Categories
мэдээ улс-төр

“Халх гол” Үндэсний бүтээн байгуулалтын бүсийн тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн барив

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа Хөдөө аж ахуйн “Халх гол” Үндэсний бүтээн байгуулалтын бүсийн тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг өнөөдөр /2016.05.05/ өргөн мэдүүллээ.

Манай улсын хувьд 2015 онд 55.9 сая мал бүртгэснээс баруун бүсэд 13.7 сая, хангайн бүсэд 20.5 сая, төвийн бүсэд 13.2 сая, зүүн бүсэд 8.2 сая мал тус тус байна.

Сүүлийн жилүүдэд мал, амьтны гоц халдварт өвчин улсын хэмжээнд тодорхой давтамжтай гарч байгаа нь хүнсний аюулгүй байдал, нийтийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, улмаар хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийг экспортод гаргахад бэрхшээл үүсэж байна. Одоогоор баруун болон төвийн бүсийг малын вакцин тарьдаггүй өвчингүй, тайван, зүүн бүсийн малыг вакцин тарьдаг өвчингүй, тайван бүс болгох зорилгоор ажиллаж байна. 2016 оны байдлаар ОХУ-д үхэр, хонь, адууны түүхий махыг тус улсын хойд мужууд руу, БНХАУ-д үхэр, хонь, ямааны түүхий махыг анх удаа экспортлох боломжтой болсон бөгөөд БНСВУ-д мөн гүн хөлдөөсөн хонь, ямааны мах экспортлох талаар зөвшилцсөн хэмээн Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа Улсын Их Хурлын даргад танилцууллаа.

Иймд Монгол Улс газар зүйн байршлын давуу тал, бэлчээрийн мал аж ахуйн өв соёл, газар нутгийн нөөц, хөрсний үржил шим, дахин сэргээгдэх баялагт суурилсан хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг экспортын баримжаатайгаар бүсчлэн хөгжүүлэх нөхцөл, боломжийг ашиглах хэрэгтэй байна. Ялангуяа хөрш хоёр орны мах, махан бүтээгдэхүүний хэрэгцээ бидний томоохон зах зээл болохоор байна. Тухайлбал, ОХУ 2014 онд 633.1 мянган тн үхрийн мах, 9.7 мянган тн хонь, ямааны махыг Бразил, Парагвай, Беларусь, Аргентин, Уругвай улсаас тус тус импортолсон байна. Харин 2014 онд БНХАУ-ын үхрийн махны импорт 297.2 мянган тонн, хонь, ямааны махны импорт 282.8 мянган тоннд хүрсэн байна. БНХАУ-ын махны импортын 42 хувийг Австрали, 34 хувийг Шинэ Зеланд, 16 хувийг Уругвай улс тус тус бүрдүүлжээ.

БНХАУ их хэмжээний мах тэр дундаа богийн мах Монгол Улсаас импортлон авах сонирхолтой байгаагаа илэрхийлээд байгаа билээ. Тухайлбал, БНХАУ-ын Махны холбоо 1 тэрбум ам.долларын үхэр, хонь, ямааны махыг 2018 он хүртэл импортлох талаар Монголын махны холбоотой гэрээ байгуулсан байна.

Гэтэл манай улсын мал, амьтны гоц халдварт өвчний нөхцөл байдлаас хамааран БНХАУ-д зөвхөн баруун бүсийн 5 аймгаас л түүхий мах бэлтгэн экспортлох хязгаарлалттай тулгараад байна.

Энэ асуудлыг шийдвэрлэх үүднээс мал, амьтны гоц халдварт өвчнөөс өндөр хэмжээнд урьдчилан сэргийлсэн, хорио цээрийн байнгын хяналтыг тогтоосон бүсүүдийг бүх бүс нутагт байгуулан экспортод чиглэсэн малын гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн нэг цонхны бодлогыг бий болгох шаардлагатай байна. Цаашлаад уг бүс нутагт хөдөө аж ахуйн чиглэлээр хөрөнгө оруулалт татах, түүнийг баталгаажуулах, дэвшилтэд техник, технологи нэвтрүүлэх зэргээр хөдөө аж ахуйг олон улсын зах зээлийн чиг баримжаатайгаар эрчимтэй хөгжүүлэх боломж ажээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Ховд, Улаангом, Өлгий чиглэлийн нислэгийн цагийн хуваарь

Ховд, Улаангом, Өлгий чиглэлийн 5-р сарын 19-ний өдрийг хүртэлх нислэгийн шинэчилсэн цагийн хуваарийг хүргүүлж байна..

