Categories
мэдээ нийгэм

Татварын буцаан олголтыг энэ сард багтаан шилжүүлнэ

Хувь хүний
орлогын албан татварын тухай хуулийн дагуу орон сууцны болон сургалтын
төлбөрийн хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэхээр энэ оны нэгдүгээр сарын 22-ноос
хойш тайлангаа ирүүлсэн, нийслэлийн хоёрдугаар ээлжийн иргэдэд энэ сард
багтаан татварын буцаан олголтыг шилжүүлэх юм байна.

Хөдөө орон
нутгийн Татварын хэлтсүүдэд эхний хагас жилдээ багтаан олгох шаардлага
тавьсан байна. Нийслэлийн хэмжээнд Хувь хүний орлогын албан татварын
2015 оны тайлангаар баталгаажсан 22778 иргэний илүү төлсөн татварыг
хоёрдугаар ээлжээр буюу 2016 оны тавдугаар сард буцаан авах иргэдийн
нэрсийн жагсаалтыг харахыг хүсвэл энд дарж регистрийн дугаараа хийж шалгах боломжтой юм.

Categories
мэдээ спорт

“Алматы 2016”-д Ц.Наранжаргал, Ц.Цэрэннадмид нар аваргын төлөө барилдана

“Алматы-2016” олимпийн эрхийн оноо олгох
сүүлчийн Гран При тэмцээний 70 кг-ийн жинд ОУХМ Цэнд-Аюушийн
Наранжаргал аваргын төлөө шалгаран үлдлээ. Тэрбээр хагас шигшээд
БНХАУ-ын бөхөөс цаг дуусахаас 5 секундын өмнө юүко үнэлгээ авч ялсан
байна. Ингэснээр тэрбээр Францын бөхтэй аваргын төлөө барилдахаар болсон
байна. Мөн Үндэсний шигшээ багийн тамирчин ОУХМ Цэнд-Аюушийн
Цэрэннадмид Алматыгийн Гран При тэмцээний 63 кг-ийн жинд аваргын төлөө
өрсөлдөхөөр шалгаран үлдлээ. Тэрбээр хагас шигшээд Шведийн Мия
Херманссонг боох мэхээр цэвэр ялж, шигшээ барилдаанд шалгарчээ. Түүнтэй
аваргын төлөө Францын Марге Пинот барилдахаар болсон байна.

Харин 73 кг-ийн жинд барилдсан гавьяат
тамирчин Сайнжаргалын Ням-Очир хагас шигшээд Лондонгийн олимпийн аварга
Гүржийн Лаша Шавдатуашвилид торгуулиар ялагджээ. Ингэснээр тэрбээр хүрэл
медалийн төлөө эзэн орны бөх Дидар Хамзатай хүч үзнэ.

Харин 81 кг-ийн жинд зодоглосон ОУХМ
Нямсүрэнгийн Дагвасүрэн хэсгийн аваргын төлөө Кыргызстаны бөхөд ялагдсан
ч дагах барилдаанд Молдавын бөхийг цэвэр ялснаар хүрэл медалийн төлөө
барилдахаар боллоо. Тэмцээний медалийн төлөөх барилдаанууд ETV, C1, SPS
телевизүүдээр Улаанбаатарын цагаар 20:00 цагаас шууд дамжуулна.

Categories
мэдээ соёл-урлаг

“Өнөр бүл:Өнөө цагт” өнөөдөр нээлтээ хийнэ

“Эдүгээчилсэн Монгол кино” төслийн
бүтээл “Өнөр бүл, өнөө цагт” уран сайхны кино энэ сарын 15-нд буюу
өнөөдөр 14:00 цагт “Өргөө”, 17:00 цагт “Тэнгис” кино теарт абан ёсны
нээлтээ хийх гэж байна.

Энэхүү киног “Hulegu Pictures”, “Монгол кино нэгтгэл” хамтран бүтээж байгаа юм.

Тэд тэртээ 36 жилийн өмнөх Монголын нийгэм, залуусын хайр дурлал, хүн
чанар, хүнлэг сэтгэлийг маш урнаар дүрсэлж бидний сэтгэл зүрхэнд
хоногшуулж чадсан гайхалтай бүтээлийг ‪эдүгээчлэн дахин бүтээснээ ийнхүү үэзгчдэдээ дэлгэх нь ээ.

Киноны гол дүрд “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Д.Баттөмөр буюу Батаа,
Б.Болормаа, Ардын жүжигчин Г.Мягмарнаран, дүрүүдэд Ардын жүжигчин
Д.Мэндбаяр, Гавьяат жүжигчин Ж.Оюундарь, Л.Дэмидбаатар, Ш.Алтанцэцэг,
жүжигчин О.Долгор, Э.Ууганбаяр, Б.Одончимэг, Соёлын гавьяат зүтгэлтэн
Ш.Гүрбазар нар тоглосон байна.

Энэ цагийн “Өнөр бүл”-д үйл явдал хэрхэн өрнөхийг бүх кино театруудын дэлгэцнээс тольдоорой.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ихэнх нутгаар дулаарна

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч,
хуурай, салхи шуургатай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас
сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

РЭХ ДОЛОО ХОНОГТ ИХЭНХ НУТГААР 23-28 ГРАДУС ДУЛААН БАЙНА-

Энэ сарын 17-нд буюу мягмар гаригт
баруун зүгийн нутгийн хойд хэсгээр, 18-нд баруун зүгийн нутгийн зарим
газраар бага зэргийн хур тунадас, 19-нд баруун зүгийн нутаг, төвийн
нутгийн зарим газраар хур тунадас, нойтон цас орно. Салхи 16-нд зарим
газраар секундэд 14-16 метр, 17-нд Алтайн салбар уулс, Арц богдын өвөр
хоолойгоор, 18,19-нд ихэнх нутгаар секундэд 18-20 метр, зарим үед
секундэд 24 метр хүрч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн
уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус, өдөртөө
19-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус,
өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 23-28
градус дулаан байна. 19-нд нутгийн баруун хэсгээр сэрүүснэ.

-УЛААНБААТАРТ ӨНӨӨДӨР 21 ГРАДУС ДУЛААН БАЙНА-

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР ӨНӨӨДӨР:
Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10
метр, өдөртөө Алтайн уулсаар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга
шуурна. Шөнөдөө Алтай, Хангайн уулархаг нутгаар 2 градус хүйтнээс 3
градус дулаан, Алтайн өвөр говиор 7-12 градус, бусад нутгаар 1-6 градус,
өдөртөө Алтай, Хангайн уулархаг нутгаар 12-17 градус, бусад нутгаар
18-23 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР ӨНӨӨДӨР:
Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11
метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын
хөндийгөөр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 12-17 градус, бусад
нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР ӨНӨӨДӨР:
Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12
метр, шороон шуурга шуурна. Шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан,
өдөртөө 16-21 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР ӨНӨӨДӨР:
Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд
7-12 метр, шороон шуурга шуурна. Шөнөдөө Дундговийн нутгаар 2 градус
хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар 2-7 градус, өдөртөө бүх нутгаар
20-25 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТОД ӨНӨӨДӨР:
Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12
метр, шороон шуурга шуурна. Шөнөдөө 0-2 градус, өдөртөө 19-21 градус
дулаан байна гэж Ус цаг уурын эрдэм шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

Пүрэвхүүгийн Батхуяг: Өнөөгийн хүмүүс өндөг шиг гадуураа бүрхүүлтэй болчихож

МЗЭ-ийн болон оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан-Өд” наадмын дөрвөн удаагийн шагналт зохиолч, СУИС-ийн багш, хэл шинжлэлийн ухааны доктор, судлаач, шүүмжлэгч Пүрэвхүүгийн Батхуягтай уулзаж хөөрөлдлөө.

-Дөрвөн ч удаа “Алтан-Өд”-ийг гэртээ залсан зохиолч маань “Гэгээн Муза” наадмаас “Эр өндөг” моно жүжгээрээ шилдэг зохиолч боллоо. Баяр хүргэе!

-“Алтан-Өд”-ийг хүүрнэл зохиолын богино төрлөөр хоёр удаа, судлал-шүүмжлэлээр нэг удаа авсан. Ноднин жил “Тайзгүй жүжгүүд”-ээрээ “Алтан-Өд” шагнал хүртлээ. Сүүлийн үед би жүжгийн зохиол нэлээд бичлээ. Энэ жил таван моно жүжиг бичсэнээс “Эр өндөг” гэдэг зохиол маань энэ эрхэм хүндтэй шагналын эзэн болголоо. Энэ жүжгүүдээ нэгтгэж ном гаргах бодол байна. Жүжгүүдээ дөрвөн жүжигчний захиалгаар бичсэн юм л даа.

-“Эр өндөг” жүжгээрээ “Гэгээн Муза” цом гардлаа даа?

