Categories
мэдээ нийгэм

Дорнод, Хэнтий, Сүхбаатар чиглэлийн замын хөдөлгөөнийг хаажээ

Цаг агаар, замын нөхцөлөөс шалтгаалан Дорнод, Хэнтий, Сүхбаатар чиглэлийн замын хөдөлгөөнийг түр хугацаагаар хаахаар болсныг Авто тээврийн үндэсний төвөөс мэдээллээ.

Мөн Төв аймгийн Баяндаваа хаагдсан, Хэнтий аймгийн Жаргалтхаан, Цэнхэрмандал орчимд шуургатай үзэгдэх орчин хязгаарлагдмал замын нөхцөл байдал хүндэрсэн байна.

Халтиргаа гулгаа ихтэй замын нөхцөл хүнд байгаа тул өнөө, маргаашдаа тус чиглэлд зорчихгүй байхыг анхааруулж байна.

Categories
мэдээ улс-төр

Хятадын Худалдааны сайд айлчилж байна

БНХАУ-ын Худалдааны сайд Гао Хучөн Монгол улсад айлчилж байна. Тэрбээр айлчлалынхаа үеэр Худалдаа, Эдийн засаг, Шинжлэх ухаан, Техникийн хамтын ажиллагааны Монгол-Хятадын Засгийн газар хоорондын комиссын XIV хуралдаанд оролцох юм. Засгийн газар хоорондын хуралдаан 10:00 цагт ГХЯ-ны Зөвшилцөл танхимд болно. Харин 12:00 цагт тус хуралдааны протоколд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа ГХЯ-ны Мутрын түшээ танхимд болох ажээ.

Categories
мэдээ нийгэм

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна

Сүхбаатар, Дорнодын өмнөд хэсгээр цасан шуурга, шөнөдөө Дундговь, Дорноговь, Өмнөговийн зүүн хэсгээр салхи секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурах юм байна. Харин 6-нд баруун зүгийн нутгийн хойд хэсгээр, 7-нд төвийн нутгийн зарим газраар бага зэргийн бороо, 8-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 9-нд зүүн зүгийн нутгаар хур тунадас орно. Салхи 6-нд Алтайн уулсаар, 7,8-нд зарим газраар, 9-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дулаарч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 9-14 градус, говийн бүсийн нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 14-19 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

Улаанбурханаар өвчилсөн хүүхдүүд зориулж 10 гаруй аппарат авчирсан боловч гаалийн ажилтнуудын хүнд суртлаас болж саатжээ

Улаанбурхан өвчнөөр шаналж буй хүүхдүүдэд зориулж Австри Улсад ажиллаж амьдарч буй Монголчуудаас илгээсэн амьсгалын 12 аппарат гааль дээр гацчихаад байгаа талаар цахим хуудсанаа мэдээлжээ. Тодруулбал, Улаанбурхан өвчний хандивын аяныг зохион байгуулж буй Ж.Эрхэмбаяр “Хандиваар ирсэн 12 ширхэг аппарат Буянт-Ухаа дахь гаалийн газарт саатаад 11 хонож байна. Тэр аппаратыг Австрид байгаа Монголчууд мөнгө цуглуулан худалдан авч, улаанбурханаар өвдсөн хүүхдүүдэд өгөөрэй гэж надад өгч явуулсан юм. Гэтэл би одоо болтол аппаратыг нь авч эздэд нь хүргэж чадаагүй сууж байна” гэжээ. Ингэхдээ 10 гаруй бичиг баримт бүрдүүлж ирэхийг шаардсан. Мөн 282,800 төгрөгийн татвар төлсөн. Ж.Эрхэмбаярын хувьд өмнө нь мөн л улаанбурханы тусламжийн аян өрнүүлж ХӨСҮТ-д 20 гаруй утлагын аппаратыг хандивласан юм байна. Харин энэ удаад хөдөө орон нутгийн өвчлөл ихтэй бүс нутгуудад утлагын аппарат хүргүүлэхээр төлөвлөөд байжээ.

Categories
мэдээ нийгэм

Архангай аймгийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнажээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Архангай аймгийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа. Уг шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан өнөөдөр гардуулан өгсөн юм. Тэрбээр шагнал гардуулж хэлсэн үгэндээ:

Эрхэм хүндэт Архангайчууд аа,

Ахан дүүс ээ,

Хүмүүний сэтгэл тэнийж, өвсний соёо ногоорсон цагийн эхэн-хаврын шимээ хайрласан энэ өдөр газрын сайхан хангай-Архангай аймгийн төв талбайгаас зон олон Та бүхний амар мэндийг айлтган мэндчилж, сайн бүхний дээдийн ерөөлийг өргөн дэвшүүлье.

Та бид дөнгөж сая Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Архангай аймгийг төрийн дээд одон-Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасан түүхэн үйл явдлын гэрч боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олгосон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон бол төр улсынхаа шинэ түүхийг бүтээлцэж буй хүн бүрийн сэтгэлд хоногших зүтгэлийн шим, итгэлийн гэрэл юм. Энэ шагнал бол тус аймагт ажиллаж, амьдарч байсан, одоо ажиллаж байгаа хүмүүсийн байгуулсан гавьяа зүтгэл, олсон ололт амжилтыг өндрөөр үнэлж шагнасан, басхүү хойч үеийнхнийг улам их үйлсийг бүтээхийг ерөөж, урам хайрласан шагнал юм.

Архангайчууд аа,

Архангай аймаг бол уран төгс Суварга хайрхан, түүхт Булган хайрхан, Ноён хангайн өндөр сайхан уул нурууд; Бөхөн шар, Цагаан даваа, Согоотын олон сүрлэг уул даваанууд; Хөшөө цайдам, Тоглох, Өргөөт, Мандахын хөндий сайхан хоолойнууд; Тунгалаг Тамир, Орхон, Хануй, Чулуутын онц сайхан голууд; Өгий, Холбоо, Тэрхийн цагаан их, бага нуурууд цэнгэн оршсон Хангай, говийн хоорондох Халхын уудам нутаг.

Арын сайхан хангай бол монгол түмний түүх, соёлын арвин баялаг өвийг уул ус, газар шороо, элгэндээ тээсэн, нүүдлийн соёл иргэншлийн эртний голомт нутаг аа.

Архангай аймаг бол Монгол Улсын нийгэм, эдийн засаг, соёл, урлаг, мал аж ахуйн салбарт үнэтэй хувь нэмэр оруулж буй шилдэг аймаг юм.

