Categories
мэдээ улс-төр

Сонгуульд бие даан нэр дэвшигчдийн нэр тодорчээ

songuuliБие даагчдын нэрс тодорчээ. Тухайлбал, Дуучин Нара, өмгөөлөгч Г.Батбаяр, Арго, ХҮН-ын дарга С.Боргил, “Босоо Хөх Монгол” хөдөлгөөний П.Шинжээравдан, Хүний эрхийн хуульч М.Ичинноров, ХҮН-ын Б.Найдалаа, Ийгл телевизийн сэтгүүлч Т.Алтаншагай, өмгөөлөгч О.Алтангэрэл, “Гал Үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр “Шударга шvvх” ТББ-ын тэргvvн Х.Бат-Ялалт нар бие даан нэр дэвшихээр болжээ. Түүнчлэн Дамбын Хишигжаргал Булган аймагт бие дааж нэр дэвшихээр болсон байна.

bie daagch

gadaad

Categories
мэдээ цаг-үе

Ц.Оюунгэрэл: Хүн хүч хүрэлцэхгүй байгаа газарт нь очиж нэр дэвшихэд бэлэн байна

“ӨДРИЙН СОНИН”-Ы ТАВДУГААР САРЫН 5-НЫ ӨДРИЙН № 107 /5372/ ДУГААРААС АВЧ НИЙТЛЭВ

УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэлтэй ярилцлаа.

-Та оны өмнө “Улс төрөөс түр завсарлаж, номоо бичнэ” гэж мэдэгдэж байсан. Харин өнөөдөр (өчигдөр) та нэр дэвшинэ гэдгээ өөрийн цахим хуудсаараа зарлалаа л даа. Энэ нь ҮХЦ-ийн тавдугаар дүгнэлтээс болчихов уу?

-Бид шинэ оны өмнө Сонгуулийн тухай хуулиа баталж байсан. Уг хууль батлагдсаны дараа би “Нэр дэвшихгүй” гэдгээ зарласан. Учир нь Сонгуулийн хуулиар эмэгтэйчүүдийн 30 хувийн квотыг анх удаа оруулж өгсөн. Эмэгтэйчүүд олноороо парламентад орох боломжтой боллоо гэж бодож байсан юм. Пропорциональ системээр сонгууль явуулчихвал намын нэрсийн жагсаалтаар олон эмэгтэй хүн парламентад суух таатай орчин бүрдсэн тул шинэ залуу эмэгтэйчүүдэд орон зайгаа тавьж өгье гэдэг үүднээс нэр дэвшихгүй гэдэг мэдэгдлийг хийж байсан. Хувийн талаас гэвэл номоо бичихэд илүүтэй цаг зав гаргая гэж үзсэн л дээ. Харин өнөөдөр (өчигдөр) УИХ-ын чуулганаар ҮХЦ-ээс сонгуулийн хугацааг тулгаж гаргасан дүгнэлтийг эцсийн мөчид дэмжихээр боллоо. Энэ нь улс төрд орох эмэгтэйчүүдэд томоохон цохилт болсон. Намын жагсаалт байхгүй болсноор улс төрд шинээр танигдъя гэж бодож байсан эмэгтэйчүүдийн хувьд маш том хаалга хаагдлаа. Намын нэрсийн жагсаалтад бичигдье, танигдъя гэж бодож байсан олон эмэгтэй бий. Тэр утгаараа тойрогт өөрсдийгөө бэлдээгүй. Бэлтгэл хангах бололцоогүй, тойрог дээр ямар ч байдлаар сойх боломжгүйгээр сонгууль болохоос нэг сарын өмнө хамгийн гол сонгуулийн дүрэм өөрчлөгдөж байгаа учраас бэлтгэлгүй байгаа олон эмэгтэй улс төрөөс шахагдахад хүрч байна. Тиймээс би эмэгтэйчүүдийнхээ оролцоог улам бууруулахгүйн тулд тойрогт очиж “гардан тулалдаан”-д орно. Намайг аль ч тойрогт хуваарилсан нэр дэвшихэд бэлэн байя. Тэнд очиж эмэгтэйчүүдийн тоог бөглөөд байж байх ёстой гэдэг шийдвэрийг гаргалаа. Эмэгтэйчүүдийн улс төр дэх оролцоог бууруулахгүй гэдэг үүднээс ном бичих цаг заваа түр хойш тавихаар болсон.

-Цэцийн дүгнэлтээр улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоог яг яаж бууруулчихаад байгаа юм?

-Жагсаалтаар сонгогдохыг зөвшөөрөхгүй байна гэдэг чинь л шууд хааж байна гэсэн үг. Жагсаалтаар нэр дэвшинэ гэдэг бол та аль нэг тойрогт очилгүйгээр нам дотроо идэвхтэй ажиллаж, хүлээн зөвшөөрөгдсөнөөр жагсаалтад орох нэг боломж байдаг байлаа. Тухайлбал, ТББ-ын идэвхтэй эмэгтэйчүүд нийтлэг хүний эрхийг хамгаалах, хүчирхийллийн эсрэг маш их ажилладаг хэрнээ тодорхой тойрогт очоод гурил, будаа тарааж чаддаггүй. Нийтлэг эрх ашгийн төлөө ажиллаад аль нэг тойргийг бөөцийлөлгүй, улс орныхоо төлөө карьераа зориулсан хүмүүст энэ бол цохилт болж байгаа юм. Харин тухайн тойрогт байшин барьж, сүлжээ байгуулан тухайн тойргийг манайхны хэлдгээр “маллаад” явж байсан илүү хөрөнгөтэй хүмүүст хожил болж байгаа хэрэг. Улс төрд яваа ихэнх эмэгтэйчүүд аль нэг тойргийг маллаж улс төрд ордоггүй. Ажиглаад байхад эмэгтэйчүүд, хүүхдүүдийн хүчирхийллийн эсрэг, хүний эрхийн төлөө, байгаль орчин экологийн төлөө гээд үргэлж нийтлэг эрх ашгийг дагаж эмэгтэйчүүд улс төрд орж ирдэг. Тиймээс эмэгтэйчүүдэд лист маш чухал байдаг. Одоо бол хөрөнгө, мөнгөтэй, амлаад авсан тойрогтой тийм газар эрчүүдтэй нүүр тулахаар байна.

-Ямар ч нөхцөлд улс төрд орж байгаа бол эрэгтэй, эмэгтэй гэлтгүй өрсөлдөх ёстой юм биш үү?

-Бөхөөр жишээ аваад ярья. Өөрийн гэсэн бөхийн галтай, дасгалжуулагчтай, тэрийг чи тэгж амлаарай гээд урьчилан тохироо хийчихсэн бөх начин цолонд зүтгэж байна гэж бодъё. Гэтэл зүгээр цэрэгт албаа хааж байгаад ямар ч бэлтгэл сургуулилтгүй, бөхийн гал болон дасгалжуулагчгүй “Эх орныхоо төлөө” гээд хил манаж байсан залуу өнөөхтэй чинь барилдана. Хэн нь давах вэ. Энэ л байхгүй юу. Эмэгтэйчүүд чинь жагсаалтгүй бол яг л тийм зүйлд очно гэсэн үг. Эмэгтэйчүүд тойрогт очоод дэвших л байх. Гэхдээ ялах магадлалыг нь төдий чинээ бууруулж байгаа байхгүй юу. Лист байхгүй байна гэдэг чинь эмэгтэй улстөрч улс төрд орох хаалгыг нь төдий чинээ нарийн болгож байна. Өргөн хаалгаар орох, нарийн хаалгаар орох хоёр ялгаатай байдаг биз дээ. Тийм л байхгүй юу.

