Categories
мэдээ улс-төр

Байнгын хороодын хуралдаан хойшлогдлоо

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан өнөөдөр 09.00 цагт хуралдаж Батлан хамгаалах тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төсөл, Зэвсэгт хүчний тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төсөл, Цэргийн албаны тухай болон холбогдох бусад хуулийн төсөл, Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай болон холбогдох бусад хуулийн төсөл, Олон улсын гэрээний тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төсөл, Төрийн болон албаны нууцын тухай, Мэдээллийн аюулгүй байдлын тухай болон холбогдох бусад хуулийн төсөл, Гадаад харилцааны тухай хуулийн төсөл болон бусад асуудлаар хуралдах хуваарьтай байсан.

Харин Эдийн засгийн байнгын хороо мөн л 09.00 цагт хуралдаж , Хэмжил зүйн тухай хуулийн төсөл, Санхүүгийн зохицуулах хорооны 2015 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэх хуваартай байсан.

Гэвч АН-ын бүлэг хуралдаж байгаатай холбогдуулан байнгын хороодын хурал хойшлогдлоо.

Categories
мэдээ нийгэм

Нойтон цас орж, шуурна

Энэ сарын 4-нд буюу маргааш ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орж, шороон болон цасан шуурга шуурахыг анхааруулж байна.

2016 оны 05 дугаар сарын 04-нөөс 05 дугаар сарын 08-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Тавдугаар сарын 4-нд ихэнх нутгаар, 5-нд зүүн зүгийн нутгаар хур тунадас нойтон цас, 6,7-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи 4-нд ихэнх нутгаар секундэд 18-20 метр, 5-нд говь талын нутгаар секундэд 14-16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. 4,5-нд сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус, говийн бүсийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 11-16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 5-10 градус дулаан байна. Хугацааны сүүлчээр дулаарна.

Categories
мэдээ нийгэм

Цэрэг татлага энэ сарын 6-8-ны өдрүүдэд болно

Зэвсэгт хүчний нөхөн хангалт, захиалга, тухайн жилд цэргийн жинхэнэ албанд татах иргэдийн тоо, татлага явуулах ээлж, хугацааг тогтоох тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоол гардаг.

Энэ тогтоолыг үндэслэн аймаг, нийслэл /дүүрэг/-ийн Засаг даргын захирамжийн дагуу хугацаат албаны цэрэг татлагыг зохион байгуулан явуулж байна.

Засгийн газрын тогтоолоор ирэх сарын 1-15-ны өдрүүдэд 2016 оны нэгдүгээр ээлжийн цэрэг халах, татлагыг улс орон даяар зохион байгуулахаар БХЯ, ЗХЖШ, Нийслэлийн ЗДТГ, орон нутгийн ЗДТГ бэлтгэлээ ханган ажиллаж байна. Цэрэг татлагыг зохион байгуулахад нийслэл, орон нутаг бүр харилцан адилгүй.

Нийслэлийн хэмжээнд цэргийн жинхэнэ албанд залуучуудыг татах, гэрээт цэргийн албанд элсүүлэх ажлыг 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс 08-ны өдрүүдэд зохион байгуулна. Цэрэг татлагаар зарлан дуудах хуудсаа авсан иргэд цэргийн үүрэгтний үнэмлэх, цахим үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр, хэрвээ оюутан бол оюутны холбогдох материалаа бүрдүүлж, дуудагдсан цэрэг татлагын байрандаа очно.

ДҮҮРГҮҮДИЙН ЦЭРЭГ ТАТЛАГЫН БАЙР

Баянгол дүүрэг- “Оюуны ундраа” /96 дугаар дунд сургууль/ цогцолбор

Баянзүрх дүүрэг– 53 дугаар дунд сургууль

Сүхбаатар дүүрэг – 31 дүгээр дунд сургууль

Сонгинохайрхан дүүрэг – “Ирээдүй” / 83 дугаар дунд сургууль/ цогцолбор

Хан-Уул дүүрэг – 34 дүгээр дунд сургууль Чингэлтэй дүүрэг – 24 дүгээр дунд сургууль

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Өнөөдөр хэвлэлийн эрх чөлөөний өдөр

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр 1993 онд жил бүрийн тавдугаар сарын 3-ны өдрийг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр болгон тэмдэглэдэг болсон юм. Манай сэтгүүлчид, уран бүтээлчид Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг 23 дахь жилдээ тэмдэглэж байгаа билээ. Энэ жилийн Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг “Мэдээлэлтэй байх, мэдээлэл авах эрх бол Таны үндсэн эрх” уриан дор таван тивийн 100 гаруй оронд тэмдэглэж байна. ЮНЕСКО-гийн ерөнхий захирал Ирина Бокова илгээлт гаргасан байна. Илгээлтийг бүрэн эхээр нь хүргэж байна.

МЭДЭЭЛЭЛТЭЙ БАЙХ ЭРХ, ЯЗГУУР ЭРХ ЧӨЛӨӨ-ЭНЭ БОЛ ТАНЫ ЭРХ!

Үзэл бодлоо илэрхийлэх эрхийн салшгүй нэг хэсэг мэдээлэлтэй байх эрх нь хүний язгуур эрх чөлөө юм. Онлайн ба офлайн орчинд мэдээлэл хүлээн авах ба түгээх нь эрх зүйн зарчим, сайн засаглал, ардчилалын тулгын чулуу юм.

Энх тайвныг сахин хэрэгжүүлэх, хөгжил цэцэглэлтийг баталгаажуулах, эх дэлхийгээ хайрлан хамгаалах ба ядуурлыг таслан зогсоох хүчин чармайлтыг ирж буй арван таван жилийн турш удирдан чиглүүлэх “Тогтвортой хөгжлийн төлөө хөтөлбөр- 2030”-ийг дэлхийн улс орнууд өнгөрсөн жил зөвшилцөн баталсан юм. Тогтвортой Хөгжлийн зорилго нь шинэ хөтөлбөрийн гол хурдасгуур болох харилцан хамааралтай хоёр зорилт-иргэдийн язгуур эрх чөлөөг дээдлэн хамгаалах ба мэдээлэлтэй байх эрхийг зорилтот чиглэлээ болгосон юм.

Сэтгэл түгшээсэн хэрэг явдал, шинэ өөрчлөлт дэлхий даяар өрнөж, хамтран ажиллаж, хамтдаа арга хэмжээ авахыг шаардсан сорилт тулгарч буй энэ цаг үед чанартай мэдээллийн хэрэгцээ урьд урьдаас илүү чухал болоод байгаа нь иргэдийн мэдэх эрхийг хангасан боловсронгуй тогтолцоо ба хэвлэлийн эрх чөлөөний найдвартай орчинг шаардаж байна.

