Categories
мэдээ спорт

ФОТО: СБЛ Хасын Хүлэгүүд цувралын харьцааг 3:2 болгов

чигдөр Хүлэгүүд тун чамбай тоглолт хийж, ялалт авснаар цувралын харьцааг 3-2 болголоо. Үндэсний аваргын цувралын 6 дахь тоглолт маргааш 14:00 цагаас Хандгайт дахь Үндэсний сагсан бөмбөгийн ордонд болно.

СБЛ Хасын Хүлэгүүд – Альянс Тех Харцага – 109:90

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН


Categories
мэдээ нийгэм

Маргааш цэрэг татлага дуусна

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийслэлийн хэмжээнд цэргийн жинхэнэ алба хаах хугацааг дуусгаж, бэлтгэлээр халагдсан байлдагч, түрүүчийг хүлээн авах, цэргийн жинхэнэ албанд залуучуудыг татах, гэрээт цэргийн албанд элсүүлэх ажил өчигдөр эхэлсэн бөгөөд 05 сарын 08-ныг дуустал үргэлжилнэ.

Дүүргүүдийн цэрэг татлагын байр:

  • Баянгол дүүрэг – “Оюуны ундраа” /96 дугаар дунд сургууль/ цогцолбор
  • Баянзүрх дүүрэг – 53 дугаар дунд сургууль
  • Сүхбаатар дүүрэг – 31 дүгээр дунд сургууль
  • Сонгинохайрхан дүүрэг – “Ирээдүй” / 83 дугаар дунд сургууль/ цогцолбор
  • Хан-Уул дүүрэг – 34 дүгээр дунд сургууль
  • Чингэлтэй дүүрэг – 24 дүгээр дунд сургууль
Categories
мэдээ соёл-урлаг

“Гэгээн муза” наадам болж байна

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа “Гэгээн Муза” 13 дахь удаагийн олон улсын театрын наадам албан ёсоор нээгдлээ.

Ёслолын арга хэмжээг нээж, наадмыг зохион байгуулж “Гэгээн муза” академийн захирал, АЖ С.Сарантуяа үг хэлэв. Энэ удаагийн олон улсын театрын наадмын ерөнхий шүүгчээр УДЭТ-ын найруулагч, УГЗ Б.Баатар ажиллаж буй бол “Гэгээн Муза” Академийн ерөнхийлөгч, АЖ С.Сарантуяа, Төрийн соёрхолт, Гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар, Урлагийн Гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Бямбабаяр, Гэгээн Муза алтан цомын эзэн, Г.Доржсамбуугийн нэрэмжит Арслан шагналт, жүжгийн зохиолч Х.Наранжаргал, Урлаг судлалын ухааны доктор, зураач Ц.Эрдэнэцог, УДЭТ-ын ерөнхий зураач, СТА Т.Ганхуяг, Урлаг судлалын ухааны профессор Д.Мягмарсүрэн, театр судлаач, доктор, дэд профессор Д.Батсайхан, театр судлаач Ц.Нямсүрэн, утга зохиол судлаач, доктор Ш.Баттөр нар тус тус ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

“Хааны эрэлд” сургуулилтад 40 гаруй орны алба хаагчид оролцоно

Монгол Улсын Зэвсэгт хүчний болон оролцогч улсуудын бие бүрэлдэхүүний энхийг дэмжих ажиллагааны арга техникүүдэд сурган дадлагажуулах, чадавхийг нэмэгдүүлж, хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой “Хааны эрэлд-2016” сургуулилт жил бүр болдог билээ. Энэ жилийн хувьд тавдугаар сарын 22-ноос зургаадугаар сарын 4-ний өдрүүдэд Монгол Улсад болно. Энэ жилийн сургуулилтыг АНУ-ын Номхон далайн командлал, Дэлхийн “Энхийн төлөө байгууллага”, Монгол Улсын Зэвсэгт хүчин хамтран зохион байгуулах юм байна.

