Categories
мэдээ нийгэм

ФОТО: Хөшигийн хөндийн хурдны замын бүтээн байгуулалтын ажил эхлэв

Улаанбаатар-Хөшигийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудал чиглэлийн хурдны авто замын бүтээн байгуулалтын ажил өчигдөр эхэллээ. Төв аймгийн Бөхөгийн даваанд болсон авто замын бүтээн байгуулалтын нээлтийн ажиллагаанд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт, Зам тээврийн сайд М.Зоригт, УИХ-ын гишүүн Г.Батхүү, Л.Болд, Ц.Оюунгэрэл, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцогт, Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг, Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын комиссын хуралдаанд оролцохоор Монгол Улсад ирсэн БНХАУ-ын Худалдааны сайд Гао Хучөн, БНХАУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Син Хаймин болон бусад төлөөлөгчид оролцсон юм.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг дэд бүтэц, замын салбарт шинэ түүхийн хуудас нээгдэж байна. 1938 оноос 2012 он хүртэл 74 жилийн хугацаанд нийт 2964 км хатуу хучилттай зам барьж байгуулсан бол 2012 оноос өнөөдрийг хүртэл 4 жилийн хугацаанд зам тээврийн салбарт бүтээн байгуулалт эрчимтэй өрнөж 3405 км зам барьж ашиглалтад орууллаа. Энэ онд шинээр 1535 км зам, 1346 м төмөр бетон гүүр барина. Эдгээр оолн бүтээн байгуулалтуудын онцлох бүтээн байгуулалт нь Хөшигийн хөндийн олон улсын нисэх буудал чиглэлийн хурдны замын бүтээн байгуулалт юм гэдгийг онцолж байв.

Categories
мэдээ улс-төр

Н.Батцэрэг, М.Сономпил нар МҮАН-аас гарч, АН-ын гишүүнчлэлээ сэргээжээ

УИХ-ын гишүүн М.Сономпил, Н.Батцэрэг нар МҮАН-аас гарах өргөдлөө өгөх мэдээлэл улс төрийн хүрээнд гараад байсан. Тэгвэл өчигдөр УИХ-ын гишүүн Н.Батцэрэг, М.Сономпил нар МҮАН-аас гарч, Ардчилсан намын гишүүнчлэлээ сэргээж, УИХ дахь Ардчилсан намын бүлэгт орох хүсэлтээ уламжилсан байна. УИХ-ын гишүүн М.Сономпил, Н.Батцэрэг нар МҮАН-аас гарснаар “Шударга ёс” эвсэл дөрвөн гишүүнтэй үлдэв. Үүний өмнө Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар МАХН-аас гарч, МАН-д элсэж буйгаа албан ёсоор зарласан билээ.

Categories
мэдээ спорт

Бакугийн их дуулгын эхний өдөр алт, хүрэл медаль хүртээд байна

Азербайжаны нийслэл Баку хотноо жүдо бөхийн “Их дуулга” тэмцээн өчигдөр эхэлсэн билээ. Тэмцээний эхний өдрийн байдлаар манай улсын баг тамирчид гуравдугаар байрт явж байна.

Өчигдөр эрэгтэй 60 кг, 66 кг, эмэгтэй 48, 52, 57 кг-ын жингийн барилдаан болж, медальтнууд тодорсон юм. Манай бөхчүүдээс эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд дэлхийн аварга, Гавьяат тамирчин Г.Болдбаатар түрүүлж, чансааны 500 оноог аван, дэлхийн чансааг тэргүүлэхээр болж байна. Мөн энэ жинд барилдсан Д.Амартүвшин шагналт V байр эзэллээ. Харин эмэгтэйчүүдийн 52 кг-д гавьяат тамирчин М.Бундмаа барилдаж, хүрэл медаль хүртэв. М.Бундмаа гавьяат 2013 оны Дэлхийн аваргын мөнгөн медальт, 2014, 2015 оны дэлхийн хошой хүрэл медальт Бразилийн Эрика Мирандаг ялсан юм.

Өнөөдөр эрэгтэй 73, 81 кг, эмэгтэй 63, 70 кг-ын жингийн барилдаан болно. Манай улсаас эрэгтэй 73 кг-д олимп, дэлхийн аваргын хүрэл, дэлхийн аваргын багийн хүрэл медальт Гавьяат тамирчин С.Ням-Очир, эмэгтэй 70 кг-ын жинд Ц.Наранжаргал нар барилдах юм.

Categories
мэдээ цаг-үе

Баруун-Уртынхаа сургуульд сэтгэл нь уяатай ангийнхан

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

“Манайд нэг сүрхий том пянз тоглуулагч байдаг байлаа. Аав, ээж хоёр маань дал, наяад оны Монголын эстрадын болон улс төрийн дуунуудын пянзыг авчирна. Мөн “Кругозор” сэтгүүл захиалж, тэрхүү сэтгүүлийг даган ирдэг байсан тухайн үеийн Оросын алдарт дуучдын пянзыг ч бас цуглуулна. Тэдгээр пянзнуудаас би хоёр дуунд “нугасгүй” дуртай байлаа. Нэг нь Ж.Бадраагийн үг, Ц.Намсрайжавын ая “Халуун элгэн нутаг”. Нөгөө нь Түвдэнгийн Борын тухай дуу юм. Зургадугаар ангид байхдаа өглөө хичээлдээ явахын өмнө энэ хоёр дууг амжвал хоёуланг нь, амжихгүй бол аль нэгийг нь заавал сонсдог байж билээ. Эдгээр дууг сонсмогц учиргүй их эрч хүч, урам зориг орж, эх орноороо бахархах сэтгэл минь улам дэврэх шиг санагддаг байсан байгаа юм. “Бор эгчийн хамгаалж бидэнд үлдээсэн эх нутгаа Р.Рейганд алдахгүй юм шүү” гэх ухааны юм хүртэл бодогдоно гээч. Энэ тухай одооны хүүхдүүдэд яривал итгэхгүй, итгэсэн ч шоолох биз ээ” хэмээн Эрдэнэбалын Ирэхбаяр инээмсэглэн өгүүлэв. Харин түүний хажууд сууж байсан Ж.Гантулга “Тэр яахав, цаад Зандан чинь чуулган дээр үг хэлж байна” хэмээн ангийн нөхдөө телевизийн зүг уриалаатхав. Зандан гэдэг нь УИХ-ын гишүүн Ж.Батзанданг хэлж байгаа юм. Харин тэдний үгийг жаал сонсож суусан Ш.Оюунчимэг “Зандан багадаа нэг их морь унадаг хүүхэд байж билээ. Одоо төрийн түшээ болчихсон, Төрийн ордонд суугаад ингээд ярьж суудаг” хэмээн ярианд эрч өглөө. Ангийн онц сурлагатнуудын нэг М.Энхзаяа “Цаадах чинь одоо ороод ирэх байх аа” хэмээн өгүүлнэ. Энэ үйл явдал Төрийн ордны гурван давхарт Ж.Батзандан гишүүний өрөөнд болсон юм. Бид энэ удаагийнхаа “Нэг ангийнхан” буланд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын нэг, хоёрдугаар сургуулийг 1992 онд төгссөн ангийнхныг урилаа. Сүүлийн үед нэг ангид сурч төгссөнөөсөө илүү нэг төгсөлтийнхнөөрөө уулздаг болсон гэдэг нь анзаарагдах болсон юм.

