Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Цэвэрбал: Сагсан бөмбөг дотроо тодрох гээд хэрэггүй, сагсан бөмбөгөө тодруулбал нэр хүнд аяндаа ирнэ

“Өдрийн сонин”-ы www.admin.dnn.mn вэб сайт “Шинэ долоо хоногийн зочин” булангийнхаа ээлжит дугаарыг хүргэж байна. Энэ удаа Монголын сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, МУИС-ийн багш Ц.Цэвэрбалтай ярилцлаа.

-Та ус нутаг гэж яривал Улаанбаатарын хүн гэх байх. Унаган хотынхоо хуучин цагийг эргэн нэг дурсвал…?

-Би нийслэл хотдоо төрж өссөн, энэ хотын хүн л дээ. Ус нутгийн тухай бүр нарийн яривал аав минь Ховд аймгийн өөлд хүн, миний өвөө Нянгар гэж өөлд хүн байсан. Галдан бошигтын удмын хүн гэж ярьдаг юм. Миний хүүхэд нас Ялалт кино театрын суурин дээр тоглож өнгөрсөн, дараа нь Тавин мянгатын 30 дугаар байранд нүүж очиж, тэнд бүх сайхан үе минь өнгөрсөн дөө. Орос хоёрдугаар арван жилд сурч төгсөж байв.

-Таны нэр их өвөрмөц содон санагддаг, ямар учиртай танд ийм нэр хайрласан юм бол?

-Миний аав Ю.Цэдэнбал гуайтай хамт хойно сурч ирээд Баян-Өлгий аймгийн Цагааннуурт нягтлан хийж байхдаа хэлмэгдээд, Ховдын хориход гурван жил болсон. Тэгэхэд нь Ю.Цэдэнбал гуай шалгалтаар ирж таарсан юм билээ. Аав хөөрхий санаа нь зовоод хураасан түлээний араар нуугдаад, үзэгдэхгүй байх юмсан гэж бодсон гэсэн. Тэгсэн Ю.Цэдэнбал гуай олоод харчихаж. Тэгээд дуудаж уулзаад хэлмэгдэж хоригдсоныг нь мэдээд, хоёр долоо хоногийн дараа сулласан юм гэсэн.

Ааваас нэг удаа асууж байсан юм. Надад яагаад ийм нэр өгсөн юм гэж. Тэгсэн хүүгээ төрөхөд аав нь баярлаад Сүхбаатарын талбайн хажуугаар явж байтал миний чихэнд Цэвэрбал гэж нэр л сонсогдоод байсан юм аав яриад. Би хүүхэд болохоор итгээд л явсан байхгүй юу. Харин дараа нь аавынхаа түүхийг мэдээд бодохноо Бал даргын тусыг бэлгэшээгээд, цэвэр гэдэг нь Бал дарга хэлмэгдсэнийг нь үнэнээр ойлгосон гэж бодоод, тэгээд ийм нэр өгсөн болов уу гэж ухаж бодсон.

-Та Монголын сагсан бөмбөгийн спортод 40 гаруй жил зүтгэж байна. Үе үеийн шилдэг сагсчид таны шавь нар. Сагсан бөмбөгийн спортынхны анхны гавьяат дасгалжуулагч нь та. Яаж энэ спортод орж ирж байв?

-Аавын маань дүү Батдэлгэр манайд өссөн юм. Ах маань хойно сургууль төгссөн, шигшээд тоглодог хүн байв. Тэгсэн аав ахад энэ хүүхэд ерөөсөө спортын л хүн болох байх гэж хэлээд, тэгээд Батдэлгэр ах намайг дагуулж Аюурзана багш дээр авч очсон юм. 1974 оны үе. Тэгээд эхний өдөр янз бүрийн дасгал хийлгээд, би ойлгодоггүй. Би болохоор сагсан бөмбөгийн дасгал нь сагс л тоглохыг хэлдэг юм байх гэж бодоод байдаг. Гүйлгээд л, үсрээд л, янз янзын дасгал хийлгээд л, гайхаад байлаа. Тэгж байтал “Алдар” нийгэмлэгийнхэн Хандгайт руу цугларалтад гарлаа. Тэр үед Хандгайт жигтэйхэн хол санагдаж, ямар хол газар явчихав аа гэж бодоод, баахан архайсан дархайсан ах нартай айлын ганц эрх хүүд их хэцүү санагдаж байсан сан. Энэ үеэс сагсны спортод эргэлтгүй орсон доо.

Ахлагч цолтой “Алдар” спорт хороондоо тоглож, цалин 600 гаруй төгрөг авдаг байв. Дэглэм чанга. Өдөрт хоёр бэлтгэл хийнэ, бэлтгэлээ даана гэдэг тамирчин хүний хувьд чухал. Цэргийн хагас дэглэмээр явдаг байсан. Тэр үед цэрэг гурван жил, гурван жил тамирчин цэрэг явсан. Дараа нь шигшээд явах тамирчдаа улираагаад авч үлддэг байлаа. Би 1983 он хүртэл тоглоод, тэрнээс хойш дасгалжуулагч хийсэн. Улсын аварга гэсэн тодотголтой тэмцээний 53 алтан медаль байдаг, нийт 130, 140 медаль бий. Авьяастай чадалтай шавь нарын маань, өөрөө бас зүтгээд явсны хариу болов уу.

-Таны бага хүү Пүрэвдорж сайн сагсчин. Та “уруу татаж” оруулсан уу?

-Би оруулаагүй. Зүгээр миний амьдрал бүхлээрээ нөлөөлсөн байх. Зургаан настайгаас нь бөмбөг шидүүлээд сургачихсан юм. Ерөнхийдөө манай гурван хүү хүнд гологдохгүй шидчихнэ ээ. Гэхдээ над шиг амьдралынхаа утга учрыг сагсанд зориулах амаргүй гээд хүүхдүүдээ шахаагүй.

-Тамирчин хүн гэж таны тодорхойлолтоор хэнийг хэлэх вэ?

-Спортынхоо хажуугаар амьдраад, юм хийгээд явна гэдэг бол ховорхон төрсөн хүмүүст л байдаг чанар. Юм хийж явснаа шууд спортод шилжээд явах хэцүү. Байгалиасаа сайн өгөгдөлтэй хичээлдээ ч яваад, бэлтгэлээ ч хийгээд, ажлаа ч амжуулаад явдаг хүн байна. Бусад зүйлээ золиослоод, өөрийгөө хязгаарлаж явах бас тийм амаргүй. Хэрвээ тэгж чадсанд нь ямар гоё юм ирдэг вэ гэдгийг бас олон зүйлээс харж болдог. Хүнтэй таарахаар “Заа сайн уу, Цэвэр ээ. Бөмбөгөө тоглоод л байна уу, сайхан юмаа” гэдэг. Зүгээр нэг заал аваад тоглодог шигээ бодож сайхан юмаа гэдэг, уучлаарай тийм юм байхгүй. Үзэгч гэдэг бол эцсийн бүтээгдэхүүнийг хардаг, эцсийн бүтээгдэхүүн болох гэж тухайн хүн яаж “махны машинд” орсныг мэдэхгүй шүү дээ.

-Багийн спорт манайд хөгжихгүй, монгол хүний амиа бодомхой зан багийн спортыг хөгжүүлэхгүй гэдэг. Одоо энэ зан төлөв өөрчлөгдөж байна уу?

-Ахуй анхдагч гэдэг чинь энэ юм. Угаасаа нүүдэлчин ахуйтай хүмүүст уулын мухарт өөрийгөө болгоод явахаас 100 км-ийн цаана амьдарч байгаа нөгөө нэг нөхөр ямар яваа нь хамаа байдаггүй. Багийн спортын тухайд 1940 хэдэн оноос Монголд орж ирсэн. Одоо багийн спортын төрөл нийгмийн салшгүй нэг хэсэг юм байна гэдгийг хүмүүс ойлгодог болсон. Америкчууд хэлдэг, зургаан нас хүртлээ бөмбөг бариагүй бол чи цаашаа явах хэрэггүй гэдэг. Тэгж, тав зургаан наснаасаа бөмбөг барьчихсан хүнтэй чи өрсөлдөх гэж хөөцөлдөөд нэмэргүй гэж үздэг. Манайд бол шилжилтийн 15, 16 хүрчихсэн, “би” гэдэг нь эхэлчихсэн хойноо сагсан бөмбөг тоглодог. Тэгэхээр нөгөө “би” гэдгээ илэрхийлэх гээд байдаг юм. Уг нь монгол хүүхдүүд байгалиас заяасан бие бялдар байна, хүнд юмыг их амархан сурчихдаг, гүйлгээ ухаан сайтай, сагсны дүрэм, азаар ч юмуу тиймэрхүү зүйлс их нийцээд байдаг юм. Гаднынхантай тоглож байгааг нь харахад зарим үед илүү гардаг.

-Заримдаа талбайд гараад жаахан ганцаарчилсан тоглолт хийгээд байгаа нөхдийг багш нар нь яаж барих уу?

-Багш хүн мянган удаа хэлж бай гэдэг үг бий. Бид авьяас гэж ярьдаг боловч агуу авьяастай хүн байна, их авьяастай хүн байна, бага авьяастай хүн байна, өөр өөр зан араншинтай багийн 12 хүнийг нэг зорилго дээр барина гэдэг тийм амар биш.

-Шавь нараа хайрлахын тухайд та хэр зөөлөн бэ?

-Мэдээж багш хүн бүгдэд нь хайртай байна, тиймээс л тэдэнтэйгээ ажиллана шүү дээ. Гэхдээ хайр гэдэг нь ямар утгаар гэхээр авьяас чадлыг нь хайрлаж, алдчихгүй байх юмсан. Энийг нь хөгжүүлээд өгөх юмсан гэдэг хайр. Тэр хайр хатуу байдаг, дандаа хүүхдүүдээ ахих боломжтой гэж харж зүтгүүлж, тэмүүлүүлнэ. Заримдаа ч үс нь халцраад, хатиг гараад, нүд нь гархилаад ирэхээр хэдэн хүүхдүүдээ өрөвдмөөр санагдах нь бий. Гэвч тэрийгээ ил хэлээд байхгүй.