Арын сайхан хангай нутгаас алдар цуутай, төр нийгмийн зүтгэлтэн болон эрдэм мэдлэгтэй олон хөвгүүд, охид төрөн гарсан түүхтэй. Эрх чөлөөт иргэнтэй, хувийн өмчтэй нийгэм л Монголын зөв ирээдүй гэдгийг зөгнөн харж байсан Солийн Данзан;

Өрлөг жанжин Дэмид;

Эх орон, эрх чөлөө, тусгаар тогтнолынхоо төлөө тэмцсэн Улсын баатар Төмөрбаатар, Нянтайсүрэн, Дампил;

Академич Б.Чадраа, Академич Б.Энхтүвшин, доктор Д.Цэвээндорж тэргүүтэй шилдэг эрдэмтэд;

Төрийн шагналт, Ардын жүжигчин Ц.Гантөмөр, Ардын жүжигчин Д.Чимэд-Осор; Ардын зураач Л.Чуваамэд, Н.Чүлтэм нарын зэрэг урлаг, соёлын олон алдартнууд;

Г.Вандан, Буур Жамъян, Ц.Чимэд-Очир, Г.Өсөхбаяр нарын үндэсний бөхийн дөрвөн аваргаар магнайлуулсан олон хүчтэний өлгий нутаг аа.

Архангайчууд сүүлийн жилүүдэд амжилт бүтээлээр арвин байна. Аймгийн төв- улсын нийслэл Улаанбаатартай хатуу хучилттай автозамаар холбогдож, дэд бүтэц, нийгэм, эдийн засгийн бодлогыг цогцоор хэрэгжүүлсний үр дүнд Эрдэнэбулган сум орон нутгийн жишиг хот болох боломж бүрдэж, 1000 айлын орон сууц хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, олон ажлын байр шинээр буй болгож, төрийн үйлчилгээг чанартай, шуурхай хүргэх чиглэлд санаачилгатай ажиллаж байна.

Мөн мал сүргийнхээ тоо, толгойг жил дараалан өсгөж, аймгийн төвд 2-5 настай хүүхдийн цэцэрлэгийн хамран сургалтыг бүрэн шийдвэрлэж, Орон нутгийн хөгжлийн сан, Иргэний оролцоотой жишиг сум хөгжүүлж, “Гудамж төсөл” “Нэг сум-нэг бүтээгдэхүүн” зорилтыг хэрэгжүүлж; “Сарлаг фестиваль”, “Айрагны баяр” зэрэг аялал жуулчлалыг хөгжүүлэх арга хэмжээг зохион байгуулж, Боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмж дээшилж, 2012 онтой харьцуулахад халдварт өвчин 31 хувиар, мөн эх нялхсын эндэгдэл буурчээ.

Жилээс жилд өнгө засч, ийм амжилтад хүрэхэд тус аймгийг удирдаж байгаа Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын дарга Ч.Мөнхбат, Засаг дарга Д.Бат-Эрдэнэ нар, тэдгээрийн баг, эвсэг хамт олонд баяр хүргэж, ажлын амжилт, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.

Бас ийм амжилтад хүрэхэд Монгол төрийн төлөө зүтгэхийн зэрэгцээ Арын сайхан Хангайгаа зүүдэлж сэрдэг Н.Батбаяр, Р.Гончигдорж, Б.Болор, С.Ламбаа нарын дэмжлэг, хичээл зүтгэл их байсныг нутгийн зон олон Та нар минь мэдэж, мэдэрч, тэднээрээ бахархаж байгаа гэдэгт итгэж байна.

Архангай аймгийн Өрсөлдөх чадварын үзүүлэлтийг ажиглавал сүүлийн жилүүдэд ахиж дэвшиж байгаа боловч эдийн засгийн тамир тэнхээ 10 дугаарт, засаглалын үр ашиг 14 дүгээрт, бизнесийн үр ашиг 17 дугаарт, дэд бүтэц 17 дугаарт байна. Энэ бол Та бүхнийг илүү их хичээж, улам эрчтэй, шуурхай, санаачлагатай ажиллах шаардлагатай байгааг харуулж буй дохио юм.

Цаашид бүх зүйлийг хийх, дуурайх биш, чаддаг зүйлээ бусдаас, бусад улс үндэстнээс илүү чанартай, хямд өртөгтэй, бас үзэмжтэй хийж, хичээхийг захия. Энд онцолж тэмдэглэхэд, Иргэдийнхээ оролцоонд суурилж, иргэдийнхээ дэмжлэгтэйгээр хөгжих бодлого бол хамгийн зөв, хөгжлийн ирээдүйтэй зам байх болно.

Хоргын тогоо, Чулуутын хавцал, Тэрхийн цагаан нуур, Өгий нуур, Цэнхэр, Шивэртийн халуун рашаан булаг, Хүннү, Сүннүгийн үеэс эдүгээ хүртлэх түүх соёлын их өв, байгалийн үзэсгэлэнт газар шороогоо түшиглэн дотоод, гадаадын аялал жуулчлал хөгжүүлэх боломж өргөн байна.

Айл өрх бүхэн аялал жуулчлалын салбарын оролцогч, үр шимийг нь хүртэгч, үйлдвэрлэгч байх, бас хүн бүр бүтээгч байх боломж бий.

Хөдөө аж ахуй, газар тариалан, үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний чиглэлийг ч хөгжүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэн ажиллаж, Монгол Улсын төвийн бүсийн хөгжлийн тулгуур төв болон хөгжих бүрэн боломж харагдаж байна.

Та бүхэнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрийн өмнөөс болон хувиасаа дахин чин сэтгэлийн халуун баяр хүргэж, эрүүл энх, аз жаргал, хамгийн сайн, сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Хаана ямар үйл явдал болох вэ?