Дэлхийн олон оронд пропорциональ тогтолцоо бий. Олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн тогтолцоог бид Үндсэн хууль зөрчсөн гээд ганц удаа хэрэглэчихээд байхгүй болголоо. Цаашид харин энэ тогтолцоо байх ёстой юм шүү. Дахин оруулж ирэхдээ Үндсэн хуульдаа өөрчлөлт хийж байж оруулж ирэхээр болсон. Энэ нь дараагийн парламентын хийх ёстой ажил. Гэхдээ дэлхийн ардчилсан орнуудад хүлээн зөвшөөрөгддөг ардчилсан тогтолцоог 1992 онд Үндсэн хууль хийж байсан манай хүмүүс мэдэхгүйгээсээ болоод л оруулалгүй үлдээсэн байх. Тухайн үед манайд сонгуулийн аль ч тогтолцоо байгаагүй. 1992 онд дэлхийн чиг хандлага хаашаа явж байгааг тогтоох тийм ч амар байгаагүй ч одоо бол харин маш тодорхой болсон. Тэр нь пропорциональ тогтолцоо. Ийм нөхцөлд зөвхөн ганц нэр дугуйлна гэдэг явцуу үгнээс илүү хэд хэдэн хувилбараар сонгууль явуулж болохуйц үг, үсэг Үндсэн хуульд үгүйлдэгдэж байна. Өнөөдрийнх шиг байдлыг сонгууль бүрээр бий болгоод байхгүй тогтвортой төрөө байгуулж чаддаг, ҮХЦ нь дуртай үедээ хутгалдаад байдаггүй болох тал дээр дараагийн парламент шийдвэр гаргах хэрэгтэй.

-Та бусад эмэгтэйчүүдийг бодоход Хан-Уул гээд нэр дэвшин гарч ирж байсан өөрийн гэсэн тойрогтой. Энэ удаа харин хаана нэр дэвшихээр болж байгаа вэ?

-Нэр дэвшүүлэх асуудал яригдаад эхлэнгүүт намын хороодынхоо саналыг харна. Аль намын хорооноос ирж өрсөлдөөч гэх нь үү тэрийг харна. Тиймээс намын удирдлагууд хэнийг хаана нэр дэвшүүлэх вэ гэдгээ тодорхой болгоно. Хүмүүс нь багтаж ядаад олон хүн нэр дэвших сонирхолтой байгаа тойрогт бусдыг нь хойш нь татаж байгаад заавал Оюунгэрэлийг нэр дэвшүүлэх албагүй. Харин хүн хүч хүрэлцэхгүй байгаа газарт нь очиж нэр дэвшихэд бэлэн байгаа. Эцсийн шийдвэрийг аймаг, дүүргийн намын хороод гаргана. Аймаг, дүүргийн намын хороод хэнийг нэр дэвшүүлмээр байна гэдэг захиалгаа өгч байгаа гэдгийг дуулсан. Миний нэрийг одоогоор Хөвсгөл аймгаас ирүүлээд байгаа гэж сонссон.

-Таныг тойрогт нэр дэвшинэ гэдгийг эмэгтэй гишүүд дэмжиж байгаа юу?

-Намын эмэгтэй гишүүд намайг сонгуульд өрсөлд гээд үүрэг өгч байгаа. “Би нэр дэвшихгүй” гээд мэдэгдэл гаргасны дараа намын Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны Зөвлөлдөх хорооны хурлаар тогтоол гаргаагүй ч УИХ-д сууж байгаа эмэгтэй гишүүд 100 хувь нэр дэвших ёстой гэдэг шаардлагууд гарч байсан. АН-аас Их хуралд сууж байгаа зургаан эмэгтэй гишүүн заавал нэр дэвших ёстой шүү. Энэ бол та нарын хувийн сонголт биш шүү гэдэг зүйлийг хэлж байлаа. Тэр утгаараа дэмжих байх гэж бодож байна.

-Өмнөх сонгуулиудыг харж байхад эмэгтэй нэр дэвшигчдийг рейтинг өндөртэй эрэгтэй улстөрчтэй халз өрсөлдүүлэх гээд байдаг хандлага ажиглагддаг. Өөрсдөө гарахгүй болохоор эмэгтэй хүнийг тэр тойрогт явуулчих гээд байдаг…

-Тэрийг сайн мэдэхгүй байна. Ер нь бол намын хороо хороон дээрээ очиж өрсөлдөнө. Жишээлбэл, би аймгийнхаа намын хороон дээр очиж өрсөлдлөө гэхэд МАН Бага хурлаар хэнийгээ дэвшүүлж байгааг нь мэдэхгүй шүү дээ. Хурал ихэвчлэн зэрэг болдог учраас урьдчилан газрын зураг зурах хэцүү. Зарим нэг хүн эрээвэр хураавар маягаар тиймэрхүү тохиролцоо хийдэг л дээ. Тэр нь гэхдээ бидэнд ил мэдэгддэггүй.

Categories
мэдээ цаг-үе

Баянхайрханы бараа буюу Долгорын Нямаагийн тоонот

Түрүү жилийн намар, есдүгээр сарын аравдаар төрийн шагналт найрагч Долгорын Нямаагийн нутаг Дэл Хөнжлийн (Дундговийн Өлзийт) уулсад очоод ирсэн юм. Дэлийн ханан хадны ер бусын бичээсийг үзэж, Баянхайрханы барааг сэтгэл дэнслүүлсэн намрын тунамал үдшээр нэг харахсан гэх хүсэл биелж, тэрхүү уул усны эзэн уянгат найрагчтай дөрөө харшуулан тоонотыг нь зорьсон бүлгээ. Эрхэм найрагчийн нутаг савир савир цагаан бороотой угтлаа. Есөн сарын бороо бол говийнхны хүсэн хүлээдэг эм тодын бороо ажгуу. Унаган нутаг нь, намрын хөхөмдөг говь нь ингэн тэмээний нулимс шиг асгаранхан угтахуйд Мандалговийнхоо манхайсан хөх тэнгэрийг чухам л ижийгээ санасан хүүхэд адил зүүдлэнхэн ирсэн найрагчид жигтэйхэн сайхан байгаа нь илэрхий.

Улаанбаатар хотоос нутгийн зүг хөдлөхүйд мань хүн хөг аялгуу нь орчихсон хуурын чавхдас адил уянгатай байв шүү. “Эртний домог шиг буурал тал, эргэн тойрон чимээ алдарна. Оддын дунд ижлээ үзсэн юм шиг шөнийн талд адуу янцгаана” гэх шүлгийнхээ мөрүүдээс уншаад л. Хөөр баяраа тэгтлээ ил гаргаад байдаггүй нууцлаг хүн чинь булгийн ус шиг оргилж ундраад, бадарч өгдөг байгаа. “Оддын дунд” гэж дуудахдаа бүр нэг долгионтойгоор тэсрэмтгий хэлж байна. Яг л гайхам шүлгүүдийнхээ гүнзгий цохилт шиг оюун бодолд туяа татуулнам. Халуун сэтгэлийнх нь илэрхийлэл ч болдогсон уу, ямар чиг л байсан Дэл Хөнжлийн уул нь “эм тодын бороо”-тойгоо угтлаа. “Есдүгээр сарын сүүлч хавиар говьд бороо орж, нэг хэсэгтээ дулаарч ногоо хэнзлэх үест эм барьдаг хүмүүс говь руу бэлчинэ. Эмийн ургамал хамгийн сайн боловсордог үе л дээ” гэж төрийн шагналт Л.Хүрэлбаатарын бичсэнийг Нямаа ах номондоо оруулсан байдаг. Эм тодын бороо гэдэг ийм учиртай.

