Categories
мэдээ улс-төр

АСЕМ-ын Ахлах албан тушаалтнуудын уулзалт болж байна

Манай улсад ирэх 7 дугаар сард болох Ази, Европын Дээд түвшний 11 дүгээр уулзалтын дагалдах хурлуудын нэг АСЕМ-ын Ахлах албан тушаалтнуудын уулзалт 2016 оны 5 дугаар сарын 12-13-нд Улаанбаатар хотноо болж байна.

Уг уулзалтад АСЕМ-ын түнш 51 улс, Европын холбоо, Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны нийгэмлэг (АСЕАН)-ийн НБДГ-аас гадна Ази-Европын сангийн төлөөллөөс бүрдсэн нийт 170 төлөөлөгч оролцож байна. Уулзалтыг нээж ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, АСЕМ-ын Бэлтгэл ажлын албаны дарга Д.Ганхуяг үг хэллээ.

Ахлах албан тушаалтнуудын уулзалтын үеэр Ази, Европын орнуудын төр, засаг төдийгүй ард иргэд хоорондын уялдаа холбоог бэхжүүлэх, АСЕМ-ын 20 жилийн ой, АСЕМ-ын түнш орнууд хамтран ажиллахаар тодорхойлсон 16 салбар чиглэлийн хэрэгжилтийн явц болон ирэх 10 жилийн хамтын ажиллагаа зэрэг асуудлыг хэлэлцэнэ. Мөн АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалтын бэлтгэл ажлыг нарийвчлан ярилцахын зэрэгцээ Дээд түвшний уулзалтаас батлах Улаанбаатарын тунхаглал, Даргын мэдэгдэл зэрэг баримт бичгийн төслөөр хэлэлцүүлэг өрнүүлж байна.

Ахлах албан тушаалтнуудын уулзалт нь АСЕМ-ын Дээд түвшний уулзалт, сайд нарын хурлын бэлтгэл хангах, АСЕМ-ын түнш орнуудаас дэвшүүлж буй хамтын ажиллагааны санал, санаачлагуудыг судалж байр сууриа нэгтгэх, АСЕМ-ын үйл ажиллагааг зохицуулах үүрэгтэй, улс орондоо АСЕМ-ыг хариуцан ажилладаг дипломатуудын яриа хэлэлцээний механизм юм.

Categories
мэдээ спорт

“Улаанбаатар марафон – 2016” олон улсын гүйлтэд оролцогчдыг бүртгэж байна

“Найрсаг
Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар,
Эрүүл мэнд, спортын яам, Нийслэлийн Биеийн тамир, спортын газар хамтран
“Улаанбаатар марафон – 2016” олон улсын бүх нийтийн гүйлтийг 6 дугаар
сарын 4-нд зохион байгуулах гэж байна. Марафоныг мэргэжлийн болон
сонирхогчдийн гүйлт гэсэн 2 төрлөөр явуулах бөгөөд Их эзэн Чингис хааны
нэрэмжит талбайгаас гараанаас гаргаж, тус бүрийн маршрутаар гүйж, Их
эзэн Чингис хааны нэрэмжит талбайд барианд орохоор зохион байгуулжээ.
Мэргэжлийн тамирчдын марафон нь хагас марафон буюу 21 км, бүтэн марафон
буюу 42 км-ийн гүйлт гэсэн төрлүүдтэй байх юм. Харин сонирхогчидын дунд
явуулах марафоныг 4 насны ангиллаар 3 зайд уралдуулна. Тодруулбал, 5000
метрийн гүйлтэд 12-17, 18-35, 36-54, 55-аас дээш насныхан, 10 000
метрийн гүйлтэд 18-аас дээш насныхан оролцох юм.

Мөн гэр бүлийн гүйлт, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан гүйлт нь
1,5 км зайг туулах юм байна. Бүтэн марафон буюу 42 км-ийн гүйлтэд
түрүүлсэн тамирчинд 10 сая төгрөг, 2 дугаар байр эзэлсэн тамирчинд 8
сая, 3 дугаар байрт шалгарсан тамирчинг 6 сая төгрөгөөр шагнаж
урамшуулна. Сонирхогчдын гүйлтийн 10000 метрийн зайн тэргүүн байрыг
500.000 төгрөгөөр, 2 дугаар байрыг 400.000 төгрөгөөр, 3 дугаар байрыг
300.000 төгрөгөөр, 5000 метрийн зайн гүйлтийн 1 дүгээр байр 300.000
төгрөг, 2 дугаар байрыг 250.000 төгрөг, 3 дугаар байрыг 200.000
төгрөгөөр тус тус шагнах юм. Мөн тэмцээний бүх төрөлд 4-10 дугаар байр
эзэлсэн гүйгчдийг дурсгалын медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар
урамшуулахаар болжээ. Марафонд оролцох хүсэлтэй иргэд
www.ub-marathon.ub.gov.mn сайтад онлайнаар, харъяа дүүргийн Биеийн
тамир, спортын хороонд болон Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын
байранд очин бүртгүүлэх боломжтой. Бүртгэл 06 сарын 3-ны өдөр хүртэл
үргэлжилнэ.

Categories
мэдээ спорт

Алматыгийн Гран При өнөөдөр эхэллээ

Өнөөдөр Казахстаны Алматы хотноо олон улсын жүдо бөхийн холбооны
олимпийн эрхийн оноо олгох сүүлийн “Гран При” тэмцээн эхэлнэ. Тус
тэмцээнд манай улсаас 10 тамирчин оролцох бөгөөд ОУХМ Гантөмөрийн
Дашдаваагийн удирдлагад барилдах юм. Алматыд нийт 83 орны 250 эрэгтэй,
146 эмэгтэй, нийт 396 тамирчин өрсөлдөхөөро болоод байна.

Тэмцээн Улаанбаатарын цагаар 12:00 цагт эхлэх бөгөөд медалийн төлөөх барилдаанууд ETV, C1, SPS телевизүүдээр шууд дамжуулна.

Categories
мэдээ нийгэм

Цагдаагийн байгууллагын нээлттэй хаалганы өдөрлөг болж байна

Цагдаагийн
байгууллагын түүхт 95 жилийн ой энэ онд тохиож байгаа байгаа билээ.
Үүнтэй холбогдуулан өнөөдөр Чингисийн талбайд нээлттэй хаалганы өдөрлөг
зохион байгуулж байна.

Өдөрлөгт Хууль
зүйн сайд Д.Дорлигжав, хууль зүйн яамны холбогдох албан тушаалтнууд,
нийслэлийн Засаг дарга Э.Бат-үүл, НЗДТГ-ын холбогдох мэргэжилтнүүд,
ЦЕГ-ын удирдлагууд, албан хаагчид оролцоно. Өдөрлөгийн үеэр Цагдаагийн
Ерөнхий газар, Улаанбаатар цагдаагийн хүрээний газар хэлтэс, Хууль
сахиулахын их сургуулийн Цагдаагийн болон Ахлагчийн сургууль, Улсын
бүртгэл, статистикийн ерөнхий газрын харьяа нэгжүүд өөрсдийн үйл
ажиллагааны чиглэлийг танилцуулж, иргэдэд хандсан үйлчилгээ үзүүлнэ.

Галт зэвсгийн
тухай, Гэрээт харуул хамгаалалтын тухай хууль, Жолоочийн зөрчлийн оноо
тооцох журмын талаар мэдээлэл, зөвлөгөө өгнө. Мөн цагдаагийн
байгууллага, алба хаагчийн үйл ажиллагааны талаар иргэд, олон нийтээс
гаргасан санал хүсэлт, өргөдөл гомдол хүлээн авахаас гадна хууль эрх
зүйн зөвлөгөө өгч цагдаагийн албанд анх орох иргэнд тавигдах шаардлага,
шалгуур үзүүлэлт, Хууль сахиулахын их сургуулийн цагдаагийн болон
Ахлагчийн сургуулийн элсэлтийн журмын талаар мэдээлэл өгнө. Тээврийн
хэрэгсэл жолоодох эрхийн лавлагаа, үнэмлэх олгох, тээврийн хэрэгсэл
жолоодох эрхээ хасуулсан иргэдэд сургалт явуулж, нийтлэг асуултад
хариулж, мэдээ мэдээллээр хангах аж.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Олимпоос алтан медаль авчирсан тамирчиндаа нүүрсний уурхай өгье

Зуны олимпийн XXXI наадам ирэх наймдугаар сарын 5-нд Бразилийн Рио де Жанейро хотноо нээлтээ хийнэ. 2012 оны Лондонгийн олимпод 204 орны 10768 тамирчин 26 спортын 302 төрөлд хүч үзэж байсан бол энэ удаад 206 орны 10500 тамирчин 28 спортын 306 төрөлд өрсөлдөнө гэсэн тоо гарчээ. Гэхдээ одоогоор 172 орны 7926 тамирчин оролцох эрхээ өвөртлөөд байгаа юм.

