэнд бичиг баримт нь ирээгүй байхад урьдчилан тооцож болохгүй шүү дээ.

-Ер нь ямар үндэслэлээр нэр дэвшигчийн нэрийг татах вэ?

-Материал дутуу байж болно. Энд тэндээс авсан тодорхойлолт жишээ нь өр төлбөртэй гэсэн байдаг ч юм уу. Хуульд татгалзах үндэслэл гээд заачихсан байгаа. Энэ үндэслэлүүдийг л бид баримтална шүү дээ. Хуулийн дагуу үзээд аль нэг юм нь дутуу бол бид бүртгэхгүй гэдгээ хэлнэ. Намуудын хувьд Сонгуулийн тухай хуульд заачихсан хугацаа байгаа. Бүртгэх явцад ямар нэгэн материал дутуу бол эргэж намуудад хугацаа олгоно гэсэн үг. Бид өнөө маргаашгүй материалыг үзээд ийм тийм зүйл дутуу байна гэвэл намууд зургадугаар сарын 4-нөөс өмнө тухайн нэр дэвшигчийнхээ материалыг гүйцээж өгч болно. Эсвэл дутуу материалтай байгаа хүний оронд өөр хүнийг нэр дэвшүүлэх асуудал нээлттэй байгаа. Гэхдээ энэ шинээр нэр дэвшүүлэх үйл ажиллагаа бол яг хуульд заасан журмынхаа дагуу явах ёстой. Энэ материалаа өгөөд байгаа нэр дэвшигч ямар журмаар дэвшсэн билээ яг түүнтэй ижил дэвшиж ирэх ёстой. Бид зургадугаар сарын 6-ныхаа дотор бүртгэл хийж өгөх үүрэгтэй.

-Сонгуулийн сурталчилгааны цаг, хугацааг багаар заасан нь нэр дэвшигчид мэдээллээ олон түмэнд хүргэхэд хангалтгүй байна гэдэг шүүмжлэл байдаг?

-Хуулиа л барина шүү дээ. Өдөрт нэг цагаас илүүгүй хугацаанд телевизийн эфир ашиглана гээд хуульд заачихсан байгаа. Харин ч УИХ-ын нэгдсэн чуулганаар энэ асуудлыг хэлэлцэх үед яриад хоёр цаг болгосон. УИХ-ын сонгууль, аймаг, нийслэлийн сонгууль гээд хоёр сонгууль явж байна. Энэ нэг цаг гэдэг чинь нэг сонгуульд оногдсон цаг биз дээ гэж байж өөрчилсөн. Хуульд нэг цаг гэж байгаа ч хоёр сонгууль явагдаж байгаа учраас телевизийн эфир явж байгаа хугацааг УИХ-ын сонгуульд нэг цаг, нөгөө нэг цаг нь орон нутгийн сонгуульд өрсөлдөж байгаа хүмүүсийн цаг гэж ойлгож байгаа.

-Зургадугаар сарын 10 хүртэл сонгуульт албан тушаалтнууд ажлаа хэвлэлээр тайлагнах нь нээлттэй юу. Нэр дэвшиж буй зарим хүмүүс одоо ажлаа тайлагнавал сурталчилгааны хэвлэлийн хуудасны тооноос хасагдаад явах байх гэсэн ойлголттой байсан?

-Хуулиараа УИХ-ын одоо байгаа гишүүд, бүх шатны Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид сонгуулийн сурталчилгаа эхлэхээс өмнө урд дөрвөн жилийнхээ тайланг тавьж болно гэж байгаа шүү дээ.

-Тэгэхээр зургадугаар сарын 10-ны өдөр хүртэл тайлангаа хэвлэлээр тавих нь нээлттэй юм байна?

-Тийм. Гэхдээ аливаа ажлын тайлан нь сонгогчдын саналыг татах чиглэлээр явж болохгүй. Тэгвэл хууль зөрчсөн гэж үзнэ. Жишээлэхэд тэр тайланд намайг дэмжээрэй гэдэг ч юм уу эсвэл өөр нэг хүнээр энэ мөн сайн хүн шүү гэж яриулсан байж болохгүй. Зөвхөн хийсэн ажлынхаа тайланг тавих эрх хуулиар олгогдчихсон байж байгаа. Өөрөөр хэлбэл, нэр дэвшигчид сонгуультай холбоогүйгээр хийсэн ажлаа танилцуулж болно. Сурталчилгаа эхэлснээс хойш бас хэвлэлийн хоёр хуудсанд багтсан гээд байж байгаа шүү дээ. Тэр дээр харин дэмжээрэй гэсэн юмаа тавих нь нээлттэй. Наана нь бол цэвэр ажлын тайлангаа тавьж болно.

-Намуудаас хэн хэн аль тойрог дээр дэвших вэ гээд өчигдөр (уржигдар) асуухад зарим жижиг намууд одоохондоо зарим хүн солигдох магадлалтай байгаа учраас гээд нэрсээ өгөхгүй байсан. Тийм зүйл байж болдог уу?

-Нэгэнт материалаа авчраад энд бүртгүүлчихсэн тохиолдолд бол дараа нь солино гэж байхгүй шүү дээ. Намуудын хувьд дээр хэлсэн ерөөсөө тухайн нэр дэвшигчийн материал дутуу байвал гүйцээж авчрах асуудал байна. Эсвэл тэр хүнээ болиод оронд нь хүн дэвшүүлж болно. Гэхдээ л хуульд заасан журмын дагуу л дэвшсэн байх ёстой. Урд талын хүн нь ямар нэг журмаар дэвшсэн байгаа шүү дээ. Жишээ нь Ардын намын хувьд Бага хурлаараа хэлэлцээд нууц санал хураалт явагдаад гарч ирсэн байгаа. Яг тэр хэлбэрээр л явагдах ёстой.

