Categories
мэдээ улс-төр

Тусгай хамгаалалттай газар нутгуудад дэмжлэг үзүүлнэ

Монгол Улсын Засгийн Газар, Холбооны Бүгд
Найрамдах Герман Улсын Засгийн газар хооронд байгуулсан буцалтгүй
тусламжийн хэлэлцээрийн хүрээнд Германы Сэргээн Босголтын Зээлийн
Банкаар (KfW) дамжуулан Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын
яам “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд
дасан зохицох” төслийг 2015 оноос 2020 оныг хүртэл 5 жилийн хугацаанд
хэрэгжүүлж байна.

Төслийн зорилго нь Монгол Улсын тусгай
хамгаалалттай газар нутгийн менежментийг (орчны бүс болон экологийн
коридор) бэхжүүлэх, биологийн олон янз байдлыг хамгаалах, орчны бүс дэх
орон нутгийн ард иргэдийн тогтвортой амьжиргааг дэмжих бөгөөд төслийн
нийт санхүүжилт 15.3 сая евро. Үүнээс: ХБНГУ-ын Засгийн газар 11.5 сая
еврог Германы Сэргээн босголт, зээлийн банк (KfW)-аар дамжуулан олгож
байгаа бөгөөд Монгол Улсын Засгийн газар 6.65 тэрбум төгрөг буюу 3.8 сая
еврог хамтран санхүүжүүлж байна.

Төсөл нь үндсэн 4 бүрэлдэхүүн хэсэгтэй
бөгөөд төслийн хоёрдугаар бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд Монгол улсын
Хангай, Төв, Зүүн бүсүүд дэх улсын тусгай газар нутаг (ТХГН)-уудын
батлагдсан менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх, ТХГН-ийн менежментийн
үр ашигт байдлыг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор 200,0 саяас 1,5
тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий дэд төслүүдийг хэрэгжүүлэхээр сонгон
шалгаруулалтыг нээлттэй зарлаж 11 төслийг шалгаруулсан байна.

Эдгээр дэд төслүүдийг хэрэгжүүлэхтэй
холбогдуулан БОНХАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, сонгон
шалгаруулалтад тэнцсэн хамгаалалтын захиргааны дарга нартай харилцан
ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах ёслолын үйл ажиллагааг 2016
оны 06 дугаар сарын 07-нд зохион байгуулсан.

Дэд төслийн сонгон шалгаруулалтад Дорнод
Монголын УТХГ, Зэд Хантай Бүтээлийн нурууны ДЦГ, Онон Балжийн БЦГ,
Орхоны Хөндийн БЦГ, Отгонтэнгэрийн УТХГ, Тарвагатайн нурууны БЦГ, Улаан
тайгын УТХГ, Хангайн нурууны БЦГ, Хан Хэнтийн УТХГ, Хустайн нурууны БЦГ,
Горхи Тэрэлжийн БЦГ гэсэн 11 хамгаалалтын захиргаанаас ирүүлсэн төслүүд
багтсан байна. Эдгээр дэд төслүүдэд 3 жилийн хугацаанд нийт 9.0 гаруй
тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэнэ.

Дэд төслүүд хэрэгжсэнээр ТХГН-ийн
хамгаалалтын дэд бүтцийг сайжруулахад томоохон хөрөнгө оруулалт болж
эдгээр газруудын менежментийн үр ашигтай байдал дээшлүүлэх, ой,
бэлчээрийн хамгаалалт сайжирч , байгалийн замаар нөхөн сэргээгдэх
боломжийг бий болгох, биологийн олон янз байдлын хамгаалалт сайжруулах,
ТХГН-ийн орчны бүсийн иргэдийн тогтвортой амтжиргааг дэмжихэд чухал ач
холбогдолтойюм.

Санамж бичигт гарын үсэг зурах ёслолын
ажиллагаанд БОНХАЖЯ-ын Сайд Н.Батцэрэг, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа
Элчин Сайд Герхард Тийдеманн нар оролцож харилцан үг хэллээ.

