Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д “Сайханбилэгийн Засгийн газар энэ зуны наадмыг үзчих юм шиг байна” нийтлэл гарлаа

“Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

“Ирэх сараас япон бараа Монголд, монгол бүтээгдэхүүн Японд хямдарна”. Япон, Монголын эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрээр энэ боломж нээгдэж байгаа юм. Монголын талаас 5700 бараа бүтээгдэхүүн, Японы талаас 9300 орчим төрлийн бараа бүтээгдэхүүнийг импортын гаалийн татвараас чөлөөлөх аж. Ингэснээр манай бизнес эрхлэгчид Японы зах зээлд Монголын гаралтай бүтээгдэхүүнээ хөнгөлөлттэй тарифаар нийлүүлэх боломж нэмэгдэж байгаа гэдгийг албаны хүмүүс онцолж байгаа юм. Энэ тухай дэлгэрэнгүй мэдээллийг нэг, зургадугаар нүүрээс уншина уу.

Дархан-Уул аймгийн мэргэжлийн хяналтын улсын байцаагч хойд хөршөөс оруулж ирсэн чанарын шаардлага хангахгүй үрийн будаанд хуурамч дүгнэлт гаргасан гэх мэдээлэлд гараад байсан бөгөөд үүнд МХЕГ-аас тайлбар хийсэн юм. Энэ тухай мэдээллийг нэг, долдугаар нүүрээс уншаарай.

“Улс төр” буланд гавьяат хуульч, профессор Н.Жанцангийн ярилцлага гарлаа. Тэрбээр “Хууль буцаж үйлчлэхгүй гэсэн алтан зарчмыг хэн ч эвдэж чадахгүй” хэмээн ярилцлагадаа онцоллоо. Түүний ярилцлагыг хоёр, тавдугаар нүүрт хэвлэлээ. Мөн “Нарантунгалаг гавьяатын Монголоороо бахархах даруухан зан жинхэнэ монгол брэнд” нийтлэлийг хоёрдугаар нүүрээс унших боломжтой.

Аж үйлдвэрийн яамны Худалдааны бодлого зохицуулалтын газрын дарга Б.Золтуяатай хийсэн Дэмпингийн уухлийн талаарх ярилцлагыг дөрөвдүгээр нүүрээс уншиж болно. “Дэмпингийн хуулиар дотоодын үйлдвэрлэлийг дэмжиж, шударга бус өрсөлдөөнийг зогсооно” гэж үзэж байгаа юм байна.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлж байдаг, алдарт гуравдугаар нүүрт “Сайханбилэгийн Засгийн газар энэ зуны наадмыг үзчих юм шиг байна” нийтлэл хэвлэгдэн гарлаа. Нийтлэлд “…Засаг огцорвол дэнжигнэж байгаа эдийн засаг улам дордоно уу гэхээс дээрдэхгүй…” гэж онцолсон байна. Бүрэн эхээр нь гуравдугаар нүүрээс уншаарай.

МЗЭ-ийн болон оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан-Өд” наадмын дөрвөн удаагийн шагналт зохиолч, СУИС-ийн багш, хэл шинжлэлийн ухааны доктор, судлаач, шүүмжлэгч Пүрэвхүүгийн Батхуягтай хийсэн ярилцлагыг 12 дугаар нүүрт хэвлэлээ. Тэрбээр амралтын өдөөр болж өнгөрсөн “Гэгээн муза” наадмын шилдэг жүжгийн зохиолч шагналыг хүртсэн юм.

