Categories
мэдээ улс-төр

Хог хаягдлын тухай хуулийг хэлэлцэхийг дэвжив

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан өнөөдөр болж гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Энэхүү хуралдаанаар Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэв.Хүн амын өсөлт, хотжилт, үйлдвэржилтийн нөлөөгөөр хог хаягдлын хэмжээ жилд дунджаар 500 мянган тонноор нэмэгдэхийн зэрэгцээ төрөл, бүтцийн хувьд ч өөрчлөгдөх болсон.Тухайлбал, 2009 онд улсын хэмжээнд 820 мянган тонн хог хаягдал гарч байсан бол 2014 онд 2.4 сая тонн болж, даруй 3 дахин нэмэгджээ.

Япон улсын ЖАЙКА байгууллагаас хийсэн судалгаагаар хотын нэг хүн өдөрт 0.535-0.900 кг хог гаргадаг гэсэн тооцоо байдаг. Улаанбаатар хотын хувьд нийт гарч байгаа хог хаягдлын 75 хувийг эрх бүхий хог тээврийн компани цуглуулан, тээвэрлэдэг бол 15 орчим хувийг нь иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд өөрсдөө тээвэрлэн хогийн цэгт хүргэдэг байна. Харин хог хаягдлын 5-10 хувь нь цуглуулагдаж чадахгүй ил задгай хаягдаж байгаа аж. Үүнээс гадна хуучин автотээврийн хэрэгсэл, сэлбэг, тос, тослох материал, дугуйг их хэмжээгээр импортолж байгаа болон цахим, цахилгаан хэрэгслийн хаягдал нь аюултай хог хаягдлын хэмжээг жилээс жилд нэмэгдүүлж байна. Хуулийн төсөлд аюултай хог хаягдлыг савлах, түр хадгалах, тээвэрлэх, устгах, хадгалах цуглуулах, дахин боловсруулах үйл ажиллагаа эрхлэх болон байгууламжийн байршилд тавигдах шаардлага, үйл ажиллагаа эрхлэгчийг бүртгэн зөвшөөрөл олгох, хяналт шинжилгээ хийх, тайлагнах зэрэг аюултай хог хаягдлын менежменттэй холбоотой зохицуулалтыг шинээр оруулсан байна. Мөн хог хаягдлын төлбөр, хураамжийг тооцоход “Бохирдуулагч нь төлөх” зарчмыг баримтлах, үйлдвэрлэсэн болон импортолсон зарим бараа бүтээгдэхүүний хэрэглээнээс үүсэх хаягдал, сав баглаа боодлыг эргүүлэн татаж цуглуулах, дахин ашиглах, дахин боловсруулах асуудлыг үйлдвэрлэгч болон импортлогч нь өөрсдөө хариуцаж байхаар хуулийн төсөлд шинээр тусгажээ. Ингээд хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулсныг 81.8 хувийн саналаар дэмжив.

Categories
мэдээ улс-төр

Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар одоохондоо МАХН-ын гишүүн гэв

МАХН-ын Хяналт, ёс зүйн хороо өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр тус хорооны дарга Г.Давааням УИХ-ын гишүүн Ч.Улаан Д.Тэрбишдагва нарыг МАХН-аас гарч байгаа гэдгийг хэлсэн юм. Мөн Шударга ёс эвслийн бүлгээс гарч буйгаа мэдэгдээд 10 шахам хоносон гэдгийг дурдаад Ч.Улаан Д.Тэрбишдагва нар нь МАХН-аас албан ёсоор чөлөөлөгдөөгүй гэсэн юм. Учир нь намын дотоод дүрэмдээ МАХН-ын гишүүнээс гарах хүсэлтийг харьяалагдах намын анхан шатны байгууллагад бичгээр мэдэгдсэнээр намын гишүүний бүртгэлээс хасагдсанд тооцдог байна. Түүнчлэн Д.Тэрбишдагва Ч.Улаан нар МАХН-ын бага чуулганаар сонгогдсон гишүүд учраас намын бага чуулганаар тэднийг бага чуулганы гишүүнээс чөлөөлөх хүртэл МАХН-ын бага чуулганы гишүүн хэвээрээ байгаа аж. Тиймээс хэрвээ намаасаа гарахаар бол дээрх дарааллын дагуу шийдэгдэх байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ж.Энхжаргал: Дэлхийд эрдэс баялгийн үнэ унаж, харин ХАА-н бүтээгдэхүүний үнэ тогтмол өсч байгаа

“Халх гол” төслийн захирал Ж.Энхжаргалтай ярилцлаа.

-Хөдөө аж ахуйн “Халх гол” чөлөөт бүс байгуулах тухай УИХ-ын тогтоол өнгөрсөн зун гарсан. Арав гаруй сарын хугацаанд ямар ажлууд хийсэн бэ?

