Categories
мэдээ соёл-урлаг

“Зургаа дахь хүсэл” өнөөдөр нээлтээ хийнэ

СУИС-ийн Хөгжимт драмын ангийг 2005 онд төгсч, анги хамт олноороо “Хувьсал” продакшнд харьяалагдаж урлаг хэмээх их айлд хөл тавьсан чадварлаг уран бүтээлчдийн хамтран бүтээсэн “Зургаа дахь хүсэл” кино өнөөдөр манай кино театруудын дэлгэцнээ нээлтээ хийнэ.

Киноны продюссерээр жүжигчин, хөтлөгч Э.Ууганбаяр ажилласан бол зохиолыг Б.Буяндэлгэр бичиж, МУСТА Б.Тулгаа найруулжээ. Харин гол дүрийг МУСТА Э.Мөнхтөр, Б.Уянга, МУСТА Г.Отгонцэцэг, Ц.Энхтайван, Д.Мөнх-Од, Ш.Пүрэвсүрэн нар амилуулсан байна.

Багын зургаан найзын нөхөрлөлийн үнэ цэнэ, хайр дурлалын тухай өгүүлэх энэхүү кино тус тусын амьдралаа хөөж, өөр мэргэжил, өөр үзэл бодолтой болсон найзууд олон жилийн дараа эргэн уулзаж, амьдрал нь хоногоор хэмжигдэх болсон нэг найзынхаа хүсэлтээр хүүхэд насны мөрөөдлөө биелүүлж буйгаар өрнөх аж. Харин тэдний зургаа дахь хүсэл юу байсныг уншигч та өнөөдөр тайлаарай.

Categories
мэдээ нийгэм

“Ulaanbaatar book fair” Чингисийн талбайд болно

“Ulaanbaatar book fair” олон улсын номын баярыг энэ сарын 20-21-ний өдрүүдэд Чингис хааны нэрэмжит талбайд зохион байгуулахаар боллоо. Уг баяр Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд болж байгаа бөгөөд “Номд дурлаж мэдлэгт шүтэх Найрсаг хотын иргэд” уриатай аж.

Уг баяр нь олон улсын зохиолч бүтээгч, уншигчид төдийгүй жуулчдыг татах олон сонирхолтой арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Тухайлбал олон улсын соёлын үзэсгэлэн үзэх, “Ном яръя, кофе ууя” чөлөөт орчин, “Уншлагын баяр”, Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хүүхдүүдтэй уулзах, ахмад зохиолчдын хүндэтгэлийн арга хэмжээ, зохиолын дүрийн тоглолтууд, номын сангийн өдөрлөг, үзэсгэлэн, номын шагналтай тэмцээн уралдаанууд болохоос гадна энэ үеэр ном хэвлэлийн байгууллагууд номоо 20-50 хувийн хямдралтай худалдах юм.

Мөн энэ өдрүүдэд хүндэтгэдэг, хайрладаг зохиолчидтойгоо уулзан худалдан авсан ном дээрээ гарын үсэг зуруулан авах боломжтой. “Номын баяр”-ын хүрээнд нийгэмд тустай үйл ажиллагааг дэмжиж шинээр байгуулагдсан Чингэлтэй дүүргийн “Хүүхдийн номын өргөө”-нд хэрэгцээт шинэ номыг цуглуулах аян өрнүүлэх юм байна.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлд цэрэг татлага эхэллээ

Нийслэлийн хэмжээнд цэргийн жинхэнэ алба хаах хугацааг дуусгаж, бэлтгэлээр халагдсан байлдагч, түрүүчийг хүлээн авах, цэргийн жинхэнэ албанд залуучуудыг татах, гэрээт цэргийн албанд элсүүлэх ажил өнөөдөр эхэлж байна. Цэрэг татлага энэ сарын 8-ныг хүртэл үргэлжлэх юм байна.

Зарлан дуудах хуудсаа авсан иргэдийн бүрдүүлэх бичиг баримт:

• Цэргийн үүрэгтний үнэмлэх

• Цахим үнэмлэх

• Эрүүл мэндийн даатгалын дэвтэр

• Нийгмийн даатгалын дэвтэр

• Хэрвээ оюутан бол оюутны холбогдох материалаа бүрдүүлж, дуудагдсан цэрэг татлагын байрандаа очно.

Дүүргүүдийн цэрэг татлагын байр:

1. Баянгол дүүрэг – “Оюуны ундраа” /96 дугаар дунд сургууль/ цогцолбор

2. Баянзүрх дүүрэг – 53 дугаар дунд сургууль

3. Сүхбаатар дүүрэг – 31 дүгээр дунд сургууль

4. Сонгинохайрхан дүүрэг – “Ирээдүй” / 83 дугаар дунд сургууль/ цогцолбор

5. Хан-Уул дүүрэг – 34 дүгээр дунд сургууль

6. Чингэлтэй дүүрэг – 24 дүгээр дунд сургууль

Categories
мэдээ улс-төр

Чуулганаар дараахь асуудлуудыг хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы хуралдаанаар өнөөдөр ямар асуудал хэлэлцэх тухай танилцуулъя. Хуралдаан 09.00 цагаас эхэлнэ.

09.00 цагаас:

1.Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.01.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

-Хууль санаачлагчийн илтгэлийг Аж үйлдвэрийн сайд Д.ЭРДЭНЭБАТ танилцуулна;

-Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.ГАРАМГАЙБААТАР танилцуулна.

2.“Тогтоолуудад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.04.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

-Хууль санаачлагчийн илтгэлийг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.БУРМАА танилцуулна;

-Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.БАТ-ЭРДЭНЭ танилцуулна.

3.Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Засгийн газар 2016.01.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/:

-Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.САРАНГЭРЭЛ танилцуулна.

4.Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 04 дүгээр дүгнэлт /Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.2 дахь хэсгийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай:

-Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.СУГАР танилцуулна;

-Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.БАТЗАНДАН танилцуулна.

5.Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2016.01.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

-Хууль санаачлагчийн илтгэлийг Уул уурхайн сайд Р.ЖИГЖИД танилцуулна;

-Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.БАТЧИМЭГ танилцуулна.

6.Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг нарын 3 гишүүн 2015.07.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

-Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Л.ЭРДЭНЭЧИМЭГ танилцуулна;

-Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Р.ГОНЧИГДОРЖ танилцуулна.

7.Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Л.Цог 2015.06.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

-Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Л.ЦОГ танилцуулна;

-Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.БОЛД танилцуулна.

8.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2015.09.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/:

-Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.ДАВААСҮРЭН танилцуулна.

9.Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/:

-Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.ДАВААСҮРЭН танилцуулна.

10.Мал, амьтны эрүүл мэндийн тухай /шинэчилсэн найруулга/ тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.07.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/:

-Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Су.БАТБОЛД танилцуулна.

11.“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт” /Засгийн газар 2016.03.31-ний өдөр өргөн мэдүүлсэн/:

-Үндсэн чиглэлийн биелэтийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ танилцуулна;

-Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.ОДОНТУЯА танилцуулна.

12.Органик бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн “Халх гол” хөдөө аж ахуйн бүс байгуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун нарын 8 гишүүн 2015.11.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

-Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Х.БОЛОРЧУЛУУН танилцуулна;

-Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.ЭРДЭНЭЧИМЭГ танилцуулна.

13.Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн өмнөх “Монгол Улсын эдийн засаг, санхүү, төсвийн төлөв байдлын талаарх мэдээлэл” сонсох:

-Монгол Улсын эдийн засаг, санхүү, төсвийн төлөв байдлын талаарх мэдээллийг Сангийн сайд Б.БОЛОР танилцуулна;

14.Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 16 дугаар дүгнэлт:

-Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.ГАНЗОРИГ танилцуулна;

-Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн О.БААСАНХҮҮ танилцуулна.