-Хүмүүс ерөнхийдөө өндөг шиг гадуураа бүрхүүлтэй болчихож. Өндгийг гаднаас нь хараад хэн ч эр юм уу, эм юм уу гэдгийг ялгаж мэддэггүй шиг эр хүн ийм, эм хүн тийм гэсэн зааг ялгаа амьдралд улам бүр байхгүй болоод байна. Гаднаас нь харахад хувцасласан байдал, алхаа гишгээнээс өгсүүлээд эр, эм нь мэдэгдэхгүй тийм цаг үеийн зааг дээр ирчихсэн юм биш үү. Эрэгтэй хүн дотор эмэгтэйлэг чанар, эмэгтэй хүн дотор эрэгтэйлэг чанар байдаг шиг байна. Гэтэл тэр чанар нь энэ цаг үед хэт давамгайлах болж. Нийгэмд ийм дүр олноор ажиглагдаад асуудал дэвшүүлж “Эр өндөг”-өө бичсэн юм. Өндөг мэдээж нэг л бүрхүүлтэй. Тэр бүрхүүл хагараад, тодорхой цаг хугацааны дараа ямар хүйсийн амьтан байж вэ гэдгийг нь харж, мэдэж болдог. Яг түүнтэй адил хүн төрөлхтөн бид энэ амьдралдаа өөрсдийгөө тойрсон нэг бүрхүүлтэй болчихож. Тэр бүрхүүлийн маань хуяг улам зузаараад, бид бие биеэсээ улам улам холдоод байх юм. Би энэ жүжгээрээ нийгэмд юу хэлэхийг хүссэн бэ гэвэл “Та биднийг тойрон байгаа энэ бүрхэвч нэг л өдөр хагарах юм бол бидний жинхэнэ мөн чанар нээгдэнэ. Өөрийн бий болгосон бүрхүүлээ хагалж, илэн далангүй, чин сэтгэлийн, нарийн нандин харьцаа хоорондоо тогтоовол бидний амьдрал гэрэл гэгээтэй болох болов уу” гэсэн тэр л найдлагаар бичсэн дээ.

-Бусад бүтээл чинь ямар жүжгүүд байна?

-“Цуурай” гээд жүжгийг УДЭТ-ын жүжигчин Тодгэрэлд өгсөн байгаа. Бид өөрсдийнхөө сүүдэр, цуурай хоёрыг бидний эрхшээлийг дагагч гэж эндүүрдэг. “Цуурай” жүжгийн гол дүр эзнийхээ дуу хоолойг дуурайж давталгүй, үзэл бодлоо илэрхийлж байгаа тухай юм. Цуурай эзнээсээ өөр бодолтой байгаа зөрчлийг гаргаж ирсэн. Дараагийн моно жүжиг нь “Намайг тайван оршуулаач” гэдэг нэртэй. Нийгэмд олон шашин шүтдэг хэсэг бүлэг байна. Миний энэ жүжигт Христийг шүтдэг нэг хүн нас барчихаж байгаа юм. Гэтэл хөөрхий түүнийг гэр бүл, ойр дотнынхон нь гэрээслэлийг нь ч ойшоолгүй, лам авчраад, хонх дамар дуугаргаад оршуулж байгаа юм. Насан туршдаа итгэж биширч явсан зүйлийнх нь эсрэг үйлдэлд харууссан хөөрхий сүнсний үгийг хэн ч авч хэлэлцэхгүй. Тийм боломж ч байхгүй. Сүүлийн жүжиг маань гэвэл их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн амьдралын сүүлийн гучин минутын тухай юм. Нацагдорж зуны бүгчим дулаан тэр орой амьсгал хураах сүүлчийн мөчүүддээ юу бодож байсан бол, үхэлтэй нүүр тулаад хүмүүст юу хэлж үлдээх байсан бол гэсэн уран сайхан дээр жүжгийн зохиолоо бичсэн. Моно жүжгээр ном гаргасан зохиолч өмнө нь манай утга зохиолын түүхэнд байхгүй. Ямар ч байсан тэр таван жүжгийнхээ “Эр өндөг”-өөр “Гэгээн Муза”-г авлаа.

-“Эр өндөг” жүжигт хамтран ажилласан уран бүтээлчдээ танилцуулаач?

-Тайзны уран бүтээл өөрөө хамтын бүтээл юм. Сайн зохиол байхгүй бол сайн найруулагч төрж гарахгүй. Сайн найруулагч хүн сайн жүжигчдийг тодорхойлдог. Энэ цогц хамтын ажиллагаан дунд мэдээж санаа нийлсэн уран бүтээлчдээ би нэрлэхийг хүсч байна. Ардын жүжигчин Б.Мөнхдорж багшийн шавь, залуу найруулагч Б.Бат-Өлзий, УДЭТ-ын чадварлаг жүжигчин Г.Алтангэрэл хоёртой хамтран ажиллалаа. Жүжигт сэтгэцийн эмнэлэгт болж буй үйл явдлыг үзүүлсэн. Эмчлүүлэгч залуу эмнэлэгт тухайн өдөр хэрэглэх байсан өндгүүдийг өрөөндөө авчраад нуучихдаг. Тэр залуугийн бодлоор өндгийг гаднаас нь хараад эр, эмийг нь мэдэхгүйтэй адил хүний оюун бодлыг хэн ч уншиж чадахгүй. Өндөг хагарлаа. Тэр бол өндөгний хувьд үхэл. Тэнгэрт од харвалаа. Тэр тэнгэрт ч бас үхэл байгааг илэрхийлж байгаа. Нэгэнт л энэ ертөнцөд хоног хугацаатай ирсэн нь үнэн юм чинь бусдаас өөрийгөө нуугаад хальсан дотроо байгаад байх биш харин сэтгэл зүрх, бодлоо ил гаргах ёстой юм байна. Гэвч, сэтгэл санаагаа илчилснээр нийгэмд эрүүл бус гэж дүгнэгдэх болж. Би бол эрүүл хүн. Харин эргэн тойрны эмч, сувилагч, асрагч нар хуяган дотроо нуугдаад улам солиотой болсныг үгүйсгэхгүй гэсэн зөрчилт санааг үзэгчдэд илэрхийлсэн.

-Сүүлийн үед жүжгээс гадна ямар ном бүтээл туурвиж байна даа?

-Судлал, шүүмжийн “Эсрэг цаг-3” номоо хэвлэлд шилжүүлэхэд бэлэн болголоо. “Цаг хугацааны цас бороо” гэсэн яруу найргийн түүврээ хэвлүүлж байгаа. Өмнөтгөлийг нь манай зохиолч, яруу найрагч Г.Аюурзана бичсэн. Өмнөх шүлгүүдийн уур амьсгалаас тэс өөр ном болсон. Бичил тэмдэглэл шахуу богино өгүүллэгийн номоо гаргана. “Хамгийн хойд хот” романаа үндсэндээ бичээд дуусч байгаа. Харь газар хэдэн сар суухдаа бараг төгсгөчих байх.

-Харь газар хаашаа, ямар ажлаар одох гэж байна?

-БНСУ-д Сөүл хотын тухай зохиол бичихээр сонгогдсон. Азиас гурван зохиолч тэнд уригдан очих юм. Энэтхэгтээ сүүлийн үед нэлээд нэрд гарч яваа, “What’s loser” буюу “Юу ялагч вэ” ном бичсэн Панжак гэдэг зохиолч, Индонезийн нэг эмэгтэй зохиолч бид гурав Сөүлийн амьдралтай танилцаад нэг нэг эсээ бичиж ном гаргах юм. Тэр үеэр миний богино өгүүллэгийн ном “Ази” сэтгүүлийн хавсралт болж солонгос хэлээр хэвлэгдсэний баяр давхацна. Энэ оны долоодугаар сарын эхээр Ази тивийн зохиолчдын форум Солонгост болно. Тэнд оролцох юм.

-Донровын Намдагийн гэр сургуулиас Дэмбээгийн Мягмар, Дармын Батбаяр нарын жүжгийн зохиолчид төрсөн гэдэг. Өөрийн чинь жүжгийн зохиолын багш гэвэл хэнийг нэрлэх бол?

-Хадаг барьж сүйд болоогүй ч жүжгийн зохиолын талаар маш их зөвлөгөө авдаг, их ойрхон байж үг сургаалыг нь дотроо хүлээн зөвшөөрдөг хүн маань төрийн шагналт зохиолч Дармын Батбаяр шүү дээ. Тэр хүний нөлөө намайг яах аргагүй жүжгийн урлагийн бүтээл рүү уруу татсан. Жүжиг гэдэг яруу найраг, хүүрнэл зохиолоос тэс өөр байдаг юм байна. Миний анхны “Би Пушкин биш ээ. Харин…” жүжигт хүмүүс ам сайтай байсан нь урам өгсөн байх. Хүүрнэл зохиол, жүжиг хоёр тэс өөр байдаг. Хоёр туулай хөөсөн хүн хоосон хоцордог гэх хүн ч байдаг. Гэхдээ одоохондоо хоёуланг нь бичээд л явж байя. Болохгүй юм байхгүй байлгүй л гэж бодож байна. Яваандаа эмгэнэлт жүжиг бичнэ л гэж боддог. Трагеди бол жүжгийн зохиолын оргил нь шүү дээ. Залуучууд “пэнсэндээ гарах” гэж яриад байдаг даа. Тэрэн шиг яруу найргийн хувьд араас гарч ирж байгаа залуусын давалгаан, цаг үе, насаа бодсон ч уран зохиолын илүү үр бүтээлтэй төрөл рүү даацтайхан орох хэрэгтэй юм байна.

-Яруу найрагч Г.Аюурзана “Дөч хүрээд яруу найргаасаа зодог тайллаа” гэж яриа өгч байсан. Өөрөө бас яруу найргаас зодог тайлж байгаа юм уу?

-Би тэгж төлөвлөгөөтэй тэгье, ингэе гэсэн юм алга. Гэхдээ л бичиж байсан хурд, тоо, яруу найргийн сэтгэлгээ ямар нэгэн хэмжээгээр буурдаг, багасдаг хандлага өөрт ажиглагдаад байх юм байна шүү дээ. Яруу найргийн сэтгэлгээ байхгүй болтол л бичээд байя гэж бодоод байна.

-Өөрөө О.Дашбалбар багшийнхаа тухай ном болохоор хэмжээний их зүйл бичсэн дээ?

