Categories
мэдээ спорт

Монголын гурван тамирчин дэлхийн чансааг тэргүүлж байна

Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF )-ноос дэлхийн чансааг шинэчилсэн байна. Одоогоор Монгол Улсын гавьяат тамирчин Г.Болдбаатар 2071 оноогоор 60 кг-ын жиндээ тэргүүлж байна. Түүний хувьд жагсаалтын тавдугаарт бичигдэж байсан бол Азербайжанд болсон “Их дуулга” тэмцээнд түрүүлж ийн жагсаалтыг тэргүүлэх болов. Тэрээр тус тэмцээнээс 500 оноо өвөртөлсөн. Гавьяат тамирчин М.Уранцэцэг 48 кг-ын жиндээ 3134 оноогоор тасархай тэргүүлж байгаа бол 57 кг-д Д.Сумъяа 2751 оноогоор мөн нэгдүгээрт бичигдэж байна. Ирэх долоо хоногт Казахстаны Алмата хотод зохиогдох гран при, мөн энэ сарын 27-нд Мексикт болох тэмцээн тамирчдын хувьд хамгийн сүүлийн боломж. Олимпид өрсөлдөх эрхтэй 14 жингээс манай улсын тамирчид 12 эрхээ аваад байна.

Categories
мэдээ улс-төр

Улсын онцгой комисс хуралдаж байна

Төрийн ордонд Шадар сайдын өрөөнд Улсын онцгой комиссын хуралдаан эхлээд байна. Хурлаар цаг үеийн асуудал хэлэлцэж буй гэнэ. Онцгой комиссын гишүүд Газар хөдлөлтийн гамшгийн аюулаас сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн хурлаа давхар хийхээр болжээ. Уг хурлаар өнгөрсөн гуравдугаар сарын 24-ний өдөр улс орон даяар зохион байгуулсан гамшгийн аюулын зарлан мэдээлэх дохиогоор ажиллах дадлага сургуулийн үр дүн болон “Говийн чоно” дадлага сургуулилтын тухай мэдээллүүдийг сонсох юм. Мөн Япон улсын гамшгаас хамгаалах туршлагын талаар ярилцах ажээ.

Categories
мэдээ улс-төр

Оффишер данстай Монгол иргэдийг танилцуулж байна

“Panama Papers” –с илэрсэн оффишер данстай эрхмүүдийн дунд давхардсан тоогоор Монголын 49 хүн байгаа аж. Мөн Монгол нэртэй Өвөрмонголын иргэд байгаа бололтой. Австрали, Франц, Испани зэрэг орнууд оффишер данстай болох нь тогтоогдсон хүмүүст хариуцлага тооцох талаар ярьж байгаа аж. Ингээд оффишер данстай болох нь илрээд буй Монголын иргэдийг танилцуулж байна.

Та дээрх жагсаалтын илүү дэлгэрэнгүй мэдээллийг ICIJ (The International Consortium of Investigative Journalists) байгууллагын хуудсаар зочилж үзээрэй.

Categories
мэдээ улс-төр

Нийслэлийн төсөвт нэмэлт өөрчлөлт оруулахаар болжээ

Нийслэлийн ИТХ-ын Төлөөлөгчдийн хурлын ээлжит бус VII хуралдаан энэ сарын 12-нд хуралдана. Энэхүү хуралдаанаар “Хотын шуудын 2015 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай”, “Нийслэлийн 2016 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” асуудлыг хэлэлцэх байна.

Энэ оны орон нутгийн төсөвт 693.6 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр батлагдсанаас төсвийн гүйцэтгэлийн гуравдугаар сарын мэдээгээр 125.4 тэрбум төгрөгийн орлого төвлөрч, төсвийн орлогын төлөвлөгөө 2.1 тэрбум төгрөгөөр буюу 1.1 хувиар давж биелсэн дүнтэй байгаа аж. Хотын шуудын төсвийн орлого эхний 1 дүгээр улирлын байдлаар 2,0 тэрбум төгрөгөөр буюу 2,1 хувиар давж биелсэн хэдий ч бодит нөлөөллийг хасч тооцвол 6.0 тэрбум төгрөгөөр тасарсан дүнтэй байгаа бөгөөд цаашид ч тасалдлын хэмжээ нэмэгдэх хандлагатай байгаа юм байна. Иймд нийслэлийн 2016 оны төсвийн урсгал зардлуудад хэд хэдэн өөрчлөлт хийх шаардлагатай болжээ

Categories
мэдээ нийгэм

Цасан шуурга шуурах төлөвтэй учраас замд гарахгүй байхыг анхааруулав

Өнөөдөр төв, зүүн зүгийн нутгаар, бороо, 11-нд баруун болон төвийн нутаг, зүүн зүгийн нутгийн баруун хэсгээр, 12-нд нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орох бол 13-нд хойд болон баруун зүгийн нутгаар, 14-нд зам дагуу ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орж, салхины хурд 18-20 метр секунд хүрч хүчтэй салхи шуурахыг анхаарууллаа.

Мөн цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан зам даваа хаагдаж болзошгүй төлөвтэй байгааг Авто тээврийн үндэсний төвөөс сэрэмжлүүлж байна. Мөн Өмнөговь, Дундговийн нутаг, Төв, Хэнтийн өмнөд, Дорноговийн хойд хэсгээр салхи секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурга шуурах төлөвтэй байна.

