Categories
мэдээ нийгэм

Ноолуурын ханш өссөн байна

Хөдөө аж ахуйн
биржийн өчигдрийн арилжаагаар бараан болон цайвар ноолуурын ханш
63021-66300 төгрөг байна. Ийнхүү ноолуурын ханш өнгөрсөн оны мөн үеэс
10-12 хувиар өссөнийг эрэлт ихтэй холбон тайлбарлаж байна. Өчигдөр ХААБ
нийт 73770 тонн ноолуурыг 4 тэрбум 744 сая төгрөгөөр арилжааллаа. Манай
улсад 90 орчим ноолуур угаах үйлдвэр байгаа бөгөөд түүхий эдээ 100 хувь
БНХАУ-д нийлүүлж буй аж.

Categories
мэдээ нийгэм

Гадны улс орнууд оффшор данстай иргэдээ шалгаж эхэллээ

Энэ сарын 9-ний өдөр олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлзүйн нийгэмлэгээс Панамын хуулийн фирмийн оффшор дансны мэдээллийг бүрэн эхээр нь дэлхий нийтэд зарласан билээ. Дээрх мэдээлэлд нийт 215 мянган оффшор компани, улс орны удирдагч, нөлөө бүхий улстөрчид татвараас зайлсхийж, мөнгө угаасан баримт нотолгоо бүхий 11.5 сая нууц баримтууд багтжээ. Эдгээр баримтууд нийтэд ил болсонтой холбогдуулан гадаадын улс орнууд оффшор данстай иргэд албан тушаалтнуудыг шалгаж эхлээд байна. Өнөөдрийн байдлаар, АНУ, Франц, Испани, Австри, Австрали, Энэтхэг, Бельги зэрэг улсууд оффшор данстай улстөрч, албан тушаалтан, байгууллагуудтай хариуцлага тооцохоо мэдэгдээд байна. Тухайлбал нэрт хөлбөмбөгчин Леональ Мессид Испанийн прокурор татвараас зайлсхийсэн хэмээн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, хэргийг шүүхэд шилжүүлээд байгаа аж. Харин өнгөрөгч шөнөөс эхлэн Япон улс нууц данстай иргэд албан тушаалтнуудаас байцаалт авч эхэлсэн ба зарим иргэдийг цагдан хорьсон тухай тус улсын хэвлэлээр мэдээллэж байна. Мөн БНХАУ оффшор данстай иргэн албан тушаалтнуудыг шалгана гэдгээ албан ёсоор мэдэгдсэн байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Улаанбурхны вакцинд 18-30 насныхан заавал хамрагдана

Улаанбурхны халдвар өнгөрсөн оны хавраас эхлэн дэгдэж, он гарсаар 59 хүүхэд эндсэн таагүй баримт бий. Одоо ч ХӨСҮТ-ийн сэхээн амьдруулах тасагт улаанбурхны өвчлөл нь хүндэрсэн гурван хүүхэд амьсгалын аппарат зүүн хэвтэн эмчлүүлж байна. Дархлаа сайжруулах вакцинд хамрагдах нас нь болоогүй, нас нь болсон ч вакцинаа хийлгэж амжаагүй болоод бага насандаа вакцин хийлгэсэн ч дархлаа нь суларсан хүүхэд, залуус улаанбурхны халдвараар ийнхүү өвчилж, өвчин нь хүндрэх тохиолдол ХӨСҮТ-д их бүртгэгдэх болжээ. Иймээс улсын төсвөөс 943 сая 500 мянган төгрөг гарган 1986-1998 онуудад төрсөн 18-30 насны 600 мянга гаруй залуусд дархлаа сайжруулах вакцин үнэ төлбөргүй хийхээр болсон юм. Маргааш орон даяар улаанбурхны халдварыг намжаах, дарах зорилготой вакцинжуулалт нэгэн зэрэг эхэлж, энэ сарын 25-ны өдөр хүртэл буюу 14 хоног үргэлжилнэ. Ингээд вакцин заавал хийлгэх шаардлагатай 18-30 насныхан харьяалал харгалзахгүй, өөрт хамгийн ойрхон өрх, сумын эрүүл мэндийн төв, аймаг, дүүргийн эрүүл мэндийн төв, албан байгууллагууд эсвэл их, дээд сургуулиудад байрших дархлаажуулалтын түр цэгүүдэд очиж вакцинаа хийлгэнэ.

