Categories
мэдээ эдийн-засаг

Монгол 1.5 тэрбум долларын худалдаа хийсэн байна

Монгол улсын нийт худалдааны бараа эргэлт энэ оны эхний улирлын байдлаар 1.5 орчим тэрбум доллартай тэнцжээ. Тухайлбал, экспорт 959 сая ам.доллар, импорт 599.1 сая ам.долларт хүрсэн байна. Гадаад худалдаа эхний улиралд 359.9 сая ам.долларын ашигтай ажилласан бөгөөд гадаад худалдааны нийт эргэлт өнгөрсөн оны мөн үеийнхээс 12.4 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ. Зэсийн баяжмалын экспорт эхний гурван сарын байдлаар 412.8 мянган тоннд хүрч, үнийн дүнгээр 481.5 сая ам.доллар байсан нь биет жингээр 33 хувиар өссөн ч, үнэлэмжийн хувьд зургаан хувиар буурчээ. Мөн энэ хугацаанд алтны экспорт 2.9 тоннд хүрч, 111.3 сая ам.долларын орлого оруулсан байна. Энэ нь өмнөх оныхоос биет жингээр 18 хувь, үнийн дүнгээр 13.6 хувиар дээшилсэн дүн юм. Харин төмрийн хүдэр, нүүрс, газрын тосны хувьд экспортын биет хэмжээ буураагүй ч үнийн дүн мэдэгдэхүйц доошилсон байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Тойрогоо яаж хуваах вэ

УИХ дахь намын бүлгүүд жижиг 76 тойрог дээр эрх ашиг нэгдсэн ч тойрог хуваах дээрээ санал зөрөлдсөн хэвээр байна. Гэвч, 28-ыг адил тэгш буюу хотод 14, хөдөөд 14 мандат гэсэн Ардчилсан намын хувилбартай байгаа. Монгол Ардын намын зүгээс 16:12 гэсэн хувилбарыг Ардчилсан намд тулгаж байгаа ч эрх баригчид нэгэнтээ энэ хувилбарыг хүлээж авахгүй нь тодорхой болсон. Энэ нь ИЗНН-ын хоёрыг нэмбэл олонх буюу 39 кноптой болж Ардчилсан намын бүлэг УИХ дээр асуудлыг шийдвэрлэж буй.

Хөдөөгийн 14 мандатыг орон нутагт хуваахдаа 80 мянгаас дээш хүн амтай аймгуудын мандатыг гурав, Говь-Алтай, Говьсүмбэр, Булган зэрэг хүн ам цөөнтэй аймгийн мандат нэгээр үлдэх аж. Мөн 50-80 мянган хүн амтай аймгийн мандатыг хоёр байлгах дээр Ардчилсан нам болон Монгол Ардын нам тохирч байгаа гэнэ. Эхний ээлжинд Сэлэнгэ, Төв, Архангай, Ховд, Баян-Өлгий, Баянхонгор, Хөвсгөл, Орхон, Дархан-Уул, Завхан, Өвөрхангай, Увс, Хэнтийн мандат нэгээр нэмэгдэж гурав болох юм. Тэгвэл хотын 14 мандатыг хуваахдаа хамгийн олон хүн амтай Сонгинохайрхан болон Баянзүрх дүүрэг зургаан мандаттай болох хувилбар УИХ дээр дэмжигдэх магадлал өндөр байгаа аж.

УИХ-ын ээлжит сонгууль болоход яг нэг сар 18 хоног үлджээ. Харин намууд арав хоногийн дараа нэр дэвшигчдээ тодруулсан байх учиртай. Одоо Сонгуулийн хуулийг шинэчлэн баталсантай холбоотойгоор жагсаалтын 28-ыг хуваах ганцхан ажил УИХ дээр үлдээд байгаа юм.

Categories
мэдээ улс-төр

Монгол, Нидерландын Гадаад хэргийн яамд хоорондын зөвлөлдөх уулзалт болов

Монгол Улсын Гадаад хэргийн яам, Нидерландын Вант Улсын Гадаад хэргийн яам хоорондын хоёрдугаар зөвлөлдөх уулзалт 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотноо амжилттай явагдаж өндөрлөв. Зөвлөлдөх уулзалтыг монголын талаас Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг, нидерландын талаас тус улсын Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн орнуудын газрын захирал Питер Потмэн нар ахлан явуулж, Монгол, Нидерландын улс төр, нийгэм, эдийн засгийн байдлын талаар харилцан мэдээлэл хийж, олон улсын болон бүс нутгийн харилцаа, хамтын ажиллагааны тухай харилцан сонирхсон асуудлуудаар мэдээлэл солилцохын зэрэгцээ хоёр талын харилцаа, худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааны өнөөгийн байдал, хэтийн төлвийн талаар зөвлөлдөв. Талууд хоёр улсын харилцааг бэхжүүлэхийн төлөө буйгаа илэрхийлж, хамтын ажиллагааг хоёр улсын хуримтлуулсан нөөц боломжид тулгуурлан хөдөө аж ахуйн чиглэлд идэвхжүүлж, худалдааны эргэлт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд хамтран ажиллахаар тогтов.