Categories
мэдээ нийгэм

Дахин нэг загасчны цогцсыг олжээ

Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт багийн
“Буйр” нууранд дөрвөн
иргэн завьтай загасчилж явсан, хоёр нь нуурын усанд осолдож, хоёр нь
эргээс 300 метрт мөсөн
дээр байгаа тухай дуудлагаар (2016.04.24) мөсөн
дээр осгож нас барсан иргэн Б (27 настай, эрэгтэй)-ын цогцсыг
(2016.04.24) нуурын эрэг дээр гарган ажилласан. ОБЕГ-ын харъяа Аврах
тусгай анги, аймгийн Онцгой байдлын газар, Хилийн цэргийн ангийн албан хаагчид
орон нутгийн иргэдтэй хамтран (нийт 33 хүн, 17 техник хэрэгсэлтэйгээр)
ажиллаж, (2016.04.27) осолдсон иргэдийн завийг олсон. Тэгвэл өчигдөр
/2016.05.08/-ны өдөр
16 удаагийн шумбалт хийж иргэн Г (42 настай, эрэгтэй)-ын цогцсыг олж
гаргасан байна.

Усны мандал дээр эрэн хайх ажиллагаа үргэлжилж
байгаа бөгөөд усанд осолдож нас барсан иргэн Б (26 настай, эрэгтэй), М /41
настай, эрэгтэй) нарын цогцсыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Сонгуулийн тухай хуулиар УИХ-ын гишүүд, ИТХ-ын төлөөлөгчид хийсэн ажлаа хэвлэлээр тайлагнах бүрэн боломжтой

Сонгуулийн жил хэвлэл мэдээллийн хэрэгслийг
бүү хэл иргэдийг ч хувийн үзэл бодлоо илэрхийлэхийг хориглочих гээд байдаг тал бий.
Сонгуулийн тухай шинэ хуулиар бас л хэвлэл мэдээллийн хэрэгслээр янз бүрийн сурталчилгаа
явуулахыг хориглосон заалтууд нэлээн оржээ.

Тухайлбал тус хуулийн 70 дугаар зүйлд
хууль бус сурталчилгааг хориглох тухай заалт бий. 70.2 дугаарт “Аливаа этгээд санал
авах өдөр хүртэлх долоо хоногийн хугацаанд нам, нэр дэвшигчдийн талаар санал асуулга
явуулах, энэ төрлийн мэдээллийг бүх төрлийн мэдээллийн хэрэгсэл ашиглан нийтлэх,
тараахыг хориглоно” гэсэн бол 70.12-т “Нам, эвслийн дарга, түүнчлэн нэр дэвшигч
нь сонгуулийн сурталчилгаа эхэлсэн өдрөөс хойш санал хурааж дуустал сонгуулийн сурталчилгааны
бус бие даасан нэвтрүүлэг, хөтөлбөр, ярилцлагад орохыг хориглох бөгөөд сонгуулийн
сурталчилгаа эхлэхээс өмнө хийгдсэн аливаа нэвтрүүлэг, хөтөлбөр, ярилцлагыг нэвтрүүлэх,
нийтлэхийг мөн хориглоно” гэжээ. Харин 77 дугаар зүйл болох Сонгуулийн сурталчилгааны
хэвлэмэл материал хэвлүүлэх, тараах, хүргэх хэсгийн 77.2-т “Нэр дэвшигч буюу нэр
дэвшигчийн сонгуулийн штаб дараах хэлбэр, хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр сонгуулийн
сурталчилгааны хэвлэмэл материалыг сонгогчдод тараах эрхтэй: 77.2.1 гурван хэвлэлийн
хуудас сонин, 77.2.2 гурван хэвлэлийн хуудас сэтгүүл, 77.2.3 хоёр хэвлэлийн хуудас
ухуулах болон зурагт хуудас, 77.2.4 хоёр хэвлэлийн хуудас нэр дэвшигчийн намтар,
77.2.5 гурван хэвлэлийн хуудас хийсэн ажлын тайлан” гэжээ. Энэхүү заалтаар сонгуульд
нэр дэвшигчид сурталчилгааны хугацаанд хязгаарлагдмал байдлаар олон нийтэд мэдээлэл
түгээхээр байна. Гэвч эдгээр заалт зөвхөн бие даан нэр дэвшигч болон УИХ-д анх удаа
сонгогдох гэж буй хүмүүст хамааралтай болж байгаа юм. Энэ нь тус хуулийн 77.13 дахь
заалтаар тодорхой харагдаж байна.

Уг заалтад “Улсын Их Хурлын гишүүн, Ерөнхийлөгч,
орон нутгийн хурлын төлөөлөгч нэр дэвшиж байгаа тохиолдолд тэдгээрийн хийсэн ажлын
тайлан сонгуулийн сурталчилгааны материалын хэмжээнд тооцогдохгүй” гэсэн байна.
Нэг үгээр хэлбэл УИХ-ын сонгуульд дахин нэр дэвшиж байгаа одоогийн их хурлын гишүүд,
иргэдийн хурлын төлөөлөгчид өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд улс эх орон болоод
тойрогтоо ямар ажил хийж, юу бүтээснээ хүссэнээрээ тайлагнаж болох нь. Энэхүү заалтаар
УИХ-ын гишүүд болон ИТХ-ын төлөөлөгчид сониноор өөрсдийн хийсэн ажлаа тайлагнах
бүрэн боломжтой болж байгаа юм. Сонинд ч давуу тал олон. Тухайлбал, сонгогч олон
мэдээллийн хэрэгслүүд дундаас сонинд илүү итгэдэг. Доторх мэдээлэл нь ч хүнд хүрэхдээ
хурдан.

