Categories
мэдээ соёл-урлаг

“Ромео Жульетта” сонгодог жүжгийг өнөөдөр тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид 85 дахь үзвэрийн жилийн нээлтээ өнгөрсөн сарын 12-нд Уильям Шекспирийн “Ромео Жульетта” сонгодог жүжгээр эхэлсэн билээ. Тэгвэл энэхүү жүжгийг үзэгчдийн хүсэлтээр дахин тоглохоор болсон байна.

Тодруулбал, өнөөдөр 18:00 цагт, маргааш 17:00 цагаас тоглохоор болжээ.

Монголын театрын тайзнаа гурав дахь удаагаа Төрийн соёрхолт, найруулагч Н.Наран­баатарын цоо шинэ дэг тавилтаар амилж байгаа жүжгийн гол дүрүүдэд залуу жүжигчдийг тоглуулж байгаагаараа ихээхэн онцлог болж буй. Энэ удаа Ромеогийн дүрд Б.Шинэбаяр, Жульеттагийн дүрд О.Дөлгөөн нар тоглож байна.

1966 онд анх Монголын театрын тайзнаа “Ромео Жульетта” жүжиг С.Гэндэн найруулагчийн найруулгаар Хүүхэд залуучуудын театрт тавигдаж, Ромеогийн дүрд жүжигчин У.Готов агсан, Жульеттагийн дүрд жүжигчин Б.Энхтуяа нар тоглож байсан юм. Харин 30 жилийн дараа 1996 онд найруулагч Ч.Найдандорж мөн Ч.Чимид гуайн орчуулгаар, яг зохиолын дагуу сонгодог хэлбэрээр нь тавьж гол дүрд жүжигчин О.Гэрэлсүх, Г.Алтанбагана, И.Одончимэг, Г.Урнаа нар тоглосон билээ. Харин энэ удаад Х.Мэргэн гуайн орчуулгаар тавьж буйгаас гадна Уильям Шекспирийн зохиолыг бага зэрэг “эвдэж”, зөвхөн агуу хайрын түүхийг бус өнөөгийн нийгмийн гажуудал, хүмүүсийн зан байдал, шунал хүсэл, үнэт зүйлийн хэмжүүрийг харуулахыг зорьсноороо онцлог гэдгийг уран бүтээлчид нээлтийн үеэр хэлж байсан юм.

Categories
мэдээ улс-төр

НИТХ-ын нэр дэвшигчийн бүртгэл маргааш дуусна

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2016 оны ээлжит сонгуульд оролцохоор 13 нам, 2 эвсэл, 49 бие даан нэр дэвшигч хүсэлтээ илэрхийлсэн. Сонгуулийн тухай хуулийн 157.2-т “Нэр дэвшүүлсэн нам нэр дэвшүүлэх ажиллагааны талаарх хуульд заасан хугацаа дууссан өдрөөс хойш гурав хоногт багтаан дараах баримт бичгийг орон нутгийн цагаар 17:00 цагаас өмнө тухайн шатны сонгуулийн хороонд биечлэн ирүүлнэ” гэж заасан байдаг. Үүний дагуу нийслэлийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуульд оролцох нам, эвслээс нэр дэвшигчид 05 сарын 09-нөөс 05 сарын 12-ны 17 цагаас өмнө, бие даан нэр дэвшигчид 05 сарын 12-ноос 05 сарын 14-ний 17 цагаас өмнө нийслэлийн сонгуулийн хороо бүртгүүлэх юм.

Нам эвслээс нэр дэвшигчид дараах баримт бичгийг 05 сарын 12-ны 17:00 цагаас өмнө нийслэлийн сонгуулийн хороонд биечлэн ирүүлнэ.

Үүнд :

Нэр дэвшүүлсэн тухай шийдвэр

Нэр дэвшигчийн жагсаалт

Нэр дэвшигч бүрийн бичгээр өгсөн зөвшөөрөл

Нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын мэдүүлэг / сүүлийн бүтэн нэг жилийн /

Энэ хуульд заасан өр төлбөргүй болох тухай нэр дэвшигчийн мэдүүлэг

Нэр дэвшигчийн намтар

Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх тухай хүсэлтийн нотариатаар батлуулсан хуулбар

Харин бие даан нэр дэвшигчид дараах баримт бичгийг 05 сарын 14-ний 17:00 цагаас өмнө нийслэлийн сонгуулийн хороонд биечлэн ирүүлнэ.

