Categories
мэдээ спорт

Э.Сумъяагаас сэргээш илэрч олимпийн эрхээ хасууллаа

Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос чөлөөт болон сонгомол бөхийн төрөлд РИО- 2016 олимпийн эрх авсан тамирчдын жагсаалтыг өөрчлөн зарлалаа.Учир нь зарим тамирчдаас сэргээш илэрчээ. Тодруулбал, Казахстаны Астанад болсон Ази тивийн сонгон шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээнээс эмэгтэйчүүдийн 53 кг-д олимпийн эрх хүртсэн, Монголын шигшээ багийн тамирчин Э.Сумъяагийн нэр тэдгээр тамирчдын дунд багтжээ. Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос Э.Сумъяагийн олимпийн эрхийг хүчингүй болгож, Энэтхэгийн бөхөд шилжүүлсэн байна.

СЭРГЭЭШ ИЛЭРСЭН БУСАД БӨХЧҮҮДИЙН ТУХАЙД:

Чөлөөт бөх /Эрэгтэй/

65 кг: Польшийн тамирчин Магомедмурад Гаджиев, Украйны тамирчин Андрей Кватковскый нарын хариу сөрөг гарсан тул тэдний олимпийн эрхийг Гүржийн Зураби Якобишвили, Армений Дэвид Сафарян нарт шилжүүлэв. Гүржийн бөх аль эрт эрх олгох эхний тэмцээнээс Болгарын Борис Новачковыг хожиж эрхээ авсан байжээ. Новачков ч мөн сүүлийн эрх олгох тэмцээнд түрүүлж, РИО-г зорих боломжтой болсон тул энэ эрх явсаар эрх олгох сүүлийн тэмцээнд 65 кг-ын жинд 3-р байр эзэлсэн АНУ-ын бөх Франк Молинарад шилжлээ.

125 кг: Украйны тамирчин Аллен Засеев, Беларусын бөх Юсуп Жалилау нарын эрхийг хурааж, Киргизстан, Унгар улсын бөхчүүдэд олимп зорих эрхийг шилжүүллээ.

Чөлөөт бөх: /Эмэгтэй/

58 кг: Украйны бөх Оксана Хершэлийн шинжилгээний хариу сөрөг гарсан тул Молдавын бөх Мариана Чедиравад олимпийн эрх шилжлээ.

Сонгомол бөх:

85 кг: Киргизийн бөхийн эрх Энэтхэг рүү шилжжээ.

Categories
мэдээ нийгэм

Багахангайд хууль бусаар алт олборлож байсан үйл ажиллагааг түр зогсоолоо

1394b466f0d9cd84452c88429a5f16e7Багахангай дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт иргэд хууль бусаар алт олборлож тухайн орчинд нуранги үүсэж болзошгүй байдалтай болсон тухай дүүргийн удирдлагууд болон Улаанбаатар хотын цагдаагийн газраас Нийслэлийн удирдлагын зөвлөлийн 2016 оны 5 дугаар сарын 5-нд болсон хуралдаанд танилцуулсан юм. Хуралдаанаас мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулж, хуулийн дагуу үйл ажиллагаа явуулах хүртэл гар аргаар алт олборлохыг түр хугацаанд хориглож шаардлагтай арга хэмжээг шуурхай авч ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Санхүү эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаад даалгасан байна.

Энэ үүргийн дагуу 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдөр нийслэлийн Засаг даргын Санхүү эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа, Ашигт малтмалын хэрэг эрхлэх газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Байгаль орчин ногоон хөгжлийн газар, Улаанбаатар хотын Цагдаагийн газрын холбогдох мэргэжилтнүүдийн хамтаар Багахангай дүүрэгт ажиллаж, гар аргаар алт олборлож байсан иргэдийн төлөөлөлтэй уулзан, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцлаа.

Багахангай дүүргийн 1-р хороо “Өндөр толгойн овоо” гэх газар хойноосоо урагш чиглэсэн нийт 800 метр урт, 4 метр өргөн, 3 метр гүн жалганы суваг бүхий газрыг иргэд ухаж гэмтээсэн, нуранги үүсч болзошгүй болсон байлаа. Энэ орчимд хууль бусаар алт олборлож байсан Дундговь аймгийн харъяат нэгэн иргэн нурангид даруулж харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарсан байна.

Иймд дүүргийн Засаг даргын захирамжаар хувиараа ашигт малтмал олборлогч иргэдийн үйл ажиллагааг зогсоож, 30 хоногийн хугацаатай 24 цагийн хяналтын цэг ажиллуулж эхэлсэн бөгөөд иргэдийн 18 нөхөрлөл байгуулсан байна.

