Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хувийнхаа орлогоор Г.Батхүү гишүүн тэргүүлжээ

Авлигатай тэмцэх газраас төрийн өндөр албан тушаалтны хөрөнгө орлогын мэдүүлгийг зарлалаа. Нийт 220 албан хаагчийн хөрөнгө орлогын мэдүүлгээ өгсөн билээ. Үүнээс харахад зөвхөн өөрийн орлогоороо УИХ-ын гишүүн Г.Батхүү тэргүүлжээ. Тэрээр жилд 5.8 тэрбум төгрөг олдог байна. Харин гэр бүлийн гишүүдийнхээ нийт орлогоор Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга П.Цагаан тэргүүлжээ. Тус гэр бүлд жилд 1.2 тэрбум төгрөгийн орлоготой юм байна. Харин үнэд хүрэх, үнэлгээ өндөртэй барилга, байгууламж бүхий эд хөрөнгөтэйгөөр УИХ-н гишүүн Д.Оюунхорол нэрлэгджээ. Түүний барилга байгууламж 8.8 тэрбум төгрөг хүрэх аж. Тэгвэл өндөр үнэлгээтэй тээврийн хэрэгсэлтэй нь УИХ-н гишүүн Б.Наранхүү1.2 тэрбум төгрөгөөр жагсаалтыг тэргүүлжээ. Хамгийн их малтай гишүүнээр М.Энхболд тодорчээ. Түүний нийт мал 900 сая төгрөгтэй дүйцэх аж. Д.Арвин гишүүн 2.8 тэрбумд хүрэх газар эзэмшдэгээрээ тэргүүлж байгаа бол үнэт эдлэлийн үзүүлэлтээр гишүүн Б.Бат-Эрдэнэ тодорч. Бараг хоёр тэрбум төгрөг бүхий үнэт эдэлтэй аж. Харин Б.Наранхүү гишүүн 21.2 тэрбум төгрөгийн хадгаламжтай бөгөөд бэлэн мөнгөнийхөө бэлээр бусдыгаа тэргүүлжээ.

Categories
мэдээ нийгэм

Р.Бурмаа, Л.Болд нар Биокомбинатад ажиллалаа

Хүнс, Хөдөө аж ахуйн салбарын шинжлэх
ухаан, үйлдвэрлэлийн холбоог бэхжүүлэх зорилтын хүрээнд салбарын эрдэм
шинжилгээний байгууллага, их дээд сургууль, үйлдвэрлэгчдийн үйл
ажиллагаатай танилцахаар ХХАА-н сайд Р.Бурмаа, УИХ-ын гишүүн Лу.Болд нар
Биокомбинат үйлдвэрт ажиллаж, мэргэжилтэн, ажилтнуудтай уулзлаа.

Энэ үеэр Биокомбинат үйлдвэрийн захирал
Б.Онолбаатар “Манай үйлдвэр жилд дунджаар 120 000-130 000 литр шингэн,
18-25 сая тун хатаасан бэлдмэл үйлдвэрлэж орон нутгийн мал эмнэлгийн
байгууллагуудад нийлүүлж байна. Үйлдвэр 1973 онд Бүгд Найрамдах Унгар
улсын техник, эдийн засгийн тусламжтайгаар бүрэн шинэчлэгдсэн бөгөөд
үүнээс хойш ямар нэгэн дорвитой хөрөнгө оруулалт хийгдээгүйгээс барилга,
инженерийг байгууламж нь хуучирсан, мөн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж
элэгдэлд орж, техник үзүүлэлтээрээ орчин үеийн биологийн үйлдвэрийн
шаардлагаас ихээхэн хоцрогдож байна.Тиймээс үйлдвэрлэлийн технологийн
бүрэлдэхүүнээ иж бүрэн шинэчлэх, шинэ нэрийн бүтээгдэхүүн чадамжтай болж
зах зээлээ өргөжүүлэхийн тулд БНУУ-ын Засгийн газраас 25 сая долларын
хөнгөлөлттэй зээлийг авч Биокомбинат ТӨААТҮГ-ыг иж бүрэн шинэчлэхээр
Монгол-Унгарын Засгийн газар хоорондын хэлэлцээр амжилттай хэрэгжиж
байгаад баяртай байна” хэмээсэн юм. ХХАА-н сайд Р.Бурмаа бүх талаар
дэмжиж ажиллахаа илэрхийлээд “Биокомбинатын шинэчлэлийг хийснээр мал
сүрэг эрүүлжиж хүн амын хүнсний бүтээгдэхүүний хангамж, аюулгүй байдал
сайжирч, нийгмийн жрүүл мэндийг хамгаална. Нөгөө талаар мал аж ахуйн
гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний гадаад зах зээлийн хүрээ өргөжин
экспортын хэмжээ нэмэгдэх ач холбогдолтой юм” гэв.