Үүнд:

Нэр дэвшүүлснээ илэрхийлсэн мэдэгдэл

Сонгогчдын гарын үсэг цуглуулсан маягт

Нэр дэвшигчийн хөрөнгө орлогын мэдүүлэг /Сүүлийн бүтэн нэг жилийн /

Энэ хуульд заасан өр төлбөргүй болох тухай нэр дэвшигчийн мэдүүлэг

Нэр дэвшигчийн намтар

Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал ажил, албан тушаалаасаа чөлөөлөх тухай шийдвэрийн тус тус нотариатаар батлуулсан хуулбар.

Categories
мэдээ нийгэм

Төл бойжилт 98 хувьтай байна

Мал төллөлт одоогийн байдлаар оны эхний нийт 23.0 сая хээлтэгчийн 69.9 хувь буюу 16.7 сая мал төллөж 16.3 сая төл хүлээн аваад байгаа нь өмнөх 7 хоногоос 800 мянгаар нэмэгдлээ. Үүнээс 45.6 мянган ботго, 261.8 мянган унага, 579.7 мянган тугал, 8.3 сая хурга, 7.0 сая ишиг бойжиж, төл бойжилт 98.0 хувьтай байна. Баян-Өлгий, Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Өвөрхангай, Сэлэнгэ, Ховд, Хэнтий аймгуудын мал төллөлт 70-90 хувьтай байна.

Нийт малын хорогдол 1058.7 мянга болж оны эхний нийт малын 1.9 хувийг эзлээд байна. Хамгийн их хорогдолтой нь Сүхбаатар (169229), Увс (161109), Завхан (110221), Архангай (111479), Баянхонгор (102958) аймгууд байгаа бөгөөд улсын дунджаас дээгүүр буюу оны эхний нийт малын 2.4-5.8 хувь нь хорогдоод байна.

Categories
мэдээ нийгэм

Солонгос хэлний шалгалт болж байна

БНСУ-д гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн дунд болдог солонгос хэлний төвшин тогтоох шалгалт өнөөдөр, маргааш болж байна. Энэ жил 10 мянга гаруй иргэн солонгос хэлний төвшин тогтоох шалгалтад хамрагдахаар бүртгүүлжээ. Шалгалтыг 2, 12, 44, 75, 96 болон Үйлдвэр Урлалын политехник коллеж дээр авч байгаа аж.

Нийт шалгуулагчдыг оноогоор жагсааж, тодорхой заасан тоонд багтсан иргэд БНСУ-д ажиллах эхний эрх нээгдэх юм байна.

Монгол Улсын Хөдөлмөрийн яам, БНСУ-ын хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яам хооронд байгуулсан “Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцооны дагуу БНСУ-д ажилчид илгээх тухай” Харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдээс авдаг Солонгос хэлний түвшин тогтоох 12 дахь удаагийн шалгалт энэ жил болж байна.

Categories
мэдээ нийгэм

Чикагод алга болсон Монгол бүсгүйн цогцсыг олсон байж магадгүй

АНУ-ын Чикаго хотын захын Дес Плейн хэмээх жижиг хотод сураггүй алга болсон Г.Зулцэцэг гэгч бүсгүйн цогцсыг машиных нь тээшнээс олсон талаар албан бус мэдээ ирлээ. Чикаго хотод ажиллаж амьдарч буй монголчуудын ярьж буйгаар бүсгүйн унаж явсан машиныг хуучин машин тавьдаг газраас олсон бөгөөд машины тээшинд цогцос байсныг мэдэлгүйгээр ачиж явсан байсан гэнэ. Бүсгүйн цогцос танигдахын аргагүй болсон байсан бөгөөд гэмт хэргийн хохирогч болсон гэж таамаглаж байгаа юм байна. 35 настай Г.Зулцэцэг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 11-нд алга болсон бөгөөд хамгийн сүүлд Оак Стрийт дэх гэрээсээ гарахад өрөөнийх нь хүн таарсан гэнэ. Г.Зулцэцэг тэр өдөр Иллиноисын Z259598 дугаартай саарал өнгийн Хонда Аккорд маркийн машинтай гэрээсээ гарсан бөгөөд үдийн үед Чикагод нэгэн найзтайгаа уулзсан ажээ. Цагдаагийн мэдээлснээр бүсгүй найзтайгаа уулзахаас өмнө Niles банкинд бэлэн мөнгөний картаар үйлчлүүлсэн байсан гэнэ.

