Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр Ганжуур, Данжуурын хэвлэмэл эхийг залах ёслол болно

Модон барын Их хөлгөн судар “Ганжуур”, “Данжуур”-ын хэвлэмэл бүрэн эхийг залах ёслолын ажиллагаа өнөөдөр 16:00 цагт ШУА-ийн хүрээлэнгүүдийн нэгдсэн I байранд болно.

Ёслолын ажиллагааг нээж ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирал доктор, профессор С.Чулуун үг хэлэх бөгөөд ШУА-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл мэндчилгээ дэвшүүлэх юм байна. “БНХАУ болон ӨМӨЗО-нд “Ганжуур, Данжуурыг судалсан судалгааны тойм” сэдвээр ӨМӨЗО-ны Нийгмийн шинжлэх ухааны хүрээлэнгийн судлаач доктор Шонхор, “Монгол Улс дахь Ганжуур, Данжуурын судалгааны тойм” сэдвээр ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэмтэн, судлаач Ч.Отгонбаатар нар илтгэл тавих аж.

Categories
мэдээ спорт

Б.Тэгшбаяр хос хүрэл медаль хүртлээ

Энэ сарын 4-ний өдрийн бямба гаригт Португаль улсын Анадиа хотод олон улсын дугуйн тэмцээн болж өндөрлөлөө. Тус тэмцээний 60 км-ийн олон бариат уралдаан болон нэг км-ийн цагийн уралдаануудад манай тамирчин Б.Тэгшбаяр хос хүрэл медаль хүртлээ. Тэрээр “Track Mongolia” төслийн хүрээнд Дэлхийн дугуйн төвд бэлтгэл сургуулиа хийж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Их Монгол Улсын гудамжинд дараах замуудыг хаана

Их Монгол Улсын гудамжны 2.3 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажил үргэлжилж байна. Уг ажлын хүрээнд тус замын “Жапан таун” хотхон руу ордог уулзвараас урагшаа Маршалын гүүрний урд уулзвар хүртэл хэсгийг өнөөдрөөс зургадугаар сарын 10-ны 23 цаг хүртэл хаана.

Мөн “Оргил” худалдааны төвөөс “Баянмонгол” хорооллын уулзвар хүртэлх хэсгийн замыг энэ сарын 10-ны 23:00 цагаас 12-ны 23:00 цагийн хооронд түр хааж хучилт хийнэ.

Categories
мэдээ улс-төр

ИЗНН-аас 15 хүн нэр дэвшинэ

СЕХ-ны шийдвэрээс болж сонгуульд оролцох эрхгүй
болохоо дөхсөн ИЗНН-д Улсын дээд шүүхийн шийдвэрээр батламжийг нь өнгөрсөн
долоо хоногт олгосон. Нэгэнтээ сонгуульд оролцох батламжаа авсан ИЗНН-ынхан 20
нэр дэвшигчийг тодруулсан бол Сонгуулийн ерөнхий хорооноос 15 хүнийг бүртгэж
батламж олгохоор болжээ.

Categories
мэдээ нийгэм

“Ганди”-гийн зам 15-нд дуусна

Гандийн гудамжны 1.6 км, Баянмонгол хорооллын урд талын 1.1 км авто замуудын зорчих хэсгийг нээгээд байна.

Одоогоор Гандийн гудамжны авто замын шинэчлэлт 90%-тай байгаа бөгөөд явган замын ажил үлдээд байна. Энэ сарын 15 гэхэд уг замын ажлыг бүрэн дуусгахаар ажиллаж байна. Баянмонгол хорооллын урд талын 1.1 км авто замын шинэчлэлтийн ажил 85%-тай, явган зам, гэрэлтүүлэг, заслын ажлууд үлдээд буй бөгөөд энэ сарын 20 гэхэд бүрэн дуусгахаар төлөвлөжээ.

Гандийн гудамжны 1.6 км авто замын ажлыг Хомын тал, Үйлсийн зам ХХК, Баянмонгол хорооллын урд талын 1.1 км авто замын ажлыг “Готик голд”, “Эко тогтол” ХХК-иуд гүйцэтгэж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

“Буянт-Ухаа-2” хороолол руу том оврын автобус явж эхэлнэ

Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд “Буянт-Ухаа-2” хороолол ашиглалтад шинээр орж, тус хороололд өнөөдрийн байдлаар 800 өрхийн 3,000 орчим иргэн суурьшаад байгаа. Эдгээр иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээг хүргэхээр Ч:56 “Буянт- Ухаа 2 хороолол 120 мянгат” чиглэлийг шинээр нээжээ. Тус чиглэлд 2016 оны зургаадугаар сарын 11-ний өдрөөс эхлэн “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын том оврын таван автобус 20 минут тутамд үйлчилгээ үзүүлнэ.

