Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-оос “Монголчуудын тусгаар тогтнолын нэг баталгаа нь гадаадад байгаа монголчууд” нийтлэлийг уншаарай

“Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

“Өдрийн сонин”-ы удамжлалт “Танайд өнжье” булангаар Ялалтын маршал Г.К.Жуковын гэр музейд зочилсноо онцоллоо. Өнөөдөр аугаа их ялалтын баярын өдөр билээ. Г.К.Жуковын музейд зочилсон энэхүү тэмдэглэлийг дэлгэрэнгүйгээр нь XII, XIII нүүрнээс унших боломжтой. “Халх гол” төслийн захирал Ж.Энхжаргалын “Дэлхийд эрдэс баялгийн үнэ унаж, харин ХАА-н бүтээгдэхүүний үнэ тогтмол өсч байгаа” ярилцлага мөн өнөөдрийн шинэ дугаарт маань хэвлэгдлээ.

“Глобал удирдагч” дээд сургуулийн Удирдах зөвлөлийн дарга Б.Отгонбатын “Залуус бидэнд арагш суух эрх байхгүй” ярилцлага хэвлэгдэн гараад байна. Түүний ярилцлагын дэлгэрэнгүйг IV, V нүүрнээс уншаарай. Мөн хуульч, өмгөөлөгч Ц.Монголын “Манай өнөөдрийнх шиг хямрал эцэстээ дарангуйлал руу аваачдаг түүх байна” ярилцлагыг VI нүүрнээс уншаарай. Мөн “Сонгуулийн сурталчилгааны хугацаа богино байх нь шоудаж гарч ирдэг “одод”-ыг байхгүй болгодог” нийтлэлийг энэ өдрийн дугаараас тольдоно уу.

“Улс төр” буланд “Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын гараа” ёслолын ажиллагааны эрэн тойронд болсон үйл явдлыг сурвалжилж нийтэллээ. Энэ нь жилд тэрбум ам.доллар өгөх Оюу толгойн бүтээн байгуулалт эрчимжиж буй мэдээлэл энэ өдрүүдийн нэгэн таатай мэдээ байлаа. Дэлгэрэнгүйг II, XI нүүрнээс унших боломжтой.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлж байдаг, нийгмийн нэгэн залуур чиг болж байдаг “Баримт, үзэл бодол”-ын гуравдугаар нүүрт нийтлэлч Д.Оюунтуяагийн “Монголчуудын тусгаар тогтнолын нэг баталгаа нь гадаадад байгаа монголчууд” нийтлэл хэвлэгдлээ.

“Баримт, үйл явдал” нүүрнээс АНУ-д сураггүй алга болсон монгол эмэгтэйг эрэн сурвалжилж байгаа талаарх мэдээллийг уншаарай. “Соёл урлаг” буланд “The Lemons” хамтлагийн соло гитарчин А.Энхтулгын “Энэ unplugged манай хамтлагийн сүүлийн тоглолт байх” ярилцлага болон “Гэгээн муза 2016” наадмын талаарх мэдээллийг хэвлэлээ.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Орон сууны халаалтыг 15-наас хаана

Аж ахуй нэгж байгууллагуудын халаалтыг хуваарийн дагуу энэ сарын 1-ний өдрөөс хаах гэж байгаа талаар Дулааны шугам сүлжээ компаниас мэдээлсэн билээ. Ийнхүү халаалтыг өчигдөр зогсоосон бөгөөд цэцэрлэг сургууль, албан байгууллагууд хүйтэн болох магадлалтай тул хүүхдүүдээ дулаан хувцаслаж байхыг эцэг, эхчүүдэд сануулжээ. Харин айл өрх, орон сууцны халаалтыг тавдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн хааж инженер шугам сүлжээний засварын ажлыг хийж эхлэх аж.