Салбар шинжлэх ухаан үйлдвэрлэлийн үйл
ажиллагаатай танилцах ажлын хүрээнд Хүнс, хөдөө аж ахуйн Сайд Р.Бурмаа,
ХХААЯ-ны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга А.Анунаран, Мал
эмнэлэг үржлийнг газрын дарга Д.Батцэнгэл болон бусад төлөөлөгчдийн хамт
Хөдөө аж ахуйн их сургууль, Мал эмнэлэгийн эмийн сорилт,
баталгаажуулалтын улсын лаборатори, Ургамал хамгааллын эрдэм
шинжилгээний хүрээлэн, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори,
ХААИС-ийн Агропаркын үйл ажиллагаатай танилцсан юм. Энэ үеэр ХАА-н
шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн холбоог бэхжүүлэх боломж, хамтын ажиллагааг
сайжруулах, шийдвэрлэх шаардлагатай асуудлаар олон талын оролцоог
хангасан уулзалтыг зохион байгуулж, эрдэмтэн, судлаачидтай санал
солилцлоо. ХААИС-нь судалгааны их сургууль болох зорилгын хүрээнд
туршилт, судалгааны орчныг бүрдүүлэхэд анхааран ажиллаж, сүүлийн хоёр
жилийн хугацаанд БСШУЯ, Япон болон БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны
JICA, KOICA, Олон улсын цөмийн энергийн агентлаг IAEA, ХБНГУ-ын “Хеос
энерги” ХХК зэрэг дотоод, гадаадын байгууллага мөн сургуулийнхаа өөрийн
санхүүжилтээр 4.2 тэрбум төгрөгийн өртөг бүхий 20 гаруй судалгааны
лабораторийг шинээр байгуулжээ. Эдгээр лабораториуд нь Монгол орны дахин
давтагдашгүй ургамал болон амьтны нөөц, хөдөө аж ахуйн гаралтай
бүтээгдэхүүн, түүхий эдийн биохими, хими биологийн онцлог шинж,
тэдгээрийн чанар, аюулгүй байдлын үзүүлэлтийг судлан тогтоох чадамжтай
юм байна. Түүнчлэн амьд бие организмийг молекулын төвшинд нарийвчлан
судлах, шилмэл генитэй ургамал, амьтан гарган авах улмаар өндөр ашиг
шимтэй малын хөврөл үржүүлэн суулгах эс, эдийн өсгөвөр хийх, гүн
хөлдөөсөн үрийн сан бүрдүүлэх зэрэг судалгаа, хөгжлийн ажлыг Олон улсын
төвшинд гүйцэтгэх боломж бүрдсэн байна.

Мал амьтны өвчин хордлогыг оношлох,
түүнтэй тэмцэх арга хэмжээг боловсруулах, малын гаралтай түүхий эд,
хүнсний бүтээгдэхүүн, малын тэжээл, хүнсний ногоонд шинжилгээ хийж
дүгнэлт гаргах түүнчлэн мал эмнэлгийн лабораториудыг арга зүйн
удирдлагаар хангах, мэргэжилтнүүдийг сургаж мэргэшүүлэх чиг үүрэг бүхий
Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лаборатори нь
“Шүлхийн ихэрлүүлэх төсөл”, “Гахайн сонгомол мялзан өвчинтэй тэмцэх
стратегийг боловсронгуй болгох”, Япон улсын Хоккайдогийн Их сургуультай
хамтран “Шувууны томуугийн ихэрлүүлэх” төслүүдийг хэрэгжүүлэхээр
ажиллаж байна.

