Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Хан ресурс” бидэнд ямар сургамж өгөв?

Хаа хаанаа мөнгө цаас муутай амаргүй байгаа энэ өдрүүдэд бид Канадын “Хан ресурс” компанид төлөхөөр 70 сая ам.долларыг эксроу дансанд байрлууллаа. Ядсан энэ үед бас л мөнгө шүү дээ. Харин ч Олон улсын Арбитрын шүүхээс 100 сая ам.долларыг уг компанийг хохироосны нөхөн төлбөрт өгүүлэх шийдвэр гаргасныг өнгөрсөн гуравдугаар сард нүүрээ ширлэн гуйж байж тус компанийнхантай ширээний ард суусны эцэст 30 саяар хорогдуулсан хэрэг. Бид энэ нөхөн төлбөрийг төлөхгүй гэж гонгинох ямар ч эрхгүй. Бид олон улсын дүрэм журмаар тоглож чадаагүйнхээ төлөө, бизнесийн наад захын дүрэм журмыг биелүүлээгүйнхээ төлөө өгч байгаа төлбөр юм. Нэгэнт Олон улсын Арбитрын шүүх шийдвэр гаргасан л бол өгөхөөс аргагүй. Тэгэхгүй бол гадаадад бүртгэлтэй хөрөнгүүдийг зараад эхэлдэг, цаашлаад Арбитрын шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй бол дэлхийд ганцаардаад эхэлдэг. Нэгэнт дэлхийгээс нүүхгүйгээс хойш энэ мөнгийг нь өгөхөөс аргагүйд хүрч байгаа юм. Тэгэхээр бид өөрсдөө муу байсныхаа төлөө өгсөн энэ мөнгөндөө горойж гортийгоод суугаад нэмэргүй.

Харин энэ явдлаас юу ойлгов. “Хан ресурс”-ын сургамж юу байв гэдгийг ярих нь зүйтэй. Тэр үед юу болсон бэ. Канадад бүртгэлтэй “Хан ресурс” компанийн Дорнодын ураны орд газарт эзэмшиж байсан 237А дугаартай тусгай зөвшөөрлийг 2009 оны долдугаар сарын 10-ны өдөр цуцалснаар бүх хэрэг мандав. Нөхөн сэргээлт хийгээгүй, Монголд хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль журмыг биелүүлээгүй гэсэн шалтгаанаар лицензийг цуцалжээ. Үүнээс гуравхан сарын өмнө мэргэжлийн хяналтын байцаагч ирээд сайн байгаа талаар дүгнэлт гаргачихсан байхад арай л үнэмшилгүй шалтгааныг манайхан олжээ. Харин бодит байдал арай өөр байлаа. Тухайн үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баяр ОХУ-д Элчин сайдаар сууж байсан, орос школтой, Орост элэгтэй гэж байнга хэлэгдэж байв. Үнэхээр ч тэгж бодохоос аргагүй үйл явдлууд өрнөж байлаа. Оросын “Роснефт”-ийн 100 шатахуун түгээх газрыг оруулж ирэхээс эхлээд бүх зүйл тийшээ ханарч байв. Бас нэг мэдэхэд энд тэндхийн боомтоор хойшоо гараад явчихдаг Ерөнхий сайдтай боллоо ч гэсэн шүүмжлэн бичиж байсан үе. С.Баяр нэг удаа хойшоо айлчлалаар явж ирсний дараа бүх зүйл “Хан ресурс”-ын эсрэг өрнөжээ. Оросуудтай нийлж “Дорнод Уран”-ыг байгуулаад хамтдаа “алаад өгнө” гэсэн яриа болж, ирээд “Хан ресурс”-ыг үгүй болгохоор шат шатандаа ярьсан байна. Тэр үед Цөмийн энергийн газрын даргаар С.Энхбат ажиллаж байв. Хууль дүрмийн дагуу ийм байна, ингэвэл дараагийн эрсдэл юу болох талаар хэн ч ярьсангүй, ярихыг ч хүссэнгүй. Нэгэнт Ерөнхий сайд хүссэн бол биелүүлнэ гэсэн зарчмаар явсан нь харагддаг. Ухаангүй ноёнд урагшгүй албат гэдэг л болсон. Тэгээд ч тэр үед С.Баярын баяризм газар авсан байлаа. Төрийн албыг хийж чадахгүй байна гээд хүмүүсийг загнаад загнаад явчихна. Тэр нь бас олон нийтэд таалагдах маягтай. Төр нь юмаа мэднэ гээд бизнесийнхнээс булаах шахуу болдог. Лицензээ сайн дураар авчирч өгөгсөд олширч байв. Дарга тэгж байгаа бол бүгд хүлээн зөвшөөрөх маягтай. Хууль гэдэг цаасан дээр бичсэн тэмдэгт л болж үлдэж байв. Гэвч юу гээд л гадныхан манайх шиг байхав дээ.

