Categories
мэдээ нийгэм

Нийслэлээс 117 тэрбум гаруй төгрөгийн үнэт цаас гаргана

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит
хуралдаан 2016 оны 5 дугаар сарын 6-нд болж хуралдаанаар Нийслэлийн орон
сууцны корпораци орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг
хаалттай хувьцаат компани болгон өөрчлөн байгуулах тухай, гэр хорооллын
дахин төлөвлөлтийн төслүүдийг санхүүжүүлэх үнэт цаас гаргах зэрэг
асуудлыг хэлэлцэн батлав.

Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт
хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат эдгээр асуудлуудыг
НИТХ-ын Тэргүүлэгчдэд танилцуулахдаа, “Нийслэлийн Орон сууцны
хөтөлбөр”-т тусгагдсан арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд шаардлагатай
хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг шийдвэрлэх, гэр хорооллын дахин
төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч аж ахуй нэгж байгуулагуудад шаардлагатай
байгаа санхүүжилтийг шийдвэрлэх зорилгоор үнэт цаас гаргах шаардлагатай
болсон. Тэр дундаа гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслүүдийг
хэрэгжүүлэхийн тулд эдгээр төслүүдийг санхүүжүүлэх үнэт цаас гаргах нь
чухал байгааг онцлов. Эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалаад
арилжааны банкууд барилгын салбарт олгох зээлээ зогсоосон, санхүүжилтийн
эх үүсвэр дутагдалтай байгаа учраас барилгын ажил удааширч байгаа юм
байна.

Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 9
нэгж талбарт газар шинэчлэн зохион байгуулах төсөл хэрэгжихээр НИТХ-ын
Тэргүүлэгчдийн хуралдаанаас байршлыг баталсан бол, гэр хорооллын дахин
төлөвлөлтийн хүрээнд 19 төсөл хэрэгжүүлэгч 3400 гаруй айлын орон сууцыг
ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Эдгээр төслүүдийг хэрэгжүүлэхэд
нийт 117 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай бөгөөд энгийн хаалттай
үнэт цаас гаргах замаар санхүүжилтийг шийдвэрлэх боломжтой гэж тооцжээ.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын
Тэргүүлэгчид энэхүү асуудлыг хэлэлцээд, Нийслэлийн Орон сууцны
корпораци /НОСК/-ийг хаалттай хувьцаат компани болгон өөрчлөн байгуулж,
НОСК-ийн нэрээр үнэт цаас гаргах асуудлыг дэмжлээ. Ингэснээр арилжааны
банкууд НОСК-ийн үнэт цаасыг худалдан авч, барилгын компаниудад
хөнгөлттэй нөхцөлөөр зээл олгох боломж бүрдэж байна.

Энэ нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн
төсөл хэрэгжүүлэгчдэд олгож байгаа санхүүгийн бодит дэмжлэг болох юм.
НИТХ-ын Тэргүүлэгчид гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд барьсан
орон сууцуудыг худалдаалах, эрэлтийг нэмэгдүүлэх зэргээр аж ахуйн
нэгжүүдэд зээлээ эргэн төлөхөд нь дэмжлэг үзүүлэх нь чухал гэдгийг
онцолж байлаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллэв.

Categories
мэдээ спорт

“Альянс Тех Харцага” –ууд Үндэсний супер лигийг тэргүүллээ

Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооноос зохион явуулж буй энэ жилийн сагсан бөмбөгийн Үндэсний супер лигийн аваргын цуврал өчигдөр өндөрлөлөө. Энэ жилийн өрсөлдөөн өнөө цагийн хамгийн арвин түүхтэй, сүүлийн дөрвөн жилийн хугацаанд аль аль нь гурван удаа аваргын төлөөх дайралт хийсэн Альянс Тех Харцага болон SBL Хасын Хүлэгүүд багийн хооронд болсон юм. Эхний таван тоглолтын байдлаар Альянс Тех Харцага гурав, SBL Хасын Хүлэгүүд хоёр ялалт байгуулаад байв. Тэмцээний ялагчаар хамгийн түрүүнд дөрвөн ялалт байгуулсан баг шалгарах байсан бөгөөд шийдвэрлэх зургаа дахь тоглолт Хандгайт дахь сагсан бөмбөгийн ордонд өчигдөр болж, Альянс Тех Харцага дөрөв дэх хожлоо авсанаар хоёр улирал дараалан Үндэсний Аварга хэмээх эрхэм алдарыг хүртлээ. Финалын цувралын үнэ цэнэтэй тоглогчоор тус багийн тамирчин, ОУХМ Б.Одбаяр шалгарлаа. Тэрээр өчигдөр мэргэжлийн лигийн сүүлийн тоглолтоо хийж, албан ёсоор зодог тайлсан юм.

Categories
мэдээ улс-төр

Нийслэлийн концессын зүйлийн жагсаалтад өөрчлөлт орууллаа

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр болж хуралдаанаар концессын зүйлийн жагсаалтад нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Концессын зүйлийн гэрээ байгуулах зөвшөөрөл олгох тухай зэрэг асуудлыг хэлэлцэн баталлаа. Хуралдаанд асуудлыг Нийслэлийн Засаг даргын Санхүү эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа танилцуулав.

Нийслэлийн өмчийн концессын зүйлийн жагсаалтыг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралдаанаар хэлэлцэн баталдаг.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 21/31, 2015 оны 32/31 дүгээр тогтоол, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 82, 147 дугаар тогтоолоор нийслэлийн консессын зүйлийн жагсаалтад нийт 148 төслийг оруулан баталсан бөгөөд төслүүдийг хэрэгжүүлэх зорилгоор концесс олгох уралдаант шалгаруулалтын салбар комиссыг байгуулан ажиллаж байгаа юм байна.

Өнөөдрийн байдлаар нийт 104 асуудлыг ерөнхийд нь шийдвэрлэснээс 17 төсөл гэрээ байгуулж, 3 төсөл хэрэгжиж дууссан байна. 30 төсөл уралдаант шалгаруулалтын шатандаа, 101 төсөл бэлтгэл ажлын шатандаа хэрэгжиж байгааг тэрээр онцлов. Мөн хэд хэдэн төслүүдийг концессын зүйлийн жагсаалтад нэмэхээр өргөн барьж байгаагаа хэллээ.

Тодруулбал, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Баруун үйлдвэрчний гудамж, Ажилчны гудамжнаас зүүн тийш “Суурь” ХХК-ын урд талаар Энгельсийн гудамж хүртэлх 2,0 км авто зам барих ажил, Баянзүрх дүүргийн 1, 4 дүгээр хороо, Сансарын клонкийн автобусны буудлын ойролцоох явган хүний гүүрэн гарц барих төсөл, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлт – Таван толгойн гүүр чиглэлийн 12,5 км авто зам барих төслийг Концессын зүйлийн жагсаалтад нэмэхээр өргөн барив. Эмээлт-Таван толгойн гүүр чиглэлийн 12,5 км автозам барих төслийн концесс эзэмшигч өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр авто зам барьж, концессын гэрээний нөхцөлөөр ашиглан нийслэлийн өмчид шилжүүлэх юм байна. Тус зам баригдснаар Эмээлтийн аж үйлдвэрийн парк, Нийслэлээс газар өмчлүүлэх 2 байршил болон Баруун чиглэлийн аймгуудаас ирж байгаа автомашинуудыг Улаанбаатар хот уруу оруулахгүйгээр урагшаа Шувуун фабрикийн авто зам, Төв аймгийн замтай холбох бүрэн боломжтой болох юм байна. Түүнчлэн замын шороо тоосжилт багасаж байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах, хотын бүтээн байгуулалтад хэрэглэгдэх элс хайргыг зориулалтын замаар тээвэрлэх зэрэг боломж бүрдэнэ гэж үзэж байгаа юм байна. НИТХ-ын тэргүүлэгчид энэхүү асуудлыг хэлэлцээд эдгээр төслүүдийг нийслэлийн Концессын зүйлийн жагсаалтад нэмж батлав. Мөн нийслэлийн концессын зүйлийн жагсаалтаас хот тохижилттой холбоотой хэд хэдэн төслүүдийг хасахаар танилцуулсныг хэлэлцэн баталлаа. Тухайлбал, Баянгол дүүргийн орон сууцны байрнуудын дээвэр засвар, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Ханбүргэдэй их дэлгүүрийн урд талын 428 м авто зам, СБД-ийн 135 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийг буулгаж, шинээр барих төсөл, БЗД-ийн 9,17,19,24 дүгээр хороодод Гэр цэцэрлэг байгуулах төсөл, Энх тайвны өргөн чөлөө, Саппорогийн уулзвараас 25 дугаар эмийн сангийн уулзвар хүртэлх тохижилтын ажил зэрэг 14 төслийг Концессын зүйлийн жагсаалтаас хасахаар НИТХ-ын Тэргүүлэгчдид баталлаа.

Налайх дүүрэгт эрүүл мэндийн жишиг төв барина

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар Налайх дүүргийн Нэгдсэн эмнэлэгийн барилга барих төсөл, Чингэлтэй дүүргийн 19-р хороо Салхитын амны 1,9 км автозамын өргөтгөл, Шадивлангийн амны 2,6 км автозамын өргөтгөл шинэчлэлийн ажлуудыг Концессын гэрээгээр гүйцэтгүүлэх зөвшөөрөл олгох тухай асуудлыг хэлэлцэн батлав.