ИХ-ын 75 дугаар тогтоол өнгөрсөн долдугаар сард гарч Хөдөө аж ахуйн “Халх гол” чөлөөт бүсийг байгуулсан. Тус тогтоолд Хөдөө аж ахуйн “Халх гол” чөлөөт бүс нь хөдөө аж ахуйн тогтвортой хөгжлийн загвар, шинжлэх ухаанд суурилсан байгаль орчинд ээлтэй дэвшилтэт технологи бүхий хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэх бүс байх бөгөөд тухайн бүсэд амьтан, ургамлын хорио цээрийн тусгай журмыг хэрэгжүүлэхээр заасан байдаг. Энэхүү тогтоол гарснаар уул уурхай, газрын тосны хайгуул, олборлолтод очих гэж байсан Халх голын үржил шимт хөрс, үүц болсон газар улсын тусгай хэрэгцээнд хамгаалалтад орсон юм. Өөрөөр хэлбэл, ХХАА-н сайд Р.Бурмаа тус газрыг хөдөө аж ахуйд “тамгалж” авч үлдсэн гэсэн үг. Тогтоол батлагдсантай холбогдуулан Хөдөө аж ахуйн Халх гол чөлөөт бүсэд дагаж мөрдөх технологийн болон амьтан, ургамлын хорио цээрийн журмыг ХХААЯ болон яамны харьяа байгууллагын мэргэжилтэн, салбарын судлаач нар боловсруулж Төрийн ордонд нээлттэй хэлэлцүүлэг хийсэн юм. Энэ үеэр 120 гаруй эрдэмтэн судлаачид, холбоод, орон нутгийн тариаланч, малчид хүрэлцэн ирсэн.

Мөн Зүүн бүсийн улсын тэргүүний малчдын бүрэлдэхүүнтэйгээр “Хөдөө аж ахуйн хөгжил-Зүүн бүсийн гарц” зөвлөгөөнийг зохион байгуулж, Хөдөө аж ахуйн Халх гол чөлөөт бүсийн талаар хэлэлцүүлэг өрнүүлж, орон нутгийн иргэд, малчдын дэмжлэгийг авсан юм.

-Дээрх уулзалт, хэлэлцүүлэгт оролцсон хүмүүс уг төслийг дэмжсэн байх. Гэтэл зарим хүн олон улсад иймэрхүү бүс байдаггүй гэдэг ч юм уу, эсэргүүцдэг. Ингэхэд гадныхан хөдөө, аж ахуйгаа ямархуу жишгээр хөгжүүлж байна вэ?

-Монгол Улсын мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Ногоон хөгжлийн бодлого, төрөөс хүнс, аж ахуйн талаар баримтлах бодлого, төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого зэрэг хэд хэдэн бодлогын баримт бичигт хөдөө аж ахуйн хөгжлийн талаар тодорхой дурдсан байдаг. Тухайлбал, Төрөөс хүнс, аж ахуйн талаар баримтлах бодлогын 6.2.5-д “Хөдөө аж ахуйн чөлөөт бүсийг байгуулан гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татах, алслагдсан бүс нутагт экспортын баримжаатай үйлдвэрлэлийг дэмжих” гэж заасан байдаг. Харин дэлхийн хэмжээнд яривал хоёр жилийн өмнөх байдлаар 174 оронд 3000 гаруй чөлөөт бүс байдаг гэх тоо бий. Эдгээр бүсүүд үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, гадны хөрөнгө оруулалтыг татах, хяналттай бүсэд ажлын байр бий болгох, шинэ бодлого хэрэгжүүлэх, газрыг улсын хамгаалалтад авах зэрэг олон зорилготой үйл ажиллагаагаа явуулж байна. Тухайлбал, Шинэ Зеланд улс л гэхэд 4.5 сая хүн амтай. 4.4 сая үхэртэй, 38 сая гаруй хоньтой. Жилд зургаан тэрбум ам.долларын мах, махан бүтээгдэхүүнийг экспортолж байна шүү дээ. Энэ тоо бол тус улсын нийт экспортын 86 хувийг эзэлдэг юм билээ. Тэд 2014 оны байдлаар 6.5 тэрбум ам.долларын махыг 120 гаруй улс орон руу экспортолсон байдаг. Манай урд хөрш БНХАУ руу нэг кг хонины махыг 2012-2013 онд 4.5 ам.доллар, 2013-2014 онд 5.04 ам.доллараар, харин Европ руу 9.82 ам.доллараар, Хойд Америк руу 10.53 ам.доллараар экспортолсон байх жишээтэй. Үхрийн махны хувьд 2013-2014 оны байдлаар 379.885 тонн махыг 2.2 тэрбум ам.доллараар экспортолсон. Үхрийн махны үнийн хувьд 11.11 ам.доллараар гаргадаг. Тэд ингэж ажиллаж чадаж байхад манай улс яагаад дэлхийн бусад оронтой ижил ХАА-н үйлдвэрлэлээ хөгжүүлж дэлхийн дайтай үйлдвэрлэл эрхэлж болохгүй гэж. Манайх чинь хөдөө аж ахуйн орон шүү дээ. 2030 он гэхэд дэлхий даяар хүнсний хомсдол бий болно гэж судлаачид хэлж, бичиж байна. Тэр үед Монгол Улс гадныхныг нүүрсээр хангах уу, аль эсвэл хүнсээр хангах уу гэдэгт асуудал байгаа юм. Өнөөдөр дэлхийн зах зээл дээр уул уурхайн бүтээгдэхүүн болох алт, зэс, төмрийн хүдэр, тэр дундаа нүүрсний үнэ сүүлийн дөрвөн жилийн хугацаанд бараг гурав дахин уналаа. Газрын тосны үнэ нэг баррель нь өнөөдөр 30 хүрэхгүй ам.доллар болтлоо буурлаа. Харин ХАА-н бүтээгдэхүүний үнэ тогтмол өсөж байна. Жишээлбэл, 2008 онд нэг килограмм нь 2.7 ам. доллар хүрч байсан үхрийн махны үнэ тогтмол өсөж 11 ам.долларт хүрээд байгаа юм. Цаашид хүнсний бүтээгдэхүүний үнэ ч өсөх болно, хэрэглээ ч өсөх болно. Тиймээс бид ХАА-н салбараа хөгжүүлж дэлхийн хөгжлөөс хоцрохгүй байх учиртай. Бидэнд боломж бий. Учир нь ХАА-н үйлдвэрлэл бол монголчуудын соёл, нүүдэлчин ахуйтай нягт холбоотой. Энэ салбар бидний хувьд цоо шинэ зүйл биш.

