Categories
мэдээ цаг-үе

Залаажинстийн жаран жилийн зун

Билгийн улирлын зуны эхэн сарын арван. Жил жилийн эл өдөр манай Шинэжинст сумынхан нутгийн шүтээн хайрхныхаан тайлгын ёслолыг гүйцэлдүүлж, зараа үстэй, аргалийн дуутай, алтан унага савдагтай дагшин хайрхандаан тахил тавиг өргөж, адуун сүргийнхээн хишиг буяныг даллан дуудаж заншил болсон. Аргадан тайтгаруулж, хур бороо, хутаг өлзий эгээрдэг уулын маань алдар нэр Залаажинст.

Төлдөрхөн нутгаас баяртай мэдээ ирлээ. Шинэжинст суманд бороо, цас холилдон хоёр, гурван өдөр хур буулаа гэсэн чимээ чих алт болгов. Хэдхэн хоногийн урьд буюу тавдугаар сарын 16-нд өнөө зуны тэргүүн сарын арван таарсан билээ. Уул хайрхнаан тахиж тайсан манай нутгийн ард зон долоо ч хоноогүй байхад хуртай золгож дээ. Нарийн ногооны чийг гүйцэд ханасан сайхан зун ийнхүү нутагт маань даан оройтолгүй айлчилж, хүн зоны нуруу тэнийж эрээн борогт хонь адуу хэдийнэ цадах болсон нь аштай юу.

Өнөө жил Баянхонгор аймгийн Шинэжинст сумынхан жаран жилийн түүхэн ойтойгоон золгож байна. Тийм ээ. Гал бичин жилийн зун бол урьд урьдынхаас өөр, Залаажинстийнхны бүтэн жарны түүх дүүрэн зузаарсан онцлог он билээ. Анх ардын хувьсгалын дараахан Хантайшир уулын аймгийн Бай Баян-Өндөр уулын хошуу буюу Жонон вангийн хошуунд хамжлага ардуудаар бүрдсэн сум таслан байгуулж, мөнөөхөн шүтээн уулаараан овоглуулан “Залаажинст” хэмээн нэрлэж, “Ямаан дээлт” Гоонсүрэнгээр даргалуулсан түүхтэй юмсанж. Гэтэл гай болоход Баартагчингуудын хөдөлгөөн гэгч гарч, шинэ сумын удирдлагад захирагдахгүй зөрчил даамжирснаас 1932 оны үес, арав ч хүрээгүй ойтой сумыг буцаан нэгтгэхэд хүргэжээ. Харин миний дурдан буй Шинэжинст сумыг бүр сүүлд, нэгэн мянга есөн зуун тавин зургаадугаар онд, нэгдэлжих хөдөлгөөний ялалттай давхцуулан шинэ тутам сэргээн байгуулсан билээ. Тийм болохоор Шинэжинст сумын сүүлийн жаран жилийн түүх бол хэрэг дээрээн “Дэлгэрэх” нэгдлийн түүх гэхэд хилс бага болно.

1955-1956 онд манай нутагт анхны жижиг нэгдлүүд буй болж, тэдгээрийг 1958 оны аравдугаар сард нэгтгэн “Дэлгэрэх” нэгдэл хэмээх айлын өрхийг татсан нь тус сумын хөгжил цэцэглэлтэд түүхэн шинэ хуудас болсныг дурдах учиртай. Анх Эхэн Хавцгайтын аманд, (одоогийн Хар хадны лагерь орчим) сумын суурь тавихад 52 мянган малтай, нэг мянга хүрэхгүй хүн амтай байжээ. Түүхэн үүргээн биелүүлсэн “Нэгдэл гэдэг айл нэг л биш” болж, зах зээлийн харилцаа эргэлт буцалтгүй аванхайлж, 1992 онд урьдын мал хөрөнгөөн нийгэмчилж асан ардын аж ахуйтанд халаагаан өгсөн боловч эдүгээ жаран жилийн өндөрлөгөөс эргэн харвал Залаажинстийнхны хөгжил цэцэглэл, хүн ардын нь аж амьдрал байнга өөдлөн дэвжсээр өдий хүрснийг хэн хүнгүй хүлээн зөвшөөрөх буй заа. Одоо тус сумын ард олны аж амьдралын үндсийн үндэс болсон мал сүрэг гэхэд урьд өмнө байгаагүй хэмжээ буюу 200.000-д хүрч, 2015 оноос сум төвийн эрчим хүчинд холбогдон, зах хязгаар нутгийнханд тохиолддог гачаал бэрхшээл бүхнээс ангижирч, эдүгээ өндөр хурдны цахим сүлжээ, үүрэн холбооны операторууд бүхүй шинэ цагийн төв суурингийн зохион байгуулалтад шилжиж эхэлжээ. Сүүлийн жилүүдэд байгаль цаг уур ч таатай ивээж буйг аз зол гэхээс өөрөөр хэрхэх билээ.

Манай сумынханд хаана ч байхгүй хэд хэдэн онцлог бий. Шинэжинстчүүд бусдын царай харж суулгүй, өөрсдийнхөөн амь амьдралыг хэнээс ч дутуугүй зохион байгуулж авч явдаг, хөдөлмөрч, бие даах чадвартай улс. Зах хязгаар нутгийн, байгаль цаг уурын амар бус нөхцөлд сумын хөдөлмөрч ард зон амьдарч, бүтээж, хичээн зүтгэсээр ирсээн. Нэгдэл нийгмийн үед тус сумаас БНМАУ-ын аварга малчин П.Шүхээ, С.Галдан, П.Гомбо, С.Хорол, Ц.Гантөмөр нарын зэрэг хөдөлмөрийн сайчууд, аймаг, сумын аварга малчид тодрон гарсан бол эрдэм оюуныг эрхэм болгогч өвөг дээдсийнхээн уламжлалыг хөсөрдүүлэлгүй эдүгээ хүрснийг П. Галсан, Б. Норжванчиг, Э. Сандагдорж, М. Даваа, Б. Дармаа, Л. Жаргалсайхан, Г. Бямбасүрэн нарын зэрэг арав гаруй доктор цолтон төрсөн, түүнчлэн эмч, багш нар зонхилсон дээд боловсролтой сэхээтнүүд тус сумын айл өрх бүрээс гарсан байдгаар нотолж болно. Оюуны хувьд бие даах чадалтай сэхээтэн олноор төрдөг онцлогтой нутаг учраас бизнесийн салбарт хүч сорьж, олны танил болсон, хөрөнгө хүчээрээн гайхуулсан арилжаачин, худалдаачин, эсвэл улс төрчийг тус сумаас эрвэл харин ганзага хөнгөн буцаж мэдэх тал буй.