Харин “Америкийн монголчууд” буланд манай тусгай сурвалжлагч М.Саруул-Эрдэнэ Вашигтон хотоос бичиж байна. “Монголыг дэлхийд таниулах арван минут буюу Монте Карлогийг хүрэл алиалагч АНУ-д” тэмдэглэл сурвалжлагыг үргэлжлийг энэ удаа хүргэж байгаа юм. 13 дугаар нүүрийг сөхөж үзээрэй.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Ч.Ганбатыг албадан авчрахаар болжээ

“Либерти Партнерс” ХХК-ийн захирал Ч.Ганбатыг Эрүүгийн цагдаагийн газраас сэжигтнээр татан Интерполоор долоон сарын эрэн сурвалжилж байна. Түүний оршин суугаа хаяг нь одоогоор тодорхойгүй ч АНУ-ын иргэн болсон гэх мэдээлэл бий. Энэ тухайгаа Ч.Ганбат өнгөрсөн онд төрийн гурван өндөрлөгт хандаж, илгээсэн ил захидалдаа дурдсан байдаг. Тэрээр өөрийгөө хилс хэрэгт буруутгаж байгааг онцолж, Монголд ирж нэр төрөө цэвэрлэнэ гэж мэдэгдээд байсан. Тэгвэл хууль, хяналтын байгууллагынхан Ч.Ганбатыг албадан авчрахаар болсон гэх мэдээлэл гараад байна.

Categories
мэдээ нийгэм

Монголын хоёр иргэн оффшор данстай тухай мэдээлэл тавигджээ

“Panama Papers”-ийн мэдээллүүд ил болсоор байгаа аж. “Offshoreleak.icij.org” цахим хуудаснаа Монголын хоёр иргэний оффшор данстай тухай мэдээлэл тавигджээ. Түүнчлэн Монгол Улсын нэр дээр бүртгэлтэй Хятадын хоёр иргэн, Өвөр Монголд болон Монгол Улсад бүртгэлтэй хоёр компанийн тухай мэдээлэл тус тус тавигдсан байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

МАН-ын бүлэг аймгууд хоёр мандаттай болох ёстой гэж үзэв

ИХ дахь МАН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа нийт гурван асуудлыг хэлэлцсэн байна. Сонгуулийн тойрог байгуулах, тойрог мандатын дугаар, нутаг дэвсгэрийн төвийг тогтоох, Прокурорын байгууллагын тухай хууль, Татварын багц хуулиудын талаар хэлэлцэж, нэгдсэн шийдвэрт хүрчээ.

Тухайлбал, сонгуулийн тойрог байгуулах асуудлын тухайд “Тойрог, мандатын тоог тогтоохдоо Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хэмжээ, хүн амын тоо зэрэг хүчин зүйлийг харгалзаж тогтоох ёстой гэж Монгол Улсын Үндсэн хууль болон Сонгуулийн хуульд заасан байдаг. Үүнээс үүдэн манай бүлэг жагсаалтын 28 мандатын 20-ыг нь хөдөөд, хотод 8-ыг нь хуваарилах гэсэн зарчмыг баримталж байсан. Харамсалтай нь АН-аас хөдөөд 14, хотод 14 гэсэн хатуу шаардлагыг тавьж байна. Гэхдээ бид буулт хийж болох юм. Хөдөөгийн нэг мандаттай бүх аймгууд хоёр мандаттай болох ёстой гэж манай бүлэг үзэж байна. Тэгэхээр 16-18 мандат хөдөөд 10-12 мандат хотод хуваарилах ёстой гэж ярьж болох юм” гэж сэтгүүлчдэд хийсэн мэдээллийн үеэр С.Бямбацогт гишүүн хэлж байв.

Categories
мэдээ улс-төр

НИТХ-д АН-аас 45 нэр дэвшигч өрсөлдөнө

Өнөөдөр АН, МАН нийслэлийн Иргэдийн
төлөөлөгчдийн хуралд нэр дэвшигчдээ тодруулж, батламжлахаар хуралдсан.
Тэгвэл “Шангри-Ла” зочид буудлын хурлын танхимд 12 цагт эхэлсэн АН-ын хуралдааны санал хураалт дуусч, шийдвэр нь гарчээ. Хуралдаанд
нийслэлийн АН-ын гишүүдийн 80 гаруй хувь нь оролцсон байна. Ингээд
дүүргийн намуудаас ирсэн саналыг нууц санал хураалтаар баталж, нийслэлийн 45 тойрогт 45 төлөөлөгчөө нэр дэвшүүлэхээр болсон байна. Жендерийн хувьд 10 орчим эмэгтэй нэр дэвшиж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

