Categories
мэдээ улс-төр

МАН нэр дэвшигчдийнхээ бичиг баримтыг СЕХ-нд хүлээлгэж өглөө

УИХ-ын 2016 оны сонгуульд Монгол Ардын намаас нэр дэвшигчдийн бичиг баримтыг өнөөдөр СЕХ-нд хүлээлгэн өглөө.

МАН өнгөрсөн Баасан гарагт Бага хурлаа хийж, УИХ-ын сонгуульд сойх
гишүүдээ тодруулсан билээ. Тэгвэл холбогдох хуульд заасны дагуу морин
цагт нэр дэвшигчдийнхээ материалыг СЕХ-нд бүртгүүлж байгаа аж.

Энэ үеэр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат хэлэхдээ “МАН хуулийг дээдэлдэг, хэрэгжүүлдэг үлгэр жишээ намын хувьд 76 нэр дэвшигчийн хувьд ямар нэгэн асуудалгүй.
Хуулийн хүрээнд бичиг баримтыг нь эцэслэн бүрдүүлээд СЕХ-нд албан ёсоор
бүртгүүлж байна. СЕХ хуульд заасан хугацаанд манай нэр дэвшигчдийг
бүртгэж, сонгуульд оролцох эрхийг нь нээж өгнө гэдэгт итгэлтэй байна”
гэлээ.

МАН-ын Бага хурал өнгөрсөн баасан гаригт болж, тойрогт
сойх гишүүдээ тодруулсан. Тэгвэл МАН-аас дэвшиж байгаа гишүүдийн 40
гаруй хувь нь залуучууд, 40 хүртэлх хувь нь шинэ нэр дэвшигчид байгааг ч
энэ үеэр онцолж байлаа. Олон нийтийн зүгээс МАН залуучуудад итгэл
хүлээлгэж, хариуцлагатай сонголт хийлээ гэсэн эерэг хандлагууд нэлээд
гарч буй.

Categories
мэдээ нийгэм

“Улаанбаатар-Марафон” 2016 олон улсын гүйлтийн тэмцээний үеэрх нийтийн тээврийн төлөвлөлт

“Улаанбаатар марафон-2016” Олон улсын гүйлтийн тэмцээн ирэх сарын 04-ны өдөр болно. Гүйлтийн тэмцээний үеэр Бага тойруу, Энхтайваны өргөн чөлөөний Баруун 4 замын уулзвараас Зүүн 4 зам хүртэлх авто зам, Сөүлийн гудамж, Бээжингийн гудамж, Анкарагийн гудамж, Самбуугийн гудамжны автозамын хөдөлгөөнийг хязгаарлана. Үүнтэй холбогдуулан эдгээр гудамж, замаар үйлчилгээ үзүүлдэг нийтийн тээврийн 31 чиглэлийн 311 тээврийн хэрэгслийн чиглэл, замналд өөрчлөлт орно.

Хотын төвийн буюу Их тойруу доторх гол гудамж, замууд хаагдах үед нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний чиглэлүүд хойгуураа Их тойруугийн гудамж, урдуур Нарны зам, Намъяанжугийн гудамжаар явах бөгөөд хойноос урагш болон урдаас хойш явдаг босоо чиглэлүүд Баруун 4 зам, Нарны гүүр, Зүүн 4 замаар үйлчилнэ.Энхтайваны өргөн чөлөөний авто замын тодорхой хэсгийн хөдөлгөөн хаагдах тул тухайн өдөр троллейбус үйлчилдэг Т:2 “5 шар – Ботаник”, Т:4 ” Ботаник -Вокзал”, Т:5 “3,4 хороолол-Офицеруудын ордон” чиглэлүүд явахгүй болохыг иргэдэд анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Гандийн гудамжны зам хаалттай

Хүннүгийн гудамжны хойд урсгал, Гандийн гудамжны урд урсгалыг өчигдөр 23:00 цагаас хаасан. Уг хэсгийг ирэх сарын 5-ны 23:00 цаг хүртэл хааж, авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажил хийнэ.

Үүнтэй холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний Ч:10 “Ганц худаг-Баянмонгол хороолол-Мишээл экспо”, Ч:28 “Сэлх-7 буудал-Ривер гарден хотхон”, Ч:32 ”Улиастай-Баянмонгол хороолол-ТЭЦ3”, Ч:36 “Гачуурт-Офицеруудын ордон-Зайсан”, Ч:42 ”1-р хороолол-Зайсан”, ”Ч:44 ”Нарангийн гол-ТЭЦ3-Дүнжингарав худалдааны төв”, ХО:6 “Өлзийт-120 мянгат”, ХО:7 “Туул тосгон-Био-120 мянгат” чиглэлүүдийн замнал дараах байдлаар өөрчлөгдөнө.

Ч:10,Ч:32,Ч:36,Ч:44 чиглэлийн автобусууд 2 талдаа Нийслэлийн гудамж Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээр явна.