09.00 цагт: “Монгол уншлага зан үйлийн уламжлал, шинэчлэлийн асуудалд” сэдэвт эрдэм шинжилгээний хурал Хуульзүйн үндэсний төвийн хурлын зааланд болно. Уг хурлаар бурханы номын монгол уншлага, орчуулга зүй, ая дан, зан үйлийг судлах, өв уламжлалыг хадгалж хамгаалах, өвлүүлэн сурталчлах, түгээн дэлгэрүүлэх тухай хэлэлцэх юм. Утас: 96655955, 96662270

09.00 цагт: Засгийн газрын 11 дүгээр байрны дугуй зааланд Мэргэжлийн хяналтын байгууллагын Удирдах ажилтны зөвлөгөөн болно. Утас 91989890

10.00 цагт: Сургуулийн өмнөх насны хүүхдийн дунд 33 дахь жилдээ уламжлал болгон зохион явуулж байгаа “Замын хөдөлгөөний цагаан толгой 2016” тэмцээний аврага шалгаруулах тэмцээн ЦЕГ-ын Олон нийт цагдаагийн хамтын ажиллагааны төвд болно. Утас: 93128808, 93021019

10.00 цагт: Монгол-Солонгосын Политехник коллежид “Шилдэг цахим хичээл-2016” улсын уралдааны нээлт болно. Нээлтэд Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан оролцоно. Утас: 91915340, 96006901

10.00 цагт: “Ази, Номхон далайн бүсийн 2016 оны нийгэм, эдийн засгийн тойм” хүртээмжтэй өсөлт ба тогтвортой хөгжлийн төлөөх бүтээмжийг нэмэгдүүлэх нь сэдэвт судалгааг танилцуулах ажиллагаа НҮБ-ын байрны 3-р давхрын Хурлын танхимд болно. Утас: 99135393, 99702630

10.00 цагт: Дэлхийн Эх баригч нарын өдрийг тохиолдуулан Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс Чингисийн талбай хүртэл баярын парад болно. Утас 88048382

10.00 цагт: Худалдаа, Эдийн засаг, Шинжлэх ухаан, Техникийн хамтын ажиллагааны Монгол-Хятадын Засгийн газар хоорондын комиссын XIV хуралдаан ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд болно. Мөн 12.00 цагт тус хуралдааны протоколд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа ГХЯ-ны “Мутрын түшээ” танхимд болно. Утас: 89010515

10.30 цагт: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14-р сургуулийн барилгын асуудал удаашралтай (3-4 жил) байгаатай холбогдуулан багш, эцэг, эхийн төлөөлөл тайван жагсаал цуглаан хийж шаардах бичгүүдийг холбогдох байгууллага, албан тушаалтнуудад хүргүүлнэ. Утас: 96015669, 99120589, 96071448

10.30 цагт: Нийслэлийн ИТХ-аас 2014 онд гаргасан шийдвэрийн дагуу Зөвшөөрөлгүй болон шаардлага хангахгүй, жолооч нарын үзэгдэх орчинд нөлөөлөхөөр байрлуулсан самбаруудыг буулгах ажил үргэлжилж байгаа ч сүүлийн үед тогтоолын хэрэгжилтийг хангахад хүндрэл гарч, зөвшөөрөлгүй самбар байрлуулах зөрчил нэмэгдэж байгаа тул энэ талаар мэдээлэл өгөхөөр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хэвлэлийн бага хурал зарлалаа. Хэвлэлийн бага хурал Хангарди ордоны 14 давхрын Б зааланд болно. Сэтгүүлчид та бүхнийг урьж байна. Утас: 96586689

12.00 цагт: АСЕМ-ын хурлуудын зохион байгуулалтад оролцох 1500 орчим сайн дурын ажилтнуудыг сургалтад хамруулж байгаатай холбогдуулан сайн дурынхны штаб, сургалт, зохион байгуулалт, үүрэгт ажлуудын талаар МОНЦАМЭ агентлагийн байран дахь АСЕМ-ын мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийнэ. Утас: 263692, 99732501

12.00 цагт: Төрийн ордон дахь Засгийн газрын хуралдааны танхимд болох “Сайдын цаг” уулзалтад Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан оролцоно.

14.00 цагт: Тур оператор байгууллагуудын аялал жуулчлалын бүтээгдэхүүн шинээр бий болгох, баяжуулан хөгжүүлэх ажилд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Торгоны замын аялал жуулчлал” төслийн нэгжээс энэ удаад Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хэл бичгийн шинжлэх ухааны доктор, МУИС-ийн тэргүүлэх профессор С.Дулам багшийг урьж “Нүүдлийн соёл, иргэншил аялал жуулчлалын бүтээгдэхүүн болох нь” сэдэвт сургалт, семинарыг зохион байгуулна. Сургалт “Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв”-ийн хурлын танхимд болно. Утас: 76113366; 88113679, 99906083

Categories
мэдээ цаг-үе

Туул голоо эзгүйд өмөрч, ирэхэд нь өмөлзөх юм даа

Туул маань иржээ. Саяхан л гол харлуулан эзгүйрч байсан их ус маань ирж. Хэдхэн хоногийн өмнө Туулын гүүрээр машинтай гарч явахад дүүгийн маань гурван настай охин “Гүүрний ус байхгүй болсон байна” гэж хашгирч билээ. Тэр жаалхан амьтан хүртэл анзаарч мэдээд байхад томчууд бид хайж хүлээх нь аргагүй юм даа гэж бодогдож билээ.

Хүүхэд ахуйгаасаа бараанд нь сүрдэж, уснаас нь ундаалж өссөн Туулаа хаврын хаварт алга болчихоор жигтэйхэн өмөрч, туналзан мэлмэрсээр ирэхэд өмөлзөн догдлох юм даа. Угаасаа л сүүлийн жилүүдэд Туул маань харгин халиан ирэхийнхээ өмнө ингэж алга болж, ингэж татардаг болсон шүү дээ гэж мэдээд байгаа хэр нь хайрга чулуу нь эзэнгүйрч харагдахаар гуниглаж гэгэлзчихээд байх юм. Зарим нутагт Шургуу нэртэй голууд бий. Хур ус багатай жилүүдэд шургаж алга болчихдог харин жаахан ахиухан бороотой үед урсаад эхэлдэг тийм голууд л даа.

Гэтэл хатан Туул маань хаврын хаварт шургаж алга болчихоод, айлгасаар аажуухан ирдэг болжээ. Одоогоос дөрвөн жилийн өмнө бичсэн “Туул ирээгүй хавар”-таа “Туул амилах хаврын цагт, Туул нойрсох намрын сүүлээр сэтгэл минь сонихноор догдолдог юм. Тэгээд л нутаг орондоо хүлээн суугаа ээждээ очих мэт Туулдаа очмоор санагдана. Туулын хөвөөнд би буй болсон юм. Хүнд төрсөн нутгийн уул, тоглож, ууж өссөн гол ус нь ойрхон байдаг.