Нийслэлийн Засаг даргын Санхүү эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа, “Бид хүний амь нас, байгаль орчныг хамгаалахын тулд энэ газарт хууль бусаар гар аргаар алт олборлож байгаа үйл ажиллагааг түр зогсоосон. Иргэд ажилтай, орлогтой байх нь чухал учраас эхлээд бид энэ газрыг бичил уурхайн зориулалтаар ашиглах, нөөц тогтоолгох цаашлаад биологын болон байгалийн нөхөн сэргээлт хийх зэрэг хуулийн дагуу үйл ажиллагаа явуулах ёстой. Өнөөдөр ирсэн энд ирсэн бүрэлдэхүүн та бүхний нөхцөл байдалтай танилцлаа. Бид дараагийн арга хэмжээг шат шатандаа шуурхай авч хэрэгжүүлэх болно. Шийдвэр гарснаар энд байгуулсан иргэдийн нөхөрлөл хуулийн дагуу энэ газраа бичил уурхайн зориулалтаар ашиглах боломжтой болно” гэдгийг онцлов.

Багахангай дүүрэгт ажилласан бүрэлдэхүүн холбогдох хууль, журмыг судлан иргэдийн хүсэлтийн дагуу асуудлыг шуурхай шийдвэрлэхээр болов гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Монголын либерал намын удирдлагууд АН-д элсчээ

Монголын либерал намын дарга Б.Амгаланбаатар, тус намын нарийн бичгийн дарга С.Золжаргал нар Ардчилсан намд элсчээ.

Тэд Ардчилсан намын үзэл баримтлал, үнэт зүйлсийг хүндэтгэж байгаа учраас элсч байгаагаа хэлсэн байна. Мөн “Монгол Улс ардчилсан нийгэмд шилжээд 25 жил болж байна. Ардчиллаа төлөвшүүлэх үйлст залуус хүчин зүтгэх хэрэгтэй байна. Тиймээс Монголын либерал намын удирдлагын ажлаас татгалзаж, Ардчилсан намд элсч мянга, мянган гишүүдийн нэг болж байгаад баяртай байна. Бид итгэл үнэмшлээрээ сонголт хийж байна. Монголын либерал намынхаа залуусыг ч Ардчилсан намд элсэхийг уриалж байна” гэлээ.

Монголын либерал нам 1999 онд Дээд шүүхэд бүртгүүлж байжээ.

Categories
мэдээ нийгэм

Барилгын бүх үйлчилгээг төвлөрүүлсэн нэг цэгийн үйлчилгээ нээгдлээ

Барилгын бүх төрлийн үйлчилгээг төвлөрүүлсэн “Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийн Мишээл дэх салбар албан ёсоор нээгдлээ

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны “Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 141 дүгээр тогтоол, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны “Ухаалаг Улаанбаатар хөтөлбөр батлах тухай”, 2015 оны “Төрийн Үйлчилгээний нэгдсэн төв байгуулах тухай” 185 дугаар тогтоолын дагуу Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн хоёрдугаар салбарыг Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, “Мишээл барилгын Их дэлгүүр”-т байгууллаа. Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбараар өдөрт 2400 гаруй иргэд үйлчлүүлж, төрийн 380 гаруй үйлчилгээг иргэдэд үзүүлж байгаа бөгөөд уг ачааллыг багасгаж, Хан-Уул дүүргийн иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулах зорилгоор Мишээл дэх салбарыг ашиглалтад оруулж, өнөөдөр албан ёсоор нээлтээ хийлээ.

Нээлтийн ажиллагаанд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, нийслэлийн Засаг даргын салбар хариуцсан орлогч нар, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун болон нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдлага, албан хаагч, үйлчлүүлэгч иргэд оролцлоо.

Нийслэлийн Засаг дарга нээж хэлсэн үгэндээ “Бид сайн засаглалыг бий болгохын тулд өдөр хоногтой уралдан ажилласан. Яагаад ингэсэн бэ гэвэл муу засаглалтай байхад хөгжихгүй юм байна гэдгийг өнгөрсөн түүх харуулсан. Хамгийн сайн засаглал хаана байдаг вэ гэвэл иргэн хүссэн үйлчилгээгээ ямар ч хүнд сурталгүй супермаркетаар үйлчлүүлэхдээ өөрт хэрэгцээт бараагаа аваад гардагтай адилхан л авахыг хэлнэ. Бид бүх үйлчилгээгээ лангуун дээр тавина гэж зорьсон. Өнөөдөр биелэлээ олж 2 дахь үйлчилгээний төв ашиглалтад орлоо. Нийт албан хаагчдад талархал илэрхийлье” хэмээн онцлон хэллээ. Мөн “Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Мишээл салбарт төрийн үйлчилгээнээс гадна барилгын их дэлгүүрийг төвлөрүүлж, нийслэлийн орон сууцны биржийг ажиллуулж эхэллээ. Ингэснээр иргэд үйлчилгээ, орон сууцаа аваад тавилгаа хамтад нь захиалиад нэг дор бүх үйлчилгээгээ аваад гарах боломжтой болж байна” гэлээ.