1982 онд Баруун-Урт сумын сургуулийн босгыг алхан орсон энэ эрхмүүд өдгөө ч амьдрал дээрээ “Нэг ангийнхан”. Тэдний яриаг ажиж байхад ангийн уулзалт, баяр ёслолын гол зохион байгуулагчид нь бололтой. Өнөөдөр ч гэсэн төгсөлтийнхнөөрөө тэмцээнд оролцохоор бэлдэж байгаа талаар ярьцгааж байлаа. Эл “том” ангийнхан том гэх болсон шалтгаан нь ганц биш нэг үеийн төгсөлтөөрөө нийлсэн болохоор ийн тодотгож байгаа хэрэг. Том ангийн сургууль төгссөний 20 жилийн ойн уулзалт 2012 онд болжээ. Ингэж нийт төгсөлтөөрөө уулздаг болсноос хойш Сүхбаатар аймгийнханд ийн шинэ жишиг тогтоож өгчээ. Уг төгсөлтийнхөн 250-иулаа бөгөөд санал бодлоо солилцож, ойр байх үүднээс фэйсбүүк хуудаснаа том ангийн групп нээж 180 гаруй гишүүнтэй ёстой л “өнөр бүл” болсон байна. Баруун-Урт хот (тухайн үед хот гэдэг байж)-д ерөнхий боловсролын гурван сургууль байдгаас нэг нь найман жилийнх. Найман жилийн сурагчид нөгөө хоёр 10 жилийн сургуульдаа дэвшин суралцдаг байж.

Сурагч нас ийм сайхан

Нэгдүгээр арван жилийн сургууль нь багшийн болон математикийн гэсэн сонгоны ангитай байсан талаар тэд ярьсан юм. Мэдээж, сонгоны ангийнхан шилэгдэж ирсэн сурагчид байж таарна. Тэднийг аравдугаар анги төгсч байхад нэг хуваарь дээр 10 хүүхэд өрсөлдөхөд, нэг нь сургууль авч, үлдсэн ес нь сургуульгүй хоцордог, нэг талаасаа харгис байсан ганц жил нь бидний төгсөлт байсан хэмээн ярьцгаав. Ийм хүнд нөхцөлд сонгоны ангийн 26 хүүхэд бүгд их, дээд сургууль авч чадсан байна. Зам тээврийн яамны Төрийн захиргааны удирдлага, хууль эрхзүйн газрын дарга Н.Ганибал мөн л энэ ангийн хүүхэд байж.

Эдний анги Монгол Улсын гавьяат багш М.Адилбиш, С.Ядамжав, Ш.Жавзмаа зэрэг багш нарын гараар дамжин өдий зэрэгтэй яваа гэдгээ хуучлав. Тэднийг бага ангид байхад хүүхдүүдийн эцэг эхчүүд нь н.Тэрбиш багшид хүүхдээ өгнө гээд анги дүүргэлт нь хэрээс хэтэрч, нэг ширээнд гуравлаж суудаг байсан тухай М.Энхзаяа ярьсан юм. Ангийнхаа жижиг биетэй хүүхдүүдийг урд суулгаад, биерхүү хүүхдүүд нь хойгуур суудаг байсан гэнэ. Урдуур суудаг хүүхдүүд нь онц сурдаг, хойгуур суудаг хүүхдүүд үймүүлчих гээд байдаг байжээ. 10д ангиас гэхэд УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Монголбанкны дэд ерөнхийлөгч асан Болдын Жавхлан, Сүхбаатар аймгийн Ардын намын дарга З.Энхтөр, Орхон аймгийн ХҮН-ын дарга У.Амарзаяа гээд олон улстөрч ард түмний хэзээний танил болж хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүс болжээ. “Хүмүүс Монголбанкны Жавхлан л гээд байдаг болохоос манай Жавхаа чинь мундаг бүжиглэдэг хүүхэд байсан. “Майкл Жексоныг дуурайж хэн хамгийн сайн бүжиглэх вэ” тэмцээнд Жавхаа маань түрүүлж байлаа шүү дээ. Б.Жавхлан, Г.Эрдэнэцогт хоёр маань хамт Дарханд яваа болохоор энэ удаа ирсэнгүй, байсан бол хамгийн түрүүнд ирэх л ёстой улс. Бүх л юманд биднийгээ удирдан манлайлж байдаг” хэмээн магтацгааж байв.

Ардчиллын партизанууд “Хонхны дуу”-гаар монгол түмнээ сэрээж байх тэр үед тэдний үеийнхэн, тэр дундаа У.Амарзаяа, Э.Ирэхбаяр, М.Урантуяа, Т.Улаан нар хэрэндээ л ардчиллыг дэмжиж, тухайн үед МХЗЭ-ийн үйл ажиллагааг шүүмжлэн, “Идэрчүүдийн холбоо”-ны салбарыг аймагтаа үүсгэн байгуулж, идэвхтэй үйл ажиллагаа явуулж байж. Тэднийг бага байхад зусланд 1-8 дугаар ангийн сурагчид л амардаг байсан бөгөөд ес, аравдугаар ангийнхан амрах эрхгүй байж л дээ. Мэдээж, том хүний амралтанд амарч бүр ч болохгүй тул тэр үеийн гажиг тогтолцоо байгааг анзаарчээ. 1991 оны хавар есдүгээр анги төгсөх дөхөж, зуны амралтаа хэрхэн өнгөрүүлэх тухай ярилцацгааж “Дарьганга” зусландаа яаж ийж байгаад амарна даа хэмээн ярьсны дүнд “Идэрчүүдийн холбоо”-ныхоо нөхдөд хэлж, “Ахлах ангийн сурагчид бид хүүхдийн зусланд амрах эрхгүй, том хүний амралтанд ч очих эрхгүй, бид тэгээд хэн юм бэ. Хэрэв бид хүүхэд мөн бол зусланд амрах ёстой” гэсэн шаардлагыг тухайн үеийн аймгийн удирдлага болон хүүхдийн байгууллагынхаа удирдлагуудад тавьсны үр дүнд ахлах ангийнхныгаа зусланд амраах “виз” авч байсан гэнэ. Хүүхдүүдийн хувьд энэ бол ардчиллын төлөөх томоохон тэмцэл байсан аж. Уг нь тэдний шаардсанаар аравдугаар анги төгссөн сурагчид зусланд амрах ёстой байсан ч дараа жил нь зусландаа амарч чадаагүй. Учир нь “виз” авсан тэр зун зусланд амарч байсан зарим “хөдөлгөөнтэй” хөвгүүд багш нарынхаа үгэнд орохгүй “том толгой” гаргаж, элдэв хэрэг тарьснаар хугацаанаасаа өмнө гэртээ харихаар болсон байна. Тэд тракторын чиргүүл дээр ачигдан, аймгийн төв рүү хүргэгдэж байх замдаа чиргүүл дээрээс үсрэн бууцгааж буцаж ирээд, зуслангийн хаяанд байх элсэн манхан дунд байрлаж байсан аж. Нэгэнт л нөхцөл байдал ингэж эргэсэн тул охид нь хоолноосоо илүүчилж хөвгүүддээ аваачиж өгдөг байсан юм байна. Чухам энэ л дуулиант хэргээс үүдэж, дараа дараагийн ахлах ангийнхан зусланд амрах эрхээ эргэн алдсан аж. Эдний ангийнхныг Дарьганга зуслангүйгээр төсөөлөх аргагүй гэдэгтэй бүгд санал нэг байлаа.

