Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Лалар толь” фельетоныг “Өдрийн сонин”-оос уншаарай

“Өдрийн сонин”-ы тавдугаар сарын 05-ны өдрийн дугаар хэвлэгдэн гарлаа. Өнөөдрийн шинэ дугаараа тоймлон хүргэж байна.

Сонгуулийн ерөнхий хорооноос өчигдөр сонгуульд өрсөлдөх 11 нам, гурван эвслийг сонгуульд оролцуулахаар бүртгэж, батламж гардуулсан юм. Уг нь 2016 оны сонгуульд оролцох хүсэлтээ 13 нам, гурван эвсэл СЕХ-нд өгсөн ч тэдний бичиг баримтыг хянаад хоёр намыг бүртгэхээс татгалзсан. ХҮН, ИЗНН-ыг бүртгээгүй бөгөөд ИЗНН гэхэд СЕХ-г шүүхэд өгч байгаагаа мэдэгдсэн. Нам, эвслүүд батламжаа гардсан энэхүү үйл явдлаас хийсэн сурвалжлагыг нэг, дөрөвдүгээр нүүрээс уншаарай.

УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл оны өмнө “Улс төрөөс түр завсарлаж, номоо бичнэ” гэж мэдэгдэж байсан. Харин өчигдөр нэр дэвшинэ гэдгээ өөрийн цахим хуудсаараа зарласан юм. Яагаад ийм шийдвэр гаргах болсон талаар нь түүнтэй хийсэн ярилцлагыг нэг, хоёрдугаар нүүрт хэвлэлээ. Ц.Оюунгэрэл гишүүн “Хүн хүч хүрэлцэхгүй байгаа газарт нь очиж нэр дэвшихэд бэлэн байна” гэж ярилцлагадаа хэлсэн юм.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлж байдаг, алдарт гуравдугаар нүүрт Төрийн шагналт зохиолч, нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Лалар толь” фельетон хэвлэгдэн гарлаа. Гуравдугаар нүүрийг дэлгэн уншаарай.

Өнгөрсөн долоо хоногт 42 хүүхэд нохойд уруулсан хэрэг гарсан байна. Саяхан гэхэд хоёрхон настай хүүхдийг гадаа тоглож байхад нь хажуу айлынх нь нохой урж, гэмтээжээ. Ер нь сүүлийн үед иргэд нохойд уруулах нь их болсон бөгөөд энэ талаарх мэдээллийг долдугаар нүүрт хэвлэн хүргэж байна.

Дан найрал дууны анхдагчид, цэргийн ансамблийн “Жаран хар, арван цагаан” хэмээн олонд нэрлэгдсэн хүчирхэг найрал дуучдын хүндэтгэлийн тоглолт МҮЭСТО-д болсон. “Жаран хар, арван цагаан- тэнгэр газрын дуурьсал” тоглолтын үеэр Ардын жүжигчин Ө.Баярмагнайтай хийсэн ярилцлагыг 12 дугаар нүүрээс уншина уу.Жаран хар маань нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө явж ирсэн” хэмээн эрхэм ардын жүжигчин ярьжээ.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Эрэгтэй хүний шатсан цогцос олджээ

Төв аймгийн Алтанбулаг сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Булгийн тохой” гэх газарт өнгөрөгч дөрөвдүгээр сарын 28-ны өдөр шатсан цогцос байна гэх мэдээллийн дагуу Цагдаагийн ерөнхий газрын Гэмт хэрэгтэй тэмцэх албаны ажлын хэсэг мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа юм байна.

“Хэргийн газар цогцсыг хэзээ авчирч шатаасныг тогтоохоор биечилсэн сурвалжлага явуулахад 2016 оны гуравдугаар сарын 16-ны өдөр цогцос уг газарт зүүн гар нь байхгүй, шатсан байдалтай байсныг Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо “Шувуун фабрик”-д оршин суух хаягтай иргэн Д нь цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Цогцос нь 40 орчим насны, эрэгтэй, үүдэн шүд бүрэн, уруул дээр болон доор оочин сахалтай, 167-175 см өндөртэй. Хохирогчийг хэн болохыг тогтоохоор Мөрдөн байцаах газар, Төв аймгийн цагдаагийн газрын хамтарсан ажлын хэсэг ажиллаж байгаа тул дөрөвдүгээр сарын 28-ны өдрөөс өмнө гэрээсээ гараад сураггүй болсон хүмүүсийн талаарх мэдээллийг 99067534, 99054200 дугаарын утсаар мэдэгдэх буюу Мөрдөн байцаах газар, Төв аймгийн цагдаагийн газарт биеэр ирж мэдэгдэнэ үү” гэж цагдаагийн байгууллагаас мэдээлэл гаргаад байгаа юм байна.

Хэргийн талаарх мэдээллийг төлбөртэй авах бөгөөд нууцлалыг хадгалах ажээ.

Categories
мэдээ улс-төр

АН-ын бүлгийн хурал хойшилжээ

УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит бус хуралдааныг өнөөдөр 16.00 цагт зарласан байсан ч хойшлуулжээ. Уг хуралдаанаар Сонгуулийн тухай хуульд оруулах өөрчлөлт, мөн Засгийн газрын хувь заяа, Авлигатай тэмцэх газрын даргад нэр дэвшигч хийгээд Эрүүл мэнд, спортын сайдад нэр дэвшсэн Ц.Лхагвасүрэн нарын асуудлыг хэлэлцэх болов уу гэсэн мэдээлэл байсан юм.