Дээрх хугацаанд Ч:28 чиглэл 2 талдаа Хүннүгийн гудамжаар орох боломжгүй тул Баянмонгол хорооллын иргэд анхаарна уу.

Ч:42 чиглэл Зайсангаас 1-р хороолол явахдаа Чингисийн өргөн чөлөө Ажилчдын соёлын ордоноор явах бөгөөд ХО:6, ХО:7 чиглэлүүд Өлзийт, Туул тосгоноос хот руу ирэхдээ МИС-ийн уулзвараар хойш эргэн Дунд голын гудамжаар явж 120 мянгат орно.

Categories
мэдээ нийгэм

Алслагдсан чиглэлээс автобус үнэгүй явна

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын нэгдсэн арга хэмжээ
Чингис хааны нэрэмжит талбайд 2016 оны 6 сарын 1-ний өдрийн11:00 цагт
эхэлнэ. Энэхүү үйл ажиллагаатай холбоотойгоор хотын захын, харъцангуй
хүн амын төвлөрөл ихтэй 18 чиглэлээс Чингисийн талбай хүртэл нийтийн
тээврийн үйлчилгээг хүүхэд багачууддаа зориулж үнэгүй явуулахаар боллоо.
Тодруулбал , Шархад, Улиастай, Сэлбэ, Жанжин клуб, Баянхошуу, Улаан
чулуут, Орбит, Толгойт, Зүүн салаа, Зайсан, Нисэх, Яармаг, Баруунсалаа,
Хайлааст, Чингэлтэй, 3,4-р хороолол, 5 шар, Офицеруудын ордон гэсэн
чиглэлүүдээс нийтийн тээврийн тусгай чиглэлийн автобусууд өглөөний 08:00
цагт хөдөлж Чингисийн талбайд ирэх юм.

Categories
мэдээ нийгэм

“Гайз”-ынхан хар тамхины хэрэгт холбогдсон гишүүнийхээ талаар тайлбар хийлээ

“Гайз” хамтлагийн дуучин О.Бат-Ундрах мансууруулах бодис тээвэрлэж явсан гэх хэрэгт холбогдон саатуулагдаад байгаа билээ. Тус хамтлагийнхан “Good luck” шинэ дууны клипээ танилцуулах үеэрээ О.Бат-Ундрахын талаар доорх тайлбарыг хийсэн байна.

“Хамтлагийн дотоод асуудал, тухайн хүний ажил амьдралын шаардлагаас болоод ярилцаж тохиролцсоны үндсэн дээр хамтлаг маань гурван гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаа” гэж мэдэгдэв.

“GUYS” ХАМТЛАГИЙН ДУУЧИН М.МЯГМАР: Х.БАТ-УНДРАЛ МААНЬ ӨӨРИЙНХӨӨ САНАЛ ХҮСЭЛТЭЭР АЖИЛ, АМЬДРАЛЫН ШААРЛАГААР ХАМТЛАГААСАА ГАРСАН

-Та бүгдийг хамтлагийнхаа гишүүний хар тамхины хэргийн талаар тайлбар хийх болов уу гэсэн шинэ уран бүтээлээ танилцуулахаар цуглажээ?

-Ямартай ч бидний өнөөдрийн хэвлэлийн бага хурал хийсэн учир маань энэ сэдэвтэй холбоотой. Гэхдээ гол зорилго нь шинэ уран бүтээлээ танилцуулах гэж цугласан. Манай хамтлагийн “Best of the Guys” цомогт багтсан шинэ уран бүтээл “Good luck” дууны клипийг энэ сарын 3-ны өдөр олон нийтийн хүртээл болгохоор тов зарласан тухай мэдээлэл хийхээр энд цуглаад байна. Энэхүү уран бүтээл маань өнөө цагийн залууст бахархан дууриах сэдлийг төрүүлэх, амжилт өөд уриалан дуудах, хийж буй ажил мэргэжилдээ итгэл урмаар дүүрэн байхыг хүсч уриалсан гэгээлэг сэдэвтэй уран бүтээл юм. Дууны клипэнд Монгол Улсынхаа нэрийг олон улсад болон дэлхийн тавцанд дуудуулж, амжилтаараа тэргүүлж чадсан салбар бүрийн залуус оролцон тоглосон.

-Х.Бат-Ундралын талаар тайлбар хэлэх болов уу?

-Манай хамтлаг албан ёсоор гурван гишүүнтэй болоод сар гаруй хугацаа өнгөрч байна. Бид өнгөрсөн хугацаанд гурван гишүүнтэйгээр Японд аялан тоглоод ирсэн. Ирээд мөн “The love” дууныхаа клипийг гурвуулаа хийсэн. “Good luck” дуу маань өнгөрсөн тав дахь өдөр нээлтээ хийх байсан боловч учир шалтгаантайгаар хойшилсон. Тэр нь Х.Бат-Ундралтай холбоотой мэдээлэл цацагдсан явдал юм.