Мөн олон хувиар хэвлэж нийтэд тараахад хялбар. Тиймээс Сонгуулийн тухай
хуулиар бүгд хязгаарлаг дчихсан гэж ойлгож болохгүй нь. Бас ч гэж сонгогч олны итгэлийг
хүлээж сонгогдсон хүмүүс юу хийснээ тэдэнд тайлагнах нь нэг талаасаа үүрэг юм. Тэднээс
ч хийсэн зүйлийг нь лавлаж тодруулах нь сонгогчдын эрхийн асуудал болж таарна. Тэгэхээр
УИХ-ын гишүүд болон ИТХ-ын төлөөлөгчид сонгогдсон хугацаандаа ямар ажил хийснээ
сониноор дамжуулан тайлагнаад байж дээ.

Categories
мэдээ цаг-үе

М.Анхцэцэг: Мундаг ах, эгч нартай хамт эх орноо төлөөлөн олимпод орно гэж бодохоор гоё санагдаж байна

Узбекстанд болсон Азийн аварга шалгаруулах хүндийг өргөлтийн тэмцээнээс Мөнхжанцангийн Анхцэцэг алтан медаль хүртсэн билээ. Энэхүү тэмцээн нь олимпийн эрх олгохоороо онцлог байлаа. М.Анхцэцэг эмэгтэйчүүдийн 75 кг-д аваргалсан бөгөөд Рио2016 зуны олимпийн наадамд оролцох эрхтэй болоод байна. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэж байна.

-Юуны өмнө баяр хүргэе.Азийн аварга болоод зогсохгүй олимпийн эрх өвөртөлчихлөө. Их догдолж байна уу?

-Баярлалаа. Үнэхээр сайхан байдаг юм байна. “Рио-2016” зуны олимпийн наадамд мундаг тамирчин ах, эгч нартай хамт эх орноо төлөөлөн оролцоно гэж бодохоор үнэхээр гоё санагдаж байна. Намайг сая тэмцээнээс ирэхэд онгоцны буудал дээр гэр бүлийнхэн, найз нөхөд гээд олон хүн маш сайхан угтаж авсан. Одоо болтол гар утсанд баярын мессэж ирсээр л байна.

-Олимпийн эрх олгоно гэдэг утгаараа энэ удаагийн тэмцээний оролцогчид хүчтэй байв уу?

-Тэгэлгүй яахав. Оролцсон тамирчин болгон л олимпийн эрх авах зорилготой. Өрсөлдөөн үнэхээр ширүүн өрнөлөө. Миний хувьд бэлтгэл сайн хангагдсан байсан учраас эмээгээд байх зүйл байсангүй. Өөртөө итгэлтэй байсан болоод ч тэр үү, сэтгэл зүйн хувьд тайван байлаа. Би огцом шахалтаар 112, түлхэлттэй өргөлтөөр 132, нийлбэрээр 244 кг өргөсөн. Ингэснээр Монголын анхны эмэгтэй туйванч болж чадлаа. Мөн энэ тэмцээнд манай хүндийг өргөлтийн эмэгтэйчүүд багаараа IV байрт шалгарч олимпийн нэг эрх авч чадлаа.

-Азийн аварга шалгаруулах тэмцээнд хэд дэх удаагаа оролцож байна вэ?

-Насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд гурав, өсвөр үе, залуучуудтай нийлээд долоо дахь удаагаа оролцож байна. Энэ жилийн хувьд өөрийнхөө 69 кг-ын жинд биш жин ахиж 75 кг-ын жинд оролцсон байгаа.

-75 кг-д монголын тамирчин Б.Энхтамиртай хамт өрсөлдсөн. Нутгийнхаа тамирчинтай өрсөлдөхөд юу бодогдож байв?

-Нэг нэгнийхээ оролтыг харж чадахгүй, алдчих вий дээ гэж санаа зовсон.Бусдаар бол нэг их хүнд зүйл байгаагүй.

-Олимпод 75 кг-ын жиндээ үзэх үү?

-Үгүй ээ. Өөрийн үндсэн жин 69 кг-ын жинд оролцоно.

-Олимпийн бэлтгэлээ хэзээнээс хийх гэж байна?

-Өнөөдрөөс (өчигдрөөс) бэлтгэлдээ орсон. Багштайгаа ярьж байгаад бэлтгэлээ сайн хангахыг хүсч байна.

-Өөрийн тань үндсэн жинд аль орны тамирчин илүү хүчтэй бол?

-Азийн аварга, дэлхийн аварга, дэлхийн цомын тэмцээнд олон удаа орж байсан учраас ерөнхийдөө тамирчдаа гадарлана. Өөрийнхөө хэмжээнд судалгаа хийсэн. 69 кг-ын жинд Хятад, Хойд Солонгосын тамирчид хүчтэй өрсөлдөгчид. Дэлхийн хүндийг өргөлтийн тамирчдыг амжилтаар нь тоон үзүүлэлтээр жагсаасан судалгаа байдаг.Түүнээс харж байгаад аль нь илүү оноотой, хүчтэй өрсөлдөгч болж байна гэдгийг харчихдаг.

-Дэлхийн цомын тэмцээний үеэр бага зэрэг бэлтгэл авсан гэсэн. Бэртэл бүрэн эдгэрсэн үү?

-Өнгөрсөн арванхоёрдугаар сард Италид болсон дэлхийн цомын тэмцээний үеэр бэртэл авсан байсан. Сая тэмцээний өмнөхөн эдгэрч бэлтгэлдээ ороод байсан юм. Бүрэн эдгэрсэн байгаа.