Дэл уулынхаа бэлд намаржиж буй Сумъяагийн Батбуянгийнд хүрч очлоо. Зэлнээс уяатай хэдэн ботго зүсрээ бороонд налмайтал норчихсон, салхины нойтон алгадалтад жиндүүхэн харагдана. Хонь, ямаа нь гэрийнхээ хаяанд тургилан зогсоцгооно. Ганц нэг борлон “УАЗ 469”-ийг нөмөр татан бээвийгээд, хатавч хавиар нохойн хэвтрийн нойтон эсгийг булаалдах янзтай. Ёстой л нөгөө намрын усан бороо яндан дагаад урсаж байх үест зорьсон айлынхаа босгыг дуу шуутайхан алхлаа. Батбуян гэж долгио татсан бужгар үс, нургилсан зөөлөн яриа, намуухан инээмсэглэлтэй хижээл насны эр. Гэргий Дуламсүрэн нь унд ус сайтай, үг яриа цэгцтэй, олонтой газар явж сурсан хүн шиг элбэг тэнүүн нэгэн ажээ. Тэднийх түүх дурсгалын хосгүй үнэт өв болсол Дэл уулынхаа элгэн хадыг эмжээрлэн дөч гаруй жил тэмээ маллан нутаглаж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Жанлавын Наранцацралтын удам угшил “хүүхэнүүд” овгийнхноос Дэл уулынхаа дэнж дэвсэгт тэмээн буйлаатай голомтоо сахиж үлдсэн цөөхөн хүмүүсийн нэг нь Батбуян юм билээ. Намрын говийн тэрхүү аян замыг санаачилж, хангай газрын хүү надад халуун говио үзүүлэх л гэж элгэмсэг сэтгэлээр эрмэлзсэн нандин нэгэн бол “Дэл уулыг хамгаалах сан”-гийн тэргүүн Бичээчийн Батмөнх. Тэрээр элбэг тавиухан энгэр бэл, хормой юугаас нь зүүгдэн өсч өндийсөн унаган нутаг-Дэл уулаараа гоёж, омгорхон бахархдаг буюу. Гэхдээ зүгээр нэг цээжээ дэлдэн орилоод байлгүй ханан хадныхаа судалгаа, шинжилгээний ажлыг нарийн нягт хариуцаж, Монголын нэртэй эрдэмтэд, бичиг соёлын зүтгэлтнүүдийг ээлж дараалан Дэл ууландаа аваачиж, манай эриний өмнөх хоёр мянган жилээс хорьдугаар зууны дунд үе хүртэлх оюуны болон эдийн соёлын үнэт өв болсон баялаг түүхтэй нутгаа нүдээр үзүүлж, бахархал гээчийг амсаж чаддаг нүнжигт нэгэн билээ.

Нямаа найрагч, Батмөнх тэргүүн, Батбуян гурав зулайгаа гишгэж төрсөн ах дүүс гэдгийг миний бие аяны замд мэдэрсэн. Хөнхөр гэж хүний гурван хүү ажээ. Зүс царай, үг яриа, байр байдал, аливаад хандах хандлага, тийм нэг эрхэмсэг нандин чанар нь яалт ч үгүй нэг эцгийн хүүхдүүд мөөн. Өдөр шөнийн зүсрээ бороонд гэрийн бүслүүр чивчирч чангараад хоёр багана нь сул гэгч ганхаж байна. Бага дүүгийндээ ирсэн хоёр ахын сэтгэл өрхөн дээр чимээ татуулан, өвчүүн цаана уянга эгшиглүүлэн, өлгий нутагт нь жаргал амсуулан буй усан болор рашаан шиг дэлгэр сайхан. Баянхайрханаар нутагтай, Андал гэж дал мөрөө хөдөлгөсөн хэнхгэр эр байна. Батбуянгийнхаа гэргийгээр тогоо тавиулаад, ганц нэг усаар авч галын хөх дөл бадарсан таргийн нэрмэлээс шимсэн шигээ, намрын уйтан бороонд халмагхан суугаа нь тэр. Халхын Өндөр гэгээний мэлмий гийсний 360 жилийн ойн Есөнзүйлийн даншигт ажнай хүлгүүдээ уралдуулж явсан аатайхан эр. Уртаа гэгч цагаан гаанс зуугаад, торгон дээл бэлхэмзэлчихсэн суугаа нь “Хүргэн хүү”-гийн хоргой Хайдав шиг харагдаж билээ. “Нямаа ах та маргааш Андалынхаараа орно биз дээ. Баянхайрханы чинь баруун суганд шүү дээ” гэв.

Найрагч эртээ босчихсон гэрийн зүүнтэйх номын хуудас шиг давхраатай нимгэн хаднуудын өндөрлөг дээрээс Баянхайрханыхаа барааг харан баясан зогсох ажгуу. Их найрагчийн шүлэг дуулалд мөнхөрч ижий аавынх нь дүрийг, багынх нь цангинасан дуутай хамт хадгалж үлдсэн хайрхан нь тэртээ өмнөдөд цайвалзан харагдана. Ууцаа үүрч, бас ч үгүй санаа алдангуй багагүй хугацаанд зогслоо. Би гэдэг хүн ботгоны зэлийг ажин, эрдэнийн гоёмсог чулуудад нүд унаган, үнэхээр л таана хэнзлэх намрыг сэтгэлдээ шингээж алхсан шигээ найрагчийг бараадан, мөрийг нь түшин зогсож буй минь энэ. “Дэл Хөнжлийн уулаас тэгтлээ холдож үзээгүй би гэнэтхэн Москвад хөл тавьж, Горькийн сургуулийн оюутан болохуйд Баянхайрхан минь үе үе санагддагсан” гэв.

Ингээд бид төрийн шагналт найрагч Долгорын Нямаагийн төрсөн тоонот Хирс таван толгойн Үүдэн бууц, яруу найргийнх нь шүншиг оршсон Баянхайрханых нь зүг хөдөллөө. Замын хажуугаар хайлаас сүглийлдээд, сухай нэлдээ ягаарч харагдана. Загийн багсайлдаж байгааг хэлэх юм биш. “Манай нутаг ч үргэлж ийм байдаггүй. Өнөө жил онцгой сайхан байна. Наян хэдэн оноос хойш бараг ийм байгаагүй байх шүү” хэмээх яриа зам зуурт өрнөв. Дэлийн уулс тэр чигээрээ номын хуудас шиг нимгэн хавтгай хар хад ажээ. Хөндийг нь хуудас хэмээн нэрийдэх нь бүр чиг утга агуулгатай. Ном судраас өмнө гарсан нэр гэдэг нь тодорхой. Харанхуйн амны элгэн хаднаа дөнгөж саяхан цохиод орхисон юм шиг маанийн зургаан үсэг тодорч харагдана. Батбуян ахынхаас хөдлөн Дэлийн хадны сэжүүр бараадасхийгээд л түүх дурсгалын бичээсүүд нь угтаад авна даа. Баруунтаа Гөлий тооройн уул, урдхан Гурван ухаагийн уул харагдана. Гөлий тоорой ардын жүжигчин Нямын Дагийранзын төрсөн уул юм. Гурван ухаагийн сондуул дундуур явах мөчид “Амьдралын хүрд” киноны очир алмаазын эрдэнэс олдог тэрхүү газар нутагтай яагаад ч юм адилхан санагдаж билээ.