Түүнчлэн зөвлөлдөх уулзалтаар хоёр улсын иргэд хоорондын харилцааг нэмэгдүүлэхэд анхаарч, боловсрол, соёл зэрэг боломжтой бүхий л салбарт хөгжүүлэх боломжуудыг эрэлхийлж, тодорхой саналууд дээр хамтран ажиллахаар тохиролцов.

Нидерландын Вант Улс нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өөрчлөлтийг анхнаас нь дэмжиж ирсэн Баруун Европын орнуудын нэг бөгөөд 1990-2011 онуудад хөгжлийн хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлж, байгаль орчныг хамгаалах, аялал жуулчлалыг дэмжих чиглэлд олон төслийг буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж ирсэн. Үүний нэг тод илрэл нь Монголд төдийгүй дэлхий даяар устах аюулд өртөөд байсан зэрлэг тахийг Хустайн байгалийн цогцолборт газарт нутагшуулсан төсөл юм. Ирэх жил хоёр улс дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохионо.

Categories
мэдээ нийгэм

Эрүүл мэндийн ТББ-ууд нэгдэн уриалга гаргалсан байна

Эрүүл мэндийн чиглэлээр ажилладаг иргэний нийгмийн байгууллагуудын
төлөөлөл 2016 оны УИХ сонгуулийн өмнө эрүүл мэндийн салбарын өмнө
тулгамдаад байгаа асуудлууд, нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлагатай байгаа
хуулиудыг батлан, хэрэгжүүлэх талаар мөрийн хөтөлбөртөө тусгахыг
зөвлөмж болгож байна. Тус зөвлөмж мөрийн хөтөлбөрүүдэд тусгагдсан эсэхэд
ТББ-уудын төлөөллүүд дүн шинжилгээ хийж олон нийтэд мэдээлэх ба
сонгуулийн дараа биелэлтэд хяналт тавин ажиллах аж. Нийгмийн хамгийн
чухал салбар болсон Эрүүл мэндийн салбарын бодлогыг тодорхойлох ёстой
сайд ч үгүй, олон сарын хугацааг өнгөрөөж, энэ хооронд халдварт өвчний
тархалт нэмэгдэж, чухал шаардлагатай арга хэмжээг авч чадахгүй иргэд
эрүүл мэнд, амь насаараа хохирох үзэгдэл их байгаа юм.

Тиймээс эрүүл мэндийн чиглэлээр үйл
ажиллагаа явуулдаг Монголын Нийгмийн Эрүүл Мэндийн Мэргэжилтнүүдийн
Нийгэмлэг ТББ, Транспэрэнси Интернэшнл Монгол ТББ, Эрүүл мэндийн
чиглэлээр ажилладаг иргэний нийгмийн байгууллагууд хамтран дараах үндсэн
зургаан чиглэлээр уриалга гаргаж буй юм байна. Үүнд,

1. Хууль эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангах.

“Тогтвортой хөгжлийн үзэл
баримтлал-2030”-ыг хэрэгжүүлэх тухай УИХ-ын тогтоолд 2016
онд багтаан салбарын хөгжлийн бодлого, чиглэлийг шинэчлэн
боловсруулах талаар заасны дагуу олон талын оролцоотой,
нотолгоонд суурилан боловсруулсан “Эрүүл мэндийн салбарын мастер
төлөвлөгөө (2005-2015)”-нд тулгуурлан салбарын урт хугацааны бодлого,
стратегийг дахин шинэчлэн боловсруулах.

2016 оны дөрөвдүгээр сард
УИХ-аас баталсан Эмнэлгийн тусламж үйлчилгээний талаар баримтлах
хуулийг хэрэгжүүлэхэд шаардлагатай журмыг нэн даруй боловсруулан,
эмнэлгийн засаглал,бие даасан байдлыг ханган, бүтэц зохион байгуулалтыг
цаг алдалгүй шинэчлэх мөн Нийтийн эрүүл мэндийн хуулийг яаралтай
хэлэлцэн батлах, Онцгой албан татварын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт
оруулах.

2. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний бүтэц зохион байгуулалтыг сайжруулах.

Хүн амын байршил,
нягтрал, тусламж үйлчилгээ авах бодит хэрэгцээ шаардлага, газар зүйн
онцлогийг харгалзан эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үр ашигтай,
оновчтой болгон зохион байгуулах арга хэмжээг улс төрийн төвшинд
шийдвэрлэж тууштай хэрэгжүүлэх.

3. Эрүүл мэндийн санхүүжилтийн стратегийг шинэчлэн боловсруулах, хэрэгжүүлэх.

Уг стратегид олон улсын
жишгээр ДНБ-ий 5-аас доошгүй хувийг (манай улсад 3 хувь орчим байгаа)
эрүүл мэндийн салбарт зарцуулах талаар тусгайлан тусгаж хэрэгжүүлэх.
Эрүүлмэндийн даатгалын хуулийн хэрэгжилтийг ханган ажиллах.
Түүнчлэн Үндэсний эрүүл мэндийн даатгалын нэгдсэн тогтолцоонд шилжих,
ингэхдээ одоогийн Эрүүл мэндийн даатгалын газрыг бүрэн бие даасан,
төрийн болон хувийн хэвшлийн эмнэлгүүдтэй тэгш зарчмаар сонгон
шалгаруулалтын үндсэн дээр гэрээ байгуулан ажилладаг, даатгуулагчийн
өмнөөс эрүүл мэндийн тусламж үйлчилгээг түүний гүйцэтгэл, чанарыг
харгалзан худалдан авдаг байгууллага болгон хөгжүүлэх.

4. Анхан шатны тусламж, үйлчилгээний санхүүжилтийг нэмэгдүүлэх.

“Нэн шаардлагатай эрүүл
мэндийн тусламж үйлчилгээний багц”-ыг шинэчлэн боловсруулж, өртгийг
тооцох, нэг хүнд ноогдох тусламж үйлчилгээний бодит өртөг зардалд
суурилсан тарифыг үндэслэн өрх ба сумын эрүүл мэндийн төвийн
санхүүжилтийг боловсронгуй болгох. Багцийг боловсруулахдаа одоо
хэрэгжүүлж буй үндэсний стратеги, хөтөлбөрүүдтэй уялдуулан зардлыг
хэмнэх, бодит хэрэгжилтийг хангах.

5. Төрөөс эмийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг тууштай хангаж ажиллах.

Эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх,
эмийн жор бичилт, эмийг жороор олгох, нянгийн даслаас сэргийлэхэд
тулгамдсан асуудлыг шинэ шатанд хүргэхэд нэн шаардлагатай байгаа эрх
зүйн орчныг бүрдүүлэх. Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийг шинэчлэн
батлаж олон улсын жишгээр “Эмийн зохицуулалтын бие даасан байгууллагыг
тогтвортой ажиллуулах. Эмийн зохицуулалтыг бэхжүүлж эмэн эмчилгээнд
эмчилгээний идэвх, чанар, аюулгүй байдал, өртөг үр ашгийг чухалчлах,
зах зээл дэх хуурамч болон стандартын бус шаардлага хангахгүй эмийн
эргэлтийг зогсоох, эм, эмнэлгийн хэрэгслийн төсвийг үр ашигтай зарцуулж
зайлшгүй шаардлагатай эмийн хүртээмжийг нэмэгдүүлэх.

6. Эрүүгийн хуульд орсон эмч нарын хариуцлагын талаарх заалтыг яаралтай өөрчлөх.

Эмч эмнэлгийн ажилтны ажлын гүйцэтгэлийг бодитой тооцож, цалин урамшуулалтай холбох талаар яаралтай арга хэмжээ авч хэрэгжүүлэх.

Categories
мэдээ нийгэм

Бямба гаригт бүх нийтээрээ мод тарина

Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тав,
аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гарагийг “Бүх нийтээр
мод тарих үндэсний өдөр” хэмээн зарласан билээ. Энэ өдөр бүх нийтээр
байгаль эхээ дээдлэх үзлийг түгээн дэлгэрүүлж, мод тарих, ногоожуулах
хөдөлгөөнийг олон нийтийн үйлс болгон өрнүүлдэг уламжлалтай юм.

Бүх нийтээр мод тарих үндэсний өдрийг
угтаж дүүргүүдийн дэд бүтэц тохижилтын хэлтсээс энэ сарын 14-нд
цэцэрлэг, гудамжинд мод тарьж, цэцэгжүүлэх, тохижуулах ажлыг зохион
байгуулах аж.