Өнгөрсөн жилийн “Хааны эрэлд 2015” олон улсын сургуульд АНУ, ОХУ, Австрали, Бангладеш, Беларус зэрэг 23 орны Зэвсэгт хүчний алба хаагчид оролцож байсан бол энэ жил 40 гаруй орны 2000 гаруй цэргийн албан хаагч оролцох аж. Монгол Улс болон АНУ-ын Зэвсэгт хүчин хамтран зохион байгуулдаг уг сургуулилт 2003 оноос хоёр орны хамтарсан сургуулилтаар эхэлсэн бөгөөд 2006 оноос өргөжин олон улсын сургууль болсон юм. Ялангуяа, нь Ази-Номхон далайн бүс нутгийн орнуудын энхийг дэмжих чадавхийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгждэг 5 гол сургуулийн нэг болж чаджээ.

Categories
мэдээ нийгэм

Шөнийн цагаар зам хаана

Замын цагдаагийн баруун урд уулзвараас Их Монгол Улсын гудамжны 2.1 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлын хүрээнд тус замын Маршал таун руу ордог гарцнаас Ривер гарден хотхоны уулзвар хүртэлх хэсгийн тээврийн хөдөлгөөнийг шөнийн цагаар, хэсэгчлэн түр хааж зам барилгын ажил хийж байна. Зам засварын ажлыг хийхтэй холбогдуулан тавдугаар 08-ны 23:00 цагаас тавдугаар сарын 09-ний 06:00 цагийн хооронд зам хааж түр хязгаарлалт хийх юм.

Дамшрамд дурдахад, Их Монгол Улсын гудамжны 2. 1км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажил 40 орчим хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд гэрээ ёсоор зургаадугаар сарын 30-нд ашиглалтад өгөх хуваарьтай ч хугацаанаас нь 14 хоногийн өмнө ажлыг бүрэн дуусгахаар төлөвлөн ажиллаж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хямралын сайн талууд

“Ажилгүйдэл, үнийн өсөлт ба авлигаас үүдэн Монгол Улсын иргэд гутранги үзэлд автжээ” хэмээн судлаачид мэдээллээ. Хот, хөдөөгийн 5000 хүний дунд судалгаа хийгээд ийм дүгнэлт гаргасан юм байна. Эдийн засгийн хямрал, сонгуулийн шоу, ажилгүйдэл гээд ярих юм бол байдал хэцүү байгаа нь үнэн. Гэхдээ нэг хаалга хаагдахад нөгөө хаалга нээгддэг гэсэн үг бий. Орлого багасч, өмнөх шигээ тансаглаж чадахаа байсан ч мөнгөнийхөө нэлээд хэсгийг хэрэггүй зүйлд зарцуулж байснаа ойлгодог боллоо хэмээн нэг танил маань хуучиллаа. Тухайлбал, таалагдсан л бол юуг ч хамаагүй худалдан авдаг, түүнийгээ заримдаа огт хэрэглэдэггүй байж. Хувцас, гутал зэрэг бол нэг удаа өмсөөд л сонирхол нь буурч дахин өмсдөггүй. Тийм төрлийн бараануудыг хаях хайран учраас шатаадаг, эсвэл хүнд өгдөг байлаа. Одоо бол зөвхөн хэрэгтэй зүйлээ л авдаг учраас хэрэггүй зүйлд мөнгө зарцуулагддаггүй гэсэн.

Мөн хүнсний дэлгүүрээс хэрэгтэй, хэрэггүй баахан зүйл цуглуулдаг байснаа больж, өдөр тутам хэрэглэдэг зүйлээ бага багаар авдаг болжээ. Ингэснээр зарим хүнс муудаж хаях эрсдэл үүсэхгүй.

