Categories
мэдээ нийгэм

Тариалалтын явц 99,5 хувьтай байна

Улсын хэмжээнд тариалалт 99.5 хувьтай явагдаж байгаа талаар Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас мэдээллээ. Тухайлбал 332.2 мянган га-д үр тариа үүнээс 314.5 мянган га-д улаанбуудай, 17.7 мянган га-д бусад таримал, 10.9 мянган га-д төмс, 4.8 мянган га-д хүнсний ногоо, 6.4 мянган га-д малын тэжээл, 28.9 мянган га-д тосны ургамал, нийт 383.3 мянган га-д тариалалт хийжээ. Үр тарианы тариалалт 102.9 хувьтай байгаа бол төмсний тариалалт 81 хувь, хүнсний ногооны тариалалт 68.1 хувьтай байгаа гэж Хүнс, Хөдөө Аж Ахуйн яамнаас мэдээлсэн байна. Төмс, хүнсний ногоо, малын тэжээл, тосны ургамлын тариалалт үргэлжилж байгаа бөгөөд зургадугаар сарын 5-ны дотор тариалж дуусгахаар төлөвлөн ажиллаж байна. Энэ онд улсын хэмжээнд 322.96 мянган га-д үр тариа, үүнээс 301.5 мянган га-д улаанбуудай, 21.46 мянган га-д үр тарианы төрлийн бусад таримал, 13.4 мянган га-д төмс, 7.1 мянган га-д хүнсний ногоо, 16.3 мянган га-д тэжээлийн, 25.3 мянган га-д тосны ургамал, нийт 385.2 мянган га-д тариалалт хийхээр төлөвлөсөн байна.

Categories
мэдээ нийгэм

Муу усны нүхэнд хүүхэд унажээ

Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороонд орших Москва хорооллын аравдугаар байрны өмнөх муу усны нүхэнд тэр хавиар явж байсан гурван настай хүүхэд унаж гэмтжээ.

Энэ талаар иргэдээс өгсөн мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагад дуудлага иржээ. Хүү тус хорооны оршин суугч аж. Үүнтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас эцэг, эхчүүдэд бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, ганцааранг нь орхихгүй байхыг анхаарууллаа.

Categories
мэдээ нийгэм

Х.Тамир, Б.Амарбаясгалан нарыг шүүх хурал 15-нд болно

Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Тамир, Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтэст ажиллаж байсан Б.Амарбаясгалан нарын таван хүнд холбогдох хэрэг шүүхэд шилжээд буй.

Уг хэргийг шүүх хурал өнгөрсөн сарын 17-нд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болохоор товлогдоод байсан ч өмгөөлөгч нь ирээгүйн улмаас хойшилжээ. Улмаар энэ сарын 15-ны өдөр тус шүүхэд хянан хэлэлцэхээр болсон байна.

Сэжигтнүүдийг Эрүүгийн хуулийн 188.3, 192.2, 272.2-аар гэх мэт зургаан зүйл ангиар буруутгаад байгаа аж. Одоогоор тэднээс прокурор Х.Тамирын хамсаатан гэх Б.Амарбаясгалан, Д.Жавхлан, Н.Мөнхбат нар гадуур батлан даалтад байгаа бол Б.Сүхбаатар нь цагдан хоригдож байгаа аж.

Дээрх нэр бүхий прокуроруудыг хар тамхи, мансууруулах бодис тээвэрлэсэн, борлуулахыг завдсан болон албан тушаалаа урвуулан ашигласан гэх хэрэгт буруутган, яллагдагчаар татаад буй. Тодруулбал, тэд хар тамхины хэрэгт холбогдож, ял эдэлж байсан Б.Сүхбаатарыг Эрээн рүү мөс хэмээх мансууруулах төрлийн бодис авчруулахаар явуулсан төдийгүй Чойр өртөөнд ирэхэд нь тосч байгаад цагдаагийнханд баригдсан юм.

