Categories
мэдээ нийгэм

“Сайн хашаа” хөтөлбөрийг танилцуулах өдөрлөг Чингисийн талбайд болно

Гэр хороололд инженерийн хэсэгчилсэн болон төвлөрсөн дэд бүтэцтэй, амины орон сууцны хороолол бий болгож, иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах нөхцөлийг бий болгох зорилгоор “Сайн хашаа” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэх гэж байна. Хөтөлбөрийн хүрээнд иргэдийн хувийн орон сууцыг хэсэгчилсэн болон бие даасан инженерийн хангамжийн шугам сүлжээ, эх үүсвэрт холбох зориулалт бүхий хөнгөлөлттэй зээлийг харилцагч банкаар дамжуулан олгох юм.

Иргэн та “Сайн хашаа” Хөтөлбөрт хамргадсанаар:
  • Иргэний хувийн өмчийн газар, амины орон сууцны үнэ цэнэ нэмэгдэнэ.
  • Хот, суурин газрын агаар, хөрс, усны бохирдол буурна.
  • Өрхийн орлого нэмэгдэж, ажлын байр бий болгоно.
  • Иргэд ая тухтай орчинд амьдрах нөхцөл бүрдэнэ.
Хэрвээ та “Сайн хашаа” хөтөлбөрийн талаар илүү их мэдээлэл авахыг хүсвэл 2016 оны 6 дугаар сарын 08-ний өдрийн Лхагва гарагт Чингис хааны нэрэмжит талбайд болох “Сайн хашаа” хөтөлбөрийг танилцуулах өдөрлөгт хүрэлцэн ирээрэй. Өдөрлөг 10:00-16:00 цаг хүртэл үргэлжилнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Categories
мэдээ улс-төр

УБТЗ нийтийн тээврийг хөгжүүлэхэд туслана

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл өнөөдөр “Улаанбаатар Төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн нэгдүгээр орлогч Ушаков Александр Вениаминович тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын нийтийн тээврийг сүлжээг сайжруулахад хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлээд, Улаанбаатар хотын доторх тээврийн асуудлыг шийдэх нь маш чухал байгааг онцоллоо. Тэрээр “Улаанбаатар хотын 2020 хүртэл ерөнхий төлөвлөгөө, 2030 оны хөгжлийн чиг хандлагыг бид УИХ-аар хуульчлан батлуулсан. Өнгөрсөн 4 жил ерөнхий төлөвлөгөөний дагуу хотын зам, инженерийн дэд бүцийг сайжруулахад онцгойлон анхаарч бүтээн байгуулалтыг эрчимжүүлсэн. Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөнд Налайх, Багануур, Жаргалант, Партизан зэрэг газруудыг дагуул хот болгон хөгжүүлэхээр тусгасан. Тиймээс дагуул хот болгон хөгжүүлэх газрууд руу төмөр зам тавих, шинэчлэх, хөгжүүлэх шаардлагатай байна. Та бүхнийг хот, дүүргийн зорчигч тээвэрт ашиглагдаж байгаа төмөр замыг шинэчлэх ажилд хамтран ажиллахыг хүсэж байна” гэлээ. Мөн Хөшигийн хөндийд баригдаж байгаа олон улсын шинэ нисэх онгоцны буудал хүртэл төмөр замын маршрут гаргаж төмөр зам дагуу хөгжлийн коридор үүсгэх төслийг дэмжин хамтран ажиллахыг хүсэв.

Улаанбаатар төмөр замын зүгээс энэ асуудлыг дэмжин хамтран ажиллах боломжтой байгаагаа илэрхийлсэн бөгөөд цаашид талууд хамтарсан төслийн нэгж байгуулан ажлаа эхлүүлэхээр тохиролцов гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдэлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Монгол, Хятадын хилийн боомтууд маргааш амарна

Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т заасны дагуу Монгол, Хятадын авто замын хилийн боомтууд маргааш амрах юм байна.

Учир нь БНХАУ-д “Луут завины баяр” тохиож байгаа аж. Харин зургадугаар сарын 10-ны баасан гаригаас хуваарийн дагуу хэвийн ажиллах аж.

Тэгвэл энэ үеэр Монгол, Хятадын төмөр замын боомтууд амрахгүйгээр Олон улсын галт тэрэгний цагийн хуваарийн дагуу иргэдэд үйлчилэх юм байна.

Categories
мэдээ нийгэм

Бага насны хүүхэд машины цонхоор унаж, амиа алджээ

Өчигдөр Налайх дүүргийн нэгдүгээр хороонд бага насны хүүхэд автомашины цонхоор унаж, амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, тус хороонд оршин суух, 36 настай, эрэгтэй Б гэх иргэн “Hyundai Porter” автомашиндаа гурван настай охиноо үлдээгээд явсан хойгуур охин нь машины цонхоор унасан байжээ. Улмаар эмнэлэгт хүргэгдэх замдаа амьсгал хураасан байна.Дашрамд дурдахад, ийм тохиолдолд эцэг эхчүүдэд Эрүүгийн хуулийн 118-р зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэдэг юм байна.

Categories
мэдээ нийгэм

Зуслангийн шинэ чиглэлийг энэ сарын 11-нээс нээнэ

Зуслангийн чиглэлийн нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг энэ сарын 11-ний өдрөөс эхлүүлэхээр болжээ. Энэ жилийн хувьд ЗҮ:1 “Гүнт-Жигжид-Тэнгис кино театр” чиглэлд их багтаамжийн гурван автобус 36 минутын хүлээгдлийн хугацаатайгаар, ЗҮ:2 “Гоодой-Тэнгис кино театр” чиглэлд их багтаамжийн нэг автобус 01:38 минутын хүлээгдлийн хугацаатайгаар, ЗҮ:3 “Баянбулаг-Тэнгис кино театр” чиглэлд их багтаамжийн нэг автобус 02:00 цагийн хүлээгдлийн хугацаатайгаар тус тус үйлчилгээ үзүүлэхээр болжээ. Мөн зуслангийн чиглэлийн ХО:1 “Санзай-Тэнгис кино театр”, ХО:2 “Шарга морьт-Дүнжингарав худалдааны төв” чиглэлүүд хуучин замналаараа иргэдэд үйлчлэх аж.

Categories
мэдээ цаг-үе

Р.Амаржаргал: Таван толгой дээр УИХ нь засгийн ажлыг хийгээд эхлэхээр хамаг юмыг бужигнуулаад хаячихаж байна

Р.Амаржаргалтай ярилцлаа.