-Уг нь ийм бүс байгуулчихвал бидэнд л хэрэгтэй. Гэтэл дэмжихгүй хүн олон байна. Ер нь яагаад ийм нөхцөл байдал үүсээд байгаа юм бол?

-Улсын бодлого маш тодорхой. Хөдөө аж ахуйг эрчимжүүлэн хөгжүүлэх шинэ загвар бий болгож, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортын хэмжээг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйн гаралтай брэнд бүтээгдэхүүний судалгаа ба хөгжлийг өрнүүлж олон улсын зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхийг зорьж байгаа. Мөн орон нутагт ажлын байр нэмэгдүүлж иргэдийн амьжиргааны түвшинг сайжруулах, бүс нутгийн тогтвортой хөгжих нөхцөлийг хууль эрх зүйн хүрээнд бий болгож ХАА-н бизнес болон дагалдах ачаа тээвэр, аялал жуулчлал, үйлдвэрлэлийг хөгжүүлж иргэдийн амьжиргааг дээшлүүлэхийг л хүсэж байна. Гэтэл сайны хажуугаар саар гэгчээр зарим нэг хувь хүн, улс төрийн хүчин маргааш болох сонгуульд оролцох, бусдад танигдах зорилгоор тун явуургүй улс төр хийж байгаа юм. Тэд талбай дээр жагсаж, орон нутагт очиж иргэдэд буруу, ташаа мэдээ тарааж улмаар УИХ, орон нутгийн сонгуульд оролцож аль болох олон суудал авахын тулд л улс төрийн акци хийж байна л даа. Тэдний явуургүй үйлдэл Монгол Улсын хөгжилд нэмэр болохоос илүүтэй нэрмээс болж байна. Үүний хажуугаар зарим нэгэн төрийн бус байгууллага, бүр тодруулж хэлбэл “Халх гол миний нутаг” гэж байгууллага орон нутгийн иргэдийг турхиран, төрөөс явуулж буй бодлогыг эсэргүүцэн ард түмнийг төөрөгдүүлж байх жишээтэй. Халх голын бүс нутагт 42 мянган га газарт газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэх зөвшөөрлийг Засгийн газраас олгосон байдаг. Гэтэл өнөөдөр Халх голд 59 мянган га газрыг газар тариаланд ашиглаж байна. Өөрөөр хэлбэл 17 мянган га атар газрыг дур мэдэн хагалж эргэлтэд оруулсан байна гэсэн үг. Энэ бүхний цаана эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан орон нутгийн удирдах түвшний хүмүүс, хууль бус газрын наймаа эрхлэгч бүлэг этгээдүүд байгаа. Үүний эсрэг зогсож газрыг улсын тусгай хэрэгцээнд буюу хамгаалалтад авч зохих бодлогын хүрээнд ХАА-г хөгжүүлж, орон нутагт хөгжил авчрах гэж зүтгэж буй хүмүүсийг дайрч давшлах, гүтгэн доромжлох ажлыг зохион байгуулалттайгаар хийж байгаа юм.

-Саяхан бас олон нийтийн сүлжээгээр Халх гол чөлөөт бүсийн талбайг бүхэлд нь газрын тосны хайгуулын талбайд нээлттэй зарлах гэж байгаа талаар маргаан өрнөсөн. Энэ талаар тодруулахгүй юу?