Ангийн найз Х.Мөнхзул нь өдгөө Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисст ажиллаж байгаа аж. Тэрээр “Бидний үеийнхэнд “нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө” гэсэн уриатай социализмын үеийн суурь хүмүүжил, аливаа зүйлд чин сэтгэлээсээ ханддаг, юманд хариуцлагатай, хүний төлөө гэсэн тусч нинжин сэтгэл зэрэг олон сайхан чанар шингэсэн байдаг. Тэр үед бүх зүйл картын бараанд шилжиж, өмсөх, идэх зүйлээр одооны хүүхдүүдээс маруухан байсан. Нийгмийн шилжилтийн завсрын үед амьдралынхаа гараагаа эхлүүлсэн байсан болохоор зарим зүйл дээр нийгмээс улбаатай олон хүчин зүйл нөлөөлж хүнд хэцүү байсан ч манай үеийн ихэнх залуус үүнийг даван гарч бүгд мэргэжил боловсролтой болж, Монгол Улсынхаа төр, нийгмийн салбарт тэргүүлж амжилттай яваа олон залуус бидний дундаас төрөн гарсан. Манай аймагт ялангуяа тэр үеийн эвлэл, пионерийн байгууллагаас хүүхдийн хүмүүжилд онцгой анхаарч, урлаг, спортын олон арга хэмжээ зохион байгуулагддаг байсан. Тэр бүхэнд манай ангийнхан маш идэвхтэй манлайлан оролцдог байлаа. Бүрээн дуунаар сэрж, бөмбөрийн дуунаар алхаж, нэг уриатай, нэгэн зорилготой, нэгнээ гэсэн сэтгэлтэй болгож олон сайхан хүүхдийг үерхэж нөхөрлүүлж, олон сайхан арга хэмжээг зохион явуулдаг байсан Дарьганга зуслан бидний хүүхэд насны дурсамжтай салшгүй холбоотой” хэмээн дахин зуслангаа магтаад авлаа.

“Том” ангийнхнаас өдгөө 10 гаруй хос төрөн гарсан бол Ж.Батзандан гишүүний төгссөн 10д ангиас хараахан хос төрөөгүй хэмээн гишүүн өгүүлэв. Ангийнх нь охид түүнийг “Хичээлдээ ёстой гавал хүүхэд байсан ч одоогийнх шиг тийм мундаг дуу чангатай хүүхэд байгаагүй, их л даруухан хүүхэд байсан. Харин Унгар руу сургуульд явж ирээд тэс өөр Батзандан болоод ирсэн” хэмээн тодотгосон юм. Чимээгүй инээж суусан Ж.Батзандан гишүүн “Наадуул чинь мань мэтийгээ тоохгүй ээ. Сагс тоглодог, өөр сургуулийн хөвгүүдийг тоодог байсан юм. Би чинь морь их унадаг хүүхэд байсан. Зуны амралтаараа гэртээ харьж амарчихаад бов бор царайтай, үс зүс нь жигтэйхэн ургачихсан ирдэг байлаа. Ер нь тийм амьтныг хэн ч тоохов дээ” гээд ангийн охид руугаа харахад нөгөөдүүл нь “үгүй шүү” гэсэн байртай түүн рүү харна.

Ж.Гантулга, Ш.Оюунчимэг нар хоёрдугаар найман жилийн хамгийн онц сурлагатнууд байсан бөгөөд хоорондоо үерхдэг байж. Ж.Гантулгын хувьд “Үерхдэг байсаан” гээд инээхээс хэтрээгүй бол Оюунчимэг нь “Тэгэхэд нээрээ хүүхдүүд их гайхдаг байсан байх” хэмээн үг нэмнэ. Харин Э.Ирэхбаярын хувьд ангийнхаа хамгийн үймүүлдэг, хичээл номд шамдах дургүй хүүхдүүдийг онцолж найзалдаг байж л дээ. Тухайн үедээ ангийнхан нь ихэд гайхдаг байсан ч хичээлдээ тааруу хүүхдүүдэд хичээлийг нь зааж өгөх, сахилга баттай болгох асуудал дээр нь анхаарч байсныг нь сүүлд мэдсэн гээд инээлдэнэ. М.Энхзаяа харин “Загийн алим” гээд кино байдаг даа. Тэр кинон дээр Агиймаа Хүдэрийг яаж хүмүүжүүлдэг байлаа даа. Манай Ила (Ирэхбаярыг найзууд нь ийн дууддаг аж) чинь яг л тийм хүүхэд байсан байхгүй юу” хэмээн өгүүлэв. Тэдэнд гадны хүчин зүйлс гэхээсээ илүүтэй кино урлаг хүмүүжилд нь нөлөөлдөг байсан гэнэ. Сонгоны ангид тэднийг ороход Эрдэнээ багш нь Ш.Оюунчимэгийг “Чи дандаа онц сурдаг байсан юм уу. Чиний онц ч дээ” гээд хэлэх тэр үед нь “Ямар зэвүүн багш вэ” хэмээн дотроо бодоод хичээлдээ улам их шамддаг байсан гэнэ. Магадгүй тухайн үеийн багш нар сургахын тулд ийм арга хэрэглэдэг байсан байж болох.

Төгсөлтийн 20 жилийн ойн уулзалт. 2012 он

Маргааш (өнөөдөр) Сүхбаатар аймгийн 1995-1988 оны төгсөгчдийн спорт өдөрлөгтэй аж. 1996 оны төгсөгчид энэ жилийн спорт өдөрлөгийг зохион байгуулж байгаа юм байна. Тэмцээнд оролцох тамирчдадаа охид нь хоол, цай бэлдэх тухай ярив. Энэ үед Э.Ирэхбаяр “Өнгөрсөн жилийн спорт өдөрлөгөөр манай доод талын буюу 93 оны төгсөлтийн “охид” гэртээ хоол, цай бэлдээд ирчихсэн байсан, манай тамирчин хөвгүүдийг бас дайлж. Тэгсэн манай хөвгүүд “Манай охид бидэнд эрхэлнэ үү л гэхээс халамжилж мэддэггүй юм ш дээ” гэж хуучилсан гэсэн. Энэ тухай бид сүүлд нь сонсоод алдаагаа сүрхий ойлгож, маргаашийн өдөрлөгт хэд хэдээрээ нийлээд хоол, цай бэлдэхээр тохиролцсон юм. Энэ үед ангийнхаа нэг охиныг их л үгүйлж дурсацгаалаа. Д.Ариунсанаа маань саяхан бурхан болсон юм л даа. Маш нийтэч, цайлган, юм бүхэнд уриалж, манлайлаад л явж байдаг нэг сайхан найз маань биднээсээ түрүүлээд явчихсан, түүний маань орон зай бидэнд их л үгүйлэгдэж байна даа” хэмээн ангийнхан нь өгүүлэв.