-Та Сүхбаатар дүүргээс нэр дэвшээд сонгогдох өндөр магадлалтай байсан ч нэрээ татсан. Үүнийгээ эмэгтэйчүүдийн 20 хувийн квотыг хангахгүй бол нам сонгуульд орохгүй болно гэж тайлбарлаж байлаа. Гэвч шинэ Засгийн газар байгуулахад сайд болох зорилготой нэрээ татчихлаа гэсэн яриа гадуур гараад байна?

-Би ер нь ямар нэгэн болзол тавьж ажил хийдэггүй шүү дээ. Зөв, буруу гэдэг зарчмаар л ажилладаг хүн. Намайг тэгвэл би ингэнэ үүнийг ингэвэл тэгнэ гэж наймаалцдаг зүйл надад төрөлхийн байхгүй. Тийм учраас зүгээр л тухайн үедээ зөв л гэж үзсэн миний шийдвэр юм. Ер нь бол эмэгтэйчүүдийн улс төрд оролцох оролцоог хангах, үүнийг жаахан бэхжүүлэх чиглэлээр дээр үеэс анхаарал тавьж ажилладаг байсан. 1997, 1998 онд санагдаж байна. Монголын үндэсний ардчилсан нам гэж байлаа. Талийгаач С.Зориг бид хоёр тэгэхэд МҮАН-ын гүйцэтгэх зөвлөлд эмэгтэйчүүдийн квотыг анх оруулж батлуулж байсан. Тэр үеэс эхлээд энэ явсаар байгаад өдийг хүрсэн л дээ. Угаасаа чиг хандлага нь ч тийм байгаа юм. Ганцхан Монголд ч биш дэлхий даяар эмэгтэйчүүдийн оролцоо тэртэй тэргүй нэмэгдэнэ. Эмэгтэйчүүдийн чанар чансаа нь ч гэсэн ондоо болчихоод байгаа шүү дээ. Тэдний мэдлэг боловсрол, хийж байгаа ажлынх нь цар хүрээ ямар байгаа билээ. Цаашдаа ч нэмэгдэх хандлагатай. Энэ утгаараа гарцаагүй л хэн нэгэн хүн дэмжих ёстой байхгүй юу. Том юмаа харах юм бол нэгдүгээрт нь тийм юм.

-Хоёрдугаарт нь?

-Хоёрдугаарт нь мэдээж намын эрх ашиг гээд юм байж байгаа шүү дээ. Хүн болгон дотроо зөв гэж бодож байгаа атлаа дэмжихгүй суугаад байх. “Тийм тийм уг нь эмэгтэйчүүд хэрэгтэй байгаа юм”, “Тийм ээ парламентад оруулах нь зөв, гэхдээ одоо яана аа” гээд аман дотроо шогшроод байх уу. Сая ҮЗХ-ны хуралдаанаас харагдлаа шүү дээ. Сүүл рүүгээ хүчээр шахуу нэг хэсэг хүмүүсийг хасаад оронд нь эмэгтэйчүүдийг оруулж ирлээ. Тийм байдал руу орно гэдэг өөрөө жаахан гунигтай байгаа юм. Уг нь үүнийг жаахан цэгцтэй, замбараатай, системтэй хийх хэрэгтэй байсан байх л даа. Ямар ч байсан нам 76 хүн нэр дэвшүүлж бүгдээрээ оролцохоор боллоо. Үүнээс илүү яахав. Бас ийм үр дүнд хүрэхэд миний үйлдэл тодорхой хэмжээгээр нөлөөлсөн л гэж ойлгож байгаа.

-Эмэгтэйчүүдийг нэлээд хатуу учраатай тойргуудад нэр дэвшүүлсэн байдал харагдаад байгаа?

-Түүнийг бол ёстой мэдэхгүй. Би тэр юманд ердөө ч оролцоогүй. Сүүлийн сар гаруйн хугацаанд намын хороод гээд янз бүрийн нэр дэвшигчтэй холбоотой үйл ажиллагаанаас хол байлаа. Би оролцоогүй шүү, та нар л ийм маягаар хийж байгаа шүү гэдэг маягаар зугтаж байсан.

-Та аль нэг сонгуулийн штабт ажиллах уу?

-Намайг хэрэгтэй гэж үзвэл чадлынхаа хэрээр л тусална. Ерөнхийдөө Монголын гайгүйхэн шиг төр бүрдэх учиртай гэж ойлгож байгаа. Тийм учраас өөрийн зөв гэж үзсэн хүнээ хүний өөрийн гэхгүй дэмжиж ажиллана гэдгээ би илэрхийлчихсэн. Гэхдээ чухам юу хийж чадахаа сайн мэдэхгүй л байна. Хэн нэгэн хүн орж ирээд туслаарай, дэмжээрэй гэвэл би сүрхий татгалзаад байхгүй л гэж бодож байгаа.

-Блүүмбергээс таныг оны шилдэг эдийн засагчаар тодруулсан байна лээ. Ер нь эдийн засгийг тун таагүй байна гэж их ярьдаг боллоо. Нэг хэсэг нь дэлхийн эдийн засгийн хямралаас хамаарч байна гэх. Манайхаас гаргадаг байгалийн түүхий эдийн үнэ ханш унаад байгаагаас боллоо гээд янз бүрийн тайлбар явж байна. Та үүнийг юунаас шалтгаалсан гэж харж байгаа вэ?

-Наадах чинь бүгд л үйлчилж байгаа зүйл шүү дээ. Дэлхийн зах зээлийн нөхцөл байдал ч үйлчилж байна.Дотооддоо бид өөрсдөө ч бас нэг арчаагүй байдалд байна. Энэ бүх зүйлийг үгүйсгэх арга байхгүй. Ер нь юмны цаад углуурга, асуудал нь чухам юундаа байна гэдэг дээр нэлээд анхаарал тавимаар байгаа юм. Яг цэвэр эдийн засгийн талаас нь бид өдий болтол хариулт өгч чадахгүй байгаа. Осолгүй нэг хэсэг хүмүүс энд тэнд юм хэлээд онош тавиад байгаа боловч яг системийн шинж чанартай өнөөдөр үүсчихээд байгаа эдийн засгийн нөхцөл байдал маань ямар шалтгаантай юм бэ гэдгийг тайлбарлаж чадахгүй байна. Үйл хөдлөлийн эдийн засаг гэж шинжлэх ухааны нэг чиглэл байдаг. Би хувьдаа тэр талаас нь илүү харж өнөөгийн үүсчихээд байгаа байдлыг тайлбарлах ёстой юм болов уу гэсэн бодолтой байгаа. Дээрээс нь нэмээд улс төрийн эдийн засгийн талаас нь үүнийг бас тайлбарлах ёстой болов уу. Өөрөөр хэлбэл энэ хоёр арга зүйг хэрэглэж байж өнөөгийн үүсчихээд байгаа нөхцөл байдлын арай жаахан бодитой дүр төрхийг гаргаж ирэх байх.