Би түрүүн хэлсэн намуудад буцааж материал дутууг хэлнэ гэдэг бол бид аль болох зургадугаар сарын 4 рүү шахах утгаар биш ерөөсөө даруйхан үзээд, намууд нэр дэвшигчийнхээ материалыг эртхэн засах боломжийг олгох ёстой. Энэ бол сонгуулийн байгууллагууд нам, намаас нэр дэвшиж байгаа нэр дэвшигч, бие даан нэр дэвшигчийн хувьд ялгаагүй адил тэгш хандаж аль болох угтаж ажиллах ийм чиг барьж байгаа.

Ж.БАЯРСАЙХАН

Categories
мэдээ цаг-үе

Монголд эерэгээр нөлөөлөх сайн мэдээнүүд

Ам.доллар олдог гол бүтээгдэхүүн гэвэл уул уурхайд л бий. Тэр дундаа зэс, нүүрс дэлхийн зах зээлээс дажгүй валют олж ирдэг. Ганц худалдан авагч маань Хятад. Хятадын зах зээлтэй холбоотой, Монголд эерэгээр нөлөөлж мэдэх хоёр сайн мэдээг онцолъё. Зэсийн баяжмалаа зарж олсон мөнгө Монголд орж ирэх валютын урсгалын 30 орчим хувийг эзэлдэг. Зэсийн дэлхийн зах зээлийн үнэ таагүй байгаа ч Хятадын зэсийн импорт 30 орчим хувиар нэмэгдсэн гэх мэдээ бий. Нүүрсний хувьд үнэ нь түүхэнд байгаагүйгээр шалдаа унаж, хэрэглээ нь хумигдсан учраас нүүрс импортлогч компаниуд хэцүүхэн байдалд байгаа. Сүүлийн үед харин нүүрсний зах зээлтэй холбоотой эерэг мэдээ дуулдаж эхэлсэн. Хамгийн сайн нь Хятадын нүүрсний эрэлт 2030 онд оргил цэгтээ хүрнэ гэсэн таамаг.

Урд хөршийн зэсийн эрэлт өсчээ

Дэлхийн зэсийн 40 гаруй хувийг хэрэглэдэг урд хөршийн зэсийн хэрэглээ оны эхний дөрвөн сарын байдлаар ингэж өссөн ч үнийн дүнгийн хувьд 300 сая ам.доллараар буугаад байгаа юм. Хятадууд 4.7 тэрбум ам.доллараар зэсийн баяжмал худалдан авчээ. Хятадад нийлүүлдэг зэсийн баяжмалын 10 орчим хувь Монголынх. Экспортын хэмжээгээрээ илүүрхэж байгаа нь мэдээж Оюу толгой. Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалт дуусахад нийлүүлэх зэсийн хэмжээ хоёр дахин нэмэгдэнэ гэсэн статистик бий. Гүний уурхайн эхний бүтээгдэхүүнүүд 2020 онд гарна, 2027 онд гүний уурхайн гарцын хэмжээ дээд түвшиндээ хүрч, жилд 500 мянган тонн зэс үйлдвэрлэнэ гэсэн мэдээг “Рио”-гоос саявтар өгсөн. Оюу толгойн гарц ингэж нэмэгдэх үед Хятадын зэсийн хэрэглээ нэмэгдэхээс гадна, үнэ нь ч давгүй байна гэсэн таамгийг шинжээчид хэлээд эхэлчихсэн. Цагаан суварга тэр үед ажиллаад эхэлнэ, Эрдэнэтээс гарах баяжмал нэмэгдэнэ гээд тооцохоор манай улс Хятадад зэс нийлүүлж буй голлох улсуудтай тоглолт хийх хэмжээнд хүрэх нь тодорхой байгаа. Одоогоор өмнөд хөршийн зах зээл дээр голлох тоглогч болох Чили, Перу гэх мэт улсууд энэ металлын үнийг тогтоож байгаа юм. Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалт дуусангуут бид дэлхийн зах зээл дээр зэсийн баяжмалын үнэ тогтоогч тоглогчдын нэг болно гэсэн үг. Чили улс оны эхний дөрвөн сарын байдлаар 1.4 сая тонн зэсийн баяжмал БНХАУ-д нийлүүлсэн бол Перу 1.3 сая тонн зэсийн баяжмалыг урд хөршийн зах зээлд борлуулаад байна.

Хятадууд зэсийн үнийн сэргэлтэд эргэлзэхгүй явааг нотолсон нэг үйл явдал болоод удаагүй байна. АНУ-ын “Freeport McMoran”-ий Конгод орших Tэнгэ зэсний уурхайн хувь эзэмшлийг Хятадын “China Molybde­num “компани 2.65 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцоод буй. Америкийн зэс олборлолтын том компани өрийн дарамтад орсон учраас ийм шийдвэр гаргажээ. “Freeport” Тэнгэ уурхайн 56 хувийг эзэмшдэг юм. Шинжээчдийн хувьд зэсийн үнэ тааруухан үед хийсэн Хятадын компанийн энэ алхмыг “Зэсийн үнэ урт хугацаандаа өөдрөг байхын шинж” хэмээн тайлбарлаж байна.

Манай улс энэ жилийн төсөвтөө нэг тонн зэсийн үнийг 5137.7 ам.доллараар төсөөлсөн. Гэтэл өнөөдөр дэлхийн зах зээл дээр нэг тонн зэсийг 4600 орчим ам.доллараар арилжаалж байна. Металлын ханш савлагаатай үед зэсийн үнийн талаар барим тавим тоо дуулдахгүй байгаа юм.

Сүүлийн өдрүүдэд өмнө байгаагүйгээр үнэ нь уруудсан зэсийн үнэ цаашдаа яах бол? Зэсийн үнэ буурахад нөлөөлсөн гурван шалтгаан бий гэж шинжээчид дүгнэдэг. Гурван шалтгааны хоёр нь эерэг зүг рүүгээ эргэсэн учраас шаргал металлын үнэ өсөөд шалихгүй юм аа гэхэд унаад сүйд болохгүй, тогтворжино гэсэн таамаг голлож байна.