Дархлаажуулахын өмнө хүн бүрийг овог нэр, регистрийн дугаараар бүртгэж, эмчийн үзлэгт оруулж, дархлаажуулах эсэхийг шийднэ. Харин вакцин тариулсан иргэдийн зүүн гарын чигчий хуруунд тэмдэглэгээ хийж, 30 минут эмчийн хяналтанд байлгана. . Мөн 18-30 насны эмэгтэйчүүдэд энэ вакциныг тарьсанаас хойших нэг сарын хугацаанд жирэмслэхгүй байхыг зөвлөн, гарын үсгээр баталгаажуулах юм байна. Гэхдээ жирэмсэн, ямар нэгэн өвчин тусч эмчилгээ хийлгэж буй, сүүлийн нэг сарын хугацаанд ямар нэг вакцин хийлгэсэн болон өндөгний харшилтай хүнд нэмэлт дархлаажуулалтын вакциныг хийхгүй.

Эрүүл мэнд, спортын яамны мэдээллээр 2015 оны хавраас хойш улаанбурхнаар өвдсөн нийт иргэдээс 105 хүн энджээ. Эндсэн хүмүүсийн 90 хувь нь 0-8 сартай нялхас байсан байна. Харин он гарсаар 23 мянга 888 хүн улаанбурхнаар өвдөж, эмчлүүлжээ.

Categories
мэдээ нийгэм

Хурд хэтрүүлсэн 239 жолоочийн эрхийг хасахаар болжээ

Зөөврийн зөрчил илрүүлэгч камерт бүртгэгдсэн хурд хэтрүүлсэн жолооч нарын жолоодох эрхийг хасахаар болжээ.

Тодруулбал, 90 км/цагаас хурд хэтрүүлсэн 239 жолоочийн эрхийг хасахаар болсон байна.

Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс энэ сарын 9-ний өдөр зөрчил гаргасан 239 тээврийн хэрэгслийн улсын дугаар болон зөрчил илрүүлэх төхөөрөмжид илэрсэн хурд зэргийг хавсарган Улаанбаатар хотын цагдаагийн газрын Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах хэлтэст хүргүүлсэн байна. Энэ дагуу зөрчил гаргасан жолооч нарт хариуцлага хүлээлгэхээр болжээ.
Бүртгэгдсэн зөрчлүүд дунд хамгийн дээд хурд нь 140 км/цаг байгаа юм. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 41.2.Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар жолооч тээврийн хэрэгслийн хурдыг зөвшөөрөгдсөн дээд хязгаараас тавиас дээш хувиар хэтрүүлсэн бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хорин таван хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг зургаан сарын хугацаагаар хасах шийтгэл оногдуулна хэмээн заажээ.

Categories
мэдээ улс-төр

Ш.Сайхансамбуу Г.Уянгын намд элсжээ

УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуу өчигдөр Тусгаар тогтнол эв нэгдлийн намын гишүүний батлахаа авч “Тусгаар тогтнол эв нэгдэл” эвслээс Завхан аймагт нэр дэвшихээр болжээ. Ш.Сайхансамбууг МАН-аас өнгөрсөн сонгуулиаар нэр дэвшүүлээгүй, дээр нь намынхаа удирдлагуудтай таарамж муутай байгаа нь ийм шийдвэр гаргахад хүргэсэн бололтой.

Ш.Сайхансамбуугаа өмнө тус намд МУГТ Х.Цагаанбаатар элссэн нь олны анхаарлыг татаад байв.

Categories
мэдээ нийгэм

Нью-Йорк хотод Монгол сургууль нээлтээ хийлээ

Нью-Йоркийн Монгол сургуулийн нээлт энэ сарын 6-ны өдөр Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газрын байранд болжээ. Элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд нээлтийн ажиллагаанд хэлсэн үгэндээ гадаадад ажиллаж, амьдарч буй монголчуудад төрөлх хэл соёлоо уламжлан үлдээх нь Монгол төрийн чухал бодлого гээд Нью-Йорк хотод Монгол сургууль байгуулах санаачилгыг гарган байраар хангаж байгаа талаар танилцуулав. Тэрбээр цааш нь энэ санаачилгад эцэг, эхчүүдийн дэмжлэг чухал болохыг тэмдэглэж, цаашид хамтын хүчээр сургуулиа хөл дээр нь босгож, хамтран ажиллахыг уриалсан юм.