Хотын унаган надад ч Туултай сүлэлдсэн дурсамж их. Туултай холбоотой олон олон дурсамж, хаврын бороо намайг сургаж, намайг буй болгосон билээ” гэж бичсэн сэн. Нээрээ л Туулаа ирэхгүй удахаар сэтгэл сэмэлзэж, тунин туниж, туналзан мяралзсаар ирэхэд нь баярласаар он цагийг элээсээр…

Categories
мэдээ цаг-үе

Сөнөдийн Гилүгэдэй баатрын нутаг Өмнөд Монголын тэмдэглэл (II)

Урд зүгийн идээ “Талын хар”-ыг Өмнөд Монголын үндэсний хоол цусан бууз (гэдсэн буузыг тийн нэрийднэ)-аар даруулж, цайны бүдүүн гэрт нь (ресторан) наргиж наадсан Ухаант, Бүрэнтөгс хоёр маань сая Монголд ирээд буцсан билээ. Ар Монголын хүүхдүүдийн шүлэг найргийг сонсож суугаад, бид чинь та хэдээсээ яасан айхтар хоцорсон юм бэ. Монгол хүүхдүүдийн сэтгэлгээ, үгийн яруу тансаг хэллэг, утга уянга, цаад гүн санааг нь ойлгоход бэрх санагдлаа хэмээн бүр нэг үнэнээсээ бахдаж суусан сан. Тэд бол Сөнөд баруун хошууны Монгол үндэстний дунд сургуулийн багш нар юм.

“Өмнөд Монголын газар нутаг элбэг дүүрэн. Аймаг, хошууд бүр өөр өөрийн аялгатай. Манай сөнөдийнхөн чинь Ар Монголын төв халх аялгуугаар ярьдаг хүмүүс. Цоодол найрагчийн яриаг сонсоод эмэг ээж, өвөг эцэгтэйгээ уулзсан мэт санагдлаа. Биднийг багад эмээ, өвөө минь яг л тийм аялга, хуучны монгол сайхан хэлээр ярьдаг байсан” хэмээн Ухаант багш хэлж байлаа. Тэрээр Өмнөд Монголын багшийн их сургуулийг сурган хүмүүжлийн мэргэжлээр дүүргэсэн нэгэн. Анх удаа гадаад паспорт авч хилийн дээс алхан, Тамчийнхаа талаас холдсон нь Монгол Улс, Улаанбаатар хот гэнэ. Бээжин ч орж үзээгүй гэсэн. Харин багшийн сургуульд хамтдаа суралцаж байсан Хянган аймгийн бүсгүйг гэргийгээ болгон, сөнөд баруун хошуундаа чөдөрлөөд авсан байна. Хянганд харчин, боржигон овгийнхон ихэвчлэн байдаг гэсэн. Ухаант багшийн хүүхэн нь боржигон овгийн хүн юм билээ.

Сөнөд баруун хошууныхан Өмнөд Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэгч Дэ вангаа үндэсний баатар гэж өргөмжилнө. Түүний улс төрийн тэмцлийн талаар тэр бүр ярихгүй. Хориод оны цаг төрийн ээдрээтэй, үймээнт жилүүдэд монгол үндэсний соёл, түүхийнхээ өмнө гавьяа байгуулсныг бахархан дурсана. Шашин сүмийн устгалаар вангийн ордон үгүй болж, түүнийг сэргээн мандуулах ажил хийгдэхэд Японы жуулчны авсан гэрэл зураг үнэт өв болсон гэдэг. Тэрхүү зургийн дагуу одоогийн Өндөр сүмтийн ордон буюу Дэ вангийн өргөөг бүтээн цогцлоосон ажгуу. Уг ордон сөнөд баруун хошууны төвөөс дөчөөд километрийн зайтай.

Түүхийн буурал улбаанд нирун Монголын эртний аймаг, хиад боржигоны гол нуруу нь гэгддэг сөнөд баруун хошуу өдгөө долоон түмэн буюу далан мянган хүн амтай ажээ. Хүн зон нь ихэвчлэн албан ажил эрхэлнэ. Хөдөөнөөс ирсэн залуус хошууныхаа төвд хаа сайгүй шургалж, цайны газрын угаагч, зөөгч, дэлгүүр хоршооны худалдагч зэргээр амь зууна. “Манай харчууд болоод хүүхэнчүүд хөдөө гарах дургүй. Төв суурин газар бараадаж тав арван төгрөг олдог. Уул нь хөдөө гарвал төрөөс өндөр хэмжээний татаас өгч, мөнгө төгрөгөнд санаа зовох зүйлгүй амьдарна. Гэтэл бүгд хөдөөгөөс дайжих болсон” гэж хэн хүнгүй хэлэх бүлгээ. Хятадуудтай гэр бүл болж байгаа эсэхийг тодруулахад, ерээд оны өмнө монголчуудын амьдрал хүчир (тааруу) байсан. Тухайн цагт хятадуудтай суух тохиолдол элбэг байлаа. Сүүлийн хэдэн жилээс монголчуудын үзэл ухамсар дээшилсэн. Түүнийх нь илэрхийлэл монгол хүн монгол хүнтэйгээ гэр бүл болж буйгаар баталгааждаг гэлээ. Ер нь ерээд оноос өмнөд монголчуудын ухамсар илтэд сэргэсэн байна. Үүний бас нэг баталгаа бол үндэсний өв соёлын дархлаандаа илүүтэй анхаарч эхэлжээ. Хуучны уламжлалынхаа дагуу малчид нь хөөрөг гаансаараа гоёж, аливаа баяр ёслол бүхэнд үндэсний дээлээ өмсөж, гүүгээ уяж монгол ахуй, ёс уламжлалаа айл бүхэн дагаад эхэлсэн байна.

“Жороогийн жороо”, “Өвгөн шувуу”, “Саруул тал” тэргүүт тал алдалсан уртын дууг сөнөдийнхөн Тамчийнхаа талд унаган шуранхай хадаах ажгуу.

