Categories
мэдээ цаг-үе

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: Бенжамин Баттоны хачирхалтай түүх

Энэ долоо хоногийн “Ном ярьж өгье” буланд Скотт Фицжералдын “Бенжамин Баттоны хачирхалтай түүх” зохиолыг онцолж байна.

1860 он, Америкийн Балтимор хотын иргэн Рожер Баттон бол тухайн үеийн ихэс дээдсийн хүрээнд зүй ёсоор багтдаг жентельмэн эр. Анхныхаа хүүхдийг сэтгэл догдлон хүлээж байтал шинэхэн мэндэлсэн хүү нь нялх хүүхэд биш дал орчим насны өвгөн байх нь тэр. Рожер гайхан бухимдаж үгүйсгэх боловч эмнэлгийн ажилтнуудын баталж буйгаар яах аргагүй түүний эхнэрээс энэ өвгөн мэндэлсэн болж таардаг. Ингээд шинэхэн аав хүүдээ Бенжамин Баттон хэмээх нэр хайрлаад хөмсгийг нь будаж, сахлыг нь тайрч, оёдолчноор тусгайлан том хэмжээтэй хүүхдийн хослол оёулж өмсгөн чадах ядахаараа л анхаарч халамжлах болно. Бенжаминыг таван настайд цэцэрлэгт оруулах боловч удалгүй “хөөгдчихөв”. Арванхоёр насныхаа төрсөн өдрөөр толинд харж байхдаа бие бялдраа өөрчлөгдсөнийг гэнэт анзаардаг. Буурал үс нь бараантаж, нуруу нь тэгширч, хацар нь ягаан туяа татаад амьдралынх нь эхний жилүүдээс хавьгүй чийрэг, залуу болсон байлаа. Аавдаа “Би өсчихөж, арай урт өмд өмсмөөр байна” гэж хэлснээр аав нь түүнд урт өмдтэй хослол авч өгч “хүү” ч таягаа хаян үеийнхээ хөвгүүдтэй тоглох болов.

Бенжамин 18 настайдаа 50-тай юм шиг харагдаж байжээ. Аав нь түүнийг Иел коллежид оруулахаар Коннектикут руу явуулна. Гэвч түүнийг арваннаймтай гэхэд хэн ч итгээгүйгээр барахгүй элэглэн шоолж, доромжлон сургуулиасаа хөөдөг. 1880 онд тэр 20 нас хүрч аавынхаа эрхэлдэг компанийн хувь нийлүүлэгч болох болно. Ноён Рожер Баттон 50 нас хүрч аав, хүү хоёр гадаад төрхөөрөө үе тэнгийн юм шиг харагдах болжээ. Бенжамин нэгэн удаа аавтайгаа үдэшлэгт очоод Монкриф гэгч генералын охин Хильдегардад дурлана. Анхны хайр ирсэн хэрэг. Харин аз болоход бүсгүйд 50 эргэм насны эр таалагддаг байжээ. Үүнээс хойш зургаан сарын дараа тэр хоёрыг гэрлэх гэж байгаа гэсэн цуу хотоор нэг тархлаа. Нью-Йоркийн бүх сонин Бенжамины тухай есөн шидээр бичиж бүгд энэ гэрлэлтийг эсэргүүцэх боловч тэд гэрлэдэг. Хүүгээ гэрлэмэгц аав нь компаниа өвлүүлэн өгч бага Баттон ашиг орлогоо хоёр дахин нэмэгдүүлдэг. Гэрлэснээсээ хойших15 жилийг Бенжамин хачин гайхалтай, амжилтаар дүүрэн, аз жаргалтай өнгөрөөсөн юм. Тэрээр улам залуу болж эрч хүчээр оргилон буцалж байлаа. Ганц харамсалтай зүйл гэвэл эхнэр нь цаг хугацаа өнгөрөх тусам хөгширч байсан явдал юм. Үүнд цухалдсан Бенжамин эхнэрээсээ зугтахын тулд гурван жил цэргийн алба хааж дэд хурандаа цол хүртээд зогсохгүй тулаанд оролцож медалиар шагнуулчихаад гэртээ эргэж ирдэг. Дээдсийн хүрээлэнгийнхэн ч 1880 онд насны зөрүүтэй гэрлэлтийг хэрхэн буруутгаж байснаа, тэр буруутан нь Бенжамин байсныг мартаад одоо эсрэгээр нь Хильдегардаг жигшин муулцгаана. Эхнэр, нөхөр хоёрын харьцаа улам бүр царцсаар байлаа. Хүү Роско нь 25 хүрч Харвардын их сургууль төгсжээ. Харин аав, хүү хоёр хүмүүст андуурагдаж харагдах нь энгийн үзэгдэл болсон байв.