Олимп нь үүх түүх, ач холбогдлоороо, хүн төрөлхтний тэмдэглэдэг баяр, наадам, тэмцээн уралдаануудаас хамгийн нэр хүндтэй нь. Энэ наадмын нэр нөлөө асар их учир улс орнууд олимпод тамирчнаа илгээх нь улсаа сурталчлах том суваг гэж хардаг. Томоохон брэндүүд шилдэг тамирчинд өөрийн фирмийн өмсгөл, пүүз, малгай зэргээ бэлэглэж “Олимпоор өмсөөрэй” гэдэг нь цаагуураа манай брэндийг олон сая хүнд сурталчлаад өгөөсэй гэсэн утгатай. Марафоны гүйлтийн үеэр цээжинд яваа тамирчдыг маш сайн харуулдаг. Энэ үеэр түрүүлж яваа тамирчныг телевизээр долоон секунд гаргахад л тэр тамирчны өмсч байсан брэндийн хувцасны борлуулалт маргааш нь 10-17 хувиар өсдөг гэж үздэг. Аль нэг алдартай тамирчны зүүсэн нүдний шил, цаг, үсний боолт нь олимпийн үеэр трэнд болчих нь бий. Ингэхээр олимпийг тоймгүй олон хүн шимтэн харж, сонирхдог болох нь харагдана. Үйлдвэрлэгчид ингэж бараа бүтээгдэхүүнээ алдартай тамирчдаар дамжуулж сурталчлуулан олимпийн хорь гаруй хоногт борлуулалтаа нэмэгдүүлдэг бол улс орнууд хамгийн шилдэг, шалгарсан, тив дэлхийд гайхагдсан тамирчныхаа амжилтаар улсаа сурталчлуулдаг. Тамирчин нь өрсөлдөгчдөө илт давуу ялж, баг нь гайхалтай тоглолт үзүүлж, багийнх нь хэн нэг нь олимпийн рекорд тогтоох нь ямар ч үнээр хэмжишгүй сурталчилгаа болчихдог. Эсхүл нэг тамирчин нь спортын хэд хэдэн төрөлд зэрэг аваргалах нь улсынхаа нэрийг дахин дахин гаргах том боломж. Энэ мэтээр олимпийн үеэр улсаа сурталчлах, эх орноо олон улсын тавцанд гаргаж ирэх боломж олон бий.

Манай улсын хувьд Н.Түвшинбаяр, Э.Бадар-Ууган, Н.Төгсцогт, С.Батцэцэг, О.Гүндэгмаа гэх зэрэг олимпийн медальтай, олон мундаг тамирчинтай. Өнөө жил манай баг тамирчдаас медаль хүртэх боломжтой тамирчин олон байгаа. Спортын мэргэжилтнүүд 2008 оных шиг шуугиулахгүй ч Лондонгийн олимпод үзүүлсэн амжилтаасаа ухрахгүй гэж үзэж байна.

Ямар ч мундаг бэлтгэлтэй, чадвартай тамирчин байлаа гээд урмыг нь сэргээх мэдээ сэлт, итгэл төрүүлэх урамшууллын хөшүүргийг сэтгэж олох ёстой л доо. Улс орнуудын хувьд олимпоос медаль авсан тамирчдаа мөнгөн шагналаас эхлүүлээд янз бүрийн зүйлээр урамшуулдаг. Улс эх орноо олон улсын тавцанд сурталчилж төрийнхөө далбааг олимпийн тэнгэрт намируулж, төрийн дууллаа эгшиглүүлсэн тамирчдын гавьяаг үнэлнэ гэдэг чухлаас чухал. Манай урд хөрш олимпийн алтан медаль хүртсэн тамирчнаа л онцгойлон шагнадаг. БНСУ нэг дор их хэмжээний мөнгөөр шагнадаггүй бөгөөд хорь гаруй жилийн турш сар бүр маш өндөр тэтгэмж өгч урамшуулдаг. Одоогоор гаднын орнуудаас хамгийн их хэмжээний мөнгөөр олимпийн медальтнуудаа байлдаг нь Гүрж болж таарч байна. Тус улс олимпийн алтан медальтандаа 1.2 сая ам.доллар, мөнгөн медальтандаа 300 мянган ам.доллар, хүрэл медальтандаа 200 мянган ам.доллар өгдөг. Азербайжан олимпийн аваргадаа 510 мянган ам.доллар, Казахстан 250 мянган ам.доллар, Киргизстан 200 мянган ам.доллар, Итали 172 мянган ам.доллар, ОХУ 125 мянган ам.долларын мөнгөн шагнал хүртээдэг. Харин манай улсын хувьд олимпоос алт авбал 120 сая, мөнгө авбал 60 сая, хүрэл хүртвэл 30 сая төгрөгөөр урамшуулдаг нь олон улсын жишигтэй харьцуулбал дунджаас доогуурт орж байгаа юм. Тэгэхээр “Монгол Улс олимпийн аваргадаа 120 сая төгрөг буюу ойролцоогоор 50 гаруй мянган ам.доллар өгдөг” гэх мэдээ нь хүний сонирхлыг татахаа хэдийнэ больсон гэсэн үг.

Эдийн засгийн хямралтай, гадаадын хөрөнгө оруулагчид зайгаа барьчихсан энэ үед Бразилийн олимп зохиогдож байгаа нь бидэнд бас нэг боломжийг олгож байгаа юм. Олимп эхлэх дөхөж байгаа энэ үед манай улс олимпоос алтан медаль хүртэж, улс орноо дэлхий дахинд сурталчилсан тамирчныхаа гавьяаг үнэлээд нүүрсний уурхай өгнө хэмээн нийтэд зарлах хэрэгтэй. Манай улсад юу л байна, нүүрс л байна. Манай улс чинь нүүрсний нөөц, баялгаараа дэлхийн улсуудад домог мэт яригддаг. “Монгол Улс олимпоос алт авсан тамирчиндаа нүүрсний уурхай өгөхөөр боллоо” гэсэн мэдээг түгээчихэд хүссэн хүсээгүй дэлхий нийтээрээ шуугина.

Газрын тосоор баялаг улс орнууд олимпийн аваргадаа баррель баррелиар нь нефть бэлэглэж байсан тохиолдол байдаг юм. Анголын алмааз эрдэнийн уурхайтай баян эрхэм олимпийн медальтанд чамгүй үнэтэй алмааз бэлэглэнэ гэдгээ ч нийтэд мэдэгдэж байсан удаатай. Эдгээр мэдээ нь тухайн үедээ шуугиан тарьж л байсан. Манайд ч тэр Н.Түвшинбаярт хэн ч билээ нэгэн бизнесмэн нэг кг алт өгнө гээд шууд нэвтрүүлгийн үеэр амласан нь олны анхаарлыг хүчтэй татаад л авсан сан. Дундад Азийн орнуудын хувьд олимпийн аваргадаа эдлэн газар бэлэглэж байсан тохиолдол бий. Улс орнуудын хувьд энэ мэтээр олимпийн аваргадаа юм амладаг нь улс орноо сурталчлах, нэр хүндээ өсгөх менежмэнтийн нэг арга болдог.

Харин энэ удаад Монгол Улсад хүрд эргүүлэх боломж гарч байна. “Монгол Улс олимпоос алтан медаль хүртэх тамирчиндаа нүүрсний уурхай өгөх гэнэ” гэдэг энэ мэдээ нь эргээд манай улсыг гадаадад, олон улсад сурталчилсан маш том мессэж болчихож байгаа юм. “Энэ юу гэнэ вэ. Монгол Улс олимпийн аваргадаа нүүрсний уурхай өгнө гэнэ үү” гээд л чихтэй болгон сураг тавьж “Монгол гэдэг чинь ямар улс байдаг билээ” гээд биднийг сонирхоод эхэлнэ. Томоохон хөрөнгө оруулагчид ч бидэн рүү эргэж харж мэднэ. Олимпод өрсөлдөж байгаа 200 гаруй орны 10 мянга орчим тамирчин ч хоорондоо жиг жуг гэлцэн “Түрүүлбэл нүүрсний уурхай өгнө гээд байгаа Монгол гэдэг орон чинь тийм баян юм уу. Тийм их баялагтай улс болж таарч байна уу. Яасан азтай нь Монголд тамирчин болж төрдөг байна аа” гэж биесээ нудралцаж ч магадгүй шүү. Хаа газрын хүмүүс хамаагүй бүгд сониуч, бас шуналтай л хойно “Аваргалбал нүүрсний уурхайтай болно” гэдэг өгүүлбэр аманд нь шар тос мэт л амтагдах биз.

Манай Засгийн газар, харьяа яам, газар нь олимпийн аваргадаа нүүрсний уурхай өгье гэдэг энэ санааг хэлэлцээд аль болох дэмжих талаас нь харвал эргээд ирэх эерэг үр нөлөө нь асар их гэдэгт эргэлзээд хэрэггүй л дээ. Олимпоос Монголын арван тамирчин нэгэн зэрэг алтан медаль зүүгээд ирсэн ч “Май” гээд өгчих нүүрсний уурхай бидэнд байгаа шүү дээ.

Categories
мэдээ цаг-үе

Жон Белл: Mонгол харилцагчид шинэ технологиор амьсгалж, шинэ үйлчилгээг хүлээж байдаг хүмүүс юм

ХААН банкны Гүйцэтгэх захирал Жон Беллтэй ярилцлаа. Банк санхүүгийн салбарт ажилласан 20 гаруй жилийн туршлагатай тэрбээр өнгөрсөн дөрөвдүгээр сард энэ албанд томилогдсон юм.

-Юуны өмнө Монголын үндэсний хэмжээний томоохон банк болох ХААН банкны Гүйцэтгэх захирлаар томилогдсон танд баяр хүргэе. Ярилцлагаа энэ албанд томилогдсон сэтгэгдлийг тань хуваалцсанаар эхэлбэл ямар вэ?