-Хаанаа бэртэл авсан байсан юм бэ?

-Тохойндоо. Одоо бол эдгэрсэн.

-Хүндийн өргөлтийн спортоор хэчнээн жил хичээллэж байна вэ?

-Би 11 настайгаасаа хүндийг өргөлтөөр хичээллэсэн. Анхны багшийг маань Цэрэнням гэдэг. Харин ОУХМ Ц.Хосбаяр багшийн удирдлага дор гурван жил хичээллэж байна. Мөн Чинзориг, Чулуунпүрэв багш заавар зөвлөгөө өгч байна.

-Улсын рекордыг 60 гаруй удаа шинэчилсэн байдаг юм билээ. Өнгөрсөн хугацаанд хүндийг өргөлтийн төрөлд гаргасан амжилтаасаа хуваалцахгүй юу?

-Тийм ээ. Улсын рекордыг яг 63 удаа шинэчилсэн байдаг. Мөн Азийн өсвөрийн рекорд миний нэр дээр явдаг. ДАШТ-д 2014 онд анх удаа оролцон огцмоор 107, түлхэлттэй өргөлтөөр 124 кг өргөж, X байрт шалгарсан. Энэ амжилтаараа гавьяат тамирчин Н.Баярмаа эгчийн эзэмшиж байсан огцом өргөлтийн амжилтыг эвдэн, улсын рекордыг шинэчилж байсан. 2015 онд ДАШТ-д огцмоор 110, түлхэлттэй өргөлтөөр 133 кг шахаж, VIII байрт шалгарсан. Амжилтаараа дэлхийн чансааг тэргүүлж буй шилдэг найман тамирчин урилгаар оролцдог Дэлхийн цомд оролцож 112 кг өргөж, IV байрт шалгарсан байгаа.

-Олон улсын хэмжээний мастер цолыг хэдэн настайдаа хүртсэн бэ?

-Би 2009 онд спортын дэд мастер, 2010 онд спортын мастер, 2011 онд олон улсын хэмжээний мастер цолыг хүртсэн. Олон улсын хэмжээний мастер цолыг 13 настайдаа хүртсэн.

-Одоо хэдэн настай вэ?

-18 настай.

-Аль Ерөнхий боловсролын сургуулийг дүүргэсэн бэ?

-Нисэхийн 114 дүгээр сургуулийг төгссөн.

-Одоо сурч байна уу?

-Монголын үндэсний их сургуульд хуульч, эрх зүйч мэргэжлээр сурч байгаа. Энэ жил хоёрдугаар курс.

-Яагаад заавал хүндийг өргөлтийн спортыг онцолж хичээллэх болов. Ялангуяа эмэгтэй хүүхэд хичээллэхэд хүнд спорт шүү дээ?

-Миний сонирхол л юм байлгүй. Уг нь манай аав, ээж цэргийн хүмүүс. Миний хувьд зурагтаар хүндийг өргөлтийн тэмцээн үзэх их дуртай байсан. Тэгээд л би Монгол Улсынхаа нэрийг дэлхийд цуурайтуулсан мундаг тамирчин болно гэж мөрөөддөг болсон. Миний мөрөөдлийг дэмжиж энэ бүх боломжийг нээж өгч байгаа ЭМСЯ, МҮОХ, МХӨХ-ны удирдлагууд, “Алдар” спорт хороо, “Ёкохома”, “Сувинер хаус”, “Үнэн анд”, “Есүүдийн Батууд”, “Монгол жонш”, “Солонго орд”, “Хүннү Эйр”, үндэсний шигшээ багийн хамт олондоо баярлалаа. Мөн хүндийг өргөлтийн спортыг сонирхдог, дэмждэг бүх хүнд баярлаж явдгаа хэлмээр байна.

Categories
мэдээ цаг-үе

Архустын эмнэлгийн нам даралтын зуух дэлбэрч, хүүгээ сахиж байсан ээж амиа алдлаа (II)

-ХОЁР ГАЛЧИЙН БУРУУГААС БОЛЖ ЭМНЭЛЭГ ДЭЛБЭРСЭН ГЭВ-

Түрүүч нь 103, 104 (5368, 5369) дугаарт

Халгамаар хэцүү байна лээ, Ц.Ням-Оргилын гэрт очиход. Гурван настай хүү нь “Би ээж дээрээ очмоор байна” гээд өдөр бүр ааваасаа ээжийгээ нэхээд уйлах юм. Амьдралын хатуу хөтүүг ойлгох нь битгий хэл дөнгөж хэлд орсон ангаахай бяцхан хүүдээ ээжийнх нь талаар юу гэж хэлэх учраа олохгүй доошоо хараад суух аавд нь бүр ч хэцүү байгаа. Ц.Ням-Оргил “Сумын эмнэлэг нам даралтын зуухаа дотроо байрлуулаагүй байсан бол өдийд сайхан хань минь амьд мэнд байх байсан юм. Хүүхдээ эрүүл саруул болгох гэж эмнэлэгт хэвтүүлсэн болохоос ээжийг нь байшингийн нурангид даруулах гэж явуулаагүй. Би гомдолтой байна” гэж хоолой зангируулан ярьсан. Эхнэрээ харамсалтайгаар алдсан түүнээс бид ослын талаар асууж зүрхэлсэнгүй.