Залаажинст нутгийн байгалийн сайхан нь хаана ч давтагдахгүй. Бурхант, Бамбуу, Эхийн гол, Цагаан бургас, Өлзийт, Мухар задгай зэрэг говийн гоёл болсон үзэсгэлэнт баянбүрдүүд, Говийн их дархан цаазат газрын өег шим, өв сан болсон хар сүүлт зээр, хулан хавтгай, мазаалай баавгай, цөөвөр чоно, цоохор ирвэс зэрэг дэлхийд ховор амьтдыг эндээс л олж харна. Ногоон цавын хоолой, Дөш хайрхан, Дархан булаг, Цагаан хаалга, Улаан хайрхан, Зуун мод, Хүж хад гэх мэт аянчин жуулчдын сэтгэлийг соронзоддог байгалийн үзэмж төгс зэхээсүүдийг тоочиж яахин барах.

Шинэжинст сум цагаан ямаагаараан, дэлхийд хосгүй нарийн микрон бүхүй цагаан ноолуур бэлтгэдгээрээн улс оронд төдийгүй дэлхийд зартай. Ямаа гэхээр ярвайдаг хүн хааяа тааралддаг ч ямаа гэдэг малын ашиг шим, бэлчээр нутгийн онцлог, говийн бүсэд зохицсон араншин, ард түмнээн тэтгэж дэвжээж буй чанарыг энэ нутагт ирж, биеэр үзээд л ойлгох болно. Улсад хамгийн чанартай цагаан ноолууртай тус сум цагаан ноолуурын дээд үнийг “барьж” байдаг. Тун саяхан болсон дуудлага худалдаагаар “Залаажинстийн цагаан” шилмэл үүлдрийн ноолуур 67500 төгрөгт хүрч үнэлэгдсэн билээ. Хавар эрт биш, ноолуурын үнийн оргил үе буурсан одоо цагт энэ нь Монголд байхгүй ханш билээ.

Уран зохиолд мөнхөрч, ард түмний оюун бодолд сүмбэрлэсэн хилчин уул, эх нутгийн минь байгалийн харуул, ЮНЕСКО-гийн шим мандлын санд бүртгэлтэй домогт хөх сүмбэр оргил Сэгс Цагаан Богд хайрхан миний л нутгийнх. “Сэгс цагаан богд” найраглал ч бас манай нутгийн магтаал, бахархал, омогшил, алдаршил мөн. Найраглалын эх дүр болсон тэмээчин бүсгүй Надмидын Сүхбат гуай уран зохиолд мөнхөрсөн баатар төдийгүй ус нутгаан олонд алдаршуулан сурталчилсан гавьяатай тул “Алтан гадас” одон энгэртээн гялалзуулж, сумынхаан жарны намтрыг нас буянаараан баринтаглан зузаалж байна.

Улсаараа овоглосон цолтон, алдартан тус суманд цөөвтөр. Гэхдээн элчилгүй уудам говийнхоон хулан тахь мэт тэдгээр цөөн алдартан авьяастан нь цөм өөрсдийн уйгагүй хичээл зүтгэл, нөр шударга хөдөлмөрөөрөөн уг алдрыг хүртсэн малчин, сэхээтэн, багш, эмч, урлаг, спортын хүмүүс билээ. Гавьяат цолтонгүй ганцхан сум Монголд үлдсэн нь Баянхонгорын Шинэжинст гэж бас болно. Сүүлийн жилүүдэд “Алтан гадас”, “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон” зэрэг төрийн дээд шагналаар нэлээд олон хүнийг урамшуулжээ. Эдүгээ цагт гавьяат цолтонгүй сум байна гэдэг гайхмаар ч, үнэндээн бол хүмүүс нь өөрөөн өөрсдийгөөн шагнуулах гэхээс зовдог, зарчимч, чин шударгуу, басхүү дэндүү даруу эрдэнэ мэт чанараан хадгалж үлдсэнтэй учгийг нь холбож сэтгэвэл сая үнэнд дөхнө. Сум орон нутгийн удирдах байгууллага, дарга нар нь харин санаачилгагүй, ажил хэрэгч бус хандсан байхыг энэ сэдэвт хамаатуулан хэлэхэд илүүдэхгүй буй заа.

Залаажинстийн жаран жилийн наадам ирэх долоон сарын хорьдоор болно. Одоо хэн хүнгүй хүлэг морь, хүчит бөхөөн ярьж, нутгийнхаан наадмыг зүүдэндээн зураглан, сэтгэлдээн сэрж, баяр хөөрийн наранг дотооддоон ургуулж яваа. Наадам сайхан болоосой гэх хүмүүс, жаран жаранд ч үл давтагдах жаран жилийнхээн наадмын тухай хөөрч бие биетэйгээн мэндийн зөрүүний ард энэ тухай л хөөрч суунам. Дээлээн ч солих чөлөөгүй нутгийн минь цөөн хүрэн хөгшид үе ая, цаг зүг, хурд уяа, үзэл зорил, бай бариа.. бүх юм өөрдсөнийг мэдэвч мэдэхгүй шиг, өөрсдийгөөн айраг хүртэх азтайд багтах эсэхээн бодсон ч ер бодохгүй мэт боргил зөнгөөрөөн, борог өвснийхөөн морьдыг багынхаан сурцаар уячихаад л Хотгорынхоон талд бөөгнөж, Жалангарынхаан сэрмүүн дэнж дээгүүр морьд эргэхийг саравчилж, дуран сунгаж сууцгаах буй. Нээрээн л наадам сайхан болоосой доо. Бус газраас үнэ хаяж авчирсан ачилганы адуугаар бай харж бууж мордох шинэ цагийн цээж уяачингууд, нутгийн гаралтай хэдэн аймаг, улсын цолтнууд бусдыг баахан чирэгдүүлж буулгуулж, бөхийн наадмыг хөгийн найраа болгодог явуулын бизнес, нэргүй цол горилоочингуудыг одоо манай нутгийнхан жарныхаан түүхэн наадмаар ул дол болгон хармааргүй байгаа шүү.Тэгш ойн түүхэн наадмын сонинг наанадаж дараагийн наадам хүртэл, цаашлаад бүтэн арванаар дурсах болно. Ном түүхнээ тэмдэглэж үлдээх нь зайлбаргүй. Түүнд нэр усаан дорд, базаахгүйгээр тэмдэглүүлье гэж хэн хүсэхсэн. Тэр түрүүллээ, энэ айрагдлаа гэхээсээн “Наадам сайхан боллоо” гэсэн гэгээн яруу тайлал л Залаажинстийн жаран жилийн маргааш хөлтэй наадмын дов Хотгорын хондон талыг цэцэг мэт цэлмээж, ирээчин яваачингуудын үдэл угтал -Эхэн Хавцгайтын хөндийг өгсөн уруудан дуулиалж үлдээсэй. Нутгийн маань түүхэн наадам хаяа хатгаж буй энэхэн цагт, морь унаж өссөн монгол хүний хувьд нэгэн саналаан уншигч танд хуваасу, би. Наадмаар бүгдээрээн морион барьцгааж, хятад “яав” үл зайдалж, ирсэн зочдынхоон тос, тоос болсон төмөр хүлэгсийг хашаа хашаандаан түр амрааж, дэлийг нь зассан морьдоон тэдэндээн зориуд зэхэн бэлтгэж, дээлээн өмсч ялгаръя гэж уриалах гэсэн юм.