1992 онд тэднийг аравдугаар анги төгссөний дараа тухайн жилд нь их, дээд сургуульд элсэн орсон оюутны төлбөрийг сүүлчийн удаа дааж, 1993 оноос эхлэн аав, ээж нь төлбөрийг нь төлдөг болж эхэлсэн аж. Ямартай ч тэднийг төрийн сангийн зээлээр сургасан ч “Одоо болтол тэрийгээ өгөөгүй шүү дээ” хэмээв. Тухайн үед одоогийнх шиг гар утас байгаагүй, хичээл тарах үеийг тааруулаад дотуур байр руу очно. Цонх руу нь чулуу шидэж дохио өгдөг байсан тухай Ж.Гантулга өгүүлэв. Азгүйтээд өрөөндөө байхгүй бол дараагийнхаа ангийн хүүхэд рүү явдаг байлаа гэсэн юм. Тэд оюутан болж ирээд дөрөвдүгээр дэлгүүр, 64 дүгээр дэлгүүрээс загасан талх, архи авдаг байсан тухай ярив. Охид нь архи уудаггүй болохоор шаглаад зарчихдаг байж л дээ. Харин загасан талхаа дотуур байр руугаа алхаж явах замдаа идчихдэг байсан аж. Дотуур байрныхаа өрөөнд дөрвүүлээ байдаг болохоор нэгийгээ талханд дугаарлуулж үлдээгээд нөгөө гурав нь хичээлдээ явах маягаар ээлжилж талхтайгаа залгадаг байсан гэнэ.

Холоос хичээлдээ явдаг оюутнууд нь автобуснаасаа зүүгдээд явна. Автобус хүртэл тийм цөөхөн явдаг байж. Автобус буудал дээрээ зогсохгүй заавал хэтэрч зогсоно. Тэнд нь уралдаж суух гэж ёстой л алаан болдог байсан юм байх. Тэдний ангийн Н.Уламбаяр “Like HD” телевизийн гүйцэтгэх захирлаар ажилладаг аж. Тэрээр “Биднийг сурагч байхад аймгийн кино театрт “Хонгилдон”, “Эхийн ач” гээд Солонгосын уран сайхны кино гарч хүүхэд залуусыг байлдан дагуулж байлаа. “Харш”, “Дурсамж”, “Шигтгээ” хамтлагийн дуунууд ид хит болж байсан. “Аялгуу” хэмээх диско клуб үүд хаалгаа нээж бидний үеийн охид, хөвгүүдийн цагаа өнгөрөөх дуртай газруудын нэг болж байлаа” гэхэд Ж.Батзандан гишүүн “Манай ангийнхан чинь “Болор” хамтлагийн “Оломгүй хөх далай” дууг дуулдаг байсан. Одоо нэг сонсгочих уу” хэмээн гар утсан дээрээ өнөөх дууг хангинуулав. Тэд оюутан байхдаа 30 төгрөгөөр фургонд суугаад Дэнжийн мянга орж захаас хувцсаа бэлддэг байж. Ш.Оюунчимэг нэг удаа зах орж жинсэн өмд авчихаад уутанд хийлгэн элгэндээ тас тэвэрчихээд автобусанд сууж. Чихэлдэн явсаар арай гэж ууттай зүйлээ тэврэн буугаад иртэл хулгайч нар аль хэдийнэ уутыг нь зүсээд өмдийг нь аваад хоосон уут тэврүүлээд явуулчихсан байж. Тэрнээс болж зөндөө уйлж билээ хэмээн инээж байсан юм.

Н.Уламбаяр “Миний хувьд Баруун-Уртын зүүн дэнжийн “Норовын мухлаг” хэмээн алдаршсан жижигхээн мухлагийн гадаа сүүн дээр ёстой үзэж тардаг байлаа. Манай тэр мухлагаас л “сүхбаатарынхан сүртэй, сүүн дээрээ зодоонтой” гэсэн үг улбаатай байх гэж боддог юм. Гэхдээ л би тэр жижигхэн мухлагаас хорвоогийн хамгийн амттай бүхнийг хүртсэн шүү. Одоо болтол би тэр мухлагаас авч иддэг байсан орос алим шиг тийм сайхан амттай, тийм анхилам үнэртэй алимыг олж амтлаагүй л байна. Ийм л хүнд хэцүү, ховор живэр, бэрх цагт бидний сурагч насны минь сүүлчийн өдрүүд өнгөрсөн ч гэлээ ёстой гуниггүй гудиггүй нас байсан болохоор хүндийг хүнд, хэцүүг хэцүү гэж бодолгүйгээр хүсэл мөрөөдлөөр дүүрэн жигүүртэй юм шиг л байж дээ” гэв. Тэдний ийн ярихыг сонсоод Баруун-Уртынхаа сургуульд сэтгэл нь уяатай сурагчид байжээ хэмээн дүгнэсэн юм.

Categories
мэдээ цаг-үе энтертаймент-ертөнц

Бид түүнийг сайн мэднэ, бас огт мэдэхгүй

Түүх гэдэг он цаг улирах тусам өнгө нь өөрчлөгдөж байдаг олон хуудастай ном бөлгөө. Биднийг бага байхад дэлхийн хоёрдугаар дайн гэж айхтар ширүүн гамшиг хорвоог бүрхэж Гитлер гэдэг мангасыг Сталин гэдэг баатар чухамхүү таван жил зай завсаргүй нүдэж байж ялсан мэтээр бичдэг байлаа. Дараа нь Сталин бол “баатар нь ч баатар аа гэхдээ жаахан харгис баатар” гэх аядуу юм ойлгуулдаг болсон. Үнэн чанартаа яг адилхан түрэмгий, харгис, эрх мэдлийн төлөө олон хүний амийг золиосолсон хоёр этгээд л байсан юм билээ. Ялгаа нь Сталин манай сор болсон хүмүүсийг устгаж Монголын түүхтэй их бага хэмжээгээр хутгалдсан тул бид түүнийг сайн мэддэг, харин Гитлерийг фашизмын эцэг, ХХ зууны нэг номерын алуурчин гэхээс цааш мэддэггүйд орших аж. Тухайн үед дэлхий дээр оршиж байсан 73 улсын 61 нь оролцож, зургаан жил үргэлжлэхдээ зарим нэгний тооцоогоор жаран сая хүний амийг бүрэлгэсэн гэгддэг энэ аймшигт дайны гол буруутан Адольф Гитлер гэгч хүн яагаад ийм тийрэн болсон юм бэ, түүхийн хүрд өөрөөр эргэх боломж байсангүй гэж үү, зөвхөн хар бараан амьдралтай хүн байсан юм уу гээд бидний бараг мэддэггүй амьдралынх нь хэсгээс жаахан сонирхъё. Учир нь тэр бол хар бараанаар ч гэлээ дэлхийн түүхэнд томоор бичигдсэн, заавал мэдэж байх ёстой нэгэн мөн тул тэр. Байг гэхнээ яаж яваад хагас галзуу байрын ийм эр “шалан дээр унасан” эдийн засагтай орныг аравхан жилийн дотор цэрэг зэвсэг-эдийн засгийн хүчирхэг улс болгон өөрчилж дэлхийн хөгжил дэвшлийн оргилд байсан бүх нутгийг хормын дотор эзэлж чадав аа гэдэг чинь өөрөө сонирхолтой асуулт мөн биз дээ.