Мэдээллийн эрх чөлөөний хууль тогтоомжийг одоогоос 250 жилийн өмнө, өнөөгийн Швед, Финлянд улсын газар нутагт анх, албан ёсоор баталсан байдаг. Түүхэн үйл явдал хойч үеийнхний урам зоригийг өнөө хэр нь хөглөж, орон орны Засгийн газар иргэдийнхээ мэдээлэлтэй байх эрхийг баталгаажуулсан хууль тогтоомжийг баталсаар байна. Тусгаар тогтнолоо шинээр зарласан Намиби улсад, 25 жилийн өмнө, Хэвлэлийн эрх чөлөөний Виндхукийн Түүхэн Тунхаглалыг баталсан нь Нэгдсэн Үндэстний Байгууллагаас Дэлхийн Хэвлэлийн Эрх чөлөөний өдрийг тэмдэглэх эхлэлийг тавьсан юм.

Түүхэн үйл явдлыг цохон тэмдэглэхийн ялдамд, энэ жилийн Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр “2030 он хүртэлх хөгжлийн ” хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ чөлөөт, хараат бус сэтгүүл зүйг хөгжүүлэхийн чухлыг онцлон дурдаж байна. Таван хоног тутамд хэвлэл мэдээллийн нэг ажилтан эмгэнэлтэйгээр амь насаа алдаж байгаа энэ цаг үе сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хангахыг сануулж байна. НҮБ-ын сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хамгаалах ба тэдний эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлшүй үлдэх буй асуудлаарх үйл ажиллагааны төлөвлөгөөгөөр хязгаарлалгүй, ЮНЕСКО орон орны Засгийн газартай хамтран дэлхий даяар сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн ажилтнууд аюулгүй, чөлөөт орчинд ажиллах нөхцлийг бүрдүүлэхийн төлөө ажиллаж байна.

Энэ өдрийг тохиолдуулан бүгдээрээ нэгдэн нягтарч, хүний мэдээлэлтэй байх язгуур эрх чөлөөг хамгаалах, хэвлэлийн эрх чөлөөг хөхиүлэн дэмжихийг уриалж байна. Дэлхий даяар мөнхөд орших энх тайван, тогтвортой хөгжлийг бүтээн цогцлуулахын төлөө бидний хүсэл тэмүүлэл, хүний эрх, нэр төрийг сахин хангахад энэ нь зайлшгүй чухал билээ.

Энэ бол Таны эрх!
Ирина Бокова

Categories
мэдээ нийгэм

Сумоч А.Хүчитбаатарт хандив өгчээ

Японы мэргэжлийн сумо бөхийн дэвжээнд олон жил барилдаж байгаа Токитэнкү А.Хүчитбаатар цусны хорт хавдар тусаад байгаа юм. Түүний эмчилгээнд зориулж дээд зиндаанд барилдаж буй бөхчүүд хандив цуглуулж, уг хандивыг ёкозуна Хакухо М.Даваажаргал бусдыгаа төлөөлөн А.Хүчитбаатарын ээжид хүлээлгэн өгсөн байна. Токитэнкү А.Хүчитбаатар өнгөрөгч оны долдугаар сард бэлтгэлийн үеэр хавиргаа гэмтээж бэртэлээ эмчлүүлэх явцдаа хорт хавдар гэдгийг мэджээ. Онош тодорсноос хойш хавдрын эсрэг эмчилгээ хийлгэж эхэлсэн ба энэ хугацаанд 20 гаруй кг жин хаяад байгаа аж. Тэрээр “Өвчнийг эхний шатанд нь илрүүлсэн учир эмчилгээ үр дүнтэй болно гэдэгт итгэж байгаа. Адилхан өвчнөөр шаналж байгаа бусад хүмүүсийн төлөө заавал эдгэрнэ” гэжээ. Токитэнкү одоо Япон улсад эмчлүүлж байгаа ба Монголоос ар гэрийнхэн нь очоод байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр таван дүүрэгт цахилгаан хязгаарлана

Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан эрчим хүч түгээдэг шугам тоноглолд урсгал засвар хийх тул Та бүхэн хэрэглээгээ түр зохицуулна уу.

Баянзүрх дүүрэг

10:30-16:00 цагт: 10-р хороо Баатархайрханы гудамж, Автобус-3, 87-р сургууль, Ирээдүйн гарц, Гэгээрэл дацан, эдгээрийн ойр орчмоор

10:30-17:30 цагт: 10, 20, 232, 4, 7-р хороо Хужирбулангийн 1-19-р гудамж, Баяндөхөм, 36, 37А, Б, 38А, Б, 40-42, 53, 59, 110, 112-114, 200, 201-р байр, 191-р цэцэрлэг болон эдгээрийн ойр орчмоор

Баянгол дүүрэг

10:30-18:00 цагт: 5, 6-р хороо 10-р хороолол 40-43, 12А, Б, 12-5, 12-4Г, 13, 15, 43А, 51, 54-57, 60, 60-2, 61, 63-65-р байр, UB palace болон эдгээрийн ойр орчмоор

Хан-Уул дүүрэг

10:30-17:00 цагт: 1, 11, 15-р хороо Төв цэнгэлдэх хүрээлэн, МҮОХ, МХБХ, Элит-3 хотхон, Рапид харш Т-1, 2, 8, 9, Т-5А, Б, 6А, Б, 7-р байр, Дүнжингарав хотхон 101-107 байр, Оддын хотхон, Ганди-25 Модерн таун, БЗД ЗДТГ-ын ажилчдын ос, Шилмэл шилтгээн болон эдгээрийн ойр орчмоор

Сонгино хайрхан дүүрэг

11:00-18:00 цагт: 1, 2-р хороо Толгойтын 16-20, 25-28, 45-108, Орбитын 30-89, 112-128-р гудамж, 107-р сургууль, 111-р цэцэрлэг, Ану сервис болон ойр орчмоор

12:00-14:00 цагт: 20-р хороо 361-ийн гарам, Орхон их сургууль

14:00-16:00 цагт: 20-р хороо 361-ийн гарам Иргэн Бямбасүрэн, Очирсүрэн, Уламбаяр (үйлчилгээ), Улаанбогт, Дабль Дөрөөт-Эс ХХК-ууд

Налайх дүүрэг

10:00-18:00 цагт: 2, 7-р хороо 42-47-р байр, Холбоо, Үүрийн гол дэлгүүр, Шижир зул дэлгүүр, Голомт цогцолбор сургуулийн 1, 2, 3-р байр, Бадралын 1-8, Хийдийн 1-4-р гудамж

Төв аймаг

10:30-18:00 цагт: Эрдэнэ сум Нарны орон, Морьтон Шанкур, Илд бамбай, Бамбай секюрет, Шилийн булаг ХХК-ууд, иргэн Энхбат, Бадамханд, Александр, Жадамба (үйлчилгээ)

Цахилгаан эрчим хүчээр түр хязгаарлагдах хэрэглэгчдийг байршлаар нь баримжаалан жагсааж байгааг анхаарна уу. Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орох магадлалтай ба өөрчлөгдсөн тохиолдолд УБЦТС ТӨХК-тай байгуулсан гэрээнд бүртгэлтэй утсаар холбогдож ААН, үйлдвэр, компаниудад мэдээлэх болно.