Шоу цэнгээний асуудлыг бүр хойш нь тавьжээ. Зайлшгүй үед , бүр тодруулбал сард нэгээс хоёр удаа найз нөхөдтэйгөө уулзаж, баар ресторанд ордог болсон гэнэ. Бусад үед гэр бүлдээ цаг зав гаргадаг болсноор гэр бүлийн халуун дулаан уур амьсгал нэмэгдэж, аз жаргалтай сэтгэл дүүрэн алхах болжээ.

Хамгийн сонирхолтой нь ашиг орлого гайгүй үедээ хэрэгжүүлж байгаагүй хуримтлал үүсгээд эхэлсэн гэв. Учир нь банкны хуримтлалын хөтөлбөрт хамрагдаж, сар бүр тодорхой мөнгийг дансандаа хийж эхэлжээ.

Хямрал биднийг бодит хөрсөн дээр буулгаж, арвич хямгач байхад сургаж байна. Ядаж л мөнгөө зөв зарцуулж чаддаггүй байснаа ойлгож авч байна даа хэмээн танил маань ярилаа.

Categories
мэдээ спорт

Ж.Нарантунгалаг Японы тулаанчийг яллаа

Монгол Улсын Гавьяат тамирчин, тулааны урлагийн мастер Ж.Нарантунгалаг өчигдөр орой “One Championship”-т гайхалтай ялалт байгууллаа. Сингапурт болсон тулаанд тэрбээр Японы тулаанч Котэцү Бокутай өрсөлдөж, илт давуу байдлаар ялалтын эзэн болов. “No Face” хочит Котэцү Боку 2004 онд манай тамирчныг ялж байсан бөгөөд нийт 36 удаа тулаан хийхдээ 24 ялж, 10 удаа ялагдаж, хоёр удаа цуцалж байсан, хүчтэй өрсөлдөгч юм байна. Манай тамирчны хувьд “One Championship”-т 14 тулаан хийхдээ 10 ялж, дөрвөн удаа ялагдал хүлээжээ. МУГТ Ж.Нарантунгалаг энэ тулаанд ялснаар аваргын бүсээ эргүүлэн авах боломжид илүү ойртож байна.

Categories
мэдээ нийгэм

ТАНЫ ГАЛ ТОГООНД: Брокколитой хуурга

Орц (Гурван хүний)

Брокколи-250 гр

Чинжүү-Нэг ширхэг

Буржгар байцаа-60 гр

Ногоон сонгино-70 гр

Мөөг-120 гр

Масло-3-4 хоолны халбага

Үхрийн татсан мах-450 гр

Өндөг-Дөрвөн ширхэг

Давс-1/2 цайны халбага

Хар перец-1/2 цайны халбага

Хий харга

Энэ хуурганд брокколигоос гадна тэжээллэг, амин дэмээр баялаг олон хүнсний ногоо орно. Хүнсний ногоонуудыг хүйтэн усаар угааж хэрчинэ. Хайруулын тавганд масло хийж хайлуулаад дээрээс нь машиндаж татсан махыг хийнэ. Дунд зэргийн гал дээр махыг бор хүрэн болтол хутгаж хуураарай.

Гэхдээ махыг бүрэн болгох хэрэггүй. Ингээд хэрчсэн ногоонуудыг хуурсан махан дээрээ хийж давс, перец болон өөрийн дуртай амтлагчаар амталж 5-10 минут орчим хуурна.

Дараа нь өндгийг хагалж миксэрдээд мах, ногоо руу хийж болтол хуурна. Агшаасан будаа, гоймон зэргээр хачирлан идэж болно.