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Шадивлангийн 2,6 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлыг “Наранбулаг Хан” ХХК, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Салхитын амны 1,9 км авто зам барих төслийг “Экспресс зам” ХХК тус хэрэгжүүлэхээр шалгарсан байна. Эдгээр төслүүдээс гадна Налайх дүүргийн 2 дугаар хороонд хуучин Эрүүл мэндийн төвийн хашаанд шинээр 100 гаруй ортой, оношилгоо, эмчилгээний сүүлийн үеийн тоног төхөөрөмж бүхий эрүүл мэндийн төв барих төслийг “Болскан Монгол” ХХК хэрэгжүүлэхээр шалгарсан байна. Төслийг нийт 11 000 метр квадрат талбайд хэрэгжүүлэх бөгөөд ирэх оны 4 сард багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Төслийн хүрээнд тус төвд эмчилгээ оношилгооны хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжийг байрлуулах бөгөөд барилга нь дүүргийн эрүүл мэндийн төвийн жишиг эмнэлэг болох юм байна.

НИТХ-ын Тэргүүлэгчдээс эдгээр төслийг хэрэгжүүлэх концесс олгох гэрээ байгуулахыг нийслэлийн Засаг даргад зөвшөөрөв гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл ,олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Дөрвөн сая төгрөгийн 13 азтан тодорчээ

Өчигдөр буюу тавдугаар сарын 8-нд НӨАТ-ын сугалааны тохирлыг тодруулсан билээ. Энэ удаад 17412 азтан тодорсон байна. Үүнээс 4 сая төгрөгийн 13 ширхэг баримт, 500 мянган төгрөгийн 155 ширхэг баримт, 100 мянган төгрөгийн 1559 ширхэг баримт, 20 мянган төгрөгийн 15685 ширхэг баримт тус бүр тодорчээ.

818 тоогоор төгссөн – 15685 ширхэг баримт – 20 мянган төгрөг

8818 тоогоор төгссөн – 1559 ширхэг баримт – 100 мянган төгрөг

68818 тоогоор төгссөн – 155 ширхэг баримт – 500 мянган төгрөг

868818 тоогоор төгссөн – 13 ширхэг баримт – 4 сая төгрөг

Харин супер сугалааны тохирлын шагналын сан нь 150 сая төгрөг хожих боломжтой юм. Гэвч супер азтан тодроогүй гэж sugalaa.ebarimt.mn сайтад мэдээлжээ. Супер сугалааны тохирол нь 69034117 гэсэн дугаартай баримт байжээ.

Categories
мэдээ нийгэм

Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөнө

Өнөөдөр Ялалтын баярын өдөр тохиож байна. 1941-1945 оны Аугаа их Эх орны дайны ялалтын 71 жилийн ойн хүрээнд БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд, манай улсад суугаа ОХУ, Беларусь, Казахстан улсын Элчин сайд нар өнөөдөр 11.00 цагт Зайсан дахь Зөвлөлтийн дайчдын хөшөө, 11.30 цагт Маршал Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлнэ.

Мөн энэ өдрийн 19.00 цагт ЦДБЭЧ-ын уран бүтээлчид “День победы” хүндэтгэлийг тоглолтыг Улаанбаатар паласт толилуулах юм байна.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын чуулган энэ долоо хоногт

2016 ОНЫ 05 ДУГААР САРЫН 09-ӨӨС 13-НЫ ӨДРҮҮДЭД НАМ, ЭВСЛИЙН БҮЛЭГ, АЖЛЫН ХЭСЭГ, БАЙНГЫН ХОРОО БОЛОН ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ, ХУВААРЬ

НЭГ.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМ, ЭВСЛИЙН БҮЛГИЙН ХУРАЛДААН:

05 дугаар сарын 09-ний Даваа гарагт:

  • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их эзэн Чингис хаан танхим”-д;
  • Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар танхим”-д.

ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

05 дугаар сарын 09-ний Даваа гарагт:

  • Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 13.30 цагаас 334 тоот өрөөнд;
  • Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Их эзэн Чингис хаан танхим”-д;
  • Олон улсын гэрээний тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар танхим”-д;
  • Татварын хуулиудын /шинэчилсэн найруулга/ төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулсан ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд;
  • Мал, амьтны эрүүл мэндийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд;
  • Худалдааны тухай болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас 4 давхрын Нээлттэй сонсголын танхимд;
  • Хууль сахиулах тухай болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.30 цагаас 334 тоот өрөөнд;
  • Малын генетик нөөцийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 16.00 цагаас 4 давхрын Нээлттэй сонсголын танхимд;
  • Гэр бүлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 16.00 цагаас “В” танхимд.

05 дугаар сарын 10-ны Мягмар гарагт:

  • Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 09.00 цагаас 334 тоот өрөөнд;
  • “Нийтийн сонсголыг зохион байгуулах журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас “В” танхимд.

ГУРАВ. БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

05 дугаар сарын 10-ны Мягмар гарагт:

1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их эзэн Чингис хаан танхим”-д:

Хэлэлцэх асуудал:

  • Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.04.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл /Засгийн газар2015.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Хууль сахиулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Прокурорын байгууллагын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2015.05.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг үргэлжилнэ/;
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин 2016.04.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн эсэх талаар Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах тухай Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгын санал;

2.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар танхим”-д:

Хэлэлцэх асуудал:

  • Хог хаягдлын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.04.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Малын генетик нөөцийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.07.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.

3.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар танхим”-д:

Хэлэлцэх асуудал:

  • Худалдааны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.04.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Дэмпингийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.05.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Стандартчилал, техникийн зохицуулалт, Итгэмжлэлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.03.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Хэмжил зүйн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.03.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.

05 дугаар сарын 11-ний Лхагва гарагт:

1.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их эзэн Чингис хаан танхим”-д:

Хэлэлцэх асуудал:

  • “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  • Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.03.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.

2.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “В” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Засгийн газрын гишүүнийг томилох, чөлөөлөх тухай;
  • Киноны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.04.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.

3.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их эзэн Чингис хаан танхим”-д:

Хэлэлцэх асуудал:

  • “Хөгжлийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай /Засгийн газар 2016.04.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
  • Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.01.22-ны өдөрГеодези, зураг зүйн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд хүргүүлнэ/;
  • Гадаад харилцааны тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн М.Батчимэг нарын 6 гишүүн 2016.04.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Олон улсын гэрээний тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.10.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

4.Төсвийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “В” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.04.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.04.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Засгийн газар 2016.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Хувь хүний орлогын албан татварын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Засгийн газар 2016.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Үндэсний аудитын газрын 2015 оны үйл ажиллагааны тайланг сонсох.

ДӨРӨВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

  • “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  • Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн өмнөх “Монгол Улсын эдийн засаг, санхүү, төсвийн төлөв байдлын талаарх мэдээлэл” сонсох;
  • Засгийн газрын гишүүнийг томилох, чөлөөлөх тухай;
  • Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.04.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл /Засгийн газар2015.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Хууль сахиулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • “Хөгжлийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай /Засгийн газар 2016.04.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
  • Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.03.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт” /Засгийн газар 2016.03.31-ний өдөр өргөн мэдүүлсэн/;
  • Прокурорын байгууллагын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2015.05.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Малын генетик нөөцийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.07.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Олон улсын гэрээний тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.10.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Худалдааны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.04.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Дэмпингийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.05.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Засгийн газар 2016.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Хувь хүний орлогын албан татварын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Засгийн газар 2016.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.04.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин 2016.04.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Хог хаягдлын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.04.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.04.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Киноны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.04.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Гадаад харилцааны тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн М.Батчимэг нарын 6 гишүүн 2016.04.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Стандартчилал, техникийн зохицуулалт, Итгэмжлэлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.03.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Хэмжил зүйн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.03.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн эсэх талаар Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах тухай Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгын санал;
  • Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: Засгийн газраас малчдын талаар авсан арга хэмжээ болон малчны зээлийн хүүг бууруулж байгаа ажлын талаар.
Categories
мэдээ цаг-үе

Кофены соёлыг түгээгч бариста бүсгүй

Б.Оюунбилэг Улаанбаатарт кофе шоп дөнгөж нээгдэж байх үеийн бариста. Европын холбооны зэрэг хамгаалсан Монголын гурван баристагийн нэг. Монголд кофены соёлыг түгээж байгаа энэ бүсгүйг “Танайд өнжье” буландаа урьсан юм.

Цагаан хаалганы хойхно байрлах кофе хуурах үйлдвэрт нь өнгөрсөн баасан гаригт очлоо. Биднийг очиход Б.Оюунбилэг кофегоо хуураад завгүй ажиллаж байв. Үйлдвэрийнхээ үүд хавьцаа шуудайлж савласан кофены үр эгнүүлжээ. Талласан вандуйн хэлбэртэй ногоон өнгийн кофены үрийг Бразил, Колумби, Этиоп, Гватемала, Кени, Танзани, Индонезиас Солонгосын боомтоор дамжуулан импортолдог гэж сонирхуулав. Кенийн кофе дарсны эсвэл цэцгийн анхилуун үнэр, амттайгаараа дэлхийд танигдсан брэнд бол кофены эх орон гэгддэг Этиопын кофеноос цэцэг, жимс, модны үнэр мэдрэгддэг гэж кофенд дурлагчид онцолдог юм. Кофе хуурах машинаа Солонгосоос захиалж авчирчээ. Кофены ногоон үрийг хуурах машинд хийсний дараа бидний төсөөлдөг хүрэн бор өнгийн кофены үр гарч ирдэг аж. Хуурсан кофены үрээ 150 гр, 250 гр, 1 кг-ын уутанд савлаад хэрэглэгчдэд хүргэдэг гэнэ. Кофенд дурлагчдын авах дуртай кофе ингэж бүтдэг юм байна. Газ, цахилгаан ашиглаж хуурдаг энэ машин дээд талдаа 4-5 кг кофены үрийг нэг дор хуурах хүчин чадалтай юм байна. Хуураад гаргаж ирсэн кофегоо нэг хоног өнжөөгөөд савладаг байна.