Мөн дээрх цагт УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит бус хуралдаан зарласан, гишүүд нь “Б” танхимд цуглаж байна.

Categories
мэдээ спорт

“Asashoryu cup-2016” олон улсын тэмцээн болно

aSAӨсвөр үеийн “Asashoryu Cup-2016” олон улсын тэмцээн хоёр дахь удаагаа 2016 оны тавдугаар сарын 7-8-ны өдрүүдэд “Буянт-Ухаа” спортын ордонд болох гэж байна. Өнгөрсөн жилийн уг тэмцээнд Монгол, БНСУ, ӨМӨЗО-ны Хөх хот, Шилийн гол аймаг, Казахстан, Киргиз, ОХУ-ын Буриад, Тува зэрэг зургаан улсын өсвөрийн бөх хүч, ур чадвараа сорин барилдаж байсан. мөн уг тэмцээнд Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос техникийн төлөөлөгч ирж ажилладаг юм.

Тэмцээний шагналын хувьд өнгөрсөн жил нэгдүгээр байранд орсон тамирчинг 500 доллар, хоёрдугаар байрын шагналтанг 300 доллар, гуравдугаар байранд орсон тамирчинг 200 доллараар тус тус шагнаж байжээ. Энэ жилийн шагналын сан одоогоор тодорхойгүй байна.

Categories
мэдээ улс-төр

ФОТО: Нам, эвслүүд батламжаа гардаж авлаа

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Өнөөдөр СЕХ-ноос энэ удаагийн сонгуульд оролцох нам, эвслийн бүлэгт батламжийг нь гардуулж өглөө. 2016 оны сонгуульд оролцох хүсэлтээ 13 нам, гурван эвсэл СЕХ-нд өгсөн. Намуудын ирүүлсэн бичиг баримтыг СЕХ хянаад, 11 нам, гурван эвслийг сонгуульд оролцуулахаар бүртгэсэн байна.

Тодруулбал, Ардчилсан нам, Монгол Ардын нам, Монгол Консерватив нам, Бүгд Найрамдах нам, Монголын Ардчилсан хөдөлгөөний нам, Монгол Ардын хувьсгалт нам, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Ард түмнээ хайрлая нам, Монголын Уламжлалын нэгдсэн нам, Монголын Социал-демократ нам, Иргэний хөдөлгөөний намуудыг бүртгэжээ. Харин Тусгаар тогтнол эв нэгдлийн нам, Монголын Ногоон намын “Тусгаар тогтнол, эв нэгдэл” эвсэл, Эх орончдын нэгдсэн нам, “ХАМУГ” Монголын Хөдөлмөрийн намын “Эх орончдын нэгдсэн эвсэл”, Хөгжлийн хөтөлбөр нам, Монголын Либерал намын “ХААН сонголт” эвслүүд тус тус батламжаа гардан авлаа.

Categories
мэдээ нийгэм

Солонгост гэрээгээр ажиллах иргэд дараах хуваарийн дагуу шалгалт өгнө

БНСУ-д гэрээгээр ажиллах зорилгоор 2016 оны солонгос хэлний түвшин тогтоох шалгалт(EPS-TOPIK)-нд бүртгүүлсэн иргэдийн анхааралд:

1. ШАЛГАЛТ АВАХ САР ӨДӨР : 2016. 05.14 (Бямба гараг) – 5.15 (Ням гариг)

2. ШАЛГАЛТ АВАХ ЦАГ :

1, 3-р ээлж : 10:00-11:10 (Унших 10:00-10:40, Сонсох 10:40-11:10)

2, 4-р ээлж : 14:00-15:10 (Унших 14:00-14:40, Сонсох 14:40-15:10)

-Шалгуулагч нь заасан газар заасан цагт суудлаа эзэлж бэлэн байх ёстой. Шалгалт авах сар өдөр цагийг мөрдөөгүй бол шалгалтад оруулахгүй.

Шалгуулагчийн ангид бэлэн байх цаг:

1, 3-р ээлж 08:30цагт, 2, 4-р ээлж 12:30 цагт ирсэн байх ёстой.

*Хоцорсон тохиолдолд шалгалтанд оруулахгүй болохыг анхаарна уу.

-Шалгалт өгөх ангийг шалгалт авах тухайн өдөр самбар дээр тавина.

3. ШАЛГАЛТАД ОРОХ ХҮМҮҮСТ ӨГӨХ АНХААРУУЛГА

• Өөрийн шалгалт өгөх газар өдөр цагийг сайн лавлахыг анхааруулж байна.

• Шалгалтын өдөр шалгуулагчид тест ба хариултын хуудас тус бүр нэг нэгийг тараах бөгөөд хариултын хуудсан дээр шалгуулагчийн овог нэр, бүртгэлийн дугаар, вариант нь хэвлэгдсэн байна.

• Шалгуулагч нь хариултын хуудсыг авангуутаа өөрийн овог нэр, бүртгэлийн дугаартай ижил эсэхийг тулгаж үзэх хэрэгтэй бөгөөд хариултын хуудсан дээрх вариант(A, B, C, D)-тай ижил варианттай тест авч бөглөх ёстой.

• Тестийн вариант тулгаж үзэлгүйгээр аван бөглөснөөс үүсэх хариуцлагыг шалгуулагч өөрөө хүлээх тул тараасан тестийн вариант хариултын хуудсын варианттай ижил эсэхийг шалгалт эхлэхээс өмнө заавал шалгаж үзэх хэрэгтэй.