Зэсийн үнэд муугаар нөлөөлсөн эхний шалтгаан нь Хятадын эдийн засгийн идэвхжил буурсан явдал. Гэхдээ урд хөрш үйлдвэрлэлээс үйлчилгээ, хэрэглээг шүтсэн эдийн засаг руу шилжих бодлогоо эргэж харахаар болсон, хүнд үйлдвэрлэлдээ анхаарч эхэлсэн гэх эерэг мэдээ сүүлийн үед хүчтэй дуулдаж эхэлснийг онцлох учиртай.

Зэсийн үнэд сөргөөр нөлөөлж буй хоёр дахь шалтгаан нь ам.долларын ханшийн чангаралт. Ноён ногооны ханшийн чангаралт өнгөрсөн оны сүүлээр гарсан Америкийн холбооны нөөцийн банкны шийдвэртэй холбоотой. Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ 25 нэгжээр өсгөсөн нь ам.долларын чангаралд нөлөөлсөн юм. Энэ жил АНУ эдийн засгаасаа хамаараад бодлогын хүүгээ гурваас дөрвөн удаа өсгөнө гэсэн хүлээлт байгаа. Хэрвээ энэ хүлээлт амьдрал дээр биеллээ олбол зэсийн үнэ өсөхөд саад болно гэсэн таамаг бий.

Зэсийн үнэ өсөхгүй байгаа гурав дахь шалтгааныг газрын тос, эрчим хүчний үнэ буурсантай холбодог.Эрчим хүч бол зэсийн үйлдвэрлэлийн гол зардал, зардал нь буурангуут дагаж буух бүтээгдэхүүн нь мэдээж зэс. Гэвч гуч гаруй ам.доллар болж уруудсан газрын тосны үнэ 50 ам.доллар болж сэргээд байна. Ирэх жил бүр 60 ам.доллар хүрч өснө гэж шинжээчид таамаглаад эхэллээ. Тэгэхээр зэсийн үнэ өсдөггүй юм аа гэхэд тогтворжино гэсэн таамаг улам батжиж байна.

Хятадын нүүрсний эрэлт 2027 онд оргилдоо хүрнэ

Газрын тос, эрчим хүчний дэлхийн томоохон компаниудын нэг “BP Group” Хятадын эрчим хүчний эрэлт, нийлүүлэлтийн таамаг гаргасныг судалгааны “Эгүлэ капитал” компани цахим хуудсандаа онцолжээ. Тэдний таамгаар 2032 он гэхэд Хятад шингэн түлшний хэрэглээгээрээ АНУ-ыг гүйцэж дэлхийн хамгийн том хэрэглэгч болох гэнэ. 2035 онд Хятад дэлхийн нийт эрчим хүчний хэрэглээний 25 хувийг бүрдүүлэх нь. Нийт эрчим хүчний эх үүсвэрт нүүрсний эзлэх жин буурахаар байгаа ч Хятад дэлхийн нийт нүүрсний нийлүүлэлтийн бараг тал хувийг хэрэглэхээр байна гэж “BP Group” тооцоолжээ. Тус компанийн таамаглалаар 2027 онд дэлхийн нүүрсний эрэлт оргил цэгтээ хүрэх юм байна. Харин 2035 он хүртэл жил тутам 0.3 хувиар буурахаар аж. Хятад эрчим хүчнийхээ эх үүсвэрт хийг онцгойлж авч үзэх ч дэлхийн хамгийн том нүүрс хэрэглэгч хэвээр байна гэсэн таамаг бидний хувьд сайн мэдээ. 2035 он гэхэд нүүрсний нийт нийлүүлэлтийн бараг тал хувийг Хятад улс хэрэглэнэ гэсэн таамгийг “BP Group” гаргажээ. Мөн тэдний таамгаар 2035 онд Хятадын эрчим хүчний импортын хэмжээ Европыг гүйцэж дэлхийн хамгийн том эрчим хүчний импортлогч болох нь. Ногоон эдийн засаг гэж хүчтэй ярьж эхэлсэн ч нүүрс мөддөө моодноос гарахгүй гэдгийг Хятадаас гадна Японы жишээнээс ч харж болохоор байгаа юм.

Японы Байгаль орчны яамнаас ирэх 12 жилийн хугацаанд 43 ширхэг нүүрсний цахилгаан станц нэмж барих төлөвлөгөөг дэмжээд буй. Арлын оронд өнөөдрийн байдлаар 40.5 гегаваттын хүчин чадалтай 90 нүүрсний цахилгаан станц ажилладаг гэсэн статистик бий. Япон нүүрсний станцаа 2028 он гэхэд 50-иар нэмэгдүүлж 61 гегаваттын хүчин чадалд хүргэхээр төлөвлөжээ. Тэгэхээр нүүрсээ дэлхийн зах зээлд хямд зардлаар хүргэх төмөр замын асуудлаа шийдэж, Таван толгой гэх мэт том ордуудаа улс төрөөс хол, бизнесийн зарчмаар нь хөдөлгөж чадвал бидэнд өчнөөн боломж бийг сая хэлсэн хоёр жишээнээс харчихаж болно.

Categories
мэдээ цаг-үе

Бусдын аз жаргалыг харж зовохыг атаархал гэнэ

Мэдээж чадваргүй, унхиагүй хүн атаархана л даа.
Бас атаархал гэдэг их зовлон юм. Атаархаж байгаа хүн ямагт үзэн ядалт, хар хорын
сэтгэлээр дүүрэн байдаг. Нэг үгээр хэлбэл атаархаж байгаа хүмүүс бусдын аз жаргалыг,
бусдын сайн сайхан явааг харж зовж явдаг. Та хэн нэгэнд атаархаж байна уу, таны
атаархлыг төрүүлсэн хүн ямар ч буруугүй шүү. Атаархагч та өөрөө буруутай. Атаархдаг
хүмүүс сайн яваа нэгэнд муу санаж, магад тэр муу сэтгэлээс нь муу үйлдэл гарах магадлалтай.