-Та маш зөв харсан байна. Өнөөдөр Халх гол орчмын бүс нутгийг ХАА-н чиглэлээр хөгжүүлэх үү, аль эсвэл газрын тосны олборлолтоор хөгжүүлэх үү гэдэг сонголт бидэнд байна. Ер нь бол Дорнод аймгийн нутаг дэвсгэрийн 44 орчим хувь буюу таван сая 448 мянган га газрыг “Петрочайна дачин тамсаг”, “Петро матад”, “Хонгконг Вэллэк Индастриал”, “Ийстерн Петролиум”, “Ориентал ресурс” зэрэг арваад аж ахуйн нэгжүүдэд газрын тосны хайгуул, ашиглалтын зориулалтаар тусгай зөвшөөрөл олгосон байдаг. Бид бүхний сайн мэдэх Тамсаг, Тосон уулын талбай дээр газрын тосны олборлолт явуулдаг “Петрочайна дачин тамсаг” компани Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт бүртгэлтэй. Өнөөдрийн байдлаар энэ компани орон нутгийн хөгжилд хэр их хувь нэмэр оруулав, хэдэн төгрөгийн татвар төлөв, хэдэн хүнийг ажлын байраар хангав, нийгмийн хариуцлага, байгаль орчны асуудалд хэрхэн хандаж байна, бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу хэдэн км зам тавив. Уг нь олборлолт хийгээд олон жил болж байгаа шүү дээ. Гэтэл орон нутгийг ямар нэгэн байдлаар хөгжүүлсэнгүй. Нөхцөл байдал ийм байхад дахиад Халх гол сумын Буйр 22 гэх газрыг газрын тосны нээлттэй талбайгаар зарлах гэж байна. Нөгөө Халх гол бүс нутгийг ХАА-н чиглэлээр хөгжүүлэхийг эсэргүүцээд байсан улс төрийн нам хаачив аа. Нөгөө мундаг өмгөөлөгчид, нөгөө ТББ-ын нөхөд, нөгөө дуу нэгтэй эсэргүүцэн тэмцээд байсан эх орончид хаачив аа. Тийм учраас би хэн нэгний захиалгаар улс төр хийж, хэн нэгний захиалгаар ард түмэнд буруу ташаа мэдээ тарааж, ард түмнийг турхирч байна гэж хэлээд байгаа юм. Буйр 22 буюу “Петро чайна дачин тамсаг”-т өгөх гээд байгаа талбай нь Халх гол сумын нутаг дэвсгэрийн 45 хувь буюу 784 мянган га газрыг хамарч байгаа. Халх гол сумын ХАА-н эдэлбэр газрын 90 гаруй хувийг газрын тосны компанид өгөх гэж байна.

-Тэгээд таны ярьж буйгаар Халх гол төсөл хэрэгжих талбайг газрын тосны олборлолтод өгөхөөр болчихсон юм уу. Улс уг бүс нутгийг хамгаалалтад авч болдоггүй юм уу?

-Хөдөө аж ахуйн эдэлбэр газар, соёлын өв, бэлчээрийг хамгаалж авч үлдэх гэж ХХАА-н сайд тухайн үеийн хууль эрх зүйн зохицуулалт болох Чөлөөт бүсийн тухай хуульд нийцүүлэн УИХ-ын 75 дугаар тогтоолоор хөдөө аж ахуйн “Халх гол” чөлөөт бүсийн газрыг улсын тусгай хэрэгцээний газарт авч үлдэж чадсан. Мөн Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсноор тус хуулийн 16 дугаар зүйлийн 1.13-т “Үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалт, дэд бүтцийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх газар” гэж заасны дагуу хөдөө аж ахуйн Халх гол чөлөөт бүсийг үндэсний бүтээн байгуулалтын бүс болгон хөгжүүлэх эрх зүйн үндэслэл бүрдсэн юм. Өөрөөр хэлбэл, Халх гол бүс нутгийг ХАА-н бүтээн байгуулалтын бүс болгон улс тусгай хэрэгцээндээ буюу хамгаалалтдаа авч байгаа хэрэг. Энэ тогтоолын төслөө ХХАА-н сайд Р.Бурмаа УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барьчихсан байгаа. Тогтоолын төсөл гурван заалттай. Нэгдүгээрт, хөдөө аж ахуйн “Халх гол” үндэсний бүтээн байгуулалтын бүс байгуулахыг тусгасан. Хоёрдугаарт, тус үндэсний бүтээн байгуулалтын бүсийн хилийн зааг, мал, амьтны хяналтын цэг болон тариалангийн технологийн журам болон бусад журмыг тогтоох, бүсийн харьяалах байгууллагыг заахаар тусгасан. Гуравдугаарт, “Халх гол чөлөөт бүс байгуулах тухай” 75 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцох талаар тусгасан. Өөрөөр хэлбэл, хөдөө аж ахуйн “Халх гол” үндэсний бүтээн байгуулалтын бүс байгуулснаар тус газар орчмын бүс нутгийг газрын тосны компаниудаас хамгаалан авч үлдэж байна гэсэн үг.

-Анх Халх гол чөлөөт бүс байгуулна гэж байсан. Одоо харин Халх гол үндэсний бүтээн байгуулалтын бүс болчихлоо. Ямар ялгаа байгаа юм бэ?

-Үндсэн үзэл баримтлал нь хэвээрээ үлдэж байгаа. Өөрөөр хэлбэл улс тусгай хэрэгцээнд авч байгаа хэлбэр нь өөрчлөгдөж, зохицуулагдаж буй эрх зүйн орчин нь өөр болж байгаа юм. 75 дугаар тогтоолоор байгуулагдсан чөлөөт бүс бол чөлөөт бүсийн хуулиар зохицуулагдаж байсан бол одоо газрын тухай хуулиар зохицуулагдаж байна гэсэн үг. Үндсэндээ хөдөө аж ахуйн Халх гол үндэсний бүтээн байгуулалтын бүсэд малын удмын сан, бүртгэлжүүлэлт, шилжилт хөдөлгөөн болон мал эмнэлгийн хяналтын тогтолцоо олон улсын жишигт нийцсэнээр ажиллана. Мөн тариалалтыг хөрсний элэгдэл, эвдрэл багатай технологиор хийх бөгөөд тэнд хүнсний аюулгүй байдлын шаардлага хангасан малын болон ургамлын гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэл хөгжих юм.

