Categories
гадаад мэдээ

Барса Ла Лигийн аварга боллоо

Испанийн Ла Лигийн энэ улирлын аваргаар Барса тодорлоо. Тэд сүүлийн тойрогт Луйс Суарезын хэт трикээр Гранада багийг буулган авснаар 91 оноотой болж, Ла Лигийн цомыг өргөлөө. Мөн
Барсагийн шилдэг довтлогчдын нэг Луйс Суарез Ла лигийн “Алтан пүүз”
шагналын эзэн болсон байна. Тэрээр улирлын турш нийт 40 гоол оруулжээ.

Дөрөвдүгээр сарын байдлаар Барса
хүснэгтийг тэргүүлэгч Реал Мадридаас есөн оноо алдаж, хоёрдугаар байрт
бичигдэж байсан юм. Гэвч тэрнээс хойших таван тоглолтдоо бүгдэд нь
хожиж, нийт 24 гоол оруулж, нэг ч гоол алдаагүй гайхалтай амжилтыг
тогтоосон. Үүнийхээ үр дүнд Ла Лигийн цомыг өргөж байна. Барса лигийн нийт 38 тоглолтод 29 хожиж, дөрөв тэнцэж, таван удаа хожигдсон байна. Харин мөнхийн өрсөлдөгч болох Реал Мадрид 38 тоглолтдоо 28 хожиж, зургаа тэнцэж, дөрөв хожигджээ.

Categories
гадаад мэдээ

Венесуэлд онц байдал зарлажээ

“АНУ-ын
эрх баригчид Венесуэлийн Засгийн газрыг огцруулах зорилготой кампанит
ажил зохион байгуулж байна” хэмээн Ерөнхийлөгч Николас Мадуро орон даяар
онц байдал зарласан тухай “ВВС” агентлаг мэдээллээ. “Онц байдал 60
хоног үргэлжлэх болно” хэмээн Ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас
уламжилжээ.

Мадуро өнгөрсөн оны гуравдугаар сард
Колумбтай залгаа мужуудад онц байдал зарласан билээ. АНУ-ын Засгийн
газар Мадурогийн дээрх мэдэгдлийг “аргаа барсан” хэмээн тодорхойлж “Энэ
эрхмийн шийдвэр улс оронд нь хямрал авчрах төлөвтэй байна. Тиймээс
Мадуро хий хардлагаа зогсоож, онц байдлаа цуцал” гэж мэдэгдсэн байна.

Эдийн засгийн хямралаас болж сөрөг
хүчнийхэн Ерөнхийлөгчөө хугацаанаас нь өмнө огцруулах зорилготой байгаа
юм. Харин энэхүү үйлдлийг Мадуро “АНУ-ын захиалгаар сөрөг хүчнийхэн
миний эсрэг нэгдэж байна” гэж үзжээ.

Categories
мэдээ спорт

Манай улсын гурван эмэгтэй боксчин ДАШТ-нд хүч үзнэ

Монголын боксьш шигшээ багийнхан удахгүй хилийн дээс алхаж, Куба, Чех улсад болох олон улсын тэмцээнд оролцоно.

Харин эмэгтэйчүүд Казахстанд зохион байгуулагдах ДАШТ-д өрсөлдөхөөр энэ сарын 16-нд буюу маргааш Астанаг зорих юм.

Тэмцээний
медалтнууд олимпийн эрх авах бөгөөд манай улсаас найман жинд найман
тамирчин оролцоно. Олимпийн жин болох 51 кг-д М.Нандинцэцэг, 60 кг-д
О.Сувд- Эрдэнэ, 75 кг-д Э.Эрдэнэтуяа нар эх орноо төлөөлөн ДАШТ-д хүч
үзнэ. Эмэгтэйчүүдийн ДАШТ энэ сарын 19-нд эхлэх юм.

Categories
мэдээ нийгэм

“Тэрэгтэй парад 2016” ирэх сард болно

Ирэх сарын 4-нд тохиох “Автомашингүй өдөр”-өөр эцэг, эхчүүд нэгдэн “Тэрэгтэй парад 2016”-г хийхээр болжээ.

Өнгөрсөн хоёр жил ч тэд ийм жагсаал хийж байсан бөгөөд энэ удаа Зүүн дөрвөн замаас Баруун дөрвөн зам хүртэл алхах юм. Эрүүл,
аюулгүй орчинд амьдрах эрхээ шаардан, жилдээ ганц тохиодог машингүй
өдрөөр тайван алхах боломж энэ үед тохионо хэмээн тэд үзэж байгаа юм.