Атаархал гэдэг өөрийгөө бусдаас дор байгаагаа мэдрэх тэр агшин юм. Тэр агшинд муу
сэтгэлийн үр боловсрон бий болдог. Тэр муу сэтгэлээс муу үйлдэл гардаг. Өөрөөсөө
илүү чадалтай, илүү үзэсгэлэнтэй, илүү мөнгөтэй, илүү сайн сайхан эхнэр, нөхөртэй,
үр хүүхэд нь сайн сайхан яваа гээд л үй түмэн аз жаргалтай хүмүүсийн байгаа байдал
таныг хэрвээ зовоодог бол, тэднийг харан үзэн яддаг бол та аль хэдийнэ зовлонт нэгэн
болж хувирчээ. Бусдад бүү атаарх. Үүний оронд өөрийгөө боловсруул.

Өөрт байгаа дутуу
зүйлээ илүү болгож болно. Тэрнийг атаа хорслын замаар биш мөрөөдөл зорилго болгож
сайжруулж болно. Байгаа зүйлдээ сэтгэл хангалуун бай. Магад чиний дутуу гэж бодож
яваа зүйл өөр хэн нэгэнд байхгүй ч юм бил үү. Таны өнөөдрийн байгаагаас илүү олон
зовлонт хүмүүн ертөнц дээр амьдарч байна. Магад таны амьдрал тэдэнд хааны амьдрал
шиг санагддаг ч юм бил үү. Хэдийгээр хүн илүү сайханд тэмүүлж байдаг ч үүнийг атаа
хорслоор даван туулдаггүй. Атаархаж хорссоноор аз жаргалтай болдоггүй.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Сонгуульд оролцох нь монголчууд төрөө байгуулж буй хэрэг

УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид урьдчилсан байдлаар тодорлоо. Удахгүй бие даагчид нэмэгдэх байх. Ганц нэг хүмүүс нэрээ татах болов уу. Зарим нэр дэвшигчийн хувьд тойргийн өөрчлөлт ч гарч магадгүй. Ер нь бол процесс үргэлжилнэ. Нэр дэвшигчид тодорсноос хойш харин тэднийг элдвээр хэлж ярих нь ихэслээ. Сайн хүн ер алга. Дийлэнх нь л муу муухай хүмүүс юм байх. Гэхдээ сайн, муу нийлж сав дүүрдэг болохоор УИХ-ын чуулганы танхим дүүрэх нь л дүүрнэ. Дүүргэх хүмүүс дотор нь төрөл бүрийн салбарын, янз бүрийн ажил төрөл амжуулж явсан хүмүүс байх нь тодорхой. Одоогийн байдлаар дуучид гэхэд тав, зургаан хүн байна. “Темон оо би чамтай шөнийг өнгөрөөмөөр байна…” гэж дуулдаг залуугаас эхлээд “Нулимсыг минь арчиж хайрлаарай…” гэж дуулдаг бүсгүй гэхчилэн урлагийн хүмүүс байна. Бас бөх барилддаг байсан арваад хүн нэр дэвшиж өрсөлдөхөөр шийджээ. Хэрэг түвэгт орооцолдож явсан хүмүүс ч цөөнгүй байна. Ер нь тэгээд бас бус хүмүүс байна аа, байна. Гэхдээ энэ бүх хүн Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхтэй. Хүний энэ эрхэд хэн ч халдаж чадахгүй. Ардын сургаал бий, “Бөгсөө үмхий гээд тайрч хаядаггүй” гэж. Өнөөдөр монголчууд бидний байгаа нүүр царай л энэ. Нийгмийн тусгал нь энэ. Тийм болохоор бид эдэн дотроосоо л сонгоно. Монголчууд бид чинь төрөө байгуулах ёстой юм байгаа биз дээ. Төргүй Монгол Улс байх юм уу. Төсөөлөөд үз дээ. Хэрэвзээ төр засаггүйдээ хүрлээ гэвэл тэгсгээд гадны дагавар, өөртөө засах орон л болох байх даа. Тийм болохоор өнөөдөр нэр дэвшигчдийг элдвээр зүхэж байгаа, газар дор ортол муулж байгаа, Монголын төр засгийг муухай харагдуулахыг зорьж байгаа хүмүүс бол бүгдээрээ гадныхны гар хөл. Тийм муухай өнгө аяс сошиал дахь мэдээллээс хүмүүст шууд үнэртэж байна.

Нэрэлхээд нэрээ идэх биш, гэртээ хариад гэрээ идэх биш гэж үг бий. Нэрэлхэх юм нэр дэвшигчдэд байх хэрэггүй. Чаддагаасаа чадахгүйгээ хүртэл зөв сайхнаар өрсөлд. Нэр дэвшигчдийг элдвээр зүхдэг түүх бүх улс оронд үеийн үед байсан. Зуун жилийн өмнөх Америкийн сонгуульд ч болж байсан үйл явц. 1920-иод оны үеийн Америкийн сенатын сонгуульд өндөр зэрэглэлийн 11 биеэ үнэлэгч сонгогдсон байдаг юм. Өнөөдрийн Италийн парламентад буруу гарын төлөөлөл болох бүлгийн хэмжээний гишүүн бий. Биеэ үнэлэгчдийг сонгодгоороо Италийн парламент бүр алдартай. Монголынх ийм байг гэж хэлж байгаа юм биш. Цөөхөн монголчуудын хувьд байх боломж ч үгүй. Зүгээр л дэлхийн парламентын түүх ийм эрээн бараантэй, элдэв өнгөтэй байдаг гэдгийг л хэлж байна.