Ийн бодолтой зэрэгцээд л Нямаа найрагчийн “Тэнгэрийн хаяа” номынх нь хавтсан дээр ханарч байдаг Баянхайрхан дүрээрээ харагдах нь тэр. Эргэн тойрон дахь элгэн хар уулсын дунд Баянхайрхан буюу Хонгор хайрхан цахивар цайвар өнгөөр гэрэлтэнхэн сацарна. Найрагч нэгэнтээ “Миний нутгийн онгод оргил нь энэ цагаан шаргал хайрхан” хэмээн хэлсэн байдаг. Алс баруун хязгаараас Буурал угалз (уул) хэмээх хөгшин баяны эхнэр болохоор залагдсан Хонгор бүсгүй зуур замдаа дургүй нь хүрч суун туссанаас энэ хайрхан тогтсон домогтой. Цааш явахгүй гэхдээ дээл хөнжлөөр биеэ ороосон нь эдүгээгийн Дэл Хөнжлийн уулс гэнэ. “Сүхбатын нутаг Баянхонгорын Шинэ жинстийн уулнууд цайвар шаргал өнгөтэй юм билээ. Тэндээс ирсэн байж мэдэх юм. Тэгээд Хонгор нэрээ хадгалсан байж болох” гэв. Сүхбат гэдэг нь “Сэгс цагаан Богд” найраглалын гол баатар тэмээчин бүсгүй. Амбасэлмаа гуай уг найраглалын гол баатрууд болох Сүхбат, Нямаа нарыг дөчин дөрвөн жилийн дараа уулзуулсан. Тэрхүү учрал ерөөлийн тухай, “Сэгс цагаан Богд”-оос улбаалж Пүрэвдорж гуайн тухай зам зуурт дурсамж дурдатгалын хуудас дэлгэгдэж явсан.

Баянхайрхан бол яалт ч үгүй барааны газраас харагдан, элэг зүрх уясуулан долгилуулж, энгэр бэлд нь төрсөн хүн байтугай эрхэмсэг дүрийг нь нэгэнтээ харсан бүхэнд хэзээд ч мартахааргүй, яруу найргийн онгод билгийн их уул юм. Сэтгэл зүрхэндээ эрдэнийн чулуу адил хадгалж явдаг найрагчийнхаа хамт, авьяас билгийнх нь шүтээн их уулсынх нь дэргэд зогсохуйд өөрийн эрхгүй Улаан хадаа мэлмэрүүлэн санаж, яруу найргийн тэнгэрлэг бодолд умбасан даа. Тэр жилийн намрын ухаа хонгор өдөр Долгорын Нямаа найрагчтай буурал Бадарчийнд нь анх танилцаж сэтгэл ойртох болсноор, дараахан нь Сулинхээрийн хязгаар Эргэлийн зоонд хамт очиж аян зам нийлсэн нь улмаар “Тэнгэрийн хаяа”-г нь гардаж ер бусын гайхамшигт ертөнцийг өөртөө дахин дахин нээсэн нь энэхүү тэнгэрлиг хайрханд нь сүслэн залбирах хувь тохиожээ хэмээн санагдсан бүлгээ. Ерөөс “Тэнгэрийн хаяа” туурвилыг нь элгэн халуун сэтгэлээр дээдэлсний шүншиг оршлоо гэж бодсон. Эл бүхнээ найрагчтай хуваалцан жүнз харшуулаад төрсөн бууцан дээр нь очсон юм.

Өмнө нь Хирс таван толгойн Үүдэн бууцанд буурал Бадарч нь хамт ирж, шүлэг найргаа дуудаж байжээ. Найрагчийн төрсөн бууц газар нутгийн хуваариар бараг л Өмнөговийн Цогтцэций рүү хэлбийж байгаа ажээ. Үүдэн бууцны урдхануур Шанхын уул ханарч, хүрэн улаан тэмээд багширна. Говь шанхын нутаг гэдэг нь энэ ажгуу. Төрсөн бууцныхаа эхийн сүү нэвчсэн зөөлөн шороон дээр хөрвөөн аргалын гал уугиулж, арц хүж сангаа тавьж, чулуун гэрээ эргэн тэмээ, ямаагаа бүртгэн “Хирс таван толгойн Үүдэн бууц” хэмээх шүлгээ дуудахдаа зэрэгцээд хэсэгтээ завсарлаад байсан бороо дахиад л асгарч эхэлсэн юм. Нямаа ах минь элбэрэлт ижийгээ дурсаж, өөрийг нь төрүүлэх гэж олон хоног дуншиж өвдсөнийг нутгийн хөгшдөөс сүүлд сонссоноо хэлж, элгэн далдуураа мэлмэрч байлаа.

Гэрийнхээ гадаа хүрэн улаан тэмээдээ багширтал хураасан айлын гадаа давхиад буутал төөрсөөр төрөлдөө гэдэг шиг Хөнхөрийн хөвүүдийн хүргэнийх байдаг байгаа. “Шижиртэн туяарах говь минь шинэхэн айл шиг өнгөтэй дөө” гэдэг шиг Цогтцэцийгийн Нэргүйбаатар гэж тэвхийсэн залуу эр гэргийн хамт угтаад авах нь тэр. Ингэний хуруу зузаан ааруул таваг дүүрэн өрж, хатавчнаасаа нэрмэл гаргаж задлаад сүрхий юм болов. Ажиг ч үгүй суутал алдарт Долгорын Нямаа ороод ирсэн нь хэрдээ л бажига авахуулах нь мэдээж. Нэргүйбаатарын нэрмэлд дөрөө чангалсан бид Хонгор хайрханы Алаг зандангийн агуйгаар орлоо. Эрт цагт сайн эрс орогнож байсан томоохон таван ханатын зайтай агуй дотор түрхэн саатаад уруудахуйд Нямаа ах Баянхайрханыхаа алтан харганыг дээжлэн барьж, бүтээл туурвилын ерөөл өргөсөнд бэлгэшээж билээ.

Categories
мэдээ цаг-үе

Ө.Баярмагнай: Жаран хар маань нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө явж ирсэн

Жаран харын дуулсан дуунд

Уул нүргэлж байдагсан…

Жаран харын дуулсан дуунд

Ус цалгилж байдагсан…

Дан найрал дууны анхдагчид, цэргийн ансамблийн “Жаран хар, арван цагаан” хэмээн олонд нэрлэгдсэн хүчирхэг найрал дуучдын хүндэтгэлийн тоглолт МҮЭСТО-д болсон. “Жаран хар, арван цагаан- тэнгэр газрын дуурьсал” тоглолтын үеэр Ардын жүжигчин Ө.Баярмагнайтай цөөн хором ярилцсан юм.

-Та Жаран хард орохоосоо өмнө ямар хүүхэд байсан бэ?

-Ямар хүүхэд байхав дээ, далийсан шар юм л байгаа биз.

-Жаран харын ой болж байна, та энэ чуулгатай яаж холбогдсон бэ?