Лицензээ цуцлуулсан “Хан ресурс”-ынхан МХЕГ, АМГ, Цөмийн энергийн газар, цаашлаад Ерөнхий сайдад хүртэл гомдол гаргаж, асуудлаа шийдэх гэж их үзсэн юм билээ. С.Баяраас ч дараа нь түүнийг залгамжилсан Сү.Батболдоос ч их гуйж, хүсэлт тавьж байсан гэдэг. Харин Монголд нэг дарга нь оросуудтай нийлнэ гээд бодчихсон учраас канадууд үнэн сонин биш байлаа. Ингээд 2011 онд канадууд Арбитрын шүүхэд өгч, үйл явдал шат дамнан, сунжран явсаар 2015 онд манайх буруутсан нь олон улсын шүүхээр баталгаажсан юм. Ерөөсөө л нэг хүний дураараа зан. Ерөнхий сайд бол бүгдийг мэднэ гэсэн зангаас үүдсэн л хэрэг. Алдаанаасаа сургамж авдаг хүнийг ухаантай, ухаарч сэхээрч чадахгүй байгааг нь тэнэг хүн гэдэг шиг адилхан алдаагаа ойлгож байгаа ард түмэн ухаантай, үгүй нь тэнэг ард түмэн болж таарна. Тэгэхээр бидний сургамж юу байх вэ. Нэг хүний дэглэм, нэг даргын дураараа авирлал юунд хүргэдэг гэдгийг мэддэг улсын хувьд бид заримдаа тэднийг хязгаарлаж байх ёстой. Бас ямар ч судалгаагүй, олон улсын хууль дүрмээ мэдэхгүй байж шууд шийдвэр гаргадаг тэр байдлыг халж, асуудлаа мэдэж байгаа хүмүүс нь дарга дагаж далдайхгүй үнэнийг хэлж сурмаар байгаа юм. Угаасаа С.Баяр бол их дураараа хүн. Аливааг үл тоодог зантай. Тэрбээр энэ асуудалд яг өөрийн характераараа л хандсан. Ямар ч наана, цаадахыг бодоогүй. Оросуудтай яриад тохирсон учраас болно л гэж бодсон. Нөгөө оросууд нь ч “Та нар цуцалчих, бид даана” гэж хөөргөдөж байгаад цуцлуулсан. Харин сүүлд нь Олон улсын Арбитрын шүүх дээр дуудагдахад нь “Сайн өмгөөлөгч олж өгөхөд тусална” гэж хэлсэн дуулдаж байсан. Ерөнхийдөө С.Баяр өөрийнхөө тухай дурсамж дээр Э.Бат-Үүлийн нармайг нээж, цус гаргасныгаа асуудал шийдсэн гэж бодож байсан шигээ л энэ асуудалд хандсан байдаг юм.

Багаар ажиллаж сураагүй, дураараа улстөрч эрх мэдэлд хүрдгийн хар гай энэ л дээ. Дүрэмгүй тоглоом гэж хаана ч байхгүй. Үүнийг л бид цаашдаа маш сайн ойлгох хэрэгтэй. Гуравхан сая хүн амтай Монгол шиг улсад ганцаарчилсан тоглолт хийдэг лидер тус болохгүй, гай л болно. Уго Чавес Венесуэль улсыг ямар байсныг ямар болгосон билээ дээ. Олон улсын нэр хүнд гэж хог дээр л үсэрсэн. Нэг тийм хачин балмад, дарга нь хүсвэл олон улсын жишиг стандарт гэж огт байхгүй улс болгоод хувиргачихсан. Одоо тэд энэ ойлголтыг өөрчлөх гэж багагүй он цагийг туулж таарна.