Тэгэхээр юу хэлэх гээд байна гэхээр ийм л өнгө солонго бүхий нэр дэвшигчдээс бид зөвийг нь сонгоно. Харин сонгуульд бүгдээрээ оролцож, саналаа өгч, төрөө сонгох үүргээ нэр төртэй биелүүлье гэж уриалъя. Энэ бол ардчилсан нийгэм дэх иргэн хүн бүрийн өндөр ухамсар юм. Өөрсдөө саналаа өгөөгүй байж дараа нь элдвээр хэлэх хэрэггүй. Залуучууд сонгуульд идэвхтэй оролцох ёстой. Санал хураалтад хамгийн идэвхгүй оролцдог хэсэг нь 18-35 хүртэлх насны оюутан, залуус байдгийг судалгаагаар тогтоосон. Энэ насныхан нийт сонгогчдын 60 хувийг эзэлдэг. Судалгааны дүнгээс харахад 18-35 хүртэлх насны залуусын 20 орчим хувь, 18-25 хүртэлх насныхны ердөө 10 хувь нь л сонгуульд оролцдог гэсэн дүн гарчээ. Энэ нь сонгуулийн ирц хуульд заасан хэмжээндээ хүрч чадах эсэхэд хүрч байна. Ирц хүрэхгүй тохиолдолд муудсан эдийн засгаа улам муутгах болно. Татвар төлөгчдийн мөнгө дахин сонгуульд үрэгдэнэ. Монгол Улсад сүүлийн жилүүдэд хамгийн өндөр хувьтай санал өгсөн газар бол Завхан аймгийн сонгогчид 77,1 хувь, хамгийн бага санал өгсөн нь Сүхбаатар аймаг, нийслэлийн дүүргүүд болоод байгаа юм. Сонгуульд заавал оролцох учиртайг ЕБС-д байхаас нь суулгаж өгөх цаг болжээ. Эцэг, эхчүүд насанд хүрсэн хүүхдүүддээ сонгуульдаа идэвхтэй оролцож, өөрт нь болон улс оронд хэрэгтэй гэсэн хүнийхээ төлөө саналаа өгөхийн ашиг тусыг ойлгуулж өгмөөр байна. Өөрийн чинь өмнөөс өөр хүмүүс сонголт хийгээд байна гэдгийг бас ойлгуул. Өмнөх сонгуулиас харж байхад өглөөний 11:00 цагийн байдлаар сонгогчдын идэвх маш сайн, зарим тойрогт 25 хувь хүрч байснаа үдээс хойш идэвх эрс буурч 20:00 цаг гэхэд санал хураах байрууд ямар ч хүнгүй болж байсан. Ийм нөхцөл байдал давтагдах магадлалтай байгаа тул өмнөх сонгуулиар ашиглаж байсан саналаа өгсөн сонгогчид зориулсан урамшууллыг янз бүрийн хэлбэрээр өргөнөөр бий болгох хэрэгтэй. Сонгогчдод зориулсан урамшууллын механизм олон улсад байдаг. Тэдний жишгээр хийе.

Энэ жилийн хувьд бас нэг анхаармаар асуудал бий. Тэр нь Европын аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээн цаг хугацааны хувьд УИХ-ын сонгуультай давхцаж байгаа нь сонгуулийн ирцэд нөлөөлнө. Бүр гол тоглолтууд санал өгөх өдрийн өмнөх шөнө болохыг тооцох ёстой. Учир нь Монголын залуу үе тэр чигээрээ хөлбөмбөгийн хорхойтнууд болсон. Тэмцээний хагас шигшээгийн тоглолт Францын хотуудад болох нь манай цагаар шөнө байгаа нь залуучуудын хувьд сонгуульд очиж саналаа өгөхөд сөргөөр нөлөөлөх магадлалтай. Учир нь өмнөх сонгуулийн ирцэд энэ тэмцээн нөлөөлсөн нь ажиглагдсан юм.

Бас нэг асуудал байгаа нь зөвхөн Монголд л байдаг зовлон байх. Манай иргэдийн нэлээд нь иргэний үнэмлэхээ дэлгүүр хоршоо, ломбард, такси… гэхчилэн олон газарт барьцаанд тавиад авч чадахгүй байгаа. Тийм хүмүүс яадаг вэ гэхээр “За санал өгөхийн тулд түүнтэй хөөцөлдөж явах гэж яршиг. Тэгж байгаад нэг авахаас” гэдэг. Тийм болохоор энэ удаагийн сонгуулиар ТҮЦ машины тодорхойлолтоор санал өгүүлэх хэрэгтэй. Тэр нь нийт сонгогчдын таван хувьтай тэнцэнэ гэсэн нэгэн ТББ-ын судалгаа бий. Энэ мэтээр жижиг гэхгүй амьдралын үнэнийг олж харж, ирцийг бүрдүүлэх арга хэмжээг дорвитой авахгүй бол хамгийн сүүлийн Ерөнхийлөгчийн сонгуулиар нийт сонгогчдын 63.9 хувь буюу өмнөхөөсөө даруй 40 хувь буурсан байдаг. Эдгээр саналаа өгсөн сонгогчдын 50.23 хувийн саналаар нэр дэвшигч ялалт байгуулсан юм. Энэ байдал дахин давтагдвал одоо болох сонгууль дахин явагдах магадлалтай болчихоод байна.

Энэ мэтээр сонгогчдын дийлэнх болох залууст онцгой анхаармаар байна. Тэрнээс манай улсын 40-өөс дээш насныхан бол сонгуулийн саналаа хангалттай өгч иржээ. Монгол Улсын эдгээр насны иргэдийн 70 хувь нь саналаа өгдөг нь судалгаагаар тогтоогдсон юм. Эдгээр насны иргэдийн санал өгөх хувь нь угаасаа олон улсад ийм л багцаанд байдаг аж.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатарт 24 хэм дулаан байна

Өнөөдөр ихэнх нутгаар дулаахан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 8-10 градус, өдөртөө 23-25 градус дулаан байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө зарим газраар түр зуурын бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Алтай, Хангайн уулархаг нутгаар 2-7 градус, Алтайн өвөр говиор 11-16 градус, бусад нутгаар 7-12 градус, өдөртөө Алтайн, Хангайн уулархаг нутгаар 16-21 градус, Их нууруудын хотгороор 24-29 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр бороо орно. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 3-8 градус, бусад нутгаар 7-12 градус, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулсаар 16-21 градус, Орхон-Сэлэнгийн сав газраар 24-29 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 4-9 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос баруун хойш эргэж секундэд 4-9 метр. Шөнөдөө 6-8 градус, өдөртөө 23-25 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө Өмнөговийн баруун хэсгээр түр зуурын бороо орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 6-11 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д “Газар дээрх ганц ах минь нисээд өнгөрөлгүй буугаад явсан нь яамай даа” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

Нүүрсийг 30 ам.доллараас 1500 ам.долларт хүргэх боломж нийтлэлийг уншаарай. Энэ талаарх дэлгэрэнгүйг та IV нүүрнээс унших боломжтой.