-Сүүлийн үеийн залуучуудаас тоож байгаа хүн танд бий юу?

-Бүгдийг нь тоодог. Миний хувьд ямар нэгэн тоглолтыг сэтгэлийн хөдөлгөөнөөр хардаггүй болчихсон. Яг багш талаасаа харж, залалт нь ямар байна, ийм үед ингэж сэтгэдэг үү үгүй юу, үсрэлт нь ямар байна гэх мэтээр хардаг. Автаж хардаггүй болчихсон. Тоглолтыг сайндаа л таван минут үзээд ойлгочихдог. Жаахан хараад л тоглолтын ерөнхий “сценарийг уншчихдаг” болсон, дараа нь өөрөө худлаа буруу зөрүү бодоод байна уу гээд шалгаад үзэхээр ханатай л тоглолт болсон байдаг. Бодсоноос жаахан өөрөөр өрнөх шинж ороод ирвэл яахав 10 минут тогтож хардаг. Түүнээс сэтгэл хөдлөөд тэр нь, энэ нь хожоосой гээд суугаад байдаггүй. Сагсан бөмбөг бүтэн агуулгаараа ойлгогддог болсон, залуу байхад ингэж хардаггүй байлаа. Би нэг бүтээгдэхүүн бэлдчихсэн гэж үзвэл тэр тоглогч сагсан бөмбөгийн нэр хүндийг өргөөд авч явах ёстой, Монголын сагсан бөмбөгийн нүүр болоод явах ёстой гэж ханддаг. Мөнхболд, Мөнхтүвшин, Болортулга гээд миний шавь нар сайн тоглож байгаа, эмэгтэй сагсчид ч миний шавь олон. Багш хүний хувьд сэтгэл хангалуун байдаг.

-Одоо хүүхдүүд бие хаа өсгөлүүн болж, сагсан бөмбөг сонирхдог залуусын маш том хүрээ байна. Тэднийг та бүхэн өсгөж өгөх, тамирчдын “наймаа” хийх ч юмуу, эдийн засгийн хөшүүрэгтэй болгох бодит боломж хэр харагддаг вэ?

-Яг нарийн яривал манай спортод мэргэжлийн гэдэг статус байхгүй. Мэргэжлийн боскчид гэх мэт ганц нэг төрөлд бий байх. Гэвч, тухайн улсад хүлээн зөвшөөрсөн мэргэжил байх ёстой гэдэг үүднээс харвал спортод тийм түвшиндээ хүрсэн юм байхгүй байна. Манай өнөөдрийн хөдөлмөрийн хуульд тамирчин гэсэн мэргэжил байхгүй болов уу. Спортын тухай хуульд ч үгүй байх. Хэрэв мэргэжлийн тамирчин гэж байж гэмээнэ хуулиар улсад татвараа төлдөг, төдөн жил ажиллаад тэтгэвэртээ гарна ч гэдэг юмуу, ийм эрх зүйн харилцаанд орж явах ёстой байх. Хууль ёсны юм бол алга, харин үзэгчид өөрсдөө л шигшээ багийнхныг мэргэжлийн сагсчид гэж үзээд байдаг. Европт бол хагас сонирхогч, хагас мэргэжлийн гэсэн хэмжүүр байсан, манайд одоохондоо тэр хэмжээнд л яваа. “Наймаа”-ны хувьд яг одоо би танайд тэдийг өгье, танай тоглочийг авъя гэсэн юм байхгүй байна. Яг тэгж “наймаа” хийнэ гэвэл түүнийг зохицуулах хуультай байх ёстой. Тухайлбал, багийн эзэн чамайг өнөөдөр өөр багийн нэг хүнээр солихоор болбол чи түүнийг нь биелүүлнэ, өдөрт тэдэн минут тоглоно, тэдэн цаг бэлтгэл хийнэ, чи тийм цалин авна, бэлтгэл хийхгүй бол ингэнэ, бэртвэл ингэнэ гээд, тэдэн оноо авбал яах юм гээд маш нарийн заалттай хуруу зузаан гэрээ хийдэг, баруунд бол. Манайд тийм зүйл алга. Одоохондоо хуульчлаагүй байна, хуучин хууль нь одоогийн амьдралаас тасарчихсан зөрүүтэй болсон. Тэр хуулиа сайжруулж, амьдралтай нийцүүлэхгүй бол бас болохгүй юм бий. Спортод нэг том компани мөнгө хаявал тухайн улс тэр компанийг татвараас тодорхой хэмжээнд чөлөөлдөг тийм зохицуулалтууд спорт өндөр түвшинд хөгжсөн газруудад бий. УИХ-д сууж байгаа Б.Бат-Эрдэнэ, Д.Сумъяабазар нар гэхэд ийм санаачилгыг гаргаж болох л байсан. Тийм юм алга л байна. Өнөөдөртөө болоод байгаа юм шиг боловч хэтдээ ингэж явж болохгүй л дээ.

Бидний хувьд холбоо үүний төлөө ажиллах ёстой гэж үзэж зорьж байгаа. Тогтсон юм байхгүй, аман тохироо маягийн юм л яваад байгаа. Багийн эзэн гэж нэг нөхөр өөрийнхөө санааг биччихсэн нэг юм үзүүлдэг. Тэрэнд нь тамирчдын санал онол ерөнхий үгээр маш бага туссан байх жишээтэй. Бэртвэл яах юм, тэр үедээ ямар цалин авах юм, хожвол яах юм, гэнэтийн өвчин зовлон болбол яах вэ, тухайн хүн багтаа нийцэхгүй байвал яах уу, шилжээд явбал яах уу, урьдчилаад мөнгө авсан байвал яах уу гэх мэт амьдрал дээр байдаг асуудлуудаа тусгасан ядаж гурван хуудас гэрээ хийдэг болмоор байгаа юм.

-Саяхан Америкийн алдарт сагсан бөмбөгчин Коби Брайнт зодог тайлахад түүнийг дагаж хөгжсөн бизнес, ард нь явсан баг, тэр нэр хүнд гээд бүх зүйл ямар гайхалтай вэ байж болдог вэ гэдгийг харуулсан?

-Аливаа нэг спортын холбоо гэдэг бол уралдаан тэмцээн явуулахаас гадна хэтийн төлөвлөгөө гэж байх ёстой. Тухайлбал, ийм хандлагыг арай том хүрээнд бий болгохын тулд бид тоглогчоо яаж сурталчлах юм, багийг яаж зохион байгуулах юм, үзэгчдэд сэтгэл ханамж үзүүлж чадах уу гээд маш олон ажлыг хийх ёстой байдаг.

Америкт тухайн сагсчин тоглолтынхоо дараа заавал хэвлэл мэдээллийнхэнд хандаж хэвлэлийн хурал хийдэг, заавал сэтгүүлчидтэй харьцах ёстой, ийм дүрэмтэй, асуусан асуултад заавал хариулах ёстой. Хэвлэлийн хурал дээрээ юу ярих уу гэдэг бас чухал, эсрэг багийн дасгалжуулагчийг буруу зөрүүгээр ярьж сурталчилж болохгүй ч гэхчилэн өндөр шаардлагуудтай. Тэгээд тухайн тоглогч тийм онгоцоор ниснэ, таван одтой зочид буудалд байрлана гээд явж суух нь хүртэл маш нарийн. Тоглогч тийм байж байж өсдөг, ингэж нэр хүнд хийж, түүнийг дагасан бусад зүйлс дэлгэрч байдаг. Манайд тодорхой алхмууд хийгдэж арга барил ёс зүйг нь дуурайж хийж л байх ёстой. Нийгэм хөгжиж таарна, одоо хэцүү л байгаа биз, ахин дэвжинэ. Нийгмийн амьдрал өсөхийн хэрээр, сагсчны амьдрал өсч байх ёстой. Чамайг хараад хүүхдүүд ийм болох юмсан гэж хүсдэг, жинхэнэ тэр одын амьдралаар амьдрах ёстой гэж үздэг, өө энэ чинь сагсны од, аргагүй шүү дээ гэж хэлүүлдэг байх ёстой. Жижиг хэлбэрээр боловч ийм алхмууд хийгдэж байна. Гэвч дуулиан болгож чадахгүй байна.

-Та мэдээж супер лигийг “өөр нүдээр” үзэж байгаа байх, аль багт түрүүлэх шинж байна вэ?

-Супер лигийг Үндэсний сагсан бөмбөгийн холбоо явуулж байгаа. Миний хүүхдүүд тоглож байна, гүйгээд очмоор л байна, гэхдээ ёс суртахууны хувьд багш нь гээд гүйж очоод байж болохгүй шүү дээ. Тоглолтыг харж л байна.

-Ингэхэд шүүхээс хоёр холбоо үйл ажиллагаа явуулж болно гэдэг шийдвэр гаргасан юм байна лээ?

-Тийм. Нэг нь миний тэргүүлж байгаа Монголын сагсан бөмбөгийн холбоо. Нөгөө нь С.Эрдэнэ сайдын тэргүүлж байгаа Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо гэж байгаа. Шүүхээс олон нийт эвлэлдэн нэгдэж, холбооны үйл ажиллагаа явуулж болно гэж үзсэн учраас Үндэсний сагсан бөмбөгийн холбоог ч зөвшөөрсөн. Сая би сонгогдоод С.Эрдэнэ сайдтай уулзсан, ер нь ингэж хуваагдаад байх дэмий байна, ойлголцоод хамтран ажиллах талаар ярилцсан. Эхлээд хамтран ажиллая, тэгээд явцын дунд нэгдэн нийлэх боломж байгаа эсэхээ харъя гэж үзсэн. Ганцхан, С.Эрдэнэ, Ц.Цэвэрбал гэдэг хоёр хүн яриад шийдчих асуудал биш. Холбоо бүхлээрээ хуралдаж байж шийдэх асуудал, гэхдээ тухайн үедээ шүү дээ.

Хоёр холбоо зэрэгцэн үйл ажиллагаа явуулахын хажуугаар танай Монголын сагсан бөмбөгийн холбоо дотроо бас үргэлжилсэн урт хэл ам хийцгээж явсан. Сагсан бөмбөгийг дэмжиж балиашиглаж явдаг хүмүүсийн хувьд энэ маргаан, хуваагдал бүдүүлэг харагдсан болов уу?