Насны шүтээн ууландаан очиж мөргөх, овоонд нь чулуу нэмэх хувь энэ нутагт хүй бой нь арилсан хэн бүхэнд энэ зун, ирэх наадмын үеэр эрхэм чухаг зорил байх нь дамжиггүй. Шил сав битгий орхиорой. Уул овоондоон гарсан үедээн дагшин биен дээр нь шингэн мөр үзэж бүү буртаглаарай. Моторт хүлгээрээн хөрс арьсыг нь үрж ярж сэтгэлийн нандин хайрхнаан бүү шалбалаарай гэж гуйж байгаа юм шүү.

… Ирж яваа, ирэх цагийн үрстээн шинэ цэцэрлэг барьж, шинэ цэнгэлдэх хүрээлэн ч байгуулж, Шинэжинст сум маань угтах зочноон тосох босго баганатай болж, мод тарьж, айл өрхүүд гудам хашаагаан будаж гоодон, сум даяараан ойдоон бэлтгэн цэмцийж буй дуулдана.

Сумын жаран жилийн ойтой хамт есөн жилийн дунд сургууль, эрүүл мэндийн төв бас жарны түүхээн дүүргэж буйг дурдсу. Тийм болохоор Залаажинстийн эрдмийн өргөөний үүд хаалга энэ өдрүүдэд өргөн үүдээн цэлийтэл нээж, өндөр их босгоон буулгаж, үе үеийн төгсөгчид, ахмад буурлууд, эрдмийн эзэд болсон багш нар, жаран замнасан сургуулийнхаан нэрийн хуудас болсон сааршгүй сайхан бичигтэн төгсөгчдөөн урин залж, эрүүл энхийг бэлэглэгч эмч, эмнэлгийн ажилтнууд нь хүн ардынхаан эсэн мэндийн манаанд зургаан арванаар завсарлагагүй зогссон түүхэн гавьяагаан тодолж байгаа.

Эхэн Хавцгайт. Энэ бол манай сумын төвийн нэр. Шинэжинстийн төрөх тасагт мэндэлсэн хүүхдүүд цөм ийм бүртгэлтэй гэрчилгээ өвөрлөдөг. Ижийгээс төрж, ээж аав гэж хэлд орж, эх орноон таньж хөлд орсон эндхийн үр сад бүхний эхлэл нь Эхэн Хавцгайт. Эргэж буцдаг жамтай хүмүүний орчлонд бас эцэст тэмүүлэх цэг нь аав, ээжийн нь амь амьсгал шингэсэн Эхэн Хавцгайт байх, Залаажинстдээн л залуулах тийм жам заяатай…

Хувь тавилангаар онож төрсөн тоонот нутаг тань таныг залж, даллаж байнам. Эхэн Хавцгайтдаан эргэж нэг золгоцгооё.

Залаажинстийн жаран жилийн зун айсуй

Жаранд нэг тохиох миний нутгийн наадам айсуй

Б. Элбэгзаяа-Монгол хэл бичиг судлаач-багш, “Хүмүүн бичиг” сонины эрхлэгч

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ?

Наадам ирдгээрээ ирнэ гэгчээр УИХ-ын сонгууль ч дөрвөн жилийн дараа болдгоороо болж байна. Намууд нэр дэвшигчдээ тойрог тус бүр дээр тодруулж, СЕХ-нд нэрсийг өгчихсөн байгаа. Хэдийгээр нэр дэвшигчийн үнэмлэхээ хараахан аваагүй байгаа ч намуудаас тодорсон нэр хөдлөөд байх нь харьцангуй бага юм. Тиймээс аль тойрог дээр хэн, хэн хоорондоо тулах талаар хамтдаа сонирхож үзье. Архангай аймгийн нэгдүгээр тойрогт АН-аас УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, МАН-аас НАМЗХ-ны ерөнхийлөгч Г.Тэмүүлэн, МАХН-аас Ц.Цэдэндамба нар өрсөлдөнө. 2012 оны сонгуулийн дараа Уул уурхайн сайд болж дэвшиж байсан Д.Ганхуяг гишүүн гурван ч парламентад дараалан суужээ. БЗД-ээс өөрийн төрсөн нутаг руугаа буурь сэлгэсэн тэрбээр Шийдлийн Засгийн газарт Уул уурхайн дэд сайдаар ажиллаж байсан Г.Тэмүүлэнтэй өрсөлдөнө. Түүний эцэг ГОК-ийн захирал байсан Г.Ганзориг өмнөх сонгуульд сайтар бэлдсэн Архангайдаа тодорхойгүй шалтгаанаар нэр дэвшихээ больж байсан билээ. Харин тэр бүх усалгаа нь энэ удаад хүүд нь хэрэг болж магад юм. УИХ-ын гишүүн Н.Батбаяртай Аймгийн Засаг дарга асан Ё.Баатарбилэг өрсөлдөхөөр учраа таарчээ. Архангайн “архаг” гишүүнтэй үзэх амаргүй байж таарах магадлалтай. Бас парламентад суусан он жилээрээ жин дарах Р.Гончигдоржтой МАН-ын генсек Ж.Мөнхбат үзэлцэнэ. Тулхтай намын залуу генсек зоригтой сонголт хийж гэж харагдахаар байгаа. Түүнээс тойргийг өөрийнхөөрөө сонгох боломж түүнд байсан байж таарна.