Оффисийнхон голдуу хэрэглэдэг “инстант” гэсэн бичигтэй шилэн савтай кофеноос яг ямар ялгаатайг нь сонирхоход “Шинэ талх, хөргөгчинд удаан хадгалсан хуучин талх ямар ялгаатай билээ, яг л тийм гээд ойлгочиход болно. Инстант бол түргэн уусдаг кофе. Давуу тал нь хэрэглэхэд хялбар гэдэгтээ л байгаа юм. Сөрөг тал нь дандаа эрүүл мэнд дээр яригддаг. Ихээр хэрэглэвэл стрессийн гормон ялгаруулдаг. Инстантыг кофены үрээр хийдэг ч түргэн уусдаг болгохын тулд химийн боловсруулалт хийдэг юм. Байгалийн чанараа алддаг гэсэн үг. Тодруулбал хиймэл кафейн нэмдэг. Уух тусам сэргэж, донтуулаад байдаг нь ийм учиртай. Эрүүл мэндээ бодвол хуурсан кофе уувал зүгээр. Шинэ талх шиг гээд төсөөлөхөд ямар хэрэгтэй нь мэдрэгдэх байх. Гэхдээ дэлхийд нийт тариалагдаж байгаа ногоон үрний тал нь инстант кофе үйлдвэрлэхэд зарцуулагддаг” гэсэн хариу өгөв. Кофег хураасны дараа хамгийн сайн нь, хоёрдугаарх нь, гуравдугаарх нь гэх мэтээр зэрэглэж ангилдаг аж. Ангилсны дараа үлдсэн “хог”-ийг нь хөлдөөж, хатаах маягаар бэлтгээд л бидний хэрэглэдэг инстант кофе худалдаанд гардаг бололтой.

Б.Оюунбилэг кофегоо хуурангаа “Кофе уудаг бидний хувьд гээд ярихад л инстант уухаар шууд л зүрх дэлсэж, дотор бэлбэгнээд эвгүй болно шүү дээ. Манайханд нэг алдаа байдаг. Ууж байгаа ундаагаа хоол шиг илчлэг өгнө гэж боддоггүй. Кофег хараар нь уухад илчлэггүй, харин сүү, сахар нэмэхээр хоолны дайны илчлэг өгдөг” гэж сонирхуулав.

Түүнтэй ярилцах үед утас нь дуугарав. Бариста нарынх нь нэг ярьж байгаа бололтой. Кофены тухай яриа хэсэгтээ өрнөв. “Би өчигдөр шинэ кофе авчирч хуураад амталгаа хийлээ. Этиопийн натурал. Амт нь үнэхээр янзтай” гэж байна. Этиопоос ирсэн натурал үрийг хуурч амталснаа найздаа сонирхуулсан нь энэ аж. Кофены жимсний мод экваторын бүс дагасан дулаан уур амьсгалтай нутгуудад ургадаг, кофены модноос ургасан чери гэдэг жимсийг хальслахад дотроос нь Оюунбилэгийн үйлдвэрт байгаа шиг ногоон үр гарч ирдэг, хурааж авсан ногоон үрийг нэг бол угааж, эсвэл байгалиар нь хатаадаг гэсэн танин мэдэхүйн мэдээллийг энд сонсов. Байгалиар нь хатаасан үрийг хуурч хийсэн кофены үнэр, амт “янзтай” байдаг аж. Хуурч бэлдэж савласан кофены үрэн дээр natural, washed гэсэн бичиг харагддаг нь ийм учиртай юм байна. Манай улсад натурал үр бага хэмжээгээр л орж ирдэг бололтой.

Сонирхуулж хэлэхэд баристагаас гадна кофе хуурах ч бас тусдаа мэргэшил болоод явчихдаг гэнэ. Зэрэг авна, сайн муу хуурагч гэж ирээд яривал тун нарийн эд бололтой. Бүр кофе амтлагч хүртэл байдаг гэнэ. За тэгээд латтэ арт, кофе ногоон үр судлал гээд нарийвчилбал кофены соёл энгийн хэрэглэгч ойлгож барамгүйгээр гүнзгийрчээ. Улаанбаатарт кофе хуурч савлаж зардаг зургаан кофе шоп байдаг аж. Кофенд дурлагчид “Меркури” захад байрладаг “Бэст прессо”, арвангуравдугаар хорооллын шинэ зам дагуух UBean, “Мөнгөн завьяа”-гийн хойд талын “Камино”, Хүүхдийн зуугийн “Peaber­ry”, Их дэлгүүрийн баруун талын “M cafe”, “Sachem”-аас хуурч бэлдсэн шинэхэн кофе худалдаж авах боломжтой юм байна.

Кофены үр хуурах үйлдвэрээс гараад “Меркури”-д байрлах “Бест прессо кофе”-д очлоо. Багавтар зайг чадмаг гэгч нь ашигласан тохилог кофе шоп юм. Өнөөг хүртэл ажиллаж байгаа Монголын анхны кофе шоп гэнэ. Б.Оюунбилэг “Еспрессо, американо, латтэ, мока гэдэг цэстэй монголчууд танилцаагүй байх үеэс кофе шопоо ажиллуулж эхэлж байлаа. Менюгээ нэг бүрчлэн гараараа бичээд тавьчихаар алдчихна. Бусад кофе шопууд манай менюг дуурайх гээд авчихдаг байсан хэрэг л дээ” гээд хөгжилтэй инээв.

Энэ кофе шопын бариста нь Даваасүрэн гэж бүсгүй. Баристагаар найман жил ажиллаж байгаа гэнэ. Хийх дуртай кофе нь латтэ арт аж. Сүү голдуу, дээр нь сүүний хөөсөөр зүрх, цэцэг гээд элдэв дүрс урладаг кофег латтэ арт гэдэг юм байна. Даваасүрэн бидэнд кофе бэлдэж өгөнгөө “Би цэцэг зурах зуртай. Цэцэг зураад өгөхөөр хүмүүс ямар гоё кофе вэ гээд чин сэтгэлээсээ баярлан уудаг. Тэгж баярлахыг нь харах үнэхээр кайфтай. Цаашдаа ч олон жил ажиллана гэж боддог шүү. Кофе шопт ажиллах их гоё. Хүмүүс амттай кофе уунгаа үргэлж сайхан яриа өрнүүлдэг юм шиг санагддаг. Инээд хөөр тасардаггүй ховорхон газрын нэг бол кофе шоп. Би гэхэд л кофены үнэр, амтанд аль хэдийнэ татагдчихсан. Анхны бариста нарын шавь гэдгээрээ бахархдаг” гэж хэлээд инээмсэглэв.

Биднийг яриа өрнүүлэх үеэр гуч орчим насны нэг бүсгүй орж ирэв. Хэзээний танил гэдэг нь илт. Даваасүрэн “Сайнжаргал эгч ээ, сайхан амарсан уу” гэж дотно гэгч нь мэндлээд ямар кофе авахыг нь асуусангүй, шуудхан л кофены машинаа ажиллуулж эхэллээ. Тун удалгүй дабль эспрессо бэлэн болов. Сайнжаргал өдөр бүр энд ирж дабль эспрессо уудаг юм байна. “Эднийхээс өөр газарт орохоор сэтгэлд нэг л хүрдэггүй юм. Хууралтаасаа эхлээд өөр шүү” гэж байна. Эспрессо Италиас уламжилж түгсэн кофе гэнэ. Эспрессо гэдэг нь express буюу хурдан шуурхай гэдэг үгнээс үүдэлтэй аж. Оюунбилэгийн “Хэдэд гарсан” гэсэн асуултад Даваасүрэн “25 секунд” гэж хариулах нь содон дуулдав. Учрыг нь лавлахад Оюунбилэг “Экспрессо, капучино, латтэ гээд бүгдийнх нь суурь эспрессо. Эспрессо гэдэг машин дээр бэлтгэдэг 30 мл өтгөн кофены ханд л даа. Бэлтгэдэг технологи нь тусдаа. Технологид нь үндсэн хэд хэдэн шаардлага байдгийн нэг нь гаргах хугацаа. Олон улсад 21-29 секундэд гарсан эспрессог хамгийн төгс гэж үздэг. Ер нь эспрессог шинжих хэд хэдэн арга бий. Кофе сайн мэддэг хүн бол аягаа эргүүлэх юм уу, өнгө зэргээр нь шинжээд зөв буруу хийснийг нь мэдчихдэг. Би Баристагийн холбооны сургагч багшаар ажилладаг. Багш нарын тухайд буруу харж сууж байгаад ямар эспрессо гарсныг сонсоод мэддэг. Мэдрэмжээрээ мэдчихдэг гэсэн үг. Бид эхлээд кофе шопуудаар явж кофег нь амталдаг байлаа. Энэ чинь буруу байна, биднээс сургалт авч болно шүү гэхээр нэг их тоодоггүй байсан үе бий. Гэтэл одоо өөрсдөө ирдэг болсон. Хэрэглэгчид нь айхтар болчихсон учраас тэр л дээ. Кофе мэддэг хүмүүс танай эспрессо чинь буруу бэлтгэгдсэн байна гэх зэргээр шүүмжилдэг болсон хэрэг. Ер нь бол Монголд кофены соёл хурдтай хөгжиж байна” хэмээн хариулав.

Б.Оюунбилэг өөртөө американо захиалжээ. Эспрессон дээр халуун ус нэмж шингэрүүлсэн хар кофег американо гэдэг аж. Түүнээс хар кофены давуу талыг сонирхлоо. Шинэ үрийн хар кофенд олон давуу тал байдаг аж. Өглөө багахан зүйл идээд хар кофе уухад бүдүүн гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн сайжирдаг гэнэ. Хорт хавдрын эсрэг үйлчилгээтэй, сахар, чийг бам, мартах өвчнөөс сэргийлнэ, зүрхний үйл ажиллагааг дэмжинэ, цөсний чулуу үүсэх магадлалыг бууруулна, бүдүүн гэдэсний хорт хавдрын эрсдэлийг багасгана, элэгний янз бүрийн гэмтлээс хамгаална гэж ирээд яривал давуу тал ихтэйг нь эрдэмтэн судлаачид баталжээ. Гэхдээ хэтрүүлж хэрэглэвэл ходоод хямрах, даралт ихсэх, зүрх дэлсэх зэрэг олон сөрөг талтай гэж Оюунбилэг анхаарууллаа.