Categories
мэдээ цаг-үе

Д.Лүндээжанцан: Монголын парламент дээд, доод хоёр танхимтай байсан бол ийм будлиан гарахгүй

Сонгуулийн тухай хуулийн 120 дугаар зүйлийн гурав дахь хэсгийнУИХын 48-аас илүүгүй гишүүнийг олонхын сонгуулиар, 28-аас илүүгүй гишүүнийг хувь тэнцүүлэх сонгуулиар тус тус сонгоногэсэн заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг Үндсэн хуулийн Цэц өнгөрсөн баасан гаригт дунд суудлын хуралдаанаараа хэлэлцсэн. Ингээд Цэцээс дээрх заалтыг Үндсэн хууль зөрчсөн хэмээн үзэж түдгэлзүүлээд байгаа. Тус маргаанд УИХын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр УИХын гишүүн Д.Лүндээжанцан ажилласан юм. Түүнтэй ярилцлаа.

Намын нэрсийн жагсаалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн Цэц 2012 онд хуралдаад Үндсэн хууль зөрчөөгүй гэж үзсэн байдаг. Энэ удаа яагаад зөрчсөн гэсэн дүгнэлт гаргачихав аа?

-Үндсэн хуулийн Цэцийн хуралдаан эхлээд “Бүрэлдэхүүнээс асуух асуулт байна уу” гэхэд би энэ асуултыг тавьсан. “Үндсэн хуулийн Цэц 2012 оны тавдугаар сарын 2-ны өдөр их суудлынхаа хуралдаанаар хэлэлцэн шийдвэр гаргасан. Энэ дотроо бол пропорционалийг үгүйсгээгүй байна. Тэгэхээр энэ шийдвэр чинь өмнө нь гарчихсан гэж бид ойлгож байгаа” гэсэн. Үндсэн хуулийн Цэцийн гишүүд “Мэдээлэл гаргагчийн тавьсан асуудлын хүрээнд бид маргааныг шийдсэн. Түүнээс хальдаггүй” гэсэн хариулт өгнө лээ. Одоо бол үндсэндээ сонгуулийн үйл ажиллагаа эхэлчихээд, мөрийн хөтөлбөрөө Аудитын ерөнхий газарт тушаачихаад явж байгаа үе л дээ. Тийм учраас би “Сонгуулийн тухай хууль хэрэгжээд явж байгаа ийм их цаг тулсан үед энэ асуудлыг тавих нь хэр зэрэг зохимжтой вэ” гэж сонгууль цагтаа явах, төрийн тогтвортой байдалтай холбоотой асуудлаар асуулт тавьсан. Тэгэхэд Үндсэн хуулийн Цэц бол асуудлыг хэд хоногийн өмнө ч хэлэлцээд шийдэж болно. Энэ хугацаанд УИХ-аас Үндсэн хуульд заасан хугацааны дотор сонгуулиа явуулах орчноо өөрсдөө бүрдүүлээд хийх ёстой. Үндсэн хуулийн Цэц бол шүүх юм. Харин гишүүд өөрсдөө хууль санаачлаад өөрчлөлт оруулж байгаа бол болохгүй. Үндсэн хуулийн Цэц эцэслэн шийддэг шүүх учраас шүүхийн шийдвэрийг ямар ч хугацаанд гаргасан түүнийг хэрэгжүүлэн биелүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авах ёстой гэдэг утга санаагаар хариулт өгнө лээ. Тэгэхээр бидэнд яаралтай Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг хэлэлцэж нэг тийш нь тодорхой болгох шаардлага туллаа.

УИХ Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг хүлээгээд авчихвал жижиг намууд шахагдах дүр зураг байна. Намын жагсаалт ямар давуу талтай байсан юм бэ?

-Би онол судлаачийнхаа хувьд юу гэж үзэж байгаагаа хэлье. Монгол Улс олонхын ардчиллаас зөвшилцлийн ардчилал руу явах ёстой гэсэн байр суурьтай байдаг. Харамсалтай нь өнөөдөр зөвшилцлийн ардчилалд хүрч чадахгүй байна. Ер нь бол засаг төрийн тогтвортой байдал ороо бусгаа, их сонин болчихоод байна л даа. Тийм учраас олон түмэн мэдээж хэрэг жагсаалтад их тааламжгүй хандаж байна. Би бол жагсаалтад буруу байхгүй гэж үздэг хүн. Гэтэл жагсаалтад орохыг хэт тэмүүлэгсэд буюу улс төрийн намуудад мөнгө төгрөг өгч намаа санхүүжүүлэх байдлаар түүнд багтахыг хүсэгчид их байгаа. Үүнд олон түмний дургүйцэл төрж байна. Хоёрдугаарт, дэвшүүлж байгаа намд ч бас их буруу байна. Улс төрийн нам олон түмэнд хүлээн зөвшөөрөгдсөн үнэхээр төрд, парламентад хэрэгтэй гэж ард түмний хүсэн хүлээж байгаа хүмүүсийг дэвшүүлбэл жагсаалтын нэр хүнд сайжрах ёстой шүү дээ. Гэтэл харамсалтай нь тийм биш байна. Гуравдугаарт, тэгээд шүүмжлээд байгаа мөртлөө ард түмэн сонгож байгаа шүү дээ. Тэгэхээр сонгогч буюу ард түмэн, нэр дэвшүүлж байгаа нам, нэр дэвшигч гурвуулантай нь л холбоотой асуудал байгаа юм.

Энэ жагсаалтыг бий болгосон пропорциональ системийг оруулж ирсэн нь нэг талаар дэвшил болсон. Сонгогчдын санал хаягдахгүй байх асуудлаар л гол нь гарч ирсэн шүү дээ. Намын жагсаалт бол улс төрийн намуудын төлөвшилд ч хэрэгтэй байгаа юм. Гэтэл тэр жагсаалтыг хийхдээ хандив мөнгөний хүчин зүйлийг ч юм уу голлосоор байгаад нэр хүндийг нь ихээхэн хэмжээгээр унагаж байгаа явдал гарлаа. Тэгэхээр жагсаалтдаа буруу биш. Тооны хувьд наашаа, цаашаа авч үзэх зүйл бий. Харин жагсаалтыг гаргаж байгаа намын үйл ажиллагаа, арга барил буруу байна гэж миний хувьд боддог. Ер нь бол мажоритар руу, тэр дотроо 76 жижиг тойрог руу явж байгаа бол ухралт боллоо гэж бодож байгаа.

Жижиг тойргуудад өрсөлдөхөөр мөнгөний сонгууль болж хувирдаг гэдэг?