“Эмнэлгийн ажилтнууд дэлбэрэлт болох үед бүгд ажлынхаа байран дээр байгаагүй”

Харин эгч Ц.Нарангэрэлээс дэлбэрэлтийн талаар цөөн асуултад хариулт авлаа.

-Хүүхдийн биеийн байдал ямар байгаа вэ?

-Хүнд байгаа. Гавлын яс зүүн талаасаа цуурсан. Нүдний ухархай хугарсан, эрүү, нуруундаа гэмтэл авсан байна лээ. Ээжийнхээ мөөмнөөс ч гараагүй байсан юм. Бэр дүү маань төрөөд удаагүй байгаа. Эмнэлэгт очоод дүүг маань сахиж байна. Удахгүй бие нь сайжирч, эрүүл саруул болох байх гэж найдаад л сууж байна.

-Эмнэлгийн нам даралтын зуух юунаас болж дэлбэрсэн юм бол. Танд энэ талаар мэдээлэл өгөх боломж байна уу?

-Аав, ээж минь биднийг хар бага байхаас шударга бай гэж захиж сургаж, хүмүүжүүлж ирсэн. Тиймээс болж өнгөрсөн бүгдийг үнэн шударгаар хэлнэ. Миний бие Архуст сумын Соёлын төвийн эрхлэгчээр ажилладаг. Сумынхаа соёлын төвд ажилд ороод долоон жил болж байгаа. Манай байгууллага мөн л нам даралтын зухаар халдаг. Дөрвөн галч ээлж ээлжээр гардаг юм. Би галч нартаа хэд хэдэн зүйлийг байнга сануулж хэлж, ажлын хамгийн чухал мөрдлөг болгосон. “Та нар ажил дээрээ гарах болгондоо нам даралтын зуухны тогоогоо дүүрэн устай байлга. Галлагаа хийхдээ 60-70 хэмийн дулаантай байлга. Халууныг 60 хэмээс доош буулгах юм бол өвлийн улиралд шугам, паар хөлдөнө. Харин 70-аас дээш хэмийн халуунтай байлгах юм бол нам даралтын зуухны тогоо улайсаад дэлбэрнэ. Үүнийг анхаарч ажилла” гэсэн үүрэг даалгавар байнга өгсөөр ирсэн. Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн аюулгүй байдлын зааварчилгаа байнга өгдөг юм. Мөн ажлын ээлж хүлээлцэх болгондоо хэдэн хэмийн халуунтай байсан. Хаанаас хий авсан талаараа тэмдэглэл хөтөлж ажил хүлээлцэж гарын үсэг зурж баталгаажуулдаг. . Хэрэв тэнд эвдрэл гарсан гэвэл нийлээд засч янзалдаг. Манай сумын эмнэлгийн үйл ажиллагаа сүүлийн үед илтэд сайжирсан. Хөдөлмөрийн аюулгүй байдлын зааварчилгааг ажилтнууддаа надтай адилхан л өгдөг байсан. Нам даралтын зуухны тогоонд эвдрэл гарлаа гэхэд сигнал, дуут дохио өгдөг. Усны халуун дулааны хэмжүүр хүртэл байдаг. Юунаас болж дэлбэрэлт болсон бэ гэдэг нь тодорхой байгаа. Тухайн үед нам даралтын зуухны чайяны ус нь дундарчихсан байсан юм байна лээ. Чайяны ус нь дундарч, бага устай болохоор тогоонд байгаа ус гүйцэд эргэхгүй, даралтаар ирэх ус дутуу шахагдаад байхаар аль нэг шугамын хэсэгт хий хуримтлагдчихдаг. Шугамын ихэнх нь хийгээр дүүрэхээр дэлбэрэлт үүсдэг юм. Шуудхан хэлэхэд миний дүүгийн үхэлд дэлбэрэлт болохын өмнөх орой гарсан галч, тухайн үед гарч байсан галч залуу шууд буруутай. Яагаад тэгж хэлж байна вэ гэхээр Т.Алтанхуяг гэх галч залуу ажил хүлээж авахдаа тогоонд байгаа ус ямар хэмжээтэй байсан, хэдэн хэмтэй байсан бэ гэдгийг огт мэдээгүй байна лээ. Эмнэлгийн дарга нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас чөлөө аваад гадаад руу явснаас хойш ажил хүлээлцэх тэмдэглэл огт хөтлөөгүй байсан. Халаах тогоонд хэр ус байгааг огт мэдэхгүй Т.Алтанхуяг зуухандаа их хэмжээний нүүрс хийчихээд гараад явчихсан байсан. Тэгээд ус багатайгаас болж хийгээр дүүрээд дэлбэрэлт болсны дараа ажил дээрээ эргэж ирсэн байгаа юм. Энэ бүгдэд хоёр галч буруутай гэж үзэж байна. Тэдний ажилдаа хайнга хандаж, аюулгүй ажиллагааны дүрэм зөрчсөнөөс болж дэлбэрэлт болж, дүү маань амиа алдсан гэдгийг дахин хэлмээр байна.

-Эмнэлгийн ажилтнууд дэлбэрэлт болох үед ажлынхаа байран дээр байгаагүй гэх мэдээлэл байна лээ. Энэ талаар сонссон уу?