-Нийт хэдэн га талбайд бүтээн байгуулалт явагдах бол?

-Газрын тухай хуульд зааснаар энэхүү үндэсний бүтээн байгуулалтын бүсийн хэмжээ, хилийн зааг, мал эмнэлгийн хяналтын цэгийн үйл ажиллагаа, тариалангийн технологи болон холбогдох бусад журмыг тогтоож, харьяалах төрийн захиргааны төв байгууллагад шилжүүлэх асуудлыг Монгол Улсын Засгийн газар шийдвэрлэх учиртай.

-Юутай ч төсөл хэрэгжсэнээр гадаад руу экспортлох махны хэмжээ нэмэгдэнэ биз дээ. Бас тэр бүс нутгийн малыг эрүүлжүүлнэ гэж ойлгоод байгаа?

-Сүүлийн жилүүдэд мал, амьтны гоц халдварт өвчин улсын хэмжээнд тодорхой давтамжтай гарч байгаа нь хүнсний аюулгүй байдал, нийтийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, улмаар хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийг экспортод гаргахад бэрхшээл үүсэж байгаа. Одоогоор баруун болон төвийн бүсийг малыг вакцин тарьдаггүй, өвчингүй болгохыг зорьж байна. Зүүн бүсийн малыг вакцин тарьдаг, өвчингүй, тайван бүс болгох зорилгоор ажиллаж байгаа. Бид энэ жил ОХУ-ын хойд мужууд руу үхэр, хонь, адууны түүхий махыг, БНХАУ руу үхэр, хонь, ямааны түүхий махыг анх удаа экспортлох боломжтой болсон. Мөн БНСВУ руу гүн хөлдөөсөн хонь, ямааны мах экспортлох талаар зөвшилцсөн. Эдгээр улсаас БНХАУ их хэмжээний бог малын мах авах сонирхолтой байгаагаа илэрхийлээд байгаа. Гэтэл манай улсын мал, амьтны гоц халдварт өвчний нөхцөл байдлаас хамааран зөвхөн баруун бүсийн таван аймгаас л түүхий мах бэлтгэн БНХАУ руу экспортлох хязгаарлалттай тулгараад байгаа юм.

-Тэгэхээр бид яах ёстой вэ. Мэдээж хэрэг юуны түрүүнд малаа эрүүлжүүлэх ёстой байх?

-Манай улс газар зүйн байршлын давуу тал, бэлчээрийн мал аж ахуйн өв соёл, газар нутгийн нөөц, хөрсний үржил шим, дахин сэргээгдэх баялагт суурилсан хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг экспортын баримжаатайгаар бүсчлэн хөгжүүлэх нөхцөл, боломжийг ашиглах хэрэгтэй байна. Ялангуяа хөрш хоёр орны мах, махан бүтээгдэхүүний хэрэгцээ бидний томоохон зах зээл болохоор байгаа. Тухайлбал, ОХУ 2014 онд л гэхэд 633.1 мянган тонн үхрийн мах, 9.7 мянган тонн хонь, ямааны махыг Бразил, Парагвай, Беларусь, Аргентин, Уругвай улсаас импортолсон байдаг. Харин 2014 онд БНХАУ-ын үхрийн махны импорт 297.2 мянган тонн, хонь, ямааны махны импорт 282.8 мянган тоннд хүрсэн. БНХАУ-ын махны импортын 42 хувийг Австрали, 34 хувийг Шинэ Зеланд, 16 хувийг Уругвай улс тус, тус бүрдүүлдэг. БНХАУ-ын Махны холбоо нэг тэрбум ам.долларын үхэр, хонь, ямааны махыг 2018 он хүртэл импортлох талаар Монголын махны холбоотой гэрээ байгуулсан. Тэгэхээр махны экспортыг нэмэгдүүлэхийн тулд мал, амьтны гоц халдварт өвчнөөс өндөр хэмжээнд урьдчилан сэргийлсэн хорио цээрийн байнгын хяналтыг тогтоосон бүсүүдийг хөгжүүлэх хэрэгтэй.

-Манай улс хөгжлийнхөө тэргүүлэх чиглэлийг уул уурхай гэж тодорхойлдог. Харин сүүлийн жилүүдэд олон тулгуурт эдийн засагтай болъё, хөдөө аж ахуйгаа хөгжүүлье гэж байгаа. Үнэхээр бид хөдөө аж ахуйгаа дэмжээд хөгжилд хүрэх гарц ойрхон байна уу?