Дээрх чиглэлийн нислэгүүд нь Аэромонголиа ХХК-ийн 50 хүний суудал
бүхий Фоккер 50 агаарын хөлгөөр үйлдэгдэх болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг МИАТ 333-999, Аэромонголиа 330-373 утаснаас лавлана уу.


Categories
мэдээ нийгэм

Улсын нөөцөөс буудайн 5000 тонн үр гаргахаар боллоо

ОБЕГ-ын улсын нѳѳцийн салбарт хадгалагдаж буй 5000 тонн үрийг тариаланчдад олгож, шаардлагатай үрийг бүрдүүлэхээр болжээ. Уг асуудлыг Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн байна.

Буу­дайн үрийг тодорхой нѳхцѳлтэйгээр олгох бѳгѳѳд энэ оны арванхоёрдугаар сарын 1-ний дотор нѳхѳн төлүүлэх юм байна. Энэ жил ул­сын хэмжээнд 322.900 га-д үр тариа, үүнээс 301.500 га-д улаан буудай тарьж, 328.000 га-д уринш боловсруулж бэлтгэн, 386.300 тонн ургац хураан авахаар тѳлѳвлѳѳд буй. Энэ хэмжээний ургац буудайн 48.000 тонн үр шаардлагатай байгаагаас 35.500 тонныг дотооддоо бүрдүүлжээ. Үүнд улсын нөөцийн салбарт байгааүр багтаж буй юм.

Цаг уурын тааламжгүй нөхцөл байдлаас болж тариаланчид ургац алдаж улмаар хаврын тариалалтад хүрэлцэхүйц үр нөөцөлж чадаагүй. Ийм учраас салбарын яамнаас тариалан эрхлэгчдэд 14.000 тонн үрийн буудай импортлох зѳвшѳѳрѳл олгосон ч санхүүгийн хүндрэлээс шалтгаалан 2000 тонныг л оруулж ирэхээр болжээ. Үүнээс гадна Тариалан эрхлэлтийг дэмжих сантай гэрээ байгуулсан хоёр аж ахуй нэгж, нийт 6000 тонн үр оруулж ирэхээс одоогоор 2000 тонныг импортлоод буй гэнэ.

Categories
мэдээ нийгэм

Үдийн цайг түр зогсоожээ

Энэ сарын 3-ны өдөр Чингэлтэй дүүргийн 61 дүгээр дунд сургуулийн, нэг ангийн 14 сурагч хоолны хордлогод орсон тухай мэдээг бид өмнө хүргэсэн. Энэ сургууль цайны газаргүй тул 1-5 дугаар ангийн сурагчдын “Үдийн цай”-г “Айплмүүн”, “Хаан сүү” ХХК-аас авдаг аж. Үүнтэй холбоотойгоор дээрх үйлдвэрүүдэд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс хамтран тандалт, хяналтыг хийж байгаа бөгөөд лабораторийн шинжилгээний хариуг эцэслэн гартал үдийн цайны нийлүүлэлтийг түр хугацаагаар зогсоогоод байна.

Categories
мэдээ нийгэм

Төрүүлсэн үрээ хаясан ээжид таван жилийн хорих ял оноов

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 117 дугаар зүйлийн 117.2 дах хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Долгорсүрэн, Б.Чанцалдулам нарт холбогдох эрүүгийн хэргийг энэ сарын 2-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцлээ.

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэхэд Б.Долгорсүрэн, Б.Чанцалдулам нь бүлэглэж 2015 оны 12 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн долдугаар хороо 10 дугаар байрны долдугаар орцны хоёр давхарт Б.Долгорсүрэнгийн төрүүлсэн 1 нас 8 сартай Долгорсүрэнгийн Намуунааг хаясаны улмаас хүүхдийн амь нас хохирсон байдаг.