-Яахав бидний талаас нэг их юм яриад л хэрэлдээд байх зорилго тавиагүй. Нэг нэгийгээ муу яриад л, үүнд нэг их дуртай биш. Сагсчдыгаа муулаад л, нэг нэгийнхээ өмнө урдахыг сөхөөд л, үнэн худал нь мэдэгдэхгүй юм яриад байх сонирхолгүй. Чөлөөт бөх, боулинг, хөлбөмбөг ч гэдэг юмуу спортынхон хоорондоо хэрэлдээд, хоёр гурван холбоо гарчихсан инээдэмтэй санагдаад улсуудын элэг доог болоод байх шиг харагддаг. Үүнийг нь бодоод нэг их юм ярихгүй байсан. Эцсийн эцэст сагсныхан л биз дээ. Тоглож л явсан хүүхдүүд, сагсан бөмбөгийн нэг үед байсан хүүхдүүд гэж хүндэтгэнэ шүү дээ.

Одоо надад шүүхийн бүх шийдвэр байна л даа. Ямар ч Тамир гэсэн хүн холбооны тэргүүн гэж улсын бүртгэлд бүртгүүлээгүй, шүүхийн шийдвэрт тов тодорхой бичсэн байна. Улсын бүртгэлээс гаргасан лавлагаанд Цэндийн Мөнх-Оргил гэж тэргүүн 2012 оны гуравдугаар сарын 28-нд бүртгүүлсэн байна. Тэрнээс хойш ямар нэгэн хүн бүртгүүлээгүй явж байсан. Харин сая 2016 оны хоёрдугаар сараас шинэ тэргүүн бүртгүүлсэн байгаа. Дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн тогтоолоор Ц.Мөнх-Оргил гэж хүнээр хурал зарлуулах хэрэггүй ээ, тэргүүлэгч гишүүд өөрсдөө хурал зарла гэсэн. Үүний дагуу тэргүүлэгчдийн саналаар хурал зарласан. Энэ хурлаар намайг тэргүүнээр сонгосон байгаа. Гэтэл Олимпийн хороо Олон улсын сагсан бөмбөгийн холбоо руу эд нар шүүхийн заргатай байгаа гэсэн бичиг явуулж, Монголын сагсан бөмбөгийн холбоог олон улсад түдгэлзүүлсэн. Олимпийн хороо гэдэг байгууллага чинь аль болох олимпизмийн үзэл санаа суртлыг дэлгэрүүлэх ёстой байгууллага. Ямар ч холбоо гэх хуулийн үндэсгүй улсуудын үгээр бичиг хийж явуулсан байсан. Хамгийн гол нь залхаан цээрлүүлж байгаа юм шиг Азийн аваргын сорил ирэх зургадугаар сард болох ёстой, гэтэл холбооны үйл ажиллагаанд ийм саад хийж, тамирчдыг тэмцээнд явуулах боломжгүй болгох шахлаа. Харин хэдхэн хоногийн өмнө үүнийгээ засаж залрууллаа. Олимпийн хороо ингэж аль нь хууль ёсны дагуу үйл ажиллагаа явуулж байгаа вэ гэдгийг ойлгож, Олон улсын сагсан бөмбөгийн холбоонд албан ёсоор хандаж залрууллаа.

Би 46 жил сагсанд явж байна, надад дарга цэрэг болж явах олон боломж байсан болов уу, харамсалтай нь тэгж явсангүй. Харин яг энэ цагт бол хэсэг хүмүүс сагсан бөмбөгийн холбоог хувийн сонирхолдоо ашиглаж байгаад эмзэглэсэн. Энэ олон сагсан бөмбөгчдийн авьяас чадвар, хөдөлмөрийг ганц нэгхэн хүн хувьдаа ашиглаж байгаа бол уучлаарай. Бас нэг байх ёстой, зохих ёсны хэм хэмжээнд нь оруулмаар байна гэж хүссэн юм. Ц.Мөнх-Оргил гэхэд 10 жил хурлаа хийгээгүй явсан, гэтэл дөрвөн жилд нэг удаа их хурлаа хийж явах ёстой.

-Хууль зүйн сайд байсан, төрийн өндөр албыг хашиж явсан хүн яагаад 10 жил хурлаа хийгээгүй явсан юм бол. Ямар нэгэн дүрэм журмыг хамгийн тод мөрдөж харуулж явах ёстой хүн биз дээ.

-Харин тийм. Арван жил хурал хийгээгүй гэхээр сонин байгаа биз дээ.

-Та бүхний энэ их хэрүүл, хэл аманд тамирчид хөлд нь чирэгдсэн байлгүй дээ?

-Нэгдүгээрт хөлд нь чирэгдсэн байх. Хоёрдугаарт, тамирчдын хувьд “тоглох” боломж болсон. Угийн бас толгой сийрэг хүмүүс нь хоёр холбооны хаана нь ашигтай байна гүйлдээд эхэлсэн. Жаахан эрээ цээрээ алдах маяг ч орсон. Энд нэг шаардлага тавиад таалагдахгүй байвал нөгөө тийшээ яваад өгөх гэх мэтчилэн, багш нар ч хүртэл тамирчдаараа “тоглох” хандлага гарсан. Бас нэг ийм утгагүй юм явсан шүү. Тамирчин хүн чанд дэг журамтай байж тамирчин байдаг юм.

Одоо ямартаа ч эвээ олцгоож байгаа юм байна?

-Одоо сагсчдаа Азийн аваргын сонгон шалгаруулалтад явуулъя гэж хөөцөлдөж байгаа.

-Та сонгогдоод өөр ямар ажлууд амжуулав?

-Хоёр гурван тэмцээн зохион байгууллаа. Одоо бүх ард түмний спартакиадад бэлтгэж байна. Зүгээр эвээ олоод, зүгээр учир зүйгээ олоод явъя аа. Зөв гольдролтой, зөв арга барилтай болгоод цаашид энэ сагсан бөмбөг сонирхож байгаа хүүхдүүдийг хөгжүүлэх үү, дэмжих үү гэдэг л юмыг зорьж байна. Түүнээс сагсан бөмбөг дотроо тодрох гээд хэрэггүй, сагсан бөмбөгөө тодруул аа, сагсан бөмбөг өөрөө тодроод ирвэл аяндаа та нарыг чирээд явна, нэр хүнд, эдийн засаг юу байдаг юм тэр бүхэн чинь ирнэ ээ гэж бодож байна.

Ц.БАЯРЖАРГАЛ

Categories
мэдээ улс-төр

УИХ Цэцийн дүгнэлтийг хүлээн авлаа

Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 05 дугаар дүгнэлтийг хэлэлцээд олонхийн саналаар Цэцийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.

Ингэснээр 76 гишүүний 28 нь намын нэрсийн жагсаалтаар сонгогдож байгаа нь Үндсэн хуулийн зарим зүйл заалтыг зөрчиж байна гэж УИХ үзлээ.

УИХ Цэцийн энэхүү дүгнэлтийг хүлээн авснаар Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай болж байна. Одоо 2016 оны УИХ-ын сонгууль цул тойргоор буюу 76 жижиг тойргоор явах уу, томсгосон 26 тойргоор явах уу гэдгийг шийдэх болж байна.

Categories
мэдээ улс-төр

АТГ-ын даргаар Х.Энхжаргалыг томилуулах саналыг өргөн барьжээ

Өнгөрсөн сард АТГ-ын
дарга Н.Ганболд өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн билээ. Тэгвэл Монгол Улсын
Ерөнхийлөгчөөс Авлигатай тэмцэх газрын даргаар Х.Энхжаргалыг томилуулах саналыг
өнөөдөр УИХ-д хүргүүллээ. Х.Энхжаргал нь Замын цагдаагийн газрын даргаар
ажиллаж байсан бөгөөд одоо ЦЕГ-ын Мэдээлэл, судалгааны төвийн даргаар ажиллаж
байгаа юм байна.

Categories
мэдээ улс-төр

Цэцийн дүгнэлтийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын чуулганы
үдээс өмнөх хуралдаан эхлээд байна. Өнгөрөгч долоо хоногт Үндсэн хуулийн цэцийн
дунд суудлын хуралдаанаас гаргасан тавдугаар дүгнэлтийг хэлэлцэх байсан ч
“Шударга ёс” эвслийн бүлэг завсарлага авсан.

Завсарлагын хугацаа
өчигдрөөр дуусгавар болсон юм. Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд
УИХ-ын дарга З.Энхболд “Шударга ёс” эвсэл завсарлагынхаа талаар
тайлбар өг” гэлээ. Үүнд УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд
З.Баянсэлэнгэ “Цэцийн шийдвэрийг бүлэг дотроо хэлэлцэж, ажлын хэсэг гаргаж
ажилласан. Ингээд хэлэлцэх нь зүйтэй гэдэгт санал нэгдсэн” гэв. Одоо
Цэцийн дүгнэлттэй холбоотойгоор УИХ-ын гишүүд саналаа хэлж байна.

Categories
мэдээ нийгэм

Ховд-Улаанбаатар чиглэлийн онгоц хөөрөхийн өмнө зурвасаас гарч, саатжээ

Өчигдөр “МИАТ”-ийн
Ховд-Улаанбаатар чиглэлийн ОМ7056 аяллын дугаартай Боинг-737/800 агаарын хөлөг
хөөрөхөөр нислэгийн зурваст гүйлт хийх явцад хөөрөлтийн өмнөх чиглэл алдаж,
зурвасаас гарсан байна. Энэ нислэгээр 99 зорчигч үйлчлүүлж байгаагаас хоёр нь
хүүхэд ба зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс Ховд-Улаанбаатар чиглэлд
өөр 2 агаарын хөлөг нэмэлтээр гарган зорчигчдыг тээвэрлэж, Улаанбаатарт
авчирсан байна.

Эхний нислэг Улаанбаатарт үүрээр 05.48-д газардсан бол сүүлийн
нислэг өнөө өглөө 8.39-д Улаанбаатарт буугаад байгаа аж.