14.00 цагаас:

  • Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэнгээс Хилийн цэргийн 0311-р ангид алба хааж байгаа албан хаагчдаас ирсэн санал, гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар Хууль зүйн сайдад тавьсан асуулгын хариуг сонсох.
Categories
мэдээ нийгэм

Цахилгааны хязгаарлалт хийх газрууд

Өнөөдөр буюу тавдугаар сарын 6-ны Баасан гарагт дараах байршлуудад цахилгаан эрчим хүч түгээдэг шугам тоноглолд урсгал засвар хийх тул Та бүхэн хэрэглээгээ түр зохицуулна уу.


Баянзүрх дүүрэг

10:30-16:00 цагт: 11-р хороо Хүрэл тогоот, Одон орон судлах Оргил төв
10:30-17:30 цагт: 11-р хороо Товчоо орчмоор, Петровис, М-Ойл, Шунхлай ШТС-ууд, Монгол хабитат, Хүрхрээ тур, Монгол тур ХХК, Дэнжийн 3Т-21 Скай резорт болон замын хойд хэсэг

Сүхбаатар дүүрэг

10:30-17:30 цагт: 10, 11-р хороо 100 айлын 1, 5, 6, 26, 32, 37, 38, 86-р байр, 24, 69-р цэцэрлэг, Сэргээн засалт хөгжлийн үндэсний төв, 16-р сургууль, Хараа, сонсголын бэрхшээлтэй хүүхдийн тусгай дунд сургуулиуд, Бэрэн констракшн, СУИС-ийн 2-р байр болон эдгээрийн ойр орчмоор

Хан-Уул дүүрэг

11:30-14:00 цагт: 8 -р хороо Бага тэнгэрийн ам
11:30-18:00 цагт: 7, 13, 14-р хороо Туулын 1, 2Б хэсэг, задгай, Бөхөг гол, 2, 4-р хэсэг задгай
12:00-13:30 цагт: 13-р хороо иргэн Насанжаргал

Сонгино хайрхан дүүрэг

10:30-18:00 цагт: 18-р хороо 12-р сургууль, 5 шар, Орон сууцууд болон ойр орчмоор

Налайх дүүрэг

10:00-18:00 цагт: 2-р хороо Бүтээлч үйлс, Аврах алба. Тайжийн гэр хороолол, 58, 60, 62-67, 35А-р байр, 10 шарын ЦРП, Цагаан байр

Төв аймаг

10:00-13:00 цагт: Зуунмод сум Хуульчдын хотхон
10:00-18:00 цагт: Баянжаргалан ЗДТГ, Банк, Сургууль, СТО, зүүн гэр хороолол
11:30-18:00 цагт: Алтанбулаг сум 2-р хороо Бөхөг орчмоор
14:00-17:00 цагт: Зуунмод сум Спорт цогцолбор


Цахилгаан эрчим хүчээр түр хязгаарлагдах хэрэглэгчдийг байршлаар нь баримжаалан жагсааж байгааг анхаарна уу. Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орох магадлалтай ба өөрчлөгдсөн тохиолдолд УБЦТС ТӨХК-тай байгуулсан гэрээнд бүртгэлтэй утсаар холбогдож ААН, үйлдвэр, компаниудад мэдээлэх болно.

Цахим үйлчилгээ: my.tog.mn
Мэдээлэл, лавлагаа авах утас: 70047004

Categories
мэдээ цаг-үе

Аав, ээжийгээ ингэж баярлуулаарай

Саяхан манай нэг уншигч утасдаж байна аа.

-Хүү минь, ах нь сонингоо аваад бөөн баяр явж байна.

-Аан за. Таны тухай эсвэл таны бичсэн материал өнөөдрийн дугаарт хэвлэгдсэн байна уу?

-Үгүй ээ, хүү минь. Ах нь саяхан тэтгэвэртээ гарсан юм. Гэртээ хийх юмгүй, утас ч дуугарах нь багасаад үнэндээ ах нь жаахан сэтгэл санаа тааруу байлаа. Тэгсэн хүү маань танай сонинг захиалж өгөөд, өнөөдөр шуудан дээрээс очиж аваарай гэсэн юм. Зорьж очоод авлаа. Надад хаягласан, миний нэртэй сониноо уншаад ах нь сэтгэл сэргээд танай сонины утсаар залгасан юм. Ийм сайхан мэдээллийг надад зориулж гаргаж байгаа та нарт баярлалаа. Одоо ах нь өглөө болгон сониноо очиж авах ажилтай боллоо. Уншаад хөгшиндөө бас байрныхаа хөгшчүүлд ярьж өгнө өө.

Уншигч ах хүү ингэж хэлээд утсаа тавилаа. Түүний баярласан чин сэтгэлийн үг намайг ч гэсэн баярлуулав.

Амьдралын өнгө олон янз. Аагтай бяртай залуу сайхан явахад мэдээлэл бол хэрэгцээ байдаг. Хүн хэрэгцээгээ хангах гэж сонин гарчиглаж, улс төр, нийгэм, эдийн засаг, соёл урлаг, зар сурталчилгааны бүхий л мэдээллийг авч цаг үетэйгээ зэрэгцэн алхдаг. Харин нас ахиад, гэртээ суухын үед мэдээлэл гэдэг хэрэгцээнээс илүү хань бараа, өөрийг нь тоох бусдын хандлага чухал санагддаг биз ээ. Чухам энэ орон зайг “Өдрийн сонин” нөхөж чадсанд уншигч маань ийн талархал илэрхийлээ биз ээ.

Үүнийг уншиж суугаа та ч гэсэн аав, ээжийгээ нэг анзаараад хараарай. Тэтгэвэртээ гараад гэртээ амар амгалан суугаа мэт харагддаг ч найз нөхөд, ажил төрлөө санагалзан сэтгэлдээ гундуухан явдаг юм биш биз.

Ямартаа ч та тэдэндээ сонин захиалаад үз. Өдөр бүр шинэ сониноо авна, уншина, ярина гээд амьдралд нь нэг шинэ соргог зүйл нэмэгдээд ирэхээр амьдрал нь сонирхолтой, хөгжилтэй болоод явчихна даа.

Categories
мэдээ цаг-үе

Т.Сайнжаргал: Цагдаагийн алба хаагчдад улстөрчдөөс дарамт шахалт ирдэг

Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн даргаар ажиллаж байсан, цагдаагийн хурандаа Т.Сайнжаргалтай ярилцлаа.

-Цагдаагийн байгууллагын 95 жилийн ой тохиож байна. Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг сайжруулахад юу шаардлагатай байна вэ. Алба хаагчдын эрхзүйн байдлын тухай хууль батлагдахгүй удаж байна гэсэн шүүмжлэл нэлээд байна. Энэ тухайд та саналаа хэлэхгүй юу?