ЗХУ-ын маршал Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

Өнөөдөр Аугаа их Эх орны дайны ялалтын 71 жилийн ой тохиож байна. УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа тэргүүтэй БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд, ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд И.К.Азизов болон Беларусь улсаас суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Казахстан улсаас суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нар, Оросын ард иргэд Зайсан толгой дахь Зөвлөлтийн дайчдын хөшөө, ЗХУ-ын Маршал Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөн мэхийн ёсолж, хүндэтгэл үзүүллээ.

Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон хэлэхдээ “Зөвлөлт-Монголын ард түмний найрамдалт харилцаа тэртээх 1921 онд Монголд өрнөсөн ардын хувьсгалаас улбаалан, улмаар түүхийн он цагийн хэлхээнд бэхжиж, 1939 оны Халхын голын дайнд хамтран байлдаж, ялалтын уухайг өргөлцөж байсан билээ. “Цэргийн ёслолын жагсаал”-д анх удаа Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчдын бүрэлдэхүүн оролцож, Москва хотын Улаан талбайд жигдрэн жагссаныг өнөөдөр дахин онцлоход таатай байна. 1945 оноос өнөөг хүртэлх хугацаанд Орос-Монголын харилцаа, тэр дундаа цэрэг, армийн түүхэнд олон тэмдэглэлт, эргэн дурсагдах үйл явдлууд байсан бөгөөд Монголын ардын армийг өргөтгөн зохион байгуулахад зэвсэглэл, байлдааны техник хэрэгслээр хангасан, цэрэг, дарга нарыг цэргийн эрдэмд шамдан боловсроход бүх талаар тусалж байсан зэргийг онцлон тэмдэглэж байна” гэв.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

28 мандатын 14-ийг нийслэлд хуваарилах ёстой гэв

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдрийн ээлжит хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд 28 мандатын 14-ийг нийслэлд, үлдсэн 14 мандатыг орон нутагт шилжүүлэх ёстой гэж үзсэн байна.

Энэ талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар сэтгүүлчдэд мэдэгдсэн юм. Улаанбаатар хотын мандатын тоог 14-өөр нэмэх нь хүн амтай холбогдож гарч байгаа гэдгийг тодотголоо.

Categories
мэдээ соёл-урлаг

ФОТО: Энэ жилийн “Гэгээн муза”-г “Ромео Жульетта” өнгөлөв

“Гэгээн муза” наадмын Шагнал гардуулах ёслолын ажиллагаа УДЭТ-т энэ амралтын өдрөөр болж өнгөрсөн билээ. Энэхүү наадмын шилдгийн шилдэг гранпри шагналыг УДЭТ-ын бүтээл “Ромео Жульетта” жүжиг хүртсэн юм.

“Гэгээн муза-2016″ наадмын шилдгүүдийг танилцуулъя:

Драмын жүжгийн төрөлд:

  • Шилдэг найруулагч – Н.Наранбаатар “Ромео Жульетта” жүжгээр
  • Шилдэг тайзны зураач – Д.Ариундэлгэр, Н.Үнэнбат “Ромео Жульетта” жүжгээр
  • Шилдэг хөгжмийн зохиолч – Анастасия Дружинина, Сойжин Жамбалова “Ромео Жульетта” жүжгээр
  • Шилдэг эрэгтэй гол дүр – Б.Шинэбаяр “Ромео Жульетта” жүжгийн Ромеогийн дүрээр
  • Шилдэг эмэгтэй гол дүр – О.Дөлгөөн “Ромео Жульетта” жүжгийн Жульеттын дүрээр
  • Шилдэг эрэгтэй туслах дүр – С.Болд-Эрдэнэ “Ромео Жульетта” жүжгийн Лоренцо ламын дүрээр
  • Шилдэг эмэгтэй туслах дүр – Ж.Оюундарь “Ромео Жульетта” жүжгийн Өрлөг эхийн дүрээр

