Categories
мэдээ улс-төр

НИТХ-ын сонгуульд 314 хүн нэр дэвшихээр бүртгүүллээ

Нийслэлийн сонгуулийн хороо нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал /НИТХ/-ын 2016 оны ээлжит сонгуульд оролцох нам, эвслийн нэр дэвшигчдийг өчигдөр хуулийн хугацаанд бүртгэж дууссан байна. Зургадугаар сарын 29-ний өдөр болох НИТХ-ын ээлжит сонгуульд нийт 13 нам, хоёр эвслээс 314 нэр дэвшигч оролцох хүсэлтэй илэрхийлж, шаардагдах материалаа Нийслэлийн сонгуулийн хороонд хүргүүлжээ. Эдгээр нэр дэвшигчдээс хуульд заасан шаардлага хангасан хүмүүсийг эцсийн байдлаар энэ сарын 17-ны өдөр нийтэд зарлах юм. Харин бие даан нэр дэвшигчдийн нэрийг тавдугаар сарын 19-нд албан ёсоор зарлана гэлээ. Одоогоор НИТХ-ын 2016 оны ээлжит сонгуульд бие даан нэр дэвшихээр 30 гаруй хүн хүсэлтээ ирүүлснээс найм нь материалаа ирүүлжээ. Сонгуульд нэр дэвшигчид сонгуулийн хорооноос батламжаа гардан авсанаас дөрөв хоногийн дараа буюу тавдугаар сарын 21-нээс сонгуулийн сурталчилгаагаа албан ёсоор эхлүүлнэ.

НИТХ-ын сонгуульд нэр дэвшихээр бүртгүүлсэн нам, эвсэл гишүүний тоог танилцуулж байна.

  • МАН – 45
  • АН – 45
  • ИЗНН – 18
  • МУНН – 3
  • БНН – 21
  • МСДН – 11
  • ИХН – 44
  • Хөгжлийн хөтөлбөр нам – 6
  • МАХН – 45
  • Хөдөлмөрийн үндэсний нам – 29
  • Монгол консерватив нам – 10
  • Эх орончдын нэгдсэн эвсэл – 5
  • ТТЭН-ийн эвсэл – 32 буюу нийт 314 нэр дэвшигчийн материалыг Нийслэлийн сонгуулийн хороо хүлээн авчээ.
Categories
мэдээ нийгэм

Хордлогод орсон сурагчдын биеийн байдал хэвийн болсон гэв

Өнөөдөр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас эклерийн болон 61-р сургуулийн үдийн цайнаас үүдсэн хоолны хордлогын шинжилгээний талаар мэдээлэл хийлээ. “Ньюсвийтфүүдс” компанийн үйлдвэрлэсэн эклерийг идсэн 155 хүн хордлогод орж 97 хүн ХӨСҮОТ-д хэвтэн эмчлүүлсэн. Одоогоор бүх өвчтөний биеийн байдал сайжирч эмнэлгээс гараад байгаа ба хордлогыг сальмонеллёз бактериар үүсгэгдэж, хүний үйл ажиллагаанаас үүдэн хүнсэнд өөрчлөлт орж хоолны хордлого үүсгэсэн нь тогтоогджээ. Уг үйлдвэр нь бүтээгдэхүүний үйлдвэрлэсэн он сарыг бус худалдаанд гаргасан өдрийнхөө он сарыг тавьдаг байсан нь шалгалтаар тогтоогдож 1000 гаруй бүтээгдэхүүнийг хураан авч устгалд оруулжээ.

Мөн өнгөрөгч долоо хоногт нийслэлийн Чингэлтэй дүүргийн 61 дүгээр дунд сургуульд хоолны хордлогот халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн. Энэ талаар НМХГ-ын дэд дарга С.Даваасүрэн “Тус сургуулийн “Үдийн цай” хөтөлбөрт 1-5 дугаар ангийн 18 бүлгийн 611 сурагч хамрагддаг бөгөөд цайны газаргүй тул “Айплмүүн”, “Хаан сүү” компанитай гэрээ байгуулан “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлж байсан. Хөтөлбөрийн батлагдсан цэсний дагуу тухайн өдөр “Алиман cap” хүнсний үйлдвэрт үйлдвэрлэсэн, 70 гр-аар савлагдсан жимстэй боов, “Хаан сүү” үйлдвэрт үйлдвэрлэсэн 100 гр савлагаатай нэрс жимсээр хийсэн “Жимсний жүүс”-ийг түгээсэн байна. Улмаар бага ангийн зургаан бүлгийн 202 сурагч “Үдийн цай” хөтөлбөрт хамрагдсанаас гуравдугаар ангийн 23 сурагчид хордлогын шинж илэрсэн. Эдгээр хүүхдүүд өрхийн эмчийн хяналтанд эмчлүүлсэн бөгөөд биеийн байдал хэвийн болсон” гэлээ.