“Өөрчлөлтийн
төлөөх залуу эмэгтэйчүүдийн клуб”, “Монголын орчин үеийн гэр бүл”
төрийн бус байгууллагаас санаачилж байгаа ‘”Тэрэгтэй парад 2016”-д
нэгдэхийг хүссэн эцэг, эх бүр зургадугаар сарын 4-нд хүүхдээ тэрэгтэй нь
эсвэл үүргэвчинд үүрч, тэвэрч хамтдаа алхах боломжтой юм.

Categories
мэдээ нийгэм

ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдын шалгалтын тов гарлаа

Ерөнхий боловсролын сургуулийн тав, ес, 12 дугаар ангийн сурагчдын шалгалтын хуваарь гарчээ.

Тав, есдүгээр
ангийн сурагчид суурь боловсролын түвшингөө шалгуулах бол 12 дугаар
ангийн сурагчид бүрэн дунд боловсрол хэрхэн эзэмшсэнээ шалгуулах юм.

Бага ангийн
сурагчдаас математик, Монгол хэл, Байгаль шинжлэлийн хичээлээр шалгалт
авах аж. Харин есдүгээр анги төгсөгчид нийгмийн ухаан, математик, монгол
хэлний мэдлэгээ шалгуулах юм байна. Мөн төгсөх ангийн сурагчид
математик, монгол хэл, гадаад хэлний хичээлээр шалгалт өгөх бөгөөд
сонгон судалсан нэг хичээлээр мөн шалгалт өгнө.

Шалгалтыг улс орон даяар нэгэн зэрэг эхлэх бөгөөд энэ сарын 26-наас зургадугаар сарын 2-ны өдөр үргэлжлэх юм байна.

Анги

Шалгалтын нэр

Шалгалт авах өдөр, эхлэх цаг

5-р анги

Байгаль шинжлэл

6-р сарын 2-нд 1300 цагт

Математик

5-р сарын 31-нд 1300 цагт

Монгол хэл

5-р сарын 26-нд 1300 цагт

9-р анги

Монгол хэл

5-р сарын 27-нд 1000 цагт

Нийгмийн ухаан

6-р сарын 2-нд 1000 цагт

Байгалийн ухаан

5-р сарын 31-нд 1000 цагт

Математик

5-р сарын 30-нд 1000 цагт

12-р анги

Гадаад хэл

5-р сарын 27-нд 1000 цагт

Сонгосон агуулга

5-р сарын 30-нд 1000 цагт

Математик

5-р сарын 26-нд 1000 цагт

Монгол хэл

5-р сарын 25-нд 1000 цагт

Categories
мэдээ нийгэм

Драгон салбар маргааш нээгдэнэ

Сонгинохайрхан
дүүргийн иргэдэд төрийн мэдээллийг ойртуулах зорилгоор Нийслэлийн
Үйлчилгээний нэгдсэн төвийн гуравдугаар салбарыг Сонгинохайрхан дүүргийн
29 дүгээр хороо Драгон төвд байгууллаа.

Туршилтаар ажиллаж буй тус төвийг маргааш албан ёсоор ашиглалтад оруулах гэж байна.

“Драгон” төвийн талбайд байрлах “Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв” нь

1558 м2 талбайтай
Үйлчилгээний танхим /Main service hall/
Өөртөө үйлчлэх танхим /Self service hall/
Албан хаагчдын контор /Back office/
Хурлын өрөө /Conference room/
Банк /Bank/
Ёслол хүндэтгэлийн тайз
Серверийн өрөө/Server room/
Кафе /Coffee shop/
Цайны газар/ Fast food/
Шударга худалдааны цэг /Fair trade center/
Хяналтын камерын өрөө/Monitoring room/
Нотариат
Үйлчилгээний мэдээлэл, санал хүсэлтийн хэсэг
Хүлээлгийн хэсэг зэрэг танхимуудтай.

Өдөртөө 6720 үйлчлүүлэгч хүлээн авах хүчин чадалтай Драгон дахь
нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвд нийслэлийн нутгийн захиргааны 27
байгууллага төвлөрч, 287 үйлчилгээг иргэдэд үзүүлж байна. Драгон төвд
газартай холбоотой бүх төрлийн үйлчилгээг төвлөрүүлж, газрын биржийн нэг
цэгийн үйлчилгээг ажиллуулах юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл,
олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
гадаад мэдээ

Евровижн наадамд Украин дуучин Оросын эсрэг агуулгатай дуугаар тэргүүллээ

Өнгөрсөн шөнө болж өндөрлөсөн Европын хөгжмийн наадам EuroVision 2016-д Украины дуучин түрүүллээ.

Шүүгч нар Австралийн дуучинд хамгийн их санал өгөх хандлагатай байсан
ч тус улсыг Европ тивийнх бус гэсэн шалтгаанаар тэргүүн байрыг Украинд
өгсөн байна.