БОНХАЖ-ын сайд Н. Батцэрэг хэлэхдээ:
“Холбооны Бүгд Найрамдах Герман Улс Монгол орны тусгай хамгаалалттай
газруудыг онцгойлон дэмжиж байгаад бид баяртай байна. Биологийн төрөл
зүйлийг хадгалан хамгаалахын сацуу түүнээс харилцан хамааран аж төрж буй
хүмүүсийн амьдрал ахуйн эх үүсвэрийг сайжруулах нь чухал билээ. Зөвхөн
ингэснээр л бид тогтвортой хөгжлийг бий болгож чадна” хэмээн цохон
тэмдэглэв.

“Монгол улсын төр, засгаас Тусгай
хамгаалалттай газар нутгийн талаар баримтлах төрийн бодлогын биелэлтийг
хангах зорилготой “Монгол улсын тогтвортой хөгжлийн зорилтууд”-д хүрэхэд
бид хамтдаа хувь нэмрээ оруулна, мөн Биологийн олон янз байдлыг
хадгалан хамгаалах, уур амьсгалд ээлтэй тогтвортой хөгжлийг цогцлоохын
төлөө хийж буй Монгол Улсын хүчин чармайлтыг бид дэмжин, цаашид ч
найдвартай түнш байх болно” хэмээн ХБНГУ-ын Элчин сайд Герхард Тийдеманн
онцлов. Элчин сайд цааш нь хэлэхдээ, Холбооны Засгийн газраас дэлхий
даяар ойн болон экологийн тэнцвэртэй байдлыг хадгалан хамгаалахад
зориулж жилд 500 сая еврог зарцуулдаг гэв.

Дэд төслийн саналыг сонгон шалгаруулахад
ирүүлсэн санал, баримт бичгийн агуулга, чанар чухал үзүүлэлт нь байв.
Санхүүжилт хүссэн төслүүдэд өрсөлдөөний зарчмын дагуу шалгаруулалт
явуулсанаар 11 төсөл сонгогдсон. Дараагийн ээлжинд төсөлд хамрагдсан
газарт суурь судалгаа хийж, эдгээрт үндэслэн нутгийн иргэдийн
оролцоотойгоор нэн тэргүүнд шаардлагатай хөрөнгө оруулалтын бэлтгэл
ажлыг ханган хэрэгжүүлнэ.

Categories
мэдээ улс-төр

Улаанбаатар хотыг утасгүй интернетээр холбоно

Улаанбаатар хотыг утасгүй интернетээр холбоно“Ухаалаг
Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Мэдээллийн технологийн
газар нь “Улаанбаатар хотыг утасгүй интернетжүүлэх” төслийг хэрэгжүүлж
буй. Энэ төслийн хүрээнд нийслэлийн 9 дүүргийн 151 хороо, Багахангай,
Сонгинохайрхан, Налайх, Багануур дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын
байр зэрэг нийт 155 байршилд утасгүй интернетийн бүс байгуулж, иргэдийг
үнэ төлбөргүй интернетийн сүлжээгээр хангах зорилготой юм.

Төслийн эхний ээлжинд Хан-Уул,
Сонгинохайрхан, Сүхбаатар, Баянзүрх дүүргүүдийн зарим хороонд утасгүй
интернетийн бүс бий болгон туршилтаар ажиллуулж байгаа бөгөөд 2016 оны
6-р сард дээрх 155 цэгийг бүрэн хамруулж дуусах юм.

Иргэд өөрийн амьдарч буй хорооны утасгүй интернетийн бүсэд холбогдсоноор төрийн үйлчилгээг түргэн шуурхай авах, мэдээ мэдээллээр хангагдах мөн өөрийн санал хүсэлт, өргөдөл гомдлоо илгээх, зэрэг олон боломж бүрдэх юм.

Иргэн хотын үнэгүй, утасгүй интернетэд
холбогдохын тулд өөрт ойр байрлах хорооны байр орчимд Wifi дэмждэг
төхөөрөмжөө ашиглан “UBWiFi” нэртэй сүлжээнд холбогдон бүртгүүлэх
хэрэгтэй. Хэрэв өмнө нь цахим газар өмчлөл, цахим зуслангийн газар
өмчлөлд бүртгүүлэн хандаж байсан бол тухайн бүртгэлийн мэдээллийг
ашиглан утасгүй интернетэд нэвтрэн орох боломжтой.