Мал эмнэлгийн эмийн сорилт
баталгаажуулалтын Улсын лабаротори нь Монгол Улсад үйлдвэрлэгдэж, шинээр
зохион бүтээгдэж буй мал амьтны гоц халдварт, халдварт, паразиттах
болон халдваргүй өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх, оношлох, эм,
биобэлдмэл, эмийн түүхий эдэд хими, биологи, вирусологи, бактериологи,
паразитологийн сорилт, шинжилгээ хийж, сорилтын дүн, баталгаажуулалтын
дүгнэлт, тохирлын гэрчилгээ олгодог байгууллага юм. ХХАА-н сайд Р.Бурмаа
лабораторитой танилцах үеэр байгууллагын удирдлага, ажилтнууд үйл
ажиллагааны чиглэл, шийдвэрлэх шаардлагатай асуудлуудыг танилцуулж,
санал бодлоо солилцлоо.

ХХАА-н Сайд Р.Бурмаа Хөдөө аж аухйн
шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн салбарын үйл ажиллагаатай танилцах үеэрээ
Хөдөө аж ахуйн их сургуулийн Бүрэн автомат гидропоник хүлэмжээр
зочиллоо. Энэ нь КОЙКА Олон улсын байгууллагын төслийн хүрээнд
байгуулагдсан өвөл, зуны үйл ажиллагаатай бүрэн автомат хүлэмж юм байна.

Categories
мэдээ нийгэм

АСЕМ-д сайн дурын 1500 ажилтан ажиллана

АСЕМ-ын Дээд түвшний уулзалт болон түүний
дагалдах хурлуудыг зохион байгуулах сайн дурын ажилчид хэвлэлийн хурал
хийлээ. Мэдээллийн эхэнд өнгөрсөн гуравдугаар сард болсон ASEP-ийн
уулзалтанд нийтдээ 50 сайн дурын ажилтан оролцсоныг онцоллоо. Одоогийн
байдлаар сайн дураараа 1500 орчим оюутан залуус АСЕМ-ын бэлтгэлд
ажиллаж байна. Тэд “АСЕМ вилла” хотхоны зүлэгжүүлэлт, “Үндэсний
цэцэрлэгт хүрээлэн”-гийн моджуулалт, хотын цэвэрлэгээ, тохижилт зэрэг
ажилд хувь нэмрээ оруулж байгаа аж.

АСЕМ-ын бэлтгэл ажлын албанаас санаачлан
сайн дурын залуусыг “Чиглүүлэх сургалт”-нд хамруулж, олон улсын
харилцаа, дипломат ёс, төрийн ёслол хүндэтгэлийн арга хэмжээний үеэр
биеэ хэрхэн авч явах талаар чиглэл өгч байгааг хэвлэлийн хурлаар
онцоллоо.

Сургалтын хуваарь нь:

Дөрөв болон тавдугаар сард сайн дурынхны 50-тын багийн сургалт-4 цаг

Тавдугаар сард- багийн ахлагчдын сургалт–2 өдөр

Тав болон зургаадугаар сард сайн дурын ажлын зохион байгуулалтын сургалт-4 цагаар хоёр удаа явагдаж аж

Зургаа болон долдугаар сард-Дипломат ёс зүйн, ажлын байрны мэдлэг дадал олгох сургалт

Сайн дурынхны АСЕМ-д оруулах хувь нэмэр нь:

  • Хэвлэл мэдээллийн, сурталчилгаа хариуцсан ажлын хэсэгт-266 ажилтан
  • Хуралдаан зохион байгуулах баримт бичгийн ажлын хэсэгт -20 ажилтан
  • Аюулгүй байдал, ёслол, хил нэвтрэх асуудал хариуцсан ажлын хэсэгт -300 ажилтан
  • Зам тээвэр, харилцаа холбоо, нисэх буудлын багт-200 ажилтан
  • Үйлчилгээ, соёл урлаг, холло хүнс ба түүний аюулгүй байдлыг хариуцсан ажлын хэсэгт-200 ажилтан
  • АСЕМ-ийн түнш зочид буудлуудад-402 ажилтан
  • АСЕМ виллад-106 ажилтан
  • Монгол хотхонд-50 ажилтан тус бүр сайн дураараа ажиллах юм байна.
Categories
мэдээ нийгэм

Урлагийнхан хавдрын эсрэг нэгдэнэ

Хорт хавдар манай орны хүн амын нас баралтын хоёр дахь шалтгаан болж,
түүний дотор элэгний хорт хавдар 40 гаруй хувийг эзэлж байна. Тиймээс
Хавдар судлалын үндэсний төв элэг шилжүүлэн суулгах мэс засал хийх эрхэм
зорилтыг дэвшүүлж, “Элэг нэгт Монголчууд” сан байгуулан хандивын аян
зохион байгуулж байна.

Тус сангийн санал санаачлагыг Улаанбаатар
хот дахь урлаг, соёлын байгууллагууд дэмжин ажиллахаар болж төлөөлөн
Улсын Драмын Эрдмийн Театрын захирал Ц.Цэрэнсамбуу, Үндэсний Дуу бүжгийн
Эрдмийн чуулгын захирал Г.Цогоо, Монгол Улсын гавъяат дуучин Т.Ариунаа
нар ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаатай уулзаж энэ сарын
14-нд нэгэн зэрэг бүх нийтээрээ байгаа байгаа газартаа тоглолт зохион
байгуулахаар болсноо мэдэгдсэн юм. Өнөөдрийн байдлаар төрийн
харъяалалтай монголын 40 орчим байгууллага үйл ажиллагаагаа явуулж буй
бөгөөд 5200 орчим уранбүтээлчид ажилладаг байна. Тэд энэхүү хандивын
тоглолтоороо 100 орчим сая төгрөгийн орлого олно гэж тооцоолжээ.

Ийнхүү урлагийнхны санаачилсан хандивын
тоглолт нь “Хавдаргүй монгол” болох эрхэм зорилгод нийцэж байгаа учраас
Эрүүл мэнд, спортын яам энэхүү сайн үйлсийн арга хэмжээг бүх талаар
дэмжин ажиллахаар боллоо.

“Хавдаргүй
Монгол” аян-ны хүрээнд 2016 оны 05 дугаар сарын 14-нд Улаанбаатар хотод
зохион байгуулагдах соёл урлагийн арга хэмжээний хуваарь

Хаана

Цаг

Тоглолын нэр

Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд

15 цагт

Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын

“Монголын их хатад” бүжгийн концерт

Улсын драмын эрдмийн театр

18 цаг

“Ромео Жульетта” жүжиг

Улсын дуурь бүжгийн эрдмийн театр

15 цаг

“Үүлэн заяа” дуулалт жүжиг

17 цаг

Улсын филармони

15 цаг

“Бид нэг гэр бүл” концерт

Улсын хүүхэлдэйн театр

15 цаг

“Мял богд” хүүхдийн уран бүтээл

Categories
мэдээ нийгэм

Согтуу иргэнийг баривчлахдаа газар хэвтүүлэн гишгэсэн цагдааг хүмүүс шүүмжилж байна