Баян-Өлгий аймгийн хувьд энэ удаагийн хуулийн өөрчлөлтөөр хоёр мандат дээрээ нэмж нэг суудал авсан. УИХ-ын гишүүн, байнгын хорооны дарга А.Бакейтай аймгийн МАН-ын дарга Г.Солтан үзнэ. Тэрбээр Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж байсан нэгэн аж. Уг нь түүний оронд рейтинг өндөр байгаа гэх Хөдөө аж ахуйн дэд сайд Ж.Саулег очно гэдэг яриа байсан ч энэ удаад явсангүй. Магадгүй, улс төрийн нарийн тохироо явсан байхыг үгүйсгэхгүй.

Баян-Өлгийн бас нэг тойрог дээр өнгөрсөн дөрвөн жилд ажилласан хоёр Засгийн газрын хоёр дэд сайд асан Х.Ержан, Д.Баделхан нар өрсөлдөх бол УИХ-ын гишүүн А.Тлейхантай Д.Мурат өрсөлдөхөөр таарчээ. Мөн тэдний тойрогт МАХН-аас нэр дэвшихээр Д.Чинзориг гэдэг нэр байгаа нь содон харагдана. Тэрбээр Булган сумын харьяат урианхай аж. Урианхай хүмүүс хаа нэг Баян-Өлгий аймагт нэр дэвшдэг ч хүн амын 90 гаруй хувь казахууд учраас сонгогдох магадлал багатай.

Энэ удаагийн сонгуулийн дуулиан Баянхонгор аймагт нэр дэвшигч дээр гарсныг бүгд мэдэж байгаа. Олимпийн алт, мөнгөн медальт бас ирэх наймдугаар сард Риогийн олимпод өрсөлдөх Н.Түвшинбаяр жүдогийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга, гишүүн Д.Ганбат нартай ганзага нийлж Баянхонгорт өрсөлдөх болсон юм. Хууль зүйн байнгын хорооны Д.Ганбат даргатай УИХ-ын гишүүн асан, ГХ-ийн сайд асан Г.Занданшатар өрсөлдөнө. Г.Занданшатарын хувьд өмнө нь 2004 онд энэ долдугаар тойрогт ялж, УИХ-ын гишүүн болж байсан. Гэхдээ хуучин тойрог болох аймгийн төвийг гурав хувааж, өөрчилсөн ч экс гишүүнд долоогийн тоо ээлтэй байдаг домог шиг сонстдог яриа бий. МАН-ын эмэгтэй нэр дэвшигч М.Билэгтийн хувьд хөдөлмөрийн баатар, олимпийн аваргатай нэг тойрогт таарсан оноолт тун хатуу. Гэхдээ өмнөх сонгуульд энд өрсөлдөж, бас дөрвөн жилийн турш тойргоо хаяагүй авч ирсэн гэдгийг нь бодолцох ёстой. Харин есдүгээр тойрогт таарсан УИХ-ын гишүүн Х.Баттулга МСS группийн дэд ерөнхийлөгч Л.Элдэв-Очиртой тулна. Өрсөлдөгч гэдэг утгаараа бас нийгэмд сөргөлддөг хоёр хүчнийхэн гэж олон нийт хардаг учраас жинхэнэ гал авалцсан тулаан энд гарна гэж харж байна. Булганы нэг тойрогт МАН-аас аймгийн намын хорооны дарга, сахал гэгддэг Ж.Бат-Эрдэнэ өрсөлдөх нь нэгэнт тодорхой болсон. Ё.Отгонбаяр гишүүн ямар учраас нэр дэвшихээ больсон нь тодорхойгүй ч Ж.Бат-Эрдэнэ Булганыг бол сүүлийн жилүүдэд тогтмол “эргэж” байсан нь үнэн. Харин АН-ын нэр дэвшигчийн хувьд “UFC” группийн захирал гэдгээр нь хүмүүс андахгүй бөгөөд МАН-аас нэр нь явж байсан ч гэнэт АН-д элсч, нэр дэвшихээр болсон юм. Энд МАХН-аас Б.Шижирбаатар, Эх орончдын нэгдсэн эвлэлээс жендерийн гэдгээр нь хүмүүс анддаггүй М.Болормаа нэр дэвшиж байна. Энэ тойрогт эрчүүдтэй тулж байгаа ганц эмэгтэй нэр дэвшигчийн хувьд “Эмэгтэй удирдагч сан”-г байгуулж, иргэний нийгмийн салбарт олон жил ажилласан туршлагатай гэгддэг.