1914 онд Бенжамин Харвардын их сургуулийг дүүргээд Балтимортоо эргэн ирэхэд Хильдегарда нь Итали руу амьдрахаар явсан байх бөгөөд аавынхаа бизнесийг өвлөж авсан хүү нь эхнэртэй болж амьдрал нь тэгширсэн байлаа. 1920 онд Роско анхныхаа хүүхдийг өлгийдөн авлаа. Өвөө болсноосоо таван жилийн дараа Бенжамин ач хүүтэйгээ нэг цэцэрлэгт хүмүүжих болов. Гэвч жилийн дараа ач хүү нь сургуульд орж өвөө нь харин цэцэрлэгтээ үлдэнэ. Үеийнх нь жаалууд том болоод ямар хүмүүс болох тухайгаа ярихад хөөрхий жаал бяцхан ой ухаандаа энэ бүхэн хэзээ ч өөрт нь тохиолдохгүй гэдгийг мэдэрч байлаа. Гурван жил өнгөрөхөд тэр бүр ярьж ч чадахгүй нялх хүүхэд болжээ. Цэцэрлэгээс гарч асрагчийн халамжинд очлоо. Туулж өнгөрүүлсэн амьдралаасаа тэр юу ч санахгүй болжээ. Өнгөрсөн үе нь зүүрмэглэх зуур харагддаг зүүд адил, огт байгаагүй мэт түүний ой ухаанаас арилан үгүй болсон. Өдөр хоног өнгөрсөөр мань хүн ямар ч байсан амьсгаатай байх тул чихэнд нь арай ядан сонстох бөглүү дуу, бас гэрэл, харанхуй хоёр л гэж байна.

Харин дараа нь цагаан өлгий, дээр нь тонгойх бүдэг бадаг царай, бүлээн сүүний сайхан амт, үнэр гээд бүгд нэгмөсөн алга болж түнэр харанхуй түүнийг нөмрөн авлаа.

А.МӨНХЗУЛ

Categories
их-уншсан онцлох-нийтлэл туслах-ангилал

Монголчуудын тусгаар тогтнолын нэг баталгаа нь гадаадад байгаа монголчууд

Хаврын хүйтэн хавсарга хавирга нэвт үлээсэн энэ өдрүүдэд улаанбурхан өвчний дэгдэлт газар авч, хөөрхий нялх үрс маань хамгийн ихээр энэ өвчинд өртөж байна. Заримыг нь аль хэдийнэ бид тэнгэрийн оронд алдчихсан. Эдийн засгийн хямрал гэгч айхтар эд хувь хүн, айл өрх, албан газар бүрийг сандраан сандаачиж байна. Нэг үгээр хэлэхэд энэ өдрүүдэд Монгол Улс маань ядруу, зутруухан л байна даа. Ийм үед хамгийн их анзаарагдаж байгаа зүйл бол гадаадад байгаа монголчуудын тусламж дэмжлэг юм. Улаанбурханаар өвдсөн хүүхэд, томчууд эмнэлэгтээ багтахгүй чихэлдэж, эм тариа тоног төхөөрөмжгүйн улмаас амь нас нь дээсэн дөрөөн дээр байгааг дуулаад гадаадад амьдарч байгаа монголчууд маань эм тариа, тоног төхөөрөмж, мөнгө төгрөг гээд бүхий л зүйлээр тусалж байгаа нь сайхан харагдах юм. Вашингтоны монголчуудаас, Колорадагийн монгол иргэдээс, Денверээс, Ютад амьдардаг монголчуудаас гээд мөнгөн тусламж наашаа цувсаар байна. Шведийн монголчууд амьсгалын аппарат, зүү тариур зэргийг мөнгөний хамт илгээжээ. Энэ мэт Солонгос, Япон, Франц, Герман, Австри бүр Африкийн Угандагаас хүртэл мөнгө төгрөг, хэрэгтэй гэсэн аппарат хэрэгслийг Монгол руугаа явуулж байна.

Үүний өмнөхөн нэгэн алдартай зохиолчийн эмчилгээний зардалд хандив цуглуулахад гадаадад амьдарч байгаа монголчуудын тусламж жин дарж байна лээ. Энэ мэт үүрэндээ хоол зөөж байгаа шувуу мэт тэд маань эх орон, элгэн садан руугаа их бага гэлтгүй байнга л илгээмж явуулж байдаг. Хувцас хунар, эм тариа, эдлэл хэрэглэл, мөнгө төгрөг гээд юу эс байхав. Энд тэндээс ирсэн ийм илгээмжүүдийн ачаар эдийн засаг эргэлдэж, хүмүүс байр сууцтай болж, эмчлүүлж, зугаалж, оюутнууд сургалтын төлбөрөө төлдөг гээд дандаа л сайн сайхан үр нөлөө дагуулдаг. Харин эх орондоо амьдран суугаа монголчуудын хувьд тэр болгон юманд сэтгэл гарган хөдөлдөггүй. Томхон компаниуд л нийгмийн хариуцлагаа ухамсарлан хандив тусламж өгдөг нь юу юм гэхээс бусад нь тоодог ч үгүй. Ядарсан зүдэрснээ гайхаж зүгээр мөнгө олох гээд гүйлдэж байгаа.

Гадаадад амьдардаг монголчууд бол биднийг ядарч зүдэрч явахад тулах хүч, тусгаар тогтнолын баталгаа юм гэж манай сонин өмнө нь бичиж байлаа. Ойрхны үйл явдлууд үүнийг баталж, бид ч мэдэрч сууна. Монголын хүн амын 10 гаруй хувь нь гадаадад ажиллаж амьдардаг. Хамгийн олон нь буюу 100 гаруй мянган монгол Өмнөд Солонгост байна. Үүний дараа Америкт амьдардаг монголчууд тоогоороо жин дарна. Европын орнуудад ч цөөнгүй хэсэг нь амьдардаг.