Цахим сүлжээгээр согтуу иргэнийг баривчлахдаа газар хэвтүүлэн дээр нь
нэг хөлөөрөө гишгээд зогсож буй цагдаагийн ажилтны зураг цахим
сүлжээгээр тархаж хүмүүсийн эгдүүцлийг хүргэсэн. Төрийг төлөөлж
ажилладаг цагдаа хичнээн бусдыг баричвлах эрх нь байгаа ч хүнийг хүн
ёсоор үзэж хандах хэрэгтэй гэсэн шүүмж зургийн араас дагалдсаар . Иргэд ч
тус цагдаад хариуцлага тооцохыг шаардсан. Хамгийн сүүлийн мэдээллээр
холбогдох газар “Цагдаагийн хэн болохыг тодруулсан. Манай цагдаагийн
үндсэн ажилтан биш. Энэ жил сонгон ажилд орсон олон нийтийн цагдаа байна
лээ. Одоогоор Улаанбаатар хотын цагдаагийн газарт албаны шалгалт хийж
байгаа” гэсэн мэдээлэл өгсөн байна.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг хуулийн төсөл өргөн барив

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод өнөөдөр /2016.05.05/ УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барив. Энэхүү хуулийн төслийг өргөн барих хууль зүйн шаардлага нь Монгол Улсын Их Хурлаар 2003 онд хэлэлцэн баталсан Тамхины Хяналтын Суурь Конвенцийн 6-р зүйлд “тамхины хэрэглээг бууруулахад чиглэсэн эрүүл мэндийн зорилтуудад хувь нэмэр оруулах зорилгоор тамхины бүтээгдэхүүнүүдэд татварын бодлого, шаардлагатай үед үнийн бодлого авч хэрэгжүүлэх” гэж заасан байдаг. Тус баримт бичигт тамхины хэрэглээг бууруулах үр дүнтэй арга хэмжээг тодорхойлж, улс орнууд тамхины онцгой албан татварын хэмжээг нэмэгдүүлэх тодорхой үүргийг хүлээдэг байна. Мөн Монгол Улсын Их Хурлаар 2003 онд хэлэлцэн баталсан Тамхины Хяналтын Суурь Конвенци, Монгол Улсын Их хурлын 2012 онд баталсан Тамхины хяналтын тухай хууль, Засгийн газрын 2014 оны 34 дүгээр тогтоолоор батлагдсан “Амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй өвчнөөс сэргийлэх хянах үндэсний 2 дахь хөтөлбөр”-т Тамхины онцгой албан таварыг нэмэгдүүлж, тамхины хэрэглээг бууруулах, улмаар хүн амыг эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагааг тусгасан байдаг.

Дэлхийн хүн амд тулгамдаад байгаа нийгмийн эрүүл мэндийн хамгийн том асуудал бол тамхидалт юм. Тамхидалт нь 6 секунд тутамд нэг хүнийг, насанд хүрэгчдийн 10 хүн тутамд нэгийг, жилдээ 5 сая хүнийг үхэлд хүргэж байна. Тамхины онцгой албан татварыг нэмэгдүүлснээр хүн амын тамхины хэрэглээ буурч,амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй өвчлөл, нас баралтын тоо багасна. Тамхины татварыг хэрхэн нэмэгдүүлснээс шалтгаалан жилд1058-3385 хүний амийг аврах боломжтой. Мөн хүүхэд өсвөр үе, залуучуудыг тамхинд донтохоос сэргийлэх, тэдний тамхины хэрэглээг багасгах чухал ач холбогдолтой. Иймд онцгой албан татварын тухай хуулийн 6 болон 7 дугаар зүйлд заагдсан тамхинд ноогдох онцгой албан таварын хэмжээг хэмжих нэгж тус бүрт (100 ширхэг янжуур тамхинд, 1 кг дүнсэн тамхинд ) 2 дахин нэмэгдүүлэхээр шинэчлэн тогтоох хуулийн төслийн үзэл баримтлалыг боловсруулаад байна. Онцгой албан татварын хэмжээг 50 хувь нэмэгдүүлснээр төсвийн орлогод 75 тэрбум төгрөг, 75 хувь нэмэгдүүлснээр 146 тэрбум төгрөг, 100 хувь нэмэгдүүлснээр 183.5 тэрбум төгрөг өмнөх оны татварын орлого дээр нэмэгдэх боломжтой. Манай улсад тамхинаас үүдэлтэй хүн амын өвчлөл, нас баралт өндөр байна. Сүүлийн 10 жилд тамхинаас үүдэлтэй зүрх судасны эмгэгээр нас барах тохиолдол 2 дахин нэмэгдэж, нас барсан 3 хүн тутмын нэгнь зүрх судасны эмгэг, 5 хүн тутмын нэг нь хорт хавдрын улмаас нас барж байна гэсэн үзүүлэлт гарсан. Эдгээр өвчлөлүүд нь бүгд тамхитай холбоотой юм.Манай улсын хүн амын тамхины хэрэглээнд 2013 онд хийсэн судалгаагаар нийт хүн амын 27 хувь, үүнээс эрэгтэйчүүдийн 49 хувь, эмэгтэйчүүдийн 5 хувь нь тамхи татдаг байсан байна. Тамхины хэрэглээг бууруулах хамгийн үр дүнтэй арга нь тамхины онцгой албан татварыг нэмэгдүүлэх юм. Тамхины үнэ өсөхөд өсвөр насны болон залуучуудын тамхины хэрэглээ эрс буурдаг хэмээн хууль санаачлагч хэллээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
гадаад мэдээ