• Хариултын хуудас 1 хүнд нэгийг тараах бөгөөд засах юм уу солих боломжгүй учраас хариултын хуудсаа анхааралтай бөглөх хэрэгтэй.

• Шингэн болон туузан штрихээр зассан тохиолдолд буруу хариулсанд тооцогдоно.

• Шалгалтын төв комиссын гишүүд ба хянагч нар бүх шалгуулагчийн зургийг царайтай тулгалт хийх тул шалгалтанд ирэхдээ иргэний үнэмлэхээ заавал авчирна уу. (Иргэний үнэмлэхгүй ирсэн бол шалгалтанд оруулахгүй.)

• Шалгалтанд хар өнгийн тосон балтай ирэх хэрэгтэй. (Харандаа, эсвэл өөр өнгийн балаар бөглөсөн тохиолдолд хүчингүйд тооцно.)

• Шалгалтын дундуур бие засах газар орох боломжгүй бөгөөд шалгалт дуустал ангиас гарч болохгүй. (Шалгалтын дундуур ангиас гарвал шалгалтыг хүчингүйд тооцно.)

• Шалгалтын байранд гар утас гэх мэт харилцаа холбооны хэрэгсэл ашиглахыг хориглоно. (Биедээ авч орох болон ашиглавал зүй бус үйлдэл гаргасанд тооцно.)

• Зүй бус үйлдэл гаргасан нь батлагдвал тухайн шалгалтыг хүчингүйд тооцож шалгалт өгөх эрхийг 2 жилээр хасна.

4. Шалгалтын дугаараар шалгалт өгөх газар болон өдрийн хуваарь

УЛААНБААТАР 16.5.14 (БЯМБА)

1-Р ЭЭЛЖ (08: 30 ) 01) Үйлдвэрлэл Урлалын Политехник Коллеж 50413997-50414496

02) 96-р сургууль 50409779-50410682

03) 2-р сургууль 50400001-50400814

04) 44-р сургууль 50403230-50403829

05) 75-р сургууль 50405610-50406210

06) 12-р сургууль 50411584-50412183

2-Р ЭЭЛЖ (12:30) 01) Үйлдвэрлэл Урлалын Политехник Коллеж 50414497-50414998

02) 96-р сургууль 50407995-50408898

03) 2-р сургууль 50400815-50401633

04) 44-р сургууль 50403830-50404429

05) 75-р сургууль 50406211-50406813

06) 12-р сургууль 50412184-50412785

УЛААНБААТАР ‘16.5.15

(НЯМ) 3-Р ЭЭЛЖ (08:30) 01) Үйлдвэрлэл Урлалын Политехник Коллеж 50414999-50415498

02) 96-р сургууль 50410683-50411583

03) 2-р сургууль 50401634-50402446

04) 44-р сургууль 50404430-50405029

05) 75-р сургууль 50406814-50407414

06) 12-р сургууль 50412786-50413415

4-Р ЭЭЛЖ (12:30) 01) Үйлдвэрлэл Урлалын Политехник Коллеж 50415499-50416000

02) 96-р сургууль 50408899-50409778

03) 2-р сургууль 50402447-50403229

04) 44-р сургууль 50405030-50405609

05) 75-р сургууль 50407415-50407994

06) 12-р сургууль 50413416-50413996

Categories
мэдээ улс-төр

ИЗНН Захиргааны хэргийн шүүхэд хандахаар болжээ

ИЗНН-ыг Сонгуулийн ерөнхий хороо бүртгэхээс татгалзаад байгаа билээ. Ингэхдээ Сонгуулийн тухай хуулийн 121.2, 124.3.2 дахь заалтуудыг үндэслэсэн байна. Энэ шийдвэртэй холбогдуулан ИЗНН-аас дөнгөж сая хэвлэлийн хурал хийлээ. Тус намын дарга Ч.Ганхуяг хэлэхдээ “Сонгуулийн ерөнхий хороог Сонгуулийн тухай хуулийн 111.4.2-т заасны дагуу Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргахаар болсон. Бид СЕХ-ны энэ шийдвэрийг түдгэлзүүлэхээр ажиллана. Нэр дэвших үйл ажиллагаанаас өмнө шүүхийн шийдвэр гарвал манай нам сонгуульд орох боломжтой болно. Ардчилсан намтай нэгдэнэ гэж байсан нь манай намын ярьж байсан нэг л хувилбар, манай нам дангаараа сонгуульд орох ёстой. Сонгуулийн ерөнхий хороо энэ тогтоолоо тавдугаар сарын 02-ны өдөр гаргасан мөртлөө өнөөдөр өглөө бидэнд шийдвэрийг хүлээлгэж өгсөн. Ингэж зөрчлөө арилгах бололцоо олголгүй цагийг нь тулгаж байна” гэж байв.

Categories
мэдээ улс-төр

“Сайн хашаа” хөтөлбөрийг 200 тэрбум төгрөгөөр санхүүжүүлнэ

“Шийдлийн цаг” уулзалтаар гэр хорооллын хашаа байшинтай өрхийн асуудлыг шийдвэрлэх талаар ярилцлаа. Уулзалтад Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцогт, Төрийн банкны гүйцэтгэх захирал Б.Баттүвшин нар оролцлоо.