Манайд нэг буруу ойлголт сүүлийн үед яваад байгаа. Нэг аж ахуйн нэгж, байгууллага, компани удирдаж байсан хүн хүрч ирээд улс орныг удирдаад аваад явж чадна гэж бодоод байх шиг байгаа юм. Тэндээ тодорхой хэмжээний амжилтад хүрсэн байж болно. Гэхдээ компани удирдах, улс орны эдийн засгийг удирдах чинь шал ондоо байхгүй юу. Тэс өөр эдийн засгийн нэр томьёонууд, категориуд хэрэгтэй болно. Тэр бүгдийг ойлгодог байх хэрэгтэй. Тэдний уялдаа холбоог нь хөгжил хөдөлгөөнд нь олж харж чаддаг байх ёстой. Хамгийн энгийн жишээ хэлэхэд компанийн хэмжээнд боловсон хүчин, хүний нөөцийн асуудал л гэж яригддаг биз дээ. Гэтэл улсын хэмжээнд ороод ирэхээр хөдөлмөрийн зах зээлийн асуудал болчихно. Энэ чинь хоёр ондоо ойлголт шүү дээ. Хөдөлмөрийн зах зээл дээр өрнөж байгаа асуудал, аж ахуйн нэгжийн боловсон хүчний асуудал гэдэг хоёр өөр зүйл гэсэн үг. Ялгаж салгаж чадах ёстой байхгүй юу. Манайхан үүнийг ерөөсөө ойлгодоггүй. Тэгсэн атлаа би ингэж байсан юм чинь юухан байхав удирдана гэдэг. Мөн манайд өнөөдөр яг үнэнийг хэлэхэд макро эдийн засгийн түвшинд улс орны эдийн засгийг аваад явах эдийн засагч нарын цөм ерөөсөө бүрдэж өгөхгүй байгаа. Ганц нэг хүн энд тэнд харагдаад байх боловч хүч нь нэгдэж чаддаггүй. Тэр утгаараа цаашдаа эдийн засгийн боловсролыг нэлээд гүнзгийрүүлэх, чанарын шинэ шатанд гаргах чиглэлээр анхаарч ажилладаг юм бил үү гэсэн бодол надад бий. Үүн дээр ач холбогдол өгөхгүй бол цаашдаа олигтой явахгүй юм шиг байна гэсэн ойлголт төрөөд байгаа.

-Засгийн газрыг төсвийн алдагдлыг зээлээр нөхөж байна. Энэ нь зөв, буруу гэсэн яриа их гарах юм. Та энэ талаар юу гэж боддог вэ?

-Энэ бол техникийн чанартай асуудал. Яах ёстой вэ энэ тэр гэдэг нь сурах бичиг дээр байж байдаг зүйл. Тийм учраас би хөндөж ормооргүй байна. Хамгийн гол нь энэ бүх асуудлын чинь утга учир, мөн чанар, үр дагавар нь юундаа байгаа юм гэдгийг хараад түүн дээр нь дүгнэлт хийх субьект байх ёстой. Тэр субьект байхгүй тухай асуудлыг би хөндөөд байгаа юм. Наад асуудлыг чинь Монгол Улсын Ерөнхий сайд өөрөө харж байх ёстой. Сангийн сайд харж байх ёстой. Асуудлыг бүхэлд нь харж байдаг Монголбанк гэж байх ёстой. Эд нарын чинь уялдаа холбоо энэ бүгдийг харах чадвар гэдэг чинь нэлээд чухал зүйл. Энэ субьектүүд өнөөдөр байхгүй байна. Яг ний нуугүй хэлэхэд өр ч гэж юу юм. Яаж ч тэрийг шийддэг юм. Ер нь ямар үр дагавартай байдаг юм гэдгийг дээр миний хэлээд байгаачлан компанийн хэмжээнд сэтгээд байгаа байхгүй юу. Макро эдийн засгийн хэмжээнд бол ямархуу янзын үр дагавартай юм бэ гэдгийг ердөө ойлгохгүй байна шүү дээ. Болно, болно ингээд тэгчихнэ гэсэн тиймэрхүү хандлагаар хараад байна л даа.

-Эдийн засгаа солонгоруулахын тулд уул уурхайгаа хөдөлгөх ёстой гээд байдаг шүү дээ. Уул уурхайгаасаа олсон орлогоор л бусад зүйлсээ хийж авах бололтой юм?

-Дахиад хэлье. Наадуул чинь дандаа техникийн чанартай асуудлууд юм. Хариултууд нь бэлэн байж байгаа. Солонгоруулах, солонгоруулахын тулд хөрөнгийн эх үүсвэр хаанаас авах, түүнийгээ хааш нь чиглүүлэх, юунд мөнгө зарах юм гэдгийг бүгд ярьдгаа яриад одоо сахал ургачихсан хуучин зүйл. Хүн болгон мэддэг болчихсон. Би сүүлийн үед хамгийн гол асуудал нь юундаа байна гэхээр хүндээ байна гэж л бодоод байгаа. Энэ бүгдийг чинь ойлгож, харж, хэрэгжүүлэх чадвартай боловсон хүчний асуудал. Дээр субьект гээд ярьсан шүү дээ. Тэр субьектуудын асуудал чухал. Бид тэр лидерүүдээ гаргаж ирж чадахгүй байгаа юм. Салбар салбар дээр нь бид өөр өөрсдийнх нь лидерүүдийг тодруулаад гаргаж ирэх ёстой юм л даа. Аж үйлдвэр, хөдөө аж ахуй, банк санхүү, барилга, шинжлэх ухаан, техник технологийн салбар, төсөв дээр ч гэдэг юм уу. Тэр хүмүүсээ гаргаж ирдэг механизм нь байхгүй болчихсон. Өнөөдөр улс төрийн намууд гэдэг юманд энэ байгаа цөөхөн хэдэн хүн бий шүү дээ. Тэр цөөхөн хэдэн хүн дотор бас авьяастай, чадалтай, мэдлэгтэй, боловсролтой нь бүүр цөөхөн байгаа. Тэднийгээ улс төрийн намуудаар тараагаад цөмийг нь буюу хүчийг нь бүрдүүлж өгөхгүй байгаа байхгүй юу. Тарааж хаячихаад байгаа. Ийм учраас улс төрийн нам гэж харгалзахгүйгээр Монгол Улсын эрх ашиг том юмаа хараад цаашаагаа явж чадах баг бүрдүүлэх. Тийм хүмүүсийг төр засаг руу авчирдаг механизм юу байна гэдэг дээр манай холбогдох хүмүүс анхаарлаа хандуулж, бодож, өөрсдийнхөө байр суурийг илэрхийлэх цаг болсон байх.