-Манай жаран хар 1969 онд байгуулагдсан л даа. Хуучнаар бол Монголын ардын армийн дуу бүжгийн ансамбль гэж байхад холимог найрал дуутай байсан. Энэ хамт олныг дан эрэгтэй дуучдаар бүрдүүлээд жаран эрэгтэй, арван эмэгтэй дуучин нийтдээ далан хүний бүрэлдэхүүнтэй шинэчилж байгуулсан юм. Манайхан Монголын урлагт “Жаран хар, арван цагаан” гээд тоогоороо алдаршсан түүхтэй. Цэргийн чуулгад хүүхдээрээ орж ирсэн дээ. Манай аав, ах, эгч цэргийн хүн. Удам дамжсан цэргийн улсууд. Нөгөө талаар урлагт дуртай учраас Цэргийн чуулгад татагдаж орсон гэж болно. Монголд урлагийн дээд сургууль байгаагүй. Голцуу л цэргийн ангиудаас урлагт сонирхолтой, авьяастай улсууд хэдэн талаас бүрдэж, энэ чуулгыг байгуулсан түүхтэй. Манай мэргэжлийн багш нар гайхамшигтай улсууд байлаа. Ардын жүжигчин П.Хаянхярваа, Д.Мяасүрэн, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ш.Гунаажав гээд Орост бэлтгэгдсэн мундаг авьяастай улсууд байв. Тэд л биднийг урлагийн замд хөтөлсөн дөө. Дээр нь урлаг мэддэг, нийтийн дуу удирддаг Зөвлөлтийн мэргэжилтэн багш нар байлаа. Бетховены есдүгээр симфонийн том хоорыг анх удаа Азид дуулсан улсууд нь манай жаран хар. Зөвлөлтийн мэргэжилтнүүд сургаад, бид дуулсан. Та бүхний сайн мэдэх “Амрагийн дуу”-ны Л.Цэрэнпил гавьяат байна. Түүний охин гавьяат жүжигчин Ч.Туул, Ч.Тунгалаг, отгон охин гавьяат жүжигчин Ч.Баярмаа гээд нэг гэр бүлийн дөрвөн гавьяат манай цэргийн чуулгаас төрсөн юм. Манай гоцлол дуучин, гавьяат Д.Дашням дуучдаас дуурь бичсэн хүн шүү дээ.

Манай жаран хар дотор гавьяат жүжигчин найм, есөн хүн байдаг. Цэргийн чуулгад алдар цолтой дал гаруй хүн бий. Төрийн хошой шагналт Л.Мөрдорж, Б.Дамдинсүрэн бүгд манай цэргийн чуулгаас гарсан алдартнууд. Нөгөө алдартай Ц.Сэвжид чинь, дуурийн алдартай балетмейстер Б.Жамъяандагва бас манай чуулгаас гарсан. Урлагийнхны суурийг тавьсан газар бол манай цэргийн чуулга.

-Энэ удаагийн тоглолтын онцлог юу вэ?

-Жар, далаад оны цэрэг, эх орны сэдэвтэй дуугаар тоглолтоо хийж байгаа. Үзэгчид маань бидний үеийн улсууд.

-Зарим ахмад дуучид таяг тулаад зогсч байна. Хамгийн ахмад нь хэдэн настай хүн бэ?

-Манай жаран хар дотор дал гарсан хүмүүс байгаа. Жаран хард далаас доош, жараас дээш насны улсууд бий. Дунд үе бас бий.

-“Дайчин нөхрийн дуу”, “Торгон хилийн зүг” гээд сайхан дуунуудыг та одоо ч маш сайхан дуулдаг. Энэ олон жил дуулахад хувь хүний чадвар нөлөөлж байна уу, цэргийн улсууд ерөөсөө ийм байдаг уу?

-Аль аль нь нөлөөлж байгаа. Цэргийн хүн тэсвэр хатуужилтай байх ёстой. Үүрэг, даалгаврыг үг дуугүй биелүүлдэг. Нөгөө талаар хүмүүжил гэж бий. Бид хар багаасаа хамт олонтойгоо нэгдсэн хүмүүжлээр орсон улс шүү дээ. Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө гэдгийг чинь яг хэрэгжүүлсэн улсууд.

-Таны урын сан шинэ дуугаар баяжсан уу?

-Орчин үед олон сайхан дуунууд гарсан. Гэхдээ бид энэ удаа хуучны, олны сайн мэддэг дуугаа л дуулж байна. Мартагдаад хорь, гучин жил болсон дуунууд маань залууст сонин шүү дээ. Жар, далаад оны дуу ямар байсныг харуулах гэж хичээж байна. Жил бүр урын сангаа шинэчилдэг. Өнөөдөртөө Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгад харьяалагдаж байгаа учраас нийгэмтэйгээ алхаа гишгээ нийлэх учиртай. Орчин үеийн дуунуудаа бас дуулалгүй яах вэ.

-Та тайлан тоглолтоо хийсэн гэсэн. Сонин сайхнаас нь дуулгаач?

-“Алтан соёмбот дуулал” гэж урлагт зүтгэсний 50 жилийн тайлан тоглолтоо хийлээ. Зритель маш сайхан халуун дотно хүлээж авсан. Шинэ уран бүтээлүүдээсээ оруулсан. Өнөөдөр халуун цэгт байгаа энхийг сахиулах ажиллагаанд оролцож байгаа залуустаа зориулсан шинэ дуугаа ч дууллаа. Хуучныхаа дууг ч дууллаа.

-Жаран хүн дунд тоглолтоос хоцрох энэ тэр гээд асуудал гардаг байв уу?

-Тэр үед сахилга, зохион байгуулалт өндөр. Бусад уран бүтээлчдээс цэргийн зохион байгуулалттай гэдгээрээ л ялгаатай.

-Жаран харынхан гадаадад их явж тоглодог байжээ?

-Гадаадад социалист орнуудаар их явж тоглодог байсан. 1974 онд бид Чех, Герман, Польш, Унгараар явсан аялан тоглолтын зураг энэ байна.

-Хойд Солонгост бас цэргийн том найрал дуутай гэсэн үү?

-Аль ч оронд цэргийн том чуулга байдаг л даа. Хоёр хөршөөрөө жишээ татахад Хятадад ч том чуулга байна. Орост Александровын ансамбль гэж дэлхийд алдаршсан чуулга байна. Япон, Солонгост гэх мэтчилэн олон улсад цэргийн тодотголтой чуулга зөндөө байдаг.

-Таны хөгжим үлээж зогсоо зураг харагдсан. Хөгжим тоглодог байсан юм уу?

-Залуу байхад саваагүйтээд юм болгоныг оролддог байлаа. Гэхдээ нэг их мундаг хөгжимчин байгаагүй.

-Жаран харын бичлэг, цомог хэр их байдаг вэ?

-Байлгүй яах вэ. Дээр үед пянз гардаг байлаа. Монголын Ардын армийн дуу бүжгийн чуулга гэсэн ногоон, цэнхэр өнгөтэй хоёр пянз гарсан. Түүнд жаран харын үеийн дуунууд бичигдэж үлдсэн байдаг.

-Ойтой холбоотой ямар ажил хийгдэж байна?

-Ер нь бид хойшдоо урын сангаа залууст сурталчлах зорилгоор жаран хар, арван цагаан бие даасан хамтлаг, чуулга болсон л доо. Тэгэхээр зөвхөн Улаанбаатарт биш, Эрдэнэт, Дарханы Монголын зэвсэгт хүчин байгаа анги нэгтгэлүүддээ очиж жар, далаад оныхоо дуу хөгжим сонирхуулах зорилго бидэнд байгаа.

-Жаран хар тоглолтоо хийнэ гэхээр хуучны настай хүмүүс нь зонхилж байгаа болов уу гэж сонирхох байх?

-Та сая харлаа. Хэдийгээр манай ахмадууд оролцож байгаа ч өнөөдөр дуулж байгаа залуу уран бүтээлчид хамт тоглож байгаа шүү дээ. Тийм учраас зөвхөн эмээ, өвөө нар тоглож байна гэж ойлгож болохгүй л дээ. Манай залуус биднээс сурах юм байгаа. Бид ч бас залуусаас сурах юм бий. Харилцан бие биетэйгээ ойртон нягтрах, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлийн сангаас жар, дал, ная, ерээд оны уран бүтээлүүдийг дахин сэргээх зорилготой ажиллаж байгаа юм л даа.