Ерэн он, нийгмийн тогтолцоо өөрчлөгдсөнөөс хойш малыг малчдад нь, орон сууцыг эзэмшигчдэд нь үнэгүй хувьчилсан. Нийгмийн нэг том бүлэг энэ дунд орхигдсон. Энэ нь Улаанбаатар хот, аймаг, сумын төвийн гэр хорооллын оршин суугчид, хашаа байшинтай хүмүүс. Тиймээс эхний ээлжинд хамгийн их хүн амтай Улаанбаатар хотын гэр хороолын хашаа байшинд амьдарч байгаа хүмүүсийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор “Шийдлийн цаг”-аа хийж байна гэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг уулзалтын эхэнд хэллээ.

Хашаа байшинд амьдарч буй иргэдийн тоо сүүлийн жилүүдэд эрчимтэй өсч байна. Одоогийн байдлаар Улаанбаатар хотод 107 мянга орчим өрх хашаа байшинд амьдарч байна гэж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл танилцууллаа.

Улаанбаатар хотын захиргаа, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын зүгээс өнгөрсөн жилүүдэд гэр хорооллын дахин төлөвлөлтийн талаар тодорхой ажлуудыг хийсэн. Орон сууцны шинэ хорооллыг 7 байршил 24 нэгж талбайд барих, мөн 9 байршилд хашаа байшингийн эзэмшигч хувьцаа эзэмшигч болж, шинэ баригдах барилгын тодорхой давхар барилгуудыг өөрөө бариад үлдсэнийгээ барилгын компанитай хамтран хувьцаа эзэмшигчийн хувиар зарж борлуулах ажил юм.

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн гурав дахь том давалгааг эхлүүлэн, эхний ажлуудад багтаж чадаагүй хашаа байшинтай иргэд дахин төлөвлөлтөд хамрагдах боломжийг бүрдүүлэх хэрэгтэй. Мөн цэвэр бохир ус, халуун ус, боловсон бие засах газар гээд дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх багц үйлчилгээг гэр, хашаа байшингийн хэрэглэгчдэд хүргэх шаардлагатай гэж Ерөнхий сайд үзэж байгаа юм. Энэ талаар Сангийн яам, Нийслэлийн Засаг даргын тамгын газар хамтран ажиллахыг үүрэг болголоо.

Засгийн газраас “Сайн оюутан”, “Сайн малчин” хөтөлбөрийг баталсан. Цаашид “Сайн хашаа” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Хөтөлбөрийн хүрээнд гэр хорооллын дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр 5 жилийн хугацаатай, сард 100 мянган төгрөгөөс ихгүй буюу хоёр оронтой тоонд багтсан төлбөр төлөхөөр 10 сая хүртэлх төгрөгийн зээл олгох боломжтой. Хэрвээ 100 мянган төгрөгөөс дээш төлбөр төлөхөөр бол Засгийн газар төсвөөр дамжуулан, нийслэлийн захиргаа хамтарч, 50 хүртэлх хувийг төр болон хот хариуцна гэсэн хувилбараар эхний нэгээс хоёр жилд зээлийн төлбөрөөс чөлөөлөхөөр зохицуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо.

Энэ нь хашаа байшинтай айл өрхүүдийн хувьд өнгөрсөн зуунд явагдсан “Соёлын хувьсгал”-тай дүйцэхүйц үйл явдал, Улаанбаатар хотын агаарын болон хөрсний бохирдлыг бууруулах, эрүүл орчинтой хот болгох том хувьсгалт ажил гэдгийг онцоллоо.

Гэр хорооллын бүсэд амьдарч буй иргэдийн амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, гэр хорооллыг инженерийн хэсэгчилсэн дэд бүтэцтэй хороолол болгон хөгжүүлэх “Сайн хашаа” хөтөлбөрийг боловсруулж, ирэх 7 хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Сангийн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт даалгалаа.

Эхний ээлжинд нийслэлийн хоёр, гуравдугаар бүсэд байгаа нийслэлийн 69200 өрхөд чиглэсэн бодлого явуулж, 200 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэнэ. Дараагийн ээлжинд аймгийн төвүүдэд “Сайн хашаа” хөтөлбөр хэрэгжих юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Э.Нарантунгалаг: Төвлөрлийг сайн төлөвлөвөл хөгжил. Төлөвлөж чадахгүй бол эрсдэлийн бөөгнөрөл болчихдог

Монголын даатгалын зуучлагчдын холбооны ерөнхийлөгч Э.Нарантунгалагтай ярилцлаа.

-Даатгалын зуучлал, даатгалын зуучлалын үйлчилгээ гэж яг юуг хэлээд байна вэ. Эндээс ярилцлагаа эхлүүлье?

-Даатгалын зуучлагч нь нэг талаасаа даатгалын компаниудын борлуулалтын сувгийн нэг хэсэг нөгөө талаасаа даатгуулагчийн эрх ашгийг хамгаалж, тэдний эрэлт хэрэгцээнд нийцсэн даатгалын үйлчилгээг зах зээл дээр бий болгодог мэргэжлийн оролцогч юм.Даатгалын зах зээл өндөр хөгжсөн орнуудад аль нэг аж ахуйн нэгж, иргэнд даатгалын хэрэгцээ гарлаа гэхэд шууд даатгалын компани руу биш даатгалын брокер руу ханддаг. Энэ нь тэд даатгуулагчдын эрх ашгийг хамгаалж тэдэнд эрсдэлээс хамгаалах оновчтой зөв шийдлүүдийг санал болгодогтой холбоотой юм. Даатгалын зах зээл цаашлаад санхүүгийн зах зээлийг тогтвортой зөв голдрилоор нь хөгжүүлэхэд даатгалын брокеруудын үүрэг оролцоо өндөр байдаг.