Амраг Эве Брауны хамт

ДОЛЬФ ГИТЛЕРИЙН ТУХАЙ ХҮН БҮХНИЙ МЭДДЭГ ТОВЧ ТҮҮХ

Тэр 1889 оны дөрөвдүгээр сарын 20-нд Австрийн Браунау-ам-Инне хотод Алоис хэмээх тариачин эрийн гэрт төрсөн. Хожим нь эцэг нь гаалийн ажилтан болж амьдрал нь дээшилсэн тул Гитлерийн бага нас гачигдах дутагдах зүйлгүй өнгөрсөн гэнэ лээ. Эхийг нь Клара гэдэг, ирээдүйн фюрэрийн хайрлаж санагалзах ганц эмэгтэй, тийм ч учраас Гитлер “би ээжийгээ дуурайсан төрхтэй” гэж их ярьдаг байжээ. Дунд сургуульд бусдын л адил суралцаж байснаас биеийн тамирын хичээл, уран зураг хоёрт илүү дуртай байв. Багын сонирхлоо цаашид хөгжүүлэхийг эрмэлзсэн Адольф дунд сургуулиа төгсөөд Венийн Уран сайхны академид элсэх гэж хоёр удаа оролдоод бүтээгүй. Гэхдээ зураг зурах “хөөрхөн” авьяас байсан тул чөлөөт уран бүтээлч болж нэлээн хэдэн жил бийр будагтай ноцолдож гайгүй зурчихдаг байсны жишээ нь зургаа зараад өөрийгөө тэжээх хэмжээний мөнгө олчихдог байснаар батлагдана. 1913 онд Бавари муж руу шилжин тэндээ цэрэгт татагдаж дэлхийн нэгдүгээр дайнд ачигдлаа. Дайнд нөхрийнхөө ард нуугдаж, нуувчнаас гаралгүй нугдайн сууж байсангүй. Баварийн армид багтан байлдахдаа “Төмөр Загалмай”-н нэг, хоёрдугаар зэрэг, “Сэлэмтэй Загалмай” мэтийн медалиудаар шагнуулсан, хоёр удаа шархдаж бөөр, нүдэндээ гэмтэл авч байсан дайчин эр. Дөрвөн жилийн туршид сайн байлдаж хожмоо химийн дайралтад өртөн шархдаад эмнэлэгт хэвтэнгээ дайн дууссаныг сонсох үедээ түрүүч цолтой байжээ. Энд нэг зүйлийг түрүүлээд тэмдэглэхэд дэлхийн хоёрдугаар дайнд оролцсон 61 улсын цэргийн ерөнхий удирдагч, командлагч нар дотор ганцхан “ахлах бадка” байсан нь энэ туузан сахалт шүү дээ.

Дайнаас буцаж ирээд Мюнхэн хотноо хэсэг ажилгүй сэлгүүцэж дараа нь ухуулагчийн дамжаанд суралцан шар айрагны мухлагаар сэлгүүцэх өөртэйгөө адил хүмүүсийг еврейчүүдийн эсрэг тэмцэх үзэлд ухуулах болжээ. Дайнд ялагдаж үгүйрч хоосорсон, паб хэсч шар айргаар ходоодоо цэнэглэх ажил, амьдралгүй эрчүүдэд Гитлерийн хурц цэцэн цэлмэг ухуулгууд ихэд таалагддаг байсан нь Германы ажилчны намын үүсгэн байгуулагч Дрекслерийн сонорт хүрч түүнийг намдаа элсүүлэхэд 1919 он өнгөрч байлаа. Үүнээс жилийн дараа гэхэд уг нам нэрээ сольж NSDAP(НСДАП-Германы үндэсний социал ажилчны нам) хэмээх ирээдүйд дэлхийг чичрүүлэх тавилантай харгис нам болон өөрчлөгдөж түүний хязгааргүй эрх мэдэлтэй даргаар Адольф Гитлер сонгогдсон. 1923 онд хожмоо “пивоны үймээн” гэж нэрлэгдсэн төрийн эсрэг жагсаал зохион байгуулсан хэргээр таван жилийн ял авсан ч есөн сар суугаад суллагдсан. 1930 он гэхэд түүний нам Германы парламентын сонгуульд дээгүүр өрсөлдөх хэмжээний болтлоо нэр нь өссөн. Үр дүн нь ч удалгүй гарч 1933 он гэхэд тэр рейхсканцлер буюу Ерөнхий сайд боллоо. Дараа жил нь нөгөө Рейхстаг буюу парламентын байшин нь шатаж түүнийг коммунистууд шатаасан хэргээр өрсөлдөгч намаа нугасалж дөрвөн мянга орчим хүнийг шоронд илгээв. Хожмоо энэ шатаалтыг Гитлерийн намын Эрнест гэгч өөрийнхөө бүлгийн хамт нууцаар үйлдсэн нь батлагдсан. 1934 онд Ерөнхийлөгч 86 настай Гинденбург нас нөгчиж тухайн үеийн хуулиараа засаг тэргүүлж байсан хүн Ерөнхийлөгчийг орлоно гээд Гитлер шууд фюрэр боллоо. Дараа нь хуулийг өөрчлөх бүх нийтийн санал асуулгаар 84 хувийн дэмжлэг авсан Адольф зэвсэгт хүчин зөвхөн түүнд тангараг өргөнө, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдыг нийлүүлээд нэг хүн хашна гэх мэтчилэнг баталгаажуулж аваад л сүйтгэж эхэлсэн дээ. Еврей, цыган нарыг нутгаасаа хөөж устгалаа, коммунистуудыг устгалаа, социал демократуудыг устгалаа. 1938 онд Австрийг, 1939 онд Чехийг өөрийн эрхшээлд оруулсны дараа Польш руу халдах бэлтгэлдээ орсон. 1939 оны наймдугаар сарын 31-нд Польшийн армийн хувцас өмсөж зүсээ хувиргасан нацистууд хилийн зааг дээрх Глайвиц хотын герман иргэд рүү дайрч халдлага үйлдсэн бөгөөд үүний маргааш нь Гитлер радиогоор “польшууд 14 газраар хил зөрчин манай хүмүүс рүү дайрсан тул энэ балмад үйлдэлд хариу барих болно” хэмээн зарлаж Польш руу довтолсноор дэлхийн хоёрдугаар дайн эхэлжээ. Долоон сая цэрэгтэй Вермахт түүний удирдлага дор зургаан жил Европыг түйвээж 1945 оны тавдугаар сард л нам дарагдсан юм. Тэр өөрөө 1945 оны дөрөвдүгээр сарын 30-нд буюу яг энэ өдөр Берлин хот дахь нуувчиндаа амиа хорложээ.

Вена хотын сүмийг дүрсэлсэн түүний уран зураг

АДОЛЬФ ГИТЛЕРИЙН ТАЛААРХ ХҮН БҮР ЯРИАД БАЙДАГГҮЙ ТҮҮХ

*Тэр сайн зурдаг байжээ. Дайны төгсгөл үеэр Германд байлдаж явсан америк цэргүүд түүний зурсан зургуудыг олзолж далай давуулан авч явснаас зарим нь нийтэд ил болоод байгаа. Жишээ нь 2015 оны зургадугаар сарын 22-нд нэгэн дуудлага худалдаан дээр түүний зурсан 15 зураг дөрвөн зуун мянган еврогоор зарагдаж байв. Зургууд нь ихэвчлэн хуучны Вена хотын эргэн тойрон, барилга байгууламж, хүмүүсийг дүрсэлсэн байдаг.

*Залуудаа “галзуу тамхичин” байсан Гитлер өдөрт дөч хүртэл янжуурыг дуусгадаг байжээ. Хожмоо тамхинаас гарч түүний эсрэг идэвхтэй тэмцэх болсны нэг жишээ нь төрийн хэмжээнд гаргасан тамхины эсрэг хууль. Дэлхий дээрх хамгийн анхных гэгддэг энэ хуулиар тамхийг нийтийн унаанд татахыг хориглон татварыг нь нэмж, суртчилгаа хийхийг нь хязгаарлаж байлаа. Улс орон даяар тамхины хор хөнөөлийг тайлбарлаж, баар, ресторанд зөвхөн зөвшөөрөлтэй талбайд л татуулдаг байв.