Уртын дуу гэснээс монгол найргийн шад мөрүүд сав л хийвэл сэтгэл дотроос нь ундраад ирдэг Тогтомж найрагчийн аав нь Сайхан талын адуучин явжээ. Харин ижий нь ардын дууч нэгэн. Эдүгээ ерэн насны даваан дээр ирсэн буурал эх найрагч хүүгийнхээ дэргэд жаргалаа эдэлж сууна. “Миний ижий амьдралдаа нэг чиг удаа тайзан дээр зарлуулж дуулаагүй ч монгол соёлынхоо дархлааг хадгалсан хүн юм. Өв тээгч гэж манайхан ярьдаг, тийм л хүн. Сайхан талынхаа цэцгэн дунд, адуу малынхаа дэргэд жилийн дөрвөн улиралд дуулж яваа хүн. Хүүхэн хутагтын дуу гэгддэг “Баян баргын манаа”, мөн “Будал цолмон хүрэн” зэрэг дуунуудыг сайхан дуулдаг байлаа. Сөнөдийн найр манай ээжийн дуугаар эхэлнэ. Тавиад оны эхээр “Тув тунгалаг Туул”, “Миний хайртай Улаанбаатар” зэрэг дуунуудыг ар монгол хүнээс сурч байсан гэдэг” хэмээн найрагч маань дууч ижийнхээ тухай явдал замд дурсаж байв шүү.

Сөнөдийн эгэл жирийн малчны хотонд мөрөө мултлах саналыг нөхдөдөө дуулгалаа. “Өдрийн сонин”-ы томилолт гэдгийг ч хэлээд авлаа. Удвал багш тэр даруйхан ийш тийшээ утасдаад Рэнцэнгийн Машбаяр гуайнхыг олоод авах нь тэр.

Машбаяр гуай сөнөд баруун хошууны Эрээн нуур сумын малчин. Хуучин цагт хөрш зэргэлдээ Рашаант сумынхаа засаг ноёноор арван жил ажилласан нэгэн ажээ. Хошууны төвөөс жараад километр хэртэй газар туушиндаад тэднийд очлоо. Удвал багшийн гэр бүлийн хүнээр хүргүүлж байгаа юм. Жолоочийн машинд Ар Монголын дуучдын дуу ар араасаа аялгуулан урсана. Ухаандаа, “Ардын дуу шиг амраг минь, алтан хундага цэцэг минь” гээд Самъяагийн Ганзориг гавьяат дуулаад дуусахтай зэрэгцэн өнөө өтгөн хөмсөгтэй дуучны “Гэзэгний чинь үзүүр сэрэл хөдөлгөөд байна аа, ай хө” гээд л явж байгаа хэрэг. Зорьсон айлдаа хүрэхийн өмнө гурван айлын эдлэн газраар ороод гарав бололтой. Байсгээд л Удвал багш машинаас гүйхээрээ бууж тортой хашааны хайсыг холдуулна. Зам дагуу газар учир хайсныхаа амыг янгинатал хүлчихдэггүй юм билээ. Машбаяр гуайнх Тамчийн талын Үүдийн хөндийд бага хүү Дүүрэнсангийнхтайгаа айл байна. Хоёр гэрээр, хажуудаа жигтэйхэн олон өрөө тасалгаатай, сумын төвийн захиргааны байр шиг байшинтай ажээ. Уг байшинг хошуунаас нь барьж, тохижуулж өгсөн гэнэ. Дүүрэнсангийн банди Сонинтод бидэнтэй хамт гэр рүүгээ явсан. Монгол бага сургуулийн гуравдугаар ангийн сурагч, хурдны морь унадаг хэвлүүхэн эр байна. Аавыгаа даган цахар, үзэмчин, Долнуурын наадамд очин морьд уралдуулж, айраг түрүү хүртэж явснаа сонирхуулав.

Машбаяр гуайд хуучин дарга даамал явсных нь байр суурь хадгалаатай яваа бололтой, манайх чинь дөрвөн зуу гаруй хоньтой, жараад адуутай айл. Араб, англи цусны эрлийз хоёр азаргатай, сүүний чиглэлийн нэг үнээтэй гээд сүрхий гэгч нь тоо баримттай яриагаа эхэлсэн юм. Сөнөдөд тэмээтэй айл гарын арван хуруунд багтахаар цөөхөн гэнэ. Ямааг дэмий мал гэж үзээд гэрийн эзний хэлснээр шийдвэрлэчихсэн (дуусгачихсан) байна. Өвс бэлчээр нимгэн, ган гачиг их болдог учир отроор нүүдэл хийхээс аргагүйд хүрдэг гэнэ. Хоёр жилийн өмнө хошуунаасаа урагш Төхөм, Бүтэмж сумдын нутаг руу нүүдэллэжээ. Нүүдэл хийж явахад малчид бэлчээрээ харамлаад сүйд болдог бололтой. Малаа хурдан гил, худгаас услахгүй шүү гээд орилолдоод явчихдаг гэсэн. Оторлож буй газар нутгийнхаа төлбөрт нэг хониноос сард 10-20, нэг адуунаас 150 юань өгдөг байна. Бодоод үзэхээр өндөр тоо гарч байгаа юм. 400 хоньтой, жаран адууны сарын төлбөрийг тооцвол хонь нь хоёр сая дөрвөн зуун мянга, адуу нь хоёр сая долоон зуун мянга, нийтдээ таван сая нэг зуун мянган төгрөг болж байна. Үндсэндээ нэг сарын отрын үнэ шүү дээ. Эл байдлыг нь харгалзан хошуу тамгаас нь малын бэлчээрийн нөхвөр гэж сард хорин мянган юань олгодог гэсэн. Монгол мөнгөөр зургаан сая гаруй төгрөг.

Дүүрэнсангийнх томоо гэгчийн эрээн гэртэй. Гэрийн яс мод, тооно, багана нь өргөн, суурьтай гэж жигтэйхэн. Шулуун хөхийн сийлбэрч залуугаас багагүй өндөр өртгөөр энэхүү сийлбэртэй эрээн гэрийг худалдан авчээ. Ажнай хүлгийн медалиар дүүрэн айл ажээ. Хоймрынх нь хоёр талын унинаас тэр чигтээ “төмөр” дүүжлээстэй байна. Дүүрэнсангийн адууных нь буян тэр ажгуу. Хоймортоо эзэн Чингисийнхээ зургийг залсан нь нүдэнд тусаад явчихалгүй хаачихав. Дотны зураач найздаа захиалж байж зуруулан, жаазлаад хүндэтгэлтэй байрлуулжээ. “Өчигдөр ч элсээр нүүр нүдгүй балбасан. Танай ийшээ ялгаагүй биз дээ” гэхүйд “Ёстой омогтой шуурч байна лээ” хэмээн инээд алдаад хонио өглөөгүүр бэлчээгээд үдээс хойш хашаа хороонд нь түгжиж аваад, өвс зулаад өгчихсөн гэнэ. “Үзэгдэх бараагүй элсэн шуурга өдөр бүр шүү дээ” гээд тэнгэр хангайтай бүр нэг эвлэрчихсэн янзтай. Элсээр шуурсан Тамчийн талд хялгана бөхөлзөхөөс өөрийг олж хараагүй.

