Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Энэ гурван номыг л уншчих

Марк Скаузэн: Эдийн засгийн ухаан эдүгээчлэгдсэн замнал Орчуулсан Л.Амарсанаа, Баабар

Хүний түүх бол эдийн засгийн түүх. Үхрээ сүхээр, сүхээ алтаар солилцдог тухай Маркс бичээд бараг л томьёо гаргасан байдаг. Бүр эртний Герегт эконом гэсэн үг буй болсон нь “гэр орон судлал” гэсэн утгатай гэнэ. Гэхдээ хүний амьдралын хамгийн чухал хэсэг болох эдийн засгийг Адам Смитийг хүртэл хэн ч буурьтай судалж байсангүй. Эдийн засгийг судалж шинжлэх ухаан болгосон хүн нь А.Смит юм.

Эдийн засгийн сургаалд гурван том урсгал гарч хоорондоо олон жил маргасан. Адам Смит жам ёсны хөгжлийг судалж, хүмүүс болон төр үүнд хэрхэн ханддагийг илрүүлжээ. Нөгөө нь Карл Маркс. Тэрээр хүн төрлхөтний хөгжлийн үе шатыг судалж энэ нь ангиудын тэмцлийн түүх юм гэсэн дүгнэлтэд хүрчээ. Маркс капиталист нийгмийн эдийн засгийн механизмд анхаарлаа хандуулан эцэст нь энэ нь сорон мөлжигчдийн нийгэм гэж дүгнээд ангийн тэмцлийн үр дүнд зайлшгүй халагдах хувь заяатай ба коммунизм гэсэн бүгдэд аз жаргал, сайн сайхныг бэлэглэх нийгмээр солигдоно гэжээ. Гурав дахь нь Жон Мэйнард Кэйнс. Тэрээр капиталист нийгмийг төрөөс удирдан чиглүүлж илүү үр дүнтэй болгох, хямралыг даван туулах тухай сургаал боловсруулсан. Адам Смит жам ёсыг нь хэлсэн, Карл Маркс өөрчлөх тухай ярьсан, харин Жон Мэйнард Кэйнс засаж залруулах тухай сургасан.

Эдийн засгийн шинжлэх ухаан хөгжсөн 250 жилд олон эрдэмтэн хүний нийгмийн гол хөшүүрэг болсон энэ салбарт олон нээлт хийжээ. М.Скаузэний энэ ном маш хөнгөн хялбар байдлаар тайлбарласан. Нэрт эдийн засагчдын хувийн амьдрал, тохиолдсон инээдтэй болон эмгэнэлт түүх зэргээр чимсэн нь номыг уншиж ойлгоход маш дөхөм, уран сайхны аргаар туурвижээ. Эдийн засгийн хувийн сургууль төгссөн нэг залуу “Скаузэнийг уншаад л эдийн засгийн ерөнхий ойлголттой болчих байсан байна. Шал дэмий дөрвөн жил сурлаа, тэр сургуулиас энэ номын хэрийн ойлголт авч чадаагүй шүү” гэж хүртэл ярьсан.

Эдийн засаг бол хүн болгонд хамаатай учраас элдэв томьёо, математик, диаграмм оролгүйгээр энгийн үгээр тайлбарлаад өгчихвөл ойлгохгүй хүн огт үгүй. Эдийн засгаар бичигчид гол төлөв өөрийгөө харуулах гэж махардгаас энгийн юмыг хүндрүүлж хүн халширмаар юм болгочихдог. Эдийн засагчид хонь тоолохдоо хөлийг нь тоолоод дөрөвт хувааж байж дүнгээ гаргадаг.

Комикс гэгдэх шог зургаар бүхэл бүтэн эдийн засгийн сургаалыг хялбарчлан таниулсан ч ном бий. Ёрам Бауман зохиож комиксыг нь Грэди Клайн зурсан Макроэдийн засаг: зурагт ном гэсэн хөөрхөн бүтээл байна. Инээж хөхөрч байгаад л эдийн засгийг наргиан болгон ойлгож болно. Орчуулагч Б.Мядагмаа.

