Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт орууллаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар байнгын хорооноос гаргасан санал дүгнэлтийн дагуу Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн шийдвэрлэлээ. Өнөөдрийн хуралдаанд оролцсон 58 гишүүний 72.4 хувийн саналаар дэмжин Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт орууллаа. Ингэснээр УИХ-ын сонгууль жижиг 76 тойрогтой байхаар болж байгаа юм.

Мөн УИХ-ын 2016 оны нэгдүгээр сарын 29-ний өдрийн УИХ-ын тогтоолыг 75.9 хувийн саналаар хүчингүй болголоо. Учир нь хуучин хуулиар намуудын нэр дэвшүүлэх ажиллагаа өнөөдрөөс эхэлж ирэх даваа гаригт дуусах ёстой байсан юм. Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авсантай холбоотойгоор боломжгүй болсон тул уг хугацаанд өөрчлөлт орж намууд тавдугаар сарын 20-23-ны хооронд УИХ-д өрсөлдөх нэр дэвшигчээ тодруулах болж байна.

Цэцийн дүгнэлтээр орон нутгийн сонгууль хөндөгдөөгүй тул нэр дэвшүүлэх хугацаанд өөрчлөлт орохгүй юм байна. Тиймээс ирэх даваа гаригт багтаан орон нутгийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчийг тодруулах ажиллагааг хуулийн хугацаанд нь багтаах чиглэлийг УИХ-ын дарга З.Энхболд өглөө. Энэ асуудлыг хэлэлцэн шийдвэрлэснээр УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө.

Categories
мэдээ улс-төр

Сонгуулийн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхлээд байна. Чуулганы нэгдсэн хуралдаанаар Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон түүнтэй холбоотой тогтоолыг хэлэлцэж байна. Энэ нь Үндсэн хуулийн цэцээс сонгуулийн пропорциональ тогтолцоо нь Үндсэн хуулийн зарим зүйл заалтыг зөрчиж байна гэсэн дүгнэлт гаргасныг УИХ хүлээн авсан. Үүнтэй холбоотойгоор Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нэг мандаттай 76 тойрогт УИХ-ын сонгуулийг зохион байгуулах тухай асуудлыг хэлэлцэж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд малчдад сүү хандивлав

Дундговь аймгийн төвийн сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд төл малын бойжилтод зориулж малчдад сүү хандивласан байна. Тэд аймгийнхаа Улаан загалмайн хорооноос зохион байгуулсан “Сүүгээр төл бойжино, Төлөөр мал өснө” аянд нэгджээ. Хүүхдүүд тус бүрдээ 100 гр сүү хандивлаж, нийт 240 сав шингэн болон хуурай сүүг Улаан загалмайн хороонд хүлээлгэн өгсөн байна. Хандивын сүүг Улаан загалмайн сайн дурын идэвхитнүүд сумдад хуваарилж, сумд малчин өрхдөө өгч эхэлжээ.

“Хүүхдүүдийн дунд өрнүүлсэн хүмүүнлэгийн аяныг МУЗН-ын Хүүхэд залуучуудын хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулсан. Хүүхдүүд идэвхитэй оролцлоо. Ер нь Улаан загалмайн хорооноос зохион байгуулсан ажилд хүүхдүүд идэвхитэй оролцдог. Манайд 2500 гаруй өсвөрийн улаан загалмайчид бий” гэж тус аймгийн Улаан загалмайн хорооны дарга Д.Сампил хэлжээ.

Categories
мэдээ улс-төр

С.Баярцогт: Засгийн газар эрх зүйн чадамжтай

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар “Шударга ёс” эвслийн бүлгээс гарч, тус эвсэл зургаан гишүүнтэй болсноос бүлэг тарж, Засгийн газрын эрх зүйн чадамжид нөлөөлж болзошгүй гэсэн мэдээлэлд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт тайлбар хийлээ.

С.Баярцогт: “Энэ бол хоёр өөр асуудал. Засгийн газрыг бүрдүүлэх асуудал бол УИХ-ын сонгуульд оролцсон субъектүүдийн хооронд яригддаг. Ардчилсан нам, “Шударга ёс” эвсэл, Иргэний Зориг Ногоон намын хооронд байгуулсан гэрээнүүд хүчин төгөлдөр байгаа. Сонгуульд оролцсон субъектүүдийн хувьд Ардчилсан нам, “Шударга ёс” эвсэл, Иргэний Зориг Ногоон намд өөрчлөлт ороогүй учраас Засгийн газрын үйл ажиллагаа, чадамжийн хувьд ямар ч асуудал гарахгүй. Сонгуульд оролцсон субъектээрээ асуудал тайлбарлагдах учраас Засгийн газар эрх зүйн чадамжтай.