Categories
мэдээ цаг-үе

С.Эрдэнэ: Цэц шийдвэр гаргахдаа нийгмийн сэтгэл зүйг дагачих шиг боллоо

УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэтэй ярилцлаа.

-Үндсэн хуулийн Цэц дунд суудлын хуралдаанаараа Сонгуулийн тухай хуулийн хувь тэнцүүлсэн буюу пропорционалийг Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргачихлаа. Та үүнийг юу гэж харж байна вэ?

-Парламентын зүй ёсны хөгжил талаас харах юм бол энэ ухарсан алхам. Ер нь тэгээд сонгодог парламентын хэлбэр рүү явъя гэж байгаа бол бид одоо ухралт л хийлээ шүү дээ. Шууд сонгох гэдэг ойлголтыг зөв ойлгох ёстой. Би өөрөө ямар нэгэн байдлаар жагсаалт руу орох гэсэндээ үүнийг яриагүй. Би тэртэй, тэргүй тойрогт нэр дэвшиж өрсөлдөнө. Сонголтоо бол манай сонгогчид л хийх байх. Миний хувьд ирээдүйд парламентыг зөв төлөвшил рүү нь явуулах ёстой гэж боддог. Зөв төлөвшүүлсэн мэргэжлийн парламентыг бий болгох ёстой. Тэрнээс хэн дуртай эрээвэр хураавар хүмүүс гүйж орж ирээд хэлэх, хэлэхгүй үгээр ярьдаг газар бол парламент биш шүү дээ. Парламентын засаглалтай улс орны гол юм нь УИХ-ын гишүүд хэр мэдлэг чадвартай, бэлтгэгдсэн байна төдий чинээ тэндээс тийм чанартай сайн хуулиуд гардаг. Тэнд илүү өндөр хариуцлага үүрэг ноогддог. Эргээд харахад манайд өнөөдөр парламент төлөвшиж чадахгүй байна шүү дээ. Төлөвшиж чадахгүй байгаагийн гол юм нь сонголтын асуудал байна. Үнэхээр зөв хүнээ сонгож чадаж байна уу гэдэг маш чухал асуудал болж байна л даа.

-Сонгодог парламент гэдгийгээ тодруулахгүй юу?

-Уг нь парламентын жинхэнэ гишүүд бол пропорционалиар сонгогдсон, мэргэшсэн маш өндөр чадавхтай хүмүүс байх ёстой юм. Тэр хүмүүсийг төлөвшүүлдэг, бэлтгэдэг газар нь институцийн хувьд улс төрийн намууд юм л даа.

Намууд өөрсдийн маш сайн сургаж бэлтгэсэн хүнээ парламентад дэвшүүлдэг. Эргээд үйл ажиллагаанд нь нам институцийн хувьд хариуцлага хүлээдэг. Намтай хариуцлага тооцохыг сонгогчид сонголтоороо хийнэ. Сайн байх юм бол тэр нам ялалт байгуулаад яваад байна. Муу байвал ялагдаад улс төрийн тавцангаас буудаг. Ийм тогтолцоо руу бид явах ёстой байтал өнөөдөр хувь хүн зонхилсон парламент руу явж байна. Ингэхээр парламентын үүрэг хариуцлага гэдэг юм байхгүй болчихож байгаа юм. Жишээ нь одоо нэр дэвшилтийн процессыг харахаар бие даагч 90 хүн дэвшиж байна гэнэ. Арван хэдэн нам, эвсэлтэйгээ харьцуулаад харахаар бие даагчдын дэвшиж байгаа тоо нь давчихсан байж байна. Хэн нэр дэвших нь тухайн хүний эрхийн асуудал. Үндсэн хуулиар олгогдсон эрх бол сонгогдох, сонгох эрх чөлөө шүү дээ. Гэхдээ энд бас улс орныхоо хувь заяа ирээдүйг зөв харах ёстой. Тэр утгаараа би ярьж байна. Түүнээс биш заавал парламентад тэр сонгогдох хэрэгтэй. Харин тэр байж болохгүй гэсэн юм ярих гээгүй шүү.

-Үндсэн хуулийн Цэц 2012 онд их суудлын хуралдаанаараа намын жагсаалтыг Үндсэн хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн байдаг. Гэтэл хуулийн зүйл заалт өөрчлөгдөөгүй байхад одоо зөрчсөн гэсэн дүгнэлт гаргачихлаа?

-Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрүүдэд эргэж буцсан сүүлийн шийдвэрээ үгүйсгэсэн ийм байдал ажиглагдаж байна л даа.

-Энэ шийдвэрт хоёр том намын захиалга орчихлоо гэсэн хардлага байна?

-Захиалаад байх шаардлага алга байна шүү дээ. Аль ч намын лидерүүд дотор үүнд төдийлөн дуртай хүн алга байна. Би бол Цэц шийдвэр гаргахдаа хоёр намын хуйвалдаан гэхээсээ илүү нийгмийн сэтгэлзүйн шаардлагыг дагачихав уу даа гэж харж байгаа. Улс төрийн намууд хариуцлагагүй байсан. Улс төрийн намуудын нэр хүнд унасан. Нийгэмд УИХ-ын гишүүдийг шууд сонгох гэсэн эрмэлзэл, улс төрийн намуудын гүйцэтгэж байгаа үүргийг үгүйсгэсэн хандлага хүчтэй байсан учраас түүнийг дагасан олон түмэнд таалагдах гэсэн шийдвэр гаргачихлаа. Түүнээс намуудын захиалгаар биш.

-АН, МАН-ын УИХ дахь бүлэг хуралдаад Цэцийн дүгнэлтийг хүлээж авахаа мэдэгдсэн. Тэгэхээр тойргоо хэрхэн байгуулах бол гэсэн хүлээлт үүсч байна. Том, жижиг аль мажоритараар явах бол?

-Хэрвээ УИХ-ын чуулганаар олонх хүлээж авъя гэвэл Төрийн байгуулалтын байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо гээд холбогдох байнгын хороод яг тэр хуульд нийцсэн өөрчлөлтөө оруулахын тулд ажлын хэсгийг яаралтай байгуулна. Тэртэй, тэргүй бид ямар огт мэдэхгүй юм хийх гэж байгаа биш. УИХ Цэцийн дүгнэлтийг хүлээгээд авчихвал томсгосон 76 тойрог эсвэл жижиг 76 тойрог руу л орно шүү дээ. Үүн дээр намуудын ажлын хэсэг гарч зөвшилцөх байх. Ингээд намууд зөвшилцөөд жижиг, том мажоритар байхаа шийдчих юм бол угаасаа урьд нь хэрэглэж байсан хуулиуд нь бүгд бичээстэй бэлэн байгаа юм чинь аль тохирсныг аваад баталгаажуулаад явчихна шүү дээ.

-Жижиг 76 тойргоор явуулах болбол мөнгөний сонгууль болно гэлцэж байна?

-Угаасаа ч хуучин жижиг 76 тойрог байхад тийм л байсан шүү дээ. Гэхдээ би нэг зүйлд найдаж байгаа. Сонгуулийн хуульд хатуу хориглосон заалтууд оруулсан шүү дээ. Хэрвээ санал худалдан авах, соёл урлагийн үйлчилгээ явуулах, мөнгө тараах зэрэг үйлдэл гаргах юм бол нэр татах хүртэл арга хэмжээ тооцно гээд хуульчлаад өгчихсөн. Энэ хуулийн хатуу хориглосон заалтууд их хэмжээний мөнгө, эд материал тараахыг зогсоох байх гэж найдаж байгаа.

-АН, МАН-ын гишүүд уулзаж аль тойргууд дээр мандатын тоог хэдээр нэмэх вэ гээд ярилцаж байгаа гэсэн. Тэр талаар дуулсан уу?

-Улстөрчид хоорондоо янз бүрийн санал солилцох нь зөндөө л байгаа шүү дээ. Тэр бол үргэлжийн мөнх л явж байдаг. Цэцийн шийдвэр гарчихсан байгаа энэ үед хэрвээ батлагдвал ямар үр дагавар гарах вэ, яаж шийдвэл зүгээр вэ гэдэг талаар би ч гэсэн зарим нэг хүмүүстэй санал солилцоод явж л байна.

-Та бол нийслэлээс сонгогдсон УИХ-ын гишүүн. Өмнө нь нийслэлийн мандатын тоог хүн амтайгаа харьцуулаад нэмэгдүүлэх санаачилга гарч байсан. Одоо боломж гарч байгаа юм биш үү?

-Нэгдүгээрт, хуучин байсан мандат буцааж олгогдох байх. Хоёрдугаарт, хүн амын тоо, эдийн засгийн ач холбогдол гээд бусад шаардлагаа харгалзаад магадгүй мандатын тоо нэмэгдэж болно. Би энэ асуудлыг хоёр талтай л хардаг л даа. Нийслэл хүн амын төвлөрөл ихтэй. Тэгэхээр шударга хуваарилалтын зарчмаар харвал хүн амынхаа тоонд харьцуулсан мандатын хуваарилалтыг хийх ёстой. Гэвч Монгол Улсын онцлог нөхцөл байдлыг харгалзах хэрэгтэй. Энэ хязгааргүй уудам газар нутагт ажиллаж амьдарч байгаа иргэд хичнээн цөөн байлаа ч төлөөллийг нь багасгаж болохгүй шүү дээ. Би юу гэж хэлэх гээд байна гэхээр тэр уудам газар нутгийг эзэнтэй байлгаж байгаа. Ялангуяа алслагдсан сум багт амьдарч буй тэр олон түмний төлөөллийг бид жаахан давуу байлгах нь буруу зүйл биш.

-Та гишүүдтэй санал солилцож байна гэсэн. Гишүүд ямар хандлагатай байна?

-Тухайн хүн өөртөө ашигтай гэсэн хувилбараар ярина шүү дээ. Одоогоор өөрийнхөө байр суурийг эцсийн гээд тодорхойлчихсон хүн тааралдаагүй л байна.

-Сонгууль болох тун дөхчихсөн үед Үндсэн хуулийн Цэц ийм дүгнэлт гаргалаа. Үүнийг томоохон намууд шууд хүлээж авахаа мэдэгдэж байгаа нь зөв үү. Хүлээж авахгүй байх боломжтой шүү дээ?