Цагдаагийн мэдээллээс харахад бүсгүй тэр өдрийн үдэш Дес Плейний зэргэлдээх хот Пилсенд машинтайгаа явж байгаад камерт бичигдэж үлдсэн байжээ. Түүнийг сураггүй алга болсон талаар өрөөнийх нь хүн хоёр өдрийн дараа цагдаад мэдээлсэн юм. Дес Плейн хотын цагдаа нар тус хотод бүсгүйн таньдаг дөрвөн хүнээс мэдүүлэг авчээ. Монгол улсын иргэн Гансүхийн Зулцэцэг өнгөрсөн 2015 оны арваннэгдүгээр сард АНУ-д эмнэлгийн ажилтны сургалтын визээр очиж, Ривервуд дэх солонгос хоолны газар болон Гленвю дэх суши ресторанд ажиллаж байжээ.

Бүсгүйг маш найдвартай, сайн ажилтан байсан” гэж ажил олгогч Колин Энн гэгч мэдүүлсэн байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Эдийн засгийн шилдэг бүтээлүүд шалгарлаа

Монголбанкны нэрэмжит 2016 оны “Эдийн засгийн судалгаа, шинжилгээний бүтээл шалгаруулах” уралдааны эцсийн шатны шалгаруулалт болж, шилдгүүд тодорлоо. Энэ удаагийн эрдэм шинжилгээний бага хурал эдийн засгийн чиглэлээр суралцдаг оюутнуудын бүтээлийг шалгаруулахаас гадна багш, судлаачдын бүтээлийг давхар шалгаруулж байгаагаараа онцлогтой боллоо.

Уралдаанд МУИС, СЭЗДС, ШУТИС, Удирдлагын академи, Мандах бүртгэл дээд сургууль, БХИС, ОУЭЗБДС, Хангай дээд сургууль, MIU зэрэг сургуулийн 87 оюутан, 22 судлаачдын 79 бүтээл ирснээс хоёрдугаар шатны шалгаруулалтад оюутны 6, судлаачдын 7 бүтээл шалгарч өрсөлдөж судалгааны бүтээлүүдийг судлаач, оуютнуудын дунд нээлттэй хэлэлцүүлж, уралдаанд оролцогчдын оролцоо өндөр, бүтээлийн чанар сайжирсан, хүчтэй өрсөлдөөн дунд явагдаж өнгөрлөө.
Оюутны ангилалд тэргүүн байр эзэлсэн бүтээл энэ удаад шалгараагүй бол дэд байрт СЭЗДС-ийн дөрөвдүгээр ангийн оюутан Г.Гэрэлчимэгийн “Банкны салбарын өрсөлдөөний төрлийг тогтоох, өрсөлдөөнд баримтлах стратегийг боловсруулах” судалгааны бүтээл, гутгаар байрт МУИС-ийн дөрөвдүгээр ангийн оюутан Э.Золбаяр, Г.Лхагвадорж нарын “Ипотекийн зээл ба санхүүгийн тогтвортой байдал” хамтын бүтээл, мөн гутгаар байрт МУИС-ийн гуравдугаар ангийн оюутан Б.Батчимэг, Г.Санчираа нарын “Тэнцвэрт үнийн түвшин инфляцид нөлөөлөх нь “P star” загвар” хамтын бүтээлүүд шилдгээр шалгарлаа.

Харин судлаачдын ангилалд тэргүүн байрт Австралийн Үндэсний Их сургуулийн доктрант Д.Ган-Очирын “Interest rate pass-through in Mongolia” судалгааны ажил, дэд байрт Орхон аймаг дахь МУИС-ийн багш Т.Элдэв-Очир, Х.Адъяацогт нарын “Монгол Улсын банкны салбарын үр ашгийн шинжилгээ” судалгааны ажил, гутгаар байрт СЭЗДС-ийн багш Д.Түвшинжаргал, Худалдаа хөгжлийн банкны эдийн засагч Д.Энхмандах нарын “Атаархах зүйл үгүй: Монгол ба Зүүн Европ Төв Азийн бүсийн орнуудын бизнесийн орчны харьцуулсан судалгаа” хамтарсан бүтээлүүд тус тус шалгарсан байна.

Categories
мэдээ нийгэм

Сэлбэ голын ай савд 50 нарс суулгалаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” болгосон.