Наяад оны үед бараг л жар, далаад төрлийн ургамал ургадаг байсан. Одоо бүр ор тас байхгүй болсон нь хачин гэж гэрийн эзэн өвгөн гайхширсан байдалтай хэлнэ дээ.

Сонирхуулахад, 2012 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Сөнөд баруун хошуунд очжээ. Машбаяр гуайн дотны нөхөр Лантуугийнд зочилсон дуулдана. Лантуу тэр хоёр Мао Зедун, Дэн Сяопины үед сумын дарга хийгээд Тамчийн талаа зундаа мориор, өвөлдөө тэмээгээр туулж байснаа дурссан. Одоо морь байтугай моторт тэрэг (мотоцикль) унадаг хүн ховор болжээ. Бүгд л жижиг гарын жийптэй сүнгэнүүлнэ. Дүүрэнсан гурван жилийн өмнө Монголд ирээд буцсан байна. Хурдны морь, адуу мал гэхээр амиа тавьдаг тэрээр “Ханбүргэдэй” дэлгүүрээс адууны эм тариа, эмээл гөлөм, эдлэл хэрэглэл аваад сэтгэл дүүрэн буцсан гэнэ.

Мань эрд Монгол бол жинхэнэ эрх чөлөөний орон, “Ханбүргэдэй” дэлхийн хамгийн баялаг дэлгүүр санагдсан шиг байгаа юм. Урьд өмнө үзээгүй, зурагтаар хаа нэг бараа сургийг нь харж, дуулсан ховор эм тарианууд бүгд байж байхаар эрхгүй тэгж бодогдоно биз дээ. Тэднийх нарны зайгаар ажилладаг өрөмдлөгийн худагтай. Ганцхан товч дараад л ус нь оргилоод ирнэ. Нар, салхины амт шингэсэн үхрийн хавирга, сээр чанаад, лавшаа хийж дайллаа.

Өмнөд Монголын малчид торон хашааг нь эс тооцвол монгол малчдаас ялгагдах юм үнэндээ алга. Дүүрэнсан манай Хэнмэдэх гуайгаас аваад малчид, уяачидтай уулзаж танилцсанаа сонин болгож өгүүлсэн юм. Бүдүүн эр хонь монгол мөнгөөр 450 мянга, шар үхэр гурван сая гаруй төгрөгийн үнэтэй гэсэн. Улаанцав, Шилийн гол хоёр аймгийн заагт дүнхийх Номгон уулаа тахиж сүсэлдэг, Сангийн овоо хэмээх сүрлэг сайхан овооны дэргэд хаваржиж буй тэднийд үдшийн бүрий нөмөртөл хуучилсан билээ.

Машбаяр гуайнхаас буцаад давхиж явахад Удвал захирал “Хүний сайхан сэтгэлийг хайрлаж яваарай гээд хүж дэлхийд би хүслээ шингээн дуулмаар байна. Ямар сайхан хүмүүсийг бурхан надад илгээснийг ялгуун сарны дор үгээр хэлэхийн аргагүй” хэмээн манай гавьяат шиг намба төгөлдөр дууллаа. Өнгөрөгч оны долдугаар сард “Чингис хаан”-ы Жагаа, Ганзориг, Банзрагч гээд дуучид ардын урлагийн их наадмаар ирж ая дуугаа өргөжээ. 2004 онд “Хурд” хамтлаг ирж сөнөдийнхний цөсийг нэгэнтээ хөөргөөд авч. Харин түүнээс хойш үзэл суртлын хэлтэс нь “Хурд”-ынхныг очиход тийм ч таатай бус, эх оронч үзэл нэвт ханхлуулсан дуунуудыг нь “главлит”-аар оруулах болсныг захирал сонордуулсан.

Сөнөд баруун хошууны захирагч Бүрэнжин Хөвөөт шар хошууных гэдгийг, засаг ноён нь таван жил болоод дээшээ дэвшдэгийг, Өмнөд Монгол нутаг 13 аймагтай, сөнөд баруун хошуу долоон сумтай болохыг дурдах нь зүйтэй байх. Мөн биднийг тийн бууж үдэлж явах үеэр Өвөрмонголын дарга Баатар Бээжин рүү дэвшээд явсан сураг дуулдсан. Харин түүний ажлыг Бөхөө гэж өмнө нь дарга байсан хүний охин түр орлож байгаа гэнэ. Ийм л яриа хөөрөө, элгэн халуун сэтгэл, уянга эгшигтэйгээр Сөнөдийн Гилүгэдэй баатрын нутгаас Монгол туургатны гал голомт болсон Улаанбаатарынхаа зүг мордсон юм.

Categories
мэдээ цаг-үе

Ялалтын заан

Энэ долоо хоногт Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд “Дали&Пикассо” үзэсгэлэн нээлтээ хийнэ. Улаанбаатар хотноо дэлхийд алдартай хоёр зураачийн эх бүтээлүүд анх удаа үзэгчдийн хүртээл болох юм. Испанийн алдарт хөвгүүн Сальвадор Дали бол зураач төдийгүй барималч, найруулагч, зохиолч байсан. Тэрээр ер бусын бүтээлүүдээрээ үзэгчдийн бишрэлийг төрүүлж, орчин үеийн урлагийн ертөнцөд хувьсгал хийсэн билээ. Түүний алдарт бүтээлүүдийн нэг нь “Ялалтын заан” хэмээх баримал бөгөөд энэ бүтээл нь “Дали&Пикассо” үзэсгэлэнд тавигдах юм.

Испанийн нэрт зураач маань уг бүтээлээ 1980 онд хийжээ. Хүрлээр хийсэн цутгамлын өндөр нь хоёр метр 65 см. Сальвадор Дали зааныг ихэд бэлгэшээдэг байсан гэдэг. Тиймээс ч түүний уран бүтээлд заан онцгой байр эзэлсээр ирсэн гэж болох юм. “Ялалтын заан” нь ХХ зууны импрессионист урсгалын төлөөлөл болсон бүтээл.