-Монгол бол хөдөө аж ахуйн асар их нөөцтэй орон шүү дээ. Гэтэл бид өнөөдөр уул уурхайгаас хараат эдийн засгийн бүтэцтэй болчихсон. Газрын тосоо хүртэл боловсруулж чадахгүй хилийн дээс давуулж байна. Нэг салбараа хэт шүтсэн, хэт хараат байсныхаа үр дагаврыг одоо үзэж байна даа. Харин хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн бол эргэн төлждөг. Бид эдийн засгаа маш яаралтай солонгоруулах шаардлагатай. Солонгоруулах гэж хэлээд байгаа бодлогын буюу солонгын нэг том өнгө нь ногоон буюу хөдөө аж ахуй, хүнс үйлдвэрлэл болчихоод байна. Үүний тулд өнөөдөр манай салбарт тулгамдаж байгаа хэд хэдэн томоохон асуудлыг нэн даруй шийдэх шаардлагатай. Хөдөө аж ахуйн “Халх гол” үндэсний бүтээн байгуулалтын бүс байгуулагдсанаар бид тус бүс нутагт мал амьтны хорио цээрийн дэглэм бүхий эрчимжсэн болон хагас эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлнэ. Түүгээрээ дамжуулан олон улсын мал амьтны хорио цээрийн байгууллага болон дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн эрүүл хүнс үйлдвэрлэх боломж бүрдэж байгаа юм. Хоёрдугаарт, өнөөдрийн байдлаар хөдөө аж ахуйн салбарт орох хөрөнгө оруулалт маш муу байна. Тодруулж хэлбэл, 2014 оны байдлаар бүх банкны зээлийн 2.5 хувь, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 0.04 хувь нь тус салбарт орсон байдаг. Манай арилжааны банкуудын санал болгож буй зээл нь жилийн 24-31 хувийн хүүтэй, 1-3 жилийн хугацаатай байгаа. Мөн өнөөдөр тариаланч, малчдын даатгалд хамрагдах байдал тун тааруу байна. Иймд бид хөдөө аж ахуйн бүтээн байгуулалтын бүсийг байгуулж улмаар мал аж ахуй, газар тариалан, хөдөө аж ахуйн аялал жуулчлал эрхлэгчдэд бизнесийн таатай орчин бүрдүүлэх, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эрүүл, органик хүнс үйлдвэрлэх боломжийг нээн хөрөнгө оруулалтыг салбартаа татах замаар бүс нутгийн хөгжилд дэвшил авчрах боломжийг бий болгож байгаа юм.

-“Халх гол” үндэсний бүтээн байгуулалтын бүсийн үр өгөөж ямар байх бол?

-Энэ бүсийг байгуулж, экспортын баримжаатай хөдөө аж ахуйн кластерыг хөгжүүлснээр тус бүсийн хэмжээнд 2200 ажлын байр шинээр бий болно. Үүнийг дагаад цалингийн орлого 3.9-10 тэрбум төгрөг, орон нутгийн санд 20 гаруй тэрбум төгрөг, улсын төсөвт 2.9 тэрбум төгрөг төвлөрөх юм. Түүнчлэн тус бүсэд газар тариалангийн үйлдвэрлэлээс жилдээ 64.6 тэрбум, мал аж ахуйн үйлдвэрлэлээс 60 гаруй тэрбум, хөдөө аж ахуйн аялал жуулчлал, ачаа тээврийн үйл ажиллаганаас дөрвөн тэрбум гээд нийт 141 тэрбум төгрөгийн орлого бий болох тооцоо судалгаа гарсан байгаа.

Categories
мэдээ соёл-урлаг

Японы нэр хүндтэй шагналыг МУГЖ Д.Сосорбарамд олгохоор болжээ

Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Сосорбарам энэ сарын 29-нд Японоос нэр хүндтэй шагнал хүртэх гэж байна. Тодруулбал, Японы “Никкэй” сонины газраас “Nikkei Asia Prize”шагналыг МУГЖ Д.Сосорбарамд гардуулахаар болжээ. Нэр хүндтэй энэхүү шагналыг тус сонины албанаас жил бүр Азийн бүс нутгийн хөгжил дэвшилд онцгой хувь нэмэр оруулсан эдийн засаг, бизнесийн инноваци, шинжлэх ухаан, технологи, соёл, нийгмийн салбараас тус бүр нэг хүнийг онцлон олгодог байна. Тэгвэл энэ удаагийн соёлын салбарыг Монгол Улсын иргэнд анх удаа олгож байна.

Categories
мэдээ нийгэм

Хачигт халдварын 178 тохиолдол бүртгэгдээд байна

Хачигт хазуулсан тохиолдол их бүртгэгхдэх болжээ. Тодруулбал, Архангай, Баянхонгор, Булган, Баян-Өлгий, Говь-Алтай, Дархан, Дорноговь, Дорнод, Завхан, Сэлэнгэ, Орхон, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Өвөрхангай, Өмнөговь, Төв аймгийн 51 суманд хачигт халдварын тохиолдол бүртгэгдээд байна. Мөн Улаанбаатар хотын 8 дүүргээс хачигт халдварын эрсдэлд өртсөн тохиолдол бүртгэгджээ. Улсын хэмжээнд нийт 178 тохиолдол бүртгэгджээ.

Categories
мэдээ улс-төр

Сү.Батболд, Д.Цогтбаатар нар оффшор дансгүй гэж тайлбар хийлээ

УИХ-ын гишүүн Сү.Батболд, Барилга, хот байгуулалтын сайд асан Д.Цогтбаатар нар оффшор дансанд холбогдсон асуудлаараа хэвлэлийн бага хурал хийлээ.