-Эмнэлгийн галч залуу ажлынхаа байран дээр байгаагүй нь бүх зүйлээр тодорхой байгаа. Нам даралтын зуухны чайяны ус дундарч багасах үед ёнгинож дуугардаг. Дуут дохио маш чанга дуугардаг. Үүний дараа паарнуудад чичрэлт өгч байгаад дэлбэрдэг. Тэгэхээр галч ажлынхаа байран дээр байгаагүй. Хэрэв ажил дээрээ байсан бол нам даралтын зуух дэлбэрэх гээд дуут дохио өгч байхад сонсохгүй байна гэж байхгүй. Мөн албан газруудад осол аваарын үед хэрхэн ажиллах нарийн заавар зөвлөгөө бүхий төлөвлөгөө гаргадаг. Үүнийг нь сумын Засаг дарга гарын үсэг зурж баталгаажуулдаг. Галч ажлын байрандаа байсан бол дэлбэрэлт болох шинж тэмдэг илэрсэн үед бүх хүнийг эмнэлгээс гаргах арга хэмжээ авах ёстой. Гэтэл үүнийг огт мөрдөөгүй нь шууд харагдаж байгаа. Мөн тухайн өдрийн ээлжийн ахлах сувилагч, асрагч нар байгаагүй. Дэлбэрэлт болсны дараа “Ойрхон явчихаад ирэхэд ийм зүйл болчихлоо” гээд зогсож байсан гэсэн. Галч залуу дүүгийн маань хүүхдийн амь насыг аварсан гэж сумаар яригдаж байгаа юм байна лээ. Тэр худлаа шүү гэдгийг хэлмээр байна. Тэр үед эмнэлэгт явж байсан жирэмсэн эмэгтэй хүүхдийн амь насыг аварсан байсан. Эмнэлгийн зүүн захаас баруун захад очиж аварсан гэсэн. Эхний тэсрэлтийн дуунаар очиж хүүхдийг аварсан. Дахиж тэсрэх үед барилгын таазны хавтан доош тэр чигтээ нурсан байсан. Тэгээд талийгаач маань дарагдчихсан юм билээ. Нам даралтын зуух дэлбэрч, гурван өрөөний ханыг бүхэлд нь цөм цохиж нураасан байсан. Тэгэхээр ямар хүчтэй дэлбэрсэн нь харагдаж байна.

-Та нарт дэлбэрэлт болсон гэдгийг анх хэн хэлсэн бэ?

-Эмнэлгийн эх баригч над руу утасдаж хэлсэн. Тэр үед 21:05 цаг болж байсан. “Та эмнэлэг дээр яаралтай хүрээд ир. Ням-Оргил, Мөнхтүшиг эгч нарыг дуудаарай гэж хэлээд л утсаа салгасан. Нөхөр бид хоёр “Хүүхдийнх нь бие муудлаа гэж хоорондоо ярилцаад ирсэн. Тэгсэн эмнэлгийн гадаа бөөн машин болчихсон, цагдаа нар хамгаалалтад авчихсан байсан. Бидэнд “Дэлбэрэлт болсон. Хүүхэд нь зүгээр байгаа. Ээж нь нас барчихлаа” гэж хэлсэн. Тэнд байсан хүмүүс дэлбэрсэн газарт талийгаач дүүг маань дараатай байгаа гэсэн ойлголтыг өгсөн. Гэтэл аль хэдийнэ талийгаач дүүгийн маань цогцсыг гаргаад ирчихсэн. Хүлээн авахын өрөөнд аваачиж цус, шороог нь бүрэн цэвэрлээд тавьчихсан байсан. Маш богино хугацаанд энэ ажлыг эмнэлгийн ажилтнууд хийсэн байгаа юм. Бидэнд яагаад цогцос нь барилга доор дараатай байгаа гэж ойлгуулсан, цаг алдаж мэдээлэл өгсөн гэдгийг ойлгохгүй байна гэв.

Архуст сумын цэцэрлэг, сургууль, дотуур байр нам даралтын зуухаа барилга дотроо байрлуулжээ

Архуст сумын цэцэрлэг, сургууль, Засаг даргын тамгын газар гээд бүх төрийн байгууллага барилга дотроо нам даралтын зуухыг суурилуулсан байх аж. 50 гаруй хүүхэдтэй цэцэрлэгийн нэгдүгээр давхарт нам даралтын зуух байрлаж байх жишээтэй. Гэтэл хоёрдугаар давхарт буюу яг дээд талд ахлах ангийн арав гаруй хүүхэдтэй анги байх юм. Ерөнхий боловсролын дунд сургууль гэхэд спорт заалтайгаа залгаад нам даралтын зуух байршуулаад олон жил болж байгаа гэнэ. Сургуулийн дотуур байрны хөндлөн модон барилга мөн л нэг өрөөндөө нам даралтын зуухтай юм байна. Засаг даргын Тамгын газар ч ялгаагүй, байшингийнхаа урд талд наалдуулаад жижигхэн амбаар бариад уурын зуухаа барьчихсан байна. Нам даралтын зуух дэлбэрч, олон хүн амиа алдахгүй гэсэн баталгаа байхгүй юм билээ. Зөвхөн Архуст сум гэлтгүй Монгол Улсын 300 гаруй сум, нийслэлийн хэдэн мянган айл өрх нам даралтын зуухаа ингэж байршуулчихсан байдаг юм байна. “Тэсрэх бөмбөг” байршуулчихаад юу ч болоогүй юм шиг олон жилийн нүүрийг үзжээ. Нийслэлд олон айлын нам даралтын зуух дэлбэрч, хүний амь нас нь хохирсон байдаг юм байна. Холбогдох газрууд үүнд огт анхаарлаа хандуулахгүй байсаар өдий хүрчээ. Нам даралтын зуух гэх “тэсрэх бөмбөг”-ийг ямар нэгэн хяналтгүйгээр энд тэдгүй байршуулчихсан. Хаана ч хэдийд ч тэсэрч дэлбэрч, хүний аминд хүрэхийг мэдэхгүй байгааг Онцгой байдал, мэргэжлийн хяналтын эх сурвалжууд хэлж байв. Нам даралтын зуухыг стандартыг баталж, албан газруудаас тусад нь барилга барьж байршуулах шаардлагатай байгааг ч онцолж байсан.