-Санхүүгийн зах зээлийг зөв голдрилоор хөгжүүлэхэд юунд анхаарвал зохистой вэ?

-Санхүүгийн зах зээлийг бүрдүүлэгч үндсэн гурван тулгуур cектор байдаг. Банкны зах зээл, даатгалын зах зээл, хөрөнгийн зах зээл гэж. Мэдээж бусад хөрөнгө оруулалтын сангууд гэх мэт төрөлжсөн хөгжүүлэх шаардлагатай дэд бүтцүүд бий. Гэтэл манай санхүүгийн зах зээлийн 95 орчим хувийг зөвхөн банкны зах зээл эзэлж байна. Өөрөөр хэлбэл нэг өндөр баганатай нөгөө хэсгүүд нь маш жижигхэн доголон зах зээл. Даатгал болон хөрөнгийн зах зээлийг хөгжүүлнэ гэж олон жил ярьж байгаа ч харилцан уялдаа холбоо сайнгүй байна.Түрүүлж томорсон салбар нь л улам бүр томроод байдаг. Үүний нэг хэсэг болох даатгалын зах зээлийг хөгжүүлэхэд даатгалын мэргэжлийн оролцогчид чухал үүрэгтэй. Энэ ч утгаараа 2004 онд даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хууль батлагдаж мэргэжлийн брокерын анхны цөөхөн компаниуд байгуулагдаж байлаа. Өнөөдөр даатгалын зуучлагч 37 компани зах зээл дээр үйл ажиллагаа явуулж байгаагийн долоо нь арилжааны банк байгаа. Банкны тухай хуульд өөрчлөлт орж банкуудад даатгалын зуучлалын эрх олгож эхэлсэн. Энэ нь олон улсын практикт байдаг үзэгдэл хэдийч манайд авч хэрэгжүүлэхэд арай эртэдсэн. Учир нь Монгол Улсын хүн амын дийлэнх нь, аж ахуйн нэгжүүд нь бараг бүгд банкинд өртэй эдийн засагтай байгаа нөхцөлд банкуудад зуучлалын үйл ажиллагаа явуулах эрх олгож байгаа нь хөл дээрээ зогсч амжаагүй бусад мэргэжлийн зуучлагч компаниудад халтай бодлого үйлчлээд байна. Үүн дээр нарийн зохицуулалт хэрэгтэй байна. Хэдхэн брокерын компаниудын эрх ашиг хөндсөн асуудал биш даатгалын салбар цаашлаад аливаа бодлого шийдвэр эцсийн дүндээ хүн рүү л чиглэсэн байх ёстой. Даатгуулагчдын эрх ашгийг хамгаалж хөндлөнгөөс оролцох мэргэжлийн оролцогчид чадавхижих нь даатгуулагчдад хэрэгтэй.

-Монголын даатгалын зуучлагчдын холбооны үйл ажиллагааны талаар сонирхуулахгүй юу?

-Манай холбоо 2012 онд байгуулагдсан. Мэргэжлийн брокерын таван компани анх нэгдээд уг холбоог үүсгэн байгуулсан юм. Бусад орны практикийн дагуу мэргэжлийн холбоод нь хөгжиж явах нь зөв. Даатгалын брокерын зах зээлийг хөгжүүлэх, хөгжүүлэхийн тулд брокеруудаа чадавхижуулах, нэгдмэл байр суурьтай байлгах, эрх ашгийг нь хамгаалах зэрэг хэрэгцээнүүд зайлшгүй гарч ирсэн. Үүнээс үүдэж манай холбоо байгуулагдаж байлаа. Брокер нь дотоод, гадаад зах зээл дээр ажилладаг, давхар даатгал, ердийн даатгал гэсэн чиглэлүүдээр үйл ажиллагаа нь төрөлждөг. Даатгалын эрүүл зөв тогтолцоог бий болгох зах зээлийн эрэлт хэрэгцээг мэдэрч аливаа эрсдэлийг бууруулах оновчтой шийдлүүдийг санал болгох, олон талт мэдээллийг тэнцвэртэй хүргэх, тухайн байгууллагын онцлогт тохирсон даатгалын бүтээгдэхүүн, үйлчилгээг мэргэжлийн түвшинд хүргэх нь бидний зорилго төдийгүй ард иргэдийн амар тайван амьдрах нийгмийн сайн сайхны төлөө өөрсдийн хувь нэмрээ оруулах нь бидний үүрэг бас хариуцлага юм.

-Та сая эрсдэлийн талаар ярьлаа. Аливаа улс орон, хот хөгжихийн хэрээрээ эрсдэл дагадаг гэж ярьдаг шүү дээ. Манай нийслэл хотыг эрсдэлтэй хот гэж үздэг. Чухам юуг хотын эрсдэл гэж яриад байдаг юм бэ?

-Маш өргөн хүрээнд ярих сэдэв. Хотын хөгжил гэдэг ойлголтыг тодруулъя. Эргүүлээд танаас “Хотын хөгжил гэж юу вэ. Хотын хөгжлийг иргэн хүний хувьд юугаар хэмждэг вэ?” гэж асууя.