-Багшийг байхгүй болсноос хойш эсээ, тэмдэглэл, дурсамжийн арван есөн өгүүлэл бичсэнээ ном болгож боосон. Өнгөрөгч онд хэвлүүлье гэснээ буцааж татсан. Ухаан суугаагүй хорин хэдэн насандаа, гуч гараад зэргээр янз бүрийн цаг үед бичсэн зүйлс л дээ. Багш дөчин хоёр насандаа байхгүй болсон. Би хойтон багшийнхаа насанд хүрнэ. Тэр хүнээс ах болчихоод багшийнхаа ертөнцийг дурсаад үзвэл яах бол гэсэн бодол хэвлэлд шилжүүлэхээс хойшлуулсан.

-Монголын нэрт зохиолч Л.Хуушаан, Л.Дашням нартай хамаатан садан гэдэг байх аа?

-Манай аав, ээж хоёр Архангай аймгийн Түвшрүүлэх сумын уугуул хүмүүс. Монголын чадварлаг ах, дүү хоёр зохиолч манай өвөөтэй эгч дүүсийн хүүхдүүд юм л даа. Манай аавын талынханд ерөөл магтаал хэлдэг бэлэн сэцэн хүмүүс олон байсан юм билээ. Мөн гарын уртай зураачид олон байсан гэдэг. Урлагт дурласан авьяасын гинжин хэлхээ намайг үгийн урлагтай холбосон байхыг үгүйсгэхгүй.

-Гадаадын олон хэлнээс мундаг бүтээлүүд орчуулагдаж, зохиолчид маань ч уран зохиолын бүхий л төрлөөр туурвиж байна. Өнөөгийн утга зохиолын амьдралыг өөрөө зохиолч, судлаач, шүүмжлэгчийн нүдээр хэрхэн харж байна?

-Судлаачид нэгэн үе “Монголын утга зохиолын хөлөг онгоц зогслоо” гэж харж байсан. Би үүнтэй тэр үед ч, одоо ч санал нийлдэггүй. Нэг монгол зохиолч монгол хэлээрээ зохиол бичиж л байгаа цагт монгол хэлт утга зохиолын хөлөг онгоц дэлхийн утга зохиолын их далайд дарвуулаа босгон хурдлахаар хөдөлж л байна гэсэн үг. Харин хурдаа авах цаг нь одоо иржээ. Бидэнд өмнөх үеийнхний бичсэн өв байна. Ид бичиж байгаа идэр насны зохиолчид байна. Араас минь хашгираад, дагаж орж ирж байгаа залуус байна. Байдал ийм байхад Монголын их утга зохиолын ирээдүйг бүрхгээр юм уу, хараар төсөөлөх ямар ч боломж байхгүй. Монголын утга зохиол өмнө нь байсан, одоо байгаа, ирээдүйд байх гурван цагийн хэлхээнд мөнх орших аугаа зүйл шүү дээ. Хамгийн гол нь өөрсдийнхөө бүтээлийг чанаржуулах л чухал. Тэрнээс ном гаргах донгоор олон ном хэвлүүлээд зохиолч хэмээх эрхэм алдрыг өг хэмээн тулган шаардах утгагүй. Хүн зөв, буруугаа өөрөө тодорхойлж мэддэггүй. Тэгж залаад өгөх мэргэжлийн шүүмжлэгчид харин утга зохиолд яах аргагүй дутагдаж байгаа.

-Г.Батсуурь, Х.Чойдогжамц нарын сайн шүүмжлэгчид гарч ирчихээд л байна даа?

-Сайн зүйлийн улбаа хэзээ ч тасрахгүй, залгамжлагчид төрж гарах нь ойлгомжтой. Г.Батсуурь бид нэг үеийн залуучууд. Нас ойролцоо. Бас утга зохиолд орж ирсэн үе ч ойролцоо. Чойдогийн хувьд харьцангуй залуу хүн. Ийм залуу хүн гадагшаа явж, нүд тайлмаар байна. Дэлхийд М.Горькийн Утга зохиолын дээд сургуулиас дутахгүй өчнөөн сайн сургууль байна. Утга зохиолын шүүмж бичих сонирхолтой залуус бидний уншаагүйг уншиж, сонсоогүйг сонсож ирэх хэрэгтэй байна. Ер нь шүүмжлэгч хүн зохиолчоос, тайзны найруулагчаас мэдлэг боловсролоороо хуруу өндөр байж байж л утга зохиол, урлагийг хөгжүүлж чадна. Шүүмжлэгч болох хүсэл эрмэлзэлтэй залуус зүрх сэтгэлээ дагаад дэлхийн хэмжээнд өөрийгөө хөгжүүлэх боломж нь нээлттэй байна. Уг нь төр засгаас бодлогоор бэлдэх ёстой юм л даа. Даанч төрийнхөн үүнийг огт ойшоохгүй. Нэг хүн ч нэгддэггүй л байхгүй юу. Наяад оны сүүлээр манай зохиолч, дарга нар монгол үндэстний эрх ашгаа өмнөө тавьж, өөрсдийнхөө хүүхдүүдийг биш Аюурзана ах шиг ардын дөрвөн хүүхдийг Горькийн сургуульд явуулчихсан бол манай утга зохиолын хөгжилд ямар их нэмэр болох байв. Өөрийн эрх ашгаас илүү утга зохиолын эрх ашиг гэж байдаг юм. Монголын зохиолчдын эвлэлдэн нэгдсэн мэргэжлийн байгууллагыг ч би дотоод жижиг асуудалд биш дэлхийн цараатай томоохон асуудал хөөцөлдөөсэй гэж боддог юм.

-Ямар том асуудал билээ?

-“Болор цом”, “Утгын чимэг”-ийг хэн ч зохион байгуулаад явж чадна. Хамгийн гол нь гадаад харилцааг л өргөжүүлэх хэрэгтэй. Тэгвэл залуучууд гадаадын нэр хүндтэй сургуулиудад тэтгэлгээр суралцах боломжтой. Шинэ үеийнхэнд энэ л тун чухал.

-Шинэ залуу үе гэснээс цахим хуудсандаа Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч Балдоржийн Алтанхуяг хэмээх хүүгийн “Мууран байшингуудын түүх” номонд бичсэн өмнөтгөл шүүмжээ тавьсан байв уу?

-Би сардаа бараг хоёр, гурван хүний номын өмнөтгөл бичиж байна. Залуу үеийнхэн надаар номын өмнөтгөлөө бичүүлэх зорилго гэх нь ч хаашаа юм, ер нь дуртай. Би залуусын утга зохиолын замнал, бүтээлийг задлан шинжилж бичдэг. Би тухайлан нэг хүний нэрийг дурдмааргүй байна. Яагаад гэвэл би багш хүн. Бүгдэд адилхан сэтгэлээр ханддаг. Намайг тойрсон олон залуус өндөрт нисэхийг хүсэж байна. Тиймээс энэ үед нь л оюун санаагаар дэмжихийг би боддог. Утга зохиолын ирээдүй гэрэлтэж байг л дээ. Харамсалтай нь, залуу үедээ хүйтэн ханддаг хүмүүс байдаг. Хүн өөрийн үеийнхэнтэйгээ тэрсэлдэж, тэмцэж болно. Хамгийн гол нь араас гарч ирж байгаа үеэ дарах гэсэн явуургүй үзэл газар авахгүй биз дээ. Шинэ залуу үе гэдэг хүссэн ч, хүсээгүй ч орчлонгийн жамаар түрээд л гараад ирнэ шүү дээ.

Categories
мэдээ цаг-үе

“Хүрэн толгойн сүүдэр”-ээ чагнахуй… нүүдэлчдийн дуугаар сэтгэлээ “бороошуулахуй”… бас, биеийнхээ чинадыг “салхилуулахуй”…

-ИМПРЕССИОНИСТ ЭСЭЭ-БОДРОЛ-

Болор цом”-ын эзэн Д.Урианхайн нэгэн шинэ эсээг хүргэж байна.

Борголын (кофе) аяганы дийз шиг дув дугаригхан… жижигхэн… хангал догшдоо урин дуудаж буй гүртэнгийн мутар дахь дэншиг шиг төмөр ч гэмээр, диц ч гэмээр, лав миний нүд зааглаж үл чадах, хүүхдийн тоглоомын дунгуй шиг хөөрхөн, нимгэхэн, дугуйхан пянз алгуурхан эргэнэ.

Богд Дүнжингаравын хярын цасанд өглөөний нар халтирахдаа халтиран, тогтохдоо тогтон шаргалтах шиг, нэгэн харахуйяа, шаргалтан алтарч, нэгэн харахуйяа, мөнгөрөн цайрч тодхон тодхон нар зөв тойрог татан эргэлдэнэ.

Өрөөгөөр дүүрэн нам гүм асгарна.

Чагнахул, уулс, толгодын сүүдэр хүүшлэх эзгүй хээр талаар нэгэн морьтон морины туурайгаар сүүдрийн сэжүүр гишгүүлэн таваргана.

Цээжин чинадад халуун уйтай, нүүдэлчдийн амьдрах уудам их талаар өндөр, нам бараан үүлс уйтгарлангуй алгуураар нүүх ч шиг, эсвэл, морьтны өөрийн нь дөрөөнд дарцагласан биеийн нь сүүдэр амгаланаа дүнсийх эзгүй хээрийн өндөр, нам уулсын сүүдэртэй сүлэлдээд голын тохой руу хүүшлэн одох ч шиг!