Шүүхээс шийтгэх тогтоол гарсан ба уг тогтоолд: Б.Долгорсүрэнг төрүүлсэн хүүхдээ хаясаны улмаас хүүхдийн амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б.Чанцалдуламыг Б.Долгорсүрэнг төрүүлсэн хүүхдээ хаясан гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролсоны улмаас хүүхдийн амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 117 дугаар зүйлийн 117.2 дахь хэсэгт зааснаар Б.Долгорсүрэнд таван жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Б.Чанцалдуламыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 117 дугаар зүйлийн 117.2 дахь хэсэгт зааснаар гурван жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Төрийн банк Говь-Алтай, Баянхонгор аймгийн төвүүдэд шинэ барилгуудаа ашиглалтад орууллаа

Монгол улсын хэмжээнд 540 салбар нэгжтэй Төрийн банкнаас 2.7 сая харилцагчиддаа бүтээгдэхүүн үйлчилгээгээ ОУ-ын стандартад нийцсэн, тав тухтай орчинд үзүүлэхийг зорин ажиллаж байгаа билээ.

Энэхүү ажлын хүрээнд 2015 онд дөрвөн аймгийн төвд банкны шинэ салбараа ашиглалтад оруулсан бол 2016 онд мөн дөрвөн аймагт 1-1.4 тэрбумын хөрөнгө оруулалт хийж банкны стандартад нийцсэн барилгууддаа ашиглалтад оруулсаар байна.

2016 оны 3 сард Дорнод аймгийн төвд шинэ байраа ашиглалтад оруулсан бол 2016.04.30-нд Говь-алтай, 2016.05.01-ний өдөр Баянхонгор салбарын шинэ барилгуудыг хүлээн авч, нээлтийн арга хэмжээг зохион байгууллаа. Нээлтийн арга хэмжээнд Төрийн банкны Бүтээгдэхүүн хөгжил хариуцсан дэд захирал Л.Жамбасүрэн, Үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Э.Мөнхсайхан нар оролцсон бол аймгийн ИТХ дарга болон аймгийн удирдлагууд, Говь-Алтай, Баянхонгор салбарын Монгол банкны захирлууд, Төрийн банктай хамтран ажиллагч байгууллагуудын төлөөлөл оролцож хүндэтгэл үзүүлсэн юм.

Мөн Төрийн банкны шинэ салбарын нээлтэд зориулан Говь-Алтай аймгийн Алтай театр, Баянхонгор аймгийн Хөгжимт театруудад Хурд хамтлаг бүрэн хэмжээний тоглолтоо зохион байгуулж Төрийн банкны Говь-Алтай, Баянхонгор аймгийн харилцагчдад бэлэг барьлаа.

Ийнхүү Говь-Алтай, Баянхонгор аймгийн харилцагчид тав тухтай орчинд банкны үйлчилгээ авах боломжтой болсон бол тун удахгүй Өвөрхангай, Орхон аймгуудад шинэ барилгынхаа ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байна.

Categories
мэдээ улс-төр

Ц.Нямдорж: Сонгуулийн хуулийг хэлэлцэх нь нэг номерын асуудал

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Геодези, зураг зүйн тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг БХБ-ын сайд З.Баянсэлэнгэ танилцуулав. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Цаашдаа ямар асуудал хэлэлцээд шийдвэр гаргах вэ гэдэг дээр УИХ-ын удирдлагын түвшинд ярилцаад шийдээд явъя. Өглөө хамгийн түрүүнд намайг ирэхэд Ж.Батсуурь гишүүн сууж байсан. АН-ын бүлгээс Б.Гарамгаабаатар алга. Байхгүй гишүүний картыг хийж ирц бүрдүүллээ. Зарим гишүүд дөрвөн ширээний ард гүйж кноп дарж байна. УИХ-ын дарга гурван орлогчтой. Нам, эвслийн ажлыг зохицуул гэж та нарыг томилсон. Энэ бүхнээ ярилцаач ээ. Р.Гончигдорж дарга та картаа хийснээр шийдээд явна гэдэг чинь сөрөг хүчин орж ирэхгүй байна гэсэн санаа. Одоо сонгуулийн асуудлаа ярьж, хуулийн хэлэлцүүлгээ хийгээч ээ. Юу яасан геодизи вэ. УИХ өөрөө сонгуулийн хэлэлцүүлгийг тодорхойгүй явж байгаа нь улс төрийн тогтворгүй байдлыг бий болголоо. Сонгуулийн хуулийг хэлэлцэх нь нэг номерын асуудал. Одоо бусад бүх зүйлээ зогсоо” хэмээн бухимдангуй илэрхийлэв.