-Ямар шалтгаанаар хамтлагаасаа гарав?

-Өнөөдөр бид “Guys” хамтлаг хэзээ гурван гишүүнтэй болчихов. Нэг гишүүн нь асуудалд орсноос болоод тухайн гишүүнээ жийлээ зэрэг хэл ам гарах вий гэдэг үүднээс мэдээлэл хийхээр шийдсэн. Хамтлагийн гишүүн маань өөрийнхөө санал хүсэлтээр ажил, амьдралын шаардлагаар хамтлагаасаа гарсан. Бид гурвын зүгээс найзыгаа болон тэр хүний хувийн асуудлыг хүндэтгэх үүднээс гурвуулаа л үлдсэн. Энэ асуудал хамтлагийн уран бүтээлтэй ямар ч холбоогүй.

-Хар тамхи зарсан, баригдсан, хоригдсон тухай мэдээлж байна. Энэ үнэн болов уу?

-Бид уран бүтээлийн их ажилтай байсан учраас баттай эх сурвалжаас мэдээллийг авч чадаагүй байна. Мэдээлэл авах гээд тодруулах гэж их явсан. Гэсэн ч яг баттай эх сурвалжийн мэдээлэл бидэнд олдоогүй.

Categories
мэдээ нийгэм

Хонины махны үнэ 325 төгрөгөөр буурчээ

Хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 6745 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 8490 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад тогтвортой, харин үхрийн цул махны үнэ 0.3 хувиар буюу 25 төгрөгөөр өсчээ. Ажиглалтаар үхрийн мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 8300 төгрөг, харин “Таван-Эрдэнэ” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 9500 төгрөг байна.

Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 4.6 хувиар буюу 325 төгрөг, хонины цул мах 1.3 хувиар буюу 100 төгрөгөөр тус тус буурсан байна. Ажиглалтаар хонины мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 6500 төгрөгөөр, харин “Меркури”, “Таван-Эрдэнэ” хүнсний захуудад хамгийн өндөр үнэтэй буюу 8000 төгрөгөөр худалдаалж байна.

Categories
мэдээ улс-төр

ИЗНН сонгуульд оролцохоор болжээ

СЕХ-ноос ИЗНН-ын ирүүлсэн бичиг баримт гарын үсгийн зөрчилтэй гэж үзэн, 2016 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөх намаар бүртгэхээс татгалзсан талаар мэдээлж байсан билээ.

Тэгвэл ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг тэргүүтэй гишүүд, дэмжигчид Захиргааны хэргийн шүүхэд хандаж уг асуудлаа шийдүүлжээ. Шүүхээс ИЗНН-ыг сонгуульд оролцох боломжтойг баталсан шийдвэр гаргасан гэх мэдээлэл байна.

Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх зорилгоор ИЗНН-ын байранд 14.00 цагаас хэвлэлийн хурал заралсан байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

С.МИЯАРАГЧАА: Урьд нь зөвхөн “би, би” байсан бол одоо “тэр маань, энэ маань” гэж өөрчлөгдөж байна

“Өдрийн сонин”-ы www.admin.dnn.mn вэб сайт “Шинэ долоо хоногийн зочин” буландаа Монгол Улсын гавьяат тамирчин С.Мияарагчааг урьж, ярилцлаа.


-Та өнгөрсөн онд Японд болсон Зүүн Азийн аваргаас хүрэл медаль авч ирээд, дараа нь “Чингис хаан” гран прид зодоглосон санагдаж байна. Түүнээс хойш дэвжээнд гараагүй, одоо дасгалжуулагч хийж байгаа. Дасгалжуулагчийн ажил ямар байна вэ?

-“Хүч” спорт хороонд дасгалжуулагч хийж байна. Цагдаагийн цолоо сэргээж, дасгалжуулагчийн орон тоон дээр очсон. Хуучин бол зөвхөн өөрийгөө бодож, өөрийгөө л бэлдэн, дасгалжуулагчаасаа хамааралтай явдаг байсан. Одоо харин байгууллагаа бодож, олимпод оролцох тамирчидтайгаа хамт бэлтгэл сургуулилт хийх, тэд маань ямар байна гэхээс эхлээд олон хүний тухай бодож эхэлж байна. Юмыг арай өөрөөр харж эхэлсэн гэх үү дээ. Болохоор юм шиг санагдаж байна. Урьд нь зөвхөн “би, би” байсан бол “тэр маань, энэ маань” гэдэг болж өөрчлөгдөж байна.

-Тэгэхээр таныг тамирчны хувьд одоо зодог тайлчихсан гэж ойлгож болох уу?

-Яг албан ёсоор зодог тайлаагүй байна. Ер нь тэдийд зодог тайлна барина гэж товлохгүй ээ. Улс амьтны анхаарал татаж ирээд л зодог тайллаа шүү гэж шуугиулаад байхыг бодохгүй байна. Энгийн явах зүгээр, би тийм байхыг хүсдэг.