Украин дуучин Жамала “1944 он” гэдэг дуу дуулсан нь Крымийн хойгийг
Орос улс өөртөө нэгтгэснийг эсэргүүцсэн утгатай юм. Жамала буюу бүтэн
нэр нь Сюзана Жамалдинова нь Крымийн татар үндэстэн бөгөөд 1944 онд
Иосиф Сталины тушаалаар Крымийн татаруудыг эх нутгаас нь нүүлгэн
шилжүүлсэн эмгэнэлт түүхийг дуундаа өгүүлжээ. Дуундаа бас энх тайван,
амар амгалан амьдралыг уриалсан утга гаргасан гэнэ.

Украины дуучин 534 оноогоор түрүүлсэн бол Австралийн дуучин 511 оноо,
Оросын дуучин 491 оноо тус тус авч удаах байруудыг эзэлсэн байна.

Цомыг хүлээж авсныхаа дараа Жамала “Би бүх хүнд хайр, амар амгаланг хүсч байна” гэж хэлжээ.

Евровижн наадам энэ удаа нэлээд улс төрийн агуулгатай болж үүнээс
үүдэлтэй Орос, Украины сөргөлдөөн нэмэгдэнэ гэж ажиглагчид үзэж байна.

Categories
мэдээ соёл-урлаг

“Дэлхийн авьяаслаг мисс”-ийн тэмцээнээс А.Сайхантамир дэд байр хүртлээ

Өмнөд Солонгосын Сөүл хотноо өнгөрсөн
сарын 26-наас энэ сарын 13-ны хооронд зохион байгуулагдсан “Miss
Supertalent Of The World” буюу “Дэлхийн авъяаслаг мисс”-ийн тэмцээнд эх
орноо төлөөлөн оролцсон “Шилмэл загвар” агентлагийн модель, мисс
А.Сайхантамир “Дэд байр”-ын шагналыг хүртсэн байна.

40 гаруй улсын мисс оролцсон тус
тэмцээнээс А.Сайхантамир монгол уртын дуу, үндэсний ёочин хөгжмийн
үзүүлбэрүүдээр оролцсон бөгөөд эдгээр нь шүүгчдээс хамгийн өндөр
үнэлгээг авчээ.

Тэмцээний тэргүүн байранд Чех улсын мисс
тодорсон бол гутгаар байранд Пакистаны мисс орсон байна. “Дэд байр”-ын
эзэн мисс А.Сайхантамир нь “Буриадын мисс” тэмцээний тэргүүн байр,
“Манжуурын мисс” тэмцээний гуравдугаар байрт шалгарч үндэсний хувцас
болон тусгай шагналыг хүртсэн юм.

Б.ГЭРЭЛsaikhantamir

Categories
мэдээ нийгэм

Мах экспортлох зөвшөөрлийг 66 аж ахуйн нэгжид олгожээ

Засгийн газраас мах экспортлох асуудлаар гадаад улс, оронтой гэрээ, хэлэлцээр байгуулан дотоодын аж ахуйн нэгжүүдэд ийм нөхцөл бүрдүүлэн ажиллаж байгааг Ерөнхий сайд хэллээ.

Энэ хүрээнд 2015, 2016 оны эхний хагас жилд мах экспортлох зөвшөөрлийг 66 аж ахуйн нэгжид олгоод байгаа бөгөөд 2015 онд манай улсын 12 компани гадаадын 4 улсад 4,714.6 тонн мах, махан бүтээгдэхүүн экспортолсон байна.

Түүнчлэн энэ он гарсаар нийт 1000 орчим тонн мах экспортлоод байгаа юм байна.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Дархан-Уул аймагт ажиллаж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Дархан-Уул аймгийн төв Дархан хотод ажиллаж байна.

Түүнийг Дархан хотод хүрэлцэн ирэхэд Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбат, Засаг дарга А.Энхболд нарын зэрэг орон нутгийн удирдлагууд угтан авчээ.

Ц.Элбэгдорж Дархан хотод ажиллах
хугацаандаа “Мод тарих” үндэсний өдрийг тохиолдуулан “Дархан -50 жил”
цэцэрлэгт хүрээлэн цогцолборт мод тарих юм.

Мөн Ерөнхийлөгч “Залуучууд” театрт
Дархан-Уул аймгийн иргэдийн төлөөлөлд 2009 онд Ерөнхийлөгчийн бүрэн
эрхээ хэрэгжүүлж ирснээс хойш өнөөдрийг хүртэл хийж хэрэгжүүлсэн ажлаа
тайлагнан танилцуулах уулзалт хийнэ. Үүний дараа орон нутгийн телевизээр
шууд ярилцлага хийхээр болжээ.