Дарон Ажэмоглу, Жэймс Робинсон: Улс үндэстний уналт, доройтлын шалтгаан. Орчуулсан Б.Оюунчимэг

Улс орны хүчирхэгжилт, хөгжил дэвшлийг ч, уналт доройтлыг ч байгаль цаг уур, газар зүйн байршил, тухайн ард түмний уламжлал, зан заншил, шашин, боловсрол, байгалийн баялаг, иргэншил соёлын төлөв зэргээр тайлбарладаг байлаа. Ажэмоглу, Робинсон нар үүнийг үнэхээр эдгээр хүчин зүйлээс шалтгаалдаг юм уу гэж судалгаа хийж үзжээ. Австриас Этиоп хүртэл, АНУ-аас Ботсвана хүртэл, Оросоос Узбекстан хүртэл гэх мэт өргөн талбайд өгсөж байгааг нь ч, уруудаж байгааг нь ч судалжээ. Сонирхолтой нь улс орон өөдлөн дэвжих, эсвэл уруудан доройтох нь улс төрийн болон эдийн засгийн инстүүцээс илүү хамаардаг аж.

Хэт идэвхтэй эдийн засгийн инстүүцүүдэд хоёр эрдэмтэн гол анхаарлаа төвлөрүүлжээ. Хэт идэвхт эдийн засгийн инстүүц өөрсдийн эрх ашгийн тулд тун цөөн бүлэглэлд улс орны эдийн засгийг удирдан чиглүүлэх бололцоо олгодог. Эдийн засгийн бололцоог өөрсдөөсөө хамааралтайгаас бусад бүлэглэлд олгохгүй зүйл бүрээр шахна. Ингээд ирэхээр нийгмийн ихэнхийг бүрдүүлэх хэсэгт алив эдийн засгийн явцын ашиг тусдаггүй. Ийм байдлаа хадгалахын тулд хэт идэвхт бүлэглэл улс төрийн инстүүцийг эзэлдэг аж.

Хэт идэвхтэй эдийн засгийн бүлэглэл тодорхой нөхцөлд улс орныг хөгжил дэвшилд хүргэдгийг үгүйсгэх аргагүй. Гэвч эдийн засгийн өсөлт нь хүн амын ихэнхд наалддаггүй учир хэт идэвхт инстүүцийн нас богино, амжилт нь удаан үргэлжилдэггүй. Нөгөө талаас тогтвортой өсөлт гардаггүй болохоор хүн амын дийлэнхийн амьдралын түвшин дээшилдэггүй. Тогтвортой өсөлттэй газар гадны болон дотоодын хямралыг амар хялбар туулж чаддаг бол хэт идэвхт инстүүц хямралыг улам гүнгийрүүлдэг аж.

Хүний нийгэм өөрийн жам ёсны хуулиар амьдардаг. Бүхий л хөгжил дэвшил эволюцийн замаар аажим дээшлэн дэвжинэ. Элдэв үзэл суртал, дарангуйлал нь жам ёсны хөгжилд засвар оруулдаг. Нийтийн жам ёсны хөгжилд тодорхой хүн болон бүлэглэл оролцоод эхлэхээр л шугамаасаа хазайж хар аяндаа бүлэглэлээс гадуурх хүн амын олонх гадуурхагдаж, тэднийг мөлжиж, эрүүл өрсөлдөөнөөс шахан зайлуулна.

Инстүүц гэдгийг төрийн машин, тодорхой засаглал гэсэн том утгаар л ойлгодог байсныг Ажэмоглу, Робинсон нар маш өргөн утгаар тайлбарлажээ. Нэг хот айлыг аваад үзэхэд энэ нь бичил инстүүц юм. Малаа маллаад, тэндээсээ ашиг олоод амар тайван амьдарч байгаа малчин айл нь жам ёсоороо хөгжиж яваа инстүүц мөн. Өөр том инстүүц, хэт идэвхт бүлэглэл гаднаас нөлөө үзүүлээд эхлэхээр мөнөөх малчин айлын жам ёсны хөгжил гажиж эхэлнэ. Сум бол инстүүц. Өөрөө өөрийгөө аваад явдаг, ямар ч гадны дарамт шахалтгүйгээр хөдөлмөрийнхөө үр шимийг зүй ёсоор хүртдэг байж тэр нь жам ёсны болно. Төрийн дэмжлэгээр оршин тогтнож буй Монголын олон сумд инстүүц мөн үү? Төр нэг талаас дэмжээд байгаа юм шиг мөртөө бүх асуудалд нь хутгалдан ордог болохоор үнэн чанартаа жам ёсоороо хөгжих бололцоогүй болоод ирнэ. Компани бол инстүүц мөн. Шударга өрсөлдөөн үгүй болбол зөвхөн төрийн дэмжлэгтэй компаниуд дэвжиж бусад нь зүй бусаар дампуурах, ашиггүй болох руугаа явна. Уг нь жам ёсоороо дампуурах нь мөн л жам ёсны хэрэг, үүнийг Шүмпэттэр “бүтээлч устгал” гэж нэрлэж байв. Интернэт буй болсноор цаасан хэвлэл эрхэлдэг үй олон компани дампуурсан нь жам ёс. Харин дампууруулахгүй төрөөс тэтгээд явбал энэ нь хөгжлийг боож хааж буй хэрэг.