-Цагдаагийн байгууллагын тухай хуулийг өөрчлөөд Цагдаагийн албаны тухай хууль болгосон. Энэ яахав, цагдаагийн байгууллага ямар бүтэц зохион байгуулалтаар ажиллах талаар зааж өгсөн хууль л даа. Цагдаагийн алба хаагчийн эрхзүйн байдлын тухай хуулийг одоо хүртэл батлаагүй байгаа нь хүлээлт үүсгээд байна. УИХ энэ хуулийг нэн яаралтай баталмаар байна. Цагдаагийн алба хаагчийн эрхзүйн байдлын тухай хууль батлагдаагүй, тодорхой биш байгаа учраас цагдаагийн алба хаагчид ямар нөхцөлд яаж ажиллах нь тодорхойгүй. Хэдийд галт зэвсэг хэрэглэх юм, хэдийд тусгай хэрэгсэл хэрэглэх юм, олон нийтийн эмх замбараагүй байдлын үед ямар, ямар техник хэрэгсэл хэрэглэх юм. Энэ бүх асуудал нь эрхзүйн байдлын тухай хуулиар шийдэгдэх юм. Цагдаагийн алба хаагчийн эрхзүйн байдлын тухай хуулийг батлаагүйтэй холбоотойгоор олон алба хаагч гэмт хэргийн хохирогч болж байна. Сая хөдөө орон нутагт цагдаагийн алба хаагч харамсалтайгаар амиа алдлаа.

-Цагдаагийн алба хаагчийн хангалт, үйлчилгээ сайжирч байгаа гээд байгаа шүү дээ?

-Цагдаагийн алба хаагчийн хангалт үйлчилгээ сайжирч байгаа мэт боловч хамгийн чухал зүйл болох алба хаагчдын тусгай хэрэгсэл, хамгаалалтын хэрэгсэл байхгүй байгаа нь асуудал болж байна. Галт зэвсэгтэй, хурдан машинтай хүний өөдөөс гар мухар тэмцэж өөрсдөө хохирч байна. Дээр нь одоо сонгууль болох дөхөж байна. Дараа нь АСЕМ болно. Цагдаагийн алба хаагчид ачаалалтай ажиллах болно. Цагдаагийн албан хаагчийг хэн дуртай нь загнаж, аашилдаг, дарамталдаг болсон.

-“Баянгол” зочид буудал дахь Х.Баттулга гишүүний хувь эзэмшдэг гэх компаниудад нэгжлэг хийсэн. Та энэ үйл явдлыг хөндлөнгөөс хараад юу гэж бодож байв?

-УИХ-ын гишүүд цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд нөлөөлөх гэсэн оролдлогыг их хийдэг. Халдашгүй дархан байдал гэдгээрээ айлгаж, дарамталж, сүрдүүлдэг асуудал байдаг нь нууц биш. Цагдаагийн ерөнхий газрын даргад чинь чамайг хэлнэ, сайдад чинь хэлнэ гэж сүрдүүлдэг. УИХ-ын эрхзүйн байдлын тухай хуульд УИХ-ын гишүүн нь бусад байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцохыг хориглоно гэсэн заалт бий. УИХ-ын гишүүн тэнгэрээс буугаад ирсэн хүн биш. Бидний дундаас сонгогдож, төрийн түшээ болж чадна гэж ам өчиг өгч сонгогдчихоод одоо ингэж өөрсдөө хууль зөрчиж энэ мэтээр аяглаж байгааг хараад шүүмжлэлтэй хандаж байлаа.

“Баянгол” зочид буудлын гадна болсон асуудлыг харахдаа УИХ-ын гишүүний дархан эрхээрээ далимдуулж, цагдаагийн үйл ажиллагаанд нөлөөлөх гэсэн оролдлого гаргасан. УИХ-ын гишүүн өөрөө хууль зөрчсөн алхам хийснийг олон нийт харсан. Хэд хэдэн гишүүн очоод олон нийтэд мэдээлэл өгөхдөө, бид УИХ-ын гишүүний халдашгүй дархан байдлыг хамгаалж Баттулга гишүүнийг аварлаа гэж буруу мэдээллийг олон нийтэд цацаж байна. Энэ асуудлаа болих хэрэгтэй.

-Энэ үйл явдлын дараа Цагдаагийн ерөнхий газрын даргыг огцруулах асуудал яригдлаа. Энэ асуудлыг юу гэж харж байв?

-Энэ бол Засгийн газар, Ерөнхий сайдын эрх мэдлийн асуудал. Өнөөдөр Засгийн газар танхимын бүрэлдэхүүнээр ажилладаг. Засгийн газрын тэргүүн болох Ерөнхий сайд нь хэнийг Цагдаагийн ерөнхий газрын даргаар томилох вэ гэдэг саналаа гаргаад Засгийн газрын хуралдаанаар оруулдаг. Энэ бол Засгийн газрын эрх хэмжээний асуудал болохоос биш УИХ-ын гишүүдийн хийх ажил, оролцох асуудал биш. УИХ-ын гишүүн Засгийн газрын бүрэн эрхэд халдаж, тэрийг соль, боль гэдэг асуудал тавих нь зохистой биш. Гишүүн хүн ёс суртахуунтай байх хэрэгтэй гэдгийг хэлэх гээд байна.

-Хуулийн байгууллагын үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, эрх бүхий дээд байгууллага нөлөөлж байна гэж хэлэх гээд байна уу?

-Нөлөөлж байна. Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудалд нөлөөлж байна гэж би харж байна. Хоёрт цагдаагийн байгууллагын дотоод асуудалд оролцож, нөлөөлж байна. Цагдаагийн алба хаагчдад хуулиар олгогдсон эрхэд хүртэл оролцож, нөлөөлж байна. Хуулийг буруу тайлбарлаж, олон нийтэд буруу мэдээлэл өгч, асуудлыг шоудаж дэврүүлдэг энэ байдлаа болих хэрэгтэй. Би өөрөө цагдаагийн байгууллагад ажиллаж байхдаа ийм байдалтай таарч байсан хүний хувьд хэлж байна. УИХ-ын бүрэн эрх, халдашгүй байдлын асуудлыг Улсын дээд шүүхээс олон нийтэд зарлаж тайлбарлаж хэлж өгмөөр байгаа юм.

-Танд жишээлбэл, ямар дарамт ирж байсан гэж?

-Нэрийг нь хэлээд яахав. УИХ-ын гишүүний дархан эрх гэдгээр гэмт хэрэгт нөлөөлөх гэж утсаар ярьдаг, хүнээр дамжуулж хэлдэг, дээрээс яриулдаг дарамт шахалтууд байдаг байсан. Цагдаагийн захын алба хаагч, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчдад тулгардаг дарамт учраас нуугаад яахав. Цагдаагийн алба хаагчид эрх мэдэлтэй хүмүүсийн ийм дээрэнгүй байдлыг мэдэрдэг.

-Долдугаар сарын 1-ний үймээн гарах тэр үед та ажиллаж байсан. Энэ үед маш олон иргэд, цагдаагийн алба хаагч хохирсон. Тэр үед гал нээх тушаалыг дээрээс өгсөн байх гэсэн яриа одоо ч иргэдийн дунд байдаг шүү дээ?

-Би долдугаар сарын 1-ний үймээн гарах тэр үед цагдаагийн байгууллагад ажиллаж байсан хүний хувьд хэлэхэд, энэ үйл явдал манай ард түмэнд хамгийн их сургамжтай зүйл болсон. Харамсалтай нь таван хүний эрдэнэт амь хохирсон. Дээр нь цагдаагийн 400 гаруй алба хаагч хөнгөн бөгөөд хүнд гэмтэл авч хохирсон. Өрөөсөн бөөргүй болсон, нүд нь гэмтсэн, цагдаагийн албанд тэнцэхгүй болсон арав гаруй хүн байна. 30 гаруй хүн цагдаагийн эгнээнээс халагдаж группт орсон. Энэ үйл явдлыг дахиж давтахгүй байх ёстой. Гал нээх тушаалын хувьд, цагдаагийн албан хаагчийг буруутай гээд шийтгэсэн учраас нэмж яриад хэрэггүй байх. Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах газар хэргийг шалгаад тогтоочихлоо гээд зарлачихсан. Шалгалтын үйл ажиллагаанд оролцоогүй учраас надад тодорхой мэдээлэл байхгүй.