-Улс оронд нөлөөгөө үзүүлэх томоохон төслүүдийг хөдөлгөх гэтэл улс төрийн оролцоо их байдгаас гацчихдаг гэсэн шүүмжлэл бий. Тавантолгойгоор жишээ авахад бизнесийн чиглэлээр нь явуулах ёстой гэдэг атлаа улс төрийн шалтгаанаар явуулахгүй байна гэдэг?

-Наадах чинь бол зүгээр л нэг тохиолдлын чанартай зүйл харагдаж байгаа. Том системээрээ юу харагдаад байна гэхээр шийдлүүд нь тэртэй тэргүй байж байгаа. Таван толгойг яаж явуулах вэ гэдгийг бүгд мэдэж байгаа шүү дээ. Инженер, техникийн хүмүүсийг авчраад тавьчих юм бол тэд аваад л явчихна. Үүнийг чинь хэрэгжүүлдэг тэр субьектууд нь чухам хаана, юу байгаа юм. Тэр маань үүнийг авч яваад цааш нь чанарын шинэ шатанд гаргаад ирэх тэр тогтолцоо манайд хаана байна вэ. Өнөөдөр жишээ нь Таван толгойн асуудал Улсын Их Хурлын асуудал болчихоод байгаа. Тийм биз?

-Тийм.

-Би одоогоос долоо, найман жилийн өмнө энэ бол үсрээд нэг агентлагийн газрын даргын хэмжээнд л яригдах ёстой асуудал гэж ярьж байсан. Нэг аж ахуйн нэгж байгууллагын асуудал шүү дээ. Хэрвээ төр нь ухаантай бол УИХ-аа ийш татаж оруулахгүй. Бүр яамыг ч татаж оруулахгүйгээр агентлагийн түвшинд залаад чиглүүлээд төрийнхөө эрх ашиг, Монголын эрх ашгийг хангаад явж болох байхгүй юу. Гэтэл манай тэр агентлаг энэ ажлаа хийх чадвар байхгүй. Тэгээд яам нь орж ирээд шийдэх гэхээр бас чадваргүй. Засаг нь орж ирээд бүхэлдээ үүнийг шийдэх гэхээр бас чадвар байхгүй. Тэгээд Их хурал дээрээ үүрч авчраад тавьчихсан. Ингээд хууль тогтоох байгууллага чинь Засгийн газрын ажлыг хийгээд эхэлж байгаа байхгүй юу. Энэ чинь нөгөө хамаг юмыг нь бужигнуулаад хаячихаж байна шүү дээ. Хэрвээ Монгол Улсын эрх ашиг зөв томьёологдоод түүнийг зөв хэрэгжүүлдэг механизм нь байсан бол иймэрхүү асуудлууд яамны нэг хэлтэс ч юм уу эсвэл агентлагийн хэмжээнд шийдэгдээд явах ёстой. Тэнд Монгол Улсын эрх ашиг 100 хувь хангагдаж байх ёстой. 51 хувь нь төрд байх нь ашигтай юм уу эсвэл 34 хувь нь байх ёстой юм уу. Хаанаас хөрөнгө оруулалтаа татаж байх ёстой юм. Тэр дэд бүтцийг яах ёстой вэ гэдэг тэр хэмжээнд шийдэгдэж байх ёстой. Манайх тэр хэмжээнд ажиллаж чадахгүй байна л даа. Тэгээд явсаар явсаар байгаад яамныхаа хийх ажлыг засаг нь хийгээд засгийн хийх ажлыг Их хурал нь хийж байна. УИХ-ынхаа хийх ажлыг Ерөнхийлөгч нь хийгээд Ерөнхийлөгчийнхөө хийх ажлыг агентлагийн дарга нь хийгээд байхаар энэ улс орон чинь яаж хөгжих вэ дээ. Миний нөгөө яриад байдаг зүйл чинь тэр шүү дээ. Дээрээ суудлаа олохгүй бол доороо хэзээ ч гүйдлээ олохгүй нь ээ гэж.

-Тэгэхээр одооноос яг ямар ажил хийвэл зөв голдрилдоо орох юм бэ?

-Яривал зөндөө юм байгаа л даа. Өнөөдөр ярих цаг нь мөн үү, биш үү гэдгийг би хэлж мэдэхгүй байна. Сонгууль өнгөрөөд шинэ засаг төр нь бүрдээд ирсний дараа бол ганц хоёр өөрийн гэсэн санаа, хэрэгжүүлье гэж бодож явдаг зүйлээ холбогдох хүмүүстэй хуваалцах байх. Сонсох нь уу, сонсохгүй юу тэд нарын асуудал. Миний хувьд бол юу гэж ойлгож байгаа вэ гэхээр нэн түрүүн энэ улс орон эзэнтэй л болох ёстой. Юм цэгцрэхэд энэ их чухал зүйл.

Ж.БАЯРСАЙХАН

Categories
мэдээ цаг-үе

Дэлхийн хөрөнгийн захынхан литигийн хайгуулд гар татахгүй байна

Дэлхийн хөрөнгийн зах зээл дээр тоглодог эрхмүүд литигийн хайгуулын төслүүдэд гар татахгүй байна. Литигийн хайгуул хийх компаниудад том биржүүдээс мөнгө босгох боломж зуу, хоёр зуун хувь байгаа гэсэн үг. Манай улсын хувьд литигийн хайгуулын хэд хэдэн төсөл эхэн шатандаа яваа юм байна. Мэдээж хөрөнгийн зах зээлийнхний сонирхож байгаа ховор металл учраас амжилттай хэрэгжээд эхэлсэн нь тодорхой. Хамгийн хөнгөн металл гэдэг литиг одоохондоо утас, компьютерийн батарейд ашиглаж байгаа. “Тесла”-гийн цахилгаан машин дэлхийн хэрэглээ болбол литигийн ханш хаданд гарна гэсэн таамаг бий. Ер нь технологи хөгжих хэрээр лити гэх мэт элементүүд “моодонд” орно гэж шинжээчид онцолдог. Европын холбоо гэхэд л өндөр технологид ашиглагдах ийм металлуудын нийлүүлэлтэд аль хэзээнээс анхаараад эхэлчихсэн. Лити бол ховор металл. Газрын ховор элемент биш ч нарийн технологийн үйлдвэрлэлд гүйцэтгэх үүрэг нь асар их. Технологийн ертөнцийн ус агаар гэх нь бий. Ховор металлд литигээс гадна бериллий, тунгстен, вольфрам, цезий, рубидий, циркони, гафний, антимони, кобалт, цагаан тугалга багтдаг. Ганц Европ ч биш дэлхий даяараа ховор металлд анхаарлаа хандуулж байна. Өндөр хөгжилтэй орнууд литигийн нөөц дажгүй улсуудад төсөл хэрэгжүүлээд эхэлсэн өчнөөн жишээ бий.