Categories
мэдээ нийгэм

26 алба хаагч дэслэгч цол хүртлээ

ХСИС-ийн Онцгой байдлын сургуулийг Онцгой байдлын ажил-эрхзүйн мэргэжлээр төгссөн 26 сонсогчийг Онцгой байдлын албаны офицерын бүрэлдэхүүнд орууллаа.

Дээрх албан хаагчдыг төв, орон нутгийн Онцгой байдлын газар, анги байгууллагад салаан захирагч, бүлгийн даргаар томилсон ОБЕГ-ын даргын тушаалыг өнөөдөр танилцуулсан юм. Шинээр томилогдсон албан хаагчдад Онцгой байдлын дэслэгч цол олгосныг дэд дарга, онцгой байдлын хурандаа Г.Ариунбуян гардуулав.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

АН-ын нэр дэвшигчид батламжаа гардан авлаа

УИХ-ын 2016 оны сонгуульд Ардчилсан Намаас
76 нэр дэвшигчийг Сонгуулийн Ерөнхий Хороо бүртгэсэн. Тус намын нэр дэвшигчид
16:20 цагт батламжаа гардаж авлаа.


Categories
мэдээ улс-төр

МАН-аас НИТХ-д нэр дэвшигчид үнэмлэхээ гардан авав

Намуудаас хамгийн түрүүнд нэр дэвшигчдийн материалаа ирүүлж, хуулийн хугацаандаа бүртгүүлсэн нийслэлийн МАН-аас нэр дэвшигчид өнөөдөр сонгуульд оролцох үнэмлэхээ гардан авлаа. Үүнээс гадна тус намынхан сонголтыг эн тэнцүү хийсэн төдийгүй насны хязгаар дээрээ ч онцгой анхаарчээ. Тухайлбал, эрэгтэй 80, эмэгтэй 20 хувь, байгаа бол 33-40 насныхан 48.9, харин 40-50 насныхан 42.2, 50-иас дээш насныхан 8.9 хувьтай байгаа юм. Мөн дүүргийн намын хорооны дарга тав, дэд дарга дөрөв, Намын анхан шатны байгууллагын дарга 12, НИТХ дахь намын бүлгээс зургаа, дүүргийн ИТХ-ын намын бүлгээс 11 хүнийг тус бүр нэр дэвшүүлжээ.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн гэр хорооллын өрхүүдийн 6,2 хувийг цахилгаанаар хангана

Нийслэлийн хэмжээнд 2012-2015 онд Улаанбаатар хотод 29.1 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр 18 154 өрхийг цахилгаан эрчим хүчээр хангах, хүчдэлийн уналтыг сайжруулах ажил хийсэн байна. Цаашид хотын төвийн хэт ачааллыг хөнгөлөх болон айл өрхийг цахилгаан эрчим хүчээр хангахаар нийт 16.5 тэрбум төгрөгийн төсөвт ажлыг эхлүүлэхэд бэлэн болжээ. Үүнээс гэр хороолол дундах фидерийн ачаалал хөнгөлөх ажилд 1.2 тэрбум, айл өрхийг цахилгаан эрчим хүчээр хангах, хүчдэлийн уналтыг сайжруулах ажилд 15.3 тэрбум төгрөгийг зарцуулахаар төлөвлөж байна. Ингэснээр нийслэлийн хэмжээнд 12 428 өрхийг цахилгаан эрчим хүчээр хангах боломж бүрдэнэ. Энэ нь хотын гэр хорооллын нийт өрхийн 6.2 хувийг эзэлж байгаа юм. Мөн энэ онд нийслэлийн төсвийн хөрөнгөөр Хан-Уул дүүргийн 13,14 дүгээр хороо, Баянзүрх дүүргийн 5,4,22 дугаар хорооны 650 өрхийг цахилгаан эрчим хүчинд шинээр холбох бөгөөд холболтын ажил эхэлсэн байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ

Мэргэжлийн болон техникийн боловсролыг
хөгжүүлэх Үндэсний хөтөлбөр болон түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний
төлөвлөгөөг баталж, Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион
байгуулж, хяналт тавьж ажиллахыг Хөдөлмөрийн сайд Г.Баярсайханд үүрэг
болголоо.