-Монголын цагдаа генералгүй боллоо гэж шүүмжлэх хүмүүс байдаг юм билээ. Өнөөдөр генералуудын ойн баяр тохиож байна. Энэ тухайд?

-Генералтай байх, байхгүй нь сонин биш. Одоогийн Цагдаагийн албаны тухай хуулиар цагдаагийн дарга тэргүүн коммиссар цолтой байна гэж байгаа. Ийм цолтой байж болж байгаа учраас хуулийнхаа дагуу ямар цол хэргэмийг цагдаагийн дарга, орлогч нар авах ёстой юм тэрүүгээрээ л явах ёстой болов уу. Гэхдээ яахав, зүгээр Цагдаагийн ерөнхий газрын даргад генерал цол олгоход болохгүй зүйл байхгүй. Хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулж байж шийдэх асуудал юм.

-Өнөөдөр цагдаагийн байгууллага ахмадуудаа хүлээн авч уулзаж байна. Хурлын талаар сэтгэгдлээ хуваалцаач. Цагдаагийн ахмадууд юу ярьж, ямар санал шүүмжлэл хэлж байх юм?

-Соёлын төв өргөөний танхим дүүрэн ахмадууд цугларчээ. Цагдаагийн байгууллагын удирдлагууд ахмадууд биднийг хүлээж авч уулзаасай гэж энд ирсэн хүмүүс хүсэн хүлээж байсан нь мэдрэгдэж байна. Ахмадууд голчлон амьдралаа ярьж байна. Ганц цагдаагийн байгууллагын ахмадууд биш Монголын ахмадуудын нүүр царай ямар байгаа вэ гэдэг нь энэхүү хурал дээрээс харагдаж байна гэж бодлоо. Ахмадуудын амьдрал ядуу байна, амьжиргааны түвшин тааруу, авч байгаа тэтгэвэр нь амьдралд нь хүрэлцэхгүй байна гэж ярьцгааж байна. Нийгмийн халамж хүсч байна. Яагаад гэвэл, цэрэг, цагдаагаас тэтгэвэрт гарсан улсууд 60 нас хүрээгүй тэтгэвэрт гардаг. Одоогийн хуулиар эмэгтэйг нь 45 хүрэнгүүт суулгаж байгаа бол эрэгтэй албан хаагч 25 жил ажилласан бол насны хязгаар харгалзахгүйгээр тэтгэвэрт гарч байна. Энэ улсууд маань ахмадын нийгмийн даатгалын хуульд хамрагдаж чаддаггүй. Нийтийн автобус унаанд үнэгүй явж чаддаггүй, сувилалд амрах эрхээ эдэлж чадахгүй гэх зэргээр нийгмийн халамж хүртдэггүй. Би уг нь энэ уулзалтын үеэр цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны талаар ахмадууд оновчтой зөв сайхан саналуудыг олон гаргах болов уу гэж бодсон ч харамсалтай нь тун цөөхөн хүн ярилаа. Ихэнх нь амьдралын боломж тааруу байгаагаа удирдлагууддаа ойлгуулахыг хүсч байна.

-Гэмт хэргийн гаралт буурахгүй байна. Онц ноцтой гэмт хэргүүд ихэсч байна гэж мэдээлж байна. Та энэ чиглэлээр ажиллаж байсан хүний хувьд юу хэлэх вэ?

-Гэмт хэргийн гаралт буурахгүй, өсч байна гэдэг бол амьдрал ядуу байна л гэсэн үг. Аль ч улсад тэгдэг. Олон нийтийн амьжиргаа дээшлээд сайжраад ирэхээр гэмт хэргийн гаралт буурдаг. Аль ч улсад ийм байдаг. Одоо гэмт хэргийн гаралт өссөн. Өсөхдөө төвөгтэй байдлаар өссөн. Банкинд халдах гэмт хэрэг Монгол Улсад бага гардаг байсан бол жилдээ хэд хэд гарч байна. Банк дээрэмдэж байгаа этгээдүүд нь галт зэвсэг хэрэглээд бүлэглэх байдлаар үйлдэж байна. Хуучин шиг адуу малыг хөлөөр нь туугаад аваад явчихдаггүй болж. Гэмт хэрэгтэй тэмцье л гэж бодож байгаа бол ард түмний амьдралыг сайжруулах ёстой. Гэмт хэрэг үйлдэж байгаа хүмүүсийн 60 орчим хувь нь ажилгүй хүмүүс байна. Ид хөдөлмөрлөх насны залуучууд гэмт хэрэгтэн болж байгааг бодох л асуудал.

Х.ЦЭНД-АЮУШ

Categories
мэдээ цаг-үе

Ж.Бодьбаатар: Соёлын хувьд монголчууд гэж хэн юм бэ, дүр төрхөө шинээр тодорхойлох эрэлхийлэл явж байгаа

Урлагийн түүх, соёл судлаач Жигжидсүрэнгийн Бодьбаатартай ярилцлаа.

-Кино найруулагчийн гэр бүлд төрсөн болохоор кинонд дүрээ гаргаад авчээ. “Их хааны удам” кинонд Сайн ноён хан Намнансүрэнгийн бага насны дүрд тоглосон гэсэн?

-Би нэг их тоглосон юм байхгүй. Тэрнийг тэгтлээ яриад яах вэ. Аавын шахалтаар хүчээр шахуу орсон. Авьяасгүй юм болохоор би нэг их тоглоогүй л дээ. Манай ихрийн өрөөсөн л авьяастай шиг байгаа юм. Тоглосон дүр нь овоо хүнд хүрсэн шиг байдаг.

-Танай гэр бүлийнхэн киногоор амьсгалсан хүмүүс. Таныг төлөвшихөд энэ бүхэн нөлөөлсөн байх?

-Тэгэлгүй яах вэ. Ээж, аав хоёр завгүй учраас ихэр бид хоёр урлагийнхны хүүхдийг авдаг 24 цагийн цэцэрлэгт явдаг байлаа. Зун цэцэрлэг амрахаар хөдөө аавтай хамт кино зурганд явчихна. Гэрт байгаа номын сан, кинонууд нөлөөлнө. Хорь гараад киног сонирхож, нэг мэдсэн чинь судалдаг хүн болчихсон шүү дээ.

-Та бас сэтгүүлч мэргэжилтэй юм билээ?

-Өөрийгөө унших, бичих сонирхолтой гэж бодоод, тухайн үедээ Хүмүүнлэгийн их сургуульд олон улсын сэтгүүлч гэдэг гоё нэртэй ангид орсон. Д.Цэмбэл, Д.Цэнджав багш нар миний төлөвшилд нөлөөлсөн гэж боддог. Д.Цэмбэл багш сэтгүүлчээс гадна роман бичдэг, сонгодгуудыг их уншдаг. Хичээлээ бүтээлч маягаар явуулдаг хүн. Габриель Гарсиа Маркесийн “Зуун жилийн ганцаардал”-аас хичээлээ эхлэх жишээтэй. Д.Цэнджав багш бас зохиолч хүн. Хүний дотоод ертөнцийг ойлгох уудлах хүсэлтэй хүмүүс. Төгсөөд шууд Анкарагийн их сургуульд урлагийн түүх судлахаар явсан.

-Урлагийг аль нэг үндэстэнд хамааруулахад хэцүү. Гэхдээ Монголын урлагийн түүх гэж яривал юу сөхөгдөх бол?