Categories
мэдээ улс-төр

Эрүүл мэнд, спортын сайдыг томилохыг хүсэв

Одоогоор чуулганы танхимд 38 гишүүн хүрэлцэн ирсэн байгаагаас найм нь УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд юм. Иймээс МАН-ын бүлгийн гишүүд эрх баригчид ирцээ бүрдүүлэх ёстой гэсэн шаардлага тавилаа. Хурал даргалагч Р.Гончигдорж “Ирцэнд нийт 43 гишүүн орсон байсан” гэдэг тайлбар хийв.

Мөн УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: УИХ-ын чуулган өндөрлөх тал руугаа хандаж байгаа, эрх баригчид ирцээ бүрдүүлээч ээ. Сүүлдээ 7-8 гишүүн хууль баталдаг боллоо. Эрүүгийн хуультай холбоотой ноцтой асуудлууд тун хайхрамжгүй гарлаа. Ирц бүрдүүлэхгүйгээр УИХ-ын үйл ажиллагааг үргэлжлүүлж болохгүй.

УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж: Анхааруулгыг анхааръя.

УИХ-ын гишүүн Г.Уянга: Энэ долоо хоногийн УИХ-аар хэлэлцэх асуудлын жагсаалтад Ерөнхийлөгчтэй холбоотой асуудлыг хэлэлцэх ёстой байсан ч УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэх үед МАН-ын бүлэг завсарлага авсан. Хууль зөрчиж завсарлага олгосон байна. Ийм учраас энэ асуудлыг хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулж өгөөч ээ. Тавантолгойн хувьцааг зарж байгаа асуудал нь олон нийтийн бөөгнөрөл үүсгээд байна. Худал буруу мэдээлэл тараагаад яваад байна. Энэ талаар Засгийн газраас тодорхой мэдээллийг чуулганд хиймээр байна. Шударга ёс эвслийн бүлэг өчигдөр байхгүй боллоо. Монгол Улсын Засгийн газар байна уу, үгүй юу. Засгийн газар байхгүй болсон бол Засагтай болмоор байна.

УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж: Хууль зүйн байнгын хорооноос намын бүлэг завсарлага авсан учраас энэ асуудлыг байнгын хороогоор ярих ёстой. Тавантолгойн хувьцаатай холбоотой асуудлыг Засгийн газар сонсож байгаа байх. Албан ёсоор УИХ дээр албан ёсны мэдээлэл хийчих нь зөв байх.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад Эрүүл мэнд, спортын сайдыг томилох асуудлыг оруулъя. УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хороогоор өчигдөр энэ асуудлыг хэлэлцэх ёстой байсан, УИХ дахь МАН-ын бүлгийн 6 гишүүн бүгдээрээ хуралдаандаа ирээд 1 цаг гаруй хүлээсэн. Эрх баригчдаас нэг ч гишүүн орж ирээгүй. Байнгын хорооны дарга нь өрөөндөө байдаг, гэтэл орж ирдэггүй. Хамгийн тэргүүнд хэлэлцэн томилох ёстой сайдын асуудал дээр яагаад улс төрийн тоглолт хийгээд байгаа юм бэ. Шударга ёс эвслийн бүлэг нь бүлэггүй болчихлоо гээд Эрүүл мэндийн сайдын томилгоог татаад авчхаж байгаа юм уу эсвэл. Ингэж хардахад хүргэж байна. Эрүүл мэндийн салбар эзэнгүй, 60 хүүхэд улаан бурхан өвчнөөр амиа алдаж, олон зуун иргэн эрүүл мэндээрээ хохирч байна. Онцгой байдал зарлахаас аргагүй салбар болсон. Сайдыг нь яаралтай томилъё л доо.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт: Завсарлагыг хууль зөрчиж аваагүй. Хуваариараа УИХ-ын Хууль зүйн байнгын хороо лхагва гаригт хуралдах ёстой байсан ч мягмар гаригт гэнэт зарлан хуралдуулсан. Түүнд нь МАН-ын бүлгээс нэг ч гишүүн байгаагүй, дээр нь хэлэлцэж байсан хуулиудтай холбоотой асуудал бас хөндөгдөж эхэлсэн учраас бүлэг завсарлага авсан.