Энэ өдөр дүүргийн нутаг дэвсгэрт үйл
ажиллагаагаа явуулдаг цэцэрлэг, сургууль, төрийн болон төрийн бус
байгууллагууд эзэмшлийн талбай дээрээ мод тарих юм байна. Түүнчлэн
иргэдэд мод, бут, сөөг хэрхэн тарих аргачлал болон арчлах талаар заавар
зөвлөгөөг өгөх юм байна.

Categories
гадаад мэдээ

Сан Лоренсо хотын дэргэдүүр урсдаг мөрөнд 900 мянган галлон бурам асгарчээ

Төв Америкийн Эль Сальвадор улсын Сан
Лоренсо хотын дэргэдүүр урсдаг мөрөнд 900 мянган галлон буюу 3 сая 400
мянган литр бурам асгарсан талаар тус улсын байгаль орчны албаныхан
мэдээлж байна. Бурам усан дахь хүчилтөрөгчийн хэмжээг бууруулсантай
холбоотойгоор мөрөнд амьдардаг олон тооны загас жараахай, хавч, сам
хорхой болон бусад амьтан үхэж үрэгджээ.

Энэ явдалтай холбогдуулан Эль
Сальвадорын Байгаль орчны яам тус бүс нутагт 3 сарын хугацаатай онц
байдал зарлаад байна. Байгаль орчны томоохон гамшиг гэж орон нутгийнхны
үзэж байгаа энэ хэрэг Эль Сальвадорын элсэн чихэр үйлдвэрлэгч Ингенио Ла
Магдалена компанийн буруугаас үүдсэн талаар албан эх сурвалжууд
мэдээллээ.

Эль Сальвадорын ерөнхий прокурорын
газраас илгээсэн шинжээчид бохирдсон голын орчимд шинжилгээ явуулж
байна. Мэргэжилтнүүд мөрөнд сэлэхгүй, мөн мөрний усыг ундандаа
хэрэглэхгүй байх, үхсэн загасыг хоол хүнсэндээ хэрэглэхээс зайлсхийхийг
Сан Лоренсо хотын ард иргэдэд зөвлөмж болгожээ.

Орон нутгийн сонинд “Энх тайваны
баянбүрд” гэж цоллогдож байсан Сан Лорензо хотын 10 мянган оршин суугч
загасчлал, аялал жуулчлалаас өрхийн орлогынхоо дийлэнх хэсгийг
бүрдүүлдэг байна. Иймээс энэ удаагийн гамшиг тус бүс нутгийн байгаль
орчин төдийгүй эдийн засагт томоохон хохирол учруулж байгааг шинжээчид
хэлж байна.

Categories
мэдээ нийгэм

Сонгон шалгаруулалтаар олгох 8 талбайг зарлалаа

Ашигт малтмалын газар өнөөдөр буюу тавдугаар сарын 11-ний өдөр сонгон шалгаруулалтаар олгох нэр бүхий 8 талбайг зарлалаа. Сонгон
шалгаруулалтад оролцох саналыг 6 дугаар сарын 13-ны өдрийн 17 цаг
хүртэлх хугацаанд Ашигт малтмалын газрын 207 тоот өрөөнд сонгон
шалгаруулалтын комиссын нарийн бичгийн даргад биечлэн хүлээлгэн өгөх
ёстойг тус газрын удирдлагууд мэдэгдлээ.

Тус сонгон шалгаруулалтад зарлагдсан талбайн дэлгэрэнгүй мэдээллийг Ашиг малтмалын газрын цахим хуудсанд байршуулжээ.

“Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн 7 удаагийн сонгон шалгаруулалтыг
ажмилттай зохион байгуулсан, энэ хугацаанд нийтдээ 256 мянга га талбайд
хайгуулын 21 тусгай зөвшөөрөл олгогдоод байна” хэмээн Ашигт малтмалын
газрын дарга Д.Үүрийнтуяа онцлов.

Шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон ашигт
малтмалын хайгуулын болон ашиглалтын 106 талбайд тусгай зөвшөөрөл олгох
сонгон шалгаруулалтын журмын дагуу өнөөдрийг хүртэлх хугацаанд 9
удаагийн сонгон шалгаруулалтыг амжилттай зохион байгуулжээ.

Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр
олгож эхэлснээс хойш цахим хэлбэрээр 3,915 дугаар олгосон байна. Үүнээс
дугаар авсан 1,580 аж ахуйн нэгж цагтаа ирж өргөдлөө гаргаагүй, дугаарын
дагуу ирсэн 2,335 өргөдлийг бүртгэн хянан шийдвэрлэжээ.