Кофенд дурлагчид өдөрт хоёроос гурван цагийн зайтай гурваас дөрвөн аяга кофе л уух ёстой юм байна. “Бест прессо“-гийн бариста “ Хүмүүс кофены онцлог амт, кафейн буюу сэргээх чанарт нь дурлаж уудаг. Кафейнийг нь тооцож уух хэрэгтэй. Нэг аяга кофе 80-100 мг кафейн агуулдаг. Эмэгтэй хүн 300 мг кафейний өдрийн нормтой. Эрэгтэй хүн 400 мг-ийн нормтой. Тэгэхээр эмэгтэйчүүд кофе уухдаа гурван аягаас хэтрүүлээд хэрэггүй” гэж зөвлөв. “Кофе уувал арьс хуурайшдаг гэсэн яриа байдаг, хэр ортой вэ” гэж Оюунбилэгээс сонирхоход “Таны хэлсэн зүйл удсан кофе хэрэглэснээс үүдэлтэй. Кофег удаан хадгалбал найрлага дахь тосонд нь өөрчлөлт орж арьсыг хуурайшуулж сэвхтүүлэхээс гадна дотор эрхтэнд муугаар нөлөөлдөг” гэсэн хариу өгөв.

Жирэмсэн эмэгтэйчүүдийн хувьд өдөрт нэг аяга кофе уухыг зөвшөөрдөг аж. Үүнээс хэтрүүлбэл эрт төрөх магадлал өндөр байдаг гэнэ. Кофе хэтрүүлж уусан ээжээс рахиттай хүүхэд төрдөг байна. Хүүхдэд кофе өгөх хэрэггүй гэж Б.Оюунбилэг анхааруулав. Учир нь кафейн кальцийн нийлэгжилтийг эрс бууруулдаг гэмтэй юм байна. Ид өсч байх үед буюу кальци хэрэгтэй насан дээрээ кофе уугаад сурчихвал өсөлтөд муугаар нөлөөлдгийг эрдэмтэд баталжээ. Сонирхуулж хэлэхэд кофенд дуртай жирэмсэн бүсгүйчүүд кофе хуурдаг газруудад очоод кафейнгүй кофе авах боломжтой юм билээ.

Б.Оюунбилэг яриан дундуур гэнэтхэн “Та нар кофе шопт ороод хамгийн түрүүнд ямар асуулт асуудаг вэ” гэж асуув. “Уух дуртай кофегоо л захиалдаг” гэтэл “Харин манайхан ингэж алдаад байдаг юм. Танайх ямар кофе хэрэглэж байгаа вэ гэж асууж заншмаар санагддаг. Ресторанд ороод танайх гурилтай шөлөө үхрийн махаар хийсэн үү, эсвэл хонины махаар хийдэг үү гэж асууж байгаатай ялгаагүй шүү дээ. Кофе сорт, чанараараа хоёр янз байдаг. Арабика буюу робуста гэж. Арабика нь хамгийн сайн чанарынх. Өнөөх нь чанар муутай. Таны орсон кофе шоп арабика гэхгүй бол холимог гэсэн хариу өгөх байх. Учир нь робустаг чанар муутай учраас дангаар нь огт хэрэглэдэггүй. Энэ хоёр үрний амт нь гэхэд ялгаатай. Арабика чихэрлэг, исэллэг, хүчиллэг гэх мэт таван амтыг цогцоор нь агуулдаг. Нөгөөх нь гашуун амттай, үнэр муутай. Хоёрдугаар гол ялгаа нь робустагийн кафейний агууламж хоёр дахин их байдаг. Ер нь робустагаар инстант кофе хийдэг” хэмээн сонирхууллаа.

Биднийг ярилцаж суух зуур дахин хоёр үйлчлүүлэгч орж ирэв. Нэг нь мока, нөгөө нь американо захиалав. Шоколад амтагдсан мока хамгийн их борлогддог кофе гэнэ. Анх кофе ууж байгаа хүмүүс их захиалдаг аж. Нийслэлчүүд эхэндээ сүүтэй кофе голдуу захиалдаг байсан бол сүүлийн үед американод дурлагсад олширчээ. Ялангуяа бүсгүйчүүд калоригүй, жинд нөлөөлөхгүй гэж чихэргүй, сүүгүй американог илүүд үзэх болж. Бүсгүйчүүддээ аминчилж хэлэхэд кофег илчлэг өндөртэй махан хоолноос хойш гучин минутын дараа уувал өөх тос задлах эрчимтэй үйлчилгээ үзүүлдэг юм байна.

Кофены үрийг гурван жил хүртэл хадгалдаг байна. Нэг жилийн насжилттай, хоёр, гурван жилийн насжилттай гэж ангилдаг гэнэ. Жил ахих тусам үнэ нь буурдаг юм байна. Кофег чанараар нь дөрвөн ангилалд хуваадаг гэж Оюунбилэг сонирхуулав. Манайд дорооосоо хоёр дахь нь буюу комершл үрнүүд орж ирдэг аж. Кофены үр худалдаж авахыг хүссэн хүмүүст сонирхуулахад нэг кг нь 55-80 мянган төгрөгийн хооронд худалдаалагддаг юм байна.

Кофены хуурсан шинэ үр худалдаалдаг кофе шопууд хүсвэл нунтаглаад өгдөг юм билээ. Биднийг “Бест прессо”-д байхад дөрвөн ч хүн кофены хуурсан үр нунтаглуулаад гарсан юм. Гэртээ юм уу оффистоо кофе чанагч авчихад л хуучраагүй, шинэ, чанартай кофе уух боломжтой юм байна. Кофены чанартай үр зардаг газраа л олчихвол кофе чанагч үнэтэй байх эсэх нь огт хамаагүй гэнэ. Супер маркет, дэлгүүрүүдэд кофе чанагчийг 70 мянгаас 400 мянган төгрөгийн хооронд худалдаалдаг аж. Сонирхуулж хэлэхэд кофег болж өгвөл үрээр нь авч хадгалбал амт, үнэрээ удаан хадгалдаг байна. Кофены үрийг гар аргаар нунтагладаг жижиг хэрэгслийг дэлгүүр, захын алинаас ч авах боломжтойг хэрэглэгчид андахгүй байх. Мэдэхгүй зүйлээ кофе шопуудад ажиллаж байгаа мэргэжлийн бариста нараас асуучихад болох юм билээ. Кофены үрийг хуурч савласнаас хойш нэг жилийн дотор хэрэглэхэд тохиромжтой гэж үздэг юм байна. Гэхдээ савласнаас хойш сарын дотор уувал амт, чанар нь илүү сайнаар нөлөөлдөг гэсэн зөвлөгөөг “Бест прессо”-гийн бариста бүсгүй өгөв. Тэрээр “Хуурч савласан кофены үрийг задалж хэрэглэчихээд буцаагаад агаар оруулахгүй нөхцөлд хадгалах хэрэгтэй. Амтлагчуудтай хамт байлгаж огт болохгүй. Учир нь кофе үнэр, агаарыг сорж татдаг онцлогтой. Хүмүүс хөргөгчнийхөө үнэрийг арилгах гэж нунтагласан кофе хийгээд байдаг нь ийм шалтгаантай. Бариста нар үнэртэй ус цацдаггүй. Үнэртэй ус цацчихаад ажиллавал найруулсан кофенд үнэртэй ус шингэчихдэг юм. Би л гэхэд ажиллах үедээ гараа ч тосолдоггүй” гэж ярив.

Оюунбилэг биднийг явахын өмнө “Кофены дэлхийд гэж яригдах гурван ч том сүлжээ Монголд орж ирсэн нь олзуурхууштай. Сүлжээний дараагийн кофены хөгжил гэвэл арай өөр зураг харагдаж байгаа. Кофены соёл маш нарийн мэргэжлийн, өөрийн онцгойлсон шинж чанартай болно. Кофе шоп нь хуурсан кофегоо яг л шинэ талх шиг өдөрт нь хэрэглэгчдэдээ түгээж үйлчлээд өдөрт нь дуусгадаг чиг рүү орж байгаа. Сүлжээ нэг их удаан үргэлжлэхгүй” хэмээн ярьсан юм.

Гэрэл зургийг Ц.МяГМарсүрэн

Categories
мэдээ цаг-үе

Архустын эмнэлгийн нам даралтын зуух дэлбэрч, хүүгээ сахиж байсан ээж амиа алдлаа