-Энэ олон хүмүүст хөгжилтэй, хэцүү үе ч бий байх?

-Ер нь уран бүтээлч хүнд фактлах үе хааяа гарна шүү дээ. Наад зах нь дууг нь солиод зарлачих асуудал гардаг л юм. Эмэгтэй хүний нэр дээр гараад дуулахад сайхан санагдахгүй. Зритель нь дуучнаа хараад буруу зарлачихаж дээ гээд ойлгохоор юмнууд байна. Хөдөө гадаа явж байгаа тэр олон залуус наргиж цэнгэхгүй байна гэж үгүй. Инээдтэй, биенийгээ егөөдсөн юмнууд зөндөө л байдаг.

-Жаран харынхан тоглолтоо хийхэд дайчин нөхөр гэдэг шиг л дурсамж сэргэж байгаа даа?

-Мэдээж бүгд л миний таньдаг найзууд бий. Энэ тэр гэх юм алга. Одоо бид жил ирэх тусам цөөрөөд байна. Улам бие биенээ хайрладаг болоод байна. Цөөрөөд байгаа нь харамсалтай ч дараагийн үе маань нөхөгдөж орж ирж байгаад баяртай байдаг. Жаран хар тасрахгүй, үргэлжлэх юм байна. Бид жаран харын анхдагчид гэхэд дунд үеийнхэн дараагийн үеийнхэн ороод ирчихсэн байж л байна.

-Тоглолтын өмнөх бэлтгэл их хийсэн үү?

-Манайхан бэлтгэл их хийсэн. Миний хувьд би Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгатай хамтарч ажилладаг. Нөгөө талаар өөрийнхөө уран бүтээлийн тоглолт хийх гээд тэр бүр нөхөдтэйгөө хамт байж чадаагүй. Гэхдээ миний дайчин андууд өнөөдрийн тоглолтыг маш сайхан болгоно гэж бодож байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Лалар толь

-ЛАЛАРИСТ ФЕЛЬЕТОН-

Сүүлийн үед “лалар”, “интерлалар”,
“монлалар” гэхчилэнгийн хэллэг моодонд орсон билээ. Цаг үеэ соргог мэдэрсэн Шинжлэх
ухаантнууд (судлаач гэдэг үг лалартаад шинжлэх ухааны нэршилд тохирохоо байсан,
хүмүүс ад үзсэн нэгнээ “Чи муу судлаач” гэхчилэн хочлох болсон учраас дээрх хэллэгийг
түр хэрэглэж байгаа) “Лалар тайлбар толь”, “Лалар-монгол толь” зэргийг зохион гүйлгээнд
оруулжээ. Уг толийн зарим үгсийг дор ишлэн авлаа.

Лалар (лат:lalarum, грэг:Лальфа,
араб:Аль лалар, хят: Ла Лоа, орос: ла ля ) нууцаар матагч, нэргүй мэдээлэгч, нэрээ
нуух юм уу хүний нэр барьж муу юм бичих, хов хутгах ёсон. Лалраар ажилладаг хүн.
Латин хэлний la, la, rum буюу лаа, лаа, ром (ром дарс) гэсэн гурван үгнээс гаралтай
гэж лаларзүйчид лалартдаг. Эртний Грэгт лалрууд харанхуйд лалартаж лалартчихаад
хүнд баригдахаараа хэд хэдэн лаа асаан гэрэлд нь ром дарс ууж байгаа дүр үзүүлдэг
байснаас энэ нэршил үүссэн гэх.

Лаларизм. Лалартахуйн ухаан

Лаларзүй. Лалартахуйг судлах ухаан

Лаларист. Тууштай лаларч

Лаларчин. Лалраар ажиллаж буй эрэгтэй.

Лалармаа. Лалраар ажиллаж буй эмэгтэй.
Заримдаа лаларчны гэргийг нэрлэх ёсон буй.

Лалархан. Залуухан, ялдам лалармаа

Лаларжин. Улс төрийн хов хутгуулахаар
хааны ордонд шургалуулсан хүн.

Лаларжендерист: Лалруудын хүйсийн
тэгш байдлын төлөөх үзэл. Эмэгтэй лалрыг төрийн хэрэгт оролцуулахыг дэмжигч. Монголын
лаларжендеризмыг үндэслэгч нь Турхан хатан гэж үздэг.

Лаларжуулагч: Лалар юм найруулагч

Лалагнуулах: Хэн нэгнийг лаларталтад
татан оруулах

Лаланин: (бүт.нэр: Лаларимир Лаларыч
Лаланин)Лалакс, Лалекс нарын хамтаар Лаларизмыг үндэслэгчдийн нэг бөгөөд “Орон бүхний
лалрууд, Лалартагтун” хэмээх уриаг зохиосон гэж үздэг.

ЛАСЕМ. Ази Европын лалруудын байгууллага

ЛалариСТА. тэргүүний лаларт олгох
цол.

Лалартах уу, эс лалартах уу: (анг.
Lalar be or not lalar) гүн ухааны лалар асуулт.

Лаларлаг лаларчууд: Шинэ лалруудыг
эрэн сурвалжилж тодруулах үйлийн нэр. Хуучин “Сайн дурын лалруудын улсын үзлэг”
нэртэй байсан.

Лаларзиндаа: Лаларистуудын нийгэмд
эзлэх зэрэг дэв. Жишээ нь,

Жөтөөч: Бэлтгэл шатны лалар

Ховч: Анхан шатны лалар

Матаач: Ажил хэрэгч лалар

Төрийн хутгуур: Эрхэм дээд зиндааны
лалар.

Лалрын гурван үнэн: Лаларизмын тулгын
чулуу болсон гурван зарчмын (Лалар иймэж: Нүүрээ нуу. Лалар мессэж: Би тэгээгүй.Лалар
зарчим: Араас нь хутгал) нэр.

Лаларжмэнт: Лалар аргаар таашаал
авах ёсон. Жишээ нь, хамгийн сайн андаа нууц нэрээр гутааж гутаачихаад юу ч болоогүй
юм шиг очиж сэтгэлийн дэм өгөн нүүр тал олох.

Лаларшуулах хэллэг: Лаларлаг ярианд
сургах дадлагын хэллэг: “Лалрын лалрыг л лалрын лалар гэхгүй юм бол ямар лалрын
лалрыг лалрын лалар гэх юм бэ” гм гм.

Лаларшил: Дэлхийн даяараа лаларшиж
байгаа ноцтой үзэгдэл

Хавтгай лалар: Лаларшлыг үзмү.

Лаларбижан: Лалруудын дуртай хоолны
нэр.

Аманлалар: Матаач-ийг үзмү.

Интерлалар: Интернэт орчинд нэрээ
нуух юм уу, хүний нэрээр коммент бичих

Антилалар программ: Лалруудаас хамгаалах
антивирус программ.

Нэргүй мэдээлэгч: Хууч. ХХ зууны
лалар. Интернэт орчин үүсэхээс өмнө Ардын хянан шалгах хороо, намын хянан шалгах
хороо, Дотоод яам зэрэг газарт нууц нэрээр коммент бичиж, найз нөхөд болон дургүй
нэгнээ хэрэгт оруулж, шоронд хийлгэдэг байсан лаларчны нэр.