Их гүрний бодлогыг эсэргүүцэж түвд лам өөрийгөө шатаахад АНУ дахь төвдүүд Хятадын Элчин сайдын яамны үүдэнд жагсаж эх орон, элэг нэгтнүүдээ өмөөрч байгааг хэвлэлээс бишгүй их уншдаг. Эрх чөлөөний оронд хууль зөрчөөгүй л бол жагсаал цуглаан хийх эрх нь нээлттэй байдаг. Жагсаж байгаа хүмүүсийг хараар амьдарч байна уу, виз нь хэтэрчихсэн юм биш биз гэж хэн ч шалгаж байцаадаггүй. Араас нь мөрдөж мөшгидөггүй. Энэ утгаараа Монголд ямар нэгэн зүйл боллоо гэхэд Америкт амьдардаг монголчууд маань НҮБ-ын байрны үүдэнд жагсаад байхад дэлхийн сонорт хүргэж, олны анхаарлыг татаж чадна. Дэлхийн бүхий л улсын төлөөлөл болох Элчин сайдын яамд Америкт байдаг. Дэлхийн худалдаа, эдийн засаг, улс төрийн байдал ч Америк гэдэг энэ агуу орноос хамааралтай өрнөдөг. Ийм болохоор Америкийн монголчууд бол монголчууд бидний тусгаар тогтнол, аюулгүй байдлын нэг баталгаа болж чаддаг. Солонгост амьдардаг монголчуудын хувьд жагсаал цуглаан хийж сүржигнээд байвал ачигдаад ирэх магадлал өндөр учраас олноороо цуглаж, бусдын анхаарлыг татах боломж бага. Тэгсэн ч тэдний эх орон руугаа явуулдаг илгээмж нь олон хүний амьжиргааг өөд нь татаж, бага гэлтгүй эдийн засагт хувь нэрмээ оруулж байдгийг чамлаж болохгүй.

Монголчууд цөөхөн ч дэлхийн том улс орнуудад нэг хэсэг маань хэдийнэ төвхнөж, эрвийх дэрвийхээрээ эх орондоо туслах зорилгоор хөдөлдөг болжээ. Амьдрал хайн харийг зорьсон тэд маань одоо л нэг байр сууриа олж, аж амьдрал нь тэгширч байна. Харин Монголын төр гадаадад амьдарч байгаа монголчуудаа харж үздэг, тусалж дэмждэг төрийн хар хайрцагны бодлоготой баймаар санагдах юм. Манай Элчин сайдын яамд гэж нэлээн хүнд сурталтай, тэнгэрээс буугаад ирсэн мэт хүмүүс ажилладаг дуулддаг. Монгол төрийн алтан жолоог харьд атгаж суугаа тэдний ааш аяг, ажил үйлс уян хатан болж, төрийн тусламж үйлчилгээг монголчууддаа нэгбүрчлэн хүргэх ажлыг хийдэг байх хэрэгтэй. Гадаадад байгаа монголчуудын ажил, бизнесийг дэмжих бодлого хөтөлбөр гаргаж, дотооддоо хэрэгжүүлдэг жижиг дунд бизнесийн нэгээхэн хэсгийг тэдэнд зориулахад болохгүй юмгүй. Америкт монгол таун бий болоход төр оролцож, туслах гэх мэтээр ажиллах хэрэгтэй байна.

Гадаадад амьдардаг монголчуудыг яагаад төр засгаас дэмжих ёстой гэж, тэд биднээс хамаагүй дээр, сайхан амьдарч байгаа гэж дургүйцэх хүн гарна. Мэдээж, тэд өнөөдөр биднээс хавьгүй илүү цалин авч, сайхан амьдарч байгаа. Унаж босож, өлсөж цангаж, дутуу нойртой зүтгэж байж тэд маань тийм амьдралыг босгосон билээ. Одоо тэд эх орон руугаа илгээмж илгээх чадамжтай болсон. Нөгөө талаар Монголын аль л ухаалаг, толгой сийрэг ажилладаг хэсэг нь гадаадад гарсан нь үнэн юм.

Тэд өнөөдрийн хуушуурын төлөө байдгаа баралгүй, маргаашийн Монголын тусгаар тогтнол, хөгжил дэвшлийн төлөө санаагаа чилээн тэмцэх хүмүүс. Монголын төр гадаадад байгаа монголчуудаа дэмжинэ гэдэг нь өөрийн оюун санаа, эдийн засгийн төвүүдийг бий болгож байна гэсэн үг. Гадна талдаа ийм хүчирхэг хэдэн төвтэй болохын төлөө зүтгэх хэрэгтэй. Түүнээс биш “Монголдоо ир, Монголд сайхан амьдрал байна” гэх мэтээр худлаа уриалан дуудаж, хуурч авчирч хэрэггүй. Тэдний нэгэнт олсон байр суурийг бэхжүүлж, хөгжүүлж, өргөжүүлэх нь Монголын тусгаар тогтнол болоод ирээдүйд хэрэгтэй.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Тарчиг цагийн гэгээтэй ганц мэдээ Оюу толгой л байна” нийтлэлийг уншаарай