Төв аймгийн Архуст сумын эмнэлэгт нам даралтын зуух өнгөрсөн сарын 27-ны орой дэлбэрсэн хэрэг гарсан билээ. Дэлбэрэлтийн улмаас 24 настай М.Одсүрэн гэх эмэгтэй харамсалтайгаар амь насаа алдаж, түүний есөн сартай хүү тархиндаа хүнд гэмтэл авсан юм. Нам даралтын зуух юунаас болж дэлбэрч, хүний амь насанд хүрсэн талаар сурвалжлахаар Архуст суманд өнгөрсөн долоо хоногийн бямба гаригт очлоо. Тааралдсан сумын иргэд дэлбэрэлт болсон талаар янз бүрээр ярьж, тайлбарлаж байв. Хэн нэгнээс сонсч, дуулсан зүйлсээ ам уралдан ярих аж. “Хятадаас оруулж ирдэг нам даралтын зуух чанарын шаардлага хангахгүй нь тодорхой байгаа. Хоёр жил болоод дэлбэрдэг байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Энд тэнд зуух дэлбэрч, хүн амиа алджээ” гэсэн мэдээ байнга гардаг. Эмнэлгийн зуухны ашиглалтын хугацаа дуусаад дэлбэрсэн” хэмээн ярьцгаах аж. Мөн “Эмнэлгийн галч залуу буруу галлаж байгаад сүйд болгочихлоо. Тогоонд нь ус хийлгүй гал түлчихсэн гэсэн” гэх хүн ч олон байлаа. Архуст сумын дэлбэрэлт болсон газар буюу эмнэлэг дээр яваад очлоо. Сумын цагдаа нар хамгаалалтад гарсан байв. “Эмнэлгийн барилга нурах аюултай байна. Ажлын хэсгийн дүгнэлт гартал хүн оруулж болохгүй” гэж Ажлын хэсгийнхэн үүрэг даалгавар өгсөн гэнэ. Үүний дагуу цагдаа нар хамгаалалтад авчээ. Сумын иргэд эмнэлэг яаж дэлбэрснийг ойроос харах гэж ар араасаа цувж ирээд байгаа гэнэ. Бүр дунд сургуулийн сурагчид хүртэл хашаа давж харах гэж оролдсон байна. Иймд эмнэлгийн жижүүр болон цагдаа нар байнгын хамгаалалтад гарчээ. Нам даралтын зуух дэлбэрч, нурсан сумын эмнэлэг “Г” хэлбэртэйгээр баригдсан, нэг давхар цагаан байшин байв. Эмнэлгийн баруун талд дэлбэрэлт болжээ. Баруун хэсгийн гурван өрөө тэр чигтээ дэлбэрэлтэд өртөж нурсан байлаа. Цонхны шил, хүрээ, болон тоосгонууд нь хол шидэгдэж, хана тааз, дээвэр бүхэлдээ дотогш нуржээ. Барилгын 24-ийн хана ширээний тавцан шиг том том хэмжээгээр нурсан байв. Эмнэлгийн баруун захын өрөөнд уурын зуух байрлаж байжээ. Хажууд нь архивын өрөө, халдварт өвчтэй хүмүүсийг тусгаарлаж эмчилгээ хийдэг өрөө байсан юм байна. Тусгаарлах өрөөний хажууд насанд хүрсэн иргэд хэвтэж эмчлүүлдэг өрөө байрлаж байсан аж. Эмнэлгийн баруун талаас дотогш ордог бүргэд хаалга дэлбэрэлтээс үүдэн базсан цаас шиг хумигдаж, цэвэр усны худаг байрлах модон амбаарын ханыг цөм цохин оржээ. Даацын бетонон хана ч бутарч, нурсан байв. Нам даралтын зуух дэлбэрэх үед Ар хуст сумын айлуудад газар хөдөлж байгаа юм шиг доргилт мэдрэгдэж, байшингуудын цонх дуугарч, эд зүйлс унаж мэдрэгдсэн гэнэ. Мөн Архуст сумын нэгдүгээр баг буюу сумын төвөөс 12 километрийн цаана байх айлуудад дэлбэрэлт сонсогдсон байна. Энэ бүгдээс харахад эмнэлгийн нам даралтын зуух ямар хүчтэй дэлбэрсэн нь тодорхой байгаа юм.

“ЦЭВЭР УСНЫ ХУДАГТ АСГАСАН УСАА АРЧИХ ГЭЭД ГАРСАН ХОЙГУУР ЗУУХ ДЭЛБЭРСЭН” ГЭЖЭЭ

Дэлбэрэлт болох үед юу болсон талаар тодруулахаар эмнэлгийн ажилтнууд болон хэвтэн эмчлүүлж байсан хүмүүстэй уулзсан юм. Энэ сарын 27-ны орой 20:50 цагийн орчимд дэлбэрэлт болсон гэх мэдээллийг хүн өгч байлаа. Ажлын цаг дууссан учир эмнэлэг дээр ээлжийн ахлах сувилагч, жижүүр сувилагч, асрагч, галч нар байсан гэнэ. Галч Т.Алтанхуяг ослын талаар “Нам даралтын зуухандаа цагийн хуваарийн дагуу нүүрсээ хийгээд гарсан юм. Тэр үед бүх зүйл хэвийн байсан. Цэвэр усны худгийн шалан дээр асгасан усаа арчих гээд гарсан. Усаа арчаад зогсож байтал гэнэт хүчтэй дуу чимээ гарсан. Гараад иртэл эмнэлгийн хана нурж, тоос шороо босчихсон байсан. Халдвартын өрөөнд байсан хүүг нурангинаас татаж гаргаж ирсэн. Тэгээд хажуудаа байсан хүнд өгсөн. Эргээд ээжийг нь гаргаж авах гэсэн боловч хэдийнэ дарагдчихсан байсан” гэх утга бүхий зүйлсийг цагдаа нарт мэдүүлсэн гэнэ. Харин талийгаач эмэгтэйн хажуугийн өрөөнд хэвтэн эмчлүүлж байсан Т.Одгэрэл, Г.Нансалмаа, А.Батцэцэг нар дэлбэрэлтийн үеэр өрөөндөө байгаагүй аж. Хоёр нь ар гэрийнхэнтэйгээ эмнэлгийн үүдэнд уулзаж байжээ. Харин нэг нь сувилагчийн өрөөнд даралтаа үзүүлж байсан гэнэ. Дээрх гурван эмчлүүлэгч “Гэнэтхэн л их дуу чимээ гараад, шороо тоос манараад явчихсан. Эхлээд юу болж байгааг мэдээгүй. Их сандарч, айж балмагдсан. Хэрэв бид гурав өрөөндөө хэвтэж байсан бол дарагдаж амь насаа алдах байсан юм байна лээ. Азаар өрөөнөөсөө гарсан байсан болохоор амьд үлдсэн. Бидний хэвтэж байсан өрөөний баруун талын хана тэр чигтээ нурчихсан байсан” хэмээн ярилаа.

“УЛСААС ӨГСӨН ТӨСӨВ МӨНГӨ ХҮРЭХГҮЙГЭЭС БОЛООД ЭМНЭЛЭГ ДОТРОО НАМ ДАРАЛТЫН ЗУУХ БАЙРШУУЛСАН”

Талийгаач эмэгтэй бүх биеэрээ нурангид дарагдаж газар дээрээ амьсгал хураажээ. Харин хүү нь толгойндоо гэмтэл авсан ч амьд гарч чадсан юм. Дэлбэрэлт болж, хүний амь нас хохирсон гэдгийг мэдсэн даруйдаа сумын Засаг даргын Тамгын газрынхан Төв аймгийн Эрүүл мэндийн төв, Цагдаа, Онцгой байдлын газарт яаралтай дуудлага өгсөн байна. Архустын залгаа Эрдэнэ сумын их эмч ирж, дэлбэрэлтэд өртсөн хүүд яаралтай түргэн тусламж үзүүлжээ. Удалгүй аймгийн Эрүүл мэндийн төвөөс эмч нар ирсан байна. Хүүгийн биеийн байдал одоогоор хүндэвтэр байгаа гэсэн. Тархиндаа гэмтэл авсан учир ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа аж.

Ослын талаар Архуст сумын Эрүүл мэндийн төвийн дарга И.Бадамгаравтай уулзаж цөөн асуултад хариулт авсан юм.

-Осол юунаас болж гарсан талаар урьдчилсан дүгнэлт гарсан уу?

-Манай эмнэлэгт үнэхээр харамсалтай осол гарч, эрдэнэт хүний амь нас үрэгдчихлээ шүү дээ. Үнэхээр харамсалтай байна. Манай ээж хүнд өвчтэй, хорт хавдраа авахуулах гээд Энэтхэг рүү явсан юм. Аймгийнхаа Эрүүл мэндийн төвөөс зохих журмын дагуу чөлөө аваад ээжийгээ эмчлүүлэхээр явсан хойгуур ийм харамсалтай осол гарчихлаа. Нам даралтын зуух юунаас болж дэлбэрсэн талаар одоогоор урьдчилсан дүгнэлт гараагүй байна. Тиймээс энэ талаар нарийн мэдээлэл өгөх боломжгүй. Харин манай эмнэлгийн ажилтнуудын хэлж байгаагаар галч залуу хуваарийн дагуу л галлагаа хийсэн гэсэн. Гэтэл зуух нь гэнэт дэлбэрчихсэн гэж ярьсан.

-Сумын эмнэлэгт их засвар хийгээд хэр хугацаа өнгөрсөн бэ. нам даралтын зуухаар халаалтаа шийдээд удаж байна уу?

-Эмнэлгийн барилга 1985 онд ашиглалтад орж байсан. Үүнээс хойш урсгал засвар бараг хийгдээгүй. Элэгдэлд ороод маш хэцүү байдалтайгаар олон жил болсон. Сумын удирдлагууд болон миний бие хөөцөлдөж байгаад 2014 онд урсгал засвар хийлгэх асуудлыг шийдвэрлүүлж, улсын төсвөөс хөрөнгө мөнгө гаргуулсан. Ингээд хоёр жилийн өмнө эмнэлэгт их засвар хийсэн юм. Тэр үед л нам даралтын зуухтай болсон. Нам даралтын зуух тавихаас өмнө эмнэлгийн өрөө болгон зуухтай, зуух болгоныг галч галладаг байсан. Засвар хийлгэх гэж байхдаа нам даралтын зуухийг эмнэлгээс тусад нь барилга бариад байршуулах талаар хөөцөлдсөн. Гэвч улсаас өгсөн мөнгө хаанаа ч хүрээгүй. Зураг төслийн дагуу нам даралтын зуухыг эмнэлгээс тусад нь гаргаж чадаагүй юм. Ингээд л арга буюу эмнэлгийнхээ баруун талын өрөөнд байршуулсан. Бид “Эмнэлэг дотор нам даралтын зуух байршуулах нь эрүүл ахуйд нийцэхгүй байна. Тусад нь барилга бариад өгөх боломж байна уу” гээд олон газраас асуусан. “Өвсний үндэс” төслийнхөнд хүртэл хандаж үзсэн. Гэвч бүтээгүй. Бусад сумын албан газрууд нам даралтын зуухаа байгууллага дотроо байршуулчихсан байдаг. Энэ бүгдээс хараад аюулгүй байх гэж бодож байсан. Сумын эмнэлгийг өөд нь татах гэж олон жил баг хамт олноороо хөдөлмөрлөж, аймгийн Хөдөлмөрийн аварга хамт олон хүртэл болсон. Гэтэл эмнэлэг дотроо тэсрэх бөмбөг байршуулчихаад сууж байжээ. Үнэхээр харамсалтай байна.