Бүртгэсэн нийт өргөдлийн талбайн хэмжээ 13.26 сая гектар байгаа нь
хайгуулын тусгай зөвшөөрөл олгох нийт 20.9сая гектар талбайн 63.44
хувийг эзлэж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Ноосны урамшууллыг олгож эхэллээ

21 аймаг, нийслэлийн нийт 74.2 мянган
хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдийн 16.8 мянган тонн ноосонд
18.6 тэрбум төгрөгийн урамшууллыг өнөөдрөөс олгож эхэллээ.

Монгол Улсын их хурлын 30 дугаар
тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор батлагдсан Засгийн газрын 2013 оны 394
дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт, 2015 оны 122 дугаар тогтоолоор
батлагдсан “Хонины ноос, тэмээний ноос бэлтгэж үндэсний үйлдвэрт
тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал
олгох тухай” журмаар урамшуулал олгох ажлыг зохион байгуулж байна.

Уг урамшууллыг олгосон 2011-2014 онуудад
үндэсний үйлдвэрт хонь, тэмээний ноосоо тушаасан, давхардсан тоогоор
330 гаруй мянган малчин, мал бүхий этгээдэд 94.1 тэрбум төгрөгийн
урамшууллыг олгосон байна.

Харин 2015 оны ноосны урамшууллыг Хүнс,
Хөдөө аж ахуйн сайдын 2016 оны 03 сарын 10-ны өдрийн А-38 дугаар
тушаалын дагуу өнөөдрөөс олгож эхэлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Өргөтгөл хийх гэж байгаад барилгад цууралт үүсгэжээ

Өнгөрсөн сард “Хангай” хотхоны оршин
суугч Б байрандаа өргөтгөл хийх гэж байгаад орон сууцанд цууралт үүсгэж,
нурах аюулд хүргэжээ. Оршин суугч Б даацын ханаа нурааснаас үүдэн орон
сууцны барилга цуурч, нурах дөхсөн байна. Тэгвэл энэ үйлдэлд Мэргэжлийн
хяналтын байцаагч ажиллаж иргэн Б-г “Төрийн хяналт шалгалтын тухай
хууль”-ийн дагуу хариуцлага тооцож, ханыг эргүүлэн хүчитгэн бэхлэх,
зураг төслийн дагуу мэргэжлийн байгууллагаар гүйцэтгэхийг даалгажээ.

Дашрамд дуулгахад, иргэн Б-гийн үйлдэл
нь “Орон сууцны тухай” хуулийг зөрчсөн юм байна. Тухайлбал, “Орон сууцны
тухай” хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт “Орон сууцны
байшингийн үндсэн хийц, бүтэц, төлөвлөлт, зориулалтыг өөрчлөх, тухайн
барилга байгууламжид байгаль орчин, хүний амь нас, эрүүл мэндэд сөрөг
нөлөө үзүүлж ашигаллтын хэвийн нөхцлийг алдагдуулж болзошгүй үйл
ажиллагаа эрхлэхийг хориглоно” гэх заалтыг зөрчжээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Экспортын орлого 959 сая ам.долларт хүрчээ

Монгол улсын нийт
худалдааны бараа эргэлт энэ оны эхний улирлын байдлаар 1.56 орчим тэрбум
доллартай тэнцжээ. Тухайлбал, экспортоор 959 сая ам.доллар, импорт
599.1 сая ам.долларыг бүрдүүсэн байна. Өөрөөр хэлбэл манай улсын гадаад
худалдаа эхний улиралд 359.9 сая ам.долларын ашигтай ажилласан бөгөөд
гадаад худалдааны нийт эргэлт өнгөрсөн оны мөн үеийнхээс 12.4 хувиар
буурсан үзүүлэлттэй гарчээ.

Зэсийн баяжмалын экспорт эхний
гурван сарын байдлаар 412.8 мянган тоннд хүрч, үнийн дүнгээр 481.5 сая
ам.доллар байсан нь биет жингээр 33 хувиар өссөн ч, үнэлэмжийн хувьд
зургаан хувиар буурчээ. Мөн энэ хугацаанд алтны экспорт 2.9 тоннд хүрч,
111.3 сая ам.долларын орлого оруулсан байна. Энэ нь өмнөх оныхоос биет
жингээр 18 хувь, үнийн дүнгээр 13.6 хувиар дээшилсэн дүн юм. Харин төмрийн хүдэр, нүүрс, газрын тосны хувьд экспортын биет хэмжээ буураагүй ч үнийн дүн мэдэгдэхүйц доошилсон байна.