-Тэгвэл шимтэй сайхан барилдааныг тань үзэх дуртай хүмүүст бас боломж байгаа л юм байна?

-Ер нь тамирчны карьераа сольж өөр, шинэ амьдрал ирж байна. Дасгалжуулагчийн байр суурь руу шилжиж, үүнийгээ л хийнэ гэсэн бодолтой байгаа. Гэхдээ барилдах ганц нэг тэмцээн бий гэж харж байгаа. Би 66, 73 кг-д барилдаж байсан, одоо жаахан жин нэмсэн. Бүр ч тэгж формоо алдчихгүй юмсан гэж бодож байгаа. Яахав, тамирчин байхад бүх юм дэс дараатай өрнөдөг бол одоо жаахан өөрийн дураар маягтай болж, амьдралын хэмнэл үл ялиг өөрчлөгдөх хандлагатай байна. Магадгүй хойтонгийн улсын аваргаар ч юмуу дэвжээнд гарч болох л юм.

-Дасгалжуулагчийн ажил тань ингээд эхэлчихлээ, алсдаа гарын шавь гаргаж ирэх талаар бодож санасан юм бий биз?

-Багш болсон гэж сонсоод хүмүүс над руу утасдаад л байгаа. Чамд хүүхдээ өгмөөр байна гээд. Ялангуяа бөхчүүд залгадаг. Намайг онгироодог уу, эсвэл яадаг юм мэдэхгүй. Техник сайтай бөх учраас хүүхдээ өгмөөр байна гэдэг. Ер нь шинэ хүүхдүүдтэй ажиллая гэсэн хэтийн бодол бол бий. Харин тэгэхийн тулд өөрийгөө бэлдэх хэрэгтэй. Учир нь бэлтгэл ханачихсан, өндөр зэрэглэлийн тамирчидтай барилдаад, тэдэнтэй харьцаад сурчихсан болохоор хүүхдүүдтэй ажиллахад надаас ямар тэвчээр гарах юм, тэрийгээ давах сэтгэл зүй бэлэн байх ёстой. Яг шавьтай болох тухайд өнөө маргаашдаа ярих эрт байна, хоёр жилийн дараа эхлэх байх.

-Хүмүүс хүүхдээ ундарга сайтай багшид атгуулъя гэж бодох байх л даа. Дэлхийн дэвжээнд “Аюултай монгол”, “Хар азарга” гэж нэрлүүлж явсан түүх танд бий шүү дээ. Таныг классик барилдаантай бөх гэж хүмүүс ярьдаг?

-Яг классик барилдаан гэж яривал өөр шүү. Япон бөхчүүд шиг цэвэрхэн барилдахыг классик гэж хэлнэ. Япончууд ямар гоё барилддаг билээ, жүдо үздэг хүмүүс мэднэ дээ. Нэг ёсондоо цэгцтэй барилдааныг яриад байна л даа. Миний хувьд хүүхэд байхаасаа самбо барилдаж байсан, тэгээд нэг жаахан үндэс тал руугаа ч орох гээд байдаг. Тэгэхээр тасархай гоё классик, яг япончууд шиг цэвэрхэн барилдаан бол хийдэггүй, аан харин маш богино хугацаанд мэхэн дээрээ тэсэрч чаддаг. Мэхэндээ хүчтэй. Тэр нь л хүмүүст таалагдаж, үүнийг маань хардаг байх.

“Аюултай монгол”, “Хар азарга” уу. Японд очиход “Хар азарга” гэж ирээд л хэвлэл дээр бичсэн юм. Тийм нэр өгсөн байсан. Татамид гарч ирээд ямар ч аварга байсан савахаа хүрвэл савчихдаг гэж бичсэн байх. Европт барилдах гээд очиход тун богинохон хугацаанд огцом дээшээ гарч ирсэн, “аюултай монгол” гэж нэр өгчихсөн байсан. Нэг секундэд гурван мэх хийсэн гээд л ярьдаг.

-Торгон мөчид мэхний олон хувилбар гаргаж барилдах нь бас авьяасын “хэлтэрхийтэй” хүний хийдэг юм байх шүү?

-Миний ааваас ирсэн удмын юм байх. Намайг бодвол аав минь уран барилдаантай. Хөл тавих, хөмрөх, суйлах бүгд цэвэрхэн барилдаан гардаг. Бас сайхан тэсэрдэг. Тэр нь надад өвлөгдөж ирж энэ дайны барилдаанч болсон байх. Яалт ч үгүй л аавын минь надад үлдээсэн буян болов уу. Ээжийн талд бөхчүүд ховорхоон. Гомдох вий дээ (инээв).

-Үзэгчид Х.Цагаанбаатар та хоёрыг үргэлжийн өрсөлдөгч юм шиг харж, ярьдаг байлаа. Та өөрөө тэр тухайд юу гэж бодож явдаг вэ?