Африк, Латин Америкийн олон оронд тохиолддог жишээг их татсан байдаг. Нэртэй том эдийн засагчид тухайн орны хөгжлийн учиг шалтгааныг төрийн удирдлагад нь тайлбарлахад бүгд маш сайн ойлгодог. Гэвч улс орон нь уруудан доройтож буй шалтгааныг ойлгож байгаа мөртөө зөвлөснөөр нь хийвэл өөрийнх нь бүтээсэн гаж инстүүцэд хамаарч буй бүлэглэлийн эрх ашгийг хөндөхөөс айж мэдсээр байж буруу замаар явдаг гэнэ.

Улс оронд хамгийн чухал инстүүц бол хуулийн засаглал юм. Хэнээс ч үл хамаарсан шударга хуультай, түүнийгээ яс мөрдөж чадвал үй олон инстүүцийн жам ёсны хөгжлийг нь хангаж, хамгаалж чадна. Үүний хамгийн тод жишээ нь Африкийн Ботсвана улс. Зуугаад жилийн өмнө тэндхийн омгийн ахлагч нар Англид ирж зөвлөлгөө авчээ. Тэд эргэж ирээд Английг дуурайсан хуулийн инстүүц байгуулж Ботсванагийн тогтвортой хөгжлийн суурийг тавьсан байна.

Улс орны уналт доройтлын шалтгаан бол нийгмийн цөөн тодорхой хэсэг өөрийн хувийн эрх ашгийн төлөө шийдвэр гаргаж албадан мөрдүүлдэгт байна. Хүн болгон өөрийн эрх ашгийг боддог нь хөгжлийн гол түлхүүр болохыг Адам Смит хэлсэн. Оршин буй үй олон эрх ашгаас хамгийн тэргүүнд хувийн эрх ашиг байхыг өнөөгийн ихэнх орны Үндсэн хуульд зааж өгсөн. Гэхдээ хамгийн гол цэг нь хүн өөрийн эрх ашгийг нэгд тавих боловч тэр нь бусдын эрх ашгийг хохироож болохгүй гэсэн алтан дүрэм. Өөрөөр хэлбэл нийгмийн бүх гишүүн хувийн эрх ашгаа тэргүүнд тавих боловч, бүх хүн нийгмийн өмнө тэгш эрхтэй учир өөрийн эрх ашгийг бусдаар хөндүүлэхийг зөвшөөрөхгүй байх ёстой. Унаж доройтож буй улс орны гол зовлон нь тодохой цөөн хэсэг хувийн эрх ашгаа бодохдоо үй олон хүний хувийн эрх ашгийг боож хаан, хөндөж байгаад байгаа юм. Энэ тухай нарийвчлан мэдье гэвэл номын зохиогч Робинсон хэдхэн хоногийн дараа Монголд ирж лекц унших юм байна.

Поол Коллиэр: Адагт үлдсэн тэрбум: хамгийн ядуу орнууд хэрхэн сүйрэн унаж байгаа тухай. Орчуулсан Л.Баян-Алтай

Манай дэлхий дээр өнөөдөр долоон тэрбум хүн амьдарч буй. Үүнээс нэг тэрбум нь үгээгүй ядуу аж. Энд Өмнөд Азийн, Төв Америкийн, Төв ба Зүүн Африкийн гуч гаруй орон хамаарч байна. Эдэн дунд далайд гарцтай нь ч бий, гарцгүй нь ч бий. Байгалийн баялагтай нь ч бий, баялаггүй нь ч бий. Яагаад эд ингэтлээ үгүйрсэн, цаад шалтгаан нь юу болох талаар Оксфордын Их сургуулийн профессор Поол Коллиэр олон жилийн судалгаа явуулжээ. Судалгааныхаа дүнг нэгтгэн “Адагт үлдсэн тэрбум: хамгийн ядуу орнууд хэрхэн сүйрэн унаж байгаа тухай” гэсэн ном 2007 онд бичжээ.