-Би өнгөрсөн оны наймдугаар сараас эхлэн ХААН банкны Гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч, бизнес хариуцсан захирлаар ажиллаж байгаад энэ оны дөрөвдүгээр сараас Гүйцэтгэх захирлын албаа хүлээж аваад байна. Монголд ирээд ХААН банкинд ажиллах болсон маань надад үнэхээр сонирхолтой бас сайхан байна. Миний хувьд бас нэгэн шинэ туршлага болж байна. Монголын банкны салбарын нөхцөл байдал ч миний сонирхлыг ихээр татаж байгааг хэлэх хэрэгтэй. ХААН банкны хувьд бүх орц найрлага, хөрс суурь нь бүрдсэн байгууллага. Маш том салбар нэгжийн сүлжээ, хүчирхэг дэд бүтэц, мэдээллийн аюулгүй байдлын болон бусад олон улсын стандартууд, шинэ дэвшилтэд технологийг үйл ажиллагаандаа нэгэнт нэвтрүүлжээ. Бас банкаа цаашид улам бүр өсч хөгжихөд нь дэмжлэг үзүүлж, банкныхаа үйл ажиллагаанд ихээр анхаардаг чадварлаг боловсон хүчин, итгэл үзүүлэн хамтран ажилладаг харилцагчид, Төлөөлөн Удирдах зөвлөл байна. Нэгэнт ийм сайхан орц найрлага нь байхад зөв тохируулж, тааруулах л хэрэгтэй. Зөв тааруулж, амталж чадвал банк маань хөгжлийн өндөр түвшинд хүрэх бүрэн боломжтой гэж харж байна. ХААН банк маань өөрөө иргэдийн банк. Миний хувьд 25 жилийн турш банкны салбарт тэр дундаа иргэдийн банкинд ажиллаж байсан туршлагаа ашиглах сайхан боломж гарч байна гэж бодож байна даа.

-Та Монголд ирэхээсээ өмнө манай орны банк санхүүгийн салбарын талаар ямар төсөөлөлтэй байв, ирээд харахад төсөөлж байснаас тань хэр өөр санагдаж байна?

– Үнэнийг хэлэхэд ХААН банкнаас надтай холбогдож, ажиллах санал тавихаас өмнө Монгол улс, Монголын банкны салбарын талаар төдийлөн сайн мэдэхгүй байлаа. Жил гаруйн өмнөөс л Монголын талаар судалж эхэлсэн гэхэд болно. Миний хувьд Төв Европын орнуудад ажиллаж байсан болохоор тэндэхийн банк санхүүгийн салбарыг мэддэг, харин Ази тив тэр дундаа Монголын талаар мэдэхгүй байсан. Би Монголд ирээд арав орчим сар болох гэж байна. Тэгэхээр ирснээсээ хойш төрсөн сэтгэгдлээ тантай хуваалцах нь зөв болов уу.

Монголд ажиллах нь Зүүн Европын орнуудад ажиллаж байснаас маань юугаараа ялгаатай байна вэ гээд асуувал юуны түрүүнд ижил төстэй зүйлс байна аа. Тэс ондоо нь ч байна. Төстэй зүйл гэвэл Банкны тухай хууль тэр дундаа арилжааны банкны хууль эрх зүйн орчин, зохицуулалтууд нь нэлээд ойролцоо. Магадгүй хуучин ЗХУ-ынхтай ижил төстэй зохицуулалт аль алинд нь ажиглагдаж байна. Энэ нь эргээд надад ажиллахад дөхөм болж байна. Ялгаатай нь гэвэл үндсэн хоёр ялгаа ажиглагдлаа. Нэгдүгээрт банкны бизнесийн загвар нь өөр байна. Монголын банкуудын хувьд бүхий л харилцагчийн түвшинд хүрч үйлчилдэг. Маш олон төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээ гаргаж байна. Ер нь маш өргөн хүрээнд, олон талбарт үйл ажиллагаа явуулдаг харагдсан. Зөвхөн томоохон хот суурин төдийгүй хөдөө орон нутгийн бүх харилцагч нартаа хүрч үйлчилдэг. Миний ажиллаж байсан газарт хотын төв хэсэг, төв сууриндаа голчлон анхаарахаас орон нутаг руу нэг их анхаараад байдаггүй. Гэтэл манай ХААН банкны хувьд орон нутгийн бизнес үндсэн бизнесийнх нь тодорхой хувийг эзэлж байх жишээтэй. Тэгэхээр ХААН банкны бизнесийн үйл ажиллагааны загвар нь маш сонирхолтой юм. Монгол орны өнцөг булан бүрт амьдарч ажиллаж байгаа малчин ард иргэдэд хүрч үйлчилж, тэдний амьдралын эд эс, нэгээхэн хэсэг болж чадсан нь надад үнэхээр бахархам санагдаж байна. Шинэ Гүйцэтгэх захирлын хувьд тэр чиглэлд анхаарч ажиллаж, ажил өрнөх тусмаа сонирхол эрхгүй татаж байгааг хэлэх нь зүйтэй болов уу. Хоёр дахь том ялгаа нь бол манай харилцагчид. Манай харилцагчид банкны шинэлэг үйлчилгээг соргогоор хүлээн авч өдөр тутмын амьдралдаа хэрэглэж заншихдаа маш хурдан байгаа нь анзаарагдаж байна. Харин Зүүн Европын орны хүмүүс нэлээд хуучинсаг. АТМ-ны функцүүдийг яаж ашигладаг талаар тэр бүр сонирхохгүй, интернэт банк ухаалаг банкийг ашиглахдаа удаан хойрго ханддаг. Болж өгвөл хуучин тооцооны төвүүдээрээ очихыг эрмэлздэг. Төв Европын банкууд иргэдээ энэ талд татан оролцуулахын тулд маш их хүчин чармайлт гаргадаг бол Монголд хэрэглэгчид нь банкуудаасаа шинэ технологийг сайн хүлээн байдаг нь тод анзаарагдлаа. Жинхэнэ шинэ технологиор амьсгалж байдаг гэхэд болно. Шинэ үйлчилгээ нэвтрүүллээ гэхэд дорхноо эзэмшчихдэг хүмүүс юм байна.

-ХААН банкны хөдөө орон нутагт банкны үйлчилгээг хүргэдэг нь таны анхаарлыг татаж байна гэлээ. Таны өмнө ажиллаж байсан орнуудад орон нутгийн харилцагчид руу чиглэсэн үйлчилгээ бага байсан нь юутай холбоотой юм бол?

-Би Польш, Чех, Румынд ажиллаж байлаа. Миний ажиллаж байсан “Citibank”, “ABN AMRO” банкууд дээрх Төв Европын орнуудад салбараа нээн ажиллуулж байсан. Мэдээж, тэр орнуудад хөдөө аж ахуйн салбар, малчин тариаланчид байлгүй яахав. Ерөнхийдөө миний ажиллаж байсан банкууд маань төвлөрсөн газартаа илүү анхаарал өгдөг байсан гэдгийг хэлэх хэрэгтэй. Тухайн улсуудын үндэсний банкууд нь хөдөө орон нутгийн хүмүүстээ түлхүү үйлчлээд явдаг байсан. Одоо эргээд бодоход, ХААН банкны үйлчилгээтэй харьцуулахад үндэстэн дамнасан банкуудын үйлчилгээ нь ч гэсэн дутмаг юм байна шүү гэж бодогдож байна. ХААН банк орон нутгийн харилцагчдадаа тулж хүрч чаддаг яах аргагүй Монгол даяар тархсан хамгийн том сүлжээ юм даа.

-Та манайхтай адил хуучин социалист гэгдэх орнуудад яг шилжилтийн үед нь ажиллаж байжээ. Тэс өөр системээс нөгөө рүү шилжихэд банкны салбарт ямар асуудал гардаг вэ. Таныхаар Монгол улс тэр үеийг яаж давж чадсан шиг танд санагдсан бэ?

-Миний хувьд Монголын талаар нарийн судалгаа шинжилгээнд үндэслэсэн дэлгэрэнгүй мэдээлэл хараахан бүрдүүлж чадаагүй учраас яг ийм, тийм учиртай гэж шууд харьцуулан хэлэхэд хүндрэлтэй байгаа ч өөрийн судалж мэдсэн мэдээллээс л харахад шилжилтийн үеэ амжилттай давжээ гэж бодож байна. Банкны салбарт социалист системийн үеэс үлдсэн бул хар чулуу хүнд суртал энэ салбарт алга байна. Өмнө нь миний ажиллаж байсан Европын орнуудын хувьд төрийн өмчит банк, төрийн өмчит байгууллагыг хувьчлагдах үед олон улсын байгууллагууд, олон улсын банкуудтай өрсөлдөх үед бэрхшээл учирч байгаа нь харагддаг байсан. Тухайн үед олон улсын банкууд аль хэдийнээ зах зээлд үйл ажиллагаагаа явуулаад эхэлчихсэн өрсөлдөөн их, өндөр түвшинд хүрчихсэн учраас дөнгөж хувьчлагдсан банкуудад хэцүү байсан байх. Дөнгөж хувьчлагдсан банкууд хөл дээрээ зогссон газруудтай өрсөлдөж, тэдний хэмжээнд хүрэхийн тулд амаргүй байсан л даа. Харин Монгол улсад өнөөдрийн байдлаар олон тооны төрийн өмчит банк алга. Гэхдээ олон улсын хөрөнгө оруулагчдын зүгээс Монголд ихээхэн нөлөө үзүүлж ирсэн нь харагдаж байна. Тэр ч утгаараа олон улсын стандарт, банкны системийн стандарт нэлээд өндөр түвшинд тогтож чаджээ гэж харж сууна. Жишээлбэл, манай банкны хувьд илүү сайжруулах зүйлс байхад аль хэдийнэ олон улсын түвшинд хүрчихсэн зүйлүүд ч бас байна.. Манай тооцооны төвүүд, эсвэл Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотуудад нээсэн манай Экспресс банкны төвүүдээр нэг ороод үзээрэй. Дэлхийн ямар ч оронд байхуйц тооцооны төвүүд, экспресс банкны төв ажиллаж байна. Тэгэхээр Монголчууд технологийн хувьд ч, дотоод дизайн заслын хувьд ч олон улсын түвшинд хүрч чаджээ.