-Хотын захиргааны зүгээс “Замыг өргөн болголоо. Нийтийн тээвэр ухаалаг болчихлоо. Олуулаа очоод салхилах Үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй болгочихлоо” гэж яриад байхаар хот маань хөгжиж л байгаа юм байна даа л гэж ойлгодог?

-Өнөөдөр бидний амьдарч байгаа нийслэл хот хүн амьдрах орчин нөхцөл нь эрсдэлтэй хэмжээнд хүрсэн. Үүнийг мэргэжлийн байгууллагууд, олон улсын судлаачид аль хэдийнэ дүгнээд гаргаад тавьчихсан асуудал. Хүмүүсээс хот хөгжиж байна уу гэхээр “Хөгжиж байна. Гоё шилэн барилгууд сүндэрлэж байна. Зам, талбай гоё болж, хогноосоо салах гэж хичээж байна. Утаанаас ч салах гэж зүтгэж байна” гэх байх. Энэ бүхэн нь хөгжлийг хэмжих нэг л үзүүлэлт юм. Миний хувьд хотын хөгжил гэдэг зүйлийг ойлгохдоо тэнд амьдарч байгаа иргэдийн сэтгэл ханамжаар хэмжиж амьдарч байгаа орчин нөхцөлөөр тодорхойлмоор санагдаад байдаг юм. Хот маань хөгжөөд байгаа бол оршин суугч иргэн бид хотдоо сэтгэл хангалуун, гэр бүлтэйгээ амар тайван амьдрах ёстой шүү дээ. Энэ үзүүлэлтээр хэмжих гэхээр сэтгэл хангалуун хүн ховор байна да. Гараад л бөөн айдастай, халдварт өвчлөл, агаар, хөрсний бохирдолтой.

-Энэ бүх эрсдэлд юу хамгийн ихээр нөлөөлөөд байгаа вэ?

-Миний бодлоор энэ бүх асуудалд нөлөөлж байгаа хамгийн том хүчин зүйл нь хэт төвлөрөл гэж бодож байна. Монгол Улсын хүн амын талаас илүү хувь нь Улаанбаатар хотод шавчихаад байна. Төвлөрөл ихсэхээр эрсдэл дагаад нэмэгдчихдэг. Эрсдэл нэмэгдэхээр эцсийн дүндээ хүний амь нас эрүүл мэнд, мөнгө санхүү, цаг хугацааг үргэлж алдаж байдаг. Энэ өөрөө хямралыг үүсгэдэг. Энэ үед хамгийн их ачаалал эмнэлгийн байгууллагын нуруун дээр буух нь ойлгомжтой. Халдварт өвчин гархад түүнийг дарж чадахгүй, даамжруулж байна. Улаанбурхан өвчнөөр олон хүүхэд хорвоог орхиж байна. Үүнээс үүдээд хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах асуудал, хөрс, ус, агаарын бохирдол, зэрэгнь зүгээр нэг улиг болсон сэдэв биш цогцоох харж шийдэх асуудлууд болоод байна.Улаанбаатар хот гал, үер ус, газар хөдлөлтийн эрсдэлтэй бүсэд байна. Бидэнд газар хөдлөлтийн эрсдэл золоор тохиолдоогүй байгаа болохоор л түүнийг ярихгүй байгаа болохоос биш таван баллын хүчтэй газар хөдлөхөд нийслэлийн барилгуудаас хэд нь нурахгүй үлдэх бол. Нэг хашаанд дундажаар 3-5 айл амьдарч, нэг айлын авах тогны хүчдэлээр таван айл хэрэглээд байхаар цахилгааны шугам нь ачааллаа даахгүй халах үүнээс үүдэлтэй галын эрсдэл нэмэгдэнэ мөн нэг биш хэд хэдэн айл нэг тохиолдлоор галд өртөх магадлал ихсэнэ. Гэхдээ дэлхий дээр Улаанбаатараас хэдэн арав дахин их шигүү хүн амтай хотууд байна. Тэдгээр хотууд хөгжөөд болоод байгаа байхгүй юу. Төвлөрлийг сайн төлөвлөж чадвал хөгжил, төлөвлөж чадахгүй бол эрсдэлийн бөөгнөрөл болчихдог.

-Манай нөхцөлд хотоо бараадаад төвлөрөхөөс өөр аргагүй. Малаа бараад, хөдөө орон нутагт ажлын байр олдохгүй учир яалт ч үгүй нийслэлдээ толгой хоргодох зам үлддэг. Төвлөрлийг зогсоох арга олон ч нааш ирж байгаа иргэдийг нутагт нь ажил, амьдралтай болгох замаар тогтоох нь хамгийн зөв гэдэг?

-Төвлөрлийг сааруулахын тулд эхлээд төвлөрөл нөлөөлөөд байгаа хүчин зүйлүүдийг зөв оношлох нь зүйтэй. Төвлөрлийг үүсгэж байгаа хоёр шалтгаан байгаа. Нэгдүгээрт, хүн хөгжил, баялгийг дагаж төвлөрдөг. Хоёр дахь шалтгаан нь тухайн оршин суугаа газартаа байх аргагүй болоод төв барааддаг.Товчоор хэлбэл хөгжлийг дагаж төвлөрнө. Амь зогоохын эрхээр хот, хүн бараадсан ядуурлаас үүдэж төвлөрнө гэсэн үг.Энэ хоёрыг зөв харах нь зүйтэй. Нийслэлд төвлөрөл үүсгэхгүй гээд хил зураад багана тогтоолтой нь биш.