Ядуу орнуудын улс төрийн байдал байнга тогтворгүй байдаг. Бүхий л тогтворгүй байдлын цаад шалтгаан хөрөнгө мөнгө булаацалдсантай холбоотой. Үүнд эхлээд төрийн эрх мэдэлтнүүд хамрагддаг ба явсаар бараг л бүх ард түмний үйлс болон өргөждөг байна. Бослого гаргаж иргэний дайн өдүүлэгч бүлэглэл юун түрүүн эрх чөлөө, ардчилал, үндэсний эрх ашиг, байгаль орчныг хамгаалах зэрэг аль л олигтой гэсэн уриа лоозонг дэвшүүлдэг. Тиймдээ ч үгээгүй орнуудад гарч буй төрийн эсрэг бослого болгон шахам гаднаас асар их дэмжлэг хүлээдэг аж.

Арьсны үзэлт Өмнөд Родэзийн дэглэмийн эсрэг Мугабэгийн эсэргүүцлийн хөдөлгөөн дэлхий дахины дэмжлэг хүлээж байсан. Мугабэ Засгийн эрхэнд гарч дэлхийн хамгийн харгис дэглэмийн нэгийг тогтоолоо. Хөгжлийн түвшнээр дэлхийн тэргүүлэх эгнээнд явж байсан Өмнөд Родэзи нь Зимбабвэ нэртэй болж Мугабэгийн гарт ороод 30 жил өнгөрөхөд эргэж сэхэхээргүй үгээгүй ядуу улс болон хувирав. Сьерра Леонийг иргэний дайн руу хөтөлсөн бослогын ахлагч Фодэй Санког хэлэлцээ хийсний дүнд дэд Ерөнхийлөгчийн суудлыг санал болгожээ. Тэрээр энэ суудлаас татгалзаж, оронд нь энэ улсын алмааз ихтэй хэсгийг нэхэж байв. Фижи улс нь улаан мод тариалдгаараа алдартай. Засгийн газар үүнийгээ гадаадын менежмэнтээр удирдуулахаар шийдэн тендер зарлажээ. Тендерийн дүн гарснаас сарын дараа нутгийн уугуул Жорж Спэйт гэгч “Фижиг фижичүүдэд” гэсэн уриатайгаар зэвсэгт бослого өдөөв. Мань хүн тендерт ялагдсан компаний зөвлөх хийдэг байсан юм байна.

Бослого хөдөлгөөн дээд эгнээнд нийгмийн сайн сайхны төлөө гэсэн улс төрийн сайхан уриатай байдаг бол дунд болон доод эгнээ рүү байгаль хамгаалах, орлогыг тэгш хуваарилах, үндэстнээ хайрлах, гадаадын шулаачдыг эсэргүүцэх гэх мэтийн “иргэнлэг” уриатай болж ирдэг гэнэ. Нигерийн газрын тосны бүст гарсан бослогод оролцогч 1500 хүний дунд энд хэн оролцож байгаа талаар доктор Адэжору нарийвчилсан судалгаа явуулжээ. Тэд дөрвөн нүглийн эсрэг тэмцэх уриатай: Шунал (Тос олборлогч компани), Бузар булай (Байгаль орчны бохирдол), Дарангуйлал (Засгийн газар), Гэгээнтэн (Урьд нь шүүхээс цаазаар авсан үймээн дэгдээгч Кэн Саро Вива гэгч). Үймээн гаргагчид дотор эдгээр нүглийн шууд хохирогч ганц ч хүн байсангүй.

Байгаль орчны бохирдол, үймээний жинхэнэ зорилго хоёр ямар ч уялдаагүй нь харагдлаа. Газрын тосгүй мужид ямар ч үймээн дэгддэггүй. Нэг цооногтой газар хүчтэй үймээн дэгддэг мөртөө 20 цооногтой газар тайван болно. Уг нь 20 цооногтой бол байгаль орчин илүү бохирдмоор. Энэ нь байгаль орчин бохирдож буйгаас үүссэн зэвүүцэл гэхээсээ хамгаалах нэрээр сүрдүүлэг, луйвар, рэкэт хийн мөнгө салгах ажиллагаа аж. Ухсан цооногоос газрын тос гараад ирмэгц үймээн дэгдээн сүрдүүлж мөнгө нэхэх бизнес цэцэглэнэ. Энэ нь тухайн компанийг хариуцсан рэкэтчин хэн нь болох талаарх луйварчдын өрсөлдөөн.

Адагт орсон эдгээр тэрбум хүний засаг төрүүд нь авлигад идэгдсэн, төрийн инстүүц нь сул дорой, хуулийг мөрдөж чаддаггүй учир төр нь ч ард түмэндээ, ард түмэн нь ч төрдөө хатуу шаардлага тавьж чаддаггүй, адилтай адил, годилтой годил нэг зоосны ар өвөр болсон нийтлэг чанартай аж.