Тэгэхээр Монголын банкууд олон улсын банкуудын хэмжээнд хүрсэн гэж дүгнэж болох уу? Эсвэл хийх зүйлс их байна уу?

– Яг үнэнийг хэлэхэд миний хувьд өмнө нь олон улсын банк орж ирээгүй байгаа зах зээл дээр ажиллаж үзээгүй л дээ. Чөлөөт зах зээлийн тогтолцоонд өрсөлдөөн байх ёстой. Харин ХААН банк нь өнөөдөр Монголд байгаагаасаа илүү нөлөө бүхий зах зээлийн тоглогч байх боломжийг олж харсан учраас ирсэн юм. Миний зорилго бол ХААН банкийг БНХАУ, АНУ ер нь дэлхийн аль ч банктай өрсөлдөхүйц, тэдний том өрсөлдөгч банк болгохын төлөө эрмэлзэж ажиллаж болно. Би өрсөлдөөнөөс айхгүй байна.

-Таны ажиллаж байсан орнуудаас шилжилтийн үедээ банк санхүүгийн салбартаа зоримог шинэчлэл, зөв алхам хийж байсан орон гэвэл аль вэ?

-Монгол Улсад ирэхээс өмнө ажиллаж байсан орнуудын жишээнээс авч үзвэл хамгийн сонирхолтой нь Польш улс юм даа. Польш эдийн засгийн хувьчлалыг маш эрчимтэй хийж чадсан орон. 1990-ээд онд Сангийн сайд нь аль болох төрийн өмчийг яаралтай хувьчлах хэрэгтэй гэсэн шийдвэр гаргасан бөгөөд энэ нь эргээд хувийн хэвшлийн өрсөлдөөнийг бий болгоно гэж үзсэн. Өрсөлдөөн нь эдийн засгаа дэмжээд ирнэ гэсэн үндэслэлээр хувьчлалыг эрчимтэй хийсэн нь үр дүнгээ өгсөн. Манай банкны хувьд, ер нь банк санхүүгийн салбарт хувьчлал бол тэгтэл нөлөөлөөгүй ч тус улсын хувьд эдийн засаг нь маш эрчимтэй тэлж байсан. Гадны хөрөнгө оруулалтууд маш ихээр нэмэгдэж, гадны хөрөнгө оруулагчдыг татахад тэд их анхаарсан. Польш АНУ-тай гэхэд худалдааны маш сайн харилцаатай, тэгээд Польшийн Засгийн газар шинэ хөрөнгө оруулагчдыг татаж, шинэ хөрөнгө оруулалтыг авчрахад маш эерэг ханддаг дэмждэг байсан. ЗХУ-ын системийн орнуудаас Польш хувьчлалыг хамгийн түрүүнд хийсэн нь бас 40 гаруй сая хүн амтай, хэрэглэгчдийн тоо өндөр нь тэдэнд их боломж авчирсан.

-Танай ХААН банк гадны захирлуудтай эртнээс хамтарч ажилласан. Өмнө нь америк хүн дараа нь таны өмнө япон захирал байлаа. Дорнын арга барил зөрөлдөх үе гарч байна уу. Олон үндэстний ажиллах хэв маяг өөр, өөр байна уу гэж асууж байна л даа…

-Би өмнөх захиралтай удаан ажиллаж чадсангүй, хэдхэн сар л ажиллалаа. Като захирал өмнө нь Европ, Ойрхи Дорнодод ажиллаж байсан туршлагатай банкир учраас олон улсын удирдлагын зарчимтай гэж хэлж болно. Миний хувьд Өрнө, Дорнын ялгаа гэлтгүй ХААН банкны чадварлаг хамт олонтой ажиллахад амжилтад хүрнэ гэдэгт итгэлтэй байна. Манай банкны ажилтнууд маш нээлттэй, хөдөлмөрч, ажилдаа хичээл зүтгэлтэй хүмүүс юм.

– Танай банк бол Монголд хамгийн олон салбартай, хамгийн ихээр тархсан банк. Өргөн уудам нутаг дэвсгэрт хүрч үйлчилдэг банкны олон салбартай байхад ажиллагаа ихтэй юу?. Ер нь манай нөхцөлд банк ямар чиглэлд ажиллавал зүгээр гэж бодож байна вэ?

-Би ирсэн цагаасаа хойш ажигласан, цаашдын хэдэн жилдээ ХААН банкны хувьд юун дээр анхаарч, юуг илүү сайжруулах талаар бодож төлөвлөж байгаагаа хуваалцая. Мэдээж нэн тэргүүнд харилцагчийн үйлчилгээний чанарыг сайжруулах хэрэгтэй байгаа. Ингэснээр эргээд манай банкинд маш том боломж гарч ирнэ гэдэгт бид итгэлтэй байна. Шинэ загвар хэрэгжүүлэхэд ирэх нэг жилийг онцгой ач холбогдол өгч ажиллана. Дараагийн зорилт маань эдийн засаг хүндрэлтэй байгаа үед бизнесээ үр дүнтэйгээр нэмэгдүүлж хөгжүүлэхийг хичээх явдал. Эдийн засаг хэдийгээр хүнд байгаа боловч бизнесийн өсөлтөө гаргах зорилтоо тавиад явж таарна. Гэхдээ бизнест өсөлт гаргана гэдэг нь бүх талбарт биш. Заримд нь болгоомжтой хандаж, нөхцөл байдалдаа үнэлэлт дүгнэлт хийнэ зарим зүйл дээр нь нэлээд идэвхтэй ажиллана гэсэн үг л дээ. Бас нэг анхаарах зүйл бол боловсон хүчнээ хөгжүүлж, боловсон хүчний бааз сууриа бэхжүүлэх явдал. Банкныхаа олон мянган чадварлаг ажилтнууд дотроос ирээдүйд энэ банкийг удирдаад явах, ирээдүйн хөгжлийг дагуулах боловсон хүчнүүдийг олж илрүүлж, тэднийгээ улам чадваржуулах ажлыг хийх болно. Үүнд зориулсан тусгай хөтөлбөр бодлого ч байгаа. Энд яригдаж байгаа бүхэн бидэнд чухал. Бүгдэд нь эн тэнцүү ач холбогдол өгч, хөгжүүлэх ёстой.

-ХААН банкны харилцагчид ямар ч банкныхаас олон байдаг. Магадгүй энэ бүхэн нэг талаасаа амжилтын баталгаа ч нөгөө талдаа үйлчлүүлэгчид бухимддаг байсан. Харин Экспресс банк үйлчилгээ нэвтэрснээр тэр бухимдал алга болсон. Үүнд танай хамт олонд талархал илэрхийлэхээс аргагүй. Энэ хэзээнээс эхэлсэн төсөл вэ? Таныг ирсний дараа эхэлсэн төсөл үү?

-Намайг ирэхээс өмнө дэвшилтэд технологид суурилсан банкны үйлчилгээг харилцагчдад хялбар, шуурхай хүргэх Экспресс банкны төсөл хэдийнэ хэрэгжээд эхэлсэн байсныг хэлэх хэрэгтэй. ХААН банкны салбар нэгжүүд их дараалалтай, ачаалалтай байдаг асуудал нэлээд хэдэн жилийн өмнөөс яригдаж эхэлсэн асуудал. Тиймээс энэ асуудлыг шийдэхийн тулд миний өмнөх удирдлагын багийнхан ярьцгааж, ямар арга шийдэл байж болохыг судлаад Экспресс банкийг нэвтрүүлэх болсон юм билээ. Энэ бол маш сайн стратеги байсан гэдгийг онцолж хэлэх хэрэгтэй. Бид үүнийг улам бэхжүүлж, улам сайжруулахад ажиллах болно. Одоо банкинд хийгдэж байгаа гүйлгээний 95 хувийг АТМ болон цахим банкаар хийх боломжтой талаар судалгаа бий. Тэгэхээр хамгийн гол нь харилцагчдадаа тэр сувгуудыг хэрхэн яаж таниулж, хэрэглүүлж сургах нь бидний нэн тэргүүний зорилт болоод байгаа юм. Бид нэгэнт бүх боломжийг нь зах зээлд нэвтрүүлчихлээ, одоо харилцагчид маань үүнийг хэрэглэж сурах нь чухал байна. Гуравхан минутын гүйлгээ хийлгэх гэж банкинд 30 минут хүлээгээд суугаад байж болохгүй учраас бид харилцагчдаа өөрөө өөртөө үйлчлэх Экспресс банкийг ашиглаж хэвшихэд ихээхэн анхаарч байна.

-Тэгэхээр тэр зорилтын чинь нэг хэсэг болж, “Амьдралдаа их, банкинд бага хугацаа зарцуулъя” гэж уриалж, цахим банкаа тогтмол ашигласан хэрэглэгчдээс азтан шалгаруулж байгаа байх нь ээ?

-Яг тийм. Цахим аяныхаа хүрээнд цахим банкны үйлчилгээ ямар давуу талтай болохыг таниулж, энэ аянаа зохион байгуулж байна. Тооцооны төвд очихоор ажиллаж байгаа газрыг нь хайна, авто зогсоол хайна. Арайхийн нэг зогсоол олоод тавьдаг тэгээд хүлээх болдог. Харин цахим банкаар үйлчлүүлбэл энэ цаг хугацаагаа гэр бүлтэйгээ өнгөрөөх боломжтой гэдгийг бид хэлээд байгаа юм. Одоогоос 10-15 жилийн өмнөх банкны үйлчилгээг харилцагчдад хүргэж байсан хэлбэр өнөөдөр тэс өөр болсон. Зөвхөн Монголд гэлтгүй дэлхий даяар банкны салбар хувьсан өөрчлөгдөж байна. Шинээр нэвтрүүлж буй дэвшилтэд техник технологитой бид ч, харилцагч нар маань ч хөл нийлүүлж алхах ёстой.