Хөдөөд байгаа хүмүүсийн амьдрах нөхцөлийг ярихын тулд бүс нутгийн хөгжлийг заавал ярих ёстой. Улаанбаатар хотын хөгжлийг төлөвлөж ярихын тулд хөдөөд ч хөгжлийг давхар төлөвлөж, зэрэг харж явмаар байгаа юм. Бүсийн хөгжлийг маш оновчтойгоор төлөвлөж олж харах хэрэгтэй. Бүхнийг шүүмжлэгчийн байр сууринаас хараад хэлэх амархан. Нэгэнт нөхцөл байдал ийм болчихсон юм чинь, төвлөрлөөс яаж зөв гарах вэ. Хотод үүсчихсэн байгаа энэ төвлөрлийг цаашид яаж зөв авч явах вэ гэдгийг оновчтой бодлогоор зохицуулах ёстой байхаа. Нийслэл хотод олон шинэ ажил, бүтээн байгуулалт өрнүүлж эхнээсээ үр дүн нь гарч байгаа ч нөгөө талд нь эрсдэл тэр хэмжээгээр нэмэгдэж байгаа. Тиймээс аливаа ажлыг эхлүүлэхдээ түүнээс гарах эрсдэл үр дагаврыг маш сайн тооцох хэрэгтэй.

-Үүний нэг жишээ авто машины захыг хотоос гаргана гэдэг нь зүйтэй ч хэрхэн гаргах вэ гэдэг дээр одоо ч шийдэлд хүрээгүй, нөхцөл байдал нь тодорхойгүй, эсэргүүцэлтэй тулгарч байгаа?

-Томоохон зах, худалдааны төвүүдийг хотоос гаргаж түгжрэлийг бууруулна гэсэн. Энэ бол зөв шийдэл. Хоёр жилийн өмнөөс эхлээд л аравдугаар сарын 1-нд нүүлгэнэ, дөрөвдүгээр сарын 1-нд нүүлгэнэ гэж ярьсаар өдийг хүргэж байна.Өнөөдрийн байдлаар тийш очсон нь бараг үгүй. Санаа зөв байсан ч юуг тооцоолоогүй вэ гэхээр авто цогцолборыг тийш нүүлгэснээр тэнд ажиллаж амьдарч байгаа олон мянган хүний эрх ашиг яаж хөндөгдөөд, хичнээн хүний амьдралд ямар хэмжээний эдийн засгийн хохирол учрах вэ гэдгээ судлаж эрсдэл хамгийн бага байх хувилбаруудыг сонгох нь хэрэгжүүлэх процессыг түргэтгэнэ. Дахин дахин хэлмээр байгаа санаагаа дахиад хэлье. Бид амьд явах, эрүүл аюулгүй орчинд амьдрах үндсэн хуулиар олгодсон эрхтэй. Аливаа бодлого шийдвэрийг гаргахдаа хүндээ наалдсан хүний эрхийг дээдэлсэн, хохирч болох үр дагавар эрсдэлээ тооцоолсон түүнийг нь шийдвэрлэх оновтой гарц гаргалгаатай зөв шийдвэр гаргаж байж амьдралд амархан хэрэгжинэ.

-Их сонирхолтой юм. Эрсдэл гэдэг зүйлийг манай төр засагт ажиллаж байгаа, шийдвэр, хууль тогтоомж гаргадаг хүмүүс байнга санаж, ажилдаа тусгаж баймаар юм байна?

-Би мэргэжлийн хүний хувьд тэр өнцгийг л харж тайлбарлаад байгаа байх. Долоо хэмжиж нэг огтлох ёстой. Яагаад гэвэл цаана нь иргэд л хохирч үлддэг.

-Таны ярьж байгаа зүйлс манай нийгэмд, нийслэлд тун хэрэгтэй юм байна. Маш олон салбар чиглэл байхад та яагаад даатгал, даатгалын зуучлал гэдэг салбарт ажиллах болсон юм бэ?

-Энэ салбар бол маш сонирхолтой салбар нэг орсон хүн бараг л гардаггүй. Би 2005 онд магистраа төгсөөд даатгалын компанид ажилд орж байлаа. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл тасралтгүй энэ салбартаа ажиллаж байна. Хүнийг хувь хүнийх нь талаас маш сайн хөгжүүлж өгдөг. Аливаа эрсдэлийг судлахын тулд тухайн салбарынхаа гүн рүү орж мэдэх шаардлагатай байдаг. Эмч, эмнэлгийн байгууллагад зориулсан даатгалын бүтээгдэхүүн гаргалаа гэхэд би тэр салбарыг мэдэх хэрэгтэй болно. Уул уурхайн салбарт л гэхэд бас мэргэжлийн онцлогийг нь олохын тулд гүн рүү нь орох хэрэгтэй болдог. Ингээд ажиллаад ирэхээр ажил маань маш сонирхолтой болоод ирдэг л дээ. Өнөөдөр барилгачин байснаа маргааш нь эмч нарын дунд ороод ажил мэргэжлийнх нь эрсдэлийг судлаад явчихдаг.