-Мөнгөний сонгууль ч болдог юм уу. Ямар нэгэн хэмжээгээр ухралт болно. Тэгээд эцсийн эцэст энд нэг зовлон байна. Ард түмэнд сонгож байгаа хүнээ барьж үзэж, мэдэрч өөрийнхөө төлөөллийг сонгоё гэдэг хүсэл байна. Хоёр дахь асуудал нь улс төрийн намын төлөвшил бас сонгогчдын санал хаягдахгүй байх энэ хоёрын аль алийг хослуулсан “эхийг нь эцээхгүй тугалыг нь тураахгүй” хувилбар л бид эрж хайсан шүү дээ. Тэгээд яахав намуудын зөвшилцөөнөөр одоогийн энэ холимог тогтолцоог сонгож авсан. Үүнээсээ ухарч байгаа нь онц зүйл биш л дээ. Би үүнийг сайн зүйл гэж харахгүй л байгаа юм. Гурав дахь асуудал нь манай сонгуулийн тогтолцоо, өнөөдрийн нөхцөл байдал маань цаашдаа Үндсэн хуулийн реформыг шаардаж байна.

Тодруулбал?

-Хэрвээ олон улсын жишгийн дагуу дээд, доод хоёр танхимтай парламенттай тэгээд нэг танхим нь пропорционалиараа нөгөөх нь мажоритараараа сонгогдоод явдаг байсан бол будилахгүй. Манайх ганцхан танхимтай, 76 гишүүнтэй. Ийм төрийн эрх барих дээд байгууллага, хууль тогтоох байгууллагатай энэ танхимыг хоёр өөр аргаар байгууллаа гээд хүмүүс шүүмжлээд байгаа байхгүй юу. Ингээд зөрчилд орчихоод байгаа юм. Хоёр сая хүрэхгүй сонгогчидтой, өргөн уудам газар нутагтай, засаг захиргааны 20 гаруй нэгжтэй нөхцөлд сонгуулийн тогтолцоог хийнэ гэдэг бол амаргүй зүйл байдаг юм байна. Яаж ч янз бүрээр оролдоод байхад болж өгөхгүй л байна. Тэгээд одоо яахав Үндсэн хуулийн Цэц эцэслэн шийддэг, Үндсэн хууль тайлбарладаг гол байгууллага нь учраас ийм шийдээ гаргасан. Үүний дагуу асуудлаа тодорхой болгоод нэг тийшээ явсан нь дээр. Үндсэн хуульд заасан хугацаандаа буюу зургадугаар сарынхаа 29-нд сонгуулиа будлиангүй явуулах асуудал одоо тулсан зүйл болоод байгаа. Бидний өрнүүлэх маргаан бол хойш тавих асуудал болж хувирчихаад байна.

Та холимог тогтолцоо нь сонгогчдын санал хаягдахгүй байх сайн талтай байсан гэлээ. Энэ талаараа тодруулахгүй юу?

-Сонгогч бол улс төрийн намд санал өгч байна. Тэр намын нэрсийн жагсаалтын 28-ийг нам болгон гаргаж байгаа. Саяын Сонгуулийн тухай хуульд зааснаар бол тэр 28 хүнийхээ эрэмбэлсэн нэрсийн жагсаалтыг Сонгуулийн ерөнхий хороонд өгнө. Сонгуулийн ерөнхий хороо сонгогч бүрт өгнө гэсэн заалт орсон. Сонгогч тэр жагсаалтад өөрийнх нь сонгож Их Хуралд байж байгаасай гэсэн хүн хойгуур бичигдсэн ч байх юм уу. Эсвэл үнэхээр таалагдахгүй хүмүүс жагсаалтад бичигдсэн байвал тэр намд саналаа өгөхгүй байна гэсэн үг. Энэ мэтээр уг нь жаахан дэвшил гаргасан юм. Харамсалтай нь сонгуулийн тогтолцоог анх сонгож авсан 1992 оны Үндсэн хуулийн маань үзэл баримтлалд заасан гишүүнийг шууд сонгоно гэдгийг хүмүүс хүн сонгоно гэдгээр ойлгосон . Үндсэн хууль тогтоогчид ч тэгж ойлгосон учраас баталсан гэдэг үндэслэлээр энэ заалт Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гарч байгаа юм. Үндсэн хууль тайлбарлах олон арга байдаг л даа. Нийгэм, улс төр, түүхэн тайлбар талаасаа бол яг батлахдаа гишүүнийг ерөөсөө хүн сонгоно шүү гэж бодож сонгосон гэдэг нь давамгайлаад тэр нь цаасан дээр протокол болоод үлдчихсэн учраас энэ дүгнэлт гараад байгаа.

Дээр нь харьцуулсан тайлбар гэж байдаг. Манайх шиг ийм Үндсэн хуулийн заалттай мөртлөө хүн, намыг давхар сонгоод явдаг тогтолцоотой орнууд олон байна. Тэр талаас нь харахад манай өнөөгийн холимог тогтолцоо Үндсэн хуультай зөрчилдөхгүй харагдаж байгаа юм. Гэтэл яг тэр Үндсэн хуулийг батлах процесс баталсан хууль тогтоогчид нь болохоор хүнийг сонгоно шүү гэсэн ойлголттой баталсан гэдгээрээ энэ зөрчилтэй болчихож байгаа юм. Тийм учраас би дээр яриад байсан даа. Ер нь цаашдаа Үндсэн хуулийнхаа энэ парламент ямар танхимтай байх, гишүүдийн тоо хэд байх, сонгуулийн тогтолцооны асуудлыг эргэж харж Үндсэн хуулийнхаа хэмжээнд авч үзэх цаг нь болсон байна гэдэг үүнээс харагдаж байна.

Ж.БАЯРСАЙХАН

Categories
мэдээ цаг-үе

Дан бие даагчдын УИХ болох нь уу

Монгол Улсын Ерөнхий аудитор А.Зангад 80 бие даагч мөрийн хөтөлбөртөө аудит хийлгэхээр хандсан гэж сонирхууллаа. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж саяхны ярилцлагадаа энэ талаар дургүйцсэн өнгөтэй үг унагасан харагдсан. Хашир парламентч “Сонгуулийн хуульд зааснаар 18 хоногт багтааж сурталчилгаагаа явуулахаар болсон. Гэтэл УИХ болон аймаг, нийслэлийн сонгуульд бараг 2000 шахам хүн өрсөлдөх тооцоо гарч байна. 18 хоногт 2000 хүний сонгуулийн сурталчилгаа явагдахаар юу болох вэ. Хавар их цас ороод зутраад ирэхээр хонь, хурга хоёр бие, биеэ танихаа больдог. Тэгвэл энэ удаагийн сонгууль тийм л юм болох зураг харагдаад байгаа юм даа. Орхон аймагт гэхэд л УИХ-ын сонгуульд 50 хүн бие дааж нэр дэвших сураг гарч байна” гэж ярьсан байна лээ. Үнэн л дээ. Ер нь хүн бүр нэр дэвшье гэж ярих болсон энэ үед тэр олон нөхрийг 18-хан хоногийн хугацаанд таньж барахгүй. Ц.Нямдорж гишүүний хэлсэн шиг хонь, хурга биенээ танихаа байдаг шиг юм болно.