Улс орны хөгжлийн чиг баримжаа, эдийн
засгийн салбаруудын өсөлтийн хандлага, техник, технологийн дэвшил,
хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, хэрэгцээнд нийцэхүйц мэдлэг, ур чадвар,
төлөвшилтэй мэргэжилтэй ажилтан бэлтгэх, ажилтны мэдлэг, ур чадварыг
тасралтгүй хөгжүүлэх зорилт тавигдаж байна. Нийгмийн түншлэл, хамтын
ажиллагааг өргөжүүлэх, мэргэжлийн түвшний үндэсний тогтолцоог
төлөвшүүлэх, чанарын баталгаажуулалт, байгууллагын менежмент засаглалыг
сайжруулах зорилгоор мэргэжлийн болон техникийн боловсролыг хөгжүүлэх
Үндэсний хөтөлбөрийг боловсруулжээ.

Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлснээр төр,
хувийн хэвшил, иргэний нийгмийн болон олон улсын байгууллагын зохистой
түншлэл өргөжиж ажил олгогчийн захиалгат сургалт, элсэлт нэмэгдэж,
мэргэжлийн болон техникийн боловсролын нийгэмд эзлэх байр суурь
дээшилнэ. Мэргэжлийн түвшний үндэсний тогтолцоог төлөвшүүлснээр
мэргэжилтэй ажилтны ур чадварыг бодитой үнэлэх, мэргэжлээрээ өсч дэвших,
ур чадвартай уялдсан цалин хөлс авах боломж бүрдэнэ гэж үзэж байна.
Үндэсний хөтөлбөрийг 2016-2021 онд хэрэгжүүлнэ.

Categories
мэдээ улс-төр

АН-ын нэр дэвшигчид үнэмлэхээ авч байна

2016 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан нам 76 нэр дэвшигч дэвшүүлж байгаа. Тэдний олонх нь орон нутагт ажиллаж байсан тул өнөөдөр 12.00 цагт нэр дэвшигчийн үнэмлэхээ гардаж авч чадаагүй. Тэгвэл яг одоо тус намынхан нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авч байна. Дээрх үйл ажиллагаа Төрийн ордонд болж байна.

Энэ удаагийн УИХ-ын сонгуульд 12 нам, гурван эвсэл, 69 бие даагч нийт 498 нэр дэвшигч өрсөлдөхөөр бүртгүүлсэн юм.

Categories
мэдээ улс-төр

Наадмын комисс хуралдав

Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн
ойн баярыг зохион байгуулах Үндэсний хорооны ээлжит хурал өнөөдөр Монгол
Улсын Шадар сайд, тус хорооны дарга Ц.Оюунбаатарын өрөөнд боллоо.

Хурлаар баяр наадмын төсөв, Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын
тоглолтын талаар танилцуулга, Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худаг
дахь автомашины зогсоолын талаар товч мэдээлэл хийлээ.

Нээлт, хаалтын тоглолтын найруулагчаар Улсын драмын эрдмийн театрын
найруулагч Н.Наранбаатар, төрийн хүндэтгэлийн концертыг Үндэсний дуу,
бүжгийн эрдмийн чуулгын дарга, найруулагч Г.Цоггэрэл нар ажиллана.

Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт нийт 7300 гаруй автомашины зогсоол гаргахаар бэлтгэж буй ажээ.

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн засварын ажлыг чанартай хийж гүйцэтгэхэд
хяналт тавих, наадмын нээлт, хаалтын тоглолтын бэлтгэлийг эртнээс
хангах, бүх төрлийн үзүүлбэр тоглолтын аюулгүй байдалд онцгой анхаарахыг
Шадар сайд үүрэг болголоо.

Мөн Хүй долоон худагт морь барианы газар, үзэгчдийн суудал, соёлын
арга хэмжээ, худалдаа үйлчилгээний газруудад усалгааг одооноос эхлүүлж,
зүлэгжүүлэхийг үүрэг болголоо.

Наадам болтол Хүй долоон худагт аливаа уралдаан тэмцээн зохиохгүй байхаар боллоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.