ӨНДӨГ, ХИАМААР ХАЧИРЛАСАН БЛИНЧИК

Орц (Таван хүний)

Бэлэн блинчик-10 ширхэг

Чанасан өндөг-Таван ширхэг

Хиам-300 гр

Хатаасан бяслаг-200 гр

Ургамлын тос-100 гр

Өндөгний шар-Хоёр ширхэг

Талхны үйрмэг-100 гр

Хийх арга

Блинчикийн зах хэсгээр хиам болон өндгөө хэрчиж тавиад дээрээс нь бяслагаа үрнэ. Ингээд захаас эхлэн хумьж гол хэсэгт нь очоод хоёр талаас нь дотогш нугалаад үргэлжлүүлэн хумина. Дараа нь өндөгний шарыг түрхээд талхны үйрмэгт өнхрүүлээрэй. Халааж бэлтгэсэн хайруулын тавгандаа хүрэн шаргал болтол нь хайраад бэлэн болно.

Бэлтгэсэн А.ЗУЛ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалт эхэллээ

Оюу толгойн хоёр дахь шатны санхүүжилт батлагдаж, гүний уурхайн бүтээн байгуулалт өнөөдөр эхэлж байна. Гүний уурхайн төслийн гарааны хүндэтгэлийн ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт, Уул уурхайн сайд Р.Жигжид болон албаны бусад хүмүүс оролцож байна. Энэ үеэр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэлсэн үгэндээ ёслолын арга хэмжээнд Рио Тинто компанийн гүйцэтгэх захирлаар саяхан томилогдсон Жан Себастьян Жакийг хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлье гээд түүнийг энэ ажилд томилогдсон нь Монголд ажиллаж байсан туршлагатай хүнийх нь хувьд Монгол Улс, Рио Тинтогийн түншлэлийг улам бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой гэдгийг тэмдэглэлээ.

Оюу толгойн гүний уурхайн төсөл нь уул уурхай, инженер, ложистикийн салбарт шинэ техник, технологийг Монголд нэвтрүүлнэ. Монгол Улс дэлхийн зэсийн үйлдвэрлэлийн томоохон тоглогч болно. Энэхүү төсөл бүрэн хүчин чадлаараа ажиллахын тулд газрын гадаргаас доош 1300 метрийн гүнд 200 км үргэлжлэх хонгилыг 5-6 жилд хөндлөн малтаж, олборлолтод бэлтгэн барих зорилт, шаардлага танай баг хамт олон, дотоод, гадаадын хувь нийлүүлэгч, хөрөнгө оруулагч, санхүүжүүлэгч нарын өмнө тавигдаж байна. Гүний уурхайн бүтээн байгуулалт эхэлснээр олон ажлын байр шинээр бий болж, үндэсний ханган нийлүүлэгчдийн бизнес өргөжиж, оролцогч талууд, Монголын ард түмэнд үе дамжсан үр өгөөжийг өгнө. Өнөөдөр Монголчууд бид бахархах ёстой. Учир нь Бид дэлхийн бизнесийн тавцанд эргэн ирснээ харуулсан чухал өдөр тохиож байна гэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэллээ.

Мөн тэрээр Оюу толгой төсөл өнөөдрөөс эхлэн бизнесийн сонгодог төсөл болон хувирч байна. Оюу толгой одоо улс төрчдийн ярианы сэдэв биш, улс орны хөгжлийн түүчээ ажил, бүтээн байгуулалт болон хувирч байна гэдгийг онцолсон юм.

2015 оны 5 дугаар сард баталсан Оюу толгой төслийн гүний уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх хүрээнд олон улсын нэр хүндтэй банк, санхүүгийн байгууллагуудтай 4.4 тэрбум ам.долларын төслийн санхүүжилтийн гэрээг 12 дугаар сарын 15-нд байгуулсан юм. Гүний уурхай 2020 оноос олборлолтоо эхлэх бөгөөд 2027 оноос бүрэн хүчин чадлаараа ажиллана төлөвлөжээ. Бүтээн байгуулалтын ажлын ид үед тус төсөлд 3000 хүн ажиллана гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.


Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Хэт ягаан туяагаар пирамидуудыг “нэгжиж” байна

Египет бол чухамдаа уран зөгнөлт кино, үлгэр домогт гардагчлан дэлхийн соёлын нууц, үүх түүхийг хадгалсан агуу орон билээ. Египетийн алтан шаргал хөрсөн доор агуу пирамидууд дотор ямар гайхамшигт эрдэнэ, түүхийн дахин давтагдашгүй олдворууд нуугдаж байгаа нь одоо хүртэл оньсого хэвээр. Тэнд Гизагийн пирамидууд, их Сфинксийн хөшөө, Карнак хийд, Хаадын хөндий зэрэг маш олон гайхамшигт дурсгал бий. Эдгээрийн нууцыг тайлахын тулд олон улсын эрдэмтдийн хамтарсан баг “Scan pyra­mids” буюу “Пирамидуудыг скайнердах” нэртэй төслийг өнгөрсөн оны аравдугаар сараас хэрэгжүүлж эхэлсэн байна.

Энэхүү судалгааны ажлаар дамжуулан техник технологийн гайхамшгийг харуулах гэнэ. Учир нь судалгааны ажид хэт ягаан туяагаар аливаа биетийн дулаан болон хэлбэр дүрсийг мэдэрч тодорхойлох боломжтой лазерын скайнер, сансрын туяаны шинжилгээний аппарат бүхий нисдэг төхөөрөмж, 3D дүрслэл бүхий компьютер зэрэг тоног төхөөрөмжүүдийг ашиглан хэмжилт судалгаа хийж буй юм. Ингэснээр пирамидууд болон эртний бунхнуудыг бүрэн судалж дотор нь юу нуугдаж байгаа, ямар технологиор барьсан зэргийг тодруулах юм байна. Судалгааны ажлыг Америк, Египет, Япон, Франц, Канадын эрдэмтэд АНУ-ын “HIP” институт, Каирийн их сургуулийн инженер, технологийн сургууль зэрэг газруудад түшиглэн явуулж байна. Түүнчлэн Японы Нагояа их сургууль, NHK телевиз зэрэг газрууд хамтран ажиллаж байгаа юм. “Пирамидуудыг скайнердах” судалгааны ажилд физикийн салбарын 800 гаруй эрдэмтэн хамрагджээ.

Нисдэг камер бүхий хэт ягаан туяаны лазерын скайнераар өмнө нь япончууд идэвхтэй галт уул, Фукушимагийн атомын цахилгаан станцын реактор зэргийг судалж байсан юм.

Судлаачдын баг Египетийн их пирамидуудаас ажлаа эхэлжээ. Тодруулбал, Гизагийн агуу пирамид буюу Хуфугийн (Хеопсын ч гэдэг) пирамид болон умардын Дахшур хотод байрлах Улаан пирамидуудыг судалж эхэлсэн байна. Хуфугийн пирамид нь Египет улсын нийслэл Каир хотын ойролцоох Гизад орших хаадын оршуулгын цогцолбор сац суваргуудын хамгийн аварга, хамгийн эртнийх нь бөгөөд дэлхийн эртний долоон гайхамшгаас өнөөдөр үлдэж хоцорсон цорын ганц бүтээл юм.

Судалгааны ажил эхэлснээс хойш эрдэмтэд хэд хэдэн сонирхолтой баримт, өмнө нь тайлагдаж байгаагүй зүйлсийг нээгээд байна.

ФАРАОН АЛГА БОЛСОН УУ?