Говь-Алтайн 11 дүгээр тойрогт АН-аас аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар, МАН-аас Мэргэжлийн хяналтын газрын дарга асан Ш.Раднаасэд нар тулж байна. О.Амгаланбаатар усны саван дээр нэр, зургаа тавьсан гээд үе, үе хэл аманд орчих гээд байдаг ч зүрх зоригтой залуу дарга гэгддэг. Ш.Раднаасэдийн хувьд шинэ үеийн шаггүй хуульч. Намаас гадна төрийн бүх шатны албыг хашиж ирсэн бэлтгэгдсэн боловсон хүчин гэгддэг. Ямартай ч МАН-ынхан Говь-Алтайдаа цугт нь нэг илгээж, ээлжилж нэг илгээдэг Ц.Дашдорж, Ж.Энхбаяр нар биш шинэ хүн илгээж байна. Говьсүмбэр болон Дорноговийн зарим сумд багтсан 12 дугаар тойрог дээр Дорноговь аймгийн ИТХ-ын дарга Г.Ганбаатар нэр дэвшиж байгаа юм байна. Аймгийн дарга П.Ганхуягтай нэр дэвших эрхийн төлөө өрсөлдөж, багагүй маргаантай байдаг гэсэн яриа хэвлэлээр гарч байсан удаатай. МАН-аас түүнтэй өрсөлдүүлэхээр Зохиолчдын эвлэлийн гүйцэтгэх захирал Г.Мөнхцэцэгийг тавьжээ. Болор цомын эзэн яруу найрагч бүсгүй Дорноговийн нэрийг өнгөрсөн хорь гаруй жилийн хугацаанд олонтоо дуудуулж, түмэн олонд сонсгож ирсэн. Тэрийг нь бодоход л хангалттай гишүүн байж болохоор эмэгтэй л дээ. Тэрбээр МАН-ын эмэгтэйчүүдийн байгууллагад харьяалагдаад удаж буй. Харин энэ удаагийн сонгуулийн бас нэгэн содон өнгө бол Данзанравжаагийн музейн захирал З.Алтангэрэл юм. Ноён хутагтын өвийг үе удам дамжуулан авч ирсэн тахилчийн удам. Нутаг орондоо нэр хүндтэй, төлөв түвшин нэгэн учраас түүнийг АН-аас гэнэт нэр дэвшүүлсэн байх талтай. Түүнтэй өрсөлдөх хүн бол “Дорнын говь”-ийн Б.Дэлгэрсайхан. Тэрбээр сүүлийн жилүүдэд энэ тойрогтоо жигд ажиллаж ирсэн.

Дорнодоос 2004-2008 онд сонгогдон парламентын гишүүнээр ажиллаад 2008 оны сонгуульд дахин өрсөлдөөд унасан М.Зоригт гишүүн 2012 оны сонгуульд Сүхбаатараас гишүүн болж байлаа. Харин энэ удаад буцаад тойрогтоо очжээ. Түүнд дорнодчууд ямар дүн тавихыг чухам тэнгэр л мэдэх байх даа. Х.Болорчулуун байна. Тэрбээр өмнөх сонгуульд бие дааж гарч, удтал сул гишүүнээр явж байгаад МАН руу очсон билээ. Хоёр гишүүний хэн нь ялахыг харж л байя. Тэдэнтэй МАХН-аас Ж.Энхжаргал өрсөлдөх юм байна. Дорнодын 15 дугаар тойрогт Н.Номтойбаяр гишүүн МАН-аас, “Алтан гадас”-ын Б.Мөнхцэцэг АН-аас тулна. Б.Мөнхцэцэгийн хувьд олон жил дорнодынхондоо үнэнч яваа буриад эмэгтэй. Аймгийн намын хорооны хурлаас казино Д.Энхбаатарыг гаргасан ч ҮЗХ-ноос эмэгтэй нэр дэвшигчээ илгээсэн. Тойргууд томсгосон хэлбэрээр байхад Дундговь хамгийн цөөхөн нэр дэвшигчтэй гэгддэг байв. Харин жижиг мажоритар болоход Дундговь ганц тойрог учраас чамгүй олон сумдтай, нэлээд ажиллагаатай тойрогт тооцогдож таарах байх. Энд АН-аас УИХ-ын гишүүн Б.Наранхүү, МАН-аас Б.Амарсанаа нар өрсөлдөх гэж байна. Тэд 2012 оны сонгуулиар үзэж, Б.Наранхүү нь гарч байсан. Жижиг намуудаас хэд хэдэн өрсөлдөгч, бас бие даагчидтай энэ тойрогт санал хуваагдан хэн ч санаагүй хүн ялагч болохыг үгүйсгэх аргагүй. Завханы 17, 18 дугаар тойрогт АН-аас Я.Санжмятав, З.Нарантуяа нар үзэх бол МАН-аас Б.Энхболд, Ш.Батсамбуу нар халз тавигджээ. Завханы хувьд АН-ын хоёр хэдийнэ танигдсан улсууд. Эсрэгээрээ МАН-ынхан шинэковууд. Дээрээс нь төрсөн ах дүү хоёр 18 дугаар тойрогт халз үзэж, УИХ-ын сонгуулийн түүхэн дэх сонин үйл явдлын нэгээр бичигдэх болоод байгаа. МАН-аас Завханд нэр дэвшдэг Ш.Сайхансамбуу энэ удаад нэр дэвших боломж олж чадаагүй бөгөөд тэр боломж нь төрсөн дүү Ш.Батсамбууд нь иржээ. Харин үүнд нь дургүйцсэнээ илэрхийлж Нарантуулын эзэн 17 дээр биш 18 дугаар тойрогт дүүтэйгээ халз үзэлцэхээр шийдсэн юм. Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд Н.Батцэрэг МҮАН нь АН-тай сонгуульд нэгдэж орохоор болсноор хуучин төрхөмдөө эргэн ирсэн. Түүнд Өвөрхангайн нэг тойргийг өгсөн бөгөөд мөн УИХ-ын гишүүн Я.Содбаатартай таарчээ. Харин нэр хүнд өндөр байгаа гэгддэг аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн сүүлийн дөрвөн жил Баялаг бүтээгчдийг дэмжихээ зарлаж, аймгаа ч чамгүй тордож ажилласан Ч.Даваабаяртай өрсөлдөхөөр болоод байсан. Гэвч УИХ-ын сонгуульд нэр дэвших боломжийг атгасан Ч.Даваабаяр сонгуулиас нэрээ татан авсан нь анхаарал татаж байгаа юм. Удалгүй нэрээ татан авсан шалтгаан нь тодорхой болох биз ээ. АН-ын хамгийн залуу нэр дэвшигч гэгдэж буй АН-ын УИХ дахь ажлын албаны дарга С.Дэмчиг өмнөх сонгуулиар Өвөрхангайгаас нэгээр гарч байсан С.Чинзоригтой өрсөлдөх юм. С.Дэмчигийн хувьд оюутны ширээнээс гишүүний туслах болж ажилласан нэгэн. Д.Зоригт гишүүний цүнхийг барьж явсаар нэр дэвших орыг нь Өвөрхангайд авлаа, сонгуульд хэрхэхийг хэн мэдэхэв гэсэн яриа дуулдана. Харин С.Чинзоригийн хувьд сонгогчдын хангалттай санал авч чадсан ч УИХ-д сууж чадаагүй. Түүнд өгсөн сонгогчдын саналын хариу болгож намаас нь Хөдөлмөрийн сайдаар томилогдох боломжийг өгч байлаа. Түүнийг энэ сонгуульд өрөвдүүлэх тактик барих нь зөв гэх нь бий. Тэдний тойрогт нэг хатуу самар байгаа нь М.Наранбаатар. МҮОНРТ-ийн ерөнхий захирлаар гурван ч удаа томилогдон ажилласан. Сүүлийн бүрэн эрхийн хугацаа нь дуусаагүй байхаас хэл ам тасрахаа байсан. Сүр сүндэртэй албан тушаалыг нь түүнээс авч байлаа. Тэгээд ч барахгүй авлига, аудит гээд олон газраар шалгагдах болсон. Гэхдээ энэ удаагийн сонгуульд нэр дэвшиж байгааг нь харахад тэр асуудлууд нь зүгээр бололтой.