*Гитлер гэрийн тэжээвэр амьтдыг хамгаалах хуулийг бас л хамгийн анх дэлхийн хэмжээнд гаргасан хүн. Хууль гаргаж байх үедээ үй олон еврейчүүдийг устгаж байсан мөртлөө амьтан дээр шинжлэх ухааны туршилт хийх, гэрийн тэжээвэр амьтадтай харгис хандахыг тэвчдэггүй байж. Сонин шүү. Сая, сая хүнийг лабораторийн туршилтад оруулж хороох мөртлөө хулгана, туулайг өрөвдөнө гэж.

*Гитлер 1939 онд Нобелийн шагналын энх тайвны төлөө төрөлд нэр дэвшиж байснаас гадна TIME сэтгүүл түүнийг “1938 оны хүн” гэж өргөмжилж байсан. Сэтгүүлд түүний алдар цуу, албан тушаал зэргийг нэрлээд төгсгөлд нь “Энэ онд болж өнгөрсөн үйл явдлуудад 1938 оны Хүний оруулсан хувь нэмрийг тооцон үзвээс тэр 1939 оныг хэзээ ч мартахааргүй болгон өнгөлж магадгүй юм” гэж онцолж байжээ.

*Тэр Америкийн машин үйлдвэрлэгч Генри Фордыг шүтэж хөрөг зургийг нь тасалгааныхаа хананд өлгөж байв. Фордын адил хямдхан машинууд үйлдвэрлэж бүх герман хүнийг жолооны ард суулгана гэж мөрөөддөг, энэ мөрөөдлөө “Вольксваген”-ий эзэнтэй ярилцаж хэлэлцэж байсан гэдэг.

*Гитлер дөрвөн настай байхдаа голын усанд живж үхэх шахсан бөгөөд хажуугаар нь явж байсан санваартан түүний амийг аварсан гэнэ. Еврей гаралтай тэр лам ямар хүний амийг аварч байгаагаа мэдсэн бол ч… Яг үүнтэй адил Венийн Уран сайхны Акедеми түүнийг хоёр удаа шалгалтанд унагааж байхын оронд сургуульдаа оруулсан бол Ван Гог болдоггүй юм аа гэхнээ урлагийн замаар алхсан даруухан нэгэн болох ч байсан юм бил үү.

*Гитлер 1929 онд дөчин настай байхдаа 17 настай Ева Браун хэмээх охинд дурлаж эргүүлж эхэлсэн бөгөөд 1931 оноос эхлэн хамт амьдрах болсон. Гэхдээ тэд 14 жилийн туршид амрагийн хэмжээнд амьдарч байгаад 1945 оны дөрөвдүгээр сарын 29-нд гэрлэсэн бөгөөд маргааш нь хамтдаа амиа хорложээ.

*Гитлерийг устгах гэж маш олон удаа оролдож байлаа. Зөвхөн 1933-1938 оны хооронд 16 удаа ийм халдлага үйлджээ. Эхэн үедээ дотоодынх нь өрсөлдөгчид буудах, дэлбэлэх, хор өгөх зэргээр олон удаа оролдсоноос хамгийн бүтэлтэй нь Нюрнбэргийн ойролцоо машинтай явж байхад нь буудсан үйлдлийг гэдэг юм билээ. Тэр үед гарыг нь шархдуулж байжээ. Хожим дайн эхэлснээс хойш өөр улсуудын “томчуул” оролдож эхэлсэн ч гэлээ хэн нь ч бүтэл олоогүй.

*Веймарын Бүгд Найрамдах Улсын үед эхлүүлсэн ажил болох том хотуудыг холбосон хурдны замыг дуусгасан нь эдийн засгийн хөгжилд их тус болсон. Ер нь түүнийг засаг барьж эхэлсэн эхний гурван жилд Германы эдийн засаг арав дахин өссөн гэдэг юм билээ. Зарим эдийн засагчид энэхүү дэвшилд нь Америкийн том том корпорациудын зээл тусламж, хөрөнгө оруулалт нөлөөлсөн гэлцдэг.

Д.БАТ-ЭРДЭНЭ


Categories
мэдээ цаг-үе

Мундаг зураач болчихоод аав, ээжийнхээ хөргийг зурна

Өсвөрийн зохион бүтээгчдийн лаборатори ахлах сургуулийн 12 дугаар ангийн сурагч Ганзоригийн Төгсбуян “Сурагч нас” нэртэй үзэсгэлэнгээ энэ долоо хоногт Хүүхдийн ордонд гаргасан юм. Энэ жил сургуулиа төгсөх тул үзэсгэлэнгээ ийнхүү нэрлэжээ. Тэрээр хоёр дахь удаагаа өөрийн уран бүтээлээ үзэгчдийн хүртээл болгож буй юм. Г.Төгсбуян хүү өнгөрсөн жил буюу 11 дүгээр ангидаа “Алхам” нэртэй анхныхаа үзэсгэлэнг гаргасан билээ. Уран бүтээлч хүүг “Өдрийн зочин” булангийнхаа энэ удаагийн дугаарт онцолж байна.

Залуухан зураач маань энэ жил 16 настай. Цэцэрлэгт байхдаа л зураг зурж эхэлсэн гэнэ. Ер нь цэцэрлэгийн хүүхдүүд бүгд л зурдаг. Харин Г.Төгсбуянгийнх цаанаа л өөр байжээ. Дөрвөн настайдаа “Тулалдаан” зургаараа Хүүхдийн ордноос зарласан уралдаанд оролцож шилдэг 20 бүтээлд шалгарсан байна. Дөрвөн настай жаахан хүү юу дүрсэлсэн бол гэсэн бодол өөрийн эрхгүй төрөв. Харь гарагийн мангасууд хэрхэн дайтаж байгааг харуулсан бүтээлээ одоо болтол хадгалж байдаг гэнэ. Г.Төгсбуян 12 жил зураг зурж байгаа. Энэ хугацаанд бүтээл нь хэрхэн өөрчлөгдсөн талаар сонирхоход зургийн түвшин дээшилсэн гэв. Өөрт нь хүртэл мэдрэгддэг аж. Бүтээлүүдээ реалист хэмээн тодорхойлж, бодит амьдралаас сэдэвлэн уран бүтээлээ туурвина хэмээж байв. Сүүлийн үед хөрөг нэлээд зурах болсон. Цуг сурдаг бүх хүүхдээ зураад “Сурагч нас” үзэсгэлэндээ тавьжээ. Ангийнхан нь үзэсгэлэнг үзээд бүгдээрээ Г.Төгсбуянг магтаж, өөрсдийг нь зурсныг хараад ихэд баярлажээ. Төгсөхдөө ангийнхандаа хөргийг нь бэлэглэнэ гэсэн бодолтой байгаа гэнэ.

“Сурагч нас” үзэсгэлэндээ Ш.Төгсбуян хөрөг, амьтан, байгалийн зургаас гадна өөрийнхөө сийлсэн дөрвөн морин хуур, хоёр товгор сийлбэрийг тавьжээ. Технологийн багш Доржсүрэн нь анх санал болгож наймдугаар ангиасаа эхлэн сийлбэр хийж байгаа.