ЛИТИ ГЭЖ ЮУ ВЭ?

Дэлхийн хөрөнгийн зах зээлийн халуун сэдэв болоод байгаа лити нь Мендеелевийн үелэх системийн элемент. Тодруулж хэлбэл, мөнгөлөг цагаан өнгөтэй металл юм. Бүх металлаас хамгийн хөнгөн нь. Хар тугалганаас зөөлхөн. Давтагдах, сунахдаа сайн. Хэд хэдэн металлтай хамтатгаж хайлш хийдэг. Халуун тэсвэрлэдэг хайлшууд хийхэд хөнгөн цагаан, магни, бериллийн хамт хэрэглэдэг. Литиг эдгээр металлтай хольж хийсэн хайлш өндөр үнээр үнэлэгддэг. Хэт хөнгөн, бат бөх, зэврэлтэд тэсвэртэй учраас ийм хайлшаар пуужингийн эд анги хийдэг. Металл лити, түүний нэгдлүүд нь пуужин, дуунаас хурдан онгоц, усан доогуур шумбагч онгоцны тусгай түлшний үндсэн бүрэлдэхүүн хэсэг болдог аж. Бас нисэх хүчин, сансар судлал, хар ба өнгөт металлург, цөмийн энерги, шил ба керамик эдлэлийн үйлдвэр, агааржуулалтын систем, хими ба нефтийн үйлдвэрт өргөн хэрэглэдэг. Литийн нэг хувийн хольц, хөнгөн цагааны хоёр хувийн хольцтой зэсийн хайлшууд гэхэд л маш бат бөх, зэврэлт, үрэлтэд тэсвэртэй, цахилгаан дулаан сайн дамжуулдаг давуу талтай байдаг. Лити атомын реакторт дулаан зөөгчийн үүрэг гүйцэтгэдэг. Мөн энэ элементийг эмнэлгийн практикт сэтгэц, гутралын өвчний эмчилгээнд ашигладаг байна. Хүний биед литийн хэмжээ 70 мг байдаг гэнэ. Литийн нэгдлүүд амьтны элэг, бөөр, дэлүү, уушги, цус, сүүнд хуримтлагддаг. Литийн агуулгын дээд хэмжээ хүний булчинд илэрчээ.

ЛИТИГ МООДОНД ОРУУЛСАН ЦАХИЛГААН МАШИН ДЭЛХИЙН ХЭРЭГЛЭЭ БОЛНО

Литиг хөрөнгийн зах зээлийн шуугиан болгосон “Тесла”-гийн цахилгаан машиныг дэлхий даяараа хэрэглэх цаг ойрхон байна. Ганц цахилгаан машин ч биш цахилгаанаар ажилладаг гэр ахуйн бүх л хэрэглээг зай хураагуураар шийдэх боломж байгааг “Тесла”-гийн эзэн Элон Маск ердөө хэдхэн сарын өмнө цахим орчинд жиргэсэн юм. Түүний жиргээ “лити” хэмээх мөнгөлөг өнгөтэй металлыг сонирхох хүсэл нь аль хэдийнэ асчихсан хөрөнгө оруулагчдыг “галзууруулж” орхисон хэрэг.

“Тесла”-г ирээдүйн машинуудыг бүтээгч гэдгийг хэн ч хүлээн зөвшөөрнө. “Гэхдээ яг ч машин бүтээгч биш. Тэд бол машины зай хураагуур бүтээдэг компани” гэж барууны хэвлэлүүд онцолдог. “Тесла моторс” компанийн гол зорилго бол дэлхий нийтэд цахилгаан машины хэлбэр загвар, хүчин чадал, боломжийг бүрэн харуулах, цахилгаан хөдөлгүүртэй машиныг түлшээр ажилладаг машинтай өрсөлдөхүйц хямд зардалтай болгох юм.

“Тесла Моторс” компанийг Мартин Эберхард, Марк Тарпeннинг, Ж.Б Стрюбелл, Иан Врайт, Элон Маск тав үүсгэн байгуулж байж. 2008 оны санхүүгийн хямралын үеэр Элон Маск компанийн бүтээгдэхүүн загварчлалын дарга болж удирдлагыг гартаа авсан түүхтэй. “Тесла моторс” анх Tesla Roadster хэмээх цахилгаан спорт машин үйлдвэрлэж 31 улсад 25000 ширхгийг борлуулж чадсан байдаг. Харин 2012 онд хоёр дахь машин болох дээвэр нь онгойдог, дөрвөн хаалга бүхий модел S загварыг болон зах зээлд чиглэсэн гурав дахь модел Х загвараа танилцуулсан нь олныг шуугиулсан мэдээний нэг болж байв. Модел Х загварыг өнгөрсөн оны эхээр үйлдвэрлэж эхэлсэн юм. Тэд машинаас гадна цахилгаан эрчим хүч дамжуулагч системийг Mersedes A Class, Daimler, Toyota гэх зэрэг компанид борлуулдаг. Тэгвэл саяхан тус компани салбартаа хувьсал хийх цоо шинэ загварын машин болох “Модел 3”-ыг танилцуулаад байна. “Тесла моторс”-ын эзэн Элон Маск танилцуулгаа хүлэмжийн хийн асуудал, дэлхийн дулаарлын сэдвээр эхлүүлсэн юм. Түүнийг ногоон дэлхийн төлөө тэрбум тэрбум доллар зарцуулж байгаа ухаалаг бизнесмэнүүдийн тод төлөөлөл гэдгээр нь дэлхий анддаггүй. Тэр бол хүн төрөлхтний хайртай бизнесмэн. Элон шинэ загвараа танилцуулахдаа “Байгаль орчинд ээлтэй тээврийн хэрэгсэл эх дэлхийн ирээдүйд маш чухал” хэмээн онцолсон юм. “Модел 3” загварын үзүүлэлтүүд хүн төрөлхтнийг дуу алдуулж байгаа. Ирээдүйн машин гэгдэж буй “Модел 3” нэг удаагийн цэнэглэлтээр 346 км зам туулна, 100 км/ц хурдыг зургаа хүрэхгүй секундэд авна, таван том хүн суух боломжтой, автомат жолоодлого, супер цэнэглэлтийн горимтой. Цахилгаан машиныг 35 мянган долларын үнээр худалдаална гэж буй. Маскийн хэлснээр “Тесла”-гийн автомашинуудын хамгийн гол үзүүлэлт бол аюулгүй байдал. Тиймээс ч шинэ загвар хагас автомат горимтойгоор хэрэглэгчдэд хүрч байгаа юм. Мөн “Тесла” компани АНУ, Европ, Ази дахь супер-цэнэглэгч, цэнэглэгч станцуудын тоогоо 2017 оны эцэс гэхэд хоёр дахин нэмнэ гэдгээ мэдэгдээд байна. Эх дэлхийдээ ээлтэй төмөр хүлгийг “Тесла”-гаас авсан хүмүүст хүссэн газраа төвөггүй хүрэх боломж нээгдэж байгаа гэсэн үг. “Тесла”-гийн Fre­mont дахь үйлдвэр баригдаж дууссан тохиолдолд жилдээ 500 мянган машин үйлдвэрлэх юм байна.