Байдал ийм байхад яагаад ийм олон бие даагч УИХ-ын сонгуульд нэр дэвшинэ гэж зүтгээд байгаа юм бол. Мэдээж угаасаа ялахгүй юм чинь гэж хэн нь ч бодохгүй. УИХ-ын гишүүний суудал руу горьдлого тээсэн харц унагасан нөхөд л нэр дэвших бодол өвөрлөж яваа. Олны огт танихгүй нэр дэвшигчдийн дунд сошиал ертөнцөд “нэрд гарсан” хүмүүс цөөнгүй байхыг үгүйсгэхгүй. Цахим ертөнцөд овоо дажгүй яваагаа “Би Монгол даяар танигдсан. Нэр дэвшихэд гараад ирнэ” гээд эндүүрчихсэн тууж явахаасаа сийхгүй жиргээчид өчнөөн л харагддаг. Сошиэл ертөнцийн гол баатруудаар өөрийгөө рекламдуулчихвал Улаанбаатарын тойрогт өлхөн ялна гэсэн бодолтой нөхөд ч бие даан нэр дэвшигчдийн дунд бий. Өнөөдүүл нь ч тийм утгатай мессэжийг цахим ертөнцөөр нэг тараагаад эхэлчихсэн. Сая хэлсэн шиг санаа, зорилготой жиргээ сүүлийн үед твиттерээр нэг үзэгдэх болсон нь нууц биш.

Харамсалтай нь жиргээний оддыг сонгогчид танихгүй. Твиттерт 900-1200 хүн жиргэдэг, 200-300 нь идэвхтэй жиргэдэг гэсэн судалгаа бий. Нэг хүн өчнөөн твиттер хаягтайг жиргээчид өөр зуураа шивнэлдэцгээдэг. Жиргэдэггүй энгийн иргэдэд ч энэ мэдээ нууц биш болчихсон. Миний нэг танил гэхэд л 50 хаягаар жиргэдэг. Захын жиргээчид дунджаар арван хаягтай. Ийм улсын дунд танигдсаныгаа нийгэмд танигдлаа гэж бодвол хол эндүүрсэн хэрэг болно. Тэгэхээр УИХ-ын гишүүний зөөлөн суудлыг мөрөөдсөн цахим ертөнцийн одод лав сонгуульд хүч үзээд хүссэндээ хүрч чадахгүй.

Мэдэх, мэдэхгүй өчнөөн хүн тойрогт нь нэр дэвшихээр сонгогчид гол хоёр намаа гэх нь тов тодорхой зүйл. Ядаж л эргэж буцах мөртэй. Амласнаа биелүүл гэж шаардлаа гэхэд хандах газар нь тодорхой. Ганцаараа бодож суугаад мөрийн хөтөлбөрөө зохиочихсон нөхрөөс дараа нь хариуцлага нэхэх аргагүй гэдгийг захын хэн ч гадарлана. Ер нь тэгээд монголчууд хүний хуучин нь, дээлийн шинэ нь гэсэн философитой улс. Дэлхий рүү харъя. Улс төр хийдэг сонгодог жишиг загвар нь ерөөсөө л нам байдаг. Үүнээс өөрөөр, ганцаарчилсан тоглолт зохиож улс төр хийдэг сонгодог жишээ ардчилал хөгжсөн улсуудад лав байхгүй. Товчхондоо улс төр гэдэг хүссэн хүн бүрийн хийгээд байдаг эд биш. Сүүлийн хэдэн жил аль ч нам нь ялгаагүй муу, УИХ-ын гишүүд хулгайч гэж ярьсны гор одоо гарч байна. Үнэн хэрэгтээ тийм биш гэдгийг нурших нь илүүц хэрэг.

Categories
мэдээ цаг-үе

Хор гадагшлуулагч бөөр

Бөөр 9-11 см, 130 грамм жинтэй жижигхэн хэрнээ бүх л хортой бодисыг гадагшлуулдаг чухал үүрэгтэй эрхтэн. Хүний бодисын солилцооны явц дахь хортой бодисууд шээсээр дамжиж гадагшилдаг бол хэрэгтэй нь цусандаа орж байдаг. Нэг минутад 1.2 литр цус шүүдэг, чухал хэрэгцээтэй ус, сахар, амин хүчил, эрдэс давсуудын хэмжээг тэнцвэржүүлдэг, биед улаан эсийн тоо цөөрөхөд дааврын хэмжээг нэмэгдүүлж зохицуулдаг, цус төлжилтөд оролцдог гэж ирээд яривал энэ эрхтний үүрэг их. Бөөр өвчилбөл биед үүсдэг хортой илүүдэл шингэнийг зайлуулж чадахаа больдог. Тэр хэрээр царайны өнгө барайж, биеийн эсэргүүцэл суларч, хамаг өвчний шалтгаан болдог гэж эмч нар сануулж байна. Эртний эмч оточ нар бөөрийгДотор эрхтний язгуур, бүх сүвийн эх, амьдралын үндэсгэж үздэг байжээ. Товчхондоо бөөр бол тархийг тэжээх, ясыг бэхжүүлэх, биеийн илч дулааныг сэлбэх, хоол хүнсийг шингээх үйл ажиллагаатай шууд холбоотой эрхтэн.

БӨӨР ӨВЧИЛБӨЛ ИЛРЭХ ШИНЖҮҮД

Нуруу бөөрөөр хөшиж байвал бөөр чинь нэг л биш болсны шинж. Бөөрний хурц үрэвслийн үед халуурах, шээсэнд өөрчлөлт орж бага хэмжээгээр гарах, шээс үнэртэй болох зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Бөөрний ямар ч өвчний үед нүд, зовхи хавагнана. Нүүр ам, хөл чинь хавагнаад байвал даруйхан шинжилгээ өгөх хэрэгтэй. Шээсний шинжилгээгээр бөөрний өөрчлөлтүүд тодорхой гардаг. Бөөр өвдөх нь тархи, гэдэс ходоод, яс сийрэгжихэд хүртэл нөлөөлдөг.

БӨӨР ЯАГААД ҮРЭВСДЭГ ВЭ?