-Цэцийн хандлагыг харахад Цэц их суудлаараа хуралдсан ч энэ шийдвэрээ хамгаална. Өмнөх практик нь тийм байдаг л даа. Дунд суудлаараа шийдсэн бол их суудлаараа баталгаажуулдаг. Дунд суудлынхаа шийдвэрийг хүчингүй болгож байсан тохиолдол бараг байдаггүй юм. Тэгэхээр бидний хувьд дэмий хий горьдсон хүлээлт болох гээд байгаа хэрэг. Тиймээс үүнийг хурдан хүлээж аваад тохирсон хуулийн зохицуулалтуудыг яаралтай хийж сонгуулиа цаг хугацаанд нь эрсдэлгүй явуулах арга замаа бодох нь зөв гэж харж байгаа.

Ж.БАЯРСАЙХАН

Categories
мэдээ цаг-үе

Ч.Өлзийсайхан: Үндсэн хуулиа баримталбал одоогийн УИХ хүчинтэй эсэхийг нь заавал ярих хэрэгтэй болж байна

МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн багш, улс төр судлаач, доктор Ч.Өлзийсайхантай ярилцлаа.

-Үндсэн хуулийн Цэцээс жагсаалтаар сонгогдохыг хууль бус гэж үзчихлээ. Үүнээс үүдээд манай улс төрд ойлгомжгүй асуудлууд гарч ирж байна. Та үүнд судлаач хүний хувьд ямар тайлбар хийх вэ?

-2012 оны тавдугаар сарын 2-ны өдөр Үндсэн хуулийн Цэц их суудлын хуралдааны 03 тоот тушаал гарсан юм. Уг тогтоолд 28, 48 гэдэг энэ хувилбарыг Үндсэн хууль зөрчөөгүй гэж үзсэн. Зөрчөөгүй гэдгийг маш олон янзаар тайлбарласан. Жишээ нь, үндэсний эв нэгдлийг хангасан байна, шууд сонгох эрхийг зөрчөөгүй байна, тэгш эрхийг зөрчөөгүй байна, өмнөх хувилбаруудыг илүү боловсронгуй, сайн болгожээ гэж маш олон янзаар давуу талыг нь хэлсэн. Хэн нэгнээр дамжуулалгүй, өөрөө сонгож байгаа нь шууд. Тиймээс шууд сонгоогүй гэж маргах үндэслэл байхгүй гэж тайлбарласан юм. Тэгтэл дөрвөн жилийн дараа энэ сарын 22-нд энэ бүхнээ яг эсрэгээр нь тайлбарлачихсан. Үндсэн хуулийн Цэц маш хариуцлагагүй гэдэг нь, Цэц нэг асуудлыг хоёр өөрөөр тайлбарласнаас харагдаж байна.

Тэгэхээр аль нэг нь л зөв байж таарна. Үндсэн хуулийн Цэцэд хууль зүй, улс төрийн өндөр мэргэшилтэй хүмүүсийг л орууллаа гэж УИХ баталж байгаа шүү дээ. Дутагдалтай тал гэвэл Үндсэн хуулийн Цэцэд хуульч хүмүүс байдгаас биш Үндсэн хуульд заагдсан улс төрийн өндөр мэргэшилтэй хүн байдаггүй. Тэгэхээр Үндсэн хуулийн энэ их учир дутагдалтай шийдвэр нь өөрөө Үндсэн хуулийн Цэцийг Үндсэн хуульд заасан хэм хэмжээ, шаардлагын дагуу байгуулаагүйтэй холбоотой гэж би хувьдаа дүгнэж байгаа. Өөрөөр хэлбэл, улс төр судлалын докторууд бүгд хараад “Энэ Үндсэн хуулийг зөрчсөн байна” гэж хэлж байхад Цэцэд дандаа хуульчид сууж байгаа учир “Үндсэн хуулийг зөрчөөгүй” гэдэг сонин юм хийж байгаа юм.

-Цэцээр ийм шийдвэр гаргуулсан нь захиалгатай ажиллагаа гэж хардах үндэслэл бий юу?

-Бүгд болж буй үйл явдлын цаад нарийн учрыг мэдэж байгаа болохоор аль нь зөв бэ гэдгийг ойлгож байгаа. Энэ удаагийнхыг захиалгаар хийчихлээ гэж ойлгож байна. Үүнд аюул байгаа.

Мажоритар хувилбараар тэр тусмаа жижгэрүүлсэн тойргоор явуулчих юм бол нийт сонгогчдын 30 орчим хувийн саналыг авсан хүн сонгогдоод гараад ирдэг юм. Энэ нь манай сонгууль явуулсан бүх практикаар нотлогдож байгаа. Тэгтэл сонгууль бүр дээр цаана нь 60 орчим хувийн санал гээгдэж байсан. Энэ нь шууд гэдгийг тайлбарлах гэж ядаад байгаа тэр зүйлээс ч их хор уршгийг нийгэмд дагуулаад байгаа. Мажоритар хувилбараар сонгууль явуулсны хамгийн хэцүү үр дагавар бол 2008 оны долдугаар сарын 1-ний үйл явдал байхгүй юу. Нийт хүмүүсийн дийлэнх нь АН-ыг дэмжээд, МАХН буюу одоогийн МАН-ыг дэмжээгүй байхад МАХН яагаад гараад ирчихэв ээ гэдгээс болж мөргөлдөөн гарсан байхгүй юу. Дэлхий нийтийн улс орнууд пропорциональ хандлагыг илүү оновчтой гэж тийш явж байхад манайх маш их ухралт хийсэн. Ийм л үйл явдал болчихлоо. Цэцийн энэ сарын 22-нд гаргасан шийдвэр бол маш хариуцлагагүй шийдвэр болсон. Үндсэн хуулийн Цэцийн гишүүд энэ хоёр шийдвэрийнхээ аль нэгэн дээр нь хариуцлага хүлээх хэмжээнд хүрч ирж байна. 2012 оны шийдвэр нь худлаа байсан юм бол тийм чадамжгүй Үндсэн хуулийн Цэцийн гишүүд яагаад тэр ажлыг хийж байна вэ. Төрийг буруу зохион байгуулуулсныхаа төлөө хариуцлага хүлээж огцрох ёстой. Яагаад дөрвөн жилийн өмнө гаргасан шийдвэрээсээ 180 градус эргэсэн өөр шийдвэр гаргачихав аа. Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдал, Үндсэн хуулийг манаж чадсангүй гэдэг үүднээс Цэцийн гишүүд дахиад хариуцлага хүлээ. Аль ч хувилбарыг нь авч үзсэн Үндсэн хуулийн Цэцийн гишүүд хариуцлага хүлээх болж байгаа юм.

-Цэцийн гаргасан дүгнэлт нь Сонгуулийн тухай хуулийн ганцхан заалтад хамаатай гээд байгаа. Тэр заалтыг нь л өөрчлөөд сонгуулиа явуулдгаараа явуулах юм уу. Эсвэл сонгуулийг хойшлуулж болзошгүй байна уу?

-МАНАН гэдэг энэ хоёр том намын дэргэд Үндсэн хууль гэдэг бол зүгээр цаас юм байна. Тэгж л харагдаж байна. Тэд яаж л бол яаж өөрсдийнхөөрөө тайлбарлаж байгаа юм. Ерөөсөө энд ард түмний санаа бодлыг зөв тусгая. Аль болох зөвшилцөл, зохицолд хүрье гэдэг тэр санаа нь байхгүй. Яаж бид мөнгөө цуглуулсан билээ, мөнгөтэй бидэнд аль нь тохиромжтой байна вэ гэдэг тийм л сонголтыг хийчихлээ. Тийм учраас эд нар маш хурдан хугацаанд үүнийгээ баталгаажуулах гэж зүтгэж байна. Энэ сонгуулийн системийг авснаар баян, мөнгөтэй хүмүүс, тэдний хүүхдүүд ногоон гэрлээр гарч ирэх боломжтой. Ямар ч эрдэмтэн, судлаач, эмэгтэй хүн, шинэ хүн гарч ирэх боломж байхгүй хувилбар. Нөгөө баячууд гучин хэдэн хувийн саналыг нь аваад 60 хэдэн хувийн саналыг хаяад л яваад байхад мөнгөтэй хүн ялна. Энэ хоёр нам нийгмийг дахин мөргөлдөөнд хүргэж байж л мажоритар хувилбар нь солигдож магадгүй. Мажоритар хувилбарын муу тал нь юу вэ гэхээр манай улсын 25 жилийн түүх байгаа юм. Монгол Улс хөгжиж чадаагүй. Монголын баялаг дандаа өөр хүмүүсийн гарт очсон. Эсвэл олигархи эсвэл гадны хүмүүсийн гарт орсон. Мөнгөтэй хүмүүс гарч ирж бүхнийг өөрсдийнхөө төлөө ашигласнаас л болж эдийн засгийн ийм хортой үр дагаварт хүрээд байгаа юм. Тийм учраас дэлхий нийтийн чиг хандлага ямар байна вэ. Тэр хандлага руу явах ёстой.

-Тэгэхээр сонгуулийг ер нь хойшлуулж мэдэхээр байна гэж үү?

-Сонгуулийг хойшлуулахын төлөө л эд нар ажиллаж байгаа шүү дээ. Сонгууль хойшлуулахын ач холбогдол нь юу байна вэ гэхээр нэгдүгээрт, хугацаа хожиж авна. Хоёр намын рейтинг айхавтар доошоо уначихсан, эдийн засгийг сөхрүүлчихсэн болохоор энэ хооронд зээл ч юм уу, ямар нэгэн хиймэл аргаар богино хугацаанд өндөр болгох гэж байгаа байж магадгүй. Хоёрдугаарт, АСЕМ гэдэг зүйлээр тархи угааж байгаад гарч ирэх гэж ч байж магад. Монголыг их ардчилсан улс боллоо, дэлхий нийтийн хэмжээнд сайхан болно гэж хүмүүсийн толгойг эргүүлээд гараад ирэх ийм л бодлого барьж байна. Түүнээс биш Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд энэ ямар ч ач холбогдолгүй.