Хятадын уурхайд хий дэлбэрч, зургаан хүн амиа алджээ

Хятадын Юнань мужийн Яньцин дахь “Shaba Coal Mine” уурхайд хий дэлбэрсний улмаас хамгийн багадаа зургаан хүн амь алдлаа гэж нутгийн эрх баригчид мэдээллэснийг “Синьхуа” агентлаг дамжуулжээ. Дэлбэрэлтийн улмаас хичнээн хүн бэртэж гэмтсэн талаар тодорхой мэдээлэл байхгүй, мөрдөн шалгах ажиллагаа эхэлсэн бөгөөд аврах ажиллагаа үргэлжилж буй юм байна.

Хятадын уул уурхайн салбар дэлхий дээр хамгийн аюултайд тооцогддог аж. Тус улсын эрх баригчид энэ салбарт хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлыг сахиулах гэж өндөр шаардлага тавьдаг ч уурхайн ослоор жил бүр хэдэн мянган уурхайчин амь алдсан хэвээр буй. 2015 онд Хятадын эрх баригчид хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны шаардлага хангахгүй байгаа 5000 жижиг уурхайг хаах шийдвэр гаргажээ.

Categories
мэдээ спорт

“Төв Ургац” хүрэл медаль хүртлээ

“ТӨВ УРГАЦ”-“СЕНТОЗА ИРВЭСҮҮД” 105:97

Үндэсний супер лигийн хүрэл медаль төлөө “Төв Ургац”, “Сентоза Ирвэсүүд”-тэй өрсөлдөв. “Ирвэсүүд” легионер тоглогчгүй талбайд гарсан бол “Төв Ургац”-ын гол мотор Крис Жонес мөн нутаг буцжээ. Гэхдээ “Төв Ургац”-ын Онвукамуче, Майлс нар багаа медальд хүргэхийн тулд үлдсэн аж. Тоглолтын эхнээс Майлс шилдэг байлаа. Улмаар эхний хагаст “Төв Ургац” бүх талаараа илүүрхэв. Гэхдээ гуравдугаар үед “Ирвэсүүд”-ийн тоглолт бага зэрэг сэргэсэн бөгөөд тооны харьцааг ч ойртуулаад амжсан юм. Гэхдээ “Төв Ургац” тэдэнд боломж олголгүй довтолсоор өрсөлдөгчөө 105:97-гоор буулган авав. Тус тоглолтод “Төв Ургац”-аас Д.Дэлгэрням 30 оноо, 11 самбар авч багаа тэргүүлэв. Мөн Майлс 24, Онвукамуче 23 оноо, 21 самбар, Д.Мөнхтөр 15 оноо авчээ. Харин “ Ирвэсүүд”-ээс Т.Санчир 27 оноо, С.Эрдэнэдалай 21 оноо, 12 самбар, Э.Дорж-Арилд 20 оноо, 11 самбар авав.