Бөөрний хэд хэдэн өвчлөл бий. Бөөрний үрэвсэл гэхэд л ямар нэг хэмжээгээр цусаар дамждаг. Ойролцоох эд эрхтнээс бөөрөнд халдвар ордог гэсэн үг. Бүсгүйчүүдийн хувьд гэхэд цистит, савны архаг үрэвсэл гэх мэт өвчнүүд бөөр үрэвсүүлэх суурь болдог. 35-45 насныхны дунд бөөрний архаг үрэвслийн өвчлөл өндөр байна. Эмэгтэйчүүд эрчүүдээс гурав дахин илүүгээр бөөрний архаг үрэвслээр өвчилдөг гэсэн статистик бий. Сүүлийн үед бөөрний үрэвсэлт өвчний тархах хувь ихсэх хандлагатай болсон гол шалтгаан нь цаг агаарын эрс тэс уур амьсгал, эрүүл ахуйн дадал, хооллолт. Бөөр өвдсөнөөр эрэгтэй хүний даавар булчирхайд нөлөөлдөг бол эмэгтэй хүний саванд нөлөөлдөг. Бөөрний үрэвслээ бүрэн эмчлүүлээгүй бол бүх хортой бодис биеэр тарах аюултай. Хар үгээр хэлбэл шээс цус хоёр хамт эргэнэ гэсэн үг.

БӨӨРНИЙ ДАРАЛТЫГ ТООХГҮЙ ОРХИЖ БОЛОХГҮЙ

Бөөр артерийн даралтыг зохицуулж байдаг эрхтэн. Артерийн даралтын хэвийн үйл ажиллагаа алдагдсанаар бөөрний даралт ихэсдэг. Бөөрний даралт ихсэх нэг шалтгаан нь бөөрний үрэвсэл судсаа гэмтээснээс болдог. Бөөрний даралттай гэж оношлогдсон бол заавал эмчлүүлэх хэрэгтэй хэмээн эмч зөвлөж байна.

Бөөрний даралтад нь өөрчлөлт орчихоод байхад тоохгүй бол тархи, бөөрний судас хатуурах гэмтэй. Бас зүрх томордог. Хамгийн том эрсдэл нь зүрхний өвчлөл, бөөрний дутагдал, цус харвалтад хүргэдэг.

БӨӨРНИЙ ДУТАГДАЛ

Товчхондоо бөөрний хор шүүх ажиллагаа алдагдсанаас болж хүний шээс цусанд нэвтэрч, архаг хордлогод орохыг бөөрний дутагдал гэдэг. Хурц болон архаг дутагдал гэж бий. Хурц дутагдал нь гэнэтийн хордлогод орох, ослоос болж бөөрөө гэмтээх, цус алдах гэх мэт гэнэтийн тохиолдолд илэрдэг. Бөөрний түүдгэнцрийн архаг үрэвсэл, чихрийн шижин зэрэг өвчний үед олон дахин сэдрэх, эсвэл дутуу эмчлүүлж явснаас шалтгаалж бөөр хатангиршиж үйл ажиллагаа нь алдагддаг аюултай. Энэ үед бөөрний дутагдалд ордог гэсэн үг. Чихрийн шижингээр өвдсөнөөс хойш 10-15 жилийн дараа бөөрний дутагдалд хүрдэг.

Тэгэхээр сахараар оношлогдсон нь л бол сахарын хэмжээгээ хэвийн байлгах хэрэгтэй, тэгж байж бөөрний дутагдлаас сэргийлж чадна. Жилдээ нэг сая хүнээс 100-120 нь бөөрний архаг дутагдалд ордог гэсэн судалгаа бий. Бөөрний архаг дутагдлын үед шээс ховордох, хавагнах, ядрах, ам цангах, арьс хуурайших, загатнах, арьсны өнгөлөг байдал алдагдах, хамар амнаас цус гарах, даралт ихдэх, оюун ухаан доройтох, дотор муухайрах, бөөлжих, гүйлгэх, хоолны дуршилгүй болох, турж эцэх, хараа сонсгол муудах, толгой өвдөх, амьсгалаар шээс үнэртэх, зүрх өвдөх зэрэг шинж илэрдэг.

БӨӨРӨНД САЙН ХҮНС

Бөөрний өвчнийг хүндрүүлэхгүй гэвэл, хор гадагшлуулдаг эрхтнээ өвчнөөс хамгаалахыг хүсч байвал хоол хүнсэндээ л гол анхаарлаа хандуулах хэрэгтэй гэж эмч нар зөвлөж байна.

Ус: Хоолны өмнөхөн буюу дараа ус уух тохиромжгүй. Хоолноос өмнө ус уухаар бол заавал 15 минутын өмнө уугаарай. Хоолны дараа бол нэлээд удаж байж уух хэрэгтэй. Жимс идээд 30 минут, мах идээд гурван цаг болоод ус уу.

Халуун чанартай хоол: Сэрүүний улиралд үхрийн годонгийн шөл, хонины мах зэрэг хүйтнийг гадагшлуулах халуун чанарын хоол идэх хэрэгтэй. Бөөр муутай бол бүх төрлийн сэрүүн чанартай идээнээс татгалзаарай. Ялангуяа жимснээс.

Давс: Өвлийн улиралд бөөрний үйл ажиллагаа харьцангуй идэвхтэй байдаг учраас давсыг хэтрүүлж болохгүй. Бөөрний ажиллагаа бүр идэвхжиж зүрхэнд муугаар нөлөөлөх нь бий.

Үргэлж идэх идээ: Жүрж, гахайн элэг, хонины элэг, манжин, байцаа, ногоон сонгино, цай.

Хар өнгөтэй хүнсний бүтээгдэхүүн: Бөөрөндөө анхааръя гэвэл хар өнгөтэй хүнсний бүтээгдэхүүн идэж, чихэрлэг хүнснээс аль болох татгалзаарай. Хар өнгөтэй хүнсний бүтээгдэхүүнд хар будаа, хар буурцаг, хар гүнжид, хар далдуу мөөг, хар чавга, мөөг, далайн байцаа зэрэг багтана. Хар будаа, хар буурцаг, хар гүнжид зэргээр будааны зутан хийж идвэл тэжээл нөхөх сайн талтай.

Жимс, ногооны шүүс: Ялангуяа аньс жимсний шүүсэнд үл исэлдүүлэгч эд агуулагддаг учир бөөрний үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг. Хэрчсэн яншуйг усанд хийж арваад минут буцалгаад хөртөл нь байлгасны дараа шүүж уугаарай. Өдөрт нэг аягыг уухад л хангалттай. Хамгийн хямд бөөр цэвэрлэгч гэдгийг эрдэмтэд аль хэдийнэ судлаад тогтоочихсон.

БӨӨР ЭМЧЛЭХ АРДЫН АРГА

Орондоо шээдэг хүүхдэд цээнийн үндэс чанаж тогтмол уулгахад шээхээ больдог, шээс хаагдсан үед цахилдаг буурцагны үндэс чанаж аягыг өгөхөд 30 минутын дотор илааршдаг, нохойн хошууны хандыг байнга хэрэглэхэд бөөр, ходоодны өвчингүй болно, тарвасны шүүс бөөр цэвэрлэхээс гадна бөөрний чулуу гадагшлуулдаг, тэхийн шээг хандалж уух бөөрөнд сайн гэж ирээд жагсаавал бөөр эмчлэх ардын эмчилгээ барагдахгүй. Бөөрний хий ихэдсэнээс дөрвөн мөч янгинаж өвддөг. Шар тос, арвайн гурил, бор давс адил хэмжээтэй хольж бүлээн жин тавихад эдгэрдэг гэх нь бий.