Энэ сүлжээнд холбогдсоноор иргэд
Нийслэлийн мэдээ, мэдээллийг цаг алдалгүй авахwww.ulaanbaatar.mn,
Ухаалаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлсэн иргэний цахим нэг
цонх www.citizen.ulaanbaatar.mn, газар өмчлөлийн цахим систем,
www.land.ulaanbaatar.mn, иргэдийн оролцоотой Улаанбаатар хотын газрын
зураглалын нэгдсэн сан www.manaikhoroo.mn, өөрийн амьдарч буй хорооныхоо
эрүүл аюулгүй байдлын индексийн талаар мэдээлэл авах
боломжтой www.eabi.ub.gov.mn, нийслэлийн нээлттэй өгөгдлийн
портал www.data.ulaanbaatar.mn, авто тээврийн хэрэгслийн нэгдсэн
системwww.smartcar.mn зэрэг төрийн үйлчилгээний цахим сайтуудад өндөр
хурдтайгаар холбогдож, төрийн үйлчилгээг авахаас гадна интернетийн
орчинд хүссэнээрээ аялах боломжтой юм.

“Улаанбаатар хотыг утасгүй интернетжүүлэх төслийг хэрэгжүүлснээр Улаанбаатар хот дэлхийн өндөр хөгжилтэй хотуудын жишигт хүрсэн Ухаалаг хот болох нэг том алхам юм” гэж Нийслэлийн Мэдээллийн технологийн газраас мэдээллээ.

Улаанбаатар хотыг утасгүй интернетээр холбоно

Categories
мэдээ нийгэм

Олон улсын эрдэм шинжилгээний хурал болно

Монголбанк, БЭСТ консорциум, МУИС-ийн Эдийн засгийн тэнхим хамтран
зохион байгуулж байгаа 2016 оны олон улсын эрдэм шинжилгээний хурал 06-р
сарын 10-ны өдөр зохион байгуулагдах гэж байна. Тус хурал 2014 онд
Эрдэс баялгийн орлогын менежмент, 2015 онд Аж үйлдвэрийн бодлого зэрэг
ерөнхий сэдвүүд дор зохион байгуулагдаж байсан бол энэ удаад дэлхийн зах
зээлийн өөрчлөлтийг даган эдийн засгийн бодлогын онол, туршлагыг
танилцуулах, тус чиглэлээр хийгдэж байгаа судалгааны ажлуудын үр дүн
болон мэдлэгийг бусдад түгээх зорилгоор “Шинэ нөхцөл дэх эдийн засгийн бодлого: Онол ба бодлого” сэдвийн дор зохион байгуулагдах юм.

Олон улсын эрдэм шинжилгээний хурал дараах гурван үндсэн чиглэлээр зохион байгуулагдана.

  • Шинэ нөхцөл дэх мөнгөний ба сангийн бодлого
  • Монгол Улсад олон салбарын төрөлжилтийг хэрэгжүүлэх бодлого ба асуудлууд
  • Институцийн орчин ба тогтвортой хөгжил

Энэхүү хуралд эдийн засгийн бодлогын чиглэлээр ажилладаг төрийн
түшээд, ОХУ, Япон болон бусад орны судлаачид, дотоодын их дээд
сургуулиудын судлаач нар эдийн засгийн бодлого, бизнесийн нөхцөл, олон
улсын жишээ, бодлогын оновчтой шийдлүүдийн талаар төрийн бодлого, санал
бодол, судалгааг танилцуулж, бодлогыг хэрэгжүүлэх дэлхийн туршлагыг олон
нийтэд түгээж санал солилцох юм.