Нөгөө талаасаа маш буянтай ажил. Даатгалын хураамжийг татвартай андуураад мөнгө цуглуулаад байгаа юм шиг зарим хүмүүст харагддаг мөртлөө даатгалын тохиолдол болоод эрсдэлтэй нүүр тулсан хувь хүн, байгууллагад санхүүгийн маш хүнд нөхцөл үүсчихсэн байхад тэр байдлаас нь гаргаад нөхөн төлбөрийг нь өгөөд хөл дээрээ дахин босохыг нь харах шиг сайхан зүйл үгүй. Гэр нь шатчихсан айл хэцүү шүү дээ. Хаана хэнийдээ толгой хорогдох юм бэ. Хэцүү байдалд орчихсон даатгуулагчид даатгалын нөхөн төлбөрийг нь өгөөд амьдралыг нь буцаагаад хэвийн байдалд нь оруулж, баярласан царайг нь харах шиг том сэтгэл ханамж байдаггүй юм. Их буянтай ажил. Энэ утгаараа энэ салбараасаа гарч чадалгүй бүхнээ зориулж ажиллаж байна даа.

-Янз бүрийн салбарын мэдлэг боловсролтой залуустай уулзахад их олон төрлийн сайхан санал санаачилгууд хэлдэг юм. Тантай уулзахад ч тийм сэтгэгдэл төрж байна. Та бүхэл бүтэн мэргэжлийн салбарын холбоог удирдаж, хажуугаар нь олон нийтийн ажилд идэвхтэй оролцдог эмэгтэй. Амьдрал болоод ажилдаа мөрдлөг болгож дагадаг зарчим тань юу вэ?

-Шийдвэр гаргах түвшинд эрчүүдтэй мөр зэрэгцэн явахад эмэгтэй хүнд эрчүүдээс илүү олон саад даваатай тулгардаг. Тэр бүхнийг давах шаардлага гарна. Хамгийн эхэлж гэр бүлдээ хүлээн зөвшөөрөгдөх ёстой. Тэгээд нийгэмд, бусдад хүлээн зөвшөөрөгдөх гээд олон асуудал байдаг. Бид чинь хоёр нийгмийн шилжилтийн үед хүүхэд насаа өнгөрөөгөөд тэр хүнд үед сурч боловсрох гээд л, шуурган дунд хамт давалгаалаад л, яаж байртай болох вэ, яаж боловсрол мэдлэгтэй болох вэ гээд бүгдийг нь даваад өнөөдрийн түвшинд хүрцгээсэн улс.Нийгэм өөрөө эмэгтэйчүүдийг ийм л байх ёстой гэж хайрцганд хийгээд байх шиг санагддаг. Эрэгтэй, эмэгтэй, хөгшин, залуу хэн ч бай өөр өөрсдийн гэсэн үзэл бодол, төлөвшилтэй хүмүүс шүү дээ. Хүн нь зөв байгаад үйлдэл нь зөв байвал эрэгтэй байна уу, эмэгтэй байна уу хамаагүй хүлээн зөвшөөрөөд л явах хэрэгтэй. Мэдээж хурдтай, завгүй нийгэмд амьдарч байгаа хүмүүс олон тийш цаг заваа зохицуулаад явах хэрэгтэй болдог. Би завгүй байна гээд хүүхэд төрүүлэхээ хойшлуулаад явж болохгүй байх аа. Эмэгтэй хүн хүүхэд төрүүлж, өсгөх,ар гэртээ анхаарал тавих зэрэг нь хийх ёстой зүйлийн нэг л хэсэг. Нийгэмдээ ч дуу хоолойгоо хүргээд манлайлаад боловсролоо эзэмшээд явах боломж нээлттэй. Бусдадаа хүлээн зөвшөөрөгдөх тухай ойлголт болов уу. Хичнээн завгүй байсан ч төөрөхгүйгээр миний үнэт зүйл бол миний гэр бүл гэдгээ санаж үр хүүхдийнхээ амьдрах сайн сайхан нийгмийн төлөө л бүх зүйл минь чиглэгдэх болно.

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

-Баярлалаа.

Д.САРНАЙ

Categories
мэдээ улс-төр

Л.Цог гишүүн Г.Уянгын намд элсчээ

УИХ-ын гишүүн Г.Уянга өнөөдөр мэдээлэл хийлээ. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хууль зөрчсөн эсэх талаар Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах тухай УИХ-ын гишүүн Г.Уянгын хүсэлтийг хэлэлцэх байсан. Гэвч уг асуудлаар УИХ дахь МАН-ын гишүүд завсарлага авсан юм. Энэ асуудал нь Ерөнхийлөгчийн Жастин Капла нарт үзүүлсэн уучлал Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай байжээ. Харин Г.Уянга гишүүн мэдээлэл хийхдээ “Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Жастин Каплаг өршөөсөн нь хууль зөрчсөн гэж үзэж байгаа. Тухайн үед хоёр орны гадаад харилцааны асуудал гэж үзээд хүндэтгэлтэй хандаж байсан. Гэвч тэдгээр хүмүүс Монгол Улсад татварынхаа өрийг барагдуулахгүй байна. Тиймээс энэ асуудлыг УИХ-ын байнгын хороо болон чуулганаар хэлэлцэх ёстой” гэв. Мөн Тусгаар тогтнол Эв нэгдлийн намын даргын хувьд УИХ-ын гишүүн Л.Цогийг Улс төрийн бодлогын зөвлөх болох саналыг тавьсан байна. Л.Цог гишүүн уг саналыг хүлээн авч тус намд элсчээ. УИХ-ын гишүүн Л.Цогийн хувьд МАХН-аасаа албан ёсоор гарсан юм.