Энэ үеэр нийслэлийн нутгийн захиргааны байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдын орон сууцны зээлийн урьдчилгаа төлбөрт нийслэлээс дэмжлэг үзүүлж эрхийн бичиг гардуулсан юм. Мөн Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Банкны холбоо болон Хот дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчдийн холбоо нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

“Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв”-ийн Мишээл дэх салбар нь өдөртөө 4800 үйлчлүүлэгч хүлээн авах хүчин чадалтай, 1336 м2 үйлчилгээний талбайтай, үйлчилгээний, өөртөө үйлчлэх танхим, хурлын өрөө, арилжааны банкуудын салбар, сервер, хяналтын камерын өрөө, нотариат, үйлчилгээний мэдээлэл, санал хүсэлт, хүлээлгийн хэсэг зэрэг танхимуудтай. Мөн кафе, Бэлэн мөнгөний машин, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн урласан гар урлалын бүтээгдэхүүн борлуулах цэгийг байршуулжээ. Тус төвд нийслэлийн нутгийн захиргааны 29 байгууллага төвлөрч, 287 төрлийн үйлчилгээг иргэдэд хугацаа алдалгүй ХУРДАН, ТЭГШ, НЭЭЛТТЭЙ үзүүлж байна. Уртасгасан цагаар буюу ажлын өдрүүдэд 08:00 – 20:00, бямба гарагт 10:00 – 16:00 цагуудад иргэдийг харъяалал харгалзахгүйгээр үйлчилж байна.

Categories
мэдээ нийгэм

Дугаараа үлдээлгүй машинаа тавьсан жолоочтой холбогдох лавлахтай болжээ

Авто тээврийн нэгдсэн лавлахаар дамжуулан зогсоолд машинаа тавьсан жолооч нартай холбогдох боломжтой болжээ. Тодруулбал, 1900-1234 дугаарын утас руу залган холбогдох дугаараа үлдээгээгүй авто машины улсын дугаарыг хэлснээр лавлахын ажилтан тухайн жолоочтой холбож өгөх юм байна. Лавлах утсыг ажиллуулах болсноор өдөрт 300-400 жолооч холбогддог болжээ. Лавлах утас өглөөний 08.00-20.00 цаг хүртэл иргэдэд үйлчлэх юм байна. Дээрх дөрвөн оронтой дугаар руу залгахад минутад 500 төгрөгийн төлбөртэй аж. Мөн хот хоорондын нийтийн тээвэр хаана яваа байршилыг мэдэж болох юм байна.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн хэмжээнд ногоон байгууламжийн ажил эхэллээ

Нийслэлийн хэмжээнд тохижилт, ногоон байгууламжийн ажил эхэллээ. “АСЕМ-11” уулзалтын бэлтгэлийг хангах ажлын хүрээнд Жамьян-гүний гудамжинд 167, Гэндэнд 101, Чингисийн өргөн чөлөөнд 260 улиас, 30 монос, Олимп 234, Зайсанд 215 улиас, 58 монос модыг Нийслэлийн байгаль орчин ногоон хөгжлийн газар, “Байгалиа дээдлэе”, Гэрэлт ой, Тансаг ландшафт, Ургамлын далай, Ази цэцэрлэгжилт ХХК-иудтай хамтран тарив.

Харин “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” Энхтайваны өргөн чөлөө буюу Баруун 4 замаас Офицер хүртэл 21000 хайлаас, 3000 шар хуайс, 6000 агч мод , 270 гүйлсбут суулгаж, Чингисийн өргөн чөлөөнд 2000 хайлаас мод тарилаа. Мөн Баруун дөрвөн замаас Офицер хүртэл модны тоогоо гаргаж, 485 бутны нүх ухан цэвэрлэгээ, усалгаа хийв гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлыг албанаас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

МАН-ын бүлэг тойргийн мандатаар хуралдаж байна

Яг одоо УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит бус хурлаа хийж байна. Хуралдаанаар сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар нутаг дэвсгэр төвийг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх байна. Сонгуулийн ерөнхий хорооноос өргөн мэдүүлсэн дээрх төслөөр орон нутагт 48 мандат, нийслэлд 28 мандат ногдохоор байгаа. Гэвч Говь-Алтай, Булган аймаг нь зөвхөн нэг мандаттай байгаа. Тиймээс энэхүү тойргийн мандат талаар хуралдах бололтой.