Матаач: Аман лалрын хуучин нэр.
Коммент бичихийн оронд нууц цагдаагийн газар зэрэгт биеэр очиж ховлоод, “намайг
хэлсэн гэж битгий хэлээрэй” гэж гуйдаг этгээд. Сүүлийн үед лаларжилтын дэвийг илэрхийлэх
хэллэг болсон…гм гм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-оос нийтлэлч Б.Цэнддоогийн “Миний офшоор амьдрал” фельетоныг уншаарай

“Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хур тунадастай учраас хол замд гарахдаа анхаарал болгоомжтой явахыг Ус цаг уур, орчны судалгааны хүрээлэн болон ОБЕГ-аас сэрэмжлүүлж байгаа талаар мэдээллийг уншаарай. Мөн “Хаан банк”-ны гүйцэтгэх захирал Жон Белл “Монгол харилцагчид шинэ технологиор амьсгалж, шинэ үйлчилгээг хүлээж байдаг хүмүүс юм” ярилцлага хэвлэгджээ. Та энэ талаарх дэлгэрэнгүйг V нүүрнээс уншаарай.

Улс төр нүүрнээс МАХН-ын нарийн бичгийн дарга асан Г.Дугаржавын “Долоох нөхцөл байдал үүсгэж байгаа нь өөрөө ёс зүйгүй зүйл” ярилцлага хэвлэгдсэн байна. Энэ талаарх дэлгэрэнгүйг та II нүүрнээс уншаарай. Мөн “Сайн хашаа ба муу жорлон” нийтлэл болон цаг үеийн мэдээ мэдээллийг унших боломжтой.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлж байдаг, нийгмийн нэгэн залуур чиг болж байдаг Баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Миний офшоор амьдрал” фельетон хэвлэгджээ.

Цаг үе булангаас Анхны атарчин, гавьяат агрономич А.Бадарчингийн “Хог ургамалтай үр таривал өвчтэй тариа хурааж авна гэсэн үг” ярилцлага нийтлэгдсэн байна. Мөн зэсийн үнэ хагас жил буухгүй гэсэн гэгээтэй мэдээллийг уншаарай. Та энэ талаарх дэлгэрэнгүйг XIII нүүрнээс уншаарай.

Нийгэм нүүрнээс ураг төрлийн хүчингийн хэргийн талаар монголын эмэгтэйчүүдийн сангийн байранд хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Энэ талаарх хэрэгтэй мэдээллийг та VI нүүрнээс уншаарай. Эргэн дурсахуй нүүрэндээ баруун суралцсан анхы монголчуудыг онцолжээ. Та энэ талаарх сонирхолтой мэдээллийг XI нүүрнээс унших боломжтой.

Спорт нүүрнээс сагсанбөмбөгийн Үндэсний лигийн аваргын бөгж гардуулах ёслолын талаарх дэлгэрэнгүйг XII нүүрнээс уншраай. Мөн Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан, сувтлагч Т.Сосорбарамын “Амьтай, амьгүй нь мэдэгдэхгүй хөлдсөн хүүхдийг амь оруулж, машинтайгаа шатсан хүмүүсийг аварч л байлаа” ярицлцлага нийтлэгджээ. Энэ талаарх дэлгэрэнгүйг XIX нүүрнээс уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Газар хөдлөлтөөс урьдчилан сэргийлэх зөвлөлийн хуралдаан боллоо

Газар
хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай
зөвлөлийн 2016 оны 2 дугаар хуралдаан боллоо. Хуралдаанаар 3 дугаар
сарын 24-нд улс орон даяар зохион байгуулсан Гамшгийн аюулын тухай
зарлан мэдээлэх дохиогоор ажиллах дадлага, сургуулийн үр дүн, зөвлөлийн
2015 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийн явц болон “Говийн
чоно” гамшгаас хамгаалах дадлага сургуулилтын дүнг хэлэлцлээ.

Гамшгийн
аюулын зарлан мэдээлэх дохиогоор ажиллах дадлагад нийт 700 гаруй мянган
хүн хамрагдсан нь өмнөх онуудынхаас өссөн үзүүлэлт гэдгийг танилцуулаад
цаашид нийслэлийн 9 дүүрэгт суурилуулсан зарлан мэдээллийн дуут
дохиоллын цамхагийг нэмэгдүүлэх, аймгуудад гамшгийн аюулыг эрт зарлан
мэдээлэх систем байгуулах, шинэчлэх зэрэг ажлыг хийж хэрэгжүүлэх
хэрэгтэй байна гэж тус зөвлөлийн нарийн бичгийн дарга, онцгой байдлын
хурандаа Б.Ууганбаяр мэдээлэв. Мөн тэрээр “Говийн чоно” гамшгаас
хамгаалах дадлагыг анх удаа орон нутагт зохион байгуулсан. Олон улсын
тусламжийн бараа угтан авах, үдэн гаргах үйл ажиллагааны болон нүүлгэн
шилжүүлэх дадлагыг зохион байгуулж, практик үйл ажиллагааг нэмэгдүүлсэн
гэлээ.

Түүнчлэн
гамшгаас хамгаалах Японы тогтолцоо үйл ажиллагааны талаар Газар
хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагааны
зөвлөлийн нарийн бичгийн дарга Ё.Жаргалсайхан танилцуулга хийлээ.

Тус зөвлөлийн
дарга бөгөөд Шадар сайд Ц.Оюунбаатар Газар хөдлөлтөөс урьдчилан
сэргийлэх зөвлөлийн үйл ажиллагааны төлөвлөгөөний удаашралтай байгаа
болон анхаарах шаардлагатай 10 гаруй зүйл заалтын үр дүнг тооцож,
дараагийн хуралд оруулахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.

Categories
мэдээ эдийн-засаг

Ам.долларын ханш 2021 төгрөгтэй тэнцэж байна

Ам.долларын
ханш сүүлийн үед бууралттай байгаа. Нэг үе 2055 төгрөгтэй тэнцэж байсан
ам.доллар өнөөдрийн байдлаар 2021 төгрөгтэй тэнцэж байна. Тухайлбал
Монголбанкны ам.долларын зарласан ханш 2021 төгрөг байна. Харин
арилжааны банкууд нэг ам.долларын 2018 төгрөгөөр худалдан авч, 2021
төгрөгөөр зарж байна.

Өчигдөр Монголбанк гадаад валютын дуудлага худалдаа зохион байгуулж,
банкууд 5.8 сая ам.доллар, 5.7 сая юань тус тус худалдан авах санал
ирүүлжээ. Гэвч Монголбанк энэ удаагийн дуудлага худалдаанд оролцоогүй
байна.Гадаад валютын дуудлага худалдааг валютын ханшийг тогтвортой
хадгалах зорилгоор зохион байгуулдаг.

Categories
мэдээ нийгэм

Маргааш автомашиныг тэгш, сондгойгоор хязгаарлахгүй

Маргааш автомашиныг тэгш, сондгойгоор хязгаарлах тухай мэдээлэл гарч
эхэлсэн.Тэгвэл энэ талаар албаны хүмүүс мэдээлэл өгсөн байна. Энэ долоо
хоногийн пүрэв, баасан гариг буюу 12, 13-нд автомашины улсын дугаарыг
тэгш, сондгойгоор хязгаарлахгүй гэдгийг Замын цагдаагийн газраас
мэдээллээ. Энэ сарын 12, 13-нд “Ахлах албан тушаалтнуудын уулзалт”
болно. Үүнтэй холбоотойгоор автомашины дугаарын сүүлийн оронгоор
хязгаарлаж хөдөлгөөнд оролцуулах талаар худал мэдээлэл гарсан байна. Энэ
мэдээлэл ташаа мэдээлэл бөгөөд хязгаарлах дугаарууд хуучнаараа буюу
пүрэв гарагт 4, 9, баасан гарагт 5, 0-ээр төгссөн дугаартай авто машин
доорхи бүсэд хязгаарлагдана.