БӨӨРНИЙ ӨВЧНӨӨР ШАНАЛАХГҮЙ БАЙХ БОЛОМЖУУД

Даралтаа тогтмол хянаж, жил бүр шээсний шинжилгээ өгч, өдөрт багадаа хагас цаг дасгал хийгээд байхад л та бөөрний өвчнөөс сэргийлэх бүрэн боломжтой. Дахиад хэлэхэд ус уухаа мартаж болохгүй. Бөөрний үйл ажиллагааг дэмжих хамгийн гол зүйл бол ус. Усыг хангалттай хэмжээгээр ууснаар биеэс хэрэггүй бодисуудыг гадагшлуулж цэвэрлэхэд бөөрөндөө тусалж байна гэсэн үг. Бас цусан дахь креатинины хэмжээгээ хянаж байгаарай. Хэрвээ цусан дахь креатинин ихэссэн байвал бөөр бүрэн гүйцэд ажиллахгүй байгаагийн дохио.

ӨНДӨР ӨСГИЙТ БӨӨРНИЙ НЭГ ДАЙСАН

Халдварт өвчин, удаан хугацаагаар хэрэглэж буй зарим эмийн бодисууд бөөрний гол дайсан. Бас байнга даарах, хүйтэн чийгтэй газар ажиллах, хоолой, шүд, хамрын идээт үрэвсэл зэрэг нянтай өвчин тусч, шээс, бэлгийн замын өвчнүүдийг дутуу эмчилсэн бол тэр өвчнүүд архагшиж бөөрийг гэмтээдэг. Хоолой идээлэх, шүд хорхойтох нь бөөрөнд сөргөөр нөлөөлдөг. Энэ тохиолдолд халдвар цусаар дамжин бөөрөнд очиж суугаад үрэвсэх шалтгаан болж өгдөг. Бөөрний эмгэгээс сэргийлэх гол арга нь даралтаа 130/80-аас бага байлгах. Бөөрний эмгэг архагшиж хүндэрсний гол шалтгааны гуравны хоёр хувь нь чихрийн шижин, даралт ихэссэнээс болдог. Цус багадалт бөөрний бас нэг дайсан. Үргэлж ядарч, амархан энд тэндээ хөхөрч, толгой эргээд байвал цус багадсаны шинж. Энэ эмгэгийг эмчлүүлэхгүй бол архагшиж бөөрөнд муугаар нөлөөлдөг. Эмийн замбараагүй хэрэглээ ч бөөрний дайсан. Эм ууж ханиадаа дарлаа, өвдөлтөө намдаалаа гэдэг ч уусан эм бүрийн чинь хор хөнөөл бөөрөнд очдог. Бөөрний өөр нэг дайсан нь бүсгүйчүүдийн дурладаг өндөр өсгийт. Өндөр өсгийтөөр байнга гоёдог бол бөөр чинь сунах эрсдэлтэй.

Categories
их-уншсан онцлох-нийтлэл туслах-ангилал

Сирийн дүрвэгсдийг өрөвдөх биш сиричүүд биднийгээ өрөвдөх юм биш үү

Монголчууд эх орноосоо сүүлийн үед их дүрвэж байна. Сүүлийн нэг жилийн байдлаар эх орноосоо дүрвэсэн монголчуудын тоо 30 мянгад хүрснийг албаны эх сурвалж мэдээллээ. Дүрвэгсэд гэж яагаад хэлэв гэхээр эдгээр хүмүүс бүгдээрээ “Эх орондоо ингэж амьдарснаас харийн оронд амьдарсан нь дээр” гэж үзсэн юм. Монголын дүрвэгсдийн урсгал боломжит бүх орон руу чиглэж байна. Ялангуяа Солонгос руу эрс нэмэгдсэн учраас тус улсын Монгол дахь Элчин сайдын яамнаас визний нөхцөлөө айхавтар чангарууллаа. Солонгост 31 мянга, Америкт 20 мянга, Японд зорчихоор жилд 5000 хүн виз мэдүүлдэг байснаа өнөөдөр 10 мянга болчихоод байна. Энэ мэтээр улс нэг бүрээр тоог нь гаргаж болно. Зөвхөн Скандинавын хойг руу гэхэд манайхаас 7000 гаруй иргэн дүрвэжээ. Ямартаа л дэлхийн халуун цэгүүд болох Сири, Ливи, Иракийн иргэдийг хүлээж авдаг Швед улс манай улсыг халуун цэгийн тоонд оруулж тооцсоныг манай төр засаг анзаарсан уу, үгүй юу. Иргэний дайн, аллага хядлага жинхэнэ утгаараа болж байгаа Сомалигаас 9000 орчим хүн Швед рүү дүрвэсэн байдаг юм шүү дээ. Гэтэл манайх 7000 орчим. Ялгаа байхгүй муухай ойрхон байгаа биз. Эдгээр улсын иргэд эх орондоо амьдрах аргагүй болсон гэдгээ тэндхийн хууль хяналтын байгууллагад батлахдаа өнөөх л дэлхийг жигшээж буй аллага хядлага, дайн самуунаа ярьдаг. Манайхан юугаа ярьж явааг мэдэхгүй, монголчууд бидний ярьдаг “Эр хүний 13 мэх”-ээ хэрэглэдэг тухай л сонсогдох боллоо. Монголоос жилд 30 мянган иргэн гадагшаа дүрвэж байна гэж үзвэл өдөрт 80 орчим хүн гадагшаа явж байна гэсэн үг. Өнөөдөр дэлхийн шүдний өвчин болсон Сири улс 2011 онд 23 саяулаа байгаад өнөөдөр 17 сая болчихоод байгаа юм. Гурван жилийн хугацаанд хоёр сая орчим нь амь үрэгдсэн. Үлдсэн дөрвөн сая нь дүрвэжээ. Жилд нэг сая гаруй хүн эх орноосоо зугтаажээ. Монголын гурван сая хүний 30 мянга, Сирийн 23 сая хүний дөрвөн сая хоёрыг хүн амын тоогоор нь, пропорцоор нь харьцуулбал манайх Сирийнхээс давчихаад байна. Энэ эмгэнэл биш үү.

Албан ёсны тоо баримтад дурдаж буйгаас vзвэл гадаадад гарсан манай иргэдийн тоо 200 мянга гэж жил хагасын өмнө мэдээлж байлаа. Өнөөдөр 300 мянга гарсан гэж мэдээлж байна. Энэ тоо сүүлийн нэг жилд хурдацтай өсчээ. Зарим судалгааны байгууллагууд бодит байдал дээр энэ тоо хоёр дахин илvv байгаа гэж хүртэл мэдээлжээ. Зөвхөн АНУ-д гэхэд албан ёсоор 20 мянга гаруй хvн бий гэдэг ч энэ тоо аль хэдүйн хол давжээ. АНУ-ын 51 мужид бvгдэд нь монголчууд аж төрж байгаа гэсэн мэдээллийг АНУ-ын талаас гаргаж өгсөн гэнэ. Гэтэл гадаадад аж төрж буй иргэдийн 80 гаруй хувь нь хууль бус гэжээ. Тэгэхээр чинь дүрвэгсэд гэж хэлэх нь зөв биз дээ.