Categories
мэдээ нийгэм

Хөрсний бохирдол бууруулах нүхэн жорлонгийн загварыг танилцууллаа

Эрүүл мэнд спортын яам, Нийгмийн эрүүл мэндийн хэлтэс, Барилгын хөгжлийн төв хамтран өнөөдөр “Нүхэн жорлон, муу усны цооног”-ийн техникийн шаардлага MNS 5924:2015 стандартыг танилцууллаа. Үндэсний статистикийн хорооны 2013 оны судалгаагаар Монгол Улсын нийт хүн амын 27 хувь нь шаардлага хангасан ариун цэврийн байгууламж хэрэглэж чадахгүй байгаа дүн гарчээ. Хөдөө орон нутагт нийт хүн амын 25 хувь нь ариун цэврийн байгууламжгүй учраас дээрх стандартыг энэ оны хоёрдугаар сараас мөрдөж эхэлсөн бөгөөд ЭМСЯ-наас дөрвөн хувилбар бүхий “ОО”-ийн загварыг танилцуулжээ. Үүнд агааржуулагчтай сайжруулсан нүхэн, бага хэмжээний усаар зайлуулах, бордоожуулах, хуурайшуулах жорлон багтаж байгаа аж. Эдгээр жорлонгууд нь бохироо соруулах боломжтой бөгөөд бохирыг хөрсөнд нэвчүүлдэггүй учраас хөрсний бохирдлыг бууруулах бүрэн боломжтой гэнэ. Жорлонгийн үнэ барилгын материалаас шалтгаалан 800 мянган төгрөгөөс байх аж. Ариун цэврийн байгууламж, орчин нөхцөл муу байгаагаас халдварт шар өвчин их гардаг учраас айл өрх бүр хүүхдийнхээ эрүүл мэндийг хамгаалъя гэвэл шаардлага хангасан ариун цэврийн байгууламж хэрэглэхийг мэргэжилтнүүд зөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм

Мүүнийн шашинтай хэн нэгэн хүнийг баривчлаагүй гэв

Мүүний шашинтай хоёр иргэнийг баривчилсан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдсан билээ. Энэ талаар “Цензургүй яриа” нэвтрүүлгийн хөтлөгч Л.Мөнхбаясгалан фэйсбүүк хуудсаараа дамжуулан “Монгол дахь МҮҮН-ийн шашны эв нэгдлийн сүмийн загалмайлсан эцэг гэгдэх Мацумото болон Солонгос улсын иргэн Кан нарыг баривчилсан” хэмээн бичсэн байсан юм. Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад, ташаа мэдээлэл гээд Мүүнийн шашинтай холбоотой, толгойлогч нь гэж үзэх ямар ч хүнийг баривчлаагүй хэмээн мэдээлсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Морины дөрөөнд чирэгдэж амиа алджээ

Налайх дүүргийн зургадугаар хорооны нутагт “Тэрэлжийн урд “Өвөлжөө” гэх газар хүүхэд моринд чирэгдэж нас барсан байна” гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад өчигдөр иржээ. Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид очиж шалгахад тус хороонд суух 52 настай эрэгтэй Б-ийн ач хүү Хан-Уул дүүргийн тавдугаар хороонд суух 10 настай эрэгтэй А нь морь унаж яваад дөрөөндөө чирэгдэж нас барсан байжээ. Хэргийг Налайх дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.

Categories
мэдээ нийгэм

Машингүй өдрийн агаарт хэмжилт хийжээ

Замын цагдаагийн газар, Нийслэлийн Агаарын чанарын албатай хамтран автомашинтай болон автомашингүй өдрийн агаарын бохирдлыг хэмжжээ. Ингэхдээ хоёр үе шаттайгаар хэмжилтийг Ялалтын талбай, МУИС, Зүүн 4 зам, Баруун 4 зам орчим нийт дөрвөн цэг дээр хийсэн байна.

Хэмжилтээр автомашинтай өдрийн NO2-азотын давхар ислийн агууламж автомашингүй өдрийнхөөс хоёр дахин давсан үзүүлэлттэй гарчээ. Энэ нь тээврийн хэрэгслийн түлшний шаталтаас уг хий замын дагуух орчинд ихээхэн хэмжээгээр хаягддаг болохыг харуулж байна.

Categories
мэдээ нийгэм

Сургууль, цэцэрлэгийн барилгуудыг концессын гэрээгээр барина

Сургууль, цэцэрлэгийн барилга барих төслийн концессын гэрээг холбогдох аж ахуйн нэгжүүдтэй байгуулахаар тогтлоо.

Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын цэцэрлэг, сургуулийн барилга, Шинэ-Идэр сумын цэцэрлэгийн барилга, Орхон аймгийн “Эрдэнэт”цогцолбор сургуулийн өргөтгөл, Өвөрхангай аймгийн Хархорин сумын сургуулийн барилга, Ховд аймгийн Жаргалант сумын цэцэрлэгийн барилга, Дундговь аймгийн Сайнцагаан сумын цэцэрлэгийн барилга, Дархан-Уул аймгийн Дархан суманд цэцэрлэгийн барилга барих төслийн гүйцэтгэгчидтэй концессийн гэрээ байгуулах юм. Гэрээ байгуулсан компаниуд сургууль, цэцэрлэгийн барилгуудыг концессийн “барих-шилжүүлэх” төрлөөр барьж ашиглалтад оруулах бөгөөд барилгын чанарын баталгаат хугацаа гурван жил байхаар гэрээний төсөлд тусгасан байна.

Categories
мэдээ нийгэм

Нийтийн тээврийн дараах чиглэлд өөрчлөлт орно

Их Монгол улсын гудамжны авто замын засварын ажлын хүрээнд “Жапан
таун” хотхон уруу ордог уулзвараас урагшаа Маршалын гүүрийн уулзвар
хүртлэх авто замыг 2016.06.07-ны өдрийн 01:00 цагаас 2016.06.10-ны
өдрийн 23:00 цаг хүртэл хаана.

Энэ хугацаанд энэ чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг Ч:28 “Сэлх-7 буудал-Ард кино театр-Ревир Гарден” чиглэлийн автобус доорх чиглэлийн зураглалын дагуу иргэдэд үйлчилнэ.

Мөн Их Монгол улсын гудамжны авто зам засварын ажлын хүрээнд “Home
plaza” төвийн аюулгүйн тойргоос “Оргил” худалдааны төв хүртлэх авто
замыг 2016.06.10-ны өдрийн 23:00 цагаас 2016.06.12-ны өдрийн 23:00
цагийг хүртэл хаана.

Нийтийн тээврийн энэ чиглэлд үйлчилгээ үзүүлдэг Ч:28
“Сэлх-7 буудал-Ард кино театр-Ревир Гарден”, Ч:10 “ганц
худаг-Сансар-Баян Монгол хороолол-Мишээл экспо”, Ч:32 “Улиастай-Баян
Монгол хороолол-ТЭЦ-3”, Ч:36 “Гачуурт-Офицеруудын ордон-Зайсан”
чиглэлийн автобусууд дээрх чиглэлийн дагуу иргэдэд үйлчилгээ үзүүлнэ гэж
Нийслэлийн Тээврийн Газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 143 км замын барилгын ажил үргэлжилж байна

zamӨндөрхаан-Чойбалсан чиглэлийн 143 км замын барилгын ажил төлөвлөгөөний дагуу энэ сарын 25-нд дуусах ёстой. Зам, барилгын ажлын гүйцэтгэгчээр “Өвөр залаат”, “Бадрах ойл”, “Арж капитал”, “Хансуун зам”, “Насны зам” компаниуд ажиллаж байгаа бөгөөд ЗТЯ-ны Авто зам, тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Б.Ууганбаяр газар дээр нь хяналт тавин ажиллаж байгаа юм байна.

Өнөөдрийн байдлаар 13,35 км замын ажлын гүйцэтгэгчээр ажиллаж байгаа “Хансуун зам” компани үндсэн газар шорооныхоо ажлыг эхлээгүй, төлөвлөгөөнөөс 23 хувийн хоцрогдолтой яваа бөгөөд зөвхөн хэмжилтийн ажлаа хийж байгаа аж. Зам, тээврийн сайд М.Зоригт өнгөрсөн долоо хоногт тус компанид барилгын ажлаа эрчимжүүлэх хугацаатай даалгавар өгч, төлөвлөгөөт хугацаанд зам, барилгын ажлаа хийж эхлэхгүй бол хатуу хариуцлага тооцохоо сануулсан юм.

Харин “Арж капитал” компани 25 км замын гүйцэтгэгчээр ажиллаж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар асфальт хучилтын ажлаа хийж эхэлсэн гэнэ. Мөн “Бадрах ойл” компани төлөвлөснөөс илүү ажлын биелэлттэй явж байгаа бол “Насны зам”, “Өвөр залаат” компаниуд 23-26 хувийн хоцрогдолтой ч ажлаа эрчимжүүлж эхлээд байгаа юм байна.