Categories
мэдээ нийгэм

“Донор та амьдрал бэлэглэгч” уралдаан зарлажээ

Дэлхий цусны донорын өдөр энэ сарын 14-ний мягмар гаригт тохионо. Дэлхийн нийтийн цусны доноруудын өдрийг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага санаачилж 2004 оны зургаадугаар сарын 14-нөөс эхлэн тэмдэглэж ирсэн.

2002 оны байдлаар сайн дурын донорт суурилсан 39 улс байсан бол өнөөдөр 62 улс болон өргөжсөн байна. Мельбурны 2009 оны тунхаглалаар 2020 он гэхэд улс орнуудыг 100 хувь сайн дурын донортой болохыг уриалсан юм.

Энэ өдрийг угтаж Цусны төвөөс “Донор та амьдрал бэлэглэгч” гар зургийн уралдааныг зарлаж байна. Хүүхэд залуусын дунд зарласан уралдааны бүтээлийг маргаашийг хүртэл хүлээн авна.

Categories
мэдээ спорт

“Дэлхийн цом”-ыг Монгол, Турк тамирчид нээнэ

Чөлөөт бөхийн дэлхийн шилдэг багууд АНУ-ын Лос-Анжелос хотноо цуглараад байна. ДАШТ-д багийн дүнгээр эхний найман байр эзэлсэн багууд урилгаар оролцдог “Дэлхийн цом”-ын тэмцээн зургадугаар сарын 11-12-ны өдрүүдэд болох юм. Монголын эрэгтэй чөлөөт бөхийн шигшээ багийн хувьд гурван жил дараалан шилдгүүдийн өрсөлдөөнд өрсөлдөх гэж байна. Тус тэмцээнд манай улсаас эх орноо төлөөлж эрэгтэйчүүдийн 57 кг-д Э.Бэхбаяр, С.Батболд, 61 кг-д Т.Түвшинтулга, 65 кг-д Г.Мандахнаран, Б.Батмагнай, 70 кг-д Д.Алтангэрэл, 74 кг-д П.Өнөрбат, 86 кг-д О.Үйтүмэн, 97 кг-д Д.Хүдэрбулга, 125 кг-д Ж.Чулуунбат нар оролцоно.

“ДЭЛХИЙН ЦОМ”-ЫН СУГАЛАА

• А хэсэг: Монгол, ОХУ, Гүрж, Турк

• Б хэсэг: Азербайжан, АНУ, Иран, Энэтхэг

Зургаадугаар сарын 11, Бямба гариг

15.00–15.15 Нээлтийн ёслол

15.30–17.30 Нэгдүгээр тойрогийн барилдаан

Монгол-Турк, АНУ-Энэтхэг

ОХУ–Гүрж, Иран–Азербайжан

17.30-19.30 Хоёрдугаар тойрогийн барилдаан

Турк-Гүрж, Азербайжан-АНУ

Монгол–ОХУ, Энэтхэг-Иран

Зургаадугаар сарын 12, Ням гариг

11.00-13.00 Гуравдугаар тойрог

Тур –ОХУ, Азербайжан-Энэтхэг

Монгол-Гүрж, АНУ-Иран

13.00-14.45 Долоодугаар байрны төлөө барилдаан

Тавдугаар байрны төлөө барилдаан

16.45–17.45 Хүрэл медалийн төлөө барилдаан

16.00–19.15 Алтан медалийн төлөө барилдаан

19.15–19.30 Шагнал гардуулах ёслол

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Жэйкобс Оюутолгой компаниуд гэрээ байгууллаа

Оюутолгой компани өнөөдөр техникийн болон мэргэжлийн үйлчилгээ, барилгын үйл ажиллагаагаараа дэлхийд тэргүүлэгч компаниудын нэг Жэйкобс Инженеринг Групптэй инженерийн ажил, ханган нийлүүлэлт, барилга угсралт, менежментийн (EPCM) гэрээг байгууллаа. Энэхүү гэрээг байгуулснаар гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлыг улам эрчимжүүлэх чухал алхам болж байна. Жэйкобс компани нь Монгол Улсад бүртгэлтэй бизнесийн нэгжээ аль хэдийнэ байгуулсан бөгөөд ирэх 5-7 жилийн хугацаанд дотоодын оролцогч талуудтай хамтран ажиллаж, гэрээнд заагдсан ажлыг гүйцэтгэнэ.

Оюутолгой компанийн Гүний уурхайн төслийн захирал Марко Пирес “Өнгөрсөн сард Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх шийдвэр гарсаны дараагаар энэхүү гэрээ байгуулагдаж байгаа нь бүтээн байгуулалтын ажлыг бүрэн хэрэгжүүлэхэд чухал алхам болж байна. Оюу толгойн гүний уурхай шиг том төслийг цаг хугацаанд нь, тогтоосон төсөвт багтааж, хамгийн чухал нь аюулгүйгээр гүйцэтгэхэд шаардлагатай арвин туршлага, өндөр ур чадвар Жэйкобс компанид бий” хэмээн онцоллоо.

“Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирал Эндрью Вүдлэй “Энэхүү нүсэр бүтээн байгуулалт урагшлахын хэрээр Оюу толгой болон Жэйкобс компани нь Монгол Улсын олон зуун аж ахуйн нэгжтэй нягт хамтран ажиллах болно. Энэ гэрээ байгуулагдсанаар Монгол Улс дэлхийн зэсийн зах зээлд гол тоглогч болон төлөвшихөд онц ач холбогдолтой алхам боллоо” хэмээн мэдэгдлээ. Жэйкобс компанийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирал Стив Деметрюу “Оюутолгой, Монгол Улс төдийгүй олон улсын зэсийн салбарт чухал ач холбогдолтой энэхүү төсөлд оролцон ажиллах болсноороо бид их бахархаж байна. Оюу толгойн гүний уурхайн төсөл нь олон улсад хэрэгжиж буй хамгийн том уул уурхайн төслүүдийн нэг ба захиалагч компани болон Монгол Улсын ирээдүйн хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах болсондоо туйлын их баяртай байна” гэж хэлсэн байна.

Жэйкобс компани нь гүний уурхайн бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж тээвэрлэлт, түүнтэй холбогдох гадаргын болон газрын гүний дэд бүтцийг хариуцан ажиллах болно. Энэхүү төсөл 5-7 жилийн хугацаанд үргэлжлэх ажээ.

Categories
мэдээ улс-төр

АСЕМ-ын Сангийн сайд нарын уулзалт маргааш эхэлнэ

Ази-Европын Дээд хэмжээний 11 дүгээр хуралдааны салбар хуралдаан болох Сангийн сайд нарын 12 дахь удаагийн уулзалт “Ази, Европын хөгжлийн төлөөх түншлэл” сэдвийн доор энэ сарын 09-10-ны өдрүүдэд Төрийн ордонд зохион байгуулагдах гэж байна.

Тус уулзалтад АСЕМ-ын гишүүн 43 улсын Сангийн сайд болон бусад түвшний төлөөлөл, Европын комисс, эдийн засаг, мөнгөний асуудал эрхэлсэн комиссар нар, ОУВС , Дэлхийн банк , Европын төв банк , Европын сэргээн босголт, хөгжлийн банк , Европын хөрөнгө оруулалтын банк , Азийн хөгжлийн банк, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк болон Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны нийгэмлэг зэрэг 13 олон улсын байгууллагын тэргүүн, олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл бүхий нийт 260 орчим төлөөлөгч оролцох юм.

Уулзалтын үеэр “Ази болон Европ тивийн макро эдийн засгийн хөгжил, боломж”, “Дэлхийн нийтийн болон бүс нутгийн түвшинд санхүүгийн тогтвортой байдлыг хангах нь”, “Ази болон Европын таатай харилцаа, хамтын ажиллагаа” гэсэн дэд сэдвүүдийн хүрээнд яриа, гишүүн орнуудын Сангийн сайд, олон улсын банк санхүүгийн байгууллагуудын тэргүүнүүд илтгэл тавьж, хэлэлцүүлэг хийгдэнэ. Мөн Сангийн сайд нарын 12 дугаар уулзалтын үеэр АСЕМ-ын гишүүн орнууд бүс нутгийн эдийн засгийн өсөлтийг дэмжих хүрээнд хэрэгжүүлж болох төсөв, мөнгөний бодлого, бүтцийн өөрчлөлтийн бодлогуудын талаар санал солилцох, хамтарсан тунхаглал батлах, хоёр талын уулзалтууд хийх зэрэг үйл ажиллагаанууд явагдах аж.

Categories
мэдээ нийгэм

“Буянт-Ухаа II” хороолол 3900 айлаар бүл нэмнэ

Төрийн орон сууцны корпораци /ТОСК/-ийн захиалгаар босч буй хамгийн том орон сууцны хороолол болох “Буянт-Ухаа II” хорооллын хоёрдугаар ээлжийн 3900 айлын орон сууцны барилгын ажлыг өнөөдөр эхлүүлж байна. “Буянт-Ухаа- II” хороолол энэ ондоо багтаад 3900 айлын орон сууцаар бүл нэмэх ажээ.

Хан-Уул дүүргийн IX хорооны нутаг дэвсгэрт, хотын төвөөс 14.75 км-ын зайд баригдах шинэ хороолол нийт 19.32 га талбайг эзлэх бөгөөд 240 хүүхдийн багтаамжтай гурван цэцэрлэг, 1200 хүүхдийн хоёр сургууль, худалдаа үйлчилгээний хэсэг, кинотеатр, газар доорх авто зогсоол, амралт чөлөөт цагийн бүстэй байх гэнэ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Усархаг бороо орно

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хот, Булган, Дорноговь, Дундговь, Сэлэнгэ, Төв аймгийн нутгаар, 9-11-нд зүүн аймгуудын нутгаар усархаг бороо үргэлжлэн орж, сэрүүсэх төлөв гарчээ.