Сүхбаатарын ганц тойрог дээр чангахан хоёр хүн тавигджээ. Нэг нь аймгийн Засаг дарга Ж.Батсуурь АН-аас, нөгөө нь УИХ-ын гишүүн Ч.Улаан МАН-аас. Ч.Улааны хувьд Сүхбаатараас хэдэнтээ сонгогдсон. МАН-аас МАХН руу буцаад МАН-д ирсэн түүнд нутгийнхан нь ямар дүн тавихыг мэдэхгүй. Ж.Батсуурь даргын хувьд Сүхбаатарынхан аймгийн хөгжил тэс өөр болсон болохоор сайн ханддаг гэсэн яриа бий. Ёстой сонгуулиар тэр дүн нь харагдах байх. Сүхбаатарын дэргэд Сэлэнгэ аймаг гурван тойрогтой. 25 дугаар тойрогт УИХ-ын гишүүн С.Баярцогт, ГХ-ийн дэд сайд асан Н.Оюундарь нар таарчээ. ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт оффшор гэж хэдэн жил нүдүүлсээр ирсэн нь намжих янзгүй сонгуульд орж байна. Гэхдээ түүн шиг боловсролтой, туршлагатай улстөрч төрд байх нь хэрэгтэй гэж үзэгсэд олон. Н.Оюундарийн хувьд Сэлэнгэ аймагт нэр дэвших нь эртнээс тодорхой болсон хүний хувьд жигд сайн ажиллаж ирсэн. Харин 26 дугаар тойрогт нэр дэвшиж буй АН-ын Г.Эрдэнэтунгалагт ийм боломж тохиогоогүй. Ерөөсөө л сүүлийн мөчид нэр дэвших эрхээ авсан нь зохиолын дуучин нэр дэвшлээ гэсэн дуулиан шуугианыг тариадахсан юм. Түүнтэй УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат таарсан. Түүний амьдай УИХ-ын гишүүн, сайд Д.Эрдэнэбат Засаг дарга Ц.Бүрэнбаттай өрсөлдөнө.

Төв аймгийн гурван тойрогт МАН-ын хоёр Энхболд дээр нэг сонин хүн нэмэгдэж орж ирсэн нь АН-аас гараад удаагүй байгаа дархан аварга А.Сүхбат байлаа. 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр АН-д орж байсан жижиг Сүхбат энэ сонгуулиар МАН-д оров. Тэрбээр АН-ын М.Энхсайхантай өрсөлдөх аж. Үнэндээ АН-ын хувьд Төв аймаг дээр нэр дэвшигч олдохгүй хэцүү байсан талаар дуулдаж байсан. Галзуу ганц дайчин гэгчээр аймгийн АН-ын дарга, дэд сайд асан Д.Доржпүрэв л нэр дэвших нь тодорхой байсан юм. Тэрбээр энэ удаа гурав дахь удаагаа Төв аймгаас УИХ-ын сонгуульд оролцоно. МАН-ын дарга М.Энхболдын рейтинг өндөр учраас ирэх хүн олдохгүй байгаа гэлцэж байв. Судалгааны хүрээлэнгийн захирлаар ажиллаж байгаад нэр дэвшинэ гээд оны өмнөөс ажлаа өгч байсан Б.Энхбайгаль хэмээх эмэгтэй бол Дашийн Бямбасүрэн гуайн охин юм. Энэ удаагийн сонгуульд Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуай охин, хүү хоёр өөр, өөр нам эвслээс өрсөлдөж байгаа сонин тохиолдол гарч байна. Гэхдээ Ш.Сайхансамбуу түүний дүү Ш.Батсамбуу нар шиг биш л дээ. Өөр өөр тойргоос нэр дэвшсэн юм.

Үргэлжлэл бий.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Сонгуулийн зурхай-2016” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

Удахгүй болох сонгуульд аль нам ялалт байгуулах бол гэж хүн бүхэн дотроо анализ хийж суугаа байх. Тэгвэл таны тэрхүү эргэлзээ, таамагт санал дэвшүүлсэн нийтлэл гарчээ. Нийгмийн чиг хандлагыг тодорхойлогч “Өдрийн сонин”-ы алдарт III нүүрт энэ удаа нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Сонгуулийн зурхай-2016” нийтлэл орсон байна. Өнөөдрийн дугаарын онцлох ярилцлага бол Монгол Улсын гурав дахь тэргүүн хатагтай О.Цолмонгийн ярилцлага юм. Тэрээр өнгөрсөн хугацаанд үзэж туулсан амьдралынхаа талаар сонирхолтой яриа дэлгэжээ.

Портер машины цонхоор гурван настай хүүхэд унаж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.Чухам юунаас болж хүүхэд эндэх болсон шалтгааныг VII нүүрэнд орсон мэдээллээс дэлгэрэнгүйг уншаарай. Тус нүүрт мөн “Сэтгэшгүй” эмнэлэгт өвчтөн нас барсан хэрэг эмчийн буруугаас болоогүй гэдэг нь тогтоогдсон талаар мэдээлэл оржээ. Тэгвэл VI нүүрнээс хонины нэхий 100 төгрөг болсон тухай сурвалжлагыг уншаарай. Харин XI нүүр уул уурхайнд нүүрэнд нэгэн сонирхолтой баримт мэдээлэл орсон байна. “Австралийг айлгасан үер монгол нүүрсийг “моод”-нд оруулж магадгүй нь” гэсэн энэхүү нийтлэлийг та бүхэн өнөөдрийн дугаараас унших боломжтой.Улс төрийн хүрээнд өрнөсөн үйл явдлыг та бүхэн II, VI, V нүүрнээс унших боломжтой. Саяхан болсон кино наадмаас шилдэг эмэгтэй дүрийн шагналыг хүртсэн “Lovers” кинонд тоглосон жүжигчин Д.Гэрэлмаа “Кинонд тоглохын тулд үсээ улаан өнгөөр будуулсан нь надад шинэ мэдрэмж, өөрчлөлтийг өгсөн” хэмээн сонирхолтой яриа дэлгэсэн байна. Мөн Ү.Хүрэлбаатар “Зохиогчийн эрх гэдэг зүйлийг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлэх цаг болсон” хэмээн ярьсан бөгөөд түүний ярилцлагыг өнөөдрийн дугаараас та бүхэн уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Дэлбэрэлтэд монгол иргэд өртөөгүй гэв