Тэгэхээр “Хан ресурс”-ын сургамж бол ямар хүнд эрх мэдэл өгөх вэ. Тэр эрх мэдэл авсан хүн нь зөв шийдвэр гаргаж байна уу. Шийдвэр нь олон улсын хууль тогтоомж, албан ёсны гэрээ контрактаа зөрччих гээд байгаа юм биш биз. Тийм бол үүнийг нь сануулаад хэлчихдэг төрийн албан хаагч баймаар байна. Дарга юу гэнэ дагаад далдаганаад шийдвэрээ гаргачихдаг. Эргээд улс орноороо, ард түмнээрээ төлбөрт унаж байна. Гэтэл өнөөх С.Энхбат дарга нь гадаад оронд Монголыг төлөөлөөд элчин хийгээд явж байх жишээтэй. Олон улсын Арбитрын шүүх дээр Монголын талыг ахалж байсан Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг нарын хүмүүс ч шүүхийн үйл явцад хангалтгүй ажилласан талаар хэвлэлүүд бичиж байсан.

Шүүх хурал дээр тэмээ гэхээр ямаа гээд сууж байдаг хүмүүст Монголын Засгийн газар итгэл өгч, өмнөөсөө явуулсан нь бас л харамсалтай.

Тэглээ гээд энэ хүмүүс “Хан ресурс”-т 70 сая ам.долларыг халааснаасаа гаргаад өгөх биш Монголын ард түмний идэж уух, өмсч зүүхээс танагдан гарч байна. Харин бид “Хан ресурс”-ын сургамжийг л үеэс үедээ санаж явах нь чухал байна. Өөрөөр хэлбэл 70 сая ам.доллараар бид сургамжийн хичээл авлаа.

Г.Алагаа

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Айлын Ерөнхийлөгч нар 100 боинг зарчихлаа гэж байхад манай дарга нар зургаан ялтан авчирлаа гэх юм” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлдог гуравдугаар нүүрт “Айлын Ерөнхийлөгч нар 100 боинг зарчихлаа гэж байхад манай дарга нар зургаан ялтан авчирлаа гэх юм нийтлэл хэвлэгдлээ.

Улс төрийн дөрөв, тавдугаар нүүрэнд улс төрийн намуудаас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг хүснэгтээр хүргэж байна. Мөн УИХ-ын гишүүн Д.Оюунхоролтой хийсэн ярилцлагыг унших боломжтой. Мөн Отгонтэнгэр их сургуулийн Хууль зүйн сургуулийн багш Р.Очирбал иргэд хоорондын зээлийн гэрээнд хүү тооцохыг хориглосон хуулийн заалт Үндсэн хууль зөрчиж байна хэмээн ҮХЦ-д өргөн барьсан байна. Энэ талаар Р.Очирбалаас авсан тодруулгыг аравдугаар нүүрнээс уншаарай.

Баримт үйл явдлын долдугаар нүүрнээс уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавьсан Ш.Батхүүтэй холбогдох хэргийн талаарх сурвалжлагыг уншина уу.

11 дүгээр нүүрэнд “MIBG” үнэт цаасны хөрөнгө оруулалтын компанийн гүйцэтгэх захирал А.Билгүүнтэй уул уурхайн талаар ярилцсан ярилцлага нийтлэгдлээ.

Энэ удаагийн “Танайд өнжье” буланг Сүхбаатарын нэрэмжит хоёрдугаар сургуулийн 1В анги ангиас бэлтгэн хүргэж байна. 46 бяцхан сурагчтай энэ ангийн хичээлийн нэг өдрийн тухай нэг, 12,13 дугаар нүүрнээс уншиж сонирхоорой.

Япон улсад дизайнер мэргэжлээр суралцаж төгсөөд өөрийн гэсэн “Явуу” нэртэй брэндээ гаргаж амжилттай ажиллаж байгаа Б.Явууцагаантай хийсэн сонирхолтой ярилцлагыг 14 дүгээр нүүрнээс унших боломжтой.

Хөгжмийн зохиолч С.Соронзонболд, зураач Д.Булгантуяа нар хамтран хөгжим, уран зураг хосолсон сонирхолтой үзэсгэлэн-тоглолт гаргажээ. Энэ тухай 15 дугаар нүүрнээс уншиж сонирхоорой.