Судалгааны ажлын явцад Дахшурын пирамидад байрлах Снофру хааны сац суварга хоосон байгааг илрүүлжээ. Энэ мэдээлэл гадны цахим хэрэгслүүдээр шуугиулж байна. Харин зарим шинжээч энэ мэдээллийг баттай биш гэж мэдэгджээ. Эртний Египетийн IV хаан болох Снофру хааны сац суварга нь нийслэл Каир хотоос 26 км зайд Дахшурт байрладаг юм. Уг пирамид дотор хааны бунхан байхгүй байгаа нь гайхширлыг төрүүлээд байгаа бөгөөд эрдэмтэд түүнд зориулсан бунхан биш ч байж болно гэж байна. Снофру хаан амьд ахуйдаа хоёр бунхан бариулж байсны нэг нь Дахшур дахь анхны эгц суварга юм. Түүний дараа Дахшур дахь анхны төгс хэлбэрт, уламжлалт суваргыг бариулсан нь хожим Улаан суварга буюу “Улаан пирамид” хэмээн алдаршсан билээ.

ХУФУД ӨӨР НЭГ ТАНХИМ БАЙЖ БОЛЗОШГҮЙ

Египетийн хамгийн том Хуфугийн пирамидыг дотроо үндсэн гурван тасалгаатай гэж эрдэмтэд үздэг. Газар доорх өрөө, Фараоны өрөө, хатны өрөө гэсэн үндсэн гурван өрөө, агааржуулах хонгилууд болон хааны өрөөнд хүргэх их хонгилыг нээгээд байсан. Эдгээр нь пирамидын босоо тэнхлэгийн дагуу байрладаг аж. Гэсэн ч өөр нууц өрөө тасалгаа, ховор нандин үнэт зүйл байгаа эсэх асуудлаар судлаачид өнөөг хүртэл маргалдсаар ирсэн юм. Хуфугийн пирамид нь 144,6 метр өндөр, суурийн тал бүр нь 231 метр урт, ойролцоогоор 53000 кв.км талбайг эзэлдэг байжээ. Харин өдгөө элэгдэж, мохсоор 138,8 метр өндөр, тал бүр нь 230,4 метр болсон байна.

Тэгвэл “Пирамидыг скайнердах” төслийн багийнхан хэт ягаан туяагаар дулааны зураг авагч технологийг ашиглан судалгаа хийх явцдаа зүүн талын гадаргуугийн гурван хавтан чулуу шөнийн цагт бусад чулуунаас илүү дулаан ялгаруулж байгааг олж илрүүлсэн байна.

Дулаан хэмжигчээр үзэхэд бүх хавтан чулууны дулааны хэмжээ харьцангуй бага, зурагт ногоон, цэнхэр өнгөөр харагдсан байна. Харин зүүн талын гадаргууны гурван чулууны дулааны хэмжээ харьцангуй өндөр бөгөөд улаан өнгөөр харагджээ. Пирамидыг скайнердах төсөл хариуцсан мэргэжилтэн Ханни энэ тухай хэлэхдээ “Пирамидын гадаргууны ихэнх газрын дулааны хэмжээ тийм их зөрүүтэй байдаггүй. Харин зүүн хананд буй зэргэлдээ гурван хавтан чулуу шөнийн цагт бусад хэсгээс зургаа хүртэл градусаар илүү дулаан байна” гэжээ.

Чухам ямар шалтгаанаар тэр гурван хавтан бусдаас илүү дулаан байгаа тухай мэргэжилтнүүд тодорхой хариулт өгч чадаагүй байна. Дулааны хэмжээ жигд бус байгаа нь олон зүйлийн учир шалтгаантай байж болно. Мэдээжээр үүнийг дараагийн шатны судалгаагаар тодруулах шаардлагатай аж. Энэ тухай танилцуулсан хэвлэлийн бага хуралд Францын судлаач, тус төслийн мэргэжилтэн Клауд “Дулааны хэмжээ жигд бус байгаа нь ханын дотор талд агаарын урсгал хэвийн бус, эсвэл тэр гурван чулууны бүтэц онцгой, дулаан хадгалах шинж чанар өөр байх. Бусад олон хүчин зүйл ч нөлөөлж болох юм. Магадгүй чулууны ар талд нууц өрөө байхыг үгүйсгэхгүй. Үүнийг цаашид нарийн тодруулах шаардлагатай” гэсэн байна.