-Ер нь манайхан нэгийг нөгөөтэй заавал харьцуулж ярьдаг. Миний хувьд Цагаанбаатараас суралцагч, харин би түүнийг хурцлагч нь гэвэл илүү үнэн. Ингэж л бид хоёр нэгийгээ дээш нь гаргаж ирж, өргөж өгсөн залуучууд гэж би хувьдаа боддог. Тэрнийхээ ч үрийг хүртэж, хоёулаа хамт дэлхийд нэг, хоёрдугаар номерт явсан үеийг хүмүүс санах байх. Тухайн үед япончууд дэлхийд лаг л байсан. Япончууд бичигдээгүй байхад хоёр монгол ранк тэмдэглэдэг болсноос хойш дэлхийн нэг, хоёрт огцом гарч ирсэн. Барилдаж л явсан болохоос амьдрал дээр бид хичнээн сайхан найз нөхөд билээ.

-Яахав таны карьерыг бүхэлд нь ингээд харахад харамсалтай юм, дарагдчихлаа гэх маягаар их ярьсан л даа?

-2010 оноос авахуулаад л нэг жинд хоёр хүн явдаг болсон. Тэгж байж би танигдсан л даа. 2009 онд нэг жинд нэг л хүн явдаг байлаа. Тэр үед чинь мөнгө ч байхгүй, хэн сайн байгааг нь явуулна. Тухайн үед Цагаанбаатарыг би ялдаггүй байж байгаад 2009 оноос ганц нэг ялж эхэлсэн юм. Тэр оныхоо сүүлээс гадагшаа ганц нэг тэмцээнд явж бас чамгүй амжилт үзүүлж, тэгээд 2010 оноос хойш арай өөр түвшинд гарч ирж ийш тийшээ явдаг барьдаг болсон. Би гавьяат цол авсныхаа дараа энэ асуултад тодорхой хариулт өгсөн гэж боддог. Сайн тамирчдыг гаргаж ирэхэд нь хамтарч бэлтгэл хийж, тэднийг түрж гаргахад тусалж чадсан байх гэж ойлгодог. Хүн бол би, би гэж ярихдаа чухал биш, хамт байгаа багаа ярих хэрэгтэй юм.

-Гэхдээ та хоёр ч удаагийн олимпод явалгүй ард нь үлдэж байсан?

-Одоохондоо нэг их харамсахгүй байна. Хөгшрөөд, нас ахисан хойно яах юм байгаа юм. Бас тэр үед тэгчих байсан юм гэж бодох вий. Одоо бол харамсаж халаглаад байх зүйл алга аа.

-“Ворлд мастерс” энэ өдрүүдэд болж байна. Та хоёронтоо аварга болж байсан?

-Тийм ээ 2010, 2012 оны “Ворлд мастерс”-т түрүүлж байлаа. “Ворлд мастерс”-д тухайн жилийн дэлхийн чансаа өндөр 16 бөх барилддагийг хүмүүс мэдэх биз ээ. Энэ жилийн хувьд хамгийн сүүлийн олимпийн эрхийн оноо олгох тэмцээн юм. Аваргуудын тулаан байхгүй юу. Манай хэдийн өнгө ямар байгаа нь эндээс бас харагдана.

-Та хорь шахам жил тамирчны амьдрал хөөж явлаа. Тамирчны зовлон жаргал юу эсийг үзсэн гэх вэ?

-Ялалтын сайхан, ялагдахын гашуун нясуун юу эс л болсон гэх вэ, нээрээ. Тийм үед дэмжиж байдаг олон сайхан хүмүүсийн хүчээр бас явдаг. 2011онд юм, манай нутгийн Б.Наранхүү ах дуудаж уулзаад, чи Лондонгийн олимпийн эрх аваад ирж чадах уу гэж асуусан. Би чадна аа л гэсэн. Тэгээд намайг дасгалжуулагчийн маань хамт цалинжуулж, уураг витаминаар хангах гэх зэргээр том дэмжлэг үзүүлж байсан. Үүнд би хувьдаа нутгийн эрхэм ахад талархаж явдаг юм. Тамирчны хувьд шинэ амжилтын төлөө явж чаддаг болсон.