Залуухан зураач маань айлын отгон хүү. Эгч, ах хоёр нь МУИСийн оюутан гэнэ. Аав, ээж, ах, эгч нь бүгдээрээ түүнийг дэмждэг. Ээж, аав хоёрынхоо хөргийг зурсан боловч өөрт нь таалагдаагүй гэнэ. Тэднийхээ зан чанар, сайхан сэтгэл, дотоод ертөнцийг нь гаргаж хараахан чадаагүй аж. Тиймээс тэдэндээ зургаа үзүүлээгүй. Мундаг зураач болсон хойноо аав, ээж хоёрынхоо хөргийг дахин зурах гэнэ. Өөрийнхөө бүтээлүүдээс “Охины хөрөг” нэртэй зургийг хамгийн сайн нь гэж боддог. Зурсан арга барилдаа сэтгэл нь ихэд хангалуун байдаг тул түүнийгээ анхныхаа үзэсгэлэнд тавьсан байна.

Үзэсгэлэн гаргана гэдэг тийм ч амар ажил биш. Сурагч байхдаа үзэсгэлэнгээ гаргасан хүүхэд маш цөөхөн. Энэ их ажлын ард зургийн багш Батбаяр болон аав, ээжийнхээ дэмжлэгтэйгээр гарчээ. “Сурагч нас” үзэсгэлэнд тавигдсан хоёр ч бүтээл нь зарагдсан байна. Мөн Г.Төгсбуянгийн таньдаг хүмүүс, фэйсбүүкийн найзууд нь захиалга өгч хөргөө зуруулдаг гэж байгаа.

Залуу зураачид маань Италийн нэрт уран бүтээлч Леонардо да Винчигийн бүтээл маш их таалагддаг гэсэн. Ялангуяа хөрөг зургуудынх нь өнгө. Г.Төгсбуян тэр өнгийг гаргах гэсэн боловч хараахан чадахгүй байгаа аж. Харин Монголын зураачдаас Марзан Шарав хамгийн их таалагддаг. Түүний бүтээлээс жинхэнэ монгол үнэртдэг хэмээн ярьсан юм. Г.Төгсбуян энэ жил СУИС-ийн дэргэдэх Дүрслэх, дизайн урлагийн сургуульд шалгалт өгөхөөр бэлтгэж байгаа юм байна. Монголын урлагийн ертөнцөд удахгүй бас нэгэн шинэ од гийж, шинэ хуудсыг нээнэ гэдэгт итгэлтэй байна.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монголын сайхан байгалийг мал сүйтгэх, нинжа сүйтгэх хоёрт чанарын ялгаа алга

Сүүлийн хэдэн жил “нинжа” нарын тухай ярих болсон. Тэд хууль бусаар, гар аргаар олборлолт явуулан байгаль дэлхийг сүйтгэж байгаа. Ядаж байхад алт байгалийн хамгийн үзэсгэлэнтэй газар байх юм. Хаана л ус мөрөн урсаж, гол горхи шуугьж байна тэнд алттай байх нь бишгүй. Нуур цөөрмөөр хүрээлэгдсэн, ой мод шуугьсан байгалийн үзэсгэлэнт газар ихэнхдээ алттай байдаг. Гэвч тиймэрхүү газрыг сүүлийн хэдэн жил “нинжа” нар там болгон хувиргаж байгаа. Хэдхэн жилийн өмнө байгалийнх нь сайхныг биширч дуу алдаж байсан газраа эргээд очиход нүд халтирмаар болсон байх нь бий. Яг үүнтэй ижил хаана гол горхи, нуур цөөрөм байна тэнд мал битүү шавчихсан байдаг.

Уг нь зуны орой нар жаргахын алдад голын эргээр сүрэг мал багширсан байхыг хараад сэтгэл хөдөлдөг байлаа. Монголын унаган байгаль, баялаг гэдэг чинь л энэ шүү дээ гэж эрхгүй сэтгэлд буун сайхан санагддаг байв. Ер нь иймэрхүү дүр зураг харсан ямар ч монгол хүн өөрийн эрхгүй огшиж эх сайхан нутгаараа бахархдаг биз. Зуны дэлгэр цагт ийм дүр төрхийг л олж харах гэж хөдөө нутгийг зорьдог. Харин сүүлийн үед нуур, голын эрэг дагуу багшралдан бэлчиж буй мал сүргийг хараад дэндүү харам санагдах болж. Дэлхийн цаг уур өөрчлөгдөж хаа сайгүй ган гачиг болж буй. Ийм үед нуур, цөөрөм ширгэн алга болж байна. Хүн төрөлхтөн байгалийн үзэсгэлэнг бие биеэсээ нуун харамлаж байхад Монголын хамгийн сайхан байгальтай газар малын хөлд сүйдэж байгаа нь хайран санагдаад байх юм. Жижиг цөөрмийн дэргэд адуун сүрэг өдөржин бөөгнөрч байгаад оройн сэрүүнд бэлчээрлэж явсан хойно тэнд юу үлддэг билээ дээ. Хөл тавихын аргагүй битүү адууны хомоол, шээсэнд дарагдсан байдаг.

Дэргэд нь суугаад байгалийн сайхныг бахдах аргагүй болгочихдог. Түүнтэй яг ижил малчин айлын зуслан хавьд амрах аргагүй болно. Малчид бас л хамгийн гоё модтой, гол горхитой газар очоод буучихдаг нь гаслантай. Тухайн нутгийнхаа хамгийн сайхан, цэл ногоон сэргэлэн дэнж дээр малчин айл зусландаа буудаг. Харин тэднийг нүүх үед хашаатай хонь уг дэнж дээр дахин хэдэн жил айл буухааргүй болтол шавар шавхай болгочих юм. Нүүгээд явсан хойно нь тэнд хог новш, малын баас л үлдэнэ. Тэр сайхан байгалийн өнгө гурваас таван жилдээ сэргэхгүй хэмжээнд очдог. Ингээд бодохоор байгаль дэлхий малын хөлд ч тэр уул уурхайд ч тэр ялгаагүй сүйдээд байна.

Нэг ёсондоо 60 сая эвэртэй “нинжа” монгол даяарын хамгийн үзэсгэлэнтэй байгалийг сүйдлээд байна. Уг нь бидний сэтгэхүйд бэлчээрийн мал аж ахуй ингэж явахаас өөр замгүй мэт санагддаг. Одоог хүртэл ингэж бодсон хэвээр байгаа. Мал сүрэг нь байгалийнхаа хамгийн сайханд бэлчээрлэж усны тунгалгийг ууж өвсний соргогийг идэж байх нь жирийн, байх л ёстой зүйл мэт бодогддог. Гэвч байгаль дэлхийг сүйтгэж байгаа нь “нинжа” нартай адилхан байгаа юм. Тиймээс мал бэлчээрлэх газрыг хуулийн зохицуулалтаар зааж өгмөөр байна. Малчид тухайн жилд хаагуур нутаглана, дараа нь тэндээ цэвэрлэгээ хийдэг болох хэрэгтэй. Айл амьтан нутагласан л бол ойр орчимд нь хог, цаас үлдэхгүй байна гэж үгүй. Бас малын сэг зэмээ газарт булж үгүй болгомоор байна. Тэгэхгүй бол нэг сайхан өдөр гэрээсээ гарч зугаалж явсаар уулын бэлд суух гэтэл ойрхон малын сэг өмхийрчихсөн хэвтэж байхтай таарах энүүхэн. Энэ бүхнийг хуульчилж өгмөөр байгаа юм. Малчин өрх малынхаа хороог хаана яаж барих, малаа хаана бэлчээх, орчноо хэрхэн өөд татах гэхчилэн тусгай зүйлүүдийг нарийн заалтаар хуульчлаад өгчих хэрэгтэй. Бас малыг гол, нууранд оруулдгийг зогсоомоор байгаа юм. Тунгалаг сайхан уснаас хутгаад цай чанах гэтэл дээр нь адуун сүрэг орчихсон ялаагаа үргээж байдаг.