“Өдрийн сонин”-ы бямба гаригийн дугаар хэвлэгдэн гарч, уншигч захиалагчдадаа хүрч байна. Өнөөдрийн дугаарыг тоймлон хүргэе.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ-ын чуулганы эхэнд Засгийн газраас малчдын талаар авч хэрэгжүүлж байгаа бодлого арга хэмжээний талаар үг хэлсэн юм. Энэ тухай нэг, хоёрдугаар нүүрнээс уншаарай. 2016 оны эхний дөрвөн сарын нийгэм эдийн засгийн байдлын талаар Улсын бүртгэл, статистикийн газраас мэдээлэл хийсэн. Энэ талаар нэгдүгээр нүүрнээс уншиж үргэлжлэлийг нь долдугаар нүүрнээс сонирхоорой.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлж байдаг гуравдугаар нүүрт “Тарчиг цагийн гэгээтэй ганц мэдээ Оюу толгой л байна” нийтлэл хэвлэгдэн гарлаа. Эдийн засаг сэргэх нь гэсэн итгэл, горьдлого төрүүлсэн үйл явдал өнгөрсөн долоо хоногт болсон билээ. Энэ бол Оюу толгойн гүний уурхайн ашиглалт эхэлсэн явдал. Оюу толгой төсөл урагшилснаар тэнд ажиллах 3000 хүнийг дагаж дор хаяж арван мянга орчим хүн орлоготой болно гээд маш олон таатай мэдээ дуулдаж буй. Энэ тухай гуравдугаар нүүрээс бүрэн эхээр нь уншиж үзнэ үү.

Бямба гариг бүр хүргэдэг “Нэг ангийнхан” буландаа Анагаах ухааны дээд сургуулийн эмчилгээний болон нэгдсэн факультетийн нэгийн тав, зургаад 1966 онд элсэн орж 1971 онд төгссөн ангийнхныг урьж оролцууллаа. Академич, Монгол улсын гавьяат эмч, Эрүүл мэндийн сайд асан, вирус судлаач, профессор Пагмажавын Нямдаваа, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Санжаажавын Оюун, нэрт яруу найрагч Тоомоойн Очирхүү, Улсын арслан П.Дагвасүрэн нарын олон эрхэм тус факультетэд сурч байжээ. Энэ тухай нэг, зургадугаар нүүрээс уншина уу.

Монголын уулчдын холбооны тэмцээнт төрөл хариуцсан дэд ерөнхийлөгч, Удирдах зөвлөлийн гишүүн, “Skypro” компанийн үүсэн байгуулагч Б.Золжаргалыг “Өдрийн зочин” буландаа энэ удаа онцоллоо. Уулын спортын олимпийн аваргыг эх орноосоо төрүүлэх хүсэлтэй бүсгүйн тухай тавдугаар нүүрнээс унших боломжтой.

Цагдаа нар ард иргэдийнхээ амар тайван амьдралын төлөө хэрхэн ажиллаж байгаа, цаашид яаж ажиллах, цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа ямар байгааг харуулах гол зорилготойгоор Цагдаагийн байгууллагын нээлттэй хаалганы өдөрлөгийг Чингисийн талбайд зохион байгуулжээ. Долдугаар нүүрт энэ тухай хэвлэлээ.

Эдгээрээс гадна “Дэлхийн хүмүүс”, “Хэлэх эрхийн индэр”, “Амрах агшин”, “Ном ярьж өгье”, “Таны гал тогоонд” зэрэг тогтмол булангууд өнөөдрийн дугаарт гарлаа.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Драгон салбар даваа гаригт нээгдэнэ

Сонгинохайрхан дүүргийн иргэдэд төрийн мэдээллийг ойртуулах зорилгоор Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн гуравдугаар салбарыг Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо Драгон төвд байгууллаа. Туршилтаар ажиллаж буй тус төвийг 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр буюу даваа гарагт албан ёсоор ашиглалтад оруулах гэж байна.

“Драгон” төвийн талбайд байрлах “Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв” нь
  • 1558 м2 талбайтай
  • Үйлчилгээний танхим /Main service hall/
  • Өөртөө үйлчлэх танхим /Self service hall/
  • Албан хаагчдын контор /Back office/
  • Хурлын өрөө /Conference room/
  • Банк /Bank/
  • Ёслол хүндэтгэлийн тайз
  • Серверийн өрөө/Server room/
  • Кафе /Coffee shop/
  • Цайны газар/ Fast food/
  • Шударга худалдааны цэг /Fair trade center/
  • Хяналтын камерын өрөө/Monitoring room/
  • Нотариат
  • Үйлчилгээний мэдээлэл, санал хүсэлтийн хэсэг
  • Хүлээлгийн хэсэг зэрэг танхимуудтай.
Өдөртөө 6720 үйлчлүүлэгч хүлээн авах хүчин чадалтай Драгон дахь нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвд нийслэлийн нутгийн захиргааны 27 байгууллага төвлөрч, 287 үйлчилгээг иргэдэд үзүүлж байна. Драгон төвд газартай холбоотой бүх төрлийн үйлчилгээг төвлөрүүлж, газрын биржийн нэг цэгийн үйлчилгээг ажиллуулах юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Categories
мэдээ нийгэм

Замчид санхүүжилтээ шаардаж ЗАМ ХААНА гэв

Нийслэлд авто зам барьсан замын компаниуд санхүүжилтээ аваагүй байгаа асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Замын компаниудын зүгээс Улсын Их хурал, Засгийн газар, Нийслэлийн Засаг дарга нарт шаардлага хүргүүлсэн боловч ямар нэгэн арга хэмжээ аваагүй учир авто замчдын эрхийг хамгаалах түр хороог байгуулаад байгаа ажээ.