-Энэ их ярвигтай сэдэв. Ярвигтай гэдэг нь Монголын урлаг гэсэн бие даасан байдлаар бус Төвд судлалын хавсарга болж явдаг. Олон улсын түвшинд Монгол бие даасан урлагтай байсан гэдэг нь хүлээн зөвшөөрөгдөөгүй. Хүлээн зөвшөөрүүлэх оролдлого байсан л даа. Ялангуяа Н.Цүлтэм гуай 1990-ээд оноос өмнө буюу социализмын үед хүртэл “Монголын урлагийн түүхэн хөгжил”, “Монгол зураг”, “XVII зууны нэрт уран барималч Г.Занабазар” гэж номууд гаргаж байсан. Үүнийг нь маш том амбицтай алхам гэж үздэг. Өндөр гэгээн Занабазарыг нэлээд онцолж, Леонардо да Винчитэй адилтгасан. Леонардо да Винчиг өрнийн урлагийн түүхэнд гоц шидээвэр гэдэг бол манайд бас тийм хэмжээний уран бүтээлч байсан гэж бичсэн. Монголын эзэнт гүрний үеийн өв дурсгалууд гадаадад л бий. Түүнийг манайхан өөрсдөө судалж амжаагүй. Одоо л энэ бүхнээ судалж, түүхээ шинээр бичих цаг үе ирээд байна. Ойрхи Дорнодод гэхэд л Монголын эзэнт гүрэн маш том ул мөрөө үлдээсэн газар. Харин тэрийг судлахын тулд араб, перс, турк хэлтэй байх учиртай.

-“Хүннү Молл”-ын ханыг Ноён уулын булшнаас олдсон ширдгэн дээрх дүрслэл буга барьж байгаа хангарьдаар чимэглэсэн байдаг. Эртний түүхийн дурсгалууд энэ мэтээр орчин үеийн амьдралд ашиглагдах, гоёл чимэглэл, соёлын үйлдвэрлэлд нэвтрэх боломж хэр байгаа вэ?

-Соёлын эргэлт гэдэг ойлголт 1980-1990-ээд оноос хойш бүх түвшинд хүчтэй явсан. Бүх зүйл соёлтой хамааралтай болсон л доо. Соёлын тухай ойлголт нийгэм, эдийн засаг, улс төрөөс ч давж, бүх зүйлийг соёлоор дамжуулж тайлбарлах хандлага дэлгэрсэн. Ерээд оноос хойш буцаад өөрийнхөө соёлд хандах, нээх, шинээр харах ашиглах үзэгдэл пост коммунист гээд байгаа орнуудад илэрч байна. Өмнөх далан жилийн хугацаанд соёлыг судлах боломж төдийлөн нээлттэй байгаагүй. Тэр тусмаа Чингис хаан, эзэнт гүрэн, шашинтай холбоотой соёлыг судлахад тухайн цаг үеийн байдал, үзэл суртлаас болоод хэцүү байлаа шүү дээ. Эрх чөлөө, сэтгэлгээний хувьд нээлттэй болоод ирэхээр үндэс язгуур, соёлын хувьд монголчууд гэж хэн юм бэ гэж шинэ дүр төрхөө тодорхойлох эрэлхийлэл эхэлж байгаа юм. Миний анзаарч байгаагаар энэ бүхэн зайлшгүй болох ёстой үйл явц. Таны хэлээд байгаа хуучны уламжлалт бэлгэдэл, зураг дүрс бүхнийг ашиглах нь нийтийн түвшинд үндсэрхэг өнгөц маягаар яваад байна. Үүнийг лавшруулж нарийн судлах ажлыг хийх ёстой улсууд нь мань мэт шиг байгаа юм. Зах зухаас нь судлаад уншаад яваад байна л даа.

-Соёлын үйлдвэрлэл гэдэг эдийн засгийн өсөлтөд нөлөөлдөг шинэ салбар гарч ирээд байгаа юм биш үү?

-Соёлын үйлдвэрлэл гэдэг санаа анх 1930-аад онд бий болсон. Германы Франкфуртын дэг сургууль гэж Марксын үзэл санааг шинээр унших дэг сургуулийн Хоркхаймер, Адорно гэж сэтгэгчид байсан л даа. Энэ хоёр хүн соёлын үйлдвэрлэл гэдэг ойлголт ухагдахууныг бий болгосон. Тухайн цаг үед аж үйлдвэрлэл ид хөгжиж, механикжиж байсан үед бүлэг улсууд соёлыг аж үйлдвэрлэлийн нэг хэсэг болгож авч үзсэн. Энэ нь явсаар байгаад дэлхийн хоёрдугаар дайнаас хойш соёлын үйлдвэрлэл гэдэгт нэлээд анхаарсан. Манайд дөнгөж яригдаж эхэлж байгаа, баруунд бол хүчтэй яригдаад шүүмжлэлд өртөөд байгаа бүтээлч үйлдвэрлэл гэдэг ойлголт ерээд оны сүүл үеийн Англиас улбаатай, Тони Блэйрийн Засгийн газартай холбоотой. Тони Блэйрийн Засгийн газар 1998 онд төрийн эрхийг авахдаа соёлын бүтээлч үйлдвэрлэл гэдэг ойлголтыг оруулж ирсэн. Энэ ойлголт түүнээс хойш хөгжингүй капиталист орнуудад бодлогын түвшинд дэлгэрсэн л дээ. Тони Блэйрийн үед гарч ирсэн бүтээлч үйлдвэрлэл нь урьдны соёлын үйлдвэрлэлээс зөвхөн нэрийн төдий ялгаатай биш. Бүтээлч үйлдвэрлэл гэдэгтээ өмнө нь соёлд хамааралгүй байсан бусад салбарыг оруулж ирсэн. Тэдний бодлогын бичиг баримтад 13 зүйлийг бүтээлч үйлдвэрлэл гэдэг нэрийн дор тусгасан юм. Энд урьд нь төдийлөн соёлын элемент гэж тооцогддоггүй байсан зар сурталчилгаа, архитектур, хувцас загвар, тэр байтугай компьютер тоглоом гэх мэт салбарууд орж ирсэн. Энд сошиал медиа, мэдээлэл технологийн ертөнц ч хамрагдаад байгаа юм. Соёлын бүтээлч үйлдвэрлэлтэй холбоотой бодлогын шинэ эргэлт бусад оронд ч түгсэн. Хамгийн амжилттай хэрэгжүүлж, бусдад үлгэр дуурайл болж байгаа улс гэж Солонгосыг хэлж болох юм. Солонгосын соёлын довтолгоонд эзлэгдчихлээ гэсэн шүүмжлэл өрнөдөг. Солонгосчууд 2000 оноос соёлын агуулгыг яаж бүтээгдэхүүн болгох вэ гэдгийг гайхамшигтайгаар үзүүлсэн. Солонгосчууд өөрсдийн соёлд байж болох бүх агуулгыг аяга таваг, хүүхэлдэйн кино, хувцас хунар болгоод нийтийн соёлд гаргаж ирсэн л дээ. Энэ нь Азид түгж байсан бол одоо бүр дэлхий нийтэд Солонгосын давалгаа үүсгээд байгаа. Солонгосын давалгаа гэдэг цогц соёлын бодлогын эргэлтийн мөч нь “Ганнам стайл” гэдэг дуу. Тэр бол тохиолдлын зүйл биш. Урлагийн талаас нь харвал нэг их ялгараад байхаар гоц гойд бүтээл биш, гэтэл яагаад гэнэт энэ дуу, дуучин дэлхийн үзэгдэл болчихов гэдэг Солонгосын соёлын бодлогын нэг илрэл. Соёлынхоо түвшинд өөрсдийнхөө дүр төрхийг тодорхойлох гэж оролдож байгаа манайх шиг улсад гэнэт ийм давалгаа орж ирэхээр автаж байгаа мэт эргэлзээ шүүмж үүсээд байна л даа.