Усархаг бороо орох үеэр голуудын усны түвшин огцом нэмэгдсэнээс иргэд усанд осолдох, автомашин усанд саатах, айл өрх, аж ахуйн нэгж, байгууллага усанд автах зэрэг хүндрэл гардаг. Иймд үер, усны аюулд өртөхөөс болгоомжилж, бага насны хүүхдийг хараа хяналттай байлгах, гол ус үерлэж болзошгүй үед иргэд, малчид тээврийн хэрэгслийн жолооч нар баталгаатай гарам, гарц, гүүрээр зорчихыг анхааруулж байна.

Гол мөрөн үерлэсэн үед иргэд явганаар болон мотоцикл, мориор, автомашинтай ус гатласнаас усанд живэх, амь насаа алдах тохиолдол гардгийг Онцгой байдлын ерөнхий газраас сэрэмжлүүлж байна.

Categories
мэдээ нийгэм

Зөвшөөрөлгүй нүүрсний уурхайд хоёр иргэн амиа алджээ

Налайх дүүрэгт хууль бусаар нүүрс олборлох нь ихсэж түүнийг дагаад харамсалтайгаар амь насаа алдах тохиолдол багагүй гардаг. Өчигдөр Налайх дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 53 настай иргэн Д-гийн эзэмшлийн зөвшөөрөлгүй нүүрс олборлохоор ухсан аманд ажиллаж байсан, Налайх дүүргийн 1-р хороонд суух 27 настай А, Налайх дүүргийн 7-р хороонд суух 27 настай Г нар шороонд дарагдаж нас барсан хэрэг өчигдөр гарчээ. Уг хэргийг тус дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.

Categories
мэдээ нийгэм

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг анхааруулж байна

Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс 06 сарын 07-ны өдөр нийт 282 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 202 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 6 бүртгэгдэж, 7 хүн хүнд хөнгөн гэмтжээ. Үүнээс сургуулийн өмнөх насны 1, сургуулийн насны 2 хүүхэд зам тээврийн осолд өртсөн тохиолдол гарсан бөгөөд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажиллаа.
Хөдөө орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангах, тээврийн хэрэгслийн хурдаа зөв тохируулах, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, хамгаалалтын бүсийг хэрэглэж хэвших, хөдөлгөөний аюулгүй байдлыг сайтар хангаж, бие биеэндээ хүндэтгэлтэй хандан гэрэл хэрэглэх дүрмээ баримтлахыг Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Арилжааны банкууд 2214 иргэнд таван хувийн зээл олгожээ

Монгол банкнаас мэдээлснээр арилжааны банкууд 7514 иргэний 463.9 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлтийг хүлээн авсан байна. Үүнээс 2214 иргэний 5 хувийн хүүтэй 105.7 тэрбум төгрөгийн, 4408 иргэний 8 хувийн хүүтэй 296.1 тэрбум төгрөгийн зээлийг тус тус олгохоор шийдвэрлэсэн байна. Түүнчлэн Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хамрагдах орон сууц, Улаанбаатар хотын алслагдсан дүүргүүд болох Багануур, Багахангай, Налайх, нийслэлийн шинэ суурьшлын бүс, 21 аймгийн нутаг дэвсгэрт орон сууц худалдан авсан 903 зээлдэгчийн 36.9 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээлийн хүүг 8 хувиас 5 хувьд шилжүүлээд байна.

Categories
мэдээ нийгэм

Замын цагдаагийн алба хаагчдын дунд “Чадварлаг хамт олон“ шалгаруулах уралдаан зарлав

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Уралдаан зохион байгуулах тухай” А/453 дугаар захирамж гаргалаа. Захирамжийн дагуу нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2016 оны зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Улаанбаатар хотын Замын цагдаагийн албан хаагчдын мэргэжлийн ур чадвар, ёс зүй, албаны бэлэн байдлыг шинэ түвшинд гаргах, тэднийг чадавхижуулах зорилгоор “Чадварлаг хамт олон“ шалгаруулах уралдаант тэмцээнийг зохион байгуулна. ”Чадварлаг хамт олон” шалгаруулах уралдааныг дүгнэх ажлын хэсэг, уралдаан шалгаруулалтын ажлын хэсэг, уралдааны болзлыг тус тус батлав.

Уралдааныг нийслэлийн хэмжээнд Замын цагдаагийн нийт бие бүрэлдэхүүнийг бүрэн хамруулан батлагдсан төсвийн дагуу зохион байгуулж, тайланг Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн бодлогын хэлтэст, Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Замын цагдаагийн газарт тус тус үүрэг болголоо.

Уралдаанд шаардагдах 74 сая150 мянган төгрөгийг нийслэлийн дүүрэг, хороодын эрүүл аюулгүй байдлын индексээр хэмжих урамшуулдаг тогтолцоог нэвтрүүлэх 2016 оны батлагдсан зардлаас санхүүжүүлэхийг нийслэлийн Засаг даргын Тамгын газарт даалгав.

Дээрх арга хэмжээг зохион байгуулахад нэгдсэн удирдлагаар хангаж, хяналт тавьж ажиллахыг Уралдаан дүгнэх Ажлын хэсэгт үүрэг болгов гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.