Categories
мэдээ соёл-урлаг

МУГЖ Э.Амартүвшин бие даасан тоглолтоо хийнэ

Монгол Улсын гавьяат жүжигчин, ДБЭТ-ын гоцлол дуучин Э.Амартүвшин энэ сарын 11-нд өөрийн театрын тайзнаа бие даасан анхны тоглолтоо хийх гэж байна. Тэрээр тоглолтондоо зориулан зөвхөн сонгодог бүтээлүүд сонгосон бөгөөд Монгол, Итали, Орос хэлнээ найман ари, таван романс дуулах юм байна.Тоглолтод УДБЭТ-ын найрал дуучид, симфони найрал хөгжим, ерөнхий концертмейстер, гавьяат жүжигчин Б.Солонго, Итали улсын “Ла Скала” театрын удирдаач Стефано Салватори урилгаар оролцож байгаа аж.Э.Амартүвшин өнгөрсөн сарын 29, 30-нд “Ла Скала” театрын удирдаач Стефано Салваторитой хамтран Миланы ойролцоох хоёр хотод бие даасан тоглолтоо амжилттай зохион байгуулсан билээ.

Categories
мэдээ нийгэм

5, 0 цифрээр төгссөн дугаартай автомашинууд татвар төлнө

Авто тээврийн болон өөрөө явагч
хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны
төлбөр хураах журмын дагуу энэ сард улсын дугаар нь 5, 0 цифрээр төгссөн
автомашины татвар төлөгдөж эхлээд байна. Ингэхдээ дээрх цифрээр улсын
дугаар нь төгссөн автомашины татвар төлөгдсөнөөр энэ оны өөрөө явагч
хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, зам ашигласны төлбөр
хураах ажиллагаа дуусах аж.

Онцлоход, Нийслэлийн Иргэдийн
Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдээс баталсан журмын дагуу нэгдүгээр сард
1, 6, хоёрдугаар сард 2, 7, гуравдугаар сард 3, 8, дөрөвдүгээр сард 4
болон 9-өөр төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгслүүд татвараа төлсөн
юм.

Тээврийн хэрэгсэл эзэмшигч та хуулийн
хугацаандаа амжин албан татвар, төлбөрөө төлөөгүй тохиолдолд захиргааны
арга хэмжээ тооцож, тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй
байхыг анхааруулъя.

Categories
мэдээ нийгэм

Зусланд амрах хүүхдүүд ДОХ, БЗХӨ-ний шинжилгээ өгөх шаардлагатай

Энэ жил
хүүхдийн зуслангууд ирэх сарын 8-наас эхлэн хүүхдүүдээ авч эхэлнэ.
Нийслэлийн хэмжээнд 24 хүүхдийн зуслан ажиллана. Өнгөрсөн онд нийт 20
хүүхдийн зуслан ажиллаж, 17831 хүүхэд амраасан байна.

Хүүхдүүд зусланд амрахын тулд child.gov.mn сайтаас эрүүл мэндийн хуудсыг
татан авч, харьяа дүүргийн Эрүүл мэндийн төвөөр бөглүүлэх хэрэгтэй.
Харин хувийн болон харьяаллын бус эмнэлгээр бөглүүлбэл хүчингүйд
тооцохыг анхааруулав. Мөн зусланд амрах хүүхдүүд дотор, арьс, сүрьеэ,
цагаан хорхой болон шээсний шинжилгээ өгөх юм байна. Харин 16-18
насныхан ДОХ, бэлгийн замын халдварт өвчний шинжилгээ өгөх шаардлагатай
гэнэ.

Энэ жил Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн хүүхэд гэр
бүлийн хөгжлийн газар, Нийслэлийн эрүүл мэндийн газар, нийслэлийн онцгой
байдлын газар, Улаанбаатар хотын цагдаагийн газар, Нийслэлийн
мэргэжлийн хяналтын газар гэсэн зургаан байгууллагаас бүрдсэн ажлын
хэсэг зуслангуудад хяналт тавьж ажиллажээ.