-Соёлын үйлдвэрлэл гэдэгт бид юугаар амжилт олох боломжтой юм бэ?

-Монголчууд их амбицлаг улсууд шүү дээ. Бид хэзээ ч өөрсдийгөө Вьетнам, Казахстантай зүйрлэдэггүй. Эдийн засаг улс төрийн ямар ч жишээ авсан дандаа том орнуудтай өөрсдийгөө жишдэг. Гэтэл ингэснээр олж анзаараагүй юмнууд бий. Хамгийн наад зах нь киноны жишээн дээр хэлье. Солонгосын сериалд автчихлаа гээд байгаа. Яаж монгол хэл, агуулгатай киног бий болгох юм бэ. Одоогийн байдлаар жишээ болгож туршлага судлахаар хоёр орон бий. Казахстан, Исланд байна. Яагаад гэвэд Казахстан түүхийн хувьд адилхан коммунист байсан, ороо бусгаа үеийг туулж байгаа. Исланд гэдэг маань хүн амын хувьд ойролцоо. Олон улсын кино наадмуудад Казахстан, Исландын кинонууд заавал оролцож байна. Бидэнтэй түүхийн хувьд ойролцоо, хүн амын хувьд манайхаас ч цөөн хоёр улс яагаад дэлхийн түвшинд гараад байна гэдэг бодож үзэх ёстой зүйл.

-Та Англид соёлын менежментээр сураад ирсэн гэсэн үү?

-Монгол судлал Төвд судлалын хавсарга гэдэг шиг ерээд оноос Соёлын яам маань Боловсролын яамны хавсарга байж ирлээ. Сүүлийн үед соёл гэдэг чухал юм байна. Магадгүй эдийн засаг, улс төрөөс ч түрүүлж явдаг анхдагч ойлголт гэдгийг нийтийн түвшинд ч, бодлого тодорхойлогчдын хувьд ч ойлгож эхэлж байна. Энэ бол ахиц. Гэхдээ эхлэл төдий байна. Эхлээд соёлын бодлого гэдэг нийтлэг ойлголттой болох ёстой. Тэгэхийн тулд өөрсдийгөө соёлын түвшинд тодорхойлох, судалгаатай нотолгоотой байж бодлого явуулна. Миний хувьд соёл, урлагийн түүх судлаач байгаад 2009 оноос таван жил соёлыг хариуцаж бодлогын түвшинд ажилласан. Эхлээд Соёл урлагийн хороонд ажиллаж байгаад сүүлд нь Соёлын яаманд ирсэн. Соёлын бодлогод ахиц байсан ч Солонгос гэх мэт цогц соёлын бодлоготой орнуудтай харьцуулбал манай бодлого тодорхой биш. Соёлын бодлогоо ерээд оноос хойш алдчихсан учраас хүн нь бэлтгэгдээгүй байна. Саяхан би Лондонд соёлын бодлогоор магистрын зэрэг хамгааллаа. Энэ чиглэлээр судалгаа хийдэг, сэтгэл нь зовж байгаа эрдэмтэн, мэргэдээ цуглуулж нэгдсэн бодлого тодорхойлох ёстой. Соёлын хууль гэж манайд бий. Соёлын хуулийг манай нэг мэргэжилтэн “Соёлын хууль бол соёлын байгууллагын хууль” гэж тодорхойлсон. Үнэндээ яг тийм. Л.Пүрэвсүрэн сайд Гадаад хэргийн сайд болоод 1990-ээд оноос хойш устсан шинэ нэгжийг ГХЯ-нд нээлээ. Монголыг сурталчлах хөтөлбөрийг Засгийн газар баталсан. Зөөлөн хүчний бодлого гэж дипломат ёсонд байдаг. Урьдных шиг цэрэг, эдийн засаг, улс төрийн хүчээр бус соёлоор дамжуулж зөөлөн хүчний бодлогоор олон улсын харилцааг зохицуулдаг. Энэ хандлагыг онолын хувьд америкчууд гаргасан. Түүнийг нь манайхан ойлгоод, олон улсын харилцаанд зөөлөн хүчний бодлого ашиглах оролдлого яваа.

-“Чонон сүлд” гэж номыг Хятадын зохиолч бичээд дэлхийн олон оронд энэ ном орчуулагдаж, кино нь гараад явж байна. Монголын соёл, уламжлал гэдэг зөв менежмент хийвэл дэлхийд борлогдох сэдэв юм биш үү?

-Миний сурсан сургууль анх урлагийн удирдлага нэртэй байсан. Одоо бол соёлын бодлогын чиглэлээр сургадаг. Энэ сургуульд Солонгосын хоёр ч соёлын сайд суралцсан байх жишээтэй. Дэлхийн хаана ч очсон их сургуулиуд хятад оюутнаар дүүрчихсэн байдаг бол манай ангид ихэнх нь солонгосчууд байсан. Солонгосчууд соёлын бодлого гэдэгт илүү ач холбогдол өгч байгаа нь харагдаж байгаа. Манайд амбиц нь байна. Гэтэл бодлогын түвшинд юу хийж байна гэхээр эргэлзээтэй. Нөгөө л явцуу нүүдэлчин сурталчилгаа явдаг. ITB-гийн концепцийг харахад нөгөө л нэг тал хээр, онгон байгаль гардаг. Тэгээд хүүхнүүд нь хатдынхаа хувцастай явдаг. Дуу дуулдаг, бүжиглэдэг. Бид өөрсдийгөө нүүдэлчид гэдэг ч онолын түвшинд нүүдэлчид гэдэг хэцүү ойлголт. Нүүдэлчин гэдэг бидний хувьд эерэг. Гэтэл барууны иргэдэд нүүдэлчин гэдэг сөрөг ойлголт. Бараг хэсүүлч, тэнүүлч гэж буудаг. Энэ жил Анкарагийн их сургуульд доктор хамгаалсан Ууганбаяр гэж мундаг эрдэмтэн бий. Түүний тайлбарласнаар монголчууд бол нүүдэлчид биш. Малаа дагаж явдаг амьдралын хэв маягтай улсууд. Нэр томьёо концепцийн хувьд өөрсдийгөө тодорхойлох хэрэгтэй байгаа. За, яахав нүүдэлчин юм гэж бодоход бид юугаараа ялгарах юм. Төв Азийн бүх улс нүүдэлчид шүү дээ. Адгийн наад зах нь киноны түвшинд казахууд өөрсдийгөө нүүдэлчин гэдгийг батлах оролдлогууд хийдэг. Казахуудын шашнаас өмнөх итгэл үнэмшлийн цаг үеийн тухай гайхалтай цуврал кинонууд бий. Бөө мөргөлийн цаг үеийг киноны хэлээр гайхалтай харуулсан. Судлаачид нь хүртэл тэнгэризм гэж тайлбарлах жишээтэй. Ийм байдлаар цогц түвшинд явдаг. Олон улс киног нь аваад, тэрнийг нь хүлээн зөвшөөрөөд байдаг. Утга зохиолын түвшинд ахиц бий. Г.Аюурзана зохиолчийн сүүлийн үеийн хэдэн романуудыг харахад үүгээрээ дамжуулж монголчуудын соёлыг харуулах гээд байгаа. “Шүгдэн” гэдэг нь шашны цаг үе, “Бөөгийн домог” гэх мэт цуврал романаараа монголчуудын сэтгэлгээний түүхийг урлагийн хэлбэрээр гаргаж байна. Дүрслэхийн хэлээр ч амжилттай оролдлогууд бий. “Хөх нар”-ын зарим уран бүтээлчид, Үнэн-Эх гэж Германд амьдардаг мундаг зураачийн ажлууд гэх мэтээр урлагийн хэлээр цөөхөн боловч бүтээл хийж байгаа улсууд бий. Энэ бэлэн ажлуудаа гадагшаа сурталчлах, Г.Аюурзанын зохиолыг орчуулах, Үнэн-Эхийн ажлыг олон улсын түвшинд гаргах бодлого хэрэгтэй байна шүү дээ. Монголыг сурталчлах хөтөлбөр гэх мэтээр эхлэл тавигдсан. Энэ бүхнийгээ уялдуулж, бодитоор дэмжих бодлого хэрэгтэй.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Зуны сонгууль уу, намрын сонгууль уу