СТА Р.Дэлгэрмаатай хийсэн ярилцлагыг 17 дугаар нүүрнээс, Испанийн Мадрид хотын “Реал” баг арваннэг дэх удаагаа Аваргуудын Лигт түрүүлсэн талаар 18 дугаар нүүрнээс, МЗЭ-ийн шагналт, яруу найрагч, сэтгүүлч Х.Чилаажавтай хийсэн ярилцлагыг 19 дүгээр нүүрнээс уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Зургадугаар сард цаг агаар ийм байна

Бaруун зүгийн нутаг. Агаарын температурын сарын дундаж нь нутгийн хойд хагаст 11-16 градус, өмнөд хагаст 15-20 градус дулаан буюу Увсын ихэнх нутаг, Баян-Өлгий, Ховд, Завханы хойд хэсгээр уур амьсгалын дунджаас 0.5-1.0 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна.

Нэгдүгээр арав хоногийн сүүлийн хагас, гуравдугаар арав хоногийн сүүлчээр Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 19-24 градус, Олон нууруудын хөндий, Алтайн өвөр говиор шөнөдөө 14-19 градус, өдөртөө 31-36 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна. Хоёрдугаар, арав хоногийн эхний хагаст сэрүүсч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 7-12 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна. Бусад хугацаанд Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 15-20 градус, Алтайн өвөр говь, Олон нууруудын хөндийгөөр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.

Энэ сард Увсын нутаг, Баян-Өлгий, Ховдын хойд, Говь-Алтайн зүүн өмнөд, Баянхонгорын өмнөд хэсэг, Завханы ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас бага, Ховдын өмнөд, Баянхонгорын зүүн хэсгээр уур амьсгалын дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим бороо орох төлөвтэй.

Сарын эхэн болон нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн ба дунд үеэр зарим газраар бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Хоёрдугаар арав хоногийн сүүлчээр зарим газраар, гуравдугаар арав хоногийн эхэн ба дунд үеэр ихэнх нутгаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Дээрх бороо орох үеүдэд салхи зарим газраар түр зуур 12-14 м/с, зарим үед дуу цахилгааны өмнө 18-20 м/с хүрч ширүүсч болзошгүй.

Төвийн нутаг. Агаарын температурын сарын дундаж нь бүх нутгаар 14-19 градус дулаан байх бөгөөд Хөвсгөлийн баруун, Булганы зүүн, Төв аймгийн хойд хэсэг, Сэлэнгийн ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас 0,5-1.0 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна.

Нэгдүгээр арав хоногийн эх болон хоёрдугаар арав хоногийн дунд үеэр сэрүүсч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, хөрсний гадарга дээр 0-2 градус хүрч сулхан цочир хүйтэрнэ, өдөртөө 15-20 градус дулаан байна. Мөн гуравдугаар арав хоногийн эхээр сэрүүсч шөнөдөө 5-10 градус өдөртөө 17-22 градус дулаан байна. Харин нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн сүүлчээр Орхон-Сэлэнгийн хөндийгөөр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 25-30 градус хүрч халах төлөвтэй. Бусад хугацаанд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 16-21 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.

Энэ сард Хөвсгөлийн баруун хэсгээр уур амьсгалын дунджаас бага, Өвөрхангайн ихэнх нутаг, Сэлэнгийн зүүн, Төв аймгийн зүүн хойд хэсгээр уур амьсгалын дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим бороо орох төлөвтэй. Нэгдүгээр арав хоногийн эхэн ба дунд үе, эцсээр зарим газраар бага зэргийн бороо орно. Хоёрдугаар арав хоногийн эхэн ба дунд үе болон сүүлч, гуравдугаар арав хоногийн ихэнх хугацаанд ихэнх нутгаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Бороо орох үеэр салхи зарим газраар түр зуур 12-14м/с, зарим үед 16-18 м/с хүрч ширүүсч болзошгүй.

Зүүн зүгийн нутаг. Агаарын температурын сарын дундаж нь 14-19 градус дулаан буюу Хэнтий, Дорнодын хойд хэсгээр уур амьсгалын дунджаас 0,5 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна. Нэгдүгээр арав хоногийн эхээр сэрүүсч Хэнтий, Дорнодын хойд хэсгээр шөнөдөө 0-5 градус өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна. Хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхээр нутгийн хойд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна. Нэгдүгээр арав хоногийн сүүлийн хагас, хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар шөнөдөө 12-17 градус өдөртөө 28-33 градус хүрч халах төлөвтэй. Бусад хугацаанд Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.