Энэ жил 50 мянган ширхэг машин үйлдвэрлэсэн “Тесла” 2020 он гэхэд жилдээ дор хаяж 500 мянган машин үйлдвэрлэхээ мэдэгджээ. Хэлснээ хэрэгжүүлдэг Элон Маскийн хувьд энэ хүсэл нь биелнэ гэдэгт дэлхий нийтээрээ эргэлзэхгүй байгаа. Тесла компани “Модел 3”-ыг танилцуулах арга хэмжээ болохоос цагийн өмнө онлайн захиалгыг цахим хуудсаараа авч эхэлсэн юм. 24 цагийн дотор 115 мянган хүн мянган доллар төлж урьдчилсан захиалга өгсөн гээд бодохоор цахилгаан машин хүн төрөлхтнийг хуйлруулах нь тодорхой байна. Хараагүй байж захиалга өгнө гэдэг Теслагийн зиндаа, нэр хүнд, хийгээд бүтээчихсэн зүйлтэй том компани гэдгийнх нь тод илэрхийлэл. Байгальд ээлтэй, үзүүлэлт нь шагшмаар ч даруухан үнэтэй цахилгаан машинууд дараа жилийн сүүлээр захиалагчдадаа хүрнэ. “Тесла”-д ойрын хоёр жилийн дотор Хятадад үйлдвэрээ барьж тухайн орны хэрэглэгчдэд илүү хямд үнээр борлуулах төлөвлөгөө бий. Мэдээж ногоон эдийн засаг гэж хүчтэй ярьж эхэлсэн Хятадын засгийн бодлогод “Тесла”-гийн төлөвлөгөө яг тохирно. Бас жилд 20 сая машин худалдаалагддаг аварга зах зээл тэнд байна. Тэгэхээр цахилгаан машинаа дэлхийн хэрэглээ болгох Элон Маскийн хувьд Хятад сонгохоос аргагүй улс.

Элон Маск нэг сонинд “Цахилгаан тээврийн хэрэгслийн цар хүрээг нэмэгдүүлэхийн тулд бүтэн жилийн турш Канадыг оролцуулаад хойд Америк даяар өргөжүүлэх төлөвлөгөө гарган, баруун, зүүн эрэгт байгаа станцуудыг гурав дахин нэмнэ” хэмээн ярьсан нь бий. “Тесла”-гийн сюрприз ингээд зогсохгүй. Элон Маск хоёр сарын өмнө цахим хуудсандаа удахгүй ахуйн хэрэгцээнд зориулсан эрчим хүч үүсгэх төхөөрөмж буюу айлуудыг цахилгаанаар хангаж чадах зай хураагуурыг танилцуулна. Теслагийн зай хураагуурыг зөвхөн машинд биш олон төрлөөр ашиглаж эхэлбэл нар, салхины эрчим хүч үүсгэх эх үүсвэртэй адил сэргээгдэх эрчим хүч болох юм.

“Тесла моторс”-оор зогсохгүй “Соларсити” ч дэлхийн дулаарлын эсрэг үйл ажиллагаа явуулдаг том компани. Үүсгэн байгуулагчийн нэг нь дэлхийн дулааралтай тэмцдэг Элон Маск. Үеэлтэйгээ хамтарч байгуулсан “Соларсити” нь Америкийн нарны эрчим хүчний хамгийн том нийлүүлэгч. Элон 2012 онд цахилгаан шугам сүлжээн дээрх нарны эрчим хүчийг тогтвортой хангахын тулд цахилгаан тээврийн хэрэгслийн зай ашиглахаа мэдэгдэж 2013 онд хөтөлбөрөө эхлүүлсэн байдаг. Хоёр жилийн өмнө тэр Америк дахь нарны эрчим хүчний хамгийн том үйлдвэрээс гурав дахин том байгууламжийг Нью-Йорк, Буфаллад байгуулахаа мэдэгдэж дэлхийн хамгийн том нарны эрчим хүч гаргах байгууламжийг босгосон түүхтэй. Дахиад ч нэлээд хэдийг барина гэж Элон Маск амласан. Товчхондоо манайд хайгуулын хэд хэдэн төсөл нь эхэлсэн литиг ийм гэгээлэг ирээдүй хүлээж байна.

Бэлтгэсэн Ц.БААСАНСҮРЭН

Б.МАРАЛМАА

Categories
мэдээ цаг-үе

Нүдний ханиад ба түүнээс сэргийлэх арга

Сүүлийн үед нүдний ханиад хэмээх вирусээр дамжин халдварладаг өвчин нэмэгдэх хандлагатай байна. Нүдний ханиад нь нүдний харааг муутгах аюултай өвчин бөгөөд нүдний эмнэлгүүдэд өдөрт хоёроос гурван хүн дээрх өвчний улмаас хандаж байна. Энэ өвчин нь нүд торох, загатнах, их хэмжээгээр улайх зэрэг шинж тэмдгээр илэрдэг бөгөөд хэрэв ийм шинж тэмдэг илэрвэл яаралтай мэргэжлийн эмчид хандаж эмчлүүлэх шаардлагатай бөгөөд дур мэдэн эмчилгээ хийж болохгүй. Учир нь дээрх өвчин даамжирвал нүдэнд цагаа унаж нүдний хараа муудах цаашлаад хараагүй болох аюултай юм.

ХЭРХЭН ХАЛДВАРЛАХ ВЭ?