Сонгууль дөхлөө гээд улс төр бужигнаад эхэлчихлээ. Цэцийн дүгнэлт гарч Дунд суудлын хуралдаанаараа Сонгуулийн тухай хуулийн хувь тэнцүүлсэн буюу пропорционалийг Үндсэн хууль зөрчсөн гэчихлээ. Өөрөөр хэлбэл УИХ-ын гишүүдийн 28-ыг намын жагсаалтаар сонгох заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэж Цэц үзэв. Үүнээс намуудын дунд маргаан дэгдэв. Хэрэв Цэцийн шийдвэр зөв гэж үзэх юм бол өнгөрсөн сонгууль хууль бус байсан уу, одоогийн УИХ хүчин төгөлдөр үү гэх мэт асуудал урган гарч ирж байгаа. Мөн хоёр том нам Н.Энхбаяр болон бие даагчид, жижиг намынханд саад хийх том тохироо хийж, энэ шийдвэрийг гаргуулахад нөлөөлж, захиалсан гэлцэх нь ч байна. Зарим нь жагсаалтад орох гэж гуйж байгаа намынхаа олон хүний хүсэлтээс зугтах аятайхан арга МАН, АН-ын дарга нар сэдээд олчихлоо гэв. Маргааны бас нэг хэсэг нь Цэц өмнө нь буюу 2012 онд гаргаж байсан шийдвэрээсээ өөр шийдвэр гаргасанд байгаа юм. Цэц нэгэнт шийдвэр гаргасан бол тэр шийдвэрийг Цэц өөрөө ч өөрчлөх ёсгүй. Гэхдээ одоогийн байдлаар өөрчилчихсөн. Тиймээс л судлаачид, ажиглагчид, улстөрчид, сонгогчид энэ талаар элдвээр л ярьж байна. Нэгэнт Дунд суудлын хуралдааны шийдвэрийг УИХ хүлээж авсан тохиолдолд Цэцийн дунд суудлын хуралдааны шийдвэрээ Их суудлын хуралдаанаараа хэвээр үлдээх нь дамжиггүй.

онгуулийн хуулийн хувилбар өөрчлөгдөх тухай мэдээлэл зарим хүний тархинд цус харвуулах шахаж, байхад зарим нэгэнд нь баярт мэдээ шиг сонсогдож байгаа. Эртнээс тойрогт өрсөлдөнө хэмээн тойглож ирсэн нөхдөд боломж болж байгаа ч жагсаалтад орно гэж яригдаж байсан намын лидерүүд тойрог руу орж ирснээр тойрогт дэвшихийг санаархаж байсан зарим хүн нэр дэвших боломжгүй болж байгаа юм. Нэг үгээр хэлбэл лидерүүдэд шахагдана. Харин жагсаалтад орно гэж төлөвлөчихсөн нөхөд дөрвөн жил тойргоо ч тойглоогүй, бараагаа ч харуулаагүй сэтгэл амар явсан. Тэд Цэцийн энэ шийдвэрт таатай хандаагүй нь ойлгомжтой. Мөн эмэгтэйчүүдийн хувьд өнгөрсөн парламентад нэлээдгүй олон суудал авсан ч тойрогт өрсөлдвөл ийм тооны эмэгтэй гишүүд ялж гарч ирэх магадлал багасч байгаа юм. Энд бас нэг зүйл дурдахгүй өнгөрч боломгүй. Өнгөрсөн арванхоёрдугаар сард Сонгуулийн хууль өөрчлөхөөр хэлэлцэхдээ өмнө байсан “Сонгууль болохоос зургаан сарын өмнө Сонгуулийн хуульд гар хүрэхгүй” гэсэн заалтыг авчихсаныг хэн ч анзаараагүй. Сая л сонгуулийн тогтолцоо өөрчлөх тухай ярихад аль хэдийнэ хуулиас энэ заалт хасагдсан байсан.

Одоо юу болох вэ. Хоёр том нам жижиг мажоритараар явах хувилбар дээр санал нэгдэн Цэцийн шийдвэрийг УИХ хүлээж авч таарах нь. Хүлээгээд авсан тохиолдолд дараагийн ажлаа яаравчлуулах хэрэгтэй. Аль ч тохиолдолд сонгууль болдгоороо л болно. Харин зун уу, намар уу. Цэцийн шийдвэртэй холбоотой намууд ч, хувь хүмүүс ч гайхах нь гайхаж, сандрах нь сандарч, үймэлдлээ. МҮАН, МАХН-ынхан хурал хаяж, эсэргүүцэж байгаа ч энэ нэг их нөлөө үзүүлж чадахгүй. Бүгд найрамдах намын дарга ч бас Цэцийн шийдвэрийг эсэргүүцчихсэн л ярьж байна лээ.

Хэрэв сонгууль хуучнаараа холимог хувилбараар буюу пропорционалиар явбал сонгуулийн үр дүн өмнөх сонгуулиас нэг их өөр гарч чадахгүй. Тав, арван хүний л наана цаана нэмж хасагдах төдий өөрчлөлт гарна. Тэрнээс өнөөгийн улс төрийн тавцанд гол тоглогчид болох МАН, АН-ын аль нэг эрх барьж, саналын зөрүү нэг их хол байж чадахгүй болов уу.

Ерөнхийдөө одоогийн парламент шиг хамтарсан байх бөгөөд сөрөг хүчний үүрэг нөлөө төдийлөн их байхгүй. Тиймээс сөрөг хүчний гол үүрэг хяналт тавих шаардлага бага болно. Яг л өнгөрсөн дөрвөн жилийнхтэй чанарын ялгаагүй. Мөн зарим хашир хүний хэлдгээр холимог тогтолцоо нь зарим нэг сөрөг үр дагавартай. Монголд парламентын засаглал тогтоод 25 жил болж байгаа ч намууд нь ч парламент нь ч төлөвшөөгүй. Сонгогчдын боловсролын түвшин муу, хүмүүсийн ёс суртахуун доройтсон энэ үед холимог хувилбар буюу 28 нь жагсаалтаар орж ирэх нь гадны тусгай албадын болон гадаадын томоохон олигархи буюу томоохон компаний гар хөл болсон хүмүүс жагсаалтаар орж ирж болзошгүй гэх юм билээ. Үндсэн хуулийн Цэц үүнийг хааж өгч байгаа нь төрийн хар хайрцагны бодлогыг хэрэгжүүлж байгаа хэрэг гэж Цэцийн шийдвэрийг тайлбарлаж суугаа хүмүүс бий.

Мажоритар системийн сайн тал нь Үндсэн хуулийн эрхийнхээ дагуу хүнээ сонгож байгаа хэрэг гэх. Засаглалыг нэг нам дангаар барих боломж нь илүү. Хяналт тавих боломж бий болж, хуйвалдаан багасана гэж тайлбарлаж байна.