МАН-ын УИХ дахь бүлгийн хуулийн зөвлөх Б.Энхбаярын “Энэ сарын 11-н хүртэл нэр дэвшигчид тайлангаа сониноор гаргах нь хуулиар нээлттэй” ярилцлага хэвлэгдэн гарлаа. Та энэ талаарх дэлгэрэнгүйг VI нүүрнээс уншаарай.

Улс төрийн нүүрнээс УИХ-ын хаврын чуулганы тавдугаар сарын 19-ний нэгдсэн хуралдаанаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан юм. Шинэчилсэн найруулгад “Гэр бүл хүчирхийлэлтэй тэмцэн хуулиар хүүхдийнхээ дэргэд архи ууж болохгүй” гэх заалт багтжээ. Та энэ талаарх дэлгэрэнгүйг V нүүрнээс унших боломжтой. Мөн “Хар жагсаалт”-ыг зарласан талаарх болон үйл явдлын мэдээ мэдээллийг уншаарай.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлж байдаг, нийгмийн нэгэн залуур чиг болж байдаг Баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт нийтлэлч Д.Мөнгөндалайн “Газар дээрх ганц ах минь нисээд өнгөрөлгүй буугаад явсан нь яамай даа” нийтлэлийг унших боломжтой.

Баримт, үйл явдал нүүрнээс Ё.Лхагвасүрэнгийн “Хэрвээ та хүсвэл таны нэр дээр хуурамчаар нээсэн файсбүүк, твиттер хаягийг устгуулж болно” ярилцлага хэвлэглэгдсэн байна.

МҮРОНТ-ийн “Монголын мэдээ” сувгийн захирал Ц.Мөнхтөрийн ““Монголын мэдээ” суваг “Евро 2016” тэмцээнийг HD форматаар шууд дамжуулна” ярилцлагыг уншаарай. Мөн хүмүүс нүүрнээс “Алдарт эх” онгоор энгэрээ мялаасан Ч.Болор-Эрдэнийн “Зарим хүмүүс дөрвөн хүүхэдтэй гэхээр итгэдэггүй” ярилцлага хэвлэгджээ.

“Дэвжээ” нүүрнээс үндэсний бөхийн гуравдугаар шатны найраа буюу цэргийн арслан болох өрсөлдөөний талаарх дэлгэрэнгүйг уншаарай. Дэлгэрэнгүйг XIII нүүрнээс уншаарай.

“Эрүүл мэнд” нүүрнээс шүд эмчлүүлэх явцад өвдөнө гэх ойлголт орчин үед байхгүй болсон талаар уншаарай. Мөн цаг үеийн мэдээ мэдээлэл хэвлэгдлээ. “Утга зохиол” нүүрэнд Олон “романтик” байшин шүүмж болон “Тэнгэрийн судар”-ын тэмдэглэл шинэ номын тухай нийтэлсэн байна.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хууль”-ийг хүлээн авав

Улсын Их Хурлаар “Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хууль” батлагдаж, 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан уг хуулийг хүлээн авах хүндэтгэлийн арга хэмжээ өнөөдөр Төрийн ордонд боллоо. Энэхүү арга хэмжээг Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Эрүүл мэнд, спортын яам хамтран зохион байгуулсан юм.

Хүндэтгэлийн арга хэмжээг нээж Улсын Их Хурлын дарга З.Энхболд хэлсэн үгэндээ, “Монгол Улсын Их Хурлаас энэ оны 04 дүгээр сарын 22-ны өдөр батлан гаргасан Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийг Монгол Улсын Засгийн газарт, Эрүүл мэнд, спортын яаманд өнөөдөр албан ёсоор хүлээлгэн өгч байна.

Монгол Улсад хуучин системийн үед эмнэлгийг шүтсэн хуучин Зөвлөлт загварын эрүүл мэндийн тогтолцоо нь зах зээлийн эдийн засагт шилжсэнтэй холбоотойгоор анхан шатны болон амбулаторийн тусламжид илүү анхаарсан тогтолцоонд шилжсэн. Өнөөгийн улсын гэх тодотголтой эмнэлгүүдийн зохион байгуулалт, удирдлагын тогтолцоонд үр ашиггүй байдал давамгайлж байгаа. Энэ тухай бид олон жил ярьсан. Эрүүл мэндийн байгууллагын төсвийн зардал нь эмнэлгийн тусламж, үйлчилгээнд биш барилга байшин, халаалтад зарцуулагдаж ирсэн. Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, үр ашгийг дээшлүүлэх нь хүн амын эрүүл мэндийн байдлыг сайжруулахаас гадна өсөн нэмэгдэж байгаа эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хэрэгцээг хангах, эрүүл мэндийн улмаас иргэдэд учирч байгаа санхүүгийн дарамтыг бууруулах, чанартай тусламж эрэлхийлсэн иргэдийн гадагшаа урсгаж байгаа зардлыг эх орондоо үлдээх зэрэг эдийн засгийн олон талын ач холбогдолтой” болохыг онцлон тэмдэглэлээ.