Санаа алдмаар… удаан… удаан санаа алдмаар санагдана…

Чагнана…

Юу юугүй цээжин аглагт зөндөө зөндөө энхрий үгс нэг нэгнийхээ урдуур дайран “сахилгагүйтэж”, нэг нэгэнтэйгээ ханьсан тэврэлдэж, чанга чангаар “хашгичин” хөөцөлдөнө…

Дахиад л, халуунаа… халуунаа… жигтэй халуунаа сүүрс алдам нам гүм!

Барьц алдмаар, айхдаа, хаашаа ч хамаагүй, юу руу ч хамаагүй, шурхийн шургамаар, эсвэл, бүгдийг ор тас мартмаар… ижийгээ ч, Бурханыг ч, өвөрт нь төрсөн уулаа ч мартмаар, өөрөө өөртөө гүнээ живээд өөрийгөө ч мартмаар, хагацахын аргагүй, хамт удахын ч аргагүй нам гүм, тэгэхдээ, чагнахуйяа чих үл тэсэм “тэсрэлттэй”, хэзээ ч үл ойлгом, үл алдам эгшиглэнтэй адын нам гүм!

Пянз эргэнэ…

“Хүрэн толгой”-н сүүдэр хүүшилнэ.

Жигтэй нам гүм…

Жигтэй чимээтэй, энхэр дотно “шивнээ”, жигтэй ажин түжин, жигтэй “буцламгай” гуниг бороошсон “хашгираа”-ны цуурайтай үнсэлцэх ямар сайхан “амттай” юм бэ? гэж бодогдон биеийн хаа нэгтээгээс инээд түрнэ.

Инээд!..

Инээдний “ганцаардал”

Инээдний ганцаардал тоолшгүй нөр он жилүүдийн тэртээх Монголын их говьд элс, хайрга тэнгэрт цацан хатиралдаж асан орогшин хул тахийн сүргийг нүдний өмнүүр хатируулан жирэлзүүлж, сэтгэлийн гүн дотор түмэн хүслэнт “Майдарын ногоон морь”-ны туурайн төвөргөөнийг ч тодхоноо бүтээн сонсгоно…

Инээдний “ганцаардал”-ын нам гүмд үг… үгс бүтнэ.

<<Ганцаардахуй, – “Хүрэн толгойн сүүдэр”-ийн хүүшийг өвөртлөхүй;

Гуниглахуй, – “Хүрэн толгойн сүүдэр”-ийн уртыг туулахуй;

Амьдрахуй, – “Хүрэн толгойн сүүдэр”-ийн гэгээтэй амраглахуй

Егүүдэхүй, -”Хүрэн толгойн сүүдэр”-ийн мөнхгүйд мөнх улалзахуй!..>>

Пянз эргэнэ…

Сэтгэл үгэнд итгэнэ…

Үгс… эгшиг аялгуу… нар… сүүдэр… толгод… голын тохой… тал хөндий… хэдэн хар шувуу… хэдэн хайлаас… адуу мал… давхиж яваа морьтой хүн… хүнээ санасан хүн…!

Хүйтэн өдрөө хүйтэн, халуун өдрөө халуун Дэлхийдээ амьдарсан түүхэндээ үхсэн нь даанч олон, амьд нь даанч цөөн үлдсэн Хүн төрөлхтөнд даанч тоомжиргүй эргэсэн цаг хугацаатай мөчөөрхөлцөж мөнхрөлийг олтлоо амсхийлгүй тэмцсэн амьдралдаа хүнээрээ л дандаа дутсан Хүн!

<<Хүрэн толгойн сүүдэр

Хөндийгөө дүүрээд хүүшилнэ.

Хүний жаахан чамдаа

Сэтгэл юундаа даслаа даа!..>>

Хөөрхий, Хүнээ санаад, хүлгийн зоонд босон дөрөөнд жийсэн хүнийхээ дуунд хүний сэтгэл нэвт “бороошин”, хэм хэвээ алдан “давалгаална”.

Айраг залгилмаар санагдана.

Үхтлээ согтмоор… ангир шувуунд хувилаад бүлээхэн, дулаахан устай нуурын эргүүлгэнд намрын сүүлчийн навчистай хөвөн ганганамаар, юухан нэгэнд ч хамаагүй хоргодон ганганасаар мөсөнд хучигдаад үлдмээр ч бодогдоод, сэтгэл гунигшингуйяа “дэвэлзэнэ”…

Ертөнцөд хамгийн өрөвдмөөр юм, -Хүнээ үгүйлэх хүний сэтгэл… хүнээрээ л дутах хүний гачигдал, зовлон шиг санагдаад, тэсгэлгүй, цээжний аглагаар нулимс шүүрэн “шуургална”!

Юм бүгдийг уйлан тэвэрмээр… юм бүгдийг уйлуулан тэврүүлмээр… тэгээд, юу ч хэлэлгүй, юу ч дуугаралгүй удаан уйлмаар санагдуулсан “салхи” хавирга “түлхэн” хөдлөөд, биеийн чинадад хаа нэгтээ ямар нэг “халуун юм” хачин чанга уулга алдтал халуу дүүгүүлнэ…

Пянз эргэнэ…

Хүрмэн хүрэн чулуудтай, намхан намжаа толгодоос сүүдэр хүүшлэн уртасна…

Сүүдэр нүүдэллэх нь, хонон өнжин шиврэх зүсэр борооны түрүүч дайран ирэх шиг хөндий дүүрээд, “урсан-тогтон”, “тогтон-урсан” урссаар орхих толгод, тохойноосоо зориглон холдохоор яарах ч шиг, “Хоргодохуйн татах хүч”-нд дийлэгдээд хөдөлж эс чадах ч шиг, “тогтон-урсан”, “урсан- тогтон” хөдлөх ч шиг, чингээд мөнөө “Хүрэн толгойн сүүдэр”-ийг гуниглал, хөлчүүрэл, “үгүйлэхүйн халуун ган” нэгдэн сүлэлдсэн гангийн аагим улаан салхи болгон “хавсаргалуулж” сэтгэлийн хөгийг уруу татан “хөөрөгдөнө”.

Хүний үр хүнийхээ үрийг санан ганирахын “элгэн халуун там “Хүрэн толгойн сүүдэр”-ээс хэт цахин, нүүдэлчдийн “чулуун тулга”-нд улалзах аргалын гал мэт улас-улас асан өндөлзөж, “Монголын үзэсгэлэнт гоо” эхнэрүүдийн нэрдэг догшин, тунгалаг, хатуу охь шиг дотор биеийг илчээн цоргисон нөл халуун арз нэрж сэтгэлийн мэлмий рүү сүрчинэ.

Толгойтой үсний үзүүрээс гар, хөлийн хумсны үзүүр хүртэл халуунаа хөлчин, “Учрахуй… Үл хагацахуй”-н мөрөөдлөөр амьдын “зүүд” хийгээд “үнэн”-ийг нийтгэнэ…

Нүдээр нулимс “үерлэнэ”…

Пянз эргэнэ…

II

Пянз эргэнэ…

“Аараг толгойн сүүдэр

Араа дүүрээд хүүшилнэ…

Амраг жаахан чамдаа

Сэтгэл юундаа даслаа даа!..”

Аараг намхан толгодын сүүдэр ар хөвчийн хөглөгөр их уулс, нуга тохойн эзгүйг эзлэн хүүшилнэ…

Анир гүм, аглаг дүнсгэр хээр талаар морьтон эр дөрөөнд жийн, аргил цээлхэн хоолойгоор хайртай нэгнээ санасан халуун хөлчингө, “ханьсах-өнчрөх”-ийн зовлонт залуу зандан биеийнхээ “дотоод чинад” руу, магадгүй, газрын чулуулаг “заараг” руу огторгуйн “хүлцэнгүй”, “дүлий”-г гүнээ доргион дэлдэх эгшиг хөгөөрөө “шурган” хүүрнэж, толгод толгодыг өндөлзүүлэн таваргана…

Тоос босно…

Замын зажуур бутнаас сүрэг бор шувуу дэргэн ниснэ…

Дуу толгодын сүүдэр сүлнэ…

Сонсон сонсохуйяа, хөхүүр рүү очмоор… айраг залгилмаар… хэн нэгний энхрий цээж түшээд асгартал уйлмаар адгана…

Хүний үр хүний үрд яасхийн ээнэгшихээрээ ийн элэг сэтгэл хайлтал… эсвэл урагдтал, идэр эрмэг биеэ тогтоон барих тэнхлээ алдтал, эрэвгэр хурдан шаргадаа эмээлээ тохохдоо ч эдлэхээ цөөлдөг жийжүү дөрөөнийхөө эр хар сурыг тасартал жийн босоход тултал ганьхардаг юм бол доо, хөөрхий?!

Хүний үр хүний үрээ яаж хайрлаж, яаж хүсэн “тарчлах”-аараа ийн тэвчээр алдуурч уулсын өндөр, усны холыг унаганыхаа зэлнээс холгүйд бодож чаддаг, эзгүй хээрээр ийн хань хийн эрдүү хорвоогийн бардуу хясал, ахуй амьдралынхаа “санаандгүй”-н үл харагдах огтроо нугачааг сэтгэлдээ эерүүлж чаддаг юм бол доо?