Нэгэнт найдваргүй зах зээл дээр үйлээ үзэж байгаа дотоодын компаниуд хөрөнгөө гадагш нүүлгэж эхэлдэг аж. Африкийн хамгийн ядуу гучин орны нийт хуримтлалын 70 хувь нь хөгжингүй орнуудад гарчихсаныг тооцоолсон байна. Үүний дараа эдгээр үгээгүй найдваргүй орнуудад “тархины дүрвэлт” гээч үзэгдэл болдог гэнэ. Юм бүтээх чадвартай, улсдаа хамгийн их татвар төлдөг, сүйхээтэй боловсролтой иргэд бултуулсан хөрөнгийнхөө араас явдаг аж. Тэд хаана ч өөрсдийгөө аргалаад амьдрах чадвартай учир гадаадад гарсан ч ажил бизнес олддог юм байна. Харин улс орны аль л арчаагүй, боловсрол мэдлэггүй хүмүүс нь гадаадад гарлаа ч ажил олж амиа аргалаад явж чадахгүй учир илжирсэн байрандаа үлдэнэ. Иймээс явсаар задгай мөнгө хадгалдаг вааран гахайн дүрсэн дотор байгаа задгай зоосыг зөв тоолчиж чадахгүй арчаагүй мунхгууд эдгээр орны Сангийн сайд, Эдийн засгийн сайд болох нь элбэг болж хэмээн Коллиэр бичжээ. Энэ бүхний нийлбэрийг адагт орсон улсуудын гарч чадахгүй болсон занга гэж нэрлэх аж.

Эцэст нь өгүүлэхэд бидний өдөр тутам харилцдаг эдийн засаг гээч энгийн ойлголтыг Скаузэнээс олж мэдэх, энэ нь төрөөс хэрхэн хамаардаг, энэ хамаарал нь хуулиар биш хувийн сонирхолд хөтлөгдвөл улс гүрнээрээ унаж доройтдог тухай Ажэмоглу, Робинсон нараас сонсох, нэгэнт дампуурал руугаа явбал төрийн өндөрлөгүүдээс эхлээд энгийн хармайны хулгайч хүртэл хэрхэн дээрэмчин тонуулчин болж улс орноо алж дуусдагийг Коллиэроор яриулаад ойлгоод авчих юм бол социализмд бэлтгэгдсэн эдийн засагчдаас хэд дахин илүүг мэдээд ойлгоод авчихна даа.

2016.5.2

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-оос “Баабар ингэж өгүүлэв” буланг хүлээн авч уншаарай

“Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

Панамын оффшор данстай холбоотой мэдээлэл дэлхий нийтэд шуугиан тариад байна. Тэгвэл “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаарт оффшор данстай болох нь илрээд буй Монгол иргэдийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байна. Оффшортой данстай хэмээн нэрлэгдээд буй УИХ-ын гишүүн асан Д.Батбаяр, Сү.Батболд, Барилга, хот байгуулалтын сайд асан Д.Цогтбаатар, Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудай нар холбогдох мэдээллийг хийсэн юм. Тэд чухам ямар тайлбар хийснийг та бүхэн “Өдрийн сонин”-оос уншаарай.

Мөн өнөөдрийн шинэ дугаарт нэгэн сонирхолтой нийтлэл орсон нь НӨАТ-ын урамшууллын талаарх мэдээлэл. Тус урамшууллын супер шагнал болох 400 сая төгрөгийн азтанаар хоёр хүн тодорсон гэх. Тэгвэл энэ хоёрын хэн нь супер шагналыг авах юм бэ?. Энэ тухай мэдээллийг та бүхэн маргаашийн дугаараас уншаарай.

Нийгмийн үзэл санааны хамгийн том талбар, “Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлж байдаг алдарт гуравдугаар нүүрт энэ удаа нэрт нийтлэлч Баабарын нийтлэлийн буланд “Юмжаагийн Цэдэнбал” түүхэн эрхмийн цадиг орлоо. Харин улс төрийн хүрээнд өрнөсөн үйл явдлын мэдээллийг уншигч та бүхэн II, IV нүүрнээс уншаарай. Засгийн газрын хуралдаанаар дизель түлшний импортын онцгой албан татварын хэмжээг зарим боомтод тэглэсэн тухай таатай мэдээлэл орсон бол УИХ-ын С.Одонтуяа ярилцлага мөн гарлаа. Тэрээр “Богино хугацаанд сурталчилгаа хийхийг дэмжиж байгаа” хэмээн ярьжээ. Харин Ч.Улаан, Д.Тэрбишдагва нарыг намаасаа гарсан хэмээн мэдээлэл шуугиж байсан бол тус намаас мэдээлэл хийж Г.Давааням “Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар МАХН-аас дүрмийн дагуу гарахгүй бол нэр дэвших эрхгүй болно” хэмээн ярьсан юм. Эдгээр болон цаг үеийн бусад хэрэгцээт мэдээллийг “Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ улс-төр