2009 оны сүүлчээр байх, “Чингис хаан” дэлхийн цом боллоо. Яг тэмцээний өдөр ангина болоод хоолой өвдчихдөг юм байна. Тэрнээс болж Солонгос явах эрхийг маань хасчихлаа. Тэгэнгүүт нь ерөөсөө Хятадын Чиндаогийн гран при тэмцээнд явна гээд зардал хайгаад. Давхиж давхиж энд тэндээс талыг нь бөөгнүүлээд, үлдсэнийг нь яая даа гэж бодлоо. Тэгээд машинаа ломбардад тавиад явж байв. Чиндаод очоод манайхан мултраад л байлаа. Найз Болд-Эрдэнэ маань 73 кг-д гарч барилдаад ялагдчихав, тэгээд найз маань намайг дасгалжуулж орлоо. Тэгсэн, би хүрэл медалийн болзол хангачихсан. Тэгж, нэг юм медалиас зуураад автал миний царай туяараад л, дуу ороод маазраад эхэлсэн гэсэн. Манайхан ярьдаг юм. Медаль дээр буугаад өрнөөс гарчихсан хүн чинь онгироод хөнгөрөөд явчихгүй юу. Аваргын төлөө Хятадын бөхийг үүрээд хөл тавьж савчихаад л хоёр гараа гозолзуулаад л явчихсан байгаа юм. Энэ мэтээр ярих юм байдаг л даа.

-Гавьяа нь танд бас ирсэн шүү?

– Жүдогоосоо салахгүй, сайхан сайхан юм хийнэ гэж бодож байгаа. Энэ спортоор өдий болтол явж, бас гавьяа шагналыг нь авсан хүн байна.

Спорт хүнд зөв хүмүүжил, бие бялдар олгодог. Би жилдээ зөвхөн жин хассан бэлтгэлээ тооцож үзэхээр зуу гаран кг заавал хассан байдаг юм билээ. Жилдээ 16, 17 тэмцээнд орлоо гэж бодоход нэг тэмцээнд явахдаа дор хаяж 6-7 кг хасна. Зүгээр өдөр тутамд бэлтгэл хийхдээ гаргаж байгаа хөлс хэдэн ч кг байдаг юм. Гэхдээ манай улсын хороо биднийг бишгүй их дэмжиж энэ бүхний араас хөөцөлдөж шийдэж явсныг мартаж болохгүй ээ. Бидний дээд үеийн ах нар бэлтгэлээсээ орж ирээд хоёр зуугийн поошгинд үзэмний шүүс буцалгаж хийгээд уудаг байсныг бодвол хамаагүй хангамжтай байсан. Одоо манай улсын хороо шигшээ багийг бүрдүүлж, олимпоос медаль авахад ямар их бодлого явуулж байгааг бас ярих хэрэгтэй.

-Их спортын хүрээнд явж, олон сайхан залуучуудтай нөхөрлөсөн болов уу?

-Оросуудтай их найзална, Узбекстаны Собировтой сайхан найз. Солонгосын дэлхийн аваргын хүрэлтэй Ан-тай найз, Казахстаны бөх Ибрагимов найз маань байна. Казахстанд очиход сүйд болно. Өөрөө байхгүй байвал найзуудаа явуулж хоол унд болоод л сүйд болдог юм.

-Цагт баригдахгүй болж гэр бүл, хувийн амьдралдаа хэр анхаарч байна вэ?

-Өө яахав, ар гэрээ анхаарч эхлэх санаатай, хүүхдүүддээ анхаарал тавиад аавын үүргээ сайн гүйцэтгэчих юмсан гээд л явж байна.

-Та хоёр хүүгээ барилдуулах уу?

-Том хүү үндэсний бөхөөр барилдвал барилдахаар харагдаад байгаа. Гэхдээ өөрөө онгоц гэж хөөцөлдөөд байна. Бага маань бэлтгэл хийе гээд шалаад л гуйдаг. Зав гарахгүй юм. Хааяа нэг жүдо академийн бэлтгэл дээр дагуулж аваачдаг.

-Бөх удмаа дагадаг гэдэг дээ, танайх ч удамтай л улс. Аавыг тань яаж барилдаж явсныг хүмүүс ярих байх?

-Аав минь цэргийн арслан, самбо бөхийн дэлхийн аваргын мөнгөн медальтай, тухайн үед улсынхаа нэг номерт хэсэг явсан. Аав өөрөө “Хүч” спорт хороонд хүүхдүүдтэй ажиллана. Тэгээд намайг дагуулж аваачаад Баатарболд гээд багштай хамт дасгалжуулна. Би ч медаль авахгүй олон жил явсан. Хамт яваа хүүхдүүд цойлоод байдаг, би байдаггүй сүүлдээ сэтгэл санаагаар уначих гээд л. Тэгээд 2000 онд Дарханд самбын залуучуудын улсын аваргаар хүрэл авч байж гарч ирсэн. 2002 оноос түрүүлдэг болоод, насанд хүрэгчдээс медаль аваад л ерөнхийдөө энэ бүхэн эхэлсэн дээ.