УИХ-ын гишүүн Сү.Батболд хэлэхдээ: “Бид өчигдөр гарсан мэдээлэлтэй холбогдуулаад өөрсдийн зүгээс тайлбар хийх нь зүйтэй гэж ярилцсан. Магадгүй бидэнд цаг хугацаа авч материалаа нухацтай үзэх шаардлага байсан байхыг үгүйсгэхгүй. Ямар ч байсан бид та бүгдтэй уулзаж тайлбар хийх ёстой гэж шийдсэн. Өчигдөр телевизээс над руу ярьсан.

Хувьцаатай холбоотой асуудал надад байсан гэдгийг хэлсэн. Монгол Улсад мөрдөгдөж байгаа хуулийн дагуу улстөрчид бизнесийн үйл ажиллагаанд шууд оролцох боломжгүй ч хувьцаа худалдан авч хөрөнгө оруулах боломжтой. Бидний оролцсон энэ ажил хуулийн хүрээнд хийгдсэн бизнес гэж ойлгож байгаа. Оффшор компанитай холбоотой учраас бидний зүгээс тайлбар хийх хэрэгтэй. Бату Майнинг нь Монгол Улсад бүртгэлтэй гадаадын компани. Толгой компани нь эндхийн бүртгэлтэй компани байна.

Хоёрдугаарт энэ компанид бид орохдоо нууцаар ороогүй. Энд нуух хаах асуудал байхгүй учраас нэрээрээ орсон. Бату Майнингийн 11.9 хувийг С.Батболд 2013 онд худалдаж авсан. Энэ хувийг би 18,771 доллартай тэмцэх хувийг авсан. Энэ мөнгө нь С.Батболд гэдэг хүний хувийн данснаас буюу тухайн үед Капитрон банкны данснаас авсан. Энэ бол ил тод, хуулийн дагуу ойлгомжтой худалдаж авсан хувьцаа. 2005 онд энэ компанийн үйл ажиллагаа ил тод бус болж ирсэн тул хувьцаагаа өртгөөр нь зараад гарсан. Би хувьцаа худалдаж авсан, зарсан. Түүнээс биш оффшор компани байгуулаад данс эзэмшээд байгаа юм байхгүй. Та бүхэнд тайлбар өгөхөөс гадна энэ асуудлаар хуулийн байгууллагад хандана. Бид хууль зөрчсөн эсэхийг шалгуулна.” гэв. Мөн “Сүхбаатарын Бат-Очир гэдэг хүн миний ах. Ах руугаа залгахад “Би шалгая” гэсэн. Тэгэхэд нь би “Та шалгаарай” гэсэн. Миний ах 25 жил бизнес эрхэлж байгаа хүн. Улс төрчийн ах гэж нэр холбогдох учраас хууль хяналтын байгууллагаар үүнийгээ шалгуулаарай гэдгийг ахдаа хэлсэн. Дараа нь олон нийтэд нээлттэй мэдээлээрэй гэдгийг ч захисан. Тиймээс энэ асуултын хариултыг та бүхэн удахгүй авах байх” гэлээ.

Харин Барилга, хот байгуулалтын сайд асан Д.Цогтбаатар хэлэхдээ Урд шөнө та бүхэн өөрсдөө харлаа. Надад офшор данс байхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлж байна. Гадаадын хөрөнгө оруулалттай компани, тухайн үед Австрали найз маань Монголд бизнес хийе хамт хөрөнгө оруулах уу гэж ярьж байсан. Гадаадын хөрөнгө оруулалттай компаниас асуугаарай. 10-аас доошгүй хувь нь оффшор данстай байгууллага байдаг. Гадаадын хөрөнгө оруулалттай Бату Майнинг компани биднийг урьсан. Тэр үеийн компаниуд бүгд гадаад нэртэй. 2003 он шүү дээ. Ямар ч Гадаадын хөрөнгө оруулалт орж ирдэггүй байсан үе. Эдийн засгийн үзүүлэлтүүдийг хараарай. Тэгэхэд Гадаадын хөрөнгө оруулалтыг монголд татъя. Монгол хөрөнгө оруулагчтай байвал гадныхныг татна л гэж бодсон. Түүнээс тэр офшор данс гэдэгт нь ямар ч оролцоо байгаагүй. Оюутолгой гэдэг компанийн толгой компани нь гэхэд л Люксембургт офшорт бүртгэлтэй компани л байдаг. Ямар ч хууль зөрчсөн зүйлгүй. Тийм компанид 10 мянган долларын л хөрөнгө оруулалт байсан. 2006 оны хоёрдугаар сард бүртгэгдсэн. Хөрөнгө оруулгын мэдүүлэгт 2007 оноос мэдүүлдэг болсон. Тэр үед энэ хувьцааг мэдүүлье гээд ч байхгүй юм чинь. Өөрийнхөө ХОМ-т надад байгаа хувьцаануудыг би нэгд нэггүй хариуцлагатайгаар бичдэг гэлээ” гэв.