Хүүхдийн зуслангуудын нэг өдрийн дундаж үнэ 23-25 мянган төгрөг байна.
Мөн зуслангийн тоо, үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр
үйл ажиллагааг дэмжих зорилгоор Хүүхдэд ээлтэй зусланг шалгаруулах
бөгөөд наймдугаар сарын сүүлчээр шилдэг зусланг тодруулах юм байна.

Categories
гадаад мэдээ

Өмнөд Солонгост “Зика” вирусын халдвар авсан дөрөв дэх тохиолдол бүртгэгджээ

Өнгөрсөн бямба гаригт БНСУ-д “Зика” вирусын халдвар авсан дөрөв дэх хүн бүртгэгджээ. Халдвар авсан хүн дээд сургуулийн оюутан, 25 настай эмэгтэй бөгөөд тэрээр Вьетнам улсад 20 гаруй хоноод, энэ сарын 2-ны өдөр эх орондоо буцаж очсон байна.

Өчигдрөөс эхлэн гэнэт халуурсан тул ойролцоох эмнэлэгт үзүүлсэн ба түүнээс авсан шинжилгээгээр “Зика” вирусын халдвар авсан нь илэрсэн ажээ. Эдүгээ оюутан эмэгтэйг тусгаарлан эмчилж буй юм байна. Өмнөд Солонгос улсад “Зика” вирусын халдвар авсан хүний тоо ийнхүү дөрөв болсон ба өмнө нь Бразил, Филиппин улсуудад зорчоод ирсэн гурван хүн халдвар авчээ.

Categories
мэдээ соёл-урлаг

“Гэгээн муза-13” наадмын шилдгүүд тодорлоо

Театр урлагийн шилдгийг шалгаруулдаг “Гэгээн муза” наадам өчигдөр болж өндөрлөв. Наадмын шилдгийн шилдэг “Гран при” шагналыг Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатарын шинэчлэн найруулсан “Ромео Жульетта” жүжиг хүртлээ. Мөн нийт таван номинацид нэр дэвшиж, таван муза хүртсэн “Ромео Жульетта”, “Гэгээн муза” наадмын шилдгийн шилдэг жүжгээр шалгарав.

Хөгжимт жүжгийн төрөл

Шилдэг тайзны зураач:

-ҮДБЭЧ-ын “Оройн дээд” дуулалт жүжгээр зураач Д.Ганболд

Шилдэг эрэгтэй гол дүр:

-ҮДБЭЧ-ын “Оройн дээд” дуулалт жүжгийн Богд хааны дүрээр жүжигчин П.Баярмагнай

Шилдэг найруулагч:

-Сүхбаатар аймгийн “Жаахан шарга” театрын “Гэгээн тамлан” жүжгийн найруулагч Х.Далай. Түүнчлэн Хөгжимт жүжгийн төрлийн шилдэг хөгжмийн зохиолчоор ҮДБЭЧ-ын “Оройн дээд” жүжгээр хөгжмийн зохиолч М.Бирваа шалгарав.

“Нэг хүний жүжгийн төрөл”

Шилдэг жүжгийн зохиолч:

“Эр өндөг” жүжгээр П.Батхуяг

Шилдэг тайзны зураач:

“Эр өндөг” жүжгээр Б.Бат-Өлзий

Шилдэг эрэгтэй жүжигчин:

-“Өвгөн тэнгис хоёр” жүжгээр Баста Цыденов

Шилдэг эмэгтэй жүжигчин:

-“Хатагтай Капульетта” жүжгээр Г.Номуун

“Драмын жүжгийн төрөл”

Шилдэг эмэгтэй туслах дүр:

“Ромео Жульетта” жүжгийн Өрлөг эхийн дүрээр МУГЖ Ж. Оюундарь

Шилдэг эрэгтэй туслах дүр:

-“Ромео Жульетта” жүжгийн Лоренцо ламын дүрээр жүжигчин С.Болд-Эрдэнэ

Шилдэг эмэгтэй гол дүр:

-“Ромео Жульетта” жүжгийн Жульеттагийн дүрээр жүжигчин О.Дөлгөөн

Шилдэг эрэгтэй гол дүр:

-“Ромео Жульетта” жүжгийн Ромеогийн дүрээр жүжигчин Б.Шинэбаяр

Categories
мэдээ нийгэм

Маршал Таун орчмын замын хөдөлгөөнийг шөнийн цагаар хязгаарлана

Замын цагдаагийн баруун урд уулзвараас Их Монгол Улсын гудамжны 2.1 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлын хүрээнд тус замын Маршал таун руу ордог гарцнаас Ривер гарден хотхоны уулзвар хүртэлх хэсгийн тээврийн хөдөлгөөнийг шөнийн цагаар, хэсэгчлэн түр хааж зам барилгын ажил хийх болжээ.

Үүнтэй холбогдуулан өнөөдөр шөнийн 23:00 цагаас тавдугаар сарын 09-ний 06:00 цагийн хооронд зам хааж түр хязгаарлалт хийх юм байна.

Их Монгол Улсын гудамжны 2. 1км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажил 40 орчим хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд гэрээ ёсоор зургаадугаар сарын 30-нд ашиглалтад өгөх хуваарьтай ч хугацаанаас нь 14 хоногийн өмнө ажлыг бүрэн дуусгахаар төлөвлөн ажиллаж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

15.6 сая төл хүлээн авчээ

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт эх малын 66.9 хувь буюу 15.9 сая эх мал төллөж 15.6 сая төл хүлээн аваад байна.

Энэ нь өмнөх 7 хоногоос 1.4 саяар нэмэгдсэн гэсэн үг юм. Үүнээс 43.6 мянган ботго, 235.5 мянган унага, 541.8 мянган тугал, 8.2 сая хурга, 6.9 сая ишиг бойжиж, төл бойжилт 98.3 хувьтай байна.

Мөн нийт малын хорогдол 1025.7 мянга болж өмнөх 7 хоногоос 46.0 мянгаар нэмэгдлээ. Үүнээс: тэмээ 391, адуу 40.3 мянга, үхэр 100.8 мянга, хонь 375.4 мянга, ямаа 508.7 мянга буюу оны эхэнд тоологдсон нийт малын 1.8 хувийг эзэлж байна. Хамгийн их хорогдолтой нь Сүхбаатар (169229), Увс (158746), Завхан (110221), Архангай (111479), Баянхонгор (90064) аймгууд байгаа бөгөөд оны эхний нийт малын 2.4-5.8 хувь нь хорогдоод байна.

Categories
мэдээ нийгэм

Цэрэг татлага өнөөдөр дуусна

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийслэлийн хэмжээнд цэргийн жинхэнэ алба хаах хугацааг дуусгаж, бэлтгэлээр халагдсан байлдагч, түрүүчийг хүлээн авах, цэргийн жинхэнэ албанд залуучуудыг татах, гэрээт цэргийн албанд элсүүлэх ажил энэ сарын 6-ны өдөр албан ёсоор эхэлсэн.

Тэгвэл өнөөдөр цэрэг татлага дуусах юм. Зарлан дуудах хуудсаа авсан иргэд цэргийн үүрэгтний үнэмлэх, цахим үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр, хэрвээ оюутан бол оюутны холбогдох материалаа бүрдүүлж, дуудагдсан цэрэг татлагын байрандаа очно.

Дүүргүүдийн цэрэг татлагын байр:

  • Баянгол дүүрэг – “Оюуны ундраа” /96 дугаар дунд сургууль/ цогцолбор
  • Баянзүрх дүүрэг – 53 дугаар дунд сургууль
  • Сүхбаатар дүүрэг – 31 дүгээр дунд сургууль
  • Сонгинохайрхан дүүрэг – “Ирээдүй” / 83 дугаар дунд сургууль/ цогцолбор
  • Хан-Уул дүүрэг – 34 дүгээр дунд сургууль
  • Чингэлтэй дүүрэг – 24 дүгээр дунд сургууль