Хүч чадал, амар амгалангийн бэлгэдэл болсон амьтныг С.Дали маш сониноор дүрсэлжээ. Зааныг хүч чадал, амар амгалангийн бэлгэдлээс гадна ихэд гоёмсог амьтан гэдэг. С.Далигийн үзэж байснаар бурханаас түүнийг заяахдаа ганцхан алдаа гаргажээ. Энэ бол хөл нь. Тиймээс ч “Ялалтын заан” барималдаа бурханы алдааг залруулж бүдүүн хөлийг “сольж” тогорууных шиг нарийхан болгосон гэдэг. Зааны нуруун дээр тавьсан эмээлийг эрдэнийн чулуугаар чимэглэснээр эд баялгийг илэрхийлжээ. Энэ бүтээл нь хоёр өнгөөс бүрдсэн болохыг урлаг судлаачид онцолсон байдаг. Заан нь ногоон, түүний нуруун дээж зогсч буй охин тэнгэр алтан шаргал өнгөтэй. Охин тэнгэрийг бүрээ үлээж байгаагаар дүрсэлснээр амжилт, цэцэглэл, хөгжил, шинэ бүхнийг бэлгэдсэн байна.

Уг баримлыг харахад аварга том биетэн, жижигхэн сахиусан тэнгэр хоёр хэмжээний хувьд эрс тэс ялгаатай нь хамгийн түрүүн нүдэнд тусдаг. Агуу уран бүтээлч маань үүгээрээ өнгөрсөн, ирээдүй хоёрын заагийг харуулахыг хичээсэн байна. Цаг хугацаа гэдэг нисэх мэт өнгөрч байгааг ийнхүү илэрхийлсэн хэмээн урлаг судлаачид тайлбарласан юм. Харин хэмжээний хувьд нүдэнд тусахуйц жижиг, том хоёрыг нэг барималд хамтатган дүрсэлснээр өнгөрсөн ирээдүй хоёрын ялгааг дүрслэн харуулжээ.

Сальвадор Далид 1975 онд энэ баримлыг хийх санаа анх төрсэн гэдэг. Гэвч 1980-аад оноос эхлэн хэрэгжүүлж анхныхаа цутгамлыг хийсэн байна.

Испанийн нэрт уран бүтээлч маань амьд ахуйдаа нэр алдрын оргилд хүрч бүтээлүүд нь хэдэн сая ам.доллараар зарагдаж байсан юм. Тиймээс ч С.Дали нэг бүтээлээ нэгээс илүү хувь бүтээх болсон гэдэг. Тэрээр мөнгө олох үүднээс бүтээлээ олон хувь хийсэн байдаг хэмээн судлаачид бичсэн байдаг. Харин зарим нь өөрийнх нь уран бүтээл хожим нь өндрөөр үнэлэгдэнэ гэдгийг мэдэж байсан тул ингэсэн гэсэн тайлбар ч бий.

Алдарт зураач маань бүтээл дээрээ хичнээн хувь хийсний хэд дэх нь гэдгээ маш тодорхой тэмдэглэн үлдээж байжээ. Жишээ нь “Ялалтын заан” бүтээлээ найман хувь хийсэн бөгөөд 4/8 гэсэн тэмдэглэл тавьсан байдаг нь найман хувь хийсний дөрөв дэх нь гэдгийг илэрхийлдэг.

Хамгийн сүүлд С.Далигийн “Ялалтын заан”-ы 4/8 дугаартай баримлыг Лондон хотноо болсон “Bonhams” дуудлага худалдаагаар заржээ. Түүний эхний үнэ нь 250-350 мянган евро байжээ. Дашрамд дурдахад С.Далигийн “Поля Элюарагийн хөрөг” нэртэй бүтээл хамгийн өндөр үнэд буюу 21,7 сая ам.долларт хүрсэн юм. С.Дали 1989 онд нас барсан билээ.

Ийнхүү сайн сайхан ирээдүйг бэлгэдсэн “Ялалтын заан” эх баримлыг манайхан эх орондоо үзэж сонирхох боломж нээгдлээ.

Categories
их-уншсан онцлох-нийтлэл туслах-ангилал

Үлгэр, үнэн, үлгэр

Ерөөсөө үлгэр л яривал үнэмшилтэй…үнэн юм ярьсан нь дээр гэж үү? Ингэхэд бидний үлгэр, үнэн хоёрт хэр ялгаа байдаг бол…Үлгэр домгийн орон боллоо гэх гэж байна уу… “Танк төмөр замаар явдаг, нэг бор морь нь нисдэг, хөрөнгө оруулагч ирэхээр хоосордог, алсан ямааныхаа дэлэнг хаданд наачихсан чинь хэд хоноод сүү оров, хятад хүн хүнсний бүтээгдэхүүн хийвэл дотор нь хор хольдог, нэг унтахаараа 60 жил сэрдэггүй…” Үлгэр, үнэний ялгаа нь хаана аа байна вэ? Ийм тохиолдолд үлгэр нь илүү үнэмшилтэй, нэгэнт л уран зохиол учраас зохиомж гоётой.

Эртээ урьд цагт нэг ах дүү хоёр, бас ээж, улмаар нэг үнэг байжээ, янз нь. Логикоор нь хөөж үзвэл хавх, том бул чулуу, бас гал гаргах хэрэгсэл, за тэгээд түлээ түлш байсан шиг байгаа юм. Хамгийн чухал нь ямар нь үл мэдэгдэх нэг “дайсан” бий юм.

Дүү нь ахынхаа үгнээс гарахгүй, өчүүхэн ч гажихгүй, үнэнч гэхэд хэтийдсэн, бодит байдлыг нь тэмдэглэн хэлэх тэмдэг нэр үгсийн санд олдохооргүй нэгэн гэнэ. Үнэнч дүү ямагт ахынхаа цүнхийг барьж… (Эй базарваань, үлгэрээсээ халиад үнэн рүү орчих гэж байна, нүгэл байгаа даа. Эрт урьд цагт элэнцгийнх нь цүнх байх билээ. Энэ улс төрөөс болоод үлгэр хүртэл гажих боллоо. Гадуур, гадуур!)… нум сум, ангийн олз энэ тэрийг үүрч дүүрээд бараадаж явна.

Ах нь нэг удаа дүүгээ анд сургахаар шийджээ. Дандаа юм (цүнх биш шүү) бариад дагаж явахаар өөрөө бие даагаад “цөм хийх”-ээ байг гэхэд “өмбөө цөмбөө” юм цуглуулж сурах хэрэгтэй гэж бодоо биз. Эхний ээлжинд хагас бие даалт маягаар туршсан байна. Энэ нь хээр булсан хавхаа эргэж, амьтан орсон байвал авчрах даалгавар байв. Үнэнч байхаас өөр эрдэмгүй дүүд хавх тавих буюу олзоо өөрөө олох бүрэн чадамж үгүй ажгуу.