Categories
мэдээ нийгэм

Орон нутагт элэгний С вирус тоолдог болжээ

Энэ сараас эхлэн орон нутагт элэгний C вирусийг тоолдог болж байна. Тодруулбал, Баянхонгор аймаг С вирус тоолдог анхны аймаг болжээ. С вирус илрүүлж, оношлох аппаратыг Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлгийн төв лабораторид суурилуулан ажиллуулж эхэлсэн байна.

Энэхүү ажлын хүрээнд зохион байгуулагдаж байгаа “Элэг бүтэн Баянхонгор” төслийн нээлт өнгөрсөн сарын сүүлчээр Баянхонгор аймгийн Баганат талбайд болжээ. Тус арга хэмжээний нээлтийн үеэр элэгний хорт хавдар үүсгэгч хепатитын C, B, D вирусийг эрт илрүүлэн оношлох талаар мэдээлэл хийсэн байна. Элэгний С вирус тоолох шинжилгээ өртөг өндөртэй, тоног, төхөөрөмж нь ч өндөр үнэтэй байдаг учраас лабаротори болгон энэ үйлчилгээг үзүүлж чаддаггүй аж. Улсын эмнэлгүүд бол бараг хийж чаддаггүй. Төхөөрөмж нь байлаа ч төсөв хүрэлцэхгүй, урвалжаа авч чадахгүй тохиолдол ч гардаг байна.

Вирусийг гурван аргаар тодорхойлдог аж. Рапитист нь нэмэх, хасах сөрөг урвалаар илэрдэг тестийн арга. Титрийн арга аппарат дээр суурилагдсан тоон үзүүлэлтээр гаргадаг. Мөг вирусын идэвхжлийг тодорхойлох арга багтдаг байна. Нэг микр литр цусанд хэдэн ширхэг С вирус байгааг эхний шат, дараагийн шат, сүүлийн шатанд нь тодорхойлдог аж. Вирус тоолох шинжилгээг өлөн, архи дарс хэрэглээгүй үед өгдөг байна. Шинжилгээний хариу олон улсын Си нэгжээр гарна. Шинжилгээгээ өгөөд эмчилгээгээ хянах үедээ дахин шинжилгээ өгөхөд олон улсын нэгжээр гардаг аж. Тайланд, Америк, Монголдоо өгсөн ч яг адил нэгжээр хариугаа авдаг байна.

Categories
мэдээ нийгэм

Чингисийн талбайд “Сайн хашаа” хөтөлбөрийг танилцуулна

Гэр хороололд инженерийн хэсэгчилсэн болон төвлөрсөн дэд бүтэцтэй амины орон сууцны хороолол бий болгож, иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах нөхцөлийг бий болгох зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2016 оны тавдугаар сарын 09-ний өдрийн 252 дугаар тогтоолоор “Сайн хашаа” хөтөлбөрийг баталсан юм. Хөтөлбөрт хот, тосгоны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан аймаг, нийслэлийн хот байгуулалтын асуудал хариуцсан байгууллагуудаас тогтоосон гэр хороолол болон гэр хорооллын газрыг иргэдийн оролцоотой дахин зохион байгуулах төслийн талбар, зуслангийн газрыг хамруулна.

Үүнтэй холбогдуулан “Монгол Улсын Засгийн газар”, “Нийслэлийн Засаг даргын Тамгын газар”, “Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар”, “Нийслэлийн орон сууцны корпораци”, “Төрийн банк”, “Гэр хорооллыг орон сууцжуулах төсөл” хамтран “Сайн хашаа” хөтөлбөрийг иргэдэд танилцуулах өдөрлөгийг 2016 оны зургадугаар сарын 08-ны өдөр 10:00-18:00 цагийн хооронд Чингисийн талбайд зохион байгуулахаар боллоо.

Тус өдөрлөгөөр “Сайн хашаа” хөтөлбөрийг иргэд, олон нийтэд танилцуулах, хамрагдах хүсэлтэй иргэдийг зөвлөгөө, мэдээллээр хангах, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн санал болгож буй хэсэгчилсэн болон бие даасан инженерийн дэд бүтцийн шийдлүүдийг танилцуулах зэрэг үйл ажиллагаа болох юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийтттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хэрэгжиж эхэллээ

Өнөөдрөөс Монгол- Япон улс хооронд байгуулсан Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр албан ёсоор хэрэгжиж эхэлнэ. Манай улсын хувьд өнгөрсөн оны хоёрдугаар сарын эхээр Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хүчин төгөлдөр хэрэгжихэд шаардагдах “Онцгой албан татварын тухай хууль”,“Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах ажил хийсэн.

Өнгөрсөн сарын дундуур Япон улсын зүгээс парламентаараа богино хугацаанд баталснаар уг түншлэлийн хэлэлцээр эрхзүйн хувьд хэрэгжих боломжтой болсон. УИХ-ын даргын энэ сарын эхээр Япон Улсад хийсэн айлчлал нь хоёр улс хоорондын эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хэрэгжиж эхлэхтэй холбоотой хийгдэх гол ажлуудын талаар санамж бичгийн хүрээнд ойлголцолд хүргэсэн явдал байв.