-Талийгаач эмэгтэйн хүүхэд улаанбурхан туссан байсан гэж байна лээ?

-Тийм ээ. Сумын эмнэлэгт “Хүүхдийн бие тааруу байна” гээд дуудлага өгсөн байсан. Эмч нар дуудлагаар очиж үзээд халдварт улаанбурхан өвчин туссан, уушги нь хатгаатай байна гээд сумын эмнэлэгт хэвтүүлж, эмчилгээ хийж байсан. Ар гэрийнхний зүгээс “Багануур дүүрэг орж эмнэлэгт хэвтмээр байна” гэсэн санал тавьсан байсан. Хууль журмынхаа дагуу халдварт өвчин туссан хүнийг шууд тусгаарлах өрөөнд хэвтүүлж эмчилгээ хийх ёстой. Өөр эмнэлэг рүү явуулдаггүй юм. Манай эмч нар хууль журмаа барьж ажилласан.

СУРГУУЛИЙН ДОТУУР БАЙРАНД ЭМНЭЛГИЙГ ТҮР БАЙРШУУЛЖЭЭ

Харин Архуст сумын Тамгын газрын дарга А.Амарбаясгалан “Эмнэлэгт нам даралтын зуух дэлбэрсэн даруйд бид аймаг руу мэдэгдсэн. Аймгаас шуурхай арга хэмжээ авч, ажлын хэсэг гарсан байгаа. Юунаас болж нам даралтын зуух дэлбэрсэн гэдгийг удахгүй тогтоох байх. Хүүхдийн биеийн байдал сайжирч, энгийн тасагт шилжсэн гэх мэдээлэл бидэнд өгсөн. Талийгаачийн ар гэрийнхэнтэй Засаг даргын Тамгын газраас байнга уулзаж, сэтгэл санааны дэмжлэг үзүүлж байна. Мөн сумын бусад нам даралтын зуухны галч нарыг сонор сэрэмжтэй байхыг анхааруулж, бэлэн байдалтай ажиллуулж байгаа. Сумын эмнэлгийг сургуулийн дотуур байранд түр хугацаагаар шилжүүлээд байна” гэлээ. Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газраас өнөөдөр эмнэлгийн барилгыг цаашид ашиглаж болох, эсвэл барилга бүхэлдээ нурах аюултай эсэхийг эцэслэн тогтоох ажлыг эхлүүлэхээр болжээ. Талийгаач эмэгтэйн буяны ажил даваа гаригт буюу өнөөдөр болж байгаа.


Categories
мэдээ цаг-үе

Ж.Баттөр: Хятад улс профессорууддаа жилийн 120 мянган ам.долларын цалин өгч байна

Монгол Улсын Их сургуулийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн доктор, профессор Ж.Баттөртэй ярилцлаа.

-Хятад улс шинжлэх ухааны салбартаа маш их анхаарал хандуулж, хөрөнгө мөнгийг харамлахгүй зарцуулж байна. Үүнийг улс орнууд янз бүрээр тайлбарлаж байх юм?

-Хятад улс хямд ажиллах хүч, гадаадын хөрөнгө оруулалтыг тууштай дэмжсэн бодлого, засаглалын тогтвортой шинж, хятад хүний ажилсаг зан, мөнгөн хуримтлалыг дээдэлдэг уламжлалт үзэл, дэд бүтцээ зогсолтгүй сайжруулдаг бодлого зэрэг хүчин зүйлүүд дээр түшиглэсэн өдөр тутмын бараа бүтээгдэхүүнийг асар их хэмжээгээр үйлдвэрлэж сүүлийн 30 гаран жил дэлхийг хангалаа. Эдгээрийг ерөнхийдөө “low end” бүтээгдэхүүн гэдэг. Гэтэл дэлхийн улс орнууд ийм түвшинд хүрээд дэвшил гаргахгүй бол зогсчихдог. Харин Япон, Өмнөд Солонгос зэрэг орнууд дараагийн шат буюу технологи шингэсэн үйлдвэрлэл рүү эрс хурдан шилжсэн тул эдийн засгаа иргэдийн хөгжил цэцэглэлт, амьдралын өндөр түвшин рүү оруулж чадсан. Технологид түшиглэж үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнийг “high end” бүтээгдэхүүн гэдэг.

Энд эмнэлгийн дүрс оношилгооны төхөөрөмжүүд, хагас дамжуулагч, нисэх онгоцны технологиуд багтдаг.

Мөн үйлдвэрийг автоматжуулах систем, цөмийн эрчим хүчний реакторыг оруулдаг. Сүүлийн үед эм, биотехнолигийн салбар хурдтай хөгжиж байна.

Тиймээс дээрх “high end” бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхийн тулд Хятадын Засгийн газраас шинжлэх ухааны салбаруудаа дэмжих бодлого баримталж байгаа юм.

-Хятад улс үйлдвэрлэдэггүй юм гэж байдаггүй, бүгдийг үйлдвэрлэдэг?

-Гар утас бусад харилцаа холбооны технологид ашигладаг хагас дамжуулагчийг гадаадаас импортлоход 2014 онд л гэхэд 218 тэрбум ам.доллар зарсан байгаа юм.

Хятад улс хэдийгээр ухаалаг гар утас, компьютерийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлдэг ч эдгээрийн борлуулалтаас хамгийн ихдээ 15 хувийн ашиг л олж үлдсэнийг нь нарийн технологи, хагас дамжуулагч зэргийг нь нийлүүлдэг АНУ, Япон бусад хөгжингүй орнуудад алддаг гэсэн статистик тооцоо ч бий.

-Хятад улс өөрийгөө “Дэлхийн үйлдвэрлэх хүч болно” гэж тодорхойлсон байна билээ?

-Өнгөрсөн онд Хятадын Засгийн газраас “Хятадад үйлдвэрлэв 2025” гэсэн томоохон хөтөлбөр зарласан. Энэ хөтөлбөрийн хүрээнд 2025 он гэхэд буюу 10 жилийн дотор Хятадыг инновац эдийн засагтай, байгаль орчинд ээлтэй, хариуцлага бүхий дэлхийн үйлдвэрлэх хүч болгох зорилт тавьсан. Энэ хүрээнд нисэх онгоц, агаар сансар, смарт тээвэр, мэдээллийн технологи гэсэн арван салбарт инновацийн 40 төв байгуулахаа зарласан. Мөн шинжлэх ухаан технологийн салбарт зарцуулах хөрөнгөөр ойрын арван жилд АНУ-ыг гүйцэж түрүүлнэ гэсэн байна лээ. Түүний дотор шинэ технологи нээж буй профессоруудын цалинг дэлхийд тэргүүнд гаргана гэсэн.

-Энэ зорилтууд нь хэр биелэх боломжтой вэ?

-Мэдээж амаргүй. АНУ-ыг технологийн өндөр улс болгосон зарим ноу-хау Хятадад байхгүй эсвэл дөнгөж эхлэлийн шатандаа яваа. АНУ-д профессоруудад ажиллаж амьдрахад маш ая тухтай орчинг бүрдүүлж өгдөг. Дээр нь нээлт хийж, патент авсан бол насан туршдаа патентаасаа ашиглуулсны роялти авдаг. Хятадад наад зах нь шинэ бүтээлийн патентын хуулиа улам чамбай болгох гэж оролдож байна. Бас Засгийн газраас илүү хувийн компаниудын дэмжлэг, хөрөнгө оруулалт асар их. Үүнийг Хятадын томоохон компаниуд ойлгож дотоодын судлаачидтайгаа маш ойр хамтран ажиллаж байна.

-Профессоруудын цалин, хангамжаа яаж нэмж байгаа вэ?

-Хятадад гадаадад байж байгаад эргэж ирсэн профессортоо жилийн 120 мянган ам.долларын цалин олгож байна. Манайхаар 240 сая төгрөг буюу нэг сард дунджаар 20 сая төгрөг олгож байна гэсэн үг.

Мөн нэлээд олон улсын сургуульд олон улсын шинжлэх ухааны шилдэг сэтгүүлд эрдэм шинжилгээний өгүүлэл нийтлүүлбэл 100 гаран мянган ам.доллараар урамшуулж байна. Ийм урамшууллыг Япон, Өмнөд Солонгос гэхчилэн Азийн орнууд бас олгодог.

Ер нь хэдэн жилийн өмнө Хятадын профессор дунджаар жилийн 40 мянган ам.долларыг авч байхад АНУ-ынх 80 мянгыг авдаг гэж бичдэг байсан. Одоо бараг тэнцэж байна. Энэ бол профессорыг дэмжих нэг л хэлбэр нь. Хөнгөлөлттэй орон сууц гэхчилэн өөр олон байдлаар дэмждэг.

-Яагаад профессоруудаа ийн тойлж эхэлсэн нь ойлгомжтой л доо?

-Ер нь Америк, Япон гэхчилэн технологиор манлайлж буй орнуудын хөгжлийн ундарга нь их сургуулиудаасаа үүдэлтэй гэдэг нь тодорхой болоод олон жил болж байна. Энд СТЭМ хичээлүүддээ хамгийн ихээр анхаарч энэ чиглэлээр дэлхийн хамгийн толгой залуусыг их дээд сургуулиуддаа сургадаг. СТЭМ гэдэг нь Science, Tech­nology, Engineering, Math гэдэг дөрвөн үгийн товчлол юм.