Энэ сард Хэнтийн хойд, Сүхбаатарын зүүн өмнөд, Дорнодын баруун хойд болон өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим бороо орох төлөвтэй. Нэгдүгээр арав хоногийн эхэн ба дунд үе, сүүлчээр зарим газраар бороо орно. Хоёрдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар, хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн ихэнх хугацаанд ихэнх нутгаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Дээрх бороо хур орох үеүдэд салхи зарим газраар түр зуур ширүүснэ, ялангуяа хоёр, гуравдугаар арав хоногийн эхэн ба дунд үеэр борооны өмнө түр зуур 18-20 м/с хүрч ширүүсч болзошгүй.

Говийн нутаг. Агаарын температурын сарын дундаж нь бүх нутгаар 18-23 градус дулаан байх бөгөөд ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим байна. Нэгдүгээр арав хоногийн эхээр сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 3-8 градус өдөртөө 14-19 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна. Хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхээр бага зэрэг сэрүүсч шөнөдөө 8-13 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна. Бусад хугацаанд бүх нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 24-29 градус дулаан байх ба ялангуяа нэгдүгээр арав хоногийн сүүлийн хагаст өдөртөө 30-35 градус хүрч халах төлөвтэй.

Энэ сард Өмнөговийн ихэнх нутаг, Дундговийн баруун өмнөд, Дорноговийн өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим бороо орох төлөвтэй. Нэг ба хоёрдугаар арав хоногийн эхэн ба дунд үеэр зарим газраар, гуравдугаар арав хоногийн ихэнх хугацаанд ихэнх нутгаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Бороо хур орох үеүдэд салхи ихэнх нутгаар түр зуур ширүүснэ. Ялангуяа хоёр ба гуравдугаар арав хоногийн эхэн ба дунд үеэр дуу цахилгааны үеэр түр зуур 18-20 м/с хүртэл ширүүсч болзошгүй байна.

Categories
мэдээ нийгэм

Улаанбурхны вакцинжуулалт үргэлжилж байна

Нийслэлд улаанбурхны эсрэг нэмэлт дархлаажуулалт үргэлжилж байна. Вакцинжуулалтын хугацаа энэ сарын 25 хүртэл үргэлжлэх байсан ч хугацааг ирэх зургадугаар сарын 1 хүртэл сунгаад байгаа билээ. Нийслэлд вакцинд хамрагдах ёстой нийт залуусын 50 хувь нь амьдарч байгаа бөгөөд хамрагдсан залуусын тоо хангалтгүй байгаагаас ийнхүү хугацааг сунгаад байгаа юм. Тиймээс 18-30 насны залуусыг вакциндаа идэвхтэй хамрагдахыг уриалж байна.

Categories
мэдээ нийгэм

Сансарын тунель орчмын замыг засч байна

Хөх тэнгэрийн гудамжны авто замын зорчих хэсгийг засварлах ажил эхлээд байна. “Наранбулаг Хан” ХХК уг ажлыг гүйцэтгэж буй бөгөөд Токиогийн гудамж, Сансарын ШТС-аас урагш, Залуучуудын гудамж хүртэл 623 м авто замыг энэ сарын 27-ны өдрийн 22:00 цагаас 30-ны өдрийн 06:00 цаг хүртэл бүрэн хааж суурь болон өнгө асфальтбетон хучилт хийж байгаа билээ.

Иймд зам хааж буй дээрх хугацаанд та бүхэн өөр замыг сонгон зорчино уу гэж Нийслэлийн Автозамын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Баянзүрх дүүргийн гэр хорооллын замуудыг засч байна

Нийслэлийн Баянзүрх дүүрэг нийт 28 хороотойгоос ихэнх нь буюу 18 хороо нь гэр хороолол аж. Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангах үүднээс дүүргийн зүгээс гэр хороодын шороон замуудыг 2015 оноос эхлэн засч, тэгшлэх ажлыг эхлүүлээд байгаа.

Одоогоор тус дүүргийн найм, арав,12 дугаар хороодын гэр хороолол дундах замуудыг засаж байгаа юм байна. Өнгөрсөн онд дүүргийн хэмжээнд нийт 104 гудамжны 41 километр шороон замыг хусаж тэгшилсэн бол өнөө жил гэр хорооллын дээрх хэмжээний замыг засах юм.