Мөн тус арга хэмжээнд Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт үг хэлсэн. Тэрээр, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хууль нь 7 бүлэг, 24 зүйлтэй бөгөөд 06 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн хэрэгжиж байна. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хууль нь эмнэлгийн тусламж, үйлчилгээний тогтолцоог боловсронгуй болгох, эмнэлгийн тусламж, үйлчилгээнд төр, хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх, эмнэлгийн хагас бие даасан засаглалыг дэмжсэн стратегийн болон гүйцэтгэлийн удирдлагын бүтэц, зохион байгуулалтын орчинг бүрдүүлж, санхүүжилтийн тогтолцоог үр ашигтай болгох, резидент эмчийг олон улсын жишгээр ажиллуулах зэрэг чухал асуудлуудыг тусгасан. Монгол Улсын гол баялаг бол эрүүл монгол хүн билээ. Энэ хууль батлагдсанаар эрүүл мэндийн салбарын өмнө тулгамдаж байсан олон асуудал шийдвэрлэгдэж, иргэд зүй зохистой, үр ашигтай байдлаар эмнэлгийн тусламж, үйлчилгээг авах боломж нээгдэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч С.Одонтуяа хэлсэн үгэндээ, “Өнгөрсөн хугацаанд Улсын Их Хуралд олон хууль батлахад гэрч болсон. Гэхдээ өнөөдрийн болж байгаа энэхүү арга хэмжээ шиг баярласан үйл явдал ховор байна. Учир нь ард иргэдийн эрүүл мэндийн төлөө өдөр шөнөгүй, нойр, хоолоо умартан зүтгэж байгаа та бүхний санасан, хүссэн зүйлийг энэ удаагийн Улсын Их Хурал баталж чадсанд туйлын баяртай байна. Өнөөдөр эрүүл мэндийн салбарын гацааг гаргалаа гэж энэ салбарын олон мэргэжилтнүүд хэлж байгаа. Өмнө нь эрүүл мэндийн салбар боломжин дээрээ тулгуурлаж ажилладаг байсан бол харин одоо бидэнд зорилтон дээр тулгуурлаж ажиллах сайхан боломж бүрдэж байна. Зорилт гэдэг нь монгол хүнд эрүүл мэндийн чанартай, хүртээмжтэй, тусламж, үйлчилгээ үзүүлэхийн тулд олон улсын стандартыг мөрдөж, энэ чиглэлээр төр, засаг, эрүүл мэндийн байгууллага, эмч нар бүгд хамтарч ажиллах шаардлагатай байгаа. Нөгөөтэйгүүр энэ хууль батлагдсанаар эмч нарын үнэ цэнэ нэмэгдэж байгаагийн зэрэгцээ эрүүл мэндийн салбарынхны нийгмийн асуудал нь шийдэгдэх сайхан боломж нээгдэж байгаа. Харин хуулийг хэрэгжүүлэх үйл явцад салбарынхан онцгойлон анхаарах хэрэгтэй. Азийн Хөгжлийн Банкнаас хуулийн хэрэгжилтэд буцалтгүй тусламж олгосноор хуулийн төсөл амжилттай хэрэгжих нөхцөл бүрдэнэ гэдэгт итгэж байна. Хуулийг боловсруулахад эхнээс нь батлагдах хүртэл чин сэтгэлээсээ оролцсон Улсын Их Хурлын гишүүд, Азийн Хөгжлийн банк, эмнэлгийн удирдлага, мэргэжилтнүүд, Үйлдвэрчний эвлэл, Төрийн бус байгууллага гээд хамтын хүчин чармайлтаар хууль амжилттай батлагдсан. Эрүүл монгол хүн бол Монголын үндсэн баялаг. Энэ сайхан үйлсдээ амжилттай ажиллахыг хүсч, ажлын амжилт хүсье” гэлээ.

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийг боловсруулах, батлахад үнэтэй хувь нэмэр оруулсан Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт, энэ хуулийг батлан гаргахад гурван жил тасралтгүй зүтгэж, байнгын хорооны ажлын хэсгийг ахалж ажилласан Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, Улсын Их Хурлын гишүүн Ё.Отгонбаяр, А.Тлейхан болон бусад гишүүд, эрүүл мэндийн байгууллагын удирдлага, эмч, мэргэжилтнүүдэд эрүүл мэнд, спортын салбарын нийт хамт олны өмнөөс баяр хүргэж, талархал илэрхийлэв.

Мөн тэрээр, эрүүл мэндийн салбарт 2011 онд батлагдсан Эрүүл мэндийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш өнгөрсөн хугацаанд санхүүгийн арга аргачлалыг боловсронгуй болгох, бие дааж ажиллуулах, тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэд, үйлчлүүлэгчдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг чанартай хүргэх сонголтыг нь зөв болгох зэрэг олон асуудлууд шийдэгдэхгүй өдийг хүрсэн. Энэ нөхцлийг эрх зүйн хувьд чиглүүлж, баталгаажуулж, Эрүүл мэндийн тухай хуульд үндэслэж тодорхойлж өгсөн Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хууль бол туйлын ач холбогдолтой хууль гэдгийг онцоллоо.

Хүндэтгэлийн арга хэмжээний үеэр Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн төслийг боловсруулах, батлахад идэвх, зүтгэлтэй ажилласан хүмүүст Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа эрүүл мэндийн салбарын шагнал, өргөмжлөл гардуулах үйл ажиллагаа болов.

Ингэснээр хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд оруулсан хувь нэмэр, гавьяа зүтгэлийг нь үнэлж салбарын түүхэнд тэмдэглэн Эрүүл мэнд, спортын яамны Хүндэт дэвтэрт бичиж, Эрүүл мэнд, спортын яамны хамгийн хүндтэй шагнал болох Гэрчилгээ олгож буйг салбарын сайд танилцуулж, уг Гэрчилгээг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч С.Одонтуяад гардууллаа.

Мөн Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт, Улсын Их Хурлын гишүүн Ё.Отгонбаяр, Улсын хоёрдугаар төв эмнэлгийн захирал Г.Баясгалан нарыг Эрүүл мэндийн салбарын тэргүүний ажилтан цол, тэмдгээр шагнасан юм.

Түүнчлэн ажлын хэсэгт орж ажилласан байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх Л.Лхагвасүрэн, зөвлөх Ж.Чимгээ болон Эрүүл мэнд, спортын яамны хэлтэс, газрын мэргэжилтэн, эмнэлгийн удирдлага, эмч, албан хаагчдад өргөмжлөл гардууллаа хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Бусаны нислэг энэ сард эхэлнэ

Монголын агаарын тээврийн “Айр Бусан” компани БНСУ-ын Бусан хот руу шууд нислэгээ энэ сарын 24-ний өдөр нээх гэж байна. Энэхүү нислэг нь бусад авиакомпанийн нислэгээс харьцангуй хямд байх бөгөөд анхны нислэгийн эхний 100 зорчигчдоо онцгой хмдралаар бэлэг барих гэнэ.