-Манай урд хөрш шинжлэх ухаандаа, эрдэмтдээ ийнхүү анхаарал хандуулаад эхэлчихлээ. Харин манайд нөхцөл байдал өөр л дөө. Бидний хувьд урд хөршөөсөө суралцах зүйл их байна?

-Наад зах нь судалгааны үнэлэмжийг дээшлүүлэх ёстой байх. Манайд оюутнуудад маш их мөнгө хувааж өгч байна. Жилд арван сарын мөнгө болгож нэг оюутанд 700 мянган төгрөг олгож байгаа юм.

Үүнийг энэ олон оюутанд үржүүлэхээр асар их хөрөнгийг зарлагадаж байна. Ийм байхад улсын сан хөмрөг хоосрох нь ойлгомжтой. Уг нь цөөн маш сайн оюутанд олигтойхон тэтгэлэг өгөөд явбал бодит дэмжлэг болно. Яг үнэндээ судалгааны мөнгө олно гэдэг их дээд сургуулийн багш нарт бараг бүтэхгүй зүйл болсон. Бас дээд боловсролын төлбөр, хувийн ясли, цэцэрлэг, дунд сургуулийн төлбөрөөс 3-10 дахин хямд байна.

Гэхдээ улстөрчид огт барьж байгуулаагүй зүйлдээ урьдчилаад тоймгүй их хөрөнгө авч идэж уугаад шамшигдуулаад дуусгаж байгаа нь л хамгийн ноцтой асуудал юм. Эдгээр асуудал, гажуудлаа эн тэргүүнд засч залруулж байж дараагийн алхмуудаа хийх нь зүйтэй байх.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Олимпийн дэвжээнд Монголын нэрийг дуурсгах жүдогийн тамирчдаа төр засаг анхаарч байна уу?

Монголын жүдо бөхийн холбоо “Рио-2016” зуны XXXI олимпийн их наадамд зодоглох тамирчдаа албан ёсоор зарлалаа. Энэ удаагийн олимпод Монгол Улсын хөдөлмөрийн баатар олимпийн алт, мөнгөн медальт Найдангийн Түвшинбаяр, гавьяат тамирчин Мөнхбатын Уранцэцэг, Доржсүрэнгийн Сумъяа, Цэдэвсүрэнгийн Мөнхзаяа, олон улсын хэмжээ-ний мастер Даваадоржийн Төмөрхүлэг, Баттулгын Тэмүүлэн, Пүрэвжаргалын Лхамдэгд, Цэнд-Очирын Цогтбаатар, Ганбаатарын Одбаяр, Отгонбаатарын Ууганбаатар, Лхагвасүрэнгийн Отгонбаатар, Цэнд-Аюушийн Наранжаргал, Адьяасамбуугийн Цолмон, Одхүүгийн Жавзмаа нарын арвандөрвөн тамирчин жин тус бүртээ зодоглохоор болсон.

“Тамирчдын хувьд хамгийн хүнд өдөр тохиож байна. Олимпод оролцоно гэдэг баярлаж хөөрөөд, бахдаж гайхуулаад байх зүйл биш. Энэ бол маш хүнд сорилт. Багш дасгалжуулагчид, үлдэж хоцорч байгаа тамирчид, ард түмнийхээ итгэл найдварыг хүлээнэ гэдэг өндөр хариуцлага” гэж өдгөө гурав дахь олимпдоо зодоглохоор бэлтгэж буй, жүдогийн багийн ахлагч Найдангийн Түвшинбаяр хэлсэн. Олон олимпийн нүүр үзэж, хүн төрөлхтний их ялалтын дэвжээнээс алт, мөнгөн медаль хүртэн улс орон, ард түмний итгэл хүлээхийн зовлонг ясандаа тултал мэдэрсэн тамирчны хэлэх үг мөн биз ээ. Энэ удаагийн олимпод оролцох тамирчдаа сонгон шалгаруулахад таван жин хамгийн хэцүү байсныг Монголын жүдо бөхийн холбооны тэргүүн Х.Баттулга онцолсон. Тэрээр сугалаа сугалах юм уу, аз эзийн байдлаар тодруулаагүй, хүн тус бүр дээр судалгаа хийж, олимпийн циклийн хугацаанд үзүүлсэн амжилтыг нь үндэслэсэн гэв.

Асуудал дагуулсан таван жин гэдэг нь эрэгтэйчүүдийн 60 кг, 73 кг, 81 кг, эмэгтэйчүүдийн 52 кг, 63 кг юм. Тухайлбал, эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд дэлхийн аварга, гавьяат тамирчин Г.Болдбаатар, дэлхийн аваргын мөнгөн медальт, гавьяат тамирчин Д.Амартүвшин нар өнжиж залуу тамирчин Ц.Цогтбаатар оролцохоор болсон нь олныг анхаарлыг татаад байгаа. Ер нь сүүлийн хэд хоног спортын ертөнцийн гол дуулиан олимпод оролцох хийгээд олимпийг өнжиж буй тамирчдын тухай байсан. Залуу жүдоч Цогтбаатарын хувьд, улсын аваргын тэмцээнд Амартүвшин, Болдбаатар нарын гавьяатуудыг онооны илт давуугаар ялж цахиур хагалан гарч ирсэн. Мөн өнгөрөгч оны “Абу Даби”-гийн олон улсын гран пригээс мөнгөн медаль хүртсэн зэрэг нь зуны олимпод өрсөлдөх гол үзүүлэлт нь болжээ.

Эрэгтэйчүүдийн 73 кг-д Лондонгийн 30 дугаар олимпийн хүрэл, дэлхийн аваргын хүрэл медальт С.Ням-Очирыг үлдээж Г.Одбаярыг, эмэгтэйчүүдийн 52 кг-д дэлхийн аваргын хүрэл медальт, гавьяат тамирчин Бундмааг үлдээж А.Цолмонг оролцуулахаар болсон. Ийнхүү Риогийн олимпийн дэвжээнд Дашдаваагийн Амартүвшин, Ганбаатарын Болдбаатар, Сайнжаргалын Ням-Очир, Мөнхбаатарын Бундмаа нарын гавьяатууд өрсөлдөх эрхгүй, үзэгчдийн суудалд шилжиж байна. Тэд бол олимп дэлхийн дэвжээнд Монголын нэр нүүр болсон, дэлхийн шилдэг жүдочдын зүрхэнд “шар ус” хуруулан ялж дийлж ирсэн тамирчид юм.

Риогийн дэвжээнд улсаа төлөөлөн хүч сорих жүдогийн тамирчдын олимпийн циклийн амжилтаас дурдъя. 60 кг-ын жинд хоёр гавьяатыг хойш нь суулгаад зодоглож буй олон улсын хэмжээний мастер Цогтбаатар Монголын баг тамирчдын хамгийн залуу нь. Өдгөө хорин настай. Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын харьяат. Бөхийн төрлөөр дэлхийн аварга цолыг анх хүртсэн Монголын гавьяат тамирчин, бөхийн тайлбарлагч Шагдарын Чанравын нутгийн хүү. Өнгөрөгч оны аравдугаар сард болсон “Абу Даби”-гийн гран пригээс мөнгө зүүгээд, долоохон хоногийн дараа насанд хүрэгчдийн “Их дуулга”-аас медалийнхаа өнгийг ихэрлүүлсэн.

66 кг-д зодоглох олон улсын хэмжээний мастер Д.Төмөрхүлэг. Амстердамын гран при, Хятадын Чиндаогийн гран при, Гүржийн Тбилисигийн гран прид тус тус аваргалсан, Москвагийн “Их дуулга”, Чежүгийн “Дэлхийн цом”, Парисын “Их дуулга”-ын мөнгөн медальтай. Төмөрхүлэг өөрийн жиндээ дэлхийд хоёрдугаарт эрэмбэлэгдээд буй шилдэг тамирчин. Хоёр жилийн өмнө Инчеонд болсон Азийн аваргад Японы алдарт тамирчин Т.Такажог цэвэр ялсан бичлэг хэсэгтээ л дэлхийд шуугиан тарьж байсан. Тэрээр жинхэнэ таримал бөх билээ. Аав нь Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат, ерэн оны Хэрлэнгийн хөдөө аралд болсон наадамд зургаа давж байсан уран барилдаант харцага Чогжинмүнсэлийн Даваадорж юм.

73 кг-д зодоглох олон улсын хэмжээний мастер Г.Одбаяр 2015 оны оны жүдогийн улсын аварга. Түүнийг “аваргуудын жингийн аварга” ч гэдэг. Учир нь хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар тэргүүтэй шилдэг тамирчид энэ жинд өрсөлдөж байсныг бид мэднэ. Одбаяр “Астана 2015” багийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэн. Уг амжилт нь Риогийн олимпийг зорих гол “тийз” нь болсон байх. “Гавана-2016” гран при тэмцээнд дэлхийн чансааг тэргүүлэгч Азербайжаны Рустан Оружавт ялагдаж хүрэл медалийн болзол хангасан. Түүний хувьд Оружав хэмээх аварга эрийг Германы Дюссельдорфын гран прид ялж, шуугиан тарьж байсан удаатай. Энэ удаад өнөө алдарт Оружав болон японы Шохей Оно, гүржийн Лаша Шавдатуашвили, солонгосын Ан Чан Рим нарын дэлхийн шилдэг тамирчидтай олимпийн дэвжээнд хүч сорих нь дамжиггүй. Лондонгийн олимпийн хүрэл медальт С.Ням-Очирын оронд шилэгдсэн Одбаяр Баянхонгор аймгийн Өлзийт сумын харьяат, “Женко” клубын тамирчин.