-Жагсаалтыг хууль бус гэж үзсэн юм чинь 2012 онд бүрэлдсэн УИХ, түүний гаргасан бүхий л хууль тогтоомж, эрхзүйн баримт бичиг бас хууль бус болж таарч байна уу?

-Үндсэн хуулийн 66.4-т яг тийм заалт байгаа. Уг заалтад “Хууль, зарлиг, Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн бусад шийдвэр, түүнчлэн Засгийн газрын шийдвэр, Монгол Улсын олон улсын гэрээ нь Үндсэн хуульд нийцээгүй гэж Үндсэн хуулийн Цэц шийдвэр гаргавал зохих хууль, зарлиг, батламж, шийдвэр хүчингүй болно” гэж байгаа байхгүй юу. Цэц пропорциональ нь Үндсэн хууль зөрчлөө гэж үзчихлээ. Тэгж ярьж байгаа болохоор үүгээр гарч ирсэн УИХ-ын бүх зарлиг, хууль, тогтоомж хүчингүй болно гэж Үндсэн хуульд заачихсан байж байна шүү дээ. Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлт гармагцаа хүчин төгөлдөр болдог байхгүй юу. Өмнөхийг нь С.Бямбацогт гишүүний яриад байгаа шиг буцааж хэрэглэхгүй гэж тооцъё. Тэгэх юм бол одоо энэ УИХ нь чадамжтай юм уу, үгүй юм уу. Хуульчид ингэж яриад байна, нэгэнт төр ингээд явчихсан юм чинь үүнийгээ цааш нь хэрэгжүүлээд явна гэсэн сонин тайлбарууд өгөөд байна л даа. Тэгвэл хэн нэгэн зориудаар, хууль бусаар Үндсэн хуулийн бус аргаар засгийн эрх мэдлийг авчихъя. Зөвхөн өөрсдөдөө зориулж энэ хугацаанд хууль бус гэдгийг нь мэдсээр байж шийдвэр гаргая. Тэрийг нь дөрвөн жилийн дараагаар Үндсэн хуулийг зөрчсөн гэдгийг мэдье, тэр Монгол Улсад ямар ч ашиггүй байсан гэж бодъё. Тэр бүгдийг нь “Өө хууль ингээд явчихсан юм уу” гэх юм уу гэдэг асуудал гарна биз дээ. Хэрэв Үндсэн хуулиа барих юм бол хүчингүй. Гэхдээ хуульчид янз бүрээр тайлбарлаж болдог л юм байна. Үүнийг нь яах вэ, ингээд авчихъя гэж болдог л юм байна. Гэвч тэр бүгд нь Үндсэн хуулийг зөрчсөн, Үндсэн хуулийн цагаан дээр хараар бичсэн хоёр заалт байгаа. Нэг нь 66.4 заалт. Нөгөө нь 67 дугаар зүйлд “Үндсэн хуулийн Цэцийн шийдвэр гармагцаа хүчин төгөлдөр болно” гэж заасан. Үүгээр бол одоогийн УИХ хүчинтэй юу, үгүй юу гэдгийг заавал ярих хэрэгтэй болж байгаа байхгүй юу. Хуульчид үүнийг янз бүрээр тайлбарладаг.

-Цэцэд гомдол гаргасан иргэн Ц.Намсрай 2014 оноос эхэлж уг асуудлаар Цэцэд хандсан ч хүлээж аваагүй юм билээ?

-Гомдол гаргасан энэ хоёр хүн Монгол Улсад ямар их хор уршиг тарьж байгаагаа ойлгохгүйгээр ийм сонин юм хийчихлээ дээ гэж бодож байна. Хийсэн л бол хийсэн шүү дээ. Галт тэрэг аль хэдийнэ хөдөлдгөөрөө хөдлөөд, Монгол төр буруу замаараа явдаг чиглэл рүүгээ л болчихлоо. Олигархиудаас сална гэж байхгүй болчихлоо. Хэзээ салах юм, бүү мэд. Салахгүй болчихлоо л доо. МАНАН-гаас ч салахгүй.

-Жирийн иргэд одоо тэгээд УИХ тарах юм уу, сонгууль хойшлогдох болж байна уу гээд олон асуултын хариултыг хайж байна?

-Үүнийг хамгийн энгийнээр тайлбарлая л даа. Одоо нийгэмд хамгийн их хэрэгцээтэй, нийгмийн олонхыг төлөөлж чадах тэр хүмүүс хөрөнгө мөнгө, янз бүрийн юмыг хуурамч аргаар гартаа цуглуулаагүй учраас зүйрлэвэл Эксель машинтай хүмүүс шиг байна. Төрийн эрх мэдлийг ашиглаад маш их мөнгө цуглуулчихсан хүмүүс маш их чадалтай хурдны машинтай байна. Ард түмнээр юу хийлгэх гээд байна вэ гэхээр “Уралдаан эхэллээ шүү” гэдэг дохиог л өгүүлэх гээд байна. Тэгэхээр олигархиуд л энэ уралдаанд түрүүлнэ. Ард түмний төлөө зүтгэх хүмүүс хэзээ ч ялж чадахааргүй түвшинд очлоо. Хурдны машинаараа барианд түрүүлж ирсэн нөгөө том олигархиуд хэзээ ч ард түмэнд ашигтай шийдвэрийг гаргахгүй. Тэд энэ системийг байнга нь л энэ хэвээр нь байлгасаар л байна.

-Үүнтэй зэрэгцээд сонгуулийг ерөөсөө хамаг ажлаа ардаа хийчихсэн, идэш уушаа бэлдчихсэн, өвөлжилтийн бэлтгэлээ хэдийнэ хангачихсан 11, 12 дугаар сард явуулдаг болъё гэсэн хувилбарыг яриад эхэлчихлээ?

-Монголчуудын хамгийн их завтай байдаг цаг нь зун юм биш үү. Бүгд л амарч зугаалаад яваад өгчихдөг. Ер нь монголчуудад ажилгүй үе гэж хэзээ байсан юм. Амьдрахын тулд таван чөлөөгүй, өдөр шөнөгүй ажиллаж байна шүү дээ. Шөнийн гурав, дөрвөн цаг хүртэл таксины жолооч нар амьдралын төлөө явж л байна. Монголчуудад ажилгүй цаг гэж байхгүй, үргэлж тэд ажиллаж байгаа. Хамгийн гол нь төрийн бодлого буруу байгаагаас хичнээн хөдөлмөрлөөд ч үр дүнд хүрэхгүй байна. Тиймээс хүнийг ажилтай, ажилгүй гэж ярих нь худлаа.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Оросууд

БААБАР ИНГЭЖ ӨГҮҮЛЭВ

1996 онд хэвлэгдсэн ХХ зууны Монгол: Нүүдэл суудал, олз гарз нэртэй Монголын түүхийн ном гараад даруй 20 жил болжээ. Тухайн үеийн түүхийн баримтын олдоц тааруугаас алдаж омгойтсон, буруу дүгнэсэн зүйл уг бүтээлд цөөнгүй оржээ. Энэ хооронд судлаач эрдэмтдийн гарт очиж эргэлтэд ороогүй байсан олон материал, цаг үеийн гэрч нарын дурсамж, тайлбар сэлт өдгөө нээгдсэнээр эргэж харахаар олон асуулт үүссэн юм. Энэ бүтээл урьд нь нэлээд хэдэн хэлээр орчуулагдан гадаадын уншигчдын гарт очсоноос гадна монгол хэлээр олон удаа хэвлэгдсэний дотор 2006 онд дахин засварлагдсан хоёр дахь хэвлэл нь нийтийн хүртээл болсон. Одоо энэ бүтээлийг франц, испани, солонгос хэлээр орчуулан хэвлэх санал ирснийг бодолцоод зохиогч номоо бараг цоо шинээр бичихээр шийдэн гурав дахь хэвлэлийн нооргийг дуусгах шатандаа явна. Агуулга багтаамжийн хувьд 1996 оны анхны хэвлэлээс хоёр дахин том, 2006 оны хоёр дахь хэвлэлээс 40 хувь зузаан болох төлөвтэй. Эргэж харан цоо шинээр бичсэн хэсгийнхээ зарим сонирхолтойг нь уншигч танд толилуулж байна.

ЗохиогЧ

Славян гэсэн үг нь герег болон латин хэлээр “боол” гэсэн утгатай аж. Гитлер 1941 онд СССР-т довтлохдоо энэ үгийн гарлыг ашиглаж Slaven sind Sklaven-славянчууд бол боолчууд гэсэн үгийн тоглоомоор суртал нэвтрүүлэг явуулсан. Хэдэн сая хүнийг зэрлэгээр хөнөөсөн хүний ёсноос гадуур дайнаа зөвтгөж буй нь тэр байх. Өнөөгийн Оросын нутагт малчин, анчин зэрэг бүдүүлэг хүмүүс амьдарч байжээ. Энэ нутгаас арьс, ангийн олз, ялангуяа Балтийн тэнгис хавиар элбэг олддог хув олж авчрахын тулд Хар тэнгис орчмоор нутагладаг хүмүүсийг боол болгон тийш зардаг байж. IV-IX зууны хооронд өнөөгийн Орос нутгаар Хүн, Гот, Аваар, Мажаар гэх мэтийн нүүдэлчин дайчдын түйвээн дайран өнгөрч, бэлчээр нутагт нь мал хариулдаг байлаа.

Дорнод славянчууд Русь гүрнийг 988 онд байгуулжээ. Үнэндээ тэд бол өнөөгийн оросууд гэхээсээ украинчууд юм. Славянчуудаас өмнө скандинав гарлын варангианууд Дорнод Европт нэлээд хугацаагаар хяналтаа тогтоосон байв. Русь хэмээх нэр ч тэднээс гаралтай. Оросын анхны династи Рурикийнхан (1157-1598) Данийн Ютландаас гаралтай тайж угсааныхан байлаа. Х зууны дундаас славянчууд ноёлон, тэдний хаан Володимир (I Владимир) загалмайн шашинд орж Киев хотыг усан баталгаажуулжээ.