Мажоритар системээр явах болсон нь жижиг намуудыг шахаж хавчсан, улс төрийн тавцангаас зайлуулах гэсэн оролдлого гэж энэ тогтолцоог эсэргүүцэгчид үзэж байгаа. Угтаа холимог систем нь том намуудыг давамгай ялах боломж олгоогүй хэрнээ жижиг намуудад ямар нэг хэмжээгээр парламентад суудалтай болох боломж олгосон. Тухайлбал жижиг намууд тойрогт өрсөлдөөд нэг ч хүн ялаагүй хэрнээ нийт сонгогчдын саналын таван хувийг авчихсан тохиолдолд жагсаалтын эхэнд бичигдсэн хоёр хүн парламентын гишүүн болчихож байгаа юм. Тиймээс л жижиг намууд ялахгүйгээ мэдэж байсан ч бүх тойрогт хэн нэгнийг нэр дэвшүүлж цөөн ч хамаагүй санал авч нийлбэрээрээ тэр нь таван хувийн санал болчихно. Тэгээд л парламентад суудалтай болчихож байна. Өнгөрсөн сонгууль яг ийм байсан.

Одоо яригдаж байгаа мажоритар системийн муу талыг мөнгөний сонгууль болно гэж болгоомжлох хүмүүс бий. Угтаа сонгогчид саналдаа их харам байдаг. Хуульд ч хатуу заачихсан, хяналт ч чангарсан, хэдэн төгрөг тарааж хүндээ хөнгөнөөс өгөх хүн харьцангуй цөөхөн байх биз. Сонгогчид ч одоо сонгууль өгөөд туршлагажчихсан. Өгснийг нь авчихаад өөрийнхөө санал өгөх хүнийг дугуйлна гэдэг болсон. Тэгэхээр мөнгө тараах бодолтой байгаа хүмүүс байгаа бол хашир нь дээр шүү. Тэртэй тэргүй ялах байсан бол мөнгө тарааж баригдаад хүндээ хөнгөнөөс гэдэг юм болох вий. Жижиг тойрог цөөхөн хүн хэн хэнээс мөнгө авсан байтугай, хэнийхээр хэн ороод гарсныг анддаггүй улс болохоор мөнгө тараахыг ч харин ч нэг амархан барина.

Ямартай ч энэ удаагийн сонгууль жижиг мажоритар хувилбараар явах нь бараг л тодорхой болоод байна. 1996, 2000, 2004 оны сонгууль энэ хувилбараар явж байсан. 2008 онд томсгосон мажоритар хувилбараар сонгууль болсон. Олон мандаттай томсгосон тойрог. Монгол Улсаа 26 тойрог болгоод тойрог бүрт 2-4 мандаттай байсан. Мөн 76 нэр дэвшигч бүгдийг саналын хуудас дээр жагсч, Монгол Улсыг нэг тойрог болгоё гэсэн санал ч бий. Энэ тохиолдолд шинээр хүн гарч ирэх магадлал бараг л тэг хувьтай юм. Ямар ч тохиолдолд хуучин, мэддэг хүмүүсээ л дугуйлж таарна. Хэрэв 76 тойрогтоо 76 нэр дэвшигчийн нэрийг зоовол учир замбараагүй олон хүний нэр бичих болно. Учир нь нам болгон 76 хүн дэвшүүлнэ. Мөн жагсаалтын 28-аа бүгдийг саналын хуудас дээр нэрийг нь зоож санал хураалт явуулах хувилбар ч зарим нэг хүн ярьж байгаа.

Хэрэв мажоритар системийг нэгэнт сонгох бол яарах хэрэгтэй. Учир нь сонгууль болох хуулийн хугацаа дөхлөө. Сонгуулийн хуульдаа өөрчлөлт оруулж, шийдвэрээ яаран гаргахгүй бол жинхэнэ холион бантан болох нь. Иймээс аль болох хугацаандаа амжуулж сонгуульдаа бэлдэх нь чухал байна. Дэвших санаа байвч дэвшиж чадах эсэхээ мэдээгүй олон хүн байна. 18 хоногт сурталчилгаа явуулж танигдана гэдэг маш хэцүү. Хэрэв амжиж Сонгуулийн хуульдаа өөрчлөлт оруулахгүй бол сонгуулийг намар есдүгээр сарын дундуур хийх хэрэгтэй юм. Нүүдэлчнээс суурин амьдралд шилжсэн сүүлийн 80-90 жил иймэрхүү явж ирсэн. Зарим улстөрч энэ талаар санал хэлээд байгаа. АСЕМ-аа дуусгаад сонгуулиа хийе, гэж. Монголчууд долдугаар сарын 1-нээс амраад явчихдаг. Зунжин эзгүй хөдөө хээрээр амарч зугаалж, наадамлаад есдүгээр сарын нэгэнд л нэг ажил төрлөө бодож, сургууль соёлоо барааддаг улс. Энэ үед сонгуулиа хийхэд болохгүй зүйлгүй гэх хүмүүс ч байна. Есдүгээр сарын 1-нээс эхлэн бүгд цугладаг. Энэ жил мөн л тэгэж таарна. Тэгэхээр сонгуулийг намар хийсэндээ ч буруутахгүй гэж тэд үзэж байгаа биз ээ. Гэвч энэ удаа зуны сонгууль уу, намрынх уу гэдгийг ойрын хэдэн өдрүүдийн үйл явц л тодорхой болгоно.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Улс төрийн хатуу самар гэгдэх З.Энхболд ялалтын салхийг АН руу эргүүлсэн үү?” нийтлэлийг уншаарай

“Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар уншигчдын гарт хүрлээ. Өнөөдрийн шинэ дугаарынхаа тоймыг хүргэж байна.

Энэ өдрийн дугаарт олон сонирхолтой ярилцлага оржээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Жижиг тойрог дээр очиж булхай луйвраа хийх гэж байхгүй юу” хэмээн ярьсан бөгөөд түүний ярилцлагыг I, II нүүрнээс уншаарай. Мөн нэрт нийтлэлч Б.Батбаяр буюу Баабарын ярилцлага гарлаа. Тэрбээр “Цаадуул чинь тоондоо муу шүү дээ” гэж хэлсэн байна. Мөн Сонгуулийн хуулийн тухай чухам юу гэж хэлснийг та бүхэн V нүүрнээс унших болно.

Нийгмийн үзэл санааны хамгийн том талбар, чиг хандлагыг тодорхойлогч “Өдрийн сонин”-ы алдарт III нүүрт энэ удаа сэтгүүлч Э.Энэрэлийн “Улс төрийн хатуу самар гэгдэх З.Энхболд ялалтын салхийг АН руу эргүүлсэн үү?” нийтлэл орсон байна.

Мөн найруулагч, СГЗ Л.Эрдэнэбулган “Монголын дуурийн театр мөхлийн ирмэгт тулчихаад байна” хэмээн нэлээд шүүмжлэлтэй ярилцлага өгчээ. Энэхүү дугаарт эх баригчдын өдрийг тохиолдуулан бэлтгэн сонирхолтой ярилцлагыг уншаарай. XVII нүүрт “Дэлхийн спорт” буланд энэ удаа Зуны олимпийн талаар сонирхолтой материал нийтлэгдлээ. Харин XIX нүүрт уламжлалт ёсоор “Улаанбаатарын амьдрал” буланд нийслэлийн сүүлийн үеийн мэдээ мэдээлэл гарлаа.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.
“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.
“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