81 кг-д зодоглох О.Ууганбаатар Чиндаогийн гран пригаас хүрэл медаль хүртсэн бол 90 кг-д зодоглох Л.Отгонбаатар “Абу Даби”-гийн “Их дуулга”-д дэлхийн аварга Унгарын жүдоч Кристиан Тот, Нидерландын шилдэг жүдоч Ван Ноел нарыг цэвэр ялж алтан медалийн эзэн болсноор олимпийн болзлоо хангасан. Мөн тэрээр “Астана 2015” багийн дэлхийн аваргад Афины олимпийн аварга, Лондонгийн олимпийн хүрэл медальт, дэлхийн гурван удаагийн аварга Грекийн домогт тамирчин И.Илиадисыг хожиж байсан түүхтэй. +100 кг-д зодоглох Б.Тэмүүлэн бол хүнд жингийн Монголын нэг номерын тамирчин. Ташкентын гран пригийн аварга, Азийн аваргын гурван удаагийн хүрэл медальт гээд олон амжилт дурдагдана.

-100 кг-д зодоглох Н.Түвшинбаяр аваргын хувьд Хятадын Чиндаогийн гран прид аваргалж олимпийн эрхээ баталгаажуулсан. Хэсгийн аваргын төлөө Нидерландын бөх М.Коррейлыг цэвэр ялж, хагас шигшээд Германы Карл Ричард Фрайг буулган авч, аваргын төлөө Казахстаны тамирчин Максим Рабовыг ялснаар аваргалсан.

Түвшээ аваргыг тулсан газар ч ёстой нэг амиа тавина даа гэж манайхан ярьдаг. Өөрт байгаа бүхий л боломжоо бүрэн дайчилж барилддаг ясны бөх гэдгийг нь бататгаж байгаа нь тэр. Манай аваргыг дэлхийн шилдэг хүчтэнүүд нэвтэрхий судалчихсан байгаа. Алхаа гишгээг нь бүрэн тооцоолж, хий гаргахыг нь анаж байгаа. Үнэндээ тэр бол дэлхийн судлагдахуун болсон топ тамирчин юм. Аварга мэдээж бүх учраагаа нарийн тооцоолж, хүн тус бүр дээр судалж ажиллаж буй. Лондонгийн олимпоос хойших дөрвөн жилийн уртад судалгаагаа батжуулж, Риогийн олимпийг бодсон. Өрсөлдөгчид нь цээжинд нь багтаж л байгаа учир аварга ахиад зодоглож байгаа байх. Түүнээс “би болсон” гээд хэвтээд өгөхөд хэн юу хэлэх билээ.

Зөвхөн Түвшээ аварга гэлтгүй Монголын тамирчид, багш дасгалжуулагчид гол өрсөлдөгчдөө маш сайн судлаж, тактик боловсруулж, айхавтар нарийн төлөвлөгөө, тооцоотой оролцоно байлгүй. “Өмнөх амжилтуудаа давтахыг хичээнэ” гэж холбооны тэргүүн мэдэгдсэн. Тэгэхээр жүдогийн тамирчдаас 2008 оны Бээжингийн олимпийн амжилтыг давтаж ахиад нэг аварга төрөх нь. Лондонгийн олимпийн мөнгө, хүрэл медаль бас ирнэ гэсэн үг. Нэг жинд барагцаагаар дэлхийн шилдэг арван тамирчин өрсөлддөг гэдэг. Тэр дундаас дөрвөн тамирчин л медалийн тавцан дээр зогсоно. Түвшээ аваргын гол өрсөлдөгчдийн нэгээр өнгөрөгч жилийн дэлхийн аварга Японы тамирчинг нэрлээд байгаа. Монголын жүдочдоос түрүүлээд дөрөвдүгээр сарын эхээр японы шигшээ баг олимпод оролцох тамирчдаа зарласан. Цогтбаатарын зодоглох 60 кг-д дэлхийн аварга Наохиса Такато зодоглох нь тодорхой болоод байгаа. Такатог Оросын Челябинскт болсон дэлхийн аваргаар гавьяат тамирчин Г.Болдбаатар ялж байсан удаатай. Мөн уг жинд Гүржийн Амиран Папинашвили, Солонгосын Ким вон жин гээд дэлхийн шилдгүүд цуглана.

Эмэгтэйтэй тамирчдын тухай гэвэл 52 кг-д хүч сорих ОУХМ А.Цолмон Польшийн Варшавт болсон Европын нээлттэй тэмцээнд аваргалсан. Мөн Ташкентийн гран пригээс мөнгө, Гавана, Чиндаогийн гран пригээс хүрэл медаль хүртсэн.Түүний жинд Румыны Андреа Читу тэргүүлж буй. Бундмаа гавьяатыг үзэгчдийн суудалд суулгасан Цолмон Румыны Читуг ялна гэсэн итгэлтэй явах хэрэгтэй. Жүдогийн эмэгтэй тамирчдаас Уранцэцэг, Сумъяа, Мөнхзаяа гурван гавьяатад найдлага тавих хүмүүс олон байгаа. Тэд бол аргагүй торгон ирэн дээрээ бөхчүүд. М.Уранцэцэг гавьяат олимпийн их наадам болох Бразилийн Рио-де-Жанейро хотноо 2013 онд болсон дэлхийн аваргаас тэр алтан медаль хүртэж, Монголынхоо нэрийг цуурайтуулсан. Энэ удаад ч Бразилийн тэнгэр дор төрийн дууллаа эгшиглүүлэхэд үгүй гэх газаргүй. Түүний хамгийн гол өрсөлдөгч бол дэлхийн аваргын алт, мөнгөн медальт Японы тамирчин Харүна Асами юм. Мөн Казахстаны нэрийн өмнөөс барилдаж буй халх охин Г.Отгонцэцэг тун эвгүй учраа. Парисын “Их дуулга”-аас тэр хоёр хоёулаа шилдгээр шалгарч байв. Гавьяат тамирчин Д.Сумъяа 2015 оны дэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэн. Мөн өнгөрөгч онд Улаанбаатар хотноо болсон “Чингис хаан” гран прид Японы нэртэй тамирчин 2012 оны Лондонгийн олимпийн К.Мацүмотог ялж шуугиулсан. Тэрээр өөрийн жиндээ Румыний Корина Каприориу, Португалийн Телма Монтейр нарын дараа гуравт эрэмбэлэгдээд байгаа. Ц.Мөнхзаяа гавьяат мөн л өнгөрөгч жилийн дэлхийн аварга, Лондонгийн олимпийн тавдугаар байрын шагналтай. Эдгээр гавьяатуудын цаана Ази тивийн аварга Ц.Наранжаргал, П.Лхамдэгд нарын шилдэг тамирчид бий. Лхамдэгд Ромын европын нээлттэй тэмцээнээс Хорватын Ивана Мартечийг цэвэр ялж хүрэл медаль хүртэж байсан. Германы Дюссельдорфын аварга, Амстердамын алтан медальт. Чехийн Прагад болсон “Дэлхийн цом”-ын аварга гээд аргагүй дэлхийн шилдэг тамирчин. О.Жавзмаа 2014 онд Польшийн Варшав хотноо болсон Европын аваргын төлөө Италийн тамирчин Элиса Марчиог 48 секундэд цэвэр ялж алтан медаль хүртсэн юм. Тэрээр Өмнөговийн Дэмүүл арслангийн удмын бөх гэгддэг.

Ийм л өргөн бүрэлдэхүүнтэй Монголын жүдогийн баг тамирчид Риогийн олимпийг зорих гэж байна. Чөлөөт, жүдо, бокс, буудлага, байт харваа, хөнгөн атлетик, усанд сэлэлт, хүндийн өргөлт зэрэг спортын төрлөөр Монголын 40 шахам тамирчин олимпийн эрх аваад байгаа. Энэ дундаас хамгийн олон тамирчнаа илгээж байгаа нь Монголын жүдо бөхийн холбоо юм. Эх орныхоо нэрийг олимпийн дэвжээнд дуурсгахаар хөдөлмөрлөж байгаа тамирчдаа Монголын төр засаг анхаарч байна уу. Холбооных нь тэргүүнийг хууль цагдаагийнхан сандаргаж, ойр орчмынх нь хүмүүсийг шоронд хорьж, үндсэндээ Х.Баттулга гэдэг хүнтэй холбоотой байж магадгүй гэх албан байгууллагуудыг нэгжиж “анхаарч” байх шиг байна. “Баянгол” рестораны албан өрөөнд нэгжлэг хийхэд жүдогийн тамирчид армиараа ирчихсэн байсан. Тэгээд л тэд маргааш өглөө нь Ташкентийн Азийн аваргад мордож, олимпийн эрх олгодог тэмцээнд бүгд л бужигнуулж өгөөд, Монголынхоо алдар сууг мандуулчихаад хүрээд ирж байна. Төр засгийн удирдлагууд сонгуулиар амьсгалаад юун тамирчид, олимп. Огтоож тоож байгаа юм алга. Хүн төрөлхтний спортын их наадам, дэлхийн дэвжээнд эх орныхоо нэрийн өмнөөс хүчээ сорих тамирчид бол Монголын үнэт баялаг юм. Бусад улс орнууд ийм л үнэлэмжээр тамирчдадаа хандаж өндөр үнэтэй эм тарианаас аваад бүхий л зүйлд төрийн дэмжлэг үзүүлдэг. Гэтэл манай тамирчид хэрчсэн гурил, хэдхэн годгор борц цүнхлээд тив алгасан морддог доо. Засаг төрийн удирдлагууд сонгууль энээ тэрээ гэж хэтэрхий улстөржилгүй, олимпод оролцох тамирчдынхаа бэлтгэл сургуулилт, зардал мөнгөнд санаа тавьж, анхаарч ажиллавал яасан юм бэ. Сонгууль гэж баахан бужигналдаж залгуулаад АСЕМ гэж байтал Риогийн олимп эхлэх нь байна. Энэхэн бөмбөрцгийн тэрбум тэрбум хүнд Монголын нэрийг зарлан тунхаглаж, дэлхийн тавцанд дуурсган гаргаж ирэх хүмүүс бол энэ хэдэн тамирчнаас өөр хэн байх билээ.

Б.Батболд