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ спорт

Хакухо түүхэн амжилт тогтоолоо

Японы мэргэжлийн сумогийн тавдугаар сарын тэмцээн буюу “Нацү башё”-ийн хоёр дахь өдрийн барилдаан өчигдөр болов. Эл тэмцээнд Их аварга Хакүхо Д.Даваажаргал 880 дахь даваагаа авч мэргэжлийн сумод түүхэн дээд амжилт тогтоожээ. Мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд хамгийн олон буюу 879 даваатай бөх Озеки Кайо байв. Харин Хакухо Д.Даваажаргал түүний амжилтыг эвдэж 880 дахь даваагаа авснаар мэргэжлийн сүмогийн түүхэнд дээд зиндааны хамгийн олон даваатай бөхөөр нэрлэгджээ.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлд олон улсын номын баяр болно

Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн
хүрээнд “Ulaanbaatar book
fair” олон улсын номын баярыг энэ сарын 20-21-ний өдрүүдэд Чингис хааны нэрэмжит талбайд зохион
байгуулахаар болжээ. “Номд
дурлаж мэдлэгт шүтэх Найрсаг хотын иргэд”
уриатайгаар зохион байгуулах олон улсын номын баярын үеэр
олон улсын зохиолч бүтээгч, уншигчид төдийгүй
жуулчдыг татах олон сонирхолтой арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Энэ үеэр олон улсын соёлын
үзэсгэлэн үзэх, “Ном яръя, кофе ууя” чөлөөт орчин, “Уншлагын баяр”, Дэлхийн
өнцөг булан бүрээс ирсэн хүүхдүүдтэй уулзах, ахмад зохиолчдын хүндэтгэлийн арга
хэмжээ, зохиолын дүрийн тоглолтууд, номын сангийн өдөрлөг, үзэсгэлэн, номын
шагналтай тэмцээн уралдаанууд болохоос гадна энэ үеэр ном хэвлэлийн
байгууллагууд номоо 20-50 хувийн хямдралтай худалдах юм. Мөн энэ өдрүүдэд
хүндэтгэдэг, хайрладаг зохиолчидтойгоо уулзан худалдан авсан ном дээрээ гарын
үсэг зуруулан авах боломжтой. “Номын баяр”-ын хүрээнд нийгэмд тустай үйл
ажиллагааг дэмжиж шинээр байгуулагдсан Чингэлтэй дүүргийн “Хүүхдийн номын
өргөө”-нд хэрэгцээт шинэ номыг цуглуулах аян өрнүүлэх юм байна.

Categories
мэдээ нийгэм

Маргааш цахилгаан сүлжээнд хийх засварын хуваарь

Маргааш буюу 5 дугаар сарын 11-ний Лхагва гарагт дараах байршлуудад цахилгаан эрчим хүч түгээдэг шугам тоноглолд урсгал засвар хийх тул Та бүхэн хэрэглээгээ түр зохицуулна уу.


Налайх дүүрэг

10:00-18:00 цагт: 3, 4-р хороо Нарангийн 1-10, Өлгий 1-8, Дэнжийн 1-12, Туулын гудамж, Нарангийн задгай, Төмөр замын хэсгийн айлууд, Разноимпекс, 3-р хорооны байр, Дөл төв болон эдгээрийн ойр орчмоор,

Төв аймаг

09:00-18:00 цагт: Партизан Хаан банк, Эмнэлэг, 74-р сургууль, Дотуур байр, Цагдаагийн хэсэг, Захиргаа, Соёлын төв, Уурын зуух, ШТС, Үүрэн телефоны станц
10:00-18:00 цагт: Партизан гэр хороолол, Бүст нуур дэлгүүр, Худаг орчмоор
10:00-13:00 цагт: Батсүмбэр сум Хөрөө рам орчмын гэр хороолол
14:00-18:00 цагт: Батсүмбэр сум Засварын газар орчмын гэр хороолол.


Цахилгаан эрчим хүчээр түр хязгаарлагдах хэрэглэгчдийг байршлаар нь баримжаалан жагсааж байгааг анхаарна уу. Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орох магадлалтай ба өөрчлөгдсөн тохиолдолд УБЦТС ТӨХК-тай байгуулсан гэрээнд бүртгэлтэй утсаар холбогдож ААН, үйлдвэр, компаниудад мэдээлэх болно.

Цахим үйлчилгээ: my.tog.mn
Мэдээлэл, лавлагаа авах утас: 70047004

Categories
мэдээ нийгэм

Богд уулын арын замд гэрэлтүүлэг тавихаар ажиллаж байна

Богд уулын арын 17.1 км авто замд хийх гэрэлтүүлгийн ажлын гүйцэтгэгчээр хоёр компани шалгарч гэрээ байгуулжээ.Нийт 536 ширхэг гэрэлтүүлэг хийх бөгөөд “ДМТМ” ХХК нь Яармагийн гүүрнээс Зайсан, Их тэнгэр, Ривер бич хүртэл 8.4 км авто замын 240 ширхэг гэрэлтүүлэг хийх байна. Одоогоор цахилгааны тэжээлийн 1.8 км кабель шугамын шуудуу ухах ажлыг трассын дагуу хийж байгаа юм. Гэрэлтүүлгийн тэжээлийн кабелийншуудууг эхний 2 км-т ухаж, шонгийн суурийг бэлэн болгожээ. “Гэгээн цайдам” ХХК нь Баянзүрхийн товчоо талаас эхлэн 270 ширхэг шонгийн суурь суулгаж, цахилгааны тэжээлийн агаарын шугамыг татаж дуусгажээ. Түүнчлэн Богд уулын арын замд 32 метр туузан хашлагыг шинэчлэн сольж, бетонон түмбэ шинээр суулгав.