Categories
мэдээ нийгэм

Үндэсний төлөвлөгөөнд иргэдийн саналыг авна

Монгол Улсын Нээлттэй засгийн түншлэлийн 2016-2018 оны “Үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөө”-ний төслийг хэлэлцүүлэх, санал авах зорилгоор олон нийтийн нээлттэй хэлэлцүүлгийг 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдөр зохион байгуулахаар төлөвлөж байна.

Нээлттэй хэлэлцүүлэгт Олон улсын Нээлттэй засгийн түншлэлийн зарчим, шаардлагын дагуу төр, хувийн хэвшил, иргэд, иргэний нийгмийн, олон улсын байгууллагууд болон хэвлэл мэдээллийн тэгш оролцоог хангаж, тэдгээрийн төлөөллүүдийг оролцуулах юм.

2016-2018 оны “Үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөө”-нд тусгах зорилтын саналтай танилцаж, хэлэлцүүлэгт идэвхтэй оролцоно уу. Хэлэлцүүлэг хүртэлх хугацаанд саналаа дараах хаягаар цахим хэлбэрээр ирүүлэх боломжтой.

ogp.mongolia@gmail.com

Түүнчлэн,

“OGP Mongolia” Facebook public group-д нэгдэж,
“@OGP_Mongolia” твиттер аккаунтыг дагаж,

дараах линкүүдээс Нээлттэй засгийн түншлэлийн талаарх мэдээллийг тогтмол авах боломжтой:
www.zasag.mn/tunshlel
www.opengovpartnership.org
www.opghub.org/profile

ЖИЧ: Хэлэлцүүлгийн дэлгэрэнгүй товыг жич зарлана.

Categories
мэдээ улс-төр

Чуулганаар сонгуулийн тойргийг хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэхээр тусгажээ.

09.00 цагаас:

1.“Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

2.Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.04.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

4.Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл /Засгийн газар2015.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

5.Хууль сахиулах ажиллагааны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

6.“Хөгжлийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай /Засгийн газар 2016.04.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;

7.Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.03.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

8.Прокурорын байгууллагын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2015.05.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

9.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

10.Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл/Засгийн газар 2016.04.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

11.Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин 2016.04.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

12.Хог хаягдлын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.04.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

13.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.04.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

14.Киноны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.04.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

15.Гадаад харилцааны тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн М.Батчимэг нарын 6 гишүүн 2016.04.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

16.Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн өмнөх “Монгол Улсын эдийн засаг, санхүү, төсвийн төлөв байдлын талаарх мэдээлэл” сонсох:

17.“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт” /Засгийн газар 2016.03.31-ний өдөр өргөн мэдүүлсэн/.

Categories
мэдээ нийгэм

Улаанбурханы вакцинжуулалт орон даяар эхэлнэ

Улсын төсвөөс 943 сая 500 мянган төгрөг гарган 1986-1998 онуудад төрсөн 18-30 насны 600 мянга гаруй залууст дархлаа сайжруулах вакцин үнэ төлбөргүй хийхээр болсон.

Тэгвэл өнөөдөр орон даяар улаанбурхны халдварыг намжаах, дарах зорилготой вакцинжуулалт нэгэн зэрэг эхэлж, энэ сарын 25-ны өдөр хүртэл буюу 14 хоног үргэлжилнэ. Харин вакцин заавал хийлгэх шаардлагатай 18-30 насныхан харьяалал харгалзахгүй, өөрт хамгийн ойрхон өрх, сумын эрүүл мэндийн төв, аймаг, дүүргийн эрүүл мэндийн төв, албан байгууллагууд эсвэл их, дээд сургуулиудад байрших дархлаажуулалтын түр цэгүүдэд очиж вакцинаа хийлгэх ёстой гэдгийг албаны хүмүүс онцолж байгаа юм.

Түүнчлэн улаанбурханы өвчлөл их байгаа энэ үед 18-30 насны залуусыг вакцинд заавал хамруулах шаардлагатай гэдгийг ХӨСҮТ болон мэргэжлийн эмч нар зөвлөж анхаарууллаа.