АСЕМ-ын Загвар чуулганд оролцогчдыг энэ долоо хоногт бүртгэж дуусна

АСЕМ-ын дээд түвшний 11 дэх уулзалтын хүрээнд зохион байгуулах “АСЕМ-ын Загвар чуулган 2016” чуулганы бүртгэл энэ сарын 13-нд дуусна. “АСЕМ-ын Загвар чуулган 2016” чуулганыг Ази, Европын сан, Гадаад хэргийн яам, Монголын залуучуудын Холбоо хамтран зохион байгуулахаар болсон. Ерөнхий зохион байгуулагчаар Монголын залуучуудын холбоо ажиллаж байга.

Энэ хүрээнд Гадаад хэргийн яамтай ажлын хэсгийн уулзалтыг тухай бүрт зохион байгуулж, чуулганы бэлтгэл ажлыг хангахын зэрэгцээ чуулганд оролцогчдын бүртгэл үргэлжилж байна. Чуулганд 18-30 насны англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй хурал зөвлөгөөнд оролцож байсан залуусыг сонгон шалгаруулж оролцуулах юм. Одоогийн байдлаар 300 гаруй оюутан онлайнаар бүртгүүлсэн байна. Мөн МУИС, ШУТИС зэрэг томоохон их дээд сургуулиудын гадаад оюутнуудыг бүртгэж эхлээд байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийг Цэргийн гавьяаны одонгоор шагнав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийг Цэргийн гавьяаны одонгоор шагнасныг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан өнөөдөр гардуулан өгөв. Тэрээр одонг тус ангийн байлдааны туганд хүндэтгэлтэйгээр зүүж өгсөн юм.Шагнал гардуулах ёслолд УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, ЗХЖШ-ын дэд дарга хошууч генерал Р.Сүхбат нарын зэрэг албаны хүмүүс оролцсон юм. Ёслолын үеэр тус ангийн бие бүрэлдэхүүн хүндэтгэлийн жагсаал үйлдэж үе үеийн удирдлагууд байлдааны тугандаа хүндэтгэл үзүүллээ.

Батлан хамгаалахын сайд агсан дэслэгч генерал Ш.Жадамбын нэрэмжит Зэвсэгт хүчний 084 дүгээр анги буюу Тусгай томилолтын батальон нь 1965 онд байгуулагдсан бөгөөд өнгөрсөн 51 жилийн хугацаанд тус ангийн шүхэрчин дайчид олон удаагийн команд, штабын хээрийн сургууль, хамтарсан хээрийн сургуулиудад амжилттай үүрэг гүйцэтгэж, улс эх орны бүтээн байгуулалт, улс ардын аж ахуйг хөгжүүлэх үйлс, байгалийн гамшиг, ослын голомтын хор уршгийг арилгах, авран хамгаалах үйл хэрэгт идэвхтэй оролцож дээд удирдлагаас өгсөн тусгай үүргүүдийг мэргэжлийн өндөр түвшинд биелүүлж Зэвсэгт хүчний нэр хүндийг өндөрт өргөж иржээ.

Мөн Ирак, Сьерра-Леон, Афганистан, Косова, Чад, Хойд болон Өмнөд Судан зэрэг орнуудад явуулж буй НҮБ-ын Энхийг дэмжих олон улсын ажиллагаанд тус ангиас 1000 гаруй офицер, ахлагч оролцон үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-ы цахим хувилбар болон аппликейшн хэвийн ажиллаж эхэллээ