Яагаад ийм байдалд хүрэв. Хамгийн гол шалтгаан нь сүүлийн жилүүдэд Монгол Улсад ядуурал, ажилгүйдэл, мөнгөний хомсдол, төрийн хүнд суртал, авлига хээл хахууль, танил талгүй бол ямар ч ажил урагшаа явах аргагүй болсон байдал, бизнес эрхлэх боломжгүй болсон зэрэг нь Монгол Улсын мянга мянган иргэнд эх орноосоо дүрвэх шалтгаан болжээ. Энэхүү дүрвэн дайжилт өнөөдөр улам эрчээ авсаар байна. Яагаад ийм байдалд хүрснийг шулуухан хэлэхэд Монгол дахь эдийн засаг-улс төрийн эрх мэдэл бүхий бүлэглэл, мафиудын хоорондын тэмцэл өнөөдөр цадигаа алдсанаас үүдэлтэй юм. Мафиудын зөрчилдөөний үр дагавар иргэдийг ийнхүү дайжиж, дүрвэхээс өөр аргагүй байдалд хүргэлээ. Мафиудын хоорондын тэмцэл Монголд ядуурлыг, ажилгүйдлийг, мөнгөний хомсдолыг туйлд нь хүргэлээ. Ард түмнийг гудамжинд гаргалаа, үнсэнд хаясан шалз шиг гэж монголчууд ярьдаг даа, ард түмнээ яг л тийм болголоо. Монголын мафиудын хоорондын тэмцэлд өнөөдөртөө лав төгсгөл дуусгал харагдахгүй байна.

Монголын ашигт малтмалыг булаацалдсан мафиудын тэмцэл Монголын эдийн засагт юуг ч урагш нь хөдөлгөсөнгүй. Монголын саалийн таван үнээ гэгдсэн Оюу толгой, Таван толгой, Цагаан суварга, Цайрт минерал, Асгатын орд… аль нь ч улс орондоо ашиг тусаа өгөхгүй гацчихлаа. Үүний цаана хөдлөх ёстой байсан өөр олон олон уул уурхайн төсөл хөтөлбөрүүдийг хөдөлгөсөнгүй, бүгд царцлаа. Эргээд ерэн оныхоо хандлага руу орлоо. Монголчууд өнөөдөр мал махаа, жаахан ноолуураа, гурил будаагаа л яриад эхэлж байгаа биз дээ. Ерэн оны нийгмийн хүндрэлийн үед монголчууд эдгээрийг л ярьсан биз дээ. Энэ хэд л аминд нь орсон биз дээ. Өнөөдрийн эдийн засаг-улс төрийн бүлэглэл, мафиудын зөрчил тэмцэл эх орноо, ард түмнээ эргээд ийм арчаагүй байдалд авчирлаа. Тэртээх 20 жилийн өмнө монголчууд Солонгос руу мянга мянгаараа дүрвэн гарсан. Өнөөдөр тэр байдал руугаа шилжлээ. Монгол Улс өнөөдөр хөгжлийн тодорхой үе шатанд хүрчихсэн байх ёстой байтал ерэн оны дүр зураг руугаа эргээд очиж байгаа нь үнэхээр гунигтай байна.

Монгол оронд өнөөдөр хүчээ авсан мафиудын тэмцлээс дайжиж барууны орнуудад очсон хүн бүр яаж ийж байгаад гэр бүлийнхнийгээ татах ажилдаа орцгоосон байна. Энэ байдал тэдний эргэн ирэх баталгааг багасгаж байгаа юм. Байдал энэ хэвээр үргэлжилбэл Монгол Улсад хүн үлдэхгүй. Өнөөдрийн төр засагт байгаа хүмүүсийн зарим нь “Эх орноосоо битгий яваарай” гэх шиг юм яриад эхэллээ. Хамгийн хоржоонтой юм чинь энэ шүү дээ. Асашёрюү Дагвадоржоос эхлээд гадаад ертөнцөд сайхан амьдарч байсан олон олон монголчуудыг “Монголдоо ирж сайхан амьдар, Монгол чинь та нарыг өлгийдөн авна” гэж уриалан дуудсаар авчирсан. Авчирсан хойноо тэднийг хэн болгов. Нэр төрийг нь гутааж байна, мафи хоорондын тэмцэлдээ хутгаж шоронд хийж байна, ингэж хохирсон олон хүний жишээг энд дурдаж болно. Эх орондоо ирээд ийм хүнд байдалд орсон зарим нь байдгаа барж авлигал, мөнгийг нь өгч шоронгоос гараад шалавхан гадагшаагаа зугтаасан. Хууртагдаж Монголдоо ирээд бүгд л хохирч байна шүү дээ. Хэн хожсон юм бэ, хэлээд өгөх хүн байна уу. Америкт амьдарч байгаад ирсэн тэр маань эх орондоо ирээд илүү сайхан амьдарч байна, ийм ийм зүйлийг хийж бүтээлээ, үйлдвэр байгууллаа, ашиг орлого нь арвин байна хэмээн сайхан мэдээ дуулгах хүн байна уу. Ирсэн шувуу буцдагийн үлгэрийг Монголоос хангалттай харж эхэллээ. Гадаадад ажиллаж амьдарч, сурч боловсорч байсан бүх хүн буцаад гадаад руугаа зугтлаа, араас нь хэдэн мянгаараа амьдрахын тулд, хоолтой хувцастай, дарамт шахалтгүй амьдрахын тулд дүрвэцгээж эхэллээ. Ийм нөхцөл байдлаас гарах эхний алхам бол хүн бүрийн мэдэж байгаа ашигт малтмалын том ордуудыг булаацалдсан эдийн засаг-улс төрийн бүлэглэлүүдийн хоорондын хурц тэмцэлд цэг тавих явдал юм. Гэвч мафиудын тэмцэл хэзээ эцэс болохыг хэлэх аргагүй байна. Өнөөдрийн үнэн бол монголчууд л гадагшаа дүрвэсээр байгаа нь үнэн байна. Сирийн дүрвэгсдийг өрөвдөх биш сиричүүд биднийгээ өрөвдөж эхэлсний нэг жишээ бол хоёр сарын өмнө Европт цагаачилж очсон манай улсын нэг гэр бүлийн хоёрт тэнд багшилдаг сири эмэгтэй тус болсон явдал юм, ямарав дээ. Зовлон нэгт ахан дүүс болцгоосон юм биш үү.