-Манайхан эдийн засгийн үед маш амжилттай, их хэмжээний хөрөнгө оруулалт орж байсан үеийн талаар та дуулсан л байх. Гэхдээ тэр үед бид ямар ч хуримтлал үүсгэж чадаагүй. Төр улс нь ч, ард иргэд нь ч . Иргэд гэхэд л маш олон тэрбумыг смарт утас, лед телевиз, үнэтэй машинд үрсэн байх жишээтэй. Ер нь мөнгө орж ирсэн үед яах ёстой байдаг юм бэ. Мөнгөгүй үед бас ямар сахилга батыг анхаарах хэрэгтэй вэ. Би таныг банк санхүүгийн салбарын хүн учраас сонирхон асууж байна л даа…

-Үүнд нэг талаасаа банкны байгууллагуудын үүрэг, оролцоо байх ёстой л доо. Банкууд зөвхөн шинэ үйлчилгээ, шинэ бүтээгдэхүүнээ танилцуулаад зогсохгүй өрхийн санхүүгээ хэрхэн зөв удирдаж явах тал дээр зөвлөгөө өгдөг байх ёстой юм. Европын болон, АНУ-ын банкуудын хувьд зүгээр нэг бүтээгдэхүүн борлуулдаг биш. Харин харилцагч нартаа зөвлөгөө өгдөг, зааж зөвлөдөг болж өөрчлөгдөж байгаа. Жишээлбэл, RBS банкинд харилцагч нарт зориулсан нэг тусгай хөтөлбөр байдаг байлаа. Энэ нь харилцагчид өрхийн санхүүгээ хэрхэн зөв удирдах талаар зөвлөгөө өгдөг тусгайлсан үйлчилгээ л дээ. Зөвхөн Монгол гэлтгүй дэлхийн хаана ч гэсэн эдийн засаг нь эрчимтэй хөгжиж ирэх үед хүмүүс илүү их мөнгө орж ирэх юм шиг санаад хэтэрхий үрэлгэн хандаж эхэлдэг. Илүү зүйлд мөнгө зарцуулж, худалдан авалт хийдэг. Яг тэр үед банкууд нь харилцагч нартайгаа уулзаад их орлого олж байгаагийнхаа хажуугаар хадгалах талаар зөвлөх ёстой юм. Ирээдүйн санхүүгээ хэрхэн хангах тал дээр нь харилцан ярилцах мэргэжлийн заавар зөвлөгөөг өгч байх хэрэгтэй. ХААН Банкны хувьд харилцагчдаа хадгаламжтай болохыг нилээд хэдэн жилийн өмнөөс уриалж иржээ. Жишээлбэл сар бүрийн орлогоосоо тодорхой дүнгээр орлогоо хуримтлуулдаг “Хуримтлалын үйлчилгээ” гэх мэт олон бүтээгдэхүүн үйлчилгээ иргэдэд хуримтлалтай болоход нь үр дүнгээ өгсөөр байна. Мөн бид зээлийн эдийн засагч болон Бизнес Инкубатор төвөөрөө дамжуулан санхүүгийн зөвлөгөө өгч, үнэ төлбөргүй сургалт явуулсаар ирсэн. Цаашид зээлийн эдийн засагч маань илүү зөвлөгч талаасаа ажиллаж, ирээдүйн хэрэгцээг тань хангахын тулд ингэмээр байна, хүүхдийнхээ сургалтын төлбөрийг одооноос ингэж зохицуулах хэрэгтэй гэж нарийн хэлдэг болно. Энэ бол яах аргагүй банкны хийх ажил.

– Сүүлийн үед иргэд нилээдгүй орлогоосоо хуримтлал үүсгэдэг болж банкууд ч бас хуримтлалын ашиг тусыг нилээдгүй сурталчилах болжээ. Олон улсын банкууд анх хуримтлалын үйлчилгээг хэзээнээс санал болгож эхэлсэн юм бэ? Манай банкууд үүнтэй хэр хурдан мөр зэрэгцэж байна гэж та боддог вэ?

-Түрүүнд жишээ авсан RBS банкны түүх л дээ. Энэ бол Их Британийн банк. 2008 оны эдийн засгийн хямралын дарааагаас дээрх үйлчилгээг гаргаж ирсэн юм. 2008-2009 онд яг энэ хөтөлбөрийг гаргаж байхад би Их Британид очиж, энэ үйлчилгээний талаар сонирхон анзаарч байлаа. Хямралаас өмнө бас л хуримтлалын үйлчилгээг санаагүй л байсан. Олон улсын банкны хувьд ингэж байсан гэхээр Монголын банкууд харин ч олон улсын түвшинтэй хөл нийлүүлэн алхаж байна гэж хэлнэ.

Таны хувь хүний онцлог, ажлын арга барил нь сонирхол татаж байна. Тухайлбал таны ажлын нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

– Би ажлаа эрт эхлүүлэх дуртай эртэч нэгэн. Миний ажлын өдөр өглөө 07:30 эхэлдэг. Би имэйл харилцаанаас илүүтэйгээр хүмүүстэйгээ нүүр тулан үулзаж, ажлыг их бага гэлтгүй ярилцаж, алдаа оноогоо дүгнэж, хэмжих дуртай хүн. Мөн ажилтнууддаа шинэ санаа, санаачлага байгаа бол дуртай үедээ надад хандаж нээлттэй хэлээрэй, мөн санаачлагатай ажиллаж, ажлаа үргэлж яавал илүү сайн хийх вэ гэдгийг бодож тунгааж байгаарай гэж зөвлөдөг. Харин ажлаас гадуур чөлөөт цагаараа би ууланд авирах дуртай. Урин дулаан цагт бол гольф тоглох дуртай. Эдгээр спортоос би маш их эрч хүчийг авдаг даа.

-Та Монголд ирээд хэр дасч байна даа. Гэр бүлийнхнээ танилцуулахгүй юу?

-Мэдээж, миний Монголд ирэх шалтгаан бол ХААН банк байсан. Үнэндээ өмнө нь Монгол орны талаар сайн мэддэггүй байлаа. Манай гэр бүл ах дүүс маань АНУ болон дэлхий даяар тархан амьдарч байна. Аав, ээж маань намайг Монголд ирснээс хойш Монгол орны талаар сонирхон судалж байгаа. Нэг өдөр энд ирж үзэж таарах байхаа. Ээж маань Монгол орны ахуй соёл, зан заншил тэр дундаа анч бүргэдийг илүүтэй сонирхож байгаа, харин аав маань загасчлах дуртай. Надад Монгол орны хүн ард, үзэсгэлэнт байгаль, ёс заншил таалагдаж байгаа шиг гэр бүлийнхэнд маань ч гэсэн Монгол орон таалагдана гэдэгт би огтхон ч эргэлзэхгүй байна.

Categories
мэдээ цаг-үе

Сум, сумын мундагчуул цугласан 9 “А”-гийнхан

Одоогоос 44 жилийн өмнө Увсын Улаангом хотын нэгдүгээр арван жилийн 9 ”а” гэж ангид сум, сумаас цугласан хүүхдүүдийг “Нэг ангийнхан” буландаа урьсан юм. Бөхмөрөн, Сагил, Түргэн, Давст, Өмнөговь, Ховд гээд аймгийн хойд сумдын хөвгүүд голдуу сайн сурлагатнууд аймгийн төвд цуглацгааж, “а”, “б”, “в” бүлэгт хуваагджээ. Тэр үед сумдын найман жилийн хүүхдүүдийг сүрхий шигшиж есдүгээр ангид хуваарилдаг байж. Нэг сумын наймынхны талаас илүү нь ТМС-ийн оюутан, илгээлтийн эзэд болдог байжээ. Бакиалын түрий эргүүлж, дээл өмссөн хөдөөх хөвгүүдэд аймгийн төв жигтэйхэн том, сургууль нь шил толь шиг санагдсан гэдэг. Сагил сумаас ирсэн Н.Алгаа гэхэд л сургуульдаа бүртгүүлэх гэж ирэхдээ шляпан малгай, монгол дээл, орос бакиалтай сүрхий нөхөр иржээ. Амьхандаа гангарч очсон нь тэр. Жигтэйхэн гоёчихоод сургуульдаа ирсэн хүү биеийн тамирынхаа Эрдэнэсүрэн багшид загнуулснаа дурсаж бөөн инээд болов.Онигооны эзэн нь Монголын уул уурхайн ассоциацийн ерөнхийлөгч Н.Алгаа.