Агаар дуслын замаар болон ахуйн байдлаар халдварлана. Мөн нийтийг хамарсан газар нэг хүн л өвдвөл бусад нь шууд халдварлана. Сургууль, цэцэрлэгт ч мөн адил. Халдвар дамжих наад захын зүйл гэвэл нүүр гарын алчуур, гарын саван байна.

ХАЛДВАР АВСАН АНХНЫ ШИНЖ ТЭМДЭГ ХЭРХЭН ИЛРЭХ ВЭ?

Уг өвчин нь удаан өвдөж хөндүүрлэж байж эхэлдэггүй. Гэнэт л юм орсон мэт аргаж, нуухтан, халуун нулимс гоожиж эхэлдэг. Тэр ч бүү хэл шөнө унтаж байхад дэр нь норж болох тийм их хэмжээний халуун нулимс гардаг. Өөрөөр хэлбэл бүх шинж тэмдэг зэрэг илэрдэг юм. Нуух нь харшлынх шиг ногоон өнгөтэй бус наалдсан, цавуулаг ч гэх юм уу гардаг.

ХЭРХЭН СЭРГИЙЛЭХ ВЭ?

Ахуйн ариун цэврийг л сайтар сахих нь чухал. Мөн өвчтэй хүнд ойртохгүй байх хэрэгтэй. Хэрэв өвдсөн бол гэртээ байж, тусгай аяга, таваг гэх мэт зүйл хэрэглэж, бусдад тараахгүй байхыг сануулъя. Уг өвчнөөс сэргийлэхийн тулд юуны өмнө биеийн эсэргүүцлээ сайжруулах нь чухал. Мөн өвчтэй хүнтэй ойр байхаас аль болох зайлсхийх, нүүр гарын алчуур, нүдний дусаагуураа сольж хэрэглэхгүй байвал өвчин авахгүй. Бас бохир гараар нүдээ нухахгүй байх, гараа ойр ойрхон угааж байх хэрэгтэй.

ХЭРХЭН ЭМЧЛЭХ ВЭ?

Сүүлийн үед энэ төрлийн ханиаданд биеийн ерөнхий эсэргүүцэл сайжруулах эмчилгээ, амин дэмээс гадна натрийн сульфацетамид, гентамицин, полимиксин В, неомицин, триметоприм зэргээс сонгон хэрэглэж байгаа ба нянгийн эсрэг үйлчилгээтэй дусаалга, тосон түрхлэг хэрэглэж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Муухай гоё

Хүн болгонд ойлгодог юм байдаг. Зарим улстөрч “Би нэг л юмыг ойлгосонгүй” гэж ирээд л сүрхий царайлж харагддаг. Гэтэл нөгөө зүтгэлтэн нь “Би нэг л юмыг ойлголоо” гэж ирээд мэтгэж үзэгддэг. Хоёулаа мундаг. Эхний этгээд нэгээс бусад бүх юмыг ойлгож байхад нөгөө нь ядаж нэг юм ойлгочихоод сууж байх жишээний. Гэтэл мань мэтэд бол ойлгогдох юм нэг ч үгүй болоод байдаг.

Намайг бага аа байхад нэг мэргэн хүн тааралдаж билээ. Тэр хүн “За хүү минь санаж яваарай. Ямарваа юм ойлгомжтой санагдаад эхэлбэл чи огт ойлгоогүйн тэмдэг юм шүү” гэж захисансан.

Тэр хүн миний анх бодсон шиг мэргэн биш гэдэг нь дорхноо илэрсэн боловч хэлсэн үг нь огт мартагдаагүй. Учир нь гэрээсээ мордохын өмнө есөн зоос гүйлгэж цаг агаарын прогноз хийгээд, хариуг нь 21 чулуу татаж “контрол”-доод, “Сайхан өдөр болох нь ээ” гэсэн дүгнэлт боловсруулсны эцэст цувгүйгээр гарсан боловч цагийн дараа азарган бороонд дайруулж, усан хулгана болоод эргэж ирсэн юм. Тэрээр осгоод, шүд нь зуурчихсан амьтан зуух тэвэрчихсэн зогсож байхдаа эрүү амаа тачигнуулан байж дээрх афоризмыг хэлсэн бөлгөө.

Амьдралын жаргалыг би инээд хөөр гэж ойлгож өссөн. Ойлгох юу байхав төөрөгдөж өссөн. Учир нь инээсэн үедээ жаргалтай, баяр хөөртэй байсан болоод тэр. Харин уйлсан үедээ их төлөв гомдсон, сэтгэл гундсан үе таардаг учраас нэг их хүсээд байх юм биш гэж дүгнэсэн. Дүгнэлтийг ч амархан хийсэн үү гэвэл, тийм юм аа. Гэтэл амархан ухаарсныхаа хэрээр төөрөгдөл болох гээд байх шиг байна.

Зарим хүн инээд нь хүрэхээр инээхийн оронд уурлаад байгааг ойлгохоо байсан. Манай зарим нэгэн “хошин урлагийнхан инээлгээд байна”, “хүн инээлгэхээс цаашгүй юмнууд”. “Цаашдаа инээлгэж явдгаа боливол таарна” гэж ирээд уурлаад байх юм. Би гэдэг буруу ухаарсан гайхал “хүн уур нь хүрэхээр л уурладаг” гэж бодоод байсан юм. Гэтэл инээд хүрэхээр л уур нь шатаад явчихдаг болж таарч байна. Согтуу хүнээс болгоомжлохоос илүүтэй инээд нь хүрсэн этгээдээс сэрэмжлүүлүүштэй болж таарлаа. Өндөр хүчдэлийн шон дээр байдаг хохимой дүрсийг ярзайтлаа инээсэн төрхтэй болгох гарцаагүй болов.

Орцонд пижигнэх, орь дуу хадах чимээнээр “За өнөө хулигаан чинь авгайгаа инээлгээд эхэллээ. Дандаа инээд нь хүрч байдаг мөн ч зэрлэг гар юм аа”, “Тэгнэ ээ тэр. Урьд өмнө нь зүв зүгээр барайчихсан, хөмсгөө зангидчихсан мөрөөрөө явж байдаг хүн чинь түрүүн бөөн инээд хөөр болчихсон орж ирж харагдсан”, “Зайлуул хөөрхий, инээд хөөргүйгээр амьдарч болдоггүй л юм байх даа” гэлцэх нь байна.

Тэгээд бөөн баяр хөөр болсон архичин… биш юм аа, инээдэмд нэвт орсон нөхөр нь тачигнатал хөхөрч эхнэрээ нүдээд л. “Гэр бүлийн инээвхийлэл”-д автсан хөөрхий эхнэр нь уйлж…нээрээ яалаа гэж уйлах билээ, инээх ёстой. Инээдээ барьж чадахаа байсан эхнэр нь “Амь авраарай” гэж хахаж цацан хашгирч амжив уу, үгүй юү элэг нь хөшин унаад л…базарваань гэж.