“Өдрийн сонин”-ы цахим хувилбар болон www.admin.dnn.mn сайтад вэб орчныг сайжруулах засварын ажил хийгдэж байгаа. Үүнээс үүдэн цахим сонин нээгдэхгүй байх, гацах зэрэг алдаа доголдол гарсанд уншигч, хэрэглэгчдээсээ хүлцэл өчиж байна. Энэ шилжилт шинэчлэлийг хариуцан хийж байгаа “Нью медиа” группийн захирал А.Мэнд-Оршихоос цахим сонин болон вэб сайт хэзээ хэвийн ажиллах талаар тодруулахад “Техникийн шинэчлэл хийх үеэр тооцоолж төлөвлөөгүй зарим нэг алдаа гарсны улмаас цахим сонин нээгдэхгүй гацах зэрэг доголдол гарсан. Одоо шинэчлэл амжилттай дууссан. Өнөөдрөөс цахим сонин хэвийн ажиллаж эхэлнэ. Цахим сонинг гар утас, iPad, таблет дээрээ татаж уншдаг хэрэглэгчдийн хувьд ч ямар нэгэн асуудал байхгүй, хэвийн ажиллаж эхэлсэн” гэлээ.

Categories
мэдээ улс-төр

Дизель түлшний импортын онцгой албан татварыг зарим боомтод тэглэжээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэжээ. Энэ оны хаврын тариалалтыг технологийн хугацаанд хэвийн явуулахад шаардагдах 6,5 мянган тн дизель түлшний импортын онцгой албан татварын хэмжээг ирэх сарын 20-ны өдрийг хүртлэх хугацаанд Сүхбаатар, Эрээнцав боомтоор импортлохыг тэглэжээ.

Сонгон шалгаруулалтад тэнцэж гэрээ байгуулсан Нефть импортлогчийн оруулж ирсэн шатахууныг Тариалан эрхлэлтийг дэмжих сантай гэрээ байгуулсан тариалан бүхий аж ахуйн нэгж, иргэдэд олгох ажлыг зохион байгуулах, хяналт тавьж үр дүнг тооцон ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаад даалгалаа.

Нэг га талбайн нийт зардлын 22,2 хувийг шатахууны зардал эзэлдэг. Манай улсад тариалж ургуулсан улаанбуудайн өртөг нь бүс, цаг уурын хувьд ижил төстэй, хөрш зэргэлдээ ОХУ, Казакстан улсаас өндөр байгаа юм. Энэ нь тариалангийн үйлдвэрлэлд шаардагдах хөдөө аж ахуйн техник тоног төхөөрөмж, сэлбэг, бордоо, ургамал хамгааллын бодис, шатахууныг 100 хувь импортоор авч байгаатай холбоотой.

Дизелийн түлшний онцгой албан татварыг тэглэснээр бүтээгдэхүүний өртөг 190.0 орчим мянган төгрөгөөр буурч аж ахуйн нэгж, иргэдийн санхүүгийн чадамж сайжран 2016-2017 онд буудай, гурилын хэрэгцээгээ дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангах боломж бүрдэнэ гэж үэзж байна.

Categories
мэдээ нийгэм

ФОТО: Монголчуудын уламжлалт өв соёлыг илтгэсэн үзэсгэлэнгийн шилдэг бүтээлээс хүргэе

“Blue moon” галерэй арав хоног тутамд уран бүтээлчдийн шилдэг бүтээлийг танилцуулж үзэсгэлэн дэлгэдэг. Одоогоор 200 орчим уран бүтээлчдийн бүтээлийг үзэгчдэд танилцуулаад байна. Энэ удаа “Нүүдэл Суудал” хэмээх нүүдэлчин монголчуудын ахуй соёл, зан заншлыг тусгасан, уламжлалт өв соёлыг хамгаалахыг уриалсан шилдэг 60 бүтээлээр үзэсгэлэн дэлгээд байна. Тус үзэсгэлэнгийн бүтээлээс та бүхэнд сонирхуулж байна.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН


Categories
мэдээ нийгэм

Японы тусламжаар нярайн үйлчилгээний шинэ тоног төхөөрөмжтэй болжээ

Японы буцалтгүй
тусламжийн хүрээнд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд эмнэлгийн тоног
төхөөрөмж хүлээлгэн өглөө. Энэ үеэр Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа
“Эх нярайн тусламж үйлчилгээнд нэн шаардлагатай тоног төхөөрөмжтэй болсноор
тусламж үйлчилгээний чанар, хүртээмж сайжирна.