Ц.Ням-Оргил гэх 24 настай залуу гурван жилийн өмнө ногоон дэнж дээр шинэ гэрээ барьж, айл гэр болсон гэнэ. Тэд сайхан амьдралыг цогцлоон бүтээх гэж зорьж, тэмүүлж байжээ. Гараасаа хөтлөх хоёр ч сайхан хүүтэй болсон байна. Гэвч сумын эмнэлгийн зуух дэлбэрч, эхнэр нь харамсалтайгаар амиа алджээ. Жаахан хоёр хүү ээжгүй болон өнчирч, эр нөхөр нь залуухан эхнэрээсээ хагацсан байна. Талийгаач М.Отгонсүрэн хамгийн сүүлд эмнэлэгт хэвтэхээр гэрээсээ гарахдаа том хүүгээ үнсээд нөхөртөө “Удахгүй хүүгээ эрүүл болгочихоод эргээд ирнэ. Чи харин хүүгээ сайн харж байгаарай. Сумын төвийнхөн бид хоёрт хоол цай зөөж өгнө байх. Санаа битгий зовоорой ” гэж хэлээд гарсан гэсэн.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хүн үзэл бодлоо сонгуулийн үеэр илэрхийлэх нь чухал, бусад үед нь үр дүнгүй шүү дээ

Ойрын үед Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газар /ШӨХТГ/-аас сүрхий, сүртэй мэдээлэл хийдэг боллоо. Тэр нь сонгуультай холбоотой. Иргэн хүн хэвлэл мэдээллийн хэрэгслээр үзэл бодлоо илэрхийлж, үг хэлж, үнэлэлт дүгнэлт өгвөл тэр нь Сонгуулийн тухай хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл болох гэнэ. Харин иргэд тэгж үзэхгүй байгаа юм байна. Харин ч эсрэгээрээ Үндсэн хуульд заасан “Хүн итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх” эрхийг маань ноцтой зөрчиж байна гэж үзжээ. Иргэд сонгогчдын байр суурь ийм байтал ШӨХТГ-аас бүр цааш ахиж Сонгуулийн хууль зөрчиж иргэдийн үзэл бодол, үнэлэлт дүгнэлтийг дамжуулбал хэвлэл мэдээллийн байгууллагуудад хуулийн хатуу хариуцлага хүлээлгэнэ гэж заналхийлжээ. Хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг цуцлах юм байна. Одоогоор хэвлэл мэдээлийн зургаан ч байгууллага үйл ажиллагаагаа зогсоох нөхцөлийг хангасан гэнэ. Дахиад нэг л зөрчил гаргавал эдгээр байгууллагуудын амийг тэр дор нь тасална гэдгээ тус газраас албан ёсоор мэдэгдлээ.

Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйл, 70.1,6-д ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал хурааж дуустал аливаа этгээд сонгогчдын саналыг татах зорилгоор “хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орон зай, мессэж ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт зохион байгуулах, бусдыг гүтгэн доромжлох, хуурамч мэдээлэл тараахыг хориглоно”, 70 дугаар зүйл, 70.7-д “аливаа хэвлэл мэдээллийн байгууллага сонгуулийн сурталчилгааны үеэр сонгуульд оролцогч аль нэг талын талаар бүх төрлийн мэдээ, мэдээлэл гаргах, гаргахгүй байхаар амлалт авах, гэрээ байгуулахыг хориглоно” гэж заажээ. Тэгэхээр ийм заалтууд байх нь байна. Үүнийг юунаас үндэслэж шалгаж тогтоох, баталгаажуулах вэ гэвэл Сонгуулийн ерөнхий хороо болон иргэдээс ирсэн гомдол, санал ШӨХТГ-т хандах бүрт шалгаж тогтоох юм байна. Хэн нэгэн Бат юм уу, Дорж гуай сонин, телевизээр наад зах нь дэмжиж явдаг улстөрчийнхөө тухай ярих, хийсэн ажлыг нь бусдад үлгэр болгон ярих зэргээр санаандгүй үйлдэл хийхэд тэр нь Сонгуулийн хууль зөрчсөн болох нь. Дамжуулсан хэвлэл мэдээллийн байгууллага нь хаалгаа барих нь. Батын ярьсныг бас нэг сайн дурын уран сайхан ч Дулмаа Сонгуулийн ерөнхий хороонд матахад тэгээд л хууль зөрчсөн болох нь. Ийм л үр дагавартай, урхагтай хуулийн заалтыг ШӨХТГ-аас сүрхий хэрэгжүүлэх гээд байгаа юм байна.