Хачин удаан мэлмэрүүлмээр… хавчиг, торхонд хоног сараар иссэн тараг, бэсрэгийг харзны усаар нэрээд “хав дарчихсан” сархдаас хул хулаар залгилмаар… хаашаа ч хамаагүй… хаа нэг тийшээ шувуу даган хөлөө сөхөртөл гүймээр хөлсөн, цус догшноо исэн шуугина…

Пянз эргэнэ…

III

Пянз эргэнэ…

Пянзнаас эгшиглэх нүүдэлчдийн дууны үг, аялгуу сэтгэлийг ч, бас, хүний биед буй бүгдийг ч “бороошуулж”, “салхилуулж”, тэнгэрийн “үл төгсөхүй”-д барилдуулна…

Нүүдэлчдийн “үл тайлагдах” нууцат совин билиг, “үл тайлбарлагдах” ховс, зөнт эгшиг аялгуу ийн ертөнцийн халууны туйл- сэтгэлийн “тооно”-нд голлоно…

“Нуур аа чи, хөлдөх гээд байна уу даа, ай хө,

Нугас болоод галууд хөөрхий болно шүү дээ,

Нууцхан ханилсан чи бидэн хоёр

Аргагүй чиг амраг мөнөөсөө мөн шүү дээ!

Аюул чиг аюулаас айсангүй дээ, ай хө,

Аашны чинь хөөрхөнд аргагүй даслаа даа,

Асгаруулан, мэлмэрүүлэн уйлаад ч яахав дээ,

Амьд болоод мэнд л явбал уулзана шүү дээ, хонгор минь!..”

Сонсохуйяа, ойлгон ухахуйяа, хамаг л эдэс, эрхтэн цогцос “тулгуур”-аа алдан гуйвна…

Яах ийхийн зуургүй, сэтгэлийн жин ч тогтвороо… хүндийн төвөө… тэнцвэрийн тэгш хэмээ “булгин тангарч”, Дэлхийн жинд татагдан нийлчих ч шиг нэг хүндрэн, тэгснээ салаад нисчих шиг ч нэг хөнгөрөн, тэнгэр огторгуйн салхинд ороогдон нэгдчих ч шиг нэг юүлэгдэж, нэг дүүрэн хальж, хэмжээ, туйлаа хязгааргүй тэлэн түлхэнэ…

“Байгаа”, “Байхгүй” хоёуланг томон үнэмшүүлнэ…

Сэтгэлийн хөвч яах ийхийн зуургүй илэг, торго болтлоо нимгэрч, элдүүр ханан зөөлөрсөн сур шиг чивчрэн зангилагдахдаа зангилагдаж, элрэн сулрахдаа сулран, эрэг хаднаасаа цоройн хүрхрэх далайн давалгааны хуй шиг эрчлэгдэхдээ эрчлэгдэнэ.

Буух газраа сонгоогүй ч огторгуйн цээлд нисэж нисэж салхинд алгадуулаад, агаарт жий-в, жий-в жиргэн жиргэн савчивч аргагүй хүчгүйдэн хаа нэгтээ бууж газраар дэгдэс-дэгдэс гүйх болжмор шиг, хаа нэг газраа “үнсэн”, газраа тэврэн шургачих тохиол нүүрлэв ч тэнгэрт нисэхгүйгээр тэсэж огт эс чадна…

Амьдралд хясал шиг… айдас шиг… бэрхшээл зовлон шиг өчүүхэн нь огт байдаггүйг гэгээрэн, золтой л эс инээдэндээ “хахна”…

Айдас… гамшиг… аюул… үхэл… мөнх бусад нь ч үнэхээр “нохой бөөс”-нөөс шальгүй нь илт мэдрэгдэнэ…

Баярлангуйяа бодлогоширно…

“Өчүүхэн бүгдийг байр байранд нь цаг ямагт байлгахын тулд, өчүүхнийг мэдүүлж “инээдэм” болгож элэглэхийн тулд хүмүүн бид цаг ямагт бие биеэ аугаа хайраар хайрлах хэрэгтэй! Бие биеэ… бусдыг… юм бүгдийг… ертөнцийг иж бүхэлд нь хайрлах! Гагцхүү… гагцхүү хайрлах!” гэж бодогдоно…

Пянз эргэнэ…

“Мэлмэрүүлэн чиг уйлаад яахав дээ,

Мэнд болоод амар чиг суувал уулзана шүү дээ, үр минь!”…

Аялгуу цээжний “огторгуй”-г зөөлхөн зөөлхнөө доргион доргиосоор, зүлгээс сэвэлзэх сэвшээ шиг илэн илсээр чинадын чинад руу нэвтэрч, цээжин далдын зай завсрыг нэгжин тархсаар бүгдийг эзлэн шургана.

Тэнд, цээжин гүнд халуунаа даргилах “зай”-д яг л нэг энхрийгээс энхрий, дотноос дотно амьд амьтан, өр зүрхнээс “өмрөөд” эргэн “гагнагдсан” нэг “үйлтэй амьтан” зүүднээсээ сэрээд яаран өндийх шиг адгангүй адгангүй хөдөлнө…

Жигтэй соргогоор сэрвэлзэнэ…

Өмнөд мөсөн тивийг ч үмх шар тос шиг хайлуулчихаар час халуун, “час улаан” сүүрс хамаг эсээр “уугиулна”.

Яасан юм, бүү мэд, сэтгэл бодлыг тэсгэлгүй “өвтгөнө”…

Асгартал… мэлмэртэл… цээжээ эгштэл уйлмаар байж ядуулна…

Тэснэ…

“Үнэний өмнө тэсэх хэрэгтэй!” гэж өөрийгөө ятгана…

Үнэнхээр л, “Амьд болоод мэнд явбал уулзана шүү дээ, үр минь!” гэж бодно…

Бодлоо хатуулаад хатуулаад, сэтгэлээ ч, биеэ ч захирч эс дийлнэ…

Мэлмэртэл… асгартал… ганцаар уйлна…

Хацар руу, энгэр рүү, эр чийрэг хэнхдэг рүү уруудах нулимсны дусал бүр жижигхэн жижигхэн, бөмбөгөн бөмбөгөн улаан оч болж өнхрөн гулсах агаад амьсгал давхцуулсан нэгэн түрмэг, шуурмаг бодлыг хашгичуулан хашгичуулан цуурайтуулах нь, “Амьд, өчүүхэн” юуг ч, хэнийг ч агууд дэвшүүлдэг “Эзэн-хүч” бол Сэтгэл! “Эзэн-хүч”-ний эрхшил, ивээлийг “булаан” хүртэхийг зоривоос хэн ч “Жинхэнэ Хүн” байх; “Хүн” хэмээн онцгойлуулах алдрын эрх, үүрэгт тэнцэж байх хэрэгтэй! Хэн нэгэнд (хэний ч бай!) энэрэл гуйсан нулимстай нүдэнд.., гоморхол, тунирхалд нь.., цэцэг гишгэдэг хөлөнд нь… цэвэрхэн гоо хүзүүнд нь… үл мартагдах үгэнд нь хийгээд үл санагдах шивнээнд нь.., үхэлтэй тэмцэлдсээр царцах эцсийн амьсгаанд нь үнэн голоосоо нэгдэн, бас ээнэгшин, бас, ханьсан “халуурч” үхэн үхтэлээ хайрлах хэрэгтэй!.. гэж Дэлхий-“Бөмбөрцөг”-ийн бөөр захад ч тод дуулдахаар хашгирах ч мэт, үл дуулдахаар шивнэх ч мэт!..

Пянз эргэнэ…

Мөнөө морьтны унаж яваа унаган монгол хүлгийн “ухамсаргүй”, “адгуусан үнэнч”, “адгуусан итгэмхий” нүдэнд ч нулимс “буцлан”, адгуусны нулимс бус хүний нулимс болж нулимстай минь нийлээд, аль нь адгуусных, аль нь хүнийх нь ялгагдахгүй цугтаа тунгалагшина.

Огт бодож байгаагүй бодол “үерлэнэ”…

“Ертөнцийн хамгийн аугаа, ертөнцөд хамгийн дээд үнэтэй юм, хүний амьдралын мөнх бусыг үгүйсгэж баярлуулах, бардамханаар ялж гэтлэх, хамгийн гол нь, -юунд ч үл итгэгч, юунд ч үл гайхагч дөжир Хүн төрөлхтний өөрийн нь үндэслэл “сэжигтэй” “томорхол”-ыг хумхийн тоос мэт “жижгэрүүлж” чадах ганц агуу юм, – хүний Хайрын үнэн, хувиршгүй бөх сэтгэлийн нулимс!” гэсэн бодол цээжинд асаана…

Пянз эргэнэ…

“Нүгэл чиг нүглээс айсангүй дээ,

Нүдний чинь хөөрхөнд аргагүй даслаа даа!..”

Юу, юу гэнэ үү?!