Өнөөдөр хот хөдөөгүй мод тарьж, орон нутгаа ногоон болгох ажилд төр засгийн тэргүүдээс эхлээд энгийн иргэд гар нэгдэж байна. Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын албан хаагчид гэхэд өнөөдөр Сэлбэ голын ай савд 50 нарс суулгалаа. Сэлбэ голын тохижуулсан талбайд иргэдийн ая тухтай орчныг бүрдүүлэх зорилгоор мод үржүүлгийн газарт үндэслүүлсэн нарс модыг суулгасан нь энэ.

Тус дүүргийн хэмжээнд энэ удаа 9000 гаруй модыг тарьж байгаа аж

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр бурхан багш тойн хувраг болсон дүйчэн өдөр

Өнөөдөр Зуны эхэн сарын шинийн наймны билэгт сайн өдөр. Энэ өдөр бурхан багшийн амьдрал түүхтэй холбогдолтой жилийн зургаан их дүйцэн өдрийн нэг юм. Зуны эхэн сарын шинийн наймны өдөр бурхан багш тойн хувраг болсон дүйчэн өдөр. Энэтхэгийн Бихар мужийн Ведея хотоос 25 км газар Лориянандингар суварганы өмнө хаан эцгийн ордныг орхин гарч гэзгээ авч тойн хувраг болжээ.

Энэ өдөр Монголын бүх хүрээ хийдүүд Оточ манла бурханы их чого, Дарь-Эхийн мандал шиваа хурж буян ном үйлддэг юм байна.

Харин Амарбаясгаланд хийдийн лам хуваргууд энэ билэгт сайн өдөр нутгийн иргэдтэй хамтран Бүрэнхан уулаа тахиж байна.

Categories
мэдээ улс-төр

Архангай аймагт Турк улсын элчин сайд айлчиллаа

Архангай аймаг БНТУ-ын Адана хотууд ах дүүгийн найрамдалт харилцаа тогтоогоод 10 жил болж байна. Хоёр улсын хамтын ажиллагаа, харилцаа холбоог өргөжүүлэх, нийгмийн зарим салбарт хамтарч ажиллах зорилгоор Монгол улсад БНТУ-аас суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Мурат Карагоз Цэцэрлэг хотод хоёр өдрийн албан айлчлал хийлээ.

Элчин сайд Мурат Карагозын айлчилж буй 15 дахь аймаг нь Архангай юм. Тэрээр элчин сайдын яамны олон нийтэд нээлттэй, дипомат харилцаа, үйл ажиллагааг таниулах үүднээс зөвхөн нийслэлд бус хөдөө орон нутагт ихээхэн ач холбогдол өгдөг байна. Архангай аймгийн хувьд БНТУ-ын Адана хоттой 2005 онд ах дүүгийн найрамдалт харилцаа тогтоож байсан. Үүнээс хойш Хашаат суманд байрлах Түрэгийн үеийн Культегиний гэрэлт хөшөө бүхий түүхийн дурсгалыг түшиглэн “Хөшөө цайдам” музей байгуулсан байна. Түүнчлэн Хархориноос Хөшөө цайдмын музей хүртэлх 45 км авто замыг Тика байгууллагын санхүүжилтээр барьсан зэрэг хийсэн олон ажлыг нэрлэж болох юм. Архангай аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнэ элчин сайд Мурат Карагозод аймгийнхаа түүх дурсгал, байгаль цаг уур, нийгэм эдийн засгийн онцлог зүйлсийг танилцууллаа. Албан уулзалтын хүрээнд Архангай аймаг, Турк улстай боловсрол, бизнес, эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах илүү боломжтой талаар санал солилцов. Архангай аймгаас Түрэгийн үеийн эд зүйлс, үнэт дурсгалууд ихээр олддог, Архангайчуудтай ижил төстэй олон зүйлс бидэнд бий хэмээн элчин сайд уулзалтанд хэлж байлаа. Тэрээр Туркийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн, гудамж, талбайн аль нэгийг Цэцэрлэг хотод бий болгох саналаа ч илэрхийлж байсан юм.