Хэрвээ хүүхдүүд маань бөх болчихвол дотроо баярлахаар л байна. Мэдээж, бөхийн амьдрал хэцүү. Олон зүйлийг золиосолж байж их спортоор амжилт гаргадаг. Гаднаас нь харахад нэг их сайхан амжилт гаргаад орон орноор яваад л байгаа юм шиг боловч ямар тэсвэр тэвчээр хэрэгтэй. Зөвхөн улсаасаа гарахад ямар хөлс хөдөлмөр, бэлтгэл сургуулилт хийж байж гарч ирдэг вэ гэдгийг өөрийгөө сорьж хичээллэж үзсэн хүмүүс л барагцаалж хэлэх байх. Тэгэхээр хөвгүүдээ албадахгүй, өөрсдийнхөө хүсэл сонирхлоор л яваг ээ гэж боддог.

-Нутагтаа руугаа ёстой усанд гүйж яваа адуу шиг давхидаг байлгүй дээ. Дундговьд зуншлага ямар байна?

-Долоо хоног болгон л “гүйдэг” ш дээ. Саяхан оччихоод ирсэн. Бороо орж чийг аваад дажгүй сайхан байна лээ. Ноднин сумаас мал өгсөн, хэдэн малтай тэндээ очно. Найз нөхдийн бэлэглэсэн хэдэн адуу бий. Гэхдээ цуглуулж хурааж аваагүй ээ, айл айлдаа л байгаа.

-Уядаг барьдаг юм бий юу?

-Би ямар уях биш.

-Манайхан одоо ингээд наадмын тухай ярьж, хөл хөс болоод явчихна. Наадмаар хаагуур баярлах уу?

-Энэ жил нутагтаа очиж тоосоо өргөнө. Зүгээр л хийморио сэргээх гэж явна аа.

-“Хүч”-ийн 70 жилийн ой тохиож байгаа билүү?

-Тийм ээ. Ойгоо тэмдэглэж 70 бүтээлч ажил хийж, үйл ажиллагаа маань жигдэрч байна. “Хүч” спорт хороо татан буугдаад байсан ч дахин сэргэсэн. Хэрвээ Цагдаагийн албаны тухай хууль батлагдвал хуучин сайн тамирчдаа буцаагаад татаж авах төлөвлөгөө бий. Татан буугдсанаас болж тамирчид маань ийш тийшээ тарсан л даа. Ойн жил учраас цагдаагийн албан хаагчдын дунд буудлага, бокс, гардан тулаан, халз тулаан, самбо жудо, дугуй гэх мэт 17 төрлийн спортын уралдаан, явган аялал зэргийг зохион байгуулж байна, үүнд оролцлоо.

-Олимп хаяанд ирсэн байна. Танай “Хүч” спорт хороонд энэ олимпод оролцох хэдэн тамирчин байгаа вэ?

-“Хүч” спорт хороонд олимпийн эрх авсан долоон тамирчин харьяалагдаж байна. Бид бүхэн найман тамирчин болчих болов уу гэж найдаж байгаа. Боксын 69 кг-ын жинд ОУХМ Б.Түвшинбат, буудлагын Ч.Мөнхзул мастер, жүдогийн 63 кг-ын жинд гавьяат Ц.Мөнхзаяа, мөн жүдо бөхийн 48 кг-ын жинд гавьяат тамирчин М.Уранцэцэг, чөлөөтийн О.Насанбурмаа, гавьяат тамирчин Б.Сэр-Од, мөн марафоноор ОУХМ Отгонбаяр эрх авсан байна. Чөлөөт дээр нэг эрх нэмэгдэж магадгүй, одоогоор албан ёсоор зарлагдаагүй байна. Ингээд найм эрхтэй болчих байх гэж хүлээж байна.

Ц.БАЯРЖАРГАЛ

Categories
мэдээ нийгэм

102 дугаар цэцэрлэгийн санхүүжилтийг шийдвэрлэв

Нийслэлийн Засаг дарга “Хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний үлдэгдэл санхүүжилтийг шийдвэрлэх тухай” А/407 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2016 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний үлдэгдэл санхүүжилтийн жагсаалт, гэр хорооллын дахин төлөвлөлтийн инженерийн шугам сүлжээ, авто замын зураг төсөл, угсралтын ажлын үлдэгдэл санхүүжилтийн жагсаалтыг тус тус батлав.

Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Хөрөнгө оруулалтын газарт, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг Өмчийн харилцааны газарт даалгалаа гэж Нийслэлийг ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

НИЙСЛЭЛИЙН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР 2016 ОНД САНХҮҮЖИХ
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭНИЙ
ҮЛДЭГДЭЛ САНХҮҮЖИЛТИЙН ЖАГСААЛТ
/төгрөгөөр/