Олон нийтийн газар инээсэн, бааранд бүлэглэн хөхрөлдсөн этгээдийг цагдаа журамлаа л, “Манай гудамжаар шөнө инээлдсэн хүмүүс яваад байна” гэсэн ноцтой мэдээлэл 102-т ирээ л…

Хүмүүс инээхэд уурлаад зогсохгүй, уйлсан юманд дурлаад эхэлсний учрыг бас олохоо байсан. Үзэгч олны зарим нь “Яасан сайхан бүтээл вэ, зөндөө уйллаа”, “Зүрх зүссэн сайхан кино байна”,“Өр элэг эмтэрч үнэхээр сайхан боллоо” гээд л гарч ирцгээх юм.

Уг нь хүн зовохоороо л уйлдаг, зовох дургүй учраас л уйлах дургүй гэж ойлгосон. Гэтэл ойлгосон л бол ойлгоогүйн шинж гэдэг нь үнэн болох гээд байх юм. Хачин юм болох нь. Үр хүүхдээ сургаж, айл аймгаасаа жишээ татахдаа “Энэ хэнийхийг хар. Хань ижлээ хорин жил нус нулимстай нь хутгаад хичнээн сайхан авч явж байна”, “Уйлах дуу тасрахгүй жаргалтай айл даа” гэхчилэн магтах болох нь.

Одоо дээр нь “Сайхан юм ярилаа”, “Ерөнхийлөгч сайхан юм яриад байгаа нь таалагдахгүй байна”, “Чихэнд чимэгтэй үг сонсгодог тусгүй хүн байна” гэж уурладаг улс гарах боллоо. Бүр байчихаад, “Сайхан юм ярьдаг хүнийг жигших” хөдөлгөөн өрнүүлэх юм ярьж яваа хүн ч гарч таарч байх шиг. “Сайхан ярьдаг хүн хэрэггүй” ч гэх шиг. Эргэн тойрноо чагнаад байхад “Энэ сайхан юм ярьдаг тусгүй хүн байна. Харин тэр муухай муухай юм хэлээд байгаа хүний байр байдлыг харахад цаашдаа улам ч муухай муухай юм дуулгах ирээдүй ханхалж байна шүү” гэлцэх нь ч сонсогдох шиг.

Хүмүүс цайны цагаараа “За, сэтгэл санаа ч гэж хэрэг алга. Жаахан муухай юм ярьж сэтгэлээ онгойлгох уу”, “ Тэгье, тэгье. Амнаас нь олигтой юм унадаггүйгээрээ чи л биднийгээ жаахан жаргаагаад аль”, “Эвэр амласан мөн ч буянтай амьтан даа” гэлцэх нь байна. Иргэний эсэргүүцэгч хэвлэлийн хурал хийлгэж “Мөрөөрөө муухай юм ярьж, хүн амьтан уйлуулж явахад минь саатуулж хэлмэгдүүллээ” гэж зарлах нь.

Энэ мэтээр ойлгох юм нэг ч үгүй болоод байна аа. Ойлгохгүй байгаа болохоор сэтгэл ч амар байх юм. Харин ойлгоод эхэлбэл айдас төрөөд явчихдаг учраас тэр.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д нийтлэлч Баабарын “Монголчуудын гарал үүсэл” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

2016 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөх нам, эвслийн гишүүд, бие даагчдад СЕХ-ноос өчигдөр нэр дэвшигчийн батламжийг нь гардуулан өгсөн. Энэ удаагийн сонгуульд 12 нам, гурван эвслийн 429, бие даагч 69 нийт 498 хүн өрсөлдөхөөр нэр дэвшсэн юм. Улс төрийн дөрөв, тав, наймдугаар нүүрнээс эдгээр нэр дэвшигчдийн нэрсийг хүснэгтээр хүргэж байна. Мөн хоёрдугаар нүүрэнд Сонгуулийн ерөнхий хорооноос хийсэн мэдээллийг нийтэллээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлж байдаг, нийгмийн нэгэн залуур чиг болж байдаг Баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрнээс нийтлэлч Баабарын “Монголчуудын гарал үүсэл” нийтлэлийг уншаарай.

Япон-Монголын хооронд байгуулсан “Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээр” өчигдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн билээ. Энэ хэлэлцээрийн дагуу 0-3 жилийн насжилттай япон машины гаалийн татварыг тэглэхээр болсон. Энэ талаарх сурвалжлагыг зургадуугаар нүүрнээс унших боломжтой.

Баримт үйл явдлын долдугаар нүүрнээс уул уурхайн салбарт авлигын ямар эрсдэл тулгарч байгаа талаар тухайлбал, орон нутгийн удирдлагууд энэ салбарт авлигад автах өндөр эрсдэлтэй байдаг тухай уншаарай. Авто замын осол манай улсын хэмжээнд аюулын харанга дэлдээд байгаа. Энэ тухай долдугаар нүүрт нийтэллээ.

“Форбс” сэтгүүлээс жил болгон дэлхийн хамгийн нөлөөб бүхий эмэгтэйчүүдийн жагсаалтыг гаргадаг билээ. Энэ жилийн жагсаалтыг ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель тэргүүлжээ. Энэ тухай дэлхийн мэдээний есдүгээр нүүрнээс уншиж сонирхоно уу.

Сумогийн 69 дэх их аварга Хакухо М.Даваажаргал, Монголын сумогийн алтан хараацай Кёкүтэнхо Н.Цэвэгням нар сумогоор холбогдон ах дүүс болсон тухай Японы “Шинчо 45” сэтгүүлийн зургадугаар сарын дугаарт хэвлэгдсэн байна. энэ яриаг хөрвүүлэн уншигчдадаа хүргэж байна. Та энэхүү яриаг арванхоёр болон арвангуравдугаар нүүрнээс унших боломжтой.

Өчигдөр ЭМСЯ-наас хэвлэлийн бага хурал зарласан. Тус хурлаар нүхэн жорлонгийн шинэ стандартыг танилцуулсан байна. Энэ тухай 17 дугаар нүүрнээс уншаарай.

“Улаанбаатар аялал жуулчлалын холбоо”-ны тэргүүн Ё.Бадралтай хийсэн ярилцлагыг 19 дүгээр нүүрнээс уншаарай. Энэхүү ярилцлагыг уншсанаар амралт, зугаалгаа хэрхэн зөв төлөвлөх, эрсдэлгүй тохитой аялах тухай ойлголттой болох юм.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