Архангай аймагт хоёр өдрийн айлчлалын хүрээнд элчин сайд МУБИС-ийн харъяа Архангай аймгийн Багшийн сургуулийн оюутнуудтай уулзаж, тэтгэлэг, хөтөлбөрийн талаар танилцуулсан юм. Дараа нь аймгийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, бизнес эрхлэгчидтэй уулзаж тэдний сонирхсон асуултанд хариуллаа. Энэ удаагийн айлчлалын хүрээнд яригдсан хоёр орны худалдаа эдийн засгийн эргэлтийг сайжруулах, эрүүл мэнд, боловсролын салбарт хамтран ажиллах саналуудыг баталгаажуулахаар Архангай аймгийн удирдлагуудыг БНТУ-д айлчилахыг элчин сайд албан ёсоор урьлаа.

Categories
мэдээ нийгэм

ТАНЫ ГАЛ ТОГООНД: Будаа агшаагчинд хийсэн төмсний хучмал

Орц (дөрвөн хүний)

Төмс-Дөрвөн ширхэг

Масло-Дөрвөн хоолны халбага

Өндөг- Нэг ширхэг

Ургамлын тос-2-3 хоолны халбага

Давс-1/2 цайны халбага

Хар перец- 1/2 цайны халбага

Үхрийн татсан мах-450 гр

Сармис-2-3 хумс

Сонгино-1/2 ширхэг

Талхны хатаамал-180 гр

Яншуй-15 гр

Гоньд-1/2 цайны халбага

Нунтаг улаан чинжүү-1/2 цайны халбага

Томатны соус-Хоёр хоолны халбага

Хийх арга

Төмсийг угааж хальсалж хэрчээд буцалж буй халуун усанд хийж 15-17 минут чанана. Дараа нь уснаас гаргаад халуун байгаа дээр нь масло хийнэ. Маслоны оронд цөцгий эсвэл майонез байж болно. Ингээд төмсийг нухаж байхдаа давс, хар перец хийж амтлаарай.

Бага зэргийн ногоон сонгино, эсвэл яншуйгаар амтлах эсэх нь таны дур. Саванд татсан үхрийн мах (хонины мах байж болно), жижиглэн хэрчсэн сармис, талхны хатаамал буюу крахмал, өндөг, давс, хар перец, гоньд, жижиглэн татсан яншуй, бага зэрэг томатны сүмс, халуун чинжүү эсвэл өөрийн дуртай амтлагчийг орлуулж хийгээд сайтар хольж хутгана. Цаг зав байгаа бол амталсан махыг 30-50 минут амраахад илүү сайхан амт ордог. Махыг амрааж байх хооронд хайруулын тавганд хоёр хоолны халбага ургамлын тос эсвэл масло хийж хайлуулаад жижиглэн хэрчсэн сонгино хийж гурван минут орчим хуураад дээрээс нь амталсан махаа хийж дунд зэргийн гал дээр бор хүрэн өнгө ортол хуурна. Хэт болтол нь хуурах хэрэггүй. Ингээд дутуу хуурсан махыг будаа агшаагчинд хийж жигд тараана. Махны дээрээс бага зэрэг үрсэн бяслаг (сыр) цацвал илүү сайхан амттай болдог. Дараа нь махны дээрээс төмсний нухшийг жигд тараана. Мах болон төмс сийрэг байх хэрэгтэй. Ингээд будаа агшаагчаа ажиллуулна. “Cook” товчлуурыг дарж “warm” болтол хүлээнэ. Мөн дан махнаас гадна хэрвээ та хүнсний ногоонд дуртай бол жижиглэн хэрчсэн лууван, вандуй, эрдэнэ шиш зэргийг махтай хамт хуурч хийж болно. Хоол илүү амттай, тэжээллэг болно гэсэн үг.

Интоортой Кекс


Орц (дөрвөн хүний)

Интоор-500 гр

Гурил-Хоёр хоолны халбага

Элсэн чихэр-150 гр

Масло-100 гр

Тараг-150 мл

Хүүхдийн будаа-150 гр

Нарийн боовны исгэгч- Нэг цайны халбага

Өндөг- Гурван ширхэг

Хийх арга

Хагалсан өндгөн дээр элсэн чихрээ хийж хөөсөрсөн цагаан болтол нь миксэрдэнэ. Хайлуулсан масло, тараг, хүүхдийн будаа, нарийн боовны исгэгч, гурилыг хийж ахин миксэрдээрэй. Яг өтгөн цөцгий шиг зуурмаг болох ёстой.180 хэмд халаасан шарах шүүгээнд хийж 25-30 минут болгоход гаднаасаа алтан шаргал болж эхэлнэ. Ингээд л амттан маань бэлэн боллоо.

Бэлтгэсэн:

А.ЗУЛ