Хөгжимт жүжгийн төрөлд:

  • Шилдэг жүжгийн зохиолч – Б.Лхагвасүрэн “Гэгээн тамлан” жүжгээр
  • Шилдэг найруулагч – З.Далай “Гэгээн тамлан” жүжгээр
  • Шилдэг тайзны зураач – О.Баярмагнай “Мөнхийн галт цэцэг” жүжгээр
  • Шилдэг хөгжмийн зохиолч – М.Бирваа “Оройн дээд” жүжгээр
  • Шилдэг эрэгтэй гол дүр – П.Баярмагнай “Оройн дээд” жүжгийн Богд хааны дүрээр
  • Шилдэг эмэгтэй гол дүр – П.Одонтунгалаг “Дуун хэлхээ” жүжгийн Алгирмаагийн дүрээр
  • Шилдэг эрэгтэй туслах дүр – Б.Батмэнд “Оройн дээд” жүжгийн Ханддоржийн дүрээр
  • Шилдэг эмэгтэй туслах дүр – С.Эрдэнэцэцэг “Оройн дээд” жүжгийн Сүндэръяагийн дүрээр

Хүүхдийн жүжгийн төрөлд:

  • Шилдэг жүжгийн найруулагч – М.Ариунтуяа “Мял Богдын намтар” жүжгээр /Улсын хүүхэлдэйн театр/
  • Шилдэг тайзны зураач – О.Баярмагнай “Мөнхийн галт цэцэг” жүжгээр /Дундговь аймгийн Төв халхын дуулалт жүжгийн театр/
  • Шилдэг эрэгтэй гол дүр – Ц.Цэрэндорж “Мял Богдын намтар” жүжгийн Мял Богдын дүрээр /Улсын хүүхэлдэйн театр/
  • Шилдэг эрэгтэй туслах дүр – Н.Очирпүрэв “Мөнхийн галт цэцэг” жүжгийн Баавгайн дүрээр
  • Шилдэг эмэгтэй туслах дүр – Д.Батмөнх “Мял Богдын намтар” жүжгийн Нянцайгаржуны дүрээр

Нэг хүний жүжгийн төрөлд

  • Шилдэг зохиолч – П.Батхуяг “Эр өндөг” жүжгээр
  • Шилдэг найруулагч – Олег Юмов “Өвгөн тэнгис хоёр” жүжгээр
  • Шилдэг тайзны зураач – Б.Бат-Өлзий “Эр өндөг” жүжгээр
  • Шилдэг эмэгтэй жүжигчин – Г.Номун “Хатагтай Капульетта” жүжгээр
  • Шилдэг эрэгтэй жүжигчин – Баста Цыденов “Өвгөн тэнгис хоёр” жүжгээр

“Хүүхэд оролцсон бүтээлийн төрөл”-д:

  • “Одны хүүхдүүд” бүтээл / ӨМӨЗО-ны Ордос хотын Монгол сургууль/

Шүүгчдийн нэрэмжит тусгай шагнал:

  • “Тэмээт сүргийн шинэ тууль” бүтээл

Урлагийн залуучуудын нэрэмжит шилдэг залуу уран бүтээлч шагнал:

  • “Өмнө ба хойно” жүжгийн жүжигчин Матеуш Новак

“Гэгээн муза” наадмаас хийсэн гэрэл зургийн сурвалжлагыг хүргэж байна. Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН



Categories
мэдээ улс-төр

С.Ганбаатар МАНАН-д орохгүй гэв

УИХ-ын гишүүн С.Ганбаатар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тэрээр өнгөрсөн долоо хоногт С.Ганбаатар миний биеийг том намуудад, бүлэглэлүүдэд орж байгаа гэсэн мэдээлэл хэвлэлээр цацлаа. МАНАН-д орсонд орвол үхсэн минь дээр гэж хэлье. Тэр намууд С.Ганбаатарт хэрэгтэй биш. С.Ганбаатарт олон түмний итгэл найдвар хэрэгтэй. Түмний юмыг түмэнд нь зориулна. МАН, Ардчилсан намын олон шударга УИХ-ын гишүүд, улстөрчид байдаг. Олон зуун гишүүн, дэмжигчид байдаг. Тэд намайг хүндэлдэг. Би ч тэдний төлөө дуу хоолой болж зүтгэдэг. Гэхдээ МАНАН-гийн орой дээр байгаа хэдэн луйварчид өнөөдөр Монгол орныг минь маш хүнд байдалд оруулж, тусгаар тогтнол, газар нутгийг минь худалдаж байгаа. Ийм мэдэгдэл хийсний төлөө тэд гэмт хэрэгт холбогдуулна, сонгуульд оролцуулахгүй байх бүх арга хэмжээг авна. Хов хонзонгоор дүүрсэн МАНАН-гийн бүлэгт орно гэдэг сүнсээ худалдсантай адил юм. МАН, Ардчилсан намыг би эсэргүүцээгүй, орой дээр нь байгаа луйварчдын тухай хэлж байна шүү гэв. Дээрх мэдээллийн дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад дараах хариулт өглөө.

-Та УИХ-ын сонгуульд аль намаас нэр дэвших вэ?

-МАНАН-гийн эсрэг ард түмний төлөө зүтгэдэг ямар ч хүчинтэй эвсэж, хамтарч, эвлэлдэж ажиллахад бэлэн.

-Та ХҮН-ын гишүүн хэвээрээ байгаа юу?

-ХҮН-ыг хөл дээр нь босгож, шинэ залуу хүмүүсийг улс төрд оруулна гэж хичээж чармайн зүтгэсэн. 76 дотроос хэн нэг нь шинэ хүмүүст тусалж байж УИХ-д гаргахгүй бол 18-хан хоног сурталчилаад гарч ирэхгүй. Харин ХҮН-ын Найдлаа нарын зарим залуус хэн нэгний хатгаас нөлөөлсөн үү, намайг Улсын Дээд шүүх ХҮН-ын даргаар хоёр удаа бүртгээгүй. Тиймээс би ХҮН-ын жирийн гишүүн хэвээр байгаа.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Улаанбурханы вакциныг пүрэв гаригаас хийж эхэлнэ

ЭМСЯ-ны Төрийн нарийн бичигийн дарга С.Ламбаа Улаан бурхан өвчний цаг үеийн байдлын талаар 21 аймгийн Эрүүл мэндийн төвийн удирдлагуудтай цахим хурал хийлээ. Засгийн газрын тогтоолоор 18-30 насны иргэдэд улаанбурхан өвчний эсрэг вакциныг тарих шийдвэр гарсан.

Энэхүү вакцин Монголд Улсад тээвэрлэгдэн ирсэн учраас улаанбурханы вакциныг тавдугаар сарын 12-ноос хийж эхлэхээр болсныг энэ үеэр эмнэлгийн удирдлагуудад дуулгалаа. Вакциныг орон нутагт хүргүүлэх ажлыг яаралтай зохион байгуулж эхлээд байгаа бөгөөд, мөн ЭМС-ийн сайдын багцаас 350 сая төгрөгийг гаргуулж тоног төхөөрөмж дутагдалтай байгааг аймгуудад нэн түрүүнд хүргүүлэхээр ажиллаж байна гэсэн юм.

Цахим хурлын үеэр Улаанбурхан өвчнийн талаарх цаг үеийн мэдээллийг аймгуудаас авч, 18-30 насныханд хийх вакцины бэлтгэл ажлаа сайн хангаж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга үүрэг болголоо.