XI зуунд Киевийн Русь задран бие даасан Новгород, Баруун хойд, Зүүн хойд, Баруун өмнөд гэсэн хэд хэдэн хэсэг болон салсан аж. Чухам энэ үед нь Бат хааны цэрэг ирж бүх Оросыг нэгтгээд, үнсэн товрог болсон Киевийн оронд Ижил мөрний хөвөөнөө Сарай хотоор нийслэл хийсэн Алтан Орд хэмээх гүрэн байгуулжээ.

Бутарсан Орос дотроос Новогородын Александрыг монголчууд дэмжжээ. Чухам ийм л учраас Александр 1242 онд Нева мөрний хавьцаа Загалмайтны герман цэргийг хиар цохиж чадсан аж. Үүгээр олон зуун жил үргэлжилсэн загалмайтны аян дайны хэнээрхэл үүрд зогссон. Александр ван монголчуудын холбоотон болон хүчирхэгжсэн тул түүний туган доор Зүүн славянчууд нэгдэж чадлаа. Невийн Александр нь Оросын хамгийн эхний түүхэн баатар билээ. Чухам түүний гавьяагаар Зүүн славянчууд буюу новогородынхон ирээдүйн дэлхийн түүхийн хамгийн хүчирхэг нэгэн үндэстний суурийг тавьжээ. Зарим мэдээгээр түүнийг Бат хаан хуурай хүүгээ болгон үрчилж авсан гэдэг. Харин эцэг Ярославыг Монгол руу явуулж тэнд нь хөнөөлгөжээ.

Алтан Ордыг Доны Дмитрий 1380 онд түлхэн унагасан мэтээр бичсэн түүхэн сурвалж их бий. Гэтэл өөрийгөө өргөмжилсөн, Чингисийн шууд удмын биш Мамайг нэг удаа ялсан ба хойтон жил нь Тохтамиш ирж Мамайг үлдэн зайлуулаад улсаа дахин нэгтгээд Москваг уулгалан довтлоход Дмитрий зугтан одсон байдаг. Энэ үед ид хүчээ авч байсан доголон Төмөр хаан Сарайг байн байн довтолж Алтан Ордыг ихэд сулруулжээ.

Хожим Сарайг хяналтдаа авсан Үз Бэк хаан Новогород болон Псковтой тэмцэлдэж энэ ажиллагаандаа москвагийнхныг татан оруулсан юм. Үз бэк хаан Москвагийн эрхэнд гарсан Иван хааныг зүйл бүрээр дэмжжээ. Ялангуяа өөрийн хяналтад байсан Крымээр дамжуулан Константинополь, Москва хоёрыг холбож өгсөн нь Дорнод славянчууд дундаас шинээр бүрэлдэн тогтож байсан Москвагийн оросууд (moscvits) давамгайлан гарч ирж төв цэг нь болох гол шалтгаан болсон юм. 1237 онд монголчуудын довтолгоонд өртсөн Москва нь жижигхэн цайз байжээ. Хожим нь Алтан Ордын хааны гувчуур эрхлэх газар болж өргөжин цэцэглэсэн юм. 1328 онд Москвагийн гүн Юзбе нь Алтан Ордоос “их ван” цол хүртсэнээр бусдаасаа зэрэглэл дээгүүр болох нь тэр. Ийнхүү монголчуудын довтолгоон хийгээд олон жилийн ноёрхол нь нэгд, Киевийн соёлыг устгасан, хоёрт, дорнод славянчуудыг Өрнөөс тасалсан, гуравт, Москвагийн орос үндэстнийг буй болгосноор үл барам дорнод славянчууд дундаa үнэмлэхүй ноёлох хүч нь болгон хувиргасан ажээ.

Догшин Иван хаан дотоодын хямрал болуут хэсэг хугацаанд алга болдог байв. 1575 оны хавар Симён Бекбулатович гэгчийг урьж авчран хаан ширээгээ өгч, дараа жил нь титмээ эргүүлж авсан байдаг. Энэ Симён гэгч нь үнэндээ Алтан Ордын сүүлчийн хаан Ахмедийн жич хөвүүн Сайнболд ажгуу. Ийнхүү шинээр бүрэлдэн бие даасан Оросын царь өөрийгөө Алтан Ордын залгамжлагч гэдгийгээ нотлон харуулсан гэдэг. Ер нь ч догшин Иван эцгийн талаас Донын Дмитрийн ач, эхийн талаас түүний дайсан Мамайн удам байлаа. Иванаас хавьгүй өмнөөс Рюрикийн удмын олон язгууртан хоорондоо өрсөлдөн Чингис хааны язгуурын гүнж нартай гэрлэн гүр, тавнан болсноор онцгой эрх эдлэх гэж тэмүүлдэг байсан. Язгууртнууд хоорондоо зарга заальхай үүсгэхээрээ хэргээ шийдүүлэхээр өргөл барьц барин Алтан Ордын хаанд очно, аль илүү хэргэм зэрэгтэй нь заргаа авах илүү магадлалтай.

Иванд ширээ залгамжлагч үгүй тул татаар монгол хүн гэгддэгээрээ ихэд бахархдаг Борис Годунов хаан болсон. Яваандаа Алтан Орд хумигдахын хэрээр эрх мэдэл орос удмынхны гарт аажмаар шилжиж эхлэв. Энэ шилжилт бараг дөрвөн зуун жил үргэлжилсэн ба II Екатерина хатан хаан Алтан Ордын хамгийн сүүлчийн үлдэгдэл Крымын татаарыг буулгаж авснаар өндөрлөсөн билээ. Энэ урт хугацаанд оросууд түрэг монгол угсааныхныг өөртөө уусгаж авах аргаар эзэлсэн юм. Юм хоёр талтай байдаг тул энэ хооронд оросууд өөрснөө угсаатны хувьд маш их түрэгжжээ. “Орос хүнийг сайтар маажвал цаанаас нь татаар гарч ирнэ” гэсэн хэллэг дэмий нэг үг биш болов уу.

Балти болон Византийн орнуудын улс төр, худалдааны хоригт хавчигдаж байсан дорнод славянчууд ийнхүү монголчуудын хүчээр хорионоос чөлөөлөгдсөн төдийгүй Энэтхэг, Перс, Хятад, Египет хүрсэн дэлхийн улс төр, худалдааны сүлжээнд нэвтэрчээ.

Орост үлдээсэн монголчуудын их өв бол Оросын хүчирхэг төрийн систем юм. Энэ төр хар аяндаа түүхэн тохироогоор буй болоогүй, үүнийг дээрээс нь доош хүртэл, гаднаас нь болон дотроос нь монголчууд буй болгон хөгжүүлсэн билээ. Төр, шашны хүчирхэг Москва төвтэй Оросын төр буй болсон цагаасаа хэнд ч ялагдаж байсангүй (1905 онд Японд ялагдсаныг эс тооцвол). Хүчирхэг төрийн үндэс нь Үнэн алдарт шашинд байлаа. Монголчууд Үнэн алдарт шашныг онцгойлон халамжилж, зүйл бүрээр дэмжиж байв. 1328 онд Метрополитоны Петрийн сүмийг Москвад шилжүүлсэн нь нэгд, дайснаас хол аюулгүй газарт, хоёрт, монголчуудын хамгаалалтад ойр байлгах зорилготой байв. Үнэн алдартны сүмийг хамгаалах онцгой зарлиг гаргаж, сүм хийдэд халдсан явдлыг хүнд гэмт хэрэгт тооцдог болсон ба сүм хийдийг бүх төрлийн татвараас чөлөөлсөн төдийгүй өөрснөө татвар цуглуулах эрх олгож байжээ.

Невийн Александр ван шинэ Орос улс буюу московитийг буй болгосон цагаас эхлэн Орос нь Европоос соёл, шашин, амьдралын хэв маяг, нийгмийн ухамсар, хүй хамтлагийн хувьд тасран Дорнын гүрэн болж хувирсан билээ. Олон эх сурвалж болон үе үеийн судалгаа, харьцуулалт үүний бурууг монголчуудад(?) тохдог. Оросуудын Византаас өвлөн авсан хууль зүйн уламжлалыг монголчууд доройтуулснаар улс төрийн амьдрал нь илүү зэрлэг харгис болж хувирсан гэх.

Монголчууд газар тариалангийн нийгмийн ноёдоос ялгаатай нь цаг бага учир аль болох богино хугацаанд их эд баялаг гаргуулж авах зорилготой аж. Тэд татвар цуглуулагчаа болгон янз бүрийн орос ноёдыг өөртөө татсан нь хожим бие даасан Орос улсыг шинээр байгуулагчид юм. Ийнхүү монголчууд хэдэн үеийн орос удирдагчдыг өөрийн арга барилаар хүмүүжүүлэн дадалгажуулжээ.

Догшин Иван хаан (1440-1505) Новогород, Тверь хоёрыг өөртөө нэгтгэснээр бие даасан хүчирхэг Орос орны суурь тавигдлаа. Бие даангуутаа л монголчуудын уламжлалыг үргэлжлүүлж эгшин зуур нутаг орноо тэлэх, булаан эзлэх дайнд мордов. Зуухан жилийн дотор газар нутгаа зуу дахин тэлжээ. Москвитийн төрийн гол хүч чадавхи нь цалин хөлсөндөө биш харин поместье гэж нэрлэдэг эдлэн газар авдаг морьтон дайчдаас бүрдсэн үйлчилгээний дундаж давхаргааныхан. Эд байнгын арми бүрдүүлдэггүй, ноёдыг дуудахаар очиж үйлчилгээ үзүүлээд дууссаныхаа дараа газраар шагнуулна. Газар маш уужим тул тэлэн тэлсээр хэдэн зуун жилийн дараа Номхон далай хүрсэн билээ. Дорнын орон болсон Орос нь Европыг иргэншүүлж соёлжуулсан Дахин сэргэлт, Соён гэгээрүүлэлтийн үеийг алгасан огт хөндөгдөлгүйгээр шинэ үетэй золгосон юм.

Лавтайяа аугаа Лев Толстой “Цусанд чинь монгол хольц байхгүй юм бол чи ямар юмных нь орос хүн байх вэ дээ” гэж өгүүлсэн ба үнэхээр ч түүний жартгар нүд, том шанаа нь үүнийг батлах мэт. Монголчуудын Орост үлдээсэн аугаа их өв бол oрос үндэстэн өөрөө юм.