Эдний ангийнхан өнгөрсөн амралтын өдөр цуглацгаасан юм. Алгаагаас гадна ангийн дарга Цэдэнбал, ангиас төрсөн ганц хос Шүлэгмаа, Дүгэржав, зургийн авьяасаараа ангидаа номер нэг Эрдэнэбаяр нар иржээ. Тэд ангийнхаа багшийг дагуулаад ирж. Б.Аюуш багш болоод хоёр, гуравхан жил болж байхдаа 9 “а”-г дааж авчээ. Гурван бүлгийн багш нар сумдаас ирсэн сурлагатай нөхдийг хувааж авах гэж тэрүүхэндээ хөөрхөн тэмцэл өрнүүлж байж. Аюуш багш Бөхмөрөнгөөс ирсэн Цэдэнбалыг математикийн Замбал багштай булаацалдан байж авснаа дурсаад хөгжилтэй инээв. “Аймгийн төвийн хүүхдүүдийн тухайд өмнө нь сурч байснаараа а, б, в бүлгүүддээ үлдсэн. Сумдаас ирсэн хүүхдүүдийг хуваарилах гэж элдэв явдал болсон нь энэ. Анх сумаас ирсэн ангийнхнаа хараад ямар том болсон хүүхдүүд вэ гэж бодож билээ. Эрүүл чийрэг, бадриун гэж жигтэйхэн хүүхдүүд ирсэн шүү” гэж багшийгаа ярихад Шүлэгмаа “Багшийг ямар жижигхэн хүн бэ, Цэдэнбалыг ямар том хүүхэд вэ гэж гайхан харж байлаа” хэмээж ангийнхнаа инээлгэв. Эдний анги наймхан охинтой байж. Шүлэгмааг Дашдэлэг багш нь “Эмэгтэй хүүхэд хэрнээ физик математикт сайн юм” хэмээн магтдаг байсан гэнэ. Шугам зургийнх нь багш ч “Бүсгүй хүүхэд байж шугам зурагтаа сүрхий юм гээч” хэмээдэг байж. Тэр үед сумдаас шилэгдэж ирсэн сайчуулын ихэнх нь хөвгүүд байсан гэнэ.

ҮЙЛЧИН ОХИД, ХАТУУ ДАРГА

Эдний ангийн сумдаас ирсэн охид үйлэнд уран гэж жигтэйхэн байж. Тэр үед ёолкийг цагаан сараас сүртэй тэмдэглэдэг байсан гэнэ. Шүлэгмаа, Оюунчимэг хоёр ёолконд орохоо хойшлуулан байж багшийнхаа нөхрийн шинэ жилийн гоёлын дээлийг оёж өгч байжээ. 9 “а”-гийн цугласан хэд цагаан сарын өмнө багшийнхаа хэвийн боовны бэмбээг ёс мэт нухалцаж, шинэ жилийн баншийг нь бөөнөөрөө очоод чимхээд өгчихдөг байснаа ярив. Аюуш багш “Амьдралаа дөнгөж эхэлж, анхны хүүхдээ төрүүлж бүх л юм анхных байсан үедээ анх удаа дааж авсан есдүгээр анги маань болоод тэр үү, эд нартаа их дотно. Осолгүй л монгол хэл, уран зохиолоо зааж байсан байх. Бусдаар бол эгч дүү мэт л дотно байсан. Шавь гэхээсээ дүү нар шиг минь санагддаг. Шавь нартаа амьддаа бие биеэ хайрлаарай, уулзах бүрдээ сайхан бүхнээ дурсацгааж байя гэж хэлэх дуртай. Сая гэхэд л Цэдэнбалын Япон явсан гурван сарын тайланг тавиулаад сууж байна. Цэдэнбал маань хурандаа цолтой цэргийн хүн л дээ. Миний шавь өвөөгийн ажлаа хийгээд иржээ” гэж хэлээд инээмсэглэв.

9 “а” бүрдэх үед л ангийнх нь багш Цэдэнбалыг ангийн дарга болгочихож. Ангийн дарга юу л гэнэ ангийнхан нь “за” гэдэг байсан бололтой. Сумын гудамж талбай цэвэрлэх субботник, жижүүр ангийн үүрэг энэ тэр бол яс тас. Тэр үед анги ангиараа сургуульдаа жижүүрлэдэг байжээ. Жижүүр ангийнхны үүрэг нь хүүхдүүдийн гутлын алчуур, нусны алчуурыг шалгах. Бас захны даавуу цэвэр эсэхийг шалгадаг байсан гэж Аюуш багш сонирхуулав. Цэдэнбал ангийн даргын ажлыг хэтэрхий сайн хийснээсээ болж нөгөө бүлгийн хүүхдүүддээ гөвшүүлэх дөхсөнөө ярьж бөөн инээдэм болов. Ангиас төрсөн хурандаа “Хотод амьдарч дасаагүй нөхөр ангийн дарга яаж хийх вэ дээ гэж айж байсан ч азаар ангийнхан маань хүний үг сонсоод сурчихсан хүүхдүүд байж таарсан. Үг авна гэж янзын. Сүүлдээ тэрэндээ урамшаад явж өгсөн. Арваннэгдүгээр сарын нэгэн өдөр ангийнхаа хэдэн охиноор ангиа цэвэрлүүлээд зогсч байтал нөгөө бүлгийн хөвгүүд дууддаг юм. Яваад очтол Улаангомын унаган дөрөв, таван хүүхэд байна. Танай ангийнхан сургуулийн жижүүрийг дэндүү хатуу хийж байна. Гутал, хамрын алчуургүй, захны даавуу нь хиртэй хүүхдүүдийг буцааж байгаа чинь арай хэтэрлээ. Чамайг хүмүүжүүлнэ ээ. Дагаад яв” гэдэг юм. Эд намайг зодох гэж байна гэж охиддоо хэлэлтэй биш. Дагаад л гарлаа. Азаар тэр үед айхтар зодоогүй, сүрдүүлэх төдий өнгөрсөн” гэж хэтэрхий сайн дарга байснаасаа болж “хэлмэгдэх” дөхсөнөө дурсав.

МАНГА ТАТАЖ СУРАХ ГЭЖ ХАЙРЫН КИНО ҮЗСЭН НЬ

Тэр үед аймгийн төвд Энэтхэгийн “Зуурдын хайр” гэдэг кино ид гарч байжээ. Хайр дурлалтай кино учраас аль ч ангийн сурагч үзэж болохгүй. Гэхдээ ахлах ангийнхан яаж ийгээд, янз бүрийн төлөвлөгөө зохиож байгаад үзчихдэг байж. Эрдэнэбаяр “Яаж ийгээд соёлын төв рүү орлоо. Кинон дундуур гэрэл астал хажууд Идэш ах сууж байдаг байгаа. Манай сургуулийн шугам зургийн багш л даа. Хамаатны маань ах. Ганц зугтдаг хүнтэйгээ халз таарчихаар яах нь тодорхой. Маргааш нь гэртээ дуудаж байгаад загналаа даа. Захирлын зөвлөлийн хурлаар оруулна л гэнэ, гэр рүү буцаана л гэнэ. Хамт үзсэн хүүхдүүдийнхээ нэрийг бич гээд цаас үзэг өгч байна. Юу гэж хэлэхэв” гээд хөгжилтэй инээв. Шүлэгмааг “Ес, аравдугаар ангийн том болсон хүүхдүүдийг хайрын кино үзэхийг хорьж байсан гэхээр сонин шүү” гэхэд Цэдэнбал “Тэр кинон дээр манга татдаг юм. Тэрийг нь сурах гэж үздэг байсан. Нэг элемент сурчих юмсан гээд болж өгвөл дахиад үзэхийг боддог байлаа. Дуу нь сонсоод баймаар их гоё” гэж ярив.

Эдний ангийн хамгийн үг цөөнтэй, самбарын өмнө гарахаараа хөлс нь цувчихдаг Эрдэнэбаяр зургийн багшаар 38 жил ажиллажээ. Аюуш багш “Багш хүнд сурагч нь таагдашгүй битүү ертөнц хэвээрээ л үлддэг шиг санагддаг. Хүнийг таньж бардаггүй юм билээ. Бүр хожим Эрдэнэбаярындаа айлчлахдаа олон янзын цуглуулгатайг нь мэдээд биширсэн шүү” гэж шавийгаа магтав.

Ангиас төрсөн ганц хос нь Дүгэржав, Шүлэгмаа гэж өмнө хэлсэн. Дүгэржав Чандманийн найман жилээс төвийн нэгдүгээр арван жилийн есдүгээр ангид элсчээ. Чандмань сум аймгийн төвийнхөө яг хажууханд гэнэ. Мань эрийг есдүгээр ангид орсон намар дотуур байранд оруулчихаж. Дотуур байрны хоолонд дасаагүй хүү байрныхаа хоолонд орчихоод гэр рүүгээ харайлгаж хооллодог байснаа ярив. Эхэндээ дотуур байранд дасч өгөхгүй гэртээ хоноод байрныхаа багшаас зэм хүртдэг байж. Сүүлдээ дотуур байранд дуулгавартай гэгч нь амьдрах болжээ. Цагаан царайтай болохоор багш нар нь юм л бол “Чи хотын хулигаан уу” гэж хөмсөг зангиддаг байсан гэнэ. Дүгэржав “Тэр үед хөдөөний хүүхдүүд хөрслөг бор царайтай байсан хэрэг. Одоо ч ялгарахаа больсон л доо” хэмээн хэлж ангийнхнаа хөгжөөв. Нэлээд дэггүй нөхөр байсан бололтой. Хувийнх нь хэрэг дээр ангийнх нь багш “Охидыг шоглодог” гэж бичсэн байжээ. Сүүлд хүү нь хараад хөөрхөн сандаргаж байсан гэнэ.

ГОЁ СОНСОГДСОН МЭРГЭЖИЛ

Эдний анги инженер, эмч олонтой. Ангийн дарга “Уул уурхайгаас ганц сод хүн төрсөн нь Алгаа. Манайхан дэндүү даруухан. Би ийм салбарт ингэж ажилласан энэ тэр гээд явсан бол мундаг хүмүүс олон бий. Төрийн сайдын хэмжээнд ажиллах хүн ч байна. Даруу зангаа багшаасаа авчихсан шиг байгаа юм” гэж байна. Химийн хичээл дээрээ тааруу дүн авлаа гэж багшийгаа сандаргаж байсан Заяа эмэгтэйчүүдийн сайн эмч болсныг ангийнхан нь дурсав. “Манай Заяа чинь мундаг эмч”, “Хүүхдэд их ээлтэй, нэг ч эндэгдэлгүй” гэж ирээд магтацгаах юм.