Өнөөдөр БНТУ-ын Истанбул хотод орон нутгийн цагаар 8:40-д автомашинд байрлуулсан бөмбөг дэлбэрсний улмаас 7 цагдаагийн албан хаагч, 4 энгийн иргэн нийт 11 хүн нас барж, 36 хүн гэмтсэн байна.

Туркийн талаас дэлбэрэлтийг үйлдсэн этгээдүүдийг олж илрүүлэх ажиллагааг явуулж байгаа бөгөөд дэлбэрэлтэд монгол иргэд өртөөгүй болохыг Истанбулд суугаа Ерөнхий консулын газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Ч.Сайханбилэг ноён Жин Личунийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Ази, Европын Сангийн сайд нарын уулзалтад оролцохоор Улаанбаатарт хүрэлцэн ирсэн Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны Ерөнхийлөгч, ноён Жин Личунийг өнөөдөр (2016.6.8) хүлээн авч уулзан Монгол Улс тус банктай хамтран ажиллах боломжуудыг хөндөн ярилцлаа.

Энэ оны нэгдүгээр сараас үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны анхны үүсгэн байгуулагчдын нэгний хувьд Монгол Улс төлөвлөж буй дэд бүтцийн тодорхой төслүүдээ тус банкнаас санхүүжүүлэх боломжийг эрэлхийлж байгааг Ерөнхий сайд дурдаад зээлийн хөрөнгийн эх үүсвэрээр нэгэнт баригдсан автозамуудад дахин санхүүжилт хийх, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын төсөл, ОХУ-БНХАУ-ыг Монголын нутгаар дамжуулан холбох төмөр замын төслүүдэд Монголын тал санхүүжилт хүсч байгааг уламжиллаа.

Ноён Жин Личун Ерөнхий сайдын санал болгосон төслүүдийн талаархи нарийвчилсан мэдээллүүдийг манай талаас хүсч, цаашид хоёр талын шинжээчид, мэргэжилтнүүдийн түвшинд судалгаа хийж, тодорхой ямар төсөл хэрэгжүүлэхэд хамтран ажиллах чиглэлээ тогтоё гэлээ.

Монголын мэргэжилтнүүд Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкинд ажиллах боломжийг Ерөнхий сайд сонирхоход үнэхээр чадварлаг, өндөр мэргэжлийн хүмүүст тийм боломж нээлттэй гэж ноён Жин Личун хариулав.

100 тэрбум ам.долларын дүрмийн сантай байгуулагдсан Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк эдийн засгийн үр ашигтай төсөлд их хэмжээний зээл олгох боломжтой ба ингэхдээ дэд бүтцийн томоохон төслүүдийг олон улсын банк, санхүүгийн бусад байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх бодлого баримталдаг ажээ. Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд тус банкнаас зээл хүсэхэд тухайн орны Засгийн газрын баталгаа шаарддаг байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Баянзүрх дүүрэг дэх автомат тоглоомын долоон газрыг хаалаа

Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсээс Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, Захиргааны хариуцлагын тухай хууль, Засгийн газрын 2013 оны 410 дугаар тогтоолоор батлагдсан “Цахим тоглоомын газрын үйл ажиллагааг зохицуулах журам”, Нийслэлийн соёл, урлагийн газрын даргын 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн А/11 тоот тушаалын хэрэгжилтийг хангах зорилгоор “Хуулийн хэрэгжилт” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж, хариуцсан нутаг дэвсгэрийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа цахим болон автомат тоглоомын газруудад шалгалт хийж ажиллалаа.

Арга хэмжээний хүрээнд хариуцсан нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа 7 автомат тоглоомын газар болон 35 цахим тоглоомын газрын үйл ажиллагааг шалгаж зохих зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан 4 автомат тоглоомын газар, 10 цахим тоглоомын газарт Захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ тооцож, 25 мэдэгдэл хүргүүлж, 7 автомат тоглоомын газрын үйл ажиллагааг зогсоож ажилласан.

Мөн тус дүүрэг дэх цагдаагийн нэг, хоёр, гуравдугаар хэлтсүүд хамтран дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэстэй хамтран Ази европын орнуудын дээд хэмжээний АСЕМ-ын 11 дүгээр хурлын үйл ажиллагаатай холбогдуулан хариуцсан нутаг дэвсгэрийн хэмжээнд архи согтууруулах ундаа худалддаг, түүгээр үйлчилдэг аж ахуйн нэгж, байгууллагуудад “Стандарт-Хяналт шалгалт” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулан ажиллалаа. Арга хэмжээний хүрээнд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг архи согтууруулах ундаа худалддаг, түүгээр үйлчилдэг нийт 248 аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагааг шалгав. Шалгалтаар зөрчилтэй 8 аж ахуйн нэгж байгууллагад Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ тооцож, удаа дараа зөрчил гаргасан аж ахуйн нэгж байгууллагын тусгай зөвшөөрлийг цуцлах саналыг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэн ажиллажээ.

Categories
мэдээ нийгэм

Татвараа төлөөгүй жолоочийг өдөр бүр торгоно

Авто тээврийн хэрэгслийн татвар төлөх хугацаа энэ сарын 01-ний өдрөөр дуусгавар болсон ч одоогийн байдлаар 70 гаруй мянган жолооч татвараа төлөөгүй байгааг албаны эх сурвалж мэдээллэж байна.