Төсөл, арга хэмжээний нэр, хүчин чадал, байршил Хугацаа Төсөвт өртөг 2016 оны үлдэгдэл санхүүжилт
1 Баянгол дүүргийн 8 дугаар хорооны барилга 2015-2016 1,538,200,000 650,000,000
2 Налайх дүүргийн 2 дугаар хорооны “Нарлаг” гэр хорооллын гадна шугам сүлжээний угсралтын ажил 2015-2016 1,050,100,000 170,376,007
3 102 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилга /ЧД,15 дугаар хороо/ 2015-2016 2,304,000,000 620,329,999
4 Төв цэвэрлэх байгууламжийн өргөтгөл, шинэчлэлтийн ажлын зөвлөх үйлчилгээ 2014-2016 4,801,074,650 669,374,650
5 Эрдэнэтолгой, УС-15 орчмын үерийн хамгаалалтын барилга байгууламж /БЗД, 8 дугаар хороо/ 2015-2016 2,699,873,785 682,600,000
6 Ариутгал халдваргүйжүүлэлтийн пункт /2ш/ 2015-2016 798,100,000 300,000,000
7 Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалтын цогцолбор төвийн барилга 2014-2016 4,100,000,000 500,000,000
8 Хотын төвийн зүүн хойд хэсэгт 2*16 МВА чадал бүхий 35/6 кВ-ын дэд станц, 6-10 кВ-ын кабель шугамын ажил 2015-2016 5,645,200,000 600,000,000
ДҮН 22,936,548,435 4,192,680,656

ГЭР ХОРООЛЛЫН ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙН ИНЖЕНЕРИЙН
ШУГАМ СҮЛЖЭЭ, АВТО ЗАМЫН ЗУРАГ ТӨСӨЛ, УГСРАЛТЫН
АЖЛЫН ҮЛДЭГДЭЛ САНХҮҮЖИЛТИЙН ЖАГСААЛТ

/төгрөгөөр/

Төсөл, арга хэмжээний нэр, хүчин чадал, байршил Хугацаа Төсөвт өртөг 2016 оны үлдэгдэл санхүүжилт
1 Баянзүрх дүүргийн 8, 16 дугаар хорооны нутаг дэвсгэр Батлан хамгаалахын сургууль орчмын гэр хороололд барих дулааны эх үүсвэр 2ш, дулааны Ф80/300мм-ийн 2010м шугамын барилга угсралтын ажлын нэмэлт хөрөнгө 2015-2016 5,850,000,000 500,000,000
2 Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр Дарь-Эх орчмын 4.5 га талбайд хэрэгжүүлэх инженерийн шугам сүлжээний барилга угсралтын ажил 2015-2015 7,138,951,636 1,029,132,401
3 Ус дулаан дамжуулах төвийн барилга 3ш, гадна дулааны Ф150-250 мм-ийн голчтой 0,73 км шугам, гадна цэвэр усны Ф200-300 мм-ийн голчтой 0,884 км шугамын барилга угсралтын ажил /СХД, 1,2 дугаар хороо/ 2015-2016 2,594,512,578 759,451,258
4 Цахилгааны хувиарлах байгууламж 1ш, Хаалттай дэд өртөө 2ш, 4,09 км кабель шугамын ажил /СХД, 1,2 дугаар хороо/ 2015-2016 1,360,452,758 136,045,276
5 ХУД, 8 дугаар хороо, А хэсэгчилсэн талбайд 10 кв-ын кабель шугам, хувиарлах байгууламжийн барилга, тоног төхөөрөмж, 2*630 кВА-ын ХТП-2, 5 дэд өртөөний барилга, тоног төхөөрөмж 2015-2016 1,905,528,696 700,000,000
6 БЗД, 2,4 дүгээр хороо, гэр хорооллын дахин төлөвлөлтийн В хэсэгчилсэн талбайн гадна цахилгаан хангамжийн эхний ээлжийн барилга угсралтын ажил 2015-2016 3,682,871,065 3,582,871,065
ДҮН 22,532,316,733 6,707,500,000
Categories
мэдээ нийгэм

10 ширхэг түргэний машин худалдан авах хөрөнгийг шийдвэрлэлээ

Эрүүл мэндийн яаралтай тусламж үйлчилгээг сайжруулах зорилгоор нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс түргэн тусламжийн 10 машиныг худалдан авах тухай Нийслэлийн Засаг даргын захирамж гарлаа. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд эрүүл мэндийн яаралтай түргэн тусламжийн үйлчилгээнд 70 машин явж байгаа бөгөөд олон улсын стандартаар 8-10 мянган хүн тутамд нэг дуудлагын машин байх ёстой юм. Энэ стандартаар нийслэлийн хэмжээнд яаралтай түргэн тусламжийн үйлчилгээнд 130 машин байвал эрүүл мэндийн түргэн тусламжийн үйлчилгээ сайжрах боломжтой юм байна. Тиймээс нийслэлийн иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн түргэн тусламжийн үйлчилгээг сайжруулах зорилгоор түргэн тусламжийн үйлчилгээнд явах иж бүрэн тоноглогдсон 10 машиныг санхүүгийн болон техникийн чадавх болон бусад нөхцөл, шаардлагыг хамгийн сайн хангасан гүйцэтгэгчийг шууд гэрээ байгуулах замаар сонгон шалгаруулан нэг тэрбум гучин сая төгрөгөөр худалдан авахаар боллоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.