УИХ-ын гишүүн Д.Ганбат: Хууль тогтоох ажлаа байнгын хороо хийх ёстой. Ардын намын бүлэг хуулийн дагуу завсарлага авсан. Бүлгийн дарга С.Бямбацогт, бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр нар нь завсарлага хүссэн. Манай байнгын хороо ихэвчлэн мягмар гаригт хурлаа хийдэг. Лхагва гаригт чуулгантай байсан учраас асуудлаа хэлэлцэхээс аргагүй байсан. Шүүх байгуулах тухай хуулийг зургадугаар сарын 1-нээс өмнө хэлэлцэхгүй бол шүүхгүй болчих гээд байгаа. Манай байнгын хороо хариуцлагатай байнгын хороо. УИХ дахь МАН-ын бүлгээс Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан нар байнгын хорооны хуралдаандаа сайн оролцдог. Манай бүлгийн гишүүд 100 хувь оролцдог. Хааяа нэг тойрогтоо ажиллахаар явахаар араас их сурах юм. яасан хайртай болчихсон юм бэ, та нар гэж байр сууриа тус бүр илэрхийлэв.

Шүүх байгуулах тухай асуудлыг хэлэлцэж эхлээд байна.

Categories
мэдээ нийгэм

Гааль дээр гацаад байсан утлагын аппаратуудаа авлаа

Улаанбурхан өвчинтэй хүүхдүүдэд туслахаар Австри улсад ажиллаж амьдардаг монголчууд тус өвчний үед хэрэглэдэг утлагын аппаратыг илгээсэн байна. Гэтэл Буянт-Ухаа дахь гаалийн хүнд суртлаас болж 10 хоногийн турш аппаратуудаа авч чадахгүй, гацаад байна гэж иргэн Ж.Эрхэмбаяр өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээллэсэн юм.

Уг хандивын ажлыг санаачилсан иргэнээс Гаалийн газрынхан Эрүүл мэнд, Сангийн яамнаас албан бичиг болон тусгай зөвшөөрөл авч ирэхийг шаардсан гэх мэдээлэл бий. Энэ дагуу иргэн Ж.Эрхэмбаяр шаардсан бичгийг авахаар яам, агентлагуудад удаа дараа хандсан ч өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй гэдэг. Өчигдөр тэрээр энэ асуудлаар Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаад хандсанаар 3-5 хоногт гардаг лицензийг 30 минутад гаргуулж чадсан юм. Ийнхүү тэд өчигдөр орой зургаан аймгийн эмнэлэг болон ХӨСҮТ-д хандивын аппаратуудаа хүлээлгэн өглөө.

Categories
мэдээ спорт

Монгол хүү дэлхийн аварга болжээ

Ираны Тегеран хотноо болж буй диф /сонсголгүй/ сонгомол болон чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өсвөр үеийн 54 кг-д зодоглосон Намдагдоржийн Эрхэмбаяр дэлхийн аварга боллоо. Сонсголын бэрхшээлтэй хүү дэлхийн дэвжээнд бүх өрсөлдөгчөө цэвэр ялж түрүүлэн Иран улсад төрийн дуулалаа эгшиглүүлж, алтан соёмбот далбаагаа мандуулжээ. Тэрбээр эхний тойрогтоо Казахстаны Ершатиг Жанабил, улмаар Туркийн Серхан Долек нарыг цэвэр ялснаар хүрэл медалийн болзол хангажээ. Хагас шигшээд Андрей Ивановыг цэвэр ялж шигшээд шалгарсан. Шигшээд тэмцээнийг зохион байгуулагч орны бөх Ираны Нассер Каримиг ялж дэлхийн аварга боллоо.