Дүү хавхаа эргэж очтол алтан шаргал үстэй үнэг орсон байжээ. Анх удаагаа хагас бие даалт хийж, эхний удаагаа хагас толгой даасан шийдвэр гаргах гэж байсан дүү хүү эргэлзээнд орлоо. Бие даасан шийдвэр гаргах амаргүй аж. Эргэлзээнд орсон дүүгийн өрөвч нинжин сэтгэл дийлж “Ийм сайхан амьтныг алах даанч хайран юм аа” гэж үзлээ. Гэрийн даалгаварт муу дүн авлаа. Ах нь дүүдээ “Хавханд л орсон бол ямар ч сайхан, ямар ч сэтгэл татам амьтан байсан, алдаг номтой” гэж сургав. “За, за, бас дахин за”.

Ахынхаа сургаалыг тарни болтол үглэсэн дүү дараагийн ээлжинд хавхаа эргэн очтол аргалд явсан эжий нь орчихсон, уйлан хайлан аврал эрж сарвалзана… энэ хэсгийг бол ярихын эцэс алга. Өөрснөө дүрслэн бодоцгооно биз.

Дүүгийнхээ үнэнч байдалд одоо болтол сэтгэл хангалуун явсан ахын сэтгэлд эргэлзээ төрлөө. Ах хүү өөрөө хазгай гишгээд хавханд унавал эргэлзээгүй нухах нь байна.Тэнэг болбол үнэнч байвч осолтой, ухаантай бол дайсан ч болов учиртай. Тэнэг хамтрагч ялалтад дэм болох ч анзаараагүй гишгэсэн нүхэндээ татаж унагаах осолтой. Харин ухаантай дайсан ялалтынхаа ард ялагдагчид зориулсан гарц үлдээдэг. Энэ нь түүний ялалтыг бататгаж, ноёлох хугацааг уртасгадаг.

Ингээд үнэнч дүүгээ үнэнч зангаар нь далимдуулан хөнөөхөөр шийдэж гэнэ. Тэгээд үнэнч сэтгэлд нь зориулсан үлгэр зохиож ярилаа. Уулын орой дээр нэг аюултай хөрш суудаг аж. Тэр хөршийн зүгээс ирсэн юм бүхэн аюултай гэнэ. Тэр зүгийн салхинаас эхлээд, хийсч ирсэн хог, нурж ирсэн чулуу хүртэл үхлийн хор тээнэ. Одоогийнхоор бол тэндээс имтортолсон бараа, хүнс бүгд хортой, тэр улсын хөрөнгө оруулалттай үйлдвэр компани тусгаар тогтнолд аюултай гэсэн үг л дээ.

Ах нь уулын оройд байдаг, хэзээ ч бараа нь харагддаггүй дайсныг дарахаар явах болжээ. Дүүдээ “Би уулын орой дээр гараад дайсантай шууд тулахаар шийдлээ. Ингэхгүй бол өнөө маргаашгүй дайрч ирээд муу дүүг минь алчих гээд байна. Чамайгаа хамгаалж яваад үхсэн ч яахав” гэх маягийн юм л ярьсан шиг байгаа юм. Ингээд л зэвсэг агсан уул өөд авирахдаа “Би орой дээр дайсантай тулалдана. Дийлдлээ гэхэд муу дүүгийнхээ төлөө үхэхэд амь хайран биш. Харин дийлээд ирэхийн алдад дайсан уулын бэл рүү өнхрөн зугтаана. Чи тэнд нь тосон барьж аваад нам дарж байгаарай. Ах нь хөөж ирээд эд бад хийнэ” гэж захисан байна. За тэгээд, дайснаа дарсны маргаашаас эдлэх аз жаргал, ямар ч хоргүй импортын хүнс энээ тэрээг бол хөөрхий үнэнч дүүгийн нүдэнд харагдтал яриа биз.

Ах зэвсгээ агсан уулын оройд гарлаа. Тэнд ямар юмных нь дайсан байх билээ. Зэр зэвсгээ тайлж шидчихээд аргал түлш цуглуулан их гал өрджээ. Хонин чинээн бул хар чулууг түүдэг дээрээ улайсгасан гэдэг юм. Тэгээд хөөрхий үнэнч дүүгийн хүлээж байсан энгэр рүү түүнээ өнхрүүлжээ.

Гэр орон нутаг усыг нь эзлэхээр байнга санаархдаг, ангийн олз, хавх зэрэгт нь шүлсээ савируулан шунадаг гэх дайсан зугтан ирэхийг хүлээж суусан дүү нь түүнийг харлаа. Дайсан гэгч байдаг, өдөр бүхэн заналхийлдэг гэдгийг л мэдэхээс биш тэр нь ямархуу зүйл болохыг хөөрхий дүү үл мэднэ. Харин уулнаас л унаж ирсэн бол дайсан мөн, дайсан ямар ч хэлбэртэй байсан барьж тогтоох учиртай гэдэгт үл эргэлзэнэ.

Ингээд улайдсан бул чулууг эргэлзээгүй тэврэн авлаа. Хөөрхий амьтан улайдсан чулуунд наалдан, хиншүү хярвас ханхлуулан, түлэгдээ биз. Харин түүний сүүлчийн үг нь “Чи муу “писс! пасс!” гэвэл гэж л бай. Ахыгаа иртэл тавихгүй дээ, чамайг” ажээ. Үлгэр ингээд дуусдаг.

Миний сонссон “Амар сайхан жаргав” төгсгөлгүй ганц монгол үлгэр энэ байх. Уг нь манай үлгэр болж өгвөл жаргалаар дуусдаг “Аргай даргай түг гэж аавыгаа цохиж алаад амар сайхан жаргаж гэнэ” хэмээн төгсдөгсөн.

Үлгэрийг хуучилсан Догоо (УМБМХ! Төрөл тутамдаа дээшлэх болтугай) эмээ тэнгэрт халиад гучаад жилийг үджээ. Харин түүний ярьсан үлгэрийн “Итгэж бай, гэхдээ үгэнд нь орж эхийгээ алахааргүй хэмжээнд. Үнэнч зүтгэ, гэхдээ халуун чулуу тэврэхгүй хэмжээнд” гэсэн суртал нь амьдарсаар.