Хэвлэлийн хурлын үеэр түр хорооныхон:

  • Авто худалдааны цогцолборт авто замын ажил хийсэн дөрвөн компани 12.8 тэрбум,
  • “Гудамж” төслийн хүрээнд авто замын уулзварын өргөтгөл шинэчлэлийн ажил хийсэн 22 компани 7.5 тэрбум төгрөгийн санхүүжилтээ авах шаардлагатай байгаагаа илэрхийлсэн.

Дээрх асуудлыг тавдугаар 25-ны дотор шийдвэрлэж, санхүүжилтийг олгохгүй бол замчид хөдөлмөрлөх эрх нийгмийн баталгааг хангуулахын төлөө тэмцэж, мөнгөө өгөөгүй авто замуудыг ашиглуулахгүй, хаана хэмээн мэдэгдсэн юм. Мөн зам хааснаас үүдэн гарах эрсдлийг хариуцахгүй гэлээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ч.Сайханбилэг: Малчин өрхөд дунджаар 3.8 сая төгрөгийн зээл олгосон

Засгийн газраас малчдын талаар авч хэрэгжүүлж байгаа бодлого, арга
хэмжээний талаар Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ-ын чуулганы
нэгдсэн хуралдаанд мэдээлэл хийлээ.

Өнөөгийн
байдлаар манай улсын хөдөө аж ахуйн салбар нь дотоодын нийт
бүтээгдэхүүний 18.0 хувийг бүтээж, энэ салбарт нийт ажил эрхлэгчдийн 30
гаруй хувь нь ажиллаж, хөдөлмөрлөж байна. Цаашид ч эдийн засгийн бүтцийг
солонгоруулан төрөлжүүлж, зохистой бүтцийг бүрдүүлэх, олон улсын зах
зээлд экологийн гаралтай цэвэр хүнсний экспортын бүтээгдэхүүн, хөнгөн
үйлдвэрийн эцсийн бүтээгдэхүүнээр өрсөлдөхөд хөдөө аж ахуйн салбар,
түүний дотор мал аж ахуйн салбар чухал үүрэг гүйцэтгэх болно гэдгийг
Ерөнхий сайд тэмдэглээд Монгол Улсын Засгийн газар малчин өрхийн аж
байдлыг сайжруулах, мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх талаар хэрэгжүүлж
буй бодлого, арга хэмжээний талаар танилцууллаа.

1.
Улсын Их Хурлаас 2015 оны 11 дүгээр сард баталсан “Төрөөс хүнс, хөдөө
аж ахуйн талаар баримтлах бодлого” нь мал аж ахуйн үйлдвэрлэлийн
бүтээмж, үр ашгийг нэмэгдүүлэх, махны экспортын нөөцийг нэмэгдүүлэх, мал
аж ахуй эрхлэх уламжлалт хэв маяг, мэдлэгийг хадгалах, баяжуулах, мал,
амьтны үржил селекцийн ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй, зах зээлийн
эрэлт хэрэгцээнд нийцүүлэн явуулах, бэлчээрийн даац, төлөв, байдлын
үнэлгээнд тулгуурлан малын тоо, төрөл, сүргийн бүтцийг тохируулах эдийн
засгийн хөшүүрэг бий болгох зэрэг тулгамдсан олон асуудлыг цогц
шийдвэрлэхэд чиглэгдэж байна.

2.
Малчдын ирээдүйн нийгмийн баталгааг хангахад чиглэсэн арга хэмжээг авч
хэрэгжүүлж байна. Тухайлбал, Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт,
өөрчлөлт оруулсан 2015 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар малчид
нийгмийн даатгалд сайн дураараа даатгуулахад шимтгэл төлөх хугацаагаа
өөрсдөө сонгож сар, улирал, хагас жил, жилээр нийгмийн даатгалын шимтгэл
төлөх боломжтой болсон бол өнгөрсөн оны эцэст Нийгмийн даатгалын
сангаас тэтгэвэр, тэтгэмж олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах
тухай хуульд малчнаар ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн 1
жилийг нь шимтгэл төлж ажилласан 1 жил 2 сараар байхаар тооцох арга
хэмжээг 2017 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

3. Засгийн
газраас малчдын орлогыг нэмэгдүүлэх, хөнгөн,хүнсний үйлдвэрийн салбарыг
хөгжүүлэх зорилгоор үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр шат дараатай арга
хэмжээг авч хэрэгжүүлж байна:

-Засгийн
газраас 2014 онд Ноолуурын үйлдвэрлэлийг дэмжих, экспортыг нэмэгдүүлэх
тусгайлсан санхүүгийн бүтээгдэхүүн гаргах ажлыг Монгол банктай хамтран
зохион байгуулснаар зарим аж ахуйн нэгж эргэлтийн хөрөнгөтэй болж,
ноолууран бүтээгдэхүүний экспорт нэмэгдэж байна;

-Малчдын
орлогыг нэмэгдүүлэх, хуримтлагдсан түүхий эдийн борлуулалтыг түргэтгэх
зорилгоор боловсруулаагүй түүхий арьс, шир, үүний дотор адууны ширийг
2016 оны 1 дүгээр сарын 5-ны өдрөөс 2 дугаар сарын 5-ны өдрийг хүртэл 1
сарын хугацаанд нэг удаагийн арга хэмжээ болгон экспортод гаргахаар
Засгийн газар шийдвэрлэсэн. Үүний үр дүнд малчид, түүхий эд
худалдаалагчдын гар дээр хуримтлагдсан 200 гаруй мянган арьс шир
арилжаалагдан, малчдын гар дээр үнэгүйдэн хуримтлагдаад байсан мал аж
ахуйн түүхий эдийг эргэлтэд оруулснаар мал бүхий иргэдийн орлогыг
нэмэгдүүлэхэд дэмжлэг болсон.