Конкурсын үеэр мэргэжлээ яаж сонгосноо ярьж баахан инээлдэв. Эхэнд жагссан 20 хүүхдийг гадаадын дээд сургуульд явуулахаар болж. Н.Алгаа тэдний нэг. Мэргэжлээ яаж сонгосноо “Гадаад явбал сайн гэж сонсоод л есдүгээр ангиасаа хичээж эхэллээ. Би дээрээсээ долоод жагссан юм. Нягтлан бодохын анги авах уу гэж байна. Хөдөөний хүүхдэд нягтлан бодох гэхээр сампинтай нөхөр төсөөлөгдөөд авсангүй. Бүдүүн тойм байсан байгаа биз. Тэр үед гадаадын хуваариудаас алийг нь авбал дээрийг зөвлөх хүн байхгүй. Бүгд хөдөө. Өнгөт төмөрлөгийн инженер гэж урт нэртэй мэргэжлийг сонгочихлоо. Гоё сонсогдохоор нь сонгочихсон хэрэг. Хүргэн ах дурамжхан байна аа. Хүргэн маань жолооч л доо. Чи тэр автын инженерийг нь авахгүй яасан юм, баазын дарга хийнэ шүү дээ гэдэг юм. Ингэж л мэргэжлээ сонгож байлаа” гэж дурсаад хөгжилтэй инээв.

Эрдэнэбаяр зургаан хүүхэдтэй өрсөлдөж Багшийн дээд сургуулийн зургийн ангийн хуваарь аваад хагартлаа баярласнаа ярив. Эрдэнэбаяр “Тэр үед чинь хөдөө сумдад хэний хүүхэд ямар хуваарь авав гэж эрж сурч ярилцдаг байлаа шүү дээ. Их, дээд сургуулийн хуваарь авсан айлын хүүхдийг сум даяараа ярианы сэдэв болгоно. Дээд сургуулийн хуваарь авсан хүн хөөрөөд жигтэйхэн юм болно биз дээ, томилолтоо аваад дотуур байрандаа ч оролгүй шуудангийн задгай машинаар гэр рүүгээ сүнгэнүүлчихлээ. Юун цагаан сар, наадам гэдэг шиг юун хувцас. Сүүлд нь хувцас хунараа Идэш ахад захиж байж шуудангаар авч билээ” гэж хэлээд тас тас хөхрөв.

Шүлэгмаа Анагаахын дээдэд өрсөлдөөд эм зүйчийн хуваарь дээр буужээ. Эхний дөрөв нь эмчилгээний анги авч л дээ. Тэдэн шиг эмчилгээний ангийн хуваарь авах гэж хөөцөлдсөн ч хамаатны эмч эгчийнхээ зөвлөснөөр эм зүйчээр суралцжээ. Одоо Увсад эмийн сангийн Шүлэгмаа гэхээр мэдэхгүй хүн байхгүй гэнэ. Тэр жил их дээд сургуулиудын хуваарийн ихэнхийг нь нэгдүгээр арван жилийнхэн авч байж.

1974 оны 10 “а” төгсөгчид багштайгаа хамт энэ онд 90 жил нь тохиож буй Увсын Улаангомын нэгдүгээр арван жилийнхэндээ баярын мэнд хүргэж сайхан бүхнийг хүсч байгаагаа манай сониноор дамжуулан уламжилсан юм.

Categories
мэдээ нийгэм

59,9 км урт дугуйн зам барина

Улаанбаатар хотод автозамын өргөтгөл шинэчлэлийн ажилтай зэрэгцэн зарим замуудад дугуйн замыг давхар төлөвлөн хийж байна. 2012 онд Бэлхийн замд 5,7 км-ын урттай дугуйн зам хийж ашиглалтад өгсөн бол 2013 онд Дүнжингаравын автозам дагуу 6 км урт дугуйн замыг шинээр хийжээ.

Харин 2015 онд хойд зуслан чиглэлийн замд буюу Дамбадаржаагийн уулзвараас Хандгайтын зуслан хүртлэх автозам дагуу 15,6 км дугуйн замыг хийсэн байна. Мөн 19-р хорооллын арын автозам дагуу 1,5 км, Сонсголонгын автозам дагуу 5,5 км дугуйн замыг шинээр тавьжээ.

Нийслэлийн Автозамын газраас өгч байгаа мэдээллээр 2016-2020 онуудад нийслэлийн хэмжээнд хэд хэдэн байршилд дугуйн зам хийхээр төлөвлөж байгаагаас Гачууртын зуслангийн зам, Шадивлан, Морингийн даваа, Яармагийн замуудад дугуйн замыг давхар хийхээр төлөвлөлсөн байна. Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд тусгасанаар Улаанбаатар хотод нийт 59,9 км урт дугуйн зам хийхээр төлөвлөсөн байна. Дугуйн замыг 1.5 метр өргөнтэй, зориулалтын төмөр тороор, ногоон өнгөтэй зуурмагаар хийж байгаа учир цас бороо орсон ч өнгө алддагүй юм байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

Герман гаралтай Америкийн тэрбумтан

Хэдхэн сарын дараа АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль болно. Мужуудад болж буй урьдчилсан санал асуулгаар Бүгд Найрамдах намын нэр дэвшигчдээс тэрбумтан Дональд Трамп тунаж үлдлээ. Гурав хоногийн өмнө түүний хамгийн гол өрсөлдөгч Сенатын гишүүн Тед Круз намын сунгаанаас гарахаар болсноо мэдэгдсэн. Ийнхүү тус намаас Америкийн Ерөнхийлөгчийн сонгуульд Д.Трамп өрсөлдөхөөр боллоо. Одоогоор Ардчилсан намаас Хиллари Клинтон авсан саналынхаа тоогоор тэргүүлж яваа. Үүнээс үзэхэд Д.Трамп, Х.Клинтон нар тунаж үлдэн Америкийн төрийн тэргүүнд өрсөлдөх магадлал нэлээд өндөр байна. Бүгд найрамдахчуудаас тэрбумтан өрсөлдөх болсон нь тус намын дотор нэлээд зөрчил үүсэхэд хүргээд байгаа. Уржигдар төрийн тэргүүний албыг хашиж байсан аав, хүү хоёр Буш Д.Трампыг дэмжихгүй хэмээн мэдэгдсэн.

Д.Трамп бол бизнесмэн, улстөрч. Аавынх нь аав буюу өвөө нь 1885 онд Германы Кальштат хотоос Америкт цагаачилжээ. Тэрбумтны ээж нь шотланд гаралтай, 1930 онд Нью-Йорк хотноо болсон нэгэн баярт оролцохоор ирэхдээ аавтай нь танилцаж гэрлэсэн гэдэг. Тэрбумтан Д.Трамп 1946 онд Нью-Йорк мужийн Кунис хотод төрсөн. Аав нь хүүгээ 13 настайд нь өөртөө итгэлтэй, зөв хүн болгохын тулд Нью-Йоркийн цэргийн академид оруулжээ. Д.Трамп тэнд маш ихийг сурсан. “Хэлэлцээ хийх урлаг” номондоо “Би 1964 онд Нью-Йоркийн цэргийн академиа төгсчихөөд киноны сургуульд орох талаар бодсон. Гэвч эцэст нь үл хөдлөх хөрөнгийн наймаа илүү ашигтай гэдэг дүгнэлтэд хүрсэн” хэмээн бичсэн байдаг. Ингээд Фордэмийн их сургуульд орсон боловч сургалт нь таалагдаагүй тул Пенсильванийн их сургуулийн дэргэдэх Уортоны бизнесийн сургуульд суралцжээ. Төгсөөд шууд л аавынхаа “Trump Orga­nization” компанид ажилласан байна.