Хоёр дахь асуудал бол УИХ-ын хуультай холбоотой асуудал. УИХ-д наймаас дээш гишүүнтэй нам, эвсэл бүлэг байгуулах хууль зүйн зохицуулалттай. “Шударга ёс” эвслийн бүлэг анх 11 гишүүнтэй байсан. Үйл явцын дунд тухайн эвслээс таван гишүүн гарч өөр намуудад орсон учраас “Шударга ёс” эвслийг төлөөлж УИХ-д зургаан гишүүн үлдсэн. Тиймээс бүлэгтэй байх чадамжгүй болж байгаа юм. Өөрөөр хэлбэл цаашид “Шударга ёс” эвслээс нэр дэвшиж, УИХ-ын гишүүн болсон бүлэггүй гишүүд гэж ойлгож болно. Эвслийн бүлэггүй болж байгаа ч “Шударга ёс” эвслийн үйл ажиллагаа үргэлжилж байгаа учраас Засгийн газрын чадамжид ямар нэгэн байдлаар нөлөөлөхгүй. Засгийн газрын үйл ажиллагаанд оролцох, УИХ-ын бүлэгтэй байх нь хоёр өөр асуудал. Тиймээс Засгийн газар үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх эрх зүйн чадамжтай” гэж хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Буйр нууранд осолдсон гурван иргэний цогцсыг олоогүй байна

Дорнод аймгийн Халхгол сумын “Буйр” нууранд дөрвөн иргэн завьтай загасчилж яваад усанд осолдсоныг өмнө нь мэдээлж байсан. Тодруулбал, хоёр иргэн нь нуурын усанд осолдож, хоёр нь эргээс 300 метрт мөсөн дээр байгаа тухай дуудлага өнгөрсөн сарын 24-ний өдөр ирсэн байдаг. Тус өдөр Хилийн 0306 дугаар ангийн алба хаагчид мөсөн дээр осгож нас барсан иргэн 27 настай Б-ын цогцсыг гарсан байна. Ингээд улмаар 42 настай Г, 26 настай Б, 41 настай М нарын цогцсыг эрэн хайх ажиллагааг Онцгой байдлын газраас явуулж осолдсон иргэдийн завийг олоод байгаа. Харин одоогоор цогцсыг олоогүй байгаа аж.

Categories
гадаад мэдээ

Галаас гурван хүүхдээ амьд авч гарахын тулд цонхоороо шиджээ

БНСУ-ын Пхёнтхэк хотод нэгэн айлд гал гарчээ. Гал гарахад гэртэй гурван хүүхэдтэйгээ байсан эмэгтэй нэлээд сандарсан байна. Тэрээр хүүхдүүдээ галаас аврахын тулд цонхоор шиджээ. Учир нь цонхон доор олон хүн цугларсан байсан аж. Хоромхон зуур гал газар авахад тус ээж зоригтой алхам хийж нэг, гурав болон дөрвөн настай хүүхдүүд ээ цонхоор шидэж өөрөө хамгийн сүүлд үсэрчээ. Аз болоход тэд бэртэж гэмтээгүй, эрүүл саруул үлдэж, галаас аврагдсан байна. Тэднийг байшингийн ойролцоо явж байсан Осаны агаарын бааз дахь АНУ-ын цэргүүд аварчээ.

Түүний нөхөр Принс Энёоко эхнэр хүүхдүүдийг нь аварсан хүмүүст ямар их баярлаж байгаагаа илэрхийлээд, насан туршдаа өртэй үлдлээ хэмээжээ. Тус гэр бүлийнхэн Нигерийн иргэд бөгөөд Өмнөд Солонгос улсад цагаачлан амьдардаг байжээ.

Categories
мэдээ нийгэм

ХӨСҮТ шинэ тоног төхөөрөмжүүдээ эмчилгээнд ашиглаж эхэллээ

Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн
бичгийн дарга С.Ламбаа Халдварт өвчин судлалын үндэсний төвийн сэхээн
амьдруулах эрчимт эмчилгээний тасагт шинээр суурилуулсан тоног
төхөөрөмжүүдийн ашиглалт, үйл ажиллагаатай танилцлаа. Улаанбурхан өвчний
эмчилгээнд нэн шаардалгатай тоног төхөөрөмжүүдийг тус эмнэлэгт
нийлүүлж, ашиглаж эхлээд байгаа юм.

Зохиомол амьсгалын аппарат, дуслын
автомат тариур, өвчтний хяналтын дэлгэцтэй болсноор хүүхдүүдэд үзүүлэх
тусламж, үйлчилгээнд ихээхэн дэвшил авчирлаа. Суурилуулсан тоног
төхөөрөмжүүд өмнө хэрэглэж байсантай харьцуулахад овор хэмжээ, дуу чимээ
багатай, шинэ горимуудыг ашиглах боломжтойгоороо давуу талтай гэж тус
эмнэлгийн эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч Ц.Чинбаяр танилцууллаа.