-Малчдаас
үндэсний үйлдвэрт тушаасан хонь, тэмээний ноос, арьс, ширэнд урамшуулал
олгож байна. 2015 оны байдлаар улсын төсвөөс малчдад арьс, ширний
урамшуулалд 8.9 тэрбум төгрөг, ноосны урамшуулалд 18.3 тэрбум төгрөг
буюу нийт 27.2 тэрбум төгрөгийн урамшууллыг тус тус олгожээ.

-Мах экспортлох
асуудлаар гадаад улс, оронтой гэрээ, хэлэлцээр байгуулан дотоодын аж
ахуйн нэгжүүдэд мах экспортлох нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байна. Энэ
хүрээнд 2015, 2016 оны эхний хагас жилд малын мах экспортлох зөвшөөрлийг
66 аж ахуйн нэгжид олгоод байна. 2015 онд манай улсын 12 компани
гадаадын 4 улсад 4,714.6 тонн мах, махан бүтээгдэхүүн экспортолсон бол
энэ он гарсаар нийт 1000 орчим тонн мах экспортлоод байна.

4.
Хөдөлмөрийн яам малчны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлж
байгаа бөгөөд энэ хүрээнд малчдад мал маллагааны арга ажиллагааны болон
аж ахуй эрхлэх ур чадвар олгох, малжуулах арга хэмжээг хэрэгжүүлж,
шаардлагатай багаж тоног төхөөрөмжөөр ханган 9568 иргэнийг сургалтад
хамруулж, зөвхөн 2015 онд нийт 2385 малчин өрхийн 4497 иргэнийг хамруулж
6,4 тэрбум төгрөгийг зарцуулж, 4821 байнгын ажлын байр бий болгоод
байна гэж Ерөнхий сайд тэмдэглэлээ.

Засгийн газар
энэ оны эхнээс “Сайн малчин” дунд хугацааны хөтөлбөр, “Мал аж ахуйн
үйлдвэрлэлийг дэмжих” дэд хөтөлбөрийг тус тус батлан хэрэгжүүлж байна.

Төрийн банктай
байгуулсан гэрээний дагуу дунджаар жилийн 29.5 хувийн хүүтэй малчдын
зээлийн хүүг энэ оны 2 дугаар сарын 4-ний өдрөөс 18 хувь, 3 дугаар
сарын 15-ны өдрөөс 10 хувь болгон тус тус бууруулснаар малчны зээлийн
хүү 3 дахин буураад байна. Малчин өрх үйлдвэрлэлийн бүтээмжээ
нэмэгдүүлэх, хөдөө, орон нутгийн эдийн засагт эерэг өөрчлөлт гаргахад
малчны 10 хувийн зээл чухал үүрэг гүйцэтгэнэ гэж Засгийн газар үзэж
байна.

Хөтөлбөр
хэрэгжиж эхэлсэн 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 5 дугаар сарын
10-ны өдрийн байдлаар 18,635 малчин өрх буюу нийт малчин өрхийн 12.1
хувьд 71,6 тэрбум төгрөгийн зээл олгоод байна. Нэг малчин өрхөд дунджаар
3.8 сая төгрөгийн зээл олгосон байна. Малчны зээлийн хүүг 10 хувь
болгон бууруулснаар малчдад жилд 13.9 тэрбум төгрөгийн хүүний хөнгөлөлт
эдлүүлэх тооцоотой байна. Малчны зээлийн ихэнх хувийг эзэлж байгаа Хаан
банк, Сангийн яам, Хүнс, хөдөө аж ахуйн яам хооронд 3 талт “Мал аж ахуйн
үйлдвэрлэлийг дэмжих” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэрээ”-г 2016 оны 5
дугаар сарын 6-ны өдөр эцэслэн тохирч байгуулан ХААН банкинд нийт 100.0
тэрбум төгрөгийн Засгийн газрын үнэт цаас арилжаалж, малчны зээлийг 10
хувь болгон бууруулах боломжийг бүрдүүллээ. Энэхүү малчны зээл олгох
арга хэмжээнд ХААН банк оролцож эхэлснээр малчны зээл нийт малчдыг
хамрах нөхцөлийг бүрдүүллээ гэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ярилаа.

Categories
мэдээ спорт

Жүдочид ОХУ-д багаараа тэргүүлэв

ОХУ-ын Екатринбург хотноо жүдо бөхийн уламжлалт олон улсын тэмцээн явагдаж, манай залуу тамирчид амжилттай оролцлоо. Тус тэмцээнд манай баг тамирчид багийн төрөлд тэргүүлсэн бөгөөд хувийн төрөл 55 кг-д Өнөболд алт, 90 кг-д Түвшинтөгс мөнгө, 81 кг-д Мөнхжаргал хүрэл медаль хүртсэн байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Өрхийн дундаж орлого 849 мянган төгрөг байна

Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газраас энэ оны эхний дөрвөн сарын нийгэм, эдийн засгийн байдлыг танилцууллаа. Хэвлэлийн хуралд Нэгдсэн бодлого хамтын ажиллагааны газрын дарга Б.Бадамцэцэг, Үндэсний тооцоны хэлтсийн дарга Б.Баярмаа нар оролцов.