Сургуулийн нээлтийн ажиллагаанд Нью-Йорк хот төдийгүй зэргэлдээ Нью-Жерси мужид амьдардаг монголчууд хүүхдүүдийн хамтаар оролцож, сургалтад хүүхдүүдээ хамруулахаар бүртгүүлсэн байна. Тус сургуульд нийт 20 орчим монгол хүүхэд бүртгүүлээд байгаа бөгөөд нас, Монгол хэлний мэдлэгээр гурван бүлэгт хуваан хичээллэхээр төлөвлөж байгаа аж. Долоо хоног бүрийн бямба гарагт хичээллэх тус сургуульд Монгол хэл заахаас гадна монгол зан заншил, уламжлалын хичээл орох юм байна.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэх шаардлагагүй

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдааны эхэнд хэлэлцэх асуудлыг батлах үед УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж “Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд УИХ халдах ёсгүй. Ийм учраас УИХ-ын гишүүн Г.Уянгын Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хууль зөрчсөн эсэх талаар Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах тухай асуудлыг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх шаардлагагүй” хэмээн горимын санал гаргасныг байнгын хорооны хуралдааны гишүүдийн олонхи нь дэмжлээ.

Одоо УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Шүүх байгуулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж эхлээд байна. Уг хууль УИХ-аас батлагдсан нөхцөлд нэмж 7 Давж заалдах шатны шүүх, дүүргийн хэмжээнд нэмж 8 шүүх байгуулагдах юм.

Байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна.

Categories
мэдээ нийгэм

Оюутны зээлийн журам батлагдав

Засгийн газраас “Сайн оюутан” хөтөлбөрийг баталсан. Тус хөтөлбөр нь дээд боловсролын байгууллагын өрсөлдөөнийг дэмжих, сургалтын санхүүжилтийн механизмыг сайжруулах замаар боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх, оюутны бие даасан байдал, хариуцлага, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, сурах бололцоог нэмэгдүүлэх зорилготой юм. Тэгвэл уг хөтөлбөрт оюутнууд хэрхэн хамрагдах, зээлийг яаж олгох тухай ерөнхий журмыг баталжээ. Хөтөлбөрийн хүрээнд оюутнуудад богино болон урт хугацаатай зээлийг олгоно.

Энэ долоо хоногт БСШУЯ арилжааны гурван банк, магадлан итгэмжлэгдсэн дотоодын их, дээд сургууль, коллежтай гурвалсан гэрээ байгуулснаар сургалтын төлбөрийн зээл олгож эхлэх юм. Журмыг дор хүргэж байна.

Categories
мэдээ нийгэм

Нойтон цас үргэлжлэн орно

ӨНӨӨДӨР: Төв болон говийн нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн ихэнх нутаг, говийн нутгийн хойд, зүүн зүгийн нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Салхи баруун хойноос 7-12 м/с, зарим газраар 15-17 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. Сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 2 градус хүйтнээс 3 градус дулаан, говийн нутгийн өмнөд хэсээр 15-20 градус, Дорнод, Дарьгангын тал нутгаар 11-16 градус, бусад нутгаар 4-9 градус дулаан байна. Улаанбаатар хотод үүлэрхэг. Хур тунадас орно. Салхи баруун хойноос 6-11 м/с, зарим үед 14-16 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна.

Цаг агаарын урьдчилсан төлөвөөр: 13-нд баруун болон төвийн нутгаар, 14-нд нутгийн зүүн хагаст хур тунадас, нойтон цас орно. Салхи 12-нд Алтайн салбар уулсаар, 13-нд ихэнх нутгаар, 14-нд говь талын нутгаар 18-20 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. 13-нд нутгийн баруун хагаст, 14-нд нутгийн зүүн хагаст сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халхголын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан байна.

Categories
мэдээ улс-төр

Ц.Лхагвасүрэнг ЭМС-ын сайдаар томилохыг дэмжсэнгүй

Өнөөдөр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар ЭМС-ын сайдын асуудлыг хэлэлцэв. Хуралдаанаар ЭМС-ийн сайд Г.Шийлэгдамбыг 81.1 хувийн саналаар үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжсэн бол оронд нь томилохоор санал болгосон Ц.Лхагвасүрэнг сайд болгохыг гишүүд дэмжсэнгүй.

Тус байнгын хорооны дарга Д.Батцогт “Ц.Лхагвасүрэнг “Шударга ёс” эвслээс өргөн барьсан. Гэвч эвсэл задарч одоогийн байдлаар дөрвөн гишүүнтэй болсон. Нэгэнт ЭМС-ын сайдад Ц.Лхагвасүрэнг дэвшүүлэх асуудлыг Ерөнхий сайд өргөн барьсан учраас хэлэлцэх ёстой” гэж байсан юм.