Үдийн цай хөтөлбөрт хамрагдсан бүлгүүдээс ганцхан бүлэгт хордлого илэрсэн тул бүтээгдэхүүн нийлүүлэгч байгууллагыг буруутгах боломжгүй бөгөөд нян судлалын шинжилгээний урьдчилсан дүнгээр, нэг хүүхдээс “Shigella spp” үүсгэгч илрээд байгаа юм. Нарийн шинжилгээг мэргэжлийн хяналтын төв лабораторид хийж байгаа ба эцсийн дүн хараахан гараагүй байгаа юм. Харин 61-р сургуулийн тухайд дээрх компаниудтай хийсэн гэрээг цуцалж, “Мон сүү”, “Талх чихэр” компаниудтай гэрээ хийн үдийн цай хөтөлбөрөө үргэлжлүүлж байна.

Categories
мэдээ улс-төр

МАН-ынхан шийдвэрээ эргэн харахыг шаардав

СЕХ-ноос ирүүлсэн сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай тогтоолын төслийг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэх үед МАН-ын бүлэг завсарлага авахыг хүссэн ч хуулийн хугацаатай тул боломжгүй гэж үзсэн юм. Гэвч МАН-ын бүлгийн гишүүд хурлыг орхин гарч, Байнгын хорооны хуралдаан МАН-ын гишүүдгүйгээр үргэлжлэн, дээрх тогтоолын төслийг хэлэлцэн, дэмжсэн юм.

Үүний дараа УИХ дахь МАН-ын дарга М.Энхболд, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт тэргүүтэй гишүүд УИХ-ын тойрог, мандатыг хуваарилах асуудлыг дэмжсэн асуудалтай холбоотойгоор мэдээлэл хийлээ.

МАН-ын дарга М.Энхболд:

“АН-ынхан зарчимгүй будлиантай үйл ажиллагааг зохион байгууллаа. Сонгуулийн тойрог, мандатыг хуваарилахдаа хүн ам, нутаг дэвсгэр, засаг захиргааны нэгжийг сайтар харгалзан үзэх ёстой гэж Үндсэн хуульд заасан байдаг. Гэтэл аймаг, орон нутгийн тойргийг өөрчилж, зарчим алдагдуулах, аймгийн төвийг дангаар нь нэг тойрог болгож, бусад сумдыг хомроголон нэг тойрог болгох шийдвэрийг гаргалаа. Үүнийг МАН-ынхан эсэргүүцсэн ч цөөнх учраас гаргасан алдаа дутагдлыг засч залруулж чадсангүй. Иймээс би байнгын хорооны хурлыг орхин гарсан. Тэгээд ч зогсохгүй гаргасан шийдвэрээ эргэн харахыг шаардаж байна” гэсэн юм.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт:

“АН-ынхан айж, ичихээ больжээ. Дөрвөн жилдээ нэг болдог сонгуулийг АН-ын сунгалт болгох гэж байгаад харамсч байна. АН-ын дөрвөн гишүүн буюу Р.Гончигдорж, Н.Батбаяр, Г.Батхүү, Х.Тэмүүжин гэсэн дөрвөн хүний саналаар мандатын тоог хуваарилах зарчмыг эвдэж өөрсдөдөө таалагдсан хувилбараар оруулж ирж байгаад харамсч байна. Жишээ нь Өвөрхангай аймаг. Тус аймгийн 86 хувь нь нэг тойрог болсон. Үүнд нутаг дэвсгэр, хүн ам, засаг засаг захиргааны ижил тэнцүү байдлыг огтхон ч харгалзан үзсэнгүй. Ховд аймаг гэхэд 20, 12 мянган сонгогчтой тойрог байгуулсан нь тэгш бус юм” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Түрээсийн орон сууцанд орох иргэд түлхүүрээ авч эхэллээ

Түрээсийн орон сууц хөтөлбөрийн хүрээнд “Буянт-Ухаа 2″ хороололд 350 орон сууц түрээслэхээр болсон билээ.