Гэтэл энэ нь Үндсэн хууль болон Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг зөрчсөн үйлдэл болчихоод байгаа юм биш үү. Монгол улсын Үндсэн хуулийн 16.16-д “Итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх” эрхийг хүний эрх, эрх чөлөөний гол цөм нь гэж үзнэ. Итгэл үнэмшилтэй байж үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх үндсэн арга нь үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал цуглаан хийх эрх чөлөө юм гэж тодорхой заажээ. Ингэхээр Сонгуулийн тухай хуулийн 70.7 дахь заалт нь Үндсэн хуулийн 16.16 дахь суурь заалтыг давсан болчихож байгаа юм. Монголд хуулиасаа давсан зарим нэг дүрэм журам үйлчилж байсан шиг Үндсэн хуулиасаа давсан хууль гаргаж, түүнийг нь хэрэгжүүлэх гээд ШӨХТГ-ын хүүхдүүд гүйлдэж, учраа мэдэхгүй хэвлэлийн бага хурал зарлаж сүржигнээд байгаа юм биш биз. Угтаа өнөөдөр ШӨХТГ-ын заналхийллээр бол хууль зөрчсөн гэх хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэн шорон гянданд хоригдож, үйл ажиллагааныхаа лицензийг цуцлуулж, сөнөх болчихоод байгаа юм. Тэгэхээр энэ заалт нь үнэхээр хуульд байгаад, түүгээр нь хэн нэг иргэн Үндсэн хуулийн Цэцэд хандахад Сонгуулийн хууль тэгээд дуусах юм байна лээ.

Ер нь тэгээд хувь хүний үзэл бодлоо илэрхийлэх, зайлшгүй шаардлагатай цаг үе нь хэзээ тохиодог юм бэ? Тэгвэл тийм боломжит, ухамсартай цаг үе нь сонгуулийн үе шүү дээ. Ардчилсан нийгмийн хувь хүнд олгож байгаа хамгийн дээд эрх бол сонгох сонгогдох эрх, сонгуулийн үеэр үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлж, хэвлэн нийтэлж, хэн нэгнийг дэмжиж, тэр бүхнээ түгээн дэлгэрүүлэх үйл явц юм. Дөрвөн жилд нэг удаа улс орноо, ард түмнээ удирдан чиглүүлэх төр засгаа сонгох түүхэн мөч бол сонгуулийн үе юм. Ийм л үед иргэн хүн үзэл бодлоо нийгэмд хүргэх нь хамгийн чухал юм. Бусад үед нь хэчнээн хашгираад яах юм бэ. Ямар ч үр дүн, ач холбогдолгүй шүү дээ. Сонгуулийн бус үед бол зүгээр л өмнөх ажлаа амжуулаад, үүрэгт ажлаа хийгээд явж байх цаг хугацаа. Тэртээ тэргүй бидний сонгосон хүмүүс төр улсаа засаглаад явна, төлөөллийн ардчилал ажиллана. Ийм хариуцлагатай сонголт хийх, хүн бүр үзэл бодлоо хэлэх, хэвлэн нийтлэх, итгэл үнэмшлээ түгээн дэлгэрүүлэх ёстой сонгуулийн цаг мөчид бид бүгдийн амыг барьж, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг хуулийн заалтаар заналхийлж, ШӨХТГ хэмээх нийгэмд шударга харилцаа тогтоох ёстой байгууллагаар байсхийгээд л сүртэй мэдээлэл хийлгэж байгаа нь дэндүү утгагүй байна.

Иймэрхүү утгагүй, хүний эрхийг бүдүүлгээр зөрчсөн үйлдлүүд Монголын нийгэмд хэрээс хэтэрч байна. Төрийн зүгээс хийж буй нэг үйлдэл нь нөгөөтэйгөө үргэлж зөрчилдөх болсон. Өнөөдөр сонгуулийн ирцийг яаж бүрдүүлэх, 51 хувьд хүргэх тухай ярьж байна. Учир нь өнгөрсөн хугацаанд явагдсан бүх сонгуулийн ирц дандаа хасах руу явсан. Хамгийн сүүлд буюу 2013 онд болсон Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн ирц санал хаахаас хэдхэн минутын өмнө хүрэхгүй байгаад санал хураалт хаахтай зэрэгцэн чүүтэй чаатай 50,23 хувьд хүрснээр нэг юм хүчинтэйд тооцсон. Энэ хандлага ирэх сонгуулиар ямар байхыг хэлж мэдэхгүй. Ийм байгаагийн үндсэн шалтгаан ч тодорхой харагддаг. Жишээ нь хүүхдийг сонгуульд оролцуулдаггүй, санал өгүүлдэггүй. Сонгуульд санал өгнө гэдэг чинь бузар муу явдал юм уу. Хүүхэд хол байх ёстой халдварт өвчин эмгэг юм уу. Харин ч хар багаас нь төр засгаа сонгох сонгуульд оролцдог дадалд сургах ёстой, ардчилсан нийгэмд амьдарч буй чиний хамгийн үнэт зүйл чинь энэ гэсэн төлөвшлийг суулгаж өгөх ёстой юм. Ингэж төр засгаа дээдэлсэн үзэл суртал, амьдралын хэв маягийг хүүхдэд багаас нь суулгаж өгдөггүйгээс өнөөдөр сонгуулиар саналаа өгдөг залуу үегүй болоод байна. Энэ бол эмгэнэл. Хатуу үнэнийг хэлэхэд өнгөрсөн бүх сонгуулийн саналын ирцийг хуучин нийгэмд төлөвшсөн үеийнхний хариуцлагатай байдал бүрдүүлж ирсэн. Энэ мэт Үндсэн хуультайгаа зөрчилдсөн Сонгуулийн тухай хууль, бүхэл бүтэн нэгэн шинэ үеийнхэн сонгуульд оролцохоо байсан үйл явц гэхчилэн эргэж харах ёстой, зарчмаар нь явуулах ёстой тулгамдсан асуудлууд их байна даа.