Categories
мэдээ нийгэм

Олон улсын хүүхдийн баяраар болох зарим үзвэр үйлчилгээний хуваарь

Улсын драмын эрдмийн театрт

Тавдугаар сарын 30-ны 11:00 цагаас- “Бардам туулай” мюзикл инээдмийн жүжиг

Тавдугаар сарын 31-ний 11:00 цагаас- “Үнсгэлжин” инээдмийн жүжиг

Зургадугаар сарын 1-ний 11:00, 14:00 цагуудаас- “Норовын намтар” мюзикл инээдмийн жүжиг

Монгол Улсын филармонид

Тавдугаар сарын 28-ны 15:00 цагаас-“Хувдай ишигний даян” симфони үлгэр

Тавдугаар сарын 31-ний 15:00 цагаас- “Амьтдын ертөнц” концерт

Монголын хүүхдийн ордонд

Тавдугаар сарын 29-ний 12:00, 13:30, 15:00, 16:30 цагуудаас-“Хөгжилтэй Пороро ба түүний найзууд” ххүхдийн жүжиг

Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрт

Тавдугаар сарын 28, 29-ний 17:00 цагаас- Л.Делиб “Цэнхэр нүдэн бүсгүй” балетын 50 жилийн ойн тоглолт

Улаанбаатар паласын танхимд

Тавдугаар сарын 29, зургадугаар сарын 1-ний 12:00, 15:00 цагуудаас- “Галт чулууны нууц” хүүхдийн хөгжимт жүжиг

Монголын Улсын хүүхэлдэйн театр

Тавдугаар сарын 30-наас өдөр бүр 14:00 цагаас- “Гэрэлт бяцхан цох нарыг аварсан үлгэр”

Чингис хааны нэрэмжит талбайд

Тавдугаар сарын 29-ний 11:30 цагаас- “Онцгой өдөр” алиалагчдын парад

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд

Тавдугаар сарын 31-ний 20:00, зургадугар сарын 1-ний 14:00, 17:00, 20:00, зургадугаар сарын 2-ны 15:00, 20:00 цагуудаас-Улаан Үдэ болон Монголын циркчдийн хамтарсан тоглолт

Categories
мэдээ спорт

Эмэгтэй чөлөөт бөхийн тамирчид гурван алтан медаль хүртжээ

Италийн Сассари хотод “Мемориал Маттео Пелликоне” тэмцээн 21 дэх удаагаа амжилттай болж өнгөрлөө. Тэмцээний эмэгтэй чөлөөт бөхийн төрөлд Бразил, Венесуэль, Грек, Израил, Итали, Казахстан, Канад, Монгол, ОХУ, Румын, Украин, Франц зэрэг орнуудын бөхчүүд өрсөлдсөн.

58 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер П.Орхон нэгдүгээр тойрогт Италийн бөх Ф.Инделикатог 10:0, хоёрдугаар тойрогт гавьяат тамирчин С.Цэрэнчимэдийг 12:0 онооны харьцаагаар ялсан. Харин хагас шигшээ барилдаанд олон улсын хэмжээний мастер Э.Гантуяаг цэвэр ялж алтан медалийн төлөө барилдаанд Оросын бөхийг хожжээ. Олон улсын хэмжээний мастер Э.Гантуяа хоёрдугаар тойрогт Канадын бөх М.Фаззарийг 10:0 онооны харьцаагаар хожиж хагас шигшээ барилдаанд олон улсын хэмжээний мастер П.Орхонд цэвэр ялагдсан бол дагах барилдаанд гавьяат тамирчин С.Цэрэнчимэдийг цэвэр хожин хүрэл медалийн төлөө барилдаанд ялсан байна.

60 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Б.Шоовдор эхний тойрогт Казахстаны бөх Е.Дунбае, хоёрдугаар тойрогт Италийн бөх Э.Шафер нарыг дараалан цэвэр ялж, хагас шигшээ барилдаанд Канадын бөх Линда Мариустай хүнд барилдаан хийж 11:7 онооны харьцаагаар өвдөг шороодуулсан байна. Улмаар алтан медалийн төлөө Италийн бөх Бланка Лопезтэй барилдаж хожжээ.