Түрээсд хамрагдах хүсэлтэй иргэдийг Төрийн орон сууцны корпорацийн /ТОСК/ байранд өнгөрсөн гуравдугаар сарын 21-нээс дөрөвдүгээр сар 1-ний өдрийг дуустал ангилал тус бүр дээр бүртгэсэн. Нийт 2,407 иргэд бүртгүүлснээс “Төрийн өмчийн түрээсийн орон сууцанд иргэдийг бүртгэх, сонгон шалгаруулах, түрээсийн орон сууцанд хамруулах ажлыг зохион байгуулах журам”-ын шаардлага хангасан 2,374 иргэн Цахим сугалаанд оролцсон.

Сугалаанд хожсон 350 иргэн тавдугаар сарын 9-нөөс эхлэн төлбөрийн мэдэгдэл хүлээж авчээ.Мэдэгдэл хүлээж авснаас хойш 72 цагийн дотор 3 сарын түрээсийн барьцаа төлбөр, 6 сарын байрны төлбөрөө хийж, гэрээ байгуулснаар түлхүүрээ авч байрандаа орох юм.

Тавдугаар сарын 11-ний өдрийн байдлаар нийт 330 гаруй иргэн түрээсийн төлбөрийн мэдэгдлээ авч 250 орчим нь төлбөрөө төлж, түрээсийн гэрээгээ байгуулсан байна.

Түрээсийн орон сууцанд хамрагдсан иргэдийн байрны түлхүүрийг 5 дугаар сарын 13-нд /өнөөдөр/ ТОСК-ийн байранд олгож эхэллээ.

Харин маргааш буюу 5 дугаар сарын 14-нд “Буянт-Ухаа 2” хорооллын Ус дулаан дамжуулах төв байранд олгох аж.

Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 248 дугаар тогтоолоор батлагдсан “Түрээсийн орон сууц хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх үүднээс Барилга, Хот Байгуулалтын яамнаас “ИРГЭДИЙГ ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦАНД ХАМРУУЛАХ ЖУРАМ”-ыг баталсан бөгөөд энэхүү журмын 8.3-т түрээсийн орон сууцны үйл ажиллагааг зохицуулах нарийвчлагдсан журмыг Төрийн орон сууцны корпорациас “Төрийн өмчийн түрээсийн орон сууцанд иргэдийг бүртгэх, сонгон шалгаруулах, түрээсийн орон сууцанд хамруулах ажлыг зохион байгуулах журам”-ыг боловсруулж баталсан.

Түрээсийн орон сууц хөтөлбөр нь Монгол Улсад анх удаа хэрэгжиж байгаа бөгөөд ТОСК-ийн захиалгаар “Аймаг бүрт 1,000 айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд орон нутаг болон Улаанбаатар хотод баригдсан орон сууцанд хуваарьлагдсан квот, журмын дагуу иргэдийг сонгон шалгарууллаа.

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд өнөөдрийн байдлаар Дархан-Уул, Сэлэнгэ, Увс аймаг, Ховд, Архангай аймагт нийт 579 орон сууцыг түрээлслүүлж эхлээд байна. гэж ТОСК-аас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

МАХН-д итгэл үнэмшилгүй болсон гэв

МАХН-ын нарийн бичгийн даргын алба хашдаг О.Лхагвацэдэн, Г.Дугаржав нар намаасаа гарч байгаагаа мэдэгдэж Монгол ньюс мэдээллийн төвд өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ.

О.Лхагвацэдэн, Г.Дугаржав нар МАХН-аас гарч байгаа шалтгаан нь нэг хүний үзэл суртлаар бүхнийг шийддэг болсонтой холбоотой гэнэ. Тус намын дарга Н.Энхбаяр орон нутгийн намын хорооны даргын томилгооноос эхлээд бүхий л асуудлыг өөрийн үзэмжээр шийдэж байгаа нь дээрх хоёр гишүүний дургүйцлийг хүргэжээ.

Түүнчлэн МАН-тай эвсэж сонгуульд оролцсон бол 76 суудлын 25-ыг авах боломж байсан. Гэтэл хоёр намын эвсэх тухай асуудал буруу тийш хазайж, МАХН-ынхан бүх гишүүдээ алдлаа гэж МАХН-ын нарийн бичгийн дарга О.Лхагвацэрэн онцоллоо.

“Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд “Шударга ёс” эвсэл Засгийн газарт хамтарч ажилсан. Гэвч МАХН-ын мөрийн хөтөлбөр биеллээ олоогүй. Учир нь, цөөнх байхын зовлон мөрийн хөтөлбөрөө биелүүлэхэд тушаа болдог гэдгийг улс төрийн намууд ойлгосон учир эвсэж, нэгдээд ирэх сонгуульд бэлдэж байна. Гэтэл манай намын удирдлага гишүүд, дэмжигчдийнхээ үгийг сонгохгүй байгаа тул итгэл үнэмшилгүй боллоо” гэсэн юм.

МАХН-ын нарийн бичгийн дарга Г.Дугаржав: “МАН, МАХН эвсэж сонгуульд оролцоогүй. Энэ нь МАХН-ын намын гишүүд дэмжигчдэд маш их хохиролтой зүйл болсон. Тиймээс Лхагвацэдэн бид хоёр өнөөдөр намын анхан шатны байгууллагад намаас гарах өргөдлөө өгнө. Харин өөр намд элсэх асуудлыг нээлттэй үлдээж байна” гэлээ.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНСУ-д айлчилна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2009 онд албан үүргээ авснаас хойш анх удаа Сөүлд айлчлахаар болжээ. Сөүлийн талаас мэдээлснээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ирэх пүрэв гаригт /V.19/ Сөүл хотноо Өмнөд Солонгосын төрийн тэргүүн Пак Гын Хетэй уулзах гэнэ. Айлчлалаар хоёр орны хооронд харилцаагаа улс төр, эдийн засаг, соёл урлаг зэрэг олон салбарт өргөжүүлэх боломжийг хэлэлцэх аж. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ирэх Лхагва гаригт Сөүлд газардаж, гурав хоног саатах гэнэ.

Монгол улс нь Өмнөд Солонгостой 1990 онд албан ёсны дипломат харилцаа тогтоосон юм.

Categories
мэдээ улс-төр

Нийслэлийн ИТХ-ын сонгуульд 900 сая төгрөг зарцуулна

Өнөөдөр Нийслэлийн сонгуулийн хорооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Өнгөрсөн хугацаанд нийслэлийн сонгуулийн хороо таван удаа хуралдаж, нийслэлийн сонгуулийг зохион байгуулахтай холбоотой бэлтгэл ажлыг хангажээ. Нийслэлийн сонгогчдын нэрийн жагсаалтад 924629 сонгогч бүртгэгдсэн байна. Тодруулбал, Багануур дүүрэгт 19442 (2.1 хувь), Багахангай дүүрэгт 2798 (0.3 хувь), Баянгол дүүрэгт 140846 (15.6 хувь), Баянзүрх дүүрэгт 220130 (23.8 хувь), Налайх дүүрэгт 23976 (2.5 хувь), Сонгинохайрхан дүүрэгт 205276 (22.2 хувь), Сүхбаатар дүүрэгт 96265 (10.3 хувь), Хан-Уул дүүрэгт 105874 (11.5 хувь), Чингэлтэй дүүрэгт 111022 (12.0 хувь) сонгогч бүртгэгджээ.

Нийслэлийн хэмжээнд хуулийн дагуу дөрөвдүгээр сарын 30-наас иргэдийн шилжих хөдөлгөөнийг зогсоосон бөгөөд сонгогчдын саналыг 396 санал авах байранд авах аж. Мөн НИТХ-ын сонгуульд оролцохоор 11 нам, 2 эвсэл албан ёсоор бүртгүүлжээ. Нам, эвслүүд нийтдээ 314 нэр дэвшигч нэр дэвшүүлж, тавдугаар сарын 17-ны дотор нэр дэвшигчдийг бүртгэх эсэх талаар шийдвэрээ гаргах аж. Ирэх зургадугаар сарын 7-нд бүх нэр дэвшигчид албан ёсоор нэр дэвшигчийн үнэмлэхийг нь гардуулан өгөх юм байна. Энэ удаагийн сонгуульд нийт 900 сая төгрөг зарцуулах ажээ.

Categories
мэдээ улс-төр

Чуулганы ирц бүрдэхгүй байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхлэх янзгүй байна. Товлосонцагаас алт хэдийнэ гурван цаг өнгөрсөн ч одоо хэр нь ирц бүрдэхгүйгээс эхэлж чадахгүй байна. Хурал даргалагч УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж “Шүүх байгуулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг зайлшгүй хийх шаардлагатай байгаа, тиймээс УИХ-ын гишүүд оролцооч ээ гэж гуйж байна” гэлээ.