Чихээ “дэвсэн” дахин сонсоно…

Суудлаасаа… зогссон газраасаа хаашаа ч үл хөдөлнө…

Хамаг махбод сульдаад, суудалдаа… зогссон газартаа хадагдчих шиг, мэдээ мэдрэлээ алдаад нирваанд одчих шиг амарлингуйн үрийг олоод хаашаа ч хөдөлж үл чадан хүчирхэгээр “хөшчихнө”…

“Үгүйлэхүйн халуун”-ы өнчин улаан ангир “Сэтгэлийн нуур”-нд нэгэн хоёр ганганана…

Нэгэн хоёр “зулзагална”…

Газрын ч юм шиг, Тэнгэрийн ч юм шиг, Хүмүүний ч юм шиг, Бурханы ч юм шиг үг, эгшгээр сэтгэлийнхээ “сансар”-ыг “эмээллэсэн” хүний л нэгэн үр уулс, толгодын сүүдрийн цаадтай торолзох их тал нутгийн хаа нэгтээ тормойн харагдах, өөрийг нь хүлээн суугаа… магадгүй саравчлан зогсоо хүнийхээ л нэгэн алдрай үр, -“амрагхан жаахан”-аа “Үгүйлэхүйн халуун”-ы нуурандаа ганганах өнчин улаан ангир шиг үгүйлэн хүсэж, сэтгэлийнхээ “жигүүр”-ийг нэгэн хоёр “дэвнэ”…

Нэгэн хоёр тогтооно…

Удаан тогтоож эс чадна…

Хаа нэг, орчлонд хэн нэгэн нь гав ганцаараа, хохь хөөрхий өнчрөн үлдэх шиг, мөнөө, “Үгүйлэхүйн халуун”-ы нуурнаа ганганах содон улаан ангир нүдэнд нь улаан ангир байхаа үтэр болин “хоосон чанар”-ын бодийг олоод, ув улаан, час халуун мананд живмэгцээ мөнөө “Морьтон”-ы морийг “Хүрэн толгойн сүүдэр”-тэй, “Аргагүй амраг”-ийн нууц гачлантай хэрээд “тушчих” шиг сэтгэлийг нь ч “бүдчүүлж”, яс мах цул, эр ханхар, эрүүл яргай биеийг нь ч “жингүйдүүлнэ”…

Хавар, намрын тэнүүл салхин гэрийн хаяа тойрон, гэр тойрны юм бүгдийн хажуугаас.., хүн бүгдийн дэргэдээс… сэтгэлээс… амьдрах гэж тэмцүүлэгч үндэс шалтгаанаас зайцаж үл чадан, гэр тойрны юм бүгдтэй… хүн бүгдтэй “таталцан” ханьсанаа гаслантайяа, гаслантайяа гиншин сэнсэрч гэрт орохоор гэрийн үүд сахин хярчих шиг нам гүм амирлаж, чингэхүйд нь, түрүүний нам гүмийн “хашгираан” хэнхдэг цээжний уудмын бэл, хяраар эмнэг ардаг нуруундаа эмээл тохуулсан хангал үрээ шиг бухан тонгочино…

Яарах юмгүй рүү, магадгүй, харагдах бараагүй рүү яарах нь утгагүй мэт атал тийм “яарах юмгүй” рүү, “харагдах бараагүй” рүү татах ч, таталцах ч “биет үгүй” рүү яаран тэмүүлэх нь амьдралд хамгийн хүчирхэг эрхшээлт “яарал”, “тэмүүлэл” мэт санагдана…

Тогтоон барих хүчнийг өөрийн “Би”-гээсээ эс олох, өөрийнхөө “Би”-д эс аргамжигдах, эс чөдөрлөгдөх яаруу довтчуу, хэмжигдэшгүй хүчтэй, “Үгүй!” гэж зүрхлэн хэлэх хүч нэхсэн, “үгүйсгэл”-ийг нь ичээн сөхөөх Ялалтын “Дэлхийн цөмийн дэлбэрэлт”-ээс ч олон дахин давсан тоймлошгүй хүчирхэг тэсрэлттэй тоймлошгүй их халуун, тийм атлаа Бурханлаг ачит үйлчлэл, нөлөөтэй, тийм асар дээд, үгээр дурдашгүй дээд хүчтэй адгуу яаруу тэмүүлэл, догдлол хаа нэгтээх эзгүй, элчилгүй “цөл”-өөс үерлэн дайрна…

Хүний ганцаардалд “Би”… “Тэр”, “Тэд”.. ер, хэн ч, юу ч буруутай биш! гэж, орчлонд гагц хүн ч биш, бүх юм ганцаарддаг ганцаардлыг эерүүлж, зүгээр л, “Хайр”-ын хүчирхэг эрхээр хүний нэг сайхан үр хүнийхээ нөгөө нэг сайхан үр, -Монголын нүүдэлчдийн “уйлам”, “дуулам” алс зайтай уулс, хөндийн альхан нэгтээ талд, альхан нэгтээ хөндийд хүмүүний амьдралд магнай тэнийн, аанай л бие биетэйгээ ав адилаар… магадгүй, ариун, шударга, төгс сайхан амьдралдаа аймшигтай ганцаардан, магадгүй, аймшигтай өнчрөн, аймшигтай халуунаар гуниглан.., аанай л өөртэй нь ав адилхан, хаа нэгтээ ханхайн дүнсийх будант хөх уулсын альхан нэгэн суганд… альхан нэгэн үл барагдах хөндийд бие биеэ хүсэн… хайрлан.. ганиран суугаа хэн нэгэн “Хүний үр”-ийг үгүйлэн… мөрөөдөн… үхэхгүй юм шиг санан “ганцаардахын халуун уй”-гаар даллан,

“Тоорой юу модонд тогоруу нь эргэнэ,

Тоосны (лаа) үзүүрээс хүү минь ирнэ!..” гэж итгэн, тэрхүү “тоосны үзүүрээс ирэх хүнээ орчлон хорвоод орь ганц, төгс төгөлдөр “Бурхан хүн” гэж Бурхантай чацуулан хайрлаж, сэтгэл алдралгүй хүлээн суугаад нь “Хүрэн толгойн сүүдэр”-ийг хүлгийн туурайгаар гишгүүлэн сэмлэж, “Аргагүй амраг” “тэр” рүүгээ хүлгийн дөрөөнд “босон” довтолгож яваа “хүний сайхан үр” -нөгөө хүн нь сэтгэл зүйргүй халууцан, магнайн үрчлээ зүйргүй тэнийн жолоогоо зална…

Нүдээр нулимс “халина”…

“Хүний сайхан үр”-ийн хүлээн суугаа орь ганц төгөлдөр, “Бурхан хүн” нь гэртээ хүлээн суугаа, гадаанаа саравчлан зогсоо хүнийхээ нулимсан дотор тов тодхоноо “бүтнэ”…

Хаа нэгтээгээс ямар нэг “хий юм”, заримдаа нүдний хараанд бодтой торох, заримдаа бодгүй торох “нэг юм”, юунд ч үл хоригдох, үл хүчрэгдэх нэг “агуу юм” агуу хүчээрээ сэтгэлийг нь уул, хөндийн дээгүүр нисгэнэ…

IV

Пянз эргэнэ…

Нуурын эзгүйрсэн, өнчирсөн, анир дарсан шар эргэнд, яагаад ч юм, үлдсэн ганц ангирын өнчрөнгүй ганганааны цуурай өвс өвсний ёзоороос дуулдахад, гар өөрийн эрхгүй зүрхээ яаран тэмтчиж, яагаад ч юм, хачин санаандгүй, өөрийн мэдэлгүй, зүрхээ даран дорогш сөхөрнө…

Хаашаа ч юм учир зүггүй, ухаан мэдрэлгүйн туйлаар яаран шавдана…

Уйлмаар… зөндөө удаан, зөндөө ганцаараа уйлан удмаар санагдана…

Пянз эргэсээр л…

Хүний үрийг санасан хүний нэгэн үр хүлгийн дөрөөнд жийн, уулс, толгод, голын тохойн сүүдэр эмжин “нисэхүй” хүлгийн нь дөрвөн туурайн тоос хөндий туулан “хүүшилнэ”…

“Хүрэн толгойн сүүдэр

Хөндийгөө дүүрээд хүүшилнэ

Хүний л жаахан чамдаа

Сэтгэл юундаа даслаа даа!..” гэсэн үгс ч юм шиг, ариунаа оршсон Бурхадын амьсгаа, эсвэл, санаа алдалт ч юм шиг, тийн, нэгэн зуурд эс баригдан замхарч, нэгэн зуурд ууланд нүүх намрын манангийн анир шиг ч чанга дуулдаж, өвс ногоо… хад мод… хаа нэгтээ үзэгдэн өнгөрөх ганц хоёр айл гэр… адуу мал… унага, тугалын зэл… түргэн урсгалт тунгалаг гол, горхийн хэлгий, зүггүй боргио… Монголд өдөлсөн “нүүдэлчин” шувуудын ангаахай, дэгдээхэйсийн намрын намарт Монголдоо… монгол нүүдэлчдийн дуунд хоргодон эргэлдэх далавчин доорх намхан толгодын хүүш… ер, нүдэнд үзэгдэх хийгээд эс үзэгдэх бүгдийг сүлэн замхрах ч шиг, бүгдэд мөнхрөн шингэх ч шиг!..

Пянз эргэнэ…

2010.10.15-16.

Хүнчулууны хөндий.

2012.08.01-03

Шаддүвлин.

2013.07.12-14. Шаддүвлин.

2016.03.17-22.

Алтан тэвшийн хөндий.

Categories
мэдээ цаг-үе

Д.Хүрэлхүү: Бид их зөв дуугарч, зөв мессежийг нийгэмд өгөх ёстой

“Ядуугийн зовлон-2” уран сайхны кино саяхан нээлтээ хийсэн бөгөөд үзэгчдийн дунд хамгийн эрэлттэй киногоор нэрлэгдээд байна. Тус киноны нээлтийн үеэр Монгол Улсын гавьяат жүжигчин Дамбарэнцэнгийн Хүрэлхүүтэй цөөн хором ярилцсанаа хүргэж байна.

-Та “Ядуугийн зовлон-2” киноны гол дүрд дахин тоглохоос гадна продюсероор ажиллажээ?

-Киноныхоо нээлтийг хийж үзэгчдэдээ хүргэлээ. Маш их сэтгэл хөдөлж байна. “Ядуугийн зовлон-2” кино маань миний төсөл удирдаж, продюсероор ажиллаж буй зургаа дахь бүтээл. Энэ удаа киноныхоо гол дүрд тоглолоо, баяртай байна.

-Нээлтэд ирсэн үзэгчид сэтгэл хангалуун байна. Шинэ бүтээл үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөнө гэдэг уран бүтээлчдийн хувьд юутай ч зүйрлэшгүй жаргал болов уу?