Дональд оюутан байхдаа анхныхаа бизнес төслийг маш амжилттай хэрэгжүүлсэн. Огай мужийн Цинциннати дахь 66 хувь нь түрээслэгдээгүй байрыг шинэчилж 12 сая ам.доллараар борлуулаад зургаан сая ам.долларын цэвэр ашиг олжээ. Энэ төсөл амжилттай болсон бас нэгэн нууц нь нийгмийн дундаж давхаргад чиглэсэнтэй холбоотой. 1971 онд тэрээр Нью-Йоркийн төв болох Манхэттенд нүүж ирээд нөлөө бүхий хүмүүстэй танилцсан. Энд барилгын салбарт бизнес хийх асар их боломж байгааг ч олж харсан байна. Ер бусын дизайнтай байшингууд барьж нэлээд ашиг олж, түүний бариулсан барилгууд ч хүмүүст таалагджээ. Бараг нурсан “Commodore” зочид буудлыг шинэчлэх төслийн тендерт ямар нэгэн хөндлөнгийн дэмжлэггүйгээр ялж, Нью-Йорк хотын захиргаанаас түүнд 40 гаруй жилийн хугацаатай татварын хөнгөлөлт үзүүлсэн юм. Түүгээр ч зогсохгүй банкууд 70 сая ам.долларын зээл олгохдоо Вест-Сайд дүүргийн өнгө төрхийг сайжруул гэсэн ганцхан болзол тавьсан байдаг. Зургаан жилийн дараа гэхэд Манхэттений оршин суугчид тэнгэр баганадсан шилэн байшингуудаар бахархаж ирээдүйн тэрбумтан ч хөрөнгөө арвижуулж авчээ. Д.Трамп энэ төслийг амжилттай хэрэгжүүлснийхээ дараа “Hyatt” сүлжээ зочид буудлыг худалдан авчээ. Бизнесийн шинэ санаа ар араасаа ундарч байх тэр үед Нью-Йоркийн “Tiffany&Co” үнэт эдлэлийн дэлгүүрийн эсрэг талд байршилтай тавдугаар авенюд нүд унагасан гэдэг. Яагаад заавал энэ гудамжийг сонирхсоныг асуухад “Энэ дэлгүүр хавиар Нью-Йоркийн хамгийн чинээлэг хүмүүс эргэлддэг” хэмээн тайлбарлажээ. Хэдхэн жилийн дараа энэ газарт 58 давхар “Trump Tower” хэмээх тэнгэр баганадсан байшин сүндэрлэсэн юм. Нью-Йоркийн хамгийн өндөр байшингийн орон сууцууд ердөө хэдхэн сарын дотор зарагдсан гэдэг. Ийнхүү “Trump Tower” нь дээдсийн цуглардаг газар болж Д.Трамп 200 сая ам.долларын ашиг олжээ. 1977 онд Нью-Жерсид мөрийтэй тоглоомыг хуулиар зөвшөөрсөн. Чинээлэг эр энэ боломжийг ч овжин ашигласан юм. Тэрээр Атлантик-Ситид газар худалдан авч “Trump Plaza Hotel&Casino” төвийг бариулав. Энэ төсөлд 250 сая ам.доллар зарцуулжээ. Гэвч түүний бизнес дандаа амжилттай байгаагүй. 1990-ээд онд нэг тэрбум ам.доллартай тэнцэх хөрөнгөтэй байсан Д.Трампт үл хөдлөх хөрөнгө, агаарын тээврийн компани, хөлбөмбөгийн клуб, янз бүрийн үйлдвэрүүд гээд байхгүй юм байгаагүй гэдэг. Сүүлдээ өөрөө ч бараг юутайгаа мэдэхээ больж хяналтаа алдсан гэдэг. Зээл авч бизнесээ улам бүр өргөжүүлж байсан боловч нэг л мэдэхэд бөөн өрөнд унасан байв. 1990-ээд онд 9,8 тэрбум ам.долларын өртэй, түүнээс 900 сая ам.долларыг өөрөө төлөх ёстой болов. Ингээд дампуурлын ирмэгт ирсэн тул “Trump Tower” байшингаа барьцаалахаас өөр арга байсангүй. Санхүүгийн нэлээд хүнд байдалд орсон байхад нь хэвлэл мэдээллээр түүний хийсэн алхам бүрийг шүүмжилж байсан гэдэг. Гэсэн хэдий ч өрнөөс гарч чадсан. 1997 он гэхэд бүх өрөө төлж барагдуулаад шинэ төсөл хэрэгжүүлж эхэлснээс үзэхэд жинхэнэ бизнесмэний шинж чанартай, ямар ч бэрхшээлийг сөрж чадах эр гэдгээ харуулсан.

Дональд Трамп аавынхаа хамт

XXI зуун гарангуут Трамп телевизийн салбарт хүчээ үзэхээр шийдэв. Тэрбээр “Candidate” хэмээх телевизийн реалити шоу нэвтрүүлгийг санаачлан компанийнхаа шилдэг менежерээр ажиллах хүнийг шалгаруулж авсан байна. Үүнээс нэг жилийн дараа NBC телевизтэй хамтран та бидний сайн мэдэх “Ертөнцийн гоо бүсгүй”-г шалгаруулах тэмцээнийг зохион байгуулдаг “Miss Uni­verse Organization” компанийг худалдан авчээ. Тэрбумтан үзэгчдийн таашаалыг хамгийн ихээр хүртсэн кинонуудын нэг болох “Гэртээ ганцаараа”-д хүртэл тоглосон юм. Тэрээр алдарт Ларри Кингийн нэвтрүүлэгт уригдан оролцохдоо бага Ж.Бушийн явуулж байгаа бодлого болон алдарт Анжелина Жолигийн төрх байдлыг ширүүхэн шүүмжилсэн нь шуугиан тарьсан. Тэр үед “Дараагийн Ерөнхийлөгчийн сонгуулиар Р.Жулианни, Хиллари Клинтон хоёрыг заавал дэмжинэ” хэмээн хэлсэн байдаг. Энэ үгэндээ хожим нэлээд ороогдсон.

Д.Трампт ороогүй салбар гэж бараг үгүй. 1980-аад оноос түүнийг Ерөнхийлөгчид өрсөлдөх гэж байгаа тухай яригдаж эхэлсэн. 2009 онд тэрээр Бүгд Найрамдах намын гишүүн болж 2011 онд төрийн тэргүүнд нэрээ дэвшүүлэхээр төлөвлөж байсан гэдэг. Гэвч бизнесийн салбарыг орхих хараахан болоогүй гээд больсон. Ингээд өнгөрсөн жил тэрээр Бүгд Найрамдах намаас нэрээ дэвшүүлж байгаагаа албан ёсоор мэдэгдсэн даруйдаа бэлтгэл ажлаа эхлүүлсэн юм. Маш нарийн бодож боловсруулсан төлөвлөгөө гарган ажилласан гэдэг. Хамгийн түрүүн Бүгд Найрамдах намын өлгий гэгддэг Нью-Гэмпширт очиж дараа нь Невада, Калифорни мужуудаар айлчилжээ.

Намын сунгаанд тунаж үлдсэн тэрээр эрүүл мэнд, цагаачид, дотоод бодлогын асуудал дээр юун дээр анхаарахаа маш тодорхой ярьсан. Хөрш Мексик, Ойрхи Дорнодын эсрэг хатуу бодлого явуулах нь зүйтэй гэдэг дээр тууштай байгаа тэрбумтан Ерөнхийлөгчөөр сонгогдвол Цагаан хэрэм шиг ханыг Мексикийн хил дээр босгоно хэмээн амлаж байгаа. Түүгээр ч барахгүй “Лалын улс” бүлэглэлийг тэр дор нь устгах гэнэ. АНУ-д үйлдвэрүүдийг эргэн сэргээхээ амлаж буй тэрбээр Хятадтай худалдааны дайн зарлах гэнэ.

Дональд Трамп эхнэр, хүүхдүүдийнхээ хамт

Тэрбумтны хувийн амьдрал нэлээд сонин. Тэрбээр хэд хэдэн удаа гэрлэж байсан. Анх хуучин Чехословакийн загвар өмсөгч Иванка Зельничкова гэх бүсгүйтэй гэрлэсэн. 2005 онд зүүн Европоос гаралтай Мелани хэмээх загвар өмсөгчтэй нижгэр хурим хийж байв. 45 сая ам.доллар зарцуулсан гэрлэх ёслол нь хамгийн өндөр өртөгтэй хуримд тооцогддог. Түүнийг эхнийхээ эхнэрээс салсны дараа хэвлэлийнхэн “The Donald” гэх болсон. Хоёр дахь эхнэрийг нь Марле Мейплз гэдэг. Д.Трамп таван хүүхэдтэй. Иванка, Эрик, Дональд,Тиффани, Беррон гээд. Саяхан болсон сонгуульд Охин Иванка, хүү Эрик хоёр нь цагтаа бүртгүүлээгүй тул саналаа өгч чадаагүй гэнэ. Үүндээ ихэд гэмшиж байгаа хэмээн аав нь ярьжээ. Харин хамгийн бага хүү Бэрроны сонгуульд оролцох нас нь болоогүй. Тэрбумтан найман ач, зээтэй.

“Форбес” сэтгүүлийн энэ жилийн судалгаагаар Д.Трамп нь дөрвөн тэрбум гаруй ам.доллартай тэнцэхүйц хөрөнгөтэй. Энэ жил маш сонин сонгууль болно хэмээн ажиглагчид бичсээр байгаа. Тэрбумтан Д.Трамп, экс тэргүүн хатагтай Х.Клинтонтой “хүчээ” үзэх болов уу. Хэрвээ Д.Трамп ялалт байгуулж чадвал АНУ-ын түүхэн дэх анхны тэрбумтан Ерөнхийлөгч болно. Хэрвээ сонгогдож чадвал шүү дээ. Харин Д.Трамп “Би хамгийн агуу Ерөнхийлөгч болно” хэмээн хэлсэн билээ.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

Өнөөдөр буюу тавдугаар сарын 13-ны Баасан гарагт дараах байршлуудад цахилгаан эрчим хүч түгээдэг шугам тоноглолд урсгал засвар хийх тул Та бүхэн хэрэглээгээ түр зохицуулна уу.


Налайх дүүрэг

10:00-18:00 цагт: 4-р хороо Нисэхийн задгай, Нисэхийн хорооны 4-10, 17-21 гудамж Их ам,

Төв аймаг

10:00-17:00 цагт: Партизан хэсэг САА, Ар Гүнт, Шижирийн хэсэг, Алтан тариа ХХК, Аудитын газар орчмоор
10:00-13:00 цагт: Батсүмбэр сум Будаан толгой орчмын гэр хороолол
14:00-18:00 цагт: Батсүмбэр сум Мандалын ар орчмын гэр хороолол.


Цахилгаан эрчим хүчээр түр хязгаарлагдах хэрэглэгчдийг байршлаар нь баримжаалан жагсааж байгааг анхаарна уу. Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орох магадлалтай ба өөрчлөгдсөн тохиолдолд УБЦТС ТӨХК-тай байгуулсан гэрээнд бүртгэлтэй утсаар холбогдож ААН, үйлдвэр, компаниудад мэдээлэх болно.

Цахим үйлчилгээ: my.tog.mn
Мэдээлэл, лавлагаа авах утас: 70047004