Түүгээр ч үл барам гол мөрний дэргэд мал услах газрыг тусгайлан бий болгоё. Эрэг рүү уруудаж ирээд шууд уудаг биш хажуудах шуудуу юмуу онгоцноос уулгахыг малчдад хэвшүүлчих. Бас жижиг нуур, цөөрмийн дэргэд адуу хонуулдгийг болиулмаар байна. Энд л сайхан байгальтай даа гээд очоод хоноглох гэхээр малын хөлд дарагдаад майхан барих ч зайгүй болчихсон байх нь бий. Битүү аргал хомоол, малын баасан дунд тухтай амрах боломж олдохгүй юм. Тэгэхээр энэ бүхнийг хуульчлаад өгчихвөл хэн хэндээ амар байхсан. Малын бууц уул уурхайтай ижил хүлэмжийн хийг асар ихээр ялгаруулдаг гэж эрдэмтэд яриад байгаа. Үүнд ч гэсэн анхаарал хандуулах хэрэгтэй. Ер нь ингэж аль сайхан газраа мал амьтан багшралдуулахын оронд хүн шавуулдаг болъё. Тэгэхгүй бол аль сайхан газар бүхэн, байгалийн үзэсгэлэнтэй тохой бүрт мал шаваад байхаар хүнд ямар ч хүртээлгүй болчихоод байна. Ингэж нүүдлийн аж ахуйг байгаль орчинд хэр зэрэг ээлтэй байна вэ гэдэг талаас нь бодохгүй бол болохгүй цаг иржээ. Манай улсын хүн амын тоо ч өсөөд байна. Мал сүргийн тоо ч өсөж байгаа. Яваандаа багталцаж шингэхээ байх тул эртнээс хууль дүрэм гаргаж зохицуулалт хийе.

С.АЛТАН

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Олимпоос алтан медаль авчирсан тамирчиндаа нүүрсний уурхай өгье” нийтлэлийг уншаарай

“Өдрийн сонин”-ы бямба гаригийн дугаар хэвлэгдэн гарч, уншигч захиалагчдадаа хүрч байна. Өнөөдрийн дугаарыг тоймлон хүргэе.

“Coal and metals mongolia” олон улсын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт өчигдөр эхэллээ. Нүүрсний салбарын хөрөнгө оруулагчид, металлургийн салбарын хөрөнгө оруулагчид, уул уурхайн тоног төхөөрөмжийнхөн гээд энэ удаагийн чуулган нэлээд өргөн арга хэмжээтэй юм. Өнөө жилийн чуулганы онцлог юу байна вэ гэдгийг сурвалжлан нэгдүгээр нүүртээ онцоллоо. Үргэлжлэлийг нь долдугаар нүүрээс уншаарай.

Өчигдөр Хөшигийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудлыг Улаанбаатартай холбосон хурдны авто замын ажлын нээлт болсон юм. Энэ үйл явдлыг нэг, хоёрдугаар нүүрээс уншиж сонирхох боломжтой.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлж байдаг алдарт гуравдугаар нүүрт “Олимпоос алтан медаль авчирсан тамирчиндаа нүүрсний уурхай өгье” нийтлэл хэвлэгдэн гарлаа. Манай Засгийн газар, харьяа яам газар нь олимпийн аваргадаа нүүрсний уурхай өгье гэдэг энэ санааг аль болох дэмжих талаас нь харвал эргээд ирэх үр нөлөө нь асар юм. Энэ ач холбогдолтой шинэ санааны жинхэнэ агуулга, утгыг гуравдугаар нүүрээс бүрэн эхээр нь уншиж үзнэ үү.

Бямба гариг бүр хүргэдэг “Нэг ангийнхан” буландаа Увс аймгийн Улаангом хотын нэгдүгээр арван жилийн 9-ийн “А” ангийг одоогоос 44 жилийн өмнө төгсөж байсан ангийнхныг урьж оролцууллаа. Сум сумын сайчуулыг цуглуулсан эл ангийнхны тухай нэг, зургадугаар нүүрээс уншина уу.

ХБНГУ-д од болоод буй монгол хүүхдүүдийг “Өдрийн зочин” буландаа энэ удаа онцоллоо. Тодруулбал, Берлинд “Бяцхан ханхүү” балетын гол дүрд тоглосон Изабелла Халиун Аренка, болон “Tschik” кинонд тоглож буй Батбилэгийн Ананд нарыг “Өдрийн зочин”-д онцолсон юм. Тавдугаарт нүүрт энэ тухай хэвлэлээ.

Эдгээрээс гадна “Дэлхийх хүмүүс”, “Хэлэх эрхийн индэр”, “Амрах агшин”, “Өд бэх”, “Ном ярьж өгье”, “Таны гал тогоонд” зэрэг тогтмол булангууд өнөөдрийн дугаарт гарлаа.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Жирэмсэн бол улаанбурханы вакцинд хамрагдаж болохгүй

Улаанбурханы 624 мянган хүн тун вакцин өчигдөр манай улсад ирсэн билээ. Үүнтэй холбоотойгоор энэ сарын 12-ноос 25-ны хооронд орон даяар улаанбурханы эсрэг иргэдийг вакцинжуулах аян эхлэхээр болсон. Тус вакцинд 18-30 насны хүмүүсийг хамруулах бөгөөд энэ насны жирэмсэн эмэгтэйчүүд вакцинд хамрагдаж болохгүйг ХӨСҮТ-ээс анхааруулж байна. Мөн вакцин хийлгэснээс хойш нэг сарын хугацаанд жирэмлэхгүй байхыг зөвлөжээ. Дашрамд дурдахад, 18-30 насны иргэд хүүхэд байхдаа улаанбурханы вакцин хийлгэсэн байсан ч дахин тариулахад харшлах зүйлгүй аж.

Та вакцинд хамрагдахын тулд:

Та ажил хөдөлмөр эрхэлдэг бол өөрийн байгууллага, сургуулиараа дамжуулан харьяа дархлаажуулалт хийх өрхийн эмнэлэг, төв дээр очиж сайн дураараа вакциндаа хамрагдах боломжтой. Харин ажилгүй иргэд тухайн амьдарч буй газрынхаа харьяа дархлаажуулалт хийх Өрхийн эмнэлэгт очин вакциндаа хамрагдах хэрэгтэй юм байна.

Categories
мэдээ нийгэм

Эрүүл мэндийн үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлнэ

“Эрүүл урт наслалт” үзэсгэлэн, өдөрлөг өнөөдөр МҮЭСТО-д эхэллээ. Үзэсгэлэн өдөрлөгт улсын болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд, рашаан сувилал, уламжлалт эмчилгээ, бариа засал, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн, эрүүл хооллолтын төвүүд, эмийн үйлдвэр, эм ханган нийлүүлэх бөөний төв зэрэг нийт 50 гаруй байгууллага, компани, хувь хүмүүс оролцож өөрийн бараа бүтээгдэхүүн, үйл ажиллагааны цогц мэдээллийг иргэдэд хүргэж байна.

Мөн өдөрлөгийн үеэр зүрхний бичлэг, эхо оношлогоо, сахарын хэмжээг үнэ төлбөргүй тодорхойлуулах боломжтой.

Өдөрлөг энэ амралтын өдрүүдэд үргэлжилнэ.