Монгол улсын эрүүл мэндийн
салбарын тусламж үйлчилгээг чанартай, хүртээмжтай үзүүлэхэд ихээхэн хувь нэмэр
оруулж байгаа Япон Улсын Засгийн газар, Японы ард түмэнд Монгол Улсын ард иргэд
болон салбарын нийт эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийнхээ нэрийн өмнөөс
талархалаа илэрхийлье” гэв.
Өнгөрсөн онд ЭХЭМҮТ, Нийслэлийн Өргөө, Хүрээ, Амгалан амаржих газруудын
эмнэлгийн тоног төхөөрөмжийг бэхжүүлэх төслийн хүрээнд 28 нэр төрлийн 279
ширхэг 11,8 тэрбум төгрөгийн эх нярайн тоног төхөөрөмжүүд нийлүүлэгдсэн байна.
Харин энэ оны хувьд эмнэлгийн тоног төхөөрөмжийг сайжруулахад улсаас 7.7 тэрбум
төгрөг төсөвлөжээ.

Categories
мэдээ нийгэм

Болгартай соёл, боловсрол, шинжлэх ухааны салбарт хамтран ажиллана

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Болгар улсын Засгийн газрын хооронд соёл, боловсрол, шинжлэх ухааны салбарт 2017-2020 онд хамтран ажиллах хөтөлбөрийн төслийг хэлэлцэн дэмжээд, гарын үсэг зурах бүрэн эрхийг Монгол Улсаас Болгар улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Дүгэржавт олгох тухай Ерөнхий сайдын захирамж гаргахаар тогтжээ.

Хөтөлбөрийн төсөлд хоёр улсын Засгийн газар бакалаврын нэг оюутан, нэг докторантыг тэтгэлэгт хөтөлбөрт жил бүр харилцан хамруулах, их дээд сургуулийн багш нарыг солилцох, боловсролын салбарын бүтэц, сургалтын агуулгын талаарх мэдээллийг солилцох, хоёр орны хэл, утга зохиолыг заах, сурталчлахад дэмжлэг үзүүлж байхаар тусгажээ.Мөн хөтөлбөрийн хүрээнд талууд хоёр улсын соёлын болон биет, биет бус өвийг хамгаалах чиглэлээр соёлын өдрүүд, үзэсгэлэн харилцан зохион байгуулах, зохиолчдын бүтээлээс харилцан орчуулах, хэвлэх, номын сан, музей болон соёлын бусад байгууллага хоорондын хамтын ажиллагааг дэмжихээр санал нэгджээ.

Categories
мэдээ улс-төр

Газар хөдлөлтөөс урьдчилан сэргийлэх зөвлөлийн хуралдаан болов

Газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн 2016 оны 2 дугаар хуралдаан боллоо. Хуралдаанаар 3 дугаар сарын 24-нд улс орон даяар зохион байгуулсан Гамшгийн аюулын тухай зарлан мэдээлэх дохиогоор ажиллах дадлага, сургуулийн үр дүн, зөвлөлийн 2015 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийн явц болон “Говийн чоно” гамшгаас хамгаалах дадлага сургуулилтын дүнг хэлэлцлээ.

Гамшгийн аюулын зарлан мэдээлэх дохиогоор ажиллах дадлагад нийт 700 гаруй мянган хүн хамрагдсан нь өмнөх онуудынхаас өссөн үзүүлэлт гэдгийг танилцуулаад цаашид нийслэлийн 9 дүүрэгт суурилуулсан зарлан мэдээллийн дуут дохиоллын цамхагийг нэмэгдүүлэх, аймгуудад гамшгийн аюулыг эрт зарлан мэдээлэх систем байгуулах, шинэчлэх зэрэг ажлыг хийж хэрэгжүүлэх хэрэгтэй байна гэж тус зөвлөлийн нарийн бичгийн дарга, онцгой байдлын хурандаа Б.Ууганбаяр мэдээлэв. Мөн тэрээр “Говийн чоно” гамшгаас хамгаалах дадлагыг анх удаа орон нутагт зохион байгуулсан. Олон улсын тусламжийн бараа угтан авах, үдэн гаргах үйл ажиллагааны болон нүүлгэн шилжүүлэх дадлагыг зохион байгуулж, практик үйл ажиллагааг нэмэгдүүлсэн гэлээ.

Түүнчлэн гамшгаас хамгаалах Японы тогтолцоо үйл ажиллагааны талаар Газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагааны зөвлөлийн нарийн бичгийн дарга Ё.Жаргалсайхан танилцуулга хийлээ.

Тус зөвлөлийн дарга бөгөөд Шадар сайд Ц.Оюунбаатар Газар хөдлөлтөөс урьдчилан сэргийлэх зөвлөлийн үйл ажиллагааны төлөвлөгөөний удаашралтай байгаа болон анхаарах шаардлагатай 10 гаруй зүйл заалтын үр дүнг тооцож, дараагийн хуралд оруулахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.