Өчигдөр орой баталсан сонгуулийн тойрог болон мандат хууваарилах тогтоолын төслийг УИХ дахь МАН бүлэг “Ардчилсан нам хүч түрэн баталсан” гэж үзэж байгаа учраас ийнхүү эсэргүүцлээ илэрхийлэн хурлын ирцийг бүрдүүлэхгүй байгаа юм. Хуулиараа 39 гишүүн ирцэд бүртгүүлж байж чуулганы нэгдсэн хуралдаан эхлэх ёстой. Гэвч ирц бүрдэхэд гурван гишүүн дутаж байна. УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Болор нар гадаадад ажиллаж байгаа бол УИХ-ын гишүүн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат эрүүл мэндийн шалтгаанаар чөлөө авчээ.

Хурал даргалагч УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж эцсийн байдлаар ирцийг танилцууллаа. Түүгээр УИХ дахь Ардчилсан намын бүлгээс 33 гишүүн ирэх ёстой ч 30 нь ирсэн, МАН-ын бүлгийн 30 гишүүнээс нэг нь ч ирээгүй /чуулганы танхимд ирсэн гишүүд нь ирцэнд орохгүй байгаа юм/, ИЗНН-ын хоёр гишүүн ирсэн, УИХ-ын гишүүн С.Ганбаатар ирээгүй, УИХ-ын дэд дарга Л.Цог өвчтэй байгаа бол УИХ-ын гишүүн Г.Уянга ирээгүй байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Азийн хөгжлийн банк 287 сая ам.долларын санхүүжилт хийнэ

Азийн хөгжлийн банк Монгол Улсад олгож буй 287 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл болон буцалтгүй тусламжийн хөтөлбөрийн багцаа өчигдөр баталлаа.
Үүнд цахилгаан, дулаан хангамжийн томоохон хөрөнгө оруулалт, хөгжлийн
бэрхшээлтэй иргэдийн ажлын байр бий болгох, амьжиргааны түвшинг
дээшлүүлэхэд чиглэсэн голлох төсөл байгаа аж.

АХБ он гарсаар “Эрдэнэс Монгол” компанийн засаглал, менежментийн
чадавхыг бэхжүүлэх төсөл, Замын-Үүд, Алтанбулаг болон Бичигтийн хилийн
боомтыг сайжруулах, Арвайхээр, Даланзадгад, Сайншанд, Цэцэрлэг хотуудад
бохир ус цэвэрлэх байгууламж барих гурван төсөлд хөнгөлөлттэй зээл олгоод байгаа юм.

Одоогоор АХБ манайд 953 сая ам.долларын 23 хөнгөлөлттэй зээл, 12
буцалтгүй тусламж, 35 техник туслалцааны хөтөлбөр хэрэгжүүлээд байгаа
билээ.

АХБ сүүлийн 25 жилийн хугацаанд монголд хоёр тэрбум ам.долларын санхүүжилт олгожээ.

Categories
гадаад мэдээ

Бразилийн Ерөнхийлөгч Дильма Русеф албан тушаалаасаа чөлөөлөгджээ

Бразилийн
Ерөнхийлөгч Дильма Русеф төрийн өмчит газрын тосны “Петробрас”
корпорацийн авлигын хэрэгт холбогдсоноор түүнийг цаашид төрийн тэргүүн
хэвээр үлдээх эсэх дээр Конгрессын доод танхим болон Сенат хуралдан
шийдвэр гаргахаар болсон юм.

Эхний ээлжинд Конгрессын доод танхим
өнгөрөгч дөрөвдүгээр сарын 18-нд санал асуулга явуулж Дильма Русефтэд
хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзсэн учраас асуудлыг дээд танхим
буюу Сенат хэлэлцэхээр болсон юм. Хэдэн сар дамнан яригдаж буй
ерөнхийлөгчөө огцруулах эсэх асуудал өчигдөр /05.12/ Сенатын хурлаар орж
гишүүдийн 55:22 саналаар Дильма Русефийг Ерөнхийлөгчийн албан тушаалаас нь 180 хоног чөлөөлөх шийдвэрт хүрчээ. Улмаар Бразилийн дэд Ерөнхийлөгч Мишель Темер Ерөнхийлөгчийн үүргийг түр гүйцэтгэхээр боллоо.