-Үзэгчдэдээ юуны өмнө сайн сайхныг хүсье. Би яг киноны нээлтийн үеэр үзэгчидтэйгээ хамт байж амжсангүй. Гэхдээ үзэгчид сэтгэл өндөр хүлээж авч байгааг би орж ирээд харлаа. Үүнийг уран бүтээлч бидний зорилго биеллээ оллоо гэж ойлгож байна. Үзэгчдэд маань таалагдсанд баяртай байна. Киногоо бага зэрэг айдастай нээж байсан. Одоо айдас маань дарагдлаа. Сэтгэгдэл өндөр байна. Бидний бүтээсэн “Ядуугийн зовлон -2” киног үзэж амжаагүй бол та бүхэн тухлан сууж таалан соёрхоорой. Цаашдаа үзэгчдийнхээ оюун санааны хэрэгцээг хангасан сайхан бүтээл, тэр дундаа кино бүтээхийг зорьж байна.

-Энэ олон жилийн дараа киноны хоёрдугаар ангийг хийх гол шалтгаан юу байв?

-Киноны нэгдүгээр анги нь 18 жилийн өмнө гарч байсан. Хоёрдугаар ангиараа өнөөгийн нийгэмд үгүйлэгдэж байгаа гол утга санааг бид хэлэхийг зорьсон. Хүний амьдрал гэдэг эд хөрөнгө, мөнгө төгрөг биш гэдэг санааг энэ кинонд тод тусгаж өгсөн. Найруулагч Ц.Хүсэлбаатар, зургийн дарга С.Өлзийхүү болон манай кино багийнхан энэ цаг үед бид их зөв дуугарч, зөв мессежийг нийгэмд өгөх ёстой гэдэг үүднээс бид энэхүү киноныхоо төгсгөлийг маш их бодож хийсэн. Тухайн үед ч, хойшид ч ийм зүйл байх болно. Хүн эд хөрөнгө, өнгө мөнгөнд хэт шунавал юунд хүргэдгийг бид энэ киногоороо харуулахыг зорьсон. Харин мөнгө, эд хөрөнгөөс илүү сайхан аз жаргал, сайхан амьдрал байдаг юм шүү гэдгийг харуулахыг зорьсон.

-Киноны нэгдүгээр ангийн Хүдэр, хоёрдугаар ангид эрс өөрчлөгдөж, ухаажиж гэх үү дээ. Төгсгөл нь өмнөх ангиас илүү гэгээлэг юм?

-“Ядуугийн зовлон-1” кинон дээр Хүдэр алт, эрдэнэс олж л баяжих сонирхолтой. Бодол санаагаа захирч чадахгүй шуналд хөтлөгдсөн нэгэн байлаа. Залуу ч байж. Харин энэ олон жилийн дараа Хүдэр эргэн ирэхдээ сэтгэцийн эмнэлгээс оргож улмаар нэгэн хүүтэй танилцана. Хүүгийн ээж бие муутай учраас тэр хоёрт хань болсон нь хуучин эхнэрийнхээ гэрт ирсэн байж таардаг. Ийн цааш үйл явдал улам сонирхолтой үргэлжилдэг. Хамгийн эцэстээ өнөөх олон жил хөөцөлдөөд байсан алт, эрдэнэс ч Хүдэрт наалдалгүй, бүх зүйл сайн сайхнаар эргэж кино төгсдөг. Гадаадын аймшгийн төрлийн кино гэхээр ихэнхдээ ид шид, эсвэл ямар нэгэн хар гарагийн амьтан ч юм уу, гадны биет төсөөлөгддөг. Харин монголчуудын хувьд дээр үеэс зарим тохиолдолд хүн бурханы оронд очсон ч эд хөрөнгөндөө хоргодоод тайван нойрсож чадахгүй үзэгддэг, тухайн эд хөрөнгөө байнга дагадаг гэж үздэг. Ахуй байдлаас сэдэвлэсэн кино болохоор тэр юм уу хүмүүст илүү хүрсэн болов уу гэж боддог. Энэ утгаараа Монголын анхны аймшгийн кино гэж хүмүүс ярьдаг байх.

-Киноны зураг авалт өмнөх ангитай харьцуулбал их өвөрмөц, технологийн хувьд шинэлэг болсон талаар үзэгчид ярьж байна. Зураг авалтын нууцаасаа хуваалцахгүй юу?

-Кино маань хүнд зураг авалтуудтай байсан. Гэхдээ их гоё, сонирхолтой төсөл явсан байгаа. Кинонд 18 жилийн өмнө тоглож байсан уран бүтээлчид хүртэл тоглосон шүү. Мөн Ц.Алдармаа гол дүр бүтээсэн гээд маш олон сайхан уран бүтээлч энэхүү бүтээлд нэгдлээ.

-Таны бие даасан ээлжит уран бүтээл хэзээ мэндлэх бол?

-Бид дөнгөж киноныхоо нээлтийг хийгээд байна. Түр амсхийж байгаад дараагийнхаа ажлыг төлөвлөнө дөө.

-Та гавьяатынхаа найрыг хэзээ хийх гэж байна?

-Одоохондоо бодсон юм алга. Гэхдээ болохгүй гэх юм байхгүй.

-Та үеийнхээ уран бүтээлчдийг хүүхдүүдийнх нь хамт нэгэн дор нэгтгэж “Тагнуулч аав” уран сайхны киног хийж байсан. Хүмүүст ч нэлээд хүрсэн. Дахин иймэрхүү уран бүтээл хийх бодол байна уу?

-П.Эрдэнэзаан, О.Бат-Өлзий, И.Одончимэг, Д.Бямбацогт бид хэд хүүхдүүдийнхээ хамт “Тагнуулч аав” инээдмийн уран сайхны кинонд тоглосон. Хийж болно. Цаг арай болоогүй байна. Надад өөрийн гэсэн бодол байгаа.

Categories
мэдээ улс-төр

АСЕМ-ийн уулзалтыг зохион байгуулах газруудын бэлтгэл ажилтай танилцлаа

Ази,
Европын Дээд түвшний XI уулзалт 2016 оны долдугаар сард Улаанбаатар
хотод болно. Энэ уулзалтад одоогийн байдлаар 15 орны Ерөнхийлөгч, 21
орны Ерөнхий сайд болон Гадаад хэргийн сайд нар, олон улсын байгууллагын
удирдлага, хэвлэл мэдээллийнхэн зэрэг нийт 5000 гаруй зочид, төлөөлөгч
оролцохоор төлөвлөж байгаа юм.

Дээд хэмжээний энэ уулзалтыг удирдан
зохион байгуулах, чиг үүргээр хангах Үндэсний зөвлөлийг Монгол Улсын
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг даргалдаг. Тэрээр өнөөдөр АСЕМ-ийн бэлтгэл
ажилтай газар дээр нь танилцаж, ажлаа шуурхайлах, эрчимжүүлэх үүрэг
даалгавар өглөө.

Шангри-Ла зочид буудалд тохижуулж буй
Хэвлэлийн төв, Чингис хаан олон улсын буудал, транзит танхим, Чингисийн
хүрээ цогцолбор болон АСЕМ Вила хотхоны тохижилт, зүлэгжүүлэлт,
цэцэрлэгжүүлэлтийн ажилтай танилцлаа.

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Зам,
тээврийн сайд М.Зоригт, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, Нийслэлийн
Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл нар байлцлаа.

Энэ үеэр АСЕМ-ийн Хэвлэл мэдээлэл,
сурталчилгаа, Үйлчилгээ, урлаг соёл, хоол хүнс ба аюулгүй байдал зэрэг
асуудал хариуцсан ажлын хэсгийн дарга нар байлцаж Ерөнхий сайдад ажлаа
танилцуулсан юм.

Долоо хоног бүрийн лхагва гаригт АСЕМ-ийн
бэлтгэл ажлыг хангах Үндэсний зөвлөл болон дэд ажлын хэсгүүд хуралдаж
асуудлаа шийдэж ажилладаг. Засгийн газар болон АСЕМ-ийн уулзалтыг зохион
байгуулах Үндэсний зөвлөлөөс шаардлагатай зохион байгуулалт, санхүүжилт
болон хийх ажлын төлөвлөгөөг гаргаж, хуваарилалт хийсэн. Бүх ажил
хариуцах эзэнтэй, бэлтгэл ажил хангагдаж, төлөвлөгөөний дагуу явж байна
гэж Ерөнхий сайд хэллээ.

Монголчууд бид олон улсын нэр хүндтэй энэ
том арга хэмжээг сайн зохион байгуулалттай хийх учиртай. Манай улсын
төрийн болон хувийн хэвшлийнхэн, иргэд, сайн дурын байгууллагуудын
хамтын хүчээр энэ том ажлын ард хамтдаа гарна. Аж ахуйн нэгж, компаниуд
идэвхтэй оролцож, дэмжиж байгааг Ерөнхий сайд хэлээд ард иргэдээ хамтарч
ажиллахыг уриаллаа.