“Айр Бусан” компанийн анхны нислэгээр Бусан руу зорчихоор бүртгүүлсэн эхний 100 зорчигч 99 мянган төгрөгийн төлбөр дээр такс 100 мянган төгрөгийг нэмээд нэг талдаа 199 мянган төгрөгөөр зорчих боломжтой юм байна. Цаашдаа “Айр Бусан” авиакомпани Бусан хот руу долоо хоногт хоёр удаа тогтмол нисэхээр төлөвлөж буй ажээ.

Categories
мэдээ нийгэм

18.3 сая төл бойжиж байна

Өнөөдрийн байдлаар оны эхний 23 сая эх малын 78.5 хувь буюу 18.7 сая эх мал төллөсөн байна.

Нийт 18.3 сая төл бойжиж байгаа аж. Үүнээс, 53.6 мянган ботго, 497.1 мянган унага, 857.6 мянган тугал, 9.2 сая хурга, 7.7 сая ишиг байна.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн бүх хороо иргэддээ үнэгүй интернэтээр үйлчилнэ

“Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Мэдээллийн технологийн газраас “Улаанбаатар хотыг утасгүй интернэтжүүлэх” төслийг хэрэгжүүлж эхэллээ. Нийслэлийн 9 дүүргийн 151 хорооны нийт 155 байршилд утасгүй интернэтийн бүс байгуулж, иргэдийг үнэ төлбөргүй интернэтийн сүлжээгээр хангах тус төслийн нээлтийн үйл ажиллагаа боллоо. Уг арга хэмжээнд нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун, нийслэлийн Мэдээллийн технологийн газрын дарга Б.Бат-Өлзий, НИТХ дахь Төсөв, Санхүү, эдийн засгийн хорооны дарга Д.Хүрэлбаатар нар оролцов.

Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга уг үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ “Юуны өмнө Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая. Өнөөдөр Улаанбаатар хотод бас нэгэн тэмдэглэлт үйл явдал болж байна. Нийслэлийн бүх хороог утасгүй интернэт буюу wifi-д холбох төслийн нээлтийн ажиллагаа эхэлж байна. Өмнө иргэд нийслэлийн харьяа байгууллагууд, дүүргүүд дээр очиж өргөдөл гомдлоо өгч, төрөл бүрийн үйлчилгээ авдаг байсан. Харин одоо бол Дүнжингарав, Мишээл, Драгон төвөөс төрийн үйлчилгээг авдаг болсныг Та бүхэн мэдэж байгаа биз ээ. Төрийн үйлчилгээг иргэдэд илүү ойртуулж, Улаанбаатар хотын бүх хороог утасгүй интернэтийн сүлжээнд холбох гэж байна. Ингэснээр иргэд хорооноосоо 100 гаруй метрийн зайнаас утасгүй интернэтэд холбогдож төрийн олон үйлчилгээг авах боломжтой болох юм” гэлээ.

Эхний ээлжинд Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн зарим хороонд утасгүй интернэтийн бүс бий болгон туршилтаар ажиллуулж байгаа бөгөөд 2016 оны 6 дугаар сард багтааж дээрх 155 цэгийг бүрэн хамруулахаар төлөвлөжээ. Иргэд өөрийн амьдарч буй хорооны утасгүй интернэтийн бүсэд холбогдсоноор төрийн үйлчилгээг түргэн шуурхай авах, мэдээ мэдээллээр хангагдах мөн өөрийн санал хүсэлт, өргөдөл гомдлоо нийслэлийн удирдлагад шууд илгээх боломжтой болно.

Хотын үнэгүй, утасгүй интернетэд холбогдохын тулд иргэд өөрт ойр байрлах хорооны байр орчимд Wifi дэмждэг төхөөрөмжөө ашиглан “UBWiFi” нэртэй сүлжээнд холбогдон бүртгүүлэх хэрэгтэй.

Хотын үнэгүй, утасгүй интернэтэд холбогдохын тулд иргэд өөрт ойр байрлах хорооны байр орчимд Wifi дэмждэг төхөөрөмжөө ашиглан “UBWiFi” нэртэй сүлжээнд холбогдон бүртгүүлэх хэрэгтэй. Хэрэв өмнө нь цахим газар өмчлөл, цахим зуслангийн газар өмчлөлд бүртгүүлэн хандаж байсан бол тухайн бүртгэлийн мэдээллийг ашиглан утасгүй интернэтэд нэвтрэн орох боломжтой.

Энэхүү сүлжээнд холбогдсоноор иргэд нийслэлийн мэдээ, мэдээллийг цаг алдалгүй авах www.ulaanbaatar.mn, Ухаалаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлсэн иргэний цахим нэг цонх www.citizen.ulaanbaatar.mn, газар өмчлөлийн цахим систем, www.land.ulaanbaatar.mn, иргэдийн оролцоотой Улаанбаатар хотын газрын зураглалын нэгдсэн сан www.manaikhoroo.mn, өөрийн амьдарч буй хорооныхоо эрүүл аюулгүй байдлын индексийн талаар мэдээлэл авах боломжтой www.eabi.ub.gov.mn, нийслэлийн нээлттэй өгөгдлийн портал www.data.ulaanbaatar.mn, авто тээврийн хэрэгслийн нэгдсэн систем www.smartcar.mn зэрэг төрийн үйлчилгээний цахим сайтуудад өндөр хурдтайгаар холбогдож, төрийн үйлчилгээг авахаас гадна интернэтийн орчинд хүссэнээрээ аялах боломжтой.

Улаанбаатар хотыг утасгүй интернэтжүүлэх төслийг хэрэгжүүлснээр Улаанбаатар хот дэлхийн өндөр хөгжилтэй хотуудын жишигт хүрсэн Ухаалаг хот болох нэг том алхамюм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.