Тэгвэл 69 кг-ын жинд гавьяат тамирчин С.Батцэцэг тойрогт Оросын бөх А.Фоменког 7:0 онооны харьцаагаар хожиж хагас шигшээ барилдаанд Оросын бөх А.Братчиковад 2:4 онооны харьцаагаар дийлдэж хүрэл медалийн төлөө барилдаанд ялсан. 69 кг-ын жинд гавьяат тамирчин О.Насанбурмаа эхний тойрогт Оросын бөх А.Бабкинаг оноогоор, хоёрдугаар тойрогт Италийн бөх Д.Каневаг 4:1, хагас шигшээ барилдаанд Оросын бөх К.Дудаеваг 12:2 онооны харьцаагаар хожиж алтан медалийн төлөө барилдаанд Францийн бөх Л.Коумдаг 10:0 онооны харьцаагаар өвдөг шороодуулсай байна. Мөн олон улсын хэмжээний мастер Ш.Түмэнцэцэг хоёрдугаар тойрогт оросын бөх К.Дудаевад ялагджээ.

Categories
мэдээ спорт

Г.Одбаяр “World Masters-2016” тэмцээнээс мөнгөн медаль хүртэв

Жүдо бөхийн олимпийн эрхийн оноо олгох хамгийн сүүлчийн тэмцээн болох “World Masters-2016” тэмцээн амжилттай үргэлжилж байна. Дэлхийд чансаагаараа жин тус бүрийн эхнийд 16-д эрэмбэлэгдэж буй тамирчид урилгаар оролцдогоороо онцлог уг тэмцээнд манай улсаас 17 бөх зодоглож байгаа юм.

Мастерс-ийн эхний өдөр МУГТ Д.Сумъяа түрүүлж гурван удаа Мастерс-ийн аварга болсон анхны монгол жүдоч болсон билээ. Мөн Д.Төмөрхүлэг бэртлийн улмаас аваргын төлөөх тоглолт дээр барилдалгүй мөнгөн медаль хүртэж, МУГТ Д.Амартүвшин хүрэл медаль хүртсэн. Тэгвэл хоёр дахь өдөр Г.Одбаяр аваргын төлөө барилдаж Японы бөхөд ялагдан мөнгөн медаль зүүсэн. Тэрбээр хэсгийн аваргын төлөө БНСУ-ын бөх Ан Чан Римийг ялсан ч финалд ялагдав.
Өнөөдөр хүнд жингийн барилдаан үргэлжлэн явагдаж тэмцээн өндөрлөх юм.

Categories
мэдээ нийгэм

Чингисийн талбайд 1000 хүүхэд найрал дуу дуулна

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн нэгдсэн арга хэмжээ зургадугаар сарын 1-нд Чингисийн талбайд 11:00 цагт эхэлнэ. Энэ удаагийн хүүхдийн баярыг “Ном”, “Авьяас”, “Багшийн хөгжил” хөтөлбөрийн үр дүнг олон нийтэд танилцуулах,хүүхдийн авьяас,ур чадвар, амжилтыг сурталчлах зорилгоор Нийслэлийн боловсролын газраас зохион байгуулах гэнэ.

Энэ үеэр 500 хүүхэд Төрийн шагналт, Ардын жүжигчин Ц.Намсрайжавын “Халуун элгэн нутаг” аялгууг бишгүүрээр хөгжимдөх бол Төрийн хошой шагналт, жүжигчин Н.Жанцанноровын “Монгол аялгуу” бүтээлийг мөн 500 хүүхэд морин хуураар тоглох юм байна. Мөн 1000 хүүхэд найрал дуу дуулж, Баянгол дүүргийн 85, 94, 157, 185, Баянзүрхийн 61, Сонгинохайрханы 113 дугаар цэцэрлэгийн хүүхдүүд болон Чингэлтэй дүүргийн 50 дугаар сургуулийн сурагчид гээд нийт 2000 гаруй хүүхэд энэ өдөр төв талбайд уран хөдөлгөөнт гимнастик хийх гэнэ. Мөн 1000 хүүхэд парад алхаж, баяр хүргэхээс гадна хүүхдүүдийн бүтээлээр үзэсгэлэн гаргаж, сургуулийн үдийн цай, цэцэрлэгийн хүүхдүүдийн хоолны амталгаат худалдаа зохион байгуулах аж.