SBL ХАСЫН ХҮЛГҮҮД-АЛЬЯНС ТЕХ ХАРЦАГА 110:124 /Цуврал1:3/

МҮСБХ-ны Үндэсний супер лигийн аваргын төлөөх цувралын дөрөв дэх тоглолт СТО-д өчигдөр боллоо.

Хүчирхэг бүрэлдэхүүнтэй “Хүлгүүд” цувралд 1:2-оор хожигдож эхэлсэн тул өчигдрийн тоглолтод заавал хожих ёстой байсан. Хэрэв тэд хожигдвол байдал улам хүндрэх байлаа. Гэхдээ тоглолтын эхнээс “Харцага”-ын Райн Гесковски гайхалтай байж зөвхөн нэгдүгээр үед 15 оноо авав. Улмаар баг нь өрсөлдөгчөөсөө 14 оноогоор тасарчээ. Ийнхүү эхний үе 40:26-гаар “Харцага” илүүрхэв. Харин хоёрдугаар үед легионер тоглогч Корбин сайн тоглолтоо үзүүлэн “Хүлгүүд” тооны харьцааг ойртуулж чадсан юм. Улмаар эхний хагас 59:58-аар дууслаа. Гуравдугаар үед Б.Билгүүн шилдэг тоглолтоо үзүүлэн 11 оноо авснаар баг нь таван оноогоор тэргүүлж эхлэв. Энэ үе 88:83-аар “Хүлгүүд”-ийн давамгайллаар өндөрлөсөн юм. Нэг, хоёрдугаар үед тааруухан тоглосон “Харцага”-ын легионер Карл Блэйр шийдвэрлэх сүүлчийн хагаст үнэхээр онцгой байлаа. Ялангуяа дөрөвдүгээр үеийн эхэнд дараалан найман оноо авч багаа сэргээв. Улмаар “Харцага” тэргүүллээ хадгалсаар өрсөлдөгчөө 124:110-аар буулган авч цувралыг 3:1 болголоо. Одоо “Хүлгүүд”-д хожигдох эрх байхгүй. Энэ тоглолтыг үзсэн хөгжөөн дэмжигчид шүүгчдийн алдаатай шүүлтийн улмаас “Харцага” хожлоо хэмээн дүгнэсэн болов уу. Хэрэв дэмждэг баг тань хожигдсон бол алдаагаа шүүгчээс битгий хайгаарай. Багийн үзүүлэлтийг харахад хоёр баг тэнцүүхэн өрсөлджээ. Харин “Хүлгүүд” багаараа есөн холын зайн шидэлт амжилттай болгосон бол “Харцага” багаараа 14 шидэлт байнд нь тусгасан нь ялалтын үндэс болжээ. Мөн “Хүлгүүд”-ийн хамгаалалт тун тааруу байсныг онцлох нь зүйтэй. Тэд хамгаалалтын шилжилт дээр алдаа гаргаснаар эсрэг багийн нэг тоглогчийг заавал сул орхиж байлаа. Мөн Райн Гесковскиг “Хүлгүүд”-ээс хамгаалах тоглогч одоохондоо алга. “Харцага” довтолгооны самбарт тун идэвхтэй тоглож байна. Тус тоглолтод “Харцага”-аас Райн Гесковски 39 оноо, 10 самбар авч багаа тэргүүлсэн бол Блэйр 32 оноо, 11 самбар, зургаан оновчтой дамжуулалт, П.Болортулга 10 оноо авчээ. Харин “Хүлгүүд”-ээс Б.Билгүүн 35 оноо, 9 самбар, Корбин 30 оноо, найман самбар, Н.Золжаргал 13, О.Сэргэлэн 11, М.Отгонмөнх 10 оноо тус тус авав.

Categories
мэдээ улс-төр

Дэмпингийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат Дэмпингийн тухай хуулийн төслийг өнөөдөр /2016.05.05/ өргөн мэдүүллээ.

Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлогод “Аж үйлдвэрийн салбар нь өрсөлдөх чадвар бүхий экспортыг дэмжих, импортыг орлох үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэх, эдийн засгийн аюулгүй байдлыг хангах Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл мөн” гэж тодорхойлсон.Монгол Улс 2015 онд дэлхийн 148 улстай худалдаа хийснээс 69 улсад бараагаа экспортлож, 145 улсаас гарал үүсэлтэй барааг импортлосон дүнтэй байна. Монгол Улсын олон улсын гэрээ тухайлбал, ДХБ-ын хэлэлцээрүүд, зарчим, дүрэм, журамд нийцүүлэн гадаад орнуудтай харилцан ашигтай худалдаа хийх, үндэсний эдийн засгаа хамгаалах, худалдааны бодлогыг дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлоготой уялдуулах, дотоодын зах зээлийг шударга бус өрсөлдөөнөөс хамгаалах эрх зүйн орчинг бий болгох зайлшгүй шаардлагыг бий болгож байна хэмээн Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат Улсын Их Хурлын даргад танилцуулав.

Дотоодын үйлдвэрлэлийг хамгаалах эрх зүйн орчинг бүрдүүлэхээр Дэмпингийн тухай хуулийн төслийг 9 бүлэг, 40 зүйлтэйгээр боловсруулсан бөгөөд уг хуулийн төслийн 4.1.1-д зааснаар “дэмпинг” гэж Монгол Улсын нутаг дэвсгэрт импортоор оруулж байгаа барааны үнэ экспортлогч орны зах зээлийн үнээс доогуур байхыг ойлгохоор тусгасан байна. Мөн энэхүү хуулийн төсөл батлагдсанаар эдийн засаг, нийгмийн хөгжлийг худалдаагаар дэмжих төрийн бодлого, зохицуулалт, хамгаалалтыг олон улсын эрх зүйн хэм хэмжээний болон дотоодын хууль тогтоомжийн хүрээнд нэгдсэн байдлаар хэрэгжүүлэх эрх зүйн цогц арга хэрэгсэл бий болно гэж үзэж буйгаа төсөл санаачлагч хэлсэн юм. Хуулийн төсөлтэй холбогдуулан дагалдаж “Өрсөлдөөний тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах юм байна гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Зөвшөөрөлгүй байрлуулсан сурталчилгааны самбаруудыг буулгаж байна

Нийслэлийн хэмжээнд гудамж талбайд зөвшөөрөлгүй байрлуулсан сурталчилгааны самбарыг долоо хоногийн дотор буулгах шийдвэр гаргажээ. Өнөөдрийн байдлаар нийслэл хотын хэмжээнд нийт 760 орчим томоохон сурталчилгааны самбар байгаагаас 269 нь самбар зөвшөөрөлгүй байсан байна. Эдгээрээс 69 нь том хэмжээний, 200 нь жижиг мэдээллийн болон хаягийн самбар юм байна. Эдгээрийг буулгахад 90 сая төгрөг шаардлагатай ажээ. Зөвшөөрөлгүй байршуулсан самбарыг буулгахад зориулсан хөрөнгийг тухайн аж ахуйн нэгж байгууллагаар буцаан төлүүлнэ гэдгээ мэдэгдлээ. Энэхүү ажлыг “Улаанбаатар нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгааны байгууламж байрлуулахад дагаж мөрдөх журам”-ын хэрэгжилтийн дагуу дүүргүүдийн Засаг дарга нарт үүрэг өгчээ.

Нийслэл хотод сурталчилгааны самбар байрлуулах зөвшөөрлийг харьяа дүүргүүдийн Засаг даргын тамгын газар олгож, ашиглалтын гэрээ байгуулан төлбөр төвлөрүүлдэг байна. Өнгөрсөн гурван жилд сурталчилгааны самбарын орлого жил бүр тогтмол 600-700 сая төгрөг байжээ.