Categories
их-уншсан онцлох-нийтлэл туслах-ангилал

Сайханбилэгийн Засгийн газар энэ зуны наадмыг үзчих юм шиг байна

“Эрүүл явбал улсын наадам үзнэ” гэж Д.Нацагдоржийн хэлсэнчлэн Ч.Сайханбилэгийн удирдсан Засгийн газрыг огцруулчихгүй л бол улсын наадам үзэх нь. Яг одоо энэ Засгийн газрын эрх зүйн чадамжтай, чадамжгүй тухай ярьж байна. Эвслийн бүлэгт багтаж байсан УИХын гишүүн Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар Шударга ёс эвслээс гарч МАНыг бараадлаа. Харин УИХ-ын гишүүн Г.Уянга мөн л намаасаа гарч Тусгаар тогтнол, эв нэгдлийн намын удирдах болов. Л.Цог тус намд оров. Дээрх хоёр гишүүн Эвслийн бүлгийнх. Тэр ч байтугай МҮАНаас Н.Батцэрэг, М.Сономпил нар гарч Ардчилсан намд элсчихлээ. Ингээд Эвслийн бүлэг гэж байхгүй боллоо. Одоо Эвслийн бүлгийнх гэх үү, бүлэггүй үлдэгсэд гэх үү, Ц.Оюунбаатар, Ц.Цолмон, З.Баянсэлэнгэ, О.Баасанхүү нар л үлдлээ. Одоогоор бүлэггүй эвслээс Засгийн газарт гурван ч сайд байна.

Эвсэл нэгэнт задарч, бүлэг байхгүй болсон болохоор энэ Засгийн газар бас огцрох ёстой, эрх зүйн чадамжгүй болсон гэлцэж байгаа. Мөн эвслээс Засгийн газарт үлдсэн гурван гишүүн сайдын ажлаа хийсээр байгаа нь хууль зөрчиж байна гэж тайлбарлах хүмүүс бий ч энэ нь бодит байдал дээр Засгийн газар огцрох үндэслэл болохгүй юм байна.

Үүнийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт “Засгийн газрыг бүрдүүлэх асуудал УИХ-ын сонгуульд оролцсон субьектуудын хооронд яригддаг. АН, “Шударга ёс” эвсэл, ИЗННын хооронд байгуулсан гэрээ хүчин төгөлдөр байгаа. Сонгуульд оролцсон субьектуудын хувьд дээрх намуудад өөрчлөлт ороогүй учраас Засгийн газрын үйл ажиллагаа, чадамжийн хувьд ямар ч асуудал гарахгүй. Сонгуульд оролцсон субьектээрээ асуудал тайлбарлагдах учраас Засгийн газар эрх зүйн чадамжтай. Мөн УИХын тухай хуулиар наймаас дээш гишүүнтэй нам эвсэл бүлэг байгуулах эрхтэй хуулийн зохицуулалтаар “Шударга ёс” эвсэл задарч бүлэггүй болж байгаа ч эвслийн үйл ажиллагаа үргэлжилж байгаа учраас Засаг огцрох эсэхэд нөлөөлж чадахгүй” гэж тайлбарлана лээ.

Ингэхэд Ч.Сайханбилэгийн тэргүүлсэн Засгийн газар огцрох уу. Огцруулах санал хэн оруулахав. Санал орууллаа гэхэд дэмжигдэх үү.

ИЗННын С.Оюун, Д.Дэмбэрэл нарын гишүүд АНд элсээгүй ч сонгуульд дэмжиж оролцоно гээд дагаар орсон байгаа. Одоогоор АН 37 гишүүнтэй болсон. Хэрэв энэ хоёр АНын гишүүн болчих юм бол АН эвслийн бүлгийн гишүүдийн ч хэрэггүйгээр дангаараа засаглах боломжтой болно. Гэхдээ цаг хугацаа ийм давчуу байхад АН засгаараа оролдох нь юу л бол. Одоо байгаа бүрэлдэхүүнээрээ л сонгуультай золгоно. Засгийн газрын эсрэг байгаа АНын зарим нэг гишүүн, Ч.Сайханбилэгийг огцруулах санал гаргадаг Г.Уянга, С.Ганбаатар, Л.Цог нийлээд ч унагаж дийлэхгүй. Учир нь МАН Засгийн газрыг унагах сонирхолгүй байгаа. Тэд санал оруулж ирлээ ч МАН үүнийг дэмжихгүй. Тиймдээ ч Ч.Сайханбилэгийн танхимынхан санаа амар байна. Тэр ч бүү хэл одоо задарчихаад байгаа эвслийн санал болгосон хүнийг Эрүүл мэнд, спортын сайд болгохоор УИХд өргөн мэдүүлчихсэн. Тэгэхээр Засгийн газрын бүрэлдэхүүн өөрчлөгдөх, засаг солигдох нь байтугай бүл нэмэх нь. МАН АН-д сайндаа, Сайханбилэгт хайртайдаа огцруулахгүй авч үлдэнэ гэсэн үг биш. Сонгууль дөхсөн энэ үед эдийн засгийн хүнд бэрхшээл бүхэн Сайханбилэг түүнтэй хамтарч засагт байгаа МАХН, МҮАНынхны буруу гэж хэлэх гэж л тэр. Хэрэв одоогийн Засгийн газар унаад шинээр засгийн газар байгуулагдлаа гэхэд АН дангаараа ч Засгийн газраа бүрдүүлэх боломж бий болох магадлал өндөр байгаа. Гэтэл сонгуулиар АН гэдэг өрсөлдөгчөөс гадна саналаас нь зулгаах МАХН бий. Тиймээс ч МАХНаас бас хариуцлага нэхээд хамтад нь мууг нь дуудаж явбал МАН-д ашигтай гэж харсных. Засгийн газрыг огцруулахгүй гэдэг дээр тэд дотооддоо аль хэдийнэ тохирчихож. МАНын хувьд Засгийн газрыг унагавал муу нэр өөрсдөд нь ирнэ үү гэхээс сайн нэр дуулахгүй. Сонгуульд өрсөлдөх гээд очиход нь ард түмний өмнө хэлэх үггүй болно. Тиймээс Засгийн газрыг унагах нь өнгөц харахад МАНд ашигтай ч үр дүн нь өөрсдөд нь хохиролтой.

МАН, МАХН хоёр сонгуульд эвсэж орох дээрээ тулж, эх орончдын баяраа хамтдаа тэмдэглэн жигтэйхэн найрссан ч төд удалгүй нэг замаар явахгүй гэдгээ, сонгуульд хамт оролцохгүйгээ мэдэгдсэн. Анх хамтарч сонгуульд орох тухай ярьсан нь МАХНтай санал хуваахгүй, тохирч, ялалт байгуулах л санаа байсан шүү дээ. Нэгэнт сонгуульд тусдаа оролцох болсон тул МАНын саналаас МАХН зулгааж таарна. Одоо МАН-ынханд саналаас зулгааж гай болох МАХНыг АНтай хамт тонгорох сонирхол байгаа учраас Засгийн газраар оролдохгүй. Бага хугацаа үлдсэн учраас Засгийн газар эдийн засгийг өндийлгөх бололцоогүй гэж тооцож байна. Тиймээс энэ чигээр нь явуулж сонгуультай золгох сонирхолтой байгаа.

Засгийн газрыг огцруулахаар МАХН өөрсдийн сайд нарынхаа нэрийг татах нь гэсэн мэдээлэл яваад байсан ч худал болж таарлаа. Өнөө маргаашгүй болох сонгуульд сайдын сэтэртэйгээ орохыг хэн хүсэхгүй байхав. Тиймээс сайдаар ажиллаж байгаа нөхөд ч сайн дураараа огцрохгүй. Нам нь хүмүүсээ татлаа гэхэд онцын ач холбогдолгүй, улс төрийн хожоо байхгүй.

Засаг одоо огцорвол дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байгаа эдийн засаг улам дордоно уу гэхээс дээрдэхгүй. Багахан хугацаа байгаа ч аль болох ажил амжуулж, нөхцөл байдлыг сайжруулахын төлөө л явах ёстой юм. Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын ажил дөнгөж дахин эхэлж, зэсийн үнэ нэг хэсэгтээ л дэлхийн зах зээлд өндөр байх энэ үеийг цаг алдалгүй ашиглах л хэрэгтэй.

Одоо Ч.Сайханбилэгийн Засгийн газар сайн ажилласан уу, муу ажилласан уу гэдэгт ард түмэн л дүн тавина. Түүнээс аль нэг нам, УИХ дүгнэж цэгнээд хувь заяаг нь шийдэх аргагүй болж. Муу ажилласан байлаа гээд дараагийн засаг гарч ирээд сайжруулах хугацаа байхгүй, нөгөө талаас өөр хүнээр солих хугацаа ч бас үлдээгүй. Өнөөх л Ч.Сайханбилэг нь үүрэг гүйцэтгэгчээрээ сонгуультай золгох болно. Аль ч талаас нь харсан Ч.Сайханбилэг танхимтайгаа сонгуультай золгох нь. Тэгэхээр Ч.Сайханбилэгийн Засгийн газар улсын наадам, сонгууль хоёрыг үзэх нь дамжиггүй боллоо.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Өнөөдөр гэр бүлийн өдөр тохиож байна

Өнөөдөр дэлхий нийтээр Гэр бүлийн өдрийг тэмдэглэж байна. НҮБ-ын Ерөнхий Ассамблей 1993 оны есдүгээр сарын 20-ны хэлэлцээрээр 1994 оноос эхлэн жил бүрийн тавдугаар сарын 15-ны өдрийг ”Гэр бүлийн өдөр” болгон тэмдэглэж байх тогтоолыг баталсан байдаг.

Гэр бүлийн өдрийг бий болгосноор НҮБ-ээс зохион байгуулж байгаа нийгмийн хамгийн жижиг нэгж болох гэр бүлд хандсан төслийн хэрэгжилтэнд олон түмний анхаарлыг хандуулахад зориулсан байна.

Монгол улс энэ өдрийг 2000 оноос хойш тэмдэглэх болсон. Гэр бүлийн тогтвортой байдлыг нэмэгдүүлэх, улс орны эдийн засагт дэмжлэг үзүүлэх гэр бүлийг нэмэгдүүлэх зорилгоор энэхүү өдрийг тэмдэглэх санал санаачилга гаргасан юм.