Улсын хүн амын ажил, хөдөлмөр эрхлэлттэй холбоотой судалгааны нэгдүгээр улирлын гүйцэтгэл гарчээ. Уг судалгаагаар энэ оны эхний улирлын байдлаар 1 сая 89 мянган хүн манай улсад ажил хөдөлмөр эрхэлж байна. Үүний 320 орчим мянга нь хөдөө аж ахуйн салбарт, 210 орчим мянга нь үйлдвэрлэлийн салбарт, бусад 560 орчим мянга нь үйлчилгээний салбарт ажиллаж байгаа аж.

Харин улсын хэмжээнд 143.5 мянган ажилгүй иргэн байгаа гэсэн судалгааны дүн гарчээ. Улмаар ажилгүйдлийн түвшин 11.6 хувьд хүрсэн байна. Дээрхи судалгааны дүнг жилийн өмнөхтэй харьцуулахад ажиллагсдын тоо буурах хандлагтай, ажилгүй иргэдийн тоо нэмэгдэх, ажилгүйдлийн түвшин өсөх төлөв ажиглагдсан талаар Үндэсний статистикийн газрын мэргэжилтнүүд хэлж байна. Тодруулбал, ажиллагсдын тоо 27.6 мянгаар буурсан байхад нийт ажилгүй иргэдийн тоо 143.5 мянгад хүрч, 55 орчим мянгаар нэмэгдсэн дүн гарчээ. Улмаар ажилгүйдлийн түвшин 11.6 хувь болон нэмэгдсэн байна. 143.5 мянган ажилгүй иргэдээс хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад бүртгэлтэй, ажил хайж буй 33.4 мянган иргэн байгаа аж. Эдгээр иргэний 52 хувь нь эмэгтэйчүүд, 49 хувь нь дунд боловсролтой иргэд байна.

Энэ оны эхний улирлын байдлаар нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 849.5 мянган төгрөг, зарлага нь 965 мянган төгрөг байна. Энэхүү үзүүлэлтийг өмнөх онтой харьцуулбал буурах хандлагтай байгаа аж. Өмнөх онтой харьцуулахад өрхийн дундаж мөнгөн орлого 106.2 мянгаар буурчээ.

Нийт судалгаанд оролцсон 859 мянган өрхийн 14.4 хувь нь сарын дунджаар 300 хүртэлх мянган төгрөгийн орлоготой байна. Харин 17.8 хувь нь 300-500 хүртэл мянган төгрөгийн орлоготой байгаа аж. Хамгийн өндөр орлоготой өрх буюу 1 сая 600 мянган төгрөгийн орлоготой өрх нийт өрхийн 9.3 хувийг эзэлж байна. Манай улсын гурван өрх тутмын нэг нь 500 хүртэл мянгөн төгрөгийн орлоготой байгаа аж. 10 өрх бүрийн нэг нь 1 сая 600 мянган төгрөгөөс дээш орлоготой байна гэсэн дүн гарчээ.

Categories
мэдээ нийгэм

Нойтон цас орж, сэрүүснэ

Өнөөдөр баруун болон төвийн нутгаар, 14-нд нутгийн зүүн хагаст хур тунадас, нойтон цас орно. Салхи 12-нд Алтайн салбар уулсаар, 13-нд ихэнх нутгаар, 14-нд говь талын нутгаар секундэд 18-20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурч, сэрүүснэ.

Иймд: Иргэд, малчид, тээврийн хэрэгслийн жолооч та бүхэн iуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, амь насаа алдах зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлж, хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, түүнчлэн малын бэлчээрлэлтэд онцгойлон анхаарах, хүчтэй цасан шуурганы үеэр үзэгдэх орчин хязгаарлагдах, автозам, даваа цасанд хаагдах, хальтиргаа гулгаа үүссэний улмаас тээврийн хэрэгсэл саатах, бөөгнөрөл үүсэх зэрэг хүндрэл гардаг. Иймээс хүчтэй салхи шуурганы үед замд гарахгүй байх, зайлшгүй шаардлагатай тохиолдолд хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчихыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийг Цэргийн гавьяаны одонгоор шагналаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийг Цэргийн гавьяаны одонгоор шагнасныг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан өнөөдөр гардуулан өгөв. Тэрээр одонг тус ангийн байлдааны туганд хүндэтгэлтэйгээр зүүж өгсөн юм.

Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийг Цэргийн гавьяаны одонгоор шагнах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт “Тулгар төрийн 2225 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 810 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 105 жил, Ардын хувьсгалын 95 жил, Зэвсэгт хүчний 95 жил, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан Монгол Улсын тусгаар тогтнолыг хамгаалж, төр, засаг, цэргийн дээд командлалын өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэн улс оронд үүссэн байгалийн гамшиг, үйлдвэрлэлийн ослын үед авран туслах ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулж, эх орныхоо төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэсэн тус ангийн үе үеийн бие бүрэлдэхүүний хичээл зүтгэлийг өндрөөр үнэлж Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийг Цэргийн гавьяаны одонгоор шагнасугай” гэжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан шагнал гардуулж хэлсэн үгэндээ “Эрхэм генерал, офицер, ахлагчид аа,

Эрхэм зочид, хатагтай, ноёд оо,

Монгол Улсын Зэвсэгт хүчний түүхэнд анх удаа “Армийн тагнуулын рот” нэртэйгээр байгуулагдсан цагаасаа эхлэн даалгасан үүргээ мэргэжлийн өндөр түвшинд биелүүлдэг, үе үеийн алба хаагчид нь өргөсөн тангарагтаа үнэнч, бие бялдар, сэтгэл зүй, ажил мэргэжлээрээ бусдыгаа үлгэрлэн манлайлж байдаг дайчин уламжлалтай 084 дүгээр ангийн бие бүрэлдэхүүн, ахмад дайчид Та бүхэнд, Танай анги Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Цэргийн гавьяаны одонгоор шагнуулсанд баяр хүргэж, эрүүл энх, ажил, албандаа улам их амжилт гаргахыг хүсэн ерөөе.

Зэвсэгт хүчний 084 дүгээр анги хагас зууны түүхэн хугацаандаа Зэвсэгт хүчний “Онц” ангийн болзлыг 3 удаа, “Тэргүүний анги”-ийн болзлыг 17 удаа хангаж, армиудын хамтарсан олон улсын болон дагнасан хээрийн сургуулиуд, энхийг сахиулах ажиллагаа, бусад сургалт дадлагад Зэвсэгт хүчний ангиудыг манлайлан оролцож, цэргийн албаны туршлага хуримтлуулсан Зэвсэгт хүчний мэргэжлийн анги болон бэхжиж чадсанд Монголын төр засаг ямагт талархан дэмжиж байдаг юм.

Ангийн офицер, ахлагч нарын цэргийн хэргийн мэдлэг боловсрол, бие бялдрын бэлтгэлжилт жилээс жилд дээшилж, Зэвсэгт хүчний олон талт үүргийг амжилттай гүйцэтгэх туршлага, мэдлэг чадвар, байлдааны болон албаны бэлтгэлээр бусдыг үлгэрлэн манлайлж, Зэвсэгт хүчний бүх анги, салбаруудын хүрвэл зохих түвшингийн жишиг анги байж чадна гэдэгт итгэлтэй байна.

Цэрэг-аюулгүй байдлын мэргэшсэн, байнгын бэлтгэлтэй байх, зэвсэг техникийг чадамгай эзэмших, орчин үеийн цэргийн шилдэг техник-технологийг эзэмших, улмаар дэлхийн шилдэг тусгай хүчний түвшинд хүрэхийг зорих нь Танай ангийн болоод Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүний тэргүүн зорилт юм.

Эх орноо батлан хамгаалахад Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний үүрэг оролцоо нэмэгдэж, цэргийн алба хаагч бүрээс олон талт мэдлэг чадвар, бэлтгэл шаардагдах болсон өнөөгийн цаг үед Зэвсэгт хүчний хуулиар тогтоосон чиг үүргийг бүрэн биелүүлж, эх орон, ард түмнийхээ аюулгүй байдлыг сахин хамгаалах хариуцлагатай албандаа улам их амжилт гаргахыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрийн өмнөөс болон хувиасаа хүсье.

Монгол цэргийн сүлд хийморь үеийн үед мандан бадрах болтугай” гэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан мөн тус ангийн Хүндэт дэвтэрт сэтгэгдлээ бичиж үлдээв.

Шагнал гардуулах ёслолд УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, ЗХЖШ-ын дэд дарга хошууч генерал Р.Сүхбат нарын зэрэг албаны хүмүүс оролцсон юм. Ёслолын үеэр тус ангийн бие бүрэлдэхүүн хүндэтгэлийн жагсаал үйлдэж үе үеийн удирдлагууд байлдааны тугандаа хүндэтгэл үзүүллээ.

Батлан хамгаалахын сайд агсан дэслэгч генерал Ш.Жадамбын нэрэмжит Зэвсэгт хүчний 084 дүгээр анги буюу Тусгай томилолтын батальон нь 1965 онд байгуулагдсан бөгөөд өнгөрсөн 51 жилийн хугацаанд тус ангийн шүхэрчин дайчид олон удаагийн команд, штабын хээрийн сургууль, хамтарсан хээрийн сургуулиудад амжилттай үүрэг гүйцэтгэж, улс эх орны бүтээн байгуулалт, улс ардын аж ахуйг хөгжүүлэх үйлс, байгалийн гамшиг, ослын голомтын хор уршгийг арилгах, авран хамгаалах үйл хэрэгт идэвхтэй оролцож дээд удирдлагаас өгсөн тусгай үүргүүдийг мэргэжлийн өндөр түвшинд биелүүлж Зэвсэгт хүчний нэр хүндийг өндөрт өргөж иржээ.

Мөн Ирак, Сьерра-Леон, Афганистан, Косова, Чад, Хойд болон Өмнөд Судан зэрэг орнуудад явуулж буй НҮБ-ын Энхийг дэмжих олон улсын ажиллагаанд тус ангиас 1000 гаруй офицер, ахлагч оролцон үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн байна.