Хамгийн чухал нь түншлэлийн хэлэлцээрийн үр дүнгээр худалдаа үйлчилгээ эрхлэгчдэд шууд замаар очиж буй татварын хөнгөлөлт. Тодруулбал, манай улс 97 бүлгийн 5700 орчим төрлийн бараа, Японы тал 97 бүлгийн 9300 орчим төрлийн барааны импортын гаалийн тарифыг бууруулах юм. Импортын барааны гаалийн тарифын 59 хувийг /3429 төрлийн бараа/, харин Япон улс 86 хувийг /8000 төрлийн бараа/ хэлэлцээр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн шууд чөлөөлнө.

УИХ-ын дарга дарга З.Энхболд Япон улсад хийсэн айлчлалын мэдээллийн үеэр “Өнөөдөр онгоцонд суудал олдохгүй байна. Японы бизнесменүүд манай улсыг зорьж, олноороо ирж байна. Учир нь, тэд энэ сарын 7-ны өдрөөс хоёр улс хоорондын эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хэрэгжихтэй холбоотой шинэ түншлэл, бизнес уулзалтууд хийхээр манай улсад ирж байна. Бизнесийнхэн энэ талаар хамгийн сайн мэдээлэлтэй байгаа. Манай ноолуурын компаниуд энэ сарын 7-ны өдрийг хүлээгээд экспортыг зогсоосон байна. Өнөөдөр гаргавал 15 хувийн татвартай, 7-ны өдрөөс хойш гаргавал 0 хувийн татвартай болж байгаа учраас тэр. Үүнээс хойш бизнесийн харилцаа улам сайжирна” гэж онцолсон юм.

Олон улсын туршлагаас харахад хоёр талын хийж буй нийт худалдааны үнийн дүнгийн 90-ээс доошгүй хувийг чөлөөлж байж чөлөөт худалдааны хэлэлцээрийн шалгуурыг хангадаг байна. Энэ ч үүднээс Үндэсний үйлдвэрлэгчдэд олдож буй татварын тэг хувийн систем эргээд засагтаа эерэгээр нөлөөлнө гэж тооцож буй. Манай хоёр улсын худалдааны эргэлт жилээс жилд өсөж байгаа хэдий ч өнгөрсөн оны байдлаар 343.4 сая ам.долларын алдагдалтай ажилласан нь судалгаагаар тогтоогдсон байдаг.

Эдийн засагчдын зүгээс хоёр орны эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр эхэлснээр гадаад худалдааны эргэлт эхний жилд 50-60 хувиар нэмэгдэх тооцооллыг гаргаж байгаа юм. Үүнийг дагаад манай улсын худалдаа эрхзүйн хувьд илүү тогтвортой байдлаар үргэлжилнэ гэсэн үг.

Нарийн дэг, хууль эрхзүйн орчинтой Япон улс анх удаа эл түншлэлийн хэлэлцээрийг богино хугацаанд батлах ажлыг шуурхайлсан талаар УИХ-ын дарга тодотгож байсан. Энэ нь Японы талаас уг түншлэлийн хэлэлцээрт онцгой ач холбогдол өгч буйг харуулсан явдал байв. Эл эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр нь манай улсын хувьд анхных, харин Японд 15 дахь хэлэлцээрт бичигдэж буй.

Манай улсын хувьд дэлхийн өндөр хөгжилтэй Япон улс манай оронтой эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулснаар зах зээлээ илүү чөлөөтэй болгож байгааг судлаачид онцолж байна. Энэ нь хямрал нүүрлээд байгаа өнөө үед үзүүлж буй улс төр, эдийн засгийн цагаа олсон дэмжлэг юм. Түүнчлэн олон улсын хамтын нийгэмлэг, санхүүгийн зах зээлийнхэнд, хамгийн гол нь манайд орж ирэх эсэхээ шийдэж чадахгүй эргэлзэж буй гадаадын хөрөнгө оруулагчдад эерэг үлгэр жишээ болох ач холбогдолтойг тэмдэглүүштэй.

Categories
мэдээ улс-төр

Нэр дэвшигчдийн үнэмлэхийг гардуулна

Өнөөдөр УИХ-ын 2016 оны сонгуульд нэр дэвшигчдэд үнэмлэхийг нь олгох ёслол Төрийн ордонд болно. Энэ удаагийн УИХ-ын ээлжит сонгуульд улс төрийн нам, эвсэл, бие даагчдын материалыг СЕХ хүлээн авч хянах хугацаа өчигдрөөр дуусгавар болсон юм.

Нэр дэвшигчдийн талаарх мэдээллийн талаар 11.00 цагт Төрийн ордонд СЕХ-ноос мэдээлэл хийх юм. Харин үүний дараа буюу 12.00 цагт Төрийн ордны Их танхимд УИХ-ын 2016 оны сонгуульд нэр дэвшигчдэд нэр дэвшигчийн үнэмлэх гардуулахаар болжээ.