Тиймээс жолооч татвараа төлөөгүй автомашинтайгаа хөдөлгөөнд оролцвол татвараа төлөх хүртэл нь өдөр бүрт торгуулийн арга хэмжээ авах юм байна. Мөн татвараа төлөөгүй машины улсын дугаарыг Замын хөдөлгөөний удирдлагын төвийн хяналтын камерт сануулсан учир татвараа төлөөгүй машинаар замын хөдөлгөөнд оролцож байгаад хяналтын камерт бичигдсэн бол гэрийн хаягаар нь торгууль хүргэх аж.

Categories
мэдээ улс-төр

Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны Ерөнхийлөгчтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны Ерөнхийлөгч Зинь Люцинийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Болор, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Иргэдийн оролцоо, эдийн засгийн бодлогын зөвлөх Л.Дашдорж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх А.Баттөр болон Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны төлөөлөгчид байлцлаа.

Уулзалтын үеэр Азийн бүс дэх дэд бүтцийг хөгжүүлэх, Ази-Европын холбосон эдийн засгийн корридор байгуулах боломж бололцоо, авто замын салбарын хөрөнгө оруулалтын талаар хөндөж ярилцав. Монгол Улсын Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ Монголын дэд бүтцийн салбар сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжин авто замын сүлжээ өргөжин тэлж байгааг онцлоод цаашид ч энэ салбарын хөгжилд анхааран ажиллахаа илэрхийлэв.

Азийн бүс дэх дэд бүтцийн хөгжлийг дэмжих зорилготой Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк 2016 оны нэгдүгээр сараас үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд одоогоор 57 гишүүнтэй. Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк нь эхний төслүүдээ Монгол Улсад хэрэгжүүлэх сонирхолтой байгааг Зинь Люцинь уулзалтын үеэр тэмдэглэв. Үүний дагуу шинээр зам байгуулах болон байгуулагдсан замын ашиглалтын зардалд хөрөнгө оруулах тухай хэлэлцээг эхлүүлжээ. Энэ асуудлаар Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Хонг-Конгод өнгөрсөн дөрөвдүгээр сарын 6-нд болсон Азийн хөрөнгө оруулалтын 19-р чуулганы үеэр Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны Ерөнхийлөгч Зинь Люцинтэй уулзахдаа ярилцжээ.

Categories
мэдээ улс-төр

Э.Бат-Үүл Чингэлтэй дүүргийн иргэдэд тайлангаа тавьж байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч нийслэлийн дүүргүүдийн иргэдэд өнгөрсөн дөрвөн жилд хийсэн ажлын тайлангаа тавьж байгаа. Тэрээр одоо Нийслэлийн Иргэний танхимд Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзаж, тайлангаа тавьж байна. Энэхүү уулзалтад түүнээс гадна НИТХ-ын төлөөлөгч Л.Наранбаатар оролцож байна.

Хотын Засаг дарга нийслэлд өнгөрсөн хугацаанд хийсэн ажлуудаас гэр хорооллын дахин төлөвлөлт, гэр хорооллыг шинэчлэн зохион байгуулах, “Сайн хашаа” зэрэг төсөл, хөтөлбөрийг онцолж танилцууллаа.

Categories
мэдээ нийгэм

Байгалийн сэдвээр бичдэг сэтгүүлчид шагнал гардлаа

Байгаль орчин ногоон хөгжлийн яам, Нэгдсэн үндэсний байгууллагаас Дэлхийн байгаль орчны өдрийг тохиолдуулан зохион байгуулсан, байгаль орчны сэтгүүлзүйн шилдэг бүтээл шалгаруулах уралдааны дүнг өнөөдөр зарлалаа. Энэхүү тэмцээнийг гуравдахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж байгаа ба энэ удаагийн тэмцээнийг хоёр сэдвийн хүрээнд явуулж зургаан байрт шагнал гардууллаа. Эхний сэдвийн хүрээнд тэргүүн байрыг “Ургаж байгаа мод” бүтээлээр Х.Цэнгэжав, хоёрдугаар байрыг “Өнөөдрийн идэх хоолоор маргаашийн ирээдүйг солих уу” бүтээлээр Ц.Чойжамц, гуравдугаар байрыг “Говийн нар инээж байна” бүтээлээр Б.Батзориг нар шалгарлаа. Хоёрдахь сэдвийн хүрээнд Д.Энхмарт тэргүүн байрт шалгарсан бол хоёрдугаар байрт “Уур амьсгалын өөрчлөлтөөс дайжиж биш зохицож амьдарья” бүтээлээр Д.Өлзийсайхан, гуравдугаар байрт “Батоникийн цэцэрлэгийг авраач” бүтээлээр А.Мөнхтуул нар тус тус шалгарсан байна.

Бичлэгийн тэмцээнд нийт 20 бүтээл ирүүлснээс хоёрдугаар шатанд 14 бүтээл шалгарчээ. Уг бүтээлүүдийн дийлэнх нь өдөр тутмын сонинд хэвлэгдсэн бөгөөд энэ жилийн хувьд сайтуудад нийтлэгдсэн бүтээл их ирсэн нь монголын сэтгүүл зүй орчин үеийн хандлагаар цахимжиж байна хэмээн Хэвлэлийн хүрээлэнгийн Сургалтын албаны дарга Ц.Тамир хэллээ. Мөн энэ үеэр Байгаль орчин ногоон хөгжил аялал жуулчлалын яамны, Сав газрын удидлагын хэлтсийн дарга Х.Түвшинбаяр “Монгол орны усны сав газрын захиргаа 2012 онд байгуулагдаж нийт 21 сав газрынг хамгаалах ажлыг хийж байна. Усны асуудал бол манай улсад тулгамдаж байгаа хамгийн чухал асуудлын нэг. Ширгэж байгаа нуур, шургаж байгаа гол усыг хамгаалах, байгаль орчин зөв зохистой ашиглах, иргэдэд экологийн боловсрол мэдлэг олгохоор зорьж ажилладаг. Энэ ажлын хүрээнд Улз голын сав газарт уур амьсгалын өөрчлөлттэй дасан зохицох тиөсөл хэрэгжүүлж байна. Мөн олон нийтэд мэдээлэл хүргэх үүднээс байгаль орчны сэтгүүлчдийн дунд нийтлэлийн уралдаан зарлах, сэтгүүлчдийг хөдөө орон нутаг руу дагуулж явах гэх мэт олон ажил зохион байгуулж байна” гэлээ.