Categories
мэдээ цаг-үе

Ж.Сүрэнлхам: Үзэгчид дууг минь дагаж дуулахад сэтгэл догдолж, мэлмэртэл уйлмаар санагдсан

Залуу дуучин Жаргалсайханы Сүрэнлхамтай уулзаж ярилцлаа.

-“Хайраараа чамайг чимэлгүй яахав дээ” дууг чинь олон түмэн нэлээд сонсдог болсон. Энэ дуу хэрхэн бүтэв?

-Анх би соёлын тэргүүний ажилтан, ая зохиогч Б.Пүрэвсүрэн ахын нэвтрүүлгийг зурагтаар харсныхаа дараа миний хоолойд тохирох ая зохиох хүн юм байна гэж бодсон юм. Тэгээд танилцаж учир байдлаа хэлэхэд “Чи залуу дуучин. Анхны уран бүтээл чинь хайрын сэдэвтэй байвал ард түмэнд сайн хүрнэ” гээд тэр өдрөө яруу найрагч Л.Төмөрбат ахыг дуудан аяа сонсгож, шүлэг ч тэр дороо бичигдэж “Хайраараа чамайг чимэлгүй яахав дээ” дуу бэлэн болсон. Хоолойн бичлэгт орж удалгүй цацагдсан. Телевиз, радиогийн олон хит парадад тэргүүлж байгаа.

-Энэ дууны чинь үг, ая хоёрын аль нь их таалагдсан бол?

-Үг, ая аль аль нь л шууд сэтгэлд буусан.

“Хаврын цэцэг дэлгэрэх цагаар

Хайрын сэтгэл хэнзрэлгүй л яахав дээ

Анхны хайртайгаа учирсан болохоороо

Азтай үеэ дурсалгүй л яахав дээ

Хавар хаврын цэцэгсээр гоёод

Хайраар чамайгаа чимэлгүй ч яахав дээ

Дэндүү чамдаа хайртай болохоороо

Дэргэдээ байсан ч саналгүй л яахав дээ…” гэсэн их гоё гэгээн үгтэй дуу л даа. Сая Архангай аймагт тоглолтоор явж байхдаа “Улаанбаатарын хэдэн сувгаар л явдаг юм чинь миний дууг хэн мэдэх вэ” гэж бодож байлаа. Тэгээд сургуулийн сурагчдад тоглосон концерт дээр дахилтаа дуулахдаа санаандгүй дуу цацруулагчаа үзэгчид рүү хандуултал бүгд дагаж дуулдаг юм. Орой нь томчуудын тоглолт дээр бүүр ч хүчтэй дагаж дуулахад хоолой зангирч, нулимс мэлтрээд тайзан дээр уйлчих шахсан. Тэр олон хүн миний дууг дагаж дуулж байна гэхээр үнэхээр итгэмээргүй, гоё санагдсан.

-Өөрийгөө уншигчдад танилцуулахгүй юу?

-Аав маань Жаргалсайхан гэж Архангай аймгийн Хайрхан сумын уугуул хүн байсан. Харамсалтай нь намайг бага байхад бурхан болсон. Ээж Мягмарцэрэн Завхан аймгийн Нөмрөг сумын харьяат. Би гурван хүүхэдтэй айлын дундах. Эгчийг маань Сүрэн, дүүг Эрдэмбаяр гэдэг. Миний хувьд Сонгинохайрхан дүүргийн Баянхошууны 67 дугаар сургуулийг төгссөн. Хүүхэд байхаасаа Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн дэргэдэх хүүхдийн “Улаан бүч” хэмээх алдартай чуулгад соёлын гавьяат зүтгэлтэн, хөгжим судлаач Буянхишиг багшийн удирдлагад арван нэгэн жил дуулсан.

-Өсвөрийн дуулаачдын уралдаан тэмцээнд аль хэр оролцож байв?

-“Улаан бүч” чуулгын найрал дууны хүүхдүүд олон ч том тоглолтод оролцоно. Харин гоцлол дуугаар “Дуулах өв”, “Би эстрадын дуучин”, “Ирээдүйн одод” зэрэг олон тэмцээнд оролцож тэргүүн, дэд байр эзэлж, олон ч өргөмжлөлөөр шагнуулсан. Биднийг хүүхэд байх үед одоогийнхтой адил алт, мөнгө, хүрэл медалиуд тэгтлээ их байгаагүй. Уралдаанд амжилттай оролцоход шагнасан өргөмжлөлүүд бол цүнхээр дүүрэн байдаг.

-СУИС-ийг хэдэн онд төгсөв?

-Соёл урлагийн их сургуулийн дуулаачийн ангийг Баясгалан багшийн удирдлага дор 2004-2010 онд суралцаж төгссөн. Би сурч байхдаа охиноо төрүүлж жилийн чөлөө авсан учраас хоёр анги дамнаж дүүргэсэн л дээ. Миний төгссөн хоёр ангиас нэрд гарсан дуучид гэвэл Монгол Улсын гавьяат жүжигчин, Дуурь бүжгийн эрдмийн театрын дуучин Э.Амартүвшин, гавьяат жүжигчин Г.Ариунбаатар, соёлын тэргүүний ажилтан Э.Төрмандах, А.Түмэн-Өлзий нар байна.

-Сургуулиа төгсөөд урлагийн байгууллагад дуучнаар орох гэж хөөцөлдөж үзэв үү?

-Баахан шалгалт өгсөн ч төвийн урлагийн аль нэг байгууллагад орж чадаагүй ч “Намир медиа” групптэй уран бүтээлийн гэрээ хийж ажиллаж байна.

-Урын сандаа олон дуутай болж байна уу?

-“Намир медиа” групптэй Ая зохиогч Д.Пүрэвсүрэн ахын нэлээд хэдэн дуу урын санд минь орсон. Д.Жаргалсайханы шүлэг “Эжий жигүүртэй сэтгэл”, Ганбаатарын шүлэг “Хайрын үдэш”, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт хүүхдийн зохиолч О.Сундуйгийн шүлэг “Эжий шүтээн Талын уул”, соёлын тэргүүний ажилтан, ая зохиогч Норовын Баасандоржийн аялгуу, яруу найрагч Ш.Урьханы шүлэг “Нууж л явъя даа”, дүрсжүүлсэн дуу гэвэл “Хоёр зээрд” гээд нэлээд дуу байна шүү. Төв аймгийн Угтаалцайдам сумын сүлд дуу яагаад ч юм надад их сайхан дуу санагддаг.

-Ямар дуу билээ, тэр чинь?

-“Эжий шүтээн Талын уул” гэдэг дуу. Хүүхдийн зохиолч О.Сундуй гуай үгийг нь зохиосон. Тэр дууг Угтаалцайдам сумын ерэн жилийн ойгоор очиж дуулахад “Аварга Хадбаатарын бэр” дуулж байна гэж жаахан эндүүрэл гарсан шүү.

“Угтаад өндөлздөг Угтаалын минь

Хүүгээ саравчлах Ижий уул аа

Дулаахан энгэртээ нөмөрлөж өсгөсөн

Дууны хишигтэй Талын уул аа

Ирэх буцахын тоолонд

Элгэндээ тэвэрдэг Ижий уул аа

Бүлээхэн чулууг атгахын зуур

Бүдрэхийн тавилангаас авардаг Ижий уул аа…” гэсэн үгтэй дуу бий.

-Хадаа аваргын бэр гэж яагаад андуурагдав?

-Угтаалын цэнгэлдэхэд яг дуулах үед зарлахдаа л “Манай Хадаа аваргын бэр Сүрэнлхам одоо дуулна” гэж зарлахгүй юу. Хөтлөгч өмнө нь надаас “Өөрөө хэнийхний хамаатан бэ” гэхээр нь Хадбаатар гэдэг айлын бэр гэчихгүй юу. Манай нөхөр Хадбаатарын Батжаргал гэж программ хангамжийн мэргэжилтэй хүн байдаг юм. Бид хоёр найман настай Намуун гэдэг охинтой. Хадам аав болохоор Хоролын Хадбаатар гэж багийн дарга, тариа бригадад ажилладаг хүн байсан. Тэгээд сүрхий андуурагдахгүй юу (инээв.сур).

-Цомгоо гаргах болоогүй юу?

-“Хайраар чамайгаа чимэлгүй ч яахав дээ” гэсэн 12-13 дуутай цомгоо сонсогч түмэндээ удахгүй хүргэнэ ээ.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатарт 5 хэм дулаан байна

Төв болон зүүн зүгийн нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн ихэнх нутаг, зүүн зүгийн нутгийн баруун хэсгээр хур тунадас, нойтон цас орж цасан шуурга шуурна. Салхи нутгийн зүүн хэсгээр зүүн хойноос, бусад нутгаар хойноос секундэд 7-12 метр, говийн ихэнх нутгаар секундэд 18-20 метр, бусад нутгаар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Эрс сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 1-6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 17-22 градус, бусад нутгаар 6-11 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Хур тунадас орно. Салхи хойноос секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Эрс сэрүүсч 4-6 градус дулаан байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр хур тунадас, нойтон цас орж, салхи зүүнээс хойш эргэж секундэд 18-20 метр, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга, нутгийн зүүн хэсгээр цасан шуурга шуурна. Эрс сэрүүсч Алтай, Хангайн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 7-12 градус, өдөртөө 14-19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орно. Салхи зүүнээс хойш эргэж шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Эрс сэрүүсч Хөвсгөлийн уулсаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Өдөртөө үүлшиж, нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Шөнөдөө 0-5 градус, өдөртөө нутгийн баруун хэсгээр 13-18 градус, зүүн хэсгээр 17-22 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, өдөртөө зарим үед секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 1-3 градус, өдөртөө 14-16 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн хойноос ихэнх нутгаар шөнөдөө секундэд 14-16 метр, өдөртөө секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө Дундговийн нутгаар 1-6 градус, бусад нутгаар 6-11 градус, өдөртөө Өмнөговийн өмнөд хэсэг, Дорноговийн нутгаар 19-24 градус, бусад нутгаар 11-16 градус дулаан байна.