Categories
мэдээ нийгэм

Тэшүүрийн холбоон дахь будлианыг илчилж, спортоо аврахаар нэгдлээ

Өнөөдөр \2016.05.11\ Монголын тэшүүрийн холбооноос ээлжит бус их хурлаас томилогдсон ажлын хэсгээс мэдээлэл хийлээ. Энэхүү хуралд МТХ-ны нарийн бичиг асан Ч.Дагвадорж, М.Мөнхцэцэг, дасгалжуулагч Д.Энхбаяр, А.Болд, МТХ-ны хяналтын зөвлөлийн гишүүн Ц.Гачилмаа, МТХ-ны удирдах зөвлөлийн гишүүн Г.Мөнх-Амьдрал, ахмадын олимпийн аварга, ОУХМ Алтанцэцэг, ахмадын дэлхийн аварга Н.Эрдэнэтуяа болон тамирчид, эцэг эхийн төлөөлөл оролцлоо.

Тэд хэлэхдээ 2016 оны дөрөвдүгээр сарын 28-д хуралдсан Холбооны ээлжит бус их хурлыг дүрмийн хүрээнд зохион байгуулагдсан гэж үзэн тайлбар хийв. Энэхүү хуралд Улаанбаатар хот болон хөдөө, орон нутгийн төлөөлөл болсон 70-аад гишүүн оролцсон байна. Сүүлийн жилүүдэд МТХ-ноос авч байгаа арга хэмжээ, явуулж байгаа үйл ажиллагаа туйлын хангалтгүй болсон, МТХ-ны Удирдах зөвлөлийн гишүүд нь хуралдаа оролцдоггүй зэрэг олон шалтгаанаас үүдэн Тэшүүрийн холбооны дүрмийн дагуу ээлжит бус их хурлаа зарлан хуралдуулжээ.

ЭЭЛЖИТ БУС ХУРАЛ ЯАГААД ХУРАЛДАХ БОЛОВ

МТХ-ны ээлжит бус их хурал хуралдах болсон шалтгааныг тэд ингэж тайлбарлав.

Монголын тэшүүрийн холбооны 12 дугаар их хурлаас сонгогдсон Ерөнхийлөгч Т.Нямдаваа 2015 оны наймдугаар сарын 20-ны өдөр Ерөнхийлөгчөөсөө огцрох хүсэлтээ гаргаж, цаашид ажиллаж чадахгүй гэсэн өргөдлийг Удирдах зөвлөлдөө гаргасан. Түүний дараа Удирдах зөвлөлийн дөрвөн гишүүн ажиллахаас татгалзсан өргөдлөө өгчээ. Үүнтэй холбогдон тус холбооны Удирдах зөвлөлийн хурал ирцгүй болж, хуралдаж чадахаа больсон байна.

Мөн:

  • Олимпод бэлтгэх Үндэсний шигшээ багийн дасгалжуулагчийн сонгон шалгаруулах ажлын хэсэг нь мэргэжлийн бус хүмүүсээс бүрдсэн. Тухайлбал тус бүрэлдэхүүнд Монголын тэшүүрийн холбооны аж ахуйн нярав Оюунсүрэн, 1980-90 онд уралдаж байсан ахмад тэшүүрчин Чулуун нарыг оролцуулж, чухал асуудлыг шийдэх гэж байхад хариуцлагагүй хандлаа.
  • Багш, дасгалжуулагч нар 2015 оны 12 сард Удирдах зөвлөлийн хурлыг нээлттэй хийж, дасгалжуулагч нарыг оролцуулаач гэсэн хүсэлт тавихад хүлээн аваагүй
  • Ерөнхий нарийн бичгийн үүрэг гүйцэтгэгч М.Нармандах нь өөрийн охин А.Зулыг сошиал медиа ашиглан 1000 метрийн зайд олимпийн аварга болох бололцоотой хэмээн олон түмэнд худал мэдээлэл хүргэсэн. Мөн Азийн шилдэг 10 тамирчны нэгээр дөрвөн жил дараалан шалгарлаа гэсэн худал мэдээллийг Төрийн байгууллагад өгсөн.
  • Канадад 2016 оны гуравдугаар сард зохиогдсон ОУ-ын тэмцээнд оролцохоор очсон тамирчин Д.Дэлгэрмаад дасгалжуулагч Ж.Долгорсүрэн дэмжиж туслаагүй нь улмаас гадаадын дасгалжуулагчаар цаг бариулсан тохиолдол гарсан.
  • Залуучуудын өвлийн II олимпийн наадамд оролцох боломжтой нормативийг хангасан тамирчдын бэлтгэлд дэмжин туслаагүй.
  • Олимпийн эрхийн тэмцээнд явах гэж байсан өвлийн олимпийн анхны аварга Б.Сумъяаг эрх авах боломжгүй гэж тамирчид, дасгалжуулагчдын өмнө М.Нармандах хэлж байсан.
  • Багш, дасгалжуулагч, тамирчдын хооронд зүй бус үйлдэл гаргаж, тэднийг хагаралдуулдаг.
  • Тэмцээн, уралдаан бага зохиогдож, тэшүүрийн спортоор хичээллэгсдийн тоо эрс буурсан
  • Хөдөөгийн багш, дасгалжуулагчдыг дэмжин ажиллахаа больсон.
  • Өөрийн эх оронд зохиогддог байсан Олон улсын тэмцээнийг тасалдуулсан.
  • Гадаадад болдог олон улсын тэмцээнд өсвөрийн тамирчид оролцохоо больсон
  • Удирдах зөвлөлийн хурал ирц хүрэхгүйн улмаас хуралдахаа больсон зэрэг олон үндэслэл байгааг хэллээ.

2016 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр Монголын тэшүүрийн холбооны ээлжит бус их хурлаар өмнөх 12 дугаар их хурлаар сонгогдсон Удирдах зөвлөлийн гишүүдийг чөлөөлж, дараагийн ээлжит их хурал хүртэлх тус холбоог удирдах ажиллах Ерөнхийлөгч болоод Удирдах зөвлөлийг сонгосон байна.

Тус шинээр сонгогдсон Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд 2010-2014 онуудад тус холбооны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнг эргэн ажиллуулахыг санал нэгтэйгээр зөвшөөрчээ.

Шинээр сонгогдсон Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн:

Дэд Ерөнхийлөгч: Л.Мягмаржав \MCS Coca cola компанийн гүйцэтгэх захирал\,

Гишүүд: Н.Болормаа, Б.Өвгөнхүү, Б.Гантүшиг, Г.Мөнх-Амьдрал, Л.Батцэнгэл, Б.Жамбалдорж, М.Цэцгээ

Ээлжит бус их хурлаас томилогдсон ажил хүлээлцэх комиссын гишүүд ажил хүлээлцэх талаар МТХ-ны өмнөх удирдлага болох Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Д.Болормаа, ерөнхий нарийн бичгийн дарга М.Нармандах нарт мэдэгдэл хүргүүлсэн боловч өнөөг хүртэл өрөөгөө лацдан цоожлон, тамга тэмдгээ хүлээлгэн өгөхөөс татгалзаж, зугтааж байгаа учраас хуулийн байгууллагад хандахаа мэдэгдлээ.