Засгийн газрын шийдвэрийн дагуу
улаанбурхан өвчний эмчилгээнд зориулсан эм, тоног төхөөрөмжийг бүрэн
нийлүүлж дууссан. Халдварт өвчин судлалын үндэсний төвд 350 сая
төгрөгийн тоног төхөөрөмж, техник хэрэгслийг иж бүрнээр угсарч, ашиглаж
эхэллээ. Амьсгалын аппарат, хяналтын дэлгэц дэлхийн стандартын дагуу
эрчимт эмчилгээний тасгийн ор тус бүр дээр суурилуулснаар эмчилгээ,
үйлчилгээний чанарт дэвшил гарна гэж Эрүүл мэнд, спортын яамны Төрийн
нарийн бичгийн дарга С.Ламбаа хэллээ.

Эрчимт эмчилгээний тасагт өнөөдрийн
байдлаар 15 хүүхэд эмчлүүлж байна. Энэ хүүхдүүдэд амьсгалын аппарат,
хяналтын дэлгэц, дуслын шахуурга хангалттай хүрэлцэж байгаа гэж их эмч
М. Ууганчимэг танилцууллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

АН жижиг мажоритор 76 тойргийг сонгов

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ээлжит бус хуралдаан боллоо. Хуралдаанаар сонгуулийн тойргийг хэлэлцээд жижиг 76 тойргийг сонгох шийдэлд хүрчээ. Энэ тойргийг сонгосон нь нэг намаас нэр дэвшигчид хоорондоо өрсөлдөж, саналаа хуваалцахгүй хэмээн үзсэнтэй холбоотой. Том 26 тойргийг сонгосон нөхцөлд нэг намаас нэр дэвшигчид хоорондоо өрсөлддөг учраас жижиг 76 тойргийг сонгох нь зөв хэмээн шийдэлд хүрсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Ахлах ангийнхныг зуслан хүлээж авахдаа ДОХ-ын шинжилгээ авна

Нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газраас өнөөдөр энэ зун ажиллах хүүхдийн зуслангуудыг танилцууллаа.

Энэ жил хүүхдийн зуслангууд ирэх сарын 8-наас эхлэн хүүхдүүдээ авч эхэлнэ. Нийслэлийн хэмжээнд 24 хүүхдийн зуслан ажиллана. Хүүхдүүд зусланд амрахын тулд child.gov.mn сайтаас эрүүл мэндийн хуудсыг татан авч, харьяа дүүргийн Эрүүл мэндийн төвөөр бөглүүлэх хэрэгтэй. Харин хувийн болон харьяаллын бус эмнэлгээр бөглүүлбэл хүчингүйд тооцохыг анхааруулав. Мөн зусланд амрах хүүхдүүд дотор, арьс, сүрьеэ, цагаан хорхой болон шээсний шинжилгээ өгөх юм байна. Харин 16-18 насныхан ДОХ, бэлгийн замын халдварт өвчний шинжилгээ өгөх шаардлагатай гэнэ.

Categories
мэдээ нийгэм

Хүүхэд харах үйлчилгээнд 1300 хүүхэд хамрагдаж байна

Нийслэлийн Хүүхэд, Гэр Бүл Хөгжлийн газраас өнөөдөр мэдээлэл хийв. Энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар 715 хүн хүүхэд харагчийн сургалтад сууж, улмаар шалгалтдаа тэнцээд “хүүхэд харагч” гэсэн гэрчилгээгээ гардаж авчээ.

Үүний 391 хүн нь байрныхаа дүгнэлтийг гаргуулаад, хүүхэд харах үйлчилгээг эрхлэх зөвшөөрөл авсан байна. Тус таван өдрийн сургалтын үеэр хүүхдийн эрх хамгаалал, эрүүл ахуй, хүүхдийн хөгжил, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асаргаа гэх мэт хичээлүүдийг заадаг аж. Өнөөдрийн байдлаар 150 хүүхэд харах үйлчилгээг эрхлэх зөвшөөрөлтэй байранд тодорхой шалгууруудыг давсан 277 хүүхэд асрагч үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд 1300 гаруй хүүхэд хамрагдаж байна. Хүүхэд харах үйлчилгээ гэдэг нь хоёроос зургаан настай хүүхдийг /цэцэрлэгт явах боломжгүй/ харж, амраах, тоглуулах, асран хамгаалах үйлчилгээг хэлнэ. Улсаас хувьсах болон хоолны зардал гэж 113,300 төгрөгийг гаргаж байгаа. Үүний 60 хүртэлх хувийг эцэг эхээс гаргуулж болох байна.